2011/11/01

Тавантолгойд монголчууд олборлолт хийнэ



Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдсон зарим асуудлын талаарх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Гүндалай Тавантолгойн ордыг хэд хуваачихаад байгаад хариулт өгөхийг хүссэн юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн тоо гарч байгаагаас бүр төөрчихөөд байгаа аж. Мөн тэрбээр монголчууд өөрсдөө яагаад Тавантолгойн Зүүн цанхийн ордод олборлолт явуулж болохгүй гадаадынхны дунд тендэр зарлаад байгааг сонирхов. Учир нь орон нутгийн өмчит Тавантолгой компани, “Энержи ресурс”, “Эрдэнэс МГЛ” компаниуд нүүрс олборлон, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргаад байхад ямар шалтгаанаар Зүүн цанхид гадаадын компани хэрэгтэй болчихоод буйд шалтгаан хэрэгтэй гэж үзсэн юм.

Ашигт малтмалын газрын даргын тайлбараар бол Тавантолгой орд дээр долоон лиценз байдаг. Нэг лицензийг нь орон нутгийн өмчит Тавантолгой, хоёр дахь лицензийг “Энержи ресурс”,  үлдэж байгаа таван лиценз нь “Эрдэнэс МГЛ” компанид хамаарна. Нөөцийн хувьд авч үзвэл тогтоогдсон нь “Эрдэнэс МГЛ” компанийн мэдэл дэх талбайд 600 сая тонн нүүрс, “Энержи ресурс”- т хамаарах Ухаа худгийнх 411 сая тонн нүүрс, орон нутгийн өмчит жижиг Тавантолгойнх 110 сая тоннын нүүрсний нөөцтэй аж.

Харин Тавантолгойн ордын Зүүн цанхид яагаад заавал гадаадын оператор компани оруулж ирэх гээд байна вэ гэдэг нь нэг талаар монголчуудын хувьд тэднээс суралцах зүйл олон байгаатай холбоотой. Нөгөө талаас дээр нэр дурдсан компаниудын хувьд тэр дундаа орон нутгийн өмчит Тавантолгойн  хувьд гол төлөв хятадууд ажилладаг. Экскваторын жолоочоосоо эхлээд бүгд хятадууд байдаг. Өөрөөр хэлбэл, хятадуудаар ухуулж, ачуулаад эзэмшигчид нь зөвхөн нүүрсний гэрээгээ хийж мөнгөө халаасалдаг байна. “Эрдэнэс МГЛ” компанийг том Тавантолгойд олборлолт явуулахдаа гадаадын компанитай гэрээ байгуулж ажилла гэсэн үүргийг УИХ-аас даалгасан. Энэ хүрээндээ ажил явж байгаа. Долоон жилийн гэрээ байгуулж ажиллаж байгаа. Цаашдаа гэрээ дуусахад монголчууд өөрсдөө бие даан олборлолт явуулдаг болсон байх ёстой. МАК компанийн хувьд Нарийн сухайт дээр бие даан олборлолт явуулж байгаа юм байна. Нэг ёсны цаашид монголчууд том Тавантолгойн орд дээрээ бие даан олборлолт явуулахад ирэх долоон жилийн хугацаанд суралцах шаардлагатай болж буй зэрэг нь энэхүү асуулгын үеэр хөндөгдлөө.

“Ордын сорыг дөрөв, тавхан гэр бүл өмчилдөг” гэв



УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж эрхэм гишүүн С.Эрдэнэ Ерөнхий сайдад тавьсан асулгынхаа дагуу суудлаасаа байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Тавантолгойг Ерөнхий сайд С.Батболд нар эзэмшиж байсан. Өнөөдөр Тавантолгойг хадгалж байгаад эх оронч санаачилга, сэтгэлээрээ буцаагаад өгчихсөн юм шиг зүйлийг хэлж байгаа. Гэтэл Монгол орны газар нутаг дээр байгаа ашигт малтмал, уул уурхай энэ бүх юм бол төрийн болоод ард түмний өмч. Тэр утгаараа үүнийг бид хуулийн хүрээнд зөв ойлгож, зөв ярих нь зүйтэй. Хэн нэг хүн өөрөө тарьж ургуулаад, бий болгоод, түүнийгээ төрд үнэгүй өгчихсөн юм шиг байдлаар ярих юм бол тэр хамгийн ухвар мөчид, хийсвэр ойлголт гэж ойлгож байгаа. Тавантолгойн асуудлыг бид удаа дараа тавьсан. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, түүний сайд Тавантолгойн асуудалд тун хариуцлагагүй хандаж ирсэн. Сая ч гэсэн асуулгын хариуд өгсөн хариулт маш бүрхэг, бөөрөнхийлсөн, асуудлынхаа голыг олоогүй, амь аргацаасан байдлаар хариулсан нь харамсалтай.

Энэ орд Монголын ард түмний баялаг. Өнөөдөр бид Оюутолгойг үндсэндээ тавиад туучихсан. Ард түмэнд очиж болох цорын ганц баялаг бол Тавантолгой. Үүнийг тавиад туух уу, УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасны дагуу ард түмний гар дээр  хувь хишиг хүртээх үү гэдэг аминд тулаад байна. Өнөөдөр энэ ордын өрөм, сор болсон хэсгийг таслаад дөрөв тавхан гэр бүлийн өмч болгоод өгчихсөн. Нийт үнэлгээний 40 орчим хувьтай тэнцэх хэмжээний үнэлгээ бүхий ордыг өгчихсөн байгаа. Үлдсэн 60 хувийг 2,7 сая монгол хүн хувааж, хувилж хүртэх юм байна л даа. Ийм байдлаар увайгүй дээрэм хийдгээ боливол яасан юм бэ. Засгийн газар энэ хууль бус үйлдлээ таслан зогсоовол яасан юм бэ гэсэн шаардлагыг би хэлэх гэсэн юм. Тавантолгой бол хэн нэг эрх мэдэлтний халаасны өмч биш, энэ бол Монголын ард түмэнд өвөг дээдсээс өвлүүлсэн өв баялаг юм. Энэ баялгийг дөрөв тавхан гэр бүл, хэдхэн эрх мэдэлтний мэдэлд өгч, тоглуулж, Монголын ард түмний хувь хишиг хүртэх эрхийг хааж боогдуулж бууруулах эрх хэнд ч байхгүй. Тиймээс ажлаа хийж чадахгүй байгаа, ашигт малтмал, уул уурхай, Монгол орны газрын баялагтай холбоотой асуудлыг хуулийн хүрээнд шийдэж чадахгүй байгаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд огцрох ёстой. Асуудлыг хянаж, хуулийн дагуу явуулж чадахгүй байгаа Ерөнхий сайд өөрөө ч хариуцлага хүлээх ёстой” гэлээ. Үүгээр Засгийн газарт гишүүдийн тавьсан асуулгын хариуг сонсч дууссан юм. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын мэдээлийг сонсох цаг өндөрлөв.

