2011/02/18

Монголын нүүрс дэлхийг “даллав”

ө
Монголын нүүрс дэлхийг “даллав”
Дэлхийн улс орнуудын эрчим хүчний хэрэглээ, гангийн үйлдвэрлэл нэмэгдсээр байна. Энэ нь нүүрсний зах зээл тэлэх сайхан боломж болж байгаа юм. Зөвхөн эрчим хүчний үйлдвэрлэлийн 40 хувийг нүүрсний зах зээл бүрдүүлж байна гэдэг бага биш үзүүлэлт.

Сүүлийн үед ам.долларын ханш сулрах болсноос түүхий эдийн үнэ өсөх хандлагатай болсон. Гэхдээ үүнд зэс, алт тэргүүтэй металлын зах зээл түлхүү хамааралтай юм. Харин нүүрс экспортлогч компаниудын хувьд түүхий эдээ тус улсын дотоодын валютаар үнэлж, олон улсын зах зээлд гаргаж арилжаалж байгаа нь тэдэнд өндөр ашигтай ажиллах боломж олгож байгаа. Нүүрсний нөөц баялаг ихтэй орноор Австрали, Африкийн орнуудыг нэрлэж болно. Харин сүүлийн үед дэлхийд тэргүүлэхүйц нүүрсний нөөцтэй гэх гуншингаар цоллуулах болсон манай улс гадныхны анхаарлыг хамгийн их татаж эхэлсэн билээ.

Өнөөдөр олон улсын шинжээчид манай улсыг "Төв Азийн Кувейт" гэж нэрлэж байна. Ашигт малтмалаар баялаг орон учраас тэр. Гэхдээ тэр дундаа нүүрсний нөөц нь хамгийн их анхаарал татаж байгаа юм. Хэдэн тэрбум тонноор тоологдох нүүрсний ашиглаагүй нөөцтэй Тавантолгойн орд газарт үйл ажиллагаа явуулах эрх бүхий "Эрдэнэс Тавантолгой" компанийн IPO хувьцааг олон улсын биржүүд дээр гарах эрхийг олж авахын төлөө дэлхийд томоохонд тооцогдох хөрөнгө оруулалтын банкууд өрсөлдөх болсон. "JP Morgan", "Morgan Stanley", "Macquarie Group Ltd", "Citigroup Inc", "Deutsche Bank AG", "Credit Suisse", "UBS" зэрэг дэлхийн санхүүгийн гигантууд 1.5-5 тэрбум ам.долларын үнийн санал тавьж, тэмцэлдэж байна. Харин тэд чухам яагаад Монголын нүүрсний төлөө амиа тавихаас буцахгүй байгааг энд тайлбарлахыг хичээлээ. 

Манай улсын нүүрсний нийт үйлдвэрлэл одоогоор тэрбум ам.долларт хүрээд байгаа. Статистик мэдээгээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар нүүрс олборлолтын хэмжээ 20 сая тоннд хүрсэн юм. Түүний 15 хувийг нь дотоодын үйлдвэрлэл эзэлж байна гэх тооцоог зарим шинжээч гаргасан байдаг. Харин үлдсэн хэсэг нь буюу дийлэнх хувийг нь экспортоор гадагш нь гаргаж байгаа юм. Манай дотоодын хэрэглээ хэтдээ нэг их өсөхгүй гэдэг нь ойлгомжтой. Харин Тавантолгой тэргүүтэй орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж эхлэх тэр үеэс нүүрсний үйлдвэрлэл 40 сая тоннд хүрэх тооцоо байгаа. 

Тавантолгой, Нарийн сухайтаас гадна Монголын хойд бүс нутгуудад "Профиши Ресурс", "Спайр майнинг" компаниуд нүүрсний томоохон ордууд илрүүлжээ. Бразилийн "Vale" компанийн хөрөнгө оруулалттай "Тэфис майнинг" хүрэн нүүрсний арвин нөөцтэй ордыг эзэмшдэг. Түүнээс гадна Хөшөөтийн нүүрсний ордын төсөл ч бий. "Энержи Ресурс", "Хүннү Коал" зэрэг компаниуд олон улсын Хөрөнгийн бирж дээр IPO-гоо амжилттай гаргасан нь тэдний эзэмшиж буй нүүрсээр баялаг орд газруудтай холбоотой юм. Сайхан ирээдүй харагдаж байгаа биз. Түүнээс манай эдийн засагт гурав орчим тэрбум ам.долларын орлого орж ирнэ гэж шинжээчид үзсэн. Энэ орлогыг олохын тулд нүүрсний экспортоо нэмэгдүүлж, олон улсын зах зээл рүү гаргах нь мэдээж.

Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг нүүрсний томоохон импортлогч орнууд Австралийн нүүрсийг шүтдэг. Олборлогч компаниуд тус улсаас нүүрсээ усан замын тээврээр авчирдаг. Энэ нь хуурай замын тээвэртэй харьцуулахад хэд дахин хямд өртөгтэй. Гэвч далайн боомтоос нэлээд зайтай байрладаг газруудад бол Австралиас ирэх нүүрсний тээврийн хямд зардал нэг их нөлөөлөхгүй юм. Нөгөөтэйгүүр манай улс төв Азийн зүрхэнд байрладаг орон. Борооны улирал гэж байдаггүй. Цунами болно гэж айхгүй. 

Тиймээс уур амьсгалын бүсийн хувьд харьцангуй аятайхан байрлалтай гэж хэлж болно. Гэтэл өнөөдөр Австралийн Квинслэндэд cap гаруйн хугацаанд орсон үерийн улмаас олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ огцом өссөн. "Рио Тинто", "Эксастра", "ВНР Billiton" зэрэг уул уурхайн гигантууд үйл ажиллагаагаа явуулдаг Квинслэнд мужид байгалийн гамшиг болсны улмаас олон улсад коксжсон нүүрсний үнэ 17 хувиар нэмэгдсэн гэх мэдээ бий. Түүнчлэн тус мужаас далайн боомтууд руу нүүрс тээвэрлэж хүргэхэд ашиглаж байсан төмөр зам эвдэрч, сүйдсэн зэрэг нь ойрын 3-6 сард нүүрсний олборлолтоо хэвийн явуулах боломжгүйд хүргэсэн байх юм. Австралийн нүүрс ингээд л эрсдэлтэй "бүсэд" хамаарагдах болж. 

Манайхаас гадна Индонез, Мозамбек улс нүүрсний асар их нөөцтэй нь тогтоогдсон. Гэтэл тэдгээр улс нь манайхтай нэг адил дэд бүтцийн хөгжил муутай, одоо л дөнгөж бүтээн байгуулалтын ажил нь эхэлж байгаа. Энэ нь нэг талаараа Монголчуудад боломж байна гэсэн үг юм. Харин нүүрсний үнэ цаашдаа хэрхэх вэ. Коксжсон нүүрсний хамгийн том хэрэглэгч, үйлдвэрлэгч орон бол Хятад. Гэхдээ тус улс далайн боомтын импортоор хараахан тэргүүлж чадахгүй байна. Хятадаас гадна Энэтхэгийн нүүрсний эрэлт хурдацтай өсч байгаа. Дэлхийн нүүрсний институт болон "Credit Suisse''-ээс гаргасан тооцоогоор тус улсын нүүрсний хэрэглээ 2013 он гэхэд 38 сая тонн болж өсөх юм. Энэ бүхнээс шалтгаалаад энэ онд нэг тонн нүүрс тутамд үнэ нь таван ам.доллараар нэмэгдэх бололтой хэмээн "Credit Suisse''-ийн шинжээчид үзжээ. Гэхдээ оны сүүлээр гангийн үнэ буурах хандлагатай байна.

Тиймээс нүүрсний үнэ ч мөн адил буурна гэх хүлээлт зарим үйлдвэрлэгчдийн дунд байгааг шинжээчид үгүйсгэсэнгүй. Гэхдээ энэ уналт богино хугацаанд үргэлжилнэ. Сүүлийн үед Хятадын төв банк инфляцийг бууруулахын тулд бодлогын хүүгээ шат дараалан нэмж байгаа. Өөрөөр хэлбэл, тус улс мөнгөний бодлогоо хатууруулж эхэлсэн гэсэн үг. Гэвч дотоодын нийт бүтээгдэхүүн нь жилд 9.4 хувиар өсч байгаа Хятадын хувьд ойрын 3-5 жилд импортоо бууруулж, дэлхийн түүхий эдийн зах зээл дэх үнийг унагах боломжгүй гэдгийг шинжээчид нотолж байна. Үнэндээ АНУ тэргүүтэй хөгжингүй орнуудтай хийсэн худалдаа нь байнга илүүдэлтэй гардгаас болж тус улс нэлээд шүүмжлүүлдэг. Харин хариуд нь "Манай улс түүхий эдийн импортоороо дэлхийд тэргүүлдэг. 

Тиймээс маш олон оронтой хийсэн худалдаа нь алдагдалтай гарсан" хэмээн онцолдог. Энэ бол оргүй хоосон үг биш. Уул уурхайд түшиглэн хөгжиж буй орнуудын хувьд бэлэн мөнгөөр баян Хятад бол "амттай зууш" л гэсэн үг. Гэхдээ тэд өөрсдийгөө зүгээр нэг ашиглуулчихгүй нь бас ойлгомжтой. Манай улсын хувьд өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар Хятадад экспортолсон нүүрсний хэмжээгээрээ Австралийн дараа л орж байсан юм. Өнгөрсөн оны эхний гурван улирлын байдлаар Хятад 33.5 сая тонн нүүрс импортолсны 39 хувийг Австралиас авсан. Харин 9.9 сая тонн буюу 30 хувийг манайхаас авчээ. Энэ утгаараа нүүрсний зах зээлд Монголын гол харилцагч нь Хятад болсон хэмээн "Steel Business Briefing''-нд мэдээлж байв. 

Эцэст нь бүгдийг төрд даатгадаг өнөөх л зангаараа үгээ хэлье. Бидэнд хэтэрхий их боломж, нөөц баялаг, ирээдүй байна. Энэ бүхнийг зөв ашиглаж, дэд бүтцээ хөгжүүлж, хэтдээ нэг салбарт түшиглэсэн, нэг салбараас хэт хараат болсон эдийн засгийн тогтолцоог бий болгочихгүйн тулд Монголын төр ур ухаанаа дайчлах шаардлагатай байна.

2011/02/17

Д.Сугар: Хөрөнгө оруулалтын 3-4 банк сонгон шалгаруулна

Д.Сугар: Хөрөнгө оруулалтын 3-4 банк сонгон шалгаруулнаТавантолгойн ордыг эргэлтэд оруулж, хувьцааг нь дэлхийн зах зээлд гаргах талаар ярьж байгаа. Цаг үеийг нь мэдэрч хувьцаагаа гаргаж чадвал улс орны хөгжилд их нэмэр болно гэж зарим улстөрч үзэж байна. Тавантолгойн хувьцааны унийг хэрхэн тогтоож байгаа нь иргэдийн сонирхлыг татаж эхэлсэн. Энэ талаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугараас тодрууллаа.

