2012/01/12

”Монголчууд нүүрсээ 33-хан ам.доллараар зарж байгаа”

Монгол бол эрчим хүчний шинэ тоглогч хэмээн дэлхий нийтээр зарлаад байгаа энэ үед Монголын нүүрсний салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар "Монгол нүүрс" ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Нарантай ярилцлаа.


-Улсын төсөвт нүүрсний экспортоос орж ирж буй мөнгөний хэмжээ жилээс жилд нэмэгдэх болсон. Эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрсний гуравны нэг нь нүүрсний салбараас хамааралтай гэж эдийн засагчид дүгнэж байгаа. Тэгэхээр өнгөрсөн жил манай улс нүүрсний экспортоос хичнээн хэмжээний ашиг олов, хэдий хэрийн нүүрс экспортолсон бэ гэдгээс ярилцлагаа эхлэе?

-Нүүрсний экспортын орлого Монгол Улсын экспортын нийт бүтээгдэхүүнээс олдог орлогын 45 хувийг бүрдүүлэх болсон. Энэ нь Монголын эдийн засаг нүүрсний экспортоос орж ирж буй хөрөнгө дээр тогтож байгаагийн илрэл юм.  Монгол Улс 2010 онд 25 сая тонн нүүрс олборлосны 18 сая тонныг нь Хятадын зах зээлд нийлүүлсэн байдаг бол 2011 онд  20 сая гаруй тонн нүүрсийг урд хөрш рүү гаргасан байгаа.  Өнгөрсөн онд нүүрсний экспортын хэмжээ 30 хувиар, орлогын хэмжээ 2010 оноос гурав дахин өссөн гэсэн тоон мэдээ бий. Нүүрснээс олох орлого хэдийгээр өсч байгаа ч зарим  нэг учир дутагдалтай, төрийн бодлогоор зохицуулах зүйл  ажиглагдаж байна. Нүүрсний тусгай хууль боловсруулж, энэ чиглэлээр хийж, хэрэгжүүлэх олон ажилд Засгийн газар анхаарал хандуулах хэрэгтэй байна. Өнөөдөр зөвхөн нүүрсээ ухаж гаргаад мөнгө олохдоо биш байгалийн энэ баялгийг хэрхэн зөв ашиглах вэ гэдгийг давхар бодолцох ёстой. Мэдээж, Монгол дэлхийн эрчим хүчний том тоглогч боллоо гэж худлаа хөөрцөглөөд, нүүрсний салбараас олж буй мөнгө “алаад өгч байгаа” хэмээн ярих  амархан. Харин байгалийн баялгаа нарийн бодлоготой, зөв системээр, төрийн зохицуулалтаар ашиглахгүй бол дураараа дургих үзэгдэл ажиглагдаж байна.

-Монгол Улс нүүрсээ дэлхийн зах зээлээс маш хямдхан үнээр Хятадад худалдаж байна гэх шүүмжлэл тасардаггүй. Хилийн наадах, цаадах үнэ тэнгэр газар шиг зөрүүтэй гэж. Хятадууд Австралийн нүүрсийг 300 ам.доллараар, харин  Монголын нүүрсийг 70-хан ам.доллар худалдан авдаг юм биш үү?

-Нүүрсний экспортын үнэд нөлөөлдөг зүйл бол чанар. Монголын нүүрсний чанар сайн ч манайхан хог шороотой нь бохироор нь ачиж аваад хилийн наана хятадуудад зарчихдаг. Гэтэл австраличууд нүүрсээ угааж, боловсруулаад Хятадад зарж байна. Тэгэхээр үнийн хувьд хоёр өөр байхаас яахав. Уг нь монголчууд нүүрсээ ядаж л угаагаад зардаг бол  үнэ нь нэмэгдэнэ шүү дээ. Нөгөөтэйгүүр монголчууд нүүрсээ хямдхан зарж байна, 70-хан ам.доллараар зарж байна гэдэг. Газар дээр нь очоод үзээрэй. 70 ам.доллар хамгийн үнэтэйд тооцогдоно шүү. Монголын нэг тонн нүүрсийг 33 ам.доллараар зарж байгаа компани байгаа шүү дээ. Би хэдхэн тоо баримт сонирхуулах маягаар хэлье. “Энержи ресурс” нэг тонн нүүрсээ 117 ам.доллараар зардаг. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрсийг 94 ам.доллараар хятадуудад худалдаж байна. Харин орон нутгийн “Тавантолгой” буюу бидний хэлдгээр жижиг “Тавантолгой” компани нэг тонн нүүрсээ хэдээр худалддаг гээч. Цаашлаад “Саусгоби Сэндс” компани Монголын нүүрсийг хятадуудад хэдэн төгрөгөөр зардгийг манай эрх баригчид мэдэж байгаа болов уу?

