Өчигдөр Амлалт нэхэх ард түмний холбооноос сүүлийн үед шат шатанд үүсээд буй асуудлаар санал бодлоо солилцов. Тэд энэ удаад Тавантолгойн орд, эрх баригч намуудын сонгуулийн амлалт болон багш нарын тэмцлийн тухай хөндсөн юм.
Тэгэхээр УИХ-аас өнгөрөгч онд 39 дүгээр тогтоол гарган "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны 10 хувийг иргэдэд тэнцүү хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэж заасан. Энэ дагуу нэг иргэнд 536 ширхэг хувьцаа ногдуулж, нэр дээр нь байршуулсан юм. Харин дараахан нь компани, аж ахуйн нэгжүүд 33 мянга гаруй хувьцаа нэмж авахаар болсон нь жирийн иргэдийг нийгэмд эзлэх байр сууриар нь гадуурхаж байна хэмээн уг холбооныхон эл асуудлаар "зарга" үүсгэн тэмцжээ. Эцэст нь иргэдэд ногдох хувьцааг 1072 ширхэг буюу компанийн нийт хувьцааны 20 хувь болгохоор шийдвэрлэснийг тус холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянга хуралдааны үеэр онцолсон юм.
Харин одоо үүсээд буй нөхцөл байдлаар эрх баригчид 1072 ширхэг хувьцааг сонгуулиар амласан 1,5 сая төгрөгийн үлдэгдэл болох сая янчааны нэг хэсэг болгон өөрчлөн иргэдийг сонголтоо хийхийг тулган шаардаж буй. Нэг үгээр хэлбэл, газрын хэвлий дэх баялгаас нийт иргэд тэгш хүртэх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг МАНАН-гийнхан сонгуулийн амлалттайгаа хольж хутгах болов. Энэ нь хууль бус үйлдэл болохыг холбооныхон тайлбарласан юм. Учир нь УИХ-ын 39 дүгээр тогтоолд ямар ч өөрчлөлт оруулаагүй байж. Энэ луйвраа ирэх оны төсөвт тусгасан байна.
Ингэхдээ хувьцаагаар солих бэлэн мөнгөний эх үүсвэрийг тусгаагүй нь иргэдэд 20 хувийн хоосон хувьцаа амлаж байгаагаас ялгаагүй болохыг тодотгов. Мөн АН-аас ирэх оны сонгуулийн сурталчилгааны хүрээнд эхлүүлсэн эдийн засгийн хувьсгал гэгчийн хүрээнд дээрх 1072 ширхэг хувьцаан дээр нэмж, дараагийн стратегийн 15 ордын хувьцааг нэмж өгнө гэсэн Батлан хамгаалахын сайд Л.Болдын "Баян Монгол" корпорацийн үлгэрийг дахин амилуулж иргэдийг их мөнгөний дүнгээр хуурах ажлаа эхлүүлж буйг онцолсон юм. Тэр ч бүү хэл стратегийн 15 орд нь цаасан дээрх мөрөөдөл болж хувирсаныг тус бүрээр нь тайлбарласан. Тухайлбал, УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолд заахдаа Тавантолгойн орд гэдэгт... "Тавантолгой" ХК, "Энержи ресурс" ХХК, "Дайцуки" ХХК-ийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон хэмжээнд талбайг хамруулна хэмээн заасан боловч одоогоор зөвхөн Зүүн Цанхийн хэсэг л "Эрдэнэс Тавантолгой"-н мэдэлд үлдээд байна.
Хамгийн гол нь энд нийт нөөцийн хэдэн хувь үлдээд буй нь бас л дээдсийн мэдлийн асуудал болж. Ингээд стратегийн гэх 15 ордын нэг нь хасагдаж буй. Мөн Нарийн сухайтын нүүрсний орд. Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан гэсэн тайлбар 27 дугаар тогтоолд тусгажээ. Тиймээс төр олон улсын гэдгээрээ "МАК Чинхуа"-тай байгуулсан гэрээгээ сахин үлдээе гэхэд "Айвенхоу Майнз"-ын луйврын үр дүнгээр боссон "Саутгоби сэндс" ХХК-ийн эзэмшиж байгаа тус ордын баруун болон зүүн өмнөд хэсгээс бид өөрсдийн хувийг авч чадахгүй гэв. Учир нь энэ хэсгийг стратегийн бүртгэлд хамруулаагүй гэнэ.
Түүнчлэн Бороогийн алтны ордыг тодотгосон юм. Тэгэхээр энэ ордын талаар дуусашгүй яриа эл хүрээнийхний дунд өрнөдөг. Тэдний хэлж буйгаар дотоодын луйварчид харийнхантай үгсэн тус ордын өрмийг аль хэдийнэ ухаж дуусгасан. Тиймээс энэ ордоос иргэдэд ямар юмны ногдол ашиг хүртээх вэ. Харин удаах нь Сэлэнгэ аймаг дахь Төмөртийн орд. Уг ордын хамаг шимийг нэр бүхий хувийн компаниуд урд хөрш рүү зөөгөөд дуусч байгаа гэнэ. Энэ мэтчилэн стратегийн гэх тодотголтой ордууд эхнээсээ "дашийн шог'' болж буй юм байх.
Мөн тус холбооны дараагийн хөндсөн асуудал бол багш нарын ажил хаялтын тухай байв. Тэдний мэдэгдэж буйгаар манай улсын баян хоосны ялгаа сүүлийн үед улам гаарч байгаа нь баялгийн шудрага бус хуваарилалтаас үүдэлтэй гэнэ. Өнгөрөгч сонгуулиар хоёр намынхан төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ. Өрх бүрийн сарын орлогыг сая төгрөгөөс дээш болгоно. Ерөнхий боловсролын сургуулийн бүх багшийг зөөврийн компьютертэй болгоно хэмээн улаан амлаж байсан.
Гэвч бодит байдал өнөөдөр эсрэгээрээ байна. Багш нарын сарын цалин 350-400 мянгад хэлбэлзэнэ. Тэгэхэд УИХ-ын нэг гишүүн жилд 10 сая төгрөг авдаг байна. Харин туслах, зөвлөхийнх нь 26 сая төгрөгт хүрдэг аж. Мөн хоол, унааны зардал 193, хууль сурталчилгаанд 10, бусад орны хууль судлахад 10, гар утасны ярианы төлбөрт 1,44 болон хууль санаачилсаны төлөө 20, унааны зардал 6,6 харин тойргийн томилолтод 8,7 сая төгрөгийг тус бүр хүртдэг гэнэ.
Мөн хэвлэл захиалгад 500 мянга, зочин хүлээж авах, бэлэг дурсгалд нь хүртэл хөрөнгө төсөвлөдөг байна. Энэ мэтчилэн нэг гишүүний хүртэх мөнгөний жагсаалт жилд 287 сая 640 мянган төгрөг болж байгаа юм. Тэгэхээр энэ тоог 76 гишүүнээр үржүүлбэл, 255 тэрбум 582 сая төгрөг болж байна. Гэхдээ энэ бол эрхэм гишүүдийн зөвхөн олны нүдэн дээр ил тод авах мөнгө нь шүү дээ. Тиймээс тус холбооныхон бүхий л боломжоороо дэмжин багш нарын тэмцэлд хамтрахад бэлэн буйгаа илэрхийлж байсан.
No comments:
Post a Comment