2012/01/17

Тавантолгойн IPO гацахын учир

УИХ дахь Тавантолгойн ажлын хэсгийнхэн Төрийн ордонд хуралдах товтой өдөртэй уралдаад гадаадын хэвлэлүүдэд Тавантолгойн хувьцааг Хонконгийн биржид гаргахаа хойшлуулав гэсэн утгатай мэдээллүүд гарч ирлээ. Тухайлбал, “Ройтерс” Хонконгийн биржид гурван тэрбум ам.долларын хувьцаа гаргах гэж байснаа зогсоож, хувьцааг зөвхөн Улаанбаатар болон Лондонд гаргахаар болжээ гэсэн байна. Сайн мэдээ ховорхон байгаа энэ өдрүүдийн бас нэг бараан мэдээ. Тэртээ тэргүй хамтарсан засгийн үед л шийдэгдчих байх гэсэн горьдлоготой байсан Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулан том далайцтай хөдөлж эхэлнэ гэсэн горьдлого Засгийн газрын хагаралтай зэрэгцэн унтарч эхлээд байгаа энэ үед ийм мэдээ бүр ч эмзэг тусах нь тодорхой. Тэр ч ёсоор өнөөдөр Дорж, Дулмаа, Дондог бид дөрөвт “За нөгөө хувьцааг нь гадаадынханд гаргаж зарж чадахаа өнгөрч дээ...” гэсэн айдас төрж эхлэв. Албаны хүмүүс Хонконгийн ч, Лондонгийн ч биржид хувьцаа гаргах найдварын хурц тод өнгө бүдгэрч магадгүй гэдгийг үгүйсгэхгүй байна. 

Яагаад Хонгонкийн биржид энэ дөрөвдүгээр сард гаргана гэж байсан IPO хойшлов?

Энэ нь нөгөө л болчимгүй улстөрчдөөс буюу ард түмэндээ сая төгрөгний хувьцаа олгоно гэсэн баярт мэдээ уламжлах үндэс суурь болсон өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр УИХ-аас гаргасан 57 дугаар тогтоол гээчээс үүдэлтэй аж. Энэхүү тогтоолд иргэд Тавантолгойн хувьцаагаа Засгийн газартаа нэг сая төгрөгөөр эргүүлээд зарж болно гэж тодотгохдоо “нэрлэсэн үнэ” хэмээх санхүүгийн зах зээлийн айхавтар утга бүхий нэр томьёогоор илэрхийлсэн. Үүнийг нь олон улсын биржүүд тухайлбал, хамгийн түрүүнд IPO хийнэ гээд байсан Хонконгийн биржийнхэн нэрлэсэн үнийг тогтоосон хэрэг гэж үзэж таатай бус хандаж байгаагаа илэрхийлсэн. Бүр зах зээлд баймгүй өндөр үнэ ч гэж эргэлзмээр. Цаашилбал, хувьцаагаа хөрөнгийн зах зээлд гаргахаас тодорхой хувьцааны өмнө хувьцаатай холбоотой ямарваа нэг “хөдөлгөөн” хийж болохгүй гэсэн биржүүдийн нөхцөлийг зөрчсөн хэрэг болж байгаа. Тухайлбал, Хонконгийн бирж гэхэд энэ хугацааг зургаан сар гэж тогтоосон байдаг аж. Ингээд сонгогчдод “коко” үнэлгээ авах гэсэн эрх баригчдын тогтоол Тавантолгойн IPO-г гаргах бэлтгэлийг хангагсдыг түгшээгээд байгаа аж. Албаны хүний хэлснээр бол дээр өгүүлсэн нэрлэсэн үнэ гэсэн томьёоллыг хэлцлийн үнэ гээд өөрчилчихвөл асуудал бас арай өөрөөр эргэх юм гэнэ лээ. Манай улстөрчид ч гэж улстөрчид заавал нэрлэсэн үнэ гэж тогтоогоод чадан ядан урагшилж байгаа ажлыг чөдөрлөж л байдаг. Магадгүй тэдний ихэнх нь энэ хоёр үгний ялгааг бас сайн мэддэггүй ч биз. Мэдэхгүй мөртлөө мэдэмхий улстөрчдийн нэг гай энэ. Гэхдээ орондоо ч гэртээ ч хууль засч чаддаг манай парламентчид гялс нэмэлт өөрчлөлт хийгээд засчих биз гэж найдацгаая. Тэгвэл бас ч гэж тэдний өөрсдийнх нь хүсээд байгаачлан /мэдээж хэрэг хувьцаатай болсон жирийн иргэдийн ч бас хүсэл мөн л дөө/ сонгуулийн өмнө, тодруулбал ирэх тавдугаар сард Хонгонкийн биржид хувьцаа гаргах “мөр” тэгширч магадгүй гэж байгаа юм. 

Харин дараагийн асуудал нь Лондонгийн бирж дээр хувьцаа гаргах. Энэ талаар ч бас эргэлзээтэй гэмээр мэдээлэл гараад байгаа. Монголчуудын “нөр их хөдөлмөр” Лондонгийн биржийн шаардлагыг хангахгүй байгаа юм гэнэ ээ гэж.  

Олон улсын ном жишгээр бол Монголд ч юм уу Мозамбикид ч юм уу бүртгэлтэй компанийн хувьцааг шууд л FTSE-д гаргах боломжгүй. Тухайлбал, Лондонгийн биржид Тавантолгойн IPO-г гаргахын тулд Их Британид бүртгэлтэй толгой компани байгуулж, тухайн компанийн хувьцааг арилжаанд гаргах ёстой. Гэтэл манай эрх баригчдын яаруу мэдэгдэл хийгээд цаг хугацааны хүчин зүйл, тухайн биржийн шаардлага нөхцөлийн улмаас чингэх боломжгүй болоод байгаа аж. Мэдээж олон улсын зах зээлд хувьцаа гаргана гэдэг монгол морины наймаачид ханцуй дотроо битүүлээд л тохирчихдог шиг бүдүүн хадуун юм гэж юу байх вэ. Нарийн шаардлага нөхцөл, дүрэм журамтай эд байж таараа. 

Гэхдээ Тавантолгойн хувьцааг гаргах бэлтгэл ажлыг хангагсад бас нэг арга зам байгаа гэж албан хүмүүс тайлбарлаж байна. Энэ нь “Global depository receipt” /GDR/ буюу олон улсын хадгаламжийн сертификат ашиглан хөрөнгө босгох арга. Энэ нь хоёр үе шаттайгаар буюу Монголд тухайлбал Монголын хөрөнгийн биржид арилжаалах хувьцааг багцлан хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан олон улсын зах зээлд гаргах юм байна. 

Олонх маань санхүүгийн зах зээлийн талаар төдийлөн нарийн ойлголтгүй байгаа бидний хувьд бас нэг банкаар дамжуулаад, юм хум барьцаалсан, бүтэл муутай дам дамаа ажил болох нь гэж айх, эсвэл амь амьдралын маань баталгаа болох мэт найдвар төрүүлээд байгаа Тавантолгойн хувьцаа маань олон улсын тавцанд гарч үнэ хүрч чадахгүй нь гэж бодол төрж болохоор байгаа биз. Тэгвэл энд бас цаашид үүнийг хувьцаанд хөрвүүлж болно гэсэн тайлбар байгаа аж. 

Эхэнд дурдсан ажлын хэсгийн хуралдааны талаар мэдээлэл дуулгахад энэ мөнөөх л дуулиант 39 дүгээр тогтоолтой холбоотой. Үүнд Тавантолгойн хувьцааны 10 хувийг иргэдэд үнэгүй, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр худалдах болон бусад гол гол асуудлыг томьёолсон Богдын лүндэн мэт өөрчилж болохгүй гэгдээд байсан тогтоолоо өөрчлөх нь нэгэнт тодорхой болоод байгаа. Үүнд аж ахуйн нэгжүүдэд олгоно гэж амласан 10 хувиа “эргүүлэн татаж” иргэдэд 10 биш, 20 хувийн хувьцаагаар бэлэг барих өөрчлөлт оруулах юм. Араас нь иргэддээ бодоод хувьцааны хувийг нь нэмсэн хүмүүнлэг гавьяат үйлсийн талаарх PR урсч өгнө биз. Гэвч энэ нь бас л ээлжит “ид шид” буюу “2,5 саяын молиго”-ынх нь үргэлжлэл.   

2,5 саяын молиго саяхнаас тодорхой болж байгаа шиг Тавантолгойн талаарх аливаа асуудалд чиг мөрдлөгө болгох ёстой гэж ажлын хэсгийнхэн болоод гүйцэтгэх засаглалынхныг чичлээд байдаг хууль тогтоогчид өөрсдөө энэ тогтоолоо өөрчлөхөөр гэнэт идэвхийлэх болсны учир ч бас өнөөдөр тодорхой болж байна. Энэ бол жирийн иргэдэд хайртайдаа хувьцаа нэмж өгөх гээд байгаа энгүй өгөөмөр сэтгэл ч биш 2,5 саяын амлалтаа “нэг сая+1,5 сая=1.5 сая” болгосон илбээ цайруулах гэсэн бас нэгэн мэргэн санаа байжээ гэдэг нь. Эрх баригчид хувьцаа ч олгоно, 1,5 сая төгрөгөө ч өгнө гэж байснаа эцэст нь хувьцаа эсвэл нэг сая төгрөг гэсэн сонголтыг сэмхнээр тулгачихсан. Одоо ч иргэдийн зарим нь нарийн учрыг нь олохгүй хувьцаагаа ч, бэлэн мөнгөө ч авна гэж хөөрөлхөөд л явж буй. Харин сургалтын төлбөрөө тооцуулсан оюутнууд хийгээд удахгүй бэлэн мөнгө авна гэж байгаа ахмад настнууд хувьцаа авах эрхгүй, хувьцаа авсан нь харин бэлэн мөнгөний амлалтад хууртсанаа мэдэхийн цагт чамгүй хилэн, эсэргүүцэл дэгдэхийг ч үгүйсгэх аргагүй. Үүнийг мэдэхийн цаагуур мэдэж байгаа эрх баригчид хувьцаа бас сая төгрөгөө ч авна гээд иргэд түрхрэн босоод ирэхийн цагт амиа хоохойлохын тулд дахиад ийм нарийн арга сэдэж л дээ. Тавантолгойн хувьцааны 10 хувиар 1,5 саяын амлалтаа ”дарчихаад”, одоо хувьцааны амлалт нэхэгдэнгүүт аж ахуйн нэгжийн 10 хувийг “дээрэмдээд” иргэддээ өгчихөж байгаа хэрэг.  

