Тавантолгойн нүүрсний орд дэлхийд дээгүүр орох нөөцтэй, монголчуудын ирээдүйд нөлөөлөхүйц төсөл юм. Дэлхийн хамгийн том хэрэглэгчийн дэргэд орших энэхүү орд газрыг өгөөжтэй ашиглаж, үсрэнгүй хөгжлийнхөө суурь болгож чадах, эсэх нь Монголын нийгэм, төр засгийн хувьд энэ зууны томоохон сорил боллоо.
Тавантолгойн энэ сорилыг Монголын өнөөгийн төр, Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх алтан боломж гэхээсээ сонгуульд ялах хэрэгсэл болгож, бүх үйл ажиллагаагаа өнгөрсөн сонгуулийн амлалтын мөнгийг босгоход чиглүүлж ирэв.
2012 оны Их Хурлын сонгуулийн өмнөх энэ том төслийн явц нь их далай дээр холбилзох жолоодлогоо алдсан дарвуулт завь шиг салхины аясаар хөвж байна. Явах чиг нь тодорхой биш учир энэ хөлөг хаашаа ч явахаа бас мэдэхгүй байна.
БАНТАН
Аль ч компани хувьцаагаа үйл ажиллагаандаа шаардлагатай хөрөнгө босгох гэж гаргадаг болохоос хөрөнгө аваад хүмүүст тарааж өгөх гэж гаргадаггүй. Хамгийн наад захын энэ дарааллыг ойлгодоггүй, эсвэл ойшоодоггүй эрхмүүд Монголын төр, засгийг удирдах болсон учир Монгол Улс том ордоо ашиглаж эхлээгүй байхдаа хувьцаа гаргаж, иргэн бүртээ тарааж орхив. Ийнхүү засаг, төр нь алаагүй баавгайн арьсыг хуваагаад өгчихсөн, баавгайгаа агнаагүй учир амласан хугацаа нь болчихоор яах учраа олохгүй холион бантан хутгаж байна. Үр дүнд нь Тавантолгой орд газар гэхээсээ илүү бантан боллоо.
2010 оны долоодугаар сард УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах эрхийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанид шилжүүлээд, хувьцааных нь 10 хувийг иргэдэд үнэгүйгээр, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр өгөх, харин 30 хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах даалгаврыг Засгийн газарт өгсөн. Ингэснээр 536 хувьцаа авсан иргэн бүр хөөрөн баярлаж, харин компанигүй иргэд аж ахуйн нэгжид хямдхан зарахыг эсэргүүцэв. Улмаар 2011 оны гуравдугаар сард УИХ 57 дугаар тогтоол гаргаж, хүн бүрт сонгуулиар амласан 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд Монгол Улсын нийт иргэнд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны 20 хүртэлх хувийг буюу нэмж 536 хувьцааг эзэмшүүлэх болов. Тэглээ гээд бэлэн мөнгө тэнгэрээс унахгүй л байлаа.
2012 оны дөрөвдүгээр сард Засгийн газар иргэдэд хоёр дахь 536 ширхэг хувьцаагаа нэг сая төгрөгөөр борлуулах сонголттойг зарлаж, засаг эндээс хямд авсан хувьцаагаа аж ахуйн нэгжүүдэд ижил тэнцүү ч өндөр үнээр худалдах шийдвэр гаргав.
Өнөөдөр иргэд хувьцаагаа зарах уу, эсвэл үлдээх үү гэж гайхан эргэлзэж байна. Хэрэв иргэн бүр 536 хувьцааны оронд нэг сая төгрөг авч болох юм бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн гаргасан 15 тэрбум хувьцааны нийт үнэ нь 28 их наяд төгрөг буюу 23 тэрбум ам.доллар болох нь. 7.5 тэрбум тонн коксжих болон эрчим хүчний нүүрсний нөөцтэй энэ ордын үнэ цэнийг тонныг нь гуравхан ам.доллараар үнэлсэн нь маш бага бөгөөд энэ хувьцааг эзэмшсэн хүн алтан өндөг гаргадаг тахиатай л адил гэсэн үг. Гэхдээ хувьцаагаа зарж нэг удаа нэг сая төгрөг авч болно, эсвэл ашиг гарсны дараа ногдол ашиг хүртэхийг хүлээнэ.
Монгол Улсын төр, стратегийн энэ чухал ордыг бүхэлд нь ашиглах ерөнхий зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг хийх урт хугацааны төлөвлөгөө гаргахын оронд яавал бэлэн мөнгө босгож, ямар аргаар сонгуулийн амлалтаа биелүүлэх вэ гэсэн богино хугацааны зорилттой ажилласаар ирэв.
Тийм ч учраас Тавантолгойн орд газрыг хоёр хувааж, зүүн Цанхийг олборлох эрхийг “Чалко” компанид тонныг нь 70 ам.доллараар буюу 250 сая ам.долларын урьдчилгаа авч худалдах болжээ. Энэ мөнгөнөөс “Хүний хөгжлийн сан”- гаар дамжуулан иргэн бүрт сар тутам 21000 төгрөг өгсөн нь ихэнх иргэдний хувьд залхуурах, архи уух шалтгаан болов. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанид нүүрсээ олборлох зардал ч өгөөгүй учир үйл ажиллагаа нь зогсонги байдалд орж, олборлолт хийлгэсний зардлаа ч төлөх мөнгөгүй сууж байна.
