2012/07/03

Эрдэнэс Тавантолгойн IPO ирэх онд болно


“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO хэзээ болох талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиштэй ярилцлаа.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргах явц хойшлогдлоо. Ямар шалтгаанаас үүдэн бараг жил орчмын хугацаагаар хойшлуулах болов?

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах үндсэн үзэл баримтлалыг гаргасан Улсын Их Хурлын шийдвэрийн үндсэн дээр тус ордод дагнан үйл ажиллагаа явуулахаар “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулсан. Нүүрсний олборлолт, экспортын хэмжээ өсөөд уурхайн ажил ерөнхийдөө жигдэрч байна. Өөр нэг үндсэн төлөвлөгөө бол дотоодын болон олон улсын хөрөнгийн бирж дээр компанийн хувьцааг арилжаалах ерөнхий удирдамжтай. Үүний дагуу 2011 оны зургадугаар сараас төслийн зөвлөхүүд, хөрөнгө оруулалтын банкуудтай  хамтраад хагас жил орчим идэвхтэй ажиллаж, IPO-д бэлдсэн. Энэ хугацаанд их ажил амжууллаа. Хөрөнгийн биржид өгдөг үндсэн баримт бичиг болох проспектусын боловсруулалт 80 хувьтай болчихсон байсан. Гэсэн ч IPO-г оны зааг үеэр хойшлуулахаас өөр аргагүй байдалд хүргэсэн хэд хэдэн шалтгаан гарч ирсэн.

 Нэгдүгээрт, хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах компанийн хувьцаа эзэмшлийн бүтэц тов тодорхой байх ёстой. Хэн хэдий хэмжээний хувьцаа эзэмшдэг вэ гэдэг нь тодорхой байж хувьцаа арилжаалагдана. Гэтэл УИХ өмнөх тогтоолдоо өөрчлөлт оруулаад иргэдэд эзэмшүүлэх хувьцааг 10 хувиас 20 болгож нэмэгдүүлсэн. Иргэд 20 хувьтай тэнцэх хувьцаагаа Засгийн газарт арилжаалж, Засгийн газар тэрхүү иргэдээс авсан хувьцаанаасаа үндэсний аж ахуйн нэгжүүдэд арилжаална гэх зэргээр 20 гаруй  хувийн дотор хувьцаа эзэмшилтийн хөдөлгөөн ойрын хэдэн саруудад явагдана. Үүнийг тодорхой болгож эцэслэх хэрэгтэй болж байна. Үүнтэй холбоотой  2012 оны нэгдүгээр сард гарсан УИХ-ын тогтоолоор олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах хувьцааны хэмжээг 20 хүртэл хувь гэж багасгасан юм. Дотоодын болон Лондон, Хонконгийн бирж дээр гаргахаар  төлөвлөж байгаа нөхцөлд арилжаалах хувьцааны доод хэмжээ 20 болон түүнээс дээш байх шаардлагатайг бид улстөрчдөд тухайн үед тайлбарлаж байсан. Тэгэхэд иргэдээс Засгийн газарт хувьцаагаа худалдах учраас тэр хувьцаагаар  нэмэгдүүлээд IPO хийх хувьцаа 20 хувиас дээш гарах боломжтой гэж манай хууль тогтоогчид үзсэн юм. Ингээд хувьцааны эзэд нь тодорхой хувь хэмжээгээр хэн болох вэ гэдэг шилжилт хөдөлгөөн, мөн IPO хийх хувь хэмжээгээ олон улсын хөрөнгийн биржүүдийн тавьдаг шаардлагад нийцүүлэх хэмжээнд хүрэх хүртэл хүлээхээс өөр аргагүй болсон.

Хоёрдугаарт, Тавантолгойн орд нүүрсний нөөц, баялгийн хэмжээгээрээ нэлээд томд тооцогдоно. Ялангуяа коксжих нүүрсний гол хэсэг болох Цанхийн талбай нь сайн судлагдсан, уурхай нээгээд нүүрс олборлоход бэлэн хэсэг.  Энэ хэсгийг хоёр талбайд хувааж, “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө Зүүн Цанхийн хэсэг дээр уурхай нээгээд нүүрсээ олборлож, экспортолж байна. Харин Баруун Цанхийн талбай дээр УИХ-ын тогтоолоор Засгийн газрын түвшинд Сайдаар ахлуулсан Ажлын хэсэг олон улсын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Зүүн Цанхи дээр өөрсдөө ажиллаад, Баруун Цанхи дээр Монгол Улсын геополитикийн бодлогын дагуу олон улсын компаниудтай хамтарч ажиллаж болох юм гэж үзсэн. Түрүүн хэлсэнчлэн нөөц баялгийн хэмжээ боломжтой учраас хоёрын хоёр том уурхайг тэр талбай дээр зэрэг ажиллуулах бүрэн боломжтой. Хоёр уурхай тус бүрдээ жилдээ 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай том уурхай болно.
Компанийн эдийн засгийн үнэлгээг тогтооход шаардлагатай үндсэн зүйлүүд байдаг. Энэ компани ямар бүтээгдэхүүнийг (нүүрс), ямар хэмжээгээр, хэдэн жилийн хугацаанд, хэрхэн борлуулж, хэдий хэмжээний орлого олох вэ гэдэг л хувьцаа худалдан авч хөрөнгөө  оруулах гэж байгаа хөрөнгө оруулагчийн гол сонирхох зүйл. Зүүн Цанхийн талбай дээр ажиллах уурхайг түшиглэсэн компанийн үнэлгээ харьцангуй тодорхой харагдаж байна. Эдийн засгийн үр өгөөжийг нь загварчлалын аргаар тооцож болж байна. Харин Баруун Цанхийн талбай дээр олон улсын компаниуд орж ирвэл “Эрдэнэс Тавантолгой” өөрөө Баруун Цанхийн талбайгаас эдийн засгийн ямар үр өгөөж хүртэх нь одоогоор тодорхой биш байна.

“Эрдэнэс Тавантолгой” бол зүүн, баруун гэлтгүй нүүрсний бүх талбайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч. Өөрөөр хэлбэл гадаадын компаниудын консорциум олборлолт хийж, борлуулалтад бас оролцож, дийлэнх ашгийг нь авч, лиценз эзэмшигч компанид тодорхой хэмжээний компанийн роялти буюу жил болгон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зохих төлбөр төлдөг ийм хувилбараар явах юм уу? Эсвэл Засгийн газрын түвшинд яригдаж байгаа хэлэлцээний хэлбэр өөрчлөгдөж,  “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө Баруун Цанхийн уурхайгаа ажиллуулаад явах юм уу гэдэг тодорхойгүй байгаа. “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани тул энэ түвшний  шийдвэр  компанийн эрх мэдлээс давсан асуудал юм.