Уг нь нэг талаасаа аж ахуйн нэгжүүдээ ч дэмжиж, Тавантолгойдоо ч хөрөнгө оруулалт болгож, цаашилбал олборлолт ашиглалтад дотоодын компаниудынхаа хяналт оролцоог нэмэгдүүлнэ гэж байснаа ийнхүү сонгуулийн өмнөх үдийн хоол болгож байгаа хэрэг. Харин Тавантолгойн хувьцааг нэрлэсэн үнээр худалдаж авна гэж “мөрөөдөл”-өөр жигүүрлэж явсан аж ахуйн нэгжүүддээ юу гэж хэлэхийг мэдэхгүй. Магадгүй хэдхэн мянган аж ахуйн нэгжээс нэг сая гаруй сонгогч нь хүчтэй харагдаж байгаа болохоор тэд компаниудыг золигт гаргасан ч айх зүйлгүй гэж үзэж байгаа ч биз. Эсвэл аж ахуйн нэгжийн оролцоог уриалаад байсан компаниудын төлөөллүүд өнөөдөр тэгтэл их хэрүүл тэмцэл хийхгүй байхыг бодоход тэднийхээ амыг хазаарлах нэг арга бодчихсон, ямар нэгэн тохиролцоо хийчихсэн байхыг ч үгүйсгэх аргагүй юм даа. 

2012/01/16

536 ширхэг хувьцааны амь орох хугацаа хойшилжээ

Left Banner
Эрдэнэс Таван Толгой компани ирэх гуравдугаар сард Хонгконг, Монгол, Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаагаа зэрэг гаргахаар төлөвлөж байсан. Гэвч Хонгконгийн хөрөнгийн биржид IPO хийхгүй гэж “Reuters” мэдээллээ. Олон улсын хөрөнгийн биржид анх удаа хувьцаагаа гаргах гэж буй “Эрдэнэс Таван Толгой” компани эхлээд Лондон болон Монголын хөрөнгийн биржид дараа нь Хонгконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжих юм байна. Ирэх гуравдугаар сард IPO хийнэ хэмээн мэдэгдэж байсан ч тодорхойгүй шалтгаанаар тавдугаар сар хүртэл хойшиллоо. Үүнийг дэлхийн санхүүгийн зах зээлд үүссэн таагүй байдалтай холбоотой хэмээн “Reuters”-ийн шинжээч Фиона Лау таамагласан байна.

Тавантолгойн асуудлаар байгуулсан ажлын хэсэг хуралдана

Хуваарь ёсоор өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Мөн байнгын хороодоос байгуулсан ажлын хэсгүүд хуралдахаар төлөвлөжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон түүний харьяа зарим байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр 12.00 цагаас хуралдах бол УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Я.Батсуурь нараас өргөн мэдүүлсэн "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг 14.00 цагаас хуралдах юм байна.

Түүнчлэн Газрын тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны болон Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн найруулгын төсөл, түүнийг дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Зээлийн батлан даалтын сангийн тухай болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгүүд хуралдана.

Эрдэнэс Тавантолгой Лондонд бус Хонконгт IPO хийнэ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 29 хүртэлх хувийг Лондон, Хонконгийн хөрөнгийн бирж дээр худалдаалах УИХ-ын тогтоол гарсан билээ. Үүний дагуу Засгийн газраас Лондонд төвтэй “Эрдэнэс Тавантолгой PLC компанийг байгуулж, хувьцааг нь Лондон болон Хонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалах шийдвэр гаргасан.
Тус компанийн IPO-г энэ оны дөрөвдүгээр сар гэхэд Лондоны хөрөнгийн биржид, дараа нь Хонконгийн бирж дээр хийж, хөрөнгө босгоно хэмээн “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал Б.Энэбиш өнгөрсөн сард хэлж байв.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг FTSE индекст багтаахын тулд Их Британид төвтэй компани байгуулан Лондоны хөрөнгийн биржид IPO хийх нь илүү давуу гэж үзэж байсан.  IPO-г Лондонд хийснээр компанийн зах зээлийн нийт үнэлгээ 20 тэрбум паундад хүрэх боломжтой тухай ч зарим шинжээч таамаг дэвшүүлсэн.
Харин өнгөрсөн баасан гаригт тус компанийн IPO-г Хонконгийн бирж дээр гаргаж, нийтдээ 3 тэрбум ам.долларын хөрөнгө босгохоор шийдвэрлэсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.
 Уг мэдээнд, “Эрдэнэс Тавантолгой” Хонконгт IPO хийсний дараа Лондонд “Global depository receipt” /GDR/ буюу олон улсын хадгаламжийн сертификат ашиглан хөрөнгө босгохоор шийдвэрлэснийг тус компанийн төлөөлөл Ройтерс-т мэдээлснийг дурджээ. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Лондонд биш Хонконгт эхэлж IPO хийхээр болсон гэсэн үг юм.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн техникийн зөвлөхөөр ажиллаж буй “Norwest компанийн гаргасан тооцоогоор Тавантолгойн Зүүн Цанхийн орд нэг тэрбум 78 сая тонны нөөцтэй бөгөөд үүний 78 хувь нь коксжих нүүрс гэж тогтоожээ. Харин Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Зүүн Цанхийн нүүрсний нөөцийг 795 сая тонн гэж баталгаажуулаад байгаа юм.

2012/01/13

Б.Энэбиш: Тавантолгой бүхлээрээ эргэлтэд орох ёстой

“Эрдэнэс Таван толгой” компанийн захирал Б.Энэбиштэй уулзаж ярилцлаа.


-Юуны өмнө ардчилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулалцаж, гар бие оролцож, басхүү нэлээд олон жил түүний “манаач” байсны хувьд тань Үндсэн хууль баталсны 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Үндсэн хуулийн ойн өдөр уншигчидтай маань уулзах болохоор мэдээж бидний яриа энэ түүхэн үйл явдлын талаар үргэлжилнэ. Гэхдээ хүмүүс сониуч байдаг юм хойно, яг өнөөдрийн халуун сэдвээс ярилцлагаа эхлэе, тэгэх үү, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлын хувьд... Ард­чилсан нам засгаас гарлаа. Гэтэл урагшилж өгдөггүй гэж байнга шүүмжлүүлдэг тендерүүдийн ажлын хэсгийн ахлагч нь Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, дээрээс нь ажлын хэсгийн таван сайдаас лав хоёр нь, С.Баярцогт, Л.Гансүх нар бас “явна”. Тавантолгойн ашиг­лалт хамтарсан Засгийн газ­рын үед шийдэгдчихээсэй гэсэн хүлээлт бол байсан. Гэтэл одоо орны сайд нар томилогдтол ажил нь гацах вий гэсэн болгоомжлол төрөөд байна л даа? 

-Хөрөнгө оруулагчдын сонгон шалгаруулалтын хувьд бол яриа хэлэлцээр Засгийн газрын төвшинд хийгдэж байгаа. Тийм болохоор компанийн бусад үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөөгүй. Бид хийх ажлаа хийгээд явж байна. Оператор компаниар ажиллахаар шалгарсан Австрали, Германы хамтарсан консорциум энэ оны нэгдүгээр сарын 1-нээс буюу энэ өдрүүдэд ажлаа хүлээж авч байгаа. Харин ч 2011 он “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд асар их ажлын жил байлаа. Бид нэг сая тонн нүүрс олборлосон. Байгуулагдаад ганцхан жил болоогүй байхад энэ бол муугүй үзүүлэлт. Манай уул, уурхайн ажил тогтворжиж байгаа. Бид мөн Тавантолгойн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах бэлтгэл ажлыг олон улсын банкууд, зөвлөхүүдийн хамт хийж байгаа. 

-Гэхдээ хувьцааг тань нэг сая төгрөгөөр эргүүлээд худалдаад авчихна гэж улстөрчид амласнаас болж асуудал хүндрээд байгаа юм биш үү? Хөрөнгийн зах зээлд гаргаагүй мөртлөө нэрлэсэн үнэ тогтоочихлоо гэж....? 

-2011 оны арваннэгдүгээр сарын 31-нд УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолын заалт бага зэрэг хүндрэл үүсгэхээр байна. Нэрлэсэн үнээр шууд нэг сая төгрөгтэй дүйцэхүйц гэж шууд зааж тогтоож өгсөн нь зах зээлийн зарчмаар олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцааны үнийг тогтоох ёстой атал, өмнө нь улсын хэмжүүрээр нэрлэсэн үнэ тогтоох нь хөрөнгийн биржүүдийн журам шаардлагад нийцэхгүй байна гэж IPO хийхэд хүндрэл учруулахаар байгаа. Тийм учраас УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэгт хандсан байгаа. Хөрөнгийн биржүүд энэ талаар зөвлөгөө өгч байгаа. Мөн тогтоолд Засгийн газраас иргэдтэй хийх худалдааг ойрын хугацаанд эхлүүлэх гэсэн заалт нь зарим биржүүдийн цаг хугацааны шаардлагатай бас нийцэхгүй байгаа. Тухайлбал, Хонгонкийн хөрөнгийн бирж ямарваа нэг хувьцаатай холбоотой хийх хөдөлгөөнийг IPO хийх хугацаанаас дөрвөн долоо хоногийн өмнө хийх ёстой гэх мэт нөхцлүүд тавьсан байдаг. Гэтэл Засгийн газар яаравчлан хувьцааг гаргаад эргүүлээд Засгийн газар нь худалдаж авна гэх хөдөлгөөн нь тухайн хөрөнгийн биржийн шаардлагад нийцэхгүй болох гээд байгаа юм. Энэ мэт цаг хугацааны хувьд ямар нөлөөлөл гарах, одоо байгаа нөхцөл байдалд нийцсэн хэлбэрээр яаж IPO хийх вэ гэдэг чиглэлээр бид нэлээд ярилцсан. Монголын хөрөнгийн бирждээ эхлээд хувьцаагаа арилжаалаад хадгаламжийн бичиг гаргах хувилбараар Лондонгийн хөрөнгийн биржид эхний алхмаа хийгээд, тодорхой хугацааны дараа энэ бүх үйл ажиллагаа маань өргөжиж, тогтворжиж, дэд бүтэц, эрчим хүч, усан хангамжийн систем гэх мэт асуудлыг шийдэж, үйл ажиллагаа маань өргөжиж, тогтворжсоны дараа хоёр дахь алхмаа хийх хувилбар руу л явах гэж байх шиг байна даа.

