2011/11/18

Тавантолгойн хувьцааны асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болов

Тавантолгойн хувьцааны асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болов
УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг иргэдэд үнэгүй эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь борлуулах, 29 хүртэлх хувийг дотоод гадаадын хөрөнгийн бирж дээр борлуулахаар заасан байдаг.

Харин нэр бүхий гишүүд аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарах 10 хувийн хувьцааг иргэдэд үнэгүй эзэмшүүлж, иргэдийн эзэмших хувийг 20 хувь болгох санал гарч Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэн УИХ-аар хэлэлцүүлэхээр болоод байна.

Өнөөдрийн чуулганаар энэхүү асуудлыг хэлэлцэх шаардлага байна уу гэсэн горимын саналыг С.Эрдэнэ гишүүн гаргасан ч гишүүд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр Тавантолгойн хувьцааны асуудлыг хэлэлцэхээр боллоо.

С.Эрдэнэ гишүүний үзэж буйгаар, Монголын төр хувийн аж ахуйн нэгжүүдийг дандаа татвараар дарамтлах зүйлийг хийдэг. Ганц удаа компаниудаа дэмжих тогтоол гаргаснаа өөрчлөх хэрэг байна уу гэсэн юм.

39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах гол үзэл баримтлал нь Монгол улсын иргэдийг ялгаварлан гадуурхахгүй, баялгийг тэгш хуваарилах нь зүйтэй гэж үзсэнээ гишүүд хэлж байгаа.

Монгол улсад 2010 оны зургаадугаар сарын байдлаар Монгол улсад 57 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байснаас тал гаруй нь тайлан өгч татвар төлдөггүй, 1-2 хүнтэй ажилладаг бол үлдсэн 23 мянга орчим компани нь 2700 иргэний эзэмшилд бий гэсэн судалгаа гарчээ. Дээрх 2700 орчим иргэн дунд 1-2 компанитай нь ч байхад 50-60 компанитай хүн ч байгаа аж.

2011/11/15

“Эрдэнэс Тавантолгой”-н 20 хувийг иргэдэд өгөх эсэхийг УИХ-аар шийдвэрлэнэ


“Эрдэнэс Тавантолгой”-н 20 хувийг иргэдэд өгөх эсэхийг УИХ-аар шийдвэрлэнэ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өглөө хуралдаж, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах нэр бүхий гишүүдийн өргөн барьсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Я.Батсуурь нарын нэр бүхий гишүүд болон Одбаяр нарын нэр бүхий гишүүд 39 дүгээр тогтоолыг өөрчлөх тухай тусдаа тогтоолын төсөл өргөн барьсныг хамтатган хэлэлцсэн юм. 

УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг иргэдэд үнэгүй эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь борлуулах, 29 хүртэлх хувийг дотоод гадаадын хөрөнгийн бирж дээр борлуулахаар заасан байдаг. Харин дээрх нэр бүхий гишүүд аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарах 10 хувийн хувьцааг иргэдэд үнэгүй эзэмшүүлж, иргэдийн эзэмших хувийг 20 хувь болгох саналтай байгаа аж. Энэхүү тогтоолын төслийг Засгийн газар болон УИХ дахь МАН, АН-ын бүлэг дэмжсэн болохоор Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм. 

Тогтоолын төсөл санаачилсан нэр бүхий гишүүд өөрсдийнхөө ямар үндэслэлээр 39 дүгээр тогтоолыг өөрчлөх болсноо танилцуулсан. Гол үзэл баримтлал нь Монгол улсын иргэдийг ялгаварлан гадуурхахгүй, баялгийг тэгш хуваарилах нь зүйтэй гэж үзсэнээ гишүүд хэлж байв. Монгол улсад 2010 оны 6-р сарын байдлаар Монгол улсад 57 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байснаас тал гаруй нь тайлан өгч татвар төлдөггүй, 1-2 хүнтэй ажилладаг бол үлдсэн 23 мянга орчим компани нь 2700 иргэний эзэмшилд бий гэсэн судалгаа гарчээ. Дээрх 2700 орчим иргэн дунд 1-2 компанитай нь ч байхад 50-60 компанитай хүн ч байгаа юм. 

Мөн аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг зарах нь Монголын эдийн засаг уул уурхайн салбараас бүрэн хараат болох зам руу орно хэмээн гишүүд үзжээ. Өнөөдөр Монгол улс эдийн засгаа уул уурхайн салбараас аль болох хараат байлгаж, бусад салбаруудыг дэмжихээр яригдаж байгаа энэ үед жижиг том гэлтгүй бүх компаниудад хувьцаа зарвал жижиг компаниуд бизнесээ орхиод уул уурхайн салбар руу орох боломжийг бүрдүүлээд өгчихнө хэмээн тогтоолын төсөл санаачилсан гишүүд үзжээ. Тийм болохоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн аж ахуйн нэгжүүдэд зарах хувьцааг 2700 компанийн эзэнд биш 2,7 сая иргэндээ өгье хэмээн тогтоолын төсөл санаачилсан Я.Батсуурь гишүүн хэлсэн. Мөн дотоодын аж ахуйн нэгжүүдийн олон талаар дэмжиж байгаа болохоор заавал уул уурхайтай холбох гээд байх шаардлагагүй. Ноос ноолуурын салбарт 300 тэрбум төгрөг өгсөн гээд төрөөс зээл, тусламж, баталгаа, татварын хөнгөлөлт чөлөөлөлт гээд олон талаар хувийн хэвшлийнхнийг дэмжиж байгаа шүү гэдгийг Батж.Батбаяр гишүүн хэлж байв. 

