2011/03/10

Тавантолгойн "Март"-ын цэцэгтэй шалгаруулалт



Энэ долоо хоногт Тавантолгой ордоос бид хэдэн асуултад хариу авах байсан ч юу ч өөрчлөгдсөнгүй. Тухайлбал, хоёр cap дуншсан "Эрдэнэс Тавантолгой" компанийн захиалгаар олборлолт хийх компани, консорциумыг тодруулах, хөрөнгө оруулагч компанийг шалгаруулах тендерийн эзэд 15 хоногоос нааш тодрохгүй гэх.

Иргэн бүрт ирэх 550 ширхэг хувьцааг хэн, хэрхэн тогтоох, уурхайн бэлтгэл ажил ямар төвшинд байгаа, бусад дагалдах ажлын бэлтгэлийг хангасан уу. Тавантолгойн хувьцаанаас дэлхийн хөрөнгийн зах зээлд гарах 30 хувийг ямар үндэслэлээр, хэн, яаж тогтоосон...

Шалгарсан компанитай "Эрдэнэс Тавантолгой" хамтарч ажиллана
Дэлхийн коксжих нүүрсний хамгийн том орд Тавантолгой гэж эрдэмтэд дүгнээд буй. Энэ уурхай 6.5 тэрбум тонн нөөцтэй. Үүнээс "Эрдэнэс Тавантолгой" компанийн эзэмших нэг тэрбум тонн нүүрсний 78 хувь нь коксжих төрлийнх гэж Эрдэс баялгийн зөвлөл тооцоолсон. Одоо ажиллаж байгаа Ухаа худагийн уурхай дээр "Эрдэнэс Тавантолгой", стратегийн хөрөнгө оруулагчийн ашиглах Цанхийн баруун хэсгийн ажил эхэлснээр энэ ордод гурван том уурхайн амьдрал өрнөнө. Мөн стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтад ялсан компанийн уурхайн ажил эхлүүлэх хэсэгт 1.2 тэрбум тонн нөөц бий.

Үүний 68 хувийн коксжих нүүрсийг олборлож, борлуулалт хийж, хөрөнгө оруулах компани, консорциумыг сонгон шалгаруулах ажил хэд хэдэн удаа хойшилсны эцэст хураангуй жагсаалт гарcан. Тэдгээрээс тодрох ялагч энэ долоо хоногт мөн л хөшигний ард байна. "Эрдэнэс Тавантолгой" компани шалгарсан олборлогчтой 5-10 жилийн хугацаатай гэрээ хийх юм. Хамтарч ажиллах хугацааг харин хэлэлцээр хийхдээ тохирох юм байна.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: Засгийн газрын түшмэд их мөнгө амласан компанийг сонгохыг урьтал болгож байна
"Тавантолгой"-н стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулахдаа онцгой анхаарах хэдэн зүйл байгааг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал үзэв. Монгол Улсын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хангах чадвар, энэ чиглэлд хийх алхмууд чухал гэж тэрээр хэлсэн. Манай эдийн засгийн бүтцэд аж үйлдвэрийн хувийн жин дөнгөн данган зургаан хувьтай байдаг. Үүнийг ойрын жилүүдэд ядаж 20 хувьд хүргэх шаардлагатай байна. Энэ зорилтыг шийдэж чадахгүй бол бид бусдын түүхий эдийн хавсарга байсан чигээрээ насыг барна.

Тиймээс Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах үйл ажиллагаа нь алсдаа эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хангаж чадах эсэх, Сайншандын аж үйлдвэрийн паркийг байгуулах нөхцөл бүрдэх эсэх, эдгээрийг угтах дагалдах дэд бүтцийг байгуулахад шалгуур үзүүлэлт байх ёстой. Харин уг зорилтыг бүрэн шийдэхүйц, Монголын ирээдүйн хувь заяаг шийдвэрлэх бүтээн байгуулалтын гогцоог олж харсан төсөл шалгарах нь чухал. "Засгийн газрын түшмэд яарч садаран энэ эрхийг ахиухан мөнгө амласан нэгэнд өгөх, урьдчилгаа мөнгө авч, тараахыг урьтал болгож байгаа нь ажиглагдаж байна" хэмээсэн.

Донбассын түүхийг Тавантолгойд давтах уу?
Тавантолгой бол хойд хөршийн томоохон ордуудаас нүүрсний чанар, нөөц, олборлолтын зардлаараа давуу талтай гэдгийг олон улсын инженерүүд тогтоогоод байгаа. Коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлж байгаа энэ ордыг Оросын Донбассын уурхайн түүхийг давтахгүй гэх газаргүй гэдгийг манай зарим эдийн засагч, инженер сануулж байна. Тэд "Донбасс Тавантолгойгоос хэд дахин их нөөцтөй. Үүнээс 1.0 тэрбум тонн нь коксжсон нүүрс. Гэвч хойд хөршид энэ баялгийг Тавантолгойг ашиглаж байгаа шиг сорчлоод, үлдсэнийг нь хөсөр хаясан. Энэ алдааг давтахгүйн тулд Тавантолгойн зургаан тэрбум тонн нүүрсийг сорчилж биш бүхлээр нь ашиглах ёстой гэсэн дүгнэлт бүр социализмын үед гарсан байдаг. Тэгэхээр төсөл шалгаруулах үндсэн нөхцөл нь энэ байх ёстой" хэмээн ярьсан.

Ахмад инженер Г.Даваасамбуу "Уг нь "Эрдэнэс Тавантолгой"-н удирдлагуудын хэлснээр долоо хоногийн эхээр ТУЗ хуралдаж, зарим нэг тендерийн ялагч тодрох байсан. Гэвч Тавантолгой ордын тендерт тунаж үлдээд байгаа компаниудаас хэн нь хамгийн үнэтэй цэцэг барих нь шийдвэр гаргагчдад чухал. Тиймээс Мартын 8-наар хөрөнгө оруулагчийн тендерийн ялагчийг тодруулсан гэхэд үгүйсгэх газаргүй. Ихэнхдээ баяраар далимдуулж шийдвэр гаргадаг эрх баригчид уламжлалаа энэ удаад алдаагүй гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээсэн. Тэгэхээр ирэх өдрүүдэд мартын цэцэгтэй шалгаруулалтын хариу тодрох биз ээ.

2011/03/09

Э.Ганбат: Иргэд өөрсдөө хувьцаандаа хяналт тавих хэрэгтэй


Э.Ганбат: Иргэд өөрсдөө хувьцаандаа хяналт тавих хэрэгтэй
Тавантолгой ордын хувьцааг иргэд, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх тухай ярьж эхлэхтэй зэрэгцэн брокер, дилерийн компаниудын үйл ажиллагаа идэвхжиж эхэлсэн. Одоо манай улсад энэ чиглэлийн үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг 51 компани байгаа хэмээх мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооноос өгч байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэх бололтой. Учир нь тус хорооноос зохион байгуулдаг брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах эрх олгох сургалтад одоогийн байдлаар 100 гаруй хүн суралцаж байгаа аж. 

Түүнчлэн дөрөвдүгээр сард эхлэх дараагийн ээлжийн сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс ч аль хэдийнэ бүртгүүлчихсэн байгаа гэдгийг энд онцолъё. Тэгэхээр энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах компаниудын тоо цаашид нэмэгдэнэ гэж ойлгоход нэг их буруудахгүй аж. 

Дашрамд дурьдахад, сургалтад хамрагдахын тулд тухайн хүн 250 мянган төгрөг төлдөг бөгөөд сургалт хоёр долоо хоног үргэлжилдэг юм байна. Брокер, дилерийн компаниуд данс нээхэд нэг иргэнээс таван мянган төгрөг, аж ахуйн нэгжээс 50 мянган төгрөгийн хураамж авна. Тэгэхээр хоёр сая гаруй хүнд данс нээнэ гэж тооцвол үйл ажиллагааныхаа зардлыг хассан ч багагүй ашигтай ажиллах нь тодорхой. 

Холбогдох байгууллагуудаас уг хураамжийн хэмжээг бууруулах, тэглэх асуудлыг хэлэлцсэн ч хэвээр үлдээх шийдвэрийг гаргаад байгаа аж. Хамгийн гол нь одоо байгаа 51, цаашид үйл ажиллагаагаа эхлүүлэх компаниудаас алиныг нь сонгон үйлчлүүлэх вэ гэдэг сонголт иргэдийн дунд үлдсэн.

Сүүлийн үед "Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын Хөрөнгийн биржээр дамжуулж үнэт цаасны арилжаа хийдэг брокер, дилерийн компаниудыг шалгасан. Шалгалтын явцад хэд, хэдэн компани иргэдийг луйвардаж, хувьцааных нь мөнгийг шамшигдуулсныг илрүүлсэн" гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байна. Үүнээс үүдээд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх үеэр одоо үйл ажиллагаа явуулж буй брокер, дилерийн компаниудын алинд нь итгэх вэ гэдэг асуулт гарч ирээд байна.

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Э.Ганбатаас дараах асуултад хариулт авлаа.

-Санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн шалгалтаар брокер, дилерийн үйл ажиллагаа явуулдаг хэд, хэдэн компаниас зөрчил илэрсэн гэх мэдээлэл гарч байна. Ямар зөрчил илэрсэн бэ?
-Шалгалтаар Завхан аймагт үйл ажиллагаа явуулдаг "Мөнхөд" компани 330 хүний, Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнэс Инвест" компани 60 гаруй хүний хувьцааг ямар нэгэн бичиг баримтгүйгээр борлуулсан нь тогтоогдсон. Гэхдээ дээр нэр дурьдсан газрууд иргэдийн хувьцааг 2006 оноос өмнө борлуулсан байгаа юм. Одоогийн ханшаар тооцож үзэх юм бол маш их хэмжээний хохирол учруулсан. Эдгээр компанитай холбогдох бичиг баримт, нотолгоо зэргийг бүрдүүлээд Улсын мөрдөн байцаах газарт хүлээлгэн өгсөн. Тус байгууллагаас шалгасны үндсэн дээр зохих арга хэмжээг авах байх. Түүнчлэн "Ажнай Инвест" компанийг ч шалгаж байгаа.

