2011/10/17

МАН Тавантолгойн асуудлаар шийдвэр гаргаж чадахгүй байна


УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн турш Тавантолгойн асуудлыг авч хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрч чадсангүй. Одоо ч хурал үргэлжилж байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол бүлгийн гишүүдийн байр суурь зөрүүтэй байгаа аж. Нэг хэсэг нь нийт иргэддээ “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг нэмж олгох нь зөв гэж үзэж байхад нөгөө хэсэг нь УИХ гаргасан шийдвэрээсээ няцаж болохгүй, үндэсний аж ахуйн нэгждээ “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас 10 хувийг нэрлэсэн үнээр нь арилжаалах ёстой гэж үзэж буй ажээ. Тус бүлгийн хувьд Тавантолгойн асуудлыг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт бүлгийн хуралдаанаар авч хэлэлцсэн ч нэмэлт судалгаа шаардлагатай гэж үзэн, өнөөдөр дахин хэлэлцэхээр болсон юм. Гэвч өнөөдрийн хуралдаанаас тодорхой шийдвэр гаргасангүй, ямар ч байсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар  болжээ.   Түүнчлэн холбогдох байгууллагуудаас мэргэжлийн хүмүүсийг бүлгийн хуралдаанд оролцуулж нэмэлт мэдээлэл авах шаардлагатай гэсэн байр суурийг гишүүд хуралдааны үеэр илэрхийлсэн байна.

УИХ-аас 2010 оны хавар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм. Түүнд зааснаар “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас 10 хувийг  Монгол Улсын нийт иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, мөн 10 хувийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр арилжаалахаар заасан юм. Мөн “Эрдэнэс тавантолгой”-н хувьцааны 30 хувийг гадаад болон дотоодын зах зээлд гаргахаар тусгасан билээ. Энэ дагуу Засгийн газраас Монгол Улсын иргэн бүртээ 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Харин үндэсний аж ахуйн нэгжид “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас 10 хувийг нэрлэсэн үнээр арилжаалах шийдвэрийг хараахан гаргаагүй байгаа юм. Учир нь улсын хэмжээнд 57 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй ч тэдгээрийн дийлэнх хэсэг нь Х тайлан гаргадаг. Ашигтай ажилладаг гэж үзэж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд цаад эзэд нь 2700 хүн болчихоод байгаа. Энэ тохиолдолд хувьцааны хуваарилалт шударга бус болох тул аж ахуйн нэгжид арилжаалахаар тусгасан 10 хувийн хувьцааг 2.7 сая иргэндээ дахин тэгш хуваарилах нь илүү оновчтой шийдвэр болно хэмээн УИХ-ын гишүүн Я.Батсуурь нар үзэж, хуулийн төсөл санаачилсан юм.  Эл төслийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэх шатанд байр сууриа нэгтгэж чадахгүй хоёр долоо хоног дамнуулж байна.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд өнгөрсөн долоо хоногт шийдвэрээ гаргасан бөгөөд “2.7 сая иргэндээ Тавантолгойн хувьцааг нэмж олгох нь илүү шударга хуваарилалт болно” хэмээн үзэж буй билээ.

2011/10/14

“Монгол 999” мэдэгдэл гаргав


УИХ-аас 2010 оны долдугаар сарын 7-ны өдөр Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай 39 дүгээр тогтоол гаргасан.

Уг тогтоолд нөөцөөрөө дэлхийд аман хүзүүдэж байгаа коксжих нүүрсний орд болох Тавантолгойн асар их баялгаас Монголын ард түмэн, монголын үндэсний компаниудад хүртээх арга замыг тодорхой заасан билээ. Тэгвэл УИХ-ын 39 дүгээр тогтоолтой холбогдуулан “Монгол-999” үндэсний нэгдэл, МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргав.


МЭДЭГДЭЛ

1. Таван толгойн төсөлд үндэсний компаниудын оролцоог 10 хувь нэрлэсэн үнээр үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах шийдвэрээс эргэж буцах, уг шийдвэрийг үндэслэсэн нотолгоонууд нь хууль эрх зүйн хувьд төдийгүй улс төр-эдийн засаг, нийгмийн хувьд үндэслэл муутай Монгол улсын эдийн засгийн тогтвортой бөгөөд зөв бүтцийг бүрдүүлж байдаг суурь болох хувийн хэвшлийг үл хүндэтгэсэн, түүний цаашдын өсөлт, хөгжлийг боогдуулсан, нийгмийн баялаг бүрдүүлэгчид, ажлын байр бий болгогчдыг дутуу үнэлсэн харалган шийдвэр болох ёсгүй гэдгийг нэн түрүүнд онцгойлон тэмдэглэе.

2. 10%-ийг Монгол улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах гэсэн заалт нь стратегийн орд газруудын талаар төрөөс хэрэгжүүлж буй өнөөгийн бодлогын орчинд тохирсон хамгийн оновчтой шударга шийдвэр бөгөөд үүнийг “шударга ёс” ярьж сонгуулийн уур амьсгалд тохируулан 20 хувь болгож нэгтгэн ард иргэдэд эзэмшүүлэх гэсэн шийдвэр нь өнгөн дээрээ шударга юм шиг харагдавч “шударга ёс” гэсэн ойлголтын олон улсад хэрэгждэг хууль зүйн болон эдийн засгийн утгаар нь авч үзвэл хамгийн шударга бус, оновчтой бус шийдвэр болно.
    Учир нь:

    а/ 10 %-ийг  үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах гэдэг нь “шударга ёсны “ гол шалгуур болох “тэгш боломж” олгож байна гэсэн үг юм. Гэтэл үүнийг социалист тогтолцооны гол шалгуур болох “тэгш хувиарлалт” болгохыг оролдох нь онолын хувьд төдийгүй улс төр-эдийн засаг, нийгмийн бодлогын том алдаа болно.