Харин энэхүү тогтоолын төслийг эсэргүүцэж байгаа гишүүд ч цөөнгүй байсан юм. Тухайлбал Д.Тэрбишдагва, Н.Батбаяр, С.Бямбацогт, Р.Буд зэрэг гишүүн өнгөрсөн жил 39 дүгээр тогтоолыг баталж байхад гараа өргөн дэмжчихээд одоо гэнэт ямар шалтгаанаар шийдвэрээсээ ухраад байгааг асуусан. УИХ-ын гишүүн Р.Буд “Монголын төр өчнөөн судалж шинжилж байж гаргасан шийдвэрээ байнга эргэж буцдаг тийм уймраа чавганц шиг болчихлоо. Энэ нь хууль эрхзүйн орчны тогтворгүй байдлыг бий болгож, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байгаа шүү” хэмээн нэлээд шүүмжлэлтэй хандаж байв. УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Бид 39 дүгээр тогтоолыг батлахдаа тэгш хуваарилалт, тэгш боломжийг өгсөн. Одоо өөрчлөх юм бол тэгш боломжийг нь үгүй хийгээд тэгш хуваарилалт болгочихно. Өнөөдөр өдрийн 15 мянган төгрөгийн цалинтай барилгын ажил голсон хэрнээ амьдар хэцүү байна, төр бидний тэжээх ёстой гэж ярьж байгаа хүн олон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 20 хувийг өгөх юм бол ийм хүний тоо цаашид улам л нэмэгдэж, бэлэнчлэх сэтгэлгээг улам гүнзгийрүүлэх болно. Австралийн уугуул иргэд яг ингэж газрын баялгийн хувь хүртэж суусаар өнөөдөр мөхөж байгаа шүү дээ” гэв. Дээрх гишүүд Монгол улсын эдийн засаг, ДНБ-ийн ихэнх хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байгаа болохоор тэдэнд өсч өргөжих боломж олгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан юм. 

Үүнээс гадна гишүүдийн хамгийн их сонирхож байсан асуудал бол хувааж өгөх гээд байгаа хувьцааны үнэ байв. ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайд Ч.Хүрэлбаатар дээрх асуултад “Зөвлөх банкуудтайгаа энэ тал дээр их ярьж байгаа. Одоогоор нэрлэсэн үнэ нь хэд байх вэ гэдэг тодорхой болоогүй байна. Ямар ч байсан хөрөнгө оруулалтын банкууд ямар үнийн санал боловсруулснаа Засгийн газрын хуралдаанд танилцуулах байх. Ямар ч байсан дотоод болоод гадаадын хөрөнгийн бирж дээр 29 хувиа зараад 3 тэрбум орчим ам.доллар босгоно гэж тооцоолж байгаа” хэмээн хариулсан юм.

Тавантолгойн хувьцаа талцуулж байна



Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбоотойгоор УИХ 2010 оны долдугаар сард тогтоол баталж, “Эрдэнэс МГЛ” компанийн харьяа “Эрдэнэс тавантолгой” компанийг байгуулан Монгол Улсын нийт иргэдэд 10 хувийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх, үндэсний аж ахуйн нэгжүүдэд мөн 10 хувийн хувьцааг нэрлэсэн үнээр нь арилжаалах шийдвэрийг гаргасан юм. Гэвч “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас үндэсний аж ахуйн нэгжүүдэд 10 хувийн хувьцааг нэрлэсэн үнээр нь арилжаалах нь шударга бус хуваарилалт бий болгох болж буй учраас дахин нийт иргэддээ 10 хувийн хувьцаа эзэмшүүлэх нь илүү ончтой шийдэл болно хэмээн УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Д.Одбаяр, Батж.Батбаяр, Д.Хаянхярваа нар үзэж, хуулийн төсөл санаачилсныг Засгийн газар дэмжсэн. Энэ асуудал УИХ дахь хоёр намын бүлгээр мөн хэлэлцэгдээд дэмжлэг хүлээсэн бөгөөд одоо УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. Эл асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт  “Иргэдэд нэмж “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас нэмж 10 хувийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх нь ажил хөдөлмөр эрхлэх сонирхолгүй болгоно гэж үзэж байна. Ер нь өнгөрсөн хугацаанд иргэн бүрт 21 мянган төгрөг тарааснаас болж нэг өдөр 15000-20000 төгрөгөөр барилгын ажил хийчих хүн олдохгүй болжээ.  Болж өгвөл зүгээр сууж байгаад мөнгө авчих санаатай иргэн олон болсны зэрэгцээ мөн төрийн албанд ажилд орох сонирхолтой иргэдийн тоог өсгөжээ. Тиймээс төр дахиад Тавантолгойн хувьцаанаас иргэдэд үнэ төлбөргүй олгоно гэвэл ДНБ-ийн 80 хувийг бүрдүүлж буй аж ахуйн нэгжид хэн ажиллах болж байна вэ. Үүнд нэг тоймтой хариулт өгөөч гэлээ.

