2011/05/31

Тавантолгойн тендерт оролцож буй “Суэк” компанийн тухай

Тавантолгойн тендерт оролцож буй “Суэк” компанийн тухай
“Оросын төмөр замуудын нэгдэл”-тэй хамтран Тавантолгойн орд газрын олон улсын тендерт “Суэк” нээлттэй хувьцаат нийгэмлэг оролцож байна. Орчуулбал “Сибирийн эрчим хүч, нүүрсний компани” хэмээн нэрлэж болно. Нийт 46.000 ажилтантай. 2001 онд анх байгуулагдсан бол өдгөө уудам Орос орны өнцөг булан бүрт нүүрс олборлож, үзүүлэлтээрээ нэгдүгээр байрт итгэлтэй орсон компани.

Ойрын арван жилд дэлхийн нүүрс олборлолт төдийгүй боловсруулах үйлдвэрлэлд тэргүүлэх байрыг эзэлнэ гэсэн бизнесийн уриатай. “Суэк” нь Киприйн аралд бүртгэлтэй. Компанийн хувьцааны 99.84 хувийг Киприйн  Donalink Ltd эзэмшдэг гэх албан ёсны бүртгэл байх боловч үнэт цаас нь бүтнээрээ оросуудын гарт бий. Үлдэх 0.16 хувийн үнэт цаас “Красноярскийн уурхай” компанийн нэр дээр байдаг.
Ийм нэг шинэхэн компани Тавантолгой ордын тендерт “Оросын төмөр замуудын нэгдэл”-ийн галт тэргэнд VIP суудал захиалан орж иржээ.

Энэхүү консорциумын бусад оролцогчдыг монголчууд сайн мэднэ. БНСУ-ын баян долоон компани, Японы өндөр технологитой дөрвөн компани уг нэгдэлд нэр хавчуулагдсан юм. “Суэк”-ийн хувьд сонирхол татах олон төсөл өдгөө хэрэгжүүлж байгаа. Юуны түрүүнд Ванино боомтод жилдээ 12 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай терминал ашиглалтад оруулна. Тодруулбал, Ваниногийн Мучке өртөөнд ийм бүтээн байгуулалт өрнөж байна. Мөн л Хабаровск мужид тус компани Нүүрс боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Угааж боловсруулсан нүүрс экспортод гаргавал илүү үнэд хүрэхийг тооцоолсон төсөл юм.

“Суэк” нь Буриад, Кемеров муж, Красноярск, Приморийн хязгаар, Хакасид олон тооны уурхайтай ба Европын улсууд, Японд нүүрс экспортолдог. Тавантолгой ордын олон улсын тендерт оролцож буй “битүү морьдын” нэг “Суэк”-ийн товч танилцуулга ийм. Эдний богинохон намтарт шигтэгсэн сонирхолтой түүхээс дурдвал, Газпром компанитай 2007 онд гэрлэх шахсан гэдэг. Нүүрс, нефть, хийн аварга консорциум байгуулах төлөвлөгөөг нь Холбооны Монополийн эсрэг алба ба Оросын Эрчим хүчний нэгдсэн сүлжээний босс Анатолий Чубайс эсэргүүцэж байж зогсоожээ.

Оросын компаниуд нэгдэж аварга биетийг дундаасаа төрүүлэх дуртай боловч цагаа тулахаар хэлэлцэж тохиролцох нь үгүй, хууль зөрчимхий гэдгийг Кремлийн эрхмүүд эрхбиш тооцоо биз, хэлэлцээр үр дүнд хүрээгүй юм.

Монгол улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна. Төмөр замын 49 оны хэлэлцээр төдийгүй, Монголын нүүрсийг гуравдагч зах зээлд хүргэх дэд бүтцийн асуудал зайлшгүй хөндөгдөнө. Оросууд гэрийн даалгавраа “Оросын төмөр замуудын нэгдэл”-ийн тэргүүн В. Якунинаар хийлгэсэн. Мань Якунин ч “Суэк”-ийн сайн талуудыг Монголын төлөөлөгчдөд ухуулан сэнхрүүлэх үүргээ сайн биелүүлж таарна.

Монголд өгөх транзит тээврийн таатай нөхцөл гэгчээ илүү тодруулж, тоогоор, хугацаагаар баталгаажуулах нь лавтай. Ерөнхийлөгч ямар байр суурьтай ирэхээс Тавантолгой ордын эцсийн шалгаруулалт ихээхэн хамаарах билээ. АНУ-ын “Peabody Energy” компанийн гол өрсөлдөгч оросууд гэрийн даалгавраа хичээнгүйлэн танилцуулж байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн зангиаг бензиний хомсдолоор улам боож чангалахаа ч оросууд мартаагүй

2011/05/30

Тавантолгойн нүүрснээс 500 сая долларын бонд "босгох"-оор төлөвлөжээ

Тавантолгойн нүүрснээс 500 сая долларын бонд
Зүүн Цанхиас хүний хөгжлийн санд 250 саяыг төвлөрүүлнэ

Тавантолгойн нүүрсний томоохон орд газар коксжих болон дулааны нүүрсний 6.5 тэрбум тоннын нөөцтэй. Энэ нь дэлхийд хоёрдугаарт орох үзүүлэлт. Эрдэнэс Тавантолгойн хувьцааг гадаадын хөрөнгийн биржид шууд арилжих гэж байгаа нь манай улсын төрийн өмчит компанийн түүхэнд анхных юм.

Ингэхдээ Засгийн газар компанийн хувьцааны 51 хувийг өөртөө үлдээж, 29 хувийг гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгох гэж буй. Тавантолгойн орд газрыг Зүүн Цанхи, Баруун Цанхи гэсэн хоёр хэсэгт хувааж байгаа. Энэ хоёр хэсэгт өөр өөр засаглалын тогтолцоог санал болгож байна.

Зүүн хэсгийг "Эрдэнэс-Тавантолгой" компани эзэмшиж, ашиглана. Одоогоор уг хэсгийн хаягдал чулуут давхаргыг хуулах ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулж байгаа аж. Харин Зүүн хэсгийг энэ ондоо багтааж ашиглаж эхлэхийн тулд "Эрдэнэс-Тавантолгой" компаниас 500 сая хүртэл ам.долларын
 бонд гаргаж, санхүүжүүлэх боломжийг судалж байна. Үүнээс 250 сая ам.долларыг олборлолт эхлүүлэхэд дэд бүтцэд хөрөнгө оруулж, үлдсэн мөнгийг Засгийн газарт татварын урьдчилгаа болгон шилжүүлэхээр тооцоолжээ. Энэ урьдчилгаа төлбөрийг Хүний хөгжлийн санд төвлөрүүлж, иргэдэд хувь хишиг хүртээх бэлэн мөнгөний санхүүжилтэд зарцуулна.

Баруун Цанхийн гэрээг дуусгахад асуудал олон байна

Тавантолгойн Баруун Цанхийн хэсэгт засаглалын өөр тогтолцоо үйлчлэх аж. Тус ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс-Тавантолгой"-н эзэмшилд үлдээж, хувийн компаниудаас олборлолт явуулах эрхийн саналыг авч байна. Эрх авсан компани уурхайн олборлолттой холбоотой бүхий л зардлыг санхүүжүүлэх юм. Компанийн саналыг үнэлэхдээ олборлолт явуулах эрхийн төлбөр, нөөц ашигласны төлбөр, дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалт, Засгийн газарт өгөх татварын урьдчилгаа төлбөрийг харьцуулж үзэх гэнэ.

Баруун Цанхийн гэрээг эцэслэхэд хэд хэдэн бэрхшээл байгааг Дэлхийн банкны мэргэжилтнүүд онцолж байна. Тухайлбал, төслийн техник эдийн засгийн үндэслэл, ашигтай байдлын үнэлгээг гаргасны дараа хөрөнгө босгож чадахыг тус банкныхан үзэж байна. Мөн коксжих нүүрсний үйлдвэрлэлд илүү тохиромжтой усны нөөц асуудалтай байгааг тэд хэлсэн. Учир нь угаасан нүүрс зах зээлд илүү үнэд хүрэхийг эдийн засагчид онцлов.

"Олон удаа хийсэн судалгаагаар үйлдвэрлэл явуулахад хөрсний ус хангалттай гэж дүгнэсэн ч бусад хэрэглэгчдийн хэрэглээг хязгаарлахгүй байх талаар нэмэлт судалгаа хийх шаардлагатай. Хөрсний усыг хүрэлцээтэй эсэхийг тогтоосны дараа гэрээг гүйцэтгэгч Засгийн газар хоёр үнэ, тоо хэмжээг тохирох учиртай. Ордын хоёр хэсэгт авто зам, төмөр зам, эрчим хүч, ус зэрэг дэд бүтцийн нэгдсэн хангамж хэрэгтэй. Зүүн хэсгийн олборлолт түрүүлж эхлэх тул Баруун хэсгийн гэрээний үеэр дэд бүтцийг хамтран ашиглах тухай тохиролцсон байх нь чухал. Өөр нэг шийдвэрлэх асуудал бол төмөр зам юм. Олборлосон нүүрсээ тээвэрлэх асуудал Тавантолгойн ашиглалтыг нэлээд тодорхойгүй болгож байна. Одоогоор Гашуун Сухайтаар дамжуулан Хятад уруу төмөр зам тавих нь хамгийн зардал багатай хувилбар. Урд хөрш рүү Тавантолгойн нүүрс тээвэрлэх төмөр зам тавих асуудал хугацаа алдах тусам ордын үнэ цэнэ унах, ашиг багасах, хязгаарлагдах аюултай. Төмөр зам, эрдсийн экспорттой холбоотой дэд бүтцийг санхүүжүүлэх асуудал бэрхшээл ихтэй. Гэхдээ Монгол Улсын эдийн засгийг зээлжих байдалтай харцуулахад хөрөнгө оруулалтын хэмжээ асар их. Гэвч асуудлыг хүндрүүлж байна. Иймд оролцогч талуудтай ярилцаж, санхүүжилтийн шинэлэг хувилбаруудыг гаргаж ирэх хэрэгтэй байна" гэж Дэлхийн банкныхан үзлээ.

