Шинэ он гараад Эрдэнэс -Тавантолгой компанийн хувьцааны 29 хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр худалдаж санхүүжилт босгох, 2.8 сая хүндээ тус бүр нэг сая төгрөгийн үнэтэй хувьцааг тараах гэх мэт томоохон ажлуудыг Засгийн газар хийх гэж байна. Энэ бол Монголын стратегийн орд Эрдэнэс-Тавантолгой компанийн үнэлгээг тогтоох явдал юм.
Энэ үнэлгээг тогтоохдоо тогтсон жишгийн дагуу явна. Тухайлбал, Эрдэнэс-Тавантолгой компанийн хувьцаа хөрөнгийн бирж дээр худалдагдах эрх авахын тулд тухайн биржээс тавьж буй шаардлагуудыг хангасан байх ёстой бөгөөд олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банк тухайн компанийг үнэлнэ. Энэ үнэлгээ дээд доод гэсэн хэлбэлзэлтэй голдуу байна. Ингээд хувьцааг хөрөнгийн бирж дээр анхны үнэлсэн үнээр санал болгох бөгөөд бодит арилжаа эхэлмэгц энэ хувьцаа зарагдахгүй юм уу бага үнээр авах ч санал ирж болно. Иймд хувьцааны анхны нэрлэсэн үнийг зөв тогтоох нь маш чухал.
Эрдэнэс -Тавантолгой компанийг үнэлэх ажлыг хөрөнгө оруулалтын “Голдман сакс”, “Дойче банк” хийж байгаа. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар өнгөрсөн хавар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнэ 300-1000 төгрөгт хэлбэлзэнэ гэж “Зууны мэдээ” сонинд (2011.3.29) ярилцлага өгсөн байсан. Энэ бол гадаадын хөрөнгө оруулалтын дээрх хоёр банкны урьдчилсан үнэлгээ.
Өнгөрсөн хавар “Чингис” зочид буудал дээр “Эрдэнэс-Тавантолгойн IPO” нэртэй танилцуулах бага хурлыг дээрх хоёр банк, мөн Лондон, Хонгконг, Монголын хөрөнгийн бирж гэх мэт өргөн бүрэлдэхүүнтэй хийсэн. Тэнд үнэлгээний ерөнхий зарчмууд яригдсан. Гэвч тодорхой үнэ яригдаагүй.
Дойче банкны Азийн бүсийн эрдэс баялгийн газрын захирал Пол Грейвс “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг ямар аргач лаар үнэлж буй талаараа танилцуулга хийсэн. Гэтэл тэрбээр компанийн үр ашгийн үзүүлэлтүүд ярьж, харьцуулалт хийхгүй байсан. Үүнийг ч миний бие босож шүүмжлэж байсан. Компанийн үр ашгийн тооцоогүйгээр буюу нэгж хувьцаанд ногдох ашгийн тооцоогүйгээр ямар ч хувьцаа арилжаанд орох бололцоогүй.
Тэгэхээр гадаадынхны хийж буй 300-1000 төгрөгийн үнэлгээ ихээхэн хийсвэр байгаа нь харагдаж байгаа юм. Иймд “Эрдэнэс- Тавантолгой” компанийг үнэлэх багт үндэсний эрдэмтэд, мэргэжилтнүүд оролцуулах асуудал маш чухал байгаа юм. Энэ ажилд “Монгол” дээд сургуулийн эрдэмтдийн баг оролцох саналаа Ерөнхий сайд С.Батболд, тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нарт хүргүүлсэн боловч одоо болтол хариу алга. Энэ удаа ч гэсэн дээрх хоёр даргад дахин сануулъя. Гаднынхан хувьцааг доогуур үнэлж, өөрсдөө авч дамлан ашиг олох сонирхолтой байхыг анхаарах ёстой гэж би дээрх зөвлөгөөн дээр хэлж байсан үгээ С.Батболд, Н.Алтанхуяг дарга нарт дахин хүргэе.
Асуудлын нөгөө тал нь Эрдэнэс-Тавантолгой компанийн хувьцааны үнэ 3-10 дахин өснө гэж УИХ, Засгийн газрын гишүүд ард түмэндээ сурталчлах боллоо. УИХ-ын гишүүн Батхүү иргэддээ 10 хувийг нь тараахад иргэн бүр 300 сая төгрөгтэй болно гэсэн үг гэж сонинд ярилцлага өгсөн байсан. Ийм прогноз дэвшүүлэх нэг үндэслэлээ Хонгконгийн бирж дээр Монголын “Энержи ресурс” компанийн хувьцаатай харьцуулж баримжаалж байна.