Дээрх асуултад хуулийн төсөл санаачилсан гишүүд хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн Я.Батсуурь: -Бидний хувьд судалгаа хийж үзсэн. Монгол Улсад өнөөдөр 57 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс тэдний 80 хувь нь алдагдалтай ажилладаг. Ингээд ашигтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд нь ердөө 2700 хүний гарт төвлөрч байна. Тэгэхээр “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг 2700 хүнд өгөх үү, 2.7 сая иргэндээ тэгш хуваарилах нь зөв үү гэдэг сонголтын өмнө ирж байгаа. Эцсийн дүндээ аж ахуйн нэгжүүдэд иргэд ажиллаж баялаг бүтээдэг. Хэрвээ аж ахуйн нэгжүүдэд дээрх хувьцааг олгоно гэвэл эзэд л авна. Тэр компанид ажиллаж байгаа ажиллагсдад энэ хувьцаа хуваарилагдахгүй. Тийм учраас иргэн бүртээ олгох нь зөв алхам болж байгаа гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Батж.Батбаяр: -Хэрвээ та бүхэн ард иргэдэд хувьцаа тараах нь буруу юм гэж бодоод бидний судалгаанд итгэхгүй байгаа бол ард түмнээс асуу. Аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс тавантолгой” компанийн 5000 хувьцаа өгөх үү, аль эсвэл ард, иргэдэд 536 ширхэг хувьцаа хуваарилах нь зөв байна уу гэдгийг асуухгүй юу. Энд ингэж талцаж суухаар. Ер нь УИХ-ын гишүүд та бүхэн их сонин сонин юм ярьж байна. Яахаараа ард иргэд хувьцаа эзэмшиж болдоггүй, аж ахуйн нэгжийн захирлууд болохоор хувьцаа эзэмшиж болдог юм бэ. Дан ганц компанийн захирлууд “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг баялаг болгож чаддаг, жирийн иргэд болгож чадахгүй гэсэн ойлголтоор хандах нь буруу. “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаа 7000 ам.долларт хүрнэ гэж байна, олон улсын хөрөнгийн бирж дээр. Тэгвэл иргэд 7000 ам.долларт хүрэх хувьцааг 70000 ам.доллар, бүр 700 мянган ам.долларт хүргэг л дээ. Энэ хувьцаа чинь бэлэн мөнгө тараахаас өөр зүйл гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Батбаярын хувьд “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь арилжаалах ёстой байсан. Аж ахуйн нэгжүүдэд хувьцаа арилжаалахыг дэмжиж гар өргөн кноп дарсөн гишүүд одоо огт өөр юм яриад сууж байгаа нь ойлгомжгүй байдал үүсгэж байна. Ер нь “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас ард иргэдэд нэмж 10 хувийг үнэгүй эзэмшүүлнэ гэсэн энэ шийдвэрээс чинь болж Тавантолгойн хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр үнэлгээ нь хоёр дахин буурах болно шүү гэсэн юм.

Үүнтэй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар санал нийлэхгүй байгаагаа мэдэгдлээ. Учир нь “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг ард иргэд эзэмшихээр хувьцааных нь үнэ хоёр дахин буураад, аж ахуйн нэгж эзэмшихээр үнэ нь өсөөд байдаг гэсэн ойлголт байж болохгүй. Үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьд энэхүү хувьцааг худалдан авах эрх нээлттэй. Хэрвээ иргэд хувьцаагаа зарна гэвэл түүнийг нь үндэсний аж ахуйн нэгжүүд авах боломжийг нээж өгсөн байгаа гэсэн юм.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Тавантолгойн зарим асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана.

1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:


- “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- “Монгол Улсын төрийн захиргаа болон нийгэм, эдийн засгийн салбаруудад Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

- “Монгол Улсын Эрдэнэсийн гүйлгээний сангийн 2011 оны орлого, зарлагын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

- Бусад.

2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:


- Цахим гарын үсгийн тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

- Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлт;

- Бусад.

3. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:


- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл /эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

- Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлт;

- Цахим үнэмлэхний тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын танилцуулга сонсох;
- Бусад.

4. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

- Нийгмийн суурь тэтгэврийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, "Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тогтоох тухай", "Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

- “Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/.

Тавантолгойн хувьцаанаас ард түмэнд 24, Үндэсний аж ахуйн нэгжүүдэд арван хувь олгохыг шаардлаа

Тавантолгойн хувьцаанаас ард түмэнд 24, Үндэсний аж ахуйн нэгжүүдэд арван хувь олгохыг шаардлаа
Тавантолгойн хувьцааны асуудлаар аж ахуй нэгжүүдийн зөвлөлдөх уулзалт МХАҮТ-д өчигдөр боллоо.

Засагт хамтарсан хоёр намын бүлэг УИХ-аас хэлэлцэж баталсан "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" 39 дүгээр тогтоолын "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны арван хувийг аж ахуй нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах тухай заалтыг цуцлах асуудлыг хэлэлцэж дэмжсэн тухай мэдээлэл гаргасныг "Монгол-999" нэгдэл, аж ахуй нэгжийн удирдлагууд эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Зөвлөлдөх уулзалтаар үндэсний аж ахуй нэгжүүд түүний дотор хувийн хэвшлийнхэн Монголын эдийн засагг ямар үүрэг гүйцэтгэж байгааг хэд хэдэн зүйлээр дүгнэж, УИХ өмнө гаргасан тогтоолоо сайжруулах бус эргэж буцсан шийдвэр гаргасан тохиолдолд ямар сөрөг нөхцөл байдал үүсэхийг хэлэлцэж гарц хайсан юм.

Эцэст нь УИХ-ын гишүүдээс ард түмэнд эзэмшүүлэх хувьцааны тоог нэмэгдүүлж, аж ахуй нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь хувьцаа худалдах заалтыг хэвээр үлдээж, Монголын ард түмэнд 24, Үндэсний аж ахуй нэгжүүдэд 10 хувь гэсэн шийдвэр гаргахыг шаардлаа.