“Энержи ресурс”-т 40 хувийг өгчихсөн юм биш үү”


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Тавантолгойн ордоос Ухаа худаг хэдэн хувийг эзэмшиж байгаад хариулт өгөхийг хүслээ. Ингэхдээ “Энержи ресурс” нь Хонконгийн хөрөнгийн бирж дээр Ухаа худгийн 20 хувиар хувьцаа гаргаж, 700 сая ам.доллар босгосон байгаа. Түүгээр тооцохоор Ухаа худаг 3.5-4 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ. Том Тавантолгойн ордыг үнэлсэн Дэлхийн банкны судалгаа бий. Тус банк Том Тавантолгой бол 15 тэрбум орчим ам.доллараар үнэлэгдэнэ гэсэн. Ухаа худгийн үнэлгээ дөрвөн тэрбум болж байна гэдэг нь үндсэндээ дөрөв биш, 40 хувийг “Энержи ресурс”-т өгчихсөн юм биш үү гэж үзэхэд хүргэж байна. Хоёрдугаарт, нөхөн олговорт яагаад заавал Ухаа худгийг өгсөн бэ” гэлээ.

Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтын тайлбараар бол ирээдүйд олох ашгийг өнөөдрөөр тооцож гаргадаг аргачлал бий. Тэр хүрээнд гаргасан тооцооллууд. Том Тавантолгойгоос олборлох олборлолт жилдээ 15 сая тонн, цаашид 20 сая тоннд хүргэнэ. Ухаа худгийнх мөн жилийнх нь олборлолт 15 сая тонн байгаа. Гэхдээ “Эрдэнэс тавантолгой” компанийн нөөц маш их учраас олборлолт урт хугацаанд явна, харин Ухаа худгийнх дуусна гэж ойлгох хэрэгтэй. Харин Том тавантолгойгоос яагаад заавал Ухаа худгийг салгаж “Энержи ресурс”-д өгсөн бэ гэдэг нь тусгаарласан салангид хэсэг байсан учраас өгсөн юм.

Тавантолгойгоос илүү хувийг төр өөртөө авч үлдсэн



Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Тавантолгойн нүүрсний ордын Ухаахудагийн хэсгийг "Энержи ресурс" ХХК-д олгосон болон Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдсон зарим асуудлын талаар тавьсан асуулгад хариулж дараах мэдээллийг өглөө.

Д.Зоригт сайдын мэдээлснээр Засгийн газраас 2007 оны арванхоёрдугаар сард удирдамж гаргаж, ажлын хэсэг томилон ажиллуулж, тус ажлын хэсэг “Энержи ресурс” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Тавантолгойн орд газарт төрийн оролцооны хувь хэмжээг тогтоох асуудлыг дөрвөн сарын турш олон хувилбараар хэлэлцжээ. Ингээд “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшилд байсан зургаан лицензээс таван лицензийг төр өөртөө шилжүүлэн авч Тавантолгойн нүүрсний ордоос тусдаа орд болох Ухаахудаг ордод ашигт малтмалын ашиглалтын нэг тусгай зөвшөөрлийг үлдээхээр шийдвэрлэж Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, “Энержи ресурс” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал н.Лхагвадорж нар 2008 оны гуравдугаар сард гарын үсэг зурсан байна. Ухаахудагийн ордын тусгай зөвшөөрлийн талбайд ноогдох нөөц нь Тавантолгойн нийт нөөцийн дөрвөн хувьтай тэнцэж байжээ. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон ордод төрийн эзэмшил 50 хүртэл хувьтай байж болно гэж зааснаас илүү хувийг төр өөртөө авч үлдсэн нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн асуудал болсон гэжээ.

Тавантолгой ордыг ашиглах үзэл баримтлалыг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолоор баталжээ. Тогтоолд төрийн өмчит аж ахуйн нэгж ашиглалтын үйл ажиллагаа явуулж “Эрдэнэс-Тавантолгой” компанийг “Эрдэнэс МГЛ” компанийн охин компанийн хэлбэрээр байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэгүй эзэмшүүлэх, 10 хуийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр борлуулах, 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах зэргийг зааж өгчээ. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн дүрэмд уг компани 15 тэрбум ширхэг хувьцаатай байхаар заасан байна. Монгол Улсын иргэдэд эхний ээлжинд хувцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх, мөн 10 хувийг 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн, татвар төлж буй аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр нэрлэсэн үнээр борлуулах, хувьцааны 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалж ордыг ашиглахад хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг татах зэрэг ажлыг тогтоолд заажээ.

Стратегийн ач холбогдол бүхий ураны Дорнод, Мардай, Гурванбулагийн ордуудыг ашиглах асуудлыг Цөмийн энергийн хуулиар хэрэгжүүлэх юм байна. Уг хуулийн батлахаас өмнө ураны орд эзэмшүүлснийг шилжүлэн шинэчлэн бүртгэж байгаа юм байна. Асгатын мөнгө, Цагаансуваргын ордуудын асуудлыг Ашигт малтмалын хуулийн дагуу зохицуулж байгаа гэж сайд хэллээ. Сайд мэдээллийнхээ дараа гишүүдийн асуултад хариулж байна.

”Тавантолгойн тендерт Америкчууд ялах итгэлтэй байна”


АНУ-ын уул уурхайн томоохон компаниудын төлөөлөл энэ сарын 22-24-ний өдрүүдэд Монголд айлчилж Монголын Засгийн газар болон бусад салбарынхантай уулзаад буцсан байна. Тавантолгойн дахин зарлагдах тендерт оролцох боломжийн талаар мэдээлэл авах зорилго нь ноён Сүрэш Кумар (АНУ-ын Худалдааны Яамны Олон Улсын Худалдааны Газрын Худалдаа дэмжих асуудал хариуцсан Туслах Нарийн Бичгийн Дарга /дэд сайд/ бөгөөд АНУ болон Олон Улс дахь Худалдааны Төлөөлөгчийн Газруудын Ерөнхий захирлын албан тушаалыг хашдаг) тэргүүтэй энэ бизнесийн төлөөллийнхний айлчлалын гол зорилгын нэг байсан аж. АНУ-ын бизнесийн төлөөлөгчдийг тэргүүлэн Монголд ирсэн ноён Сүрэш Кумар болон АНУ-аас Монгол суугаа Элчин сайд ноён Жонатан Эдлтон нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Сүреш Кумар:

-Миний бодлоор бол хоёр орны харилцаа өндөр төвшинд төдийгүй олон нийт,бизнесийн хэмжээнд ч бас өргөн хүрээтэй хөгжих ёстой юм. Миний хийж байгаа айлчлал бол АНУ-ын дэд ерөнхийлөгчийн танай оронд хийсэн айлчлалын үргэлжлэл гэж хэлж болох юм. АНУ-ын бизнесийн томоохон компаниудын төлөөлөл надтай хамт ирсэн. Тэдгээрийн зарим нь та бүхэнд нэлээд танил болсон байх. Тухайлбал “Пибоди”, “Женерал Електрикс” зэрэг компанийг монголчууд хэдийнээ таньдаг болсон байх. Түүнээс гадна Монголтой анх удаагаа танилцахаар ирж байгаа компаниуд бас бий.Тэд бол уул уурхайн салбарт нэлээд нэр хүндтэй байр суурьтай компаниуд юм. Мөн АНУ-ын Бүсийн эдийн засгийн хөгжлийн агентлагийнхан хамт ирсэн байгаа.Бид энд байх хугацаандаа Монголын Засгийн газрын төлөөлөл болон холбогдох яамдын удирдлагуудтай уулзлаа. Мөн хувийн хэвшил,бизнес уул уурхайн салбарын төлөөлөл, бас Уул уурхайн ассоциацитай ч уулзсан юм. Уулзалтууд маш үр дүнтэй болж бид зорилтынхоо дагуу хэр их зүйлийг хийж болох талаар туйлын нааштай эерэг ойлголт,мэдээлэл авсан гэж болно.

-Монголд хөрөнгө оруулахад ямар давуу тал болон, бэрхшээлүүд байгаа вэ?


- Монгол орон бол 15 жилийн дотор ДНБ-ээ нэг тэрбум ам.доллараас 6 тэрбум ам.доллар болтол өсгөж чадсан орон. Одоо энэ хэмжээг богинохон хугацааны дотор дахиад хоёр дахин өсгөж чадах боломж байна. Энэ мэт олон боломж байгаа нь Монголын давуу тал юм. Тиймээс манай америкийн компаниуд уул уурхайн салбар зэрэг олон төсөлд оролцох сонирхолтой байгаа. Тухайлбал “Пибоди” гэхэд Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Иймд энэ төслийн талаар тодорхой мэдээлэл авах чиглэлээр ажиллаж байгаа.  Үүний зэрэгцээ Монголд уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ байгальд ээлтэй, аюулгүй, сайн технологи хэрэгтэй юм гэдгийг бид зөвлөж ярилцсан. Яг энэ чиглэл дээр “Женерал Электрикс” компани Монголд үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн байгаа. Салхины эрчим хүч болон газар тариалангийн чиглэлд ажиллаж байна. Мөн компани олон талт үйл ажиллагаа эрхэлдгийг хувьд эрүүл мэндийн салбарт ч хамтран ажиллах, үйл ажиллагаагаа оруулах төлөвлөгөөтэй байгаа. Хоёр орны компаниудын хамтын ажиллагаа сайн хөгжиж байгаагийн нэг тод жишээ нь МИАТ болон “Боинг” компанийн түншлэл юм. Саяхан Монгол улс АНУ-аас дөрвөн ч “Боинг” агаарын хөлөг авсан нь энэ хамтын ажиллагааны нэг үр дүн боллоо. АНУ-ын компаниуд Монголд ямар хэрэгцээ шаардлага байна, тэр бүгдийг судалж хэрэгцээтэй бараа болон үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой байгаа юм.

-Монголын Засгийн газартай хамтран ажиллахад тулгарч болох хүндрэл, эрсдэлийн талаар ярилцсан болов уу ?


-Хүндрэл, саад бэрхшээлийн талаар Монголын засгийн газартай энэ удаа яриагүй. Ирээдүйд байгаа боломжуудыг л авч хэлэлцсэн. Тэгэхдээ давж гарах ямар бэрхшээл байж болох талаар ярилцсан. Монголын уул уурхай дөнгөж хөгжиж эхэлж байгаа ч цаашид томоохон боломжууд байгаа гэж найдаж байна. Тиймээс яг одоо бол хөгжлийн зөв горимыг бий болгох шаардлага байгаа гэж бид ярилцсан. Үүнд байгальд ээлтэй, аюулгүй байхаас гадна монголын иргэдэд ажлын байр гаргах асуудлууд орж байгаа юм.Мөн тендер зарлах зэрэг үйл явц нь нээлттэй, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой байх хэрэгтэй байгаа юм. Тендер нь хэзээ эхлэх вэ, төсөлд нь хэзээ хэрэгжих шаардлагатай вэ гэх мэт. Ингэж байж Монгол улс хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Бидний зүгээс Монголын Засгийн газартай хэлэлцсэн бас нэг асуудал бол гэрээ хийсний дараа юу хийх вэ, яаж гэрээ хэлэлцээрийн биелэлт рүүгээ орох вэ гэдэг байсан. Гэрээ хийгдэж, гүйцэтгэгч тал машин техникээ оруулж ирснээр бүх ажил эхэлдэг. Тэгээд энэ бүхний дараа хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийг ярилцлаа.

-Та бүхний энэ удаагийн айлчлал болон уулзалт нь Тавантолгойн тендер дахин зарлагдах болсонтой холбоотой хийгдэж байна гэх бодол төрсөн. Тийм тал бий юу ?
-Сайхан асуулт байна. Тийм, таны зөв. Үнэхээр бидний энд хийсэн уулзалт ярианы ихэнх хэсгийг Тавантолгойн төслийн талаархи асуудлууд эзэлж байсан. Мөн ийм уулзалт яриа өрнүүлэх их найдварыг бидэнд төрүүлсэн зүйл нь Оюутолгойн төсөл байсан. Энэ төслийн тухайд Монголын Засгийн газар маш зөв бодлого явуулж гэрээгээ хийгээд,бас гэрээгээ дагаж байгаа нь бусад компаниудад их итгэл найдвар төрүүлж байна. Тавантолгойн төсөл дээр АНУ-ын бизнесийн хэд хэдэн агентлаг, компаниуд оролцох санал хүсэлтээ өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл тэд тендерт оролцох гэж байна. Бид Тавантолгойн тендерийг удахгүй зарлах байх гэж бодож байгаа. Мөн Тавантолгойн төсөл дээр америкийн хэд хэдэн компани хангамжийн чиглэлээр болон операторчноор ажиллах, үүний зэрэгцээ жижиг хэмжээний компаниуд ч бас энэ төсөл рүү оролцох хүсэлтэй байгаа. Тиймээс бид Тавантолгойн төслийн зах зээл цаашид ямар байх вэ зэрэг асуудлыг хөндөж ярилцсан.

-Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон компаниудын хувьд монголчуудаас олж мэдэхийг хүссэн ямар нийтлэг зүйл байсан юм бол?

-Үндсэндээ Монголд ирсэн компаниудын зорилгыг хоёр хэсэгт хувааж болж байгаа юм. Нэг хэсэг нь Монголд үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн компаниуд байгаа. Монголд цаашид ямар боломж байгааг судлах, нээгдээгүй байгаа өөр боломжуудыг нээж гаргаж ирэх, ийм чиглэлээр илүү өргөн мэдээлэлтэй болох зорилгтой байгаа. Харин Монголд анх удаа ирж байгаа бусад компаниудын хувьд Монголын талаар хэвлэл мэдээллээр дамжуулан танилцахаасаа илүүтэй бодитоор, өөрсдийн нүдээр харж танилцан мэдээлэл авах сонирхолтой байсан юм. Мөн бидний үзэж байгаагаар бол Монголын Засгийн газар Оюутолгой болон Тавантолгойн төслүүд дээр сайн ажилласан гэж бид үзэж байгаа юм. Тавантолгойн асуудлын хувьд олборлолтоос гадна дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг АНУ-ын компаниудын сонирхсон хэд хэдэн салбар байгаа. Яг энэ дэд бүтцийн асуудлаар судалгаа хийхэд АНУ-ын компаниуд оролцсон байна лээ. Дэд бүтцийг хөгжүүлснээр Монголын ашигт малтмал ганцхан Хятад биш дэлхийн хэмжээний бусад зах зээлд ч гарах боломж байгаа юм. АНУ-ын компаниудад байгаа технологи, үйлчилгээ болон бүтээгдэхүүн нь энэ чиглэл рүү хандсан дэд бүтцийг хөгжүүлэхэд туслах боломжтой байгаа юм. Жишээ нь Тавантолгойн төсөлд оролцох сонирхлоо илэрхийлсэн “Пибоди” компани гэхэд төмөр зам барихаар төлөвлөж байна.

-Америкийн компаниуд Тавантолгойн төслийн тендерт ялалт байгуулна гэж бодож байна уу?


-АНУ-ын компаниуд юунд итгэлтэй байна гэхээр тэдэнд зөв төсөл байна, зөв технологи нь байна, мөн зөв эрмэлзэл байгаа юм. Хэрэв Тавантолгойн төслийн тендер нээлттэй, чөлөөтэй, шударга явагдвал АНУ-ын компаниуд ялна гэдэгт итгэлтэй байна.

-Хөрөнгө оруулалтын таатай нөхцөл Монголд хэр бүрдсэн гэж үзэж байгаа вэ?

 -Монголын хөгжилд уул уурхайн салбар чухал үүрэгтэй байгаа. Энэ салбар бусад салбарын хөгжилд ч нөлөөлнө. Энэ удаагийн айлчлалд АНУ-ын уул уурхайн салбарын компаниуд түлхүү оролцсон болохоор уул уурхайд анхаарлаа илүүтэй хандуулсан тал бий. Гэхдээ АНУ-ын компаниуд Монголын нэг биш нэлээд олон салбарт ажиллах сонирхлоо илэрхийлж байгаа юм. Тухайлбал, эрүүл мэндийн салбар байна. АНУ-д анагаахын хамгийн сайн үйлчилгээ үзүүлдэг компани энэ салбарын хөгжилд оролцох сонирхлоо илэрхийлж байгаа. Санхүүгийн болон даатгалын үйлчилгээний салбарт ч хамтран ажиллах бололцоо байгаа гэж харж байна. Тэгэхдээ бусад салбаруудад ч хамтран ажиллах зөндөө олон компаниуд байгаа гэдгийг хэлэх байна. Бидний хамтын ажиллагааны эхлэл амжилттай тавигдаж байна. Монголд АНУ-аас оруулж байсан экспорт 2009 онд 40 сая ам.доллар байсан бол  дараа жил нь буюу 2010 онд 115 сая ам.доллар болж байсан. Тэгвэл 2011 онд МИАТ-ийн худалдаж авсан дөрвөн “Боинг” агаарын хөлгийг оруулахгүйгээр 300 сая ам.долларын хэмжээнд хүрч байна. Энэ бол өсөлтийг харуулсан том үзүүлэлт боловч нөгөө талаараа бага тоо юм. Энэ үзүүлэлт өсөх боломж байгаа.

-Уул уурхайн ассоциацитай уул­зал­т хийсэн гэж байсан. Хувийн хэвш­­­­­лийнхнийг төлөөлдгийн хувьд ямар нэг зөвлөгөө та бүхэнд өгсөн үү?

-Анхны удаадаа харилцан ойлголцож, танилцах зорилготой л ирсэн. Бид зөвхөн эхлэлийг нь тавьсан цаашдаа харилцаа өрнөх болохоор бие биенээсээ суралцах байх. Уул уурхайн ассоциаци бидэнд маш их мэдлэг өгсөн. Зөвлөгөө гэхээсээ илүү бидний нүдийг нээсэн олон чухал мэдээллийг бидэнд хэлж өгсөн. Үүнээс гадна манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Бүсийн эдийн засгийн хөгжлийн агентлаг орсон байгаа. Энэ байгууллага дэд бүтцийн хөгжлийн чиглэлээр АНУ-ын 13 мужид төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай. Үүнийгээ бас монголчуудтай хуваалцахдаа баяртай байгаа.



-Элчин сайдаас асууя. Энэ бизнесийн салбарын уулзалтын нэгэн адил өөр бусад салбарын уулзалтыг ч мөн зохион байгуулахаар төлөвлөж байгаа болов уу ?