-Тавантолгойн хувьцааны нэгж үнийг тогтоох ажил ямар шатандаа явж байна вэ. Удах болсон шалтгааныг тайлбарлана уу?
-Тавантолгойн хувьцааны үнийг энэ ондоо багтааж тогтооно. Ямар нэг зүйл нууж хаагаад ингэж удаад байгаа юм биш. Хувьцааны үнийг гаргахын тулд эхлээд ордынхоо үнэлгээг тогтоох хэрэгтэй. Олон улсын зах зээлд нэр хүндтэй компаниар үнэлүүлбэл, түүнд итгэж олон улсын зах зээл дээр манай хувьцааг худалдаж авна. Одоо хөрөнгө оруулалтын банкийг сонгон шалгаруулах ажил ид өрнөж байна. Ирэх долоо хоногийн дундуур улс төрийн өөр шийдвэр гаргачихгүй бол дүнгээ танилцуулах байх. Дараа нь сонгогдсон банкны ажилтнууд ирж, ордоо үнэлээд 15 тэрбум хувьцааны нэгжийн үнэ гарах юм. Тэгээд нэрлэсэн үнээр аж ахуйн нэгжид зарж, иргэдэд хуваарилах ажлын бэлтгэлийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан гэж амласан. Үүний дараа Засгийн газар хэлэлцээд шийдвэр гармагц нэгдүгээр улирлын сүүлээр, бүр амжихгүй гэвэл наадмаас өмнө иргэддээ тараана гэж баттай хэлье.
-Давуу эрхийн хувьцаа эсвэл энгийн хувьцаа байх гэдэгт гол маргаан үүсээд байгаа. Үүнийг яаж шийдвэрлэх вэ?
-Нэг их маргаан өрнөсөн зүйл байхгүй. Энэ бол хоёр төрлийн хувьцааны тухай асуудал шүү дээ. Хүний хөгжлийн сангаар дамжуулах хувьцаа бий. Үүн дээр давуу эрхийн хувьцааг ярина. Яг "Эрдэнэс Тавантолгой"-н хувьд энгийн хувьцаа юм. Гэхдээ энгийн хувьцаа гээд ор тас хаячихаж байгаа зүйл биш. Бид ягаан эрхийн бичгийн хувьчлалын түүхийг сайн санаж байгаа. Овсгоотой улс нь бөөгнүүлж аваад үлдсэн нь хохирсон явдлыг дахин гаргахгүйн тулд хувьцааны хэлбэрийн тухай ярьж байна. Манай иргэд тэр хувьцааг үнэтэй цэнэтэй эд гэдгийг ойлгоод, эргэлтэд оруулах чадвартай болсны дараа энгийн хувьцаанд хөрвөнө. Иргэдэд тараах хувьцаа бол тодорхой хугацаанд хаалттай, зарж болохгүй байна. Харин хөрөнгийн биржээс худалдаж авах бололцоо нь бүрэн нээлттэй. Аж ахуйн нэгжийн хувьд хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэнгүүт хөрвөдөг байна гэсэн үг. "Эрдэнэс Тавантолгой" дэлхийд эхний байранд орох том хувьцаат компанийн нэг болно. Өнөөдрийн байдлаар 10 гаруй тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
-Хөрөнгө оруулалтын хэдэн банк сонгох вэ. Банкны нэрс тодорсон уу?
-Эхлээд богино жагсаалт үүсгээд тэндээсээ сонгох санал гарч байсан. Явцын дунд шууд сонгох нь дээр гэж үзсэн. Дэлхийн зах зээл дээр 2-4 тэрбум ам.доллар босгох гэж байгаа хэлцэл маш их хүч шаардана. Мэдээж нэг банк байхгүй. 3-4 банкийг сонгох байх. Одоогоор хөрөнгө оруулалтын банкийг сонгон шалгаруулах ажил өрнөж байгаа учир хэлж мэдэхгүй байна.

2011/02/16

Г.Батхүү: Тавантолгойгоос иргэн бүрт 300 сая орчим төгрөг ногдоно байх


Г.Батхүү: Тавантолгойгоос иргэн бүрт 300 сая орчим төгрөг ногдоно байх
Монголчууд бид тун удахгүй Тавантолгой гэх стратегийн ач холбогдол бүхий ордоо эдийн засгийн эргэлтэд оруулж, хувьцааг нь дэлхийн зах зээлд гаргах гэж байна.

Энэ алхмыг бид хэрхэн зөв хийхээс эх орны минь ирээдүй шууд хамаарах болоод байгаа билээ. Монгол хүн бүрийн анхаарлын төвд байгаа энэ асуудлын талаар УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй ярилцлаа.

-Энэ долоо хоногт "Эрдэнэс Тавантолгой"-н стратегийн хөрөнгө оруулагч болох компанийн сорил уулзалтууд болж байна. Таныхаар эдгээр байгууллагуудын алийг нь арай илүү санал тавина гэж харж байгаа вэ. Тийм зүйл бий юу. Ер нь энэ сорил уулзалтын талаар ямар мэдээлэлтэй байгаа вэ?

-Их л том том тоо хэлсэн саналууд ирж байгаа байх. Яг ямар санал ирүүлж байгаа талаар тоймтой мэдээлэл алга. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа мэдээллүүдийг л авч байна шүү дээ.

-Стратегийн хөрөнгө оруулагч гээд л яригдаад байна. Энэ компани "Эрдэнэс Тавантолгой"-н ирээдүйд   хийх бүтээн байгуулалт, татвар татаас гээд л бүх асуудалд нь оролцоно гээд байгаа. Тэгэхээр энэ компанид "Эрдэнэс Тавантолгой"-н жилийн цэвэр ашгаас хэчнээн хувь ногдох юм бэ? 

-Бүтээн байгуулалтад орж ирж байгаа хөрөнгийг бүгдийг нь шууд зарцуулахгүй тодорхой хэмжээний хөрөнгийг дараагийн хөрөнгө оруулалт, технологи, техникийн шинэчлэлдээ байгууллагын ашиг болгож авч үлдэх зүйлийг ярьж байна л гэж би ойлгож байгаа.

-Энэ стратегийн хөрөнгө оруулагч цэвэр ашгийн хэчнээн хувийг хүртэх юм бэ?

-Тэр гэрээнд тусгасан хувиараа л хүртэж, үүнийг нь Монгол Улсын Засгийн газар олгоно шүү дээ. Түүнээс биш тэр хүмүүс өөрсдөө хувиарлаад илүү, дутуу авах боломж байхгүй. Зөвхөн манай улсын Засгийн газраас гадна олон улсын аудит, банк, санхүүгийн байгууллага, зээл олгогчдын зүгээс том том хяналтууд тавигдах учраас ямар нэгэн хууль бус үйлдэл гарах боломжгүй гэж ойлгож байгаа.

-Зүүн цанхид орон нутгийн Тавантолгой мөн Япон Монголын хамтарсан нэг компани лиценз эзэмшдэг шүү дээ. Одоогийн бидний ойлгож байгаагаар Тавантолгойн ордыг бүхлээр нь "Эрдэнэс Тавантолгой" гэх энэ төрийн өмчид компани л эзэмших ёстой юм биш үү. Тэгэхээр энэ хоёр компанийн лицензийн асуудлыг яах юм бэ?

-Орон нутгийн жижиг Тавантолгой гээд байгаа чинь угаасаа л улсын өмч шүү дээ. Хувийн өмч биш. Орон нутгийн үйлдвэрийн газар гэж хууль байдаг. Энэ газар ашгаа тухайн орон нутагтаа өгдөг. Өнгөрсөн жил ч бил үү Өмнөговь аймгийнхан чинь орон нутгийн Тавантолгойн ашгаасаа 50, 50 мянган төгрөг авч байсан. Тэд орон нутгийн өмчид үйлдвэрийн газар ямар замаар явдаг түүгээрээ л цаашид явна. 

Харин тэр Да Шү Кү бил үү тэрийг мэдэхгүй байна. Нэгэнт л лиценз нь байгаа юм чинь мэдээж тэр орон нутгийн л юм байгаа байх. Гадны хүнд лицензийг нь өгчихнө энэ тэр гэсэн юм байхгүй байлгүй дээ. Зүгээр хамтран үйл ажиллагаа явуулдаг байж магадгүй. Орон нутгийн өмчит үйлдвэр гээд байгаа жижиг Тавантолгой үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ техник технологи хэрэглэх шаардлагатай байгаа бол гадаадын чадалтай компаниудтай хамтрах нь хуулиар нээлттэй байгаа шүү дээ. Тэд нарыг оператор компани болгоод ажиллуулж ч болно. 

Харин цаагуураа буруу юм хийж байгаа бол хууль хяналтынхан ажлаа хийнэ биз. Гэхдээ Да Шү Кү гээд байгаа энэ компанийн талаар нарийн мэдээлэл алга. Тэнд хуулийн дагуу лиценз олгогдсон эсэхийг бид эргэж харах шаардлагатай байж ч мэдэх юм.

-"Эрдэнэс Тавакголгой" компанийн хэчнээн хувийг хаана хаана ямар байдлаар эзэмших нь тодорхой болчихлоо. Эдгээрийн дотроос иргэн бүрт олгогдох 10 хувийн хувьцааг ямар байдлаар тараах нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Ер нь нэг иргэнд хэчнээн хэмжээний хувьцаа ногдох бол. Иргэд өнөөгийн ханшаар хэчнээн төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгөтэй болж байгаа юм бэ?

-Одоо нийт хувьцааныхаа 10 хувийг ард иргэддээ өгнө. Үүнээс гадна дахиад арван хувийг дотоодынхоо хөрөнгийн биржүүдээр нэрлэсэн үнээр аж ахуй нэгжүүдээ зарна. Ингээд тооцохоор Тавантолгойд асар их мөнгө эргэлдэнэ. Тавантолгойн 10 хувийн хэсгийг ард иргэддээ хуваагаад өглөө гэхээр нийтдээ 550 орчим ширхэг хувьцаа нэг иргэнд ногдоно. Тэгэхээр энэ хувьцааг одоо Хонгконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа "Энержи ресурс" компанийн ханштай харьцуул ан тооцоолоод үзэхээр нэг иргэнд 300 сая төгрөг ногдож байгаа. Энэ хувьцааны үнэ цаашид улам өснө.

-Тавантолгойг дэлхийн зах зээлд гарган, эдийн засгийн эргэлтэд оруулах нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эсэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн сүүлийн хурлаар ярьсан. Стратегийн ач холбогдол бүхий энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа алхам нь Үндэсний аюулгүй байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөх болов уу?

-Стратегийн ач холбогдол бүхий ордуудын ашиглалтын асуудлууд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний эдийн засгийн асуудал мөн. Тиймээс бид энэ асуудлыг илүү нухацтай авч үзэх ёстой. Харин сүүлд болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр буюу гуравхан хүн ширээ тойрч зөвлөлддөг энэ уулзалт дээр юу гэж ярьсан талаархи мэдээлэл надад алга. Мэдээж тэндээс нэг дүгнэлт гарна. Тэр зөвлөмжийг нь УИХ хэлэлцэх байх. Тэр үед энэ асуудал ил болох биз.

-Саяхан орон нутгийн Таванголгойн хувьцааны нэгж үнэ хөрөнгийн зах зээл дээр нэг сая төгрөгт хүрсэн. Энэ хөөрөгдлийг зарим хүмүүс Засгийн газар эргүүлээд Орон нутгийн Тавантолгойн хувьцааг худалдаж авна гэсэн яриа байгаа болохоор ингэж өссөн гэж байна. Үнэхээр Засгийн газар дээр ийм зүйл яригдсан болов уу?

-Ер нь хувьцаа Засгийн газарт байна уу хаана байх нь чухал биш. Хамгийн гол нь Монголдоо л байх ёстой гэж би үзэж байгаа. Энэ хувьцаа Монголын өмч байх ёстой. Ер нь Тавантолгойн хувьцааны үнэ өсөх нь маш зөв асуудал. Тэртэй тэргүй энэ компанийн хувьцаа дэлхийн зах зээл дээр ч өсч байна. Дотооддоо хэрвээ энэ хувьцааны үнийг өсгөөд ард түмэн юм уу эсвэл Засгийн газар авч байгаа бол бодлого нь зөв явж байгаагийн шинж гэж хэлэх байна.

