МАХН-ын буурийг сахиж, цор ганцаараа үлдсэн. Дараа нь МАХН-ыг бүртгүүлэхээр Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн Цэцийг хэдэнтээ эргээд авсан УИХ-ын гишүүн бол Ц.Шинэбаяр. Гурав дахь Ерөнхийлөгчтэй нэгдэж, хүчээ зузаатгаж чадсан түүнийг зарим нэг нь Н.Энхбаярын заавраар буруу алхам хийлээ дээ гэж ч хэлээд амжсан. Гэсэн ч тэрээр иргэний хөдөлгөөн, эвслүүдтэй нэгдэж Бүх ард түмний их хуралдай хүртэл хийлээ. Найм хоног хуралдсан Бүх ард түмний их хуралдай түр завсарласны дараахан цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Ц,Шинэбаяртай ярилцлаа.
-Бүх ард түмний их хуралдай гээд ойрын хэдэн өдөр та тун завгүй явах шиг боллоо. Одоо ч бас амжуулах ажил ундарсаар л байна уу?
-Тун завгүй л явна. Бүх ард түмний их хуралдай энэ (өнгөрөгч) сарын 22, 23 нд UB palace-д хуралдаад 4-р сарын 25-наас Сүхбаатарын талбайд үргэлжиллээ. Цаг агаарын нөхцөл байдлаас болоод сүүлийн өдөр UB palace-д үргэлжлүүлэн хуралдлаа. Одоо ч хийх зүйл их байна.
-Хоёр хоногийн өмнө Бүх ард түмний их хуралдай завсарласан. Цаашид хэрхэн үргэлжлэх нь сонин байна л даа?
-Бид хуралдайгаа завсарласан нь түр зуурын төдий. Зорилгоо биелүүлээгүй тохиолдолд дуусна гэсэн ойлголт байхгүй. Одоо тогтоолоо хэрэгжүүлэх ажлаа үе шаттай хийх болно. Эх орон тусгаар тогтнол шударга ёс хөдөлгөөнийхөн шаардлагатай тохиолдолд хэзээ ч хамаагүй хуралдана. Энэ хооронд бид тэмцлийн янз бүрийн аргаар эрчимтэй тэмцэнэ гэсэн бодолтой байгаа. Тэмцлийг үргэлжлүүлэхээс өөр аргагүй тийм л цаг үед тулгараад байна.
-Өнгөрсөн долоо хоногт та бүхэн олны анхаарлын төвд байлаа. Гэвч хуралдайгаас гаргасан тогтоолын биелэлт тэг хувьтай хэвээр. Тогтоолыг хэрэгжүүлэх хүртэл нэлээд бартаа туулах юм шиг байна...?
-Их хуралдайгаас олон тогтоол гарсан. Үүний хамгийн чухал нь есөн заалт бүхий гуравдугаар тогтоол юм. Үүнээс УИХ, Засгийн газарт хандсан дөрвөн заалт бий. Хууль бусаар байгуулагдсан хамтарсан Засгийн газрыг огцруулахыг шаардлаа. Учир нь одоогийн Засгийн газар маш олон хуулийг санаатай, байнга зөрчсөөр байна. Энэ мэт хууль зөрчсөн үйлдлүүд нь улс оронд их хэмжээний хохирол учруулж, Монгол Улс авлигад идэгдсэн орон гэдгээрээ дэлхийд алдаршлаа. Үүнээс гадна Монгол Улсын язгуур эрх ашгаас ухарсан, эх орноо худалдсан шинж чанар бүхий Оюутолгойн гэрээг цуцлах тухай заалт чухалд тооцогдоно. Энэ гэрээг дахин шинэчлэх ёстой. Мөн Тавантолгойг ашиглахтай холбоотой асуудлыг цогцоор нь авч үзэж хөрөнгө оруулалтын гэрээг хийх ёстой. Гэтэл тавантолгойн гэрээг тав хуваагаад нэгийг нь хоёр компанид шууд бэлэглэсэн байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан С.