2011/04/13

Компанийн гэрчилгээг 600-800 мянган төгрөгөөр авна

Компанийн гэрчилгээг 600-800 мянган төгрөгөөр авна
-"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг аж ахуй нэгжүүдэд нэрлэсэн үнээр тараах сургаар компани байгуулах, худалдаж авах хүний тоо огцом өсөв-

"Компани худалдаж авна", "Аж ахуй нэгжийн гэрчилгээ авахад зуучилна". Ийм зар сонин, телевиз, радиогоор байнга явах боллоо. Хуулийн этгээдийн бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт шинээр компани байгуулах, шилжүүлэх, нэгдэж хоршоолол босгох, ажил нь зогсоод удаж байгаа аж ахуй нэгжээ сэргээх зорилготой хүмүүс хөл тавих зайгүй хөлхөлдөнө.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн 15 тэрбум хувьцааны 10 хувийг аж ахуй нэгжүүдэд нэрлэсэн үнээр өгөх сургаар компанийн гэрчилээ олгодог Хуулийн этгээдийн газраас иргэдийн хөл татрахаа байжээ. Үндэсний компаниудад очих хувьцааны 10 хувийг урьдчилсан байдлаар нэг байгууллагад 28 мянган ширхэг ногдоно гэж тогтоогоод буй.

"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны бараагаар балгас болсон хөдөөгийн хоршоод, шашин хиидийн газрууд цоож цуургаа онгойлгож, цонх таазаа янзалж, амь орж эхэлж байгааг нутгийн иргэд хэлсэн. Компани зарна, худалдаж авна гэсэн зарын дагуу заримтай нь холбоо барилаа.

"Компанийн гэрчилгээ их хэмжээгээр худалдаж авна. Утас: 881578..."

-Сайн байна уу. Зарын дагуу ярьж байна?
-Худалдаж авах компаниудын тоо гүйцсэн. Нэлээд хэдийг авчихсан. Одоо авахгүй.

-Уучлаарай, нэг компанийг хэдээр үнэлж авсан бэ?
-700-800 мянган төгрөг. Гэхдээ зөвхөн компанийн гэрчилгээг авч байгаа шүү дээ.

-Компанийн ажлын байр, тоног төхөөрөмжийг худалдаж авахгүй юм уу?
-Авахгүй ээ. Бидэнд гэрчилгээ, эрх нь хэрэгтэй байгаа юм.

-Олон компанийн гэрчилгээ худалдаж авсан гэлээ. Танайх корпораци юмуу?
-Тийм нэлээд том газар.

"Компани худалдаж авна. Утас: 960081..."

-Сайн байна уу. Зар мэдээллийн дагуу ярьж байна?
-Аан за, чи хэдээр зарах саналтай байна.

-Би компаниа тоног төхөөрөмж, ажлын байртай нь цуг зарах гэсэн юм. Бүгдийг нь 80 саяд тохирох санаатай?
-Би зөвхөн компанийн гэрчилгээ авна. Тоног төхөөрөмж авахгүй.

-Тухайн компани ямар чиглэлээр ажиллах нь хамаагүй юу. Гэрчилгээг тэгээд хэдээр авах вэ?
-Гадуур 600-800 мянган төгрөгийн ханштай байгаа юм билээ. Татвар, гаалийн газар өргүй бол 700 мянгаар авна. Мөн компанийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлснээс өмнөх хугацаанд үүссэн асуудлыг чи өөрөө хариуцна гээд гэрээ байгуулж болно шүү дээ. Гэрээ хийснээс хойш бид өөрсдөө асуудлаа шийдээд явах юм.

Коксжих нүүрсний нөөцөөрөө гадаадынхны шуналыг хөдөлгөж байгаа "Тавантолгой"-н хувьцаа дотооддоо эрэлттэй болж эхлэх нь энэ. Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын үүдэнд хүмүүс урт дараалал үүсгэсэн байлаа. Шинээр компани байгуулах, аль хэзээний үүдээ барьж, тамга тэмдэг төдий л болсон байгууллагаа сэргээх гэсэн иргэд олон байв.

Мөн шинээр компанийн нэр авах гэсэн хүмүүстэй холбоо тогтоож, өмнөөс нь дараалалд зогсч, бичиг цаас бүрдүүлэн, гарын үсэг зууруулж, аж ахуйн нэгжийн гэрчилгээ гаргуулж өгөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагын ажилчид энэ тэрүүгээр ажлаа сурталчилна. Тэдний нэгтэй ярилцлаа.

"Nomu press" компанийн менежер А.Энхжаргал: Өдөрт 10 гаруй компанийн гэрчилгээний захиалга авч байна

-Танай байгууллага ямар үйлчилгээ үзүүлдэг юм?
-Та "Эрдэнэс Тавантолгой"-гоос аж ахуй нэгжүүдэд олгох хувьцаанд багтах гэж байгаа юм уу. Хуучин байгууллагаа сэргээх гэж байна уу эсвэл шинээр компанийн нэр авах юм уу. Компани байгуулах гэж байгаа бол манайд хандаж болно. Хүмүүст компанийн гэрчилгээ, тамга тэмдэг авах, данс нээлгэх, нэр авахад дараалалд зогсох, хязгаарлагдмал хариуцлагтай компанид бүртгүүлэхэд хэрэгтэй мэдээллээр хангах зэрэг ажил хийдэг.

-Компанийн гэрчилгээ хэдэн өдрийн дараа бэлэн болох вэ?
-Бид олуулаа ажилладаг болохоор тал талд гүйж шуурхай гаргаж өгдөг юм. 2-3 хоногийн дараа бэлэн болчихно.

-Үйлчилгээний төлбөр хэдэн төгрөг байх вэ?
-Нэг компанийн гэрчилгээг 120 мянган төгрөгөөр гаргуулж өгнө. Үүнд тамга, гэрчилгээний үнэ орно.

-Танайх өдөрт хэчнээн хүний гэрчилгээ гаргуулж өгч байгаа вэ?
-Сүүлийн үед өдөрт 10 гаруй компанийн гэрчилгээ гаргуулах захиалга авч байна. "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаа аж ахуйн нэгжүүдэд өгөх сургаар үйлчлүүлэх хүний тоо өссөн. Хуулийн этгээдийн бүртгэлийн газар өдөрт 90 гаруй хүний өргөдөл хүлээж авч байна.

Том ордоос хувь хишиг хүртэх гэсэн хүмүүс Хөрөнгийн бирж, брокер дилерийн компани, Эд хөрөнгийн бүртгэл, Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас салахаа байлаа. Одоогоор хувьцаа авах эрхтэй 53 мянган аж ахуй нэгж байгаа аж. Үүний 65 хувийн жилийн борлуулалтын орлого 10 сая төгрөгт хүрдэггүй байна.

Энгийн ба Давуу

Энгийн ба Давуу
Монголын эрдэс баялаг нь ард түмний өмч хөрөнгө бөгөөд үр шим нь нийт иргэдэд хүрэх учиртай. Манай улс газрын доорх баялгаараа дэлхийд тэргүүлэх орнуудын нэг боллоо. Зөвхөн алт, зэс, нүүрсээ ухан, урд хөршдөө уралдан нийлүүлснээр тодорхой компаниуд асар их орлого олж байна. Тэдний олборлолт ирэх жилүүдэд геометрийн прогрессээр өсөх төлөвтэй. Мөн мөнгө, төмөр, цайр, газрын ховор элемент зэрэг олон эрдэс баялагуудын болон газрын тосны нөөц улам бүр өсөж, шинэчлэгдэн тогтоогдсоор байна.

Байгалийн арвин их баялгийг зөвхөн хэсэг хүмүүсийн биш, харин бүх иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд ашиглах ёстой. Эс тэгвэл улс оронд баян ядуугийн ялгаа улам ихсэж, орлогоороо нийгэм ялгаран холдож, нийгмийн зөрчил нэмэгдэхийн хэрээр улс төрийн тэмцэл хурцдаж, бослого самуун гарч, хийсэн бүтээсэн бүх баялгаа устгах аюул ирдгийг байгалийн баялаг нь хараал болсон улс орнуудын түүх гэрчилж байна.

Ямар ч гэсэн Монголын төр засаг улсын мэдлийн шинэ компаниудын хувьцааг нийт иргэддээ хувааж өгөх шинэ ажлыг эхлүүлэв. Алаагүй баавгайн арьсыг хувааж байгаа ч ийм хувьцаа өгөх нь төр засгийн эрхийг эвсэлдэн баригч хоёр намаас хүн бүрт 2000 орчим доллар өгөх тухай сүүлийн сонгуулийн үеэр уралдан амласнаа биелүүлсэн болж харагдах алтан боломж, нэг сумаар хоёр туулай буудах санаа.

