2012/06/21

Хишиг хувиа хувьцаа хэлбэрт шилжүүлэх хүсэлтийг наймдугаар сарын 1-н хүртэл хүлээн авна


Хишиг хувиа хувьцаа хэлбэрт шилжүүлэх хүсэлтийг наймдугаар сарын 1-н хүртэл хүлээн авна

Хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэд шийдвэрээсээ буцах тохиолдол гарах болсон. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Д.Ганчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэд саналаасаа татгалзаж, буцаад хувьцаагаа авахаар бол  хаана хандах вэ?
-Иргэд эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлт гаргачихаад, “Би хувьцааны талаар хангалттай мэдлэггүй байснаас буруу шийдвэр гаргачихаж ээ” гээд эргээд хувьцаагаа эзэмшихийг хүсэх асуудал цөөнгүй байна. Ийм хүмүүс эхлээд иргэний үнэмлэх дээрээ бичигдсэн хаягийн дагуу сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандана.

-Хэзээ хүртэл иргэдийн хүсэлтийг хүлээж авах вэ?
-Ирэх наймдугаар сарын 1-нийг хүртэл хувьцаагаа буцаагаад эзэмших хүсэлтэй иргэдийн саналыг хүлээж авна.

-Оюутнуудын хувьд төлбөртөө 500 мянган төгрөгийг авчихсан. Тэд хувьцаа эзэмшихийг хүсвэл яах вэ?
-Засгийн газраас иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хүртээнэ гэж заасан. Үүнээс 500 мянган  төгрөгийг бэлэн, сая төгрөгийг бэлэн бусаар авах юм. Тэгэхээр хоёр жил дараалан сургалтын төлбөртөө 500 мянгыг аваад, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлүүлчихсэн оюутнуудын хувьд цаана нь үлдэх хувьцаа байхгүй. Эдгээр хүмүүсийн хувьд хувьцаа эзэмших нь ашигтай гэж үзээд, хүсэлтээ гаргавал, нэг сая төгрөгөө буцааж төлөх учиртай. Ингэснээр хувьцаагаа эзэмших боломжтой юм.

-Үүнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч гэсэн багтаж байгаа юу?
-Тийм. Ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэлбэрээр хишиг хувь хүртсэн хүмүүс хишиг хувиа бэлэн бус хэлбэрээр яаж хүртсэн, тэр мөнгөө буцаагаад хувьцаа эзэмших боломж нь нээлттэй.

-Хувьцаагаа буцаагаад авах хүсэлтэй иргэд авчихсан мөнгөө ямар дансанд, хэзээ байршуулах вэ?
-Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэхүү асуудлыг авч хэлэлцсэн байгаа. Тиймээс  Засгийн газрын  тогтоолоор баталсан  журам албажиж ирэхээр үүнийг нарийн мэдээлэх болно.

-Хувьцаа эзэмших иргэд зарим хэсгийг нь худалдан борлуулахыг хүсвэл боломжтой юу?
-Тийм. Иргэн хүн өөрийн эзэмшиж буй хувьцаагаа худалдах эсэх нь тэр хүний сонголтын асуудал. Иргэддээ хандаж хэлэхэд,  хувьцаа эзэмших, худалдах зэрэг шийдвэрээ тодорхой мэдлэг мэдээлэлтэй болж байж  дараа нь шийдвэрээ гаргахыг зөвлөж байна. Яагаад гэхээр улсын хэмжээнд судалгаа авахад,  1.5 сая гаруй хүн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан байна.

Одоо эргээд харахад зарим хүмүүс хувьцаа авах нь л ашигтай байж гэж эргэж буцах явдал их байгаа. Иргэд ямар нэг шийдвэр гаргахдаа нэгнийгээ даган дууриахаас эхлээд өөрийн байр суурин дээрээ зогсохгүй байгаа нь харагддаг. Тиймээс иргэд хувь хүнийхээ хувьд хувьцаагаа эзэмшихэд хариуцлагатай хандаж, үүнтэй холбоотой мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Хувьцааны талаар тодорхой мэдээлэл авсны дараа шийдвэрээ гаргаач ээ гэж хэлье.

No comments:

Post a Comment