2011/10/21

Чайналко Зүүн Цанхиас 45 сая тонн нүүрс импортолно

Хятадын хөнгөн цагааны магнат, төрийн өмчит “Чайналко” компани ирэх гурван жилийн хугацаанд Монголын Тавантолгой уурхайгаас жилд 15 сая тонн буюу нийтдээ 45 сая тонн нүүрс авна гэж өнгөрсөн лхагва гаригт мэдэгджээ.

“Эрдэнэс МГЛ” компани нь Хятадын “Чайналко” компанитай өнгөрсөн долдугаар сарын 26-нд таван жилийн хугацаатай борлуулалтын гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэрээний хүрээнд Монголын тал “Чайналко”-гоос урьдчилгаа төлбөр болгон 250 сая ам.доллар авсан бөгөөд уг төлбөрийг төлж дуустал нүүрсээ урагш нь тонн тутмыг нь 70 ам.доллараар тооцон гаргахаар болоод буй юм.

Ийнхүү Зүүн Цанхиас наймдугаар сарын 4-ний өдрөөс коксжих нүүрс урагш нь экспортолж эхэлсэн билээ.

Мөн “Чайналко” худалдаж авсан нүүрснийхээ 30 хувийг нь Японы “Иточу”, “Мицүи” болон Солонгосын “Корес” компанид худалдах үүрэг хүлээсэн юм.

Монголын Засгийн газар Тавантолгойн Зүүн Цанхийн хэсгийн олборлолтыг гэрээт олборлогч “Макмахон”, “ББМ Оперта” зэрэг компаниар гүйцэтгүүлэхээр болж, олборлолтыг ирэх арванхоёрдугаар сард эхлүүлэх гэж байна. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-ийг ирэх оны эхний улиралд багтаан хэрэгжүүлэх төлөвтэй байна. Зарим санхүүгийн шинжээч Тавантолгой ордыг эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой" компанийн зах зээлийн нийт үнэлгээ 6-10 тэрбум ам.доллар болно гэж тооцож байна.

“Тавантолгойн” айлчлалууд үргэлжилж байна

АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдааны газрын Худалдаа дэмжих асуудал хариуцсан Дэд сайд Сүреш Кумар Монголд айлчлах гэж байна. Тэрбээр манай улсад Америкийн уул уурхайн томоохон компаниудын  төлөөлөгчдийн багтай  ирж Монголын уул уурхайн салбар, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай танилцаж,  холбоо тогтоох зорилготой аж. Америкийн Дэд сайдын айлчлалын бизнесийн бүрэлдэхүүнд  Appalachian Regional Commission,  ConveyWeigh LLC, General Electric, Geonano Technology Corporation, Kanawha Scales and Systems Inc. , Kress Corporation, Peabody Energy, Phillips Machine Service Inc., Rio Tinto компаниудын төлөөлөгчид багтжээ.

Реabody Energy нь Тавантолгой ордын олон улсын шалгаруулалтад оролцож байгаа бол General Electric нь Улаанбаатарт салбараа нээгээд удаагүй. Дэлхий дахинаа GE нэрээрээ танил болсон тус компанийнхан Монгол улсад төрөл бүрийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Дэд сайд Монгол улсад аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд ажиллана. Ерөнхийлөгч Обамагийн багийн нэг гишүүн тэрбээр олон улсын худалдааны чиглэлээр мэргэшсэн, дэлхийн цөөнгүй улсад ажилласан арвин туршлагатай.

АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдааны газрын Худалдаа дэмжих асуудал хариуцсан Дэд сайд, АНУ болон Олон улс дахь худалдааны Төлөөлөгчийн газрын Ерөнхий захирал Сүреш Кумарыг Ерөнхийлөгч Обама нэр дэвшүүлж,  Сенатаас  санал нэгтэйгээр энэхүү албан тушаалд томилсон. Уг албан тушаалынхаа хүрээнд тэрбээр АНУ -ын олон улс дахь Худалдааны төлөөлөгчийн газруудыг ахалдаг. Олон улсын Худалдааны төлөөлөгчийн газрын сүлжээ нь өдгөө өргөжин тэлж АНУ-д 109, дэлхийн 77 оронд 127 оффис ажиллуулдаг.  Тус газар нь АНУ-ын Засгийн газрын худалдааг хөхиүлэн дэмжих бодлогын гол тулгуур бөгөөд Америкийн бизнесүүдэд  олон улсын зах зээлд өрсөлдөж тэргүүлэх боломж бий болгох зорилгоор тухайн компанид нийцсэн шийдэл, дэмжлэг үзүүлдэг байгууллага юм.

Обамагийн Засгийн газарт алба хашихаасаа өмнө Сүреш Кумар гуч гаруй жил олон улсын бизнес, зөвлөгөө өгөх ажлууд болон  менежментийн боловсролын профессор, сургагч багш зэрэг ажлыг хийж иржээ. Ноён Кумар Америкийн томоохон корпорациудын гадаад орон дахь салбаруудыг удирдаж ирсэн ба дэлхийн бүх тивд бизнесийн үйл ажиллагаа хариуцан ажилласан. 1999-2003 онд “Жонсон ба Жонсон” компанийн Олон улсын өргөн хэрэглээний эмийн бизнесийн хэсгийг толгойлж, тус  корпорацийн Үйл ажиллагааны зөвлөлийн гишүүн байсан.