-Засгийн газраас ийм шийдвэр гаргах магадлал байгаа болов уу. Үүнийг тандаж байгаа цөөнгүй тооны хүн байгаа байх?

-Яг ямар зүйл Засгийн газар дээр яригдаж байгааг би мэдэхгүй байна. Гэхдээ үгүй биз дээ. Одоогоор орон нутгийн Тавантолгойн хувьцааг худалдаж авах шийдвэр гарсан гэсэн албан ёсны шийдвэр лав гараагүй.

-"Эрдэнэс Тавантолгой" захирлаар Монгол хүн томилж болно гэж байгаа. Ерөнхийдөө хүмүүс олон улсын жишгийг харахаар гадны хүн томилох гээд байх шиг байна. Гэтэл нөгөө талд манайд чадалтай боловсон хүчин байгаа. Тиймээс Монгол хүнд хариуцуулаад үзэх хэрэгтэй гэсэн хүмүүс ч байна. Таны хувьд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

-Ер нь дэлхий нийтийн туршлага байдаг шүү дээ. Манайх шиг буурай орнууд янз бүрийн томоохон ордуудаа ашиглалтад оруулах гэж байгаа, цаашдаа үүнээсээ ашиг орлого олъё, үүнийгээ зөв менежментээр явуулъя гэж байгаа бол ерөөсөө энэ чиглэлийн туршлагатай гадаадын том мэргэжилтнүүдээр удирдуулдаг. Гадаадын хүн удирдана гэхээр л манайхан хамаг байдаг юмыг нь гадагшаа зөөчих юм шиг санаад байх юм. Дэлхий нийтийн бизнесийн алтан дүрэм гэж зүйл байна шүү дээ. 

Тэр хүн цаашдаа Монголоос өөр улс оронтой харилцана. Үр хойч нь ч цаашдаа амьдарна. Тиймээс яаж амьдрах ёстой вэ гэдгээ мэдэж байгаа. Өнөөгийн бидний бодож байгаа юм биш шүү дээ. Тэр бизнесийн удирдлага, менежмент хийж өгдөг хүмүүс чинь тусгай хууль, ном дүрэмтэй, тухайн улсынхаа хууль дүрэмд захирагдана гэсэн бичигдээгүй, хууль тангарагтай хүмүүс байдаг. Тэгэхээр хамгийн сайн менежментийн баг л энэ ордуудыг удирдаж байж босгож ирнэ.

-Таны ярьсан шаардлагад хүрэх Монголын боловсон хүчин, менежментийн баг одоогоор байхгүй гэж үзэж байна гэсэн үг үү?

-Заавал Монгол хүн удирдах ёстой гээд нэг ч ийм том уурхай удирдаж үзээгүй нөхөр аваад ирвэл хэцүү л байх. Энэ ордыг удирдах хүн гадаадаас яаж хөрөнгө оруулж ирэх вэ. Яаж дэлхийн зах зээл дээр энэ ордыг гаргах вэ гэх мэтийн олон асуудалтай тулгарна. Энэ асуудал чинь мань мэтийн бодож байгаа шиг зүйл биш юм билээ. Тэгэхээр энд гадаадын хүн удирдвал сүйдлээд хаячихна, Монгол хун удирдвал мандуулна гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Хамгийн гол нь чадвартай хүн байх ёстой. Түүнээс энэ хүн нь Монгол байна уу, ази, европ байна уу хамаагүй. Хамгийн гол нь энэ тал дээр чадвартай, туршлагатай, стратегийн ордыг аваад явчих хүн байгаасай л гэж бодож байна. Хэн байх нь сонин биш.

Брокерийн пүүсүүд моодонд орох цаг


Брокерийн пүүсүүд моодонд орох цаг
Тавантолгой гэж хэвлийдээ "хар алт" нуусан газрын хэвлийг дорвитой хөндөх цаг ойртсоор байна. Тэр их "хар алт"-ыг олборлож, экспортлохоор төр "Эрдэнэс Тавантолгой" компанийг байгууллаа. Энэ компанийн 15 тэрбум ширхэг хувьцааны 10 хувийг Монгол хүн бүрт тэнцүү хувааж түгээнэ.

Нэг Монгол хүн 550 орчим ширхэг хувьцааны эзэн болохыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар удаа дараа мэдэгдсэн. Нэг хувьцааны үнэлгээ хэдэн төгрөг байхыг толгойтой бүхэн дотроо таамаглаж сууна. 

Олон хүний тойм тооцоо нэгж хувьцаа нь анхны үнэлгээг 2000 орчим төгрөгт хэлбэлзүүлж байгаа юм. Энэ үнэн тооцоо байж гэмээнэ Монгол хүн бүр сая орчим төгрөгийн хөрөнгөтэй болох нь. 

Нэг иргэнд хувьцаа тараахад хамгийн гол үүрэгтэй оролцох байгууллагууд хөрөнгийн зах зээлийн дэд бүтцүүд. Бэлэн мөнгө биш, хөрөнгө тараах гэж байгаа юм чинь хөрөнгийн зах зээл гол дүрд тоглох нь мэдээж. 

Хувьцаа хуваарилах ажлыг хөрөнгийн зах зээлийн нэг дэд бүтэц болох Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ажиллуулна. Энэ байгууллага иргэн бүрт 1.5 тэрбум хувьцааг нь тэнцүү хуваагаад хадгалж хамгаалах юм. 

Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг тараагаад хэсэг хугацаанд "lock up" хийнэ гэж ярьж байгаа. Та хувьцаагаа аваад тогтоосон хугацаанд арилжаалахгүй гэсэн үг. Засгийн газрын тогтоосон хугацаа дуусмагц та хувьцаа худалдах, бэлэглэх, өвлүүлэх эрхтэй болно. Тэр цагт хөрөнгийн зах зээлийн бас нэг дэд бүтэц болох брокер дилерийн пүүсүүд ёстой моодонд орно доо. 

Манайх 46 брокерийн пүүстэй. Одоо Монголд хувьцаа эзэмших данстай 450 мянган хүн бий. "Эрдэнэс Тавантолгой"-нхоо хувьцааг эргэлтэд оруулахын тулд 2.3 сая хүн данс нээлгэх шаардлага тулгарна. Дансгүй хүн бүр данс нээлгэвэл дунджаар нэг пүүст 50 мянга орчим хувьцаа эзэмшигч оногдоно. 

Брокерийн пүүсүүд хувь хүнтэй данс нээх гэрээ хийхдээ 5000 мянган төгрөгийн шимтгэл авдаг. Тэгвэл нэг пүүс зөвхөн хувь хүний данс нээх хураамжаас дунджаар 250 сая төгрөгийн орлого олох нь. 

Мөн УИХ үндэсний аж ахуйн нэгж бүрт "Эрдэнэс тавантолгой"-н хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр нь худалдахаар тогтоосон. Төрийн өмчийн хороо 43 мянган үндэсний аж ахуйн нэгж байгаа гэсэн судалгаа гаргажээ. Эдгээрийн зөвхөн 800 орчим нь хувьцаа эзэмшигчийн данстай. 42 мянга гаруй компани данс нээлгэх шаардлагатай болж байна. Брокерийн пүүсүүд аж ахуйн нэгжтэй данс нээх гэрээ хийхдээ 50 мянган төгрөгийн хураамж авдаг. Дахид дундажлаад үзье. Нэг пүүс аж ахуйн нэгжийн данс нээгээд 45 сая төгрөг олох нь байна. 

Зөвхөн данс нээхэд ийм ашиг олж байна. Нэг аж ахуйн нэгж 20 сая орчим сая төгрөгөөр "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг худалдаж авах тооцоо гаргасан. 43 мянган аж ахуйн нэгжээс нийт 860 тэрбум төгрөг гарах нь. 

Энэ арилжааг брокерийн пүүс л зуучилж явуулах эрхтэй. Брокерийн пүүсүүд арилжаа хийсний хөлсөнд хоёр хувийг шимтгэж авна гэж бодъё. Тэгвэл брокерийн пүүсүүд 17.2 тэрбум төгрөг олох нь. Нэг пүүст дунджаар 374 сая төгрөг оногдож байна. Ингээд нэг брокерийн пүүс зөвхөн "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаанаас 700 сая төгрөгийн олох нь тодорхой боллоо. Цаашлаад бүгд хувьцаа эзэмшигч болсон Монголчууд арилжаанд оролцоод эхэлбэл брокерийн пүүсүүд шимтгэлээр баяжих нь ээ. 

Хувь хүмүүсээс гадна манай хөрөнгийн зах зээлд гадаадын дансаараа дүүрэн мөнгөтэй хөрөнгө оруулалтын сангууд ороод ирчихсэн урдуураа улаан хөлтийг гаргахгүй худалдаж авч эхэллээ. Тэд хэдэн тэрбумаар хэмжигдэх арилжааг нэг өдөр хийж байна. 'Тавантолгойн" ордыг ашиглах болсноор төр хөрөнгийн зах зээлд оролцогчдын менежментийг мөн уран хийж өглөө. Брокерийн пүүс моодонд орох цагийг мэдэрсэн нөхдүүд хөрөнгөө оруулаад эхэлсэн сурагтай.

2011/02/15

Засгийн газар Тавантолгойд улайрч байна

22
Уламжлал ёсоор даваа гаригт Төрийн ордонд ажлын хэсэг болон, бүлгийн хуралдаанууд болж, мөн бараг “уламжлал” ёсоор хэлэлцэх асуудлуудын жагсаалтад Тавантолгойн гэх асуудал торойж байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ энэ асуудлыг  хэлэлцэх эсэхийг хэлэлцсээр “хэлэлцэхийг дэмжив” гэсэн шийдвэр гаргасан парламентчид одоо “жинхнээсээ” Тавантолгойн орд газрын ашиглалтын гэрээний төсөлтэй танилцана. Хөрөнгө оруулагчаа сонгоогүй байгаа болохоор түүнтэй хийх гэрээний төсөл гэж юу байв гэж, улстөрчид л Тавантолгойн асуудлуудыг хэлэлцэж байна гэж “дэвээд” байгаа болохоос биш. Үнэндээ бол гэрээний төслийг хууль тогтоогчид нарийвчлан хэлэлцэх бус ерөнхий чиглэлтэй нь танилцаад Засгийн газарт гэрээ хийх эрхийг нь өгчихнө. Харин эрхэм гишүүд одоо бол төсөөлөл төдий бүрхэг байгаа төсөлтэй нь “танилцаад” Оюутолгойн ашиглалтын Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа ажиллаж байсан ёсоор Засгийн газарт хөрөнгө оруулагчаа сонгож, гэрээгээ нарийвчлах эрхийг нь “загнаж загнаж” өгөөд найр наадамдаа, нутаг хошуу руугаа мордоцгооно. /Оюутолгойн гэрээг хийхдээ “Цаг хугацаанд шахагдаад, та нарт итгээд гэрээ хийх эрхийг олгочихлоо шүү” гэж Засгийн газрыг баахан загнаж байсан шүү дээ/. Засгийн газар хөрөнгө оруулагчаа шалгаруулах сонгон шалгаруулалтаа хийж, сонирхогчидтой гэрээ хэлцэл хийж байна гэсээр бас хэсэг хугацааг “авна” гэдэг нь ерөнхийдөө тодорхой болж байна. Ингээд асуудлаа дахин УИХ-даа танилцуулан оруулж ирэхэд, ихэнх томоохон асуудлуудын шийдэл хөшигний цаана гарчихсан байдаг ёсоор, эрхэм гишүүд телевизийн камерын өмнө баахан жүжиглэж, кнопоо дарах юм байгаа биз дээ. Гэхдээ сонирхогчидтой гэрээ хэлцэл хийх, хөрөнгө оруулагчдаа тодруулах, дараа нь гэрээний нөхцлүүдээ ярилцах зэрэгт хэдий хугацаа шаардагдахыг одоо тааж хэлэхэд хэцүү. Лав л Оюутолгой шиг зургаан жил зууралдахгүй гэдэгт найдацгаая.