    б/ “эзэмшүүлэх”, “нэрлэсэн үнээр нь худалдах” гэсэн тэгш хуваарилалт, тэгш боломж олгох зарчмын хоёр өөр ойлголтыг хооронд нь механикаар нийлүүлж “шударга ёс” гэж үзэж байгаа нь Монгол улсад баялгийг бүтээн, ажлын байрыг бий болгогч хувийн хэвшлийг ялгаварлан гадуурхсан хэрэг болж байна.

3. Үндэсний аж ахуйн нэгжүүд хувьцаа худалдан авах тэгш боломжтой болж түүнийгээ хэрэгжүүлснээр компанийн засаглал сайжирч санхүүжилтийн альтернатив эх үүсвэрүүд хөрөнгийн зах зээл дээр бий болж хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх төдийгүй зөвхөн банкны зээлээс 90 хувь хамаардаг санхүүгийн секторт бүтцийн өөрчлөлт гарах болно.

4. Монголын нийгэмд улам бүр газар авч халдварлаж буй “бэлэнчлэх сэтгэлгээ” гэсэн нийгмийн энэ гаж үзэгдлийг иргэдэд эзэмшүүлэх хувьцааны тоог нэмэгдүүлэх шийдвэр улам бүр даамжруулах төдийгүй, түүний  үндэслэл нь бодит байдалтай нийцэхгүй харин ч хөдөлмөрлөж байж ядуурлаас гарна гэдэг энгийн үнэнийг эвдэх аюултай юм.

  1. Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим
  2. Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо
  3. Монголын Барилгын Үндэсний Ассоциаци
  4. “Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК
  5. Монголын Аялал Жуулчлалын Холбоо
  6. Махны холбоо
  7. Монголын барилгачдын холбоо 
  8. Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци
  9. Монголын Тээвэр зуучлагчдын холбоо
  10. Монголын хүнсчидийн холбоо
  11. Монголын Ноос Ноолуурын Холбоо
  12. Монголын арьс ширний холбоо 
  13. Монголын үндэсний зөвлөхүүдийн холбоо
  14. Сав баглаа боодол, хэвлэлийн салбарын хөгжлийн зөвлөл
  15. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл
  16. Хуулийн зөвлөхүүдийн зөвлөл
  17. Компанийн нийгмийн хариуцлагын зөвлөл
  18. Аялал жуулчлалын зөвлөл
  19. Био эко бүтээгдэхүүний хөгжлийн зөвлөл
  20. Импортлогчдын зөвлөл
  21. Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл

А.Меркел Тавантолгой тийш “зам”-аа заслаа



Тавантолгойн сайн чанарын нүүрсний их орд дэлхийн томчуудыг Монгол тийш татсаар байна. Тэдний нэг болох  ХБНГУ-ын канцлер, дэлхийн хүчирхэг эмэгтэй улстөрчдийн нэг, хатагтай Ангела Меркел Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар албан ёсны айлчлал хийгээд буцлаа. Монголтой эртний түншийн харилцаатай Германы хувьд Засгийн газрын тэргүүн нь анх удаа эрдэс баялаг арвинтай Чингисийн нутагт хөл тавьсан нь энэ юм.

Тэрбээр урьд өдрийнх нь шөнө ирээд өчигдөр үдээс хойш 15.20 цагт нутаг руугаа мордлоо. Хатагтай Ангела Меркел энэ удаа Азийн хоёр оронд айлчлал хийсний эхнийх нь Вьетнам байв. Газрын ховор элементийн нөөц сайтай орны нэгт тооцогдох болсон Вьетнамд хатагтай Ангела Меркел хоёр хоног саатаж, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах талаар яриа хөөрөө хийжээ. Газрын ховор элементийн нийлүүлэлтээр Хятадын дагнасан хараат болохгүй гэсэндээ Азиас түнш хайх гэсэн ХБНГУ-ын овоо хараанд ийнхүү Монгол, Вьетнам хоёр багтсан бололтой юм. Канцлерийн бараа бологчид ч цомхон. Бундестагийн таван гишүүн, тэгээд ашигт малтмалын салбарын хэдэн эрхэм багтжээ.

Монголд айлчлахдаа зургаан баримт бичиг байгуулсны гурав нь ашигт малтмалтай холбоотой байсан нь германчууд эрдэс баялгийн салбарт хамтрах зорилго нэн тэргүүний байсныг гэрчилнэ. Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Уурхайн гэрээт олборлогчийн тухай “Эрдэнэс Тавантолгой” компани, Германы “ББМ Оперта” групп хоорондын гэрээ, Хамтран ажиллах тухай “Эрдэнэс Тавантолгой” компани, “Сийменс” компани хоорондын ерөнхий гэрээнд албаны хүмүүсээр гарын үсэг зуруулж, нүүрсний салбарт хамтран ажиллах зорилгоо биелүүлэв. “Дэд бүтэц, эрчим хүч, Тавантолгой, нүүрс” гэсэн сонирхлыг хатагтай канцлер Монголын төрийн гурван өндөрлөгтэй уулзсан уулзалт болгондоо онцолжээ. Нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх технологийг нэвтрүүлэх чиглэлээр Монгол, Германы компаниудын хамтын ажиллагааг дэмжинэ гэдгээ онцолсон байна.  Ашигт малтмалын салбарт Германы оролцоог албажуулан баталгаажуулснаараа хатагтай А.Меркел хэрэг зоригоо хагас өдөрт бүрэн бүтээгээд Монголоос мордлоо.

Германы өндөр технологи, ноу-хау-г Монголд нэвтрүүлж, түүхий эд бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг Монголын нутагт үйлдвэрлэхэд тус дэм үзүүлэхээ амлалаа. Ингэхдээ Герман улс Монголын тогтвортой сайн түнш байна гэдгээ батлан хэлэв.

Бас нэг онцолсон салбар нь батлан хамгаалах юм. Монголын дайчид Афганистаны хамгийн аюултай Файзабадын хойд бүсэд Германы цэргийн командлал дор энхийг сахиулж байгааг канцлер онцлон хэлж, тэнд алба хаасан дайчдын төлөөлөлтэй уулзан баяр хүргээд цаашид ч алан хядагчидтай тэмцэх үйлст “нэг баг шүү” гэдгээ илэрхийллээ.

