“Буян” компанийн босс Б.Жаргалсайхан Монголын эдийн засгийн форумын үеэр Тавантолгойн орд газрыг хоёр биш тав хуваах санал гаргалаа. Тавантолгой орд газрыг тав хувааж, таван үндэстний компанид ашиглах эрхийг нь өгөх ёстой гэв. Гадаадын консерциум оролцлоо гэхэд дандаа Монголын компаниудтай хамтарсан байх ёстой гэсэн шаардлага тавихыг ч Засгийн газрынханд зөвлөв. Тиймээс тав хуваах төсөл боловсруулж түүнийгээ УИХ-д удахгүй өргөн барихаар төлөвлөөд байгаа юм байна. Харин зарим эдийн засагчид Тавантолгой төслийг огт хуваах хэрэггүй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. 2011/03/04
Тавантолгой ордыг тав хуваа гэв
“Буян” компанийн босс Б.Жаргалсайхан Монголын эдийн засгийн форумын үеэр Тавантолгойн орд газрыг хоёр биш тав хуваах санал гаргалаа. Тавантолгой орд газрыг тав хувааж, таван үндэстний компанид ашиглах эрхийг нь өгөх ёстой гэв. Гадаадын консерциум оролцлоо гэхэд дандаа Монголын компаниудтай хамтарсан байх ёстой гэсэн шаардлага тавихыг ч Засгийн газрынханд зөвлөв. Тиймээс тав хуваах төсөл боловсруулж түүнийгээ УИХ-д удахгүй өргөн барихаар төлөвлөөд байгаа юм байна. Харин зарим эдийн засагчид Тавантолгой төслийг огт хуваах хэрэггүй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. Жижиг компаниудыг худалдан авах нь олширчээ
”Эрдэнэс Тавантолгойн”-н хувьцааны сургаар жижиг компаниудыг худалдан авах нь олширчээЗасгийн газрын 139 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг иргэдэд үнэгүй олгохоор болсон. Харин 350 дугаар тогтоолын дагуу 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан компаниудад мөн л нийт хувьцааных нь 10 хувийг нэрлэсэн үнээр нь худалдана хэмээсэн. Тиймээс энэ их хөрөнгийг хүлээж авах, хүлээлгэж өгөх ажлууд ид өрнөж байна. ТӨХ, “Эрдэнэс МГЛ” компани хувьцаа гаргах бэлтгэл ажлыг дөнгөж эхэлж байхад иргэд хувьцаагаа байршуулах дансаа нээлгэж, үйлчлүүлэх брокер дилерийн компаниа сонгож, хувьцааны талаарх мэдлэгээ зузаатгаж эхэллээ. Харин аж ахуйн нэгжүүд хувьцаа авах бэлтгэл хангахдаа нарийн арга, ухаан сүвэгчилж эхэлсэн нь олон асуудал үүсгээд буй юм. Ингэх болсон шалтгаан нь компаниудыг том, жижиг гэж ялгалгүй бүгдэд нь хувьцааг тэнцүү тоогоор худалдах болсон асуудал аж. Үүнээс болж жижиг компаниуд хувьцаа авах хөрөнгөгүй хэмээн компаниа зарах хөдөлгөөнд идэвхийлэн оржээ. Тиймээс томоохон компанийн удирдлагууд ”Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хүртэх хувьцааныхаа тоог нэмэгдүүлэхийн тулд жижиг компаниудыг үнэ тохирч худалдаж авах сонирхлоо илэрхийлэх болсон байна. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа талаар сурвалжилсан юм.
ТӨХ-ны мэргэжилтэн Ч.Чинзо-риг ийнхүү ярьж байна.
-Хөрөнгөтэй компаниуд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанаас ихээр худалдаж авахын тулд жижиг компаниудыг мөнгөөр “цохиж” худалдан авч байна гэсэн. Энэ бүхнийг хэрхэн зохицуулах вэ?
-Одоогоор ийм мэдээлэл ирээгүй байна. Гэхдээ иймэрхүү асуудал гарч байгааг үгүйсгэхгүй. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан компанийг худалдаж авна” гэсэн зар сүүлийн үед нэлээд гарах болсон. Тиймээс энэ бүхнийг зохицуулах тодорхой саналууд гарч байгаа. Эцсийн байдлаар тогтоол шийдвэр гараагүй учраас тодорхой тайлбар өгөх боломжгүй.
-Ийм тохиолдолд том компанийн худалдаж авсан компанид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдахгүй гэсэн үнэн үү?
-Ийм санал ирж байгаа. Үүнийг үгүйсгэх ч аргагүй. Яагаад гэвэл, нийт хувьцааны 10 хувийг иргэдэд үнэгүй эзэмшүүлээд аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдан авахыг санал болгоно. Гэтэл энэхүү саналын эрхийг дээрх маягаар худалдаж болохгүй шүү дээ. Тиймээс тэдгээр саналыг хэрхэх талаар хэлэлцэж байгаа.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO-г хийхэд зөвлөх хөрөнгө оруулалтын банкуудыг зарласнаас хойш шуугиан дэгдэж эхэлсэн. Ямар болзол тавьсных нь үндсэн дээр банкуудыг сонгосон юм бэ?
-Би үнэлгээний хорооны гишүүн биш болохоор “Тийм учраас хөрөнгө оруулалтын банкуудыг шалгаруулсан” гэж хэлэх эрхгүй. Гэхдээ гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд арилжаалах хувьцаа буюу тэр хэмжээний хөрөнгийг Монгол Улсад богино хугацаанд үр дүнтэйгээр төвлөрүүлэх, боломжийн үнээр хувьцааг борлуулах санал дэвшүүлсэн банкуудыг л шалгаруулсан.
Татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтсийн дарга С.Туулаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдаж авах аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал ямар байх ёстой талаар лавласан юм.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг авах аж ахуйн нэгжүүд бэлтгэлээ базааж эхэллээ. Тэдэнд ямар шаардлага тавьж байгаа вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө буюу 30-ны өдөр байгуулагдаж, гэрчилгээгээ авсан ямар ч аж ахуйн нэгж худалдаж авах эрхтэй. Тэр дундаа Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагынхаа тайланг цаг тухайд нь гаргаж, тушааж байсан байх ёстой. Тиймээс татварын байгууллага ийм аж ахуйн нэгжийг хувьцаа худалдаж авах эрхээс нь орхигдуулахгүйн тулд одоо байгаа жагсаалтыг дахин нягталж байна. ТЕГ-т байгаа мэдээллийг орон нутгийн 32 татварын албанд илгээж, мэдээллийн баазад байхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг бүртгэх ажлыг эхэллээ. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг энэ бүртгэлд хамрагдаач гэмээр байна.
