2011/05/10

Тавантолгойгоос эзэмших хувьцаа дахин өсөх эсэхийг УИХ шийднэ

Тавантолгойгоос эзэмших хувьцаа дахин өсөх эсэхийг УИХ шийднэ
Монгол Улсын иргэн бүрт Тавантолгойгоос 536 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй болоод байгаа билээ.

Хэдийгээр нөөцийн хэмжээ нь бүрэн тогтоогдоогүй байгаа ч 6.5 тэрбум тонн гэж яригдаж буй Тавантолгойн орд газрын нийт хувьцааны хэмжээ 15 тэрбум ширхэг. Ийм их ширхэгтэй хувьцаа анх удаа гарч буй нь Монгол Улсын түүхэнд бичигдэн үлдэх нь дамжиггүй. Харин тэгш хуваарилалт болсон эсэхийг хойч үе маань шүүн тунгаах биз ээ.

Төр Тавантолгойг түшиглэн байгуулсан төрийн өмчит компанийн хувьцааны арван хувийг иргэдэд үнэгүй өгөхөө амлачихсан, нэг иргэнд ногдох хувьцааны тоо тодорхой болчихсон. Тодруулбал, Таван толгойн хувьцааны арван хувь буюу 1.5 тэрбум ширхэг хувьцаа хоёр сая 796 мянга гаруй иргэний мэдлийнх.

Гэхдээ энэ хувьцаа 2011 оны гуравдугаар сарын 31-нээс хойш өдөр төрсөн иргэдэд хамааралгүй. Монгол Улсын иргэн бүрт Тавантолгойгоос 536 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй болоод байгаа билээ. Хэдийгээр нөөцийн хэмжээ нь бүрэн тогтоогдоогүй байгаа ч 6.5 тэрбум тонн гэж яригдаж буй Тавантолгойн орд газрын нийт хувьцааны хэмжээ 15 тэрбум ширхэг. Ийм их ширхэгтэй хувьцаа анх удаа гарч буй нь Монгол Улсын түүхэнд бичигдэн үлдэх нь дамжиггүй. Харин тэгш хуваарилалт болсон эсэхийг хойч үе маань шүүн тунгаах биз ээ.

Гэхдээ энэ хувьцаа 2011 оны гуравдугаар сарын 31-нээс хойш өдөр төрсөн иргэдэд хамааралгүй. Иргэдэд хувь хувьцаа ногдуулахаас гадна дотоодын аж ахуйн нэгжүүдэд 10, гадаадын зах зээл дээр 30 хувийг нь зарах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд тусгагдсан.

Уг тогтоолын 2.6-д "хувьцааны арван хувийг 2010 оны зургадугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах" гэж бий. Харин энэ тогтоол 2010 оны улсын баяр наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 7-ны өдөр түмний анхаарал суларсан үед батлагдан гарсан байдаг. Тухайн үед 23 мянга гаруй аж ахуйн нэгж, компани Тавантолгойн хувьцааны арван хувийг худалдан авах боломжтой гэсэн судалгаа гарч байжээ.

Үүнээс хойш "Компани худалдаж авна" гэх зар хаа сайгүй гарч эхлэв. Бас компани, аж ахуйн нэгж шинээр байгуулах хүсэлтэй иргэдийн тоо ч олшров. Ингээд эдүгээ аж ахуйн нэгж, компанийн тоо 53 мянга давав. Ийнхүү аж ахуйн нэгж, компаниудын тоо хэд дахин өссөнийг дээрх тогтоолыг баяр наадмын өмнө баталсных нь үр уршиг ч гэж болохоор. Аж ахуйн нэгжүүдийн тоо толгой нэмэгдэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийг байгуулагдсан он, cap, өдрөөр нь ялгаварлан гадуурхаж, нэрлэсэн үнээр хувьцаа худалдан авах эрх олгох тухай мессеж сүүлийн үед хаа сайгүй нисч эхлэв.

Гэхдээ Монгол Улсын иргэдийг компанитай, компанигүйгээр нь ялгаварлан гадуурхсан дээрх тогтоол өөрчлөгдөх магадлалтай болоод байна. Учир нь УИХ-ын гишүүн Б.Батбаяр, Я.Батсуурь нарын гишүүд УИХ-ын 39 дүгээр тогтоол өөрчлөлт оруулах тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ. УИХ-ын гишүүд "Үндэсний аж ахуйн нэгжид Таван толгойн хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр нэрлэсэн үнээр арилжаалахаар 39 дүгээр тогтоолд заасан нь Монгол Улсын эдийн засгийг уул уурхайгаас хэт хамааралтай болгож байна. Тодруулбал, төр аж ахуйн нэгжүүдийнхээ хөрөнгийг уул уурхайд татан оруулахаар заалт болсон" гэжээ.

Түүнчлэн "Үндэсний аж ахуйн нэгж" гэснийг тодорхойлсон ямар нэг хууль тогтоомж байхгүй бөгөөд хувьцааг худалдан авах эрх бүхий аж ахуйн нэгжийг ямар шалгуураар тогтоох нь тодорхой бус байна. Урьдчилсан тооцоогоор 53 мянган аж ахуйн нэгж энэхүү хувьцааг худалдан авах эрхтэй хэмээн тооцсон ч тэдгээрийн улсын төсөвт төлсөн татварын хэмжээ, үйл ажиллагааных нь цар хүрээ эрс тэс ялгаатай учир тэдэнд Тавантолгойн хувьцааг хавтгайруулан тэгшитгэж олгох нь шударга бус хуваарилалт болно.