-Үүнийг нь одоо л мэдэж байгаа хэрэг үү?
-Холбогдох газруудаас брокер, дилерийн үйл ажиллагаа явуулж буй компаниудад хяналт, шалгалт хийдэг. Гэхдээ бичиг, баримтуудтай нь танилцаад иргэний хувьцааг дур мэдэн борлуулсан байна гэдгийг мэдэх боломжгүй байдаг. Харин иргэдийн зүгээс өөрийн хувьцаатай холбоотой асуудлаар шалгуулахыг хүссэн тохиолдолд шалгадаг. Одоо л гэхэд 113 мянган хүн хувьцаа эзэмших эрхтэй мөртлөө дансаа нээлгээгүй явж байна. Магадгүй өөрөө ямар нэг компанийн хувьцаа эзэмшдэг гэдгээ ч мэдэхгүй байж болох юм.

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх үед ийм асуудал үүсэхгүй гэх баталгаа байна уу?
-Ийм эмзэглэл иргэдийн дунд байгаа. Гэхдээ одоо тийм асуудал гарах эрсдэл хомс болсон. Эрсдэл бага гэж ойлгож болно. Өмнө нь брокер, дилерийн компани хувьцаа арилжихад бэлэн мөнгөтэй харьцдаг байсан бол одоо банкны дансаар гүйлгээ хийдэг болсон. Хамгийн гол нь иргэд өөрийн хувьцаандаа хяналт тавих хэрэгтэй. Хувьцааны данс нээлгэхийнхээ өмнө Санхүүгийн зохицуулах хороон дээр ирээд тухайн компанийн санхүүгийн тайлан, хэдэн жил үйл ажиллагаа явуулсан, хэдэн хүнтэй зэрэг холбогдох мэдээллийг авах эрх иргэдэд нээлттэй байгаа. Тиймээс хувьцааны данс нээлгэх тохиромжтой үедээ энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хамгийн сайн компанид хандах хэрэгтэй.

-Тэгвэл иргэд хувьцааныхаа дансыг хэзээ нээлгэх нь зүйтэй юм бэ?
-Яарах шаардлагагүй гэдгийг бид удаа дараа хэлж байгаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэдэд олгохдоо эхний ээлжинд зарах, арилжаанд оролцох боломжийг нь хязгаарлана гэж байгаа шүү дээ. Тиймээс хувьцааг тухайн хүний өөрийн өмчлөлд шилжүүлсэн, арилжаанд орох боломжтой үед данс нээлгэх хэрэгтэй. Нэг ёсондоо үүнээс өмнө дансаа нээлгээгүй байна гэдэг нь хувьцаагаа ямар нэгэн эрсдэлээс хамгаалж байна гэсэн үг. Түүнээс өмнө маргааш ч дампуурч мэдэх компанид данс нээлгэх шаардлагагүй.

-Та сая "Маргааш ч дампуурч мэдэх" хэмээн онцоллоо. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын дунд үйл ажиллагаа нь доголдож байгаа компани байгаа юу?

-Одоо тийм компани байхгүй.

2011/03/07

“Тавантолгой”-н төлөө 6 компани өрсөлдөнө

Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн тендерийг хэрхэн явуулахыг олон нийтийн зүгээс анхааралтай ажиглаж буй. “Эрдэнэс MJL”-ээс Тавантолгойн орд газартай холбоотойгоор хоёр ч тендерийг зарлаад байгаа юм.  Нэгдэх нь  Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгаар олборлолт хийх компани, консорциумыг тодруулах олон улсын нээлттэй тендерийг  өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр хаасан. Энэхүү тендерийн ялагч байж болно гэсэн хувилбараар Энэтхэг, Австрали, Герман улсын гурван компани үлдээд байгаа гэнэ. Тэдний нэгийг нь  энэ долоо хоногоос ялагчаар тодруулах юм байна. Тэгвэл  Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, консорциумыг шалгаруулах тендерийг мөн нэгдүгээр сарын 31-нээр тасалбар болгосон бөгөөд уг тендерт оролцохоор гадаад дотоодын 15   оролцогч материалаа ирүүлсэн юм. Үнэлгээний хорооноос  тендерийн хоёрдугаар шатанд үлдэх компаниудын хурангүй жагсаалтыг гаргажээ. Эдгээр нь АНУ-ын “Пибоди Энержи”, БНХАУ-ын Шинхуа Энержи болон Японы Мицуи компаниудын консорциум, Оросын “Төмөрзам” болон Японы консорциум, Өмнөд Солонгосын “Крес” группээр ахлуулсан компаниудын нэгдэл, Австрали, Швецарийн “Экстрата Коул”, Бразилийн Вале (хуучнаар СиВиАрДи-CVRD), Люксембургийн “Арсэлор Метал лимитед”гэх компаниуд аж. Урьдчилан сонгон шалгаруулалтын дүнд хураангуй жагсаалтад багтсан эдгээр компани, консорциумтай УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасны дагуу дамжин өнгөрөх тээвэр, боомт ашиглалт, борлуулалт, хөрөнгө оруулалтын нөхцөл, урьдчилгаа төлбөрийн асуудлаар Засгийн газрын ажлын хэсэг хэлэлцээ хийсний үндсэн дээр эцсийн шалгаруулалтыг хийхээр төлөвлөж байгаа аж. Тавантолгой төслийн ажлын хэсгийн ахлагчаар  Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ажлын хэсгийн гишүүн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, "Эрдэнэс МГЛ" компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш нар ажиллаж буй билээ.

Иргэд хувьцаагаа хямд үнээр зарчихвал авах өгөөж нь багасна


Иргэд хувьцаагаа хямд үнээр зарчихвал авах өгөөж нь багасна
-Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Э.Ганбат хариулж байна-

-Иргэд хувьцааны дансаа нээлгээд эхэлчихлээ. Их л яарч байх шиг байна?

-"Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн хувьцааг энэ оны эхний хагаст багтаан олгоно гэж үзсэн. Үүнээс болж өнөөдөр брокер дилерийн компаниуд дээр данс нээлгэх иргэдийн бужигнаан үүсч байна. Уг нь ингэж бужигнах шаардлагагүй. Иргэд хувьцаа эзэмшигч болохын тулд юун түрүүнд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх ёстой. Тэр бүртгэлийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв авч иргэдэд данс нээж өгөх юм. Харин брокертой хэзээ гэрээ байгуулах вэ гэхээр хувьцаагаа дансандаа хийгээд арилжих үед л хэрэгтэй. 

Одоо бол үнэт цаасны хууль тогтоомжийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржид бүртгүүлээд улмаар нийтэд арилжаалах хоёрдогч зах зээл нээгдэх хүртэл хугацаанд бусдад худалдах боломж нь хаалттай байлгах талаар ярьж байгаа. Харин яг одоо "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг эзэмшихийн төлөө яарч брокерийн компанид данс нээлгэх шаардлага байхгүй. Яагаад гэхээр иргэд хувьцаагаа өнөөдөр авлаа гэхэд маргааш нь зарж болохгүй шүү дээ.

-Брокерийн компанийг сонгоход та бүгдийн мэдээлэл чухал. Тиймээс иргэд энэ талын мэдээллийг хаанаас авч болох вэ?

-Брокерын компаниудын талаар манай хорооноос мэдээлэл авч болно. Танилцуулга, ажилтан, захирлын тухай мэдээлэл, холбоо барих хаяг, компанийн оршин байгаа газар зэрэг бүх мэдээллийг ирэх долоо хоногтоо багтаан цахим хуудсандаа тавина. Одоо ч энэ компаниудын санхүүгийн чадавхийн талаарх мэдээллийг манай цахим хуудсаас харж болно. 

Тэгэхээр юуны түрүүнд брокерын компани нь Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон шалгуурт нийцсэн байх ёстой. Ажилтнууд нь мэргэшсэн, дүрмийн сангийн хөрөнгө нь хуульд заасан хэмжээнд хүрсэн, өөрийн эргэлтийн хөрөнгийн зохистой хaрьцaa, санхүүгийн чадавхийн хувьд шаардлага хангасан байх ёстой. Тэр шаардлагыг хангасан брокерийн компанийг иргэд сонгох нь зөв.

-"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг тараах ажлыг энэ оны эхний хагаст багтаан хийнэ гэж байгаа. Мэргэжлийн хүний хувьд танд ямар нэг болгоомжлол төрж байна уу?

-Бидний зүгээс тус компанийг олон улсын зах зээлд гараад шаардлагатай хөрөнгөө татаж бүртгэлээ хийлгэсний дараа иргэдэд үнэгүй өмчлүүлсэн хувьцааг олон улсын зах зээлийн ханшаар зарах эрхийг нь нээгээч гэсэн байр суурьтай байгаа. Үүнийгээ бид дээш нь уламжилсан. Тэр болтол иргэдийн өмчлөлд хэвээр байлгаач гэсэн саналтай байна. Тэгэхгүй бол угаасаа жижиг зах зээлд үнэ ханшийн өсөлт нь бага байж таарна. Тэгэхээр иргэд маань олон улсын зах зээлийн үнээр хувьцаагаа зарах боломжоо алдана. 

Олон улсын захад бүртгүүлж ханш тогтоогүй байхад хямд үнээр зарчихвал иргэдийн авах өгөөж багасна. Тийм ч учраас иргэдийн өмчлөлд хувьцааг үнэ төлбөргүй өгчихөөд хоёр дахь зах зээлд нээх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлах хэрэгтэй. Тэр хугацаанд иргэд ногдол ашгаа авах, хуралд оролцох эрхээ эдлээд явах боломжтой.