Баяр “Энержи ресурс” компанид 2008 оны хавар дур мэдэн бэлэглэсэн. Тавантолгойн ордын нөөцийн 20 хувийг нэг компанид өгчихөөд байгаа гэсэн үг. Тавантолгойн таван хэсгийн нэгийг нь хэдийн бэлэглэсэн, одоо зөвхөн нэг толгойн аравхан хувийг ард түмэнд өгнө гээд байна. Ямар муухай хууран мэхлэлт вэ. Үндсэн хуулинд газрын хэвлийд байгаа ашигт малтмал ард түмний өмч гэж заасан. Энэ өмчийг С.Баяр гэдэг хүн ганцаараа дур мэдэн гадны компанид өгч болж байгаа юм уу. Авсан нөхдүүд нь Ашигт малтмалын хуулиа мөрдөхгүй, хөрөнгийн бирж дээр хувьцаагаа зарахгүй байгааг их хуралдайн төлөөлөгчид эрс шүүмжилж энэ заалтыг тогтоолдоо оруулсан юм. Дараагийн нэг чухал заалт бол архи, спиртийн үйлдвэрүүдэд төрийн монополь тогтоох. Сүүлийн 20 жил монголын төр архийг дэндүү хавтгайрууллаа. Төрийн зүгээс архины үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжиж, архи үйлдвэрлэгч компаниудыг үндэсний манлай үйлдвэрлэгч, шилдэг татвар төлөгч, ТОР 100 аж ахуйн нэгжээр өргөмжилнө. Архи үйлдвэрлэж, ард түмнийг ядууралд унагаж, архин далайд живүүлж байгаа гаж буруу тогтолцоог төр өөрөө дэмжээд байгаа нь буруу. Ийм дөрвөн гол заалтад хариу авах гэсэн боловч УИХ-ын хоёр байнгын хорооны дарга, нэг гишүүн Их хуралдайгаас гаргасан тогтоолыг үл тоож, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээгүй мөртлөө сайн дураараа хариу өгөх гэж оролдсон. Нэгэнт аль ч байнгын хороогоор хэлэлцээгүй юм чинь УИХ ард түмний тогтоол шийдвэрийг сонсохгүй юм байна. Тиймээс тэмцлээ зогсоож болохгүй гэсэн дүгнэлтэд бид хүрлээ. Тэмцэл маань ялалтад хүрэх нь ойлгомжтой.
-Хавар болохоор гудамжинд гарч жагсаад удалгүй чимээгүй болох нь олонтаа. Танай хөдөлгөөнийхөн ч энэ замналаар явахыг үгүйсгэхгүй юм..?
-Жил жилийн хавар олон янзын тэмцэл болж байсан нь үнэн. Тэмцлүүд тэгэсгээд намждаг тал бий. Энэ удаагийнх өөр. Тэмцэл дөнгөж эхэлж байна, цаашид өргөжинө. Үр дүнд хүрэлгүй дуусах ёсгүй. Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдал алдагдчихаад байхад бид зүгээр сууж болохгүй. Стратегийн ач холбогдол бүхийн цөөн ордыг хэдхэн хүн хулгайлах явдлыг тэвчихгүй. Цагдаагийн байгууллагаас манай жагсаалд хэдэн туршуул оруулчихсан, тагнуулын байгууллагаас жагсаалыг дэвэргэх хэдэн хүн оруулах маягаар бидний тэмцлийг зогсоохыг санаархаж байж болох юм. Ард түмний хүсч байгаа зүйлийг бид төлөөлөл дундаасаа гаргаад, их хуралдайгаар хэлэлцүүлж, тогтоол гаргалаа. Үүнийг биелүүлэхийг эрх баригчдаас шаардаж байна. Ард түмний баялгийг хулгайлж тонож дээрэмдэхийг хэн зөв гэж хэлээд байгаа юм бэ. Олигархууд л хулгайгаа үргэлжлүүлэхийг хүсч байгаа байх. Тэмцэл хаана хүртэл үргэлжлэх нь эрх баригчдаас л шалтгаална.
-Тогтоолыг чинь яагаад заавал биелүүлэх ёстой гэж. Дуугүй байх нь тэдний хувьд хамгийн сайн хариулт ч юм бил үү?