Мөн 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийг хувьцаанд хамааруулахаар заасан нь шударга бус. Уг заасан хугацаанаас хойш аж ахуйн нэгж байгууллаа гэхэд ажлын байр олноор бий болгож, улсын төсөвт их хэмжээний татвар төлсөн ч, Тавантолгойн хувьцааг худалдан авч чадахгүй ялгаварлагдах болж байна. Тиймээс үндэсний аж ахуйн нэгжид арилжаалахаар заасан Тавантолгойн 1072 хувьцааг иргэн бүрт үнэ төлбөргүй олгох боломжтой" хэмээн мэдэгдэж байгаа. Дээрх тогтоолын төслийг санаачлагч Б.Батбаяр гишүүн "Нэг иргэнд ногдох хувьцааны ширхгийг 1000 гэж тооцох, хүн бүрийнхээс үлдэж буй 72 ширхэг хувьцааг шинээр төрсөн иргэнд өгөх талаар саналаа илэрхийлээд байгаа. Энэ хувилбарыг үгүйсгэх хүн төдийлөн гарахгүй болов уу.

Учир нь Засгийн газрын шийдвэрээр бол энэ оны гуравдугаар сарын 31-нээс хойш төрсөн иргэд Таван толгойгоос юу ч хүртэхээргүй байгаа. Харин эл байдлыг өөрчилж, шинээр төрж буй иргэдэд хувьцаа ногдуулах тухай санал санаачилга гаргасан УИХ-ын гишүүдэд талархах хүний тоо хэр их байх нь ойлгомжтой. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар үндэсний аж ахуйн нэгжид арилжаалах "Эрдэнэс Тавантолгой"-н компанийн арван хувийн хувьцааны талаар хэлэлцэх үед 2700 хүний гарт төвлөрөх тул ард иргэддээ олгох нь шударга хуваарилалт болох талаар хөндөгдсөн гэдэг.

Энэ нь ард иргэдэд ногдох нэгж хувьцаа дахин өсөх боломж дэмжигдэх магадлал өндөртэйг баталж байна. Гэхдээ уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүд дэмжиж баталснаар Тавантолгойгоос Монгол Улсын иргэн бүрт ногдох хувьцааны тоо ширхэг дахин өснө. Гэхдээ эцсийн шийдвэр УИХ-ын гишүүдийн гарт бий. Харин эрхэм гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлд "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна" гэсэн заалтыг санан санан байж, УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолыг төслийг эцэслэн шийдвэрлээсэй билээ.

2011/05/09

Зүүн Цанхи 795 сая тонн нөөцтэй


Тавантолгойн ордын Зүүн Цанхи нь нэг тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд нийт нөөцийн 78 хувийг нь дээд зэрэглэлийн буюу коксжих нүүрс эзэлдэг  гэсэн судалгаа бий. Тэгвэл зүүн Цанхи өнөөдрийн байдлаар яг хэдий хэмжээний нөөцтэй вэ гэдгийг Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар тогтоосон байна. “Эрдэнэс MГЛ”-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбишийн хэлснээр бол Эрдэс баялгийн зөвлөлөөс зүүн Цанхийн нөөцийг 795 сая тонн хэмээн баталгаажуулсан байна. Тус ордод  өнгөрсөн  оны зургадугаар сараас эхлэн хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд уг ажил үндсэндээ дуусч, олборлолт  эхлэхэд бэлэн болсон байна. Уг ордоос жилд арван сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаагаа ч “Эрдэнэс МГЛ”-ийн гүйцэтгэх захирал өгүүлсэн.  Түүнчлэн энэ ондоо багтаан нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлж, 2013 онд ашиглалтад оруулах гэнэ.

Тавантолгойн хувьцаан дээр барьцалдаж эхэллээ


Төрийн бус байгууллагынхан аж ахуйн нэгжүүдтэй барьцаж байгаа гэнэ. Тэд Засгийн газарт  хандаж, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас  хувь хүртэ­хийг хүсч байгаагаа илэрхийлжээ.  Тавантолгой гэх асар их хөрөнгөтэй авдрын тагийг онгойлгож амжаагүй байхад бөөн мөнгөний үнэр авсан монголчууд яаж ахиухан хувь хүртэх вэ хэмээн ийнхүү алаагүй баавгайн арьсан дээр зодолдож байна.

Тавантолгойгоос хөрөнгө босгох, уг хөрөнгийг манах, зарцуулах эрхийг “Эрдэнэс Тавантолгой” компанид хуулиар олгосон юм бий. Тус компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах, иргэдэд 536 ширхгийг үнэ төлбөргүй олгох, аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах бэлтгэл ажлууд хэдийнэ эхэлсэн.  “Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийх гол зохион байгуулагч буюу спонсороор  Германы Дойче банк, АНУ-ын Голдман Сакс банк ажиллаж буй бол хувьцааны борлуулалтад оролцох, зуучлахад  Францын Би Эн Пи Париба банк, Австралийн  Маквэари банкууд хамтарч байгаа.

Хөрөнгө оруулагч банкуудын хэлснээр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа их л удлаа гэхэд ирэх оны эхээр олон улсын хөрөнгийн зах зээлд хөл тавих бололтой. Гэхдээ одоогоор нэрлэсэн үнийг нь тогтоогоогүй байна. “Эрдэнэс Тавантолгой” хувьцааны нэрлэсэн үнийг хэдээр тогтоох нь олон хүчин зүйлсээс шалтгаална гэдгийг хөрөнгө оруулагч банкирууд мэдэгдсэн.

Нэгдүгээрт газарзүйн байршил, хоёр­ду­гаарт ордын нөөц, гуравдугаарт олборлолтын хэмжээ, дөрөвдүгээрт дэд бүтэц, тавдугаарт компанийн үнэлгээ.  Түүнчлэн Монголын зах зээл дэх бэлэн мөнгөний урсгалаас компанийн үнэлгээ хамаарах болохыг ч  “Эрдэнэс Таван­толгой”-н IPO хийх спонсоруудаас сануулж бай­гаа юм.  Харин Монголын талаас тус ком­панийн нэрлэсэн хувьцааг 3000 төгрөгөөс буухгүй хэмээн таамаглацгааж байна.

