2011/12/24

Үлдэгдэл сая төгрөгийн хувьцаа хоёр дахин өсөх магадлалтай


Үлдэгдэл сая төгрөгийн хувьцаа хоёр дахин өсөх магадлалтай
Шинэ он гаруут иргэн бүр үлдэгдэл сая төгрөгөө авах боломжийг ирэх оны төсөв батлагдахад суулгаж өгсөн билээ. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрийнхэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагаа Засгийн газарт худалдаалж сая төгрөгөө авах боломжтой. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

-Үлдэгдэл сая төгрөгөө бэлнээр авах хүсэлтэй иргэд хэрхэн олгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 

-Ирэх сонгуулиас өмнө буюу өнөөгийн парламентын бүрэн эрхийн хугацаанд иргэн бүртээ 1.5 сая төгрөгийг олгож дуусна. Эхний ээлжид иргэн бүртээ 500 мянган төгрөгийг бэлнээр олгож дуусгавар болж байна. Үлдэгдэл сая төгрөгийн тухайд хувьцаа авах уу, эсвэл бэлнээр нь авах уу гэдэг сонголт бий. Үүнд хамаарах хөрөнгийг улсын төсөвт суулгасан. Хэрэв иргэдэд бэлэн мөнгө шаардлагатай байгаа бол яаравчлан сая төгрөгөө бэлнээр авч болно. Эсвэл "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаанаас эзэмшвэл олон улсын хөрөнгийн зах зээл дээр IРО хийснээр өнөөх үлдэгдэл нь 2-3 сая төгрөг болтлоо өсөх боломж бий. Үүнээс ч өндөр байх магадлалтай. Энэ бүхнээс дүгнэхэд сонгуулийн гол үзүүлэлтээ хэрэгжүүлсэн төсөв болсон гэж дүгнэх байна. 

-Магадгүй 2.8 сая хүн мөнгөө бэлнээр нь авна гэвэл төсөвт их үүсвэр бий гэж үү. Үүнийг ирэх оны төсөв дийлэхгүй болов уу? 

-Харин ч эсрэгээрээ. Энэ талын зохицуулалтыг ирэх оны төсөвт суулгасан. Авах боломжтой. 

-Уг нь МАН, АН хоёр болоод бэлэн мөнгө, хувьцаа хоёр ялгаатай ойлголт биз дээ? 

-Намын мөрийн хөтөлбөр хууль ёсны болохоороо Засгийн газрын мөрийн хөтөлбөр болдог. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа тухайн үеийн МАХН нам олонх, АН цөөнх болсон. Ердийн жишгээр буюу Үндсэн хуульд зааснаар олонх болсон нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Цөөнх нь хянаж явдаг зарчимтай. Гэтэл хамтарсан засгийн газар байгуулагдсан. Засгийн газар мөрийн хөтөлбөртөө 1.5 сая төгрөг олгоно, стратегийн ордуудад хувьцаа эзэмшүүлнэ гэсэн хоёр заалтыг тусгасан байгаа. Төсвийн тухай хуульд ирэх оны хоёрдугаар сарын 1-ны дотор нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй тэнцэх хувьцааг иргэдэд олгох шийдвэр гарлаа. 

Иргэд "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны 30 хүртэл хувийг Монголын болон олон улсын хөрөнгийн биржид борлуулж болно. 536 ширхэг хувьцааг хамгийн багадаа нэрлэсэн үнээрээ сая төгрөгөөр зарж болно. Харин түүнийг хадгалбал, 3-4 сая төгрөгийн үнэ хүрэх боломж бий. Өнөөдөр сая төгрөгийн хувьцааны нэрлэсэн үнийн хамгийн доод баталгааг гаргаж өгч байгаа юм. Цаашдаа гурав дөрвөн сая битгий хэл 10 сая ч хүрнэ." Эрдэнэ МГЛ"-ийн давуу эрхийн хувьцаа өсөх магадлал өндөр. Үеийн үед үргэлжилнэ гэсэн үг. 

-Үүнтэй холбоотойгоор сар бүр олгож буй 21 мянган төгрөгийг он гаруут өгөхгүй гэх мэдээлэл хэр үндэслэлтэй вэ? 

-Нөгөө талаас Хүний хөгжил сангийн тухай хуульд ирэх оны долоодугаар сарын 1 хүртэл 21 мянган төгрөгөө өгдгөөрөө өгнө. Дараа нь хуулийн заалтын дагуу "Эрдэнэс МГЛ" компанид стратегийн ордуудын төрийн мэдлийн хувийг нэгтгэж иргэдэд давуу эрхийн хувьцаа эзэмшүүлнэ" гэснээр иргэд насан туршдаа ногдол ашгаа авах юм. Нэг сая 500 мянга бол бэлэн мөнгө. Хувь хишиг, хувьцаа тараана гэдэг Үндсэн хуульд зааснаар ашигт малтмал бол ард түмний өмч гэдгийг баталгаажуулж байгаа хэрэг. Улсын төсвөөр хайгуул хийсэн 15 ордын төрийн мэдлийн хувийг давуу эрхийн хувьцаагаар эзэмшинэ гэсэн үг. 

-Ахмадуудад нэг сая төгрөгийг 3-4 сард насны ангиллаар олгохоор байсан. Тэгэхээр хоёрдугаар сарын 1-ний дотор бүгдийг олгоно гэсэн үг үү? 
-Тиймээ. Монгол Улсын бүх иргэнд хоёрдугаар сарын 1 гэхэд хувьцааг тараана. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөнгөжүүлж авна гэвэл шат дараатайгаар зохицуулна. 

-536 ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг хамгийн багадаа нэг сая төгрөг гэж үнэллээ гэсэн. Тэгвэл 1072 ширхэг болж тоо нь өсвөл хэд болно гэж ойлгох вэ? 

-Өнөөдөр 39 дүгээр тогтоолын хэрэгжилт хангалтгүй байна. Тиймээс Засгийн газар 1-5 сая төгрөгийг бэлнээр нь тараах асуудлыг УИХ-аар батлуулсан. Хувьцааг хадгалах тусам үнэд орно. 

-Харин оюутнуудад хувьцаа олгох уу? 
-Оюутнууд 500 мянган төгрөгөө сургалтын төлбөрт авч, мөн хэмжээний мөнгийг ирэх оны долоодугаар сарын 1 хүртэл сар бүр 21 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн авна. Үлдсэн мөнгөө хувьцаагаар авч болно. Нэг сая төгрөгтэй тэнцэх хувьцааг хоёрдугаар сарын 1-ний дотор тараана. Хувьцаагаа мөнгө болгоё гэвэл ээлж дараатай өгнө гээд эрхийг нь нээгээд өгчихсөн. Оюутнууд нэг сая төгрөгөө сургалтын төлбөрт аваад байна.

-536 ширхэг хувьцаа хамгийн багаар бодоход нэг сая төгрөг гэж байгаа. Тэгвэл 1072 ширхэг хувьцаа гэж байгааг хоёр сая төгрөг гэж ойлгож болох уу? 
-39 дүгээр тогтоолд иргэдэд арван хувийг үнэгүй, үндэсний аж ахуй нэгжид нэрлэсэн үнээр арван хувийг өгөх тухай заасан. Өөрөөр хэлбэл үнэгүй хуваарилаад нэрлэсэн үнээр" заруулах бодлогыг бараг хоёр жилийн өмнө гаргасан. Эндээ мөнгөний нийлүүлэлт, инфляци зэргийг харгалзан аж ахуйн нэгжүүд нэрлэсэн үнээр худалдаад авчихвал төрд ачаалал ирэхгүй юм гэж урьдчилж харж, 39 дүгээр тогтоол гаргасан. Гэтэл 39 дүгээр тогтоолын хэрэгжилт байдаггүй ээ. Засгийн газар 1.5 сая төгрөг бэлнээр нь тараая гэж УИХ-д оруулж ирсэн ч УИХ хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу явна гэдгийг шийдсэн. 

Ингэснээр Монголын ард түмэн газрын хэвлийн баялгаа өмчлөх эрх нь баталгаажиж байгаа юм. Эдгээр хувьцааг хадгалах тусам үнэ нь нэмэгдэнэ. Үүний цаана давхар бодлого ч бий. Хэдхэн хүмүүс, дарга нар хувь эзэмшдэг байх юм бол гадныхан энэ хүмүүстэй ярьж шийдчих боломжтой болно. Харин 2,8 сая иргэн хувьцаа эзэмшиж, ногдол ашиг авдаг бол иргэний хяналттай ил тод хариуцлагатай уул уурхай хөгжих боломж нээгдэнэ. Мөн иргэд үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн мэдлэгтэй болох юм.