Монгол Улсыг ардчилалд хөл тавьсан цагаас дэмжиж тусалсан орны нэг бол ХБНГУ. Ялангуяа Европ тивээс, бас хуучин цагт зүүн хагас нь Монголтой ижил  системтэй байсан орны хувьд социализмыг хамт байгуулж явсан андуудаас Монголд хамгийн ойр дотно явж ирсэн нь энэ орон юм. Тиймдээ ч богино хугацаанд хийсэн айлчлалынхаа үед канцлер А.Меркел Монголын ардчиллыг үлэмж үнэлж явдгаа хэлж, Ази тивдээ үлгэр үзүүлэн цаазаар авах ялыг халах бодлого барьж яваад нь талархан амжилт хүслээ. Бас цаазаар авах ялыг бүрмөсөн халах шийдвэр гаргахад нь та бүхнийг зоригжуулмаар байна гэдгээ илэрхийлэв.

“Ардчилсан нийгмийнхээ сонгосон замаар тууштай хөгжихөд тань миний бие та бүхнийг зоригжуулмаар байна. Намрын чуулганаараа сонгуулийн эрхийн шинэчлэлийг хэлэлцэж байгаа тань магадгүй УИХ-д олон түмний төлөөллийг илүү боловсронгуй болгох нэг чухал алхам болох болов уу. Ардчилал бол өөрөө хүрээд ирдэггүй гэдгийг германчууд бид гашуун туршлагаасаа мэднэ. Бүтцийн хүчтэй байгууламж, эрх зүйт төрийн бат бөх тогтолцоо, нэн ялангуяа үүний төлөө амьдарч, өдөр тутам түүнийгээ хамгаалж чаддаг зоригтой иргэд зайлшгүй байх ёстой болов уу” гэсэн канцлерийн үг “Сонгуулийн хуулийг зөв батлаарай. Сонгуулийн тогтолцооноос ардчиллын бат бэх чанар хамаарна шүү” гэдгийг УИХ-ын эрхэм гишүүдэд сануулсан хэрэг боллоо.

Монголыг Европын холбоотой улам дотносуулж, Монголын талаас хүссэний дагуу Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад оролцогч орноор элсэх сонирхолыг нь дэмжинэ гэдгээ хатагтай А.Меркел илэрхийллээ.

Боловсролын салбарт хамтран ажиллах тухай ч айлчлалын үед яригдлаа. Монгол-Германы боловсролын харилцаа бүр 1920-иод оноос улбаатай. Тэгвэл өдгөө Монголд Германы их сургууль байгуулж, эрдэмтэн багш нараа ирүүлж герман стандартын дагуу сургалт явуулж, мэргэжилтэн бэлтгэх нь зөв зүйтэй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах үедээ хэлжээ. Монголын залуу эрдэмдтийг дэмжиж туслахаа ч амласан.

Мэдээж “хөшигний цаана” үүнээс цааш яриа хэлэлцээ болсон байж таарна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцын асуудлыг ямар нэг байдлаар хөндсөн нь гарцаагүй. Гэхдээ үүнийг хатагтай канцлер өөрөө яриад яваагүй, бараа бологчдоос нь холбогдох албаны хүмүүстэй ярилцсан нь бараг тодорхой биз ээ. Ялангуяа тухайн үед Д.Энхбатыг гүйцэтгэх ажлын шугамаар Монголд авчрах үед ХБНГУ-д Элчин сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тэргүүтэй гишүүдтэй Бундестагийн төлөөлөгчид уулзсан байна. Тэр үеэр ярилцсан хэлэлцсэн зүйл байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Ямар боловч Европын орнуудаас Монголд хамгийн ойр, үнэнч байдаг Германы тал Монголын ашигт малтмалын салбарт нэг томоохон түнш болох замаа канцлерийн айлчлалаар нээлээ.

2011/10/13

Тавантолгойн хэлэлцээ сонгууль хүртэл үргэлжилнэ


Оюутолгойн Хөрөнгө оруу­лал­тын гэрээний эргэн той­ронд дуулиан дэгдэж байх зуур Тавантолгойн тааварт маргаан бас үргэлжилсээр. Үндэсний аюулгүй байдлын зөв­лөлөөс голж буцаасан төслийг засч сайжруулаад энэ долоо хоногт танилцуулна гэсэн мэдээлэл гарсан ч таг чиг. Сураг сонсох нь ээ, энэ чуулганы хугацаанд амжуулж УИХ-д өргөн баривал их юм гэсэн яриа гарч байна. Гэтэл энэ зуур бас Тавантолгойн бүхий л ажилд мөрдлөгө болгон ажиллах ёстой УИХ-ын 39 дүгээр тогтоолыг ч бас өөрчилж магадгүй гэх хандлага дэгдэх. Ийн Тавантолгой ажил таавар болж байх зуур гадны хэвлэлүүд бас таамаг дэвшүүлсэн хэвээр байна. Энэ удаад  “Wall Street Journal”-д гарсан мэдээллийг хүргэж байна.

Дэлхийн эдийн засаг санхүүгийн томоохон мэдээлэгч болох “Wall Street Journal” сэтгүүлд Монгол Улс Тавантолгойн нүүрсний орд газрын олборлолтын төсөлд оролцож болох гадаадын компаниудтай хэлэлцээ хийх ажлаа энэ сард багтаан сэргээн үргэлжлүүлэхээр болж байгаа  тухай мэдээлжээ.

Тэдгээр компанийн до­тор өнгөрөгч долдугаар сард бол­сон тендерт шалгарагсдын “тоонд” багтаж чадаагүй /Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд гур­ван ялагч тодорсон гэсэн мэ­дээлэл танилцуулагдсан боловч үүнийг бас эцсийн шийд гэж үзэх аргагүй гэж холбогдох ал­ба­ныхан тайлбарлаж бай­гаа. Эндээс үүдээд Япон, Өмнөд Солон­госын тал өөрсдийг нь учир битүүлгээр жагсаалтаас хассан гэсэн маргаан дэгдээж, харин монголчуудын хувьд техникийн алдаа гарсан гэсэн тайлбар тавьсан билээ. ред/ Японы бо­лон Өмнөд Солонгосын зарим компаниудтай ч мөн хэлэлцээ хийх юм байна.