Олон улсын хэчнээн биржээр арилжаалахыг шийдээгүй мөн нэрлэсэн үнийг нь тогтоо­гоогүй “Эрдэнэс Тавантолгой”-н хувь­цаанаас бөөн бөөнөөр нь “атгах” хүсэл  мон­гол­чуу­дын гэлтгүй гадаадынхныг зүгээр суул­гал­гүй дороос нь хатгаад байгаа бололтой юм.  Тий­мээс  иргэдэд 536 биш 1072 ширхэг хувь­цааг үнэгүй тараахыг, мөн нэрлэсэн үнээр нь худал­дан авах боломж олгохыг зарим хү­мүүс шаар­дах болсон. Засгийн газраас энэ оны гу­рав­­дугаар сарын 31-нээс өмнө төрсөн Мон­гол Ул­сын иргэн бүрт 536 ширхэг хувьцааг үнэ төл­­бөр­гүй олгох бөгөөд харин аж ахуйн нэг­жүү­дэд нэрлэсэн үнээр нь худалдах асуудал ир­­­гэ­­дэд огт хамааралгүй гэдгийг мэдэгдсэн бий. 

Нөгөөтэйгүүр төрийн бус байгууллагынхан аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр  нь худалдах “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас адилхан хүртэх ёстой гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд эхэллээ.

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтэй зэрэгцэн монголчуудын нэг хэсэг нь хусмаа чамласан хүүхэд шиг аяглаж, нөгөө хэсэг нь хөөрцөглөж, зарим гар бариад бугуй барихын төлөө зүтгэж байна.  Аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг нэрлэсэн үнээр нь зарна гэсэн сургаар нэг хэсэг компанийн эрэлт хэрэгцээ ихэссэн. Өөрөөр хэлбэл, өөрт нь өгөх үнэгүй 536 дээр аж ахуйн нэгжийн нэрээр нэрлэсэн үнээр нь авах хувьцааны төлөө компани худалдаж авах иргэдийн идэвх гэнэт сайжирсан.  Засгийн газраас өнгөрсөн оны зургадугаар сарын 1-нээс өмнө үйл ажиллагаа явуулж байсан, татварын өр ширгүй аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг нэрлэсэн үнээр нь зарна хэмээн дээрх асуудалд хаалт тавьсан ч  ямар нэгэн аргаар ахиухан хувьцаа хүртэх дон зарим иргэдийг нэлээд зовоож байгаа шинжтэй.

Төрийн бус байгууллагуудын зүгээс иргэдээ алагчлах ёсгүй, “Эрдэнэс Тавантолгойн” хувьцааг нэрлэсэн үнээр нь ижил тэгш тоогоор худалдах хэрэгтэй хэмээн Засгийн газарт захидал хаяглаад байгаа гэх.  Монгол Улсад өнөөдрийн байдлаар 5000 гаруй төрийн бус байгууллага бүртгэлтэй байдаг бөгөөд тэдний ихэнх нь үйл ажиллагаа явуулдаггүй  юм билээ. Үйл ажиллагаа явуулдаг тэдгээр цөөнх нь гадаадаас санхүүжилттэй. Эндээс харахад төрийн бус байгууллага нэрийн дор “Эрдэнэс Тавантолгой”-гоос хувь хүртэх санаархал гадаадынханд нэлээд байгаа бололтой юм.  Надад гуравхан, Намуунаад гурав гэгчээр хүний шунал хязгааргүйгээс энэ хувьцаанаас ахиухан хүртэх шунал, аж ахуйн нэгжүүдэд ч, иргэдэд ч, төрийн бус байгууллагынханд ч байгаа. Тэгэхээр эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр иргэн бүхэндээ 536 ширхэг хувьцааг нь үнэгүй олгоод үлдсэнийг зах зээлийн ханшаар нь худалдвал яасан юм.  Үнэндээ ийм л аргаар зохицуулахгүй юм бол алаагүй баавгайн арьснаас болж “алалцах” дээрээ тулж магадгүй нь  бололтой,  зарим нөхөд. Тиймээс  гадаадын Дорж, Дулмаа нь адилхан зах зээлийнхээ үнээр  “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдаж аваад, хувь хүртэнэ биз.  Энэ нь илүү шударга, илүү амар шийдвэр болох бус уу. Нийгэм  нь тэр чигээрээ улс төрөөр “вакум”-жих болсон өнөө үед төрийн бодлого тэгш бусаар үйлчлээд эхэлбэл  Засгийн газар өөрөө хэцүүхэн асуудалтай тулгарч  байна. Эцэст нь хэлэхэд иргэний болон байгаль хамгаалах хөдөлгөөнийхөн хусмаа чамлаж, хумсаа мэрээд эхлэвэл бас яана.

Иргэдэд хувьцаа нэмж олгохыг судална гэв


Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд орон нутагт иргэдтэй хийх уулзалтын үеэр иргэдэд хувьцаа нэмж олгох зарим гишүүдийн гаргасан саналын талаар байр сууриа байгаагаа илэрхийлжээ.

УИХ-ын Я.Батсуурь, Б.Батбаяр нарын хэсэг гишүүд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл санаачилсан бөгөөд Тавантолгойн ордын ашгаас аж ахуй нэгж, компаниудад олгох 10 хувийн хувьцааг иргэдэд өгөх нь зүйтэй гэсэн аж.