-Том компанийн удирдлагууд жижиг аж ахуйн нэгжүүдийг худалдан авч байна гэсэн. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Томоохон компаниуд жижиг компанийг худалдаж авах тохиолдол бодит байдал дээр нэлээд гарч байгаа юм шиг байна. Ямар нэгэн компанийг худалдаад авчихсан тохиолдолд тухайн компанийн эзэн нь өөр болно шүү дээ. Хэрэв ийм тохиолдол илэрвэл 2010 оны зургадугаар сарын 30-нд тухайн компани ямар эзэнтэй байсан, хэн үүсгэн байгуулсныг нь үндэслэж хувьцааг худалдах эсэхийг шийднэ. Тиймээс том компаниуд хувьцаагаа нэмж авах зорилгоор худалдаж авсан жижиг компанийнхаа нэр дээр дахин хувьцаа авна гэсэн ойлголт байхгүй.
Харин энэ талаар “Эрдэнэс МГЛ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбишээс лавлахад тэрбээр ямар ч мэдээлэлгүй байгаагаа хэлж байлаа.
Монголын томоохон компаниудын төлөөлөл болгож, АПУ ХК-ийн захирал П.Батсайханаас энэ талаар ямар байр суурьтай байгааг нь асуусан юм.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд тэнцүү тоогоор худалдаална гэсэн нь том компанийн удирдлагуудад жижиг компанийг худалдаж авах сонирхол бий болгосон. Харин худалдаж авах үйлдэл гаргасан тохиолдолд худалдагдсан компанийн хувьцаа авах эрхийг хаах талаар ярилцаж байгаа юм байна. Энэ талаар таны бодол?
-Нэгэнт л хувьцааг өртэй, зээлтэй, том, жижгээс нь үл хамааран компаниудад нэрлэсэн үнээр нь худалдаж авах боломжийг олгоно гэсэн бол худалдах л хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар “Чи үүнийг авчихвал чамд хувьцааг нь өгөхгүй” гэдэг асуудал байж болохгүй байх. Нөгөөтэйгүүр манайд бий болсон ноолуур, түүхий эд худалдаж авдаг хятадуудын сүлжээ жижиг компаниудын удирдлагад мөнгө тараагаад компанийг нь худалдаад авчихвал “Эрдэнэс Тавантолгой”-н 10 хувь хувьцаа маань бүгд гадныхны гарт орох эрсдэл энүүхэнд байна. Тиймээс энэ бүхэнд маш зөв бодлого гаргах хэрэгтэй гэж бодож байна.
Зөвхөн жижиг компаниуд гэлтгүй том компаниуд ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хүртэх хувьцаагаа хэн нэгэнд алдах вий гэсэн айдастай байгааг түүний яриа илтгэж байна. Том компаниуд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг гадныханд алдах вий гэсэн айдастай байгаа бол жижиг компаниуд хувьцааг худалдаж авч чадахгүй байсаар алдах вий гэсэн түгшүүртэйн улмаас компаниа зарж байгаа аж. Тиймээс мөнгөгүй гэж үзсэн компаниуд хувьцаа худалдаж авах эрх бүхий компаниа үнэд хүргэж зарах асуудал гарч байгаа юм байна. Энэ бүхнээс болж үүсээд буй асуудлыг зохицуулах зөв шийдвэр гаргаасай гэсэн хүлээлт нийгэмд бий боллоо.
Хоёр хөрш Тавантолгойн тендерт цойлох боломжтой
Тухайлбал, гадаадаас БНХАУ-ын "Шиньхуа", Японы "Мицуи" компанийн хамтарсан нэгдэл, Люксенбургийн "Арселор миттал лимитед", БНХАУ-ын "И-Тай", ОХУ-ын "Эн Плас", Австралийн "Фортискю Металс" групп, Бразилийн "Вале", "Оросын төмөр зам" тэргүүтэй консорциум, Японы "Марубени", "Иточу" тэргүүтэй хамтарсан концерн, БНСУ-ын "Корес" хамтарсан нэгдэл, Энэтхэгийн "Мэско Стийл", Интернэшнл Коул Вентчур", Австралийн "Экстрата" групп, БНХАУ-ын "Эрдос Ченлон" групп өөрсдийн материалаа явуулжээ. Харин тэдэнтэй өрсөлдөхөөр "Монголын алт" "Монголын авто зам" консорциум, "Сигнум Индастриал" компани оролцож байгаа юм.
"Эрдэнэс МГЛ", Төрийн өмчийн хороо, үнэлгээний ажлын хэсэг эдгээр компанийн материалтай танилцаж дуусаад дараагийн шатанд тэнцүүлэх компаниудаа нэрлэх аж. Энэ шалгаруулалтаас их зүйл хамаарах юм. УИХ-ын нэр бүхий гишүүд эдгээр компанитай холбоотой байх өндөр магадлалтай. Иймээс 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойй" ордын хөрөнгө оруулагч компанийг сонгосны дараа эрх мэдэлтнүүдийн хэн нь хэн бэ гэдэг нь харагдана гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн онд эдгээр компани өрсөлдөх тухайгаа мэдэгдэхэд УИХ-ынхан тэдний тухай жиг жуг ярьж байсныг санах хэрэгтэй.
Иймээс энэ тендерт хэн ялалт байгуулахаас гишүүдийн улс төрийн цаашдын замнал харагдах юм. БНСУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр Оюутолгойн гадаа үлдсэн тус улсын компаниуд Тавантолгойн ордыг алдахыг хүсэхгүй байгаа бололтой. Тэдний "Корес" хамтарсан нэгдлийн төлөөлөгчид өнгөрсөн зун Монголд ирэхдээ манай нэр бүхий улстөрчидтэй уулзсан гэх цуу тарсан юм. Мөн Тавантолгойн ордод хараагаа чиглүүлсэн "Оросын төмөр зам" нэгдэл улсынхаа эрх баригчдаар түрүү барьж тендерт ялалт байгуулахыг хүсэх болсон байна. Учир нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс Москвад айлчилсан юм.