Баруун Цанхийн уурхайгаас хүртэх эдийн засгийн үр өгөөж тодорхойгүй байхад компанийн үнэлгээ бүрэн утгаараа гарч ирж чадахгүй байна. Үүнийг зөвлөхөөр ажиллаж буй  хөрөнгө оруулалтын банкууд ч тодорхой хэлж байгаа. Ер нь аль ч хувилбараар явж болно. Хэрэв Засгийн газрын түвшинд хэлэлцээ хийж тохиролцоод гадаадын компаниуд нийлж консорциум байгуулж орж ирвэл “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компанийг илүү өндөр үнэлгээтэй байлгахын тулд тэднээс авах компанийн төлбөр бага биш байх хэрэгтэй.  Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч  “Эрдэнэс Тавантолгой” компанид өөрт нь ногдох өгөөж бага, ашигтай биш байвал Монгол Улсын иргэдийн хувьцаа эзэмшигч нь болж байгаа энэ компанийн үнэ цэнд сөрөг нөлөөлөлтэй. Харин хоёр дахь хувилбар буюу “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө баруун талбай дээрээ одоогийнхтойгоо адил хоёр дахь уурхайгаа нээгээд, ажиллуулаад явбал компанийн үнэлгээ харьцангуй нэмэгдэнэ.

Хувьцааны хөдөлгөөн, Баруун Цанхийн хэлэлцээ бол компанийн мэдлээс давсан асуудал. Өөр нөлөөлж байгаа шалтгаан байна уу? Компанийн үйл ажиллагаа, гадаад зах зээл ч гэдэг юм уу?

Ерөнхийдөө бидэнд тулгарч байгаа гурав дахь шалтгаан бол төслийн үйл явцынх гэж хэлж болно. Тавантолгой бол зөвхөн олборлолтын төсөл биш. Энэ бол дэд бүтэц, үйлдвэрлэлтэй холбоотой том төсөл. Тийм учраас төмөр зам, автозам, цахилгаан станц, усан хангамж, нүүрс баяжуулах угаах үйлдвэр байгуулах гэсэн таван том төслийг бид эхлүүлж байгаа. Заримынх нь ТЭЗҮ дуусч байна, заримыг нь барих хэлэлцээ хийж байна. Одоо бүгдийг нь эхэлнэ. Ингэж байж Тавантолгой төсөл цогц болж, эдийн засгийн үр өгөөжийн хувьд өндөр байх юм. “Энержи Ресурс” компани цаг хугацааны хувьд манайхаас хоёр жилийн урьд эхэлсэн, биднээс хоёр жил орчмоор түрүүнд явж байгаа.

Тэд дээр дурдсан төслүүдийг эхлүүлсэн. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой”-н төсөл бол “Энержи Ресурс”-ынхаас далайцын хувьд том. Тэнд 16 МВт-ын цахилгаан станц барьсан бол манайх 300 МВт-ын цахилгаан станц барих гэж байна. Нүүрс баяжуулах, угаах үйлдвэр гэхэд Ухаахудаг дээр 5, 10 сая тоннын хүчин чадалтай гэж байгаа бол бид Зүүн Цанхи дээр 20 сая тонн, Баруун Цанхи дээр бас 20 сая тоннын хүчин чадалтай үйлдвэр барина. Энэ дэд бүтэц, үйлдвэрлэлийн төслүүдийг эхлүүлснээр IPO хийх үед хөрөнгө оруулагчдад хэрэгжих ёстой төслүүд төлөвлөгөө ёсоороо явж байгааг харуулах зорилготой юм. Эдгээрийг эхлүүлснээр хөрөнгийн бирж дээр гарахад компанийн үнэлгээнд эергээр нөлөөлнө.

Дөрөв дэх шалтгаан нь олон улсын санхүүгийн зах зээлийн байдал сүүлийн жил хагасын хугацаанд ихээхэн савлагаатай байна. Нэг, хоёр сар хөрөнгийн биржүүдийн мэдээ гайгүй байхад дараагийн саруудад нь доошоо унасан үзүүлэлтүүдтэй байгаа болохоор хөрөнгө оруулагчид болгоомжилж байна. IPO хийхээр бэлтгэсэн компаниуд энэ байдлыг харзнаад хойшлуулаад байгаа нийтлэг жишиг бий. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд ийм шалтгааны улмаас энэ жил IPO хийх шаардлагагүй гэж үзсэн. Ирэх жилээс төлөв байдал сайжрах хандлагатай байна.

Бусад зүйлийг ч дурдаж болно. Энэ жил олон улсад сонгуулийн жил, улс төрийн хүчнүүдийн эрх барих шилжилтийн  үе тохиож байна. Орос, Францад сонгууль боллоо, АНУ-д удахгүй сонгууль болно. Монголд Парламентын сонгууль болох гэж байна.   Сонгуулийн жилд хөрөнгө оруулагчид болгоомжтой ханддаг, сонгуулийн үр дүнг хардаг юм байна. Мөн Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлах гэх мэтчилэн бодитой шалтгаануудын улмаас энэ жил сонгуулийн өмнө хийнэ гэж төлөвлөж байсан IPO жил орчмоор хойшлогдож, 2013 оны хавар гурав, дөрөвдүгээр сарын орчим гаргахаар төлөвлөгдөж байна. “Эрдэнэс Тавантолгой”-г IPO хийх юм уу гэж зарим хүмүүс эргэлзээд   байх шиг.  Дотоодын болон олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалах тухай Парламентын түвшний удирдамж, засаг нь иргэддээ өөрийнхөө хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаалах боломжтой гэсэн нөхцөлтэйгээр эзэмшүүлж байгаа тул IPO болно. Үүнд эргэлзээ байхгүй.

Хууль эрхзүйн хувьд хэр их асуудал тулгарч байна?

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Монгол, Лондон, Хонконгийн хөрөнгийн бирж дээр гурвалсан бүртгэлийн хэлбэрээр арилжаалах нь зүйтэй гэсэн зарчмын шийдвэр гарсан. Гадаадад бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компани байгуулаад түүнийхээ хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаална гэдэг нь одоогийн түвшинд боломжгүй бөгөөд ойлгогдох, хүлээн зөвшөөрөгдөх үүднээс эргэлзээтэй байна.  Монгол улсдаа бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Хонконгийн бирж дээр арилжаалахад хууль эрхзүйн хувьд шийдвэрлэх хэд хэдэн асуудал бий. Хонконгийн хөрөнгийн зах зээлийн орчинд Монголын хууль тогтоомжийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой.

Хонконгийн Санхүүгийн зохицуулах хороо манай СЗХ-той яриа хэлэлцээр хийгээд ер нь нэлээд нааштай байгаа. Хонконгийн СЗХ-ны зүгээс танай Парламент Үнэт цаасны тухай хуулиа шинээр баталбал бид нааштайгаар авч үзнэ гэсэн хариу өгсөн юм шиг байна билээ. Ингэвэл Монгол улсад бүртгэлтэй компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа шууд арилжаалах боломжтой болох юм. Энэ нь зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”-н асуудал биш Монголын компаниудад Хонконгийн бирж дээр IPO хийж мөнгө босгох боломжийг нээнэ гэсэн үг. Саяхан УИХ-д Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга өргөн баригдсан ч батлагдаж амжаагүй. Шинээр байгуулагдах УИХ-аар яаралтай хэлэлцэгдэж батлагдана гэж найдаж байна.