2011/12/22

С.Баярыг Тавантолгой, Сонгуулийн хууль сэрээв үү



Нэгэн үе таван төгөлдөршил хэмээх мянгуужингийн үлгэр ярьж, Засгийн эрхийг атгаж байсан С.Баяр ичээнээсээ гарлаа.
 Тавантолгойн орд гараанаас хөдлөхөд бэлэн болж, ирэх оны сонгууль хаяанд ирсэн нь түүний нойрыг үргээсэн бололтой. Өөрөөр хэлбэл, хуучны дурсамжийг нь сэдрээж, сэтгэлийг нь гижигдэж орхив.
Учир нь Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хөшүүргийг түүний тэргүүлсэн Засгийн газар татсан. Тухайн үед Оюутолгойн гэрээг үзэглэснээр Фрийдланд гэх нөхөр өрмийг нь цөлмөж, Монголын талд хусам нь үлдэх талаар эрдэмтэн, судлаачдаас эхлээд иргэний хөдөлгөөнийхөн анхааруулж, жагсаал, цуглаан хүртэл хийж сануулсан. Гэсэн ч С.Баярт хусам нь л хэрэгтэй байсан юм.
Гэрээнд Монголын талд ашигтай заалт тун ховор. Иймдээ өдгөө ч хэл ам тасардаггүй. Байдал нэгэнт бишдэж, аянга толгой дээр нь буухаар байсан тул С.Баяр өвчнөөр халхлан дүүдээ халаагаа өгч, өөрөө амьгүй албат болон хувирсныг тухайн үед улс төрийн хүрээнийхэн мэдэж байсан. Гащхүү ард түмэн л түүний өрөвдөлтэй царайнд нь хууртаж орхисон юм. С.Баяр ажлаа хүлээлгэн өгөхдөө өнөөх л төгөлдөршлөө тодотгон ярьж байсан нь саяхан.
Түүний хэлсэн үгийг сийрүүлбэл, “Стратегийн том ордуудын ашиглалт, иргэний бүртгэл мэдээлэл, нийгмийн баялгийн хуваарилалт, сонгуулийн шударга тогтолцоо, төрийн албыг хамарсан таван төгөлдөршлийн эхний гурав нь хэрэгжиж эхлээд байгааг харж байна. Хоёр жил хүрэхгүй хугацаанд хамтын санаачилга, хамтын зүтгэл, оюун бодлоор амилж эхэлсэн энэ гурван төгөлдөршлөө би өнөөдөр зориуд дахин онцолмоор байна.
Олон жил гацаанд байсан Оюутолгойн гэрээ сая батлагдсанаар стратегийн орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах их ажлын үүд нээгдлээ. Бидний амьдралд урьд өмнө нь төдий л хэрэглэгдэж байгаагүй гадаад үгээр триллион буюу их наяд төгрөг гэдэг шинэ тоо, шинэ хэмжүүр ,орж ирж байна. Уул уурхайн салбарын төгөлдөршлийн үр шимээр манай эдийн засаг руу цутган орж, хөгжлийн шинэ эрэмбэ рүү хөтлөх мөнгө, хөрөнгө энэ шинэ тоог дагуулж ирсэн юм” хэмээн бардамнаж гарсан.
Нэгэнт “толгойлогч” нь ажлаа хүлээлгэн өгсөн тул гэрээг үзэглэсэн гурван сайд ачааны хүндийг нуруундаа үүрч, элдвээр хэлүүлсээр гэрээг сайжруулахаар болж, тодорхой өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн. Товчхондоо, С.Баярын хийсэн лайг нь үүрэв. Харин энэ зуур С.Баяр байдлыг ажин, харь орноос дурандаж суусан.
Тэрбээр сонинд өгсөн ярилилагадаа “Би их том амбицтай хүн. Яг ямар амбиц вэ гэвэл, тусгаар Монгол Улсынхаа түүхэнд бичигдэж үлдэхсэн гэсэн амбиц байна. Бичигдэх бичигдэхдээ хийсэн, бүтээсэн, эхлүүлсэн ажлынхаа тов тодорхой үр дүнтэйгээ улсынхаа түүхэнд эерэг, сайнаар дурсагдаж бичүүлэхсэн гэсэн том мөрөөдөл, том амбиц надад байна.
Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн үүнээс бага амбицтай байж хэрхэвч таарахгүй гэж боддог” гэсэн нь бий. Үнэхээр ч Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад түүний. гүйцэтгэсэн гавьяаг түүхэвд бичихгүй байхын аргагүй. Улмаар тэрбээр сөрөг биш эерэгдүрээр мөнхрөх сонирхолтой тул энхийн цагаан тагтаа болж, харь орныг чиглэн ниссэн болж таарах нь. Өдгөө Тавантолгойн хөшүүргийг түүний халааг залгамжилсан дүү нь татах гэж байна.
Энэ үед ахын үг юутай үнэн болох нь харагдах мөч. Энэхүү түүхэн үетэй зэрэгцэн сонгууль дөтөллөө. С.Баяр хар дарж, хөлс нь цутгана. Засгийн эрхэнд гарч ирэхдээ амлаж байсан таван төгөлдөршлийн нэг нь сонгууль. Төгөлдөршүүлэхээр амласан анхны сонгуулийн эргэн тойронд болсон үйл явдал Монголд хар салхи далласан. Сонгуулийн дүнгээс үүдэлтэй үймээн таван залуугийн амиар өндөрлөсөн.
Улмаар унаган намын 80 жилийн түүхтэй байрыг шатаав. Сонгуулийн тогтолцоо төгөлдөршсөн, ядаж энэ гольдрил руу чиглэсэн байсан бол Онц байдал зарлах хүртэл нөхцөл байдал хүндрэхгүй, таван алтан амь эрсдэхгүй байлаа. Жирийн иргэн нь төрийн цагдаагийн өмнөөс чулуу барихгүй, 2008 оны сонгуулийн үр дүн нь үнс нурам, үхэл хагаидаар хэмжигдэхгүй байх байсан. Төгөлдөршилийг төгс эхлүүлчихсэн бол  Монголын шоронгууд “долдугаар сарын 1″-ний гэсэн тодотголтой хүүхэд, залуус, эмэгтэйчүүдээр бас дүүрэхгүй байлаа.
Гэсэн ч төгөлдөршил хэмээгч нь дампуурал гэсэн үгний халхавч нь байж. Учир нь 2008 оны сонгуулийн үймээний анхны алхмыг нь С.Баяр удирдан, зохион байгуулсан талаар учир мэдэх нэгэн цайны хачир хийж суусан. Тэгээд ч тухайн үед МАХН парламентын ээлжит сонгуульд бүртгүүлэх хугацаанаасаа ч хоцрон байж намуудын нэрсийн жагсаалтад арай гэж багтсан. Ингэхдээ өрсөлдөгч намынхаа мөрийн хөтөлбөрийг хулгайгаар харж, хуулбарласан болох нь тодорхой байв.
Энэ нь нэг саяын эсрэг “Эх орны хишиг” хэмээх 1.5 сая төгрөгийн батламж. Мөн санал хураалтын дүн гараагүй байхад шөнө дундаас эхлэн МАХН ялалт байгуулсан гэх мэдээллийг зориудаар тараах болсон нь түүний мэргэн ухаан байсныг хожим нь намын нөхөд нь хуучилдаг.
Үймээний дараа Онц байдал зарлахыг тулгасан хүн нь С.Баяр байсан хэмээх Н.Энхбаярын мэдүүлэг ч хууль, хяналтын байгууллагынханд бий.
Энэ бүхэн түүний ярьж байсан төгөлдөршлийн эхний алхмууд. Харин дараагийн алхам ирэх жилийн сонгуулиар тодорхой болно. Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх сонирхол АН-д гэхээсээ илүүтэй МАН-д байсан. Бүр 100 хувь пропорциональ элементийг оруулах хувилбар С.Баярын Засгийн газраас эхлэлтэй.
Бур 2007 оны арванхоёрдугаар сард Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах саналыг МАХН-ын бүлэг оруулсан боловч АН-ынхнаас дэмжлэг авч чадаагүй байдаг. Учир нь тухайн үед сонгууль ойртсон байсан төдийгүй АН-ын рейтинг өндөр байсан тул тоглоомын дүрэм өөрчлөгдөх сөрөг үр дагаврыг авчирч болзошгүй хэмээн болгоомжилжээ.
Харин өдгөө МАН-ын зан нь хувирч, өнөөх л “төгөлдөршлөө” хэрэгжүүлэхээр зэхэж буй бололтой. АН сонгуулийн тогтолцоон дээр буулт хийсэн ч ах нам хүлээн авахаас татгалзсан. Тэдний эцсийн зорилго нь жалга довны үзэл, буохй луйвар ихтэй жижигсгэсэн можаритор тогтолцоо.
Өнөөгийн 26 тойргийг дахин 52-т хуваах гэнэ. Тойрог жижигрэх тусам мөнгөний сонгууль болдгийг МАН хамгийн сайн мэднэ. Гэхдээ л энэ тогтолцоондоо учиргүй хайртай гэдгээ тэд харуулах боллоо. Шуудхан хэлэхэд, С.Баярын хэлж, зориод байсан төгөлдөршил хэзээ ч биелэлээ олохгүй мянгуужингийн үлгэр гэдгийг тэд дээрх үйлдлээрээ тодотгож байна.
Ямартай ч сонгууль дөтөлсөн эл өдрүүдэд С.Баярын гэх тодотголтой улс төр Тавантолгойгоор хачир хийж, гараанаас хөдөлсөн нь эл хүрээнд өрнөж буй үйл явдлаас ажиглагдах боллоо.