-Жонатан Эдлтон (АНУ-аас Монгол улсад сууж байгаа Элчин сайд ):

-Бид тодорхой салбарын компаниуд болон хувь хүмүүсийг хооронд нь уулзуулах үүрэгтэй байдаг л даа. Надаас гадна манай ЭСЯ-ны ажилтнууд ч бас маш сайн ажилладаг. Энд АНУ-ын бизнесийн төлөөлөгчдийн уулзалт болж байх үед би өөрөө мөн энэ чиглэлийн уулзалтуудыг АНУ-д хийж байсан. “Боинг” компанийнхантай уулзалж байсан. Мөн Сиэттл хотын худалдааны хөгжлийн агентлагтай уулзалт хийсэн байгаа. АНУ-д байх үеэрээ би Монголын Архангайн Цэцэрлэг хоттой түншилж байгаа Вашингтон мужийн Гронненхейм хот болон Эрдэнэт хоттой түнш Аляскийн хотынхонтой уулзалт хийгээд ирсэн. Тухайн хотод боловсрол олж авч байгаа монгол оюутнуудтай уулзаж ярилцаж амжсан. Нийтдээ хориод оюутнууд байгаагийн дийлэнхи нь хотуудын хамтын ажиллагааны шугамаар Эрдэнэт хотоос очин сурч байгаа залуус байдаг. Тэд эдийн засаг,менежмэнтийн болон инженерийн гэх мэт олон чиглэлээр сурч байгаа бөгөөд сургалтынхаа төлбөрийн тодорхой хувийг хөнгөлүүлж байгаа юм. Тэдэнтнй уулзах байх үед Монголынхоо одоогийн нөхцөл байдал, ажиллах боломж, улс орныхоо хөшгжилд оруулж болох хувь нэмрийнхээ талаар их ярьж байна лээ. Би чадах хэрээрээ мэдээлэл өгсөн байгаа. Ер нь таны энэ асуулт олон салбарт ийм хэлбэрийн уулзалтуудыг хийх нь ямар чухал болох талаар надад сануулж өглөө гэж бодож байна.

Баярлалаа.

 Жич:

АНУ-ын бизнесийн төлөө­лөгч­дийн бүрэлдэхүүнд орсон компаниудын нэрс:
  1. Appalachian Regional Commission
  2. ConveyWeigh LLC
  3. General Electric
  4. Geonano Technology Corporation
  5. Kanawha Scales and Systems Inc.
  6. Kress Corporation
  7. Peabody Energy
  8. Phillips Machine Service Inc.
  9. Rio Tinto

Тавантолгойн зөвлөх банкийг хоёроор нэмнэ


Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын зах зээлд хувьцаа гарган, анхдагч хувьцаагаар хөрөнгө босгоход зөвлөх үүрэгтэй оролцох банкны тоог 1-2-оор нэмнэ гэж Тавантолгойн хувьцааг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөнгө оруулалт, санхүүгийн албаны дарга Ц.Цогт хэлсэн талаар “Ройтерс” мэдээлсэн байна.


Уг мэдээлэлд,


IPO хийх гол зохион байгуулагч буюу спонсороор “Германы Дойче” банк, АНУ-ын “Голдман Сакс” банкийг Монголчууд сонгосон. Мөн хувьцааны борлуулалтад оролцох, зуучлах үүрэг бүхий бэлтгэл ажилд хамтран оролцох банкаар Францын “Би Эн Пи Париба” банк, Австралийн “Маквэари” банк тус тус шалгарсан бол одоо хувьцааны борлуулалтад оролцох, хөрөнгийн биржид зуучлах, хамтран ажиллах  үүрэгтэй 1-2 банк шаардлагатай байгаа аж.

15 тэрбум ам.долларын хөрөнгөөр анхдагч хувьцаа гаргах ажлыг ирэх 2012 оноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа ба “Зөвлөх банк нэмж авах нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын аль хөрөнгийн биржид арилжаалах шийдвэрээс шалтгаална гэж Ц.Цэнгүүн хэлсэн байна. Монголын Засгийн газар, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн хувьцааг Хонконг, Лондоны хөрөнгийн биржид гаргахаар ярилцаж байгаа юм. Тавантолгойн баруун Цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулах стратегийн хөрөнгө оруулагчдын урьдчилсан шалгаруултад Хятадын “Шинхуа”, АНУ-ын “Пибоди Энержи” болон Орос, Монголын хамтарсан консорциум шалгарсан ч эцсийн шалгаруулалтын дүн гараагүй байгаа юм. Учир нь Өмнөд Солонгос, Японы хөрөнгө оруулагчид урьдчилсан шалгаруулалтын дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм. Стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах асуудал Монголын Засгийн газрын түвшинд яригдаж буй ээдрээтэй асуудлын нэг гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөнгө оруулалт, санхүүгийн албаны дарга Ц.Цогт мөн онцолсон байна. Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн сард “Ройтерс” агентлагт ярилцлага өгөхдөө Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг парламентын дараагийн чуулганаар баталж,  хувьцааг олон улсын зах зээлд гаргах ажлыг 2012 оноос эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн байдаг юм.

2011/10/25

Зарах уу, бэлэглэх үү?

Монголчууд алаагүй баавгайн арьсан дээр зодолдож байна. Коксжих нүүрснийхээ нөөцөөр дэлхийд тэргүүлж буй Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон төслийг эхлүүлсэн нь гадаад, дотоодод багагүй “дажин” дэгдээгээд байгаа юм. УИХ-ын  39 дүгээр тогтоолоор Тавантолгой төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй тараах, 10 хувийг нь аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр зарахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг ард иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрт 536 ширхэгийг үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон юм. УИХ-ын 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн ‘’Таван толгойн нүүрсний орд’’-ыг ашиглах зарим асуудлын тухай” 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарах 10 хувийг ард иргэддээ үнэ төлбөргүй тараах асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дэмжсэн нь  олон нийтийг талцуулаад байгаа юм. Тиймээс дээрх асуудлаар УИХ-ын гишүүд болон, аж ахуйн нэгжүүд, иргэд ямар бодолтой байгааг сонирхсон юм.



Д.ХАЯНХЯРВАА: ЭДИЙН ЗАСГИЙГ УУЛ УУРХАЙГААС ХЭТ ХАМААРАЛТАЙ БОЛГОНО 

-Нийт хувьцааны 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд худалдахаар шийдвэрлэсэн нь аж ахуйн нэгжид хөрөнгө оруулсан иргэд болон бусад иргэнд хэт ялгавартай хандсан, тэгш бус хуваарилалт гэж үзсэн хэрэг. Хамгийн гол нь, аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран бүх аж ахуйн нэгжид хавтгайруулан уул уурхайн компанийн хувьцааг худалдах нь эдийн засгийг уул уурхайгаас хэт хамааралтай байхыг улам нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй шүү дээ. 




Я.БАТСУУРЬ: АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ШУДАРГА ХУВААХ БОЛОМЖ БАЙХГҮЙ 
-Бидний санаачилсан энэ хуулийн төсөл нь хувьчлалыг шударга явуулах, байгалийнхаа баялгийг иргэддээ шударга хуваарилах зорилготой. Бусад орны жишгийг харж байхад байгалийн баялгаасаа иргэддээ л хувь хишиг хүртээж байдгаас биш аж ахуйн нэгжүүддээ хувь өгсөн тохиолдол байхгүй юм билээ. Ер нь аж ахуйн нэгжүүдэд шударга хуваах боломж байхгүй л дээ. Харин компанид хуваарилах замаар Тавантолгойгоос ахиу хувьцаа эзэмших гэсэн хэсэг бүлэг хүн л үүнийг хүчтэй эсэргүүцээд байгаа юм. 



