2012/01/13

Б.Энэбиш: Тавантолгой бүхлээрээ эргэлтэд орох ёстой

“Эрдэнэс Таван толгой” компанийн захирал Б.Энэбиштэй уулзаж ярилцлаа.


-Юуны өмнө ардчилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулалцаж, гар бие оролцож, басхүү нэлээд олон жил түүний “манаач” байсны хувьд тань Үндсэн хууль баталсны 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Үндсэн хуулийн ойн өдөр уншигчидтай маань уулзах болохоор мэдээж бидний яриа энэ түүхэн үйл явдлын талаар үргэлжилнэ. Гэхдээ хүмүүс сониуч байдаг юм хойно, яг өнөөдрийн халуун сэдвээс ярилцлагаа эхлэе, тэгэх үү, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлын хувьд... Ард­чилсан нам засгаас гарлаа. Гэтэл урагшилж өгдөггүй гэж байнга шүүмжлүүлдэг тендерүүдийн ажлын хэсгийн ахлагч нь Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, дээрээс нь ажлын хэсгийн таван сайдаас лав хоёр нь, С.Баярцогт, Л.Гансүх нар бас “явна”. Тавантолгойн ашиг­лалт хамтарсан Засгийн газ­рын үед шийдэгдчихээсэй гэсэн хүлээлт бол байсан. Гэтэл одоо орны сайд нар томилогдтол ажил нь гацах вий гэсэн болгоомжлол төрөөд байна л даа? 

-Хөрөнгө оруулагчдын сонгон шалгаруулалтын хувьд бол яриа хэлэлцээр Засгийн газрын төвшинд хийгдэж байгаа. Тийм болохоор компанийн бусад үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөөгүй. Бид хийх ажлаа хийгээд явж байна. Оператор компаниар ажиллахаар шалгарсан Австрали, Германы хамтарсан консорциум энэ оны нэгдүгээр сарын 1-нээс буюу энэ өдрүүдэд ажлаа хүлээж авч байгаа. Харин ч 2011 он “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд асар их ажлын жил байлаа. Бид нэг сая тонн нүүрс олборлосон. Байгуулагдаад ганцхан жил болоогүй байхад энэ бол муугүй үзүүлэлт. Манай уул, уурхайн ажил тогтворжиж байгаа. Бид мөн Тавантолгойн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах бэлтгэл ажлыг олон улсын банкууд, зөвлөхүүдийн хамт хийж байгаа. 

-Гэхдээ хувьцааг тань нэг сая төгрөгөөр эргүүлээд худалдаад авчихна гэж улстөрчид амласнаас болж асуудал хүндрээд байгаа юм биш үү? Хөрөнгийн зах зээлд гаргаагүй мөртлөө нэрлэсэн үнэ тогтоочихлоо гэж....? 

-2011 оны арваннэгдүгээр сарын 31-нд УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолын заалт бага зэрэг хүндрэл үүсгэхээр байна. Нэрлэсэн үнээр шууд нэг сая төгрөгтэй дүйцэхүйц гэж шууд зааж тогтоож өгсөн нь зах зээлийн зарчмаар олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцааны үнийг тогтоох ёстой атал, өмнө нь улсын хэмжүүрээр нэрлэсэн үнэ тогтоох нь хөрөнгийн биржүүдийн журам шаардлагад нийцэхгүй байна гэж IPO хийхэд хүндрэл учруулахаар байгаа. Тийм учраас УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэгт хандсан байгаа. Хөрөнгийн биржүүд энэ талаар зөвлөгөө өгч байгаа. Мөн тогтоолд Засгийн газраас иргэдтэй хийх худалдааг ойрын хугацаанд эхлүүлэх гэсэн заалт нь зарим биржүүдийн цаг хугацааны шаардлагатай бас нийцэхгүй байгаа. Тухайлбал, Хонгонкийн хөрөнгийн бирж ямарваа нэг хувьцаатай холбоотой хийх хөдөлгөөнийг IPO хийх хугацаанаас дөрвөн долоо хоногийн өмнө хийх ёстой гэх мэт нөхцлүүд тавьсан байдаг. Гэтэл Засгийн газар яаравчлан хувьцааг гаргаад эргүүлээд Засгийн газар нь худалдаж авна гэх хөдөлгөөн нь тухайн хөрөнгийн биржийн шаардлагад нийцэхгүй болох гээд байгаа юм. Энэ мэт цаг хугацааны хувьд ямар нөлөөлөл гарах, одоо байгаа нөхцөл байдалд нийцсэн хэлбэрээр яаж IPO хийх вэ гэдэг чиглэлээр бид нэлээд ярилцсан. Монголын хөрөнгийн бирждээ эхлээд хувьцаагаа арилжаалаад хадгаламжийн бичиг гаргах хувилбараар Лондонгийн хөрөнгийн биржид эхний алхмаа хийгээд, тодорхой хугацааны дараа энэ бүх үйл ажиллагаа маань өргөжиж, тогтворжиж, дэд бүтэц, эрчим хүч, усан хангамжийн систем гэх мэт асуудлыг шийдэж, үйл ажиллагаа маань өргөжиж, тогтворжсоны дараа хоёр дахь алхмаа хийх хувилбар руу л явах гэж байх шиг байна даа.

