2011/05/06

Давхар компани байгуулах уу, DR ашиглах уу?

Давхар компани байгуулах уу, DR ашиглах уу?
“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO өнгөрсөн сарын халуун сэдвүүдийн нэг хэвээр байлаа. Нэгж хувьцааных нь үнэ хэд байх вэ гэдэг асуулт ярианы сэдэв болж байсан бол одоо хэдэн бирж дээр гарах вэ, олон улсын бирж дээр гарах стандарт хангагдаж, нөхцөл боломж бүрдэв үү гэдэг асуулт мэргэжилтнүүдийн төдийгүй шийдвэр гаргагчдын толгойны өвчин болоод байна.

Бид хөрөнгийн зах зээлээ өөд нь татах гээд дөнгөж л эхэлж байна. Энэ салбарын гол хууль болох Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэхээр яригдаж байгаа. Мөн Хөрөнгийн биржийн менежментээ Лондонгийн биржид атгуулчихлаа. Үүнээс өөрөөр хийж гавьсан зүйл алга.

Хөрөнгийн зах зээл хөгжил өөд хөдөлж эхэлж буй энэ үед “Эрдэнэс Тавантолгой” олон улсын бирж дээр хувьцаагаа борлуулахаар яаравчилна. Олон ажил нь энэ зун гэхэд жигдрэх ч гэсэн хамгийн том толгойны өвчинтэйгээ “Эрдэнэс Тавантолгой” тулгарсан бололтой. Энэ нь аль бирж дээр гарах вэ, олон улсын биржүүд Монголын хууль эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрөөгүй болохоор яаж IPO хийх вэ гэдэг асуудал.

ХОНКОНГ ЛОНДОНГИЙН ХАРИУГ ХАТУУХАН БАРИВ

“Эрдэнэс Тавантолгой” аль бирж дээр IPO хийх вэ гэдэгт эхнээсээ л сонголт цөөн, Лондон эсвэл Хонконг гэж яригдаж байсан. Дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх коксжих нүүрсний том компанийг бирждээ бүртгэх нь аль ч биржид олон талын ашигтай нь ойлгомжтой. Хонконгийн бирж өөртөө итгэлтэй байсан уу, эсвэл “Эрдэнэс Тавантолгой”-г төдийлөн тоогоогүй юу манай улсад хандуулах анхаарал нь төдийлөн идэвхтэй биш байв.

Ерөнхий сайд өнгөрсөн оны тавдугаар сард Хятадад айлчлахдаа Хонконгийн биржээр орж, Монголын компаниудыг бүртгүүлэх талаар ярьсан, аравдугаар сард Монголын үндэсний компани Хонконгийн бирж дээр амжилттай IPO хийсэн, газар нутаг болон цагийн зөрүүний хувьд ойрхон гэх мэт олон шалтгаан Хонконг хамаагүй шаанстайг харуулж байв. Гэхдээ Лондон Хонконгийн өмнүүр хүч түрэн орж  чадсан. Тэд богинохон хугацаанд олон нааштай санал тавьснаар Монголын Хөрөнгийн биржийг тодорхой хугацаанд удирдах эрхийг өрсөлдөгчгүйгээр шахуу авчихсан нь Хонконгийн биржийг бяцхан сандаргаж, дараагийн алхмаа хийхэд хүргэв бололтой. Тус биржийн Ерөнхийлөгч Роналд Аркулли Лондонтой хамтрах гэрээг үзэглэхтэй зэрэгцээд Монголд айлчилж, Ерөнхий сайдад нэгэн мэдээ дуулгаад буцлаа.

Тэд “Эрдэнэс Тавантолгой”-г Хонконгийн бирж дээр бүртгэхийн тулд тусгайлан хөнгөлөлт үзүүлж, Монголын эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрч болох тухайгаа хэлжээ. Саяхан болсон “Эрдэнэс Тавантолгойн IPO” сэдэвт бага хурал дээр Хонконгийн биржийн Хувьцааны маркетингийн газрын дэд ерөнхийлөгч Эрик Ландхээр Ерөнхийлөгчийнхөө үгийг баталгаажуулж, Хонконг Монголын эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрч байгаагаа зарласан. Энэ нь Лондонгийн биржийн төлөөлөгч, тус биржийн Үнэт цаасны зах зээлийн ахлах менежер Жон Эдвардсыг багагүй бухимдуулаад авсан байх. “Хонконг зөвшөөрсөн байж болно. Гэхдээ Лондон хараахан зөвшөөрөөгүй байгаа шүү” хэмээн тэрбээр нэлээд ундууцангүй хэлж харагдсан.