Д.ОДБАЯР: ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ МАГАДГҮЙ

-Аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас нэрлэсэн үнээр худалдахад хүндрэлтэй зүйл багагүй гарахаар байсан. Судлаад үзэхээр Үндсэн хууль зөрчигдөх юм ч харагдаж байна лээ. Манай улсын хүн амын тоо тодорхой. Өнөөдөр Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо тодорхойгүй. Гэтэл нэг биш нэлээд хэдэн компанид хөрөнгө оруулсан хүн цөөнгүй байна. Тавантолгойн сургаар нэг иргэн 35 компанид хөрөнгө оруулаад амжчихсан байх жишээтэй. 1482 иргэн гурван аж ахуйн нэгжид, нэг компани 53 аж ахуйн нэгжид, 54 компани тус бүр гурван аж ахуйн нэгжид хөрөнгө оруулсан байна. Гэрчилгээтэй боловч үйл ажиллагаа эрхлээгүй, татвар төлдөггүй аж ахуйн нэгжүүд иргэдийг бодвол их хэмжээний хувьцаа давхар эзэмших боломж харагдлаа. Монголын нийт компаниудын 59 хувь нь үйл ажиллагаа эрхлээгүй болон алдагдалтай ажилладаг гэдгийг ч бодолцох хэрэгтэй. 



СОНГУУЛИЙН ШОУ БОЛООД БАЙНА

Монгол Улсын ерөнхий сайд асан, “МАК” компанийн зөвлөх Д.Содном


-УИХ-аас нэгэнтээ баталсан тогтоолоо өөрчилнө гэдэг үнэндээ өөрсдийнх нь нэр хүндэд халтай юм шүү дээ. Монголын парламентийн гаргасан шийдвэртэй галзуу хүн шиг ханддаг гэж гадныхан шоолбол яана. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарахыг би зөв гэж бодож байна. “Эрдэнэс Тавантолгой” компанид маш их мөнгө хэрэгтэй. Тэр мөнгийг нь аж ахуйн нэгжүүдийнхээ халааснаас гаргах боломж байхад гадныхнаас царай алдаад л байх юм. Тогтоолоо хэрэгжүүл гэж би шаардмаар байна.  Үнэндээ манай улстөрчид ард түмэндээ нэг их хайртай хүний хувьд аж ахуйн нэгжүүдийн 10 хувийг булааж тараах гээд байгаа юм биш. Ердөө л сонгуулийн шоу.  Үнэгүй юм үнэгүй л байдаг.  Хүн зүгээр өгсөн юмыг юу ч болголгүй үрэн таран хийчихдэг биз дээ. Ингээд нийгмийн халамжийг хавтгайруулаад байх юм бол ажил хийх хүн олдох юм уу даа.



АРВАН ХУВИЙГ ҮНЭГҮЙ ТАРААЖ БАЙХААР АЖЛЫН БАЙРЫГ НЬ БЭЛТГЭЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
“Монгол 999 үндэсний нэгдэл”-ийн ТУЗ-ын ажлын албаны дарга Б.Аюуш


-Иргэдэд хувьцааг үнэгүй тараана гэдэг иргэдэд бэлэн мөнгө тараахтай л адилхан.  “Эрдэнэс Тавантолгой” компанийг гадаадын хөрөнгийн зах зээлд гаргахад өнөөдөр мөнгө хэрэгтэй. Үндэсний аж ахуйн нэгжүүдээс  300 сая ам.доллар босгох боломж байхад буруу хараад зүтгээд байх юм.  “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 20 хувийг иргэдэд үнэгүй тараах юм бол улстөрчдийн шахаагаа хийдэг компани болно. Тэнд хэн юу зарж, хэн юу идэж байгаа нь хаалттай байх юм. Харин аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарвал өөр. Хувьцаат компанийнхаа хувьд  үйл ажиллагаа нь ил тод нээлттэй байх юм. Ард түмэнд зүгээр мөнгө өгсөн нь дээр үү, ажлын байрыг нь бэлтгэж өгсөн нь дээр үү. Яг үнэндээ загас барьж өгөх үү, загас барих аргыг нь заах уу гэдэг л болоод байна.



АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ ӨӨР АРГААР ДЭМЖИЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ

“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран


-Миний хувьд аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарах хэрэггүй гэж бодож байна. Аж ахуйн нэгжүүд, ард түмнийг адил төвшинд аваачих хэрэггүй. Ард иргэддээ “Эрдэнэс Тавантолгой” хувьцааны 20 хувийг  үнэ төлбөргүй тараахыг би хувьд зөв л үйлдэл гэж дүгнэж суугаа. Аж ахуйн нэгжүүд нь ард иргэдээсээ хувьцааг нь худалдаж авах хэрэгтэй шүү дээ. Бүгдээрээ нэг ордын хувьцаа эзэмшигч болох гээд хэрүүл хийгээд, тэмцэл өрнүүлээд алаагүй баавгайн арьсан дээр зодолдох хэрэг байна уу. Аж ахуйн нэгжийн захирал ч бас л үнэ төлбөргүйгээр 1072 ширхэг хувьцаатай болно. Зах зээлийн зарчим гэж ярих дуртай хэрнээ аж ахуйн нэгжүүд өөрсдөө үлгэрлэмээр байна. Тэгвэл иргэдэд ч бас нэрлэсэн үнээр нь хувьцаа худалдаж авах эрхийг нь нээлттэй үлдээх хэрэгтэй. Аж  ахуйн нэгжийн захирал гэхээр давуу эрх эдэлдэг Архангайн нэг малчин өвгөн болохоор ард нь үлддэг байж болохгүй. Газрын хэвлий доорх байгалийн баялгаа ижил тэгш хэмжээгээр хуваарилна гэж л байгаа юм бол 10+10 гээд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг иргэдэд өгөх ёстой. Аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэлүүдээ дэмжих өчнөөн боломж байна. Татварын бодлогоор  дэмжиж болно.  Гадаад түншүүдтэй холбож өгч болно. Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь дотоодын зах зээлд борлуулахад нь тусалж болно. Түүнээс байгалийн баялгаа хоёр өөр хэлбэлээ, хоёр өөр хэмжээгээр хуваарилж болохгүй. 