Гадаадын зарим орнууд байгалийн баялгаа иргэддээ хуваарилах төстэй аргуудыг хэрэглэж ирсэн. Газрын тос арвинтай Булангийн орнууд, Ливи, Боливи, Нигери болон Аляск мужуудад "Нөөцийн ногдол" хэмээх аргыг хэрэглэсэн. Энэ аргыг Монгол Улс агуулгаар нь гүнзгийрүүлэн хэрэглэхээр хичээж байна.

Монголд эхлээд баялгаа компанийн хувьцаа болгож хүн бүртээ хуваарилах, дараа нь ногдол ашиг өгөх, ард иргэд нь тэр хувьцаагаа хөрөнгийн зах зээл дээр тодорхой хугацааны дараа чөлөөтэй худалдаж болох шийдвэр нэгэнт гарчээ. Төр засаг одоогоор хувьцааны тоог хэлсэн ч хувьцааны эхний буюу нэрлэсэн үнийг зарлаагүй байна.

Засгийн газар Монгол Улсын стратегийн орд газруудыг "Эрдэнэс Монгол" нэртэй нэгтгэл байгуулан эзэмшүүлэв. Түүний доорх 15 охин компаниудын нэг болох "Тавантолгой Эрдэнэс" компанийн 10 хувийг хүн бүрт 565 энгийн хувьцаа очихоор хуваарилж байна. Энэ бол Монголын улстөрчдийн гуравдугаар сарын гол шоу байлаа. Харин дөрөвдүгээр сарын шоу бол "Эрдэнэс Монгол" компанийн давуу эрхтэй хувьцаа гаргаж, иргэн бүрт нэг хувьцаа өгөөд, үлдсэнийг нь шинээр төрөх хүүхэд бүрт хүргэх ажил байх болно.

Энгийн ба давуу эрхтэй хувьцаа юугаараа ялгаатай вэ? Энгийн хувьцааны эзэн хувьцаагаа зах зээлийн тухайн өдрийн ханшаар худалдах, эсвэл хувьцааны ногдол ашгаа авах замаар л мөнгөжүүлж болно. Бидний төсөөлөн мөрөөдөж байгаа шиг бүх зүйл нааштай өрнөвөл эхний замаар явах нь алтан өндөг гаргадаг галуугаа тав гурван өндгөөр солино гэсэн үг. Харин дараагийн замаар бол жил бүр алтан өндөг авна гэсэн үг. Гэхдээ галуу өндөглөх буюу ногдол ашиг хуваарилах хугацааны хувьд зай ч байна, лай ч байна. Бүр олон жилийн дараа тухайн компани үйл "ажиллагааны бүх зардал, түүний дотор авсан зээлийн зардал, ашгийн татварын төлбөрөө хаагаад, үлдсэн мөнгөнөөс хувьцааны ногдол ашиг хуваарилдаг. Ашигтай гарсан ч ногдол ашиг заавал хуваарилах албагүй. Үйл ажиллагаагаа өргөтгөн нэмж, хөрөнгө оруулалт хийгээд байвал хуваарилах ашиггүй гараад л байна. Тийм учраас тухайн компанийн Удирдах зөвлөлд хувьцаа эзэмшигчид бодит төлөөллөө байлгахыг эрмэлздэг. Засгийн газар үүнийг мэдэж байгаа учраас иргэдэд хувьцаагаа шууд зарвал мөнгөтэй болно гэдгийг сануулсаар байна. Иргэд хувьцаагаа зарсан тохиолдолд мөнгөтэй нь аваад, ядуучууд нь нэг удаа хооллоод л ядуу хэвээрээ үлдэнэ.

Харин давуу эрхтэй хувьцаа нь энгийн хувьцаа шиг шийдвэр гаргахад нь оролцох эрхгүй. Жил бүр тодорхой хэмжээний тогтоосон ногдол авах ёстой учир давуу эрхтэй хувьцааг өрийн бичиг буюу бондтой адилтгаж үздэг. Бонд эзэмшигчид тухайн компани ашигтай, ашиггүйгээс үл хамаарч, жил бүр тодорхой төлбөр (купон) авдаг. Бас нэг давуу тал нь тухайн компани дампуурсан тохиолдолд бүх хөрөнгийг нь зараад, орлогыг нь хуваах дараалалд энгийн хувьцааны өмнө оруулдаг учир давуу эрхтэй гэдэг.

"Эрдэнэс Монгол" компани 100.000 ширхэг энгийн хувьцаа, 3.000.000 давуу эрхтэй хувьцаа гаргах гэнэ. Энгийн хувьцаагаараа мөнгө олно. Харин гурван сая давуу эрхтэй хувьцаанд мөнгийг ногдол ашиг хэлбэрээр олгоно гэсэн үг.

Аль ч хувьцааны хувьд тухайн компани хувьцаа нэмж гаргаад түрүүчийн хувьцаа эзэмшигчдийн хувьцааны үнэ цэнийг шингэлж болдог. Шинээр хувьцаа гаргах, эсэх тухай төр засаг дуугарахгүй байгаа нь үүнийг үгүйсгэхгүй байгаа хэрэг.

Тэмдэглэх ёстой өөр нэг зүйл бол компанийн хувьцааг мөнгө босгох гэж гаргадаг болохоос Монгол шиг мөнгө өгөх гэж гаргадаггүй. Манай энэ хуваарилалт тухайн компанийн засаглал дотор олон талын компаниудын гүйцэтгэх удирдлага өөрсдийн үйлдлийн төлөө онцгой хариуцлага хүлээдэг, тэдний үйл ажиллагааг ил тод байлгах шаардлагатай.

Ямар ч гэсэн хувьцааг үнэгүй авсан Монголчууд үнэтэй авсан хөрөнгө оруулагчтай өрсөлдөн хувьцаагаа өгч, авалцах нь хувьцааны үнийг харьцангуй багасгах болно. Монголын аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг нэрлэсэн үнээр зарахын оронд ард иргэддээ нэмж өгөх нь баялгийн хуваарилалт талаасаа илүү оновчтой болох бөгөөд хоёрдогч зах зээлийн хувьцааны үнийг өсгөхөд ч тустай юм.

Өнөөгийн Монголын газар доорх баялгийн үр шимийг тодорхой хэсэг хүмүүс эдэлж, харин нийт иргэд нь учраа олохгүй гайхан харж, өөрийн орон зайгаа олохыг идэвхтэй хайж байна. Газрын доорх баялгийг олборлох, боловсруулах үйл явцад ажлын байр бий болж, иргэдийн амьдралд мэдэгдэхүйц нөлөөлж, улс орны дэд бүтцийн чанарт өөрчлөлт хурдан гарахгүй бол баялаг маань ерөөл л лав болохгүй бөгөөд харин ч ноцтой үр дагавар гарах болно.

2011/04/12

Тавантолгойн ордын талаар ярилцаж байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг одоо Засгийн газрын гишүүдтэй Тавантолгойн ордын талаар санал солилцож байна. Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотойгоор өнгөрсөн оны тавдугаар сарын 18-нд Үндэсний аюулгүйн байдлын зөвлөл хуралдаж,  Засгийн газарт тодорхой чиглэлүүдийг өгсөн юм байна. Энэ хүрээнд ажил хийгдэж чадаж байна уу, зарим ажил юунаас болж  саатаад байна вэ гэдэгт Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүд, “Эрдэнэс МГЛ” компанийн захирал, Төрийн өмчийн хорооны дарга нарыг “байцааж” буй юм.

Хуралдааны эхэнд Ерөнхийлөгч Тавантолгойн ордод олборлолт явуулахаар өрсөлдөж байгаа гадаадын консерциумуудын сонгон шалгаруулалтын байдалтай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаныхан яагаад танилцаж болдоггүй. Мөн тус албаны  шинжээчдийн хэлж буйгаар Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ” компани дээр байгаа бичиг баримтуудтай яагаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч очоод танилцаж болохгүй, дандаа нууцын зэрэглэлд хамаарах болсон шалтгаан. Гадаадын компаниудтай сайд нар янз бүрийн явцуу юм ярьж байна гэх юм. Төрийн зүгээс мэдэх юм аа мэдэж анхаарч байна. Хууль бус зүйл гаргуулахгүй байх тал дээр Засгийн газар хэр анхаарч байна вэ гэдэгт хариулт өгөхийг хүссэн юм. Мөн нэг иргэнд яагаад 536 ширхэг хувьцаа ногдуулсан, 1072 ширхэг хувьцаа байж болоогүй юм уу. Засгийн газраас сүүлийн үед гаргаж байгаа тоотой холбоотой шийдвэрүүд нь бутархай тоогоор гарах боллоо. Үүнд тодорхой хариулт өг гэв.