2011/05/24

Тавантолгойн тендерийн дүнг ирэх сард зарлана

Тавантолгойн тендерийн дүнг ирэх сард зарлана
Тавантолгой ордын Цанхийн баруун хэсэгт олборлолт явуулах Стратегийн хөрөнгө оруулагчийн тендерийн хураангуй жагсаалтад АНУ-ын “Пибоди Энержи”, Люксембүргийн “Арселор Миттал”, Австрали-Швейцарийн “Экстрата Коул”, Бразилийн “Вале”, Хятад, Японы “Шинхуа-Мицүи”-н консорциум, мөн Оросын Төмөрзамтай хамтарсан Япон, Солонгосын компаниудын консорциум зэрэг зургаан тал шигшигдэн үлдээд буй.

Оролцогч талуудын Монгол дахь төлөөллүүд туйлын чимээгүй байна. Тендерийг дүгнэж дуусахаас нааш хэвлэлийнхэнд ямар ч мэдээлэл өгөхгүй гэж тэд “сэтгэл шулуудсан” бололтой. Гэхдээ “Шинхуа Энержи” өнгөрсөн пүрэв гаригт “Ирэх сард Монгол улс 1.2 тэрбум тонн нүүрсний нөөц бүхий хэсэгт олборлолт явуулах компанийг зарлана” гэж Синхуа агентлагт мэдэгджээ.

536 ширхэг хувьцааны талаар ойлголтгүй иргэд цөөнгүй байна

536 ширхэг хувьцааны талаар ойлголтгүй иргэд цөөнгүй байна
"Эрдэнэс-Тавантолгой "-н хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй өмчлүүлэх болсонтой холбоотойгоор Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд ирэх иргэд саяхныг хүртэл нэлээд олширсон.

Өнөөдөр ч тэрхүү төвөөр очих иргэд тасрахгүй байна. Энэ төвийн олон нийттэй харилцах албаны үүдэнд дугаарлан зогсох иргэдтэй уулзвал дийлэнх нь их хувьчлалын үеэр олгосон эрхийн бичгийнхээ талаар лавлахаар иржээ. Мөн иргэн бүрт үнэ төлбөргүй олгож буй 536 ширхэг хувьцааны талаар мэдээлэлгүй яваа иргэд цөөнгүй байлаа.

Тухайлбал, 536 ширхэг хувьцааг зарж болохгүй ч өөр компанийн хувьцаагаар сольж болно гэсэн ойлголттой зогсч буй нэгэнтэй тааралдсан. Үүнтэй холбогдуулан Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн Олон нийттэй харилцах албаны менежер Ж.Байгалмаатай уулзлаа.

-Иргэдэд 536 ширхэг хувьцаа олгохтой холбоотой ажлууд хэр цэгцэрч байна вэ?

-Өнөөдрийн байдлаар манай төвд 470 мянган харилцагч данс нээлгэсэн байгаа юм. "Эрдэнэс-Тавантолгой"-н 536 ширхэг хувьцаа эзэмших иргэдийн хувьцааны бичилтийг манай төвөөс өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд хийгээд дууссан. Бидний зүгээс 536 ширхэг хувьцааг өөрийн нэр дээрээ авахын тулд шинэчилсэн бүртгэлд орох ёстой гэсэн үндсэн шаардлагыг тавьсан. Энэ талаар мэдээлэлгүй байгаа иргэдийг цахим хуудсаар орж шалгах хэрэгтэйг хэлж байгаа. Өнөөдөр ч энд ирсэн иргэдэд энэ талаар танилцуулсаар байна.

-Танай байгууллага хувьцааны бичилт хийснээр иргэд 536 ширхэг хувьцааг эзэмших эрх нь нээгдэж байгаа. Харин Төвлөрсөн хадгаламжид данс нээлгээгүй болохоор миний хувьцаа орохгүй байна гэх мэдээлэл байва?
-Бид хувьцааны бичилт хийсэн. Ингэснээр төвлөрсөн хадгаламжид данстай эсэхээс нь үл хамаарч иргэд 536 ширхэг хувьцааг иргэд өөрийн нэр дээр авсан гэсэн үг. Хэрвээ үнэт цаасны төвлөрсөн хадгаламжид дансгүй гэсэн мэдээлэл гарч байгаа бол брокер, дилерийн компаниа сонгоогүй гэсэн үг.

-Төвлөрсөн хадгаламжид данстай болохын тулд брокер, дилерийн компанид хандах хэрэгтэй болж байгаа. Гэхдээ иргэд үүнд яарах шаардлагагүй гэсэн байх аа?

-Иргэд хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцохыг хүсвэл брокер, дилерийн компанид хандаж болно. Түүнээс биш өнөөдөр, маргаашийн дотор брокер, дилерийн компанид хандаж, төвлөрсөн хадгаламжид данстай бол гэж хэлэхгүй. 536 ширхэг хувьцааны үнэ хараахан тогтоогүй байгааг хүн бүхэн мэдэж байгаа байх. Нэрлэсэн үнэ тогтсон үед иргэд хувьцаагаа зарах эсвэл өвлүүлэхийг хүсвэл данс нээлгэсэн байх шаардлагатай.

Гол нь иргэд брокер, дилерийн компаниа өөрсдөө сонгож, сонгосон компанитайгаа харилцах хэрэгтэй. Брокер, дилерийн компани бол хөрөнгийн зах зээлийн анхдагч нэгж гэдэг утгаараа иргэдэд зөвлөлгөө өгнө. Аль брокер, дилерийн компанийг сонгох вэ гэж асуух иргэд олон байна. Бид энэ компанийг сонго гэж хэлэх эрхгүй болохоор бүгдийнх нь мэдээлэлтэй танилцах боломжийг олгож байгаа.