Тавантолгойн хувь заяа Ерөнхийлөгчийн гарт байна

“Монгол-999” ХХК-ийн ТУЗ-ийн Ажлын албаны дарга Б.Аюуштай Тавантолгой тойрсон асуудлаар ярилцлаа.

-Саяхан “Монгол-999” үндэс­ний компаниудын нэгдлээс Та­ван­­­­­­­­­­толгойн олборлолтыг эх­­­лэх­­­­­­­­­­­­дээ Монголдоо ашигтай бай­­­­­­­­­­­­­­хаар гэрээ байгуулах, ордыг бүхэлд нь ашиглахын чухлыг са­­­­нуул­­­­сан мэдэгдлийг төр зас­гийн тэргүүнүүдэд хаяглан ил­гээсэн. Түүний хариуг ямар нэг хэлбэрээр өгсөн үү. Ер нь та бүхэн Тавантолгойн ордыг хуваах хэлбэрээр ашиглахыг эсэргүүцээд байгаагийн учир юу вэ?

-Одоохондоо ямар ч хариу өгөөгүй байна. Засгийн газар Тавантолгойн ордыг хэд хэд хуваагаад хэсэг бүрийг нь гадаадын аль нэг компани консорциумд ашиглуулах төсөл оруулж ирсэн шүү дээ, анх. Харин мэргэжлийн геологич, уулын инженерүүд болохоор Тавантолгойн ордын гол үнэ,цэнэ нь том хэмжээний орд гэдэгтээ л байгаа гэдгийг хэлж байгаа. Түүнээс Тавантолгойг 5-6, арав хуваасантай тэнцэх хэмжэний орд Монгол нутгийн хаана нь ч байгаа шүү дээ. Хэрвээ уг ордыг ашиглагч нь нэг газар байх аваас дэд бүтцийн бүтээн байгуулалтыг чанартай, цогц байдлаар хийнэ шүү дээ. Авто болон төмөр зам тавих, цахилгаан станц барих, нүүрс угаах, кокс химийн үйлдвэр байгуулахаас эхлээд орд дагасан бүтээн байгуулалт өрнөнө. Харин хувааж орхих юм бол зөвхөн олборлоод, зөөвөрлөхийг илүүд үзэх нь мэдээж биз дээ. Хоёрдугаарт коксжих нүүрсний агууламж ихтэйдээ үнэ цэнийг өсгөж байгаа хэрэг гэдгийг мэргэжилтнүүд нотолж байгаа. Тиймээс л Тавантолгойн ордыг хуваан ашиглах нь буруу. Уг ордыг бүхэлд нь ашигладаг үндэсний компани байгуулах хэрэгтэй гэсэн шаардлага тавиад байгаа юм. Үндэсний компани гэдгийг онцлох хэрэгтэй. Гадныханд ашиглах эрхийг өгөх нь буруу гэсэн саналыг бид дэвшүүлэн тавьсаар ирсэн. Бидний санал бол Засгийн газрын төслөөс тэс өөр юм. Харин өнгөрсөн оны долдугаар сард УИХ Монголын түүхэнд эдийн засгийн хувьсгалыг эхлүүлэхүйц түүхэн шийдвэрийг гаргасан. Энэ бол УИХ-ын 39 дүгээр тогтоол. Энэхүү тогтоолын үнэ цэнэ хэдэн жилийн дараа ойлгогдоно. Энэхүү тогтоолыг биелүүлж гэмээнэ монголчуудад Монте Кристо гүнгийн түүхийг давтах боломж олдоно гэж хэлбэл хүмүүст илүү ойлгомжтой юм болов уу.

-Тавантолгойн орд газрын ойр орчимд нутагладаг иргэд нүүрсийг нь өдөр шөнөгүй зөөгөөд дуусч байгаа гэлцэх юм билээ?

-Яалаа гэж. Өнөөдрийн хурдаар өдөр шөнөгүй зөөхөд 100 жил ч багадах тйим их баялаг орд гэдгийг Монголын геологичид тогтоосон шүү дээ. Үнэхээрийн асар их баялаг. Монгол Улсын гурван сая иргэнийг булангийн орныхон шиг баян тансаг амьдруулж чадахуйц орд газар шүү гэдгийг л хэлмээр байна. Тийм арвин баялгаа бид өөрсдөдөө, үр хойчдоо ашигтай байхыг бодох уу, эсвэл хайхрамжгүй хэнэггүй байдлаасаа болоод ямар ч шийдвэр гарсан яах вэ гээд суух уу гэдгээ хүн бүр л бодох цаг ирээд байна. Тиймээс ч манай “Монгол-999” компани Тавантолгойн ордыг яаж ашиглавал зохистой вэ, засаг төр ямар шийдвэр гаргах нь вэ гэдгийг маш анхааралтай ажиглаж байна. 

-УИХ-ын 39 дүгээр тогтоолд тодорхой заасаар байтал Засгийн газар Тавантолгойн ордыг хуваан эзэмшүүлэхээр болсноо олон түмэнд танилцуулж байна. Бүр тендер хүртэл зарлаад амжлаа. Үүнийг та бүхэн хэрхэн дүгнэж байгаа вэ. Уг нь УИХ-ын шийдвэрийг Засгийн газар нь дагах учиртай баймаар?

-Засгийн газар болоод ТӨХ-ны зүгээс УИХ-ын тогтоолын хамгийн гол үзэл санааг алдагдуулсан шийдвэр гаргаад байгаа. Монголчууд хууль, тогтоолыг зөрчихдөө огт ажрахаа больсон. Энэ бол Монголын хөгжилд чөдөр тушаа болж байгаа хорон сэтгэхүй шүү дээ. Хууль, тогтоол гаргасан л бол биелүүлж, мөрдөж байх ёстой. Засгийн газар Тавантолгойн ордыг хоёр хувааж, нэг хэсгийг нь “Эрдэнэс Тавантолгой” компанид, нөгөө хэсгийг нь гадны компаниудад хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ашиглах эрх өгнө гэж шийдвэрлэсэн нь үнэхээр харамсалтай. 2010 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр зарласан сонгон шалгаруулалт нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль, Компанийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. 

-Тавантолгойн хувьцаанаас тус бүр 10 хувийг иргэд, үндэсний аж ахуйн нэгжүүдэд хуваарилахаар УИХ-ын тогтоолд дурдсан. Тэгэхээр ордыг хуваан, хагасыг нь гадныханд  эзэмшүүлснээр иргэдэд хүртэх хувьцааны хувь хэмжээ буурна гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Бидэнд оногдох хөрөнгийн хэмжээ хэд дахин багасах магадлалтай. Тэгэхээр Засгийн газрын энэ шийдвэр монгол хүн бүрийн эрх ашгийг хөндсөн, хувь заяанд нөлөөлөхүйц шийдвэр болоод байгаа юм. Аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадварт ч нөлөөлнө. Эрдэс баялгийн сайд “Гадаадын компаниудад ашиглах эрхийг нь л өгнө, тусгай зөвшөөрлийг нь өгөхгүй” гэж мэдэгдсэн. Энэ бол бүүр хариуцлагагүй мэдэгдэл. “Тусгай зөвшөөрөлгүйгээр эрдэс баялгийг ашиглахыг хориглоно” гэж Ашигт малтмалын хуулинд нь заасан байтал салбар хариуцсан төрийн сайд ийм мэдэгдэл хийсэнд үнэнхүү гайхаж байна л даа.

-Ордыг хуваан эзэмшүүлэхдээ ашиглахад хялбар, коксжсон нүүрс элбэгтэй, хамгийн өгөөжтэй хэсгийг нь гадаадын компаниудад ашиглуулах гэж байна гэх юм?

-Тэр өгөөжийн тухай би яримааргүй байна. Яагаад гэвэл өгөөжтэй гэдгийг нь мэддэг хүн нь би биш. Тавантолгойн ордыг нөөцийг бол Монголын геологичид тогтоосон болохоор хаанаа өгөөжтэй, хаанаа таарууг нь тэд хэлэх биз. Нөгөөтэйгүүр сайн, муу ямар боловч энэ ордыг хуваан эзэмшүүлэх ёсгүй гэдгийг л хэлэх байна. 

-Одоогоор Тавантолгойтой холбоотой гурван ч сонгон шалгаруулалт зарлачихаад байгаа. Эдгээр нь хуулийн дагуу хийгдэж чадаж байгаа юу?

-Энэ гурван тендер гурвуулаа л хууль зөрчсөн. Яагаад гэвэл энэ ордыг ашиглах эрх бүхий субъект нь “Эрдэнэс Тавантолгой” компани шүү дээ. Тус компанийг хуулийн дагуу байгуулчихаад дараа нь энэ компани өөрөө тендерээ зарлах ёстой байсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулинд “Байгуулагдаагүй компани иргэний эрхзүйн харилцаанд бие дааж оролцохыг хориглоно” хэмээн тодорхой заасан байгаа. Гэтэл тэр компанийн өмнөөс ТӨХ, “Эрдэнэс МГЛ” зэрэг газрууд сонгон шалгаруулалтыг явуулаад байгаа нь хууль бус үйлдэл. Монголын эдийн засгийн хувь заяаг атгах эрх бүхий этгээд бол “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал, ТУЗ байх юм. Үүнд хэн гарч ирэх нь вэ гэдэг нь монгол хүн бүрт хамааралтай. Гэтэл ганцхан ТӨХ-ны асуудал юм шиг хандаж байгаа нь маш хариуцлагагүй хэрэг.

-Танай компани болон МҮХАҮТ-ын тэргүүлэгч гишүү­дээс төрийн өндөрлөгүүдэд хандан мэдэгдэл хийсэн. Гэтэл үүнийг МҮХАҮТ-ын дарга өөртөө хамаагүй хэрэг хэмээн тайлбарласан байна лээ. Та тэрхүү мэдэгдлийг гаргасан ажлын хэсгийн гишүүний хувьд үүнд ямар тайлбар хийх вэ? 