-Тэгээд “Тавантолгой”, “Саусгоби Сэндс” компани хэдээр зардаг гэж. Та  70 ам. доллараас бага үнээр зардаг гэж хэлэх гээд байна уу?

-Яг тийм. Өнөөдөр “Тавантолгой” компани нэг тонн нүүрсийг 33 ам.доллараар, “Саусгоби Сэндс” компани 40 ам.доллараар зарж байна. Гэтэл дэлхийн зах зээлд нэг тонн нүүрс 150-300 ам.долларын үнэтэй байгаа. Чанараасаа хамаараад шүү дээ. Ухаахудаг, Тавантолгой ордын нүүрсний чанар яг адилхан хэрнээ ийм тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Хоёулаа дээд зэрэглэлийн коксжих нүүрс. Гэтэл Ухаахудагийн нүүрс яагаад үнэтэй зарагдаад, Тавантолгойнх нь дөрөв дахин хямдхан байна вэ гэж асуумаар байгаа биз дээ. Учир нь нэг нь хувийн, нөгөө төрийн буюу орон нутгийн удирдлагуудын мэдэлд байдгаараа л нүүрснийх нь үнэ ялгаатай байгаа юм. Ухаахудаг дээр бүтээн байгуулалт явагдаж байгаа. Нүүрсээ баяжуулах эхний үйлдвэрээ ашиглалтад оруулчихсан, дэд бүтцийнхээ асуудлыг шийдвэрлээд явж байна. Гэтэл орон нутгийн “Тавантолгой” компани болохоор өөрсдөө олборлолт явуулахгүй, тээвэрлэлтээ ч хийхгүй. Хятадууд эксковатортойгоо ирээд л ордоос нь шууд ухаад ачаад явж байна. Тийм болохоор л нүүрсээ  дөнгөж 33-хан ам.доллараар зарж байгаа юм. Үнэндээ  орон нутгийнх нь удирдлагууд хөлжөөд л, тансаг зэрэглэлийн машин унаад давхиад байдаг. Гэтэл Монголын нүүрсийг хятадууд газар дээр ирж ухаад л  үнэгүй шахам авч байгааг төр засаг мэдээгүй  байна гэж үгүй. Уг нь “Тавантолгой” компани нүүрсээ өөрсдөө олборлоод, анхан шатны боловсруулалт хийгээд зарах юм бол Монгол Улсад орох ашиг нь өснө шүү дээ. Тийм сонирхол  Өмнөговийн удирдлагуудад байдаггүй юм шиг байна лээ. Коксжих нүүрс маань тийм бага үнэтэй зарагдаж байхад эрчим хүчний нүүрсийг өндөр үнээр зарна гэдэг худлаа. Монголын нүүрсийг хятадууд үнэгүй шахам авч баяжаад, монголчууд нь үнийн өсөлтөд нэрвэгдээд, ядуураад байгаа нь төр засгийн бодлоготой холбоотой гэж бодож байна. Үүнд л би харамсдаг юм. Нүдэн дээр минь Монголын баялгийг үнэгүй шахам ачаад аваад гарч байгааг харахаар. Хятадын “Чинхуй МАК” гэхэд л 46 ам.доллараар Монголын нүүрсийг Хятад руу зарж байна. Ийм байхад Монголын нүүрс яаж үнэд орох юм бэ. Дур дураараа үнэ хэлээд Монголын нүүрсийг хямдхан зарж, түүнээс олсон хэдхэн төгрөгийг нь эрх баригч “Хүний хөгжил сан”-гийн мөнгө болгоод тараачихаар Монгол Улс хөгжих үү. Тэгээд Монгол дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч гээд өөрсдийгөө ичихгүй зарлаад байгаа. Өмнөговь аймгийн хэдэн дарга нарын хийгээд байгаа энэ наймаанд Засгийн газар, холбогдох яам, агентлаг хяналт тавихгүй бол орон нутгийнхны мэдэлд өгсөн гээд сууж болохгүй юм шиг санагдсан шүү.  Та түрүүнд асуусан шүү дээ. Хилийн наана, цаана нүүрсний үнэ хоёр өөр, тэнгэр газар шиг зөрүүтэй байна гэж. Монголчууд нүүрсээ Хятадын эцсийн хэрэглэгчдэд биш зам зуурынх нь ченжүүдэд л зарж  байгаа юм. Хавар болохоор хятадын ченжүүд хөдөөгүүр яваад ноолуурыг малчдаас худалдаад авчихдаг шиг, өвөл айлын хотонд очоод л малыг амьдаар нь хямдхан аваад, хэдэн хүнд хямд хөлс өгөөд нядлууж, Хятад руу гаргадагтай яг ижил Монголын нүүрсийг хилийн наана хямдхан аваад цаана очоод ангилан ялгалт хийгээд өндөр үнээр эцсийн хэрэглэгчдэд зарчихаж байгаа юм. Уг нь монголчууд Хятадын ченжүүдэд биш эцсийн хэрэглэгчдэд нүүрсээ зардаг бол ашиг нь нэмэгдэнэ. Даанч хятадууд ингэхийг хүсэхгүй байна. Энэ нь төрийн бодлого ч байж магадгүй. Хэрвээ Монголын компаниуд Хятадын эцсийн хэрэглэгчидтэй холбоо тогтоочихвол нүүрсний худалдаанаас ашиг унагадаг хятадын жижиг компаниуд, ченжүүд нь ажилгүй болно. Иргэдээ ажлын байраар хангах Хятадын нэг бодлого ч юм билүү. Тиймээс л нүүрсний экспортын бодлогод Монголын Засгийн газар оролцмоор байна гэж хэлээд байгаа юм шүү дээ.