2011/05/23

Баабар: Тавантолгой

Баабар: Тавантолгой
Нүүрс нь одоогоос 1 саяас 400 сая жилийн өмнө байсан ургамлын чулуужсан үлдэгдэл юм. Одоогоор мэдэгдэж байгаагаар манай гариг дээр 1 ихнаяд орчим тонн нүүрсний нөөц байгаа аж. Энэ бол 10-ын 12 зэрэгт болж байна. Нөөцийн ихэнх нь Австрали, Хятад, Герман, Энэтхэг, Орос, Индонез, Польш, Өмнөд Африк гэсэн хэдхэн оронд ноогддог байна. Антрактид болон Хойд мөсөн далайн дор асар их нөөц бий гэж бас ярьдаг.
Нүүрсийг хүн хэдийнээс түлшинд хэрэглэж эхэлсэн нь мэдэгддэггүй, лав л маш эрт байж таараа. Харин анхны уурхай Хятадад 300 орчим онд нээгдсэн бол Тан улсын үеэс нүүрс нь тэдний гол түлш болжээ. Европчууд XIII зуунаас нүүрсний аж ахуй эрхлэх болж XVII зуунаас англичууд дэлхийн олзворлолтын 80 хувийг дангаараа гарган, энэ үйлдвэрлэлд 200 жил ноёрхсон гэдэг. Одоо Хятад дангаараа 1,2 тэрбум тонн нүүрс жилд олзворлон тэргүүлж байхад Англи үүнээс 12 дахин бага үйлдвэрлэлээр 10 дугаар байр эзэлж байна. Дэлхий даяараа 5-6 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэж ашигладаг бололтой.
Хэдийгээр цөмийн, дотоод шаталтын, сэргээгдэх зэрэг эрчим хүчний шинэ шинэ эх үүсвэр нээгдсээр буй боловч өнөөдөртөө нүүрс нь голлох үүрэг гүйцэтгэсээр байна. Нүүрсийг нүүрс төрөгчийн агууламжаар нь дөрөв ангилдаг юм байна. Энэ нь чулуун нүүрс, битүм нүүрс, хагас битүм нүүрс, хүрэн нүүрс. 82-87 хувийн нүүрстөрөгчийн агууламжтай битүм нүүрснээс кокс гаргаж авна. Үүнийг бас коксжих нүүрс ч гэнэ. Кокс гэдэг нь гангийн үйлдвэрлэлд хэрэглэдэг боловсруулсан түлш. Маш их дулаан ялгадаг. Үүнийг битүм нүүрсийг агааргүй орчинд шатаан гаргаж авна. Байгаль орчинд маш хортой технологи гэх, учир нь энэ процесст хүхэр их хэмжээгээр ялгаран дэгддэг, тэр нь хур тундастай эргэж буудаг аж. Дээрх бүх мэдээллийг нэвтэрхий толиос олж авлаа.
Монгол орон нүүрсээр маш баялаг. 35 орчим тэрбум тонн нүүрсний нөөц илрээд байна гэх юм. Гэхдээ геологийн цаашдын хайгуулаар маш их нэмэгдэх биз. Ингэхээр дэлхийн бүх нөөцийн юутай ч 3-4 хувь нь манайд байгаа юм байна. Гэтэл нүүрсний аж үйлдвэрлэлд олзворлолтоосоо илүү чухал юм нь тээвэрлэлт гэж үздэгээрээ бусад ашигт малтмалаас онц ялгаатай аж. Овор хэмжээнээс болж буй хэрэг, зэс шиг баяжуулах, цэвэрлэх гэх мэтээр хэмжээг нь багасгах аргагүй, олзворлосон болгоноо тэр чигээр нь зөөнө. Дэлхийн ачаа тээвэрлэлтийн 85 хувь нь далайн тээвэр, далайд нэг гарчихвал хол ойрын ялгаа үгүй. Ингэхээр хүн ам шигүү суудаг үйлдвэржсэн район болон эргээс холгүй газрын нүүрсний орд л үнэ цэнтэйд тооцогдоно. Эх газрын гүнд байрлалтай, үйлдвэржээгүй, хүн ам сийрэг, дэд бүтэц ядмаг Монголын хувьд нүүрс нь үнэ цэнэ муутай эд. Хавийн хэдэн аймгаа хангадаг Өвөрхангайн Тээгийн, Говь-Алтайн Чандаганы нүүрсний уурхайн хувьд олзворлолт биш тээвэрлэлт нь хавьгүй илүү бэрхшээл учруулдаг, өртөг нь тэр хэрээрээ өсдгийг хэн хүнгүй мэдэх байх. Ийм л учраас хөрш орны нүүрсээ холоос татдаг газрууд л манайхаас нүүрс сонирхдог. Тухайлбал Дорнодын цаагуур байгаа Хөлөнбөөр аймгийг хэлж болно. Иймээс л тухайн үедээ Тавантолгойн нүүрсийг социалист орнуудад олон арван жил санал болгосон ч цаадуул нь тээвэрлэлт гэдэг шалтгаанаар хүлээж аваагүй билээ.
Битүм буюу коксжих нүүрсний хувьд бусад төрлийн нүүрснээс арай өөр үнэлэмжээр ханддаг. Гангийн үйлдвэрлэл нь энэ нүүрсээс гаргаж авсан коксоор “хооллодог” аж. Америк, Зөвлөлт хоёр энэ салбарт уралддаг байсан үе ард хоцорч, Зүүн Ази ган үйлдвэрлэлээр тэргүүлэх болжээ. Өдгөө коксжих нүүрсний нийт хэрэгцээний 54 хувь нь Япон, Солонгос, Хятад гэсэн хэдхэн оронд ноогдож байна. Дэлхийн нийт нүүрс олзворлолтын 10 хүрэхгуй хувь нь коксжих нүүрс юм байна. Японы хэрэгцээ жилдээ 100 сая тонн, Солонгосынх 25-30 сая. Дэлхийн хамгийн том гангийн компани Поско нь Солонгосынх. Дэлхийг өнөөдөр кокжих нүүрсээр Аляск, Энэтхэг, Индонез, Австрали хангаж байна. Энэтхэгийн энэ үйлдвэрлэл эрхэлдэг Металл зэрэг компани овор хэмжээгээрээ бизнесийн бүх салбарт хамгийн томын нэгд тооцогдож байгаа.
Тавантолгой нь одоо тогтоогдоод байгаагаар 6,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, үүний дотор коксжих битүм нүүрс нь 1.5 тэрбум тонн ажээ. Энэ тоо ашиглалтын явцад нэмэгдэх биз, бүх нөөцөө тогтоочиж байгаад ашиглаж эхэлдэг мангар юм хаана ч үгүй. Байгаа энэ байдлаараа асар том орд. Үүний гол онцлог нь томдоо байгаа аж. Нэг дороос ийм том ордыг ашиглах нь урт удаан хугацаанд бага зардлаар маш ихийг олзворлоно гэсэн үг. Тавантолгойн хамгийн том давуу чанар энэ. Тэгээд ч чанар сайн, дулаан ялгаруулалт нь өндөр. Таван толгойг 10 хуваагаад хаячих юм бол ямар ч үнэ цэнэгүй болно. Аравны нэг шиг нь орд энд тэндгүй, Монголд ч цөөнгүй бий. Нэг үгэндээ Төвөнтолгойд 10–ын оронд нэг л төмөр зам татах нь. Нөгөөтэйгүүр зөвхөн Номхон далайн эрэг хүрч л байж үнэ цэнэтэй болно. Учир нь гол хэрэглэгч нь тэнд бий. Иймээс Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх нь олзворлохоосоо хавьгүй илүү ач холбогдолтой, илүү өртөгтэй, илүү хүнд болой.
Саяхан болсон Тавантолгойг ашиглах тэндэрт 10 гаруй субьект саналаа өглөө. Хятад, АНУ, Орос, Бразил, Энэтхэг, Австрали, Япон, Солонгос зэрэг орны компаниуд сонирхов. Таван толгойг зарим нэгний тайлбарлаж байгаа шиг хүрзээр 4 метр гүн ухаад л болчихдог эд биш, олон тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардсан аймшигтай том үйлдвэрлэл. Энд асар их дэд бүтэц шаардахаас гадна техник, технологи, нөхөн сэргээлт, байгаль орчны тэнцвэр хадгалалт гээд олон нөхцөл биелэх учиртай. Нийт хөрөнгө оруулалт олон тэрбум доллар болно, үүнийг одоогоор тогтоох хараахан болоогүй байна, учир нь гол асуудал болох тээвэрлэлтийг хэн хариуцсанаасаа болоод янз бүрээр шийдэгдэх юм. Тээвэрлэлтээ оруулалгүйгээр цахилгаан станц, цементийн үйлдвэрлэл, ус ашиглалт гээд явахаар юутай ч 4 тэрбум доллароос доошгүй хөрөнгө оруулалт хэрэгтэй.
Цэвэршүүлсэн алтыг унци нь яг тийм үнэтэй гэж хэлж болдог бол нүүрсийг болдоггүй онцлогтой гэнэ. Гангийн үйлдвэр, цахилгаан станцийг боловсруулж хольсон яг тухайлсан нүүрсээр хангадаг, энэ нь хэрэглэгчийн гадаа ирж буулгаснаар эцсийн үнэ тогтдог аж. Тухайлбал Улаанбаатарын IV цахилгаан станцыг яг л Багануурын хүрэн нүүрсэнд зориулж барьсан. Өөр нүүрс таарахгүй. Үлгэрлэвээс Поско компаний IV ган хайлуулах үйлдвэрт яг ингэж боловсруулсан, ийм калоритой нүүрс хэрэгтэй, өөрийг бол болохгүй. Тэр бэлэн бүтээгдэхүүн нь яг тийм үнэтэй, харин Токиогийн IV үйлдвэр шал өөр илчлэгтэй нүүрс хэрэглэж байх жишээтэй, тэр нь өөр үнэтэй. Иймээс жишээ нь Австрали, Энэтхэгийн коксжих нүүрсний уурхайн дэргэд яг тэр үйлдвэрт зориулсан гээд бараг л боож савлах шахсан түлшийг тус тусад нь бэлддэг, тус бүрдээ өөр үнээр борлогдох юм билээ. Голдуу хольж илчлэгийг нь тохируулна. Илчлэгээс гадна өөр олон үзүүлэлт байдаг байх. Ингэхээр Тавантолгойн коксжих нүүрсийг хүрзээр утгаж аваад вогооноор зөөн дэлхийн тогтсон үнээр Японыг шууд хангана гэх нь дэндүү гэнэн хөөрөл, мозамбикчууд ч ийм эргүү юм ч ярьдаггүй. Бүх төрлийн нүүрсний дундачилсан үнэ 2003 оноос дөрөв дахин өссөн, харин хямралаар эргээд хоёр дахин уначихаад байна. Үнийн өсөлтөөс болоод л манай нүүрс сонирхогдож эхэлсэн, өөрөөр хэлбэл тээвэрлэлтээ даагаад цаана нь ашиг гарч байна гэсэн үг.
Хятад улс дэлхийн хамгийн том нүүрс олзворлогч, хамгийн том хэрэглэгч, хамгийн их нөөцтэй орон. Тэд мөн коксжих нүүрсээр баян. Харин орд нь өмнөд Хятадын Юнань, Хунань мужид байдаг. Төмрийн үйлдвэрлэл нь нөөцөө дагаад Өвөр Монголд байх. Бугат бол дэлхийн төмөрлөгийн үйлдвэрлэлийн нийслэл. Өмнөд мужид олзворлосон коксжих нүүрсийг далайгаар зөөн Тяньжин хотод авчирч боловсруулдаг. Энд Герман-Хятадын хамтарсан коксийн үйлдвэр бий. Бэлэн болсон коксоо төмөр замаар Бугат руу зөөнө, тодорхой хувийг нь далайгаар Герман руу гаргадаг. Ингэхээр Хятад бол кокс экспортлогч орон мөн. Хятадууд Шинжааны Таримын бассейнд маш том коксжих нүүрсний орд нээсэн. 1990 онд Ерөнхий сайд Бямбасүрэн Хятадад айлчлахдаа Ли Пэнд Тавантолгойн нүүрсийг хамтарч ашиглах санал тавихад Таримд асар их нөөц нээгдсэн гэдгээр шалтаглан татгалзсан. Гэвч элсэн цөлд буй энэ ордын тээвэрлэлт олзворлолтын өртөг дэндүү их учир одоо болтол тэнд юу ч хийгээгүй байна. Технологи хямдарч бололцоо гаран Таримын нөөцийг ашиглаад эхэлбэл Таван толгойн ач холбогдол эрс буурах юм. Цаг хугацааны л асуудал. Хэн түрүүлсэн нь хожино!
Өнөөдөртөө Хятадад Тавантолгойн нүүрс маш хэрэгтэй. Мөнөөх л тээвэрлэлт. Монголын хилээс Бугат хүртэл ойрхон. Ингэхээр солилцооны асуудал үүснэ. Тавантолгойгоос авсан нүүрснийхээ оронд Юнанийн нүүрсийг далайд гаргаж өгнө гэсэн үг. Энэ нь хоёр талд хоюуланд нь маш ашигтай. Олон саяыг хэмнэх болно. Мөн Хятад нь монгол нүүрсийг далайд хүргэж өгөх хамгийн дөт замтай. Далайд хүрч байж манай нүүрс мөнгө болно. Энэ нь тээвэрлэлт хийж буй Хятадын талд ч том наймаа. Монголд хөрөнгө оруулах гэсэн сонирхогч нь Шинхуа хэмээх улсын компани. 8 тэрбум тонн нүүрсний нөөц эзэмшдэгээрээ дэлхийд хоёрт ордог том компани. Харамсалтай нь байгуулагдаад дөнгөж 10 гаруй жил болж байгаа туршлага муутай, гол нь коксжих нүүрс огт хариуцдаггүй учраас борлуулалтын асуудал дээр энэ зах зээлийн шинков. Хойд Хятадын нүүрсний салбарыг атгадаг учраас л Монголд “томилогджээ”.
1906 онд байгуулагдсан Транс-Сибирийн төмөр зам, 1976 онд Брежневийн барьсан БАМ буюу Байгал-Амарын төмөр замын ашиглалт маш муу байгаа. Сибирийн мод зөөдөг бараг ганц ажилтай. Нүүрс зөөвөл жинхэнэ ачаатай болж буй нь тэр. Оросууд жараад оны үед Якутад коксжих нүүрсний асар том орд, энэ зуун гарсаар Тувад дутахгүй том орд нээсэн байна. Гэтэл умрын цэвдэг, Саяаны нуруу руу төмөр зам татах хямд технологи одоо болтол олдоогүй, хэрээс хэтэрсэн өртөгтэй болчих гээд буй хэрэг. Технологи сайжран эдгээр орд ашиглагдаад эхэлбэл Тавантолгойн ач xолбогдол бас л муудна. Цаг хугацааны л асуудал. Хэн түрүүлсэн нь хожино! Оросын талаас Тавантолгойн гол сонирхогч нь РЖД буюу Оросын төмөр зам. Иймээс РЖД-ийн дарга Якунин сүүлийн үед наашаа их айлчламтхай болчоод байна. Мэдээж төмөр замынхан нүүрсний орд ашиглалт, олзворлолтыг сонирхохгүй, тэгээд ч Орост тийм их мөнгө үгүй. Тэд Тавантолгойд хувьцаа оруулаад тээвэрлэлтээ баталгаажуулах сонирхолтой байна. Дутагдалтай тал нь Монголын говиос Оросоор дамжин далай хүрэхэд бараг 5 мянган км болж буй учир нүүрсний үнэ ч талийж өгнө дөө.
Тавантолгойг сонирхогч дараагийн компаниуд Солонгос, Японых. Эд бол жинхэнэ хэрэглэгчид. Нийлээд жилд бараг 130 сая тонн коксжих нүүрсний эрэлттэй. Аль ч улс үндэсний аюулгүй байдлын талаасаа амин чухал түүхий эд, ялангуяа эрчим хүчний эх үүсвэрээ аль болох олон талаас хамааралтай болгохыг хичээнэ. Оросын жижигхэн хот Ачинскаас бүхэл бүтэн Монгол улс шатахууны хувьд 100 хувь хамааралтай байдаг, яаж зовдог билээ? Ингэхээр Япон Солонгос хэрэгцээнийхээ 10-15 хувийг Монголоос хамааруулах сонирхолтой байна. Мөн төмрийн ордыг нь түшиглэн Монголд гангийн үйлдвэр барьж болох бололцоог солонгосчууд судалж байна. Чингэвэл бараг тээвэрлэлтгүй, бүх түүхий эд нь эндээ байдаг хямд өртөгтэй үйлдвэрлэл явуулах бололцоо бий. Ийм ийм шалтгаанаар сонирхож буй. Харин уул уурхайн ямар ч туршлага үгүй эдгээр орнууд нүүрс олзворлолтонд оролцохыг хүсэхгүй, хувьцаа оруулснаар худалдан авах баталгаагаа буй болгох гэж байгаа юм. Мөн Оюутолгой, Тавантолгойг дагасан үйлдвэрлэл, дэд бүтцэд оролцох сонирхолтой. Ганц Таван толгойг 500-800 төрлийн бизнес дагалдаад гараад ирнэ гэж байгаа.
АНУ, Австрали, Энэтхэгийн компаниуд мөн өрсөлдөж байна. Эдгээр нь уул уурхайн асар их туршлагатай, өөрийн борлуулж сурсан зах зээлтэй учраас Монголд хандаж байгаа юм. Манайхны хэлээр энэ барааны мэргэшсэн ченжүүд юм даа. Чухам Япон Солонгосын хэрэгцээг энэ гурван орны компаниуд тал талаас нь зөөвөрлөн хангадаг билээ.
Бид хичнээн хэмжээний нүүрс гаргаж чадах вэ? Коксжих нүүрсний дотоод хэрэгцээ байхгүй учир зөвхөн экспорт л ярина. Гал түлэхээр зуух хайлуулчихдаг илчлэгтэй нүүрс дээ. Баримжаа авахын тулд Эрдэнэт жилдээ 180 мянган тонн баяжмал буюу шороотой зэс гаргадаг гээд бодчих. Оюутолгой ашиглалтанд ороод бүх хүчин чадлаараа ажиллаад дээд тал нь 400-500 мянган тонн “шороо” зөөнө. Гэтэл Өмнөговийн “Тавантолгой” хэмээх орон нутгийн жижиг компани ачааны машинаар урагшаа нэг сая тонн нүүрс гаргаж байна. Зургаан Эрдэнэтийг зөөж буй хэрэг. Машинаар үүнээс илүүг зөөх бараг бололцоогүй юм билээ. Гээд ингэж зөөгөөд зөөгөөд 1,5 тэрбум нөөцийг мянга таванзуун жил тээвэрлэх нь! Нөгөө, хүрзээр ухаад зөөчихдөг чинь энэ! Байгаль орчны бохирдол, бүдүүлэг технологи, хөдөлмөрийн аюулгүй нөхцөл гээд үй түмэн юмыг тооцохоо ч болъё. Ингэж бүдүүлэгтсэний өртөг ч өндөр, хүргэх үнэ нь ч өчүүхэн. Тэр хэддээ л болоод байгаа байх.
Ер нь орчин үеийн уул уурхайд технологийн дэвшил хамгийн гол үзүүлэлт. Британий Natural Resourсes лавлах номонд өгүүлснээр Америк, Европын нүүрсний үйлдвэрлэл сүүлийн 30 жилд бүтээмжээ хоёр дахин нэмсэн мөртөө ажиллах хүчнээ хоёр дахин багасгасан гэнэ. Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч Энэтхэг, Хятад хоёр олзворлолтын голыг гараар нугалдаг аж. Энд сонин тоо байна - америкийн нэг нүүрсний уурхайчны жилийн бүтээмж 15 мянган тонн байхад, хятад уурхайчных ердөө 300 тонн байх юм! Хүнээр л зодож байгаа биз? 2006 онд л гэхэд Хятадын нүүрсний уурхайд 6 мянган гаруй ажилчин осолдож нас баржээ. Уурхайн аюулгүй байдал, байгаль бохирдуулалт, ус хомсдуулалтыг Хятадад тооцоолдог ч үгүй учир статистик байхгүй, лавтай аймшигтай дүн гарна гэж уг номонд бичжээ.
Тавантолгойгоос жилд 20 сая тонн тээвэрлэхэд 100 жилийн нөөц байна. Өнөөдөр манай төмөр замын нэвтрүүлэх чадвар хадаад л 10-15 сая тонн. Үүн дээр нүүрс зөөх нэмэлт 20 сая тоннын тээвэрлэлт буй болгохын тулд Монголын төмөр замыг хэд дахин өргөжүүлэх шаардлагатай Одоохондоо үүнээс илүүг гаргах бололцоогүй биз. Энэ нь хэдэн тэрбум доллар болно. Оюутолгой, Тавантолгойг зөвхөн эрчим хүчээр хангахын тулд 3.5 мегаваттын станц хэрэгтэй гэнэ. Монголын одоогийн хэрэгцээнээс тав дахин их. Үүнийг барихад 3,5 тэрбум доллар. Монголын эдийн засгийн жилийн бүх эргэлт саяхан уг нь 4 тэрбум доллар буюу цахилгаан станцын хэмжээнд хүрч байсан юмаа, даанч хямрал болоод ердөө 2 тэрбум ч хүрэхээ болчихлоо, золиг гэж!