 Дээр дурдсан хөрөнгө оруулагчийг тодруулах гэсэн хамгийн гол асуудал өнөөдрийн анхаарлын гол цэг болох нь тодорхой. Үүнд Засгийн газар болохоор хоёр хүртэл хөрөнгө оруулагчийг тодруулна. Гэхдээ “тэд” нь Монгол компанитай эвссэн консорциум байвал зүгээр гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Анх Засгийн газар өнгөрсөн тавдугаар сард гаргасан ерөнхий чиглэлдээ 5-7 хөрөнгө оруулагч байж болох юм гэсэн байр суурьтай байсан бол эдүгээ 1-2 хөрөнгө оруулагч сонгоно гэж байгаа. Үүнийг ч ордыг хэдэн хэсэгт хувааж байснаас бүхэл цулаар нь байлгавал хөрөнгө босгоход ч, ашиглахад ч илүү үр дүнтэй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Харин хамгийн чухал буюу хөрөнгө оруулагчаа сонгоход “но” байгааг судлаачид анхааруулж байна. Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний эхний төсөлд Нээлттэй нийгэм хүрээлэнгээс судалгаа хийсэн байна. Тус форумын  мэргэжилтэн Н.Дорждарийн хийсэн судалгаанд гэрээний анхны төсөлд тулгуурлан ордыг эзэмшигч “Эрдэнэс МГЛ”-ын нөхцөл байдал, татварын орчин, үйл ажиллагааг зогсооход гарах хүчин зүйл гээд олон зүйлийг авч үзсэн байна. Тухайлбал Хөрөнгө оруулалтын гэрээндээ одоо хараахан тодроогүй байгаа хөрөнгө оруулагчийг нэмэгдсэн өртгийн болон гаалийн татварыг нь тогтворжуулж /суурийг тогтвортой хэмжээнд тогтооно/, татварын хууль тогтоомж илүү таатай нөхцөл бүрдвэл эдлэх эрхтэй, хэрвээ татварын нөхцөл хатуурвал түүнээс хамгаалж байхаар заасан байна. Харин лизенцийг эзэмшигч Эрдэнэс “МГЛ” хөрөнгө оруулагчтайгаа адилхан ашиг хүртэж, ашгийн төлөө зүтгэх ёстой байтлаа хяналтын үүрэг давхар гүйцэтгэхээр байгаа нь судлаачийг гайхашруулжээ. Нэгэнт ашгийн төлөө цуг зүтгэж байгаа болохоор хяналтын үүргээ сулруулж болохыг сая АНУ-ын “Бритиш Петролиум” компани зардлаа хэмнэх гэснээсээ үүдэн асар их хэмжээний газрын тос Атлантын далай руу алдчихаад байгаа жишээг татсан байна. Энэ мэтчилэн анхаарууштай олон асуудал байгаа юм байна. Хамгийн гол анхаарал татам, бас эрсдэлтэй нь хөрөнгө оруулагчаа шалгаруулаагүй байж, Хөрөнгө оруулалтын гэрээ бариад гүйгээд байгаатайгаа адил хөрөнгө оруулагчаа сонгосныхоо дараа хөрөнгө оруулалтын хэмжээ, урьдчилгаа төлбөр зэргээ хэлэлцээр хийж тохирно гэж байгаа нь. Баахан шалгуур тавьж байгаад нэгэнт хөрөнгө оруулагчаа сонгочихоод дараа нь мөнгө төгрөгөө ярихаар хөрөнгө оруулагч хэр чих зөөлөнтэй байх вэ? Тэр тусмаа одоогийн байдлаар үй түмэн шалгуур тавьж байгаад нэг хөрөнгө оруулагчийг сонгочихоод түүнтэйгээ хэлэлцээр хийнэ гэхээр давуу тал манай Засгийн газарт бус хөрөнгө оруулагчдад илүү харагдана. Нэгэнт оператороор ажиллахаар сонгогдчихсон компани юу гэж л манай Засгийн газрын тэдэн сая ам.доллар өг гэх мэтийн тулгалтыг “за” гээд хүлээгээд авах вэ дээ. Монголын уран сайхны нэг кинон дээр Хатанбаатар Магсаржав хятадуудтай хэлэлцээр хийх гэтэл Цахиур Төмөр адууг нь хурааж авчирчихаад “Морьтой хүмүүстэй ярьснаас явган хүнтэй ярьсан нь дээр юм уу л гэж бодлоо” гэдэг. Харин манай Засгийн газар энэ тохиолдолд адуугаа хашаанд аваачиж хураачихаад хэлэлцээр хийж гэж байгаатай агаар нэгэн болчихож байгаа шиг санагдах юм. Бас олон шалгуураар хөрөнгө оруулагчийг сонгох тусам шалгарсан компани өндөр үнэ төлөхгүй байх магадлалтай гэж үзсэн байна. Нэгэнт өч төчнөөн шалгуураар хөрөнгө оруулагчаар шалгарчихсан, “ялалтын пайз”-ыг нь гардуулчихсан байгаа компани дахин давхар “үнэ” төлөхийг хүсэх вэ дээ?   Нэг ийм “хар, цагаан”-тай төслийг Засгийн газар УИХ-д оруулж ирчихээд, эрхэм гишүүдийн айраг, наадмаа санагалзах сэтгэлтэй нь цуг тулган хүлээлгэж байна. Засгийн газрынхны үг, үйлдлээс ойрын хугацаанд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийх эрхээ авах гэж улайран чармайж байгааг харж болно. Тэд алдаа, оноотой зүйл байгаа ч эрхээ авчихаад гэрээ хэлцлийн шатанд засч залруулна гэсэн үгийг хамгийн түрүүнд УИХ-ын чуулганы танхимд хадаана гэдгийг тааж цөхөх зүйлгүй. Уг нь парламентаасаа эрхээ авчихаад дараагийнхаа ажлыг үргэлжлүүлдэг жишиг байдаг, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг ч ингэж хийж байсан. Гэтэл Оюутолгой бол хөрөнгө оруулагч, нөөц, технологийн шийдэл нь тодорхой, зургаан жил тал талаас нь мэрж, зулгааж, гоочилсон “асуудал” байсан. Гэтэл хөрөнгө оруулагч нь ч тодорхойгүй, төсөл нь түүхийгээрээ Тавантолгойн асуудлыг Засгийн газар яагаад ойрын хугацаанд шийднэ гэж “баатартлаад” байгаа юм бол оо?   

Тавантолгой Монголын ард түмний өмч

7
Тавантолгой ямар үнэ цэнэтэй, ямар баялаг болохыг монголчууд бид мэдэхгүй байна. Эзэн нь өмч хөрөнгийнхөө үнэ цэнийг мэдэхгүй байгаа болохоор түүнийг гадаадынханд үнэгүй өгөөд ард түмнээ тэтгэх биш бүр өрөнд оруулах төслийг “Эрдэнэс МГЛ” компанийнхан боловсруулаад байна. Оюутолгойн орд газрыг гадаадынханд өгөөд, бид дээр нь давхар өрөнд ороод үлдэж байгаатай агаар нэг.    
Оюутолгой дээр юун өрөнд орсон юм бэ гэвэл ямар нь мэдэгдэхгүй нэг компанийн хувьцааны 34 хувийг эзэмшсэний төлөө түүндээ ногдох хөрөнгө оруулалтыг хийнэ. Мөн урьдчилгаа гэж 250,0 сая долларыг жилийн 10 гаруй хувийн хүүтэй зээлснээ төлнө. Яагаад “ямар нь мэдэгдэхгүй нэг компани” гээд байна гэвэл Торонтогийн бирж дээр арилжаалагдаж байгаа Оюутолгойгоор барьцаалж бүртгэгдсэн, хувьцааных нь үнэ нь өсөхөөр эзэмшигчдээ ашиг өгдөг хувьцааг л лав Монголын засгийн газар эзэмшдэггүй.
Тавантолгой ямар үнэтэй вэ?
Овооттолгой гэж Тавантолгойгоос баруун урагш, Хятадын хилээс  45 км зайтай байдаг нүүрсний орд ямар үнэ цэнэд хүрсэнтэй жишиж үзвэл Тавантолгойн үнэ цэнийг мэдэх боломжтой.
Овооттолгойн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг өнөөх л “Айванхоу Майнз” эзэмшдэг юм байна.
2 сая орчим доллар төлөөд ордын нөөцийн хэмжээг болон уг ордыг ашиглахад хөрөнгө оруулах нь ашигтай юу үгүй юу гэдгийг харуулдаг техник-эдийн засгийн үндэслэл гэдэг баримт бичгийг олон улсын санхүүгийн салбарынхан хүлээн зөвшөөрдөг мэргэжилтнүүдээр хийлгэсэн байна. Орд газрыг ашиглахад хөрөнгө оруулах эсэхээ  шийдэхэд энэхүү техник эдийн засгийн үндэслэл л хамгийн чухал байдаг. Энэ бичиг баримтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй мэргэжилтнүүд хийсэн эсхүл тэд хүлээн зөвшөөрсөн байх нь чухал.  Тэд яагаад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг вэ гэхээр алдаа гаргаж байгаагүй, мөнгө ахиухан төлчихвөл хуурамч дүгнэлт гаргаад өгчихдөг “хулхины” биш гэдгээ нотолж чадсанд байдаг. Ордын нөөцийг тогтоолгоод, техник эдийн засгийн үндэслэлээ гаргуулаад авсан бол нөөц сайтай орд дээр мөнгө босгоход нэг их хүндрэл байхгүй, ордоо барьцаалаад урт хугацаатай, бага  хүүтэй зээл авах боломж нээлттэй. Ийм боломж байгаа гэдгийг олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагууд хэлж байна. Өөрсдөө нүүрсний уурхай байгуулах ч албагүй. “Бидэнд ийм баялаг орд байна. Нүүрсний уурхай байгуулаад, олборлож гаргасан нүүрснээсээ төлбөрөө ав, харин монголчуудыг ажиллуулах хэрэгтэй” гэсэн болзол тавихад дуртай оролцох компаниуд хангалттай бий. Овооттолгойн ордод яг л иймэрхүү байдлаар Лейтон гэдэг туршлагатай компани уурхай байгуулах ажлыг нь Айванхоуд  хийж өгч байна. Харин Айванхоу монгол компани биш болохоор монголчуудыг ажиллуул гэсэн болзол тавихгүй нь ойлгомжтой.
Овооттолгойн орд олон улсын санхүүгийн зах зээлд  ямар үнэ хүрсэн бэ?
Ордын нөөцийг үнэ цэнийг тогтоогоод, техник эдийн засгийн үндэслэл хийлгэсний дараа Хятадын төрийн эзэмшилд байдаг томоохон хөрөнгө оруулалтын сан Овооттолгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Фрийдландын компанийн хувьцааны 15 орчим хувийг 550,0 сая доллараар худалдаж авчээ. Дараа нь Торонто, Хонг конгийн бирж дээр бүртгүүлээд мөн л 500,0 орчим сая доллар босгосон байна. Одоо уг компанийн хувьцааны нийт үнэ цэнэ нь 2,0 тэрбум доллар. Энэ мэдээллийг та дараах сайтнаас үзэж болно. www. southgobi.com Энэ компанийн хувьцааны 57 хувийг Айванхоу Майнз өөрийн эзэмшилд үлдээжээ.  2 сая доллар зараад л 2,0 тэрбумын үнэд хүрсэн компанийн хувьцааны 57 хувийг буюу 1,2 тэрбумын хөрөнгөтэй болчихсон байна. Үүний цаад учир нь ердөө л баялаг нөөцтэй ордыг ашиглах эрхийг эзэмшиж байгаад, өөрөөр хэлбэл түүний эзэн нь болчихсонд байгаа юм.
Тавантолгойн орд энэ ордтой зүйрлэвэл ямар давуу талтай вэ?
Овооттолгойн ордын нөөц нь  150.0 сая тн, тэгвэл Тавантолгойнх 6.4 тэрбум тн, өөрөөр хэлбэл 42,6 дахин илүү. Төмөрлөг хайлуулах үйлдвэрлэлийн шаардлагыг хангахуйц өндөр илчлэгтэй учраас илүү үнэтэй байдаг коксжих нүүрс Овоот толгойн нүүрсний дөнгөж 35 хувь нь байгаа бол Тавантолгойнх 65 хувьтай, уул геологийн нөхцөл буюу энгийн үгээр хэлбэл олборлоход хир хялбар вэ гэдгийн хувьд Тавантолгойнх мөн л илүү хялбар. Тэгэхлээр Тавантолгой маань Овооттолгойн ордоос хамгийн багаар бодоход 50 дахин илүү үнэ цэнэтэй. Өөрөөр хэлбэл, хамгийн хямддаа л 100.0 тэрбум долларын үнэд хүрэх боломжтой гэсэн үг.
Энэ их мөнгө үү бага мөнгө үү?
Өнөөдөр Монгол улс бүтэн жилдээ бүтээн бий болгож байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн 5.0 тэрбум доллар гэхээр бид бүгдээрээ 20 жил бий болгох нийт бүтээгдэхүүнтэй тэнцэнэ. Мөн гадаад дотоодын шинжээчид Монгол улсын дэд бүтэц, аж үйлдвэржүүлэлт, бэлчээрийн цөлжилт, утаа тоостой тэмцэх, бэлчээр усжуулах, мал сүргийг эрүүлжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэчлэлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмчилгээ үйлчилгээ, сургалт, тохирсон ажлын байрны асуудал, хөдөлмөрийн чадвартай хүн бүрийг ажлын байраар хангах, өрх бүр орон сууцтай болох асуудал гээд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж, монгол хүн бүр эх орондоо сэтгэл тэнүүн, ажил төрөлтэй, хүүхэд нь сургуультай, хот нь цэвэр цэмцгэр амьдардаг, хөгжин цэцэглэсэн орон болгоход 31-42 тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж тооцоолоод байгаа.