Үүнээс гадна шинэ Засгийн газарт тавих санал байгаа. Монгол болон Хонконгийн хооронд Давхар татварын хэлэлцээр байдаггүй. Давхар татварын хэлэлцээр байхгүй болохоор нэмэгдэл 20 хувийн татвартай байдаг. Англи зэрэг оронтой Монгол 5 хувийн давхар татварын хэлэлцээртэй. Иймэрхүү жишгээр Хонконгтой Давхар татварын хэлэлцээр байгуулбал татварын орчныг нааштай болгоно. Гаднын хөрөнгө оруулагчид ногдол ашиг авах бүрдээ 20 хувийн давхар татвар төлөх бол биржид гарахад компанийн хувьцааны үнэлгээнд энэ хэмжээгээр нөлөөлнө. Тэгэхээр ойролцоогоор 5-10 хувийн давхар татварын зохистой хувь хэмжээтэй байх боломжтой гэж үзэж байна. Давхар татварын энэ асуудал компанийн үнэлгээтэй холбогдоод  байгаа юм.

Лондонд давхар компани байгуулах талаар Засгийн газраас шийдвэр гарч байсан шүү дээ?

Яг тийм шийдвэр гараагүй. Хувьцаа арилжаалах компанийг Англи улсад бүртгэлтэй компани байгуулах чиглэлээр ажиллаж болох юм гэсэн шийдвэр Засгийн газраас гарсан. Гэхдээ байгуулагдаад дөнгөж жил хагас болж байгаа компанийг шууд Английн хуулийн дор гадаад компани болгож болохгүй байна. Компанийн хяналт, удирдлагын асуудал бий. ТУЗ-ийн гишүүдийн бараг талаас илүү хувь нь бие даасан, хараат бус гишүүн байна гэх мэт хатуу шаардлагууд “Эрдэнэс Тавантолгой” компанийн өнөөгийн нөхцөлд арай ахдаж байгаа. Тиймээс Лондонгийн хөрөнгийн бирж дээр GDR буюу хадгаламжийн бичиг хэлбэрээр хувьцаа гаргах төлөвлөгөөтэй байгаа. Хадгаламжийн бичиг гаргах явдал бол биржид хувьцаа гаргах үндсэн хэлбэрийн нэг.

Ийм хэлбэрээр Оросын томоохон компаниуд бүгдээрээ, Казахстаны уул уурхайн компаниудын дийлэнх нь Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан. Манайх ч энэ хэлбэрээр явах нь зохистой  гэж үзэж байгаа. Магадгүй уурхайн олборлолт бүрэн хүчин чадалдаа хүрч, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хэрэгжсэн үед Англид бүртгэлтэй компани байгуулж, хадгаламжийн бичгээ хувьцаа руу хөрвүүлэх, нэмэлт хувьцаа гаргах, том индекст багтах нь дараагийн алхам, хэдэн жилийн дараах ажил байж болох юм.

IPO-г хойшлуулсныг санхүүгийн мэргэжилтнүүд дэмжиж, “Эрдэнэс Тавантолгой” компанид ашигтай шийд­вэр гэж хүлээж авч байх шиг байна. Харин IPO хийхээ хойшлуулснаар дэд бүтцийн санхүүжилтүүдээ яаж шийд­вэр­лэх гэж байна вэ? Хөрвөгч бонд гаргана гэсэн яриа байсан?

Энэ их мөнгийг яаж олох вэ гэдэг нь гол бэрхшээл мөн. IPO хийж хөрөнгө оруулагчдаас босгосон мөнгөө энэ бүтээн байгуулалтад зарцуулна гэж тооцож байсан. Харин IPO хийх нь хойшилж байгаа болохоор дэд бүтцийн бүтээн байгуулалт, уурхайн ажилд их хэмжээний мөнгө хэрэгтэй байна. Гадаадын томоохон компаниуд, олон улсын банкууд санал тавьж, харилцан ашигтай хамтран ажиллая гэдэг. Тэдгээртэй хоёр гурван хэлбэрээр санхүүжилтээ шийдвэрлэх талаар идэвхтэй яриа хэлэлцээ хийж байна.  Хөрвөх бонд, зээл бол санхүүжилтийн нэг хэлбэр. Тодорхой хэмжээний нүүрсний борлуулалтын урьдчилгаа төлбөр байж болно. Олон улсын арилжааны банкуудаас зээл авах асуудал яригдаж байна. Түрүүнд хэлсэн хувьцаанд хөрвөх бондын санхүүжилт бол гурав дахь хувилбар. Энэ талаар олон банк, сангууд, компанитай яриа хэлэлцээ явагдаж  байна.

Энэ их хэмжээний нүүрсний борлуулалтыг яаж шийдвэрлэх гэж байна вэ?

Тавантолгойн нүүрсний үндсэн зах зээл бол өмнөд хөрш Хятадын зах зээл. Хоёр хөрш орноор нүүрс тээвэрлэх дамжин өнгөрөх тээврийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд Тавантолгойн ордын нүүрсний зорилтот зах зээл Хятадын хажуугаар Япон, Солонгос мөн. Өнгөрсөн жил үйл ажиллагааны эхлэлийн үедээ байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд бага биш хэмжээний урьдчилгаа төлбөр авч нүүрсээ борлуулах шаардлага тавигдсан. Энэ үндсэн дээр Хятадын төрийн өмчийн том компанийн нэгтэй гэрээ хийгээд нүүрсээ нийлүүлж байна.

Монголын төрийн өмчит компани Хятадын уул уурхайн том  компанитай эдийн засгийн түншлэл тогтоолоо гэж ойлгож байгаа. Манай хувьд томоохон  хэмжээний урьдчилгаа төлбөр өгөх боломжтой том компанитай хамтрах шаардлага байсан. Түүнчлэн  Япон болон Солонгос, цаашлаад Энэтхэгийн компаниудтай байнгын харилцаа холбоотой байгаа. Олборлолтын хувьд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1,5 сая тонн нүүрс олборлосон үзүүлэлттэй байна. Энэ жилдээ 4 сая орчим тонныг экспортлох төлөвлөгөөтэй байгаа.

Баруун Цанхийн ТЭЗҮ-г хийж дууссан гэсэн. Баруун Цанхийн нээлтийг хийх үү?

Түрүүн хэлсэнчлэн Баруун Цанхийг Засгийн газрын түвшинд шийднэ. Олон улсын консорциумуудтай хийж байгаа хэлэлцээр үргэлжлээд, тэр хувилбараар явбал “Эрдэнэс Тавантолгой” лиценз эзэмшигчийн хувьд тэднээс компанийн роялти, төлбөр авна. Энэ төлбөрийн хувь хэмжээг нь  бага байлгахгүйн төлөө санал санаачлага гаргана. Харин компани өөрөө хариуцаж ажилла гэвэл “Эрдэнэс Тавантолгой”  зүүн талбайн уурхай шигээ ажлыг эхлүүлж, үргэлжлээд явах бүрэн боломжтой.  Баруун Цанхийн талбай дахь  нүүрсний нөөцийн тодотгол, ТЭЗҮ бэлэн болсон. Хэзээ болж, яаж шийдэх нь тодорхойгүй хэлэлцээрийг хүлээгээд ажил зогсоод байж болохгүй байх. Тавантолгой бүхлээрээ эдийн засгийн эргэлтэд орох учиртай. Тийм болохоор компанийн түвшинд ажил эхлүүлэх зохих бэлтгэлтэй байгаа.