С.Батболд энэ талаар “Иргэддээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 20 хувь буюу одоогийн энгийн 536 ширхэг хувьцааг  1072 ширхэг болгон нэмж олгох саналыг УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн гаргасныг Засгийн газар судлаж, шийдвэрлэхэд болохгүй зүйл байхгүй. Гэхдээ ингэхийн тулд эдийн засгийн тооцоо, судалгааг нарийн сайн хийх хэрэгтэй” гэсэн байна

Стратегийн хөрөнгө оруулагчид энэ сард тодорно



 “Эрдэнэс MГЛ”-ээс Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс  хоёр ч тендерийг зарлаад буй.  Нэгдэх нь  Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгаар олборлолт хийх компани, консорциумыг тодруулах олон улсын нээлттэй тендер. Нөгөө нь  Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, консорциумыг шалгаруулах тендер.

Дээрх тендерүүдийн ялагчийг ирэх долоо хоногоос тодруулах бололтой. Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, консорциумыг шалгаруулах тендерт зургаан оролцогч өрсөлдөж байгаа бөгөөд ялагчийг тодруулах гуравдугаар шатны хэлэлцээр өрнөж буй. Энэхүү хэлэлцээр ирэх долоо хоногт  дуусах бөгөөд энэ сарын сүүлээр  тендерийн ялагч тодрох бололтой. Их удлаа гэхэд ирэх сарын эхээр стратегийн хөрөнгө оруулагчдыг тодруулна хэмээн “Эрдэнэс МГЛ”-ийн удирдлагууд мэдэгдэж байгаа юм.

"Эрдэнэс МГЛ" компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш: Ирэх сарын эхний хагасаас нүүрсээ экспортолж эхэлнэ

"Эрдэнэс Тавантолгой"-н Цанхын хэсэгт хөрөнгө оруулах консорциумын хэлэлцээрийн талаар "Эрдэнэс МГЛ" компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбишээс тодрууллаа.

-Хөрөнгө оруулагч консорциумын хэлэлцээр яагаад удаж байна вэ. Энэ нь олон улсын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах хугацаанд нөлөөлөх юм биш биз?
-"Тавантолгой"-н баруун Цанхид стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах хэлэлцээр өнгөрсөн гуравдугаар сарын 11-нээс эхэлсэн. Одоо гуравдугаар үедээ хэлэлцээр үргэлжилж байна. Удахгүй дуусна. Үүнээс нарийн зүйл хэлэх боломжгүй. Гэхдээ үүнийг цаг удаж байна гэж үзэхгүй. Зөвхөн уурхай биш төмөр зам, дэд бүтэц, нэмүү үнэ шингэсэн үйлдвэрлэл гээд бүгд нэгдмэл байдлаар хөрөнгө оруулалт ярьж байгаа учраас хугацаа шаардаж байна. Удаад байх хүсэл эрмэлзлэл ялга.

Олон улсын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжихад "ЭрдэнэсТавантолгой"-н уурхай, стратегийн хөрөнгө оруулагчийн хэлэлцээрийн үндсэн зарчим тодорхой болсон байх ёстой. Харин "Эрдэнэс Тавантолгой"-н ордод олборлолт хийх оператороор гурван улсын компани оролцожбайгаа. Үнэлгээ гүйцэд хийгдээгүй удаж байна. Үүнийг түргэсгэх шаардлага өгч байгаа.

 -Оператор компаниуд ажилдаа ороогүй байгаа ч "Эрдэнэс Тавантолгой"-д өнөөдрийн байдлаар олборлолт хийж байгаа юу?

-Өнгөрсөн оны наймдугаар сарын 27-ноос хөрс хуулалтын ажил эхэлсэн. Өөрсдийнхөө хүчээр ихээхэн хэмжээний хөрс хуулалтын ажил хийсэн. Коксжсон нүүрснийхээ үндсэн давхрагт хүрсэн. Ирэх сарын эхний хагаст багтаад нүүрсээ экспортолж эхэлнэ.

-Хөрөнгө оруулагч банктай холбоотой сөрөг мэдээлэл нэлээд гарсан. Эдгээр банкууд Монголын хөрөнгийн зах зээлээр "тоглохгүй" гэх баталгаа бий юу? 
-Хамтарч ажиллаж байгаа хөрөнгө оруулалтын банкууд яах аргагүй дэлхийд хөрөнгийн биржид хувьцааны арилжаанд оролцдог хамгийн томууд нь. "Голдман Сакс" хойд Америкийн хамгийн нэртэй банк. Дэлхийд хувьцааны арилжаагаар нэгдүгээрт ордог. "Дойче" банк Европын хөрөнгө оруулалтын болон арилжааны банкуудын хамгийн том төлөөлөл. Эдгээр банкуудын үйл ажиллагаанд бидний зүгээс эргэлзэх зүйл байхгүй. Таагүй мэдээллийн талаар банкуудаас өөрсдөөс нь асуух хэрэгтэй байх. Бидний IPO-г амжилттай болгох бүрэн чадвартай банкууд гэж үзэж байна.

2011/05/06

Давхар компани байгуулах уу, DR ашиглах уу?

Давхар компани байгуулах уу, DR ашиглах уу?
“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO өнгөрсөн сарын халуун сэдвүүдийн нэг хэвээр байлаа. Нэгж хувьцааных нь үнэ хэд байх вэ гэдэг асуулт ярианы сэдэв болж байсан бол одоо хэдэн бирж дээр гарах вэ, олон улсын бирж дээр гарах стандарт хангагдаж, нөхцөл боломж бүрдэв үү гэдэг асуулт мэргэжилтнүүдийн төдийгүй шийдвэр гаргагчдын толгойны өвчин болоод байна.

Бид хөрөнгийн зах зээлээ өөд нь татах гээд дөнгөж л эхэлж байна. Энэ салбарын гол хууль болох Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэхээр яригдаж байгаа. Мөн Хөрөнгийн биржийн менежментээ Лондонгийн биржид атгуулчихлаа. Үүнээс өөрөөр хийж гавьсан зүйл алга.

