![]()
Таван
толгойн ордод ажиллах комнанийн сонгон шалгаруулалтын асуудал дэлхий
дахины анхаарлын төвд байна. Тэгвэл Баруун цанхид ажиллах эрхийг авна
гэж . Удаа дараа мэдэгдэж байсан «Оросын Төмөр зам» ХК-ийн захирал
Владимир Якунин сонгон шалгаруулалттай холбоотой элдэв будлианд таагүй
хандаж буйгаа илэрхийллээ. Хамгийн гол нь тэрбээр Таван толгойн сонгон
шалгаруулалт эргэж буцсан, хувирамтгай байдлаар явагдаж буй нь таагүй
санагдаж байгаа талаар «Интерфакс» агентлагт ярьсан банна. Мэдээж хэрэг
ОХУ-ын тэргүүлэх комланиудын нэг «Оросын Төмөр зам» ХК-ийн захирал
ийнхүү манай эрх баригчдыг шүүмжлэх болсон нь нэг л шалтгаантай.
Тодруулбал манай эрх баригчид 2011 оны
долдугаар сарын эхээр Таван толгойн Баруун цанхийн сонгон шалгаруулалтад
Хятадын «Шинхуа» групп, АНУ-ын «Пибоди Энержи» компани, Орос-Монголын
хамтарсан консерциум ялсан гэж дэлхии дахинд зарласан. Гэтэл өнгөрсөн
сард Таван толгойн ордыг хариуцаж буй «Эрдэнэс МГЛ» компанийн захирал
Б.Энэбиш «Таван толгойн сонгон шалгаруулалт өнөөг хүртэл, хийдээгүй
байгаа. АНУ, Япон, Өмнөд Солонгос, Японы компаниуд сонгон
шалгаруулалтаас хасагдаагүй» гэж гаднымэдээллиин агентлагт ярьсан юм.
Түүний энэхүү мэдэгдэл Таван толгойн ордын сонгон шалгаруулалт нэгэнт
будлиантай болсныг харуулсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ байдал
оросуудын дургүйг хүргэж эхэлсэн нь «Оросын Төмөр зам» ХК-ийн захирал
Владимир Якуниний байр сууриас илт байна.
|
2011/10/03
Таван толгойн будлиан Оросуудын дургүйг хүргэж байна
Баруун Цанхийн хэлэлцээрийн явц
Тавантолгой
ордын Баруун Цанхид олборлолт явуулах Консорциумын олон улсын тендерийн
хэлэлцээр хэрхэн үргэлжилж буйг дэлхий сонирхож байна. Ингэж гэнэ,
тэгсэн сурагтай гэх таамгаас Блүүмбергийн мэдээ ч хэтрээгүй, Монголын
сэтгүүлчдийн үзмэрдэлт ч ялгараагүй. Долдугаар сарын 04-ний Засгийн хуралдааны мэдээгээр 40:24:36 гэсэн хуваарилалтыг зарласны дараа гадаадын хөрөнгө оруулагчидтай Монголын Ажлын хэсэг нэг удаа уулзжээ. Энэ зуны ганц уулзалтаас элдэв үр дүн гараагүй, тун ерөнхий товч агуулгатайгаар өндөрлөжээ. Үргэлжилсэн хугацаа нь ч товч болоод тодорхой байсан аж. Баруун Цанхийн нүүрсийг ухаж, борлуулахаар зэхэж буй Хятад, Америк, төмөр замаар тээвэрлэхээр хүлээж байгаа Оросын компаниуд зуны уулзалтад төлөөлөгчдөө оролцуулсан ба ерөнхийдөө Монголын тал өөрсдийнх нь өмнөх саналд хэр нааштай хандахыг тандах төдий уулзсан гэж хэлж болно.
Хятадын “Шинхуа Энержи”, Америкийн “Пибоди Энержи” нар нь Баруун Цанхийн коксжих нүүрсийг олборлогч болохоор өөр хоорондоо хүчтэй өрсөлдөгчид. Тавантолгойн олон улсын тендерт эхлээд хамт орж ирсэн боловч төдөлгүй хуваагдаж салсны учир нь хэн олборлох вэ гэсэн өрсөлдөөнөөс үүдэлтэй. “Пибоди” зуу гаруй жилийн баялаг туршлага, дэлхийн шилдэг технологи ба монголчуудын гурав дахь хөршийн эрмэлзэлд туйлаас найддаг. Харин “Шинхуа” арван таван жилийн уул уурхайн туршлагаа нимгэн хөнгөн гэж голдоггүй, гол нь зах зээлийн эзэн, басхүү Хятадаар нэвтрэн гурав дахь зах зээлд хүрэх төмөр замын сүлжээний босс гэсэн итгэлээ хатуу өвөртөлжээ. Нэг үгээр хятадууд 40 хувьдаа сэтгэл хангалуун байгаа. Харин Монголын Засгийн газрын Ажлын хэсэг дээрх 40:24:36 хуваарилалтыг зүгээр л урьдчилсан тоо, дахин өөрчлөгдөх боломжтой гэж зарласнаас хойш хөрөнгө оруулагчдын хэлэлцээрт хэд хэдэн төлөөлөгчтэйгээр сүртэй морилон ирдэг болсон байна.
Оросуудын хувьд олборлолтоос хол, Ванино хүртэл төмөр зам барина гэдэг одоогоор үлгэр. Хятадууд мөнгө зээлдүүлбэл зам барина гэсэн маягтай зүйл ярихад бэлэн. Хэлэлцээрийн ширээний ард В. Морозов эрхэм морилон ирдэг ба “Дэд бүтцийн хөгжил” нэртэй Монгол-Оросын хамтарсан компанийн Гүйцэтгэх захирал. “Махны Морозов” алдраараа монголчуудад танил болсон. ОХУ-ын Ерөнхийлөгчийн захидлыг өмнөө бариад хэлэлцээрт сууж буй тул өөртөө хэт итгэлтэй. Иймэрхүү хүсэл сонирхолтой бүрэлдэхүүн Монголын талын Ажлын хэсэгтэй өнгөрсөн зуны уртад нэгэнтээ нүүр тулсан ба эрхмүүд манай удирдагчдыг байр сууриа нэгтгэх эсэхийг бас тандаж байгаа бололтой. Ажлын хэсгийг тэргүүлж буй Ч. Хүрэлбаатар даргын хувьд Монголын ашиг сонирхлыг давтан илэрхийлж, хэлэлцээрийн дүнд нааштай өөрчлөлт оруулахыг чармайж байна. Том гүрнүүдийн ихэмсэг төлөөлөгчдийн өмнөөс жижигрэхгүйг чармайсан хэвээрээ. Гэвч Тавантолгой ордын Баруун Цанхийн хэлэлцээрт ямарваа ахиц гараагүй байна.
Одоогоор сонсогдож буй нэг хувилбар нь Консорциумуудад гологдоод, хөлд нь чирэгдээдяваа БНСУ, Японы компаниудыг Америкийн “Пибоди”-д дайх санаачлага гарсан, түүнийг нь “Пибоди” хүлээн авах бололтой. Солонгос, Японы тэргүүлэх компаниуд нь тэртэй тэргүй Хятад, Оросын хувьд өрсөлдөгчид, бизнесийн соёл нь ч таарч тохирохгүй учраас өөрсдөө мөн америкуудыг бараадах санаачлага гаргасан байж болох. “Пибоди” өмнөх хэлэлцээрүүдэд 33+33+33 гэсэн хуваарилалтад найдсан байж болзошгүй. Үлдэх 1 хувийг Алтан хувьцаа буюу саналын бүхий л эрхтэй, хаалт квотын мэдэлтэйгээр Монголын Засгийн газар эзэмших хувилбар анх сонсогдож байсан удаатай. Түүнчлэн 30+30+30 хэмээх хувиар ОХУ, Хятад, АНУ оролцоогоо хангаж, Монголын талд10 хувь ногдох хуваарилалт байж болох тухай мэргэжилтнүүд өгүүлж асан боловч манай тал 10 хувьдаа тохирох мөнгө гаргаж чадахгүй гэсэн болгоомжлол бас гарсан юм.