Дээрх асуултад Тэргүүн Шадар сайд хариулт өгсөн юм. Тэрбээр “2010 оны тавдугаар сарын 18-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад Тавантолгойн ордыг яаж ашиглавал өгөөжтэй, үндэсний аюулгүй байалд нийцэх вэ гэдэг талаар зөвлөмж гаргасан. Зөвлөмжийн дагуу УИХ асуудлыг авч хэлэлцээд 2010 оны долдугаар сарын 7-нд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай гэсэн тогтоол баталсан. Өнөөдрийг хүртэл УИХ-аас баталсан тогтоолын дагуу Засгийн газар ажиллаж байна.

Тавантолгойн хувьцаа яагаад 536 ширхэг байна вэ гэвэл 2011 оны гуравдугаар сарын 31-нээр тасалбар болгоод Моногл Улсад бүртгэлтэй иргэнийнхээ тоог гаргаж, 1.5 тэрбум ширхэг хувьцаандаа хуваахад гарсан тоо. Харин 15 тэрбум хувьцааны тухайд Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэд, хэдэн хэлэлцэж байж тогтсон. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн 1072 ширхэг хувьцааг иргэддээ өгье гэвэл хэдээр ч тогтоож болох тоо. Гэхдээ 1072 хувьцаа  өгвөл ханш нь өнөөдрийн үнэ цэнээс хоёр дахин хямд болно. Тийм учраас нэг тоо тогтох ёстой байсан. Тэр тоо нь 15 тэрбум юм гэлээ.

”Эрдэнэс МГЛ”-ын захирлыг шахамдуулав

Иргэд Тавантолгойн хувьцаагаа яаж авах билээ гэж биеэ биеэсээ сураглаж байна уу гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл Тавантолгойн олон асуудлаар ямар ч мэдээлэлгүй сууж байгаа юм байна. Түүний өөрийнх нь хэлснээр бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт нь хүртэл мэдээлэлтэй танил­цах гэхээр “Маш нууц” гэсэн тамгатай тулгардаг гэнэ. Тиймээс өчигдөр Мон­гол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тавантолгойн “толгой”-нуудыг дуудаж уулзан байцаав. Өөрөөр хэлбэл, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Төрийн өм­чийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэс МГЛ” компанийн захирал бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Энэбиш болон албаны бусад хүмүүс байцаагдаж, УИХ-ын гишүүн Б.Батбаяр Н.Батбаяр, З.Энхболд, Д.Зоригт, Ерөнхий сайд асан Д.Содном гуай, Гавьяат уурхайчин Б.Хурц, иргэдийн “Альяанс” төвийн тэргүүн Ж.Занаа, эдийн засагч Н.Дашзэгвэ, “Соёмбо” хөдөлгөөний тэргүүн Ч.Лхаг­важав нар санал бодлоо хэлж амжив.

Ерөнхийлөгч яагаад ир­гэн бүрт 536 хувьцаагаа олгох болчихов, хүсвэл нэмж хувьцаа худалдаж авч болох уу гэх зэрэг үй түмэн асуух асуулттай, бидний адил гайхаж яваа юм байна. Басхүү хүмүүсийн толгойг эргүүлээд байдаг Баруун, зүүн Цанхи, хөрөнгө оруулагч, оператори компанийн тендер, эрчим хүч, усны хангамж гээд цаашилбал, Тавантолгойн аливаа асуудлыг компанийнх нь Төлөөлөн удирдах зөвлөл шийдэж байна уу, эсвэл Засгийн газар өмнүүр нь орж гүйгээд байдаг юм уу гэж гайхширч байгаагаа асууж, одоо ер нь ямар ажил нь ядахдаа “эмхрэх” шатандаа явааг танилцуулахыг шавдуулан шаардав.  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга “Миний хариуцсан асуудал биш л дээ” гэж тайлбарлах гээд Ерөнхийлөгчийн эгдүүг хөдөлгөн, ширүүхэн үг сонсч, “Эрдэнэс МГЛ”-ын захирал “Чадахгүй бол ажлаа өгөх өргөдлөө өгөөрэй” гэсэн сануулгыг гурвантаа хүртэж амжив.

Ерөн­хийлөгчийн танин мэ­­­­­­­дэ­хүй асуулт үү­гээр хязгаарлагдаагүй нь ерөнхийдөө бол ажлын хэсгийнхнийг алсуур түншин байцаах тактик байсан бололтой. Дээрх танин мэдэхүйн асуултаараа жирийн иргэд бүү хэл, Ерөнхийлөгчид ч Тавантолгойн талаар тоймтой мэдээлэл олдохгүй, мэдлэг муутай байгаа болохоор хувьцааны талаар сургалт явуул гэсэн шахаа хийв. Одоо нүүрсийг ямар үнээр зарж байна, эндээс 20 ам.доллараар зардаг мөртлөө цаашлаад 120 ам.доллар хүрдэг нь ямар учиртай вэ гэсэн асуултынхаа араас нүүрс борлуулах квот олж авах гэж үүгээр түүгээр бултагнадаг, дундаас нь дамлаж, замхруулдаг, бүр Монголын нүүрсийг урд хил гарахад үнийг нь унагаж авдаг бүтэц бий болсон байна гэж анхаарууллаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргад нарийн мэдээлэл ирж байгаа хэрэг биз.

Ерөнхийлөгчийн аливаа асуултад Н.Алтан­­хуяг 2010 оны долдугаар сарын 7-нд гар­гасан УИХ-ын 39 дүгээр тогтоолыг алхам тутамдаа мөрдлөгө болгон ажиллаж байгаагаа илэрхийлж, эгээ л шүлэг шиг цээжилж байгаа дайны л юм болов. Гэвч харамсалтай нь, бараг л сахиус мэт өмнөө бариад байгаа тогтоолынх нь тусгай зөвшөөрлийг бүхэлд нь “Эрдэнэс Тавантолгой” компанид шилжүүлнэ гэсэн заалтыг лав хараахан хэрэгжүүлж амжаагүй байгаа гэнэ. Уг нь лизенцийг төрийн нэг компа­ниас нөгөө рүү шилжүүлэхэд ядах юм байхгүй мэт боловч Б.Энэбиш захирлын хэлснээр үнэлгээ хийлгэхэд зөвлөгөө өгөх гэх мэт ажил байгаа аж. Тэртэй тэргүй үнэтэй ч үнэгүй ч шилжүүлэх боломжтой атал яагаад ингэж он дамнуулан “зөвлөгөө авч байгаа”-г сэтгүүлчид лав ойлгосонгүй. Ерөнхийлөгч бас ойлгоогүй байх аа. Гэхдээ энд нэг хардлага байдгийг эргүүлэн сануулахад аливаа компани уул уурхайн ийм том төсөлд гартаа атгах лицензгүйгээр их хэмжээний хөрөнгө оруулна гэж бараг байж болшгүй зүйл. Тиймээс Баруун Цанхийн ордод хөрөнгө оруулахаар тодруулна гэж хүлээгдээд байгаа хөрөнгө оруулагчид “Эрдэнэс МГЛ” одоо эзэмшиж байгаа таван лицензийнхээ аль нэгийг баталгаа болгон гаргаж өгөхөөс өөр аргагүй гэсэн яриа байдаг. Гэхдээ яг энэ талаар бол Ерөнхийлөгчийн уулзалтын үеэр хөндөгдөөгүй л дээ. Ерөнхий сайд асан Д.Содном “Зөвшөөрөл, талбай гэж хоёр өөр зүйл байгаа мэт яриад байгаа юм. Угтаа уг талбайг ашиглах зөвшөөрөл учир нэг зүйл гэж ойлгох хэрэгтэй” гэж сануулаад өнгөрснийг эс тооцвол. Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүд Баруун Цанхийг гадаадын хөрөнгө оруулагчид өгнө гээд байгаа нь лиценз цулаараа байх ёстой гэдгийг зувчуулах гээд байгаа хэрэг бус уу гэж эргэлзэхэд Б.Энэбиш “Лиценз гэдэг өөр ойлголт. Бид зөвхөн энд талбайн асуудлыг ярьж байгаа” гэж хариулсан хэрэг. Гэхдээ л эрхэм гишүүд анхнаасаа Тавантолгойн хоёр хэсэгт хоёуланд нь оператор компани оруулна гэсэн биз дээ гэж эргэлзэж, эцэс сүүлд нь УИХ-ын гишүүд маань гаргасан тогтоолынхоо хэрэгжилтийн талаар ямар ойлголтой байгаагаа нягтлахыг анхааруулав. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч ойрын хугацаанд Тавантолгойн асуудлыг УИХ дахин нэг авч үзэх нь зүйтэй гэсэн чиглэл өгч байна.
 