Тавантолгойн хувьцаагаар малчдын зээлийг барагдуулна

Тавантолгойн хувьцаагаар малчдын зээлийг барагдуулна
УИХ гишүүн Д.Дашдорж "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ тогтоолын төслийг Д.Дэмбэрэл даргад өчигдөр өргөн барилаа.

Тогтоолын төсөлд цалин болон малаа барьцаалан зээл авсан иргэд өөрт ноогдох 1072 ширхэг хувьцааны нэрлэсэн үнэтэй тэнцэхүйц хэмжээгээр зээлийн төлбөрийг барагдуулах тухай тусгажээ. Энэ оны III улирлын байдлаар нийт 157888 иргэний 499.44 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл бий гэнэ. Зээлдэгчид дунджаар cap бүр 16 тэрбум төгрөгийн хүү төлдөг талаар тэрбээр төсөлдөө тусгажээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад зээлийн хүү болон инфляц өндөр байгаа нь иргэдэд ихээхэн хүндрэлтэй байгаа юм.

Зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь зээл авсан иргэдэд санхүүгийн хувьд сөргөөр нөлөөлж зээл,зээлийн хүүгээ төлөхөд нь хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Эдгээр нөхцөл байдлын улмаас цалин болон малаа барьцаалан өндөр хүүтэй зээл авсан дундаж орлоготой иргэдийн амьдралын түвшин буурч байгааг ч Д.Дашдорж гишүүн тодотгосон юм.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, түүнчлэн цалин болон малаа барьцаалан зээл авсан Монгол Улсын иргэний банкнаас авсан зээлийн нийт үнийн дүнгээс нэг удаа иргэнд ноогдох 1072 ширхэг хувьцааны нэрлэсэн үнэтэй тэнцэхүйц хэмжээгээр орлуулан зээлийн төлбөрийг барагдуулах үндсэн зорилгоор дээрх тогтоолын төслийг боловсруулсан гэдгээ ярив.

Тавантолгойн нүүрсний ордын мэдээлэл анх 1884 онд хэвлэгдэж байжээ

Тавантолгойн нүүрсний ордын мэдээлэл анх 1884 онд хэвлэгдэж байжээ
Монголын шатах ашигт малтмалын дотроос Тавантолгойн нүүрсний ордын тухай мэдээлэл анх 1884 онд (Р.Помпелли), дараа нь 1890 онд Эгийн гол (Н.С.Тугаринов), Чойрын районы нүүрсний тухай 1892-1894 онд (В.А.Обручев) тус тус хэвлэгдэн гарч байжээ.

Орчин үеийн нүүрсний геологийн судалгаа 1920-иод онд эхэлж, өнгөрсөн хугацаанд 12 сав газар, 3 талбайд нэгддэг нийт 200 шахам орд илрэл нээгдсэнээс 70 орчим ордод геологийн янз бүрийн үе шатны судалгаа хийж ашиглах боломжтой нөөц тогтоосон байна. 1960-1970 оноос хойш нүүрсний геологи хайгуулын ажлын үр дүнд манай бараг бүх аймагт ил аргаар ашиглах таатай нөхцөл бүхий ордуудын нүүрсний нөөцийг тогтоож улс аймгуудын хэмжээний түлш, эрчим хүчний салбарын найдвартай эх үүсвэртэй болсон байна.

Түүний дараа үе нь хөдөөгийн жижиг хэрэглэгч гэж нэрлэгдэж байсан сум, суурин, аж ахуйнуудыг ойр, дөт, хямд төсөр түлшээр хангахад чиглэгдсэн судалгааны ажил хийгдэж 30 гаруй орд илрэлүүдийг нээж, заримыг нь ашиглаж байгаа аж.

Шатах ашигт малтмалын геологийн судалгааны мэдээлэл дээр тулгуурлан тэдгээрийн геологийн нөөцийг үнэлэх ажил манайд 1960-аад оны сүүлчээс хийгдэж эхэлжээ.

2011/12/21

А.Жаргалсайхан: Нэг хүнд 3600 ам.долларын хувьцаа очих нь


А.Жаргалсайхан: Нэг хүнд 3600 ам.долларын хувьцаа очих нь
"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг иргэн бүрт тараана гэж Засгийн газраас мэдэгдсэн. Эдийн засагч А.Жаргалсайхантай ярилцлаа.

-Эх орны хишгийн нэг сая төгрөг тараана гэсэн. Гэтэл Засгийн газар 536 ширхэг хувьцааг нэг сая төгрөгөөр үнэлж тараана гээд байна. Энэ бүхэн иргэдэд тодорхойгүй байдал үүсгэлээ?
-Одоо хүртэл хувьцааны тухай ойлголт 1990 оны хэмжээнд байгаа. Тиймээс Тавантолгойгоос иргэн бүрт дахин олгох 536 хувьцаагаа дийлэнх нь алдах магадлалтай. Өмнө нь нэрийн дансанд олгосон 536 ширхэг хувьцаа бол давуу эрхтэй. Өөрөөр хэлбэл, зарах, үрэх эрх нь хязгаарлагдмал тул эрсдэлээс айлтгүй. Харин хувьцааг Засгийн газраар дамжуулахгүйгээр зах зээлд сул хаявал мөнгөтэй гадаадынханд ихэнх нь төвлөрөх аюултай.

"Энержи-Ресурс" компанийн хувьцааны үнэ өнөөдрийн ханшаар тооцоход /нэг хувьцааны ханш 6-7 ам.доллар/ 536 ширхэг хувьцаа 3-4 сая гаруй төгрөг болж байна. Жилийн дараа үнэд орох хувьцааг нэгхэн сая төгрөгийн амлалтад тааруулж үнэлж байгаа нь Засгийн газарт хожоотой болж байна. Энэ бол ядуу иргэдийн хэрэгцээнд тулгуурласан хожоо.

-Таныхаар ямар хувилбар энэ тохиолдолд зохистой юм бол?
-Төр бүх хувьцааг Засгийн газраар дамжуулан зарагдахад хяналт тавих боломжийг хуульд тусгах хэрэгтэй. Тавантолгойн бүх хувьцааг зөвхөн Засгийн газарт зарна гэдгийг нийтлэг зарчим болгох хэрэгтэй. Энэ зарчмыг хатуу баримтлахгүй бол бид баялгаа алдана. Тавантолгой хувьцааг эзэмшиж буй "Эрдэнэс Тавантолгой" компани маш шударга, хариуцлагатай ажиллаасай.

-Нэгж хувьцааны үнийг "Энержи Ресурс"-ын жишиг үнээр баримжаалахыг зарим хүн эсэргүүцэж байгаа. Анх гаргаснаас хэд дахин өссөн гэлээ. Таны дүгнэж буйгаар ямар байх бол?
-Нэг хүнд очих 536 ширхэг хувьцааг нэг сая төгрөгтэй дүйцүүлсэн. Түүгээр тооцоход нэгж хувьцаа 1866 төгрөг болж байна. Өнөөдрийн нэг ам.долларт шилжүүлэхэд 1,4 ам.доллар болж байна. Гэтэл Хонконгийн биржид арилжаалж буй "Энержи Ресурс"-ийн нэгж хувьцааны одоогийн ханш 6-7 ам.доллар байгаа. Үүгээр тооцоход арав гаруй сая төгрөг болж байна. Хэд дахин өссөн гэж байгаа бол үүнээс илүү болохоор байгаа ч одоо хэлэх боломжгүй.

-536 ширхэг хувьцааны үнэ тэгээд нийтдээ хэдэн ам.доллар эсвэл төгрөг болох юм бол. Энэ талаар нэгдсэн дүн алга?

-3600 ам.доллар болно. Өнөөдрийн ханшаар төгрөгт шилжүүлэхэд 4,8-5 сая төгрөг болно. Энэ бол үнэнд их ойр таамаглал. Мөн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн иргэнд 536 ширхэг хувьцаа өгсөн. Тиймээс надад хангалттай хувьцаа байгаа учир дахин өгөхөөр болж байгаа 536 ширхэг хувьцаагаа мөнгөжүүлчихье гэх бодол дийлэнх хүнд давамгайлж болох юм. Нэг ёсондоо иргэд 1072 ширхэг хувьцаа авах байх. Зарим нь мэдэхгүй л явж байгаа.

2011/12/17

Тавантолгойн асуудлыг шинэ парламент шийдэж таарах нь


Тавантолгойн асуудлыг шинэ парламент шийдэж таарах нь
- Хувьцааны үнийг муйхраар зарлаж болохгүй -

Шинэ он гараад Эрдэнэс -Тавантолгой компанийн хувьцааны 29 хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр худалдаж санхүүжилт босгох, 2.8 сая хүндээ тус бүр нэг сая төгрөгийн үнэтэй хувьцааг тараах гэх мэт томоохон ажлуудыг Засгийн газар хийх гэж байна. Энэ бол Монголын стратегийн орд Эрдэнэс-Тавантолгой компанийн үнэлгээг тогтоох явдал юм.