-Сонгуулиас өмнө хувьцаагаа гаргачихлаа гэх хүсэл сонирхол бол улстөрчдөд их байгаа байх. Гэтэл та нар амжихгүй юм шив дээ? 

-Мэдээж сонгуулиас өмнө гаргахыг хичээнэ. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд нийцэж, тогтсон хэлбэрээр хийх шаардлага гарч ирж байна. 

-Таны дээр хэлсэн 57 дугаар тогтоолоос болоод Хөрөнгийн биржүүд бид танай хувьцааг гаргахгүй гээд хориглочих нөхцөл байдал үүсэхээр байна уу? 

-Үүсэхгүй. Нэрлэсэн үнэ гэдгийг Засгийн газар иргэд хоорондын хэлцлийн үнэ гэдэг байдлаар өөрчлөх ч юм уу, асуудлыг зөв зохицуулаад явчих боломж бий.    

 
-Нийт хувьцааны 20 хувийг иргэдэд олгоно гэж тооцоолоод нэг сая төгрөгтөө хуваагаад үзвэл нэгж хувьцааны үнэ 900 гаруй төгрөг болж байна, тийм үү. Энэ их өндөр үнэ биш үү. Иргэд Засгийн газартаа ийм үнээр хувьцаагаа зарахад бол мэдээж сайхан л даа. Гэхдээ энэ нь цаашид хадгалагдаж чадах уу, бирж дээр... Ер нь бол хувьцааны нэрлэсэн үнэ ямар байхыг хүн болгон л сонирхож байсан. Хэт өндөр тогтоож болохгүй гэж байнга анхааруулж байсан санагдах юм? 

-Хувьцааны нэрлэсэн үнийг хэт өндөр тогтоох нь эргээд компаниа өрөнд оруулах ч эрсдэлтэй. Тухайн хувьцаа нэрлэсэн үнээс доогуур зарагдах юм бол компани өөрөө худалдаж авах журам манай хөрөнгийн биржид ч, Лондонгийн хөрөнгийн биржид ч бий. 

-Ингэхэд Хамтарсан Засгийн газар задарч, өмнө хэлэлцээр хийж байгаа сайдууд өөрчлөгдсөнөөр арайхийж ялагчаар тодруулаад байсан стратегийн гурван түнш өөрөөр хэлбэл Тавантолгойд өмнө баримталж байсан бодлого өөрчлөгдөх вий гэсэн болгоомжлол байна. Хэдийгээр түншээ?

-Мэдээж Монгол Улсын геополитек, гадаад эдийн засгийн бодлоготой холбоотой асуудал учраас өөрчлөгдөхгүй байх. Засгийн газрын төвшний хэлэлцээр гэж би хэлсэн шүү дээ. Хэлэлцээр үргэлжилж явагдах нь тодорхой. Мэдээж энэ асуудал их тодорхой болох юм бол IPO-гийн үнэлгээнд ч бас тодорхой нөлөө үзүүлэхээр байгаа юм. Аль уурхайгаас ямар орлого олох нь ч тодорхойгүй болохоор хүндрэл үүсэхээр байдал бол байгаа. Гэхдээ Монгол Улсын геополитек, гадаад эдийн засгийн бодлогын дагуу эдийн засгийн ашигтай байдал бүхнийг уялдуулан энэ хэлэлцээр бол үргэлжлэн явагдана. Тавантолгой бүтнээрээ эргэлтэнд орох ёстой.  

-Улс төрийн нөхцөл байдлаас болоод хэлэлцээр сунжрах, магадгүй бодлого нь өөрчлөгдөх вий гэсэн болгоомжлол танд мэдрэгдэж байна уу?  

-Ер нь хэлэлцээр сунжрах нь ямар ч нөхцөлд зөв зүйл биш шүү дээ. Гэхдээ ажлыг эрчимжүүлэх байх. 2012 оны хувьд Эрдэнэс Тавантолгой компанийн хувьд маш их ажлын жил байх болно оо. 

-Та саяхан “Эрдэнэс МГЛ” болон “Эрдэнэс Тавантолгой” захирлын ажлыг хавсран ажиллаж байснаа “Эрдэнэс МГЛ”-ээ хүлээлгэн өглөө. Миний мэдэхийн энэ компани ажилтан ч үгүй, төсөв нь ч батлагдаагүй байхад л та ажиллаж байсан. Тэгээд толгой компанийн захирлаа ажлаа хүлээлгэж өгөөд охин компанийн захирал болоход харамсалтай биш үү?

-“Эрдэнэс МГЛ” бол Монгол Улсын стратегийн орд газруудыг хөгжүүлэхэд оролцох үүрэгтэй таван жилийн өмнө байгуулагдсан компани. Би гурван жил захирлаар нь ажилласан. Уул уурхайн төслүүдээс орлого олоод ирэхээр маш том компани болох учиртай. “Эрдэнэс МГЛ” өөрийн охин компаниудыг байгуулсан. Түүний нэг нь “Эрдэнэс Тавантолгой”. Өмнө нь би энэ албан тушаалыг давхар хашиж байсан. IPO хийхэд тавигдах шаардлагын дагуу яах аргагүй охин компанийг тусгаарлах шаардлага гарч ирсэн. Энэ үүднээсээ бол Тавантолгойн орд дээрээ ажиллах компани дээрээ төвлөрч ажиллаж байна гэж ойлгож болох юм.  


Би Үндсэн хуулийг боловсруулалцсанаараа маш их бахархдаг 

-Ярилцлагын эхэнд амласан ёсоор одоо Үндсэн хуулийн ойн өдрийн тухай яриагаа үргэлжлүүлье. 20 жил гэдэг чамгүй хугацаа. Магадгүй бидний олонх тэртээх өдрүүдийн талаар сайн мэдэхгүй, эсвэл мартсан ч байж болох юм. Үндсэн хуулийг боловсруулахад Улсын бага хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуулийн зөвлөхөөр ажиллаж байсны хувьд анхны ардчилсан Үндсэн хуулийг баталж байсан тэр үеийг та дурсаач. Дааж ядсан ачаатай 76 хоног ч гэдэг. Гэхдээ хуулийг бага хурлаар хэлэлцэж эхлэхээс илүүтэй түүнийг боловсруулахад чамгүй л ажил шаардсан байх?


-1992 оны Үндсэн хууль бол нийгмийн асар том өөрчлөлттэй цуг гарч ирсэн, тэр нийгмээ бүхэлд өөрчилсөн, 1990 оны ардчилсан хувьсгалын шууд үр дүн юм. Социализмын үеийн Үндсэн хуулийг 76 хоног хуралдаад өөрчилчихсөн юм биш. Энэ бол нэг л хэсэг нь. Би бол Үндсэн хуулийг гурван үе шаттай “төрсөн” гэж хэлмээр байна. Энэ хууль яалт ч үгүй 1990 оны ардчилсан хувьсгалын шууд үр дүн болохоор 1990 оны гуравдугаар сарын 7-8-ны өлсгөлөн гэх мэт огцом үйл хэргүүд хуучин тогтолцоог халах, олон намын тогтолцоотой болох тэр шаардлагын өөрөөр хэлбэл өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгмийн бүхий л зарчим, хэв шинжүүдийг бий болгох эхлэлийг тавьсан. 1990 оны дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 5 хүртэл үргэлжилсэн, өлсгөлөн, жагсаал, цуглаан, улс төрийн яриа хэлэлцээрүүд шинэ төрийн тогтолцоог бий болгох асуудлуудыг дэвшүүлэн тавьснаар олон намаас бүрдэх байнгын ажиллагаатай парламенттай болох, намуудын нэр дээр санал авах гэх мэт шинэ төрийн зохион байгуулалтын тулгуур зарчмуудыг шийдэж өгсөн. Энэ үеийг би Үндсэн хууль бүрэлдэх эхний шат гэмээр байна. Энэхүү түүхэн яриа хэлэлцээрийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатаар ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс 1990 оны сүүлчээр байгуулагдаж, гавьяат хуульч Б.Чимэд гуайгаар удирдуулсан зөвлөх баг хуулийн төслөө боловсруулж, Улсын бага хурлаар хэлэлцэж, Монгол Улсын их цааз гэдэг нэртэйгээр бүтэн зуны турш Монгол Улсынхаа иргэдээр хэлэлцүүлж, саналыг нь авч Ардын их хуралд өргөн барьсан нь хоёр дахь үе шат. Энд хууль боловсруулах ажлын хэсгийнхний нөр их хөдөлмөр шингэсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Хууль боловсруулах ажлын хэсэгт ажиллаж анхны ардчилсан Үндсэн хуулийг боловсруулалцаж явснаараа би бахархдаг. Харин гурав дахь хэсэг нь Бага хурал 76 хоног хуралдаж баталсан нь. Энд шинэ хуучны асар их тэмцэл явагдсан. Эцсийн эцэст монголчууд 1990 оны ардчилсан хувьсгалын гол зорилго Үндсэн хуультай, олон намын тогтолцоотой, сонгуулийн арчилсан системтай байя, иргэдийнхээ эрх чөлөөг баталгаажуулах, засаглал нь тодорхой бүтэцтэй хуваарилалттай байх энэ бүх зарчмуудыг Үндсэн хуулиараа тунхаглаж чадсан. Энэ хуулиар бид 20 жил амьдарлаа. Хэрвээ Үндсэн хуулийн “араг яс”, тулгуур зарчим муу байсан бол одоогийнхоос хамаагүй нөхцөл байдал хүнд зам руу гулсч болох л байсан гэдгийг би хувьдаа хэлмээр байна. Энэ хуулийн хүрээнд л бид сонгуулиа явуулж, төр засгаа байгуулж, бас огцруулж, сайндаж ч, муудалцаж амьдарч ирсэн. Шинээр гарч ирсэн хүчнүүд ардчилсан зарчмуудыг дэвшүүлж, бас тулгаж хуучин хүчин нь ойлгож хүлээж авах нь хэцүү байсан энэ л тэмцлийн дундаас Үндсэн хууль төрсөн. Монголчууд бид учраа ололцож, Үндсэн хуульт төрөө байгуулсан нь маш том гавьяа. Шинэ Үндсэн хуулийг муу буруу гэж хэлэх хүн маш цөөхөн гэж би бодож байна. Би хувьдаа маш сайн хууль гэж хэлж чадна. 