-Тийм байдлаар тэмцлийг намжаах, дуугүй болгох аргыг олон жилийн өмнөөс сурсан юм байна. Багануурын “Азийн чоно”-ын асуудал зохион байгуулалттай гэмт хэрэг юм билээ. Энэ маягаар нэг хэсэг айлгаж, анхаарлыг өөр тийш нь хандуулж, араар нь хулгай хийх арга одоо илчлэгдсэн. Долдугаар сарын 1-ний асуудлаар ард түмнийг айдаст автуулж байгаад тэр хооронд нь тонон дээрэмдэлтээ үргэлжлүүлнэ гэсэн бодол байгаа. Бид энэ бүхнийг сайн мэднэ. Ер нь юу ч бодож сэдээд баригдчихсан болохоор одоо бууж өгөх тухай л ярих үлдсэн. Бид өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, олуулаа болсоор байна. Галт тэрэг хэдийнээ хөдөлсөн. Хамгийн гол нь зөвшилцлийн журмаар асуудлаа шийдэхийг хүсээд байгаа хэрэг. Тодорхой хугацаанд асуудлыг шийдэхгүй бол хэлэлцээрийн ширээний ард суух хугацаа, боломж багасна гэсэн үг. Бид хэлэлцэе, зөвшилцье, тайван замаар асуудлыг шийдье гээд байна. Монгол Улс тархай бутархай биш, нэг хэл, соёл, зан заншилтай.
-Хэлэлцээрийн ширээний ард сууя гэж байна. Гэтэл ийм шийдвэр гаргах эрхэм хэд байгаа нь сонин. Сонгууль дөхөж байна, аялдан дагагчид олон шүү дээ?
-Эрх барьж буй нөхдүүдэд бид туслах гээд байгааг ойлгох хэрэгтэй л дээ. Олон жил гадныхнын гар хөл, боол болж явсаар хэн болохоо мэдэхгүй болчихсон нөхөд 76 дотор олон бий. Ерөнхий сайд С.Батболд, С.Баяр, Н.Алтанхуяг гээд өөрийн толгойгүй хүмүүс байна. Тэднийг боолын сэтгэлгээнээс нь чөлөөлж, туслах гээд байна шүү дээ. Энэ саналыг хүлээж авч чадахгүй байгаа бол боолуудтай яаж харилцахаа мэднэ.
-Бүх ард түмний хуралдайн төлөөлөгчид үнэхээр ард түмний дуу хоолой байж чадах уу. Хатуухан хэлэхэд жагсагчдыг ард түмний нэрээр шоу хийгээд сурсан нөхдүүд гэх хүн таарч байсан л даа?
-Ард түмний дуу хоолой гэдгийг талбай дээр хэдэн хүн ирснээр шүүдэг хуучинсаг, хоцрогдсон сэтгэлгээгээр хандаж байгаа нь харамсалтай. Масс бидний талд байна. Шударга үнэний талд дандаа хүч байдаг юм. Тиймээс ч энэ тэмцэлд ялна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна. Харин нөхцөл байдлыг буруу үнэлээд, асуудлыг өөр тийш нь залах гэж оролдвол байдал өөрөөр эргэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй юу. Бидний зүгээс асар тэвчээртэй, соёлтой, хуулийн хүрээнд хандаж байгаа. Мэдлэг боловсролтой, улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй залуус эгнээнд нэгдэж байна. Эрх баригчид өөрсдийгөө тагнуул, цэрэг цагдааг атгасан гэж боддог. Үгүй юм. Даалгавар биелүүлдэг хэдхэн нөхөд бий. Тагнуул, цагдаад үнэнч шударга, ард түмний хүүхдүүд олон байна. Их хуралдай төлөөлөгчдийн нэрлэсэн 15 олигархийг улсын хилээр гаргахгүй байх талаар Хил хамгаалах газарт, энэ нөхдүүдийг гадаад руу мөнгөн гүйлгээ хийхгүй байхыг шаардсан бичгийг Монголбанкинд өгсөн.
-Та Ерөнхийлөгчийн иргэдтэй хийсэн уулзалтад очиж харагдсан. Ерөнхийлөгчид ямар санал хэлэв?
-УИХ хяналтаа нэгэнт алджээ. Засгийн газраа хянаж дийлэхээ больсон. Нэгэнт ийм байдалд хүрсэн учраас Ерөнхийлөгчид хандаж санал хэлсэн юм. Танд энэ бүхнийг таслан зогсоох боломж байна. Бүрэн эрхийнхээ хүрээнд үүнийг зогсоож чадвал чадна, чадахгүй бол ард түмэн өөрсдөө асуудлаа шийдэхээс аргагүй байдалд хүрнэ гэдгийг сануулсан. Ерөнхийлөгч үүнийг ажил хэрэгчээр тусгаж авсангүй. Шударга байхыг эрхэмлэдэг Ерөнхийлөгч маань өглөө бүр шударга байцгаая гэж хэлдэг гэсэн. Одоо л шударга баймаар байна шүү дээ. Хэлсэн үгэндээ эзэн болохгүй бол Ерөнхийлөгчийг ард түмэн шахаж шаардахаас аргагүйд хүрнэ.