Энэ үеэр Дорнодын уран, Тавантолгой болон бусад ордод хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа Оросын тал илэрхийлсэн юм. Энэ үеэр нэг тэмдэглүүштэй үйл явдал болсон нь тус улс Монгол Улсын өрийг цайруулсан. Тухайн үед Оросын "Коммерсант" сонинд "Монголын өрийг тэглэсэн явдал нь тус улсад манай улсын компаниуд үйл ажиллагаагаа явуулж, хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүллээ. Мөн Эльгиний нөөцөөс гурав дахин том Тавантолгойн ордыг ашиглахад нээлттэй боллоо" хэмээсэн байна. Иймээс өмнийн говьд хойд хөршийн компаниуд нэлээд ач холбогдол өгч байгаа юм.
Харин Тавантолгойн хөрөнгө оруулагч компанид өрсөлдөж буй "Оросын төмөр зам" нэгдлийн сул тал бол техник хангамж аж. Тэд энэ талаараа Хятадын консорциумуудаас дутуу гэж Оросын хэвлэлийнхэн мэдээлжээ. Бид стратегийн хоёр том хөрштэй. Иймээс тэднийг гомдоох нь бидний хувьд халтай. Үгүй ядаж, хилээ хааж, гаалын татвараа нэмэх зэргээр Монголыг дарамталдаг нь нууц биш. Хэрэв энэ байдлаас үзвэл хоёр хөршийн компаниуд Тавантолгойн хөрөнгө оруулагчийг сонгох тендерт цойлох боломжтой юм. Гэхдээ манай улсын эрх баригчид цаашдын техник, технологио бодъё гэж байвал Япон, Австралийн компанийг сонгох хувилбартай.
2011/03/03
“Акул” банкууд Тавантолгойг хуйвалдан идэх үү, хамтран хөгжүүлэх үү?

Яагаад, заавал манайхны сонгосон түнш болгон элдэв юманд орооцолдсон, байдаг байдагтаа нэр хүнд нь уначихсан нөхөд байгаа нь сонирхол татахгүй байхын аргагүй. Ялангуяа уул уурхайн салбарт шүү. Төр засгийн удирдлагууд үнэхээр гэнддэг үү эсвэл зориудаар уулзан учирдаг уу гэдгийг уншигчдын зарим нь ухаж ойлгох гэж зовох болов. “Эрдэнэс Тавантолгой” хэмээх үүргээ гүйцэтгэж чадвал үнэхээрийн ачтай буянтай компанийг манай Засгийн газар дэргэдээ байгуулсан. Өмнийн говь дахь яндашгүй баялаг нүүрсээ олборлон зөөж, түүнээс олсон ашгийнхаа 10 хувийг ард түмэнд тараах буянтан болох учиртай энэ компанийнхан хувьцаагаа арилжих “акул” банкнуудынхаа сонголтыг хийсэн.
Германы “Дойче банк”, АНУ-ын “Голдман Сакс” банкуудтай хамтран ажиллахаар болсноо зарлаад долоо ч хонолгүй түншүүдийнх нь талаарх түгшүүрт мэдээлэл дэлхийгээр тарж байна. Өмнөд Солонгосын хөрөнгийн биржийнхнийг залилж өөрсдөдөө 40.5 сая ам.долларын ашиг олохоор завдсан “Дойче банк”-инд хангүг нөхөд нэг тэрбум вонны торгууль ногдуулсан тухай өдөр тутмын хэвлэлүүд мэдээллээ. “Голдман Сакс”-ын хувьд монголчуудад эртнээс муугаараа танигдсаныг уншигчид мэдэж байсан учир “Эрдэнэс Тавантолгойнхны шийдвэрийг гайхаж хүлээн авсан байх. Манай толгой бизнесмэнүүд учрыг нь олж дашин шог болгодог “Олон овоот”-ын лицензтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгнө хэмээн нэг хэсэг манаргасан гайхлууд шүү дээ.
Энэ нь ч яахав манайхны буруу байсан гэж бодъё. Тэгвэл гаднын хэвлэлүүдээр гарч буй сөрөг мэдээллүүдийг хэрхэн ойлгох нь эргэлзээ төрүүлэхгүй байхын аргаг үй юм. Эхнээсээ “Дойче банк” нь залилангийн хэрэгт холбогдож дэлхийд нэрээ сэвтүүлж эхэлж байна шүү дээ. Солонгосууд их адтай улс. Тэд манай томчууд шиг найрааны улс төрд гаршиж, цөөхүүлээ цөм баяжих зорилго агуулдаггүй. Ийм зорилготой нэгэн байлаа ч тэд нь нийгмийнх нь өчүүхэн хэсэг тул хор хөнөөл нь бага. Тэднийг залилсан бол заавал шийтгэл амсч таарна. Харин манайд бол өөр байж хамжааргагүй албатууд нь ард түмнийхээ хөрөнгийг харьд өгчихөөд мэдсэн ч мэдээгүй юм шиг сууж өлхөн чадах билээ. Иймийн учир их мөнгө дагуулсан ажил бүхний цаана их хардлага дагадаг юм.
Ингэхэд чухам яагаад, заавал Франкфуртэд төвтэй Германы “Дойче банк”, АНУ-ын “Голдман сакс”-ыг дэлхийн зах зээлд хувьцаагаа арилжихад зөвлөгөө өгөх, зохион байгуулах банкаар шалгаруулснаа “Эрдэнэс Тавантолгой”-н Төлөөлөн удирдах зөвлөлийнхөн нийтэд ил тод зарлачихвал элдэв хэл ам бага гарна. Тэд анхнаасаа хамаг юмаа хааж боосон тухай Төлөөлөн удирдах зөвлөлийнх нь гишүүн Ж.Батзандан өөрөө хэвлэлийнхэнд баахан хов хэлсэн. Түүнийхээр бол “Дойче банк”, ”Голдмен сакс” хоёрын шалгаруулалт хууль бус хэмээн үзжээ. Ийм үг хэлснийх нь төлөө ТУЗ-өөс хөөсөн ч айхгүй гэдгээ дуулгаж. Байдал ийм байхад ард түмэн, хэвлэлийнхэн тэднийг хардахгүй байхын аргагүй байгаа юм.