Тэрбээр хөгжиж буй зах зээлийн бизнесийн талаар өргөн мэдлэгтэй, хамтын ажиллагаа тогтоох,  бизнест оролцогч талуудын итгэлийг бэхжүүлэх чиглэлээр шинэчлэлт өөрчлөлт хийсэн нь Засгийн газартаа өндрөөр үнэлэгддэг.

Билл ба Мелинда Гейтсийн Сан, Африкийн Хөгжлийн банк болон Африк дахь Ногоон хувьсгалын  холбоо зэрэг  байгууллага, корпорациудад Зөвлөхөөр ажиллажээ. 2006-2007 онд тэрбээр Клинтоны санд Тусгай зөвлөхийн алба хашсан ба Африкийн Сахарын орнуудын Засгийн газартай хамтран ажиллаж, тус бүс нутагт эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд фермер болон зах зээлд ээлтэй хөтөлбөр, бизнесийн моделийг бий болгох зорилгоор компанийн захирлуудтай хамтран ажилласан туршлагатай.   

2011/10/20

ТТ-н хэлэлцээр түүхий эдийн зах зээлд нөлөөлнө


Баруун Цанхийн хэлэлцээрийг долоо хоногийн эцсээр, үгүй бол ирэх даваа гаригт хийнэ. Энэ удаад эцсийн шийдвэрийг гаргахгүй ч олон асуултын хариулт тодорхой болно гэдгийг манайхан, хэлэлцээрт оролцож буй орнууд, олон улс хүлээж буй. ҮАБЗ-өөс ОХУ, АНУ, БНХАУ-ын найдварыг тас цохисон. Тиймээс Тавантолгой ордыг ашиглахдаа геполитикийн асуудлаас гадна, гуравдагч хөршийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа зэргийг харгалзан үзэ­хээр болсон юм. Энэ уян хатан шийдвэр Япон, Өмнөд Солонгосын компаниудыг хэлэлцээрийн ширээнд суух боломжтой болгосон гэхэд болно.ҮАБЗ-өөс төслийн шинэчлэл, хэлэлцээрийн үр дүнд ногоон тамга дарах эсэх нь олон улсад бий болох чухал хөдөлгөөний зүгийг заах нь тодорхой. Хэрвээ Монгол Улсын Засгийн газар зангаргаа харуулж улсын эрх ашгийг нэгдүгээрт тавиулж дөнгөвөл Орост давуу байдал үүснэ. Оросууд Тавантолгойгоос олборлолт хийхийн хажуугаар манай тээвэр, боомтын асуудлыг бүрэн даах сонирхолтой байгаа. Гэхдээ давуу талтай болно уу гэхээс давамгайлсан эрх үүсэх тухай яриа огт байхгүй. Тэд манайд зохих татвар, орд ашигласны төлбөр зэргийг төлөхөөс өөр аргагүй. Гэхдээ л манайхтай консорциум болон оролцож байгаа учраас тэд арай илүү орчныг бий болгож байгаа хэрэг.

Харин 30+30+30-аар хэлэлцээрийг хийвэл байдал арай өөр болно. Энэ тохиолдолд манай улс 10 хувийнхаа оролцоог хэвийн хангахын тулд “чардайх” нь гарцаагүй. Одоогоор “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсад гаргах нь бүү хэл бэлтгэл ажлаа хаанаас эхлүүлэхээ мэдэхгүй байгаа. Уг нь IPO гаргаж босгосон хөрөнгөөр олон зүйл амжуулахаар төлөвлөж байсан юм. Тэгэхээр хэлэлцээрийн ширээний ард оролцогч талууд байраа эзлэн биднийг хүлээж буй тул яаравчлах ёстой. Эцсийн гаргалгаа нь бусад орноос санхүүгийн дэмжлэг авах. Мэдээж Орос, Япон, Хятад, АНУ-аас мөнгө авахгүй. Харин оролцогчид Австрали, Герман, Канад, Бразилаас санхүүгийн дэмжлэг авах хувилбарт тун ч таагүй хандах нь мэдээж. Тэд анхнаасаа хүчтэй өрсөлдөгч байсан. ҮАБЗ-ийн шийдвэрээс болж саналаа өдийг хүртэл буцаалгүй хүлээж байгаа. Яг үнэндээ тэд толгойгоо биш юм гэхэд хуруугаа ч болов Тавантолгойд шургуулах бодолтой байгаа нь нууц биш. Энэ мөрөөдөл нь хөрөнгө оруулах үед биелэх боломжтой. Тиймээс манай гурван хөрш /АНУ-ыг гуравдагч хөрш гэе/ манай Засгийн газарт хувь “өгөх” эсэх дээр толгойгоо дохихгүй л болов уу.

Хувь ногдлын тухайд арай өөр хувилбар бий. Энэ нь 51+51+51=153 буюу байж боломгүй хувилбар. Үүний тухайд гурван хөрш маань хэрвээ надад 51-ийг өгвөл хэмээн өөрсдийнхөө давуу талыг тун тодорхой хэлж байгаа. Мэдээж өөрийгөө магтах тийм ч хэцүү асуудал биш. Ялангуяа мань гурав шиг томчуудын хувьд давуу талаа тоочоод байвал барагдахгүй байх. Манай талаас хэн нэгэнд нь илүү хувь өгөхийг хүсэхгүй. Цаашид ч хүсэхгүй. Гэтэл тэдний үзэж буйгаар бид Баруун Цанхийг тэдэнд үг дуугүй өгөөд, татвар хураамжаа авсан шигээ суух хэрэгтэй гэх санаа эндээс цухалзаж байна.