-Та хуучин намдаа үнэнч үлдэж, намынхаа нэрийг бүртгүүлэхээр уйгагүй хөөцөлдөж байна. Их хуралдайн тогтоолд хүртэл орууллаа. Ер нь МАХН гэсэн нэрээ авч чадах нь уу?
-Их хуралдайн тогтоолд МАХН-ын нэрийг өгөхийг шаардсан заалт бий. Эх орон тусгаар тогтнол, шударга ёс хөдөлгөөнд дөрвөн нам, 18 хөдөлгөөн багтдаг. Одоо дэмжигчид нэмэгдээд 35 эвсэл, хөдөлгөөн болж өргөжөөд тавь жаруулаа болсон. МАХН-ын нэрийг бүртгүүлэх нь зөвхөн намын асуудал бус хүний эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, сонголт хийх эрхтэй холбоотой. Энэ эрхийг хязгаарлаад байна. Тэгсэн мөртлөө ардчилсан орон гэх үгийг Ерөнхийлөгчөөс аваад захын хүн ярих дуртай. МАХН-ын нэрийг өгөх асуудал чинь ардчилал монголд байгаа юу, үгүй юу гэдгийн шалгуур. Тэд намын нэрийг өгөхгүй байх бүх арга чаргаа хэрэглэж байгааг мэднэ. Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, цагдаа, хууль хяналтын байгууллагууд гадныхнаас хараат, авлигад идэгдсэн нь эндээс харагдаж байгаа юм.
-Дээд шүүх, Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж, саад учруулж байна гэж хэлж байсан удаа танд бий. Дээд шүүх яаж дарамт үзүүлж байгаа гэж?
-Улсын дээд шүүх Монгол Улсын Үндсэн хуулийг тайлбарлах ганц эрх бүхий субьект. Гэтэл хуулиа өөрсдөө тайлбарлаж, хэрэглэж чадахгүй болчихож. Хуулиа хэрэглэж чадахгүй байгаа нь Үндсэн хуулийн цэцээс хамаарч байгаа юм шиг өөрөөсөө хөндийрүүлж, хүний гараар могой бариулахыг санаархах хэлбэр. Ийм маягаар цаг хожиж анхаарлыг өөр тийш нь сарниулахыг оролдож байна. Намын нэр өгөхөд саад болж байгаа энэ үйлдэл нь цаагуураа хулгай дээрмээ үргэлжлүүлэх санаа. Энэ санааг нь мэдээгүй л гэж бодож байгаа. Харин бид хэдийн мэдчихсэн.
-Та намынхаа буурийг сахиж ганцаараа үлдээд, тэмцлээ эхэлсэн. Энэ тэмцэл ийм хэмжээнд хүрнэ гэж төсөөлөөгүй байх?
-Би нэг зүйлд тууштай явж сурсан хүн. Анх сургуулиа төгсөөд цахилгаан станцад инженерийн туслахаас эхлээд ажилласан. Цахилгаан станцын нэг онцлог бол 24 цаг тасралтгүй ажиллана. Үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт гурав нэг зэрэг явдаг энэ газарт хариуцлагагүй ажиллана гэсэн ойлголт байхгүй. Энэ чанараараа хүнээс юм нэхдэг зантай. Гэтэл энэ улстөрд тийм ойлголт байдаггүй юм байна. Харин хэн худлаа ярьж, хэн сайн бялдуучилна тэр хүн дээшээ гардаг гажиг зарчим үйлчилдэг. Улс төр ийм байх ёсгүй. Хариуцлага тооцох чадваргүй, бие биеэсээ айдаг, аялдан дагалддаг улстөрчид улс орныг яаж зөв удирдах юм бэ.
-Улсын хэмжээнд яриад л байдаг. Дорнод аймгийнхан таныг хэр дэмжиж байна?
-Би Дорнод аймгийн цахилгаан станцад арав гаруй жил, уурхайд таван жил удирдах ажил хийсэн хүн. Намайг хэн бэ гэдгийг дорнодчууд мэднэ. Дорнод аймагт яагаад эрчим хүч, нүүрс хямд байдаг вэ. Миний хийж байсан ажилтай холбоотой. Тийм ч учраас надад Дорнодын ард түмэн итгэдэг. Тийм ч учраас би өнгөрсөн сонгуульд олонхийн саналаар энэ аймгаас сонгогдсон хүн.