Дээрх хоёр банк болоод Тавантолгойн хувьцааг борлуулах, зуучлах үүрэг бүхий бэлтгэл ажилд оролцох эрх авсан Францын “Би Эн Пи Пэрибас”, Австралийн “Макваэри” банкуудыг ч албан болоод албан бусаар шалгахад гэмгүй. Нэг анхаарах зүйл байгаа нь төр засгийнхан тэдэнтэй хуйвалдсан байж мэдэх учраас энэ ажлыг хэвлэлийнхэн хийж чадах байх. Чухам яагаад тэднийг итгэлт түншээрээ сонгосноо ил тод зарлахыг хувьцааны эзэн болох бид шаардах эрхтэй. Хөрсөн доорх баялаг зөвхөн ард түмнийх учраас түүнээс “боссон” хувьцааг хэрхэн зарцуулахаа иргэдтэйгээ хамтарч шийдэх ардчилсан нийгмийн дүрэм бий. “Дойче банк”, ”Голдмен Сакс” хоёр итгэж болох найз уу, ирээдүйг маань булаах харийнхан уу гэдгийг л ард түмэн мэдэхийг хүсч байна.
Ч.Хурц: Монголд миллиардаар ярих нүүрсний нөөц бий

-"Coal Mongolia-2011" чуулга уулзалтын талаархи бодлоо хуваалцахгүй юу?
-Чуулган дээр ярьж байгаа улсууд, илтгэл тавьж байгаа асуудлууд онцгой чухал юм. Бүгд Монгол Улсын хувь заяаны тухай ярьж байна. Монголын ард түмнийг геологи, уул уурхайн чиглэлээр гэгээрүүлэх асуудал хамгийн гол асуудал. Үүний цаана юу харагдаж байна вэ гэхээр Канадын илтгэгч "Үйлдвэрлэлийн хөгжлийн хандлага каластрт шилжчихээд байна" гэж ярьсан. Тэр нь юуг хэлээд байна вэ гэхээр оюуны потенциал, хөрөнгө, техник тоног төхөөрөмж, бүтээн байгуулалтын төвлөрлийг нэгдмэл болгох тухай асуудал. Канад хүн Монголын хөгжлийн тухай илүү ярьж байхад монголчууд бид өнөөдөр энэ хурал дээр юу гэж ярьж байна? Цанхийг тэрэнд өгье. Баруун, зүүн хэсэг болгоё гэж л ярьж байна. Монголчууд чадахгүй, хөрөнгөгүйдээ ингэж байна уу? Үгүй юм. Өнөөдөр бидэнд юу хэрэгтэй, юу дутагдаад байна вэ гээд харж байхад төрөөс Монгол Улсын эрдэс баялгийн салбарын тогтвортой байдал байна. Ард түмэн төрөөсөө үүнийг шаардах ёстой.
-Чуулганы ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Ач холбогдол асар өндөр байна, Олон хүн хөрөнгө оруулъя гэж байна. Тэгэхээс өөр арга алга. Ер нь 30 жилийн дараа монгол хүнийг байхгүй болгоё гэж ярьж байгаа юм уу, эсвэл 300 жилийн дараа монголчууд байж байх юм аа гэж бодож байгаа юм уу. Энийг чинь хийдэг нь төр байхгүй юу. Ард түмэн түүнээ төрөөсөө шаардах ёстой, Тийм учраас л нүүрсний тухай асуудлыг ярьж байгаа энэ хурал дээр Засгийн газрын үйлдвэр эрхэлсэн шадар сайд, холбогдох мэргэжлийнхээ улсуудтай суугаад "Ийм бодлого явж байна. Одоо яах вэ" гээд, эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөлдөөд нэгдсэн нэг бодлогын үүднээс хийх ёстой юм. Зүүн Өмнөд Азийн эрчим хүчний асуудал, гангийн үйлдвэрийн асуудал цаашдаа органик химийн асуудал ерөөсөө явж явж Монголын хүрэн ба коксжих нүүрс дээр тулахаас өөр аргагүй болоод ирлээ шүү дээ.
-Монголд тийм хэмжээний нөөц байна уу?
-Үнэхээр асар их нөөц байна. Тэр 150, 160 тонн нүүрсний нөөц байна аа гэдэг чинь хэдхэн орд дээр бидний үед, өөрөөр хэлбэл би 1992, 1993 оны үзүүлэлтээр яриад байна. Өнөөдөр 2011 он. Дорноговь аймгийн Дэлгэрэх сум, Сүхбаатар аймгийн Түвшин-ширээ, Баяндэлгэрийн уулзвар дээр 79 метрийн зузаан хүрэн нүүрсний давхарга огтлоод зургаан цооногоор баталгаажуулаад орхилоо. Хичнээн сая тонны нүүрсний нөөц байгаа гэж та нар бодож байна? Энэ бол миллиардаар ярих тонн байхгүй юу. Хүрэн нүүрс л дээ. Тэгтэл дэлхийн шинжлэх ухаан яаж сайхан хөгжиж байна. Бид 80, 90-ээд оны үед 10 метрийн зузаан нүүрсний үе дотор байж байгаа 2 метрийн зузаан шаварыг тусад нь ялгаж авч чаддаггүй байсан шүү дээ.
Тийм учраас нүүрсээ шавартай юутай хээтэй нь Шарын голоос ачдаг байлаа. Багануураас одоо ч ачиж л байгаа6 Гэтэл өнөөдөр Германы Вёртон-2000 гэсэн техник гараад ирсэн байна. Тэр нь 30 сантиметрийн зузаантай шавраас эхлээд 30 сантиметрийн зузаантай нүүрсийг хүртэл тусад нь ялгаж авах чадалтай. Тийм технологи нэвтэрчихсэн байна. Тэр технологийг манай нүүрсний уурхайнууд хэрэглэх ёстой Германууд тэр техникийг зам барилгын чиглэлээр бүтээсэн байтал өнөөдөр Өвөрмонголд нүүрсэн дээр хэрэглэж байна. Тийм сайхан нөхцөлөөр л ашиглах нь чухал байх.
Данс нээлгэхэд хувь хүнд 5000, албан байгууллагад 50000 төгрөг шаардагдана

-Хувьцааг эзэмшүүлэх ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнгөрсөн оны тооллогод хамрагдсан иргэдийн нэрсийн жагсаалтыг мэдээллийн санд оруулж, брокер, дилерийн компаниар дамжуулан олгох журамтай. Хувьцаа эзэмшихтэй уялдаад хувийн данс нээлгэх иргэдийн тоо олширсон. Үндсэн дүрмээр бол данс байгуулах гэрээ, данс нээх гарын үсгийн баталгаа болон иргэний үнэмлэхний хуулбар гэсэн гурван бичиг баримт бүрдүүлдэг. Хэрвээ хүүхдэд хувьцаа эзэмших данс нээлгэх бол төрсний гэрчилгээ байхад хангалттай. Харин албан байгууллагын хувьд дээрх гурван баримтаас гадна компанийн шийдвэр, захиран зарцуулах гэрээ, данс нээх өргөдөл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг болно.