-Нүүрсний худалдаанд төр яаж оролцох ёстой юм бэ. Орон нутгийн  удирдлагуудад ордоо ашиглах эрхийг нь өгөх хэрэгтэй гэж улстөрчид яриад байгаа?

-Орон нутагт бүх эрхийг нь өгье гэж улстөрчид ярьдаг. Тэд яахав, улс төрөө хийгээд сайхан юм ярьж болно. Хамгийн гол нь улстөржилт эдийн засгаа, улс орноо баллаад хаячихгүй байх ёстой. Жижиг “Тавантолгой” компанийн үйл ажиллагааг харахад орон нутагт бүх эрхийг нь өгнө гэдэг бүтэхгүй явдал юм шиг бодогдсон. Өгдөг юм аа гэхэд орон нутгийн удирдлагууд хариуцлагатай, мэдлэгтэй, сэтгэлтэй, тооцоотой, эх оронч байх шаардлагатай байна. Ер нь төрөөс үндэсний компаниудаа дэмжээд, тэднийг уул уурхайн  олборлолт хийхэд боломж нөхцөлөөр нь хангамаар байна. Даанч монголчуудад бие биеэ дэмжих зан байдаггүй юм шиг байна. Хятадууд Тавантолгойд орж ирээд нүүрсийг өөрсдөө ухаж аваад хэдхэн зоос шидчихээд явчихаж байхад, Монголдоо хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа үндэсний компаниудаа хөлжлөө, Монголын баялаг хэдэн гэр бүлийн мэдэлд орлоо гээд байх юм. Хятадуудын мэдэлд Монголын баялаг орж байснаас монголчуудынхаа мэдэлд байсан нь дээр биз дээ. Шулуухан хэлэхэд Монголын уул уурхайн салбарт гадаадын хэдэн золбин компани ажиллаж байна. Тэд Монголын баялгийг хямдхан үнээр аваад өөрсдөө хөлжөөд буцаад явчихдаг. Монголчууд нөгөө л хоосон хэвээр үлддэг. Тиймээс төр нүүрсний салбарт тусгай бодлого боловсруулаад нүүрсээ 100 ам.доллараар доошгүй зарах ёстой гэсэн шаардлага тавих хэрэгтэй байгаа юм. Нүүрсний экспортод төрөөс тавих хяналтыг чангатгахгүй бол хятадууд Монголын баялгийн шимийг нь хүртээд, шимэлдгийг нь монголчууд долоох төдийхөн байж болохгүй биз дээ. Монголчууд алийн болгон “нутгийн индианууд” явах билээ. Гадныхан биднийг тэтгэмжээр хуурсан болоод л баялгийг маань сорчлоод байна.  Ингээд байгааг нь хэлээд, хэлээд төр засгийнхан ойлгохгүй юм. Ойлгохыг ч хүсдэг ч үгүй байж болох л доо.

-Монголын төр гадаадын компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байдаг шүү дээ. Өндөр технологитой, туршлагатай гэж ирээд л гадаадын компаниудыг сонгодог. Гадаадынхан нь болохоор монголчуудаас өндөр хөлс нэхдэг. “Эрдэнэс Тавантолгой” компани гэхэд л зөвхөн гадаадынхантай хамтарч ажиллах бодлого барьж байгаа?