-Та 1999, 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад мөн л хуулийн төсөл дээр нь ажиллаж байсан. Харин энэхүү өөрчлөлтийг дордуулсан долоон заалт гэж нэрлэх ч хүн байдаг?

-Би бол үүнтэй санал нийлдэггүй. Зайлшгүй өөрчлөх ёстой 3-4 асуудал бол байсан. Зарим нь ч заавал Үндсэн хуульд өөрчлөлт оруулалгүйгээр өөр хуулиар зохицуулах зүйл ч бас байсан. Тухайн үед би УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, өөрөөр хэлбэл УИХ-ын тамга баригч байсан хүний хувьд талийгаач УИХ-ын дарга асан Л.Энэбиш гуайтай цуг тамгыг нь дарах ажлыг гүйцэтгэж байсан түүхэн үйл явдал бий. Ийнхүү өөрчилснөөр түүхэн үүргээ ч гүйцэтгэсэн гэж би хувьдаа хэлнэ. Харин тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалдаа хөтлөгдөж, улс төрийн хүчнүүд хоорондоо тохиролцоод ард нийтээр хэлэлцэлгүй ердөө л хэдхэн цагийн дотор баталсан нь алдаа гэж би хувьдаа боддог. Үндсэн хууль бол аль нэг намын бус ард түмний хууль. Тиймээс ард нийтээр өргөн хэмжээний хэлэлцүүлэг явуулж байж л өөрчлөлт оруулах эсэхийг шийдэх ёстой юм. Хойшид ч хэрвээ Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах бол ард нийтээрээ хэлэлцэж, зохих журмын дагуу л шийдэх ёстой. 

-Эндээс бол би таныг одоо яригдаад байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг ч нэг их таашаахгүй байгаа юм байна гэж ойлголоо?

-Үндсэн хууль бол зүгээр л өөрчлөх хэрэгтэй гээд хүмүүсийн санаан зоргоор гар хүрэх зүйл биш. 1990 оны ардчилсан хувьсгал шиг нийгмийн тогтолцоог солих ч юм уу зайлшгүй бөгөөд бодит шаардлага гараагүй л бол. Тийм биш нэг нам хүчин “Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь боллоо” гэх байдлаар хандах юм бол маш буруу. Энэ Үндсэн хууль бол маш олон зүйлийг бодолцсон, бидний өнөөдрийг хүртэл “хайрцаг”-ндаа багтааж, нийгмийг тодорхойлж л байгаа хууль. Өнөөдөр л лав Үндсэн хуулийг өөрчлөх бодитой шаардлага лав алга. Үндсэн хуульд нийцүүлэн бусад хууль тогтоомжуудад өөрчлөлт хийх замаар зохицуулах боломжтой. Үндсэн хуулиар бүхнийг хуульчилдаггүй. Энэ бол зөвхөн хуулийн “араг яс”. Манай хууль араг яс сайтай учраас өөрчлөх зүйл байхгүй. Харин хамгийн болгоомжлох ёстой зүйл гэвэл Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэсэн хөөрлөөс үүдээд одоогийн байгаа хуулиа муутгах юм бол түүн шиг буруу бөгөөд аймшигтай үр дагавартай зүйл байхгүй. 

-Та яг 1999 онд Үндсэн хуулийг өөрчлөх тухай яриа дэгдэх үед хувь хүнийхээ хувьд ямар бодолтой байсан бэ? Яг өнөөдрийнх шигээ л байр суурьтай байсан уу? 

-Би 1999 онд УИХ-ын тамгын газрын дарга буюу “гал тогоо”-г нь хариуцаж ажиллаж байлаа. Түүний өмнө УИХ-ын Тамгын газрын хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын орлогч байсан. 1998 оны сүүлчээр УИХ-ын дарга, дэд дарга, намуудын бүлгийн ахлагч нарт санал танилцуулж байсан. Хурлын ирц бүрддэггүй, сайд томилдог, огцруулдаг гэх мэтчилэнгээр парламентын үйл ажиллагаа нэлээд доголдоод байсан цаг. Тиймээс ажил хариуцаж байгаа хуульчийн хувьд ийм асуудлуудыг цэгцлэхийн тулд ийм хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн санал байсан юм л даа. Сүүлд нь миний сана­луудаас заримыг нь Үндсэн хуулийн өөрчлөлт хийхдээ оруулсан байдаг. 

-Ингэхэд тэгвэл та чинь өөрөө Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачлагч нь юм биш үү?  

-Үгүй ээ. УИХ, Засгийн газрын хуулиудад өөрчлөлт оруулах замаар ийм асуудлуудыг шийдэх боломжтой гэсэн санал байсан юм.   

-Тэр бүх өөрчлөлтийг өөр хуулиудыг зохицуулах замаар хийж болох байсан гэж үү? 

-Зарим нэг зүйл гэж би хэлсэн шүү дээ. Үндсэн хуульд хийсэн зарим өөрчлөлтийг бол зайлшгүй хийх ёстой байсан. 

-Тухайлбал...?

-Тухайлбал, Ерөнхий сайдын томилоход Ерөнхийлөгчийн оролцоог тодорхойлж, Ерөнхий сайдыг сонгуульд ялсан нам буюу олонхийн суудалтай нам томилох нарийн хязгаарыг гаргаж ирсэн. Тэгэхгүй бол Ерөнхий сайдад санал болгосон хүнийг Ерөнхийлөгч нь буцаадаг, хэнийг ч хамаагүй томилдог хүндрэлтэй байдал байсан л даа. Өөрөөр хэлбэл, засаглалын нарийг заагийг гаргаж өгсөн. Хэрэв тэгээгүй байсан бол Ерөнхийлөгч олонхийн намын хооронд маш их зөрчил гарах магадлалыг хаасан. 

-Одоогийн хотын орлогч Д.Ганболдыг Ерөнхий сайдад санал болгоход Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцааж байсан байх аа? 


-Тийм. Ерөнхийлөгч түүнийг бу­цаа­­даг эрхийг хааж өгсөн нь парла­мен­тын засаглалын зарчмыг илүү ба­тал­­гаажуулсан алхам болсон. Манай тө­рийн тогтолцооны хамгийн гол асууд­­луудын нэг Засгийн газраа байгуу­лах процессыг нэг мөр болгосон. Тэ­гээгүйсэн бол бидэнд өнөөдөр ч 1996-2000 онд тохиолдож байсан явд­лууд хэвээр л байх байсныг үгүйсгэх аргагүй.

-Засгийн газрын гишүүдийн тодорхой хувь нь УИХ-ын гишүүд байж болно гэсэн хязгаарлалтыг хассан нь одоо харин УИХ-ын гишүүд нь засагтаа ороод суучихдаг, Засгийн газар нь УИХ-аасаа ч том толгойтой болох хямралын эхийг тавьсан гэж бас буруутгагдаад байдаг...? 

-Дээр хэлсэн Үндсэн хуулийн цэц УИХ хоёрын харилцаанд асуудал байсан гэж. Цэц УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүн байж ерөөсөө болохгүй гэж хуулийн төслийг унагаж байсан. Гэтэл нөгөө талаасаа томоохон салбар хариуцсан сайд нь УИХ-ын гишүүн байх нь нэлээд ач холбогдолтой байдаг. Иймэрхүү зохицуулалтын УИХ-ын тухай ч гэдэг юм уу өөр хуулинд зохицуулалт хийх байдлаар шийдэх боломжтой байсан ч УИХ, цэцийн маргаанаас болоод Засгийн газрын бүх гишүүд УИХ-ын гишүүн байж болохоор заалт оруулчихсан. Энэ бол цэвэр УИХ, Цэцийн зөрчилдөөний асуудлаас болсон.     
    
-Үндсэн хуульд хэдийгээр засах залруулах зүйл байж болох ч эцэг хууль гэдэг утгаараа, бас нэг гар хүр­вэл дахин дахин сарвалзах жи­шиг тогтох вий гэдэг утгаар засах шаардлагагүй гэж үздэг хүмүүс бай­даг юм билээ. Жишээлбэл, өнөөгийн нөхцөлд харахад Мал бол төрийн хамгаалалтад байх ёстой гэж Үнд­сэн хуулиндаа заачихаад яагаад хүнээ хамгаалдаггүй билээ гэж шүүмжилдэг?

-Би бол Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний буруу зүйл байгаа гэж би бодохгүй байна. Үндсэн хуулийн хүрээнд бусад хуулиар зохицуулаад явах боломжтой. Шүүмжлэх нэг хэрэг. Нэгэнт л 1990 оны нийгмийн тусгал болоод тэр үг байж байгаа болохоор яаж тэр үгийг хууль зүйн талаас зөв ач холбогдолтой байлгаж болох вэ гэдгийг бодох л ёстой. Одоо ч Монгол Улс мал аж ахуйгаас өнөөдөр ч маш их хамааралтай хэвээр л байгаа. Энэ үүднээс мал сүргийг хамгаалах, үржүүлэх, вакцинжуулах бодлого хэрэгжүүлэх гэх мэт үүднээс  авч үзэж болно шүү дэ

2012/01/12

”Монголчууд нүүрсээ 33-хан ам.доллараар зарж байгаа”

Монгол бол эрчим хүчний шинэ тоглогч хэмээн дэлхий нийтээр зарлаад байгаа энэ үед Монголын нүүрсний салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар "Монгол нүүрс" ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Нарантай ярилцлаа.


-Улсын төсөвт нүүрсний экспортоос орж ирж буй мөнгөний хэмжээ жилээс жилд нэмэгдэх болсон. Эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрсний гуравны нэг нь нүүрсний салбараас хамааралтай гэж эдийн засагчид дүгнэж байгаа. Тэгэхээр өнгөрсөн жил манай улс нүүрсний экспортоос хичнээн хэмжээний ашиг олов, хэдий хэрийн нүүрс экспортолсон бэ гэдгээс ярилцлагаа эхлэе?