Ерөнхийлөгчөөр тууз хайчлуулж чадах болов уу?

Тавантолгойн асуудалд яалт ч үгүй эрчим хүч, усан хангамж, нөөц, төмөр зам дэд бүтэц яригдана. Үүнээс улбаалаад Ерөнхийлөгч олон жил яригдсан ТЭЦ-V хаачсаныг Хэрэг эрхлэх газрын даргаар нь дамжуулаад, Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайдаас нь сайн гэгч нь хоргоож амжив. Станцаа барих газраа гурван жил ярилцаад Улиастайн аманд товлотол газар хөдлөлийн идэвхтэй, хагалбар газар байж таарч. Одоо ТЭЦ-III-ийн хажууд буюу тус станцыг өргөтгөх маягаар хийхээр болж. Гэхдээ нохойн дуу ойрттол бас ч болоогүй бололтой. Дэд сайд дөрөвдүгээр сард багтаагаад урьдчилсан Техник, эдийн засгийн үнэлгээг гаргаж, Засгийн газарт танилцуулна, дараа нь тендер зарлаад, тэгээд ... гэх мэт баахан зүйл гүвтнэв. Ерөнхийлөгч шавдуулсаар “Дөрөвдүгээр сарын 30-нд ТЭЗҮ гаргаад танилцуулах юм бол тендер зарлаад 70 хоног. Ядахдаа наадмын өмнө шавыг тавьж чадах уу” гэж ам асууж, өөрөө шав тавих ёслолд нь очиж, туузыг нь хайчлана гэж “айлгав”. Цаадуул нь итгэлгүйхэн дүлэгнээд байгааг бодоход чадахгүй л золигнууд болов уу. Мань Ерөнхийлөгч “өөрийнхнийхөө” ажлын хурдыг ерөнхийд нь багцаалчихаад тууз хайчилна гэж айлгаад байгаа бололтой юм. Ядаж байхад уулзалтад оролцсон нэгэн бээр “ТЭЦ-Y-ийг Багануурын уурхайгаа түшиглээд барьж болдоггүй юм уу” гэж оройтсон санал хэлэхэд “Одоо энэ байгаа дээр нь л наадхиа барь. Багануур гээд дахиад нэг юм ярихаар дахиад гурван жил болно. Нэг өглөө нэг юм бодож босч ирчихээд л будилуулаад явчихав” гэж занг нь сайн мэддэг хаширсан хүний ёсоор халаглаж суух. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй ээ гэж... Бага зэрэг хадуурсан сэдэв рүүгээ эргээд ороход Тавантолгойн эрчим хүчийг яаж шийдэх вэ гэдэг бас “ээрч дүлэгнэсэн” хэвээрээ. Уг нь борлуулалт муу байх магадлалтай эрчим хүчний нүүрсээ бараадаад Тавантолгойд цахилгаан станц барих жанжин шугам байгаа. Цаашлаад усны нөөц хүрэх үү, үгүй юү гэхээр болбол нь хайгуулаа хийгээд болохгүй бол Оюутолгойн нөөцийг түшиглэх үү гэх маягийн зүйл л шийдэж ядаж байгаа бололтой. Уг нь Ухаа худагт усны нөөц байгаа гэх боловч заавал Оюутолгой гэж зүтгүүлэхийн тухайд “Монгол хүний зарчмын санал болгоны цаана өчүүхэн жижиг нэг сонирхол нуугдаж байдаг” гэсэнтэй ойролцоо сануулгыг дайв. Өөр ашиг сонирхлоо оруулаад асуудлыг битгий будилуулаад бай гэж.

Энд монгол маягийн ажлын онцлогийг илэрхийлсэн бас нэг жишээг татья. Ерөнхийлөгч өөрөө тоо иш татан асууж сураглахыг бодоход тэрбээр нэлээд нарийн мэдээлэлтэй байгаа аж. “Эрдэнэс Тавантолгой” уг нь өнгөрсөн жил ашиглалт олборлолтоо хийгээд улсын төсөвт 13 тэрбум төгрөг тушаах ёстой байсан. Харин Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн бахархалтайгаар хэлснээр өнөөдрийг хүртэл тэд нэг ч кг нүүрс экспортлоогүй байгаа. Олборлолтоо эхэлнэ гэж тооцоолоод банкнаас 22 сая ам.доллар зээлсэн ч олборлолт эхлээгүй учир арав гаруй саяыг нь буцаагаад Сангийн яам руу шилжүүлчихсэн байгаа аж. Уг нь банкнаас авсан хүүтэй зээл баймаар. Харин Б.Энэбиш тушаах ёстой 13 тэрбум төгрөгөө аль хэдийнэ улсын төсөвт, нийлүүлчихсэн гэх. Эргээд л яагаад олборлолтоо эхлүүлдэггүй юм бэ гэхээр УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж, тогтоол гартал ажлаа эхэлж болохгүй ээ гэж өгсөн чиглэлийг баримталж, өөрөөр хэлбэл тогтоол шийдвэрийг нь хүлээсээр олборлолтоо хийж чадаагүй гэх. Эдүгээ он гарсаар хоёр дахь улирлын дундаа орж байтал Тавантолгойд ахисан ажил үгүй, гогцоорсон, сунжирсан асуулт тайлбар үргэлжилсээр. Энэ онд л гэхэд “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлэх ёстой 310.6 тэрбум төгрөгөө та нар яах юм бэ” гэсэн ширүүхэн зандралтад Б.Энэбиш дарга амгалан гэгч нь “Төвлөрүүлнэ ээ” л гэж хариулах. Ийн уулзалт сурлага, ажил муутай, олон хүүхэдтэй  айлын аав шиг Ерөнхийлөгчийн зургаан сарын дараа дахиад л уулзахад энэ мэт бүтэлгүй зүйлээ дахиад яриад сууж байх вий гэсэн халаглал, а нхааруулга заналхийлэлтэйгээр үргэлжилсээр. Ямар ч гэсэн Ерөнхийлөгчийн зөвлөснөөр бол Тавантолгойн асуудлыг УИХ дахин нэг авч үзэх, магадгүй эдгээр нөхдийг Ерөнхийлөгч зургаан сарын дараа дахин нэг цуглуулж уулзах чиглэлтэй л үлдэв бололтой. Дашрамд сануулахад хайгуул, ашиглалтын лизенц олгохыг түр түдгэлзүүлэх Ерөнхийлөгчийн чиглэл энэ дөрөвдүгээр сарын 30-наар дуусгавар болно. Үүнээс өмнө “хэдүүлээ” буюу уул уурхайн салбарынхан, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийнхэн хууль тогтоогчид бүгдээр нэг уулзацгаая гэсэн болзоо тавив.

Шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаагүй иргэдэд хувьцаа олгогдохгүй

Шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаагүй иргэдэд хувьцаа олгогдохгүй
Монголын хөрөнгийн бирж ийм их хөл хөдөлгөөнд дарагдаж байсныг ерөөсөө ч үзэж байсангүй ээ. Өлгийтэй хүүхдээ тэвэрсэн эх, таяг тулсан өвгөд, эмгэд, хаашаа яв гэнэ вэ, одоо үүнийг нь яах юм бол, хаана хандах вэ, таван цаг гаруй дараалалд зогсч байж нэг юм орлоо, хоёрхон хүн ажиллаж байна, ачааллаа дийлэхгүй байгаа юм байна... Энэ мэт үгсийг Хөрөнгийн биржийн хажуугаар явсан хэн бүхэн сонсоно.

Эдгээр хүмүүс тэртээ ардчиллын салхи сэвэлзсэн 1990-ээд оны үед бидний аав, ээжийн картын бараа, ганц нэг шил архины төлөөх дарааллыг санагдуулж байв. Хүмүүсийн бөөгнөрөл юунаас болж буй нь тодорхой. Манай улсын Засгийн газар Тавантолгой гэх газар доорх эрдэнэсийн их сантай болж, түүнээс иргэддээ эцгийн ёсоор хөрөнгө тасалж өгч буй нь энэ. Гэвч хүн бүрт ногдох 536+1 хувьцаа хоёр сая 770 мянга гаруй иргэнийг нь төдийлөн баярлуулахгүй байгааг "Монголын Хөрөнгийн бирж"-ийн хаалгыг сахих иргэдийн яриа батлах шиг.