Тавантолгой төөрсөөр төрөлдөө очих уу

Тавантолгой төөрсөөр төрөлдөө очих уу
Тавантолгойн орд тамын тогооны үлгэр болон хувирч байна. Там болон хувирч буй шалтгаан нь тун энгийн юм. Тодруулбал, Засгийн газрын хамгийн эхний зорилго бол Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар ард түмэнд амалсан бэлэн мөнгөө тараах боломж бүрдүүлэх явдал юм. 

Энэ нь цаагуураа улс төрийн эрх мэдлийн цулбуураас аль болох удаан зуурах гэсэн сонирхолд хөтлөгдсөн нь хэн бүхэнд илэрхий билээ. Үүнтэй холбоотойгоор тэд аман дээрээ үндэсний компаниудыг дэмжинэ хэмээн хэлсэн боловч цаагуураа улстөржсөн бизнес бүлэглэлээр дамжуулж Тавантолгойн ордод эзэн суухыг санаархаж байна. 

Нэг сумаар хоёр туулай буудах гэж хичээж байгаа нь энэ л дээ. Нэг талаар ард түмэнд амласан мөнгөө өгч, эрх мэдэл ханхалсан суудал дээрээ үлдэх гэсэн санаархал, нөгөө талаас улстөржсөн бизнесийн бүлэглэлээрээ дамжуулж Тавантолгойг өмчлөх гэсэн далд сонирхол юм. Энэ талаар дэлгэрүүлье.

Тавантолгойн ордыг ашиглахаар гадны 11 консерциум саналаа илэрхийлээд байгаа. Үүнтэй зэрэгцэж овойж оцойсон хөрөнгө мөнгөгүй ч Монголчууд хамтарвал юуг ч бүтээх боломжтой хэмээх эв нэгдлийг үзүүлж “Монгол 999 үндэсний нэгдэл” байгуулагдаж, эгнээндээ 1500 гаруй компанийг нэгтгээд байна. Гэтэл Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд улстөрчдийн дохиураар хөдөлдөг компаниуд нэгдэх болсон нь дээрх тамын тогооны үлгэрийн эхлэлийг тавьж байгаа юм. 

Нэгдэлд багтсан компанийн нэрсийг харъя. Улс төрд хамгийн их холбоо сүлбээтэйгээрээ дуудуулдаг “Эм Си Эс”-ийг мэдэхгүй хүн гэж үгүй. Мөн “Ган хийц” компани нь авлига авсан, хөрөнгө орлогын мэдүүлгээ худал өгсөн хэмээн сонин хэвлэлээр бишгүй “гөвшүүлдэг” Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавын халаасанд багтдаг гэх юм билээ. Түүнчлэн “Витафит” компани байна. Үүнийг эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ аваргынх хэмээн олон ярьдаг. 

