Яагаад Хонгонкийн биржид энэ дөрөвдүгээр сард гаргана гэж байсан IPO хойшлов?
Энэ нь нөгөө л болчимгүй улстөрчдөөс буюу ард түмэндээ сая төгрөгний хувьцаа олгоно гэсэн баярт мэдээ уламжлах үндэс суурь болсон өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр УИХ-аас гаргасан 57 дугаар тогтоол гээчээс үүдэлтэй аж. Энэхүү тогтоолд иргэд Тавантолгойн хувьцаагаа Засгийн газартаа нэг сая төгрөгөөр эргүүлээд зарж болно гэж тодотгохдоо “нэрлэсэн үнэ” хэмээх санхүүгийн зах зээлийн айхавтар утга бүхий нэр томьёогоор илэрхийлсэн. Үүнийг нь олон улсын биржүүд тухайлбал, хамгийн түрүүнд IPO хийнэ гээд байсан Хонконгийн биржийнхэн нэрлэсэн үнийг тогтоосон хэрэг гэж үзэж таатай бус хандаж байгаагаа илэрхийлсэн. Бүр зах зээлд баймгүй өндөр үнэ ч гэж эргэлзмээр. Цаашилбал, хувьцаагаа хөрөнгийн зах зээлд гаргахаас тодорхой хувьцааны өмнө хувьцаатай холбоотой ямарваа нэг “хөдөлгөөн” хийж болохгүй гэсэн биржүүдийн нөхцөлийг зөрчсөн хэрэг болж байгаа. Тухайлбал, Хонконгийн бирж гэхэд энэ хугацааг зургаан сар гэж тогтоосон байдаг аж. Ингээд сонгогчдод “коко” үнэлгээ авах гэсэн эрх баригчдын тогтоол Тавантолгойн IPO-г гаргах бэлтгэлийг хангагсдыг түгшээгээд байгаа аж. Албаны хүний хэлснээр бол дээр өгүүлсэн нэрлэсэн үнэ гэсэн томьёоллыг хэлцлийн үнэ гээд өөрчилчихвөл асуудал бас арай өөрөөр эргэх юм гэнэ лээ. Манай улстөрчид ч гэж улстөрчид заавал нэрлэсэн үнэ гэж тогтоогоод чадан ядан урагшилж байгаа ажлыг чөдөрлөж л байдаг. Магадгүй тэдний ихэнх нь энэ хоёр үгний ялгааг бас сайн мэддэггүй ч биз. Мэдэхгүй мөртлөө мэдэмхий улстөрчдийн нэг гай энэ. Гэхдээ орондоо ч гэртээ ч хууль засч чаддаг манай парламентчид гялс нэмэлт өөрчлөлт хийгээд засчих биз гэж найдацгаая. Тэгвэл бас ч гэж тэдний өөрсдийнх нь хүсээд байгаачлан /мэдээж хэрэг хувьцаатай болсон жирийн иргэдийн ч бас хүсэл мөн л дөө/ сонгуулийн өмнө, тодруулбал ирэх тавдугаар сард Хонгонкийн биржид хувьцаа гаргах “мөр” тэгширч магадгүй гэж байгаа юм.
Харин дараагийн асуудал нь Лондонгийн бирж дээр хувьцаа гаргах. Энэ талаар ч бас эргэлзээтэй гэмээр мэдээлэл гараад байгаа. Монголчуудын “нөр их хөдөлмөр” Лондонгийн биржийн шаардлагыг хангахгүй байгаа юм гэнэ ээ гэж.
Олон улсын ном жишгээр бол Монголд ч юм уу Мозамбикид ч юм уу бүртгэлтэй компанийн хувьцааг шууд л FTSE-д гаргах боломжгүй. Тухайлбал, Лондонгийн биржид Тавантолгойн IPO-г гаргахын тулд Их Британид бүртгэлтэй толгой компани байгуулж, тухайн компанийн хувьцааг арилжаанд гаргах ёстой. Гэтэл манай эрх баригчдын яаруу мэдэгдэл хийгээд цаг хугацааны хүчин зүйл, тухайн биржийн шаардлага нөхцөлийн улмаас чингэх боломжгүй болоод байгаа аж. Мэдээж олон улсын зах зээлд хувьцаа гаргана гэдэг монгол морины наймаачид ханцуй дотроо битүүлээд л тохирчихдог шиг бүдүүн хадуун юм гэж юу байх вэ. Нарийн шаардлага нөхцөл, дүрэм журамтай эд байж таараа.
Гэхдээ Тавантолгойн хувьцааг гаргах бэлтгэл ажлыг хангагсад бас нэг арга зам байгаа гэж албан хүмүүс тайлбарлаж байна. Энэ нь “Global depository receipt” /GDR/ буюу олон улсын хадгаламжийн сертификат ашиглан хөрөнгө босгох арга. Энэ нь хоёр үе шаттайгаар буюу Монголд тухайлбал Монголын хөрөнгийн биржид арилжаалах хувьцааг багцлан хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан олон улсын зах зээлд гаргах юм байна.