Ганц Тавантолгой ч биш Монголын байгалийн баялгаар эрх мэдэл бүхий цөөн хүн тоглож байгааг иргэд буруушаан шүүмжилдэг. Тэгвэл өнөөдөр ард түмэн, аж ахуй нэгжүүд хамтран тэдний эсрэг тэмцэхэд бэлэн, газрын баялгийг эзэмшихэд эдийн засгийн ч, үзэл бодлын ч эргэлт хийх ёстой гэсэн уур амьсгал нийгэмд ноёрхож байгаа нь эрх баригчдад сэрэмжлүүлэг болох биз.

Зөвлөлдөх уулзалтын үеэр оролцогчдын байр, суурийг сонирхлоо.

"Монгол-999"-ийн ТУЗ-ийн гишүүн Ц.Амарбат:
ЭРХ БАРЬЖ БАЙГАА ХЭДЭН ХҮН МОНГОЛЫН БАЯЛГААР ТОГЛОЖ БАЙНА

-Гол асуудал нь Монголчууд газрын баялгийнхаа эзэд болцгооё гэж байгаа. Бүх юмны утга учир тэр. Өнөөдөр ард түмэн газрын баялгаа эзэмших ёстой гэсэн хоосон лоозон байгаа болохоос яг эзэмшсэн юм алга. Тиймээс энэ асуудлыг хувиараа бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд босгож ирсэн. УИХ үүнийг соргогоор хүлээж авч 2010 оны долдугаар сарын 7-нд түүхэн шийдвэр гаргасан. Тэр нь 39 дүгээр тогтоол.

Түүнийг хэрэгжүүлэх үүднээс хоёр оны зааг дээр хувьцаа эзэмшигчдийн болон Хөрөнгийн биржийн асуудлыг гарган тавьж, ажил өрнөж байтал тодорхой бизнесийн бүлэглэлүүдийн захиалгаар нэг Баагий болиулъя, ингэж болохгүй гэсэн юм яриад байгаа. Өөрөө бизнесээс гарч ирчихээд бизнесийн төлөөллийн саналыг эсэргүүцнэ гэдэг байж боломгүй. Ард түмэнд өгч болно, түүнийг ерөөсөө эсэргүүцэхгүй.

Тэгвэл бид газрын баялагтай, газартай холбоотой бизнес хийж байгаа компанийн хувьцааных нь 20 хувийг Монголын ард түмэнд эзэмшүүлж болох учиртай. Эцсийн бүлэгт тэр баялгийг хэн бүтээсэн юм бэ, байгаль дэлхий. Өвөг дээдэс маань тэр газрыг авч үлдээд бидэнд өвлүүлсэн. Гэтэл өнөөдөр эрх барьж байгаа хэдэн хүн тоглож байна. Үүний эсрэг хувийн хэвшил, иргэд нийтээрээ тэмцэх ёстой. Бизнес эрхэлж байгаа хүмүүс өнөөдөр бүх эрсдэлийг үүрч, түрээс, татвараа төлж, ажилчдынхаа цалинг тавьж байгаа чирэгчид.

Гэтэл тэднийг яагаад эсэргүүцээд байгаа юм бэ, юу нь болохгүй болчихоод хувийн хэвшлийнхэнд сонин байдлаар хандаад байгаа юм бэ. Энэ нөхцөл байдалд яагаад гэдэг асуулт тавигдаж таарна. Үүний төлөө бид босч тэмцэх ёстой. Эцсийн бүлэгт бүх зүйлийн утга учир нийгмийн зөвшилцөлд байх учиртай.

-Нэг Баагий гэж та хэнийг хэлж байна?
-Та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Тэр бол "молекул" Батбаяр. Тэр нөхөр л бүхнийг шийдэх гээд яваад байгаа. "Аж ахуй нэгжийн нэгээс нь булааж авчихаад нөгөөд өгнө гэж юу яриад байгаа юм бэ. Би үүнийг ерөөсөө ойлгохгүй байна" гэж хэлсэн өөрийнх нь үгийг та нар сонссон байх.

"Монгол 999 үндэсний нэгдэл" хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ө.Мөнхбат:


-Засгийн газраас 2700 орчим иргэний мэдэлд 23 мянган үндэсний компани байгаа гэх тооцоог гаргасан гэсэн мэдээлэл бий. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ. Мөн Тавантолгойн хувьцааны талаар ямар бодолтой байна?
-"Монгол 999 үндэсний нэгдэл" компанид хувь нийлүүлсэн 2000 орчим компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгдсэн хувьцаа эзэмшигчдийн тоо 48 мянга болдог. Мөн "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв"-өөс гаргасан мэдээгээр 357 мянган иргэн компанийн хувьцаа эзэмшдэг гэсэн судалгаа бий.

Тавантолгойн асуудалд иргэд, аж ахуйн нэгжүүдийг ялгаж үзэж болохгүй. Компаниуд "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны 10 хувийг худалдаж авснаар тэнд хяналт бий болно. 2.8 сая хүн нэг компанийг хянана гэдэг хэцүү. Түүний оронд хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж, Монгол Улсад татвар төлж байгаа компаниуд хяналт тавихад амархан. Эрдэнэтэд хахууль, шахааны бизнес яаж хөгжсөн билээ. Тавантолгой түүнтэй л адил болно.