-Сонгуулиас өмнө хувьцаагаа гаргачихлаа гэх хүсэл сонирхол бол улстөрчдөд их байгаа байх. Гэтэл та нар амжихгүй юм шив дээ? 

-Мэдээж сонгуулиас өмнө гаргахыг хичээнэ. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд нийцэж, тогтсон хэлбэрээр хийх шаардлага гарч ирж байна. 

-Таны дээр хэлсэн 57 дугаар тогтоолоос болоод Хөрөнгийн биржүүд бид танай хувьцааг гаргахгүй гээд хориглочих нөхцөл байдал үүсэхээр байна уу? 

-Үүсэхгүй. Нэрлэсэн үнэ гэдгийг Засгийн газар иргэд хоорондын хэлцлийн үнэ гэдэг байдлаар өөрчлөх ч юм уу, асуудлыг зөв зохицуулаад явчих боломж бий.    

 
-Нийт хувьцааны 20 хувийг иргэдэд олгоно гэж тооцоолоод нэг сая төгрөгтөө хуваагаад үзвэл нэгж хувьцааны үнэ 900 гаруй төгрөг болж байна, тийм үү. Энэ их өндөр үнэ биш үү. Иргэд Засгийн газартаа ийм үнээр хувьцаагаа зарахад бол мэдээж сайхан л даа. Гэхдээ энэ нь цаашид хадгалагдаж чадах уу, бирж дээр... Ер нь бол хувьцааны нэрлэсэн үнэ ямар байхыг хүн болгон л сонирхож байсан. Хэт өндөр тогтоож болохгүй гэж байнга анхааруулж байсан санагдах юм? 

-Хувьцааны нэрлэсэн үнийг хэт өндөр тогтоох нь эргээд компаниа өрөнд оруулах ч эрсдэлтэй. Тухайн хувьцаа нэрлэсэн үнээс доогуур зарагдах юм бол компани өөрөө худалдаж авах журам манай хөрөнгийн биржид ч, Лондонгийн хөрөнгийн биржид ч бий. 

-Ингэхэд Хамтарсан Засгийн газар задарч, өмнө хэлэлцээр хийж байгаа сайдууд өөрчлөгдсөнөөр арайхийж ялагчаар тодруулаад байсан стратегийн гурван түнш өөрөөр хэлбэл Тавантолгойд өмнө баримталж байсан бодлого өөрчлөгдөх вий гэсэн болгоомжлол байна. Хэдийгээр түншээ?

-Мэдээж Монгол Улсын геополитек, гадаад эдийн засгийн бодлоготой холбоотой асуудал учраас өөрчлөгдөхгүй байх. Засгийн газрын төвшний хэлэлцээр гэж би хэлсэн шүү дээ. Хэлэлцээр үргэлжилж явагдах нь тодорхой. Мэдээж энэ асуудал их тодорхой болох юм бол IPO-гийн үнэлгээнд ч бас тодорхой нөлөө үзүүлэхээр байгаа юм. Аль уурхайгаас ямар орлого олох нь ч тодорхойгүй болохоор хүндрэл үүсэхээр байдал бол байгаа. Гэхдээ Монгол Улсын геополитек, гадаад эдийн засгийн бодлогын дагуу эдийн засгийн ашигтай байдал бүхнийг уялдуулан энэ хэлэлцээр бол үргэлжлэн явагдана. Тавантолгой бүтнээрээ эргэлтэнд орох ёстой.  