2012/06/21

1,5 сая иргэн хувьцаагаа худалдах хүсэлт гаргажээ


Засгийн газрын хуралдаан 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны талаар танилцлаа. Үүнтэй холбогдуулан хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан иргэдэд хувьцааны төлбөрийг “Хүний хөгжил сан”-гийн хишиг, хувийг олгож байгаа банкуудтай нэмэлт гэрээ байгуулан өгүүлэхээр шийдвэрлэлээ. 5 дугаар сарын 29-ний байдлаар 1 сая 532 мянга 853 хүн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлтээ гаргасны дийлэнх олонхи нь бэлэн мөнгөөр, үлдсэн нь орон сууц, банкны зээл, тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, сургалтын төлбөр зэрэг хэлбэрээр худалдах хүсэлтэй байна.

6 дугаар сарын 20-ны байдлаар 1096 аж ахуйн нэгж 93 сая ширхэг хувьцаа худалдаж авах захиалгаа Үндэсний татварын ерөнхий газарт ирүүлжээ. Одоогийн байдлаар 82 аж ахуйн нэгж 2 тэрбум гаруй төгрөгийг тусгай дансанд оруулаад байна. Ер нь 6 дугаар сарын 28 гэхэд хувьцаа худалдаж авах захиалга өгсөн аж ахуйн нэгжүүд мөнгөө төвлөрүүлсэн байх ёстой. Энэ мөнгөөр дараа дараагийн санхүүжилтийг хийх боломжтой гэж Засгийн газар тооцоолж байна.

Хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэдэд төлбөрийг нь “Хүний хөгжил сан”-гийн хишиг, хувь олгож байгаа банкуудаар олгоно


Хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэдэд төлбөрийг нь “Хүний хөгжил сан”-гийн хишиг, хувь олгож байгаа банкуудаар олгоно

-1096 аж ахуйн нэгж 93 сая ширхэг хувьцаа худалдаж авах захиалга өгчээ-

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны тухай хэлэлцэх талаар бид мэдээлсэн.

Өнөөдрийн хуралдаанаас хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан иргэдэд хувьцааны төлбөрийг “Хүний хөгжил сан”-гийн хишиг, хувийг олгож байгаа банкуудтай нэмэлт гэрээ байгуулан өгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн сарын 29-ний байдлаар нэг сая 532 мянга 853 хүн хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлтээ гаргасны дийлэнх олонх нь бэлэн мөнгөөр, үлдсэн нь орон сууц, банкны зээл, тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, сургалтын төлбөр зэрэг хэлбэрээр худалдах хүсэлтэй байгаа гэжээ.

Түүнчлэн энэ сарын 20-ны байдлаар 1096 аж ахуйн нэгж 93 сая ширхэг хувьцаа худалдаж авах захиалгаа Үндэсний татварын ерөнхий газарт ирүүлсэн байна.  Одоогийн байдлаар 82 аж ахуйн нэгж хоёр тэрбум гаруй төгрөгийг тусгай дансанд оруулаад байгаа аж.  Хувьцаа худалдаж авах захиалга өгсөн аж ахуйн нэгжүүд энэ сарын 28-н гэхэд мөнгөө төвлөрүүлсэн байх ёстой. Энэ мөнгөөр дараа дараагийн санхүүжилтийг хийх боломжтой гэж Засгийн газар тооцоолж байгаа талаар Засгийн газрын ХМА мэдээллээ.

Хувьцаагаа бүтнээр эзэмших иргэдийн дэвтэрт бичилт хийж эхэллээ


Хувьцаагаа бүтнээр эзэмших иргэдийн дэвтэрт бичилт хийж эхэллээ

Хувьцаагаа худалдах хүсэлт гаргаагүй болон хувьцааныхаа тодорхой хэсгийг худалдаж, үлдэх хувийг эзэмших хүсэлтэй иргэдийн Хүний хөгжил сангийн дэвтэрт "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, хөрөнгийн дүнг бичиж, баталгаажуулах ажлыг орон даяар эхлүүлсэн байна.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын судалгаагаар хүсэлт гаргасан нийт 1.238.000 иргэн байгаа аж. Харин албаныхны мэдээлж буйгаар эхний ээлжинд "Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв"-өөс баталгаажуулан ирүүлсэн, Хүний хөгжил сангийн 1072 ширхэг хувьцаагаа бүтнээр нь эзэмшиж байгаа 750 мянган иргэний дэвтэрт бичилт хийх ажээ.

Хонгконгийн биржид IPO гаргах жагсаалтад Тавантолгой багтжээ


Хонгконгийн биржид IPO гаргах жагсаалтад Тавантолгой багтжээ

Энэ онд Хонгконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах компаниудын жагсаалт гарсан тухай "Ройтерс" агентлаг мэдээллээ.

Тус биржид IPO хийхээр төлөвлөж буй томоохон 42 компанийн дотор Монголын Тавантолгойн нүүрсний орд байгааг дурьдсан байна.  

Тавантолгойн хувьцаанаас 1.5-5 тэрбум ам.долларын орлого олох гэж байгаа талаар мэдээлээд, "Macquare" зөвлөж, зохион байгуулагчаар "BNP Paribas", "Deutsche Bank", "Goldman Sachs" банк ажиллана гэсэн байна.

Өнгөрсөн жил гэхэд 95 компанийн IРО хийж, 51.8 тэрбум ам.доллар босгосон Хонгконгийн хөрөнгийн биржид Тавантолгойгоос гадна "Chinalco"-гийн Перу дахь зэсийн орд, "En+Group", "Hongkong Airlines", "EuroSibEnergo" зэрэг компани хувьцаагаа арилжихаар төлөвлөжээ.

Одоогоор тус биржид Монголын "Mongolian MiningCorporation", "Mongolia Energy Corporation" компани IPO хийж байгаа билээ.

Хишиг хувиа хувьцаа хэлбэрт шилжүүлэх хүсэлтийг наймдугаар сарын 1-н хүртэл хүлээн авна


Хишиг хувиа хувьцаа хэлбэрт шилжүүлэх хүсэлтийг наймдугаар сарын 1-н хүртэл хүлээн авна

Хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэд шийдвэрээсээ буцах тохиолдол гарах болсон. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Д.Ганчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэд саналаасаа татгалзаж, буцаад хувьцаагаа авахаар бол  хаана хандах вэ?
-Иргэд эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлт гаргачихаад, “Би хувьцааны талаар хангалттай мэдлэггүй байснаас буруу шийдвэр гаргачихаж ээ” гээд эргээд хувьцаагаа эзэмшихийг хүсэх асуудал цөөнгүй байна. Ийм хүмүүс эхлээд иргэний үнэмлэх дээрээ бичигдсэн хаягийн дагуу сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандана.

-Хэзээ хүртэл иргэдийн хүсэлтийг хүлээж авах вэ?
-Ирэх наймдугаар сарын 1-нийг хүртэл хувьцаагаа буцаагаад эзэмших хүсэлтэй иргэдийн саналыг хүлээж авна.