Түүний оронд бид хувьцаагаар хийсэн хөрөнгө оруулалтдаа илүү хариуцлагатай хандана. Бидний тооцоолсноор Тавантолгойн 10 хувь нь 70-100 тэрбум төгрөг болж байгаа. Тэр мөнгөөр Хонконг эсвэл Английн бирж дээр хувьцаа гаргах анхан шатны хөрөнгө босчихно. Бид өнгөрсөн жилээс Тавантолгойд 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийе гэж хүсэлт гаргахад хариу өгөөгүй. Тэгсэн атлаа Хятадын компаниас 250 сая ам.долларын зээл авчихсан нь төр Монголчуудаасаа илүү гадаадынхныг дэмждэгийн илрэл.

2011/11/10

Тавантолгойн хувьцааг Лондонгийн биржид гаргана



Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг Лондон, Хонконг, Монголын хөрөнгийн бирж дээр тус бүр гарган арилжаалах шийдвэр гаргалаа. Ингэснээр Тавантолгойн хувьцааг үнэ цэнэтэй болгох алхам бүрдэнэ хэмээн үзэж байна. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, зарим асуултад хариулт өглөө. Тэрбээр “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг Лондон, Хонконг, Монголын хөрөнгийн бирж дээр гаргаж борлуулах боломжтой байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ хүрээнд Их Британид бүртгэлтэй “Эрдэнэс тавантолгой пи эль си” компани байгуулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр манай Тавантолгойн орд газар үнэд хүрэх, хувьцаа нь ихээхэн эрэлттэй байх бололцоо бүрдэнэ. УИХ-ын 39 дүгээр тогтоолд зааснаар Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс тавантолгой”-н компанийн хувьцаанаас тодорхой хувь эзэмшихээр болсон. Өөрөөр хэлбэл, энэхүү шийдвэр нь Тавантолгойн хувьцааг хамгийн өндөр үнэлгээнд хүргэж болох хувилбараар шийдэж байгаа нь энэ юм” гэлээ.
-Шийдвэрээ гаргачихлаа, харин ажил хэзээнээс эхлэх вэ?
-Цаг хугацаа ер нь тулчихсан байгаа. Дээрх биржүүдэд хувьцааг гаргахаар зөвхөн бүртгэлийн ажил гурваас дөрвөн сар үргэлжилнэ. Тэгэхээр Засгийн газрын хувьд Лондонгийн биржид Тавантолгойн ордын хувьцааг бүртгүүлэх ажлыг яаралтай зохион байгуулах болж байгаа.
-“Эрдэнэс тавантолгой”-н хувьцааны нэгж хувьцааны үнэ хэд байх вэ. Ард иргэд хэдий хэмжээний үнэ цэнэтэй хувьцаа эзэмших болсноо мэдмээр байна гэж өнгөрсөн хугацаанд нэлээд сураг тавьж ирлээ?
-Одоохондоо үнэлгээг хийж амжаагүй байна. Ойрын хугацаанд энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ.
-Хэд байх боломжтой гэж үзэж байгаа вэ?
-Урьдчилсан байдлаар одоогоор УИХ-ын 39 дүгээр тогтоолд зааснаар 29 хувь гэж байгаа. Түүгээр тооцохоор гурван тэрбум ам.доллар орчим болох тооцоо гарч байгаа.

Хишиг, хувьцааны аль нь үнэтэй вэ?



Байзаарай, хувьцаа гэж юу билээ?
 Энэ долоо хоногт УИХ, Засгийн газрын гаргах эн тэргүүний шийдлийн нэг нь Тавантолгойн хувьцааг хэрхэн хуваарилах асуудал бололтой.

Эх орны хишиг 1,5 сая төгрөгөө өгөхийн хамт, 2,2 сая хүнд Тавантолгойн хувьцааг өгөх эсэх нь олон нийтэд тодорхой бус байна. Анх иргэн бүрт 536 хувьцаа өгнө гэсэн бол энэ нь одоо УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлийн хэлснээр 1047 болж өссөн бололтой. Гэхдээ тоог чанарт шилжүүлбэл ямар хариулт гарах бол.

Учрыг дэлгэхээс өмнө хувьцаа гэж чухам юу болох, ялангуяа хувьцааны талаар цухас дурдъя. Дэлхийн хамгийн баян хүн, одоо АНУ-ын эдийн засгийн сахиулсан тэнгэр нь болоод байгаа Уорн Баффет энэ л зах зээл дээр дөрөөлж, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Хувьцаа худалдаж аваад, үнэ хүрэхэд нь зарж болдог. Тэрээр багаасаа хэрсүүжсэн гэдэг.

Жижиг Тавантолгойн хувьцааны ханш 2008 онд Монголын хөрөнгийн биржид 105 төгрөгөөр арилжигдаж эхлээд, өнгөрсөн онд нэг сая 400 мянган тегрөг хүрсэн билээ. Хамгийн багаар бодоход ханш нь 10 мянга дахин өссөн байна. Хот, хөдөөнийнхөн хөрөнгийн биржийн ягаан байшингийн гадна хэдэн өдөр дарааллаж, энэ хувьцааг өөрийн болгох гэж шуугилдаж байсныг уншигчид санаж байгаа биз.

"Баянгол" 2009 онд 16 мянган төгрөгийн ханштай байсан бол өчигдрийн байдлаар бараг гурав дахин өсч 39 мянган төгрөгт хүрсэн байх юм. Аргагүй л аазгай хөдөлгөсөн, хэтэвчээ бариад хөрөнгийн биржид дугаарламаар сайхан мэдээ байгаа биз.