-Улс төрийн нөхцөл байдлаас болоод хэлэлцээр сунжрах, магадгүй бодлого нь өөрчлөгдөх вий гэсэн болгоомжлол танд мэдрэгдэж байна уу?  

-Ер нь хэлэлцээр сунжрах нь ямар ч нөхцөлд зөв зүйл биш шүү дээ. Гэхдээ ажлыг эрчимжүүлэх байх. 2012 оны хувьд Эрдэнэс Тавантолгой компанийн хувьд маш их ажлын жил байх болно оо. 

-Та саяхан “Эрдэнэс МГЛ” болон “Эрдэнэс Тавантолгой” захирлын ажлыг хавсран ажиллаж байснаа “Эрдэнэс МГЛ”-ээ хүлээлгэн өглөө. Миний мэдэхийн энэ компани ажилтан ч үгүй, төсөв нь ч батлагдаагүй байхад л та ажиллаж байсан. Тэгээд толгой компанийн захирлаа ажлаа хүлээлгэж өгөөд охин компанийн захирал болоход харамсалтай биш үү?

-“Эрдэнэс МГЛ” бол Монгол Улсын стратегийн орд газруудыг хөгжүүлэхэд оролцох үүрэгтэй таван жилийн өмнө байгуулагдсан компани. Би гурван жил захирлаар нь ажилласан. Уул уурхайн төслүүдээс орлого олоод ирэхээр маш том компани болох учиртай. “Эрдэнэс МГЛ” өөрийн охин компаниудыг байгуулсан. Түүний нэг нь “Эрдэнэс Тавантолгой”. Өмнө нь би энэ албан тушаалыг давхар хашиж байсан. IPO хийхэд тавигдах шаардлагын дагуу яах аргагүй охин компанийг тусгаарлах шаардлага гарч ирсэн. Энэ үүднээсээ бол Тавантолгойн орд дээрээ ажиллах компани дээрээ төвлөрч ажиллаж байна гэж ойлгож болох юм.  


Би Үндсэн хуулийг боловсруулалцсанаараа маш их бахархдаг 

-Ярилцлагын эхэнд амласан ёсоор одоо Үндсэн хуулийн ойн өдрийн тухай яриагаа үргэлжлүүлье. 20 жил гэдэг чамгүй хугацаа. Магадгүй бидний олонх тэртээх өдрүүдийн талаар сайн мэдэхгүй, эсвэл мартсан ч байж болох юм. Үндсэн хуулийг боловсруулахад Улсын бага хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуулийн зөвлөхөөр ажиллаж байсны хувьд анхны ардчилсан Үндсэн хуулийг баталж байсан тэр үеийг та дурсаач. Дааж ядсан ачаатай 76 хоног ч гэдэг. Гэхдээ хуулийг бага хурлаар хэлэлцэж эхлэхээс илүүтэй түүнийг боловсруулахад чамгүй л ажил шаардсан байх?