-Оюутнуудын хувьд төлбөртөө 500 мянган төгрөгийг авчихсан. Тэд хувьцаа эзэмшихийг хүсвэл яах вэ?
-Засгийн газраас иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хүртээнэ гэж заасан. Үүнээс 500 мянган  төгрөгийг бэлэн, сая төгрөгийг бэлэн бусаар авах юм. Тэгэхээр хоёр жил дараалан сургалтын төлбөртөө 500 мянгыг аваад, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлүүлчихсэн оюутнуудын хувьд цаана нь үлдэх хувьцаа байхгүй. Эдгээр хүмүүсийн хувьд хувьцаа эзэмших нь ашигтай гэж үзээд, хүсэлтээ гаргавал, нэг сая төгрөгөө буцааж төлөх учиртай. Ингэснээр хувьцаагаа эзэмших боломжтой юм.

-Үүнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч гэсэн багтаж байгаа юу?
-Тийм. Ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэлбэрээр хишиг хувь хүртсэн хүмүүс хишиг хувиа бэлэн бус хэлбэрээр яаж хүртсэн, тэр мөнгөө буцаагаад хувьцаа эзэмших боломж нь нээлттэй.

-Хувьцаагаа буцаагаад авах хүсэлтэй иргэд авчихсан мөнгөө ямар дансанд, хэзээ байршуулах вэ?
-Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэхүү асуудлыг авч хэлэлцсэн байгаа. Тиймээс  Засгийн газрын  тогтоолоор баталсан  журам албажиж ирэхээр үүнийг нарийн мэдээлэх болно.

-Хувьцаа эзэмших иргэд зарим хэсгийг нь худалдан борлуулахыг хүсвэл боломжтой юу?
-Тийм. Иргэн хүн өөрийн эзэмшиж буй хувьцаагаа худалдах эсэх нь тэр хүний сонголтын асуудал. Иргэддээ хандаж хэлэхэд,  хувьцаа эзэмших, худалдах зэрэг шийдвэрээ тодорхой мэдлэг мэдээлэлтэй болж байж  дараа нь шийдвэрээ гаргахыг зөвлөж байна. Яагаад гэхээр улсын хэмжээнд судалгаа авахад,  1.5 сая гаруй хүн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан байна.

Одоо эргээд харахад зарим хүмүүс хувьцаа авах нь л ашигтай байж гэж эргэж буцах явдал их байгаа. Иргэд ямар нэг шийдвэр гаргахдаа нэгнийгээ даган дууриахаас эхлээд өөрийн байр суурин дээрээ зогсохгүй байгаа нь харагддаг. Тиймээс иргэд хувь хүнийхээ хувьд хувьцаагаа эзэмшихэд хариуцлагатай хандаж, үүнтэй холбоотой мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Хувьцааны талаар тодорхой мэдээлэл авсны дараа шийдвэрээ гаргаач ээ гэж хэлье.

2012/06/06

“Эрдэнэс ТТ”-н IPO 10.6 тэрбумын үнэ хүрнэ гэв


Монголын төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компаниас олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахаар төлөвлөж буй IPO 10.6 тэрбум ам.долларын үнэ хүрнэ хэмэээн Хөрөнгө оруулалтын мэдээлэл, судалгааны компани “Frontier Securities” тооцоолж  буй талаар Блумберг агентлаг мэдээлжээ. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар Тавантолгойн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөг байхаар тогтоосон. Ингээд “Эрдэнэс Тавантолгой”-н 15 сая ширхэг хувьцаанд үндэслэн “Frontier Securities” дээрх тооцоог гаргажээ.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Уул уурхайн асуудал эрхэлсэн захирал Грем Ханкок энэ талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй боловч IPO дээрх хэмжээний үнэ хүрнэ гэж баталжээ. “Эрдэнэс тавантолгой” ХК өнгөрсөн сард IPO гаргах ажлаа олон улсын зах зээлийн нөхцөл байдлаас болж ирэх оны хоёр, гуравдугаар сар хүртэл хойшлуулахаар болсон хэмээн мэдэгдсэн билээ. Дэлхий дээрх коксжих нүүрсний хамгийн том ордыг эзэмшдэг тус компани Улаанбаатар, Лондон, Хонконгийн Хөрөнгийн биржүүдэд анхдагч хувьцаа гаргаж, гурван тэрбум ам.долларын хөрөнгө босгохоор төлөвлөж байсан юм.

“Frontier Securities”-ээс гаргасан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн IPO үнэлгээг “Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Mining Corp”-ын адил,  үндэслэлтэй үнэлгээ. Гэвч Хөрөнгийн зах зээл одоо дорой байгаа учраас хөрөнгө оруулагчид төдийлөн сонирхохгүй байх магадлалтай” хэмээн “UOB-Kay Hian” ХК-ийн шинжээч Хелен Лау ярьсан байна. Монголын коксжих нүүрсний хамгийн том экспортлогч “Mongolia Mining Corp”-ын Хонконгийн Хөрөнгийн бирж дэх нэгж хувьцааны өнөөдрийн ханшнаас харвал IPO нь нийт 19.8 тэрбум хонконг доллар буюу 2.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Блумбергийн тоон үзүүлэлтээр тус компанийн 3.7 сая ширхэг хувьцаа эргэлтэд оржээ. Блумбергийн уул уурхайн олон улсын индекс өнгөрсөн онд уул хөрөнгийн зах зээл дэх уурхайн компаниудын ашиг 32 хувиар буурсныг харуулсан юм. “Sany Heavy Industry Co” болон “China Nonferrous Mining Corp” л гэхэд өнгөрсөн сард Хонконгийн Хөрөнгийн биржид хувьцаа гаргахаар төлөвлөж байснаа цуцалж, хувьцааны арилжааг бууруулсан аж. Блумбергийн тоон үзүүлэлтээс харахад 2012 он гартал Хонконгийн Хөрөнгийн биржид компаниуд 3.1 тэрбум ам.долларын IPO гаргажээ.

“Эрдэнэс тавантолгой” ХК нь IPO гаргахаар төлөвлөж буй Монголын төрийн өмчит анхны компани юм. Тус компани зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордын зүүн Цанхийн хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар олборлолт явуулж байна.

2012/05/16

Тавантолгойн бантан

Тавантолгойн бантан
-Шинжээч бичиж байна-

Тавантолгойн нүүрсний орд дэлхийд дээгүүр орох нөөцтэй, монголчуудын ирээдүйд нөлөөлөхүйц төсөл юм. Дэлхийн хамгийн том хэрэглэгчийн дэргэд орших энэхүү орд газрыг өгөөжтэй ашиглаж, үсрэнгүй хөгжлийнхөө суурь болгож чадах, эсэх нь Монголын нийгэм, төр засгийн хувьд энэ зууны томоохон сорил боллоо.

Тавантолгойн энэ сорилыг Монголын өнөөгийн төр, Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх алтан боломж гэхээсээ сонгуульд ялах хэрэгсэл болгож, бүх үйл ажиллагаагаа өнгөрсөн сонгуулийн амлалтын мөнгийг босгоход чиглүүлж ирэв.

2012 оны Их Хурлын сонгуулийн өмнөх энэ том төслийн явц нь их далай дээр холбилзох жолоодлогоо алдсан дарвуулт завь шиг салхины аясаар хөвж байна. Явах чиг нь тодорхой биш учир энэ хөлөг хаашаа ч явахаа бас мэдэхгүй байна.