Байзаарай, бас учир бий. Олон нийтэд нээлттэй, алдагдалтай эвлэрдэггүй, бусдын юмаар хүүдэгнэдэггүй компанийн хувьцаа л авсан эзнээ хуурахгүй. Хатуу дүрэмтэй энэ зах зээлд алдах эрх нь компанид, хохирол нь иргэдийн нуруунд буудгаас болгоомжлохыг хаа сайгүй л сануулдаг. Эх орны хишиг ирэх оны зургадугаар сар хүртэл тараагдаж дуусах учиртай. Хувьцааг иргэн бүрт өгөх гээд байгаа нь сонгуульд тэсч үлдэх гэсэн улстөрчдийн тохироо ч байж мэдэх. Тэглээ гээд үр ашигтай, авсан, өгсөндөө өлзийтэй бол ярих юм алга. Эсвэл тараах мөнгө нь хүрэхээ байгаад оронд нь Тавантолгойгоороо дэнчин тавьж байж ч болзошгүй. Эдийн засагчид ч ийн хардаж буйгаа нуусангүй.

Д.Сугар: "Эрдэнэс-Тавантолгой"-н хувьцааны үнэ 300-1000 төгрөгт хэлбэлзэнэ


Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар өнгөрсөн гуравдугаар сард ийн хэлж байлаа. Харин Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-иин дарга Б.Баярсайхан өнгөрсөн сард "Одоогийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой компаний хувьцааны нэрлэсэн үнэ гэж гараагүй байгаа. Ер нь нэрлэсэн үнэ компани хэр зэрэг үйл ажиллагаа явуулж байна вэ, хэр сайн байгаагаас хамаарч үнэ нь өндөр байх уу бага байх уу гэдэг нь шийдэгдэнэ" гэсэн юм.

Гэтэл "Иргэний хувьцаа" төрийн бус байгууллага нэг хүн хэдэн төгрөгийн хувьцаа эзэмших боломжтойг тооцоолжээ. Энэ тооцоогоор 13 мянган ам.долларын хувьцаа эзэмших боломжтой аж.

Лондоны хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн гүйцэтгэх захирал Максим Кондратжукс: Тавантолгойд олон асуудал тулгарч байна


"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг арилжаалах ажлыг Лондоны металлын бирж эхлүүлэхээр болсон. "Тавантолгойн ордод өнөөдрийн байдлаар олон асуудал тулгарч байна. УИХ-аар Үнэт цаасны тухай хуулийг баталсны дараа бид энэ талаар ярьж болох юм. Бид хуулийг л хүлээж байгаа учраас цаг хугацаа гэдэг хүнд асуудал болоод байна" гэж Лондоны хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн гүйцэтгэх захирал Максим Кондратжукс манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.

Олон нийтэд төр, засгаас өгч буй мэдээлэл ердөө л энэ. Гэтэл дэлхий дахин шинэ хямралтай нүүр тулж байна. Зэс, алтны ханш уруудаж буйг Дэлхийн банк мэдээллээ. Хувьцаа бус металл худалдан авах гэсэн гадаадынхны түгшүүр манай эдийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол. Гадаадын биржүүдэд Тавантолгойн хувьцаа үнэ хүрч байж л сая Монголчуудад ашгаа өгнө. Гэтэл Монголын Засгийн газар төсвийн алдагдалд баригдаж, мөнгө тараахаас өөрийг хийхээ больсныг олон улсын байгууллагууд хэлдэг. Энэ тохиолдолд эх орны хишиг, хувьцааны аль нь үнэтэй болж таарах вэ?

2011/11/03

“Эрдэнэс тавантолгой” авто зам тавина


Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр өмнө говь дахь бүтээн байгуулалтын ажилд тулгарч буй бэрхшээлийн талаар мэдээлэл сонсч, дөрвөн чиглэлээр тодорхой ажил зохион байгуулахаар болж, тогтоолуудыг баталсан байна.

Нэгдүгээрт, Тавантолгойн ордод олборлолт эхэлж, Оюутолгойд бүтээн байгуулалтын ажил өрнөж буй ч цахилгаан эрчим хүчний дутагдалтай байгаа гэнэ. Оюутолгой компанийнхны хувьд урд хөршийнхнөөс цахилгаан гуйж яваа. Иймд Тавантолгойн ордыг түшиглэн цахилгаан станц барих, энэ ажлыг “Эрдэнэс тавантолгой” компани хариуцаж гүйцэтгэх ёстой гэж үзжээ. Ингэхдээ Концессын гэрээгээр гүйцэтгүүлээд улмаар төр буцаан өөрийн мэдэлд буцаан авах боломжтой гэж үзсэн юм байна. Мөн Оюутолгойн ордод үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж цахилгаан станц барих шийдвэрийг гаргажээ. Гэхдээ тус станцын хувьд хэрэглэх нүүрсээ Тавантолгойгоос авах ёстой гэдгийг энэхүү тогтоолд онцлон зааж өгсөн байна.