“Эрэл”-ийн Б.Эрдэнбатыг мэдэхгүй хүн үгүй. Улс төрийн тогоонд олон жил чанагдаж ирсэн эрхэм. Тэрбээр Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн хөндийг цагаан шороотой нь эргүүлж хаясан даа. Нутгийн иргэд одоо ч Өлтийн хөндийгөө хараад нулимс унагадаг юм билээ. Энэ мэтээр Тавантолгойг ашиглах санаархалтай нэгдлийг үндэсний компаниуд гэхээс илүү улс төрийн бүлэглэлийнхнээс бүтсэн хэмээн тодорхойлбол илүү зохимжтой сонсогдох биз. 

Бас үнэнд ойртоно. Ингээд  тэд  улстөрийн хүчирхэг “нударгаа” ашиглан “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийг нухчин дарах санаархал агуулж байгаа биз. Арга ч үгүй юм. Тус нэгдлийн “Монголчууд өөрсдийнхөө юмыг өөрсдөө мэдье” гэсэн зарчим Засгийн газарт таалагдахгүй байгаа. Учир нь үндэсний нэгдлүүд Засгийн газар, бусад хэсэг бүлэг этгээдэд хувь хүртээхгүй. Мөн тэдний амласан иргэдэд тараах 1.5 сая төгрөгийг нь бэлнээр гаргаад өгчих чадал одоохондоо алга байгаа. 

Өөрөөр хэлбэл, үндэсний нэгдэл Тавантолгойг ашиглаад эхэлбэл Засгийг газар амлалтаа биелүүлж улстөрөөс зууралдах боломжоо алдах эрсдэлтэй, бас гарын аясаар хөдөлгөх компаниудаараа дамжуулж хувь хүртэх боломжийг нь хааж орхино. Иймээс л нухчин дарахын тулд дахин шинэ нэгдэл байгуулж, монголчуудыг хоёр талцуулахад хүргэжээ. Энэ бүхний цаана ерөнхий удирдаач болж, нухчин дарах “ажиллагаа”-г зааварчилж буй хүмүүс нь Засгийн газар, түүний тэргүүн байх магадлал маш өндөр байгаа юм. Бодоод үзье л дээ. 

Манай Ерөнхий сайд бизнес сэтгэлгээтэй хүн шүү дээ. Тавантолгойн хуучин эзэн хэмээн хэлж ч болно. Иймээс тэрбээр наанаа үндэсний компаниуд минь хэмээн инээмсэглэж байгаа ч цаанаа гадны “акул” компаниудтай хамтрах, эсвэл дотоодын компаниудаар дамжуулж Тавантолгойгоос хувь хүртэх сонирхолтой байх магадлалтай. Тэгээд ч будаа шиг олон жижиг үндэсний компаниудтай зууралдаж, хувь хүртэнэ хэмээн хүлээж суух дэмий хэрэг.  Түүний оронд улс төрийн холбоо сүлбээгээрээ дамжуулж нэгдэл байгуулан Тавантолгойд эзэн суух, эсвэл гадны “акул”-уудтай хамтарч алсыг харсан нүүдэл хийх нь түүний үнэн дүр төрх байж болно. 

Ингээд л танхимын дэргэд компаниудын нэгдэл байгуулж “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийн өөдөөс турхирч орхисон бололтой. Тэд чадвал “Монгол 999”-ыг нухчин дарж, Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр болж өгвөл ногоон гэрлээр Тавантолгойгоос хувь хүртэх, чадахгүй бол Б төлөвлөгөөндөө шилжих юм. Энэ нь тус нэгдэл “Монгол 999”-ийг улстөржүүлэн яс хаялцсанаар Ерөнхий сайдад дотоодын компани бус гадны “акул”-аас сонголт хийх боломж, шалтгийг олгох бололтой.

2011/05/19

Та ч гэсэн хувьцаа авмаар байна уу?

УИХ-ын хоёр гишүүн тогтоолын төсөл санаачилжээ. Үндэсний компаниудад нэрлэ­сэн үнээр худалдаалахаар шийд­вэрлээд байсан “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 10 хувийг Монгол Улсын нийт иргэдэд тэнцүү ширхэгээр хуваарилж, нэрлэсэн үнээр нь худалдахаар. Үүнээс болж үндэсний компаниуд болоод тогтоолын төсөл санаачлагчдын дунд “гал авалцахад” хүрээд байна.

Үндэсний аж ахуйнуудад “Эрдэнэс Тавантолгой”-н хувь­цааг худалдах тухай тогтоолыг өнгөрөгч долдугаар сард УИХ-аар баталсан. Баталсан цагаас хойш бараг арван сарын хугацаа өнгөрөөд байгаа ч хэрэгжилтийн хувьд “0” зогсоод байгаа билээ. Хувьцааны тоо ширхэгийг тооцож гаргасан ч нэрлэсэн үнэ хэд орчим төгрөг байх талаар ямар нэг шийдгүй. Үндэсний аж ахуй нэгжүүдийн хувьд “тэнгэрийн умдаг” болон харагдаж байсан “Эрдэнэс Тавантолгой”-н 10 хувийн хувь­­­цааг иргэдэд нэрлэсэн үнээр өгөх тухай гишүүдийн санаа­чилга түүнээс ч олон хүнд урам өгч байна. Учир нь Тавантолгойн хувьцааг авахаар улсын бүртгэлд хамрагдаад бай­гаа компанийн тоо 50 мянга давсан. Харин тэдгээрийг Мон­голын нийт хүн амын нэг хувь буюу 2700 орчим гэр бүл эзэмшдэг гэсэн судалгааг Засгийн газар гаргасан байна. 2700-гийн эсрэг 2,7 сая. Тун ойлгомжтой тоо. Тиймээс ашиг сонихол нь орхигдоод буй 2,7 сая хүний нэгийн хувиар миний бие бээр бас өөрийн бодлоо хуваалцахыг хүслээ.

Монгол Улсын Үндсэн хуулинд газар нутаг, түүний доорх баялаг бүх ард түмний өмч хэмээн заасан билээ. Энэ нь байгалийн баялгаас хувь хишиг хүртэх тохиолдолд иргэн бүр тэгш эрхтэй гэсэн үг. Одоо яригдаж буй Тавантолгойн ордын лицензийг “Энержи Ресурс” компаниас буцааж авах­даа ч гэсэн УИХ, Засгийн газар энэ зарчимыг үндэс болгон нийгэмчилсэн байдаг. Төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийсэн энэ ордын лицензийг төр, төрийн нэрийн дор ард түмэн хувь эзэмших ёстой гэж. Энэ дагуу ч “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийг байгуулж, хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлцэл хийх үүргийг хүлээлгэн, нийт хувьцааных 10 хувийг нийт иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон. Нэг иргэнд 536 ширхэг хувьцаа ноогдох тухай Засгийн газар өнгөрөгч гуравдугаар сард зарласан. Харин аж ахуйн нэгжүүдэд худалдах 10 хувийн хувьцаа одоо маргаан дагуулж байна. Яагаад гэвэл Засгийн газар амлачихсан учраас.

Өнгөрөгч долдугаар сард Зас­гийн газар энэ шийд­вэрийг гаргахдаа уул уурхайн үр ашигтай төсөлд үндэсний аж ахуйнуудаа татан оруулах замаар эдийн засгийн дэмжлэг үзүүлэхийг зорьсон. Хувьцааг 100 хувь гадаадын бирж дээр гаргаад зарчихвал үндэсний компаниуд хоосон хоцорно гэж хаширласан учраас. Хоёр­дугаарт үндэсний компаниудын оролцоо байх нь Тавантолгойн ордыг ашиглахад санхүүгийн бас нэг эх үүсвэр болно, цаашлаад компаниуд ч үүн дээр үр ашигтай менежмент хэрэгжүүлэх сонирхолтой болно гэж харсан хэрэг. Гэвч одоо харж байгаагаар бол Тавантолгойн орд дээр олборлолт явуулах, менежмэнт хийх бүх үүрэг нь 100 хувь гадаадын компаниудад очоод байгаа. “Эрдэнэс Таван­толгой” компани энэ ажил дээр дэлхийд алдартай гадаадын зур­гаан консерциумыг өрсөл­дүүлж байгаа. Харин манай компаниудын хувьд өөрт ногд­сон хувьцааг нэрлэсэн үнэ буюу анхны үнээр худалдаж аваад орд олборлолтоо явуулж, үр ашгаа өгч эхлэхийн цагт хувьцаагаа борлуулах, эсвэл ноогдол аш­гаас хувь хүртэх л үүрэгтэй харагдаж байгаа.

Ингэхээр иргэн хүн яагаад энэ хувьцааг худалдаж авч болдоггүй, аж ахуйн нэгжүүд худалдаж авах эрхтэй байдаг юм бэ гэсэн асуулт гарч байна. Хувьцааны анхны үнэ нэг доллар байх уу, 10 доллар байх уу гэдгийг одоохондоо хэн ч хэлж мэдэхгүй. Мөн хэн нь хэдэн ширхэг хувьцаа худалдаж авах чадвартай вэ гэдгийг ч хэлж мэдэхгүй. Гэхдээ худалдаж авах эрх нь Монголын бүх иргэнд нээлттэй байх хэрэгтэй л гэсэн үг. Сарынхаа цалинг илүүчилж, эсвэл хотын төвийн рестораны таваг хоолны үнэ төлөхгүй хэмээн “ад” болоод байгаа “хүний хөгжлийн” 21 мянгаа хурааж байгаад, эсвэл жил жилийн зудад зуу зуугаараа үрэгдэж байдаг үр ашиггүй малаасаа цөөлөөд үр ашгаа хэзээ мөдгүй өгч эхлэх тав нь тав, тавь нь тавин ширхэг хувьцаа авч яагаад болохгүй гэж. Энэ бол тэгш гараа, гарааны ижил нөхцөл. Харин барианд хэн орох нь чухал биш. Түүнээс биш нэг хэсэгт нь 536 ширхэг хувьцаа үнэгүй өгөөд нөгөө хэсэгт нь 550 мянган ширхэг хувьцааг нэг доллараар үнэлж өгнө гэдэг тэгш байдал биш. “Эрдэнэс Тавантолгой”-н орд дээр 15 тэрбум ширхэг хувьцаа гаргана гэсэн. Үүний 10 хувь нь 1,5 тэрбум ширхэг болж байна. Үүнийг дээр хэлсэн 2700 өрхөд хуваахад нэг айлд 550 мянган ширхэг хувьцаа ноогдож байна. 10 ам бүлтэй айл гэж үзвэл нэг хүнд 55 мянган ширхэг хувьцаа ноогдож байна. Түүн дээр үнэ талбөргүй өгч байгаа 536 ширхэг хувьцааг нэмэхээр нэг хүнд 55.536 ширхэг хувьцаа. Энэ бол дундаж тоо. Харин та ямар нэг компанигүй, хувь эзэмшдэггүй бол 536 ширхэг хувьцаатай. Тэгэхээр аль нь шударга байна. Та ч гэсэн хувьцаа авмаар байна уу?