Харин шинээр хийх эд­гээр хэлэлцээ олон са­рын хугацаатай үргэлжлэх болол­той гэж  “Wall Street Journal” сэтгүүлд дурдсан ажээ. Мөн Монголын нэгэн албан  ту­шаалтны хэлснээр бол эдгээр хэ­лэлцээг Монголын пар­ламентын сонгууль явагдах ирэх оны зургадугаар сар гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа гэнэ.

Нийт нөөцийн 40 хувь нь өндөр илчлэг бүхий 6.5 тэрбум тонн чулуун нүүрсний орд болох Тавантолгойн баруун хэсэгт олборлолт явуулах эрхийг дээрх хэлэлцээнд оролцогч гадаадын компаниуд авах боломжтой гэж энэ өгүүлэлд дурджээ. Мөн энэхүү “Wall Street Journal” сэтгүүлийн өгүүллийг сайтдаа орчуулж тавьсан Оросын эх сурвалжууд Тавантолгойн тен­дерийн шалгуур нь оролцогч гадаадын компаниас зөвхөн ол­бор­лолт явуулахыг шаардаад зогсохгүй Тавантолгойгоос Сайн­шанд хүртэл 400 км урт, 1520 мм өргөнтэй буюу орос стандартын төмөр замыг барьж одоогийн УБТЗ-ийн сүлжээнд нэгтгэхийг болзол болгож байгаа гэсэн байна.

Оросын РЖД нэгдлээр удир­дуулсан олон улсын консорциум (үүнд БНСУ-ын “Korean resources Corporation” болон Японы “Itochu”, “Sumitomo” группууд оролцож байгаа аж.) энэхүү төмөр замын шинэ шугамыг барьж өгөхөөс гадна Монголын УБТЗ-ын техникийн боломжийг шинэчлэн, олборлосон нүүрсийг хил давуулах боломжийг олгох төмөр замын шинэ технологийг нэвтрүүлэх саналуудыг Мон­голын талд тавьсан байна. Үүнээс гадна Оросын Алс Дорнод дахь усан боомтын хүчин чадлыг ашиглуулах саналыг ч мөн тавьсан гэж Оросын сайтуудад бичжээ.

2011/10/11

АН-ын бүлэг: Тавантолгойн тогтоолд өөрчлөлт оруулах төслийг дэмжлээ

АН-ын бүлэг: Тавантолгойн тогтоолд өөрчлөлт оруулах төслийг дэмжлээ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ.

Тухайлбал, Зээлийн батлан даалтын сангийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Мөн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай нэр бүхий гишүүдийн өргөн барьсан төслийг авч хэлэлцээд олонхи нь дэмжжээ. Төсөл санаачлагчдын зүгээс тогтоолд өөрчлөлт оруулах болсон шалтгааны талаар ч дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна.

Энэ талаар бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 53 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас 23 мянга нь татвараа төлдөг. Үлдэж байгаа нь ашиг, орлогогүй ажилладаг гэсэн шалтгаанаар X тайлан гаргадаг гэнэ. Харин татвараа төлдөг 23 мянган аж ахуй нь цаагуураа 2700 орчим иргэнд харьяалагддаг. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг 2700 орчим иргэн эзэмшсэн нь дээр үү, 2.7 сая иргэнээ бодох уу гэдэг хуваарилалт гарч ирж байгаа.

Дээр нь үндэсний аж ахуйн нэгжүүдийг тогтооно гэдэг амаргүй. Дийлэнхэд нь гадаадын хөрөнгө оруулалт ямар нэг хэмжээгээр орсон байдаг. Тиймээс 2.7 сая иргэндээ хувьцаа хуваарилах нь илүү шударга хуваарилалт болно. Харин үндэсний аж ахуйн нэгжүүдээ том том төсөл хөтөлбөрүүдийг дагасан бүтээн байгуулалтын ажилд оролцуулаад явах нь хөл дээрээ босоход дэм болно гэж үзжээ.

Ийм үндэслэлийг төсөл санаачлагч гаргаж тавьсан учраас бүлгийн гишүүд Тавантолгойн тогтоолд өөрчлөлт оруулах төслийг дэмжсэн байна. Засгийн газраас УИХ-аас гаргасан шийдвэрийн хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаанаас иргэн бүрт 536 ширхгийг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх шийдвэр гаргаад байгаа. Хэрэв нэр бүхий гишүүдийн гаргасан Тавантолгойн тогтоолд өөрчлөлт оруулах төсөл бүлгээс эхлүүлээд байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжлэг авч батлагдвал аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр арилжаалахаар заагаад байсан хувьцаа иргэдэд очно.

Одоогоор эцсийн шийдэл гараагүй байна. Харин өнгөрсөн хугацаанд олон нийтийн анхаарлыг татсаар буй УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг бүлэг энэ удаагийн хуралдаанаараа авч хэлэлцээгүй нь сонгуулийн тогтолцоог холимог системд суурилуулж явуулна гэдэг дээр өнгөрсөн долоо хоногт бүлгийн гишүүд санал нэгдсэнтэй холбоотой аж.

Энэ тохиолдолд нэмэлт тойрог хуваарилагдах нөхцөл байдал үүсэх талтай гэнэ. Ажлын хэсгийн төвшинд ч нэлээд ярилцсан байна. Харин УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж энэ асуудлын хүрээнд шийдэл гаргах аж.

Ж.Батзандан: Тавантолгойн өмнөх төсөлд нэг улсын оролцоо хэт давамгай байсан. Энэ маш аюултай

Ж.Батзандан: Тавантолгойн өмнөх төсөлд нэг улсын оролцоо хэт давамгай байсан. Энэ маш аюултай
"Эрдэнэс Тавантолгой"-н ТУЗ-ийн гишүүн Ж.Батзавдантай. Тавантолгойн гэрээний төслийн талаар ярилцлаа.