Баруун Цанхийн хэлэлцээрт орж буй компаниуд ийнхүү өөр өөрийн хуваарилалтын томъёог хэлж байна. Эхний хэлэлцээрийн үед буюу энэ оны гуравдугаар сард ОХУ, Хятад, АНУ бүгд тус тусдаа “51 ба...” томъёолол зүтгүүлж, манай талд томорсон удаатай. Бүгдээрээ 51 хувийг авна гэж анх зүтгэж байснаа бодвол одоо арай даруу байх болсон. Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх зүг чигийг Орос, Хятадын удирдагчид жаахан зөөллөж өгвөл хэлэлцээр урагшлах магадлалтай. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ирэх жилийн сонгуульд В. Путин дахин нэр дэвшиж буй явдал нь хойд хөршийн байр суурь зөөллөх бус, бүр төвөгтэй болгож мэдэхийг сануулдаг. “Махны Морозов” хэлэлцээрийн ширээний ард ганцаараа тун бардам суудаг байсан бол одоо бүр том том санал хэлж мэдэх нөхцөл аажмаар бүрдсээр байна.
2011/09/29
Ухаа худаг-Гашуунсухайтын чиглэлийн замыг Улсын комисс хүлээж авчээ

“Энержи Ресурс” компанийн зам ашиглалтад орсноор Тавантолгойн шороон замаар нүүрс тээвэрлэдэг автомашинуудын талаас илүү хувь нь хатуу хучилттай замаар явах боломжтой болж байгаа юм. Мөн тээвэрлэлтийн явцад байнга тохиолддог тоосжилт, аваар осол, машины эвдрэл, зардал зэрэг нь багасна. Шинэ замаар жилдээ 15 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой гэдэг. Ойрын 3-4 жилд Тавантолгойн зөвхөн Зүүн Цанхиас гэхэд жилд 15 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Энержи Ресурс”-ийн замаар нүүрсээ тээвэрлэх гэрээ байгуулсан тухай холбогдох албан тушаалтан мэдэгдэж байв.
Тавантолгойн гэрээг “Бэрс-ийн нүүдлээр” хийе

Энэ санаа яагаад миний анхаарлыг татав гэхээр миний бие Тавантолгойн гэрээг хийж буй Монголын талын ажлын хэсгийн зарим нөхдөд яг Ч.Отгочулуутай адил санааг хэлж өгч байсан. Энэ санаа бол Монголын хоёр эдийн засагчийнх төдийгүй, Монголын төр засгийнхны ч цаашид баримтлах байр суурь болоосой гэж би хүсч байна.
Ийм учраас Ч.Отгочулуугийн санааг дэмжиж, баяжуулж нийтлэл бичье гэж бодлоо. Бид төр засагт гадны хэн ч хэлээгүй маш чухал мэдээлэл, бас маш чухал зөвлөгөө өгч байгаа юм. Энэ бол ажлын хэсэг, Засгийн газар дотоодынхоо эрдэмтдээс зөвлөгөө авч хамтран ажиллах ёстойг харуулсан баримт болж байна. 30 жилийн дараа Хятадын нүүрс дуусах прогнозыг дөрвөн сарын өмнө Москвад болсон нүүрсний талаарх жил бүрийн чуулган дээр Казахстаны хөрөнгө оруулалтын томоохон компанийн захирал бас хэлсэн.
Тухайлбал, Хятадад жилд 3.8 тэрбум тонн нүүрс олборлож байна. Үүн дээр нэмж нүүрс импортолж байна. Сүүлийн таван жилд Хятадын нүүрсний олборлолт 850 сая тонноор нэмэгджээ. Нүүрсний салбар дахь төвлөрлөө 2010 онд 30 хувьтай байсан бол 2014 онд 65 хүргэх бодлого явуулж байна. Нүүрсний уурхайн олборлох доод хэмжээг жилд 300 мянган тонн болгож жижиг уурхайн тоог 2598 байсныг 1053 болгожээ.
Энэ доод хэмжээ 2015 оноос жилд 500 мянган тонн болно. Жилд 100 сая тонноос дээш олборлодог 10 мега үйлдвэр, жилд 50 сая тонноос дээш олборлодог 10 үйлдвэртэй болох зорилт тавьж байна. Хятадын нүүрс ойрын 30 жилд л хүрэлцэнэ гэж хэлсэн. Хятадын нүүрсний стратегиас суралцах зүйл, тэр тусмаа ч гэрээ хэлэлцээртээ тусгах зүйлүүд байна.
Тухайлбал, жилд 50 саяас дээш тонн нүүрс олборлодог компаниудтай болох боломжоо Монгол улс алдаж болохгүй. Энэ бол Тавантолгойн ордыг аль болох хуваахгүй ашиглах явдал юм. Энд бүтээмж өндөрсөнө. Коксжсон нүүрсээ зарах гэж өрсөлдөөд, нүүрсний үнээ өсгөж чадахгүй байх явдал арилна. 30 жилийн дараа Хятад улс нүүрсээ дуусмагц нүүрсний төлөөх дайн өрнөж, нүүрсний үнэ хаданд гарна.
Одоо ч гэсэн Хятад улс нүүрсний өлсгөлөнд орчихсон байна гээд би ахин дахин хэлээд байгаа шүү дээ. Нүүрсний томоохон тоглогч Индонез улс нүүрс экспортлохоо ойрын 3-4 жилд эрс багасгах шийдвэр гаргалаа. Энэ нь Монголын нүүрсний үнэ цэнийг улам нэмэгдүүлж байна. Хятадууд Монголоос авсан нүүрсээ буцаан булж нөөцөлж байгаа мэдээлэл байдаг. Иймд Хятадтай зөв ярилцаж, тохиролцож чадвал нүүрсээ өндөр үнээр удаан хугацааны гэрээгээр өгч, урьдчилгаа мөнгө ч авах боломжтой.
Гэтэл Засгийн газар хятадуудтай маш муу гэрээ хийж байна. Энэ нь Засгийн газар, ажлын хэсгийнхний мэдлэг чадвар ихэд дутмаг байгаатай холбоотой. Магадгүй хэлэлцээр хийж буй улс төрчид дараагийн сонгууль тулчихаад байгаа, намын болон өөрийн зардлын олон зуун сая төгрөгөө босгох боломжит ганц тохиолдлыг ашиглах гээд муу гэрээ байгуулах гэж байж болох юм. Хэрвээ үүн дээрээ тулбал, зарим хүний дэвшүүлж буй санал шиг сонгуулийн дараа гэрээгээ хийсэн нь дээр.
Нэг жил хүлээгээд хэдэн арван тэрбум доллараа алдахгүй байсан нь дээр. Гэхдээ аль ч тохиолдолд Монголд ашигтай байх бүх хувилбаруудаар Засгийн газар бэлтгэлээ сайн базаах ёстой. Үүний тулд Засгийн газар эдийн засаг, уул уурхайн шилдэг мэргэжилтнүүдээ ажлын хэсэгт оруулж хамтран ажилламаар байна. ҮАБЗ-ийн зөвлөмжинд ийм санал байгаа. Иймд таван сайдын байгуулсан гэрээг ҮАБЗ ч УИХ ч хүлээн авч хэлэлцэх ёсгүй.
Харин эрдэмтэдтэйгээ хамтран суугаад гэрээгээ хийгээд ир гэж буцаах ёстой. Хэрвээ Засгийн газар зөв стратеги, тактик баримталбал Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг, гол нь Хятадуудтай харилцан ашигтай хийх боломж байна. Гэтэл Засгийн газар үндсэндээ Хятад (40 хувьтай), АНУ-ын (24 хувьтай) хоёр компанийг орж ирээд 1.2 тэрбум тонн нүүрсийг 30 жил ух ав, нүүрсээ ямар үнээр зарахаа та нар мэд гээд сууж байна.
