2011/12/21

А.Жаргалсайхан: Нэг хүнд 3600 ам.долларын хувьцаа очих нь


А.Жаргалсайхан: Нэг хүнд 3600 ам.долларын хувьцаа очих нь
"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг иргэн бүрт тараана гэж Засгийн газраас мэдэгдсэн. Эдийн засагч А.Жаргалсайхантай ярилцлаа.

-Эх орны хишгийн нэг сая төгрөг тараана гэсэн. Гэтэл Засгийн газар 536 ширхэг хувьцааг нэг сая төгрөгөөр үнэлж тараана гээд байна. Энэ бүхэн иргэдэд тодорхойгүй байдал үүсгэлээ?
-Одоо хүртэл хувьцааны тухай ойлголт 1990 оны хэмжээнд байгаа. Тиймээс Тавантолгойгоос иргэн бүрт дахин олгох 536 хувьцаагаа дийлэнх нь алдах магадлалтай. Өмнө нь нэрийн дансанд олгосон 536 ширхэг хувьцаа бол давуу эрхтэй. Өөрөөр хэлбэл, зарах, үрэх эрх нь хязгаарлагдмал тул эрсдэлээс айлтгүй. Харин хувьцааг Засгийн газраар дамжуулахгүйгээр зах зээлд сул хаявал мөнгөтэй гадаадынханд ихэнх нь төвлөрөх аюултай.

"Энержи-Ресурс" компанийн хувьцааны үнэ өнөөдрийн ханшаар тооцоход /нэг хувьцааны ханш 6-7 ам.доллар/ 536 ширхэг хувьцаа 3-4 сая гаруй төгрөг болж байна. Жилийн дараа үнэд орох хувьцааг нэгхэн сая төгрөгийн амлалтад тааруулж үнэлж байгаа нь Засгийн газарт хожоотой болж байна. Энэ бол ядуу иргэдийн хэрэгцээнд тулгуурласан хожоо.

-Таныхаар ямар хувилбар энэ тохиолдолд зохистой юм бол?
-Төр бүх хувьцааг Засгийн газраар дамжуулан зарагдахад хяналт тавих боломжийг хуульд тусгах хэрэгтэй. Тавантолгойн бүх хувьцааг зөвхөн Засгийн газарт зарна гэдгийг нийтлэг зарчим болгох хэрэгтэй. Энэ зарчмыг хатуу баримтлахгүй бол бид баялгаа алдана. Тавантолгой хувьцааг эзэмшиж буй "Эрдэнэс Тавантолгой" компани маш шударга, хариуцлагатай ажиллаасай.

-Нэгж хувьцааны үнийг "Энержи Ресурс"-ын жишиг үнээр баримжаалахыг зарим хүн эсэргүүцэж байгаа. Анх гаргаснаас хэд дахин өссөн гэлээ. Таны дүгнэж буйгаар ямар байх бол?
-Нэг хүнд очих 536 ширхэг хувьцааг нэг сая төгрөгтэй дүйцүүлсэн. Түүгээр тооцоход нэгж хувьцаа 1866 төгрөг болж байна. Өнөөдрийн нэг ам.долларт шилжүүлэхэд 1,4 ам.доллар болж байна. Гэтэл Хонконгийн биржид арилжаалж буй "Энержи Ресурс"-ийн нэгж хувьцааны одоогийн ханш 6-7 ам.доллар байгаа. Үүгээр тооцоход арав гаруй сая төгрөг болж байна. Хэд дахин өссөн гэж байгаа бол үүнээс илүү болохоор байгаа ч одоо хэлэх боломжгүй.

-536 ширхэг хувьцааны үнэ тэгээд нийтдээ хэдэн ам.доллар эсвэл төгрөг болох юм бол. Энэ талаар нэгдсэн дүн алга?

-3600 ам.доллар болно. Өнөөдрийн ханшаар төгрөгт шилжүүлэхэд 4,8-5 сая төгрөг болно. Энэ бол үнэнд их ойр таамаглал. Мөн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн иргэнд 536 ширхэг хувьцаа өгсөн. Тиймээс надад хангалттай хувьцаа байгаа учир дахин өгөхөөр болж байгаа 536 ширхэг хувьцаагаа мөнгөжүүлчихье гэх бодол дийлэнх хүнд давамгайлж болох юм. Нэг ёсондоо иргэд 1072 ширхэг хувьцаа авах байх. Зарим нь мэдэхгүй л явж байгаа.

No comments:

Post a Comment