-Тавантолгойн гэрээний төслийн талаар ТУЗ ойрын үед хуралдсан уу. Гэрээний төсөлд баруун Цанхид хууль зөрчсөн асуудал байна гэж мэдэгдэж байсан. Энэ тухайгаа тодруулна уу?
-Ойрд хуралдаагүй. Баруун Цанхид хууль зөрчсөн хэд хэдэн асуудал гарсан. Үндсэн хуульд нийцэхгүй байна. Үүнийгээ буцаагаач, ҮАБЗ-өөр авч хэлэлцэх талаар саналаа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газарт бичгээр өгсөн. Дахин шинээр хэлэлцэж байгаа байх. УИХ-д оруулж ТУЗ-д танилцуулж ҮАБЗ-д оруулж хэлэлцүүлэх ёстой хүлээгээд сууж байна.

-Тавантолгойн гэрээний шинэ төсөл ямар хэлбэрээр хийгдвэл Монголын ард түмэнд ашигтай гэж та бодож байна вэ?
-Нэг улсын оролцоо хэт давамгай байх нь манай улсын аюулгүй байдалд хортой. Өмнөх төсөлд нэг улсын оролцоо хэт давамгай байсан. Энэ бол маш аюултай. Манай ашигт малтмалын зах зээл нэг улсаас хараат байх хандлага руу ялангуяа нүүрсний зах зээл рүү хэлбийж байна. Улсын төсвөөр хайгуул хийсэн бол Монголын тал 51 хувийг эзэмшинэ гэсэн хуультай.

Энэ талаар тухайн үед нь хэвлэлийн бага хуралд 5-6 үндэслэлээр тайлбарлаж мэдэгдэж байсан. Монголын ард түмний эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Баруун Цанхийн аравхан хувийг "Эрдэнэс Тавантолгой"-д хуваарилахаар төсөлд тусгагдаж байсан. Миний хувьд 51 хувиас дээш гэсэн саналыг хараат бус гишүүний хувьд тавьж байв. Мөн хуваахгүй байх талаар саналаа өгч байсан. Гэтэл хуваасан шинжтэй болж, иргэдэд очих хувь багассан. Одоо энэ бүгд засагдах байх.

-Стратегийн орд төрийн хамгаалалтад байх ёстой. Яаж хамгаалах юм бэ?

-Стратегийн ач холбогдолтой орд бол төрийн мэдлийн байна гэж үндсэн хуульд тусгасан. Энэ бол өрөөсгөл юм. Цаашдаа ард түмний мэдлийн Монголын эзэмшилд байвал зүгээр. Ганцхан төр эзэмшинэ гэж болохгүй. Ер нь төр бүх юм руу хутгалдах сайн зүйл биш. Төрийн болон хувийн компаниудын тэр дундаа Монголын талд давуу мэдэл нь байгаасай гэж би боддог. Хяналтын багц сайн байгаасай гэж хүсдэг. Манай хууль эрх зүйн орчин бүрхэг, тодорхойгүй олон заалттай. Үүн дээр нь гадны хөрөнгө оруулагч нар тоглодог. Цөөн хэдэн хүмүүст давуу байдал үүсгэдэг хуулийн цоорхой, хийдүүлэлт их байгаа. Хууль эрх зүйн орчноо өөрчилье. Яагаад 51 хувьд хүрэхгүй байгаа юм гэхээр хуулийн цоорхойд л асуудал байна.

-Тухайлбал, ямар цоорхой байгаа юм бэ?

-Оюутолгойд гэхэд 51 хүртэлх хувь гээд байгаа. 34 хувиас доошгүй хувь гээд иймэрхүү тодорхойгүй заалт байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар 34 хувийг 44 болгож болох. Яаж ч өөрчилж болохоор заалт. 51 хувийг зааж өгөх, хамгийн багадаа 51 гэдэг ч юм уу тодорхой болгох хэрэгтэй. Австрали, Чили улсын уул уурхайн бодлого маш чанга. Тухайн орд газрын 51-ээс дээш хувь нь ард түмнийх нь мэдэлд байдаг зарчимтай.

 Оюутолгойгоос дөнгөж хоёрхон хувь нь ард түмэнд ирэхээр байсан. Бид шаардаж байж 34 хувь болгож байлаа. Одоо үүнийг улам баталгаажуулах асуудал яригдаж байна. Энэ 34 хувь бас эргэлзээтэй. Хувьцаат компанийн 34 хувь биш, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 34 хувь. Компанийн үнэлгээ тодорхой биш байхад бодит баялаг биш. Өөрөөр хэлбэл, "Айвенхоу майнз" компанийн 34 хувийг эзэмшиж байсан бол Монголчууд ямар баян байх байв. Илүү их бодит баялагтай байна гэсэн үг.

-Ер нь хоёр толгой Монголчуудыг бүрэн тэжээгээд аваад явчихна гэсэн ойлголт их түгээмэл боллоо. Хоёр намын сонгуулийн амлалтыг уул уурхайгаас олсон орлогоос хувь хишиг тараана гэсэн шүү дээ?

-Тавантолгой, Оюутолгойгүйгээр улс орон хөгжиж болохгүй гэсэн ойлголт хаана ч байхгүй. Газрын баялаггүй атал өндөр хөгжсөн орнууд олон бий. Уул уурхайн халууралд хэтэрхий автах хэрэггүй. Хөгжлийн гарааны мөнгөө олж авах нь зайлшгүй. Гэхдээ бизнесийн бусад салбараа орхигдуулж болохгүй.

Улс төрчдийн сонгуультай холбоотой амлалтаас бий болсон бэлэн мөнгө тараахаас татгалзах хэрэгтэй. Ард түмэн ашигт малтмалын үр шимээ зөв хэлбэрээр хүртэх ёстой. Нийгмийн халамж руу өгөхөөс илүүтэй боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү хийх ёстой.