Хятадад нүүрс өгөхөд л хангалттай. Бүүр боловсруулаад аваад гар гэх ёстой. Пибоди орж ирснийг би ойлгохгүй байна. Үүний оронд Япон, Солонгос хоёр байх ёстой. Тэд Хятадад өрсөлдөөн үүсгэнэ. 36 хувьтай юм чинь Монгол Орос хоёр хараад л сууж байхаас өөр юу ч хийж чадахгүй. Стратегийн ордоо ямар ч мэдэлгүй 30 жил харж суухыг ард түмэн зөвшөөрөхгүй. УИХ ч зөвшөөрөхгүй. Тийм тохиолдолд нүүрсний, тэр тусмаа нүүрсний үнийн нэгдсэн бодлогыг төр засгаас явуулах боломжгүй болно.
1.2 тэрбум тонн нүүрсний үнэ дээр 1 ам.долларын алдаа хийхэд 1.2 тэрбум доллар Монголын ард түмэн алдана. Засгийн газар тонныг нь 300 ам.долларын үнэ хүргэх боломжтой коксжсон нүүрсээ 70 ам.доллараар зарж буй нь 1 сая тонноос 230 сая ам доллар алдаж буй хэрэг. Энэ жишгээр баримжаалж үзэхэд, багцаагаар бодоход Засгийн газар маань 1.2 тэрбум тонн нүүрсэн дээрээ 200 орчим тэрбум ам.долларын алдаатай гэрээ хийх гэж байна.
Үүний дэргэд тэр урьдчилж авах 500 сая ам.доллар бол өчүүхэн зүйл. Оролцооны төлбөрийн оронд борлуулалтын урьдчилгаа ав л даа. Өлсгөлөн Хятад зөвшөөрч л таарна. Үйлдвэрүүд ээ зогсоож, ард түмнээ хөлдөөхгүйн тулд энэ байтугай төлбөр төлнө. Иймд Засгийн газар Тавантолгойг ашиглах загвар дээрээ эргэлт хиймээр байна. Мэдээж хэрэг гэрээ хөрөнгө оруулагчдад хангалттай ашигтай байх ёстой. Хэн нь хэдий хэрийн хөрөнгө гаргаад, ямар хугацаанд хэдий хэрийн ашиг олохоо ил тод тооцож зөвшилцсөн байх ёстой.
Ийм тооцоогүйгээр ямар ч хүн хөрөнгөө гаргахгүй. Үүний тулд Монголын тал урьдчилсан ТЭЗҮ-үүдээ гаргаад хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх ёстой. Гэтэл нүүрс олборлох үйлдвэрийн ч ТЭЗҮ алга. Ирэх 30 жилд нүүрсээ Хятадын нутгаар зөөх үү, Оросын нутгаар зөөх үү, ямар хэмжээтэй нүүрс зөөх вэ, ямар үнэ тарифтай байх вэ гэдэг нь гол тооцоо, гэрээ, хэлэлцээр алга байна. Бүтэн жилийг Засгийн газар алдсан. Одоо бас үр өгөөж муутай хувилбар зүтгүүлээд, энэ нь эргэж буцаад дахиад л нэг жилийг алдах нь.
Уг нь төмөр зам, цахилгаан станц, усны асуудлаа маш яаралтай шийдмээр байна. Цаг алдсаар байна. Эдгээр бүтээн байгуулалт өрнөхийн хэрээр Тавантолгойн үнэ улам их өсөх болно. Хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийн тооцоо мэддэг эрдэмтдээсээ ажлын хэсэгтээ оруулалдаа сайд нар аа. Ч.Хүрэлбаатар сайд нийт үнэ цэнэ гэж яриад байна лээ. Буруу л даа, зүй нь өнөөгийн цэвэр үнэ цэнэ буюу NPV гэж ярих ёстой. Ажлын хэсэг мэдлэггүй байвал гадныхан тэр хэмжээнд нь тохируулж тоглоод өнгөрөхөө бодно.
Нарийн ширийн юм ярих ч үгүй. Харилцан ашигтай, Монголын талд илүү ашигтай ямар хувилбар байж болох талаар эдийн засагч эрдэмтэн бидэнтэй зөвлөлдөө ч гэсэн саналыг Н.Алтанхуяг, Ч.Хүрэлбаатар, Д.Зоригт, С.Баярцогт, Д.Сугар гэсэн гэсэн зургаан сайд, даргад дахин хүргэж байна. Тав зургаан сайдын маань сонгосон загвар, эдийн засагч Ч.Отгочулууны хэлээд буй шатрын хүүний хэмжээнд сэтгэсэн загвар юм.
Энд бас УИХ ч бас буруутай. 39 дүгээр тогтоолдоо хоорондоо зөрчилтэй хоёр загварыг ашигла гэсэн үүргийг Засгийн газарт өгсөн. Уг нь аль нэгийг нь өгөх ёстой байв. Түүнд нь Засгийн газар тохируулж ажиллах гэж оролдсон байж болох юм. Одоо монголчууд бид шатрын хүүний нүүдлээр биш харин бэрсний нүүдлээр сэтгэж Тавантолгойн хэлэлцээрээ явуулъя. Алийн болгон өчүүхэн сэтгэж том алдаатай гэрээ хэлэлцээр хийх вэ дээ. Боломжууд байгааг эдийн засагчид бид хэлээд байна.
Ингэмээр тэгмээр байна, NPV-гээ ингэж тооцъё, ийм наймаа хийе, та нар ийм ашиг хүртэнэ гэх мэт тодорхой зүйл хэлж хөрөнгө оруулагчдыг шахах ёстой. Гадныханд буруу өгөх ёсгүй. Улс төрч сайдууд маань мэдлэг чадвар дутаж байна гэдэг нь байгуулж буй гэрээ, түүнийгээ өмгөөлж буй үгнээс нь харагдаж байна. Эдийн засагч эрдэмтдээ хэлэлцээрт оруулаачээ. Тэд өргөн ч, гүн ч, хол ч харж сэтгэнэ. Бид хэлье л дээ. Хятад нөхөд минь, 30 жилийн дараа танай нүүрс дуусна, бид нүүрсээ Оросын төмөр замаар дамжуулж өөр орнууд авахаар удаан хугацааны гэрээ байгуулах гэж байна, хоосон хоцорвоо, эдийн засгаа том ангалд унагав аа, ард түмнээ хөлдөөвөл Та бүх ний эсрэг босоод ирнэ шүү, одоо харилцан ашигтай гэрээ байгуулчихъя гэх мэтчилэн бэрс мэт том харж дуугаръя л даа.
Ядахдаа саяхныг хүртэл Их Монгол Улсын нэг хэсэг байсан Өвөрмонголын нутгаараа, элэг нэгтнийхээ нутгаараа ачаа тээврийн хөнгөлөлттэй тарифаар явъя гээд хэлээд үзье. Ямар нүүрсний эх орон болсон Өвөрмонголоо бид буцааж авъя гэж буй биш дээ. Доктор П.Нэргүй тэргүүтэй эрдэмтэд Орос Хятад гэх мэт орноос алдсан газар нутгийг нь авч өг гэж НҮБ-д захидал бичсэн ч явдал бий. Эрдэмтэд саналаа хэлэхэд хэн ч хаана ч яах ч үгүй. Улс төрчид маань Далай ламыг хүртэл урихаас айж байдаг. Энэ мэт асуудлыг олон талаас нь тавибал Хятадын удирдлага ойлгож хандана даа. Бид л саналаа, үндэслэл, тооцоогоо сайн тавих ёстой.