Тухайн улсын эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрнө гэдэг асар том дэмжлэг байдаг. Нөгөө талаар эрх зүйн орчин нь олон улсын стандартад нийцсэн байж хөрөнгө оруулагчдын эрх ашиг хамгаалагдаж байдаг учир ийм шаардлага тавихаас ч өөр аргагүй. Хонконгийн хөрөнгийн бирж гэхэд Каймен арал, Бритиш Колумбиа, Австрали, Хятад, Хонконг гээд нэлээд орны эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрдөг. Эдгээр улсуудад бүртгэлтэй компани Хонконгийн бирж дээр хувьцаагаа чөлөөтэй гаргаж болно гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд манай компаниуд бүгд давхар компани байгуулж бүртгүүлэх замаар олон улсын биржид хувьцаагаа гаргах эрхээ олж авч байв.

“Энержи Ресурс” гэхэд л Каймен арал дээр Mongolian Mining Corporation нэрээр, “Саусгоби Сэндс” Хонкогт “Саусгоби Ресурс” гэсэн компани байгуулж байж Хонконгийн биржид бүртгүүлсэн бол “Петро Матад” Лондонд “Петро Матад Лимитед” гэсэн компани байгуулж байж Лондонгийн бирж дээр гарсан. Тийм болохоор тухайн улс эрх зүйн орчноо хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг асар их ажил, хариуцлага байдаг аж. Харин ойрын 2, 3 жилдээ манай эрх зүйн орчин олон улсын түвшинд хүрэхгүй учир энэ нь манай компаниудын хувьд толгойны өвчин болчихоод байгаа юм.

Энэ толгойны өвчин нь хамгийн түрүүнд “Эрдэнэс Тавантолгой”-д тулгараад байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа MSE-LSE, эсвэл MSE-HKEx гэсэн dual list буюу давхар бүртгэл байх уу, бүр MSE-LSE-HKEx гэсэн triple list байх уу гэдэг дээр яригдаж байгаа аж. Аль аль нь байж болох хувилбар хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. “Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирал Б.Энэбиш “Энэ 2 бирж манай эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрөөгүй. Ямар санал тавихыг нь харж байж аль бирж дээр гарах, эсвэл хоёулан дээр нь гарах уу гэдгийг Засгийн газар шийдэх байх” гэсэн нь манайхан дотроо битүүхэн бодолтой байгааг хэлээд байх шиг. Хоёр биржийг хооронд өрсөлдүүлж, өөрт ашигтай нөхцөлийг бий болгохыг манайхан хүссэн бололтой. Харин одоо Лондон манай эрх зүйн орчинг зөвшөөрөх болов уу гэсэн бяцхан хүлээлт үүсээд байна.

DR БУЮУ МОНГОЛДОО ҮЛДЬЕ

Лондон манай эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрөхгүй бол бидэнд ямар гарц байна вэ гэдэг дээр хэд хэдэн хувилбар яригдаж байгаа аж.

Нэгдүгээрт “Энержи Ресурс” зэрэг хувийн компанитай адил хууль эрх зүйн орчин нь хүлээн зөвшөөрөгдсөн улсад давхар компани байгуулж, тэр компанийнхаа нэрээр Лондонгийн биржид IPO хийх. Гэхдээ энэ нь тийм ч оновчтой, зөв зам биш гэдгийг илтгэх олон шалтгаан байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд төрийн өмчит компани, Монгол улсын бүх иргэн хувьцааг нь эзэмшдэг гээд олон онцлогтой.