Энэ чиглэл рүү биш Хүний хөгжил сан руу мөнгө хийнэ гэдэг улс орон дампуурлын ирмэг рүү явж байна гэсэн үг. Үнэгүй юм гэдэг үнэ цэнэгүй болгодог. Үнэ цэнэтэй амьдармаар байна. Хүний хөгжлийн сан гэдэг хүнийг хөгжилгүй болгодог сан юм. Уул уурхайгаас орж ирсэн мөнгийг буруу хуваарилснаас уул уурхайн халуурал бий болж байна.

2011/10/10

“Эрдэнэс Тавантолгой”-н данс яаравчлан нээлгэх шаардлагагүй

“Эрдэнэс Тавантолгой”-н данс яаравчлан нээлгэх шаардлагагүй
Монголын хөрөнгийн бирж “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаатай холбоотой зөвлөмжийг өөрийн веб сайтдаа нийтэлжээ.

“Тавантолгойн хувьцааны дансаа 5000 төгрөгөөр нээлгээрэй” гэсэн утгатай сурталчилгаа хэвлэл мэдээллээр цацагдаж байгаатай холбогдуулан хариу тайлбар өгөв.

Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс өмнө төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 536 гаруй хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Хөрөнгийн биржээс “Тус компани нь одоогоор олборлолт, экспортын үйл ажиллагаа дөнгөж эхлэх шатандаа явж байгаа бөгөөд томоохон бүтээн байгуулалт хийгдэж бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байна.

Мөн эл компанийн дүрмийн сан болон ордын үйл ажиллагаа албан ёсоор батлагдаж хувьцааны нэрс нь тодорхойгүй байгаа тул үнэт цаасны арилжаа явагдаж эхлээгүй”-г мэдэгдлээ. Иргэд Монголын хөрөнгийн биржийн диллерт хандан данс нээлгэх шаардлагатай бөгөөд уг дансаар аль ч компанийн үнэт цаасыг худалдах, худалдан авах боломжтой гэв.

Иймд заавал “Эрдэнэс Тавантолгойн данс” гэсэн тусгай данс байхгүйг хэллээ. Эл компанийн хувьцаа нь гадаад, дотоодын хөрөнгийн биржүүд дээр арилжигдаж эхлэн, ордын олборлолт үйл ажиллагаа нь жигдрэн, ард иргэдийн хөрөнгийн зах зээл, хувьцааны талаар мэдлэгийг дээшлүүлэх ажлыг шат дараатай хийсний дараа хувьцаа арилжах эрх нээгдэх аж.

2011/10/07

Тавантолгойн асуудлыг авч хэлэлцэнэ

Ирэх долоо хоногийн даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбоотой зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцэхээр болжээ.

Мөн УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр тохиролцож, цаг үеийн бусад асуудлыг ч хэлэлцэх асуудлын дараалалдаа багтаажээ. 

Тавантолгойн төслийг ҮАБЗ-д танилцуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд С.Батболд мэдээлэл хийсний дараа гишүүд өөр өөрсдийн чиглэлээр асуулт тавьж, хариулт авч байна. Оюутолгой, Тавантолгойн орд тойрсон асуудлын зэрэгцээ өвлийн бэлтгэл, хадлан тэжээл, хуш модны самар гээд ер нь юм юм л асууж, сэтгүүлчдийн богцыг “цоохор мэдээгээр” жинхэнэ дүүргэж өгөв.  Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр УИХ-ын дарга болоод Ерөнхий сайд, намын бүлгүүдийн дарга нарыг цуглуулан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа 20.00 цаг дөхөж байхад Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Рио Тинто” команиуд хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Батбаяр нэлээд шазруухан асуултыг Ерөнхий сайдад тавилаа.

Тэрбээр ”Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу майнз”, “Рио Тинто” компанийн хамтарсан мэдэгдэл өчигдөр гарсан. Ерөнхий сайд хүнийхээ хувьд ганцаараа шийдэж гаргасан уу, эсвэл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж гаргасан уу. Хоёр дахь асуулт, та хэллээ. Тавантолгойгоос иргэн бүртээ 536 ширхэг хувьцаа өгсөн гэлээ. Нэг ширхэг нь хэдэн төгрөгийн үнэтэй юм бэ. Нийт иргэдийн хэдэн хувь нь гар дээрээ хувьцаагаа авчихаад байна вэ.  Амьдаараа хэзээ хүмүүсийн гар дээрээ очих вэ” гэсэн асуултыг Ерөнхий сайдад тавилаа.

Ерөнхий сайд С.Батболд: “Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг бий. Засгийн газрын гишүүд оролцсон ажлын хэсэг байдаг. Ажлын хэсгийнхний хувьд  УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан тогтоолд дурдсаны дагуу Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах талаар яриа хэлэлцээр хийх байр сууриа илэрхийлэх ажлын хэсэг байгуулж байна. Бүрэлдэхүүний хувьд мөн өргөн. Өргөтгөсөн төрийн институциудын төлөөлөл оролцож санал бодлоо солилцсон байгаа. Ажлын хэсгүүд эцэслэн ярилцсаны үр дүнд Ерөнхий сайд дээр ажлын үр дүн танилцагдаж хэвлэлийн мэдэгдэл гарсан. Хэвлэлийн мэдэгдэл буюу Засгийн газрыг төлөөлж мэдэгдэл хийх байр суурь эрх Засгийн газарт тэр дундаа Ерөнхий сайд ажлын хэсэгтэй зөвшилцөж, ажлын хэсгийн саналын дагуу гаргах эрх байдаг юм.

