2011/05/30

Тавантолгойн нүүрснээс 500 сая долларын бонд "босгох"-оор төлөвлөжээ

Тавантолгойн нүүрснээс 500 сая долларын бонд
Зүүн Цанхиас хүний хөгжлийн санд 250 саяыг төвлөрүүлнэ

Тавантолгойн нүүрсний томоохон орд газар коксжих болон дулааны нүүрсний 6.5 тэрбум тоннын нөөцтэй. Энэ нь дэлхийд хоёрдугаарт орох үзүүлэлт. Эрдэнэс Тавантолгойн хувьцааг гадаадын хөрөнгийн биржид шууд арилжих гэж байгаа нь манай улсын төрийн өмчит компанийн түүхэнд анхных юм.

Ингэхдээ Засгийн газар компанийн хувьцааны 51 хувийг өөртөө үлдээж, 29 хувийг гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгох гэж буй. Тавантолгойн орд газрыг Зүүн Цанхи, Баруун Цанхи гэсэн хоёр хэсэгт хувааж байгаа. Энэ хоёр хэсэгт өөр өөр засаглалын тогтолцоог санал болгож байна.

Зүүн хэсгийг "Эрдэнэс-Тавантолгой" компани эзэмшиж, ашиглана. Одоогоор уг хэсгийн хаягдал чулуут давхаргыг хуулах ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулж байгаа аж. Харин Зүүн хэсгийг энэ ондоо багтааж ашиглаж эхлэхийн тулд "Эрдэнэс-Тавантолгой" компаниас 500 сая хүртэл ам.долларын
 бонд гаргаж, санхүүжүүлэх боломжийг судалж байна. Үүнээс 250 сая ам.долларыг олборлолт эхлүүлэхэд дэд бүтцэд хөрөнгө оруулж, үлдсэн мөнгийг Засгийн газарт татварын урьдчилгаа болгон шилжүүлэхээр тооцоолжээ. Энэ урьдчилгаа төлбөрийг Хүний хөгжлийн санд төвлөрүүлж, иргэдэд хувь хишиг хүртээх бэлэн мөнгөний санхүүжилтэд зарцуулна.

Баруун Цанхийн гэрээг дуусгахад асуудал олон байна

Тавантолгойн Баруун Цанхийн хэсэгт засаглалын өөр тогтолцоо үйлчлэх аж. Тус ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс-Тавантолгой"-н эзэмшилд үлдээж, хувийн компаниудаас олборлолт явуулах эрхийн саналыг авч байна. Эрх авсан компани уурхайн олборлолттой холбоотой бүхий л зардлыг санхүүжүүлэх юм. Компанийн саналыг үнэлэхдээ олборлолт явуулах эрхийн төлбөр, нөөц ашигласны төлбөр, дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалт, Засгийн газарт өгөх татварын урьдчилгаа төлбөрийг харьцуулж үзэх гэнэ.

Баруун Цанхийн гэрээг эцэслэхэд хэд хэдэн бэрхшээл байгааг Дэлхийн банкны мэргэжилтнүүд онцолж байна. Тухайлбал, төслийн техник эдийн засгийн үндэслэл, ашигтай байдлын үнэлгээг гаргасны дараа хөрөнгө босгож чадахыг тус банкныхан үзэж байна. Мөн коксжих нүүрсний үйлдвэрлэлд илүү тохиромжтой усны нөөц асуудалтай байгааг тэд хэлсэн. Учир нь угаасан нүүрс зах зээлд илүү үнэд хүрэхийг эдийн засагчид онцлов.

"Олон удаа хийсэн судалгаагаар үйлдвэрлэл явуулахад хөрсний ус хангалттай гэж дүгнэсэн ч бусад хэрэглэгчдийн хэрэглээг хязгаарлахгүй байх талаар нэмэлт судалгаа хийх шаардлагатай. Хөрсний усыг хүрэлцээтэй эсэхийг тогтоосны дараа гэрээг гүйцэтгэгч Засгийн газар хоёр үнэ, тоо хэмжээг тохирох учиртай. Ордын хоёр хэсэгт авто зам, төмөр зам, эрчим хүч, ус зэрэг дэд бүтцийн нэгдсэн хангамж хэрэгтэй. Зүүн хэсгийн олборлолт түрүүлж эхлэх тул Баруун хэсгийн гэрээний үеэр дэд бүтцийг хамтран ашиглах тухай тохиролцсон байх нь чухал. Өөр нэг шийдвэрлэх асуудал бол төмөр зам юм. Олборлосон нүүрсээ тээвэрлэх асуудал Тавантолгойн ашиглалтыг нэлээд тодорхойгүй болгож байна. Одоогоор Гашуун Сухайтаар дамжуулан Хятад уруу төмөр зам тавих нь хамгийн зардал багатай хувилбар. Урд хөрш рүү Тавантолгойн нүүрс тээвэрлэх төмөр зам тавих асуудал хугацаа алдах тусам ордын үнэ цэнэ унах, ашиг багасах, хязгаарлагдах аюултай. Төмөр зам, эрдсийн экспорттой холбоотой дэд бүтцийг санхүүжүүлэх асуудал бэрхшээл ихтэй. Гэхдээ Монгол Улсын эдийн засгийг зээлжих байдалтай харцуулахад хөрөнгө оруулалтын хэмжээ асар их. Гэвч асуудлыг хүндрүүлж байна. Иймд оролцогч талуудтай ярилцаж, санхүүжилтийн шинэлэг хувилбаруудыг гаргаж ирэх хэрэгтэй байна" гэж Дэлхийн банкныхан үзлээ.

No comments:

Post a Comment