Хөрөнгийн зах зээл хөгжил өөд хөдөлж эхэлж буй энэ үед “Эрдэнэс Тавантолгой” олон улсын бирж дээр хувьцаагаа борлуулахаар яаравчилна. Олон ажил нь энэ зун гэхэд жигдрэх ч гэсэн хамгийн том толгойны өвчинтэйгээ “Эрдэнэс Тавантолгой” тулгарсан бололтой. Энэ нь аль бирж дээр гарах вэ, олон улсын биржүүд Монголын хууль эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрөөгүй болохоор яаж IPO хийх вэ гэдэг асуудал.

ХОНКОНГ ЛОНДОНГИЙН ХАРИУГ ХАТУУХАН БАРИВ

“Эрдэнэс Тавантолгой” аль бирж дээр IPO хийх вэ гэдэгт эхнээсээ л сонголт цөөн, Лондон эсвэл Хонконг гэж яригдаж байсан. Дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх коксжих нүүрсний том компанийг бирждээ бүртгэх нь аль ч биржид олон талын ашигтай нь ойлгомжтой. Хонконгийн бирж өөртөө итгэлтэй байсан уу, эсвэл “Эрдэнэс Тавантолгой”-г төдийлөн тоогоогүй юу манай улсад хандуулах анхаарал нь төдийлөн идэвхтэй биш байв.

Ерөнхий сайд өнгөрсөн оны тавдугаар сард Хятадад айлчлахдаа Хонконгийн биржээр орж, Монголын компаниудыг бүртгүүлэх талаар ярьсан, аравдугаар сард Монголын үндэсний компани Хонконгийн бирж дээр амжилттай IPO хийсэн, газар нутаг болон цагийн зөрүүний хувьд ойрхон гэх мэт олон шалтгаан Хонконг хамаагүй шаанстайг харуулж байв. Гэхдээ Лондон Хонконгийн өмнүүр хүч түрэн орж  чадсан. Тэд богинохон хугацаанд олон нааштай санал тавьснаар Монголын Хөрөнгийн биржийг тодорхой хугацаанд удирдах эрхийг өрсөлдөгчгүйгээр шахуу авчихсан нь Хонконгийн биржийг бяцхан сандаргаж, дараагийн алхмаа хийхэд хүргэв бололтой. Тус биржийн Ерөнхийлөгч Роналд Аркулли Лондонтой хамтрах гэрээг үзэглэхтэй зэрэгцээд Монголд айлчилж, Ерөнхий сайдад нэгэн мэдээ дуулгаад буцлаа.

Тэд “Эрдэнэс Тавантолгой”-г Хонконгийн бирж дээр бүртгэхийн тулд тусгайлан хөнгөлөлт үзүүлж, Монголын эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрч болох тухайгаа хэлжээ. Саяхан болсон “Эрдэнэс Тавантолгойн IPO” сэдэвт бага хурал дээр Хонконгийн биржийн Хувьцааны маркетингийн газрын дэд ерөнхийлөгч Эрик Ландхээр Ерөнхийлөгчийнхөө үгийг баталгаажуулж, Хонконг Монголын эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрч байгаагаа зарласан. Энэ нь Лондонгийн биржийн төлөөлөгч, тус биржийн Үнэт цаасны зах зээлийн ахлах менежер Жон Эдвардсыг багагүй бухимдуулаад авсан байх. “Хонконг зөвшөөрсөн байж болно. Гэхдээ Лондон хараахан зөвшөөрөөгүй байгаа шүү” хэмээн тэрбээр нэлээд ундууцангүй хэлж харагдсан.

Тухайн улсын эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрнө гэдэг асар том дэмжлэг байдаг. Нөгөө талаар эрх зүйн орчин нь олон улсын стандартад нийцсэн байж хөрөнгө оруулагчдын эрх ашиг хамгаалагдаж байдаг учир ийм шаардлага тавихаас ч өөр аргагүй. Хонконгийн хөрөнгийн бирж гэхэд Каймен арал, Бритиш Колумбиа, Австрали, Хятад, Хонконг гээд нэлээд орны эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрдөг. Эдгээр улсуудад бүртгэлтэй компани Хонконгийн бирж дээр хувьцаагаа чөлөөтэй гаргаж болно гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд манай компаниуд бүгд давхар компани байгуулж бүртгүүлэх замаар олон улсын биржид хувьцаагаа гаргах эрхээ олж авч байв.

“Энержи Ресурс” гэхэд л Каймен арал дээр Mongolian Mining Corporation нэрээр, “Саусгоби Сэндс” Хонкогт “Саусгоби Ресурс” гэсэн компани байгуулж байж Хонконгийн биржид бүртгүүлсэн бол “Петро Матад” Лондонд “Петро Матад Лимитед” гэсэн компани байгуулж байж Лондонгийн бирж дээр гарсан. Тийм болохоор тухайн улс эрх зүйн орчноо хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг асар их ажил, хариуцлага байдаг аж. Харин ойрын 2, 3 жилдээ манай эрх зүйн орчин олон улсын түвшинд хүрэхгүй учир энэ нь манай компаниудын хувьд толгойны өвчин болчихоод байгаа юм.

Энэ толгойны өвчин нь хамгийн түрүүнд “Эрдэнэс Тавантолгой”-д тулгараад байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа MSE-LSE, эсвэл MSE-HKEx гэсэн dual list буюу давхар бүртгэл байх уу, бүр MSE-LSE-HKEx гэсэн triple list байх уу гэдэг дээр яригдаж байгаа аж. Аль аль нь байж болох хувилбар хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. “Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирал Б.Энэбиш “Энэ 2 бирж манай эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрөөгүй. Ямар санал тавихыг нь харж байж аль бирж дээр гарах, эсвэл хоёулан дээр нь гарах уу гэдгийг Засгийн газар шийдэх байх” гэсэн нь манайхан дотроо битүүхэн бодолтой байгааг хэлээд байх шиг. Хоёр биржийг хооронд өрсөлдүүлж, өөрт ашигтай нөхцөлийг бий болгохыг манайхан хүссэн бололтой. Харин одоо Лондон манай эрх зүйн орчинг зөвшөөрөх болов уу гэсэн бяцхан хүлээлт үүсээд байна.