Энэ үнэлгээг тогтоохдоо тогтсон жишгийн дагуу явна. Тухайлбал, Эрдэнэс-Тавантолгой компанийн хувьцаа хөрөнгийн бирж дээр худалдагдах эрх авахын тулд тухайн биржээс тавьж буй шаардлагуудыг хангасан байх ёстой бөгөөд олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банк тухайн компанийг үнэлнэ. Энэ үнэлгээ дээд доод гэсэн хэлбэлзэлтэй голдуу байна. Ингээд хувьцааг хөрөнгийн бирж дээр анхны үнэлсэн үнээр санал болгох бөгөөд бодит арилжаа эхэлмэгц энэ хувьцаа зарагдахгүй юм уу бага үнээр авах ч санал ирж болно. Иймд хувьцааны анхны нэрлэсэн үнийг зөв тогтоох нь маш чухал.

Эрдэнэс -Тавантолгой компанийг үнэлэх ажлыг хөрөнгө оруулалтын “Голдман сакс”, “Дойче банк” хийж байгаа. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар өнгөрсөн хавар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнэ 300-1000 төгрөгт хэлбэлзэнэ гэж “Зууны мэдээ” сонинд (2011.3.29) ярилцлага өгсөн байсан. Энэ бол гадаадын хөрөнгө оруулалтын дээрх хоёр банкны урьдчилсан үнэлгээ.

Өнгөрсөн хавар “Чингис” зочид буудал дээр “Эрдэнэс-Тавантолгойн IPO” нэртэй танилцуулах бага хурлыг дээрх хоёр банк, мөн Лондон, Хонгконг, Монголын хөрөнгийн бирж гэх мэт өргөн бүрэлдэхүүнтэй хийсэн. Тэнд үнэлгээний ерөнхий зарчмууд яригдсан. Гэвч тодорхой үнэ яригдаагүй.

Дойче банкны Азийн бүсийн эрдэс баялгийн газрын захирал Пол Грейвс “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг ямар аргач лаар үнэлж буй талаараа танилцуулга хийсэн. Гэтэл тэрбээр компанийн үр ашгийн үзүүлэлтүүд ярьж, харьцуулалт хийхгүй байсан. Үүнийг ч миний бие босож шүүмжлэж байсан. Компанийн үр ашгийн тооцоогүйгээр буюу нэгж хувьцаанд ногдох ашгийн тооцоогүйгээр ямар ч хувьцаа арилжаанд орох бололцоогүй.

Тэгэхээр гадаадынхны хийж буй 300-1000 төгрөгийн үнэлгээ ихээхэн хийсвэр байгаа нь харагдаж байгаа юм. Иймд “Эрдэнэс- Тавантолгой” компанийг үнэлэх багт үндэсний эрдэмтэд, мэргэжилтнүүд оролцуулах асуудал маш чухал байгаа юм. Энэ ажилд “Монгол” дээд сургуулийн эрдэмтдийн баг оролцох саналаа Ерөнхий сайд С.Батболд, тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нарт хүргүүлсэн боловч одоо болтол хариу алга. Энэ удаа ч гэсэн дээрх хоёр даргад дахин сануулъя. Гаднынхан хувьцааг доогуур үнэлж, өөрсдөө авч дамлан ашиг олох сонирхолтой байхыг анхаарах ёстой гэж би дээрх зөвлөгөөн дээр хэлж байсан үгээ С.Батболд, Н.Алтанхуяг дарга нарт дахин хүргэе.

Асуудлын нөгөө тал нь Эрдэнэс-Тавантолгой компанийн хувьцааны үнэ 3-10 дахин өснө гэж УИХ, Засгийн газрын гишүүд ард түмэндээ сурталчлах боллоо. УИХ-ын гишүүн Батхүү иргэддээ 10 хувийг нь тараахад иргэн бүр 300 сая төгрөгтэй болно гэсэн үг гэж сонинд ярилцлага өгсөн байсан. Ийм прогноз дэвшүүлэх нэг үндэслэлээ Хонгконгийн бирж дээр Монголын “Энержи ресурс” компанийн хувьцаатай харьцуулж баримжаалж байна.

Гэтэл бодит байдал дээр ийм биш байна. www.etnet.com.hk хаягаар орж тус компанийн бирж дээрх нэр болох “Моngol mining” буюу 00975 дугаараар хайлт хийхэд бүх зүйл тодорхой байна. Энэ оны арванхоёрдугаар сарын 15-ны 11 цаг 45 минутын байдлаар нэг хувьцааны ханш 5.9 хонгконг долларын үнэтэй байна. Сүүлийн 52 долоо хоногт хувьцааны дээд ханш 11.5 хонгконг доллар, хувьцааны доод ханш 4.9 хонгконг доллар байсан байна. 2010 оны аравдугаар сараас хойшх ханшийн хэлбэлзлийг диаграмыг сонгож харж болж байна. 7-8 хонгконг долларын үнэтэй эхлэж байсан бол өнөөдөр 5.9 болж үнэ нь 15 орчим хувиар унасан байна.

Энэ жишгээр харвал Эрдэнэс-Тавантолгой компанийн хувьцаа өснө гэсэн магадлал муу байна. Учир нь Баруун цанхиас энэ компани ашиг авахгүй. 30 жилээр түрээслэх гадаадын компаниуд таван хувийн татвар нэмж өгье гэсэн бололтой. “Энержи ресурс” компанийн хувьд оператор компанид олборлох зардлыг нь өгөөд ашгаа авна. Энд зарчмын зөрүү гарч ирж байна. Эрдэнэс-Тавантолгой компанийн хувьцааны 61 хувь нь хөрөнгө гаргахгүй мөртлөө Зүүн цанхиас гарах ногдол ашгийн 61 хувийг авна. Ийм хувалз компанийн хувьцааг эрүүл хүн сонирхохгүй. Дээр нь хятадууд Монголын нэг тонн нүүрснээс 10-20 ам.долларын орон нутгийн татвар авах болж байна. Энэ бол Монголчууд нүүрснээсээ ашиг олохгүй гэсэн үг. Хувьцаандаа ногдол ашиг авахгүй гэсэн үг. Ийм хувьцааг эрүүл хүн авахгүй. Яахав үнийг нь том унаган авч компанийн удирдлагад орж ирэх гэсэн гадаадын төр сонирхож болно. Стратегийн орд дахь компанийн 39-49 хувь нэг улсын гарт очиж болохоор байгаа тул Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ц.Элбэгдорж ерөнхийлөгч та ярилцах ёстой.

Авлигаараа дэлхийг манлайлж буй Монголын төрийн мэдэлд 51 хувь нь байгаа компанийн хувьцааг эрүүл хүмүүс сонирхохгүй. “Энержи ресурс” бол хувийн компани тэнд шахааны бизнес байхгүй тул үр ашиг өндөр. Харьцуулшгүй өөр нөхцөлд хоёр компани байна шүү дээ. Гол зүйл болсон ТЭЗҮ, төмөр зам, далайн боомт гэх мэт шийдэгдээгүй байна. Энэ бүхэн нь хувьцааны үнийг улам л унагах хүчин зүйлс болж байна. Иймд ард түмэн 20 хувиа биш нэг сая төгрөгөө авсан нь өлзийтэй байж мэднэ. Учир нь хувьцааны ханш унаж иргэд 10 мянган төгрөгтэй үлдэх магадлал өндөр байна.

Үндэсний компаниуд, улсын төсөв хоёр гурван их наяд орчим төгрөгийн хохиролд унаж болзошгүй байна. Энэ бол эцсийн дүндээ ард түмэн хохирч байна гэсэн үг. Гадаадад босгох тэр их мөнгө ч худлаа болж таарах нь. Оронцог төдий юм байна биз.

Засгийн газрын мэдлэг чадвар, сэтгэл зүрх дутмаг байгаа учраас Тавантолгойн ордоо Монголчууд бид өгөөжгүй ашиглаж эхэллээ. Ямар ч тендергүйгээр чанартай сайн нүүрсээ 70 ам.доллараар өгч оронд нь гурван хувийн хүүтэй зээл авч байна. Үүнийг Засгийн газрын гишүүн Х.Баттулга хулгай луйвар мэт үнэлж буй нь олны талархлыг хүлээж дараагийн Ерөнхий сайд байх хүн гэж үнэлэгдэж байна. Засгийн газрын одоогийн тэнэг, луйврын хувилбарыг УИХ-ийн гишүүдийн олонх нь зөвшөөрөхгүй. Ард түмэн бүүр зөвшөөрөхгүй. Сонгуулийн кампани эхэлсэн тул сөрөг намууд хүчтэй тэмцэнэ. Засгийн хоёр нам шүүмжлэлийн бай болж, сонгуульд оноо алдахаас айж гэрээний төслийн саналаа УИХ-д өргөн барих магадлал муудлаа. Ирэх сонгуулиар өөр хүмүүс төр засагт гарч ирж, эрдэмтдийн оролцоо бүхий үндэсний баг гэрээ хэлэлцээр хийвэл Тавантолгой таван сайдад биш, нийт ард түмэндээ өгөөжөө өгөх болно.

