2011/12/01

”Тавантолгой” таг чиг


Тал нутгийн Монголыг дэлхийд таниулах нэрийн хуудас болоод байгаа Тавантолгой төсөл таг чиг. Эздийнх нь өмч хөрөнгө, газар нутгаа гэсэн хийрхэл болоод их гүрнүүдийн хоорондын тэмцэл, аль аль талуудынхаа  асар том амбицыг тэнцвэржүүлэхийн тулд ажиллаж байгаа гэдгээ ажлын хэсгийн ахлагч Н.Алтанхуяг сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсанаас хойш багагүй хугацаа өнгөрчээ.

Цас чийхарч, жавар тачигнасан өдрүүд үргэлжилж, сарын дараа болох шинэ оныг угтах ёслол хэдийнэ эхэлчихсэн, нэг үгээр хэлбэл, оны шилдгүүдийг тодруулах бөөн бөөн шагналын хураар амьсгалах арванхоёрдугаар сард ажлын хэсгийнхэн Тавантолгой төсөлд оролцох талуудын хувь хэмжээг тогтоон, хуваарилалт хийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шалгалтыг даван УИХ-аар хэлэлцүүлэх хугацаа энэ онд тун бага үлдээд байна. Бараг л амжихгүй болов уу, Тавантолгой төслийг 2011 онд багтаан эхлүүлэх цаг хугацаа ерөнхийдөө хумигдсаар л байгаа юм.

2010 оны арванхоёрдугаар сард Тавантолгой ордын баруун, зүүн Цанхид олон улсын нээлттэй тендер зарласнаар нь ажлын хэсгийнхэн ажлаа эхлүүлсэн гэж тооцвол өдгөө бүтэн жилийн хугацаанд уг төслийг гараас гаргаж чадаагүй л байна, Монгол Улсын Засгийн газар.

Өнгөрсөн долдугаар сард Тавантолгойн баруун Цанхид үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчдаар АНУ, Хятад, Оросыг тодруулсан гэх боловч Япон, Өмнөд Солонгосын зүгээс гарсан эсэргүүцэл, оросуудын чамлалт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зэмлэл зэргээс улбаалж, уг төслийг дахин нягтлах, хувь хэмжээнд өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй  болчихоод байгаа юм. Тиймээс талуудтай хийж буй энэ удаагийн хэлэлцээрийг өмнөхөөсөө илүү хүнд, илүү хэл амтай нөхцөлд хийж байгаа гэдгийг ч ажлын хэсгийн ахлагч учирласан.  Оросуудыг Тавантолгой төсөлд багтаасан, хувь хэмжээг нь нэмэгдүүлж байгаагийнхаа шанд Монгол Улс газрын тосны урт удаан хугацааны гэрээг ОХУ-тай байгуулсан бөгөөд тус улсын газрын тосныхоо экспортыг хумих шийдвэр Монголд нөлөөлөхгүй хэмээн албаны хүмүүс итгэлтэй байгаагийн шалтгаан нь энэ хэмээн дүгнэх ч хүмүүс байна. Ямар ч байсан эхний хувилбар болох Орос, Монголын Тавантолгой орд дахь 36 хувьд өөрчлөлт орох нь тодорхой болоод байгаа бөгөөд энэ удаад Оросын хувь нэмэгдэж, Монголынх буурах гэнэ лээ. Оросын хувийг өсгөх шалтгаан нь Орос, Япон, Өмнөд Солонгосын компаниуд хамтран оролцож байгаад оршиж буй юм. Өөрөөр хэлбэл “Оросын төмөр замын нэгдэл”-ээр ахлуулсан Япон, Солонгосын компаниудыг дотроо хэн нь хэдэн хувь эзэмшиж байгаа, хэнд нь ахиу хувь хүртээх вэ гэдгийг ажлын хэсгийнхэн судлаад эхэлчихсэн  байгаа аж.  Энэхүү төсөл хэрэгжээд эхэлбэл, экспортын хэмжээ өсч, оны сүүлээр 20 хувьд хүрэхээр тооцоотой байгаа эдийн засгийн өсөлт нэмэгдэж, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өнөөдрийн байдлаар 3000 ам.доллар байгаа бол маргааш 5000 ам.долларт хүрнэ гэсэн таамаглалыг гадаадын шинжээчид биднээс түрүүлээд хийчихсэн байна.

