2012/01/16

Эрдэнэс Тавантолгой Лондонд бус Хонконгт IPO хийнэ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 29 хүртэлх хувийг Лондон, Хонконгийн хөрөнгийн бирж дээр худалдаалах УИХ-ын тогтоол гарсан билээ. Үүний дагуу Засгийн газраас Лондонд төвтэй “Эрдэнэс Тавантолгой PLC компанийг байгуулж, хувьцааг нь Лондон болон Хонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалах шийдвэр гаргасан.
Тус компанийн IPO-г энэ оны дөрөвдүгээр сар гэхэд Лондоны хөрөнгийн биржид, дараа нь Хонконгийн бирж дээр хийж, хөрөнгө босгоно хэмээн “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал Б.Энэбиш өнгөрсөн сард хэлж байв.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг FTSE индекст багтаахын тулд Их Британид төвтэй компани байгуулан Лондоны хөрөнгийн биржид IPO хийх нь илүү давуу гэж үзэж байсан.  IPO-г Лондонд хийснээр компанийн зах зээлийн нийт үнэлгээ 20 тэрбум паундад хүрэх боломжтой тухай ч зарим шинжээч таамаг дэвшүүлсэн.
Харин өнгөрсөн баасан гаригт тус компанийн IPO-г Хонконгийн бирж дээр гаргаж, нийтдээ 3 тэрбум ам.долларын хөрөнгө босгохоор шийдвэрлэсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.
 Уг мэдээнд, “Эрдэнэс Тавантолгой” Хонконгт IPO хийсний дараа Лондонд “Global depository receipt” /GDR/ буюу олон улсын хадгаламжийн сертификат ашиглан хөрөнгө босгохоор шийдвэрлэснийг тус компанийн төлөөлөл Ройтерс-т мэдээлснийг дурджээ. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Лондонд биш Хонконгт эхэлж IPO хийхээр болсон гэсэн үг юм.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн техникийн зөвлөхөөр ажиллаж буй “Norwest компанийн гаргасан тооцоогоор Тавантолгойн Зүүн Цанхийн орд нэг тэрбум 78 сая тонны нөөцтэй бөгөөд үүний 78 хувь нь коксжих нүүрс гэж тогтоожээ. Харин Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Зүүн Цанхийн нүүрсний нөөцийг 795 сая тонн гэж баталгаажуулаад байгаа юм.

No comments:

Post a Comment