DR БУЮУ МОНГОЛДОО ҮЛДЬЕ

Лондон манай эрх зүйн орчныг хүлээн зөвшөөрөхгүй бол бидэнд ямар гарц байна вэ гэдэг дээр хэд хэдэн хувилбар яригдаж байгаа аж.

Нэгдүгээрт “Энержи Ресурс” зэрэг хувийн компанитай адил хууль эрх зүйн орчин нь хүлээн зөвшөөрөгдсөн улсад давхар компани байгуулж, тэр компанийнхаа нэрээр Лондонгийн биржид IPO хийх. Гэхдээ энэ нь тийм ч оновчтой, зөв зам биш гэдгийг илтгэх олон шалтгаан байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд төрийн өмчит компани, Монгол улсын бүх иргэн хувьцааг нь эзэмшдэг гээд олон онцлогтой.

Тийм болохоор эрх зүйн орчин нь хүлээн зөвшөөрөгдсөн улсад давхар компани байгуулах төвөгтэй болж таарна. Ядаж л сонгуулийн өмнөх жил Тавантолгой улстөрийн том тоглоом болчихсон энэ үед өөр улсад бүртгүүллээ, худалдлаа гээд бөөн хэл ам, хэрүүл тэмцэл үүсэх биз. Үүнийг эрх мэдэлтнүүд тооцоолж байгаа нь гарцаагүй. Мөн зөвлөх банкуудын хувьд давхар компани байгуулах, нэрээ солих нь тийм ч оновчтой биш гэж үзэж байгаа бололтой. BNP Paribas банкны Азийн бүсийн Үнэт цаасны зах зээлийн газрын захирал Жаспер Райзер “Эрдэнэс Тавантолгой” компани нэрээ солих хэрэггүй байх. Энэ брэнд болсон нэрээрээ бирж дээр бүртгүүлбэл илүү үр дүнтэй. Ядаж л хөрөнгө оруулагчдын итгэлийг олох тал дээр нэмэр  болно” гэсэн юм.

Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” өөр улсад давхар компани байгуулахгүй гэвэл Depositary Receipt буюу хадгаламжийн сертификатыг ашиглаж болох юм. Үндэсний мэргэжилтнүүд ч DR-ийг ашиглах нь зөв, ийм боломжтой гэж үзэж байна. Брокер, дилер, андеррайтерын “Нортенсек” компанийн захирал Б.Өлзийбаяр “Заавал олон улсын бирж дээр IPO хийнэ гэх шаардлага байхгүй. Монголынхоо хөрөнгийн бирж дээр IPO хийгээд тодорхой хувиа DR ашиглаж олон улсын хөрөнгө оруулагчдад зарж болно. Ийм боломж хангалттай бий. Ингэх юм бол дотоодынхоо зах зээлийг дэмжиж байгаа том дэмжлэг болно” гэв. Үүнтэй адил саналтай дотоодын мэргэжилтнүүд олон бий.

Depositary Receipt буюу хадгаламжийн сертификат гэсэн санхүүгийн хэрэгсэл бол аль нэг улсын хөрөнгийн захад бүртгэл бүхий үнэт цаасыг өөр улсын хөрөнгийн захад хадгаламжийн бичиг гаргах эрх бүхий кастодиан банк, эсхүл хөрөнгө оруулалтын банкны хадгаламжид өгөөд, уг үнэт цаасандаа үндэслэн гадаадын зах зээлд хадгаламжийн бичиг худалдах замаар гадаадаас хөрөнгө оруулалт татах боломжийг олгодог санхүүгийн хэрэгсэл юм.

Өөрөөр хэлбэл дундын зуучлагч банкуудаар дамжуулан хувьцаагаа хөрөнгө оруулагчдад зарна гэсэн үг. Citibank, JP Morgan, Дойче банк зэрэг нэр хүнд бүхий банк энэхүү үйлчилгээг үзүүлдэг аж. Энэ нь гадаадын бирж дээр хувьцаагаа гаргахаас ялгаагүй, адилхан л хөрөнгө босгох боломжтой хэрэгсэл. Гол нь арилжаа дотооддоо буюу Монголын Хөрөнгийн бирж дээр болно. Гадаадын том хөрөнгө оруулагчид манайд орж ирээд арилжаанд оролцдогоороо онцлог. Ингэснээр Хөрөнгийн биржийн арилжааны үнийн дүн томорч, Хөрөнгийн бирж, брокерийн компаниудын санхүүгийн чадавхи нэмэгдэх зэргээр дотоодын зах зээлийг хөгжүүлэхэд томоохон нөлөөтэй гэнэ.

Жишээлбэл “Эрдэнэс Тавантолгой” гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаалах 30 хүртэлх хувийн хувьцаагаа дотоодын бирж дээр арилжаалж, түүнийхээ 15-20 хувийг DR ашиглан гадаадын хөрөнгө оруулагч нарт худалдаж болно гэсэн үг.

DR-ийг ашигласан жишээ дэлхийд олон бий. Хойд хөршийн Газпром, Лукойл, Роснефть зэрэг том компани дотоодынхоо хөрөнгийн бирж дээр гаргасан хувьцааныхаа тодорхой хувийг DR ашиглан Лондонгийн бирж дээр борлуулж байсан байна. Хамгийн сүүлийн том жишээ гэвэл төмрийн хүдрийн дэлхийн хамгийн том компани болох Бразилийн Вале өнгөрсөн арванхоёрдугаар сард DR ашиглан Хонконгийн бирж дээр хувьцаагаа арилжаалжээ. Үүнээс гадна энэ жил Чилийн 10 гаруй компани IPO хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд бүгд дотоодын бирж дээр IPO хийсний дараа DR ашиглахаар яригдаж байгаа аж. DR-ийг амжилттай ашигласан жишээ олон байхад “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд ч ашиглаж болохгүй зүйл үгүй.