Сайд нар маань “өгөөш үмхчихээд” дуугарч чадахгүй байгаа бол ҮАБЗ улс төрчдийг хэлэлцээр хийх ажлаас хасаж эрдэмтэдийг оруул гэсэн гээд сууж байвал болмоор санагдана. Хүн хэлэхээс нааш санадаггүй, цаас чичихээс нааш цоордоггүй гэдгийг санаж энэ нийтлэлийг бичлээ. Тавантолгойг яаж ашиглах вэ гэдэг талаар түүний эзэн болсон ард түмнийхээ, юуны өмнө дуугараад байгаа олон эрдэмтэдийнхээ саналыг сонсч, хамтарч ажиллаа ч гэж дахин хүсч байна, сайд нар аа.
Н.Дашзэвэг (Монгол дээд сургуулийн захирал, гавьяат эдийн засагч доктор)
2011/09/28
С.Ганбаатар: Оюутолгойн алдааг Тавантолгойд давтаж болохгүй
Монголын Үйлдвэрчний эвлэл болон Байгаль орчны төрийн бус байгууллага Хүний эрхийн комисс зэрэг байгууллагууд хамтран Өмнөговв аймгийн Тавантолгойн "Эрдэнэс МГЛ", "Энержи Ресурс", "Оюутолгой" зэрэг газруудад шалгалт хийсэн байна. Хүний эрхийн комисс цаашаа баруун аймаг, хил рүү шалгалтаа үргэлжлүүлэн явжээ. Харин МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар өчигдөр Улаанбаатарт ирсэн байна. Түүнээс шалгалтын талаар тодруулга авснаа хүргэе.-Сайн явж ирэв үү. Өмнөговьд цас орсон байна уу?
Сайн явж ирлээ. Намайг онгоцонд суухад цас ороогүй байсан шүү.
-Шалгалтын үр дүнг танилцуулаач?
Олон байгууллагууд явсан учир МҮЭ дүгнэж хэлэх эрх байхгүй. Гэхдээ манайх бол ажлын хэсэгт орж ажилласан учраас бид ажилчдын хөдөлмөр, аюулгүй байдлын талаарх шалгалтын талаарх мэдээллийг өгөх нь зүйтэй байх. Тэнд ер нь бол онцолж хэлэхэд Оюутолгойн хувьд ажилчдын хөдөлмөр, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байгаа нь ажиглагдсан. Гэхдээ нэг асуудал байгаа нь Монгол ажилчдын тоо юм. Бид Оюутолгойн удирдлагуудтай уулзаж ярилцсан. Дараа жилээс Монгол ажилчдыг 90 хувьд хүргэж, тэгээд удирдах болоод инженер техникийн томоохон ажлуудыг хийлгэх талаар ярьсан. Үүнээсээ тэр мэргэжилтнүүдийг Монголдоо бэлтгэхэд сургалтын талаар хамтарч ажиллах зэрэг дөрвөн зүйл дээр ойлголцолд хүрлээ.
-Харин Тавантолгойн асуудалд ямар санал бодолтой байна вэ?
Бид илүү хүчтэй тэмцэх ёстой гэдгийг хатуу ойлголоо. Өнөөдөр Тавантолгойн талаарх мэдээлэл сэтгүүлч та, МҮЭ тэргүүн надад хүртэл байхгүй байна. Яагаад ингэж нууц байдалд бүрхэг байгаа нь өөрөө асуудалтай. Бид Оюутолгой дээр алдсан шиг дахин алдаа гаргамааргүй байна. Оюутолгой хоёр компанийн мэдэлд байдаг бол одоо Тавантолгой гадны таван компаний мэдэлд орох гээд байгааг мэдэж байна. Ингэж болохгүй. Мэдээлэл, гэрээний талаарх үнэн бодит зүйл бидэнд хэрэгтэй. Хэрвээ ингэхгүй бол МҮЭ ямар ч гэсэн зүгээр суухгүй, бид тэмцэнэ гэдгийг хэлмээр байна.
Тавантолгойн хувьцааны ногдол ашгийн тооцоог гаргажээ
“Шинэ өөрчлөлт” Төрийн бус байгууллагаас өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийж, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны талаар өөрсдийн хийсэн тооцоо судалгаагаа сэтгүүлчдэд танилцууллаа. Монгол Улсын иргэн бүр тус компанийн 536 ширхэг хувьцааг эзэмших эрхийг Засгийн газар олгосон байгаа. Нүүрсний асар их нөөцөөрөө дэлхий нийтийн анхаарлын төвд орсон том ордын хувьцааг иргэд эзэмшсэнээр чамгүй хөрөнгийн эзэн боллоо хэмээн үзэж буй. Харин “Шинэ өөрчлөлт” төрийн бус байгууллага иргэдийг “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас их зүйлийг хүлээх хэрэггүй гэдгийг энэхүү мэдээллээр хүргэлээ. Учир нь иргэн бүрт тараасан хувьцааны ногдол ашиг жилд хоёр төгрөг 93 мөнгө байна гэдэг тооцоог тэд гаргасан байна. Үүнийг 536 ширхэг гээд бодохоор нийт 1575 төгрөг байх аж.“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрөгч долдугаар сараас борлуулалтаа албан ёсоор эхлүүлсэн. Тэгвэл “Шинэ өөрчлөлт” төрийн бус байгууллага хувьцааны ногдол ашгийн тооцоог гаргахдаа жилд нэг сая тонн нүүрс олборлон борлуулна хэмээн дээрх тооцоог гаргасан гэнэ. Одоогийн байдлаар нүүрсний үнэ 70 ам.доллар байгаа ба нэг сая тонн нүүрс 70 сая ам.долларын орлого оруулна. Ингээд нийтдээ нэг сая тонн нүүрс борлуулсныхаа 50 хувийг компанийн цэвэр ашиг гэж үзэж, ашгийнхаа 10 хувийг иргэн бүрт ногдол ашиг болгон тарааснаар дээрх тооцоо гарчээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр тус төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Даваадорж “Бид энэ мэдээллээрээ аль нэг нам хүчин, Засгийн газар, УИХ-ыг буруутгах гэсэнгүй. Энгийн аргаар тооцож үзэхэд ногдол ашгийн хэмжээг гаргаж, иргэдийг төөрөгдөх хэрэггүй гэдгийг мэдэгдэх гэсэн юм” гэлээ.
Нүүрсний арвин их нөөцөөрөө дэлхийд алдаршаад буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны нэрлэсэн үнийг одоогоор тогтоогүй байгаа. Ямар үнэтэй байхыг андеррайтер компани тооцож гаргах бөгөөд олон улсын сонгон шалгаруулалтаар тунаж үлдсэн дөрвөн банкны бүрэлдэхүүнтэй компани “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г хийхээр ажиллаж буй. Юутай ч ирэх оны эхээр Лондон, ХонгКонг болон Монголын хөрөнгийн бирж дээр энэ ажлыг зохион байгуулна гэсэн мэдээлэл тархаад байна.
С.Ганбаатар: Адилхан ажил хийж байгаа гадаад, Монгол хоёр хүний цалин нэг түвшинд хүрнэ

“Энержи Ресурс”-д Монгол ажилчдын нөхцөл сайн байсан бөгөөд ажилчдын эрх ашгийг хамгаалж ажиллах үйлдвэрчний эвлэлийг байгуулсан байна.
Оюутолгойн хувьд дөрвөн зүйл дээр удирдлагуудтай нь ойлголцолд хүрчээ. “Хөдөлмөр аюулгүй байдлын талаар Монгол улсын хувьд тэргүүний стандартыг хэрэгжүүлж байна” хэмээн ярьсан С.Ганбаатараас бид зарим зүйлийг тодрууллаа.
-Оюутолгойд хийсэн шалгалтын талаараа ярихгүй юу?