-1992 оны Үндсэн хууль бол нийгмийн асар том өөрчлөлттэй цуг гарч ирсэн, тэр нийгмээ бүхэлд өөрчилсөн, 1990 оны ардчилсан хувьсгалын шууд үр дүн юм. Социализмын үеийн Үндсэн хуулийг 76 хоног хуралдаад өөрчилчихсөн юм биш. Энэ бол нэг л хэсэг нь. Би бол Үндсэн хуулийг гурван үе шаттай “төрсөн” гэж хэлмээр байна. Энэ хууль яалт ч үгүй 1990 оны ардчилсан хувьсгалын шууд үр дүн болохоор 1990 оны гуравдугаар сарын 7-8-ны өлсгөлөн гэх мэт огцом үйл хэргүүд хуучин тогтолцоог халах, олон намын тогтолцоотой болох тэр шаардлагын өөрөөр хэлбэл өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгмийн бүхий л зарчим, хэв шинжүүдийг бий болгох эхлэлийг тавьсан. 1990 оны дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 5 хүртэл үргэлжилсэн, өлсгөлөн, жагсаал, цуглаан, улс төрийн яриа хэлэлцээрүүд шинэ төрийн тогтолцоог бий болгох асуудлуудыг дэвшүүлэн тавьснаар олон намаас бүрдэх байнгын ажиллагаатай парламенттай болох, намуудын нэр дээр санал авах гэх мэт шинэ төрийн зохион байгуулалтын тулгуур зарчмуудыг шийдэж өгсөн. Энэ үеийг би Үндсэн хууль бүрэлдэх эхний шат гэмээр байна. Энэхүү түүхэн яриа хэлэлцээрийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатаар ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс 1990 оны сүүлчээр байгуулагдаж, гавьяат хуульч Б.Чимэд гуайгаар удирдуулсан зөвлөх баг хуулийн төслөө боловсруулж, Улсын бага хурлаар хэлэлцэж, Монгол Улсын их цааз гэдэг нэртэйгээр бүтэн зуны турш Монгол Улсынхаа иргэдээр хэлэлцүүлж, саналыг нь авч Ардын их хуралд өргөн барьсан нь хоёр дахь үе шат. Энд хууль боловсруулах ажлын хэсгийнхний нөр их хөдөлмөр шингэсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Хууль боловсруулах ажлын хэсэгт ажиллаж анхны ардчилсан Үндсэн хуулийг боловсруулалцаж явснаараа би бахархдаг. Харин гурав дахь хэсэг нь Бага хурал 76 хоног хуралдаж баталсан нь. Энд шинэ хуучны асар их тэмцэл явагдсан. Эцсийн эцэст монголчууд 1990 оны ардчилсан хувьсгалын гол зорилго Үндсэн хуультай, олон намын тогтолцоотой, сонгуулийн арчилсан системтай байя, иргэдийнхээ эрх чөлөөг баталгаажуулах, засаглал нь тодорхой бүтэцтэй хуваарилалттай байх энэ бүх зарчмуудыг Үндсэн хуулиараа тунхаглаж чадсан. Энэ хуулиар бид 20 жил амьдарлаа. Хэрвээ Үндсэн хуулийн “араг яс”, тулгуур зарчим муу байсан бол одоогийнхоос хамаагүй нөхцөл байдал хүнд зам руу гулсч болох л байсан гэдгийг би хувьдаа хэлмээр байна. Энэ хуулийн хүрээнд л бид сонгуулиа явуулж, төр засгаа байгуулж, бас огцруулж, сайндаж ч, муудалцаж амьдарч ирсэн. Шинээр гарч ирсэн хүчнүүд ардчилсан зарчмуудыг дэвшүүлж, бас тулгаж хуучин хүчин нь ойлгож хүлээж авах нь хэцүү байсан энэ л тэмцлийн дундаас Үндсэн хууль төрсөн. Монголчууд бид учраа ололцож, Үндсэн хуульт төрөө байгуулсан нь маш том гавьяа. Шинэ Үндсэн хуулийг муу буруу гэж хэлэх хүн маш цөөхөн гэж би бодож байна. Би хувьдаа маш сайн хууль гэж хэлж чадна. 

-Та 1999, 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад мөн л хуулийн төсөл дээр нь ажиллаж байсан. Харин энэхүү өөрчлөлтийг дордуулсан долоон заалт гэж нэрлэх ч хүн байдаг?