BNP Paribas банкны Азийн бүсийн Үнэт цаасны зах зээлийн газрын захирал Жаспер Райзер “DR нь тухайн хөрөнгө оруулагч гадаад улсын зах зээл дээр очиж чадахгүй ч гаднаас нь хувьцаа худалдаж авах боломжийг олгодог хэрэгсэл. Гол онцлог нь хяналт сайтай, үйлчилгээ хурдан байдаг. Мэдээж аюулгүй байдал чухал. Олон улсын томоохон биржүүд бүгд үүнийг хүлээн зөвшөөрдөг” хэмээн “Эрдэнэс Тавантолгой IPO” бага хурлын үеэр хэлж байв.

Мөн Монголын Хөрөнгийн бижийн ТУЗ-ийн дарга Б.Болд “Монголын компаниуд хууль эрх зүйн талаасаа олон улсын хөрөнгийн биржид хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа. Тийм болохоор DR ашиглах талаар бид нар ярилцаж л байна. АDR гэж Америкт гаргадаг American depositary receipt, GDR буюу global depositary receipt гэж Лондонд гаргадаг, HDR гэж Хонконгт гаргаж байгааг нь хэлдэг. Тухайн банк компанийн хувьцааг өөрийнхөө сейфэнд хадгалаад оронд төлбөрийн баримт өгчихөж байгаа юм. Энэ төлбөрийн баримт Америкт DR-тай яг адилхан эрхтэй байдаг. DR ашиглах талаар Зөвлөх банкууд маань хоорондоо маш нарийн ярьж зөвлөж байж шийднэ” гэсэн юм.

Мэдээж DR-ийг ашиглахын тулд бидэнд бэлтгэх зүйл их бий. “DR -ийг ашиглаж байгаа банкууд хэд хэдэн шаардлага тавьдаг. Компанийн зах зээл дээр эргэлдэж байгаа чөлөөт хувьцааны хэмжээний 15-20 хувь байх, компани сайтаар дамжуулан бүх мэдээллийг ил тод тавих, компанийн засаглал сайн байх, найдвартай кастодиан үйлчилгээтэй байх зэрэг хэд хэдэн зүйлийг сайжруулах хэрэгтэй. Ингэж чадвал эрх зүйн орчны хувьд DR -ийг ашиглах боломжтой гэж болно” хэмээн “Нортенсек” компанийн захирал Б.Өлзийбаяр онцолсон.

Харин энэ тал дээр “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш ямар байр суурьтай байгааг сонирхоход “Хэрэв Хонконг, Лондон дээр зэрэг гаръя гэвэл DR ашиглаж л таарах байх. Манай улсын эрх зүйн орчныг  Хонконг зөвшөөрлөө гэж байгаа ч ямар нөхцөлтэй байх нь вэ гэдгийг харъя. Лондонг бас ямар нөхцөл тавихыг харъя. Лондон зөвшөөрөхгүй гэвэл дундын компани байгуулах замаар явж магадгүй” гэжээ.

Ямар ч байсан ирэх оны эхээр олон улсын бирж дээр хувьцаагаа гаргана хэмээн төлөвлөж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани тийм ч амар олон улсын бирж дээр гарчихгүй бололтой. Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын банкуудаас мэргэжлийн зөвлөгөө авч байгаа болохоор энэ бүх асуудал хэрхэн шийдэгдэх нь тун удахгүй тодорхой болох биз ээ.

2011/05/03

Тавантолгойг гадаадын компанид өгөх үү?

МАХН-ын буурийг сахиж, цор ганцаараа үлдсэн. Дараа нь МАХН-ыг бүртгүүлэхээр Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн Цэцийг хэдэнтээ эргээд авсан УИХ-ын гишүүн бол Ц.Шинэбаяр. Гурав дахь Ерөнхийлөгчтэй нэгдэж, хүчээ зузаатгаж чадсан түүнийг зарим нэг нь Н.Энхбаярын заавраар буруу алхам хийлээ дээ гэж ч хэлээд амжсан. Гэсэн ч тэрээр иргэний хөдөлгөөн, эвслүүдтэй нэгдэж Бүх ард түмний их хуралдай хүртэл хийлээ. Найм хоног хуралдсан Бүх ард түмний их хуралдай түр завсарласны дараахан цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Ц,Шинэбаяртай ярилцлаа. 

-Бүх ард түмний их хурал­дай гээд  ойрын хэдэн өдөр  та тун завгүй явах шиг боллоо. Одоо ч бас амжуулах ажил ундарсаар л байна уу?  

-Тун завгүй  л явна. Бүх ард түмний их хуралдай энэ (өнгөрөгч) сарын 22, 23 нд UB palace-д хуралдаад 4-р сарын 25-наас  Сүхбаатарын талбайд үргэлжиллээ. Цаг агаарын нөхцөл байдлаас  болоод сүү­лийн өдөр UB palace-д үргэлж­лүүлэн хуралдлаа. Одоо ч хийх зүйл  их байна. 

-Хоёр хоногийн өмнө  Бүх ард түмний их хурал­дай  завсарласан. Цаашид хэрхэн үргэлжлэх нь  сонин байна л даа? 