Хоёр дахь асуудал нь авто замтай холбогдож буй юм. Хэдийгээр “Энержи ресурс” компани нь Ухаа худгаас хил хүртэл авто зам тавьсан ч Тавантолгойн ордын нүүрсийг тээвэрлэхэд хүчин чадлын хувьд хүрэлцэхгүй байгаа аж. Тиймээс “Эрдэнэс тавантолгой” компани Тавантолгойн ордоос хил хүртэл хүнд даацын машин тээвэрлэлт хийх боломжтой хатуу хучилттай авто зам тавих үүргийг өнөөдрийн хуралдаанаас хүлээжээ. Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс” компанийн тавьсан авто замтай зэрэгцүүлэн  дахин авто зам  тавих аж. “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьд цахилгаан станц барих, мөн авто зам барих гэсэн дэд бүтцийн чанартай хоёр том ажлыг нугалах үүрэг хүлээсэн нь нэг ёсны Монгол Улсын иргэн бүрт хүртээхээр болсон 536 ширхэг хувьцаан дээр +1 ширхэг давуу эрхийн хувьцааг үнэд хүргэх гэсэн Засгийн газрын хүчин чармайлт аж. Тодруулж хэлбэл, удахгүй “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг гадаад зах зээлд гаргана. Энэ үед дэд бүтцийн нөхцлүүдээ хангачихсан байх нь хувьцаа олон улсын зах зээлд үнэд хүрэх нэг том суурь болно гэж үзсэнтэй холбоотой юм байна.

Гурав дахь асуудал нь устай холбогджээ. Оюутолгой, Тавантолгойн ордуудыг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж улмаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр цагт өмнийн говь усны гачаалд орж болзошгүй байгаа. Энэ эрсдлийг урьдаас харж төлөвлөх шаардлагатай гэж үзэн судалгааны ажлыг эхлүүлэх шаардлагатай хэмээн өнөөдрийн хуралдаанаас үзжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хувьд Орхон, Сэлэнгээс усны хоолой татан өмнийн говийн усны хомсдлыг шийдэх ямар гарц байгааг энэхүү судалгааныхаа хүрээнд гаргаж ирэх аж.

Дөрөв дэх нь Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын төлөвлөлт юм байна. Эдгээр боомтын хүчин чадлын төлөвлөгөөг 2011 онд багтаан гаргах үүргийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд хүлээжээ. Учир нь боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж  байж Оюутолгой, Тавантолгойгоос олборлох бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд цаг хугацаа алдахгүй гаргана.

Мөн Өмнийн говьд бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаатай холбоотойгоор Ханбогд, Цогтцэций, Гурвантэс зэрэг сумдад хэдий хэмжээний хүн суурьших. Хотжилт ямар байдлаар бий болох вэ гэдгийг төлөвлөх ёстой гэж үзсэн байна. Сумд ямар байдлаар хөгжих ёстой вэ гэдгийг 2012 оны зургадугаар сард багтаан оруулж ирэх ёстой гэж үзжээ. Энэ асуудлыг мөн л сайд Х.Баттулга хүлээжээ.

Мэдээллийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдэд өглөө.

2011/11/01

“Тавантолгой”-н ТУЗ-ын дарга Д.Бат-Эрдэнэ 60 гаруй хүний 50000 гаруй хувьцааг хууль бусаар өөрийн болгосон нь тогтоогджээ

Left Banner
Монгол Улсын иргэн бүр стратегийн чухал орд болох Тавантолгойгоос эрх тэгш, ижил хувь хүртэхээр болсон. Харамсалтай нь хувь хишиг хүртэх асуудал яригдаж эхэлсэн цагаас л завшигчид амар заяа үзэлгүй аль хэдийнэ бусармаг үйлдлээ хэрэгжүүлээд эхэлсэн байх юм.
“Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга буюу "Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ Улаанбаатарт байдаг зарим нэг брокер дилерийн компаниудыг хууль бус ажиллагаандаа татан оролцуулжээ. Анхны хувьцаа эзэмшигчдийн нэр хаяг, регистрийн дугаарын нэг тоо, нэг үсгийг өөрчилж бусдын нэр дээр шилжүүлж байсан түүний хууль бус ажиллагаа шалгалтаар тогтоогдоод байгаа аж. Түүний энэхүү хууль бус ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо ч хянаж үзжээ. Тус байгууллагын дүгнэлтэд “Ажнай инвест” брокер дилерийн компани болон түүнд ажиллаж байсан холбогдох ажилтнууд өөрийн харилцагчийн өмчлөл дэх мэдээллийг бусдад мэдээлсэн гэжээ.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт “Хөрөнгө оруулагчдын өмчлөлд байгаа үнэт цаасны тоо хэмжээ, түүнтэй холбогдох нийтэд тараагдаагүй мэдээллийг мэдээлэх, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр сонирхогч этгээдэд уг үнэт цаасыг худалдан авахыг санал болгохыг хориглоно” гэж заасан байдаг. Тиймээс Д.Бат-Эрдэнийн увайгүй үйлдэл нь дээрх заалтыг зөрчсөн болохыг тогтоожээ.
Мөн тус компани нь “Марал инвест” компаниар дамжуулан харилцагчийн өмчлөлд байсан “Тавантолгой” хувьцаат компанийн тодорхой тооны хувьцааг өөрийн өмчлөлд шилжүүлэн авчээ. Тодруулбал, “Марал инвест” брокер дилерийн компанийн харилцагч Н.Баярт-Одын төвлөрсөн хадгаламж дахь 37-14111 тоот дансанд байсан “Тавантолгой” ХХК-ийн 15.756 ширхэг хувьцааг 55 удаагийн арилжаагаар Д.Бат-Эрдэнийн төвлөрсөн хадгаламжийн 14-506 тоот дансанд авсан үнээр нь шахуу шилжүүлсэн нь дээрх хоёр компанийн брокер, дилерүүд хуйвалдан иргэдийн хөрөнгийг хууль бусаар цөөн иргэдийн өмчлөлд шилжүүлсэн хууль бус үйл ажиллагаа юм. Тэд бүр нас барсан хүнийг хүртэл амьдруулжээ. Иргэн Б.Цэрэндорж нь 1999 оны нэгдүгээр сарын 30-нд өвчний улмаас нас барсан байхад захиалгын гэрээг нас барснаас нь хойш үйлдсэн болохыг тогтоосон аж.
Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй баячуудын луйвардаж олсон мөнгө хоолойгоор нь түвэггүйхэн гэгч хоол болж давдаг нь гайхмаар. Гэвч “Нүгэл нүдээрээ” гэдэг. Хулгай, луйвар, булхай хэзээ нэгэн цагт илэрдэг л дээ.