2011/12/15

Эрх баригчид хоосон хувьцаа амлаж байна гэв



Эрх баригчид хоосон хувьцаа амлаж байна гэв
Сонгууль дөтөлж улс төр, нийгэм тэр чигээрээ бужигнаантай байна. 

Өчигдөр Амлалт нэхэх ард түмний холбооноос сүүлийн үед шат шатанд үүсээд буй асуудлаар санал бодлоо солилцов. Тэд энэ удаад Тавантолгойн орд, эрх баригч намуудын сонгуулийн амлалт болон багш нарын тэмцлийн тухай хөндсөн юм.

Тэгэхээр УИХ-аас өнгөрөгч онд 39 дүгээр тогтоол гарган "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны 10 хувийг иргэдэд тэнцүү хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэж заасан. Энэ дагуу нэг иргэнд 536 ширхэг хувьцаа ногдуулж, нэр дээр нь байршуулсан юм. Харин дараахан нь компани, аж ахуйн нэгжүүд 33 мянга гаруй хувьцаа нэмж авахаар болсон нь жирийн иргэдийг нийгэмд эзлэх байр сууриар нь гадуурхаж байна хэмээн уг холбооныхон эл асуудлаар "зарга" үүсгэн тэмцжээ. Эцэст нь иргэдэд ногдох хувьцааг 1072 ширхэг буюу компанийн нийт хувьцааны 20 хувь болгохоор шийдвэрлэснийг тус холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянга хуралдааны үеэр онцолсон юм.

Харин одоо үүсээд буй нөхцөл байдлаар эрх баригчид 1072 ширхэг хувьцааг сонгуулиар амласан 1,5 сая төгрөгийн үлдэгдэл болох сая янчааны нэг хэсэг болгон өөрчлөн иргэдийг сонголтоо хийхийг тулган шаардаж буй. Нэг үгээр хэлбэл, газрын хэвлий дэх баялгаас нийт иргэд тэгш хүртэх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг МАНАН-гийнхан сонгуулийн амлалттайгаа хольж хутгах болов. Энэ нь хууль бус үйлдэл болохыг холбооныхон тайлбарласан юм. Учир нь УИХ-ын 39 дүгээр тогтоолд ямар ч өөрчлөлт оруулаагүй байж. Энэ луйвраа ирэх оны төсөвт тусгасан байна.

Ингэхдээ хувьцаагаар солих бэлэн мөнгөний эх үүсвэрийг тусгаагүй нь иргэдэд 20 хувийн хоосон хувьцаа амлаж байгаагаас ялгаагүй болохыг тодотгов. Мөн АН-аас ирэх оны сонгуулийн сурталчилгааны хүрээнд эхлүүлсэн эдийн засгийн хувьсгал гэгчийн хүрээнд дээрх 1072 ширхэг хувьцаан дээр нэмж, дараагийн стратегийн 15 ордын хувьцааг нэмж өгнө гэсэн Батлан хамгаалахын сайд Л.Болдын "Баян Монгол" корпорацийн үлгэрийг дахин амилуулж иргэдийг их мөнгөний дүнгээр хуурах ажлаа эхлүүлж буйг онцолсон юм. Тэр ч бүү хэл стратегийн 15 орд нь цаасан дээрх мөрөөдөл болж хувирсаныг тус бүрээр нь тайлбарласан. Тухайлбал, УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолд заахдаа Тавантолгойн орд гэдэгт... "Тавантолгой" ХК, "Энержи ресурс" ХХК, "Дайцуки" ХХК-ийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон хэмжээнд талбайг хамруулна хэмээн заасан боловч одоогоор зөвхөн Зүүн Цанхийн хэсэг л "Эрдэнэс Тавантолгой"-н мэдэлд үлдээд байна. 

Хамгийн гол нь энд нийт нөөцийн хэдэн хувь үлдээд буй нь бас л дээдсийн мэдлийн асуудал болж. Ингээд стратегийн гэх 15 ордын нэг нь хасагдаж буй. Мөн Нарийн сухайтын нүүрсний орд. Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан гэсэн тайлбар 27 дугаар тогтоолд тусгажээ. Тиймээс төр олон улсын гэдгээрээ "МАК Чинхуа"-тай байгуулсан гэрээгээ сахин үлдээе гэхэд "Айвенхоу Майнз"-ын луйврын үр дүнгээр боссон "Саутгоби сэндс" ХХК-ийн эзэмшиж байгаа тус ордын баруун болон зүүн өмнөд хэсгээс бид өөрсдийн хувийг авч чадахгүй гэв. Учир нь энэ хэсгийг стратегийн бүртгэлд хамруулаагүй гэнэ.

Түүнчлэн Бороогийн алтны ордыг тодотгосон юм. Тэгэхээр энэ ордын талаар дуусашгүй яриа эл хүрээнийхний дунд өрнөдөг. Тэдний хэлж буйгаар дотоодын луйварчид харийнхантай үгсэн тус ордын өрмийг аль хэдийнэ ухаж дуусгасан. Тиймээс энэ ордоос иргэдэд ямар юмны ногдол ашиг хүртээх вэ. Харин удаах нь Сэлэнгэ аймаг дахь Төмөртийн орд. Уг ордын хамаг шимийг нэр бүхий хувийн компаниуд урд хөрш рүү зөөгөөд дуусч байгаа гэнэ. Энэ мэтчилэн стратегийн гэх тодотголтой ордууд эхнээсээ "дашийн шог'' болж буй юм байх.

Мөн тус холбооны дараагийн хөндсөн асуудал бол багш нарын ажил хаялтын тухай байв. Тэдний мэдэгдэж буйгаар манай улсын баян хоосны ялгаа сүүлийн үед улам гаарч байгаа нь баялгийн шудрага бус хуваарилалтаас үүдэлтэй гэнэ. Өнгөрөгч сонгуулиар хоёр намынхан төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ. Өрх бүрийн сарын орлогыг сая төгрөгөөс дээш болгоно. Ерөнхий боловсролын сургуулийн бүх багшийг зөөврийн компьютертэй болгоно хэмээн улаан амлаж байсан. 

Гэвч бодит байдал өнөөдөр эсрэгээрээ байна. Багш нарын сарын цалин 350-400 мянгад хэлбэлзэнэ. Тэгэхэд УИХ-ын нэг гишүүн жилд 10 сая төгрөг авдаг байна. Харин туслах, зөвлөхийнх нь 26 сая төгрөгт хүрдэг аж. Мөн хоол, унааны зардал 193, хууль сурталчилгаанд 10, бусад орны хууль судлахад 10, гар утасны ярианы төлбөрт 1,44 болон хууль санаачилсаны төлөө 20, унааны зардал 6,6 харин тойргийн томилолтод 8,7 сая төгрөгийг тус бүр хүртдэг гэнэ. 

Мөн хэвлэл захиалгад 500 мянга, зочин хүлээж авах, бэлэг дурсгалд нь хүртэл хөрөнгө төсөвлөдөг байна. Энэ мэтчилэн нэг гишүүний хүртэх мөнгөний жагсаалт жилд 287 сая 640 мянган төгрөг болж байгаа юм. Тэгэхээр энэ тоог 76 гишүүнээр үржүүлбэл, 255 тэрбум 582 сая төгрөг болж байна. Гэхдээ энэ бол эрхэм гишүүдийн зөвхөн олны нүдэн дээр ил тод авах мөнгө нь шүү дээ. Тиймээс тус холбооныхон бүхий л боломжоороо дэмжин багш нарын тэмцэлд хамтрахад бэлэн буйгаа илэрхийлж байсан.

”Улс төрийн шийдвэрүүд Тавантолгойн IPO-д нөлөөлнө”



Mongolian Mining Journal сэтгүүлээс эрхлэн бэлтгэдэг уул уурхай, эдийн засгийн “Хөгжил” хөтөлбөр энэ удаад “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-гийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Монголын Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Б.Болд, MICC Хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ нар оролцлоо.

Бидний урилгыг хүлээн авч Mongolian Mining Journal сэтгүүлийн редакц, “Хөгжил” студид хүрэлцэн ирсэн Та бүхэнд баярлалаа. Эхний асуултаа “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбишид тавья. “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын биржүүд дээр IPO хийх бэлтгэл ажил ямар явцтай байна вэ? Сүүлийн үеийн мэдээллээс хүргээч?