-2012 оны наймдугаар сард үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэнэ. Энэ үед ажилчдын 90 хувь нь Монголчууд байна гэж гэрээнд заасан. Энэ бол иргэний хөдөлгөөнүүд, сэтгүүлчдийн маш их хүчин чармайлтаар орсон заалт. Тиймээс энэ 90 хувийг баталгаажуулаач гэдэг асуудлыг бид өнгөрсөн гуравдугаар сараас хойш тавьсан. Олох доллараа цент центээр нь тооцдог мөртлөө Монгол ажилчдын цалинг яагаад тооцохгүй байгаа юм. Тэнд хэдэн хүн, хэдэн төгрөгний цалинтайгаар ажиллах ёстой юм гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.
Гэрээнд заасан 90 хувь гэдэг нь 4 юм уу, 4000 эсвэл 40 мянга юм уу. Ямар хөдөлмөрийн нөхцөлд, ямар ажлын байранд, ямар цалин хөлстэй, хэдий хугацаатай ажиллах юм. Хэрвээ гурав хоног ажиллуулж Монгол хүнийг өнөө 90 хувьдаа оруулчихаад л гаргаад байвал яахав. Тэд чинь их зальтай шүү. Биднээс ямар диплом шаардах юм тухайн үед гэх мэтээр нарийн төлөвлөгөө гаргаж, гарын үсэг зурах хэрэгтэй. Ирэх долоо хоногт энэ асуудлыг эцэслэн шийдье гэдэг тохироонд хүрлээ.
-Засгийн газрын зүгээс ямар оролцоотой байх вэ?
-Засгийн газар гэрээ хийсэн учир өөрсдөө уг нь энэ асуудлыг шахах ёстой. Гэхдээ Засгийн газар маань тайван байна, тэдэнд дэндүү итгээд байна. Бид хашир байх ёстой. Ингэж төлөвлөгөөгүй явж байгаад наймдугаар сар хүрчих юм бол хэдэн Монгол хүн авч “архи уугаад, хулгай хийгээд байна” гэж шалтаглаж байгаад л оронд нь хятад, гадаад ажилчид аваад ажиллуулчихаж магадгүй юм. Тийм боломжийг бид олгохгүй. Монгол хүмүүст хөрөнгө оруулалт хийх ёстой. Монгол хүнийг ядаргаа, “проблем” гэдэг нүдээр харахаа зогсоож, боломж гэдэг нүдээр харах хэрэгтэй.
-Барилгын явцад 60 хувь нь Монгол ажилчид байх ёстой гэсэн гэрээний заалттай. Одоогийн байдлаар энэ заалт амьдрал дээр биеллээ олж байна уу?
-Толгой компанидаа энэ биеллээ олж байна. Хятадын 7000 ажилтан оруулж ирсэнтэйгээ тэнцүүлээд Монгол ажилчдыг оруулсан байна. Энэ хууль зөрчигдөж байгаа газар нь дандаа туслан гүйцэтгэх компаниуд дээр байна. Туслан гүйцэтгэх компаниудын эзэд дунд Монгол хүн ч байна, хятад хүн ч байна. Тэдний зүгээс Монгол охидын, Монгол ажилчдын эрх ашгийг дэндүү зөрчдөг юм байна. Тиймээс энэ асуудлыг бас ярьлаа.
Ингээд Оюутолгойгоос энэ тал дээр анхаарч ажиллах, цаашлаад болохгүй бол тухайн хууль зөрчөөд байгаа компаниудтай гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авч, хариуцлагатай ажиллаач ээ гэдэг саналыг тавьсан. Тэдний зүгээс хүлээн зөвшөөрсөн. Ганцхан тэнд ажиллаж байгаа Монгол хүмүүс Та бүхний хүний болон хөдөлмөрийн эрх ашиг зөрчигдөх л юм бол гомдлоо Оюутолгойн “толгой” компанийн хүний нөөцийн албанд шууд мэдээлээрэй.
-Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 дугаар конвенц гэж байдаг. Энэ талаар?
-Монгол хүн, гадаад хүн хоёр адилхан ажил хийж байгаа тохиолдолд цалин нь адил тэгш байна гэж заасан байдаг. Одоогоор энэ зөрчигдөж байгаа. Цаашид энэ конвенцийг бид ажил болгох тал дээр тохирсон.
-Одоо байгаа цалингийн зөрүүг дурьдаач гэвэл?
-Гадаад хүний дундаж цалин 140 сая төгрөг, Монгол хүнийх 14 сая төгрөг байгаа. Хамгийн өндөр нь гэвэл гадаадын нэг захирал сард 64 сая төгрөг авдаг. Гэхдээ энэ бол тэдний дотоод асуудал. Бидний зүгээс ижилхэн экскаватор барьж байгаа гадаад, Монгол хоёр хүн ижил хэмжээний цалин авах ёстой гэдэг шаардлагыг л тавьсан. Ойрын хугацаанд энэ асуудал шийдэгдэнэ.
-Тавантолгойн талаар?
-Тавантолгойн асуудалд Монголын Засгийн газар Оюутолгойтой хийсэн гэрээнээсээ сургамж авч ажиллах ёстой. Бид илүү хүчтэй тэмцэх ёстой юм байна гэдгийг ойлголоо. Өнөөдөр Оюутолгой гадаадын хоёр компанийн 100 хувийн хяналтанд байгаа. Тавантолгой гадаадын гурав, япон, солонгос ороод таван компанийн 100 хувийн хяналтанд орох гэж байна. Энэ бүр аюултай. Хоорондоо ямар ч ойлголцол байхгүй таван өөр аргачлалтай оронд өгөх юм бол энэ таван улсын муудалцаан, үйл ойлголцлын зодоон Монголын Тавантолгойн талбар дээр болох юм уу.
Энэ тавыг хэн нь удирдах юм, хэн нь яг юу хийх юм гэдгийг Монголын засгийн газар ард түмэнтэйгээ ил тод ярилцахгүй байна. Энд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргах ёстой. Тавантолгойн асуудлыг ил тод хэлэлцэхгүй бол нийт орон даяар ажил хаялт хийхээс аргагүй болно гэдгийг энэ дашрамд хэлье.
-Энержи Ресурс өөрийн цахилгаан станцтай болчихлоо. Гэтэл Оюутолгой бараг өрхийн хэрэглээний зөвшөөрөлтэйгээр хил хүртэл цахилгааны нүх ухуулаад байгаа сурагтай. Энэ талаар та юм дуулав уу?
-Энэ их чухал асуудал шүү. Анх гэрээ байгуулахад оролцож сайн, муугаараа дуудуулж явсны хувьд энэ талаар маш сайн мэдэж байна. Тухайн үед “зөвхөн үйлдвэр барих үед хятадаас цахилгаа авъя” гэсэн. Харин бидний зүгээс “Тийм юм байхгүй. Эхлээд цахилгаан станцаа барь” гэдэг шаардлагыг тавьж “Говьсүмбэр, Шивээ-Овоо, Улаанбаатарын ойролцоо ч юмуу том цахилгаан станц бариад нийслэлд нийлүүл, тэгээд шөнийн алдагдалтай тогоо үйлдвэрлэлийн процесстоо ашигла” гэсэн хөтөлбөрийг хүртэл санал болгож байсан.
Энэ үед Засгийн газар, манай улстөрчид дэндүү хариуцлагагүй загнаж, “Хятадаас цахилгаан авах нь зөв” гэж ярьсан. Ийм л тэнэг зүйл болсон. Гэтэл Хятадаас цахилгаан авах гээд очтол БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур сумынхан манай улстөрчдөөс агуу шаардлага тавьсан. Тэд “Цахилгаан авч болно. Гэхдээ 70 хувийн хөрөнгө оруулалтыг нь та нар хийгээд манай нутаг дэвсгэрт зэсийн боловсруулах үйлдвэр барь” гэдэг шаардлагыг тавьсан.