-Дансыг хэдэн төгрөгөөр нээх вэ. Хэдий хэрийн хугацааны дараа дансыг ашиглах боломжтой болох бол...?
-Данс нээлгэхэд хувь хүнээс 5.000, албан байгууллагаас 50.000 төгрөг шаардагдана. Хөрөнгийн бирж, брокер, пүүсүүдийн ажиллах ачааллаас хамаарна. Дансанд эхний хоёр улиралдаа багтааж хувьцааг байршуулна. Ер нь хувьцааг эзэмших эрхтэй, эрхгүй эзэмшигч гэж байдаг. Хувьцааг эзэмших эрхтэй эзэмшигч нь дансаар дамжуулан үнэт цаасны арилжаанд оролцох, мөнгөн хөрөнгийн шилжүүлгийг хийх боломжтой байдаг бол , эрхгүй эзэмшигчийн хувьцаа зөвхөн өөрийн нэр дээр байршихаас бусад үйлчилгээг хийх боломж байдаггүйгээрээ ялгаатай.
-Дансaa байршуулаад гүйлгээ хийсэн тохиолдолд танайх хэдэн хувийн шимтгэл авдаг вэ?
-Брокер, дилерийн компаниудын жишгээр гурван хувийн шимтгэл авдаг. Уг шимттэл нь ҮЦЗЗ, Хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороо руу гүйлгээ үзүүлсний ажлын хөлс болж очдог.
-Иргэд найдвартай, тогтвор суурьшилтай брокер, дилерийн компаниар үйлчлүүлэхийг хүсэх нь мэдээж. Тэдэнд сонголтой сонголтоо зөв хийхэд нь зориулж зөвлөгөө өгөөч..?
-1990 оноос хойш үйл ажиллагаагаа эхлүүлээд цагийн аясаар дэвшсэн, дампуурсан компаниуд олон бий. Одоогоор баталгаатай үйл ажиллагаа явуулж буй 46 брокер, дилерийн компани байгаа. "Би Ди Сек" компани тэдний л нэг. Манай компани 1991 онд байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй, найдвартай үйл ажиллагаа явуулсаар ирсэн гэж хэлмээр байна.
Хувьцааны талаар хичээл заагаач, брокеруудаа

Та нарыг доромжлох гэсэндээ ингэж бичсэнгүй. Цаана чинь хөрөнгийн зах зээл бүү хэл, хувьцааны талаар огт мэдлэггүй хүн олон байна. Тэгэхээр ямар ч арга байсангүй. Үүнийг үглэж нуршилгүй гол ажилдаа оръё. Манай хөрөнгийн зах зээл дээр 46 тусгай зөвшөөрөлтэй брокер дилерийн компани ажиллаж байгаа. Бүх брокерийн пүүсүүд хөрөнгийн зах зээлд иргэд хэрхэн оролцох, хэрхэн өгөөж хүртэж болох талаар хичээл заавал яасан юм бэ. "Эрдэнэс Тавантолгой" компанийн 15 тэрбум ширхэг хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэн бүрт үнэгүй тараах гэж байна. Ухаандаа 1.5 тэрбумыг нь гэсэн үг.
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын хэлснээр бол монгол хүн бүр улсын их баяр наадмаас өмнө 550 ширхэг хувьцааны эзэн болох нь. Хувьцаа гэж юу вэ, эзэмшсэнээр ямар ашигтай вэ, хувьцаагаа эргэлтэд оруулахдаа заавал брокер дилерийн компанид очиж дансаа нээлгэх хэрэгтэй гэх юм, дансаа яаж нээлгэх вэ, "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны нэрлэсэн ханш гэж яриад байх юм, хувьцааны нэрлэсэн ханш гэж юуг хэлээд байна вэ гэж бие биенээсээ шалгаах хүн олон байна. Хэн тэдэнд хамгийн эмх цэгцтэй мэдлэг, мэдээлэл, тайлбарыг өгч чадах вэ. Уг нь төр энэ үүргийг нуруундаа үүрч зохион байгуулмаар юм. Гэвч төр иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаар ямар нэг мэдээлэл өгөхгүй нь бололтой.
Төрийн өмчийн хорооныхон лав хөрөнгийн зах зээлийн талаар иргэддээ ойлголт өгөх ажилд мөнгө төсөвлөөгүй гэдгээ дуулгана лээ. Хэрвээ хувьцааны талаар төр ойлголт өгөхгүй бол. Бол ч гэж дээ. Төр бараг хөдлөхгүй биз. Тэгвэл хэнд найдах ёстой вэ. Мэдээж хөрөнгийн зах зээлд оролцогч байгууллагууд найдлага төрүүлнэ. Тэр нь "Монголын хөрөнгийн бирж", "Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв" компани, брокерийн пүүсүүд. Эдгээр хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг бүрдүүлдэг байгууллага сургалт зохион байгуулж иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаар тодорхой хэмжээний мэдлэг өгч байгаа.
Хөрөнгийн биржийнхэн хөрөнгийн зах зээлийн талаар тогтмол сургалт явуулж буй. Мөн "Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн холбоо"-ноос долоо хоног бүрийн баасан гараг бүрт сургалт явуулдаг. Иргэдийн олонх ийм сургалт явуулдгийг мэддэггүй байх. Харин "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг тараах шийдвэр гаргаснаас хойш Хөрөнгийн биржийн сургалтад маш олон хүн хамрагдахаар бүртгүүлээд байгаа гэсэн. Хөрөнгийн бирж, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн холбоо хоёр бүх заал танхим, цаг заваа гаргаж сургалт явууллаа ч мөддөө бүх иргэдийг хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэгтэй болгож чадахгүй.
Нэг талаас хүмүүс мэдлэг, мэдээлэл олж авах гэсэн, нөгөө талаас тэдэнд үйлчлэх боломж хомс байгаа яг энэ торгон орон зайд брокерийн пүүсүүд ажиллах хэрэгтэй байгаа юм. Албан байгууллага, компаниудаас захиалга авч хөрөнгийн зах зээлийн сургалт явуулаач. Тэгвэл олон байгууллага брокеруудад хандана даа. Зах зээлийн нийгэмд үнэгүй хөлсгүй зүйл байх биш. Тодорхой хэмжээний төлбөр аваад сургалт явуулж болно. Олон хүн хамрагдана даа, харж л байгаарай.