-Улс төрд шударга, хариуцлагатай байх зарчим байхгүй гэлээ. Тэгвэл 2012 оны шударга сонгууль болох уу?
-МАХН-ын нэрний асуудал намын нэрний асуудлаасаа халиад гарчихлаа. Монгол Улсад ардчилал, хүний эрхиийг дээдлэх асуудал байна уу гэж эргэлзэхэд хүрч байна. МАХН гэх нэрийг өгөхгүй гүрийж болох л байх. Тэгвэл сонгууль явуулж яах юм. Ардчилал байхгүй юм чинь ардчилсан сонгууль гэх ойлголт байж болохгүй биз дээ. Ямар ч сонголтгүй МАНАН гээд л тавьчих хэрэгтэй шүү дээ. Нэгэнт ийм байдалд хүрэх юм бол улс төрөөс гарчих болов уу.
-МАХН-ыг бүртгүүлэх нь сонгуульд өрсөлдөхөд том давуу тал олгох байх. Гайгүй хэдэн суудал авах магадлалтай биз дээ?
-МАХН бол колоничлолоос чөлөөлж, тусгаар тогтнолд хүргэсэн түүхэн нам.
-Бас өөр ч түүх бий?
-500 мянган хүнтэй, 700 гаруй сүм хийдтэй, ядуу, боловсролгүй, эрүүл мэндийн хувьд хүнд улс нийгмийг хүлээж аваад өөрчилж чадсан гавьяатай. 120 жилд хийх ажлыг 70 жилд хийсэн гэдэг. Гэтэл сүүлийн 20 жилд бүтээсэн бүхнийг нь үгүй хийж, бүр сүүлдээ нэрийг нь устгахаар санаархаж байна. Улс төрийн намуудын дундаас брэнд болсон нам бол МАХН. Хоёрхон жилийн өмнө зууны манлай нам гээд хашхирч явсан нөхдүүд МАХН гэх нэрнээс яагаад айгаад байгаа юм бэ. Бид Монгол Улсын түүхтэй холбоотой намыг устгах ёсгүй гэдэг байр сууринаас асуудалд хандаж байгаа юм. Маргаашийн сонгуулийн төлөө биш. Бид ганцхан жилийн дараа болох сонгуульд хэдэн суудал авахын төлөө улс төр хийгээгүй.
-Тэмцлийг манлайлж байгаа хүний нэг нь та. Нам, хөдөлгөөн, эвслийн өөр өөрийн зорилготой хүмүүсийг нэгтгэж, зангидах амаргүй байна уу?
-Эх орон тусгаар тогтнолоо хамгаалах нэг зорилгын төлөө энэ хөдөлгөөнүүд нэгдсэн. Тэдний дунд амлалт нэхэх, гол усаа хамгаалах, газар шороогоо хамгаалах гээд зорилгууд бий. Энэ бүхнийг багцлаад тэмцлээ хийж, нэгдэж чадаж байна. зарим нэг зүйл дээр санал зөрөлдөх асуудал гаралгүй яах вэ. Ард түмний дуу хоолой болж тэмцэж байгаагийн хувьд бид гэмт хэрэг үйлдэхгүй ээ. Хамгийн соёлтой аргаар тэмцэнэ.
-Хөдөлгөөнийхөн болж бүтэхгүй байгаа зүйлийг ярьж байна. Гэхдээ энэ бүхний цаана Н.Энхбаярын улс төр байгаа. Таныг ч бас Н.Энхбаярын хүн гэх юм?
-Энэ бол өнгөрсөн хорин жилд ардчилал жинхэнэ утгаараа хөгжөөгүйн гай юм л даа. Намайг Н.Энхбаярын хүн гэж ярьж л байгаа бол монголд ардчилал байгаагүй гэсэн үг. Үнэхээрийн ардчилал байсан бол тэрний хүн, түүний хүн гэсэн яриа байх ёсгүй. Н.Энхбаяр гэж хүн бидэнтэй нэг зорилгын төлөө нэгдсэн. Энэ хүнийг эх орноосоо урвасан гэж сонсоогүй. Тийм учраас эх орныхоо төлөө явж чадах сэтгэлтэй хүн гэж ойлгож яваа. Намайг Н.Энхбаярын хүн гэж байгаа бол С.Баяр Канадын компанийн төлөөлөгч, С.Батболд ч бас нэг гадаадын хүний төлөөлөгч. Намайг Н.Энхбаярын хүн гэж хэлснээрээ өөрсдийгөө гадныхнын гар хөл гэдгээ барьж өгөөд байгаа байхгүй юу.