Б.Энэбиш: Уурхайн олборлолттой холбоотой ажил ид жигдрээд явж байна. Нүүрсээ экспортод гаргаж эхэллээ. Нүүрсний борлуулалтаасаа 250 сая долларын урьдчилгаа төлбөр авч, Хүний хөгжил санд төвлөрүүлсэн. Гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалах бэлтгэл үйл явц идэвхтэй явж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд “Голдмэн Сакс”, “Дойче Банк”, “Би Эн Пи Парибас”, “Макуэри” гээд 4 банк болон татвар, аудит, хуулийн гээд нэлээд олон зөвлөхтэй хамтран ажиллаж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Засгийн газраас аль бирж дээр гарах болон хувьцаа арилжаалах компанийн бүтэц ямар байх талаар шийдвэр гаргасан. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10-20 хувийг манай хуулийн дагуу Монголын Хөрөнгийн бирж дээр, үлдэж байгаа 80-90 хувийг багцлаад Англид бүртгэлтэй компани байгуулан Лондон болон Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцааг арилжаалах нь зүйтэй гэсэн ерөнхий удирдамж өгсөн. Энэ чиглэлээр компанийн нягтлан бодох бүртгэл, санхүү, хөрөнгийн бирж, хөрөнгө оруулагчдад танилцуулах үндсэн бичиг баримтууд гээд маш их зүйл бэлдээд зав муутай байна. Ид бэлтгэлийн үедээ явж байна. Энэ ондоо багтаад Хонконг, Лондонгийн биржид хүсэлтээ гаргана. Хонконгийн хөрөнгийн бирж рүү зарим баримт бичгээ явуулсан. Ирэх оны дөрөвдүгээр сард багтаагаад хувьцааныхаа арилжааг эхлүүлэхээр ажиллаж байна.

Ирэх хоёрдугаар сарын нэгнээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10, магадгүй 20 хувийг нэрлэсэн үнээр нь нийт нэг сая төгрөгийн үнийн дүнд хүргэж, Засгийн газар өөрөө мөнгөжүүлнэ гэж байна. Энэ нь Монголын Хөрөнгийн бирж дээр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа гарч байгаа хэрэг гэж ойлгож болох уу? Мөн нэрлэсэн үнээр гэдгийг тайлбарлаач?

Б.Болд: Эхлээд жаахан залруулга, тодруулга хийж, одоо яригдаж байгаа зүйл дээр нэмэлт өөрчлөлт засвар оруулах магадлал өндөр байна. Нягтлан бодогч, татварын байцаагч нар нэрлэсэн үнэ, зах зээлийн үнэ хоёрын ялгааны талаар тодорхой ойлголттой байгаа. Асуудал юү гэж үүсч байна вэ гэхээр нэрлэсэн үнэ нэг төгрөг, нэг цент ч байж магадгүй. Үүнийг нягтлан бодох бүртгэгч нар л тогтоодог. “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation тухайн үедээ Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарч байхдаа 70-аад сая ам.долларын нийт хөрөнгөтэй байсан шиг санагдаж байна. Нягтлан бодох бүртгэлийн хувьд нийт үнэлгээ нь шүү дээ. Харин нийт хувьцааных нь зах зээлийн үнэлгээ 4 тэрбум ам.доллар, босгосон мөнгө нь 650 сая доллар болсон. Тэгэхээр хувьцааныхаа нэрлэсэн үнээр ингэнэ тэгнэ гэж ярихаас өмнө Засгийн газар, Сангийн яамнаас мэргэжилтнүүд тодорхой өөрчлөлтийн саналууд оруулж ирэх байх. Тэгж байж энэ процесс явна. Түүнээс биш өнөөдрийн яригдаж байгаа томьёолол дээр нэмэлт боловсруулалт шаардлагатай нь харагдаж байна. Үүн дээр ойлголтын зөрүү байгаа юм. Харин үүнийг Монголын Хөрөнгийн бирж дээр IPO хийж байна гэж ойлгож болохгүй. Яагаад гэхээр бидний ойлголтоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн Англид бүртгэлтэй компани Лондон, Хонконгийн бирж дээр хувцьаагаа гаргасны дараа монголчуудын гар дээр байгаа хувьцааны арилжаа явагдана. Яагаад гэхээр олон улсын зах зээл дээр анх удаа манай стратегийн орд дэлхийн зах зээлийн үнэлгээнд хүрэх гэж байна. Тиймээс энэ нь тэгж яаран шийдвэрлэх асуудал биш.

“Эрдэнэс Тавантолгой” IPO хийнэ гэж бараг жил гаруй яригдлаа. Олон нийтийн дунд нэгж хувьцааны үнэ хэд байх бол гэсэн хүлээлт бий. УИХ дээр 10-20 хувийн хувьцаа нэг сая төгрөг гэж яригдаж байгаа нь нэгж хувьцааны үнийг бараг тогтоочихож байгаа юм биш үү? Нөгөө хөрөнгө оруулалтын банкууд, зөвлөхүүдийн ажлыг УИХ, Засгийн газар хийчихэж байна гэж харагдаад байна?

Б.Болд:

Мэдээж манай ардчилсан нийгэмд хүн болгон өөрийн гэсэн үзэл бодолтой байх нь зөв. Гэхдээ үзэл бодол, мэргэжлийн зөвлөгөө хоёр тэс өөр зүйл шүү дээ. УИХ-ын 76 гишүүн маань Тавантолгойн 76 зөвлөх болчихоод хувьцааны үнэлгээ гаргаад сууж байгаа бол буруу ажил хийж байна. Тэр үнэлгээ хийдэг газар нь банкууд, зөвлөхүүд. Үнэлгээ ямар байх нь тухайн үеийн зах зээлийн эрсдэлээс хамаарна. Ерөнхий тэдээс тэдийн хооронд байх болов уу гэсэн багцаа гарна л даа. Гэтэл өнөөдөр дэлхийн эдийн засаг ямар байдалтай байна? Төмрийн үнэ Хятадад унаж байна. Төмрийн үнэ унаж байна гэдэг коксжих нүүрсний үнэ унана гэсэн үг. Хятадын жилд үйлдвэрлэдэг 600 сая тонн төмөр ойролцоогоор 900 сая тонн төмрийн хүдэр, магадгүй 700 сая тонн коксжих нүүрс хэрэглэж байгаа байх. Төмрийн үнэ унана гэдэг түүнд хэрэглэж байгаа түүхий эдийн үнэ унахыг харуулж байгаа хэрэг. Тийм болохоор тухайн үеийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн байдал, Европын хувьцаануудын зах зээлийн уналт гэх мэтчилэн олон хүчин зүйл гарч ирэх учир өнөөдөр хувьцааны үнэ яг тэдэн төгрөг байна гэж үнэлэх нь боломжгүй зүйл. Яахав багцаа тооцоо бол байгаа.

Бас нэг зүйл хэлэхэд бирж дээр хувьцаагаа гаргахад олон улсын үнэт цаасны зах зээлийн хууль норматив гэж байдаг. Тэрэнд урьдчилсан байдлаар үнэт цаасны үнийн хөөрөгдлийн хүлээлт үүсгэж болохгүй гээд нарийн заачихсан байдаг. Тийм болохоор хувьцааны үнийн талаар банкууд ямар ч үг хэлэх боломж байхгүй. Хэлчих л юм бол тэр үнэ нь хүлээлт үүсгэчихдэг. Магадгүй доогуур, эсвэл дээгүүр үнэ хэлчихвэл асуудал үүснэ. Өнөөдөр хувьцааны үнэлгээний талаар ярих жаахан эрт байна. Жаахан тэвчээртэй хүлээхэд Лондонгийн бирж дээр байгаа олон улсын хөрөнгө оруулагчид нь тодорхойлоод өгчихнө шүү дээ.

Д.Ачит-Эрдэнэ: Ер нь бол хоёр үнэ яригдаад байх шиг байна. Нэг нь нэрлэсэн үнэ. Үүнийг нягтлан бодогч нар гаргаж ирнэ. Энэ нь хамгийн бага үнэ байдаг. Нэг цент, нэг төгрөг ч байж болно. Дараа нь тухайн хувьцааны зах зээлийн үнэ тогтдог. Нэг талаас худалдагч тал, нөгөө талаас худалдан авагч нар буюу хөрөнгө оруулагчид энэ үнийг тогтоодог. Энэ процесст үнэлгээний модел хийх, хөрөнгө оруулагч нарт сурталчлах зэргээр хөрөнгө оруулалтын банкууд тусалдаг. Дээр нь томоохон хөрөнгө оруулагчидтай тодорхой хэмжээний хэлэлцээр явагдсаны дараа эцсийн үнэ гарч ирнэ.

Одоо нэг сая төгрөгийн хувьцааг 2,7 сая хүнд тараахад бараг нэг үнэ тогтчихож байгаа юм. Яг нарийн тооцоо байхгүй байгаа болохоор би бас нарийн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ 2,7 сая хүний нэг хүнд нь нэг сая төгрөгийн хэмжээтэй нийт компанийн 10 хувийн хувьцааг тараана гэж үзэх юм бол энэ нь ойролцоогоор 2 тэрбум ам.долларын хувьцааг тарааж байгаа тооцоо харагдаж байгаа. Ингээд бодвол компанийн нийт үнэлгээ нь 10-20 тэрбум орчим ам.доллар гэж тогтоогдох гээд байх шиг байна. Зах зээл дээр гараад энэ үнэдээ хүрэх үү, үгүй юү гэдэг эргэлзээтэй. Энэ үнэдээ хүрэхгүй бол болохгүй болохоор энэ байдал IPO-гийнхоо процесст нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байна л даа.