“Голдман сакс” 3,4 тэрбум ам.долларын торгууль төлнө

"www.azomining.com" сайт: сонгогдсон банкууд өөрсдийгөө азтайд тооцох хэрэгтэй
Монголчуудын хувьд урьд нь Тавантолгойн IPO шиг ийм их хэмжээний хувьцаа олон улсын Хөрөнгийн бирж дээр гаргаж байсан туршлагагүй. Саяхан Монгол Улсын Засгийн газар уг ажлыг хариуцан гүйцэтгэх хөрөнгө оруулалтын банкуудыг шалгарууллаа. Азтай гэж тодотгож болохуйц тэдгээр банк нь "BNP Paribas", "Deutsche Bank", "Goldman Sachs", "Macquarie Bank" юм. Тэд Тавантолгойн нийт хувьцааны 30 хувийг Лондон болон Хонконгийн Хөрөнгийн биржийн аль нэг рүү гаргах аж.
"Wall street journal" сонин: "J.P.Morgan chase", "citigroup" банкны лобби хүчтэй хэвээр байна
Монголын Засгийн газар Тавантолгойн хувьцааны 10 хувийг дийлэнх хэсэг нь нэн ядуу амьдралтай 2.9 сая иргэндээ тараана. Харин олон улсын Хөрөнгийн биржүүд дээр гаргах 30 хувийн хувьцааны нийт өртөг нь алсдаа 10-12 тэрбум ам.доллар болж магадгүй хэмээн шинжээчид таамаглаж байгаа юм. Түүнчлэн Тавантолгойн IPO хийх хөрөнгө оруулалтын банкуудыг хэдийгээр сонгочихсон боловч банкируудын үзэж байгаагаар тэдгээрийг солих магадлалтай гэнэ. Тиймээс "J.P.Morgan Chase", "Citigroup" банкууд лоббигоо хүчтэй хийж эхэлсэн. Эдгээр банкны хувьд Тавантолгойн IPO-г хийх сонирхол маш их байгаа юм. Түүнчлэн "МсКinsey & Co" пүүс иргэдэд хэрхэн энгийн хувьцаа тарааж өгөх талаар зөвлөгөө өгөх ажлыг хариуцах аж.
Ямартай ч Монголын Засгийн газар энэ онд багтаан Тавантолгойн хувьцааны асуудлыг цэгцлэх зорилт тавиад байгаа. Гэхдээ банкируудын үзэж байгаагаар хөрөнгийн зах зээл хөгжөөгүй Монголын хувьд энэ бол хэтэрхий богино хугацаа юм. Тавантолгойн хувьцааны асуудлыг цэгцэллээ гэхэд үйл ажиллагааг нь эхлүүлэх явдалд нэлээд хугацаа шаардагдана. Учир нь Монголын дэд бүтэц муу, бүтээн байгуулалтын олон ажил хийх хэрэгтэй байгаа зэргээс ингэж дүгнэж болох юм. Оператор компанийг албан ёсоор сонгосны дараа Тавантолгойн ордын өндөр чанартай, коксжсон нүүрсийг хэзээ олборлож эхлэх вэ гэдэг нь тодорхой болно. Тус ордыг эзэмшиж байгаа төрийн мэдлийн "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьд оператор компанийг сонгох асуудал дээр ямар нэг байр суурь илэрхийлээгүй байгаа. Одоогийн байдлаар Хятадын "Шиньхуа групп", АНУ-ын "Peabody Energy" нар сонгогдох магадлал хамгийн өндөр хэмээн албаны төлөөлөгчидтэй ойр эх сурвалж мэдээллээ.
"Ройтерс" агентлаг: Тавантолгойн ирээдүй IPO-гоо амжилттай хийх эсэхээс xaмаарна
Олон улсын түүхий эдийн зах зээл дээр коксжсон нүүрсний үнэ шинэ дээд амжилт тогтоож байгаа энэ үед зургаан сая гаруй тонны нөөцтэй Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эхэлж байна. Монголын Засгийн газар тус ордын хувьцааг Хонконг, Лондоны Хөрөнгийн биржүүдэд гаргахаар бэлтгэл ажлаа хангаж, хөрөнгө оруулалтын банкуудаа сонгон шалгарууллаа. Тавантолгойн хувьд Хятад, Япон, Өмнөд Солонгосын зах зээлийн түүхий эдийн эрэлтийг дангаараа бүрдүүлэх боломжтой орд газар юм.
Монголын Засгийн газрын хувьд уул уурхайн салбарын хөгжилд хэтэрхий их анхаарал хандуулж байгаа талаар ажиглагчид онцолдог. Ямартай ч Тавантолгойн ордыг бүрэн хэмжээгээр ашиглалтад оруулахын тулд наад зах нь гурван жилийн хугацаа шаардагдана. "CITIC Securities International''-ийн шинжээч Дэвид Лэй "Уул уурхайн компаниуд Хонконгийн Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа амжилттай борлуулахыг эрмэлзэж байгаа. Энэ ч утгаараа олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг их татах болсон. Гэхдээ тэдний анхаарлын төвд хэр удаан байх эсэх нь IPO-гoo хэр амжилттай гаргаж чадах эсэхээс нэлээд хамаарна" хэмээн онцолжээ.
Энэ бүхнээс гадна сонгогдсон банкуудтай холбоотой таагүй мэдээллүүд нэлээд цацагдах болсон. Тухайлбал, Германы "Deutsche Вапк"-ны Өмнөд Солонгос дахь салбар хариуцсан ажилтнууд залилан хийснээс болж, хэрэгт татагдан тус банк нэлээд их хэмжээний торгууль төлөхөөр болсон юм. Үүнтэй зэрэгцээд Goldman Sachs" банк өнгөрсөн онд санхүүгийн залилангийн олон хэрэгт холбогдсоны улмаас нэлээд их хэмжээний төлбөрт унасан тухай мэдээлэл бас цацагджээ.
АНУ-ын Үнэт цаас, арилжааны хорооноос өнгөрсөн онд тус банкийг 2008 оны санхүүгийн хямралыг эхлүүлсэн хэмээн буруутгасан юм. Тухайн үед "Голдман Сакс" банк моргейжийн чанаргүй зээлүүдэд баталгаа гаргасны улмаас тэр нь АНУ-ын банкны тогтолцоог бүхэлд нь ганхуулахад хүргэсэн гэж үзэж байв. Үүнтэй төстэй олон хэрэгт холбогдсон "Голдман Сакс"-ын хувьд 3.4 тэрбум ам.долларын алдагдал хүлээх болоод байгаа аж. Энэ талаар "Wall Street Journal”-д мэдээлжээ.