Хөршүүдийн сонирхол ийм байх юм. Харин хэлэлцээрт суух нь тодорхой болсон Япон, Өмнөд Солонгосын тал үүнд ямар байр суурьтай оролцох вэ гэдэг нь одоо маш сонирхолтой болж ирэв. Тэд хуучин найз оросуудтайгаа нийлэх үү, бие даан хувь эзэмших үү, эсвэл бүр манай Засгийн газартай хамтрах гэж байж магадгүй гэх таамаг бий. Тэдний оролцоо олон зүйлийг өөрчилнө. Энэ удаад хэлэлцээрийн ширээний ард 51, эсвэл 30 хувийн оролцооны тоог засна байх гэх таамаг ч олон улсад буй.

Ер нь Тавантолгойд хэдий олон улс оролцоно тэр хэрээр олон улсын зах зээл, түүхий эдийн ханш өөрчлөгдөнө. Энэ нь гангийн үйлдвэрлэлд эргэлт авчирч мэдэхээр байгаа гэж олон улсын шинжээчид дүгнэсэн. Учир нь коксжих нүүрсний нийлүүлэлтийн ихэнх хувийг эзэлдэг Австрали, Канад Монголд байр сууриа алдах нь тодорхой болсон юм. Энэ тохиолдолд олон улс дахь гангийн үнэ буурах аж. Энэ нь машин механизм, усан онгоц, төмөр замын үйлдвэрлэлийн зардалд нөлөөлнө.

2011/10/19

Маcmahon, BBM-тэй 500 сая долларын гэрээ байгууллаа


Маcmahon, BBM-тэй 500 сая долларын гэрээ байгууллаа
Тавантолгойн Зүүн Цанхийн хэсэгт гэрээт олборлогчоор ажиллах Macmahon, BBM Operta компанитай “Эрдэнэс Тавантолгой” компани таван жилийн хугацаатай 500 сая ам.долларын гэрээ байгууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” компани Австралийн “Маcmahon”-тай өмнө нь гэрээ байгуулаад байсан бол өнгөрсөн пүрэв гаригт Германы Канцлерын айлчлалын үеэр тус улсын “BBM Operta” компанитай уурхайн гэрээт олборлогчийн тухай гэрээнд гарын үсэг зурсан билээ.  

Олборлолтыг хамтран хийх “Маcmahon”, “BBM Operta” компани 2012 оны нэгдүгээр сараас олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх юм. Эхний жилд 3 сая тонн нүүрс олборлох бол 2013 онд 6 сая тонныг олборлохоор төлөвлөж буй ажээ. 

Хэрэв уурхайн дэд бүтцийг байгуулах, нэмэлт машин техник болон бусад тоног төхөөрөмжийг оруулах ажлыг хугацаанд нь хэрэгжүүлбэл Зүүн Цанхийн хэсгээс жилдээ 15 сая тонн нүүрс олборлож экспортлох юм байна.