Гэтэл бодит байдал дээр ийм биш байна. www.etnet.com.hk хаягаар орж тус компанийн бирж дээрх нэр болох “Моngol mining” буюу 00975 дугаараар хайлт хийхэд бүх зүйл тодорхой байна. Энэ оны арванхоёрдугаар сарын 15-ны 11 цаг 45 минутын байдлаар нэг хувьцааны ханш 5.9 хонгконг долларын үнэтэй байна. Сүүлийн 52 долоо хоногт хувьцааны дээд ханш 11.5 хонгконг доллар, хувьцааны доод ханш 4.9 хонгконг доллар байсан байна. 2010 оны аравдугаар сараас хойшх ханшийн хэлбэлзлийг диаграмыг сонгож харж болж байна. 7-8 хонгконг долларын үнэтэй эхлэж байсан бол өнөөдөр 5.9 болж үнэ нь 15 орчим хувиар унасан байна.
Энэ жишгээр харвал Эрдэнэс-Тавантолгой компанийн хувьцаа өснө гэсэн магадлал муу байна. Учир нь Баруун цанхиас энэ компани ашиг авахгүй. 30 жилээр түрээслэх гадаадын компаниуд таван хувийн татвар нэмж өгье гэсэн бололтой. “Энержи ресурс” компанийн хувьд оператор компанид олборлох зардлыг нь өгөөд ашгаа авна. Энд зарчмын зөрүү гарч ирж байна. Эрдэнэс-Тавантолгой компанийн хувьцааны 61 хувь нь хөрөнгө гаргахгүй мөртлөө Зүүн цанхиас гарах ногдол ашгийн 61 хувийг авна. Ийм хувалз компанийн хувьцааг эрүүл хүн сонирхохгүй. Дээр нь хятадууд Монголын нэг тонн нүүрснээс 10-20 ам.долларын орон нутгийн татвар авах болж байна. Энэ бол Монголчууд нүүрснээсээ ашиг олохгүй гэсэн үг. Хувьцаандаа ногдол ашиг авахгүй гэсэн үг. Ийм хувьцааг эрүүл хүн авахгүй. Яахав үнийг нь том унаган авч компанийн удирдлагад орж ирэх гэсэн гадаадын төр сонирхож болно. Стратегийн орд дахь компанийн 39-49 хувь нэг улсын гарт очиж болохоор байгаа тул Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ц.Элбэгдорж ерөнхийлөгч та ярилцах ёстой.
Авлигаараа дэлхийг манлайлж буй Монголын төрийн мэдэлд 51 хувь нь байгаа компанийн хувьцааг эрүүл хүмүүс сонирхохгүй. “Энержи ресурс” бол хувийн компани тэнд шахааны бизнес байхгүй тул үр ашиг өндөр. Харьцуулшгүй өөр нөхцөлд хоёр компани байна шүү дээ. Гол зүйл болсон ТЭЗҮ, төмөр зам, далайн боомт гэх мэт шийдэгдээгүй байна. Энэ бүхэн нь хувьцааны үнийг улам л унагах хүчин зүйлс болж байна. Иймд ард түмэн 20 хувиа биш нэг сая төгрөгөө авсан нь өлзийтэй байж мэднэ. Учир нь хувьцааны ханш унаж иргэд 10 мянган төгрөгтэй үлдэх магадлал өндөр байна.
Үндэсний компаниуд, улсын төсөв хоёр гурван их наяд орчим төгрөгийн хохиролд унаж болзошгүй байна. Энэ бол эцсийн дүндээ ард түмэн хохирч байна гэсэн үг. Гадаадад босгох тэр их мөнгө ч худлаа болж таарах нь. Оронцог төдий юм байна биз.
Засгийн газрын мэдлэг чадвар, сэтгэл зүрх дутмаг байгаа учраас Тавантолгойн ордоо Монголчууд бид өгөөжгүй ашиглаж эхэллээ. Ямар ч тендергүйгээр чанартай сайн нүүрсээ 70 ам.доллараар өгч оронд нь гурван хувийн хүүтэй зээл авч байна. Үүнийг Засгийн газрын гишүүн Х.Баттулга хулгай луйвар мэт үнэлж буй нь олны талархлыг хүлээж дараагийн Ерөнхий сайд байх хүн гэж үнэлэгдэж байна. Засгийн газрын одоогийн тэнэг, луйврын хувилбарыг УИХ-ийн гишүүдийн олонх нь зөвшөөрөхгүй. Ард түмэн бүүр зөвшөөрөхгүй. Сонгуулийн кампани эхэлсэн тул сөрөг намууд хүчтэй тэмцэнэ. Засгийн хоёр нам шүүмжлэлийн бай болж, сонгуульд оноо алдахаас айж гэрээний төслийн саналаа УИХ-д өргөн барих магадлал муудлаа. Ирэх сонгуулиар өөр хүмүүс төр засагт гарч ирж, эрдэмтдийн оролцоо бүхий үндэсний баг гэрээ хэлэлцээр хийвэл Тавантолгой таван сайдад биш, нийт ард түмэндээ өгөөжөө өгөх болно.
No comments:
Post a Comment