-Би бол үүнтэй санал нийлдэггүй. Зайлшгүй өөрчлөх ёстой 3-4 асуудал бол байсан. Зарим нь ч заавал Үндсэн хуульд өөрчлөлт оруулалгүйгээр өөр хуулиар зохицуулах зүйл ч бас байсан. Тухайн үед би УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, өөрөөр хэлбэл УИХ-ын тамга баригч байсан хүний хувьд талийгаач УИХ-ын дарга асан Л.Энэбиш гуайтай цуг тамгыг нь дарах ажлыг гүйцэтгэж байсан түүхэн үйл явдал бий. Ийнхүү өөрчилснөөр түүхэн үүргээ ч гүйцэтгэсэн гэж би хувьдаа хэлнэ. Харин тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалдаа хөтлөгдөж, улс төрийн хүчнүүд хоорондоо тохиролцоод ард нийтээр хэлэлцэлгүй ердөө л хэдхэн цагийн дотор баталсан нь алдаа гэж би хувьдаа боддог. Үндсэн хууль бол аль нэг намын бус ард түмний хууль. Тиймээс ард нийтээр өргөн хэмжээний хэлэлцүүлэг явуулж байж л өөрчлөлт оруулах эсэхийг шийдэх ёстой юм. Хойшид ч хэрвээ Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах бол ард нийтээрээ хэлэлцэж, зохих журмын дагуу л шийдэх ёстой. 

-Эндээс бол би таныг одоо яригдаад байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг ч нэг их таашаахгүй байгаа юм байна гэж ойлголоо?

-Үндсэн хууль бол зүгээр л өөрчлөх хэрэгтэй гээд хүмүүсийн санаан зоргоор гар хүрэх зүйл биш. 1990 оны ардчилсан хувьсгал шиг нийгмийн тогтолцоог солих ч юм уу зайлшгүй бөгөөд бодит шаардлага гараагүй л бол. Тийм биш нэг нам хүчин “Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь боллоо” гэх байдлаар хандах юм бол маш буруу. Энэ Үндсэн хууль бол маш олон зүйлийг бодолцсон, бидний өнөөдрийг хүртэл “хайрцаг”-ндаа багтааж, нийгмийг тодорхойлж л байгаа хууль. Өнөөдөр л лав Үндсэн хуулийг өөрчлөх бодитой шаардлага лав алга. Үндсэн хуульд нийцүүлэн бусад хууль тогтоомжуудад өөрчлөлт хийх замаар зохицуулах боломжтой. Үндсэн хуулиар бүхнийг хуульчилдаггүй. Энэ бол зөвхөн хуулийн “араг яс”. Манай хууль араг яс сайтай учраас өөрчлөх зүйл байхгүй. Харин хамгийн болгоомжлох ёстой зүйл гэвэл Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэсэн хөөрлөөс үүдээд одоогийн байгаа хуулиа муутгах юм бол түүн шиг буруу бөгөөд аймшигтай үр дагавартай зүйл байхгүй. 

-Та яг 1999 онд Үндсэн хуулийг өөрчлөх тухай яриа дэгдэх үед хувь хүнийхээ хувьд ямар бодолтой байсан бэ? Яг өнөөдрийнх шигээ л байр суурьтай байсан уу? 

-Би 1999 онд УИХ-ын тамгын газрын дарга буюу “гал тогоо”-г нь хариуцаж ажиллаж байлаа. Түүний өмнө УИХ-ын Тамгын газрын хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын орлогч байсан. 1998 оны сүүлчээр УИХ-ын дарга, дэд дарга, намуудын бүлгийн ахлагч нарт санал танилцуулж байсан. Хурлын ирц бүрддэггүй, сайд томилдог, огцруулдаг гэх мэтчилэнгээр парламентын үйл ажиллагаа нэлээд доголдоод байсан цаг. Тиймээс ажил хариуцаж байгаа хуульчийн хувьд ийм асуудлуудыг цэгцлэхийн тулд ийм хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн санал байсан юм л даа. Сүүлд нь миний сана­луудаас заримыг нь Үндсэн хуулийн өөрчлөлт хийхдээ оруулсан байдаг. 

-Ингэхэд тэгвэл та чинь өөрөө Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачлагч нь юм биш үү?  

-Үгүй ээ. УИХ, Засгийн газрын хуулиудад өөрчлөлт оруулах замаар ийм асуудлуудыг шийдэх боломжтой гэсэн санал байсан юм.   

-Тэр бүх өөрчлөлтийг өөр хуулиудыг зохицуулах замаар хийж болох байсан гэж үү? 

-Зарим нэг зүйл гэж би хэлсэн шүү дээ. Үндсэн хуульд хийсэн зарим өөрчлөлтийг бол зайлшгүй хийх ёстой байсан. 

-Тухайлбал...?