Тавантолгойн 536 ширхэг хувьцааг яаж  ажил хэрэг болгох вэ гэдэг нь бид бүгдээс  хамааралтай,  шуурхай хийх хэрэгтэй байна. Энэ ажлыг эрчимжүүлэх нь нэн тэргүүнд Монгол Улсын Засгийн газрын эрчимтэй үйл ажиллагаанаас хамаарч байгаа. Мөн түрүүн би ярилаа. Гадаадын түншүүдтэйгээр ярьж энэ том төслийг хэрэгжүүлэх ёстой.  Яагаад гэвэл Тавантолгойн орд газрыг хэрхэн ашиглах талаар УИХ-ын тогтоолд бас заасан. УИХ-аас баталсан 2010 оны 39 дүгээр тогтоолд хөрөнгө оруулагчдын дунд сонгон шалгаруулалт явуулж нэгдсэн консерциумтай хэлэлцээр хийж, дамжин өнгөрөх тээвэр, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл,  урьдчилгаа төлбөр зэрэг асуудлуудыг тохиролцох үүрэг өгсөн. Энэ асуудлуудаар Цанхийн баруун хэсгийн талбайд гадаадын хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах хэлэлцээр хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулаад бид тодорхой санал зөвлөмжүүдийг авсан байгаа. Яриа хэлэлцээрийг ид идэвхитэй үргэлжлүүлж байна. Энэ асуудлыг бид ойрын хугацаанд эцэслээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлдөө, УИХ-даа өргөн бариад ойрын хугацаанд шийдэх ёстой. Зүүн Цанхийн ажил эхлээд явж байгаа. Баруун Цанхийн үйл ажиллагаа эхлэх нөхцөл бүрдсэн нөхцөлд Монгол Улсын иргэд бүрэн хэмжээгээр нь 536 ширхэг хувьцааныхаа үнэ цэнийг олж авна. Одоо бол нэг дугуй нь хөдлөөгүй байна. Тийм учраас бүрэн хэмжээгээр үнэ цэнийг нь олгоод яг одоо олон улсын жишгийн дагуу бүрэн хэмжээгээр нь үнэ цэнэтэй хувьцаа болгож үнэлгээг нь эцэслэх ажлыг бид хамтдаа шуурхайлж хийх ёстой. Энэ ажил одоо ид хийгдэж байна” гэлээ.

2011/10/03

Явдаг нүүрс

”Явдаг нүүрс”
Говийн тэнгэрээс мөн газраас нар зэрэг төөнөж байна уу гэлтэй дөрвөн зүг найман зовхисоос халуу шатна.
Хараа бүдрэх чулуугүй нүцгэн талд утаа, шороо хоёр агаар тэнгэрийг бүрхэн хуулирах бөгөөд тоосон дунд хүнд машин механизм дуу хадаан бүртэлзэх нь дайн болсон мэт сэтгэгдэл төрүүлэх ажээ. Хүнд даацын машин хөрс онгилон,  тоос, шороо манарган уухилна. Нүүрээ угаагаагүй жаал шиг халтар гэрүүд хаа сайгүй бүртийнэ. Тоосон дунд цээж нүцгэн эрс тос, тоос хоёрт дарагдаад хав хар болцгоожээ. Эдгээр хүн өөрсдийгөө “явдаг нүүрс” хэмээн хочлох нь тун оносон мэт. Энэ бол “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой”-н  нүүрсийг урд хөрш рүү гаргах нүүрсний зам дагуу орших Цагаан-Овоо бригадын өдөр бүрийн өнгө ажгуу. Энд хүн төрж, хүүхэд тоглож, хөгшид амьдарна. Эрүүл мэндийн хувьд хэтэрхий аюултай уг газар өөр өөрийн гэсэн хуурамч бодлоор сэтгэлээ тордон амьдрах хүмүүс олон. Ийм их тоос, нүүрсний утаанд өөрийнхөө болоод гэр бүлийнхээ эрүүл мэндийг хэрхэн хамгаалж байна вэ? гэсэн асуултад тэд өөр өөрсдийнхөөрөө хариулна. Тухайлбал, “Хүний уушгинд нүүрсний утаа сайн байдаг юм гэсэн. Тийм болохоор зуны улирал ч гэсэн гэртээ гал түлж утаа амьсгалдаг” гэх нэгэн байхад, “Манайхан ямар дэд бүтэц бий болгоход санаа зовох биш. Дарга нар өөрсдөө нүүрс зөөдөггүй, тоосон дунд амьдардаггүй болохоор ойлгодоггүй байх. Гэхдээ яах вэ одоо ч утаа, тоос хоёрт дасаад гамрит өвчин маань хүртэл ор мөргүй алга болсон” гэдэг хариулт өгөх хүн ч байна. Усны нөөц тун хомс энэ газар хэзээ хамгийн сүүлд усанд орсон гэдгээ мэдэх хүн ховорхон. 

Монгол Улсын хөгжлийн түүчээ, эдийн засгийн өсөлтийн том эх үүсвэр,  Өмнөговь аймгийн хөгжлийг өндөр түвшинд аваачих  гээд олон сайхан амлалт, тодотгол  дагуулсан “олон толгойн” эргэн тойронд бодит байдал ийм л байна. Нүүрсний зам дагуу энэ нутагт зам, ус, цэцэрлэг, сургууль, цахилгаан, эмнэлэг гээд  дэд бүтцийн асуудал  хамгийн  хөндүүр  сэ¬дэв  болжээ. Энэ талаар 45 жил үйл ажиллагаа явуулаад байгаа “Тавантолгой” ХХК-ийн дэд захирал Р.Зоригбаатараас тодруулахад, “Ма­найх анхаарч байгаа. 1.5 метр зузаантай зам тавих төлөвлөгөө боловсруулаад байна. Цогтцэций суманд сургууль байгуулахаар шавыг нь тавиад байгаа. Ирээдүйд нутгийн нийт өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах төлөвлөгөө боловсруулсан” гэх мэт ирээдүй цаг дээрх олон сайхан хариулт өгсөн. Сар гаруйн өмнөөс үйл ажиллагаагаа эхлээд буй “Эрдэнэс Тавантолгой” ч мөн адил ирээдүй цаг дээрх төлөвлөгөө боловсруулчихсан додигор сууна. Шинэхэн уурхайн хувьд ийнхүү суух нь аргагүй биз. Нэг сав газраас олборлолт хийж буй “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” нь урд хөрш рүү чиглэсэн өөр өөрийн гэсэн олон салаа зам тавих төлөвлөгөөтэй, зарим нь тавьж эхлээд байна. Тухайлбал, “Энержи ресурс” Таван¬толгойгоос Гашуун сухайт хүртэл 250 орчим км хатуу хучилттай зам тавьж байгаа юм байна. Хэдийгээр зам тавих ажил ахицтай явж байгаа ч Авто тээврийн газраас хэд хэдэн шаардлага тавьжээ. 