Тэд Монголыг дэлхийн хөгжлийн өнгөн дээрх хурц одоор харж, шинжиж, Тавантолгой, Оюутолгой бол Монголын их баялгийн зөвхөн орой нь хэмээн тодотгоод эхэлчихлээ. Зургаан тэрбум тоннын коксжжих нүүрстэй Тавантолгой орд нь зүсэн зүйлийн ашигт малтмал ихтэй, ашигт малтмалын нөөцөөрөө баялаг Монголын их хөрөнгийн зөвхөн эхний хэсэг хэмээн гадаадын хөрөнгө оруулагчид дүгнэж суугаа бол харин ОУВС-гаас хөрсөн доорх баялгаа гар дээрээ бариагүй байж, шинэ баян шиг үрэлгэн загнах Монгол Улсын эдийн засаг үсрэнгүй өсөлттэй байгаа ч нэг л буруу алхам хийвэл ёроолгүй ангал руу хөл алдаж болзошгүй байгааг дахин дахин сануулсаар. Учир нь, Тавантолгойн Цанхийн зүүн хэсгийн ордоос олборлох нүүрсээ барьцаалж, Монгол Улс Хятадын “Чалько”-гаас 250 сая ам.долларын зээл аваад “идчихсэн” билээ.

Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэг бэлтгэл ажил бол “Эрдэнэс Тавантолгой” компанийг хувьцааг олон улсын хөрөнгийн биржээр арилжаалах. Уг хувьцааны нэгж үнэ ямар байх, хэзээ олон улсын хөрөнгийн биржээр худалдах вэ гэдэг олны анхаарлыг татаж байгаа сэдэв. УИХ өнгөрсөн 2010 онд гаргасан 39 дүгээр тогтоолдоо өөрчлөлт оруулах нь ойлгомжтой болчихоод байгаа. Үүний шалтгаан нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр зарах нь шударга бус хуваарилалт болно хэмээн үзсэнийх. Батж.Батбаяр, Я.Батсуурь нарын гишүүд анх гаргасан “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг иргэдэд үнэ төлбөргүй тараая гэсэн санал УИХ-ын хоёр намын бүлэг 39 дүгээр тогтоолыг эргэн хэлэлцэхээр болтлоо өндөр авсан. Энэхүү шийдвэрт энгийн иргэд талархалтай хандаж байгаа бол үндэсний үйлдвэрлэгчдийн зүгээс багагүй эсэргүүцэл үзүүлж буй.  Засгийн газрын өнгөрөгч арваннэгдүгээр сарын 9-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Гонконг, Лондонгийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдахаар шийдвэрлэсэн Хөрөнгийн зах зээл дээр гарах нэгж үнийг нь өндөр байлгах үүднээс Их Британид бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой PLC” компанийг байгуулахаар болсон юм. Энэ ажлыг Германы Дойче банк болоод Английн Голдман сакс банк хариуцан ажиллаж байгаа юм. Эдгээр банк уг нь энэ оны эцэс гэхэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржээр арилжаалаад эхэлнэ хэмээн амалж байсан боловч өнөөдөр нэгж хувьцааны нэрлэсэн үнэ ямар байхыг ч тогтоогоогүй байна. Ирэх оны эхээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Гонконг, Лондонгийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдах эсэх нь ч тодорхой бус. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар болоод “Эрдэнэс МGL” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш нарын ярьж буйгаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнэ ямар ч байсан 1000 төгрөгөөс буухгүй  юм билээ. Харин Төрийн өмчийн хорооны мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнийг 1000-3000 төгрөгийн хооронд тогтоохоор ярилцаж байгаа гэсэн. 

Ийнхүү 2010 онд “шав”-ыг нь тавьсан, 2011 онд суурийг нь цутгасан Тавантолгой төсөл 2012 онд “ашиглалтад” орохын ерөөлийг тавья. Удахгүй шинэ жилийн баярын уур амьсгал ороод эхэлнэ. Угтах онд зорьсон ажил нь бүтэмжтэй, зоосны бурхан Монголыг, монголчуудыг ивээх болтугай.

No comments:

Post a Comment