-Энэ бол үнэн. Монгол Ул­сын Засгийн газар болж өгвөл гадаадынхантай хамтрах сонирхолтой байдаг. Гадаадынхан сайн, өндөр технологитой гэдэг. Монголчууд юугаараа дутах юм. Тэр тусмаа газрын баялгийг олборлоход монголчууд гадаадынхнаас нэг их дутаад, мэдлэг нь хүрэхгүйдээд байх юмгүй. Яахав боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэд гадаадынхны туршлага хэрэгтэй байж болно. Түүнээс газрын доорх баялгийг эксковатороор ухахад монголчууд туршлагагүйдээд байх юмгүй. “Эрдэнэс Тавантолгой”-н захиалгаар Зүүн Цанхид гадаадын компаниуд олборлолт хийлгэхийг буруу л гэж бодож байна. Өөрсдийнхнөөрөө хямдхан хийлгэчихэж болох юмыг өндөр хөлсөөр гадаадынхныг хөлслөх ямар хэрэг байгаа юм. Тэдний ашиг орлого, хөрөнгө Монголд үлдэхгүй нь тодорхой. Тэгсэн мөртлөө гадаадын хөрөнгө оруулалт ихэслээ гэж ирээд л ярих юм.

-Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засгийн өсөлт үсрэнгүй хэмжээнд хүрлээ гээд зарлаад байгаа. Үүнийг та хэрхэн хүлээж  авч байна?


-Гадаадын компаниуд Монголд үйл ажиллагаа явуулаад хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэхэд бас асуудалтай. Тухайлбал, Хятадын “Чинхуй МАК” гэхэд  Монголын нүүрсийг 46 ам.доллараар  зарлаа гэхэд тэр мөнгө Хятадад л шингэх тодорхой. Тэр мөнгө Монголд орж ирэхгүй. Монголын компаниудын нүүрсээ зарсан мөнгө л Монголд орж ирдэг юм шүү дээ.  Монголын Засгийн газар уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах гадаадын компаниудыг сонгохдоо захын, зам зуурын юмнуудтай хамтардаггүй баймаар байна. Засгийн газар хоорондоо ярилцаад тухайн улсын шилдэг компанийг оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй хэдэн доллар цүнхэлчихээд түүнийгээ өсгөхийн тулд Монголын баялгийг ухаад, хямдхан зарчихдаг золбин нөхдүүдтэй хамтармааргүй санагддаг. Ам.долларын ханшийн өсөлтийг ч би үүнтэй л холбож үзэж байгаа. Гадаадынхан  өөрсдийнхөө ажлыг хийхийн тулд оруулж ирсэн техник хэрэгслээ Монголд хийж буй хөрөнгө оруулалт гэж үздэг. Тэр ч бүү хэл өөрсдийнхөө унадаг өндөр үнэтэй жипийг хүртэл Монголд оруулсан хөрөнгө оруулалт гээд биччихсэн байдаг юм шүү дээ. Тэгэхээр Монголд оруулсан хөрөнгө оруулалт гэж чухам юуг хэлэх вэ гэсэн асуулт гарна биз дээ. Тэгвэл “Энержи ресурс” шиг цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, дэд бүтцийн асуудлыг шийдэхийг хэлдэг юм.  Монголд оруулсан хөрөнгө оруулалт гээд байгаа тэр техник хэрэгсэл нь хэдэн жилийн дараа муудаад хог болно. Харин цахилгаан станц бол байж л байх нь тодорхой. Түүнээс гадна гадаадынхан татвар дээр хүртэл ажилладаг юм билээ. Зардлаа зохиомлоор ихэсгэчихдэг. Тэгээд орлогоосоо зохиомол зардлаа хасаад багахан хэмжээний ашиг олсон болоод Монголд татвар төлдөг юм.

-Нүүрсний компаниуд сайн чанарыг коксжих нүүрсээ шилж зардаг. Гэтэл хүрэн нүүрснийх нь хог хаягдал уул овоо мэт ихсээд л байна. Үүнийг яаж зохицуулах ёстой юм бол. Нэг л мэдэхэд Монгол Улс коксжих нүүрсээ зараад дуусчихсан, хүрэн нүүрсний хог хаягдлаар дүүрэх дэг?