ХЭН ШАНАГАДААД, ХЭН НЬ ХАЛБАГАДАХ ГЭЖ

Монголын үндэсний жижиг, дунд  үйлдвэр эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал П.Алтан-эрдэнэ

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг иргэдэд үнэ төлбөргүй тараах асуудлыг дэмжиж байгаа. Үнэндээ үндэснай аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарна гэдэг хэдхэн тооны олигархиудыг л тэтгээд өнгөрнө гэсэн үг. Ашгийн хуваарилалт биш, газрын хэвлийн доорх баялгаа ард түмэндээ ижил тэгш хэмжээгээр олгож байгаа асуудал. Иргэд яагаад баян байж болдоггүй юм. Аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарна гэдэг нэг үгээр хэлбэл иргэдээ компанитай, компанигүйгээр нь алагчилж, ялгаварлан гадуурхаж байгаа нэг хэлбэр гэж бодож байна.  Хэсэг бүлэг хүмүүс “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанаас илүү их хүртэхээр байгаа.  Зарим хүмүүс гадуур янз бүрийн яриа гаргаад байна лээ. Ялангуяа тэр “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийнхэн.  Хувьцаа үнэ цэнэгүй болно ч гэх шиг. Тийм юм байхгүй. Тэртээ тэргүй гадаадын хөрөнгийн биржүүд дээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа гараад эхлэнгүүт л  Монгол Улсын иргэн бүрт тараасан өнөөх хувьцаа үнэд орно. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарна гэдэг байж боломгүй зүйл. Аж ахуйн нэгжгүй хүмүүсийн хохь нь гэх үү. Аж ахуйн нэгж ашгийн төлөө байгууллага. Ашгийн төлөө байгууллагыг ард түмнээсээ илүү үзэж, хэсэг бүлэг нөхдүүдэд Тавантолгойн ордоос шанагадах боломжийг олгох гэж үү. Гэтэл ихэнх иргэн нь халбагадах төдийл өнгөрөх нь байна шүү дээ. Хэнд нь шанагадах боломж өгөөд хэнийг нь халбагад гэх билээ

2011/10/24

МАН Тавантолгойг хэлэлцэнэ



УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагт хуралдаж, Тавантолгойн асуудлыг авч хэлэлцэхээр болжээ. Эл асуудлыг тус намын бүлэг өнгөрсөн хоёр долоо хоногийн турш авч хэлэлцсэн ч “Эрдэнэс тавантолгойн хувьцааны 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй олгох уу, аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр арилжаалах уу гэдэг дээр тодорхой шийдвэр гаргаж чадаагүй байгаа юм. Харин өнөөдөр эцэслэн шийдэх төлөвтэй байна.

Бүлгээр хэлэлцэх хоёр дахь асуудал нь улаан буудайнд татвар ногдуулах эсэх тухай юм. Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа төсөлд импортын улаан буудайнд 40 хүртэлх хувийн татвар ногдуулахаар тусгаад буй. Ингэснээр тариаланчдын улаан буудай импортын улаан буудайнд цохигдохоос сэргийлж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэж үзэж байгаа билээ. Гэхдээ энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт чуулганаар хэлэлцэж, “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзээд буй ч тус намын бүлгийн гишүүд дотор “Импортын буудайнд ногдуулах татварыг боомтуудад өөр, өөр тавьж өгөхгүй бол алслагдсан бүс нутагт гурилын үнэ нэг кг нь 1100 төгрөгт хүрч болзошгүй байна” гэсэн мэдэгдлийг хийгээд буй. Тиймээс энэ асуудлыг бүлэг дахин авч хэлэлцэхээр болжээ.

Тавантолгой тойрсон асуудлууд

Тавантолгой тойрсон асуудлууд
Ард иргэдийн дунд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцааны нэрлэсэн үнэ хэзээ тогтох, хөрөнгө оруулалтын гэрээ хэзээ байгуулагдах зэрэг их хүлээлт үүсч, дээд албанынхныг зүгээр сууж байна хэмээн шүүмжлэх болсон.

Харин сүүлийн үед Монголын төр засаг, эрх мэдэлтнүүд хөлөө жийж, гараа хумхихгүй байгаа бололтой. Өнгөрсөн долоо хоногийн турш хэд хэдэн улсын төлөөлөгчид ТӨХ-ны даргын өрөөг сахин, бичиг цаас барьж гүйлдсэн нь Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцсэн байж магадгүй гэх битүүхэн горьдлого төрүүлэв. Үүний мөрөөр тандвал энэ сарын 18-21-ний хооронд Тавантолгойн талаар үнэхээр яриа хэлэлцээр болсон аж.

БНХАУ, ОХУ-ын хамтарсан нэгдэл, АНУ, Япон, Өмнөд Солонгосын нэгдэл, “Эрдэнэс Тавантолгой” ХХК гэсэн талууд тус тус 33 хувь эзэмших санал гарсныг хэвлэлүүд бичээд эхэлжээ. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал Б.Энэбиш “Би энэ талаар мэдэхгүй. Одоог хүртэл хэлэлцэж байна” гэсэн хариу өгсөн юм.

Харин ТӨХ-ны Л.Сугарын хэлснээр, хэдэн хувийг, хэрхэн хуваарилах шийдвэр удахгүй гарах магадлалтай байна. Тавантолгойн Зүүн Цанхид гэрээт олборлогчоор ажиллах “Macmahon”, “BBM Operta” гэсэн талуудтай 500 сая ам.долларын өртөг бүхий гэрээ байгуулсан. Албаныхны мэдэгдсэнээр эхний жилдээ нэг сая тонн нүүрс олборлож, үйл ажиллагаа жигдрээд эхэлбэл жилдээ 15 саяыг олборлох гэнэ.

Харин тэдний олборлосон нүүрсийг Хятадын төрийн өмчит “Чайнолко” компани экспортлох гэрээ байгуулчихсан. “Эрдэнэс Тавантолгой” ХХК 250 сая ам.долларын зээл авч, түүнийгээ төлж дуустал коксжих нүүрсээ тонн тутмыг 70 ам.доллараар нийлүүлэх үүрэг хүлээв. Ийнхүү Зүүн Цанхи дахь олборлолтын болон экспортын ажил ирэх онд эхэлж, 3.57 сая тонн коксжих нүүрсээ бэлэглэх шахам хямд үнээр Хятадад өгөх болсон билээ.

Түүнчлэн Тавантолгойн баялгаас хүртэж чадахгүй нь хэмээн халаглаж байсан Япон, БНСУ ч хоосон үлдсэнгүй. “Чайнолко” компани олборлосон нүүрснийхээ 30 хувийг Японы “Мицүй”, “Иточү” болон БНСУ-ын “Корес” компанид худалдах үүрэг хүлээсэн. “Эрдэнэс Тавантолгойн” ХХК, ТӨХ-ны албаныхан ажлаа явуулаад л байна.