БАНТАН

Аль ч компани хувьцаагаа үйл ажиллагаандаа шаардлагатай хөрөнгө босгох гэж гаргадаг болохоос хөрөнгө аваад хүмүүст тарааж өгөх гэж гаргадаггүй. Хамгийн наад захын энэ дарааллыг ойлгодоггүй, эсвэл ойшоодоггүй эрхмүүд Монголын төр, засгийг удирдах болсон учир Монгол Улс том ордоо ашиглаж эхлээгүй байхдаа хувьцаа гаргаж, иргэн бүртээ тарааж орхив. Ийнхүү засаг, төр нь алаагүй баавгайн арьсыг хуваагаад өгчихсөн, баавгайгаа агнаагүй учир амласан хугацаа нь болчихоор яах учраа олохгүй холион бантан хутгаж байна. Үр дүнд нь Тавантолгой орд газар гэхээсээ илүү бантан боллоо.

2010 оны долоодугаар сард УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах эрхийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанид шилжүүлээд, хувьцааных нь 10 хувийг иргэдэд үнэгүйгээр, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр өгөх, харин 30 хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах даалгаврыг Засгийн газарт өгсөн. Ингэснээр 536 хувьцаа авсан иргэн бүр хөөрөн баярлаж, харин компанигүй иргэд аж ахуйн нэгжид хямдхан зарахыг эсэргүүцэв. Улмаар 2011 оны гуравдугаар сард УИХ 57 дугаар тогтоол гаргаж, хүн бүрт сонгуулиар амласан 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд Монгол Улсын нийт иргэнд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны 20 хүртэлх хувийг буюу нэмж 536 хувьцааг эзэмшүүлэх болов. Тэглээ гээд бэлэн мөнгө тэнгэрээс унахгүй л байлаа.

2012 оны дөрөвдүгээр сард Засгийн газар иргэдэд хоёр дахь 536 ширхэг хувьцаагаа нэг сая төгрөгөөр борлуулах сонголттойг зарлаж, засаг эндээс хямд авсан хувьцаагаа аж ахуйн нэгжүүдэд ижил тэнцүү ч өндөр үнээр худалдах шийдвэр гаргав.

Өнөөдөр иргэд хувьцаагаа зарах уу, эсвэл үлдээх үү гэж гайхан эргэлзэж байна. Хэрэв иргэн бүр 536 хувьцааны оронд нэг сая төгрөг авч болох юм бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн гаргасан 15 тэрбум хувьцааны нийт үнэ нь 28 их наяд төгрөг буюу 23 тэрбум ам.доллар болох нь. 7.5 тэрбум тонн коксжих болон эрчим хүчний нүүрсний нөөцтэй энэ ордын үнэ цэнийг тонныг нь гуравхан ам.доллараар үнэлсэн нь маш бага бөгөөд энэ хувьцааг эзэмшсэн хүн алтан өндөг гаргадаг тахиатай л адил гэсэн үг. Гэхдээ хувьцаагаа зарж нэг удаа нэг сая төгрөг авч болно, эсвэл ашиг гарсны дараа ногдол ашиг хүртэхийг хүлээнэ.

Монгол Улсын төр, стратегийн энэ чухал ордыг бүхэлд нь ашиглах ерөнхий зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг хийх урт хугацааны төлөвлөгөө гаргахын оронд яавал бэлэн мөнгө босгож, ямар аргаар сонгуулийн амлалтаа биелүүлэх вэ гэсэн богино хугацааны зорилттой ажилласаар ирэв.

Тийм ч учраас Тавантолгойн орд газрыг хоёр хувааж, зүүн Цанхийг олборлох эрхийг “Чалко” компанид тонныг нь 70 ам.доллараар буюу 250 сая ам.долларын урьдчилгаа авч худалдах болжээ. Энэ мөнгөнөөс “Хүний хөгжлийн сан”- гаар дамжуулан иргэн бүрт сар тутам 21000 төгрөг өгсөн нь ихэнх иргэдний хувьд залхуурах, архи уух шалтгаан болов. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанид нүүрсээ олборлох зардал ч өгөөгүй учир үйл ажиллагаа нь зогсонги байдалд орж, олборлолт хийлгэсний зардлаа ч төлөх мөнгөгүй сууж байна.

Баруун хэсэгт (Баруун Цанхи) олборлолт хийх компаниудыг тодруулсан, нийт орд газрыг ашиглах хөрөнгийг гадаадын хөрөнгийн биржид анхан шатны хувьцаа гарган босгохоор олон улсын хэд хэдэн банкийг шалгаруулсан гэж зарлаад олон сар өнгөрсөн ч таг дуугүй байна.

Ордыг ашиглахад шаардлагатай зам, дэд бүтцийн барилга байгууламжийг байгуулах мөнгөн хөрөнгийг гадаадын хөрөнгийн зах зээл дээрээс босгохын тулд тухайн компанийн засаглалын өндөр шаардлагыг хангаж ил тод ажиллах, удирдлага нь сонирхлын зөрчилгүй, хувьцаа эзэмшигчдийн итгэлийг даахуйц байх ёстой.

Тавантолгойн үйл явцыг харахад баруун, зүүн Цанхи болон Ухаа худаг тус бүр цахилгаан станцтай байхаас гадна урд хил рүү тавьсан авто болон төмөр зам тус тусдаа тавих юм байна. Энэ бүхнийг зохицуулахын оронд Засгийн газар тавдугаар сарын 20-ны дотор ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг өгөх амлалтаа биелүүлэхийн тулд ямар нэг аргаар 344 тэрбум төгрөг нэмж олж ирэхийг “Эрдэнэс Таван толгой” компанид даалган, шахаанд оруулчихаад сууж байна.

Компани зээл аваад буяны ажил хийдэггүй, хөрөнгө оруулалт хийдгийг мэддэггүй Сангийн сайдтай хойно Монгол Улсын төрийн өмчит компаниуд яагаад алдагдалтай байдагт гайхах хэрэггүй.

Монголчуудын хүсэл мөрөөдлийг тээж яваа “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд компанийн сайн засаглал байтугай, ямар ч засаглал байхгүйг улс төрийн намуудын сонгуулийн амлалтыг биелүүлэхэд зориулан мөнгө зээлж өгөөд дуугүй яваад байгаа удирдлага нь харуулж байна. Тэд компанийн биш улс төрийн ажил хийж байна гэсэн үг.

Засгийн газар Хөгжлийн банкаараа гадаадаас зээл авахуулж босгосон 600 сая ам.доллараа ашиглах төсөл нь цагтаа бэлэн болоогүй учир өдөрт 95 мянган ам.доллар зүгээр л төлж сууна. Эрсдэлээ хаахын тулд “Монголбанкны үнэт цаасыг худалдан авахаас даа” гэж Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга нь ярьж сууна.

ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН АНХНЫ АЛХАМ

Сонгуулийн дараа гарч ирэх улс төрийн хүчний байгуулах Засгийн газар юуны өмнө энэ бантанг цэвэрлэж, Тавантолгойн төсөлд эхлээд эдийн засгийн агуулгаар нь хандах, улмаар хөрөнгө оруулалтын тооцоо, үйл ажиллагааны төлөвлөгөөг дахин хийх ёстой.

