
Ингэхдээ тодорхой таван үндэслэлийг дурджээ. Тодруулбал, уг тогтоолын 1.1-д заасан иргэд нэмж авах 536 ширхэг хувьцаанаасаа өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцуулахаар байтал тогтоолын 1.2-т заасан иргэд 1072 ширхэг хувьцаанаасаа хасч тооцуулахаар болж, эдгээр иргэдийн хувьд ялгаварласан, тэгш бус байдал үүсгэж байна гэж үзжээ. Мөн Монгол Улсын зарим иргэн, тухайлбал, хишиг, хувь хүртсэн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан нь 1072 ширхэг хувьцааг бүрэн эзэмших эрхгүй, бусад нь бүрэн эзэмших эрхтэй болж байна. Энэ нь хувьцаа эзэмших эрхийг ялгамжтай, тэгш бус болгосныг онцолсон байна.
Ингэснээр иргэд Хүний хөгжил сангаас адил тэгш хишиг, хувь хүртэх эрх зөрчигдөхөд хүрч байгаа юм. Учир нь хувьцаагаа бүрэн авах хүсэлтэй иргэдийн хувьд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан шиг хишиг, хувь хүртэх боломж нь хаагдана. Үүнээс гадна оюутанд нэмж олгох 536 ширхэг хувьцаанаас оюутанд өмнө олгосон сургалтын төлбөрөө буцаан суутган авахаар болж байгаа нь тэднийг хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн, мөн төлбөрөө буцаан төлөөд хувьцаагаа эзэмших сонголтод боломж олгоогүй шударга бус шийдвэр болсон гэж үзсэн аж. Энэ шийдвэрийн улмаас иргэд нэгэнт баталгаажуулан эзэмшиж буй хувьцаагаа ямар нэгэн хуулийн үндэслэлгүйгээр, өөрсдийн хүсэл зоригоос гадуур шууд алдах, эсвэл хураалгахад хүрнэ. Өөрөөр хэлбэл, энэ нь иргэний Үндсэн хуулиар баталгаажсан өмчлөх эрхийг зөрчиж байгаа аж.
No comments:
Post a Comment