“Зүүн Цанхийн хөрөнгө оруулалт тасалдаж магадгүй" гэжээ


"Ройтерс" агентлаг "Монголын холбогдох албаны хүн Тавантолгойн хөрөнгө оруулагчдын сонгон шалгаруулалт удахгүй дуусна гэдгийг баталлаа" хэмээн онцолжээ.
Хонконгод болсон "Монголын хөрөнгө оруулалтын чуулган"-ы үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва энэ талаар дурьдаж, ирэх арваннэгдүгээр сард хэлэлцээрийг хийж эхэлнэ хэмээн мэдээлсэн байна. Тэрбээр энэ асуудлыг ойрын гурван сарын дотор шийдвэрлэхгүй бол Тавантолгойн ордын үйл ажиллагаанд бүхэлд нь нөлөөлж болзошгүй байгааг сануулсан байна. 
Олон улсын хөрөнгө оруулагч компаниудыг Тавантолгойн баруун Цанхийн стратегийн түншээр сонгох ажил хойшилж байгаагаас болоод зүүн Цанхийн хөрөнгө оруулалт ч саатахад хүрээд байгаа юм. Энэ тухай "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож магадгүй байгаа Грэм Хэнког мөн "Ройтерс" агентлагт ярьжээ. Түүнээс гадна тэрбээр "Тавантолгойн зүүн Цанхийн IPO-г олон улсын аль Хөрөнгийн бирж дээр хэдийнээс гаргах вэ гэдгийг товлоогүй байгаа" гэсэн байна.
Одоогийн байдлаар Тавантолгойн баруун Цанхийн IРО-ийн менежментийг хийхээр “Голдман Сакс”, “Дойчэ банк”, “BNP Paribas”, “Macquarie” банк сонгогдоод байгаа. Эдгээр банкны төлөөлөгчдийн зарим нь "Эрдэнэс Тавантолгой" компанийн зах зээлийн нийт үнэлгээ 15 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн үзэж байгаа юм. Харин албаны хүмүүс IPO хийх банкуудын тоог хоёроор нэмж магадгүй тухай мэдээлсэн билээ. 
"Wall street journal" сонинд "UBS" банкны үйл ажиллагаа хүндхэн байдалд орсон тухай саяхан мэдээлэхдээ "Тус банк коксжсон нүүрсний асар их нөөцтэй Тавантолгойн IPO-г амжилттай гаргах эсэх нь эргэлзээтэй байна" хэмээн онцолсон юм. 
Ямартай ч Тавантолгойн баруун Цанхийн хөрөнгө оруулагчдыг сонгох ажил удааширч байгаа нь гадны хэвлэлийнхний анхаарлын төвд байгаа аж. Тэд "Монголын эрх баригчид гол донор орон болох Япон, Өмнөд Солонгосын компаниудыг сонгохын тулд ийнхүү Тавантолгойн хөрөнгө оруулалтын явцыг удаашруулж байна" хэмээн дүгнэх болж. Харин энэ бүхэн нь зүүн Цанхийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх бол.
Хятадын "Чайналко" компанийн төлөөлөгчид саяхан гаргасан мэдэгдэлдээ ойрын гурван жилийн дотор Тавантолгойгоос 45 сая тонн коксжсон нүүрс худалдаж авна хэмээн дурьдсан. Энэ бол өнгөрсөн долоодугаар сард "Эрдэнэс МГЛ" компанитай байгуулсан гэрээн дээр үндэслэж гаргасан тооцоо хэмээн тэд тайлбарлажээ. Харин Тавантолгойн зүүн Цанхийн ордыг эзэмшдэг хугацаатай борлуулалтын гэрээг үзэглэсэн юм. Монголын тал "Чайналко"-оос урьдчилгаа төлбөр 250 сая ам.доллар авч, үүнийгээ төлж дуусах хүртэл нүүрсээ тонн тутмыг нь 70 ам.доллараар худалдахаар болоод байгаа. 
"Чайналко" компани ч үүнийг ашиглаж, нүүрсний худалдан авалтаа нэмэх төлөвлөгөөгөө танилцуулжээ. Гэхдээ зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 10 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн тооцож буй зүүн Цанхийн хөрөнгө оруулалт баруун Цанхиас болоод саатах гэж байгаа тухай УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Хонконгод болсон "Монголын хөрөнгө оруулалтын чуулган"-д оролцох үеэрээ хэлжээ. 
"Ройтерс" агентлагийн мэдээлснээр тэрбээр Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг сонгох асуудал удааширч, ирэх оны сонгуулийн дараах үе хүртэл хойшилж магадгүй тухай сануулсан байна.
Ямартай ч удахгүй болох сонгуулийн дуулианаар Монголын улс төр, эдийн засгийн орчин тогтворгүй болж байгаа тухай шинжээчид онцлох болсныг "Ройтерс" агентлаг мэдээлжээ. Тэд ийм дүгнэлт гаргахад нөлөөлсөн зүйл бол яах аргагүй Оюутолгойн гэрээ юм.