Тийм болохоор эрх зүйн орчин нь хүлээн зөвшөөрөгдсөн улсад давхар компани байгуулах төвөгтэй болж таарна. Ядаж л сонгуулийн өмнөх жил Тавантолгой улстөрийн том тоглоом болчихсон энэ үед өөр улсад бүртгүүллээ, худалдлаа гээд бөөн хэл ам, хэрүүл тэмцэл үүсэх биз. Үүнийг эрх мэдэлтнүүд тооцоолж байгаа нь гарцаагүй. Мөн зөвлөх банкуудын хувьд давхар компани байгуулах, нэрээ солих нь тийм ч оновчтой биш гэж үзэж байгаа бололтой. BNP Paribas банкны Азийн бүсийн Үнэт цаасны зах зээлийн газрын захирал Жаспер Райзер “Эрдэнэс Тавантолгой” компани нэрээ солих хэрэггүй байх. Энэ брэнд болсон нэрээрээ бирж дээр бүртгүүлбэл илүү үр дүнтэй. Ядаж л хөрөнгө оруулагчдын итгэлийг олох тал дээр нэмэр  болно” гэсэн юм.

Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” өөр улсад давхар компани байгуулахгүй гэвэл Depositary Receipt буюу хадгаламжийн сертификатыг ашиглаж болох юм. Үндэсний мэргэжилтнүүд ч DR-ийг ашиглах нь зөв, ийм боломжтой гэж үзэж байна. Брокер, дилер, андеррайтерын “Нортенсек” компанийн захирал Б.Өлзийбаяр “Заавал олон улсын бирж дээр IPO хийнэ гэх шаардлага байхгүй. Монголынхоо хөрөнгийн бирж дээр IPO хийгээд тодорхой хувиа DR ашиглаж олон улсын хөрөнгө оруулагчдад зарж болно. Ийм боломж хангалттай бий. Ингэх юм бол дотоодынхоо зах зээлийг дэмжиж байгаа том дэмжлэг болно” гэв. Үүнтэй адил саналтай дотоодын мэргэжилтнүүд олон бий.

Depositary Receipt буюу хадгаламжийн сертификат гэсэн санхүүгийн хэрэгсэл бол аль нэг улсын хөрөнгийн захад бүртгэл бүхий үнэт цаасыг өөр улсын хөрөнгийн захад хадгаламжийн бичиг гаргах эрх бүхий кастодиан банк, эсхүл хөрөнгө оруулалтын банкны хадгаламжид өгөөд, уг үнэт цаасандаа үндэслэн гадаадын зах зээлд хадгаламжийн бичиг худалдах замаар гадаадаас хөрөнгө оруулалт татах боломжийг олгодог санхүүгийн хэрэгсэл юм.

Өөрөөр хэлбэл дундын зуучлагч банкуудаар дамжуулан хувьцаагаа хөрөнгө оруулагчдад зарна гэсэн үг. Citibank, JP Morgan, Дойче банк зэрэг нэр хүнд бүхий банк энэхүү үйлчилгээг үзүүлдэг аж. Энэ нь гадаадын бирж дээр хувьцаагаа гаргахаас ялгаагүй, адилхан л хөрөнгө босгох боломжтой хэрэгсэл. Гол нь арилжаа дотооддоо буюу Монголын Хөрөнгийн бирж дээр болно. Гадаадын том хөрөнгө оруулагчид манайд орж ирээд арилжаанд оролцдогоороо онцлог. Ингэснээр Хөрөнгийн биржийн арилжааны үнийн дүн томорч, Хөрөнгийн бирж, брокерийн компаниудын санхүүгийн чадавхи нэмэгдэх зэргээр дотоодын зах зээлийг хөгжүүлэхэд томоохон нөлөөтэй гэнэ.

Жишээлбэл “Эрдэнэс Тавантолгой” гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаалах 30 хүртэлх хувийн хувьцаагаа дотоодын бирж дээр арилжаалж, түүнийхээ 15-20 хувийг DR ашиглан гадаадын хөрөнгө оруулагч нарт худалдаж болно гэсэн үг.