-Нүүрсний экспортын орлого Монгол Улсын экспортын нийт бүтээгдэхүүнээс олдог орлогын 45 хувийг бүрдүүлэх болсон. Энэ нь Монголын эдийн засаг нүүрсний экспортоос орж ирж буй хөрөнгө дээр тогтож байгаагийн илрэл юм.  Монгол Улс 2010 онд 25 сая тонн нүүрс олборлосны 18 сая тонныг нь Хятадын зах зээлд нийлүүлсэн байдаг бол 2011 онд  20 сая гаруй тонн нүүрсийг урд хөрш рүү гаргасан байгаа.  Өнгөрсөн онд нүүрсний экспортын хэмжээ 30 хувиар, орлогын хэмжээ 2010 оноос гурав дахин өссөн гэсэн тоон мэдээ бий. Нүүрснээс олох орлого хэдийгээр өсч байгаа ч зарим  нэг учир дутагдалтай, төрийн бодлогоор зохицуулах зүйл  ажиглагдаж байна. Нүүрсний тусгай хууль боловсруулж, энэ чиглэлээр хийж, хэрэгжүүлэх олон ажилд Засгийн газар анхаарал хандуулах хэрэгтэй байна. Өнөөдөр зөвхөн нүүрсээ ухаж гаргаад мөнгө олохдоо биш байгалийн энэ баялгийг хэрхэн зөв ашиглах вэ гэдгийг давхар бодолцох ёстой. Мэдээж, Монгол дэлхийн эрчим хүчний том тоглогч боллоо гэж худлаа хөөрцөглөөд, нүүрсний салбараас олж буй мөнгө “алаад өгч байгаа” хэмээн ярих  амархан. Харин байгалийн баялгаа нарийн бодлоготой, зөв системээр, төрийн зохицуулалтаар ашиглахгүй бол дураараа дургих үзэгдэл ажиглагдаж байна.

-Монгол Улс нүүрсээ дэлхийн зах зээлээс маш хямдхан үнээр Хятадад худалдаж байна гэх шүүмжлэл тасардаггүй. Хилийн наадах, цаадах үнэ тэнгэр газар шиг зөрүүтэй гэж. Хятадууд Австралийн нүүрсийг 300 ам.доллараар, харин  Монголын нүүрсийг 70-хан ам.доллар худалдан авдаг юм биш үү?

-Нүүрсний экспортын үнэд нөлөөлдөг зүйл бол чанар. Монголын нүүрсний чанар сайн ч манайхан хог шороотой нь бохироор нь ачиж аваад хилийн наана хятадуудад зарчихдаг. Гэтэл австраличууд нүүрсээ угааж, боловсруулаад Хятадад зарж байна. Тэгэхээр үнийн хувьд хоёр өөр байхаас яахав. Уг нь монголчууд нүүрсээ ядаж л угаагаад зардаг бол  үнэ нь нэмэгдэнэ шүү дээ. Нөгөөтэйгүүр монголчууд нүүрсээ хямдхан зарж байна, 70-хан ам.доллараар зарж байна гэдэг. Газар дээр нь очоод үзээрэй. 70 ам.доллар хамгийн үнэтэйд тооцогдоно шүү. Монголын нэг тонн нүүрсийг 33 ам.доллараар зарж байгаа компани байгаа шүү дээ. Би хэдхэн тоо баримт сонирхуулах маягаар хэлье. “Энержи ресурс” нэг тонн нүүрсээ 117 ам.доллараар зардаг. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрсийг 94 ам.доллараар хятадуудад худалдаж байна. Харин орон нутгийн “Тавантолгой” буюу бидний хэлдгээр жижиг “Тавантолгой” компани нэг тонн нүүрсээ хэдээр худалддаг гээч. Цаашлаад “Саусгоби Сэндс” компани Монголын нүүрсийг хятадуудад хэдэн төгрөгөөр зардгийг манай эрх баригчид мэдэж байгаа болов уу?

-Тэгээд “Тавантолгой”, “Саусгоби Сэндс” компани хэдээр зардаг гэж. Та  70 ам. доллараас бага үнээр зардаг гэж хэлэх гээд байна уу?

-Яг тийм. Өнөөдөр “Тавантолгой” компани нэг тонн нүүрсийг 33 ам.доллараар, “Саусгоби Сэндс” компани 40 ам.доллараар зарж байна. Гэтэл дэлхийн зах зээлд нэг тонн нүүрс 150-300 ам.долларын үнэтэй байгаа. Чанараасаа хамаараад шүү дээ. Ухаахудаг, Тавантолгой ордын нүүрсний чанар яг адилхан хэрнээ ийм тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Хоёулаа дээд зэрэглэлийн коксжих нүүрс. Гэтэл Ухаахудагийн нүүрс яагаад үнэтэй зарагдаад, Тавантолгойнх нь дөрөв дахин хямдхан байна вэ гэж асуумаар байгаа биз дээ. Учир нь нэг нь хувийн, нөгөө төрийн буюу орон нутгийн удирдлагуудын мэдэлд байдгаараа л нүүрснийх нь үнэ ялгаатай байгаа юм. Ухаахудаг дээр бүтээн байгуулалт явагдаж байгаа. Нүүрсээ баяжуулах эхний үйлдвэрээ ашиглалтад оруулчихсан, дэд бүтцийнхээ асуудлыг шийдвэрлээд явж байна. Гэтэл орон нутгийн “Тавантолгой” компани болохоор өөрсдөө олборлолт явуулахгүй, тээвэрлэлтээ ч хийхгүй. Хятадууд эксковатортойгоо ирээд л ордоос нь шууд ухаад ачаад явж байна. Тийм болохоор л нүүрсээ  дөнгөж 33-хан ам.доллараар зарж байгаа юм. Үнэндээ  орон нутгийнх нь удирдлагууд хөлжөөд л, тансаг зэрэглэлийн машин унаад давхиад байдаг. Гэтэл Монголын нүүрсийг хятадууд газар дээр ирж ухаад л  үнэгүй шахам авч байгааг төр засаг мэдээгүй  байна гэж үгүй. Уг нь “Тавантолгой” компани нүүрсээ өөрсдөө олборлоод, анхан шатны боловсруулалт хийгээд зарах юм бол Монгол Улсад орох ашиг нь өснө шүү дээ. Тийм сонирхол  Өмнөговийн удирдлагуудад байдаггүй юм шиг байна лээ. Коксжих нүүрс маань тийм бага үнэтэй зарагдаж байхад эрчим хүчний нүүрсийг өндөр үнээр зарна гэдэг худлаа. Монголын нүүрсийг хятадууд үнэгүй шахам авч баяжаад, монголчууд нь үнийн өсөлтөд нэрвэгдээд, ядуураад байгаа нь төр засгийн бодлоготой холбоотой гэж бодож байна. Үүнд л би харамсдаг юм. Нүдэн дээр минь Монголын баялгийг үнэгүй шахам ачаад аваад гарч байгааг харахаар. Хятадын “Чинхуй МАК” гэхэд л 46 ам.доллараар Монголын нүүрсийг Хятад руу зарж байна. Ийм байхад Монголын нүүрс яаж үнэд орох юм бэ. Дур дураараа үнэ хэлээд Монголын нүүрсийг хямдхан зарж, түүнээс олсон хэдхэн төгрөгийг нь эрх баригч “Хүний хөгжил сан”-гийн мөнгө болгоод тараачихаар Монгол Улс хөгжих үү. Тэгээд Монгол дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч гээд өөрсдийгөө ичихгүй зарлаад байгаа. Өмнөговь аймгийн хэдэн дарга нарын хийгээд байгаа энэ наймаанд Засгийн газар, холбогдох яам, агентлаг хяналт тавихгүй бол орон нутгийнхны мэдэлд өгсөн гээд сууж болохгүй юм шиг санагдсан шүү.  Та түрүүнд асуусан шүү дээ. Хилийн наана, цаана нүүрсний үнэ хоёр өөр, тэнгэр газар шиг зөрүүтэй байна гэж. Монголчууд нүүрсээ Хятадын эцсийн хэрэглэгчдэд биш зам зуурынх нь ченжүүдэд л зарж  байгаа юм. Хавар болохоор хятадын ченжүүд хөдөөгүүр яваад ноолуурыг малчдаас худалдаад авчихдаг шиг, өвөл айлын хотонд очоод л малыг амьдаар нь хямдхан аваад, хэдэн хүнд хямд хөлс өгөөд нядлууж, Хятад руу гаргадагтай яг ижил Монголын нүүрсийг хилийн наана хямдхан аваад цаана очоод ангилан ялгалт хийгээд өндөр үнээр эцсийн хэрэглэгчдэд зарчихаж байгаа юм. Уг нь монголчууд Хятадын ченжүүдэд биш эцсийн хэрэглэгчдэд нүүрсээ зардаг бол ашиг нь нэмэгдэнэ. Даанч хятадууд ингэхийг хүсэхгүй байна. Энэ нь төрийн бодлого ч байж магадгүй. Хэрвээ Монголын компаниуд Хятадын эцсийн хэрэглэгчидтэй холбоо тогтоочихвол нүүрсний худалдаанаас ашиг унагадаг хятадын жижиг компаниуд, ченжүүд нь ажилгүй болно. Иргэдээ ажлын байраар хангах Хятадын нэг бодлого ч юм билүү. Тиймээс л нүүрсний экспортын бодлогод Монголын Засгийн газар оролцмоор байна гэж хэлээд байгаа юм шүү дээ.

-Нүүрсний худалдаанд төр яаж оролцох ёстой юм бэ. Орон нутгийн  удирдлагуудад ордоо ашиглах эрхийг нь өгөх хэрэгтэй гэж улстөрчид яриад байгаа?