2011/10/18

ЗАСГИЙН ГАЗАР БА АЛТАН ЗАГАС


 БОЛЗООТЫН БОР ТОЛГОЙ-БАРУУН ЦАНХИ
Хөрөнгөө оруулж, олборлолт хийн, тээвэрлэлт, борлуулалтаа ч хариуцах томоохон ашиг сонирхол Тавантолгой ордын Цанхийн баруунтайд “болзоотын бор толгой” босгоод байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Засгийн газраас зарласан олон улсын нээлттэй тендерт шалгарагсад өнөөдөр уулзахаар болзжээ. Төслийн 40 хувийг БНХАУ-ын “Шинхуа” групп, 24 ху вийг АНУ-ын “Пибоди энержи”, үлдэх 36 хувийг Орос-Монголын хамтарсан консерциум хамтран эзэмших байдлаар Засгийн газрын Ажлын хэсэг хуваарилсан. Гэтэл энэ хуваарилалт нь Тавантолгой дахь олон улсын хэлэлцээнд гурван сарын турш гацаа үүсгээд байгаа билээ. “Оросын төмөр зам” нэгтгэл Тавантолгойн тендерт дан гаараа бус, эгнээндээ Японы “Сүмитомо”, “Иточү”, “Марүбэни” компаниуд болон БНСУ-ын “Корес” группээр ахлуулсан 11 компанийн нэгдлийг ахлан оролцсон. Ажлын хэсэг Оросын талд 18 хувийг хуваарилсан бө- гөөд Япон, Солонгосын компаниудад энэ оноолтоосоо хувь эзэмшил хүртээх, эсэх нь “Оросын төмөр зам”-ын хэрэг болоод байгаа юм. Өнөөдөр болох Баруун Цанхийн хэлэлцээрээр ярилцах гол асуудал нь Япон, Солонгосын компаниудын оролцооны талаар байх магадлалтай. Хэлэлцээнд Хятад, Америк, Оросоос гадна Азийн барууд уригдсан нь ийн үзэх шалтгаан болж байна.
ОРОСУУД УУРТАЙ БАЙНА
Баруун Цанхийн хэлэлцээний дүнг зарласны дараа тендерт горилогсдын сэтгэл хөдлөл янз бүрээр илэрсэн. Оросуудтай бүл болж Тавантолгойг зүглэсэн Япон, Солонгосын компаниуд “Мон голын Засгийн газар тенде рийн шалгаруулалтыг шударга бусаар явууллаа” хэ мээн мэдэгдэж байв. Гэхдээ тэд өөрсдийгөө жийгдсэн гэж үзэхдээ Засгийн газрын хувил барыг эцсийнх биш хэмээн найдаж байгаагаа илэр хийлсээр байлаа. Харин ОХУ-ын тал Мон гол Улсын Засгийн газар, ҮАБЗ, Ерөнхийлөгч болон УИХыг үл хүндэтгэсэн уур тай мэдэгдлүүдийг өдөр алгасахг үй шахам цацсаар байна. Оросууд уг нь ухаантай ард түмэн. А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”-т гардаг авч идэхийн мөн болсон эмгэний үгүйрлээр хүсэл шуналаа хязгаарлахыг ёгтлон өгүүлсэн нь монголчуудад ч сургаал болдог л юм. “Ах нар” энэ удаа Монголын дотоод асуудлыг дэргэдээс нь шийдэх эрхтэй лугаа авирлах сэдлийг Тавантолгойд тавьж байна. Баруун Цанхийн хэлэлцээ эхлэхээс өмнө Кремль энэ төслийг 100 хувь эзэмших зорилгоо илэрхийлсээр байсан ч дангаар хөрөнгө оруулах санхүүгийн боломж “Оросын төмөр зам”-ын халаасанд байгаагүй. Тиймээс Япон, Солонгосын корпорациудыг түрийвч болгохоор тэдэнтэй консерциум байгуулсан нь бүтэлгүйтэв. Өнөөдөр болох хэлэлцээний уур амьсгалыг Японы “Сүмитомо”, “Иточү”, “Марүбэни” компаниуд, БНСУ-ын “Корес” группийн гомдлоос илүүтэй Оросын талын уур бухимдал тодорхойлох болов уу. Тэдний хувьд Тавантолгойн хувиа нэмэгдүүлэх замаар өөрийн санхүүжүүлэгч азиудыг алдахгүй байх нь чухал. Баруун Цанхид оросуудын илэрхийлж байгаа түрэмгий байр суурийг харахад Монголын Засгийн газрыг хүсэл бүрийг нь гүйцээгч “алтан загас”-ны дүрд тоглуулах гээд байх шиг. Засгийн газрыг “алтан загас” болгох гэсэн сонирхол зөвхөн гаднынхнаас бус, дотоодоос ч ханхалсаар байна.
ХАР ОВООХОЙ ШИГ МУУЧИЛСААР БАЙХ УУ
“Муу л бол хойд талын хар овоохой” гэдэг шиг Монгол Улсын Засгийн газрыг ад үзэх хандлага газар авлаа. Засгийн газраа буруутгах болсон шалтгаан нь дан ганц оросуудын байр суурь биш, Монголын улстөрчдийн популист үйлдэл, удахгүй болох Парламентын сонгуулийн хүчин зүйлээс улбаатай улстөржилт хэмээн барууны эдийн засгийн гол хэвлэлүүд тайлбарлаж байгаа нь ч оргүй мэдээлэл биш юм. Засгийн газрыг шүүмжлэгсдийн буруутгаад байгаа Оюутолгойн гэрээ, Тавантолгойн хэлэлцээг улс төрөөс ангид байдлаар шийдэж байж монголчууд үр ашгаа хүртэнэ гэдэг байр сууриа УИХ-ын дарга, намуудын бүлгүүд, Төрийн тэргүүн, Ерөнхий сайд харилцан нотолсон билээ. Гэсэн ч популизм сонгууль хүртэл үргэлжлэх нь тодорхой байх шиг. Засгийн газар улстөрчдийн популизм болгоныг биелүүлж өгдөг “алтан загас” шиг ажиллавал Монгол Улс сонгуулийн маргааш лав үгүйрч таарна.
Тавантолгойгоос гадаадын бүх хөрөнгө оруулагчдыг хөөж гаргаад л, үндэсний компаниудаараа ухуулна гэвэл “эх оронч” шийдвэр мэт сонсогдож магадгүй л юм. Ухаж олборлох технологи, техникийн хүчин чадал, мэргэжилтэй ажилчид, инженерүүд манайд байна уу? Байхгүй. Дэлхийн хэмжээнд яригдах нүсэр ордод олборлолт явуулсан туршлага нь ч үндэсний хэмжээнд байхгүй. Бидэнд байхгүй эдгээр бүх зүйлсээс хамгийн үнэ цэнэтэй бөгөөд маш их хэмжээний хөрөнгө шаардах нь зөв менежмент юм. Хөрөнгийн бирж дээр бидний эх оронч сэтгэлгээ үйлчлээд хөрөнгө босно гэвэл үлгэр. Дэлхийн санхүүгийн зах зээл Монголыг маань Оюутолгойгоор баримжаалан баялагтай улс гэдгийг хэдийнэ гадарлах боловч “Рио Тинто” операторласны хүчинд “Айвенхоу Майнз” хөрөнгө босгосон. Тавантолгой ч мөн адил ийм голдирлоор явах нь бодит шаардлага гэдгийг хэт туйлшралгүй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг бүх талаараа өө сэвгүй сайхан болсон гэж хэлэхгүй” хэмээсэн нь Засгийн газрын байр суурийг хөрөнгө оруулагчдад илүү ойлгомжтой болгов. Гэрээ байгуулагдсанаас хойш төслийн санхүүжүилт болон зээлийн хувь хэмжээг бууруулах, хувь нийлүүлэгчид хувиа зарах тохиолдолд Монгол Улсаас бичгээр зөвшөөрөл авах зэрэг өөрчлөлтийг оруулаад байгаа юм. Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг энэ удаа дахин хэлэлцээнд урьсан нь Оюутолгой төсөлтэй холбоотой монголчуудын элдэв эргэлзээг тайлах ажил хэрэгч алхам болох биз ээ. Оюутолгойд туссан улс төрийн сүүдэр дуншиж ядаж буй Тавантолгойн хэлэлцээг баллахгүй гэх газаргүй юм. Засгийн газар популизмын өмнө алтан загас шиг хүлцэнгүй байвал хар овоохой шиг муу хэлүүлсээр байх төлөвтэй дэг шүү.