Нэгэнт амласан учир бүх хувьцааны 20 хувь нь иргэдэд үнэгүй тараагдсаныг тооцон, борлуулж болох 30 хувийн анхдагч хувьцаагаар олох хөрөнгөөр үйл ажиллагааг эхлүүлэх, жигдрүүлэхээр тооцон, нэрлэсэн үнийг тогтоох шаардлагатай байна.

Энэ төсөл ганцхан орноос бараг бүрэн хамаарах учир улс төр, эдийн засгийн эрсдэлээ бас тооцох ёстой. Үйл ажиллагаа явуулах компанийн хувьд тухайн салбарт нэр хүндтэй, олон улсын хамгийн шилдэг стандартаар олборлох болон нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж ирсэн компаниудыг сонгох ёстой. Борлуулагчид болон бусад оролцогчдоос дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх, түүнийгээ борлуулалтын үнийн хагаст суутган шингээж авахаар зохион байгуулах хэрэгтэй. Үгүй бол олон орны гашуун туршлагыг давтан бөөн зээл аваад ганцхан төслийн дэд бүтцэд оруулчихдаг, борлуулалт хийж чадахгүй болохоор зээл байтугай хүүгээ төлж чадахгүй явсаар эдийн засаг нь дампуурч, улс төрийн тогтворгүй байдал үүсэж яваандаа иргэний дайн гардаг аюултай билээ.

Харин иргэдийн хувьд өөрт ногдох 1076 хувьцааныхаа зөвхөн хагасыг нь хоёр дахь зах зээл дээр борлуулах, нөгөө хагасыг нь борлуулах эрхгүй зөвхөн ногдол ашиг авч байх, үе дамжуулан эзэмшихээр журамлахгүй бол бага орлоготой ядуу хүмүүс бүх хувьцаагаа эхний боломжоор бүгдийг нь зарж бэлэн мөнгө болгон хэрэглэчихээд ядуу хэвээрээ л үлдэх болно.

Тавантолгойн орд газар Монгол Улсын хөгжих ирээдүйн бодит суурь болох ёстойг шинэ төр засаг ч анхаарч, ард иргэд ч тэднийг хянаж улс төрийн эрх барьсан цөөхөн этгээдийн баяжих хэрэгсэл болгохгүй байхыг цаг үе шаардаж байна. Энэ бол ганцхан удаа л олдох, дахин бий болохгүй нөөц, бас боломж юм.

2012/05/12

Б.ЭНЭБИШ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н IPO ХОЙШИЛСОНД ДӨРВӨН ШАЛТГААН БИЙ