-Орон нутагт бүх эрхийг нь өгье гэж улстөрчид ярьдаг. Тэд яахав, улс төрөө хийгээд сайхан юм ярьж болно. Хамгийн гол нь улстөржилт эдийн засгаа, улс орноо баллаад хаячихгүй байх ёстой. Жижиг “Тавантолгой” компанийн үйл ажиллагааг харахад орон нутагт бүх эрхийг нь өгнө гэдэг бүтэхгүй явдал юм шиг бодогдсон. Өгдөг юм аа гэхэд орон нутгийн удирдлагууд хариуцлагатай, мэдлэгтэй, сэтгэлтэй, тооцоотой, эх оронч байх шаардлагатай байна. Ер нь төрөөс үндэсний компаниудаа дэмжээд, тэднийг уул уурхайн  олборлолт хийхэд боломж нөхцөлөөр нь хангамаар байна. Даанч монголчуудад бие биеэ дэмжих зан байдаггүй юм шиг байна. Хятадууд Тавантолгойд орж ирээд нүүрсийг өөрсдөө ухаж аваад хэдхэн зоос шидчихээд явчихаж байхад, Монголдоо хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа үндэсний компаниудаа хөлжлөө, Монголын баялаг хэдэн гэр бүлийн мэдэлд орлоо гээд байх юм. Хятадуудын мэдэлд Монголын баялаг орж байснаас монголчуудынхаа мэдэлд байсан нь дээр биз дээ. Шулуухан хэлэхэд Монголын уул уурхайн салбарт гадаадын хэдэн золбин компани ажиллаж байна. Тэд Монголын баялгийг хямдхан үнээр аваад өөрсдөө хөлжөөд буцаад явчихдаг. Монголчууд нөгөө л хоосон хэвээр үлддэг. Тиймээс төр нүүрсний салбарт тусгай бодлого боловсруулаад нүүрсээ 100 ам.доллараар доошгүй зарах ёстой гэсэн шаардлага тавих хэрэгтэй байгаа юм. Нүүрсний экспортод төрөөс тавих хяналтыг чангатгахгүй бол хятадууд Монголын баялгийн шимийг нь хүртээд, шимэлдгийг нь монголчууд долоох төдийхөн байж болохгүй биз дээ. Монголчууд алийн болгон “нутгийн индианууд” явах билээ. Гадныхан биднийг тэтгэмжээр хуурсан болоод л баялгийг маань сорчлоод байна.  Ингээд байгааг нь хэлээд, хэлээд төр засгийнхан ойлгохгүй юм. Ойлгохыг ч хүсдэг ч үгүй байж болох л доо.

-Монголын төр гадаадын компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байдаг шүү дээ. Өндөр технологитой, туршлагатай гэж ирээд л гадаадын компаниудыг сонгодог. Гадаадынхан нь болохоор монголчуудаас өндөр хөлс нэхдэг. “Эрдэнэс Тавантолгой” компани гэхэд л зөвхөн гадаадынхантай хамтарч ажиллах бодлого барьж байгаа?

-Энэ бол үнэн. Монгол Ул­сын Засгийн газар болж өгвөл гадаадынхантай хамтрах сонирхолтой байдаг. Гадаадынхан сайн, өндөр технологитой гэдэг. Монголчууд юугаараа дутах юм. Тэр тусмаа газрын баялгийг олборлоход монголчууд гадаадынхнаас нэг их дутаад, мэдлэг нь хүрэхгүйдээд байх юмгүй. Яахав боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэд гадаадынхны туршлага хэрэгтэй байж болно. Түүнээс газрын доорх баялгийг эксковатороор ухахад монголчууд туршлагагүйдээд байх юмгүй. “Эрдэнэс Тавантолгой”-н захиалгаар Зүүн Цанхид гадаадын компаниуд олборлолт хийлгэхийг буруу л гэж бодож байна. Өөрсдийнхнөөрөө хямдхан хийлгэчихэж болох юмыг өндөр хөлсөөр гадаадынхныг хөлслөх ямар хэрэг байгаа юм. Тэдний ашиг орлого, хөрөнгө Монголд үлдэхгүй нь тодорхой. Тэгсэн мөртлөө гадаадын хөрөнгө оруулалт ихэслээ гэж ирээд л ярих юм.

-Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засгийн өсөлт үсрэнгүй хэмжээнд хүрлээ гээд зарлаад байгаа. Үүнийг та хэрхэн хүлээж  авч байна?


-Гадаадын компаниуд Монголд үйл ажиллагаа явуулаад хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэхэд бас асуудалтай. Тухайлбал, Хятадын “Чинхуй МАК” гэхэд  Монголын нүүрсийг 46 ам.доллараар  зарлаа гэхэд тэр мөнгө Хятадад л шингэх тодорхой. Тэр мөнгө Монголд орж ирэхгүй. Монголын компаниудын нүүрсээ зарсан мөнгө л Монголд орж ирдэг юм шүү дээ.  Монголын Засгийн газар уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах гадаадын компаниудыг сонгохдоо захын, зам зуурын юмнуудтай хамтардаггүй баймаар байна. Засгийн газар хоорондоо ярилцаад тухайн улсын шилдэг компанийг оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй хэдэн доллар цүнхэлчихээд түүнийгээ өсгөхийн тулд Монголын баялгийг ухаад, хямдхан зарчихдаг золбин нөхдүүдтэй хамтармааргүй санагддаг. Ам.долларын ханшийн өсөлтийг ч би үүнтэй л холбож үзэж байгаа. Гадаадынхан  өөрсдийнхөө ажлыг хийхийн тулд оруулж ирсэн техник хэрэгслээ Монголд хийж буй хөрөнгө оруулалт гэж үздэг. Тэр ч бүү хэл өөрсдийнхөө унадаг өндөр үнэтэй жипийг хүртэл Монголд оруулсан хөрөнгө оруулалт гээд биччихсэн байдаг юм шүү дээ. Тэгэхээр Монголд оруулсан хөрөнгө оруулалт гэж чухам юуг хэлэх вэ гэсэн асуулт гарна биз дээ. Тэгвэл “Энержи ресурс” шиг цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, дэд бүтцийн асуудлыг шийдэхийг хэлдэг юм.  Монголд оруулсан хөрөнгө оруулалт гээд байгаа тэр техник хэрэгсэл нь хэдэн жилийн дараа муудаад хог болно. Харин цахилгаан станц бол байж л байх нь тодорхой. Түүнээс гадна гадаадынхан татвар дээр хүртэл ажилладаг юм билээ. Зардлаа зохиомлоор ихэсгэчихдэг. Тэгээд орлогоосоо зохиомол зардлаа хасаад багахан хэмжээний ашиг олсон болоод Монголд татвар төлдөг юм.

-Нүүрсний компаниуд сайн чанарыг коксжих нүүрсээ шилж зардаг. Гэтэл хүрэн нүүрснийх нь хог хаягдал уул овоо мэт ихсээд л байна. Үүнийг яаж зохицуулах ёстой юм бол. Нэг л мэдэхэд Монгол Улс коксжих нүүрсээ зараад дуусчихсан, хүрэн нүүрсний хог хаягдлаар дүүрэх дэг?

-Энэ асуудлыг төр засаг бодлогын хэмжээнд шийдэх ёстой. Тэгэхгүй бол сайныг нь сорчилж аваад, соргүй, чанаргүй нүүрсний хог нь Монголд үлдэж магадгүй. Тиймээс махны худалдагчийн нэг арга барил байдаг шүү дээ. “Гуя дагуулж хүзүү дайна” гэсэн. Энэ зөв арга. Махны худалдагч маань гуяа зарсаар байтал баахан хүзүүтэй хоцорвол яана. Тэгэхээр Засгийн газраас манайх Тавантолгойнхоо зургаан сая тонн коксжих нүүрс танайд зарна. Дагуул болгож хоёр сая хүрэн нүүрсийг танайх худалдаж ав гэсэн шаардлага тавих хэрэгтэй байна. Алдагдалтай ажиллаж байгаа Багануур, Шивээ-Овоогийнхоо хүрэн нүүрсийг Тавантолгойн коксжих нүүрсэндээ дайж “гуя дагаж хүзүү” гэдэг аргыг хэрэглэхгүй бол алдагдлыг нөхөх гээд эрчим хүчний үнийг нэмэхээр иргэдийн амьдрал хэцүүдэх гээд болохгүй, гэтэл уурхайн  алдагдал нь хэрээс  хэтэрчихээд байдаг хэцүү байдалд орохгүй шүү дээ.

-Монголын нүүрсийг Тянь­жинаар дамжуулж дэлхийн зах зээлд гаргана гээд яриад байсан худлаа болсон уу. Сүүлийн үед нэг л чимээгүй болчихлоо?


-Худлаа болоогүй, Тяньжины талаар ярьсан, хэлэлцсэн хэвээр байна. Энэ асуудлыг Засгийн газраас жаахан дэмнээд өгвөл  Монголын нүүрс Тяньжинаар дамжиж дэлхийн зах зээлд гарах юм. Далайд гарцгүй Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах ганц боломж Тяньжин. Нөгөөтэйгүүр хятадууд Тяньжин хүрэх тээвэрлэлтийн асуудлыг шийдэж өгөхгүй байгаа. Хэрвээ монголчууд нүүрсээ Тяньжин аваачаад зарчихвал хятадуудад ашиггүй болно. Тэр ч бүү хэл Хятад Монголын нүүрсийг төмөр замаар тээвэрлэхийг гурван жилийн өмнөөс хориглочихсон шүү дээ. Хятадын Засгийн газрын бодлого л доо.

-Нүүрсээ хямд зарснаас болж гадаад худалдааны алдагдал ихсээд байгаа гэсэн яриа бий?

-Харин ч гадаад худалдааны алдагдлыг нөхөж байгаа ганц орлого нь нүүрсний худалдаа. Харин гадаад худалдааны алдагдлыг үүсгэдэг зүйл бол газрын тос. Хэрвээ нүүрсний экспортыг хориглочихвол Монголын улсын төсөв сүйрэх болно.

-Ингэхэд Тавантолгойн төсөл хэрэгжээд эхэлбэл нүүрсний салбараас улсын төсөвт орох ашиг улам нэмэгдэнэ гээд байгаа шүү дээ?

-Тавантолгойн төсөл хэрэгжих юм уу, энэ янзаараа. Ажлын хэсэг анхлаад Тавантолгой  орд дээр АНУ, Хятад, Орос ажиллана гээд зарлачихсан. Гэтэл Япон, Солонгос гомдоллоод эхлэнгүүт, Орос, АНУ, Хятадынхаа хувийг бууруулна гэдэг, нөгөөдүүл нь анхны хэлэлцээр, ярьсан, тохирсныг нь сануулдаг. Хэцүүхэн байдалд байгаа шүү дээ. Тэгээд одоо ажлын хэсэгт өөрчлөлт орохоор болчихлоо. Н.Алтанхуяг ажлын хэсгийг ахалж байсан. Гадныхантай уулзахаар надаас асуудаг юм. “Танай Засгийн газар чинь ямар холион бантан  хутгаад байна аа” гэж. Монгол Улс энэ төслөөс болоод өнөөдөр олон улсад “шог” байдалд орчихоод байна. Овлигогүй хүн шиг харагдаж байгаа байх.  Дээрээс нь манай УИХ-ын гишүүд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүд шиг аяглаж байна шүү дээ. Компанийн удирдлагууд нь ямар мэдэлгүй, улстөрчдөөс үйл ажиллагаа хамааралтай болчихсон. Тавантолгой орд дээр гадныхныг оруулахгүй бол хувьцааны ханш нь өсөхгүй гэх маягийн юм яриад л. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ханшид гадаадын компани ямар хамаатай юм. Газрын хэвлий доорх нөөц ихтэй эсэх, нүүрс нь чанартай эсэхийг олон улсын байгууллагаар баталгаажуулсан байхад л боллоо шүү дээ. Мэдээж, төсөл үнэхээр хэрэгжээд эхэлбэл, нүүрсний экспортоос улсын төсөвт орох орлого нь ихэснэ.

