2012/01/09

Тавантолгойн хувьцааг АНУ, Орос, Хятад бус Монголын олигархиуд залгина


Хятадын Shenhua Energy корпорацийн Тавантолгойн нүүрсний орд газрыг хамтран боловсруулах тухай урьдчилсан гэрээг Монголын Үндэсний аюулгүйн зөвлөл хүлээж авсангүй. Монголын Үндэсний аюулгүйн зөвлөл нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаас бүрддэг бөгөөд тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны ажилтан С.Батзаяа энэхүү хориг тавьсан шийдвэрийн учир шалтгааныг хэлсэнгүй гэж Синьхуа агентлаг тухайн үед мэдээлж байсан билээ. Shenhua Energy-ийн талд шийдвэр гаргаагүй явдал нь Хятадын корпораци дэлхийд томоохонд тооцогдох өндөр зэрэглэлийн нүүрсний орд газрыг боловсруулах ажлын явцдаа хүндрэлтэй тулгарсныг харуулав. Тавантолгойн нөөц нь зургаан тэрбум тонн нүүрсээр хэмжигдэж байна. Үүнээс Баруун Цанхийн талбайд 1.2 тэрбум тонн нүүрс олборлох боломжтой байгаагийн 65 хувь нь коксжих нүүрс юм. Уг орд газрыг ашиглалтад оруулснаар жилийн олборлох хэмжээ нь 15 сая тоннд хүрэх төлөв бий.

Шинжээчдийн хийсэн судалгаанаас харахад, Тавантолгойн ашигт малтмалыг 30 гаруй жил олборлох боломжтой байгаа бөгөөд энэхүү орд газар нь Хятадын хилээс 270 километрийн зайд оршиж байна. Монголын Засгийн газар өнгөрөгч оны долоодугаар сарын таванд УИХ-д Тавантолгойн төсөл дээр шалгарсан компаниудыг танилцуулсан байдаг. Чингээд Хятадын Shenhua Energy группт уг төслийн 40 хувийн хувьцаа, Орос, Монголын хамтарсан консорциумд 36 хувийг, Америкийн Peabody Energy корпорацид 24 хувийг эзэмшүүлэхээр тогтоод байв. Гэвч энэ бүхэн Үндэсний аюулгүйн зөвлөл дээр очоод бүдэрсэн нь цаанаа нарийн учиртай аж. Учир нь эдгээр гадны томоохон компаниудын цаана үндэсний хөрөнгөтнүүд, улс төрийн луйварчид байгаа нь тодорхой болсон бөгөөд ганцхан жишээ хэлэхэд, зөвхөн Америкийн Peabody Energy-гийн цаана л гэхэд Монголын "Бодь" групп байгаа гэх мэдээллийг эх сурвалжаас өгөв.

No comments:

Post a Comment