Баруун хэсэгт (Баруун Цанхи) олборлолт хийх компаниудыг тодруулсан, нийт орд газрыг ашиглах хөрөнгийг гадаадын хөрөнгийн биржид анхан шатны хувьцаа гарган босгохоор олон улсын хэд хэдэн банкийг шалгаруулсан гэж зарлаад олон сар өнгөрсөн ч таг дуугүй байна.
Ордыг ашиглахад шаардлагатай зам, дэд бүтцийн барилга байгууламжийг байгуулах мөнгөн хөрөнгийг гадаадын хөрөнгийн зах зээл дээрээс босгохын тулд тухайн компанийн засаглалын өндөр шаардлагыг хангаж ил тод ажиллах, удирдлага нь сонирхлын зөрчилгүй, хувьцаа эзэмшигчдийн итгэлийг даахуйц байх ёстой.
Тавантолгойн үйл явцыг харахад баруун, зүүн Цанхи болон Ухаа худаг тус бүр цахилгаан станцтай байхаас гадна урд хил рүү тавьсан авто болон төмөр зам тус тусдаа тавих юм байна. Энэ бүхнийг зохицуулахын оронд Засгийн газар тавдугаар сарын 20-ны дотор ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг өгөх амлалтаа биелүүлэхийн тулд ямар нэг аргаар 344 тэрбум төгрөг нэмж олж ирэхийг “Эрдэнэс Таван толгой” компанид даалган, шахаанд оруулчихаад сууж байна.
Компани зээл аваад буяны ажил хийдэггүй, хөрөнгө оруулалт хийдгийг мэддэггүй Сангийн сайдтай хойно Монгол Улсын төрийн өмчит компаниуд яагаад алдагдалтай байдагт гайхах хэрэггүй.
Монголчуудын хүсэл мөрөөдлийг тээж яваа “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд компанийн сайн засаглал байтугай, ямар ч засаглал байхгүйг улс төрийн намуудын сонгуулийн амлалтыг биелүүлэхэд зориулан мөнгө зээлж өгөөд дуугүй яваад байгаа удирдлага нь харуулж байна. Тэд компанийн биш улс төрийн ажил хийж байна гэсэн үг.
Засгийн газар Хөгжлийн банкаараа гадаадаас зээл авахуулж босгосон 600 сая ам.доллараа ашиглах төсөл нь цагтаа бэлэн болоогүй учир өдөрт 95 мянган ам.доллар зүгээр л төлж сууна. Эрсдэлээ хаахын тулд “Монголбанкны үнэт цаасыг худалдан авахаас даа” гэж Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга нь ярьж сууна.
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН АНХНЫ АЛХАМ
Сонгуулийн дараа гарч ирэх улс төрийн хүчний байгуулах Засгийн газар юуны өмнө энэ бантанг цэвэрлэж, Тавантолгойн төсөлд эхлээд эдийн засгийн агуулгаар нь хандах, улмаар хөрөнгө оруулалтын тооцоо, үйл ажиллагааны төлөвлөгөөг дахин хийх ёстой.
Нэгэнт амласан учир бүх хувьцааны 20 хувь нь иргэдэд үнэгүй тараагдсаныг тооцон, борлуулж болох 30 хувийн анхдагч хувьцаагаар олох хөрөнгөөр үйл ажиллагааг эхлүүлэх, жигдрүүлэхээр тооцон, нэрлэсэн үнийг тогтоох шаардлагатай байна.
Энэ төсөл ганцхан орноос бараг бүрэн хамаарах учир улс төр, эдийн засгийн эрсдэлээ бас тооцох ёстой. Үйл ажиллагаа явуулах компанийн хувьд тухайн салбарт нэр хүндтэй, олон улсын хамгийн шилдэг стандартаар олборлох болон нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж ирсэн компаниудыг сонгох ёстой. Борлуулагчид болон бусад оролцогчдоос дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх, түүнийгээ борлуулалтын үнийн хагаст суутган шингээж авахаар зохион байгуулах хэрэгтэй. Үгүй бол олон орны гашуун туршлагыг давтан бөөн зээл аваад ганцхан төслийн дэд бүтцэд оруулчихдаг, борлуулалт хийж чадахгүй болохоор зээл байтугай хүүгээ төлж чадахгүй явсаар эдийн засаг нь дампуурч, улс төрийн тогтворгүй байдал үүсэж яваандаа иргэний дайн гардаг аюултай билээ.
Харин иргэдийн хувьд өөрт ногдох 1076 хувьцааныхаа зөвхөн хагасыг нь хоёр дахь зах зээл дээр борлуулах, нөгөө хагасыг нь борлуулах эрхгүй зөвхөн ногдол ашиг авч байх, үе дамжуулан эзэмшихээр журамлахгүй бол бага орлоготой ядуу хүмүүс бүх хувьцаагаа эхний боломжоор бүгдийг нь зарж бэлэн мөнгө болгон хэрэглэчихээд ядуу хэвээрээ л үлдэх болно.
Тавантолгойн орд газар Монгол Улсын хөгжих ирээдүйн бодит суурь болох ёстойг шинэ төр засаг ч анхаарч, ард иргэд ч тэднийг хянаж улс төрийн эрх барьсан цөөхөн этгээдийн баяжих хэрэгсэл болгохгүй байхыг цаг үе шаардаж байна. Энэ бол ганцхан удаа л олдох, дахин бий болохгүй нөөц, бас боломж юм.
No comments:
Post a Comment