2011/05/18

Таван толгойн шороон замаар нүүрс тээвэрлэх хоригийг цуцлав

Таван толгойн шороон замаар нүүрс тээвэрлэх хоригийг цуцлав

Таван толгой Ухаа худагийн уурхайгаас Цагаан хад хүртэлх шороон замын засварын ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн газрын төлөөлөл оролцсон комисс тавдугаар сарын 6-13-ны хооронд шалгажээ.
Шалгалтын комисс тээвэрлэлтийн замын нөхцөл харьцангуй сайжирсан гэж дүгнээд энэ сарын 14-нд “Mongolian Mining Corporation”-д Таван толгойгоос Цагаан хад хүртэл нүүрс тээвэрлэх эрхийг нь эргүүлэн олгосон байна. Энэ талаар МХЕГ-аас тодруулахад, Таван толгойгоос нүүрс тээвэрлэх замыг нээсэн. Мөн энэ талаар тодорхой мэдээллийг хэд хоногоос өгөх болно гэв. Нүүрс тээвэрлэлтийн хориг цуцлагдсанаар Таван толгой болон Ухаа худагийн уурхайгаас сайжруулсан шороон замаар нүүрс тээвэрлэж эхэлжээ. Таван толгой, Ухаа худагийн уурхайгаас Цагаан хад хүртэлх шороон замаар нүүрс тээвэрлэхийг хориглох шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Авто тээврийн газраас гаргасан. Хатуу хучилттай зам барьж дуустал тээвэрлэлтийг хориглосноор “Таван Толгой” ХК болон “Энержи Ресурс” компанийн нүүрсний тээвэрлэлт зогсоод байсан юм. “Энержи Ресурс” буюу ‘’Mongolian Minind Corporation’’ энэ сарын 11-нийг хүртэлх хугацаанд тухайн хэсгийн шороон замыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт дор засч сайжруулжээ. “Энержи Ресурс” компани хатуу хучилттай замыг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд сайжруулсан шороон замаар нүүрс тээвэрлэхээр болж байгаа юм байна.

Өвөр Монголоос Тавантолгой руу авто зам тавина

Хятад Монголоос авах нүүрсний импортоо нэмэгдүүлэхээр Өвөр Монголын хилийн Ганчимаодао  боомтоос Өмнөговийн Тавантолгой хүртэл авто зам тавих болсон тухай “China Coal Times”-д мэдээлсэн байна. Өвөр Монголын албаны хүний мэдэгдэж буйгаар Хятадын импортлогчид автозам тавих төсөлд 59 сая юань төсөвлөж, 2011 оны дөрөвдүгээр сарын 11-нээс эхлүүлэхээр төлөвлөсөн ч нарийн тов хараахан гараагүй байгаа ажээ. Хятадын импортлогч болон Монголын компаниуд хамтран уг төслийг хэрэгжүүлэх гэнэ. Монголоос Өвөр Монгол руу нүүрс тээвэрлэдэг 246 км үргэлжлэх одоогийн шороон замд осол аваар их гардаг ажээ. Ганчимаодаогоор 2010 онд 7.71 сая тонн нүүрс тээвэрлэж байсан бол 2011 онд энэ хэмжээг 12-15 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа гэнэ

2011/05/12

Таван толгой орд төсвийн алдагдлыг нөхөх гол эзэн

Таван толгой орд төсвийн алдагдлыг нөхөх гол эзэн
Энэ жилийн улсын төсөв дөрвөн их наяд төгрөг хэмээн батлагдсан. Уг мөнгө ДНБ-ий 52.1 хувь болно. Гэтэл энэ жилийн төсвийн орлогыг 3.3 их наяд төгрөг хэмээн тооцдог. Гэтэл үүн дээр 779 тэрбум төгрөгийн зардал нэмж батлагдсан билээ. Тэгэхээр энэ жилийн төсвийн алдагдал нэмж баталсан хэмжээнд байх юм. Төсвийн уг алдагдлыг Таван толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилсан төлбөрөөр нөхөх гэнэ. Гэтэл энэ орлого нь ирээдүйгээс зээлж буй тул бүтэх эсэх нь эрсдэлтэй. Тэгэхээр уг орлого бүтэхгүй тохиолдолд аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт нэмэгдэж, өргөн хэрэглээний барааны үнэ иргэдийн амьжиргаанд нөлөөлж магадгүй. Ийм байдалд хүрэхгүй шийдвэрлэх нэг арга байдаг. Тэр нь, Засгийн газрын бонд гаргах. Гэхдээ одоогоор төсвийн алдагдлыг нөхөх бондын сураг байхгүй. Учир нь, Таван толгой ордын гэрээ хэлцэл хийсний дараа төсвийн тодотголыг хэлэлцэнэ гэж байгаа. Уг ордыг барьцаалж мөнгө олж чадахгүй бол бонд гаргах асуудлыг хэлэлцэх бололтой. Иймээс өнөө л мөнгө болж харагддаг үйлтэй Таван толгойн орд энэ жилийн төсвийн алдагдлыг нөхөх гол эзэн болжээ.

Таван толгойн хувьцааг үндэсний компаниудад өгвөл Хятадуудын гарт л орно

Таван толгойн хувьцааг үндэсний компаниудад өгвөл Хятадуудын гарт л орно
Таван толгойгоос хувьцаа тараах тухай яриад удаж байна. Иргэн бүрд 536 ширхэг хувьцаа өгөх болж баярлуулсан. Гэвч бас бодох юм байна шүү. Нийт хувьцааны 10 хувь нь иргэдэд, 10 хувь нь үндэсний компаниудад оногдохоор болсон ч эргэлзээ их байгаа юм. Нийтдээ 53 мянган аж ахуйн нэгж энэ хувьцаа руу хандлаа. Төр, засгийнхан маань ч боломжтой юм байна гэлээ. Тэгтэл УИХ-ын зарим гишүүд ам уралдуулан “Үгүй ээ, яавч болохгүй нь” гэв. Батж.Батбаяр гишүүн ч энэ тухай ярив. Түүнээс өрсөөд Я.Батсуурь бас хүмүүсээс оноо авах гэсэн шиг ийм үгийг давтан сануулж байна. Харамсалтай тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан шинэ хувилбарыг л хуулж аваад яриад байжээ. Батж. Батбаяр харин үүнийгээ нуусангүй. Ерөнхийлөгч хувьцааны талаар санал гаргахдаа аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг өгөхгүйгээр 10+10 гээд нийт 20 хувийг нь хувьцаа хэлбэрээр нийт иргэддээ өгв гэсэн байв. Учрыг ойлгоход тийм ч төвөгтэй хуьтлбар биш ажээ. Тэдгээр 53 мянган аж ахуйн нэгжийн маань 65 хувь нь буюу 30 гаруй мянга нь жилийн 10-хан сая төгрөгийн борлуулалтын орлготой байдаг юм байна. Энэ нь тэд 28 мянган хувьцаа авч чадахгүй гэсэн үг. Үлдсэн 20-иод мянган аж ахуй л Таван толгойн хувьцаа авч таарах нь ээ. Тэгвэл эдгээр компаний цаана үндэсний гэсэн халхавчтай хэдэн гадаадын нөхөр гараад ирэхийг таахад бэрх юм. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд хувьцааг бүрэн гүйцэд жигд хүрээж чадах уу гэсэн асуудал ч ихээхэн ээдрээтэй болж байна. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд гадаадын  хөрөнгө оруулалт одоо ямар хэмжээтэй байгаа болон цаашид хэдий хэр өсөх магадлалтайг тогтоох аргагүй. Яагаад гэвэл улсын хэмжээнд үүнийг нууцалсан байдаг. Таван толгойн хувьцаа эзэмшсэн аж ахуйн нэгжийн гадны хөрөнгө оруулалтын хэмжээ 30 хувиас давсан байвал буцаагаад татаж авч болдоггүй. Хувьцаа өгсөн л бол нөгөө компани нь хэний гарт шилжүүлэх нь хамаагүй болно. Өөрөөр хэлбэл үндэсний гэх компаниудын маань ард нуугдаж байдаг гадны хөрөнгө оруулагчид хувьцааг бөөндөөд авах бүрэн боломжтой болно. Ерөнхийдөө манай улс дахь гадны хөрөнгө оруулалтын хэмжээг аваад үзэхэд хятад хол тасархай түрүүлээд байна. Нийт хөрөнгө оруулалтын бараг 60 гаруй хувийг эзэлж байгаа. Түүний дараа Канад орж байна. Канадчууд 6,6 хувьтай, Солонгос 5,7, Япон 4,3 хувь гэх мэтээр үргэлжилнэ. Энэ нь үнэдсний гээд байгаа компаниуд яваандаа гадны, ялангуяа Хятадын хөрөнгө оруулалтын мэдэлд шилжих магадлал маш өндөр байгааг харуулж байна. Тиймээс иргэн бүрдээ тэдгээр аж ахуйн нэгжүүдэд өгнө гээд байгаа 10 хувийг хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх нь илүү ашигтай ажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүний нөхдийн гаргасан саналыг дэмжихээс аргагүй юм. Үндэсний копаниуд маань үүнд огт гомдох хэрэггүй. Зарим хүмүүс хувьцаа тараах сургаар баахан цаасан дээр байгуулаад хаячихсан компани нэртэй үхмэл хөрөнгө худалдан авсан гэнэ лээ. Яая гэхэв нэг удаа гэнэдэж шатсан хэрэг болно биз. Зөөлөн хоол олох гэсэн тэдний санааг буруутгаад ч яах билээ. Гэхдээ уул үзээгүй байж хормой шуун давхисандаа сургамж авах байлгүй. Нэг хүн 30 компанитай болсон дуулдана лээ. Хүний сувьдаг сэтгэлд жолоо гэж байх биш. Харин УИХ-ын гишүүн Я.Батсуурь мэтийн хүмүүс хүний санаагаар хүүдэгнэсэн ч гэсэн иргэн бүрдээ 10+10 хувийн хувьцаа өгүүлэх дээр чуулганы санал хураалтын кнопоо дарна гэдэгт найдаж байгаа шүү дээ. Ц.Элбэгдржийн санаачлагыг дэмжсэн бүх хүнд иргэд маань баярлалаа гэж чанга дуугаар хэлцгээх байх аа.   