-Засгийн газар, ТӨХ, “Эрдэнэс МГЛ”-ээс удаа дараа зарлаад буй тендерүүд нь Монгол Улсын хууль болон УИХ-ын 39 дүгээр тогтоолыг ноцтой зөрчиж байгаа тул бид бүхэн Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ҮАБЗ-ийн гишүүн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нарт хандан мэдэгдэл хүргүүлсэн. МҮХАҮТ бол үндэсний аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах эрх бүхий байгууллага шүү дээ. Тиймээс танхимын тэргүүлэгчдээс мэдэгдлийг гаргаад танхимын даргадаа хүргүүлсэн. Нэгдүгээр сарын 11-ний өдөр хүргүүлсэн юм. Яагаад ийн яаравчилсан бэ гэхээр нэгдүгээр сарын 17-ны өдөр сонгон шалгаруулалтын сүүлийн хугацаа байсан юм. Гэтэл МҮХАҮТ-ын дарга М.Дэмбэрэл эл мэдэгдлийг хүлээн авалгүй шууд зугтсан. Тэр хүн өөрийн мэдлээр ажиллаж чаддаггүй, дарамт шахалтад байдаг юм болов уу гэсэн сэтгэгдэл төрж байсан. С.Дэмбэрэл дарга утсаа ч авахгүй, яваад очихоор уулзахгүй болохоор бид ажлын хэсгийн ахлагч Б.Лхагважавыг байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж шийдсэн. Ажлын хэсгийн байр суурийг Монголын уул уурхайн ассоциаци, МҮЭ, Ажил олгогч эдийн нэгдсэн холбоо, Мэргэшсэн инженерүүдийн холбоо зэрэг байгууллагын саналыг ч хүлээн авсан. 

-Урьдчилсан сонгон шалга­руулалтын хугацааг хоёронтоо сунган нэгдүгээр сарын 31-нд шийдвэрлэхээр болсон. Энэ нь цаг хугацааны хувьд сар шинийн баяртай давхцаж байгаа. Үүнийг зарим хүмүүс “Чоно борооноор” гэж зүйрлэхүйц олон үйлдлийг давтах нь гэж хардаж байна?

-УИХ, Засгийн газраас аливаа чухал шийдвэрийг баяр наадамтай давхцуулдаг нь үнэхээр зүй тогтол болчихоод байна. Энэ удаа ч биднийг бууз баншиндаа бялуурч суух зуур шийдвэр гаргаж мэдэхээр байна. Хэдийгээр Засгийн газрын тэргүүн цаг хугацааны хувьд ийн таарсан нь чуулганаас чуулганы хооронд асуудал шийдэж, хэлэлцэх зүйлс бөөнөөр орж ирдэг гэдгээр тайлбарлаж байгаа ч үнэмшилтэй сонсогдохгүй байгаа юм. Монголын гүйцэтгэх засаглалын тэргүүн ийм аргацаасан тайлбар хэлж буй нь харамсалтай хэрэг.

-Тавантолгойн нэгж хувьцааны нэрлэсэн үнэ хэд байх вэ гэдгийг одоо болтол шийдээгүй байгаа. Энэ нь ямар хор холбогдолтой вэ. Нэгж хувьцааны үнийг чухам яажтогтоодог юм бол?

-Нэгж хувьцааны үнийг тодорхой болгох нь хоёр талын ач холбогдолтой. Нэгдүгээрт үндэсний аж ахуйн нэгж компаниуд хувьцаа худалдаж авах давуу эрхээ эдлэхэд ихээхэн дэмтэй. “Энержи ресурс” л гэхэд Хонконгийн биржид гарах хүртлээ 42 сая ам.доллар зарцуулсан байдаг. Харин биржид гарсны дараа тэдний хувьцаа дөрвөн тэрбумд хүрсэн гээд мэдээлээд байгаа шүү дээ. Хувьцаа нь ийн их хэмжээгээр өсөн нэмэгдэх боломж ашигт малтмалын баялаг ордуудыг эзэмшихэд л бий болдог. Тэгэхээр тус компанийн хувьцааг Хонконгийн биржид гарахаас өмнө авах нь хамаагүй хямд байсан нь харагдаж байгаа биз дээ. Яг л үүнтэй адил,Тавантолгойн хувьцааны нэрлэсэн үнийг 42 сая байхад нь тогтоох уу, дөрвөн тэрбумд хүрсэн хойно нь тогтоох уу гэдгийг л хэлээд байгаа юм. Хөрөнгийн зах зээлд гараад хувьцаа нь өссөн үед нь бол монгол компаниуд өөрсдөдөө оногдсон 10 хувийг авч чадахгүй байх магадлалтай. Ер нь бол хувьцааны нэгж үнийг олон улсын санхүүгийн зах зээлээс санхүүжилт татах хүртэл тухайн компанид хэдэн төгрөг хэрэгтэй вэ гэдгээр нь тогтоодог. Гэтэл ТӨХ-ны дарга Хонконгийн бирж дээр гарсан үнээр баримжаална гэж бодож байгаа гэсэн байна лээ. Зарим мэргэжилтнүүд бол газар доорх нүүрсийг үнэлж тогтооно гэсэн нь ч бий. Энэ бол маш буруу юм. ТӨХ-ныхон энэ талаар ямар ч мэдлэггүй гэдгийг олон зүйлээс харуулж байна. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд гадаадын хөрөнгийн зах зээлд гарахын тулд ямар бэлтгэл хийдгийг, хувьцааны нэрлэсэн үнийг хэрхэн тогтоодгийг, монголчуудыг гадныхан хүлээн авна гэдгийг, бид мөнгө босгож чадна гэдгийг “Энержи ресурс” харууллаа. Өөрөөр хэлбэл “Энержи ресурс”  Данкогийн зүрх болон гэрэлтүүлсэн гэж ч болно. Тэдний замаар яваад шийдэж болно шүү дээ. Тэдний чадаж байгааг бусад монгол  компаниуд ч чадна.

-Монголын Засгийн газар ч өөрөө хөрөнгө босгож болох юм гэж зарим улстөрчид үздэг юм билээ. Үүнтэй та санал нийлэх үү?

-Нийлж байна. УИХ-ын гишүүн О.Чулуунбат уул уурхайн чиглэлийн нэгэн сонинд Засгийн газар хөрөнгө босгох боломжтой гэж хэлсэн байсан. Арабын баян сангууд огт хүүгүйгээр ч мөнгө зээлдүүлэхийг үгүйсгэхгүй. Мөнгө гэдэг зүгээр хадгалсан тохиолдолд үнэ цэнэ нь унаад л байдаг эд. Хөрөнгө оруулалт хийчихвэл ядаж инфляцид идэгдэхгүй хадгалах боломжийг бүрдүүлдэг. Хүүгүй зээл гэдэг чинь тийм ч үнэ цэнэгүй зүйл биш. Өнгөрсөн оны сүүлчээр Засгийн газар Монголын хөрөнгийн бирж дээр гаргасан 30 тэрбум төгрөгийн бонд таван минутын дотор зарагдсан. Санхүүгийн зах зээл дээр гарна гэдэг заавал хөрөнгийн биржид бүртгэгдэж хувьцаа гаргана гэсэн үг биш.

-Та бүхэн мэдэгдэл хийж, захидал илгээжээ. Ямар ч хариу өгөлгүй өнөөдөртэй золгосон юм байна. Ингээд таг чиг байгаад байвал дараагийн алхам юу байх вэ?

-Хууль зөрчсөн сонгон шалгаруулалтын шийдвэр гаргасан газруудыг шүүхэд өгөх хүртэл маш олон арга хэмжээ бий. Гэвч ингэх эсэх нь ТУЗ-ийн хурлаар шийдэх асуудал.Гэхдээ би хувьдаа  Монгол Улсын Ерөнхийлөгч ийм чухал асуудлыг үл хайхран, хуруугаа ч хөдөлгөхгүй сууна гэж бодохгүй байгаа. Энэ бол Улаанбаатарын утаанаас ч тлүү аюултай асуудал шүү дээ. Бид мөнгөтэй болчих юм бол нийслэлийн утааг нэг л жилд шийднэ. Тийм болохоор Тавантолгойн хувь заяа Ерөнхийлөгчийн гарт байна. Хойшид бидэнд хамгийн их хэрэгтэй зүйл бол “Нийтийн өмчинй тухай хууль” юм. Газрын хэвлийн баялаг, ашигт малтмал, гол ус, ургамал ногоо гэхчилэн нийтэд өмчлүүлдэг бүхэн эзгүйдсэнээс овжин хэсэг нь бүхнийг өөртөө ашигтай байдлаар эргүүлж байна. Хичнээн олон гол горхи үгүй болж, бэлчээр сүйдэж, хвор нандин ургамал цэцэг, ан амьтан газрын хөрснөөс арчигдаж байна вэ гэдгийг тооцоход харамсалтай тоо гарна. Тиймээс нийтийн өмчийг хамгаалсан хууль хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл Монгол Улс орших уу, эс орших уу гэдэг торгон мөчид ирээд байна.

”Таван толгой”-г тойрсон үйл явдлуудын өрнөл


Тавантолгой ордод төрийг төлөөлж ажиллах “Эрдэнэс Тавантолгой” компанийн зарласан урал­даант сонгон шалгаруулалт болон түүнийг тойрсон мэдээллүүд сонины нүүрийг дүүргэж, хэвлэлийн хуу­даснаа тасрахгүй хөвөр­сөөр. Оператор компани, стратегийн хөрөнгө оруу­лагчийг тус тус тендерээр шалгаруулах үйл явц үргэлжилж байгаа ч эцсийн хариу гараагүй байна. Мөн энэ хоёр тендерээс гадна хөрөнгө оруулагчийн зөвлөх банкыг сонгох ажил ид өрнөж байна. Эдгээр үйл явдлуудыг хооронд нь хольж, элдэв шуугианд зарим нь төөрөгдөлд орж эхэлжээ. Ийнхүү нэг бүхэл ордыг хоёр хувааж, гадныханд өгөх гэж байна гэсэн хардлагын араас хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажиллахаар дэлхийн тэргүүн эгнээнд жагсдаг нэр хүнд бүхий банкууд орж ирсэн нь сүүлийн үеийн халуун сэдэв болоод байна.

