УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Батж, Батбаяр нар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачилсан байна. Энэ талаараа тэд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Төсөлд тусгаснаар иргэн бүртээ “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас 1072 ширхэгийг эзэмшүүлэхээр заажээ. Засгийн газраас гаргасан тогтоолоор Монгол Улсын иргэн бүр 536 ширхэг хувьцаа эзэмшихээр болсон. Үүн дээр нэмж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь арилжаалахаар заасан хувьцааг иргэн бүртээ хуваан үнэ төлбөргүй эзэмшүүлэх нь шударга хуваарилалт болно гэж эрхэм гишүүд үзсэн байна.
УИХ-аар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолыг хэлэлцэх шатанд улсын хэмжээнд 30 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байсан бол өнөөдөр 53 мянгад хүрчээ. Тэдгээрийн бараг тэн хагас нь ашиггүй ажилласан гэдэг тайлан мэдээг гаргасан байдаг аж. Мөн дотор нь тэдгээр компанийг шүүгээд үзэхээр 2700 эзэн л ард нь байдаг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь арилжаалсан тохиолдолд зөвхөн 2700 эзний гарт 100 мянга гаруй хувьцаа төвлөрөх болж буй аж. Ингэснээр компанийн эзэн 100 мянга гаруй хувьцаа эзэмшдэг, компанийн ажилтан 536 ширхэг хувьцаа эзэмших шударга бус хуваарилалт хийгдэх болоод байгаа. Нөгөө талаас Монгол Улс уул уурхайгаас хэт хамааралтай болж мэдэх эрсдэлтэй гэнэ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас Монгол Улсын хөрсөн доорх баялаг ард түмний өмч. Тиймээс газрын баялгийг нийт иргэддээ шударга хуваарилъя гэдэг агуулгаар нь авч үзвэл иргэн бүртээ дээрх хувьцааг ижил хэмжээгээр хуваарилах нь илүү шударга алхам болно гэж тэд үзжээ.
Нэр бүхий гишүүд дээрх хуулийн төслөө өнгөрсөн бямба гаригт Засгийн газарт өргөн мэдүүлсэн. Засгийн газар ээлжит хуралдаанаараа төслийг хэлэлцээд, саналаа өгөх гэнэ. Үүний дараа нэр бүхий гишүүд төслөө УИХ-ын даргад өргөн мэдүүлэх юм байна.
No comments:
Post a Comment