Манай улс төрчид ийм л байх ёстой. Тэгэхэд Монгол дотроо зэсийн боловсруулах үйлдвэр барь гээд хэлчихэж чадахгүй нүдээ бүлтэлзүүлээд байдаг. Харин Оюутолгойн зүгээс зөвшөөрөх боломжгүй гэхэд “тэгвэл цахилгаан станцаа барь, бидэнд хувь өг” гэсэн шаардлагыг тавьсан байгаа юм. Энэ бол улс төр. Тиймээс манай улсын зарим улстөрчид тэр Баяннуур сумынхантай очиж уулзаж, суралц гэж хэлмээр байна.
Одоо Оюутолгойд 20 мегаваттын дизель цахилгаан станц ажиллаж байгаа. Дахиад 20 мегаваттыг барих гэж байна. 20 мегаватт гэдэг бол таван аймгийг хангах цахилгаан станц шүү дээ.
-Оюутолгойн кэмптэй зэрэгцээд Өмнөговь аймагт уурхай бүхэн кэмптэй байна. Гэтэл зарим хүн ингэж байхаар тэнд уурхай дагасан том хот байгуулвал ямар вэ гэдэг саналыг тавиад байгаа. Таны хувьд?
-Би дандаа Оюутолгойг шүүмжлээд байдаг хүн биш. Сайн юм байвал хэлэх ёстой. Оюутолгой гэр кэмп барьж байгаа нь харин байж болох зүйл. Яагаад гэвэл уурхай дагасан хот үнэхээр хэцүү байдалд ордог. Налайхыг хар. Өнөөдөр хүмүүс нүхэнд дарагдаж үхэж байна. Эрдэнэт өнөөдөр уурхайтай сайхан байгаа байж болох ч үүний дараа яах вэ гэдэг төлөвлөгөөг өнөөдөр бид ярьж байх ёстой. Уурхай дагаад хаягдсан хотуудад маш олон хүн хүнд байдалд ордог. Гэхдээ Оюутолгойн хувьд ганц Ханбогд гэлгүйгээр тойроод байршдаг сумдад анхаарал хандуулаасай гэж л хэлмээр байгаа юм.
2011/09/26
“Эрдэнэс Тавантолгой” нууцлаг байгаа нь эрсдэл
“Монроуд” компанийн ерөнхий захирал Б.Гарамгайбаатартай ярилцлаа. Тэрбээр “Монголчууд чадна” гэсэн уриатайгаар Тавантолгойн тендерт оролцсон боловч ялагдсан билээ. Тавантолгой төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Засгийн газрын Ажлын хэсэгт буцаагаад байгаа энэ үед Б.Гарамгайбаатар захирлын байр суурийг сонссон юм.-Таныг “Монроуд”-ын Гарамгайбаатар гэж мэдэхээс Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга гэдгийг төдийлөн мэддэггүй байх. Улс төрд хэзээнээс оров?
-Алт эрт ш дээ. Ардчилал бий болсон 1990- ээд оноос л Ардчилсан холбоо, Ардчилсан намын гишүүн болж, үйл ажиллагаанд нь тогтмол оролцсоор ирсэн. ШДХ-ны анхны гишүүдийн нэг гэж байгаа. МҮДН- ын ч анхны гишүүдийн нэг. Намууд нэгдснээс хойш Ардчилсан намын гишүүнчлэлтэй болсон. Ер нь бол намынхаа “арын албанд” зүтгэсээр ирсэн хүмүүсийн нэг л дээ.
-Хэнтий хэр их улс төрждөг аймаг вэ?
-Улс төрждөг гэдэг нь талцдаг гэж ойлговол огт улс төрждөггүй аймаг шүү. Манай Хэнтийчүүд харин үзэл бодлоо их чөлөөтэй илэрхийлдэг. Хэнтийчүүд хамтарсан Засгийн Газарт анхнаасаа л тааламжгүй байж, хариуцлага хүлээх хүнгүй болно, амлалт сарнина гэдэг шүүмжлэл гаргаж байсан. Манай намын гишүүд ҮЗХ-ндоо өргөх бичиг хүртэл өгч байсан. Тэр үед зөвхөн Хэнтийчүүд л хамтарч засаг барих асуудлыг шүүмжилж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Одоо бол бараг бүх аймагт л энэ талаар шүүмжлэл өрнөж байх шив. Аймгийн намын даргын хувьд гишүүдийнхээ үзэл бодлыг хүндэтгэж санаа бодлыг нь намын удирдах төвшинд уламжилж байсан. Хамтарсан Засгийн Газрын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх нь одоогоор эрт байна. Он гараад бол ч. . .
-Та сая Ардчилсан намын Монгол хүн 2020 аянаар Хэнтий аймагт ажиллаад ирсэн. Гишүүд намын үйл ажиллагааг юу гэж дүгнэж байна? Та тэр цуглаан дээрээс юуг хамгийн түрүүн юу олж харсан бэ?
-2020 хөтөлбөрийн хүрээнд манай нам нэлээд их арга хэмжээ зохиож ажиллаа. Хамгийн тод анзаарагдсан зүйл бол Таван толгой төслийн талаар иргэд мэдээлэл, ойлголт авахыг маш их хүсэж байгаа байдал. Мөн Ерөнхийлөгчийн архидалтын эсрэг санаачлага их дэмжлэг авч байна. Энэ чиглэлээр Хэнтийд онцгой анхаарч ажиллах шаардлага байгааг мэдэрлээ, за гуравдугаарт ажилгүйдэл! Хэнтий аймаг дэд бүтэцийн хувьд харьцангуй сайн атлаа ажилгүйдэл ихтэй байна. Ажилгүйдлээ дагасан сөрөг үзэгдлүүд, орлогын хомсдол, гэмт хэрэг, архидалт санаа зовоож байна. Өөрийн гэсэн орлоготой, жижиг бизнесээ болох эрмэлзэл бий болж, эрэлт үүссэн байгаа нь хамгийн их таалагдсан. Энэ бол их чухал зүйл шүү.
-ҮАБЗ-өөс “Таван толгой” төслийг ашиглах одоогийн хувилбарыг хүлээн авах боломжгүй гэж үзэж буцаасан. Ерөнхийлөгч ч хориг тавьсан байгаа. Энэ тал дээр таны байр суурийг сонирхое.
-ҮАБЗ-ийн шийдвэрийг би хувь хүнийхээ хувьд дэмжиж хүлээж авсан. Таван толгойн орд газар бол олон арван жил монгол улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах ёстой, цаашлаад хойч ирээдүйн маань амьдралд ихээхэн хамаатай орд учраас яаруу дааруу хандаж болохгүй. Оюу толгой шиг байдлаар тохиролцчихвол үргэлжилсэн заваан юм болно. Монголчууд ахиад л хохирно. Миний үзэж байгаагаар уг төсөл дээр ойлгомжгүй, засаж залруулах, нягтлах маш олон асуудал бий. Иргэдэд ногдох хувь хэмжээ, ногдол ашгаа хэрхэн яаж олж авах, хэр батлагаатай байх. Хувьцааг хэн, хаана арилжих үй олон асуулт дагуулсан хирнээ ямар ч хариулт байхгүй, битүү, хатуу байдлаар явагдаад байгаа нь осолтой.
-Тавантолгойг тойрсон асуудал байнга л хэл ам дагуулдаг. Таны бодлоор яг юу нь болохгүй байна, явал дээрдэх вэ?