Оператор компани энэ сарын сүүлээр тодорно

“Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн бүлэг ордыг ашиглахдаа баруун, зүүн Цанхи хэмээн хоёр хэсэгт хуваагаад буй. Зүүн цанхи дээр өөрсдийн хөрөнгөөр олборлолт хийхээр зарим ажлыг эхлүүлээд байгаа ба уурхайг өнгөрсөн сарын 13-нд улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Цаашид хүчин чадлаа улам нэмэгдүүлэхийн тулд олборлолтод олон улсын чадварлаг компанийг хөлслөх болсон. Ингэхийн тулд “Эрдэнэс Тавантолгой” гэрээт олборлогч буюу оператор компанийг сонгох болж, сонгон шалгаруулалт зарласан юм. Оператор компанийг тодруулах сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа өнгөрсөн сарын 27-нд дууссан. Гэрээт олборлогчийн сонгон шалгаруулалтад БНЭУ-ын “MESCO steel”, ХБНГУ-ын “BBM Operta”, Австралийн “Macmahon” гэсэн гурван компани саналаа ирүүлсэн. Үнэлгээний хороо тэдний материалтай танилцаж хараахан эцсийн шийдээ гаргаагүй байна. Гэрээт олборлогч нь уурхайн үндсэн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж, жил бүр уулын ажлын төлөвлөгөөний дагуу хөрс хуулалт олборлолт хийн, уурхайн олборлолттой менежментээ өөрсдөө хариуцах юм. Ялагч зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй, дэлхийн хэмжээний уурхайн бүтээн байгуулалтын ажилд оролцох эрхтэй болох юм. Дүн хэзээ гарах талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Энэ сарын сүүлч гэхэд хариу гарах байх” гэсэн товч хариултыг өгөв. Энэ дашрамд үүнд чамгүй хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг сануулъя.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ ТОДРУУЛАХААР ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО АЖИЛЛАЖ БАЙНА

Тэгвэл баруун Цанхи дээр олборлолт явуулахад бүх үйл ажиллагаагаа бие даан явуулах чадвартай хөрөнгө оруулагч байх юм. Үүнийг манайхан Стратегийн хөрөнгө оруулагч хэмээн нэрлээд байгаа ба сонгон шалгаруулалтад нэр бүхий 15 компани саналаа ирүүлсэн. Энэ нь,
1. БНХАУ-ын “Shenhua Energy” болон Японы “Mitsui & Co” компанийн консорциум
2. Монголын “Монголын Алт” групп
3. Люксембургийн “ArcelorMittal”
4. БНХАУ-ын Өвөрмонголын “Yitai” групп
5. АНУ-ын “Peabody Energy”
6. ОХУ-ын “Ен Плас”
7. Австралийн “Fortesque Metals”
8. Бразилийн “Vale”
9. Оросын төмөр зам, Японы консорциум болон БНСУ-ын консорциумуудын нэгдэл •Оросын төмөр зам (РЖД) • Японы консорциум o “Itochu” o “Sumitomo” o “Sojitz” o “Marubeni” • БНСУ-ын консорциум (“KORES”-ээр ахлуулсан БНСУ-ын 11 компанийн нэгдэл консорциум)
10. БНЭУ-ын “Mesco Steel”
11. БНЭУ-ын “International coal venture”
12. Монголын “Монголын авто замын нэгдэл” консорциум
13. Австралийн “Xstrata coal”
14. БНХАУ-ын Өвөрмонголын “Erdos Chenglong Coal investment”
15. Монгол, БНХАУ-ын “Signum Industrial” байна.
Стратегийн хөрөнгө оруулагчдад саналаа ирүүлсэн компани, консорциумуудын саналтай Үнэлгээний хороо танилцаж эхэлсэн байгаа. Маш хариуцлагатай сонголт болохоор хугацаа шаардагдаж магадгүй юм. Юутай ч тэдний саналтай нэгбүрчлэн танилцсаны дараа хураангуй жагсаалт гаргаж, тунаж үлдсэн компаниудтай Засгийн газраас томилсон Ажлын хэсэг хэлэлцээр хийж сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатыг эхлүүлнэ гэдгээ албаныхан мэдэгдээд буй.
Стратегийн хөрөнгө оруулагч ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшихгүй, уурхайн бүх хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж, борлуулалт, менежментээ хийнэ. Мөн дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах юм. Харин нөөц ашигласны зэрэг төлбөр хураамж төлөх ажээ. Үнэлгээний хорооны ажлын явцаас дээрх тендерийн эхний шалгаруулалт шалтгаалах юм.

Хөрөнгө оруулалтын зөвлөх банкуудтай танилцах уулзалт өндөрлөлөө

Хүлээлт үүсгэн дүн нь гарахгүй дуншиж байгаа хоёр тендерээс гадна “Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийх үйл ажиллагаанд зөвлөгөө өгч, бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулалт хийх босгох хамтрагчаа сонгохоор Улаанбаатарт дэлхийн хамаг л нэртэй банкныхантай хийж буй уулзалт халуунхан сэдэв болоод байна.
Уулзалтыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Энэбиш нар ахалж буй.
1.    JP Morgan
2.    Gredit Suisse
3.    Goldman Sachs
4.    Morgan Stanley
5.    Deutsche bank
6.    Barclays Capital
7.    CITI
8.    UBS
9.    Standard Chartered bank
10.  Bank of China international
11.  Jeffries
12.  ING
13.    Bank of America Merrill Lynch
14.    HSBC
15.    Macquarie
16.    BHP Paribas
Эдгээр 16 банк “Эрдэнэс Тавантолгой”-д IPO хийх үйл ажиллагаанд зөвлөгөө өгч, бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулалт хийх зэргээр туслах гэнэ. Албаны хүний өгсөн мэдээллээр бол ажлын хэсгийнхэн  хөрөнгө оруулалтын зөвлөх банкыг дөрөв дөрвөөр нь хүлээн авч уулзаж байгаа бөгөөд банкуудтай хийх танилцах уулзалт өчигдрөөр дуусгавар болжээ. Уулзалтын салхийг “Standart Chartered bank” хагалсан бол “Gredit Suisse” банкны танилцуулгаар өндөрлөсөн байна. Хөрөнгө оруулалтын зөвлөх банкуудын дэлхийн зах зээлээс хэрхэн мөнгө босгох танилцуулгыг нь эхний ээлжинд  сонсох бөгөөд дараагийн шатанд ажлын хэсгээс  тохиролцоо өрнүүлэх гэнэ.

Бас нэг төөрөгдөл 

Эдгээр банкуудаас хэдэн тэрбумын урьдчилгаа авах ёстой гэсэн мэдээлэл гарсан. Зөвлөх банк Олон улсын хөрөнгийн зах зээлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гаргаж өгснийхөө шанд  Монголоос мөнгө авахгүй. Харин хувьцаа арилжаа бүрээс тодорхой шимтгэл авах юм гэдгийг онцолж хэлэх байна.  Тиймээс шимтгэлийн хувийг тохирох нь гол асуудал болоод байна. Хөрөнгийн биржид бүртгүүлж, хувьцаа арилжаалах ажил ирэх оны эхний улиралд багтан хийгдэх учиртай гэнэ. Тавантолгойн ордыг 5-8 тэрбум ам.доллараар үнэлж, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 25 хүртэл хувийг арилжиж, хоёр тэрбум ам.доллар босгох боломжтойг ч гадаадын мэргэжилтнүүд аль хэдийн хийчихээд байгаа аж.
За, ингээд дээс томж найзыгаа аврах гэсэн шоргоолжны үлгэр шиг хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа хувьцааны ирмэг “дээр” ирлээ. Дээр дурдсан ажлууд амжилттай явагдаж байж гэмээн та хувьцаа болоод цаашилбал ноогдол ашгаа авах боломжтой болно шүү дээ. Тиймээс олонхийн уруул дээр гарч ирж байгаа энгийн асуултууд бяцхан зөвлөгөө өгсүү.

Хувьцаагаа авахад юу бэлтгэх вэ?

Та брокер дилерийн компаниудад хандан дансаа нээлгэж байх нь эртдэхгүй. Хэрвээ та хувьчлалын яагаан, цэнхэр тасалбар авч байсан бол танд данс байгаа гэсэн үг. Үүнийгээ дахин баталгаажуулж нягтлаад брокер дилерийн компанидаа даатгачихад хангалттай.
2011 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн иргэн бүр. Мэдээж хүн амын тооллого болоод, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн гэдгээ нотлох бичиг баримттай бол. Яагаад ийн он цагийн хязгаар гаргасан нь тодорхой. Яг л энэ түүхэн цаг үед төрж хувьцаа хүртэх эрхтэй болж байгаагаараа нэг талаар бид азтай гэж хэлж болно. Тийм ч учраас яг энэ хязгаарт байгаа хүмүүсээр багцаалан Тавантолгойн 15 тэрбум хувьцааны 10 хувь буюу 1,5 тэрбумыг хуваагаад хүн болгонд 550 орчим хувьцаа гэж тооцоолж байгаа хэрэг. Компаниудад 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан, татварын зөрчилгүй, дотоодын нэгж гэсэн хязгаар тогтоосон байгаа. Мэдээж шалгуур нөхцөл тавихгүй юм бол хүссэн хүн болгон компани байгуулж чадах юм хойно. Харин компаниуд өр ширээ цэгцэлж байхад илүүдэхгүй нь. Түүнээс гадна дотоодын гэдэг ямар компанийг хэлэх вэ гэсэн хэмжээс нь хараахан тодорхой болоогүй байна. Одоогоор 20-оос дээш хувь гадаадын хөрөнгө оруулалттай бол хувьцаа нэрлэсэн үнээр худалдан авах боломжгүй болно.  