Харин УИХ-аас гарсан бодлого, шийдвэрт асуудал үүсч мэдэхээр байна. Тавантолгой ордыг ашиглахтай холбоотой УИХ-ын 39 дүгээр тогтоол 2010 оны долдугаар сарын 7-ны өдөр батлагдсан. Энэхүү тогтоолын 2.а-д зааснаар Монгол Улсын иргэдэд Тавантолгойн хувьцаанаас 10 хувийг буюу иргэн бүрт 536 ширхэг хувьцаа үнэгүй олгох болсон.

Мөн тогтоолын 2.б-д зааснаар хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр Монголын үндэсний аж ахуй нэгжүүдэд тэгш хуваарилан эзэмшүүлнэ гэжээ. Монголын ард түмэн Тавантолгойгоос хувь хишиг хүртэх нь гээд хөөрцөглөж, үндэсний аж ахуйн нэгжүүд ч гадныхнаас дутахгүй нь гээд томорч байлаа. Гэтэл ийнхүү нэг жил хөөрцөглөж, хөөрөлдсөний дараа УИХ-ын гишүүд тогтоолоо эргэж харъя хэмээцгээв.

Эхний хэсэг нь ард иргэд, үндэсний аж ахуй нэгжид тус тус 10 хувийг биш, ард иргэдэд нийт 20 хувийг өгчихье гэж өгөөмөр загналаа. Тэдний үзэж буйгаар “Үндэсний аж ахуйн нэгж гэсэн тодорхойлолт байхгүй. Монголд 53 мянган аж ахуйн нэгж байдгийн 23 мянга нь татвар төлдөг. Тэдгээрийн ард ердөө 2700 гаруй эзэн байгаа гэнэ. Тэгэхээр 2700 хүнд 10 хувийг өгснөөс 2.7 сая иргэндээ 20 хувийг тараая” хэмээв.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаад ийм шийдвэр гаргасан. Нөгөө хэсэг нь үндэсний аж ахуй нэгжээ дэмжиж, хуваарилах 10 хувийг хэвээр байлгая гэжээ. Тэдний үзэж буйгаар ард иргэддээ хувьцаа тараах нь бэлэн хоол өгч байгаатай адил бөгөөд эдийн засагт ч муугаар нөлөөлж байгаа аж. 10 хувийг аж ахуйн нэгжид олгох нь гадаад, дотоодыг алагчлалгүй үзэж, иргэдэд бэлэн хоол өгөх бус ажлын байрыг дэмжиж байгаа хэрэг гэнэ.

Тэд “Татвар төлдөг эсэхийг нягтлан тогтоогоод, зарим нэмэлт зүйлийг тусгаад өгвөл аж ахуйн нэгжид 10 хувийг өгч болно” хэмээн үзэж байгаа аж. Моодонд орж, Монголчуудын анхаарлыг татаад байгаа “Монгол 999” үндэсний нэгдэл өөрсдийн дуу хоолойг хэдэнтээ илэрхийлээд амжсан. Тэд өөрсдийнхөө боломжийг үнэлж үзээд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д 310 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх санал гаргасан.

Уг саналаа хоёронтаа тавьсан ч ямар ч хариу өгөлгүй өдийг хүрчээ. “Монгол 999“ үндэсний нэгдэл аргаа барсандаа Тавантолгойгоо орхиод нөгөө “толгой” уруу зүтгэж эхэллээ. Тэд Оюутолгойн хувьцаанаас 16 хувийг нь 416 сая ам.доллараар худалдан авах саналыг “Оюутолгой” ХХК-д дэвшүүлсэн. Тавантолгойн асуудалд хошуугаа нэмэх бас нэгэн төлөөлөл гарч ирсэн нь “Шинэ өөрчлөлт холбоо” ТББ юм.

Дэлхий даяараа хүлээн зөвшөөрч, ашгаас хүртэх гээд тэмцэлдэж буй Тавантолгойн ордын ашгийн тооцоог тэд хялбархан аргаар тооцож, бидэнд хүргэн тус боллоо. Хэдэн тэрбумаар яригдах нөөцтэй, дэлхий лидерүүдийг шууруулсан Тавантолгой маань хэдхэн төгрөг ч хүрэхгүй хэмээн тус холбооны ерөнхийлөгч Д.Даваадорж хэлсэн.

Нэгж хувьцааны ногдол ашиг жилд хоёр төгрөг 93 мөнгө. Үүнийгээ 536 ширхэгээр үржүүлэн тооцвол монгол иргэн жилд 1570 төгрөг авна гэсэн тооцоог гаргасан юм. Үүгээр зогсохгүй тэд “Монгол 999” үндэсний нэгдлийг дагаж, “Тавантолгойн хувьцаанаас татгалзаж, оронд нь Оюутолгойн хувьцааг эзэмшье” хэмээн дүүлж эхэллээ.

2011/10/21

Чайналко Зүүн Цанхиас 45 сая тонн нүүрс импортолно

Хятадын хөнгөн цагааны магнат, төрийн өмчит “Чайналко” компани ирэх гурван жилийн хугацаанд Монголын Тавантолгой уурхайгаас жилд 15 сая тонн буюу нийтдээ 45 сая тонн нүүрс авна гэж өнгөрсөн лхагва гаригт мэдэгджээ.

“Эрдэнэс МГЛ” компани нь Хятадын “Чайналко” компанитай өнгөрсөн долдугаар сарын 26-нд таван жилийн хугацаатай борлуулалтын гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэрээний хүрээнд Монголын тал “Чайналко”-гоос урьдчилгаа төлбөр болгон 250 сая ам.доллар авсан бөгөөд уг төлбөрийг төлж дуустал нүүрсээ урагш нь тонн тутмыг нь 70 ам.доллараар тооцон гаргахаар болоод буй юм.

Ийнхүү Зүүн Цанхиас наймдугаар сарын 4-ний өдрөөс коксжих нүүрс урагш нь экспортолж эхэлсэн билээ.

Мөн “Чайналко” худалдаж авсан нүүрснийхээ 30 хувийг нь Японы “Иточу”, “Мицүи” болон Солонгосын “Корес” компанид худалдах үүрэг хүлээсэн юм.

Монголын Засгийн газар Тавантолгойн Зүүн Цанхийн хэсгийн олборлолтыг гэрээт олборлогч “Макмахон”, “ББМ Оперта” зэрэг компаниар гүйцэтгүүлэхээр болж, олборлолтыг ирэх арванхоёрдугаар сард эхлүүлэх гэж байна. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-ийг ирэх оны эхний улиралд багтаан хэрэгжүүлэх төлөвтэй байна. Зарим санхүүгийн шинжээч Тавантолгой ордыг эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой" компанийн зах зээлийн нийт үнэлгээ 6-10 тэрбум ам.доллар болно гэж тооцож байна.