Зүүн Цанхийн олборлолт арванхоёрдугаар сараас эхэлнэ


Австралийн “Макмохан Холдинг” компанийн удирдлагууд Тавантолгой ордын зүүн Цанхийн хэсэгт олборлолт явуулах эрх авсны дагуу ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн нүүрс олборлож эхэлнэ хэмээн мэдэгджээ. Энэ талаар  “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.

“Үйл ажиллагаа явуулах хууль ёсны эрхийн дагуу бид ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс нүүрс олборлож эхэлнэ” гэж зүүн Цанхийг “Макмохан Холдинг”-той хамтран ашиглах эрх авсан Германы “BBM Operta Group”-ын захирал Волфганг Петерс мэдэгджээ. Волфганг Петерс бол Германы Канцлер Ангела Меркелийг Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд оролцсон бизнесменүүдийн нэг юм. Тэрбээр Тавантолгойн зүүн Цанхиас 2012 онд гурван сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа бөгөөд цаашид олборлолтын хэмжээг 15 сая тоннд хүргэнэ хэмээн ярьсан байна.


“Ройтерс” агентлагийн мэдээлэлд,

“Монголын Засгийн газар 7,5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэгддэг Тавантолгойн ордын 40 хувийг эзэлдэг зүүн Цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ирэх оны эхний улирал гэхэд олон улсын хөрөнгийн биржүүдэд хувьцааг нь худалдаалж эхлэхээр төлөвлөөд байгаа юм. Тавантолгойн баруун Цанхийн хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгө оруулалтын гэрээ одоо хэр нь маргаантай байгаагаас Тавантолгойн төслийн хэрэгжилт удааширч болзошгүй гэж ажиглагчид таамаглаж байгаа аж. Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчдын урьдчилсан сонгон шалгаруулалтын дүнд Өмнөд Солонгос, Японы тал сэтгэл дундуур үлдсэнээс Засгийн стратегийн хөрөнгө оруулагчдын нэрсийг зарлахаа хойшлуулсан юм. Урьдчилсан сонгон шалгаруулалтаар Тавантолгойн  баруун Цанхийн эзэмшлийн 40 хувийг Хятадын “Шинхуа”, 36 хувийг ОХУ, Монголын хамтарсан консорциум, 24 хувийг АНУ-ын “Пибоди Энержи” эзэмшихээр сонгогдсонд Япон, Өмнөд Солонгос дургүйцлээ илэрхийлсэн. Тавантолгойн хувьцааг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн сард мэдэгдэл гаргахдаа “Сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэр гараагүй учраас өрсөлдөгч компаниудад боломж байгаа” гэсэн юм. Харин өнгөрсөн долоо хоногт Тавантолгойн хувьцааны 33 хувийг  АНУ-ын “Пибоди Энержи”-тэй хамтарсан Япон, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчдад,  Хятадын “Шинхуа”, ОХУ-ын консорциумд  33 хувийг эзэмшүүлэх шинэ хувилбар гарсан талаар Монголын хэвлэлүүдээр бичиж эхлээд буй. Монголын Засгийн газар 2008 онд сонгогчдод амласан амлалтаа биелүүлэхийн тулд Тавантолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээг аль болох ойрын хугацаанд байгуулахыг хичээж байна. Гэвч стратегийн энэ том ордын хувь заяаг популистуудын хоосон амлалтад даатгахгүйн тулд ирэх жилийн парламентын сонгууль дуустал хойшлуулах нь зөв гэж үзэх хүмүүс байгаа юм” хэмээжээ.

Тавантолгойн зөвлөх банкийг хоёроор нэмнэ


Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын зах зээлд хувьцаа гарган, анхдагч хувьцаагаар хөрөнгө босгоход зөвлөх үүрэгтэй оролцох банкны тоог 1-2-оор нэмнэ гэж Тавантолгойн хувьцааг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөнгө оруулалт, санхүүгийн албаны дарга Ц.Цогт хэлсэн талаар “Ройтерс” мэдээлсэн байна.