-Энэ асуудлыг төр засаг бодлогын хэмжээнд шийдэх ёстой. Тэгэхгүй бол сайныг нь сорчилж аваад, соргүй, чанаргүй нүүрсний хог нь Монголд үлдэж магадгүй. Тиймээс махны худалдагчийн нэг арга барил байдаг шүү дээ. “Гуя дагуулж хүзүү дайна” гэсэн. Энэ зөв арга. Махны худалдагч маань гуяа зарсаар байтал баахан хүзүүтэй хоцорвол яана. Тэгэхээр Засгийн газраас манайх Тавантолгойнхоо зургаан сая тонн коксжих нүүрс танайд зарна. Дагуул болгож хоёр сая хүрэн нүүрсийг танайх худалдаж ав гэсэн шаардлага тавих хэрэгтэй байна. Алдагдалтай ажиллаж байгаа Багануур, Шивээ-Овоогийнхоо хүрэн нүүрсийг Тавантолгойн коксжих нүүрсэндээ дайж “гуя дагаж хүзүү” гэдэг аргыг хэрэглэхгүй бол алдагдлыг нөхөх гээд эрчим хүчний үнийг нэмэхээр иргэдийн амьдрал хэцүүдэх гээд болохгүй, гэтэл уурхайн  алдагдал нь хэрээс  хэтэрчихээд байдаг хэцүү байдалд орохгүй шүү дээ.

-Монголын нүүрсийг Тянь­жинаар дамжуулж дэлхийн зах зээлд гаргана гээд яриад байсан худлаа болсон уу. Сүүлийн үед нэг л чимээгүй болчихлоо?


-Худлаа болоогүй, Тяньжины талаар ярьсан, хэлэлцсэн хэвээр байна. Энэ асуудлыг Засгийн газраас жаахан дэмнээд өгвөл  Монголын нүүрс Тяньжинаар дамжиж дэлхийн зах зээлд гарах юм. Далайд гарцгүй Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах ганц боломж Тяньжин. Нөгөөтэйгүүр хятадууд Тяньжин хүрэх тээвэрлэлтийн асуудлыг шийдэж өгөхгүй байгаа. Хэрвээ монголчууд нүүрсээ Тяньжин аваачаад зарчихвал хятадуудад ашиггүй болно. Тэр ч бүү хэл Хятад Монголын нүүрсийг төмөр замаар тээвэрлэхийг гурван жилийн өмнөөс хориглочихсон шүү дээ. Хятадын Засгийн газрын бодлого л доо.

-Нүүрсээ хямд зарснаас болж гадаад худалдааны алдагдал ихсээд байгаа гэсэн яриа бий?

-Харин ч гадаад худалдааны алдагдлыг нөхөж байгаа ганц орлого нь нүүрсний худалдаа. Харин гадаад худалдааны алдагдлыг үүсгэдэг зүйл бол газрын тос. Хэрвээ нүүрсний экспортыг хориглочихвол Монголын улсын төсөв сүйрэх болно.

-Ингэхэд Тавантолгойн төсөл хэрэгжээд эхэлбэл нүүрсний салбараас улсын төсөвт орох ашиг улам нэмэгдэнэ гээд байгаа шүү дээ?

-Тавантолгойн төсөл хэрэгжих юм уу, энэ янзаараа. Ажлын хэсэг анхлаад Тавантолгой  орд дээр АНУ, Хятад, Орос ажиллана гээд зарлачихсан. Гэтэл Япон, Солонгос гомдоллоод эхлэнгүүт, Орос, АНУ, Хятадынхаа хувийг бууруулна гэдэг, нөгөөдүүл нь анхны хэлэлцээр, ярьсан, тохирсныг нь сануулдаг. Хэцүүхэн байдалд байгаа шүү дээ. Тэгээд одоо ажлын хэсэгт өөрчлөлт орохоор болчихлоо. Н.Алтанхуяг ажлын хэсгийг ахалж байсан. Гадныхантай уулзахаар надаас асуудаг юм. “Танай Засгийн газар чинь ямар холион бантан  хутгаад байна аа” гэж. Монгол Улс энэ төслөөс болоод өнөөдөр олон улсад “шог” байдалд орчихоод байна. Овлигогүй хүн шиг харагдаж байгаа байх.  Дээрээс нь манай УИХ-ын гишүүд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүд шиг аяглаж байна шүү дээ. Компанийн удирдлагууд нь ямар мэдэлгүй, улстөрчдөөс үйл ажиллагаа хамааралтай болчихсон. Тавантолгой орд дээр гадныхныг оруулахгүй бол хувьцааны ханш нь өсөхгүй гэх маягийн юм яриад л. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ханшид гадаадын компани ямар хамаатай юм. Газрын хэвлий доорх нөөц ихтэй эсэх, нүүрс нь чанартай эсэхийг олон улсын байгууллагаар баталгаажуулсан байхад л боллоо шүү дээ. Мэдээж, төсөл үнэхээр хэрэгжээд эхэлбэл, нүүрсний экспортоос улсын төсөвт орох орлого нь ихэснэ.

No comments:

Post a Comment