-Таныг эрхэм гишүүдээс дэмжих хүн байна уу?
-Энэ 76 гишүүн дотор эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэд өөр өөрсдийнхөө аргаар тэмцэж байгаа болов уу. Бидний галт тэрэг нэгэнт хөдөлсөн учраас дэмжигчдийн тоо нэмэгдэх болно. Төрийн эрх мэдэл ард түмний талд, хүч дандаа үнэний талд байдаг. Үнэн, шударга ёс нийлээд ялалтад хүргэнэ. Хүн бүрийн тэмцлийн арга хэлбэр өөр. Шударга гишүүдтэй цаашид нэгдэх болно. Цөөн хэдэн хүн л хууль бус ажиллагаа явуулж, эх орноо худалдаж байгаа.
-Тэгэхээр ганцаардаагүй л юм байна, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Намайг дэмжих гишүүд цөөнгүй бий.
-Эрхэм гишүүд маань сонгуулийн хуульдаа анхаарлаа хандуулаад тогтоол хэрэгжүүлэх тухай бодох ч завгүй байх шиг?
-2012 онд хулгайч, эх орноосоо урвагсад, эх орноо худалдагсад сонгууль хийнэ гэдгийг би ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Ийм сонгууль хийх хэрэг байна уу. Энэ бирдүүд яагаад ханаж цадахгүй байгаа юм бэ.
-Таны тэмцэл олон хүний дүргүйцлийг хүргэж байгаа байх. Эрсдэл хүлээж байж болох юм?
-Шударга үнэний төлөө явах зайлшгүй цаг үе Монгол Улс орших, эс орших цаг үед ирчихээд байна. Ийм үед хар амиа бодож болохгүй биз дээ. Яах вэ, эрсдлийн тухай хүмүүс анхааруулах нь бий. Гэвч энэ бүхнийг хараад гараа хумхиад сууж болохгүй.
-Үндэсний телевиз олон нийтийн үүргээ биелүүлээгүй гээд байгаа. Та бүхний ойрын хугацаанд хийх ажлын нэг нь тус телевизийн удирдлагуудад хариуцлага тооцуулах, мөн үү?
-Бид тогтоолоо хүргүүлсэн. Хэтэрхий доромжилсон хариу өгсөн.
-Хэтэрхий доромжилсон гэдэг нь...?
-Бид нарын явуулж байгаа үйл ажиллагаа зөв. Бүх ард түмний их хуралдайн төлөөлөгчдийн үгийг сонсох албагүй гэх утга бүхий хариулт өгсөн. Өөрөөр хэлбэл олон нийтийн статусаасаа ухарсан, олигархуудаас хараат гэдгээ илчилсэн хэрэг. Тиймээс хоёр даргыг нь огцруулахаа мэдэгдсэн. Асуудлыг хэрхэн шийдэхийг хүлээж байна. Урьдчилж анхааруулаад байхад болохгүй бол өөр арга хэрэглэхээс аргагүй.
-Цагдаагийнхан таныг “Хүн шиг бай” гэсэн. Та тэднийг залхаагаад байгаа юм биш үү?
-Авлигад идэгдсэн цагдаагийн шаардлагыг биелүүлэх үү, үгүй юу гэдэг асуудлыг бид яриагүй байна. Энэ бол монголын цагдаагийн нийтлэг дүр төрх биш. Цөөн хэдэн хүний гар хөлүүд л явж байгаа. Төрийн хувцас өмсчихөөд хүний эрх зөрчиж болохгүй биз дээ. Шөнө дөлөөр хүнийг дуудаж, албан шаардлагаар гарын үсэг зуруулах гэсэн нь хууль ёсны үйлдэл юм уу. Би энэ тэмцэлд ил гарч оролцсондоо баяртай байгаа.
-Гэхдээ цагдаагийнхан талбайд гэр бариулахгүй байх зорилгоо биелүүлсэн шүү дээ?
-Талбай дээр гэр барих нь том асуудал биш. Харин бид олон хүний толгойд гэр барьчихсан байна. Ард олны толгойд, зүрх сэтгэлд барьсан гэрийг олж харах чадваргүй, олон хүн мориндоо мордоод довтолгож явааг мэдрэхгүй хүмүүстэй юу ярих билээ. Механик үйлдэл хийхдээ гол нь биш. Бид хэдийнээ монгол хүний сэтгэлд монгол гэрээ барьчихсан.
No comments:
Post a Comment