Монгол 999-ийн төсөл юугаараа давуу юм бэ?
Тавантолгойгоо ашиглах эрхийг гадаадынханд  өгөлгүй, Монгол 99-ийн санал болгож буй хувилбарын дагуу Монголчууд өөрсдөө бүхэлд нь аваад үлдвэл бид бүх асуудлаа шийдээд иргэн бүр чинээлэг болох боломж байна. 100.0 тэрбумаас хөрөнгө оруулалтад эхний ээлжинд хэрэгтэй 30.0 тэрбумд оногдох хувьцааг нь зарчихад цаана нь 70.0 хувь нь буюу 70.0 тэрбум долларын үнэ цэнэ бүхий хувьцаа нь Монголын ард түмний өмчлөлд үлдэнэ. Өөрөөр хэлбэл Монгол хүн бүрт 25.9 мянган долларын үнэ цэнэ бүхий хувьцаа оногдоно. Үүнээсээ жил бүр хамгийн багадаа 7 хувийн ногдол ашиг хүртэнэ гэвэл иргэн бүр жил бүр 2.4 сая төгрөг авна. 4 ам бүлтэй нэг өрх жил бүр 10.0 сая төгрөгийн нэмэгдэл орлоготой байх нь. Ингэснээр дэлхийд гайхагдаад байгаа Катарын иргэд шиг л амьдрах боломж байна гэсэн үг.
“Эрдэнэс МГЛ”-ийн төсөл ийм боломжийг олгох уу?
Өнөөдөр бидэнд амлаад байгаа ганц удаа хүртэх 1.5 сая төгрөгийн төлөө энэ баялагаа “Эрдэнэс МГЛ” боловсруулж, Засгийн газраас УИХ-д оруулсан төслийн дагуу гадаадынханд 30 жилээр олборлох, борлуулах  бүх эрхийг нь өгчихөөд, дээр нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж хэрэг дээрээ эзэн нь болгочихвол “Алтан дээр сандайлсан гуйлгачин” биш, “алт байсан нүхэн дотор суусан гуйлгачин” болно.
Ингэж бүх эрхийг нь өгвөл “Тавантолгойг ашиглах эрхээ Засгийн газар бүхэлд өөрийн мэдэлд үлдээнэ” гэдэг нь зөвхөн цаасан дээр л хоцорно.
Засгийн газар өдөр бүр шахуу хувилбараа өөрчлөөд УИХ-аар Тавантолгойг ашиглах “Эрдэнэс МГЛ”-ийн хувилбарыг зүтгүүлсээр л байна. Хамгийн сүүлд Тавантолгойг ашиглах эрхтэй үндэсний компанийн хувьцааны 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан ард түмэндээ, 10 хувийг нь мөн биржээр монголын компаниудад худалдаад 51 хувийг нь төрийн мэдэлд авч үлдэнэ, 29 хувийг нь гадаадынханд олон улсын хөрөнгийн зах зээлээр дамжуулан худалдана гэсэн хувилбарыг оруулаад байна. Энэ хувилбарын сул тал нь Монголын хөрөнгийн бирж дээр арилжих үед гадаадынханд үйлчилдэг хэдэн компани тэдний мөнгөөр үнэ цохиж хувьцааны 10 хувийг нь аваад дараа нь гадаадын бирж дээр зарахаас өмнө стратегийн хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулсан гэсэн нэрийн дор Засгийн газартай тохиролцож 29 хувийг нь гадаад эзэд нь нэмж аваад хяналтын багцтай болно гэсэн үг.
Монгол Улс авлигын индексээр дэлхийн орнуудаас сүүл мушгиж яваа. Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагууд монголын эрх мэдэлтнүүдийг нарыг авилгачид гэдгийг судалж тогтоогоод дэлхий нийтэд зарлачихаад байгаа. Ийм төрд хувьцааны 51 хувийг эзэмшүүлсэн үед Э.Бат-үүлийн хэлсэнчлэн “хулгайчид баялгаа мануулсан” хэрэг болно.
Бид яах ёстой вэ?
“Монгол 99”9-ийн санал болгож буй бүтэцтэй үндэсний компани байгуулж, Монголын иргэн бүрт хувьцааг нь үнэгүй эзэмшүүлээд, Монголын 30 гаруй мянган компаниас НӨАТ төлөгчөөр бүртгэгдээд байгаа 3000 гаруй компани буюу жинхэнэ хэрэг дээрээ үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын 70 хувийг эгнээндээ нэгтгээд байгаа “Монгол 999 үндэсний нэгдэл” ХК-д цаашид монголын хүссэн бүх компанийг нэгтгэх нөхцөлөөр хувьцааных нь 33 хувийг эзэмшүүлбэл, нөөцийн хэмжээг тогтоох, техник-эдийн засгийн үндэслэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдээр хийлгэх, олон улсын зах зээлд гаргах хүртэл компанийн үйл ажиллагаанд гарах зардлыг санхүүжүүлэх боломжтой болно. Энэ ажилд мэргэжилтнүүдийн тооцоолсноор 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болох юм. Үүнийг монголын үндэсний компаниуд гаргаж чадна.
Ингэж чадвал нэг талд монголын ард түмэн нөгөө талд монголын ард түмний төлөөлөл болж чадах үндэсний компаниуд хувьцааг нь эзэмшсэн жинхэнэ монгол компани Тавантолгойнхоо жинхэнэ эзэн болох нь хамгийн шударга, хамгийн оновчтой сонголт болно.
Бид УИХ-аас юу хүсэж байна вэ?
Бид өнөөдөр л энэ сонголтыг хийхгүй бол Монгол эх орон маань иргэний дайнд нэрвэгдсэн Африкийн орнуудын хойноос орох аюулын харанга дэлдэж байна.
Та бидний итгэлийг хүлээж сонгогдсон Их хурлын гишүүд маань ийм шийдвэр гаргаж чадах эсэхээс бидний болон Монголын маань үр хойчийн хувь заяа шалтгаалах болоод байна.
 Тэднээс шаардах нь бидний эрх билээ.
2,7 сая хувьцаа эзэмшигчтэй “Тавантолгойн уул уурхайн үндэсний корпораци” компанид Тавантолгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн болон ашиглах эрхийн хэсгийг биш бүхэлд нь өгөх шийдвэр гаргуулахын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе, монголчуудаа.
Б.Аюуш

Эрх баригчид эвгүй юм их хийж байна

минут
Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах болсонтой холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас энэ талаар хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүд гадаад дотоодынхны анхаарлыг татаад байгаа юм.   Энэ талаар “Монгол 999”-ийн ТУЗ-ийн гишүүн, “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважавтай уулзаж ярилцлаа.

-Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компани /консорциум/-ийг сонгох урьдчилсан шалгаруулалт ид өрнөж байна.  Тодруулбал, Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, консорциумыг шалгаруулах тендерийг та хэрхэн ажиглаж байна вэ?
-Өнгөрсөн оны долдугаар сараас эхлээд Тавантолгойн орд газрыг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах талаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг  “Монгол 999” нэгдлийн зүгээс анхааралтай ажиглаж, бас хяналт тавьж байгаа.  Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар УИХ-аас гаргасан тогтоол сайн болсон. Бүр маш сайн тогтоол болсон гэж хэлмээр байна. Уг тогтоолын хамгийн гол чухал хэсэг нь Монгол Улсын бүх иргэдэд хувьцаа эзэмшүүлэх  явдал. Харамсалтай нь УИХ-аас гаргасан тогтоолыг Засгийн газар, төрийн албан хаагчид, дарга сайд нар дураараа зөрчих хандлага ажиглагдаж байна. Хамгийн наад зах нь гэхэд компаниа байгуулаагүй байж ТУЗ-ын даргыг нь, гүйцэтгэх захирлыг нь томилчих жишээний.   Ер нь бол хууль, тогтоол гаргадаг дээд байгууллагынхаа шийдвэрийг үл ойшоож, гуйвуулж болохгүй биз дээ. Энэ тендерт монгол компани ялна гэдэгт итгэлгүй байгаагаа нуухгүй. Учир нь гурваас доошгүй оронд үйл ажиллагаа явуулж байсан компанийг шалгаруулна гэсэн нөхцөлөөр дотоодын үндэсний үйлдвэрлэгчдээ хааж боочихсон байна лээ. Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, консерциумыг шалгаруулах тендерт гадаад дотоодын нийлсэн 15 консерциум  оролцож байгаа юм билээ. Тэдгээрийн гурав нь Монгол компани байсан. Үнэлгээний хорооноос гаргах хураангүй жагсаалтад монгол компани орох болов уу гэдэгт би үнэндээ эргэлзэж байгаа. Шударга хэлэхэд гадаадын, өөрсдийнх нь ашиг сонирхолд нийцсэн компаниудаас  нэг нь тендерт ялах нь тодорхой.
-Гадаадын акулууд Монголд ирлээ гээд манайхан баярлаад байгаа шүү дээ.