Учир нь энд ирсэн иргэдийн ихэнх нь хэдэн ширхэг хувьцаа авах, брокер диллер, хувьцаа, бирж гэх мэт үгсийн тухай тодорхой, анхан шатны ойлголтгүй байгаагаа нуугаагүй. Тэд "Юутай ч Засгийн газраас иргэдэд Тавантолгойн хувь хишиг хүртээхээр болсон гэсэн. "1990-ээд оны үед бас л нэг иймэрхүү цагаан, ягаан тасалбар гэж тараагаад үр ашгийг нь ч хүртэж амжаагүй авсан газар нь дампуурч, хувьцааг минь салхинд хийсгэсэн. Түүнийхээ сургийг гаргах л гэж өглөө найман цагтай уралдан ирж энэ байгууллагын хаалгыг сахиж байна" гэж байлаа. 35-аас дээш насныхан ихэвчлэн дараалалд зогсож харагдав.

Эдгээр хүмүүс ийн биржийг зорьсон зорилго нэг ажээ. Тэртээ 20-иод жилийн өмнөх дансаа шалгуулах, хувьцаатай эсэх, хаана ямар брокер дилерийн газраар үйлчлүүлэх, нас барсан эцэг эх, хань, үр хүүхдийнхээ дансыг хэрхэн шалгуулах, сэргээх зэрэг асуудал байгааг ярьж байлаа. Мөн техник технологи хөгжчихөөд байхад хаана л бол хаана дараалалд зогсох, хоцрогдсон байдал арилахгүй байгааг иргэд шүүмжилсэн. Мөн иргэдийн цуваа, дараалал хэтэрч байгааг биржийн олон нийттэй харилцах албаны менежер Ж.Байгалмаа хэллээ. Тэрбээр “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК нь Монгол Улсын иргэн бүрийн нэр дээр "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн 536 ширхэг хувьцааг эзэмшиж буйг баталгаажуулан Үнэт цасны бүртгэлийн ажлыг хийж дууслаа.

Иймээс иргэд http://registration.schcd.mn гэсэн цахим хаягаар орж, регистрийн дугаараа хийгээд хэрэгтэй мэдээллээ харах боломжтой. Ингэснээр манай хаалгыг сахиж олон цаг, урт дараалалд зогсохгүй, онлайнаар өөрийн өмнөх данс, хувьцаатай эсэхээ мэдэх боломжтой юм гэв. Тэрбээр мөн "Хувьцааны асуудал яригдахтай зэрэгцээд л "Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв" иргэдийн хөлд дарагдсан. Долоо хоногт 1000 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлж байна. Брокер, дилерийн компаниуд иргэдийг манай руу явуулаад байгаа нь нэлээд ачаалал нэмж байна. Иргэдэд брокерын компаниа сонгож үйлчлүүлэх эрх нь нээлттэй учир заавал манай төвд ирэх шаардлагагүй. Брокер, дилерийн компаниа сонгоод бүх мэдээллээ тухайн сонгосон компаниасаа авах боломжтой" гэв.

Хувьцаа тойрсон энэ мэт асуудал, асуултууд дуусахгүй нь бололтой. Манай сонины редакцид ирсэн иргэдийн асуултад Төрийн өмчийн хорооны "Удирдлага, хувьчлалын газрын мэргэжилтэн Ч.Чинзоригоос хариулт авлаа. Тэрбээр "Монгол Улс иргэдийнхээ тоог гаргалаа. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн өмчийн хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын хөрөнгийн бирж, гэх мэт мэргэжлийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг хөдөө орон нутаг, нийслэлийн тоог авч тулгалт хийсэн учраас хоёр сая 770 иргэн гэсэн энэ тоо бодит. Тиймээс ямар нэгэн шалтгаанаас болоод шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж чадаагүй иргэдэд хувьцаа олгогдохгүй.

Хараа хяналтгүй, бичиг баримтгүй, гэр оронгүйгээсээ болоод гадуур тэнэдэг тэнэмэл бүлэг иргэд, хүүхдүүд байдаг. Эдгээр иргэд Монгол Улсын иргэн л бол шинэчилсэн бүртгэлдээ бүртгүүлэх хэрэгтэй. Иргэн бүрт энэ хувь хишиг хувьцаа хэлбэрээр хүрэх учраас Иргэний бүртгэл мэдээллийн төв, хороо, дүүргээрээ дамжуулаад бичиг баримтаа бүрдүүлээд шинэчилсэн бүртгэлдээ бүртгүүлэх нь чухал гэдгийг онцлов. Түүнчлэн, жижиг компаниудыг томоохон газрууд ихээр худалдан авч байгаа асуудал яригдах боллоо. Үүнд ямар хяналт шалгалт хийж байгааг лавлахад, "Засгийн газар компаниудад Эрдэнэс Тавантолгой компанийн 10 хувьтай тэнцэх хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдан авах давуу эрх олгож байгаа.

Өөрөөр хэлбэл компаниуд өөрсдөө энэ эрхээ эдлэх хэрэгтэй. Тиймээс хувь хишиг олгогдож буй давуу байдлаа эдлэхийн тулд компаниа зарахгүй байх нь зүйтэй" гэдгийг санууллаа. Харин иргэд ямар брокер, дилерийн компани дээр дансаа нээлгэх нь тухайн хүний эрх. Тиймээс иргэд өөрийн данс нээлгэх брокерын компаниа  сайтар судлах нь зүйтэй юм. Тухайн компани хэдэн жил энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй, хэчнээн иргэдэд үйлчилгээ үзүүлсэн, үйлчилгээний төрөл,  танд хэрхэн мэдээлэл, зөвлөгөө өгч байна, үйл ажиллагааны тасралтгүй байдал, өдөр бүр арилжаанд оролцож байгаа эсэх, жилдээ хэр хэмжээний мөнгөн гүйлгээ хийж байгаа гэх мэт иргэд өөрөөс шалтгаалах судалгаа, үнэлгээг хийж байж хаана данс нээлгэхээ шийдэх хэрэгтэй.

Одоогоор 60 гаруй брокер дилерийн компани 21 аймаг, 300 гаруй суманд хүрч ажиллана гэсэн тоо гарсан" гэлээ. Эрдэнэсийн энэ хувиас иргэд хүртэхийн тулд хоёр төрлийн хувьцаа эзэмших боломжтой гэнэ. Жишээ нь энгийн болон давуу эрхийн хувьцаа гэсэн хоёр төрөлтэй ажээ. Энгийн хувьцаа эзэмшигч нь тухайн компанийг татан буулгах үед эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх, компаниас нэмж хувьцаа гаргасан тохиолдолд түүнд хамаарах үнэт цаасыг эхний ээлжинд худалдан авах, хувьцаагаа буцаан худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй бол давуу эрхийн хувьцааг эзэмшигч нь хувь нийлүүлэгчдийн хуралд санал хэлэх эрхгүй ч тухайн компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсан орлогоос нэн тэргүүнд хувь хүртэх, ногдол ашиг жил бүр авах эрхтэй ажээ.

2011/04/11

“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс экспорт хийхэд бэлэн болжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс экспорт хийхэд бэлэн болжээ
Ерөнхийлөгч Тавантолгойн асуудлаар холбогдох бүх албаны хүнийг цуглуулж мэдээлэл авч байна. Тэрбээр ярихдаа “2011 оны нэгдүгээр сарын 28-наас хойш Тавантолгойтой холбоотой мэдээлэл надад огт ирсэнгүй. Уг нь энэ асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад албан ёсоор мэдээлэл байнга ирж байх ёстой гэж би бодож байна” хэмээн тэрбээр нэлээд цухалдаж буйгаа илэрхийлсэн юм.

Албаны хүмүүсийн мэдээлснээр “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн нүүрс олборлохоор хөрс хуулах ажлаа эхлүүлээд байгаа. Одоогийн байдлаар тодорхой хэмжээний нүүрс экспорт хийхэд бэлэн болсон бөгөөд ингэхийн тулд тодорхой хууль, журмын дагуу заавал гэрээт олборлогчоор дамжуулах шаардлагатай байгаа аж. Гэрээт олборлогч шалгаруулах, стратегийн хамтрагч шалгаруулах зэрэг ажил эцсийн шатандаа явж байгаа бөгөөд энэ ажлыг энэ сардаа багтаан шийдэх аж.

Хамтран ажиллах олон улсын байгуулагаа шалгаруулснаар “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ олон улсын зах зээлд экспорт хийж эхлэх юм. Тус компани Хүний хөгжил санд 310 тэрбум төгрөг энэ жил төвлөрүүлэх ёстой аж.  Энэ үүргээ 2011 ондоо багтаж биелүүлж чадах болов уу гэсэн Ерөнхийлөгчийн асуултад  Л.Энэбиш захирал хариулахдаа “Засгийн газрын өгсөн энэ чиглэлийг бид мөрдөж ажиллана” гэв.