-Би одоогоор хэвлэлээр гарч байгаа мэдээлэлд үндэслэж л дүгнэлтээ хийж байна. Таван толгойн орд газрыг ашиглах асуудалтай холбогдуулан УИХ-аас гаргасан тогтоол илтэд зөрчигдсөн. Ашигт малтмалын хуулийн зүйл заалттай ч харшлахаар үйлдэл гаргаад байна уу гэж ойлгогдохоор байгаа. Хамгийн гол нь энэ асар том ордыг ашиглах шийдэл нь буруу байна. Засгийн Газрын ажлын хэсэг тус ордыг баруун, зүүн хоёр хэсэгт хуваасан нь УИХ- ын тогтоолыг зөрчсөн. Зүүн хэсгийг стратегийн хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллахаар тогтсон гэх нь эргэлзээ дагуулсаар байгаа юм. Хуулиараа бол хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компанийн бүх үйл ажиллагаа, гэрээ хэлцэл, тайлан тэнцэл, зарлага орлого олон нийтэд ил тод байх ёстой. Энэ ард түмэн чинь тэр ордыг эзэмшигчид нь шүү дээ. Гэтэл хөрөнгө оруулагчидтай байгуулах гэрээний заалт бүрхэг, шийдвэрүүд бүгд нууцлагдмал байгаа нь аюул дагуулж мэдэхээр юм. Иргэдэд 10 хувь, аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь борлуулах 10 хувь (энэ хувь тодорхойгүй болсон), гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр борлогдох 29, нийтдээ 49 хувь нь хуваарилагдсан гээд л байгаа. Үлдэх 51 хувийг стратегийн хөрөнгө оруулагч нарт хуваарилах юм ярьсан. Эндээс Таван толгойн 51 хувь нь монголчуудад, нийт иргэдэд олгогдохгүй, иргэдэд олгогдох битгий хэл Монгол улсын мэдэлд байх эсэх нь эргэлзээтэй болчихсон юм билээ.
Уг нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК стратегийн хөрөнгө оруулагчидтай гэрээ, хэлцэл байгуулахдаа хоёр янзаар байгуулж болох хувилбар бий. Нэгдүгээрт, зөвхөн олборлогчийг сонгон шалгаруулах, хоёрдугаарт олборлох болон борлуулах эрхийг нь стратегийн хөрөнгө оруулагч нарт олгоод, түүнээс татварын ашиг, роялтын татвараас гадна борлуулсан ашгаас хувь хүртэх гэрээ байгуулж болохоор байгаа. Гэтэл ТӨХ-ний дарга Д.Сугарын сонинд өгсөн ярилцлагаас үзэхэд стратегийн хөрөнгө оруулагч нарт өгсөн 51 хувийн борлуулалтаас монгол улс ашиг хүртэх хувилбар огт харагдаагүй. Энэ нь нийт иргэдэд оногдох хувьцааны хувь хэмжээнд нөлөөлөөд байх шиг санагдаж байгаа юм. Мөн “Эрдэнэс Тавантолгой” н өөрийнх нь ашиглах 49 хувь нь яаж зах зээл дээр арилжаалагдах, нэрлэсэн үнэ хэд байх гэх мэт бусад бүх асуудал нь ил тод биш, нэг л нууцлаг байгаад байна. Нэрлэсэн үнэ хэд байхаас иргэдийн гар дээр ирэх 536 хувьцааны анхны хэмжээ, үнэлгээ тодорхой болох учиртай. Хэрвээ тэр үнэ 10 төгрөг байх юм бол яах юм?
-“Таван толгой” төслийн ажлын хэсгийн ахлагч нь танай намын дарга байх аа?.
-Саяхан Ардчилсан намын аймгийн дарга нарын цугларалт болж бид асуудлаа ярилцлсан. Энэ үеэр намын дарга Н.Алтанхуягаас асуусан л даа. ҮАБЗ хэлэлцээд, засч залруулах олон асуудал байгаа юм байна гэж үзээд, Ерөнхийлөгч өөрийн биеэр хориг тавиад олон нийтэд зарлачихлаа, ажлын хэсгийн ахлагчийн хувьд юу гэж үзэж байгааг асуусан. Тэгэхэд Н.Алтанхуяг дарга алдаатай асуудлууд байгааг зөвшөөрч, засахаар ажиллаж байгаа гэж байна лээ. Таван толгойг ашиглах гэрээг бүр зогсоочхож болохгүй. Хийх ёстой. Монголын ард түмэн хохироод үлдэхгүй байх хувилбараар л хийгдэх ёстой
-“Монголын авто замын нэгдэл” Таван толгойн тендерт оролцохоо мэдэгдэж байсан. Юу болсон бэ?
-Стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах тендерт 15 компани оролцсон гэдгийг иргэд мэдэж байгаа байх. Тэдний дунд Монголын авто замын нэгдэл консерциум байсан. Бид тендерт шалгараагүй ч гэсэн ийм том бүтээн байгуулалтын ажилд Монголчууд орж ажиллаж чадна, тийм боломж, чадвар, нөөц байгааг мэдрүүлсэн гэж бодож байна.
-Иргэд энэ талаар мэдээлэлгүй байгаа, мэдээлэл авах боломж ч хомс байх шиг байна. Ер нь уул уурхайн баялагийг эргэлтэнд оруулахад мэдээлэл хомс, нууцлаг байх нь маш том аюул дагуулдаг л даа. Энэ тал дээр танай нам, таны зүгээс тодорхой зүйл хийх төлөвлөгөө бий юу?
-Иргэдэд “хувьцаагаа аваад л мөнгөтэй болчихно” гэсэн түгээмэл төөрөгдөл их байна. Хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэггүй байх үед тараагдсан цэнхэр, ягаан тасалбарын гажуудал өнөөг хэр нь залруулагдаагүй. Тухайн үед хувьцаагаар ашиг олох талаар тоймтой мэдээлэлтэй хүн тун цөөхөн байсан. Тэгээд цөөн хэсэг нь ашиг олоод олонхи нь юу ч үгүй хоцорсон. Таван толгойн хувьцааны хувьд хувьцаа эзэмшигч ганц нэг хүн юу ч болохгүй. Гэр бүлээрээ, ах дүүгээрээ, хамт олноороо нутаг нугаараа нийлж, сан байгуулах, төвлөрөл, хуримтлал үүсгэж байж, хөрөнгийн зах зээл дээр арилжаа хийх зарчмаар явбал илүү үр дүнтэй байх болов уу. Энэ тал дээр төрийн зүгээс системтэй сургалт явуулах ойлголт дээшлүүлэх ажил хийх ёстой. Таван толгойн хөрөнгийн бирж дээр арилжаалагдах 29 хувийг гадаадынхан хамаад авчих эрсдэл харагдаад байна. Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгжид худалдана гэсэн мэдээлэл сониноос олж харсан. Тэгэхээр монголд бүртгэлтэй гадаадын маш олон компани байгаа ш дээ. Тиймээс л нягтлах, эргэж харах асуудал их байна гэж яриад байгаа маань энэ. Хэдийгээр би энэ асуудлыг хариуцсан хүн биш ч гэсэн иргэн хүнийхээ хувьд бодож санаж яваагаа хэлэх нь зүй ёсны хэрэг гэж бодож байна.
-Ордын тодорхой хэсгийг арилжаалахад үйл ажиллагаа явуулах үндсэн зардал бүрэн босно гээд байгаа нь хэр бодитой вэ.
-“Таван толгой” бол дэндүү том орд. Дэлхийд эхний гуравт л гэж ярина. Ашиглахад мэдээж их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана. Миний бодлоор бусад бүх асуудлыг түр хойш тавиад эхлээд дэд бүтцийн асуудлыг шийдэх ёстой. Хариуцлагатай уул уурхай гээд байгаа чинь ердөө л энэ ш дээ. Замаа тавиад, цахилгаан шугам сүлжээ, ажилчдын байх орон сууцыг шийдвэрлэчихээд ухаж эхлэх ёстой. Шууд л ухаад зөөгөөд унахаар байгаль орчин яаж сүйдэж байгааг бүгд харж байна. Хөшөөтийн уурхайг ашиглах гэж байгаа тал эхлээд замаа тавьж байна. Энэ бол зөв жишиг. Би зориуд тодотгож хэлмээр байна. Нэн тэргүүнд яавал байгальд хор хохиролгүй байх вэ гэдгийг л бодолцох ёстой. Дахин нөхөгдөшгүй зүйлдээ хайр гамтай хандахгүй бол хичнээн алт, нүүрс байгаад орлож чадахгүй шүү дээ.