“Mining Mongolia 90” олон улсын нээлттэй чуулга уулзалт өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, өндөрлөв. Уг чуулганд оролцсон “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш дэлхийд ашиглаж эхэлж байгаа коксжих нүүрсний том ордуудын нэг Тавантолгойд дэд бүтэц, үйлдвэрүүдийг цогцолбороор барих шаардлагатай гэдгийг онцолж байлаа. Тавантолгойн ордоос энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 1.1 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх нэг жилийнхтэй дүйсэн үзүүлэлт болж буй. Харин ирэх онд дээрх тоог долоо, 2014 онд 10, 2015 онд 15, 2016- 2017 онд 20 саяд хүргэхээр “Эрдэнэс Таван толгой” компанийнхан төлөвл ө жээ. Үүнээс Таван толгойн уурхайн олборлолтын үйл ажиллагааг жигдэрсэн гэж болох аж. Баруун Цанхийн нөөцийн шинэчилсэн тооцоог гаргаж дуусгасан бөгөөд Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэхэд бэлэн болсон гэнэ.
ТАВАНТОЛГОЙД ЦОГЦОЛБОР ҮЙЛДВЭР БИЙ БОЛНО ГЭВ
Тавантолгойн ордод авто болон төмөр зам, нүүрс угаах, баяжуу лах үйлдвэр барих ажлыг энэ зун баг таан эхлүүлэхээр төлөвлөснийг Б.Энэ биш захирал дуулгасан. Энэ нь олон улсын биржид “Эрдэнэс Тавантол гой”-н хувьцаа арилжихад компанийн үнэлгээнд эергээр нөлөөлнө гэж байлаа. Тавантолгойн ордыг түшиглэн ба рих цахилгаан станцын хувьд 300 мВт-ын хүчин чадалтай байх бөгөөд ТЭЗҮ, холбогдох судалгааг хийж дуусга жээ. Ойрын хугацаанд гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах юм байна. Тус станцыг Төвийн эрчим хүчний систем болон Оюутолгойн ордод баригдах цахилгаан станцтай холбох бөгөөд 2-3 жилийн хугацаанд барьж дуусгах аж. Түүнчлэн дунд хуга цааны зорилтын дагуу кокс химийн үйлдвэр барьснаар Тавантолгойд үйлдвэрийн цогцолбор бий болох юм байна. Усан хангамжийн тухайд эхний ээлжинд Балгасын улаан нуурын гүний уснаас хангахаас өөр аргагүй байгаа гэнэ. Гэх дээ усны шинэ эх үүсвэрүүдийг олж байгаа юм билээ. Олон улсын хөрөнгийн биржид “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO хийн хувьцаа арилжихыг ирэх оны 3-4 дүгээр сар хүртэл хойшлуулсныг бид өмнө нь мэдээлсэн. Үүнд дөрвөн шалтгаан бий гэнэ. Тодруул бал, нэгдүгээрт, хувьцаа эзэмшлийн бүтэц тодорхой байх ёстой. Гэтэл олон нийт хувьцаагаа төрд зарж болно гэж шийдвэрлэснээс болоод иргэд хэдэн хувийг, Засгийн газар хэдэн хувийг эзэмших, аж ахуйн нэгж хэдэн хувийг эзэмших юм гэдэг нь тодорхойгүй байгаа. Хоёрдугаарт, дэд бүтцийн төслүүдийг хэрэг жүүлснээр компанийн үнэл гээнд ихээхэн эерэг нөлөөтэй. Гурав дугаарт, Зүүн Цанхийн уурхайд үйл ажиллагаа явуулахад эдийн засгийн үр өгөөж нь тодорхой. Харин Баруун Цан хид байгуулах уурхайгаас “Эрдэнэс Тавантолгой” компани эдийн засгийн ямар үр өгөөж хүртэх вэ гэдгийг тодорхой болговол ком па нийн үнэлгээг тогтооход чухал. Дөрөвдүгээрт, олон улсын санхүүгийн зах зээл маш тогтворгүй байгаа нь нөлөөлсөн гэв. Тавантолгойн ордод байгуулах дээрх томоохон дэд бүтцийн төсл үүдийг хэрэгжүүлэхэд мэдээж багаг үй хэмжээний хөрөнгө оруулалт шаард лагатай. Өмнө нь олон ул сын бир жид IPO хийн, босгосон хө рөнг өөрөө дээрх дэд бүтцийн бо лон үйлд вэрийн ажлыг санхүүжүүлнэ гэж тоо цоолж байсан ч байдал эсрэ гээрээ болоод буй. Гэтэл үүний хажуугаар “Эрдэнэс Тавантолгой”-нхон Хүний хөгжлийн санд хөрөнгө олгох “үү рэг”-тэй. Ямартай ч тэд “үүргээ” бие лүүлэхийн төлөө ажиллаж байгаа гэсэн.
МОНГОЛЫН НҮҮРС ҮНЭГҮЙДЭЖ БУЙН ШАЛТГААНЫГ НЭРЛЭВ
Чуулганы үеэр “Нүүрсний зах зээ лийн хөгжил” сэдвээр илтгэсэн Худалдаа хөгжлийн банкны ерөнхийл өгч Р.Коппа “БНХАУ-ын ган гийн үйлдвэрлэл өсөж буйтай холбоо тойгоор коксжих нүүрсний эрэлт нь ихсэж байгаа. Тус улсад хотжих явц нэмэгдэж, цаашид 150 гаруй сая хүн шилжилт хөдөлгөөнд хамрагдахаар байна. Үүнээс шалтгаалан барилгыг ихээр барих тул ган төмөр лөгийн эрэлт нь ихээхэн өсөж, кокс жих нүүрсний импорт нь үлэмж нэ мэгдэх төлөвтэй” гэв. Түүний хэлснээр БНХАУ-д нүүрсийг газрын гүнээс өндөр зардлаар олборлодог тул Монголоос импортлох нь илүү хямд байгаа аж. Монголчууд экспортын нүүрснийхээ дийлэнхийг өсөн нэмэгдэж буй эдийн за саг тай, хил залгаа оршдог БНХАУ-д нийлүүлж байгаа ч ложистик тээвэрлэлтийн хувьд шийдвэрлэх зүйл бишгүй бийг сануулсан юм. Түүнчлэн Мон голын нүүрсний олборлолт явуул даг компаниудын хувьд үйлдвэр лэлийн зардлаа бууруулахад анхаарах нь зүйтэй гэж байлаа. Үүний тулд авто болон төмөр замыг барих, нүүрс угаах үйлдвэрийг ашиглалтад оруулах, цахилгаан станц барих, уурхайн хүчин чадлаа нэмэгдүүлэх нь зүйтэй гэлээ. Монгол Улсад инфляцийн түвшин өндөр байгаа, төгрөгийн ханш урт хугацаанд 20-30 хувиар нэмэгдэх төлөв тэй, ам.доллартай харьцах юанийн ханш чангарч байгаа зэрэг нь манай нүүрсний өрсөлдөх чадварт муу гаар нөлөөлөх аж. Мөн Монголын ажиллах хүчний өртөг нэмэгдэж, дизель түлшний үнэ өсөж байгаа нь ч үүнд бас “үүрэг гүйцэтгэх” гэнэ.
407 МЯНГАН ТОНН ХАЙЛУУР ЖОНШ ЭКСПОРТОЛЖЭЭ
Дэлхийн хэмжээнд одоогоор хайлуур жоншны батлагдсан нөөц 500 гаруй сая тонн аж. Үүнээс 220 гаруй сая тонн нь баталгаат нөөц бо лох ыг Мон голын экспортлогчдын хол боо ны тэр гүүн Д.Галсандорж дуулгав. Дээрх тоо нь дэлхийн 30 жилийн нөөц аж. Хайлуур жон шны эрэлт жилээс жилд өсөж, одоо гоор нийт хэрэглээний тал хувь нь зөвхөн БНХАУ-д ногдож буй. Манай улс хайлуур жоншоо экспортлох боломж той Япон, БНСУ-д гурван хувь нь ногддог байна. Одоогоор Мон голын 60 орчим аж ахуйн нэгж жоншны баяжмалыг экспор толж буй. Өмнөх онд Монгол 407 мянган тон нын экспорт хийснээс 120 мянган тон ныг БНХАУ авчээ. Харин БНХАУ баяжмалын үйлд вэрлэлээр дэлхийд тэргүүлдэг ч экспортоо бууруулж байгаа тул нийл үү лэлт тасарч магадгүй гэж олон улсын шинжээчид үзэж буй. Учир нь БНХАУ-аас цаашид хайлуур жоншны баяж мал экспортлохгүй гэсэн бодлого баримталж байгаа билээ. Манайд зохиогддог бусад уул уурхайн чуулган шиг гаднын хөрөнгө оруулалтыг татах гэхээс илүүтэй тус салбар үүсэж хөгжсөнөөс хойших 90 жилийн ололт амжилт, цаашид шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн нь “Mining Mongolia 90” уулзалтын онцлог байв. Монгол Улсын эдийн засагт ойрын 10-20 жилд уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэхээр байгаа гэсэн. Гэхдээ уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас болж найман аймгийн 28 гол, горхи бохирдоод буй тул байгаль орчноо хамгаалах талаар анхаарал хандуулахыг мар таж бо лохгүй гэж чуулганд орол цогчид санал нэгдэж байв.

2012/05/04

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны асуудлаар цэцэд хандлаа

Засгийн газраас 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нд гаргасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжүүдэд худалдахтай холбогдуулах авах зарим арга хэмжээний тухай 116 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн зарчим, зарим зүйл, заалтыг зөрчиж байна гэж үзэн Монгол Улсын иргэн Т.Мэндсайхан Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан байна.

Ингэхдээ тодорхой таван үндэслэлийг дурджээ. Тодруулбал, уг тогтоолын 1.1-д заасан иргэд нэмж авах 536 ширхэг хувьцаанаасаа өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцуулахаар байтал тогтоолын 1.2-т заасан иргэд 1072 ширхэг хувьцаанаасаа хасч тооцуулахаар болж, эдгээр иргэдийн хувьд ялгаварласан, тэгш бус байдал үүсгэж байна гэж үзжээ. Мөн Монгол Улсын зарим иргэн, тухайлбал, хишиг, хувь хүртсэн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан нь 1072 ширхэг хувьцааг бүрэн эзэмших эрхгүй, бусад нь бүрэн эзэмших эрхтэй болж байна. Энэ нь хувьцаа эзэмших эрхийг ялгамжтай, тэгш бус болгосныг онцолсон байна.

Ингэснээр иргэд Хүний хөгжил сангаас адил тэгш хишиг, хувь хүртэх эрх зөрчигдөхөд хүрч байгаа юм. Учир нь хувьцаагаа бүрэн авах хүсэлтэй иргэдийн хувьд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан шиг хишиг, хувь хүртэх боломж нь хаагдана. Үүнээс гадна оюутанд нэмж олгох 536 ширхэг хувьцаанаас оюутанд өмнө олгосон сургалтын төлбөрөө буцаан суутган авахаар болж байгаа нь тэднийг хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн, мөн төлбөрөө буцаан төлөөд хувьцаагаа эзэмших сонголтод боломж олгоогүй шударга бус шийдвэр болсон гэж үзсэн аж. Энэ шийдвэрийн улмаас иргэд нэгэнт баталгаажуулан эзэмшиж буй хувьцаагаа ямар нэгэн хуулийн үндэслэлгүйгээр, өөрсдийн хүсэл зоригоос гадуур шууд алдах, эсвэл хураалгахад хүрнэ. Өөрөөр хэлбэл, энэ нь иргэний Үндсэн хуулиар баталгаажсан өмчлөх эрхийг зөрчиж байгаа аж.