Наадмын өмнө Тавантолгойн хувьцааг тараана

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төр ажлаа эхлүүлсний зэрэгцээ иргэдэд эзэмшүүлэх хувьцааны асуудал анхаарал татах болов. УИХ-аас баталсан Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төсөлд зааснаар 15 тэрбум ширхэг хувьцааг гаргана. Үүний 10 хувийг Монгол Улсын нийт иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх бол мөн 10 хувийг дотоодын аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр арилжаална. Харин Засгийн газраас гаргасан тогтоолоор нэг иргэнд 500 ширхэг хувьцаа ногдох болоод буй. Гэхдээ хувьцааны нэрлэсэн үнэ тодорхой болоогүй байгаа юм. Мөн Тавантолгойн ордын хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид арилжаалах шийдвэр гаргасны дагуу IPO хийх хөрөнгө оруулалтын банкийг шалгаруулах ажил ид үргэлжилж байна. Иймд бид дээрх асуудлын хүрээнд Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугараас дараах тодруулгыг хийлээ. 

-Тавантолгойн хувьцааны үнэ хэзээ тодорхой болох вэ, нуугаад байна уу гэх хардлага бас бий боллоо. Мөн иргэд хэзээнээс эхэлж, хувьцаагаа эзэмших юм. Олон нийт энэ асуудалд ихээхэн анхаарал тавьж байна?  


-Тавантолгойн хувьцааны үнийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан тогтооно. Ямар нэгэн юмнаас нуугаад байгаа юм байхгүй. Тавантолгойн хувьцааны үнийг тогтоохын тулд эхлээд ордын үнэлгээг гаргах ёстой. Ордын үнэлгээг би сууж байгаад гаргачихгүй. Энэ үнэлгээг олон улсын зах зээл дээр хамгийн нэр хүндтэй, туршлагатай компаниар хийлгэх ёстой. Ингэснээр дэлхий дахин тэдний гаргасан үнэлгээнд итгэж, олон улсын зах зээл дээрээс манай хувьцааг худалдаж авна. Одоо “Эрдэнэс тавантолгой” компанитай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын 16 банк Монголын талд сонирхлоо илэрхийлчихсэн,  сонгон шалгаруулалт ид болж байна. Ирэх долоо хоногийн дундуур дүн нь гарчих болов уу, тэр үед бид танилцуулна. Сонгон шалгаруулалтаар шалгаран,  сонгогдсон том банкныхан ирээд бидэнтэй цуг сууж, Тавантолгойн ордыг үнэлээд, хувьцааны тоог та бүхэн мэдэж байгаа, 15 тэрбум хувьцаа бий,  түүнд хуваагаад нэгж хувьцааны үнийг гаргана. Энэ бол эхний ажил. Хоёрдугаарт, тэр нэрлэсэн үнээр нь аж ахуйн нэгждээ зарах, тэр нэрлэсэн үнээр нь хувьцааг иргэддээ хуваарилах бэлтгэл ажлыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан хангана. Засгийн газар асуудлыг авч хэлэлцээд улстөрийн шийдвэрээ гаргамагц ард иргэддээ хувьцаа тараана. 

-Хувьцааг хэдий үед тараана гэсэн үг вэ? 

-Баттай хэлэхэд улсын баяр наадмын өмнө хувьцаа тараана гэж ойлгож болно. 

-Гэхдээ иргэдэд тараах хувьцаа нь давуу эрхийн хувьцаа байх уу, энгийн хувьцаа байх уу гэдэг нь маргаантай байна гэж дуулдах? 

-Хувьцаан дээр нэг их маргаан өрнөөгүй, тэгж мушгиж болохгүй. Хоёр төрлийн хувьцааны тухай ярьж байна. Нэг нь Хүний хөгжлийн сангаар дамжуулж хуваарилах хувьцаа. Үүн дээр давуу эрхийн хувьцааг ярьж байна. “Эрдэнэс тавантолгойн” хувьд УИХ-аас баталсан тогтоолын дагуу энгийн хувьцаа юм. Гэхдээ энгийн хувьцаа гээд орхичихгүй. Ягаан, цэнхэр хувьцааны түүхийг санаж байгаа байх, та бүхэн. Овсгоотой хүмүүс нь тэр хувьцааг цуглуулж аваад, юм болгож чадсан бол бусад нь хоосон хоцорсон. Тийм алдааг дахиж гаргуулахгүйн тулд л хувьцааны хэлбэрийг яриад байгаа хэрэг. 

-Хувьцаа ямар хэлбэрээр байлаа ч, түүнийгээ хэрхэн ашиглах арга ухаанд суралцаагүй цагт ягаан цэнхэр өнгийн хувьцааг тараахад гарсан алдаа давтагдахгүй гэх баталгаагүй юм биш үү? 

-Зах зээл дээр хувьцааны үнэ жинхэнээрээ тогтоод ирэхээр үнэ нь хэд дахин өснө гэж тооцож байгаа. Тэр цагт Монголын иргэд эзэмшсэн хувьцаагаа үнэтэй цэнэтэй эд юм гэдгийг ойлгож, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах чадварт суралцана. Ингээд тодорхой хугацааны дараа хувьцаагаа ашиглах боломжтой болох юм. 

-Тэгвэл иргэдийн хувьд хувьцаагаа эзэмшингүүтээ ашиглаж болохгүй гэсэн үг үү? 

-Иргэдэд хуваарилах хувьцаа бол тодорхой хугацаанд хаалттай байна, тиймээс зарж болохгүй гэсэн үг. Харин хөрөнгийн биржээр зарагдаж байгаа хувьцаанаас нэмээд худалдаад авах эрх бүрэн нээлттэй. 

-Аж ахуйн нэгжүүдэд Тавантолгойн хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр арилжаалахаар болсон. Тэдний хувьд мөн л тодорхой хугацаанд иргэд шиг хүлээлттэй байна гэсэн үг үү? 

-Аж ахуйн нэгжүүдийн хувьд хувьцааг мөнгөөрөө худалдаад авчихсан юм чинь хувьцааны хоёр дах зах зээлийн арилжаа эхлэнгүүт хөрвөөд, бусад хувьцааны арилжаа шиг явчихна. Бидний тооцсоноор  нэрлэсэн үнийг тогтсоны дараа нэг аж ахуйн нэгжид 30 мянга орчим хувьцаа оногдоно гэж тооцсон. Тэгэхээр манай Тавантолгойн хувьцаа олон улсын зах зээл дээр гараад үнэ нь тогтонгуут нөгөө аж ахуйн нэгжүүд хувьцаагаа зарах, худалдаж авах эрх нь угаасаа нээлттэй, ийм байдлаар арилжаа хийгдэнэ. Иргэдийн хувьд тодорхой хугацаанд хязгаарлана, энэ хооронд иргэд тодорхой ойлголттой болж, хувьцаа нь өсөөд ирэхээр зөвшөөрөөд, за ингээд хувьцаагаа арилжаалж болно гэж үзэж, эрх өгнө. Ирээдүйд “Эрдэнэс тавантолгой” дэлхийд эхний хэдэд орох хувьцаат компани болно. Урьдчилсан ярилцлага, янз бүрийн байдлуудаас дүгнэлт хийхэд “Эрдэнэс тавантолгой” компанийн нийт үнэ цэнэ нэлээн үнэ хүрэхээр байгаа. Ойролцоогоор 10 гаруй тэрбум ам.доллар болно, урьдчилсан байдлаар тооцоход. 

-Иргэд Тавантолгойн хувьцааг эзэмшихийн тулд ямар үүрэг хүлээх ёстой байгаа вэ?  

-Эхлээд иргэдийн тоог үнэн зөв гаргана. Төвлөрсөн хадгаламж тооцооны төв байгууллага гэж байдаг, тэнд хүн амын тоо очно. Ингээд хувьцааны тоо, үнэ тодорхой болчихоор жагсаалтаар хүн амдаа нээх шийдвэр гарчихна. Иргэн та 550 ширхэг хувьцаа эзэмших боллоо гээд нотолгоог нь бидэнд өгчихнө. 

Хоёрт, иргэн энэ хувьцааг хөдөлгөхөөр боллоо, брокерын пүүс дээрээ очоод данс нээлгэнэ. Онолын хувьд бүх иргэнд данс нээгдэнэ, Төвлөрсөн хадгаламж тооцооны төв дээр. Тодорхой арилжаа хийх болохоор брокерын пүүс дээрээ очиж хийнэ. Ингэхийн тулд эхлээд шалгуулна, бүх зүйл тохирч байна уу, чи өөрөө мөн үү, биш үү гэдгээ нягтлуулна. Төвлөрсөн хадгаламжийн тооцооны төвөөс түүнийг нь нотлоод өгчихнө. Брокерын пүүс тэр нотолгоог хүлээж аваад, данс нээгээд энэ хүн дээр ийм данс нээлээ шүү гээд буцаагаад Төвлөрсөн хадгаламжийн тооцоолох төвд  баримтыг буцаагаад өгчихнө. Ингээд та өөрийнхөө эзэмшлийн хувьцааг эрх нээгдсэний дараа брокерын пүүсээрээ дамжуулаад зарж болно, бэлэглэж болно. Эсвэл зах зээл дээр гарч байгаа хувьцааг энэ дансаараа дамжуулаад худалдаж авч болно. Бүх юм чөлөөтэй. 