Бөөн бөөн мөнгө “халааслах” нь гэж хөөрөөд л?
-Гадаадын тэр компаниуд, дэлхийн томоохон банкууд орж ирлээ гээд Монгол руу “вагон”-оор нь мөнгө ачаад ирэх юм биш шүү дээ. Банкууд гэхэд дэлхийн зах зээлээс манай нэрээр хөрөнгө босгохоор Монгол Улсын Засгийн газраас баталгаа авах гээд л улайраад байгаа хэрэг. Тавантолгойн орд газарыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар их мөнгөний, томоохон бизнесийн асуудал яригдаж байгаа нь үнэн. Энэ их мөнгөнөөс амтлах хүсэл гадаадынханд бас их байгаа нь харагдаж байна. Акулууд ирлээ, Монголыг их мөнгөний урсгал чиглэж байна гэж хөөрөхөөсөө илүү асуудалд няхуур хандмаар байна. Өөрсдийнхөө ашиг сонирхлыг дээгүүрт тавимаар байна. Гадныхан Монголыг сонирхож байгаа нь сайн хэрэг. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар маш ухаалаг шийдвэр гаргаж, зөв бодлого баримтлах ёстой.  Тавантолгойгоос их мөнгө түүх суурийг нь сайн тавих хэрэгтэй байна. Үүний тулд зарим хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. “Монгол 999”-ийн зүгээс монгол  компаниуддаа боломж олгох, зарим хуулийг ойлгомжтой болгох, тоглоомынхоо дүрмийг тодорхой болгохыг төрөөс хүсч байгаа.

-Тухайлбал, ямар хуулийг ойлгомжтой болгох гэж?
-“Эрдэнэс Тавантолгой” компани бол зуун хувь төрийн өмчит компани. Энэ утгаараа Төрийн өмчийн хороонд харьяалагдах ёстой. Харин газрын доорх баялаг бол төрийн нийтийн өмч. Төрийн өмч, төрийн нийтийн өмч бол хоёр өөр ухагдахуун.  Хоёр өөр хуулиар зохицуулагдах ёстой асуудал. Эндээс  хамаг хэрэг мандаад байгаа юм. Учир нь төрийн өмчийг Төрийн өмчийн хороо шийдвэрлэнэ. Харин төрийн нийтийн өмчийг хэрхэн ашиглах, захиран зарцуулах эрх нь ганцхан УИХ-д байдаг. Төрийн өмчийн хороо Тавантолгойн орд газрыг хэрхэн ашиглахыг мэдэх, шийдэх эрх байхгүй шүү дээ. Тиймээс бидний тавьж буй шаардлага бол эхлээд компани байгуулах хууль эрхзүйн орчноо бүрдүүлэх, захиран зарцуулах эрхзүйн зохицуулалтыг тодорхой болгох. Цаашлаад явбал хүн болгон хувьцаа эзэмшүүлнэ гээд заачихсан. Компанийн хуулинд бол хувьцаа эзэмшигчдийн оролцоо гэж байдаг.  “Эрдэнэс Тавантолгой” компаниас Монгол Улсын бүх иргэд хувьцаа эзэмшинэ гээд заачихсан мөртлөө тэдний оролцоог бас тэглэчихсэн. Угтаа бол “Эрдэнэс Тавантолгой” 2.7 сая хувь эзэмшигчтэй компани шүү дээ. Тэгэхээр  компанийн дүрэм ямар байх асуудлыг хувь нийлүүлэгчдийг оролцуулж, хамруулж байж нээлттэй хэлэлцүүлж шийдэх ёстой. Одоогийн компанийн хуулиар энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Энэ мэтээр асуудал их байна. Аль долдугаар сараас л энэ талаар ярьсан. Даанч эрх баригчид бидний тавьсан хүсэлт шаардлагыг хэрэгжүүлэх хэрэггүй гэж үзсэн юм байлгүй.

-Тэгээд яаж шийдэх ёстой байсан гэж Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил нэгэнтээ эхэлчихлээ шүү дээ.  Нөгөө галт тэрэг хөдөлчихлөө гэдэг шиг?
-Хөнгөн хуумгай ажил эхлүүлж байснаас асуудлаа цэгцэлж, ойлгомжтой тодорхой болсны дараа Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж болно шүү дээ. Дэлхийн зах зээлээс хөрөнгө босгох асуудал хуулийн дагуу явагддаг. Олон улсын хөрөнгийн бирж дээрээс  хөрөнгө босгох компанийн бүх асуудал хуулийн дагуу окей байх ёстой. Харин “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө маш их асуудалтай болохоор эргээд эвгүй байдалд орохгүй гэх газаргүй. Эхлээд газрын баялаг хэний өмч вэ гэсэн асуудал босно. Хоёрдугаарт иргэн бүрт тараах гээд байгаа хувьааны нэрлэсэн үнийг яаж тогтоох вэ гэсэн бас нэгэн асуулт гарч ирж байгаа юм. Баялгийн үнээр нь тогтоох юм уу, компанийн үнээр нь тогтоох юм уу. Үүнийгээ тодорхой болгох хэрэгтэй шүү дээ.

-Тэгээд иргэн бүрт тараах хувьцааны нэрлэсэн үнийг яаж тогтоох ёстой юм бол?
-Ёстой бүү мэд. Манай хуулиар бол газрын баялаг үнэгүй шахуу байдаг. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компани нь ямар өртөгтэй компани  байх нь тодорхойгүй байна. Эхлээд компаниа ном журмын дагуу шийдвэрлээд дараа нь орд газрынхаа үнэлгээг тогтоох ёстой юм шүү дээ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор Тавантолгойн орд газар 300-400 тэрбум ам.долларын өртөгтэй. Түүний арван хувийг нь иргэд эзэмших юм уу, эсвэл гэсэн бас нэг асуулт байна. Энэ бүх олон асуултад Монголын төр  тодорхой хариулт өгч чадахгүй байна гэдэг их ноцтой асуудал шүү дээ.  Компанийн хувь нийлүүлэгч нар нь тодорхой биш, тэгэхээр энэ компани эрхмэдэлтнүүдийн өвөрт орохгүй гэх баталгаа алга. Монгол Улсад нийтийн өмчийн тухай, зохицуулалт Иргэний хуулиндаа ч байхгүй, төр орон нутгийн өмчийн хуулинд ч байхгүй, өнөөдөр Монголд төрийн нийтийн хамааралтай өмч буюу энэ баялаг эрх мэдэлтнүүдийн өмч болчихоод байгаа юм. Энд ганц Тавантолгойн асуудлыг хөндөөгүй.  Монгол Улс цаана нь стратегийн гэх арван хэдэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Тиймээс эхлэлээ зөв тавья, эхнээсээ шударга явья гээд байгаа хэрэг.

-Тавантолгойгоос иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэхтэй холбоотойгоор хүмүүс дансаа нээлгээд эхэлсэн байгаа. Та үүнд хэрхэн хандаж байна вэ?
-Брокер дилерийн компаниуд бүтэн 20 жил унтаа байсны хэрэг одоо л гарна даа.  Энэ алтан боломжийг тэд овжин сэргэлэн ашиглаж чадвал шүү дээ. Өнөөдөр манайд 50 орчим брокер дилерийн компани байдаг юм билээ. Тэд зөвхөн бүртгэл явуулахад л 20-30 сая төгрөг “халаасална”. Арилжаа бүрээс хоёр хувийн шимтгэл авна гэхээр асар их мөнгөний бизнес явагдаж байна гэсэн үг шүү дээ. Хувьцааны хөдөлгөөн бүрээс тэд мөнгө “саана”. Тавантолгойгоос иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэхтэй холбогдоод зарим брокер дилерийн компаниудыг эрх мэдэлтнүүд худалдан авч байгаа гэх мэдээлэл байгаа. Нөгөөтэйгүүр арилжааны банкуудад бас брокер дилерийн эрх олгосон. Энэ буруу шүү дээ. Тэнгэр газар, тэмээ ямаа шиг ялгаатай хоёр өөр газрын асуудлыг хольж бантагнуулах хэрэг байхгүй л баймаар санагддаг. Энэ мэтээр эрх баригчид эвгүй юм их хийж байна.

”Тавантолгойчид” Монгол руу хошуурч байна


УИХ-ын чуулган завсарлаж, Монголын улс төр амарлаа гэж олон хүн эндүү бодож байж мэднэ. Тэгвэл яг одоо л бүх зүйл эхэлж байна. Учир нь энэ удаагийн хаврын чуулган Тавантолгойн талаар эхний том шийдвэрийг гаргаснаараа онцлогтой. Тиймээс ч энэ өдрүүдэд Монголд ОХУ, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон, БНСУ-ын зочид төлөөлөгчид ирээд байна. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн сонгон шалгаруулалтад оролцох саналаа ирүүлсэн консорциумууд төрийн төлөөллөө илгээж эхэлж буй нь энэ болов уу. Чуулган завсарламагц БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн,  Солонгос-Монголын парламентын бүлгийн дарга Жон Жан Сон тэргүүтэй төлөөлөгчид ирсэн. Ноён Жон Жан Сон Монголын улстөрчдийг сайн мэднэ. Урьд нь Монгол-Солонгосын бүлгийн даргаар олон жил ажилласан Ж.Наранцацралт агсныг таалал төгсөхөд эмгэнэл илэрхийлэхийн тулд зорьж ирж байсан нь түүнийг хүн чанартай улстөрч төдийгүй нөхөрлөлдөө тууштай эр гэдгийг  харуулсан. Тэрбээр энэ удаад хуучин нөхөдтэйгээ уулзаж, үүссэн нөхцөл байдлын  хүрээнд гуравдагч хөршдөө хэрхэн хандахыг нь харах гэж ирсэн нь энэ болов уу. Энэ өдрүүдэд УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн урилгаар БНХАУ-ын Өвөр монголын Өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны даргаар саяхан томилогдсон Ху Чунь Хуа нар айлчилж буй. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 18-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан бөгөөд энэ удаа Тавантолгойн асуудлаар баримталж буй Монгол төрийн бодлоготой танилцсан анхны эрхэм боллоо. Ийнхүү олон жил хөрсөндөө нуусан үүцийнхээ ачаар Монгол Улс их гүрнүүдийн анхаарлын  төвд дахин орж эхлэв.

ОРОСУУД МОНГОЛД ДЕСАНТ БУУЛГАЛАА

ОХУ-ын  Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.П.Горбатов, Засгийн газар хоорондын комиссын Оросын талын зарим төлөөлөл өнгөрсөн баасан гарагт Монголд ирээд байна. Энэ удаа оросууд ямар зорилгоор ирснийг Гадаад харилцааны яамны холбогдох албаныхан л мэдэж байгаа болов уу. Учир нь Засгийн газар хоорондын комиссын ажлын хэсгийн зарим гишүүн ч мэдээгүй байгаа ажээ. Тавантолгойн талаарх Монголын төрийн баримтлах байр суурь тодорхой болонгуут ийнхүү хойд хөршийнхөн ирсэн нь “Монголыг сонирхох эсэх”-ээ шийдэх гэсэн эцсийн алхам болов уу гэж таамаглах хүн ч цөөнгүй байна. Ажиглагчдын үзэж байгаагаар тэд Тавантолгойн хөрөнгө оруулалтад амжилт олохгүй ч гэсэн төмөр замаас зууралдах нь тодорхой юм. “Сталины хөшөөтэй хамтдаа өтөлж буй” гэх 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх асуудал хэтэрхий удааширч байгаагийн гол буруутан нь оросууд гэдгийг тэд өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг билээ. Дараагийн гол асуудал нь оросууд саяхан Белорусстай хийгээр дайтсан шигээ манайхтай уранаар дайтах магадлалтай. “Дорнод уран”-ын эзэмшил хувийг нэмэгдүүлэх зорилгын цаана зөвхөн шунал биш, хийж буй ажлынхаа алдаа оноо, ашиг, эрсдэлээ ч бүрэн хариуцах гэсэн эрмэлзэл буй гэж тэд хэлэх дуртай. Харин Канадын “Хан ресурс” компани уг асуудлаар Монголын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгөөд байгаа нь төлөвлөөгүй хурцадмал нөхцөл байдлыг буй болгосон. Үүнд Монголын гуравдагч хөрш АНУ ямар нэг байдлаар нөлөөлбөл ёстой л тэдний хэлээд байгаачлан Монголоос сонирхох юм үлдэхгүй биз ээ. Нөгөөтэйгүүр энэ удаад “Эрдэнэт”-ийн хувьчлалын талаар лав ярихгүй байх гэж ажиглагчид үзэж байгаа. Яг энэ асуудлыг өнөөдөр хөндөх сонирхол, шаардлага аль аль талд байхгүй. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөллөөс үүдэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын зам дардан болж магадгүй гэсэн горьдлого төрж байна. Энэ удаад хэлэх үгтэй, хийсэн ажилтай болохоор айлчлалын зорилго ч тодорхой.