-Ардчилсан намын гишүүдийн дунд нөлөө бүхий бизнес эрхлэгчид олон байдаг. Нийтлэг жишиг гэж хэлж болохоор болсон нэг зүйл бол намын үйл ажиллагааг дэмжсэний хариуд албан тушаал горилох, янз бүрийн байдлаар наймаалцах явдал их байдаг л даа. Таныг замын салбарын томоохон компани удирддагийн хувьд энэ асуултыг тавьж байна.
-Ардчилал бий болох үед би оюутан байсан. Намаас албан тушаал горилоод, наймаалцаад байсан явдал надад байхгүй. 1996 онд АХЭ-ийн засгийн газрын сүүлийн жилд нь Авто замын газрын орлогч даргаар томилогдож ажилласан. Удалгүй 2000 онд МАХН- төр барьж намын харъяаллаар хоморголон халах үед хувийн салбарт эргэж орсон. Тэр үеэс хойш замын бизнес эрхлэж байна. Зам бол хүнд салбар. Хамгийн их өртөг зардалтай салбар гэдгээрээ хэл ам гарах асуудал ч их байдаг л даа.
-Анод банкаас их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл гарч байсан. Анод банкийг санхүүгийн хүндрэлд оруулсан буруутны нэг гэж байсан. . .
-Хэвлэлээр ташаа мэдээлэл их цацагдах юм. Нягталж, тодруулаагүй, ажлаа хялбарчилсан сурвалжлагчийн алдаанаас бусдад буруу ойлголт түгэх явдал гарсаар байгаа нь харамсалтай. Товчхондоо бол манай комдани банкнаас зээл авч, улсын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн нь үнэн. Зах зээлийн нийгмийн ердийн л механизм. Зах тэгээд зээл гэж байгаа биз. Эрүүл санхүүгийн орчинд зээл бол байх л ёстой зүйл. Яагаад энэ асуудлыг буруутгаж ярьдаг гэхээр Монгол улс дэд бүтцийн салбараа хөгжүүлэх үүднээс эргэн төлөгдөх нөхцлөөр хэд хэдэн тендер зарласан. Эргэн төлөгдөх нөхцөл гэдэг бол компани бүх эрсдлээ даагаад, мөнгөө олно, ажлаа хийнэ. Тодорхой хугацааны дараа улсаас мөнгөө эргүүлэн авна. Ийм л гэрээ шүү дээ. Хоёр том гэрээг бид хэрэгжүүлсэн. Ажилд шаардлагатай санхүүгийн эх үүсвэр олохын тулд арилжааны банкуудтай гэрээ хийсэн. Яг тэр үед Анод банкны асуудал гарч, намайг Анод банкны ТУЗ-ын гишүүн мэтээр ташаа мэдээлэл цацагдаж эхлэсэн. Би бол олон зээлдэгчийн л нэг. Улсын бүтээн байгуулалтын ажил учраас төлбөр мөнгө нь графикаар хийгддэг. Улсын мөнгө орж ирэхэд Анодын зээл төлөгдчихсөн. Гэтэл сонинууд шуугиулж хаячихаад, төлсөн тухай нь мэдээлдэггүй ээ. Бид одоо Анод банктай ямар ч тооцоо байхгүй. Гарч байгаа мэдээллийг харж байхад шар сонинд гарсан анхны мэдээллийг бага зэрэг өөрчлөөд л тавиад байдаг юм байна лээ.
Мандал боомтоор нүүрс гаргаж эхэллээ
ӨМӨЗО-ы Бугат хотын Мандал боомтоор Тавантолгойн коксжих нүүрсийг импортолж эхэлсэн тухай урд хөршийн “Синхуа” агентлаг мэдээлжээ. Тус боомтоор нүүрс гаргасан эхний өдөр 15 хүнд даацын машинаар нийт 797 тонн нүүрс импортолсон байна. “Мандал” боомтод байрлах Бугат хотын “Фуван” уул уурхайн компани хөрөнгө оруулалт хийн боомтод нүүрс тээвэрлэх зориулалтын зам, буулгах талбай, гааль, мэргэжлийн хяналтын объектыг цогцоор нь байгуулжээ. Тус улсын албаны хүмүүс оны эцэс гэхэд энэ боомтоор 10 мянга гаруй тонн нүүрс импортолох тооцоо гаргасан байна. “Монгол Улсаас экспортлох нүүрсийг тус боомт дээр хүлээн авснаар ард иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, амьжиргааг сайжруулахад өндөр ач холбогдолтой бөгөөд цаашид боомтын үйл ажиллагааг тогтмолжуулж, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” Синхуа агенлагийн мэдээлэлд дурьджээ.
2011/09/23
Үйлдвэрчний эвлэл Тавантолгойн гэрээнд санал өгнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж Засгийн газраас Тавантолгойн ордыг ашиглах гэрээг ил тод явуулахыг шаардлаа.Холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар Тавантолгойн ордын Цанхийн баруун хэсэгт Хятадын “Шинхуа” групп 40 хувь, Орос-Монголын консорциум 36 хувь, АНУ-ын “Пийбоди энержи” компани 24 хувийн оролцоотой эзэмшүүлэх тухай мэдээлэл ил тод бус байгааг шүүмжилсэн. Мөн хөдөлмөр эрхлэгч иргэдийн төлөөллийн байгууллага болон эрдэмтэн шинжээчдийн санал дүгнэлтийг тусгахгүй байгаа талаар шүүмжилсэн.
Уг нь Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийн 1.3-т “Монгол Улсын хэмжээнд иргэдийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалал, амжиргааг дээшлүүлэхтэй холбоотой Тавантолгойн хөтөлбөр, төслийг боловсруулж хэрэгжүүлэхдээ Үйлдвэрчний эвлэлийн болон ажил олгогч эздийн байгууллагын оролцоог хангаж ажиллана” гэсэн заалттай байдаг юм байна. Тиймээс энэ заалтыг хэрэгжүүлэн дээрх дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн гэрээг байгуулах явцад Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг оролцуулахыг ийнхүү шаардлаа.
Засгийн газар дээрх заалтыг биелүүлээгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугнаар зүйлийн 115.1, 115,2-т заасны дагуу Үйлдвэрчний эвлэл Хамтын маргаан үүсгэж байгаагаа энэ үеэр дуулгасан. Түүнчлэн “Оюутолгой”-н гэрээг байгуулахад хэн зөвлөхөөр ажиллаж, одоогийн Тавантолгойн гэрээний төсөл дээр хэн хэн зөвлөхөөр ажиллаж байгааг ил тод болгохыг хүссэн. Учир нь “Муур багш”-ийн үлгэр шиг буруу хүнээс зөвлөгөө авсан байх вий гэж үйлдвэрчний эвлэлийнхэн болгоомжилж байгаа ажээ.
Юутай ч тэд өөрсдөө 23 зүйл заалт бүхий гэрээний санал боловсруулсан байгаа гэнэ. Үүнд ажлын байрны тоо болон монгол ажилчдын цалин хөлсний хэмжээг тусгасан байхыг оруулсан байна. энэ тухай тусгайлсан заалт оруулах болсон нь учиртай аж. “Оюутолгой”-н монгол ажилчдын жилийн цалин 13 сая төгрөг байхад гадаад ажилчдынх 145 төгрөг байдаг гэнэ. Мөн “Бороо гоулд”, Эрдэнэт үйлдвэрийн монгол, гадаад ажилчдын цалин маш хол зөрүүтэй байдаг учраас энэ зөрүүг Тавантолгой төсөл дээр давтахгүй байх үүднээс ийм заалтыг оруулахыг тэд хүсчээ. Мөн Тавантолгойн гэрээний төсөлд хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулах эрх олгохоос биш хувь эзэмших эрх олгохгүй байх саналыг тэд мөн гаргажээ.
Subscribe to:
Posts (Atom)