Б.Энэбиш: Миний бодлоор нэрлэсэн үнэ гэдэг байдлаар үнэлээд иргэдэд өгвөл учир дутагдалтай байж магадгүй. Зүгээр 20 хувийг иргэдэд тэдэн төгрөгөөр өгье гээд томьёологдоод гарвал нэгэнт Засгийн газар компанийн эзэн болохоор байж болох байх. Яг нэрлэсэн үнээр өгч байна гэх юм бол Б.Болд захирал, Д.Ачит-Эрдэнэ захирлын хэлсэн шиг олон улсын улсын хөрөнгийн биржүүдийн зохицуулалтын шаардлагууд, үнэлгээ ямар байх, ирээдүйд ямар байх гэдэгтэй нэлээд уялдуулахгүй бол болохгүй байж магадгүй. Үг үсгийг нь сайн харах хэрэгтэй. Яг нэрлэсэн үнэ тэд байна гэж шууд хэлэх нь бас л болгоомжлох асуудал.

УИХ дээр яригдаж байгаа энэ асуудал “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-д яаж нөлөөлөх вэ?

Б.Энэбиш: Нэрлэсэн үнэ гэхгүйгээр “Эрдэнэс Тавантолгой”-н тэдэн хувийг иргэддээ өгч байна, хувьцаагаа мөнгөжүүлж байна гэдэг байдлаар хандах юм бол нөлөөлөл нь харьцангуй гайгүй байх. Харин нэрлэсэн үнийг нь тэдээр тогтоож, тэдэн төгрөгөөр өгч байна гэж хатуу тогтоовол маш хэцүү болж магадгүй. Дээр нь Хонконгийн бирж дээр  хувьцаагаа арилжаална гэж өргөдлөө өгөхөөс 4 долоо хоногийн өмнө хувьцаа арилжаалах компани болон түүний шууд харьяалах охин компанийн хувьцаатай холбоотой асуудал бүрэн шийдэгдсэн байх ёстой байдаг юм билээ. Тэр шаардлагатай хэр нийцэж байна гэдгийг бид авч үзэх л ёстой болж байна. IPO хийх хугацааг хойш нь татах хүчин зүйл болчих вий гэдэг үүднээс бидэнд зөвлөгөө өгч байгаа банкууд   санаа зовоод байгаа тал бий.

2011/12/14

Мөнгө үү, хувьцаа юу?


Та мөнгө авах уу, хувьцаа авмаар байна уу. Аль алиныг нь авна гэж горьдолтгүй. Эрх баригчид иргэдэд ийм тулгалт хийж байгаа. Энэ хоёрын алийг нь сонгох нь таны хэрэг. Уг нь дөрвөн жилийн өмнө эрх баригч намууд их л гоё амлалт өгч байсныг иргэд мартаагүй. Эрдэнийн хувь, Эх орны хишиг иргэдэд тараахаар их л гоё гоё юм ярьж байсан санагдана. Гэтэл цагаа тулахаар эрх баригчид наашаа харахдаа малийтал инээж, цаашаа харангаа хуруугаа гозойлгож эхэллээ. Үнэндээ өнөөдөр иргэдэд ганцхан сонголт л байна. Мөнгө үү эсвэл хувьцаа юу. Дараагийн сонгуулиар МАН-ыг сонгох уу эсвэл АН-ыг сонгох уу гэдэгтээ яг адилхан байгаа биз.

Ингэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшүүлнэ гээд том дуугарч, сайхан загнаад байсан эрх баригчдад энэ амлалтаа биелүүлэх  сонирхол  ер нь байна уу. Энэхүү хувьцаа арилжаанд гарахдаа 800-1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэйгээр гарнэ гээд эхрэхм гишүүд ярьдаг.  Ямар судалгаа хийж, ямар үндэслэлээр ийм үнэтэй арилжаалах болсныг судлаагүй, одоохондоо таамаг төдий зүйл гэдгийг эдийн засагчид харин өгүүлдэг. “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэнэ” гэгчээр худалдаанд гараагүй, нэрлэсэн үнийг нь өнөөг хүртэл тогтоогоогүй байгаа хувьцаагаа ямар хэлбэрээр авахыг нь иргэддээ санал болгоод эхэлчихсэн. Үүнийг нь бодохоор  өгөх гээд ч байгаа юм шиг.   

Иргэд Эх орны хишиг, “Эрдэнэс  Тавантолгой” хувьцаа хоёрыг тусдаа зүйл гэдэгт итгэсээр  байсан. Ирэх оны төсөв батлагдах хүртэл.  Харин төсөв баталсны  дараа Эх орны хувь, хишиг, хувьцаа хоёр нэг зоосны хоёр тал гэдгийг ойлгож байх шиг.  2008 онд тэд өөрийг амлаж, бид ч түүнийг нь аваад хэрэгтэй зүйлд зарцуулахаар төлөвлөгөө гаргах нь халаггүй мөрөөдөж байсан санагдах юм. Одоо бол “Оюутнуудад хувьцаа өгөхгүй.  Тэдэнд сургалтын төлбөр хэлбэрээр  олгосон. Ахмадууд бас өгөхгүй. Тэдэнд нэг сая төгрөг бэлнээр олгохоор төсөвт суулгасан” гэж ярьж байна.Үүнийг нь харахаар хувьцаа өгөх сонирхолгүй байгаа юм шиг.

Хувьцаа өгөх сонирхолтой байна уу эсвэл сонирхол алга уу гэдгийг уншигч та өөрөө дүгнэлт хийнэ биз дээ. 2009 онд УИХ Хүний хөгжил сангийн хуулийг батлахдаа бэлэн мөнгө, тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц худалдаж авсны төлбөр, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөр зэргээр авч болохоор тусгажээ.

Эдгээр сонголтуудын орон сууц худалдаж авсны төлбөр хэлбэрээр авах гэдэг хувилбар нь залуусын анхаарлыг татсан биз ээ. Тэр хуулинд Эх орны хишгээрээ орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, зээлээр болон бэлэн мөнгөөр худалдан авсан иргэн төлбөрөө эх орны хишиг, хувиараа төлж болохоор тусгасан юм.

Гэтэл саяхнаас “Эх орны хишиг, хувиа орон сууцны төлбөр хэлбэрээр хүртэх иргэдийн хүсэлтийг харьяа дүүргийн /орон нутагт сум/ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, хороо хариуцсан хөдөлмөр халамжийн мэргэжилтнүүдээр дамжуулан хүлээн авна” гэсэн зарлал харагдах болсныг та анзаарсан биз ээ. Хүний хөгжлийн сан гэхээр сар бүр оочерлон авдаг 21 мянган төгрөг гэж ойлгож болохгүйг манай эрхэм түшээдээс илүү хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сануулах болсныг ч сонсоо байлгүй.

Ингээд орон сууцны зээл, төлбөр зэргээ эх орны хувь, хишгээр төлөхийн тулд харьяа хорооныхоо хөдөлмөр, халамжийн ажилтанд хандан, хүсэлтээ гаргах өргөдөл,  холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх ёстой. Харин дээр зарлалд дурдсан дүүргийн хөдөлмөр халамжийн төвд шууд хандаж болохгүй. Учир нь тэнд асар их ажилтай гэх ахлах мэргэжилтэн суудаг тул юу бүрдүүлэх, эх орны хишиг, хүний хөгжил сантай яагаад нэгдсэн, Хүний хөгжлийн мөнгөөр байрны зээлд хамрагдах боломжгүй юм биш үү зэрэг “тэнэг” асуулт асуувал загнуулна гэдгийг тун сайн анхаараарай.

Хүсэлтээ гаргасны танай хорооны хөдөлмөр халамжийн ажилтан таны өргөдлийг дүүргийн хөдөлмөр халамжийн төв рүү шилжүүлнэ. Дүүргийн хөдөлмөр халамжийн төвөөс хариу иртэл хүлээнэ ёстой. Харин өмнө нь байрны зээлд хамрагдчихсан иргэдийн хүсэлт хурдан бүтэх магадлал өндөр буй нь харагдсан. Эх орны хишиг өгөх 1072 хувьцаагаа нэг сая төгрөгт тооцож аваад, зээл авсан банкинд чинь тушаагаад гүйцээ. Тэгвэл эх орны хишгээрээ орон сууцны зээлд хамрагдана гэдэг “харганын ноос түүж эсгий хийх”-ийн үлгэр мэт санагдана. Дөрвөн ам бүлтэй гэр бүл 40 сая төгрөгийн үнэтэй нэг өрөө байр авна гэж бодъё. Эх орны хишгийн дөрвөн сая төгрөгөөс өөр үнэлэх томоохон хөрөнгөгүй бол банкууд зээл өгөх үү? Үгүй л болов уу. Дээр нь монголын зуун 170 мянган оюутан байрын зээл, төлбөрт хамаарахгүй нь ойлгомжтой. Тэдний сургалтын төлбөрийг төлсөн гээд бас “гүрийсэн”.