“ХАДНЫ ЗАВСАР” ХАВЧУУЛАГДСАН МОНГОЛЫН ГЕОПОЛИТИК

Хойд хөршийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа дараагийн сэжиг нь Монголын улстөрчид хятадуудтай ажил ярьж шийдэхдээ илүү хурдтай ханддаг гэнэ. Учир нь Азийнхан авлигын арга замаар зоогийн ширээний ард ажлаа бүтээхдээ гаргууд. Харин оросууд уламжлалт ёсоор асуудлыг зарчмын дагуу буюу  хуралдааны шийдвэрээр ажил хэрэг болгох гэдэг хэмээн тайлбарлах юм билээ. Дашрамд дурьдахад, өнгөрсөн зургадугаар сарын 16-ны өдөр Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны зөвшилцөх уулзалт Москва хотноо болсон. Үүнд ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч,  “Нэгдсэн Орос” намын дээд зөвлөлийн байнгын хорооны гишүүн Александр Жуков, Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Гуандун мужийн хорооны нарийн бичгийн дарга Ван Ян нар оролцож, найрсаг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн харилцан ашигтай хамтран ажиллана хэмээцгээж байсан. Энэ талаар мэдээлэл сайтай байсан монголчуудын хувьд үүнийг “Монголыг хувааж идэх зөвшилцөл боллоо” хэмээн дүгнэх нь ч цөөнгүй байсан юм. Түүнчлэн наадмаар буюу энэ сарын 13-нд ОХУ-ын Ерөнхийлөгч  Д.А.Медведев, Воронеж мужийн амбан захирагч А.В.Гордеев нар Ц.Элбэгдоржид яг ижилхэн үгтэй баярын мэндчилгээ ирүүлсэн. Тодруулбал, уг мэндчилгээнд ноднин өдийд гарын үсэг зурсан баримт бичгүүд стратеги түншлэлийг хөгжүүлэхэд түлхэц өгнө гэдэгт итгэж байна хэмээн онцолсон байлаа. Дараа нь энэ сарын 21-22-нд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн Воронеж мужийн амбан захирагч А.В.Гордеевийн урилгаар тус мужид айлчилсан юм. А.В.Гордеев олон жилийн турш Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын талын ахлагчаар ажиллаж ирсэн. Эдүгээ худалдаа, эдийн засаг болон шинжлэх ухаан, техникийн салбарт Монгол Улстай хамтран ажиллах ОХУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгчөөр ажиллаж буй. Харин Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Монголын талын ахлагч байсан Д.Тэрбишдагва АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар солигдсон. Иймд нөхцөл байдал өөрчлөгдсөн тухайн цаг мөчид Элчин сайдтай хэл амаа ололцохыг чухалчилсан болов уу. Өөрөөр хэлбэл, дээр дурьдсан шинэ түлхцийг яаравчлуулахын тулд  барьцаа лавшруулж  эхэлсэн нь лавтай.

ШИНЭ СААД ТОТГОРУУД

ОХУ, Монголын хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа зогсонги байдалд байна гэж хоёр тал шүүмжилдэг. Гэвч үнэн хэрэгтээ жижиг бизнесмэнүүдийн хувьд харин ч харилцаа идэвхтэй үргэлжилж буй нь тодорхой билээ. Энэ эерэг талыг дагаж сөрөг үзэгдлүүд саад тотгор учруулсаар байгаа. Тухайлбал, “Алтан дорнод Монгол” компанийн захирал С.В.Паушок татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан хэргээр манай улсын Мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаа. Монголын Засгийн газрыг арбитрын шүүхэд мэдүүлсэн ч заргаа алдан өрөнд унасан түүний балаг хоёр улсын харилцаанд онцгой нөлөө үзүүлээгүй ч сэв суулгахад жижигдээгүй гэж хэлж болно. Энэ дуулиан намдаагүй байтал ОХУ-ын “Транс” банкны гүйцэтгэх захирал асан А.Е.Новожилов мөн л Мөрдөн байцаах газарт шалгагдаж буй тухай мэдээлэл газар авч эхэллээ. Монгол иргэдийн хадгаламжийн мөнгийг өөрийн орны иргэнд барьцаагүй зээлийн хэлбэрээр олгосон тэрбээр эдүгээ тун хүнд байдалд байгаа ч энэ нь манай иргэдэд огтхон ч хамаагүй, хадгалуулсан мөнгөө олж авах нь л чухал билээ. Энэ бүхэн ОХУ-ыг бизнесийн салбарт “гоё харагдуулахгүй” байгаа нь үнэн. Гэвч нүүгээд холдох аргагүй хоёр хөршийн хувьд эв эеэр зохицуулахаас өөр аргагүй нь ойлгомжтой. Түүнчлэн хэрэв Монголын Ерөнхийлөгч ОХУ-д айлчлахад хүрвэл төмөр замыг даргалж буй Оросын талын төлөөлөл С.И. Морозовын асуудлыг хөндөх нь дамжиггүй. Хэдийгээр олон жилийн туршид энэ албан тушаалыг Оросын удирдагчид дотны хүмүүстээ шагнал болгон бэлэглэсээр ирсэн ч эгзэгтэй цаг мөчид биеийн тамирын багш арай л чамлалттай байгаа гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Буриадын “Мясопром” компанийг дампууруулсан түүнийг А.В.Гордеевтэй махны бизнест дөрөө харшуулж явсан хэтэвч нэгтэй нөхөд хэмээдэг юм билээ.  Ерөнхийдөө В.Путины хүн хэмээдэг ч үнэн хэрэгтээ монголчуудын хуучин танил А.В.Гордеев Урал мужийн амбан захирагч болохдоо “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат компанийн захирлын албыг В.И.Якунинд “шилжүүлсэн” гэдэг. Хэрэв хоёр улсын Төрийн тэргүүнүүд уулзан учрах аваас хамтарсан байгууллагуудын асуудлыг заавал хөндөх тул чансаатай хүнээ явуулах болов уу гэсэн горьдлого тээсэн хүн ч цөөнгүй байна.

2011/02/14

“Эрдэнэс ТТ”-н танилцуулга үргэлжилж байна


Монгол Улсын 100 хувийн төрийн өмчит “Эрдэнэс МГЛ”-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын зах зээлд хэрхэн амжилттай гаргаж, ямар үнэд хүргэж чадах эсэхээ дэлхийн шилдэг хөрөнгө оруулалтын банкууд энэ өдрүүдэд танилцуулж байна.

“Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийх үйл ажиллагаанд зөвлөгөө өгч, бэлтгэл ажлыг хангахад олон улсын туршлагатай банк шаардлагатай. Тийм ч учраас энэ тухай нээлттэй тендерийг “Эрдэнэс МГЛ” компани, Төрийн өмчийн хорооны зүгээс олон улсад нээлттэй зарласан. Улмаар нэгдүгээр сарын 31-ний өдөр хаасан тендерт өрсөлдөх хүсэлтээ материалын хамт нийт 16 банк ирүүлсэн юм. Тэд Улаанбаатар хотноо өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн тус тусын санал, боломжоо “Эрдэнэс МГЛ” компанийн төлөөлөлд танилцуулж байгаа. Тодруулбал, эхний өдөр Standard Chartered банк танилцуулгаа хийсэн бол өнгөрсөн баасан гаригт БНХАУ-ын олон улсын банк болон Jeffries, HSBC /HongKong Shanghai Banking Corporation/ банкууд “Эрдэнэс МГЛ” компанийн төлөөлөлтэй уулзсан юм.

“Эрдэнэс Тавантолгой”-н зөвлөхийн сонгон шалгаруулалтад
хөрөнгө оруулалтын доорх банкууд өрсөлдөж байна.


1.    JP Morgan
2.    Gredit Suisse
3.    Goldman Sachs
4.    Morgan Stanley
5.    Deutsche bank
6.    Barclays Capital
7.    CITI
8.    UBS
9.    Standard Chartered bank
10.  Bank of China international
11.  Jeffries
12.  ING
13.    Bank of America Merrill Lynch
14.    HSBC
15.    Macquarie
16.    BHP Paribas


Оролцогчдыг харахад хөрөнгө оруулалтын чиглэлээр дэлхийд эхний 20-д багтах нэр хүнд бүхий томоохон банкууд байгаа юм. Жишээ нь UBS буюу Швейцарийн банкны нэгдэл нь 2006 оноос хойш дэлхийн хэмжээнд хийсэн IPO үзүүлэлтээрээ салбартаа жил дараалан тэргүүлж буй статистик байна. Мөн Ази тивийн компаниуд олон улсын хөрөнгийн зах зээлд гарах үйл явцдаа UBS-ийг хамгийн олноор сонгосон тухай сүүлийн үеийн үзүүлэлт байгаа юм. Цаашлаад IPO чиглэлээр хамгийн амжилттай ажиллаж буй банкны жагсаалтын удаах байруудыг Morgan Stanley, Goldman Sachs, JPMorgan, Bank of America Merrill Lynch, Gredit Suisse, Deutsche bank, CITI, China international Capital corporation болон Nomura нар эзэлдэг. Харин оролцогчдын дундаас JP Morgan нь Ухаа худагийн орд газрыг эзэмшигч буюу MMC /Mongolian Mining corporation/-ийн Хонконгийн хөрөнгийн бирж дэх IPO-г амжилттай зохион байгуулахад зөвлөгөө өгч ажилласнаараа монголчуудын дунд нэлээд танил болсон.

Ямартай ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн олон улсын биржид гарах ажлыг энэ оны сүүлч гэхэд амжиж зохион байгуулах саналаа Монголын тал уулзалтын үеэр  оролцогчдод хэлж байгаа. IPO хийхэд 1-2 жил гаруй хугацаа зарцуулдаг хэдий ч Хөрөнгө оруулалтын банкууд манай талын саналыг хүлээж авахад бэлэн гэдгээ мөн энэ үеэр дуулгаж байгаа юм. Тендерт оролцогчидтой хийж буй тусгайлсан уулзалт энэ мягмар гаригт /хоёрдугаар сарын 15/ Улаанбаатар хотноо өндөрлөнө. Улмаар сонгон шалгаруулалт явагдаж, энэ зунаас өмнө “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO Зөвлөх банк тодрох юм.

Тавантолгойд хувьцаа эзэмших үү?