2011/03/02
Банкуудыг хэний үнэлэмжээр сонгов
Хөрөнгө оруулагч банкуудыг хэний үнэлэмжээр сонгов оо?Коксжих нүүрсний чанараараа дэлхийд нэгдүгээрт жагсч буй Тавантолгойн орд газарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээ зарласан Монгол Улсын Засгийн газрын мэдээлэл их гүрнүүд, харийн томчуудын холын шуналыг хөндөх болсон. Тиймээс дэлхийн акулууд Монголын нүүрсэнд халаасаа гөвөхөөс буцахгүй байна. Газрын хэвлий доорх их баялгаа сая сая ам.доллараар наймаалцах энэ ажил иргэд болоод эдийн засагт хэр ашигтай байх нь эрх баригчдын хэрэгжүүлж буй бодлогоос шууд хамаарах нь ойлгомжтой. Монгол Улсын Засгийн газар Тавантолгой төсөл хэрэгжүүлэх эхний алхам нь “Эрдэнэс MGL”-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулсан явдал. Тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” гэх компани улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан ч гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт, хөрөнгө оруулагч болон операторын тендерийг тус тус зарласан нь хэл ам дагуулж байсан юм.
“Эрдэнэс Тавантолгой” компани энэ хугацаанд Тавантолгойн орд газрыг хоёр хувааж, хоёр янзын тендер зарласан нь хөрөнгө оруулагчийн болон операторын тендер билээ. Тодруулбал, Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгаар олборлолт хийх компани, консорциумыг тодруулах олон улсын нээлттэй тендерийг зарлаад байгаа бөгөөд дүн нь хэзээ гарахыг албаны хүмүүс ч хариулж мэдэхгүй байна. Мөн Цанхийн баруун хэсэгт стратегийн буюу хөрөнгөө босгож олборлолт хийх, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, консорциумыг шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарласан. Уг тендерийн ялагчийг зарлах тов өнөө ч бүрхэг байгаа. Тавантолгой төслийг хариуцсан ажлын хэсгийнхний “тун удахгүй гарна” гэх ам таглах төдий хариултаас өөр дээрх хоёр тендерийн ялагчийн талаарх тодорхой мэдээлэл алга. Тавантолгой төслийн ажлын хэсгийн ахлагчаар Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ажлын хэсгийн гишүүнээр Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, "Эрдэнэс МГЛ" компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш нар сонгогдсон.
Тэд саяхан дэлхийн акул гэгдэх банкуудтай уулзалт хийж олон улсын хөрөнгийн зах зээлд Тавантолгойн хувьцааг гаргахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн үйлчилгээг хариуцах банкуудыг тодруулаад байна. Олон улсын хөрөнгийн зах зээлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гаргах ажлыг зөвлөхөөр дэлхийн нэр хүндтэй 16 банкныхан Монголын хатуу хахир хүйтнээр Улаанбаатарт хөл тавьцгаасан юм. Тэдгээрээс Монгол Улсад хөрөнгө босгож авахад нь туслах эрхийг дөрвөн банк өвөртөлсөн. IPO хийх гол зохион байгуулагч буюу спонсороор Германы “Дойче”, АНУ-ын “Голдман Сакс” банкийг, хувьцааны борлуулалтад оролцох, зуучлах үүрэг бүхий бэлтгэл ажилд хамтран оролцох банкаар Францын “Би Эн Пи Париба”, Австралийн “Маквэари” банкууд сонгогдоод буй. Ажлын хэсгийнхний зөвлөхөөр шалгаруулсан дөрвөн банкны асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх учиртай. Гэтэл яг энэ үеэр манайхны сонголтод тунаж үлдсэн Германы “Дойче” банктай холбоотой тааруухан мэдээллийг BBC цацлаа.
“IPO хийх зөвлөх банкуудыг сонгож авахдаа ажлын туршлага, олон улсын хөрөнгийн зах зээл дээр явуулдаг үйл ажиллагаа, ирүүлсэн санал зэргийг нь харгалзан үзсэн” хэмээн магтаж суусан Германы “Дойче” банктай холбоотой сөрөг мэдээллийг англичууд дэлгэж эхэллээ. “BBC” агентлагийн мэдээлснээр германчууд өмнө нь Өмнөд Солонгост хууль бус үйл ажиллагаа явуулж байсан аж. Тус банкныхан Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлд хууль бус үйл ажиллагаа явуулсныхаа төлөө багагүй ашиг хүртэж байсан, хөрөнгийн биржийн индексийг зориудаар унагасан, тус улсын хөрөнгийн зах зээлд ноцтой хохирол үзүүлсэн зэрэгт нь Өмнөд Солонгосын Санхүүгийн үйлчилгээний комисс нэг тэрбум воноор торгох болсон гэнэ. Дэлхийн банкны салбарт аваргалдаг “акул”-ыг сонгосноо ажлын хэсгийнхэн бардамнаж суухад герман нөхдүүдийн булхай ийнхүү олон улсын хэвлэлээр илчлэгдэх боллоо.
Энэ “аварга”-ыг, Дойче банкийг сонгоход Монголын нэртэй эдийн засагчид, банкирууд, хөрөнгийн биржийн мэргэжилтнүүд байлцсан гэж бодохгүй байна. Учир нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ж.Батзандан хөрөнгө оруулалтын банкыг шалгаруулсан шалгаруулалт хууль бус хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, Төлөөлөн удирдах зөвлөлд хөрөнгө оруулалтын банкны нэг ч танилцуулга орж ирээгүй, ажлын хэсэг гэх Засгийн газрын таван гишүүн улс төрийн шийдвэрээр бүх зүйлийг шийдсэн талаар мэдэгдээд байна. Ажлын хэсгийнхэн үнэхээр “акул”-ын ажлын туршлагыг нь үнэлэв үү. Аль эсвэл нэр сүрэнд нь болов уу. Асуудлын цаана асуудал байв уу. Хүн хулгайлсан хэргээр Англид саатуулагдаад байгаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын асуудлаар германчууд монголчуудад шахалт үзүүлэв үү.
Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлийг бужигнуулсан Дойче банктай холбоотой асуудлыг ажлын хэсгийнхэн мэдээгүй хэмээн хариулж байна. Энэ ч үнэн байх. Яагаад гэвэл ажлын хэсэгт багтсан эрхмүүдийн дотор хөрөнгийн зах зээлийн талаар олигтойхон мэтгэлцчих нэг ч хүн байхгүй. Тэд зөвхөн дээрээс өгсөн үүргийн дагуу л хөдөлсөн бололтой. Товчхоноор бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах хөрөнгө оруулагч банкуудыг туршлага, мэдлэг, эдийн засгийн үр өгөөжөөр нь биш эрх баригчдын үнэлэмжээр сонгочихсон юм биш байгаа. Энэ тохиолдолд Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил Монгол Улсын эрх ашигт нийцнэ гэсэн эцсийн зорилго нь “би юу хийчихвээ” гэдэг шиг дэмий юм болоод өнгөрөх вий.
“Тавантолгойн хувьцаанаас нэг өрх 10 сая төгрөг хүртэх боломжтой”
Харин алдаа гаргавал Африкийн замнал руу хальтирч мэдэх юм гэсэн эргэлзээ монголчуудад төрж байгаа. Коксжих нүүрсээрээ дэлхийд толгой цохих "Тавантолгой"-н баялгаас хүртээх 15 тэрбум хувьцаанаас ард түмэн 10 хувийг нь эзэмшинэ. Үүнээс нэг хүнд 550 хувьцаа ногдох юм. Харин үүнийг ямар замаар яаж хүртэх вэ гэдэг дээр иргэд чих тавин санаашран сууна. Үнэхээр энэ баялаг бидэнд өгөөжөө өгвөл Монгол Улс маш богино хугацаанд ядуурлаас ангижирна гэх чимэгтэй яриа ард түмнийг ийнхүү Тавантолгойн хувьцаа руу хошууруулав.
Гэвч цэнхэр, ягаан тасалбараар хулхидуулсан ард түмэн Тавантолгойн хувьцаанд эргэлзээтэй хандаж байгаа юм. Түүнчлэн хувьцааны талаарх ойлголт ч хүмүүсийн дунд тун маруухан байгаа. Дээрээс нь төрөөс өгч буй мэдээлэл бүрхэг, ерөнхий байгаа учир иргэд хэрхэхээ мэдэхгүй чих тавин сууна. Тавантолгойн баялгаас жилд хичнээн төгрөгийн хувь хүртэх вэ, хувьцаагаа ямар хэлбэрээр арилжаалах вэ гээд иргэдийн дунд түм буман асуулгууд хөвөрсөөр байна. Үүнд хариулт өгөхөөр Хан-Уул дүүргийн Иргэний танхимаас Тавантолгойн хувьцааны талаар нээлттэй хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлэгт ТӨХ-ны мэргэжилтэн Чинзориг, "Эрдэнэс МГЛ" компанийн Хуулийн хэлтсийн дарга Билгээ, "Эрдэнэс Тавантолгой"-н хараат бус ТУЗ-ийн гишүүн Ж.Батзандан, Үнэт цаасны хорооны ажилтан Оюунбилэг нар хүрэлцэн ирж иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Ж.Батзандангийн ярьж буйгаар бол дунджаар таван гишүүнтэй нэг өрх Тавантолгойн ашгаас 5-10 сая төгрөгийг хүртэх боломжтой аж. Лонпон, Хонгконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй ижил төстэй хувьцааны ерөнхий дүр зургаас ийм мөнгө босох нь гэсэн тооцоог тэрээр хийжээ.
Ямартаа ч УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн хэлсэн 300 сая төгрөг бодитой тоо биш хэмээн Ж.Батзандан онцлов. Харин Үнэт цаасны хорооны ажилтан энд өрхөд хэчнээн төгрөг ногдохыг одоо хэлэх боломжгүй гэлээ. Дээрх албаныхны өгсөн мэдээллээр аж ахуйн нэгжид олгох нэрлэсэн үнээр арилжаалах хувьцааг Татварын ерөнхий газраас гаргасан тоонд үндэслэх юм байна. Одоогоор татвар төлдөг 53 мянган аж ахуйн нэгж байгаа гэсэн тооцоог Татварын ерөнхий газраас гаргажээ.
ТӨХ-ноос өгч буй мэдээллээр бол 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж хөрөнгө босгоно гэж байгаа. Эдийн засагчдын дүгнэлтээр "Тавантолгой"-н үнэлгээ өндөрт хүрэх магадлал өндөр байгаа аж. Тэсэн хэдий ч хувьцааны нэрлэсэн үнийг урьдчилан тогтоох нь төвөгтэй хэмээн мэргэжилтнүүд өгүүлсэн. Үнэт цаасны хорооны ажилтны ярьснаар иргэд заавал данс нээлгэх шаардлагагүй юм байна. Тухайн иргэний регистерийн дугаараар 550 хувьцааны бичилтийг хийх аж.
"Эрдэнэс Тавантолгой" компанийг хөрөнгийн биржид бүртгэх ажил хийгдсэний дараа УБЕГ-аас албан ёсоор иргэдийн нэрсийн жагсаалтыг авч хүн тус бүр дээр Хувьцааны бүртгэлийг хийх юм байна. Тиймээс иргэд данс нээлгэх гэж цаг үрэх шаардлагагүй гэнэ. 1990 он шиг нэг хэсэг нь бэлжиж, нөгөө нь бахь байдгаараа суух вий гэсэн айдас иргэдийн дунд бий. Үүнд дээрх албаныхан "Засгийн газраас ерөнхий шийдвэр гарсны дагуу хувьцааны зарах буюу, бусдад шилжүүлэх эрх яригдана. Эрх нээгдсэний дараа иргэд дансаа нээлгэж хувьцааг захиран зарцуулах эрхтэй болно" гэсэн нь хариу өгсөн юм.
Энэ хэлэлцүүлгээс тодорхой мэдээлэл авахаар ирсэн боловч сонин дээр гарч байгаа бүрхэг хариулттай адил буцах нь хэмээн иргэд гомдоллож байв. Энд эрх бүхий мэдэлтэй хүмүүсээ оролцуулж байгаач ээ. Ард түмэнд Тавантолгойн хувьцааг маш энгийнээр ойлгуулах хэрэгтэй байна. Бид уг нь энд тийм ойлголтыг авахаар ирсэн юм. Даанч бас л талаар боллоо хэмээн тэд сэтгэл дундуур буцацгаалаа.
Subscribe to:
Posts (Atom)