Засгийн задрал Тавантолгойг гацаалаа

Замын чулуунд хүртэл хамаатай болоод байгаа Засгийн хагарал хэдэн жил дуншсан Тавантолгойд дахиад л тээг болж байгаа нь яаж ч бодсон тодорхой. Наад зах нь ажил нь барагддаггүй, шийдэл нь гардаггүй ажлын хэсгийн ахлагч Н.Алтанхуягтай нийлээд Тавантолгойн ажлын хэсгийн таван сайдын гурав нь “явах” нь тодорхой болсон. Тэднийг ажлаа өгч авалцаж, ажлын хэсэгт орны сайд нар нь орж иртэл буюу АН-ыг асуудлаа шийдэж, сайд нараа татаж, МАН-ыг сайд нараа цэгцэлтэл тэртээ тэргүй ажил нь урагшилдаггүй ажлын хэсэг бүр таг гацах нь тодорхой. Сайнаар бодоод ажлын хэсэг дахин бүрдтэл гүрэн дамжиж хэлэлцээд хэрэлдээд шийдэгдээгүй, ажлын хэсгийн “хэвлий”-дээ өтөлж байгаа  хоёр тендерийн хувь заяа хэрхэх нь тодорхойгүй хэвээр байх нь. Хамтарсан засаг байхдаа ч ялагч нарын нэрийг нь зарлах ”шат”-нд хүртэл будилчихаад байсан тендер одоо хэрхэх бол гэж гадаадынхан ч айдастайгаар хүлээж байгаа биз. Өөд өөдөөсөө харж суугаад ч шийдлээ олдоггүй хоёр нам хагарч бутарчихаар юу болох бол гэсэн айдас мэдээж хэрэг гадны хөрөнгө оруулагчдад байгаа. Тэр тусмаа хагарч бутраад бүү “хэл жам ёс”-оороо засаг солигдоход ч гэсэн өмнөх шийдвэр нь тэс өөрөөр солигдчихдог “тогтолцоо”-той юм хойно, дуулиант хагарлаас бүр ч их айж байгаа байх.

Аливаа улсын улс төр, засаглалын хямрал биржийн ханшны өөрчлөлтөөр тусгалаа харуулж байдаг ёсоор Монголтой холбоотой компаниудын ханш унаж эхлэв гэсэн мэдээлэл эхнээсээ гараад байна. Энэ ч бага хэрэг гэж үзвэл Тавантолгой бол ёстой жинхнээсээ гацаанд ороод байна. Зөвхөн дээр дурдсан засаг солих шилжилтийн үеийн хүлээлтийн гацаа биш шүү. Манай мэргэн улстөрчид 2,5 сая төгрөгний молигоо Тавантолгойн хувьцаагаа болгож бантагнуулсан гайгаараа Тавантолгойн хувьцааг гаргах нүсэр ажиллагаа буюу жил гаруй турш бэлтгэсэн IPO гаргах ажлыг будаа болгочихжээ. 

Олон улсын зах зээлд хувьцаа гаргана гэдэг нүсэр бөгөөд чимхлүүр ажил. Маш нарийн шалгуур, шат дараалал, нөхцөлтэй. Гэтэл манай дураараа бөгөөд хулхи улстөрчдийн ард түмнээ хуурсан дээрх шийдвэр олон улсын хөрөнгийн зах зээлийн шаардлагыг бусниулаад хаячихаж. Анх нэг нь нэг сая төгрөгийн хувьцаа өгнө гэж, нөгөө нь түүнээсээ давах гэж 1,5  сая төгрөг амласнаа хоёуланг нь биелүүлж байгаа царай эсгэх гээд нэг сая төгрөгтэй дүйцэхүйц хувьцаа өгнө, хэрвээ бэлэн мөнгө хэрэгтэй гэвэл засагтаа буцааж тушаагаад нэг сая төгрөг авчихаж болно гэж мунгинуулсан. Үүнийгээ бас хувьцаа өгөх амлалтаа ч бэлэн мөнгө тараах бэлгээ ч өгсөн гэж ойлгуулах зүтгээд байгаа. Хэдийгээр олонх иргэд эхэндээ үүнд нь хууртаж байсан ч хувьцаагаа хадгалах уу, мөнгөө тоолоод авах уу гэхийн цагт ойлголгүй л яахав. Үүнийг эс өгүүлэн энэхүү давхар давхар мурилт болсон энэ бантан олон улсын санхүүгийн зах зээлийнхнийг гэдийлгэсний учрыг тайлбарлавал Монголын Засгийн газрын 536 эсвэл нэг сая төгрөг гэсэн сонголтыг иргэддээ тулгасан нь санхүүгийн зах зээлийн хэлээр бол нэрлэсэн үнийг шууд тогтоож өгсөн хэрэг болж байгаа аж. 

Нэг үгээр зах зээлийн ёс жаяг, олон улсын шаардлагыг зөрчсөн гэсэн үг. Эрх баригчид мнөх сонгуульд амласандаа бантаад хувьцаа хийгээд бэлэн мөнгөний амлалтаа дүйцүүлэх арга сэдсэн нь ийнхүү сүүг нь авах ёстой үнээндээ хор уулгасан мэт хэрэг болов. Үүгээрээ цаашдаа ч Монгол Улсын Засгийн газар гэдэг нөхөр чинь хувьцаа гэдгийг хуушуур ч болгочихож чадах этгээдүүд гэдгийг бас нотлон харуулав. Эхнээсээ Сингапурын бирж гэхэд Тавантолгойн хувьцаа гаргах асуудалд тун итгэлгүй бөгөөд таагүй хандаж байгаа гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Ийн ядахдаа хувьцаагаа гаргах бэлтгэлийг нь хүртэл сөнөөгөөд хаячихсан Тавантолгойн асуудал энэ засаг хагарч, буцаж гишүүдээ томилж, сонгууль гэдэг лай өнгөрч бас нэг засгаа бүрдүүлтэл бардаагаар ойрын нэг жилдээ лав алхам ч урагшлахгүй нь .     

Басхүү хамтарсан Засгийн газрын үед л Оюутолгой, Тавантолгойг шийдэж чадвал ... гэж байсан иргэдийн найдлага талаар болсон болохоор дараа дараагийн засгийн үед ч шийдэгдэх эсэх нь улам ч тодорхойгүй болж байна. Нөгөө ардын засаг гэж юу ч билээ, авдаг өгдөг нь хаана ч билээ гэдэг шиг. Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг гэдэг шиг. Тавантолгойн сүүлчийн найдварын цэг ийнхүү улам л алсраад байх шиг.  

Уг нь төлөвлөсөн ёсоор бол энэ долоо хоногт Тавантолгойн ажлын хэсгийнхэн дахиад хуралдах ёстой байсан. Гэвч ажлын хэсэг хуралдсангүй, засаг хагарах дуулианаар юун Тавантолгойтой манатай болж байх шиг. Тиймээс яг энэ шуугиант өдрүүдэд нэг хэсэг үг, үйлдэл болгоных нь утга учир юм шиг болж, хоёр толгойгоос өөр зүйл ярих ёсгүй байсан улстөрчдөд Оюутолгойн “түүх” хийгээд Тавантолгой ирээдүйн айдсыг сануулах нь зүй байх. 

Эдийн засгийн хөгжлийн үндэс хэмээн нэрийг нь хүртэл жаазлан тахих дөхөөд байсан хоёр толгойн нэрс засгийн хагарал, сайдын суудал ярилцан, муу эрийн дайнд хөөрөх нь хөөрч, матрын нулимс унагах нь унагах зуур санаж байгаа “толгой” байна уу энэ улстөрчдөд. Хэдэн жил дуншиж одоо л энэ засгийн нүүрэн дээр шийдэгдчих болов уу гэж горьдож байсан Тавантолгойгоо “татаад унагачихсан” байгааг анхаарах хайхрах хүн байна уу?  

2012/01/09

Тавантолгойн тендер он дамнав

Тавантолгойн тендер он дамнав
Уул уурхайн салбарт өнгөрсөн онд ажил хэрэг болохоор дараалал үүсгэсэн асуудлын нэг Тавантолгойн тендер энэ жил хэрхэх бол.

Их хүлээлтийг үүсгэсэн эхний ажил бол Тавантолгойн тендерийн хариу өнгөрсөн оны гуравдугаар сард хариу нь тодрох байсан ч хоёр сараар хойшилсон. Тавдугаар сард ТӨХ-ны үүдийг сахин байж асуудлыг тодруулахад "Тодорхойгүй хугацаагаар хойшилсон" гэх таамаг төдий хариулт сонсов. Үүнээс хойш дам, сургаар төдийд, өдийд энэ асуудал нэг тийшээ болно гэсэн ч дуншсаар арваннэгдүгээр сартай золгосон юм. Эцсийн дүнд хариулт гарах тодорхой болтол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дүгнэлт, урьд нь баталсан 39 дүгээр тогтоолын заалтыг зөрчсөн гэх шалтгаанаар цуцлагдсан юм.

Уг нь тогтоолын заалтыг дахин харж, тендерийн журмыг янзлаад хариуг нь арванхоёрдугаар сард гаргана гэсэн. Харин энэ удаад ямар ч сураг ажиггүйгээр таг болсон эл асуудлыг энэ онд заавал тодорно гэх хүлээлт хэн бүхэнд буй.

Тавантолгойн Баруун цанхид зарласан олон улсын нээлттэй тендерийн хариунаас ихээхэн шалтгаалах, хувьцаа тараалт гээд бүх үндэстнээр нь хүлээлгэсэн Тавантолгойн тендерийн хариулт 2012 онд лав тодрох биз ээ.