Уг мэдээлэлд,


IPO хийх гол зохион байгуулагч буюу спонсороор “Германы Дойче” банк, АНУ-ын “Голдман Сакс” банкийг Монголчууд сонгосон. Мөн хувьцааны борлуулалтад оролцох, зуучлах үүрэг бүхий бэлтгэл ажилд хамтран оролцох банкаар Францын “Би Эн Пи Париба” банк, Австралийн “Маквэари” банк тус тус шалгарсан бол одоо хувьцааны борлуулалтад оролцох, хөрөнгийн биржид зуучлах, хамтран ажиллах  үүрэгтэй 1-2 банк шаардлагатай байгаа аж.

15 тэрбум ам.долларын хөрөнгөөр анхдагч хувьцаа гаргах ажлыг ирэх 2012 оноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа ба “Зөвлөх банк нэмж авах нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын аль хөрөнгийн биржид арилжаалах шийдвэрээс шалтгаална гэж Ц.Цэнгүүн хэлсэн байна. Монголын Засгийн газар, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн хувьцааг Хонконг, Лондоны хөрөнгийн биржид гаргахаар ярилцаж байгаа юм. Тавантолгойн баруун Цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулах стратегийн хөрөнгө оруулагчдын урьдчилсан шалгаруултад Хятадын “Шинхуа”, АНУ-ын “Пибоди Энержи” болон Орос, Монголын хамтарсан консорциум шалгарсан ч эцсийн шалгаруулалтын дүн гараагүй байгаа юм. Учир нь Өмнөд Солонгос, Японы хөрөнгө оруулагчид урьдчилсан шалгаруулалтын дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм. Стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах асуудал Монголын Засгийн газрын түвшинд яригдаж буй ээдрээтэй асуудлын нэг гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөнгө оруулалт, санхүүгийн албаны дарга Ц.Цогт мөн онцолсон байна. Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн сард “Ройтерс” агентлагт ярилцлага өгөхдөө Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг парламентын дараагийн чуулганаар баталж,  хувьцааг олон улсын зах зээлд гаргах ажлыг 2012 оноос эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн байдаг юм.

Тавантолгойн хувьцаанаас ногдол ашиг хүртэх нь хоосон амлалт боллоо гэв

Тавантолгойн хувьцаанаас ногдол ашиг хүртэх нь хоосон амлалт боллоо гэв
Эрдэнэс Тавантолгойгоос хуваарилсан 536 ширхэг хувьцаанд ногдох ашгийн талаар “Шинэ өөрчлөлт холбоо” ТББ-аас өчигдөр мэдээлэл хийлээ.

Тус холбооны тэргүүн Д.Даваадоржоос энэ талаар тодрууллаа.

-Эрдэнэс Тавантолгойгоос иргэн бүрт 536 ширхэг хувьцаа ногдох тухай хэлдэг. Гэтэл та бүхний тооцоогоор энэ тоо өсөх үү?
-Эхний жил нэг сая тонн нүүрс олборлоход Эрдэнэс Тавантолгойгоос иргэдэд олгох 536 ширхэг хувьцааны нэгжид ногдох ашиг нь хоёр төгрөг 93 мөнгө, жилдээ нэг иргэний нийт хувьцаанд нь 1575 төгрөг ногдож байна.

Хэрвээ 5-10 жилийн дараа нүүрсний олборлолт дээд цэгтээ хүрч жилд 15 сая тонн нүүрс олборлож эхэлсэн үед нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг 44 төгрөг болж нэг иргэн жилд 23 мянга орчим төгрөг хүртэнэ гэсэн тооцоог манай холбооноос гаргаад байна. Гэхдээ бид Эрдэнэс Тавантолгой компани хэзээ ашиглалтад орох, орохгүйг яриагүй.

Нэг жил ч бай, арван жил ч бай, хэзээ ашиглалтад орно тэр цагт иргэнд хуваарилагдах 536 ширхэг хувьцааны ногдол ашиг ийм байх юм гэдгийг л хэлж байгаа юм.

-Иргэд хэзээнээс хувьцааныхаа үр өгөөжийг хүртэх нь тодорхойгүй байна.
-Аливаа юмс далд байхаараа гоё сайхан, цөөхөн тайлбартай байдаг. Ил гараад ирэхээрээ олон тайлбартай болж байдгийг энэ гэрээ үзэглэгчдээс харж байна. Эхлээд 536 ширхэг хувьцаанд чинь ашиг мөнгө олгогдоно гээд байсан түшээд одоо Тавантолгойг ашиглах яагаа ч үгүй, хэн хэдэн хувь хөрөнгө оруулах нь ч тодорхойгүй байхад гэх зэргээр ярьж эхэллээ.

Иргэдийг хөөргөж данс нээлгээд л байсан. Энэ хувь хишиг худлаа болж эхэллээ гэдэг нь тодорхой болж байна. УИХ-аас Тавантолгойн орд газрыг ашиглалтад оруулах хоёр тогтоол баталж, удирдамж тогтоолын дагуу уг ордод төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компани олборлолтоо эхэлж, төсөв, хүний хөгжлийн санд 116 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байгааг гишүүд хэлдэг.