-Тухайлбал, Ерөнхий сайдын томилоход Ерөнхийлөгчийн оролцоог тодорхойлж, Ерөнхий сайдыг сонгуульд ялсан нам буюу олонхийн суудалтай нам томилох нарийн хязгаарыг гаргаж ирсэн. Тэгэхгүй бол Ерөнхий сайдад санал болгосон хүнийг Ерөнхийлөгч нь буцаадаг, хэнийг ч хамаагүй томилдог хүндрэлтэй байдал байсан л даа. Өөрөөр хэлбэл, засаглалын нарийг заагийг гаргаж өгсөн. Хэрэв тэгээгүй байсан бол Ерөнхийлөгч олонхийн намын хооронд маш их зөрчил гарах магадлалыг хаасан. 

-Одоогийн хотын орлогч Д.Ганболдыг Ерөнхий сайдад санал болгоход Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцааж байсан байх аа? 


-Тийм. Ерөнхийлөгч түүнийг бу­цаа­­даг эрхийг хааж өгсөн нь парла­мен­тын засаглалын зарчмыг илүү ба­тал­­гаажуулсан алхам болсон. Манай тө­рийн тогтолцооны хамгийн гол асууд­­луудын нэг Засгийн газраа байгуу­лах процессыг нэг мөр болгосон. Тэ­гээгүйсэн бол бидэнд өнөөдөр ч 1996-2000 онд тохиолдож байсан явд­лууд хэвээр л байх байсныг үгүйсгэх аргагүй.

-Засгийн газрын гишүүдийн тодорхой хувь нь УИХ-ын гишүүд байж болно гэсэн хязгаарлалтыг хассан нь одоо харин УИХ-ын гишүүд нь засагтаа ороод суучихдаг, Засгийн газар нь УИХ-аасаа ч том толгойтой болох хямралын эхийг тавьсан гэж бас буруутгагдаад байдаг...? 

-Дээр хэлсэн Үндсэн хуулийн цэц УИХ хоёрын харилцаанд асуудал байсан гэж. Цэц УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүн байж ерөөсөө болохгүй гэж хуулийн төслийг унагаж байсан. Гэтэл нөгөө талаасаа томоохон салбар хариуцсан сайд нь УИХ-ын гишүүн байх нь нэлээд ач холбогдолтой байдаг. Иймэрхүү зохицуулалтын УИХ-ын тухай ч гэдэг юм уу өөр хуулинд зохицуулалт хийх байдлаар шийдэх боломжтой байсан ч УИХ, цэцийн маргаанаас болоод Засгийн газрын бүх гишүүд УИХ-ын гишүүн байж болохоор заалт оруулчихсан. Энэ бол цэвэр УИХ, Цэцийн зөрчилдөөний асуудлаас болсон.     
    
-Үндсэн хуульд хэдийгээр засах залруулах зүйл байж болох ч эцэг хууль гэдэг утгаараа, бас нэг гар хүр­вэл дахин дахин сарвалзах жи­шиг тогтох вий гэдэг утгаар засах шаардлагагүй гэж үздэг хүмүүс бай­даг юм билээ. Жишээлбэл, өнөөгийн нөхцөлд харахад Мал бол төрийн хамгаалалтад байх ёстой гэж Үнд­сэн хуулиндаа заачихаад яагаад хүнээ хамгаалдаггүй билээ гэж шүүмжилдэг?

-Би бол Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний буруу зүйл байгаа гэж би бодохгүй байна. Үндсэн хуулийн хүрээнд бусад хуулиар зохицуулаад явах боломжтой. Шүүмжлэх нэг хэрэг. Нэгэнт л 1990 оны нийгмийн тусгал болоод тэр үг байж байгаа болохоор яаж тэр үгийг хууль зүйн талаас зөв ач холбогдолтой байлгаж болох вэ гэдгийг бодох л ёстой. Одоо ч Монгол Улс мал аж ахуйгаас өнөөдөр ч маш их хамааралтай хэвээр л байгаа. Энэ үүднээс мал сүргийг хамгаалах, үржүүлэх, вакцинжуулах бодлого хэрэгжүүлэх гэх мэт үүднээс  авч үзэж болно шүү дэ

No comments:

Post a Comment