-Гол нь иргэний бүртгэлдээ хамрагдсан байж л данс нээгдэх нь ээ дээ? 

-Иргэдийн үүрэг бол иргэнийхээ шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх, орон сууцны тооллогодоо хамрагдсан байх явдал. Төрийн зүгээс аль болох иргэддээ бага төвөг учруулах, бага хураамж авахын төлөө ажил зохион байгуулж байна. Гэхдээ техник ажил маш их , бид амралтын өдрүүдэд ч амрах завгүй ажиллаж байна. 

-Хөрөнгө оруулалтын банкуудаас хэдийг нь сонгохоор болж байна вэ? 

-Ер нь бид энэ олон банкуудаас богино жагсаалт үүсгээд тэрэн дотроосоо яръя гэж бодож байсан юм. Явцын дундаас богино жагсаалт сонголт хоёр адилхан болж байна, тиймээс шууд сонгоё гэсэн бодолтой байгаа. Дэлхийн зах зээл дээрээс 2-4 тэрбум ам.доллар босгох хэлцэл маш их хүч шаардана. Тийм учраас нэгээс илүү банк орно. Гурваас дөрвөн банк шалгаруулна гэж ойлгож болно. Ямар банкууд шалгарах вэ гэдэг нь сонгон шалгаруулалт дуусаагүй учраас хэлэхэд эрт байна. 

“Тавантолгой”-н төлөө 6 компани өрсөлдөнө

Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн тендерийг хэрхэн явуулахыг олон нийтийн зүгээс анхааралтай ажиглаж буй. “Эрдэнэс MJL”-ээс Тавантолгойн орд газартай холбоотойгоор хоёр ч тендерийг зарлаад байгаа юм.  Нэгдэх нь  Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгаар олборлолт хийх компани, консорциумыг тодруулах олон улсын нээлттэй тендерийг  өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр хаасан. Энэхүү тендерийн ялагч байж болно гэсэн хувилбараар Энэтхэг, Австрали, Герман улсын гурван компани үлдээд байгаа гэнэ. Тэдний нэгийг нь  энэ долоо хоногоос ялагчаар тодруулах юм байна. Тэгвэл  Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, консорциумыг шалгаруулах тендерийг мөн нэгдүгээр сарын 31-нээр тасалбар болгосон бөгөөд уг тендерт оролцохоор гадаад дотоодын 15   оролцогч материалаа ирүүлсэн юм. Үнэлгээний хорооноос  тендерийн хоёрдугаар шатанд үлдэх компаниудын хурангүй жагсаалтыг гаргажээ. Эдгээр нь АНУ-ын “Пибоди Энержи”, БНХАУ-ын Шинхуа Энержи болон Японы Мицуи компаниудын консорциум, Оросын “Төмөрзам” болон Японы консорциум, Өмнөд Солонгосын “Крес” группээр ахлуулсан компаниудын нэгдэл, Австрали, Швецарийн “Экстрата Коул”, Бразилийн Вале (хуучнаар СиВиАрДи-CVRD), Люксембургийн “Арсэлор Метал лимитед”гэх компаниуд аж. Урьдчилан сонгон шалгаруулалтын дүнд хураангуй жагсаалтад багтсан эдгээр компани, консорциумтай УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасны дагуу дамжин өнгөрөх тээвэр, боомт ашиглалт, борлуулалт, хөрөнгө оруулалтын нөхцөл, урьдчилгаа төлбөрийн асуудлаар Засгийн газрын ажлын хэсэг хэлэлцээ хийсний үндсэн дээр эцсийн шалгаруулалтыг хийхээр төлөвлөж байгаа аж. Тавантолгой төслийн ажлын хэсгийн ахлагчаар  Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ажлын хэсгийн гишүүн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, "Эрдэнэс МГЛ" компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш нар ажиллаж буй билээ.

2011/03/04

Тавантолгой тойрсон тав, зургаан асуулт

Тавантолгойн хөрөнгө оруулагчийн тендерийн шалгаруулалт хийгээд, дэлхийд томд тооцогдох уг ордыг хэрхэн ашиглавал зохистой талаар ид маргаан өрнөж анхаарал татаж буй. Энэ сэдвээр бичсэн УИХ-ын гишүүн, эдийн засагч Р.Амаржаргалын нийтлэлийг хүргэж байна. 







Бид “Тавантолгой”-н стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулахдаа онцгой анхаарах зүйл бий. Энэ нь Монгол Улсын  эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хангах чадвар, эл чиглэлд хийх алхмууд юм. Манай эдийн засгийн бүтцэд аж үйлдвэрийн хувийн жин дөнгөн данган 6 хувьтай байдаг. Үүнийг л ойрын жилүүдэд ядаж 20 хувьд хүргэх шаардлагатай байгаа юм. Энэ зорилтыг шийдэж чадахгүй бол бид бусдын түүхий эдийн хавсрага  байсан чигээрээ л “насыг барна”. Тиймээс Тавантолгойн  стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах үйл ажиллагаа нь алсдаа эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хангаж чадах эсэх, нөгөө яригдаад байгаа Сайншандын аж үйлдвэрийн паркийг байгуулах нөхцөл бүрдэх эсэх, эдгээрийг угтах-дагалдах дэд бүтцийг байгуулах  эсэх тухай нэг ёсны  шалгуур үзүүлэлт байх ёстой юм.

Харин уг зорилтыг бүрэн шийдэхүйц, Монголын ирээдүйн шинэ хувь заяаг шийдвэрлэх бүтээн байгуулалтын гогцоог  олж харсан төсөл л шалгарах ёстой хэмээн үзэж байна.  Яг өнөөдрийн хувьд үнэндээ Засгийн газар хөнгөн хуумгай хөдлөөд байна уу даа гэсэн бодол хэн хүнд төрөх нь мэдээж. Учир нь Засгийн газрын түшмэд яарч сандран ахиухан мөнгө амласан нэгэнд өгөх, урьдчилгаа мөнгө авч, тараахыг урьтал болгож буй ул суурьгүй байдал  ажиглагдаж байна.

Дээр өгүүлснээр стратегийн хөрөнгө оруулагчийн талаар сонголт хийхдээ дараах хэд хэдэн зүйлийг анхаарах учиртай хэмээн бодож байна.  

1. “Эрдэнэс Тавантолгой” IPO хийж босгосон хөрөнгөөрөө Зүүн Цанхийн хэсгийн олборлолтын ажлыг эхлүүлнэ. Уурхайн ашиглалт, Угаах үйлдвэр гэсэн ажил хийгдэх гэнэ. Энэ бол зөвхөн ухаад зөөгөөд байна гэсэн үг.


2. Гэтэл эдгээр ажлыг хийснээрээ “Тавантолгой”-г эдийн засгийн бүрэн эргэлтэд оруулж чадахгүй. Харин ч  хэсэгчлэн хувааж (булаацалдаж байгаа дарга нар нэг нэг хэсэг авах гэж) хамгийн дээж “өрөм” гэмээр Баруун Цанхи гадныханд өгөх нь гэсэн хардалт  гадуур тархаж байна.


3. Баруун Цанхид IPO хийх тухай төлөвлөгдөн, яригдаж байгаа юм. Тэгтэл IPO хийх цаг хугацааг хэн, хэрхэн  тогтоох вэ? Мэдэхгүй.


  •     А. Уурхай бүрэн байдлаар ажиллаж тодорхой хэмжээний үр өгөөжийг өгдөг болсон цагт IPO хийх нь сонгодог утгаараа хамгийн үнэлгээ сайтай IPO болдог. Харин бид хамгийн бага ажил хийгдсэн үед нь хамаг хөрөнгөө  зарахаар зэхэж  байна.
  •     В. Бэлтгэл ажлууд нь бүрэн хангагдсан уу? гэсэн асуулт зүй ёсоор гарна.  Уурхайн үйл ажиллагаа эхлэхтэй   холбогдуулан бэлтгэл ажил ямар төвшинд байна вэ. Мөн зөвхөн уурхай бус бусад дагалдах ажлын бэлтгэл хангагдсан уу. Үнэндээ бол, техник эдийн засгийн үндэслэл ч гүйцэд бус байгаа хэмээн  мэргэжлийнхэн  шүүмжилдэг. Түргэн зуур мөнгөтэй болох гээд яаруу, сандруу хямд үнэлгээтэй, түүхий ажил болбол  хоёр, гурван  жилийн дараах хариуцлагыг хэн үүрэх вэ.
  •     С. Үнэлгээ бол маш хүнд асуудал. Газар доорхи нөөцөөрөө ирээдүйд олох бэлэн мөнгөний урсгалыг /cash flow/ тооцож байгаа. Гэтэл ажил юу ч хийгдээгүй, дэд бүтэц байхгүй тохиолдолд сайн үнэлгээ гарна гэж хэлэхэд хэцүү. Үнэ хүргэх бололцоог санаатай үйлдэл, эс үйлдлээрээ чангааж буй нь улмаар нийгмийн асар том тэсрэлтийн учиг болох аюултайг санууштай.
  •     D. Бас нэг асуудал. Тавантолгойн хувьцааны 30 хувийг зах зээлд гаргана гэдгийг чухам ямар үндэслэлээр, хэрхэн, хэн тогтоосон билээ?  Энэ бол цээжний бангаар  нэг том сайдын амнаас унасан л тоо. Эдийн засгийн гэхээсээ илүүтэй иргэдээ “урхидан-хахуульдах” зорилготой л байсан болов уу. Ямар ч байсан  хамгийн үнэтэй өөрийн хөрөнгийг  /equity/ хамгийн хямд үед нь маш их хэмжээгээр гадагшаа гаргаж байгааг гэмт хэрэг гэж үзэж байгаа юм.