Мөн Эрдэнэс Тавантолгой ХК-ны хувьцааны арван хувийг Монгол Улсын иргэнд эзэмшүүлэх ажлыг энэ оны гуравдугаар сараас хэрэгжүүлсэн. Ийнхүү иргэн бүр 536 ширхэг хувьцааны эзэн болж гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд хувьцааг арилжих бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

-Одоогийн байдлаар хэчнээн хүн хувьцааны данс нээлгэсэн байгаа вэ?
-Хувьцааны ногдол ашгийг хуваарилах эсэх нь тодорхойгүй байна. Дансаа нээлгэхээ хойшлуул гэхээр дансаа нээлгэ гээд дайрах аж ахуй нэгжүүд байх юм. Ерөнхий сайд албан ёсоор хувьцааны ногдол ашгийг хуваарилахгүй гээд мэдэгдчихсэн шүү дээ. Хэлсээр байхад залилагчдад хууртаад данс нээлгэх зорилгоор мөнгөө алдаж байгаа иргэд ч байна.

Тавантолгойн 536 ширхэг хувьцааны ногдол ашгаа авахаар он гарсаар 62 мянган хүн шинээр данс нээлгэсэн байна. Данс нээлгэх шаардлагатай хоёр сая 200 мянган хүн бий гэнэ. Ингэснээр 11 тэрбум төгрөг цуглах нь. Хэрвээ иргэд хувьцаагаа хүртэхгүй бол ийм хэмжээний мөнгөн хохирол амсах нь байна. Үнэт цаасны компаниуд Тавантолгойн хувьцааг эзэмшснээр тухайн компанид хяналт тавих, удирдлагаа сонгох бололцоотой болно гэж ярьж байгаа юм.

Энэ бол ямар ч утгагүй ойлголт. Яаж хянах гээд байгаа юм. 10 хувийг эзэмшээд 90 хувьд нь хяналт тавина гэж байдаггүй.

-Жирийн иргэн Оюутолгойгоос хувь эзэмшиж болох уу?
-Оюутолгойгоос хувь эзэмшиж болно. Тавантолгойн нүүрс тонн нь 70 ам.доллар бол Оюутолгойн зэс тонн нь долоон мянган ам.доллар. Энэ мэт үнэ ханшийн хувьд эрс ялгаатай зүйл бий. Монгол Улсын иргэн бидэнд хар нүүрснээсээ хувь хүртээд алт эрдэнэсээ харийнханд өгөөд суух шударга биш гэдгийг хэлэх нь зүйтэй.

2011/10/17

МАН Тавантолгойн асуудлаар шийдвэр гаргаж чадахгүй байна


УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн турш Тавантолгойн асуудлыг авч хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрч чадсангүй. Одоо ч хурал үргэлжилж байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол бүлгийн гишүүдийн байр суурь зөрүүтэй байгаа аж. Нэг хэсэг нь нийт иргэддээ “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг нэмж олгох нь зөв гэж үзэж байхад нөгөө хэсэг нь УИХ гаргасан шийдвэрээсээ няцаж болохгүй, үндэсний аж ахуйн нэгждээ “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас 10 хувийг нэрлэсэн үнээр нь арилжаалах ёстой гэж үзэж буй ажээ. Тус бүлгийн хувьд Тавантолгойн асуудлыг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт бүлгийн хуралдаанаар авч хэлэлцсэн ч нэмэлт судалгаа шаардлагатай гэж үзэн, өнөөдөр дахин хэлэлцэхээр болсон юм. Гэвч өнөөдрийн хуралдаанаас тодорхой шийдвэр гаргасангүй, ямар ч байсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар  болжээ.   Түүнчлэн холбогдох байгууллагуудаас мэргэжлийн хүмүүсийг бүлгийн хуралдаанд оролцуулж нэмэлт мэдээлэл авах шаардлагатай гэсэн байр суурийг гишүүд хуралдааны үеэр илэрхийлсэн байна.

УИХ-аас 2010 оны хавар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм. Түүнд зааснаар “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас 10 хувийг  Монгол Улсын нийт иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, мөн 10 хувийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр арилжаалахаар заасан юм. Мөн “Эрдэнэс тавантолгой”-н хувьцааны 30 хувийг гадаад болон дотоодын зах зээлд гаргахаар тусгасан билээ. Энэ дагуу Засгийн газраас Монгол Улсын иргэн бүртээ 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Харин үндэсний аж ахуйн нэгжид “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас 10 хувийг нэрлэсэн үнээр арилжаалах шийдвэрийг хараахан гаргаагүй байгаа юм. Учир нь улсын хэмжээнд 57 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй ч тэдгээрийн дийлэнх хэсэг нь Х тайлан гаргадаг. Ашигтай ажилладаг гэж үзэж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд цаад эзэд нь 2700 хүн болчихоод байгаа. Энэ тохиолдолд хувьцааны хуваарилалт шударга бус болох тул аж ахуйн нэгжид арилжаалахаар тусгасан 10 хувийн хувьцааг 2.7 сая иргэндээ дахин тэгш хуваарилах нь илүү оновчтой шийдвэр болно хэмээн УИХ-ын гишүүн Я.Батсуурь нар үзэж, хуулийн төсөл санаачилсан юм.  Эл төслийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэх шатанд байр сууриа нэгтгэж чадахгүй хоёр долоо хоног дамнуулж байна.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд өнгөрсөн долоо хоногт шийдвэрээ гаргасан бөгөөд “2.7 сая иргэндээ Тавантолгойн хувьцааг нэмж олгох нь илүү шударга хуваарилалт болно” хэмээн үзэж буй билээ.