ТӨХ-ний дарга Д.Сугараас утсаар энэ тухай тодруулахад "Одоо энэ сард багтаж хариу гарна" гэсэн. Тиймээс дахин хүлээх л үлдээд байна.

Тавантолгойн хувьцааг АНУ, Орос, Хятад бус Монголын олигархиуд залгина


Хятадын Shenhua Energy корпорацийн Тавантолгойн нүүрсний орд газрыг хамтран боловсруулах тухай урьдчилсан гэрээг Монголын Үндэсний аюулгүйн зөвлөл хүлээж авсангүй. Монголын Үндэсний аюулгүйн зөвлөл нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаас бүрддэг бөгөөд тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны ажилтан С.Батзаяа энэхүү хориг тавьсан шийдвэрийн учир шалтгааныг хэлсэнгүй гэж Синьхуа агентлаг тухайн үед мэдээлж байсан билээ. Shenhua Energy-ийн талд шийдвэр гаргаагүй явдал нь Хятадын корпораци дэлхийд томоохонд тооцогдох өндөр зэрэглэлийн нүүрсний орд газрыг боловсруулах ажлын явцдаа хүндрэлтэй тулгарсныг харуулав. Тавантолгойн нөөц нь зургаан тэрбум тонн нүүрсээр хэмжигдэж байна. Үүнээс Баруун Цанхийн талбайд 1.2 тэрбум тонн нүүрс олборлох боломжтой байгаагийн 65 хувь нь коксжих нүүрс юм. Уг орд газрыг ашиглалтад оруулснаар жилийн олборлох хэмжээ нь 15 сая тоннд хүрэх төлөв бий.

Шинжээчдийн хийсэн судалгаанаас харахад, Тавантолгойн ашигт малтмалыг 30 гаруй жил олборлох боломжтой байгаа бөгөөд энэхүү орд газар нь Хятадын хилээс 270 километрийн зайд оршиж байна. Монголын Засгийн газар өнгөрөгч оны долоодугаар сарын таванд УИХ-д Тавантолгойн төсөл дээр шалгарсан компаниудыг танилцуулсан байдаг. Чингээд Хятадын Shenhua Energy группт уг төслийн 40 хувийн хувьцаа, Орос, Монголын хамтарсан консорциумд 36 хувийг, Америкийн Peabody Energy корпорацид 24 хувийг эзэмшүүлэхээр тогтоод байв. Гэвч энэ бүхэн Үндэсний аюулгүйн зөвлөл дээр очоод бүдэрсэн нь цаанаа нарийн учиртай аж. Учир нь эдгээр гадны томоохон компаниудын цаана үндэсний хөрөнгөтнүүд, улс төрийн луйварчид байгаа нь тодорхой болсон бөгөөд ганцхан жишээ хэлэхэд, зөвхөн Америкийн Peabody Energy-гийн цаана л гэхэд Монголын "Бодь" групп байгаа гэх мэдээллийг эх сурвалжаас өгөв.

2012/01/04

Тавантолгойд зэхсэн КРЕМЛИЙН “БЭЛЭГ”



Тавантолгойн нүүрсний ордын Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж хамтран ажиллахаар шалгарсан компаниудтай хийж буй хэлэлцээ мухардмал байдлаас гаралгүй шинэ онтой золголоо. Өмнөх хэлэлцээний дүнд ОХУ-ын “Оросын төмөр зам” нэгтгэлээр удирдуулсан Японы “Сүмитомо”, “Иточү”, “Марүбэни” компаниуд, БНСУ-ын “Корес” группээр ахлуулсан 11 компанийн нэгдэл өөрт ногдсон хувь хэмжээгээ чамласнаар ийн тендер буцаж, хагас жил гаруйн турш дуншсаар байгаа юм. Засгийн газар өнгөрсөн оны зургаадугаар сард өндөрлөсөн хэлэлцээний дүнд БНХАУ-ын “Шинхуа” группэд 40, АНУ-ын “Пибоди”-д 24, ОХУ, Монгол Улсын хамтарсан консорциумд 36 хувийг (18:18) хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Оросын тал 18 хувиа бага хэмээн заалдаж, хэлэлцээний ширээнд эргэж суухдаа Монголын Засгийн газарт хатуухан болзол тулгах болжээ. Хэлэлцээнд оролцогч Америк, Хятадын талуудын хувьд Баруун Цанхийн гэрээг Монголын Засгийн газраас зарласан хувь хэмжээгээр байгуулахад огт татгалзсан зүйлгүй гэдгээ илэрхийлж байгаа аж.
“Шинхуа”, “Пибоди” Тавантолгойд ажлаа даруй эхлүүлэхэд бэлэн боловч Кремлийн байр суурийг Засгийн газрын Ажлын хэсэг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас Баруун Цанхийн гэрээг УИХ-д 2011 онд багтаан өргөн мэдүүлэх манай талын төлөвлөгөө ч гацаанд байна. Япон, Солонгосын компаниудыг эгнээндээ нэгтгэн удирдаж буй ОХУ-ын “Оросын төмөр зам” нэгтгэл Монголын Засгийн газарт хувь хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлага тавиад байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тавантолгойн Ажлын хэсгийн ахлагч, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг тэр үед Оросын хувийг нэмэх хувилбар хайж байгаа талаар ярьж байсан. Гэвч Монголын 18, Америкийн 24, Хятадын 40 хувиас хасах замаар “Оросын төмөр зам”-ын хувийг нэмж Кремлийн бухимдлыг барагдуулах яриа хөөрөө үр дүнд хүрээгүй бололтой. Хамгийн сүүлд авсан мэдээгээр бол, Тавантолгойн ордод шинээр тавигдах төмөр замыг Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмчлөлд бүрэн авах шаардлага тавьж байгаа юм байна.
“Энэ компанийн 50 хувийг эзэмшиж байгаа эрх мэдлийн хүрээнд Оросын тал Тавантолгойн нүүрсний тээвэрлэлт, дэд бүтцэд хяналт тогтоох арга зам эрэлхийлэх болсноор Баруун Цанхийн хэлэлцээнд нааштай алхам хийгдээгүй” гэж Ажлын хэсэгт ойр эх сурвалж өгүүллээ. Үүнээс үзэхэд “Улаанбаатар төмөр зам” нэгтгэлийн 50 хувийг Монголын тал эзэмшдэг боловч үүндээ “омогшин” Тавантолгойн бүсэд тавигдах төмөр замаар оросуудад найр тавих гарцыг Монголын Засгийн газар сонгох бодолгүй байгаа хэрэг болов уу. Тавантолгойн сонгон шалгаруулалтын эхнээс л ганзага хоосон буцаах аргагүй хоёр компани нэрлэгдсэн нь манай улсын өмнөд, хойд хөршүүдийн “Шинхуа Энержи”, “Оросын төмөр зам” байв. Үнэндээ ч Тавантолгойн хоёр талд наалдах шахам байршдагийн хэрэг юу билээ гэсэн шиг хамгийн их амбийцалж байгаа нь ч энэ хоёр компани юм. Гэвч хоёр хөршийн оролцоо Тавантолгойд бялууны хэрчим шиг өөгүй тэнцүү байна гэсэн “теорем” байхгүй.
УИХ-ын 39 дүгээр тогтоолд дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, борлуулалт, хөрөнгө оруулалтын нөхцөлөөр ялагчдыг шалгаруул л гэсэн. “Оросын төмөр зам” “Шинхуа” хоёр, “Пибоди”-тай хувь барьцахад эдийн засгийн бодитой шалтгаан дутсан мэдээлэл бий. Яагаад Хятадад 40 хувь оноосны учрыг хөрш орон гэсэн ганц тайлбараар Оросын тал хараад байх шиг. Хятадын тал Тавантолгойгоос эрчим хүчний нүүрс худалдаж авах, цахилгаан станц барих зэрэг няцаах аргагүй олон боломжийг санал болгосон. Америкийн хувьд санхүүгийн зах зээл дэх Тавантолгойн хувьцааны ханшаар дэнчингээ өсгөсөн хэрэг. Ажлын хэсэг үндэсний аюулгүй байдал, гуравдагч зах зээл, техник технологийн шаардлага, санхүүгийн зах зээл дэх нэр хүнд зэргийг харгалзан хувь оноолтоо эргэн харахад бэлэн суугаа боловч Кремлээс өмнийн говийн Тавантолгойд зэхсэн “бэлгийг” шуудхан хүлээн авах боломжгүй байгаа аж.
Ийнхүү Баруун Цанхийн хэлэлцээ мухардмал байдалд орсон гээд Монгол Улсын Засгийн газар Тавантолгойд гараа хумхих боломжгүй юм. Засгийн газар одоо хэрхэх бол? 2012 оны улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлэх нүүрсний зах зээлийн “саалийн үнээ” бол яах аргагүй Тавантолгой. Баруун Цанхиар Монголын орлогыг гацаах бодит бэрхшээ лийг хэлэлцэгч талаас бий болгож байгаа хэдий ч Засгийн газарт гарц байх ёстой. Энэ нь Зүүн Цанхи байж болох юм. Энэ бол Монголын бүрэн эрхийн хэрэг. Баруун Цанхи зогслоо гэхэд экспортоо эхлүүлж байгаа Зүүн Цанхийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хурдлуулж, эдийн засгийн эргэлтийг нэмэх боломжтой шүү дээ. Харин Кремлийн зүгээс Тавантолгойн хэлэлцээ дуншиж байгаа шалтгааныг өөрсдөөсөө түлхэж байгаа. ОХУ-ын Засгийн газрын дээгүүр албан тушаалтан “Коммерсант”-ын сэтгүүлчид "Монголчууд мэхт мэхэндээ гэгч болж байна даа” хэмээн ярьжээ. Түүнчлэн “Монголын Парламентын сонгуулийн дүн гарсны дараа л Тавантолгой төслийн хувь заяа шийдэгдэнэ” гэсэн байх юм. АН-ыг тэргүүлж асан, одоогийн Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд нарын улс төрийн тэмц лийн талбар болсон учраас 2012 онд УИХ шинээр бүрэлдэхээс нааш Тавантолгойн гацаа шийдэгдэхгүй хэмээн Оросын хэвлэлүүд цэцэрхэж байна.