Харин дүүргийн хөдөлмөр халамжийн ахлах ажилтнаас энэ талаар асууж, уурыг нь барж суухад “Бид төрийн анхан шатны байгууллага. Дээрээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг” гэлээ. Тэгэхээр танай дүүргийн, хорооны, сумын хөдөлмөр халамжийн мэргэжилтнүүд танд байрны зээл өгөхийн төлөө бус “дээрээс” өгсөн даалгавраа хийж, сууж магадгүй байна шүү.  

Олон жилийн турш “дуншсан” 100 мянган орон сууцны хөтөлбөр ийнхүү Эх орны хишигтэй нэгдэн, хэрэгжих эхлэнэ гэж ярина лээ. Харин “төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэнэ” гэгчээр гаргаагүй хувьцааг тарааж, баригдаагүй барилгыг зарах гэж байгаа эрхмүүд санаа зовмоор юм. Гэхдээ бусад иргэдийн адил байртай болохыг хүсдэг болохоор “Эх орны хишиг минь байр болно” гэж найдахаас. Хэрвээ орон сууцны төлбөр хэлбэрээр Эх орны хувь, хишгээ хүртэхээр эргэлт буцалтгүй шийдсэн бол дараах зүйлсийг бүрдүүлэх ёстой юм билээ. Үүнд:

• Орон сууцны зээл, төлбөр авах өргөдөл \Тусгай маягт бөглөнө\

• Иргэний үнэмлэхний хуулбар

• Орон сууц захиалан бариулах гэрээний нотариатаар баталгаажуулсан хувь

• Орон сууц худалдан авсан төлбөрийн баримт

• Зээл авсан банкны тодорхойлолт

• Тухайн гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар зэргийг нэгтгэн хавсаргана. Мөн орон сууцны хөтөлбөрт гэр бүлийн бусад гишүүдийн хувь, хишиг орох бол хүсэлтэд 16-аас дээш насныхан нь гарын үсгээ зурж баталгаажуулна. Харин 16 нас хүрээгүй бол эцэг, эх, асран хамгаалагч нь гаргаж болох аж. Харин та иргэний шинэчлэгдсэн бүртгэлд хамрагдаж, үнэмлэх, бичиг баримт ямар ч зөрчилгүй байх ёстой гэдгийг санаарай.

Иргэд Эх орны хишгээ авахыг хүсч байна


Тавантолгой хувьцааг иргэн бүрт ижил тэгш хуваана хэмээн Засгийн газраас шийдвэрлэсэн ч энэ нь “молиго” гэдэг нэгэнтээ илэрчихээд байгаа. Эрх баригчид иргэд нэг бол сая төгрөгөө, нэг бол хувьцаагаа авна хэмээн мэдэгдэж буй. Тэгвэл иргэд ямар ойлголттой байгаа талаарх сонирхсон юм. Өнгөрсөн оны сонгуулиар эрх баригч намуудаас Эрдэнийн хувь /нэг сая төгрөг/, Эх орны хишиг /1,5 сая төгрөг” өгөхөөр амалсан. Иймээс иргэд 2,5 сая төгрөг буюу 1,5 саяыг нь бэлнээр үлдсэн нэг сая төгрөгийг нь хувьцаа хэлбэрээр авна хэмээн тооцоолж байгаа. Харин эрх баригч намууд иргэдийн “хулхин дээр цэцэг” хэдийн ургуулчихаад байгаа билээ. Энэ талаар иргэд ямар бодолтой байгааг сонирхсон юм


“Ямар ч байсан нэг юм өгөх юм шиг байгаа юм”


Чингэлэй дүүргийн 11-дүгээр хорооны иргэн Д.Дугар:
-Эх орны хувь хишиг иргэн бүрт хүртээнэ гээд л олон л эргэлзээтэй зүйл ярьдаг шүү дээ. Яг үнэндээ бол надад энэ талаар мэдээлэл нэлээд хомс байгаа. Ямарч л байсан нэг юм өгөх л юм шиг байгаа юм. Харин тэр хувьцааг нь өгөх үү, бэлэн мөнгө өгөх үү гэдгийг нь сайн ойлгохгүй байна. Хүмүүс янз янзаар л ярих юм. Гэхдээ надад бол бэлэн мөнгөөр авчихсан нь дээр юм шиг санагдсан. Хувьцаа болгож авна гэхээр их эрсдэлтэй санагдаад байгаа. Юмыг яаж мэдэхэв баахан хувьцаа тараачихдаг, сүүлд нь хэнд ч хэрэггүй цаас болчих вий л гэж бодож байна.


“Хувьцаа авсан дээр байх”

Иргэн О.Алтансүх:
-Энэ талаарх мэдээллийг интернэтээс их олж авдаг. Нэгэнт л иргэн бүрт хүртээх учиртай эх орны хувь хишиг болохоор иргэдэд хэрэгцээтэй зүйлд нь хуримтлал хэлбэрээр суулгаад өгвөл их зүгээр санагдаж байгаа. Хувьцаагаар тараахаар болсон гэж сонссон. Надад бол хувьцаа нь их зүгээр санагдаж байгаа. Хувьцаа үнэд орсон үед нь зарчихвал илүү ашигай . Тэгээд ч жил бүр ноогдол ашгийг нь аваад хуримтлал хэлбэрээр хадгалаад байх боломжтой гэж сонссон. Залуу хүмүүст бол нэг удаа идээд өнгөрөх сая төгрөгийг тарааж байхаар хувьцаа өгсөн нь дээр гэж бодож байна. Ирээдүйд нь хэрэгтэй шүү дээ. Гэхдээ яг яаж шийдэгдэж байгаа талаар сайн мэдэхгүй байна. надтaй адил бодолтой олон залуучууд байгаа гэдэгт итгэлтэй байна.


“Би бэлэн мөнгө авна”

Баянзүрх дүүргийн долдугаар хорооны иргэн Б.Отгон:
-Монгол улс уул уурхайн салбараа түшиглэн их  хэмжээний орлого олох болсон. Тэндээсээ иргэдэд мөнгө тараах гэж байна гээд сонин телевизээр их л гарах юм. Зарим нь хувьцаа тараах нь зөв ч гэх юм. Миний хувьд бол бэлэн мөнгө авчихсан нь дээр санагдаад байгаа. Тэр хувьцаа гэдэг зүйлийг нь сайн мэдэхгүй болохоор л тэр. Яг өгөх эсэх нь бас эргэлзээтэй л санагдаад байгаа. Яг өгсөн хойно нь өглөө гэхээс биш өмнө нь ингэнэ тэгнэ гэж ярих бас хэцүү.  Манай дарга нар өнөөдөр ярьсан амалсанаа маргааш мартчихдаг хүмүүс шүү дээ. Үнэхээр тэр сая төгрөгөө өгдөг юм бол авчихмаар л байна. Тэгээд ч мөнгө өгч л байвал авч л байх хэрэгтэй шүү дээ. 


“Бэлэн мөнгө тараагаад дэмий байх”

“Их засаг” дээд сургуулийн оюутан Ц.Алтангэрэл
-Хувьцаа авна гэж бодож байгаа. Бэлэн мөнгө тараагаад дэмий байх. Оюутнууд бол шоудаад, идэж уугаад дуусна шүү дээ. Тэгээд ч баахан хүнд бэлэн мөнгө тараачихаар юмны үнэ өсөөд тэнгэрт хадчихна. Мөнгөний ханш унах эрсдэлтэй гэж сонссон. Гэхдээ оюутнууд сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг хүний хөгжлийн сангаас авчисан болхоор энэ хувьцааг авахгүй гэж зарим нь яриад байгаа. Би хувьдаа хувьцаа авна гэж бодоод л яваад байгаа. Яаж шийдвэрлэснийг сайн мэдэхгүй байна. 


“Болдог бол хоёуланг нь авмаар  байна”

Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны иргэн Д.Мягмар:
-Хувьцаа авна гэж  ойлгоод байгаа. Харин зарим хүмүүс бэлэн мөнгө тараахаар болсон гээд байна.  Болдог хоёуланг нь авмаар байна. Яг яаж тараах гээд байгаагаа иргэдэд сайн ойлгуулахгүй юм байна  шүү дээ. Надад энэ талын мэдлэг үнэндээ алга. Иргэдэд хүртээмжтэй ашигтай байх үүднээс хувьцаагаар тараасан нь дээр байхаа. Тэгээд ч тэр олон хүнд тараах мөнгө нь байгаа ч юм уу үгүй ч юм уу. Гэхдээ өгөх эсэх дээр нь эргэлзэж л байна. Хэрвээ өгвөл хувьцааг нь авна.