-Нэгдүгээрт, тухайн зам хоёр газраа нэлээд нарийхан болчихсон. Тиймээс тухайн хэсэг дээр машин зөрөхөд хүндрэлтэй учир хоёр хэсгийг өргөсгөх үүрэг өгсөн.

-Хоёрдугаарт, энэ зам гурван газраа огцом эргэлттэй. Нүүрс тээвэрлэж байгаа автомашинууд нь том оврынх болохоор огцом эргэлт дээр эргэхэд хүндрэлтэй, замын цаад хэсэг нь харагдахгүй өөдөөс нь гэнэт машин гараад ирэх магадлалтай. Тиймээс огцом эргэлттэй хэсгүүдийг өөрчлөхийг шаардсан.

-Гуравдугаарт
, замын нөхцөлд тохир­сон тэмдэгтүүдийг байрлуулахыг шаардсан байна. Эдгээр шаардлагыг биелүүлэх аваас уг зам ашиглалтад орно.


Нүүрс тээврлэх замын асуудлаар “Энержи ресурс” компанийн зөвлөх  Р.Сундуй хэлэхдээ “баялгаа урагш нь зөөх 10 салаа зам барих юм уу? Тэгээд баахан машин зэрэгцээд уралдаад байх юм уу?” гэсэн юм. Ингээд бодохоор бидэнд дэд бүтцийн нэгдсэн бодлого, эв хамт санаа туйлын хэрэгтэй байна. Эдгээр уурхайн захирлуудын ярианаас сонсоход үнэхээр л 10 салаа зам тавих төлөвтэй. Гэвч дорвитой хийсэн бүтээн байгуулалт үгүй шав төдийхөн байна. Хийсэн зүйлгүй байгаа нь өөр өөрсдийн гэсэн томоохон шалтгаантай. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь дахь салбарын захирал Б.Батсайхан “Бид саяхан л үйл ажиллагаагаа эхэллээ. Ирээдүйд хийх зүйлийн талаар бодож төлөвлөсөн  юм  их  бий”  гэв. “Таван¬толгой” ХХК-ийн захирал Х.Түмэнбаяр “Манай компани юм хийхийг хүсэж байна. Гэхдээ бидэнд хөрөнгө мөнгө зарцуулах эрх мэдэл байхгүй. Бүгдийг дээрээс ТУЗ-ын гишүүд үүрэг даалгавар өгдөг. Бүх л хөрөнгө мөнгөний асуудлыг тэд шийддэг. Хэдийгээр би ерөнхий захирал ч гэсэн нэг удаа зарцуулж болох мөнгөний хэмжээ таван сая орчим төгрөг байдаг” гэсэн юм. Харин Өмнөговь аймгийн Засаг дарга, “Тавантолгой” компанийн ТУЗ-ын гишүүн Г.Цог-Өрнөх хийх зүйл их байгаа талаар дурдахдаа “Манай суманд 5000 гаруй хүнд даацын авто машин нүүрс зөөж байна. Үүнээс үүдэлтэй тоосжилтын  асуудал нэлээд хүндрэлтэй болсон” гэлээ. Ямар ч  байсан тэд зам тавихаас эхлээд олон ажил хийх санаа өвөрлөжээ. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын үүрэг даалгаврын дагуу Тавантолгойгоос Цагаан хад хүртэлх нүүрсний тээврийн замыг хаасантай холбогдуулан Авто тээврийн газрынхан Өмнөговь аймагт очиж, уурхайн холбогдох хүмүүст зохих шаардлага  тавьжээ. Энэ талаар Авто тээврийн газрын улсын ахлах байцаагч С.Батболд ярихдаа “Тавантолгойн удирдлагуудыг дуудсан боловч ирээгүй. Саяын шалгалт нь “Энержи ресурс” компанийн хүсэлтийн дагуу хийсэн ажил. Харин “Тавантолгой” компани одоогоор ямар нэг тайлбар ирүүлээгүй байна. Цогтцэций сумын Засаг дарга Г.Цог-Өрнөх “Тавантолгой” компанийн ТУЗ-ын гишүүн юм билээ. Түүгээр дамжуулан “Тавантолгой” компани замтай холбоотой юу хийх ёстойг хэлсэн” гэжээ. 

Нүүрсний тээврийн жолооч нарын хэлж байгаагаар шороон замаар явах нь туйлаас аюултай байдаг. Тухайлбал, хэт их тоос, шороо босч өмнө яваа машинаа харахгүйн улмаас осол  гарах нь их. Мөн тээврийн замд их тохиолддог хамгийн бэрхшээлтэй асуудал нь даацын дугүй хагарах. Өөрийн жин нь 20-30 тонн  машинд 100 орчим тонн нүүрс ачина.  Ёстой нөгөө уухилна гэдэг л болдог гэлтэй. Ийм үед  дугуй нь хагарвал ноцтой осол гарах нь ойлгомжтой. Ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа жолооч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж “Эрдэнэс Тавантолгойн” ажилчид гомдоллож байна. Манайхаас өөр нүүрсээ автомашинаар тэр дундаа шороон замаар экспортолдог орон, дэлхийн өөр хаа ч байхгүй. Дэлхийд нөөцөөрөө гайхагдах энэ том ордын бүх нүүрсийг шороон замаар экспортолж дуусгана гэвэл юу болох бол? Маргааш, нөгөөдөр ирээдүйд энэ их мөнгө далласан том ордын дэд бүтцийн асуудал нааштай шийдэгдээсэй. Энэ мэт нүүрс тээвэрлэлт тойрсон хийх ёстой, хийх гэж буй зүйлсийн талаар бичвэл эх адаггүй зүйл болно. Тиймээс энэ удаа нүдээр харж хийсэн сурвалжлагаар зогсъё.