Солонгосчууд Таван толгойд ажиллах магадлал өндөр байна

Солонгосчууд Таван толгойд ажиллах магадлал өндөр байна
Таван толгойн орд газарт ажиллах компанийг сонгон шалгаруулах ажил дэлхий дахины анхаарлын төвд байна. Энэхүү ордыг хариуцаж буй төрийн мэдлийн “Эрдэнэс МГЛ” компани олборлогч компанийн сонгон шалгаруулалтын дүн 2011 оны тавдугаар сард гарна гэж өнгөрсөн сард мэдэгдсэн нь бүх зүйл хаяанд ирснийг харуулж байгаа. Тэгвэл сонгон шалгаруулалтад ялах хамгийн өндөр магадлалтайд тооцогдож буй консорциумд багтсан Өмнөд Солонгосын “Коrеа Resources” компани Таван толгойд ажиллах эрхийг авахын төлөө боломжтой бүхнийг хийхээ мэдэгдлээ. “Коrеа Resources” мэдэгдэлдээ “Таван толгой бол дэлхий дээрх ашиглагдаагүй үлдсэн коксжих нүүрсний цөөн тооны аварга том ордын нэг. Тиймээс бид эцсийн сонгон шалгаруулалтад ялж энэ уурхайд ажиллах эрхийг авахын тулд боломжтой бүхнийг хийнэ” гэжээ. Зургаан тэрбум гаруй тонн нүүрсний нөөцтэй Таван толгойн ордын тодорхой хэсэгт ажиллах тендерт “Коrеа Resources” багтсан консорциум ялах магадлал өндөртэй байгаа нь өмнө болсон үйл явдалтай холбоотой. Өөрөөр хэлбэл, Таван толгойг олон улстай холбох төмөр зам барих тендерт мөн л Өмнөд Солонгосын “Lotte Engineering and Construction” компани  ялсан билээ. Энэ нь Таван толгойн олборлогчийн сонгон шалгаруулалтад солонгосчуудын ялах магадлалыг ихэсгэж байгаа аж.

2011/05/10

Өвөр Монголоос Тавантолгой руу авто зам тавина

Хятад Монголоос авах нүүрсний импортоо нэмэгдүүлэхээр Өвөр Монголын хилийн Ганчимаодао  боомтоос Өмнөговийн Тавантолгой хүртэл авто зам тавих болсон тухай “China Coal Times”-д мэдээлсэн байна. Өвөр Монголын албаны хүний мэдэгдэж буйгаар Хятадын импортлогчид автозам тавих төсөлд 59 сая юань төсөвлөж, 2011 оны дөрөвдүгээр сарын 11-нээс эхлүүлэхээр төлөвлөсөн ч нарийн тов хараахан гараагүй байгаа ажээ. Хятадын импортлогч болон Монголын компаниуд хамтран уг төслийг хэрэгжүүлэх гэнэ. Монголоос Өвөр Монгол руу нүүрс тээвэрлэдэг 246 км үргэлжлэх одоогийн шороон замд осол аваар их гардаг ажээ. Ганчимаодаогоор 2010 онд 7.71 сая тонн нүүрс тээвэрлэж байсан бол 2011 онд энэ хэмжээг 12-15 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа гэнэ. 

Тавантолгойгоос эзэмших хувьцаа дахин өсөх эсэхийг УИХ шийднэ

Тавантолгойгоос эзэмших хувьцаа дахин өсөх эсэхийг УИХ шийднэ
Монгол Улсын иргэн бүрт Тавантолгойгоос 536 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй болоод байгаа билээ.

Хэдийгээр нөөцийн хэмжээ нь бүрэн тогтоогдоогүй байгаа ч 6.5 тэрбум тонн гэж яригдаж буй Тавантолгойн орд газрын нийт хувьцааны хэмжээ 15 тэрбум ширхэг. Ийм их ширхэгтэй хувьцаа анх удаа гарч буй нь Монгол Улсын түүхэнд бичигдэн үлдэх нь дамжиггүй. Харин тэгш хуваарилалт болсон эсэхийг хойч үе маань шүүн тунгаах биз ээ.

Төр Тавантолгойг түшиглэн байгуулсан төрийн өмчит компанийн хувьцааны арван хувийг иргэдэд үнэгүй өгөхөө амлачихсан, нэг иргэнд ногдох хувьцааны тоо тодорхой болчихсон. Тодруулбал, Таван толгойн хувьцааны арван хувь буюу 1.5 тэрбум ширхэг хувьцаа хоёр сая 796 мянга гаруй иргэний мэдлийнх.

Гэхдээ энэ хувьцаа 2011 оны гуравдугаар сарын 31-нээс хойш өдөр төрсөн иргэдэд хамааралгүй. Монгол Улсын иргэн бүрт Тавантолгойгоос 536 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй болоод байгаа билээ. Хэдийгээр нөөцийн хэмжээ нь бүрэн тогтоогдоогүй байгаа ч 6.5 тэрбум тонн гэж яригдаж буй Тавантолгойн орд газрын нийт хувьцааны хэмжээ 15 тэрбум ширхэг. Ийм их ширхэгтэй хувьцаа анх удаа гарч буй нь Монгол Улсын түүхэнд бичигдэн үлдэх нь дамжиггүй. Харин тэгш хуваарилалт болсон эсэхийг хойч үе маань шүүн тунгаах биз ээ.

Гэхдээ энэ хувьцаа 2011 оны гуравдугаар сарын 31-нээс хойш өдөр төрсөн иргэдэд хамааралгүй. Иргэдэд хувь хувьцаа ногдуулахаас гадна дотоодын аж ахуйн нэгжүүдэд 10, гадаадын зах зээл дээр 30 хувийг нь зарах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд тусгагдсан.

Уг тогтоолын 2.6-д "хувьцааны арван хувийг 2010 оны зургадугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах" гэж бий. Харин энэ тогтоол 2010 оны улсын баяр наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 7-ны өдөр түмний анхаарал суларсан үед батлагдан гарсан байдаг. Тухайн үед 23 мянга гаруй аж ахуйн нэгж, компани Тавантолгойн хувьцааны арван хувийг худалдан авах боломжтой гэсэн судалгаа гарч байжээ.

Үүнээс хойш "Компани худалдаж авна" гэх зар хаа сайгүй гарч эхлэв. Бас компани, аж ахуйн нэгж шинээр байгуулах хүсэлтэй иргэдийн тоо ч олшров. Ингээд эдүгээ аж ахуйн нэгж, компанийн тоо 53 мянга давав. Ийнхүү аж ахуйн нэгж, компаниудын тоо хэд дахин өссөнийг дээрх тогтоолыг баяр наадмын өмнө баталсных нь үр уршиг ч гэж болохоор. Аж ахуйн нэгжүүдийн тоо толгой нэмэгдэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийг байгуулагдсан он, cap, өдрөөр нь ялгаварлан гадуурхаж, нэрлэсэн үнээр хувьцаа худалдан авах эрх олгох тухай мессеж сүүлийн үед хаа сайгүй нисч эхлэв.

Гэхдээ Монгол Улсын иргэдийг компанитай, компанигүйгээр нь ялгаварлан гадуурхсан дээрх тогтоол өөрчлөгдөх магадлалтай болоод байна. Учир нь УИХ-ын гишүүн Б.Батбаяр, Я.Батсуурь нарын гишүүд УИХ-ын 39 дүгээр тогтоол өөрчлөлт оруулах тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ. УИХ-ын гишүүд "Үндэсний аж ахуйн нэгжид Таван толгойн хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр нэрлэсэн үнээр арилжаалахаар 39 дүгээр тогтоолд заасан нь Монгол Улсын эдийн засгийг уул уурхайгаас хэт хамааралтай болгож байна. Тодруулбал, төр аж ахуйн нэгжүүдийнхээ хөрөнгийг уул уурхайд татан оруулахаар заалт болсон" гэжээ.

Түүнчлэн "Үндэсний аж ахуйн нэгж" гэснийг тодорхойлсон ямар нэг хууль тогтоомж байхгүй бөгөөд хувьцааг худалдан авах эрх бүхий аж ахуйн нэгжийг ямар шалгуураар тогтоох нь тодорхой бус байна. Урьдчилсан тооцоогоор 53 мянган аж ахуйн нэгж энэхүү хувьцааг худалдан авах эрхтэй хэмээн тооцсон ч тэдгээрийн улсын төсөвт төлсөн татварын хэмжээ, үйл ажиллагааных нь цар хүрээ эрс тэс ялгаатай учир тэдэнд Тавантолгойн хувьцааг хавтгайруулан тэгшитгэж олгох нь шударга бус хуваарилалт болно.

Мөн 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийг хувьцаанд хамааруулахаар заасан нь шударга бус. Уг заасан хугацаанаас хойш аж ахуйн нэгж байгууллаа гэхэд ажлын байр олноор бий болгож, улсын төсөвт их хэмжээний татвар төлсөн ч, Тавантолгойн хувьцааг худалдан авч чадахгүй ялгаварлагдах болж байна. Тиймээс үндэсний аж ахуйн нэгжид арилжаалахаар заасан Тавантолгойн 1072 хувьцааг иргэн бүрт үнэ төлбөргүй олгох боломжтой" хэмээн мэдэгдэж байгаа. Дээрх тогтоолын төслийг санаачлагч Б.Батбаяр гишүүн "Нэг иргэнд ногдох хувьцааны ширхгийг 1000 гэж тооцох, хүн бүрийнхээс үлдэж буй 72 ширхэг хувьцааг шинээр төрсөн иргэнд өгөх талаар саналаа илэрхийлээд байгаа. Энэ хувилбарыг үгүйсгэх хүн төдийлөн гарахгүй болов уу.