Түүнчлэн, Ерөнхийлөгч Тавантолгойн хувьцааг иргэдэд ямар зарчмаар тараасныг сонирхоход  Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар хариулахдаа “УИХ-аас Тавантолгойн хувьцааг тараах зарчим дээр компаниудыг л заасан. Харин иргэдэд хэрхэн тараахыг тодорхой тогтоогүй. Тиймээс бид хэлэлцээд 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн бүх иргэн энэ хувьцааг эзэмших эрхтэй байхаар тогтоод тухайн өдрийн байдлаар Монгол улсын иргэн хэд байна түүнийгээ хуваагаад нэг иргэнд 536 ширхэг хувьцаа ногдохоор болсон юм” гэлээ.

Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 15 тэрбум хувьцааны 10 хувь болох 1,5 тэрбум хувьцааг энэ сарын 1-нээс өмнө төрсөн хүний тоонд хуваажээ. Хуваасан тоонд зөвхөн иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гэж ялгаагүй байна. Гэхдээ хувьцаа эзэмших эрх шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд нээлттэй болохоороо онцлогтой.

Харин иргэдийг хөрөнгийн зах зээлийн боловсролтой  болгох тал дээр хэрхэн анхаарч байна вэ гэсэн Ерөнхийлөгчийн асуултанд ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “иргэдийг хөрөнгийн зах зээлийн мэдлэг, мэдээлэлтэй болгохын тулд Засгийн газраас Төрийн өмчийн хороо, Хөрөнгийн биржүүдэд тодорхой үүрэг өгсөн байгаа. Сургалттай холбоотой тогтоол 10 гаруй хоногийн өмнө гарсан. Тэгэхээр удахгүй хэрэгжиж эхэлнэ” гэлээ.

Ийнхүү Тавантолгойг тойрсон асуудлаарх Ерөнхийлөгчийн дэргэдэх хэлэлцүүлэг төрийн ордонд яг одоо үргэлжилсээр байна.

Монголын хөрөнгийн биржийн Мэдээлэл олон нийттэй харилцах албаны захирал Т.Хулан: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчид хуралдаа заавал суугаарай

Монголын хөрөнгийн биржийн Мэдээлэл олон нийттэй харилцах албаны захирал Т.Хулан:  “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчид хуралдаа заавал суугаарай
Засгийн газраас өнгөрсөн сарын 31-ний өдрөөр тасалбар болгон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Монгол Улсын иргэн бүрийн нэр дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 536 ширхэг хувьцаа эзэмшиж буйг баталгаажуулсан гэсэн мэдээлэл тарснаас хойш иргэд хувьцааны талаарх мэдээллийг илүүтэй сонирхох боллоо. Тиймээс Монголын хөрөнгийн биржийн Мэдээлэл олон нийттэй харилцах албаны захирал Т.Хулантай хувьцааны талаар ярилцлаа.

-Иргэд хувьцааны талаар ойлголттой болж чадаагүй байна. Тиймээс хувьцааны талаар нарийн ойлголт өгөхгүй юу?
-Хувьцаа гэдэг бол хөрөнгө эзэмших эрхийн баталгаа бөгөөд тухайн компанийн өмчийн тодорхой хувийг эзэмшиж буйг илэрхийлсэн баримт бичиг юм. Хэрэв та А компанийн нийт гаргасан 100 мянган ширхэг хувьцаанаас 10000 ширхгийг эзэмшиж байгаа бол тухайн компанийн нийт хөрөнгийн 10 хувийг эзэмшиж байна гэсэн үг. Хувьцаа дотроо энгийн болон давуу эрхийн гэсэн хоёр төрөлтэй.


-Энгийн хувьцаа эзэмшигчдийн эрхийн талаар тодруулахгүй юу?

-Энгийн хувьцаа эзэмшигч нь хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй. Давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсний дараагаар хувь нийлүүлэгчдийн хурлаас тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авна. Компанийг татан буулгах үед компанийн хуулийн 28 дугаар зүйлд тогтоосон журмын дагуу үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх ёстой.

Энгийн хувьцаа эзэмшигч нь компанийн хуулийн 39 дүгээр зүйл болон дүрэмд заасны дагуу компаниас нэмж гаргах хувьцаа, түүнд хамаарах үнэт цаасыг тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй. Компанийн хуулийн 54.2 дугаар зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг компанид шаардах, хуулиар зөвшөөрөгдсөн бичиг баримттай танилцах, удирдлагад нэрээ дэвшүүлэх, хувьцаагаа бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх эрх нь энгийн хувьцаа эзэмшигчид нээлттэй байдаг.

-Давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн онцлог нь юу юм бэ?
-Ийм эрхтэй хүн эрх бүхий байгууллагаас тогтоосон давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг тэргүүн ээлжинд авах. Компанийн хууль, дүрэм болон тухайн төрлийн давуу эрхийн хувьцаа гаргах шийдвэрт заасан асуудлаар хувь нийлүүлэгчдийн хуралд саналын эрхтэй оролцдог. Компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсан орлогоос хуримтлагдсан ногдол ашиг болон эзэмшиж байгаа хувьцааны татан буулгалтын үнийг авахыг давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн эрх гэнэ.

-Иргэд хэрхэн хувьцаа эзэмших юм бэ?
-Хувьцаа эзэмшихийн тулд Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд хувийн данстай нээлгэх хэрэгтэй. Хэрэв та хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьцаа худалдан авч эзэмшсэн бол өөрийн анх бүртгүүлсэн брокер дилерийн компанид хандаж дансаа нээлгээрэй. Хэрэв та шинээр данс нээлгэх бол Монголын хөрөнгийн биржийн гишүүн брокер дилерийн компаниудаас өөрийн сонголтоо хийж болно. Дансны хураамж, арилжааны гүйлгээний шимтгэлийн хувь, үйлчилгээний төрөл, байршил, холбоо харилцаа, үйл ажиллагааны тасралтгүй байдал зэргийг иргэд сайтар судалж мэдэж авсан байх ёстой.

-Данс нээлгэхэд ямар баримт, бичиг бүрдүүлэх вэ?
-Та брокер дилерийн компанид данс нээлгэхийн тулд иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтаа авчрах шаардлагатай. Данс нээлгэж тэр дансандаа хөрөнгө байршуулснаар та үнэт цаасны арилжаанд оролцох эрхтэй боллоо гэсэн үг.

-Хувьцаа худалдаж авахдаа анхаарах зүйл байна уу?
-Байна. Та үнэт цаасны зах зээлийн ханшийн талаарх мэдээлэл, компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, ногдол ашиг тарааж байсан эсэх, захиалга биелэх хугацаа, удирдлагын менежмент, салбартаа эзлэх зах зээлийн байр суурь зэргийг харилцагч брокер дилерийн компаниас заавал лавлах хэрэгтэй.

Хэрэв та хувьцаа худалдан авахаар шийдсэн бол өөрийн сонгосон брокер дилерийн компанитай худалдах, худалдан авах захиалгын гэрээг хоёр хувь үйлдэх ба нэг хувь нь танд үлдэнэ. Энэ гэрээ нь харилцагч болон брокер дилерийн компанийн хооронд ямар нэг маргаан гарсан тохиолдолд шийдвэрлэхэд чухал баримт бичиг болдог юм.

-Мэдээж хувьцаа авч байгаа хүн үр өгөөжийг нь харж таарна. Үүний зэрэгцээ бас эрсдэл гарах уу?
-Хэрэв таны худалдан авсан хувьцааны ханш өсвөл үнийн өсөлтийн зөрүүгээс ашиг олох боломжтой. Харин ханш буурвал алдагдал хүлээх болно. Энэ нь хувьцааны хөрөнгө оруулалт өндөр өгөөж буюу ашиг авчрахаас гадна эрсдэлийг дагуулдаг гэсэн үг юм. Иймд сонголтоо зөв хийгээрэй.

-Танай хөрөнгийн биржид бүртгэлтэй брокер дилерийн хэдэн компани үйл ажиллагаа явуулж байгаа бол?
-Өнөөдрийн байдлаар биржид бүртгэлтэй брокер дилерийн 47 компани үйл ажиллагаа явуулж байна. Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn цахим хуудаснаас хувьцаатай холбоотой мэдээллийг авах боломжтой.

2011/04/08

“Компани худалдаж авна, утас: ….”