2011/10/14

“Монгол 999” мэдэгдэл гаргав


УИХ-аас 2010 оны долдугаар сарын 7-ны өдөр Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай 39 дүгээр тогтоол гаргасан.

Уг тогтоолд нөөцөөрөө дэлхийд аман хүзүүдэж байгаа коксжих нүүрсний орд болох Тавантолгойн асар их баялгаас Монголын ард түмэн, монголын үндэсний компаниудад хүртээх арга замыг тодорхой заасан билээ. Тэгвэл УИХ-ын 39 дүгээр тогтоолтой холбогдуулан “Монгол-999” үндэсний нэгдэл, МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргав.


МЭДЭГДЭЛ

1. Таван толгойн төсөлд үндэсний компаниудын оролцоог 10 хувь нэрлэсэн үнээр үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах шийдвэрээс эргэж буцах, уг шийдвэрийг үндэслэсэн нотолгоонууд нь хууль эрх зүйн хувьд төдийгүй улс төр-эдийн засаг, нийгмийн хувьд үндэслэл муутай Монгол улсын эдийн засгийн тогтвортой бөгөөд зөв бүтцийг бүрдүүлж байдаг суурь болох хувийн хэвшлийг үл хүндэтгэсэн, түүний цаашдын өсөлт, хөгжлийг боогдуулсан, нийгмийн баялаг бүрдүүлэгчид, ажлын байр бий болгогчдыг дутуу үнэлсэн харалган шийдвэр болох ёсгүй гэдгийг нэн түрүүнд онцгойлон тэмдэглэе.

2. 10%-ийг Монгол улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах гэсэн заалт нь стратегийн орд газруудын талаар төрөөс хэрэгжүүлж буй өнөөгийн бодлогын орчинд тохирсон хамгийн оновчтой шударга шийдвэр бөгөөд үүнийг “шударга ёс” ярьж сонгуулийн уур амьсгалд тохируулан 20 хувь болгож нэгтгэн ард иргэдэд эзэмшүүлэх гэсэн шийдвэр нь өнгөн дээрээ шударга юм шиг харагдавч “шударга ёс” гэсэн ойлголтын олон улсад хэрэгждэг хууль зүйн болон эдийн засгийн утгаар нь авч үзвэл хамгийн шударга бус, оновчтой бус шийдвэр болно.
    Учир нь:

    а/ 10 %-ийг  үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах гэдэг нь “шударга ёсны “ гол шалгуур болох “тэгш боломж” олгож байна гэсэн үг юм. Гэтэл үүнийг социалист тогтолцооны гол шалгуур болох “тэгш хувиарлалт” болгохыг оролдох нь онолын хувьд төдийгүй улс төр-эдийн засаг, нийгмийн бодлогын том алдаа болно.

    б/ “эзэмшүүлэх”, “нэрлэсэн үнээр нь худалдах” гэсэн тэгш хуваарилалт, тэгш боломж олгох зарчмын хоёр өөр ойлголтыг хооронд нь механикаар нийлүүлж “шударга ёс” гэж үзэж байгаа нь Монгол улсад баялгийг бүтээн, ажлын байрыг бий болгогч хувийн хэвшлийг ялгаварлан гадуурхсан хэрэг болж байна.

3. Үндэсний аж ахуйн нэгжүүд хувьцаа худалдан авах тэгш боломжтой болж түүнийгээ хэрэгжүүлснээр компанийн засаглал сайжирч санхүүжилтийн альтернатив эх үүсвэрүүд хөрөнгийн зах зээл дээр бий болж хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх төдийгүй зөвхөн банкны зээлээс 90 хувь хамаардаг санхүүгийн секторт бүтцийн өөрчлөлт гарах болно.

4. Монголын нийгэмд улам бүр газар авч халдварлаж буй “бэлэнчлэх сэтгэлгээ” гэсэн нийгмийн энэ гаж үзэгдлийг иргэдэд эзэмшүүлэх хувьцааны тоог нэмэгдүүлэх шийдвэр улам бүр даамжруулах төдийгүй, түүний  үндэслэл нь бодит байдалтай нийцэхгүй харин ч хөдөлмөрлөж байж ядуурлаас гарна гэдэг энгийн үнэнийг эвдэх аюултай юм.

  1. Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим
  2. Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо
  3. Монголын Барилгын Үндэсний Ассоциаци
  4. “Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК
  5. Монголын Аялал Жуулчлалын Холбоо
  6. Махны холбоо
  7. Монголын барилгачдын холбоо 
  8. Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци
  9. Монголын Тээвэр зуучлагчдын холбоо
  10. Монголын хүнсчидийн холбоо
  11. Монголын Ноос Ноолуурын Холбоо
  12. Монголын арьс ширний холбоо 
  13. Монголын үндэсний зөвлөхүүдийн холбоо
  14. Сав баглаа боодол, хэвлэлийн салбарын хөгжлийн зөвлөл
  15. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл
  16. Хуулийн зөвлөхүүдийн зөвлөл
  17. Компанийн нийгмийн хариуцлагын зөвлөл
  18. Аялал жуулчлалын зөвлөл
  19. Био эко бүтээгдэхүүний хөгжлийн зөвлөл
  20. Импортлогчдын зөвлөл
  21. Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл