2012/01/25

Тавантолгой гацаанаас гардаг нь өнгөрөв

Тавантолгой гацаанаас гардаг нь өнгөрөв
Тавантолгойн ордыг Засгийн газар оноос өмнө эдийн засгийн эргэлтэд оруулахаар зүтгэж байсан ч хараахан амжилгүйгээр сонгуулийн жилтэй золголоо. Сонгуулийн жилд намууд улстөржөөд эхлэв.

АН хамтарсан засгаас гарч, улс төрийн нөхцөл байдал эргэлзээтэй болж байна. Энэ дунд мөнөөх Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай асуудал "домог" болж хувирах нь. Ядаж байхад оны өмнө баруун цанхийн тендерийг буцаачихсан, бүх ажил эхнээсээ эхэлсэн шүү дээ, орос ах нарын "буянаар". Уг нь Засгийн газраас Тавантолгойн ордын баруун цанхид БНХАУ-ын "Шинхуа Энержи", АНУ-ын "Пибоди Энержи", "Оросын төмөр зам" ХНН болон Монголын хамтарсан консорциумыг шалгаруулаад байсан.

Энэ хүрээнд цанхийн баруун хэсэгт БНХАУ 40 хувь, АНУ 28, Орос болон Монголын хамтарсан консорциум тус бүр 18 хувийг эзэмшихээр байсан. Гэвч оросууд өөрийн эзэмших 18 хувиа ихэсгэхийг шаардсанаар овоо урагшилж байсан тендерийн шалгаруулалт гацсан. Түүнчлэн Оросын тал Тавантолгойн ордод шинээр тавигдах төмөр замын эрхийг Монгол Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгт шилжүүлэх хүсэлт гаргасан гэх мэдээлэл ч гарсан билээ.

"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгт Оросын тал 50 хувийг эзэмшдэг. Дээрээс нь Тавантолгойн ордод шинээр тавигдах зам дээр ноёрхлоо тогтоох гэж оролдсон бололтой юм. Үүнийг мэдээж, Засгийн газар хүсэхгүй шүү дээ. Оны өмнөхөн Монголын талын эзэмших 18 хувийг багасгаж, оросуудад өгөх тухай асуудал яригдаж байсан. Гэхдээ шийдвэрлэгдэж амжилгүйгээр шинэ онтой золгож, бүр хамтарсан засаг тарчихлаа. Асуудал тэртэй тэргүй "бантан" болж ядаж байхад засаг тарснаар Тавантолгойтой холбоотой бүх ажил цоо шинээр эхэлж байна.

Энэ тохиолдолд хоёр жилийн турш шийдэж чадаагүй байсан хар алтны их үүцийн асуудлыг сонгуулиас өмнө шийднэ гэдэг тун хэцүү байх нь тодорхой. Ядаж байхад зүүн цанхид оператор компани шалгаруулах ажил хүртэл сураг ч алга. Уг нь баруун цанхийг бодвол арай л асуудал багатай баймаар. Аль эрт л олборлогч компаниудыг урьдчилсан байдлаар шалгаруулсан тухай мэдээлэл гарсан шүү дээ. Зүүн цанхиа ч болов эцэслэчихэн бол одоо баруун цанхи гээд сууж баймаар. Харамсалтай нь Тавантолгойн нүүрсийг олборлох компани, тээвэрлэх, төмөр зам, баруун зүүн цанхид ажиллах компани, стратегийн хөрөнгө оруулагч гээд бүх зүйл тодорхойгүй байна.

Сонгуулийн жил эхэлсэн. Хоёр нам аль аль нь улстөржиж эхэлнэ гэсэн үг. Ялангуяа Монголын ард түмний ирээдүйтэй холбоотой Тавантолгой мэтийн чухал асуудал улстөржилтийг тойрч гарахгүй л болов уу. Дотоодын улс төрийн нөлөөнөөс гадна гадаадын сонирхогч талуудын дарамт, шахалт гээд тоочоод байвал зовлон их байна.

Ядаж л ажлын хэсэг нь шинэчлэгдэн байгуулагдах нь. Ажлын хэсгийг ахалж байсан Тэргүүн шадар сайд тэргүүтэй АН-ын сайд нар ажлаа өгчихсөн. Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуягаас гадна Сангийн сайд асан С.Баярцогт, БОАЖ-ын сайд Л.Гансүх нар Тавантолгойн асуудлыг хариуцаж байсан билээ. Тавантолгойн асуудлыг хариуцах Засгийн газрын ажлын хэсэг таван гишүүнтэй, гурав нь АН-ынхан байв.

Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийн гишүүдийн талаас илүү хувь нь шинээр томилогдох нь. Шинээр томилогдсон сайд нар өмнөх ажилтайгаа танилцана, уулзаж ярилцана, худалдана гээд ажил ихтэй. Шинээр томилогдох МАН-ын сайд нарын тухайд Тэргүүн шадар сайдад У.Хүрэлсүх, Сангийн сайд Д.Хаянхярваа, БОАЖ-ын сайдад Гадаад харилцааны яамны ТНБД асан Д.Цогтбаатар нар яригдаж байгаа. Ямар ч байсан тэднийг томилсны дараа Тавантолгойн асуудал яригдаж эхлэх биз ээ.

Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тэргүүн шадар сайд тэргүүтэй зарим сайд нарыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. Дээрээс нь МАН-ын сайд нарыг үг дуугүй хүлээн зөвшөөрнө гэж байсан АН-ынхан Ерөнхийлөгчийн санааг дэмжихээ илэрхийлсэн. Байдал эвгүйтвэл шинэ Засгийн газар бүрэлдэн тогтох гэж ихээхэн хугацаа алдах нь бололтой.

Шинэ Засгийн газар байгуулагдаад Тавантолгойн асуудлыг эцэслэх гээд УИХ-д оруулаад
ирлээ гэж бодъё. Сонгууль дөхөж байхад МАН-ынханд Тавантолгойг тавиад туучих сонирхол АН-ынханд мэдээж байхгүй шүү дээ. Тэд сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж байгаа нэрээр бүх асуудлыг гацааж таарна. Тэгж байтал сонгууль болно. Сонгуулийн ажил албан ёсоор эхэлчихвэл Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулах ажил "баяртай" болж таарна шүү дээ. Хамгийн гол нь энэ бүхэн зөвхөн Тавантолгой, эсвэл монголчуудын хувийн асуудал биш. Дэлхийн анхаарлын төвд байгаа.  

Монголчууд хоёр дахь томоохон ордоо хэрхэн оновчтойгоор эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгийг дэлхий дахин нүд цавчилгүй харж байгаа. Харин монголчууд гурван жилийн турш хийж чадалгүйгээр сонгуультайгаа золголоо. Сонгуулийн дараа Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлцэл хийх, баруун, зүүн цанхи олон улсын сонирхлыг тэнцвэржүүлэх гээд бүх ажил дахиад л шинээр эхэлнэ. Юутай ч Тавантолгой гацаанд орсон. Гацаанаас гардаг нь өнгөрөв бололтой.

No comments:

Post a Comment