“Компани худалдаж авна, утас: ….”
Иймэрхүү утга агуулга бүхий зар сүүлийн үед хэвлэлийн хуудаснаа дурайх нь их болжээ. Тухайн компанийн ажилласан хугацаа хэдий чинээ их байна төдий чинээ өндөр үнээр авч байгаа гэнэ. Энэ нь сэргэлэн бизнесмэнүүдийн санаачилга бололтой. Өөрөөр хэлбэл, олон жил болсон компанийг өөрийн нэр дээр болгосноор “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг илүү олноор худалдан авах боломжоо нэмэгдүүлж байгаа хэрэг.

Засгийн газраас шийдвэр гаргахдаа 2010 оны зургадугаар сарын 1-нээс өмнө улсад бүртгэгдсэн, татвараа төлдөг аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 10 хувийг арилжихаар болсон. Нэг аж ахуйн нэгжид ойролцоогоор 28 мянга орчим нэгж хувьцаа оногдож байгаа. Хувьцааны нэрлэсэн ханш 300-1000 төгрөг байна хэмээн ТӨХ-ны дарга мэдэгдсэн.

Гэхдээ энэ үнэ цаашид улам өсөх нь дамжиггүй юм. Ялангуяа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр гарсны дараа жинхэнэ бодит үнэлгээ нь тодорхой болно гэж Засгийн газрын албаны эх сурвалжууд мэдэгдэж байгаа. Харин нөгөө талд бизнесмэнүүд өндөр өсөлттэй хувьцааг худалдан авах боломжийг алдахыг хүсэхгүй нь мэдээж.

Тийм ч учраас аль болох нэр дээрээ олон компани бүртгүүлж, ахиуханыг худалдан авахаар зэхэж буй гэнэ. Бүр нэг компанийн доод үнэлгээ 500 мянган төгрөг гэнэ шүү. Мэдээж, компаниа зарж байгаа нөхдүүд ашиг орлого багатай, эсвэл бүр дампуурлын ирмэг дээр ирсэн эзэд байж таарна. Тийм компани улсад татвар төлсөн байх нь ховор шүү дээ. Тэгвэл компани худалдан авагч эзэд тус компанийн татварын өрийг ар өврийн хаалгаараа дамжуулаад хөнгөхөн дарчихдаг гэнэ.

Тэгээд компанийн нэр, гэрчилгээ, тамга тэмдгийг өндрөөр үнэлэн худалдаж авна. Мэдээж, дампуурах шахсан компанийг сэргээн авч явах гэсэн оролдлого биш л дээ. Ердөө нэрийг нь л ашиглаж, Тавантолгойн хувьцаанаас ахиухан худалдан авахыг зорьж байгаа биз. Зах зээлийн жамаараа өрсөлдөөд, хувьцааг нь худалдан авч байвал хамаагүй л дээ.

Гагцхүү шударга бус өрсөлдөөн явуулж, нэг хүний гарт ихэнх хувьцааг төвлөрүүлж болохгүй байх. Гэхдээ сүйхээтэй бизнесмэнүүд одооноос Тавантолгойн хувьцааны арилжаанд оролцохоор бэлтгэж байна. Тэд болж өгвөл дотоодын зах зээлд гаргасан 1.5 тэрбум ширхэг хувьцааг бүгдийг худалдан авахыг санаархаж буй биз. Түүнийхээ тулд нэр дээрээ аль болох олон компанитай болох гэж оролдож байна.

Дампуурах шахсан, эсвэл албан бусаар дампуурчихсан компаниудын эзэд үг дуугүй л тамга тэмдгээ зарчихаж байгаа бололтой. Бүр татварынх нь өрийг хүртэл аятайхан шиг аргалаад, холбогдох хүнд нь мөнгө сэлт өгч байгаа сураг байдаг шүү. Ойрын эх сурвалжийн өгүүлснээр тухайн компанийг өргүй хэмээх бүртгэлтэй болгоход ойролцоогоор 100 орчим мянган төгрөгийг л зарцуулдаг бололтой.

Монголын бизнесмэнүүд дэндүү сүйхээтэй, сэргэлэн болсны шинж үү, эсвэл цөөн хэдэн олигархиудын далд үйлдэл үү, мэдэхгүй юм. Ямар ч байсан бизнесмэнүүд компанийн нэр худалдан авахаар “шуурч” эхэлжээ. “Би ч гэсэн компани худалдаж авна аа…”

Монгол хүн бүр хувьцааны үр шимийг хүртэнэ

Монгол хүн бүр хувьцааны үр шимийг хүртэнэ
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан гэрээ болон Тавантолгойн хувьцааны талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ЗАХИРЛААР МОНГОЛ ХҮН АЖИЛЛАНА

-Монголын хөрөнгийн бирж хэзээ шинэ шатанд гарах вэ?

-Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гарын үсэг зурснаар Монголын хөрөнгийн бирж дэлхийн зах зээлд орно гэсэн үг. Хамтын ажиллагааны хүрээнд 10 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, МХБ-ийн бүх техник технологийг шинэчилж дэлхийтэй хамтран ажиллах бололцоо бүрдэх юм. Лондон, Торонто зэрэг хөрөнгийн биржтэй эдийн засгийн хувьд 24 цагийн хэлхээтэй болно. Өнөөдөр гарын үсэг зурчихаад маргааш үр дүн хүлээж болохгүй. Хоёр жилийн хугацаанд тодорхой график, төлөвлөгөөгөөр ажиллана.

Энэ ажлыг хийж дууссаны дараа Монголын хөрөнгийн бирж дэлхийд энэ тэнцүү болох юм. Монголчууд өөрсдөө хийж болоогүй юм уу гэж асуудаг. Нэгдүгээрт бид энэ чиглэлээр туршлага муутай байсан. Хоёрдугаарт, Лондонгийн хөрөнгийн биржийн технологи, дүрэм журам, сахилга бат, боловсон хүчин энд байна гэж дэлхий нийт ойлгох юм бол Монголын хөрөнгийн биржид итгэх итгэл цоо шинэ түвшинд гарах юм.

-Лондонгийн багийнхны цалин хөлсийг хэрхэх вэ?
-Зах зээлийн харилцааны нөхцөлд зүгээр юм хийж өгөх хүн нэг ч байхгүй. Тийм учраас Лондонгийн хөрөнгийн биржийн баг ажил хийснийхээ төлөө мөнгө авах ёстой. Энэ мөнгийг төсвөөс гаргах уу, зээлэх үү гэдэг хоёр л асуудал байгаа. Монголын арилжааны банкууд хамтраад дундын зээл олгож байна. Энэ мөнгийг Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа өргөжөөд, олон улсын хувьцаа манайд эргэлдэж хөрөнгө мөнгөтэй . болоод ирэхээр эргүүлж төлөх юм. Гурван жилийн дотор буцааж өгнө.

-Хөрөнгийн биржийн даргаар Лондонгийн талаас хүн тавина гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Эхний нэг жил Лондонгийн талаас дарга тавиад хоёр дахь жилээс манай хүн захирал болж, нөгөө талаас сонгогдсон захирал зөвлөх болоод явах байсан юм. Гэхдээ ард түмэн яахаараа хамаг юмаа гадныхнаар удирдуулдаг юм хэмээн шүүмжлэлтэй хандсан, нөгөөтэйгүүр манайд чадварлаг залуус олон байна. Иймээс Монголын хөрөнгийн биржийн захирлаар монгол хүн ажиллана гэж ойлгох хэрэгтэй. ТУЗ-д Лондонгийн хөрөнгийн биржээс хүн орно.

ИРГЭН ХОЁР ТӨРЛИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИНЭ

-Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2.5 сая иргэнд хувьцаа өгөхөөр болжээ. Тэгвэл дараа дараагийн хүмүүст хувьцаа хэрхэн хүрэх юм бэ?
-"Эрдэнэс Тавантолгой" бол бүх хувьцаа нь энгийн хувьцаанд хуваагддаг дэлхийн сонгодог компани юм. Яагаад сонгодог утгаар нь зохион байгуулсан юм гэвэл тус компанийг зөв удирдаад явбал дэлхийд эхний 10-т орох том компани болох бололцоотой. Энэ оны нэгдүгээр улирлаас өмнө төрсөн, бүртгэгдсэн хүмүүс 536 хувьцаагаа эзэмшиж, бүрэн хамрагдаад дууссан. Үүнээс хойш Засгийн газраас бололцоог нь олгоод өгөхөөр зэрэг одоо бидний эзэмшиж байгаа 536 хувьцаагаа зарж, борлуулах боломж ирээдүйд нээгдэнэ. Дээр нь бид шинээр хувьцаа худалдан авч болно.