Учир нь Засгийн газрын шийдвэрээр бол энэ оны гуравдугаар сарын 31-нээс хойш төрсөн иргэд Таван толгойгоос юу ч хүртэхээргүй байгаа. Харин эл байдлыг өөрчилж, шинээр төрж буй иргэдэд хувьцаа ногдуулах тухай санал санаачилга гаргасан УИХ-ын гишүүдэд талархах хүний тоо хэр их байх нь ойлгомжтой. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар үндэсний аж ахуйн нэгжид арилжаалах "Эрдэнэс Тавантолгой"-н компанийн арван хувийн хувьцааны талаар хэлэлцэх үед 2700 хүний гарт төвлөрөх тул ард иргэддээ олгох нь шударга хуваарилалт болох талаар хөндөгдсөн гэдэг.

Энэ нь ард иргэдэд ногдох нэгж хувьцаа дахин өсөх боломж дэмжигдэх магадлал өндөртэйг баталж байна. Гэхдээ уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүд дэмжиж баталснаар Тавантолгойгоос Монгол Улсын иргэн бүрт ногдох хувьцааны тоо ширхэг дахин өснө. Гэхдээ эцсийн шийдвэр УИХ-ын гишүүдийн гарт бий. Харин эрхэм гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлд "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна" гэсэн заалтыг санан санан байж, УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолыг төслийг эцэслэн шийдвэрлээсэй билээ.

2011/05/09

Зүүн Цанхи 795 сая тонн нөөцтэй


Тавантолгойн ордын Зүүн Цанхи нь нэг тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд нийт нөөцийн 78 хувийг нь дээд зэрэглэлийн буюу коксжих нүүрс эзэлдэг  гэсэн судалгаа бий. Тэгвэл зүүн Цанхи өнөөдрийн байдлаар яг хэдий хэмжээний нөөцтэй вэ гэдгийг Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар тогтоосон байна. “Эрдэнэс MГЛ”-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбишийн хэлснээр бол Эрдэс баялгийн зөвлөлөөс зүүн Цанхийн нөөцийг 795 сая тонн хэмээн баталгаажуулсан байна. Тус ордод  өнгөрсөн  оны зургадугаар сараас эхлэн хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд уг ажил үндсэндээ дуусч, олборлолт  эхлэхэд бэлэн болсон байна. Уг ордоос жилд арван сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаагаа ч “Эрдэнэс МГЛ”-ийн гүйцэтгэх захирал өгүүлсэн.  Түүнчлэн энэ ондоо багтаан нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлж, 2013 онд ашиглалтад оруулах гэнэ.

Тавантолгойн хувьцаан дээр барьцалдаж эхэллээ


Төрийн бус байгууллагынхан аж ахуйн нэгжүүдтэй барьцаж байгаа гэнэ. Тэд Засгийн газарт  хандаж, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас  хувь хүртэ­хийг хүсч байгаагаа илэрхийлжээ.  Тавантолгой гэх асар их хөрөнгөтэй авдрын тагийг онгойлгож амжаагүй байхад бөөн мөнгөний үнэр авсан монголчууд яаж ахиухан хувь хүртэх вэ хэмээн ийнхүү алаагүй баавгайн арьсан дээр зодолдож байна.

Тавантолгойгоос хөрөнгө босгох, уг хөрөнгийг манах, зарцуулах эрхийг “Эрдэнэс Тавантолгой” компанид хуулиар олгосон юм бий. Тус компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах, иргэдэд 536 ширхгийг үнэ төлбөргүй олгох, аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах бэлтгэл ажлууд хэдийнэ эхэлсэн.  “Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийх гол зохион байгуулагч буюу спонсороор  Германы Дойче банк, АНУ-ын Голдман Сакс банк ажиллаж буй бол хувьцааны борлуулалтад оролцох, зуучлахад  Францын Би Эн Пи Париба банк, Австралийн  Маквэари банкууд хамтарч байгаа.

Хөрөнгө оруулагч банкуудын хэлснээр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа их л удлаа гэхэд ирэх оны эхээр олон улсын хөрөнгийн зах зээлд хөл тавих бололтой. Гэхдээ одоогоор нэрлэсэн үнийг нь тогтоогоогүй байна. “Эрдэнэс Тавантолгой” хувьцааны нэрлэсэн үнийг хэдээр тогтоох нь олон хүчин зүйлсээс шалтгаална гэдгийг хөрөнгө оруулагч банкирууд мэдэгдсэн.

Нэгдүгээрт газарзүйн байршил, хоёр­ду­гаарт ордын нөөц, гуравдугаарт олборлолтын хэмжээ, дөрөвдүгээрт дэд бүтэц, тавдугаарт компанийн үнэлгээ.  Түүнчлэн Монголын зах зээл дэх бэлэн мөнгөний урсгалаас компанийн үнэлгээ хамаарах болохыг ч  “Эрдэнэс Таван­толгой”-н IPO хийх спонсоруудаас сануулж бай­гаа юм.  Харин Монголын талаас тус ком­панийн нэрлэсэн хувьцааг 3000 төгрөгөөс буухгүй хэмээн таамаглацгааж байна.

Олон улсын хэчнээн биржээр арилжаалахыг шийдээгүй мөн нэрлэсэн үнийг нь тогтоо­гоогүй “Эрдэнэс Тавантолгой”-н хувь­цаанаас бөөн бөөнөөр нь “атгах” хүсэл  мон­гол­чуу­дын гэлтгүй гадаадынхныг зүгээр суул­гал­гүй дороос нь хатгаад байгаа бололтой юм.  Тий­мээс  иргэдэд 536 биш 1072 ширхэг хувь­цааг үнэгүй тараахыг, мөн нэрлэсэн үнээр нь худал­дан авах боломж олгохыг зарим хү­мүүс шаар­дах болсон. Засгийн газраас энэ оны гу­рав­­дугаар сарын 31-нээс өмнө төрсөн Мон­гол Ул­сын иргэн бүрт 536 ширхэг хувьцааг үнэ төл­­бөр­гүй олгох бөгөөд харин аж ахуйн нэг­жүү­дэд нэрлэсэн үнээр нь худалдах асуудал ир­­­гэ­­дэд огт хамааралгүй гэдгийг мэдэгдсэн бий. 

Нөгөөтэйгүүр төрийн бус байгууллагынхан аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр  нь худалдах “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас адилхан хүртэх ёстой гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд эхэллээ.

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтэй зэрэгцэн монголчуудын нэг хэсэг нь хусмаа чамласан хүүхэд шиг аяглаж, нөгөө хэсэг нь хөөрцөглөж, зарим гар бариад бугуй барихын төлөө зүтгэж байна.  Аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг нэрлэсэн үнээр нь зарна гэсэн сургаар нэг хэсэг компанийн эрэлт хэрэгцээ ихэссэн. Өөрөөр хэлбэл, өөрт нь өгөх үнэгүй 536 дээр аж ахуйн нэгжийн нэрээр нэрлэсэн үнээр нь авах хувьцааны төлөө компани худалдаж авах иргэдийн идэвх гэнэт сайжирсан.  Засгийн газраас өнгөрсөн оны зургадугаар сарын 1-нээс өмнө үйл ажиллагаа явуулж байсан, татварын өр ширгүй аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг нэрлэсэн үнээр нь зарна хэмээн дээрх асуудалд хаалт тавьсан ч  ямар нэгэн аргаар ахиухан хувьцаа хүртэх дон зарим иргэдийг нэлээд зовоож байгаа шинжтэй.

Төрийн бус байгууллагуудын зүгээс иргэдээ алагчлах ёсгүй, “Эрдэнэс Тавантолгойн” хувьцааг нэрлэсэн үнээр нь ижил тэгш тоогоор худалдах хэрэгтэй хэмээн Засгийн газарт захидал хаяглаад байгаа гэх.  Монгол Улсад өнөөдрийн байдлаар 5000 гаруй төрийн бус байгууллага бүртгэлтэй байдаг бөгөөд тэдний ихэнх нь үйл ажиллагаа явуулдаггүй  юм билээ. Үйл ажиллагаа явуулдаг тэдгээр цөөнх нь гадаадаас санхүүжилттэй. Эндээс харахад төрийн бус байгууллага нэрийн дор “Эрдэнэс Тавантолгой”-гоос хувь хүртэх санаархал гадаадынханд нэлээд байгаа бололтой юм.  Надад гуравхан, Намуунаад гурав гэгчээр хүний шунал хязгааргүйгээс энэ хувьцаанаас ахиухан хүртэх шунал, аж ахуйн нэгжүүдэд ч, иргэдэд ч, төрийн бус байгууллагынханд ч байгаа. Тэгэхээр эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр иргэн бүхэндээ 536 ширхэг хувьцааг нь үнэгүй олгоод үлдсэнийг зах зээлийн ханшаар нь худалдвал яасан юм.  Үнэндээ ийм л аргаар зохицуулахгүй юм бол алаагүй баавгайн арьснаас болж “алалцах” дээрээ тулж магадгүй нь  бололтой,  зарим нөхөд. Тиймээс  гадаадын Дорж, Дулмаа нь адилхан зах зээлийнхээ үнээр  “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдаж аваад, хувь хүртэнэ биз.  Энэ нь илүү шударга, илүү амар шийдвэр болох бус уу. Нийгэм  нь тэр чигээрээ улс төрөөр “вакум”-жих болсон өнөө үед төрийн бодлого тэгш бусаар үйлчлээд эхэлбэл  Засгийн газар өөрөө хэцүүхэн асуудалтай тулгарч  байна. Эцэст нь хэлэхэд иргэний болон байгаль хамгаалах хөдөлгөөнийхөн хусмаа чамлаж, хумсаа мэрээд эхлэвэл бас яана.