Монгол Улс дэлхийд данстай Тавантолгойн нүүрсний ордоо ашиглаж, нийт 15 тэрбум ширхэг хувьцаа гаргахын 10 хувийг нь ард түмэндээ өгнө. Ерээд оны өмч хувьчлал шиг ягаан, ногоон тасалбар шиг өнгөтэй цаас хэвлэгдэж иргэдийн гар дээр очихгүй, энд тэндхийн хэдэн объектыг хувааж идэх эрх өгөхгүйгээрээ энэ хувьцаа ялгаатай. Үүнийг Монголын төр иргэдээ өмчтэй байх нэгэн зэрэг гарааг олгож буй хоёр дахь үйл явдал гэж нэрлэмээр. Малчин, ажилчин, жолооч, банкир эдийн засагч болон найман настай балчраас 80 настай буурай хүртэл хэнийг ч үл ялган энэ хувьцааг өгнө.

Хувьцааг эзэмшигч нь үндсэндээ хоёр хэлбэрээр ашиглах боломжтой. Хувьцаагаа зарж нэг удаа их мөнгө олох, эсвэл жил бүр ногдол ашиг хүртэх гэсэн хоёр янзаар үр шимийг нь үзэж болох юм. Манай хөрөнгийн бирж дээрх компаниуд төдийлөн ашигтай ажиллаж ногдол ашиг тараадаггүй болохоор иргэд үүнд тийм ч итгэлтэй байдаггүй юм билээ. Харин сүүлийн үед үнэ өсөхийг нь хүлээж, зарах сонирхолтой хувьцаа эзэмшигчид олшрох болжээ. Юутай ч монголчууд хүссэн хүсээгүй хөрөнгийн захын тухайд мэдлэгтэй болох шаардлага тулгарч байна. Их хөрөнгийн эзэд болсноор хувьцаагаа зарах уу, хадгалах уу гэсэн сонголтын өмнө ирж байна.

БРОКЕР, ДИЛЕРИЙН КОМПАНИ ОДОО Л ТАНД ХЭРЭГТЭЙ

Хувьцааг арилжаанд оруулахад зуучлагч байгууллага маш чухал. Энэ нь их хувьчлалаас болоод нэр хүнд шалан доогуур навс унасан брокер дилерийн компаниуд. Хувьцаа эзэмшигч тэдгээрээр дамжуулж Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/-д нэрийн дансаа нээлгэснээр арилжаанд оролцох эрхтэй болно. Одоогийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 48 брокер дилерийн компани байна. Гэхдээ өнөө уулын мод урттай богинотой гэгчлэн тэдний дунд сайн нь ч бий, муу нь ч бий. Найдвартай компани л байхгүй бол таны өмнөөс зараад хувьцааг чинь дамлачих эрсдэл гарахыг үгүйсгэх аргагүй. Өмнө нь ийм алдаа завхрал гарч байсныг бид бүхэн мэднэ, тиймдээ ч өнгөрсөн түүхийн алдааг дахин давтахгүй байхын тулд бас нэгэн анхаарах зүйл энэ юм. Брокер, дилерийн компаниудын нэгдсэн мэдээллийг Монголын хөрөнгийн биржийн вэб сайтаас авч болно. Таныг хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй брокер дилерийн компани таны өмнөөс бүхнийг хийх, танд хэрэгтэй бүх мэдээллийг хүргэдэг байх ёстой. Та аль нэгэн брокер дилерийн компаниар үйлчлүүлэхээр сонгохдоо урьдчилж сайн танилцаж, танд хэдэн хувийн шимтгэлээр үйлчлэх, танд ямар мэдээллийг гаргаж өгөх бололцоотой вэ гэдгийг судлаарай. Арилжааны шимтгэл гэдэг нь танд хувьцаа авч өгөх болон таны хувьцааг зарж өгөх бүрт тухайн мөнгөн дүнгээс авах шимтгэл юм. Жишээлбэл, танд гурван сая төгрөгийн үнийн дүн бүхий ямар нэгэн хувьцаа авч өгөхөд үүний дөрөв хүртэлх хувийг шимтгэл болгож авна. Шимтгэлийн дүнг тухайн компани өөрөө тогтоодог. Ерөнхийдөө брокер дилерийн компаниудын шимтгэлийн дундаж үнэ хоёр хувь гэсэн ханштай байна. Харин шимтгэлийн хамгийн дээд үнэ дөрвөн хувь гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоож хязгаарласан байдаг юм билээ. Түүнчлэн таны хүссэнээр хувьцааг чинь зарвал мөн л үнийн дүнгээс шимтгэлийн хураамж авна. Арилжаа хийгдсэний дараа таны хувьцаа эсвэл мөнгө ҮЦТТТХТ дэх таны нэрийн дансанд орох болно.

ДАНС НЭЭЛГЭХЭД НЭГ ӨДӨР Л ШААРДАГДАНА

ҮЦТТТХТ-д данс нээх ажлыг таны сонгосон брокер дилерийн компани хийнэ. Данс нээлгэхдээ иргэний үнэмлэхтэй байхад л болно. Харин энэ нь тодорхой хэмжээний үнэтэй ба энэ үнийг тухайн компани өөрөө тогтоодог. Мөн нэрийн данс нээлгэх гэрээ байгуулахад гарын үсгийн баталгаажилт заавал хийлгэсэн байх шаардлагатай. Нотариатч энэ баталгааг 1500 төгрөгөөр хийж байна. Гэрээ байгуулсны дараа танд ҮЦТТТХТ дэх дансны дугаар өгнө. Гэрээ байгуулахад нэг их хугацаа шаардагдахгүй ба брокер дилерийн компани ҮЦТТТХТ-д очиж таны материалыг хүргэснээр нэг өдрийн дотор л таны нэрийн данс нээгдэх болно. Энэ дансаараа дамжуулан өөр бусад компанийн хувьцаа авч болох юм. Хэрвээ хөрөнгийн биржээс хувьцаа авахыг хүсвэл та нэрийн дансандаа мөнгө байршуулах ёстой. Энэ мөнгийг нэр бүхий дөрвөн банкаар шилжүүлснээр брокер дилерийн компани таны захиалгаар хувьцаа худалдан авах юм. Хэрвээ та хүсвэл брокер дилерийн компанидаа хандан нэрийн дансан дахь мөнгөн үлдэгдэл болон хувьцааны мэдээллийг онлайнаар үзэж болно.

Одоогийн байдлаар 500 мянга орчим хүний нэрийн данс бий. Мөн тэдгээр нэрийн дансанд ягаан, ногоон тасалбарын үр дүн болсон хувьцаанууд ч бий. Иргэд энд данстай байна уу, хувьцаатай юу гэдгээ шалгуулахын тулд иргэний үнэмлэхтэйгээ Хөрөнгийн биржийн нэгдүгээр давхарт байрлах ҮЦТТТХТ-ийн Олон нийттэй харилцах албаар үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй.

2011 ОНООС ӨМНӨ ТӨРСӨН БҮХ ХҮН ХУВЬЦАА ЭЗЭМШИНЭ

“Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Хадгаламж Өмчлөх Эрх бүртгэлийн албаны менежер Ц.Оюунбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааны арван хувийг иргэдэд өгнө гэж байгаа. Иргэд энэ хувьцааг эзэмшиж, данс нээлгэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрсөн бүх иргэд хувьцаа хүртэнэ. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлэх иргэний шинэчилсэн бүртгэлд орсон иргэдийн  нэрсийн жагсаалтын дагуу  манай компани иргэн бүрт хуваарилах хувьцааны тоогоор хувьцааны бичилтийг хийх юм. Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 46 брокер дилерийн компани ажиллаж байгаа. Эдгээр компаниас сонголтоо хийж дансаа нээлгэх боломжтой.

-Өмнө нь өмч хувьчлалын үеэр нэрийн данстай болсон иргэдийн зарим нь энэ тухайгаа мэдэхгүй яваа. Тэд данс болон хувьцаатай байгаа эсэхээ хэрхэн мэдэх боломжтой вэ?

-Манай компанийн Олон нийттэй харилцах алба харилцагч хүлээн авч хувьцааны талаарх зохих зөвөлгөөг өгдөг. Иргэд өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ ирж, данс болон  хувьцаатай эсэхээ шүүлгэж болно.

-Өмч хувьчлалын үеэр олгосон цэнхэр, ягаан тасалбараа авдрандаа хадгалж буй иргэд байна. Эрхийн бичгийг одоо ашиглах боломжтой юу?

-Тухайн үед баталгаажуулаагүй байгаа бол дээрх  тасалбарууд хүчингүй. Харин тасалбараа өмнө нь баталгаажуулаад ямар компанийн хувьцаа эзэмшиж байгаагаа мэдэхгүй байгаа бол манай компани дээр ирж тодруулж болно.

-Данс нээлгэхэд иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Данс нээлгэхэд заавал брокер, дилерийн компаниар зуучлуулна. 16 наснаас дээш иргэд  иргэний үнэмлэх, 16 наснаас доош бол төрсөний гэрчилгээ, эцэг эх болон, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхтэйгээ очиж данс нээлгэх гэрээ байгуулж дансаа нээлгэх боломжтой.

-Иргэд брокер дилерийн компаниар дамжуулалгүйгээр өөрийн данс дахь мэдээллийг үзэж болох уу?

-Боломжтой, дансаа нээлгэсэний дараа манай компани дээр ирж  интернет дансны эрх нээлгэх шаардлагатай. Онлайнаар харилцагч өөрийн дансны талаархи мэдээ, мэдээлэл авах гурван төрлийн үйлчилгээ байдаг. Бүтэн жилийн хугацаатайгаар гурван үйлчилгээг цогцоор нь авахад 8000 төгрөгийн үнэтэй. Заавал гурван үйлчилгээг сонгох албагүй, аль нэгийг нь авч үйлчлүүлж болно.

-Брокер, дилерийн компаниар дамжуулж хувьцаагаа зарсан иргэд мөнгөө хаанаас авах вэ?

-Тухайн хувьцаа эзэмшигч нь өөрийн үйлчлүүлдэг брокер дилерийн компанидаа очиж, мөнгө хүссэн өргөдөлөө бичиж өгнө. Тухайн баримтыг үндэслэн манайх  төвлөрсөн хадгаламж дахь харилцагчийн данснаас түүний банкин дахь нэрийн данс руу мөнгийг нь шилжүүлдэг.

ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН ДАНСЫГ ЦЭГЦЭЛНЭ

Тавантолгой компанийн хувьцааг иргэдэд тараах ажлыг Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв гүйцэтгэх юм. Үүнтэй холбогдуулан тус төвд нэлээд ажил ундраад байна. Одоогийн байдлаар тус төвд 500 орчим мянган иргэдийн нэрийн данс нээсэн байгаа. Тэдний дунд 15 мянга нь давхардсан байгаа бөгөөд давхардлыг шууд нэгтгэх боломжтой програмаар арилгах юм байна. Энэ ажлыг Санхүүгийн зохицуулах хороотой хамтран гүйцэтгэх бол нас барсан болон харьяатаас гарсан иргэдийн дансыг жагсаалтаас хасах ажлыг Улсын ерөнхий бүртгэлийн газартай хамтран гүйцэтгэх юм байна. Мөн Тавантолгой 15 тэрбум ширхэг хувьцааны 30 хувийг монголын компаниудад нэрлэсэн үнээр худалдахаар төлөвлөсөн байгаа. Юутай ч ҮЦТТТХТ иргэдийн дансны мэдээллийг цэгцлэхээс гадна аж ахуйн нэгжийн дансны бүртгэлийг цэгцлэх  ажил байгаа юм байна. Татан буугдсан компаниудын бүртгэл байдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийг үндэслэн хасах ажээ.