4. Сорчлон ашиглах хандлага: Оросын Донбассын уурхай 100 тэрбумын нөөцтөй гэгддэг. Үүнээс 10 тэрбум нь коксжсон нүүрс. Тэрнийгээ сорчлон ашиглаад,  үлдсэн 90 тэрбумын нөөцийг одоо чухам яахыгаа мэдэхгүй, бараг хэнд ч хэрэггүй болсон шахуу  гунигтай түүх  ойрхон байна.  Энэ алдааг давтахгүйн тулд Таван толгойн зургаан тэрбум тонн нүүрсийг бүхлээр нь иж бүрэн ашиглах ёстой гэсэн дүгнэлт бүр социализмын үед гарсан байдаг. Тэгэхээр төсөл шалгаруулах үндсэн нөхцөл нь  энэ байх ёстой.

5. Түүнээс гадна дэд бүтцийг мартаж болохгүй: Одоогийн байгаа дэд бүтцийн хэмжээнд хэдий хэмжээний нүүрс олборлон, тээвэрлэх боломжтой вэ. Жижиг Тавантолгой шиг хүрздэн, машинаар зөөх гэж байгаа бол түүн шиг утгагүй зүйл үгүй. Үнэндээ ямар, ямар дэд бүтцийг ямар хүчин чадалтайгаар нэмж бүтээн байгуулах шаардлагатай байгааг ч гүйцэд тооцоогүй л явна, бид.  Ямар ч байсан уурхай ажиллуулаад, нүүрс гаргаад, зарим хэмжээгээр зөөх төвшинд хүрэх бололтой. Гэтэл үнэхээр нүүрс чигээр нь зөөхөд тээвэрлэлтийн хязгаарлалттай тулгарах асуудлыг нарийн  тооцсон хүн байна уу. Угаах үйлдвэрийн ихээхэн хэмжээний хаягдал болон эрчим хүчний нүүрсийг тэгвэл хааш нь хийх вэ. Байгаль орчныг бохирдуулж, хаягдал болгоод өмнө зүгийн говийн бүсийг нүүрсний хаягдлаар дүүргээд орхих уу.

6. Эдийн засаг хүсээд байгаа хэмжээгээр үсрэлттэй хөгжих үү, энэ эдийн засгийн тооцоог хэн хийсэн бэ, Хөрөнгө оруулалтын банкны гоё өнгө будагтай танилцуулгын ар талын тоонуудын ул үндсийг Монголд сайтар шалгаж нягталж үзсэн хүн нэг ширхэг байгаа билүү, үгүй билүү, ер нь. Хөрөнгө оруулалтын банк хэлсэн болохоор л шууд нүдээ аниад хувь заяагаа атгуулаад яваад байдаг бид.  Гэтэл нөгөө баруунд бол энэ Хөрөнгө оруулалтын банкны нөхдүүдийн “тоог” байнга нягталж байхгүй бол дэлхийг ч нураах хэмжээний алдаатай тооцооллууд хийгээд байсныг нь харуулах  хямрал гараад байдаг.

7. Өөрөөр хэлбэл, нүүрсний уурхайг эргэлтэд оруулах гаргалгааг бид хийгээд буй боловч, дараагийн ашиглалтын шатанд тулгарах бодит аж ахуй, менежментийн болон, байгаль орчин, эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн загвар түүний  хувилбаруудын талаар ямар ч төлөвлөгөө Монгол Улсын Засгийн газарт алга байна. Энэ бүгдийг  эрхбиш  нэг тунгаана биз дээ хэмээн найдахаас, одоохондоо.

Нэг зүйлийг  сайтар  ойлгоосой 

Манай Тавантолгойн нүүрс нэг тоннын үнээр нь бодоод үзвэл үнэндээ  тийм ч гайхамшигтай үнэтэй эд биш. Гэтэл гадныхны сонирхлыг татаад байгаа нууц нь юунд оршино вэ. Энэ бол бусад нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний түүхий эд болдогтоо л оршиж байгаа юм. 

Дахин хэлэхэд түүхий эд. Монгол Улс одоохондоо нөгөө л хөрш улсуудынхаа түүхий эдийн хангагч орон болох хувь заяагаараа явж байна. Энэ замаас салж монгол хүний боловсролын төвшинг ахиулах, эдийн засгийн шинэ тутам салбарууд  бий болгох, дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэрэг шийдэлд хүргэх сонголтыг хийх ёстой юм. Иргэдийнхээ саналыг төр засаг нь худалдаж авдаг, худалдахад түлхсэн сонголт болох вий хэмээн  болгоомжилж  байна.

Боловсруулах үйлдвэрүүдийн цогцолбор байгуулах, эрчим хүч, кокс химийн бүтээгдэхүүн, ган, барилгын материал, зэсийн эцсийн бүтээгдэхүүний нэмүү өртөг Монгол нутагт бүтээгдэж, монгол хөрсөнд, монгол хүнд  “шингэдэг”  болох, түүнчлэн бүс нутгийн интеграцийн салшгүй нэг хэсэг болох асар их бололцоог ашиглах эсэх нь Тавантолгойн  стратегийн хөрөнгө оруулагчаар хэнийг шалгаруулах вэ гэдгээс  шууд хамаарах юм.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал 

”Голдмэн сакс” шуугиан тарив

Тавантолгойн ордыг эзэм­­­­­­­­шигч “Эрдэнэс Таван­­­­толгой” хувьцаат компа­нийн зөвлөхөөр сонгоод байгаа Германы “Дойче” банк нь Өмнөд Солонгост хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх мэдээлэл саяхан цацагдсан. Үүнтэй зэрэгцээд мөн л манай талын сонголтод торж үлдээд байгаа “Голд­­­­мэн Сакс” банкны удирд­­­­лагуудын ёс зүйтэй хол­боо­­той таагүй мэдээлэл дэл­­­хийн хэвлэл мэдээллээр цацагдаад байна. 

“Goldman Sachs” банк­ны захирлуудын нэгэн бай­­сан Ражат Гупта албан тушаалаа ашиглан олж ав­сан нууц мэдээллийг бусдад зарсан хэргээр шийтгүүлж, торгууль хүлээж байгаа тухай АНУ-ын Хөрөнгийн биржийн аюулгүй байдлын комиссоос зарлажээ. 

“Голдмэн Сакс”-ын (Goldman Sachs) удирд­­­­лагын албан тушаалд 2006 оноос өнгөрсөн оны тавдугаар сар хүртэл гурван жил хагасын хугацаанд  ажилласан тэрбээр Уоррен Баффетийн 2008 онд “Голдмэн Сакс”-т оруулсан таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын та­лаар Галлеон группын үндэслэгч Ража Ражатнам гэдэг хүнд мэдээлж бай­сан аж. Тэгэхдээ энэ мэдээллийг олон нийтэд хүргэх болоогүй байхад нь урьдчилан задалсан тул ийнхүү шийтгэж байгаа аж.


Дээрхи тусгай комиссийн мэдээлж байгаагаар бол ноён Гупта дэлхийн нэр хүндтэй санхүүч Уоррен Баффетийн хийсэн дээрх хөрөнгө оруулалтын талаар бусдад утсаар мэдээлж байсан гэнэ.  Энэхүү хөрөнгө оруулалт нь “Голдмэн Сакс”-ыг санхүүгийн хямралын үеийг даван гарахад чухал нөлөө үзүүлсэн байна. 
Мөн ноён Гупта нь “Голдмэн Сакс”-ын удирдлагад ажиллаж байхдаа буюу 2007 онд Procter & Gamble компанийн болон “Голдмэн Сакс”-ийн ашиг орлогын талаарх нууц мэдээллийг ч бас ноён Ражатнамд өгсөн хэмээн давхар шийтгэл хүлээх болж байгаа аж. 

Банк бол итгэлцэл дээр тогтдог бизнес учраас удирдлагуудынх нь ёс зүй, үйл ажиллагааны сахилга бат тухайн банкны талаарх хамгийн чухал үзүүлэлт юм. 
Тавантолгойн хувьцааны хувь заяанд IPO хийх үйл явцад зөвлөхөөр ажилласан хөрөнгө оруулалтын банкны нэр хүнд чухал нөлөөтэй. Компанийн үнэлгээ, хувьцааны үнэ цэнэ бодитой, баталгаатай эсэхийг зөвлөхийн олонд танигдсан нэр хүндээр юун түрүүнд хэмждэг гэсэн үг. Тийм учраас Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажиллах банкуудыг шалгаруулан сонгож байгаа үйл явц өндөр шалгууртай, ил тод, талуудын санал, байр суурьд үндэслэгдэх ёстой юм. Өнөөдрийн байдлаар дээрх нэр бүхий банкуудыг хэний саналаар ямар үндэслэл шалгуураар сонгоод байгаа нь ойлгомжгүй байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүй­цэт­гэх захирал Б.Энэбиш “шал­гуур тавьсан” гэхээс өөр тодорхой тайлбар хий­хийг хүссэнгүй. Харин тус компанийн ТУЗ дэх ир­­­­­гэ­­­­­ний төлөөлөл болох Ж.Батзандангийн мэдэгдэж буй­­­­­гаар манай талд саналаа ирүүл­­сэн 16 банкнаас чухам ямар шалгуураар алийг нь сон­­гох вэ гэдэг асуудал ТУЗ-д орж ирээгүй аж. Өөрөөр хэл­­бэл, Засгийн газрын ажлын хэсэг буюу хэдэн сайд л улс төрийн шийдэл гаргасан гэж үзэж байгаа юм. Тавантолгойн ордын хувь заяа, үүнээс олох ашиг орлого нь Монгол Улсын ирээ­­­дүйн хөгжилд чухал нө­лөө­тэй гэж үзэж байгаа өнөөд­рийн нөхцөлд, иргэн бүр нь түүний хувьцаа эзэмшигч болж байгаа тохиолдолд зөвлөх банкны сонгон шалгаруулалт улстөрчдийн үзэмжийн хэрэг байх нь зохисгүй бус уу.