Олонх маань санхүүгийн зах зээлийн талаар төдийлөн нарийн ойлголтгүй байгаа бидний хувьд бас нэг банкаар дамжуулаад, юм хум барьцаалсан, бүтэл муутай дам дамаа ажил болох нь гэж айх, эсвэл амь амьдралын маань баталгаа болох мэт найдвар төрүүлээд байгаа Тавантолгойн хувьцаа маань олон улсын тавцанд гарч үнэ хүрч чадахгүй нь гэж бодол төрж болохоор байгаа биз. Тэгвэл энд бас цаашид үүнийг хувьцаанд хөрвүүлж болно гэсэн тайлбар байгаа аж.
Эхэнд дурдсан ажлын хэсгийн хуралдааны талаар мэдээлэл дуулгахад энэ мөнөөх л дуулиант 39 дүгээр тогтоолтой холбоотой. Үүнд Тавантолгойн хувьцааны 10 хувийг иргэдэд үнэгүй, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр худалдах болон бусад гол гол асуудлыг томьёолсон Богдын лүндэн мэт өөрчилж болохгүй гэгдээд байсан тогтоолоо өөрчлөх нь нэгэнт тодорхой болоод байгаа. Үүнд аж ахуйн нэгжүүдэд олгоно гэж амласан 10 хувиа “эргүүлэн татаж” иргэдэд 10 биш, 20 хувийн хувьцаагаар бэлэг барих өөрчлөлт оруулах юм. Араас нь иргэддээ бодоод хувьцааны хувийг нь нэмсэн хүмүүнлэг гавьяат үйлсийн талаарх PR урсч өгнө биз. Гэвч энэ нь бас л ээлжит “ид шид” буюу “2,5 саяын молиго”-ынх нь үргэлжлэл.
2,5 саяын молиго саяхнаас тодорхой болж байгаа шиг Тавантолгойн талаарх аливаа асуудалд чиг мөрдлөгө болгох ёстой гэж ажлын хэсгийнхэн болоод гүйцэтгэх засаглалынхныг чичлээд байдаг хууль тогтоогчид өөрсдөө энэ тогтоолоо өөрчлөхөөр гэнэт идэвхийлэх болсны учир ч бас өнөөдөр тодорхой болж байна. Энэ бол жирийн иргэдэд хайртайдаа хувьцаа нэмж өгөх гээд байгаа энгүй өгөөмөр сэтгэл ч биш 2,5 саяын амлалтаа “нэг сая+1,5 сая=1.5 сая” болгосон илбээ цайруулах гэсэн бас нэгэн мэргэн санаа байжээ гэдэг нь. Эрх баригчид хувьцаа ч олгоно, 1,5 сая төгрөгөө ч өгнө гэж байснаа эцэст нь хувьцаа эсвэл нэг сая төгрөг гэсэн сонголтыг сэмхнээр тулгачихсан. Одоо ч иргэдийн зарим нь нарийн учрыг нь олохгүй хувьцаагаа ч, бэлэн мөнгөө ч авна гэж хөөрөлхөөд л явж буй. Харин сургалтын төлбөрөө тооцуулсан оюутнууд хийгээд удахгүй бэлэн мөнгө авна гэж байгаа ахмад настнууд хувьцаа авах эрхгүй, хувьцаа авсан нь харин бэлэн мөнгөний амлалтад хууртсанаа мэдэхийн цагт чамгүй хилэн, эсэргүүцэл дэгдэхийг ч үгүйсгэх аргагүй. Үүнийг мэдэхийн цаагуур мэдэж байгаа эрх баригчид хувьцаа бас сая төгрөгөө ч авна гээд иргэд түрхрэн босоод ирэхийн цагт амиа хоохойлохын тулд дахиад ийм нарийн арга сэдэж л дээ. Тавантолгойн хувьцааны 10 хувиар 1,5 саяын амлалтаа ”дарчихаад”, одоо хувьцааны амлалт нэхэгдэнгүүт аж ахуйн нэгжийн 10 хувийг “дээрэмдээд” иргэддээ өгчихөж байгаа хэрэг.
Уг нь нэг талаасаа аж ахуйн нэгжүүдээ ч дэмжиж, Тавантолгойдоо ч хөрөнгө оруулалт болгож, цаашилбал олборлолт ашиглалтад дотоодын компаниудынхаа хяналт оролцоог нэмэгдүүлнэ гэж байснаа ийнхүү сонгуулийн өмнөх үдийн хоол болгож байгаа хэрэг. Харин Тавантолгойн хувьцааг нэрлэсэн үнээр худалдаж авна гэж “мөрөөдөл”-өөр жигүүрлэж явсан аж ахуйн нэгжүүддээ юу гэж хэлэхийг мэдэхгүй. Магадгүй хэдхэн мянган аж ахуйн нэгжээс нэг сая гаруй сонгогч нь хүчтэй харагдаж байгаа болохоор тэд компаниудыг золигт гаргасан ч айх зүйлгүй гэж үзэж байгаа ч биз. Эсвэл аж ахуйн нэгжийн оролцоог уриалаад байсан компаниудын төлөөллүүд өнөөдөр тэгтэл их хэрүүл тэмцэл хийхгүй байхыг бодоход тэднийхээ амыг хазаарлах нэг арга бодчихсон, ямар нэгэн тохиролцоо хийчихсэн байхыг ч үгүйсгэх аргагүй юм даа.
No comments:
Post a Comment