Тэгвэл зайлшгүй энэ оны гуравдугаар сарын 31-нээс хойш төрсөн иргэн яах юм гэсэн асуудал гарна. Үүнийг Засгийн газар бүрэн утгаар нь бодсон. Уг асуудлыг одоо хэлэлцэж байгаа. Дараагийн хоногт шийдэгдэнэ гэсэн итгэлтэй байна. Үүнийг Төрийн өмчийн хорооноос боловсруулж оруулсан юм. Энэ талаар ерөнхий ойлголт хүргэе. Гэхдээ шийдчихсэн зүйл биш шүү.

Түрүүн "Эрдэнэс Таван-толгой"-н талаар ярьсан. Одоо "Эрдэнэс МГЛ" гэдэг "Эрдэнэс Тавантолгой"-гоос том компанийн талаар ярьж байна. Яагаад гэвэл "Эрдэнэс МГЛ" гэдэг компанийн активт "Эрдэнэс Тавантолгой" компанийн 51, Оюутолгойн 34 хувь, ирээдүйд Багануурын 75, Шивээ-Овоогийн 90 хувь, цааш нь хэлэлцээр явагдаад төрийн эзэмших хувь тодорхой болсны дараа стратегийн ач холбогдолтой 15 орд цувраад орж ирэх юм. Энэ бол их баян компани гэсэн үг шүү дээ.

Энэ баян компани өөрийн мэдлийн энгийн 100 мянган ширхэг хувьцаатай. Дээр нэрлэсэн компаниудын олсон ашгийн ногдол ашиг "Эрдэнэс МГЛ" дээр төвлөрөх юм. Энд их хэмжээний мөнгө төвлөрнө шүү дээ. Уг төвлөрсөн мөнгийг УИХ хэлэлцээд жил бүр хэдийг нь хөгжил, төсөв, иргэдэд хуваарилах талаар шийдвэрлэж байх болно. Тийм учраас Монгол Улсын ирээдүйн иргэд хорвоогийн жам ёсоор нас барсан, иргэншлээ өөрчилсөн нь хасагдаад шинээр төрсөн нь нэмэгдээд явахад тэр болгонд хувьцаа хуваарилагдаж байх юм. Тэгэхээр давуу эрхийн хувьцаа гэдэг бол энгийн хувьцаа 100 мянга гэсэн үг. Дээр нь бидний одоогийн төлөвлөж байгаагаар давуу эрхтэй гурван сая хувьцаа гаргана. Энэ бол 2.8 сая хунд хүрэлцээтэй. Нэг нэгийг өгнө. Цаана нь 200 мянган хувьцаа бэлэн үлдэж байгаа биз. Үүнийг шинээр төрөх хүмүүст нэмээд олгоод байна. Тэрнээс цааш Монголын хүн гурван саяас их болоод ирэхээр тухай бүрт нь хэлэлцээд хувьцаагаа гаргаад явах юм. Өөрөөр хэлбэл, Хүний хөгжил сангийн дэвтэр дээр хоёр хувьцаа тэмдэглэгдэх болно. Нэг нь "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаа, нөгөөх нь "Эрдэнэс МГЛ"-ынх байх юм.

-Эдгээр хувьцааг үр хүүхдэдээ өвлүүлж болох уу?
-"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны хувьд эрх нь нээгдчихээр бэлэглэж, өвлүүлж болно. "Эрдэнэс МГЛ"-ын хувьд тэгэхгүй. Иргэний бүртгэлээр хасагдсан нь хасагдаад нэмэгдэх нь нэмэгдэж хөдөлгөөнд ороод явах ялгаатай шүү. Хоёр зарчмын ялгаатай хувьцаа ярьж байна.

-Үндэсний аж ахуй нэгжүүдэд хувьцаа борлуулахтай холбоотойгоор жижиг компаниудыг худалдаж авах үйл явц олширлоо. Энэ нь цөөн компани дээр хувьцаа төвлөрөх эрсдэл үүсгэж байна. Үүнийг хэрхэх вэ?
-Хувьцаа авах эрхтэй 53 мянган аж ахуй нэгж жагсаалтад орсон байгаа. Эдгээрийн 65 хувийнх нь жилийн борлуулалтын орлого 10 сая төгрөг хүрэхгүй байна. Тэгэхээр ашиг нь хэд байх нь ойлгомжтой. Ихэнх нь орлогогүй тайлан гаргасан байна. Энэ аж ахуй нэгжүүд орлогогүй юм бол 28 мянган хувьцаагаа худалдаж авч чадахгүй. Тэгэхээр том компаниуд нь худалдаж авах замаар зах зээл дээр хувьцаа хэт төвлөрөх асуудал үүсчих гээд байгаа юм. Дараагийн нэг болгоомжлол нь бол нийгмийн шударга ёстой холбогдсон шүүмжлэл юм. Би насаараа төрд ажилласан. Үүний хариуд надад 536 ширхэг хувьцаа л оногдоно. Гэтэл хэн нь ч мэдэгдэхгүй нэг нөхөр цагт нь тайлан гаргадаг ч ажлын байр ч байхгүй нэг компанитай. Тэгээд үүгээрээ 28 мянган ширхэг хувьцаа авах гэж байна. Яахаараа ийм шударга бус байх ёстой юм гэсэн шүүмжлэл юм. Тэгэхээр энэ бүгдийг олон талаас нь судалж дүгнэлт гаргаж байж шийдэхээр хувьцааны нэрлэсэн үнийг ч хойшлуулсан. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхээр төр засаг хуралдаж байна. Гэхдээ компаниудад хувьцаа өгөхгүй гэсэн үг биш шүү.

2011/04/07

Хувьцаагаар "бороо" орж брокерын пүүс олширов

Хувьцаагаар
Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшигч болсон. Ийм түүхэн шийдвэрийг өнөөгийн парламент хийсэндээ цээжээ дэлддэг. Гэтэл дээрх түүхэн шийдвэртэй зэрэгцэн брокер, диллерийн компаниуд борооны дараах мөөг шиг олширов. Оны өмнө 45 компани үйл ажиллагаа явуулж байсан бол өдгөө 69 компани эрхээ баталгаажуулаад байна. Түүнчлэн эрхээ авахаар хөөцөлдөж буй иргэд Санхүүгийн зохицуулах хорооны үүднээс салахаа больжээ.

1990-ээд онд цэнхэр, ягаан тасалбарын үр шимийг Монголын ард түмэн амсаагүй. Энэ нь ердөө л тэд хөрөнгийн бирж, брокер, диллерийн компанийн талаар мэдлэггүйгээс шалтгаалсан байдаг. Өдгөө ч энэ талаар төдийлөн мэдлэггүй байгаа нь нууц биш. Энэхүү сиймхийг нь ашиглаж, иргэдийн тархийг угаахаар бүгд л хөрөнгийн зах зээлийн талаар сургалт зохион байгуулах болжээ. Аль нь үнэн ярьж байгаа нь үл мэдэгдэх олон компани иргэдийг бухимдуулах болсон гэнэ.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 27.3.2-т заасны дагуу брокер, диллерийн компани нь "харилцагчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаасыг зөвхөн тэдний захиалга зөвшөөрлөөр арилжаанд оруулах" үүрэгтэй. Гэхдээ энэхүү үүргээсээ гажиж хувьцаа эзэмшигч иргэдийн өмчлөлд байсан хувьцааг зөвшөөрөлгүйгээр арилжаанд оруулж, гаргах зөрчил багагүй гардаг байна. Мөн хэдхэн сар үйл ажиллагаа явуулж байгаад дампуурах тохиолдол ч цөөнгүй аж.

Иргэн та "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигч болсон тул яалт ч үгүй брокер, диллерийн пүүстэй холбоо тогтоох шаардлага тулгарна. Учир нь та Хөрөнгийн бирж, "Төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв", Санхүүгийн зохицуулах хороотой харьцахын тулд заавал өөрийн сонгосон брокерийн пүүсээр дамжуулна. Өөрөөр хэлбэл, Хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд иргэд хувиараа оролцох ямар ч боломжгүй. Нэг үгээр та хувьцаагаа арилжих уу, худалдаж авах уу гэдэг саналаа брокерийн пүүсээрээ дамжуулна.

Харин “Төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" нь зөвхөн таны нэр дээр данс нээнэ. Харилцагч хүлээн авдаггүй учраас мөн л брокерын пүүс таныг зуучилна. Нэг үгээр таны үнэнч туслах байх ёстой. Иймээс туслахаа зөв сонгохгүй бол мэдээж алдагдалд ордог зарчим үйлчилдэгийг санах хэрэгтэй. Иргэн танд зөвлөхөд, та брокерийн пүүсээ сонгохдоо хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа, Хөрөнгийн бирж дээрх туршлага зэрэг наад захын зүйлийг нь сайтар нягтлаарай.