Тавантолгойн орд тамын тогооны үлгэр болон хувирч байна. Там болон хувирч буй шалтгаан нь тун энгийн юм. Тодруулбал, Засгийн газрын хамгийн эхний зорилго бол Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар ард түмэнд амалсан бэлэн мөнгөө тараах боломж бүрдүүлэх явдал юм.
Энэ нь цаагуураа улс төрийн эрх мэдлийн цулбуураас аль болох удаан зуурах гэсэн сонирхолд хөтлөгдсөн нь хэн бүхэнд илэрхий билээ. Үүнтэй холбоотойгоор тэд аман дээрээ үндэсний компаниудыг дэмжинэ хэмээн хэлсэн боловч цаагуураа улстөржсөн бизнес бүлэглэлээр дамжуулж Тавантолгойн ордод эзэн суухыг санаархаж байна.
Нэг сумаар хоёр туулай буудах гэж хичээж байгаа нь энэ л дээ. Нэг талаар ард түмэнд амласан мөнгөө өгч, эрх мэдэл ханхалсан суудал дээрээ үлдэх гэсэн санаархал, нөгөө талаас улстөржсөн бизнесийн бүлэглэлээрээ дамжуулж Тавантолгойг өмчлөх гэсэн далд сонирхол юм. Энэ талаар дэлгэрүүлье.
Тавантолгойн ордыг ашиглахаар гадны 11 консерциум саналаа илэрхийлээд байгаа. Үүнтэй зэрэгцэж овойж оцойсон хөрөнгө мөнгөгүй ч Монголчууд хамтарвал юуг ч бүтээх боломжтой хэмээх эв нэгдлийг үзүүлж “Монгол 999 үндэсний нэгдэл” байгуулагдаж, эгнээндээ 1500 гаруй компанийг нэгтгээд байна. Гэтэл Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд улстөрчдийн дохиураар хөдөлдөг компаниуд нэгдэх болсон нь дээрх тамын тогооны үлгэрийн эхлэлийг тавьж байгаа юм.
Нэгдэлд багтсан компанийн нэрсийг харъя. Улс төрд хамгийн их холбоо сүлбээтэйгээрээ дуудуулдаг “Эм Си Эс”-ийг мэдэхгүй хүн гэж үгүй. Мөн “Ган хийц” компани нь авлига авсан, хөрөнгө орлогын мэдүүлгээ худал өгсөн хэмээн сонин хэвлэлээр бишгүй “гөвшүүлдэг” Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавын халаасанд багтдаг гэх юм билээ. Түүнчлэн “Витафит” компани байна. Үүнийг эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ аваргынх хэмээн олон ярьдаг.
“Эрэл”-ийн Б.Эрдэнбатыг мэдэхгүй хүн үгүй. Улс төрийн тогоонд олон жил чанагдаж ирсэн эрхэм. Тэрбээр Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн хөндийг цагаан шороотой нь эргүүлж хаясан даа. Нутгийн иргэд одоо ч Өлтийн хөндийгөө хараад нулимс унагадаг юм билээ. Энэ мэтээр Тавантолгойг ашиглах санаархалтай нэгдлийг үндэсний компаниуд гэхээс илүү улс төрийн бүлэглэлийнхнээс бүтсэн хэмээн тодорхойлбол илүү зохимжтой сонсогдох биз.
Бас үнэнд ойртоно. Ингээд тэд улстөрийн хүчирхэг “нударгаа” ашиглан “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийг нухчин дарах санаархал агуулж байгаа биз. Арга ч үгүй юм. Тус нэгдлийн “Монголчууд өөрсдийнхөө юмыг өөрсдөө мэдье” гэсэн зарчим Засгийн газарт таалагдахгүй байгаа. Учир нь үндэсний нэгдлүүд Засгийн газар, бусад хэсэг бүлэг этгээдэд хувь хүртээхгүй. Мөн тэдний амласан иргэдэд тараах 1.5 сая төгрөгийг нь бэлнээр гаргаад өгчих чадал одоохондоо алга байгаа.
Өөрөөр хэлбэл, үндэсний нэгдэл Тавантолгойг ашиглаад эхэлбэл Засгийг газар амлалтаа биелүүлж улстөрөөс зууралдах боломжоо алдах эрсдэлтэй, бас гарын аясаар хөдөлгөх компаниудаараа дамжуулж хувь хүртэх боломжийг нь хааж орхино. Иймээс л нухчин дарахын тулд дахин шинэ нэгдэл байгуулж, монголчуудыг хоёр талцуулахад хүргэжээ. Энэ бүхний цаана ерөнхий удирдаач болж, нухчин дарах “ажиллагаа”-г зааварчилж буй хүмүүс нь Засгийн газар, түүний тэргүүн байх магадлал маш өндөр байгаа юм. Бодоод үзье л дээ.
Манай Ерөнхий сайд бизнес сэтгэлгээтэй хүн шүү дээ. Тавантолгойн хуучин эзэн хэмээн хэлж ч болно. Иймээс тэрбээр наанаа үндэсний компаниуд минь хэмээн инээмсэглэж байгаа ч цаанаа гадны “акул” компаниудтай хамтрах, эсвэл дотоодын компаниудаар дамжуулж Тавантолгойгоос хувь хүртэх сонирхолтой байх магадлалтай. Тэгээд ч будаа шиг олон жижиг үндэсний компаниудтай зууралдаж, хувь хүртэнэ хэмээн хүлээж суух дэмий хэрэг. Түүний оронд улс төрийн холбоо сүлбээгээрээ дамжуулж нэгдэл байгуулан Тавантолгойд эзэн суух, эсвэл гадны “акул”-уудтай хамтарч алсыг харсан нүүдэл хийх нь түүний үнэн дүр төрх байж болно.
Ингээд л танхимын дэргэд компаниудын нэгдэл байгуулж “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийн өөдөөс турхирч орхисон бололтой. Тэд чадвал “Монгол 999”-ыг нухчин дарж, Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр болж өгвөл ногоон гэрлээр Тавантолгойгоос хувь хүртэх, чадахгүй бол Б төлөвлөгөөндөө шилжих юм. Энэ нь тус нэгдэл “Монгол 999”-ийг улстөржүүлэн яс хаялцсанаар Ерөнхий сайдад дотоодын компани бус гадны “акул”-аас сонголт хийх боломж, шалтгийг олгох бололтой.
No comments:
Post a Comment