DR-ийг ашигласан жишээ дэлхийд олон бий. Хойд хөршийн Газпром, Лукойл, Роснефть зэрэг том компани дотоодынхоо хөрөнгийн бирж дээр гаргасан хувьцааныхаа тодорхой хувийг DR ашиглан Лондонгийн бирж дээр борлуулж байсан байна. Хамгийн сүүлийн том жишээ гэвэл төмрийн хүдрийн дэлхийн хамгийн том компани болох Бразилийн Вале өнгөрсөн арванхоёрдугаар сард DR ашиглан Хонконгийн бирж дээр хувьцаагаа арилжаалжээ. Үүнээс гадна энэ жил Чилийн 10 гаруй компани IPO хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд бүгд дотоодын бирж дээр IPO хийсний дараа DR ашиглахаар яригдаж байгаа аж. DR-ийг амжилттай ашигласан жишээ олон байхад “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд ч ашиглаж болохгүй зүйл үгүй.

BNP Paribas банкны Азийн бүсийн Үнэт цаасны зах зээлийн газрын захирал Жаспер Райзер “DR нь тухайн хөрөнгө оруулагч гадаад улсын зах зээл дээр очиж чадахгүй ч гаднаас нь хувьцаа худалдаж авах боломжийг олгодог хэрэгсэл. Гол онцлог нь хяналт сайтай, үйлчилгээ хурдан байдаг. Мэдээж аюулгүй байдал чухал. Олон улсын томоохон биржүүд бүгд үүнийг хүлээн зөвшөөрдөг” хэмээн “Эрдэнэс Тавантолгой IPO” бага хурлын үеэр хэлж байв.

Мөн Монголын Хөрөнгийн бижийн ТУЗ-ийн дарга Б.Болд “Монголын компаниуд хууль эрх зүйн талаасаа олон улсын хөрөнгийн биржид хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа. Тийм болохоор DR ашиглах талаар бид нар ярилцаж л байна. АDR гэж Америкт гаргадаг American depositary receipt, GDR буюу global depositary receipt гэж Лондонд гаргадаг, HDR гэж Хонконгт гаргаж байгааг нь хэлдэг. Тухайн банк компанийн хувьцааг өөрийнхөө сейфэнд хадгалаад оронд төлбөрийн баримт өгчихөж байгаа юм. Энэ төлбөрийн баримт Америкт DR-тай яг адилхан эрхтэй байдаг. DR ашиглах талаар Зөвлөх банкууд маань хоорондоо маш нарийн ярьж зөвлөж байж шийднэ” гэсэн юм.

Мэдээж DR-ийг ашиглахын тулд бидэнд бэлтгэх зүйл их бий. “DR -ийг ашиглаж байгаа банкууд хэд хэдэн шаардлага тавьдаг. Компанийн зах зээл дээр эргэлдэж байгаа чөлөөт хувьцааны хэмжээний 15-20 хувь байх, компани сайтаар дамжуулан бүх мэдээллийг ил тод тавих, компанийн засаглал сайн байх, найдвартай кастодиан үйлчилгээтэй байх зэрэг хэд хэдэн зүйлийг сайжруулах хэрэгтэй. Ингэж чадвал эрх зүйн орчны хувьд DR -ийг ашиглах боломжтой гэж болно” хэмээн “Нортенсек” компанийн захирал Б.Өлзийбаяр онцолсон.

Харин энэ тал дээр “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш ямар байр суурьтай байгааг сонирхоход “Хэрэв Хонконг, Лондон дээр зэрэг гаръя гэвэл DR ашиглаж л таарах байх. Манай улсын эрх зүйн орчныг  Хонконг зөвшөөрлөө гэж байгаа ч ямар нөхцөлтэй байх нь вэ гэдгийг харъя. Лондонг бас ямар нөхцөл тавихыг харъя. Лондон зөвшөөрөхгүй гэвэл дундын компани байгуулах замаар явж магадгүй” гэжээ.

Ямар ч байсан ирэх оны эхээр олон улсын бирж дээр хувьцаагаа гаргана хэмээн төлөвлөж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани тийм ч амар олон улсын бирж дээр гарчихгүй бололтой. Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын банкуудаас мэргэжлийн зөвлөгөө авч байгаа болохоор энэ бүх асуудал хэрхэн шийдэгдэх нь тун удахгүй тодорхой болох биз ээ.

No comments:

Post a Comment