-Бид хуралдайгаа  завсарласан нь түр зуурын төдий. Зорилгоо биелүүлээгүй  тохиолдолд дуус­на гэсэн ойлголт байхгүй. Одоо тогтоолоо хэрэгжүүлэх  ажлаа  үе шаттай хийх болно. Эх орон тусгаар тогтнол  шударга ёс хөдөлгөөнийхөн шаардлагатай тохиолдолд хэзээ ч хамаагүй хуралдана. Энэ хооронд бид тэмцлийн  янз бүрийн аргаар эрчимтэй тэмцэнэ гэсэн бо­дол­той байгаа. Тэмцлийг үргэлж­лүүлэхээс өөр аргагүй тийм л цаг үед тулгараад байна. 

-Өнгөрсөн долоо хоногт та бүхэн олны анхаарлын  төвд байлаа. Гэвч хурал­дайгаас гаргасан тог­тоо­лын биелэлт тэг хувь­тай хэвээр. Тогтоолыг хэрэг­жүүлэх  хүртэл нэлээд бартаа  туулах юм шиг байна...?

-Их хуралдайгаас олон тогтоол гарсан. Үүний хамгийн чухал нь есөн заалт бүхий  гурав­дугаар тогтоол юм. Үүнээс УИХ, Засгийн газарт ханд­сан дөрвөн заалт бий. Хууль бусаар байгуулагдсан  хамтарсан Зас­гийн  газрыг огцруулахыг шаард­лаа. Учир нь одоогийн Зас­гийн газар маш олон хуулийг санаатай, байн­га  зөрчсөөр байна. Энэ мэт хууль зөрчсөн үйлдлүүд нь улс оронд их хэмжээний хохирол учруулж, Монгол Улс авлигад идэгдсэн орон гэдгээрээ дэлхийд  алдаршлаа. Үүнээс гадна Монгол Улсын язгуур эрх ашгаас ухарсан, эх орноо худалдсан шинж чанар бүхий Оюутолгойн гэрээг цуцлах ту­хай заалт чухалд тооцогдоно. Энэ гэрээг дахин шинэчлэх ёстой.  Мөн Тавантолгойг ашиг­лахтай холбоотой асуудлыг цог­цоор  нь авч үзэж хөрөнгө оруулалтын гэрээг хийх ёстой. Гэтэл тавантолгойн гэрээг тав хуваагаад нэгийг нь хоёр компанид шууд бэлэглэсэн байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан С.Баяр “Энержи ресурс” компанид 2008 оны хавар дур мэдэн бэлэг­лэсэн. Тавантолгойн ор­дын нөөцийн 20 хувийг нэг компанид өгчихөөд байгаа гэсэн үг. Тавантолгойн таван хэсгийн  нэгийг нь  хэдийн бэлэглэсэн,  одоо зөвхөн нэг толгойн аравхан хувийг ард түмэнд өгнө гээд байна. Ямар муухай хууран мэхлэлт вэ. Үндсэн хуулинд газрын хэвлийд байгаа ашигт малтмал ард түмний өмч гэж заасан. Энэ өмчийг С.Баяр гэдэг хүн ганцаараа  дур мэдэн  гадны компанид өгч болж байгаа юм уу. Авсан нөхдүүд нь Ашигт малтмалын хуулиа мөрдөхгүй, хөрөнгийн бирж дээр хувьцаагаа зарахгүй байгааг их хуралдайн төлөөлөгчид эрс шүүмжилж  энэ заалтыг тогтоолдоо оруул­сан юм.  Дараагийн нэг чухал заалт бол  архи, спиртийн үйлд­вэрүүдэд төрийн монополь тог­тоох. Сүүлийн 20 жил мон­голын төр архийг  дэндүү хавт­гайрууллаа. Төрийн зү­гээс  архины  үйлдвэрлэлийг хөхүү­лэн дэмжиж, архи үйлдвэрлэгч компаниудыг  үндэсний манлай үйлдвэрлэгч, шилдэг татвар төлөгч, ТОР 100 аж ахуйн нэгжээр  өргөмжилнө. Архи үйлд­вэрлэж, ард түмнийг ядуу­ралд унагаж, архин далайд живүүлж байгаа  гаж буруу тогтолцоог төр өөрөө  дэмжээд байгаа нь буруу. Ийм дөрвөн гол заалтад хариу авах гэсэн боловч УИХ-ын хоёр байнгын хорооны дарга, нэг гишүүн Их хуралдайгаас гаргасан тог­тоолыг үл тоож, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын  байнгын хороогоор  хэлэлцээгүй  мөртлөө сайн дураараа хариу өгөх гэж оролдсон. Нэгэнт аль ч байнгын хороогоор хэлэлцээгүй юм чинь УИХ ард түмний тогтоол шийдвэрийг сонсохгүй юм бай­на. Тиймээс тэмцлээ зогсоож болохгүй гэсэн дүгнэлтэд бид хүрлээ. Тэмцэл маань ялалтад хүрэх нь ойлгомжтой. 

-Хавар болохоор гудам­жинд гарч жагсаад удалгүй чимээгүй болох нь олонтаа. Танай хөдөлгөөнийхөн ч энэ замналаар явахыг үгүйсгэхгүй юм..?   

-Жил жилийн хавар олон янзын тэмцэл болж байсан нь үнэн. Тэмцлүүд тэгэсгээд намждаг тал бий. Энэ удаагийнх  өөр. Тэмцэл дөнгөж эхэлж байна, цаашид өргөжинө. Үр дүнд хүрэлгүй дуусах ёс­гүй. Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдал алдаг­дчихаад  байхад бид зүгээр сууж бо­лохгүй. Стратегийн ач холбогдол бүхийн цөөн ордыг хэдхэн хүн хулгайлах явдлыг тэвчихгүй. Цагдаагийн байгууллагаас манай жагсаалд хэдэн  туршуул оруулчихсан, таг­нуулын байгууллагаас жаг­саалыг дэвэргэх хэдэн хүн оруулах мая­гаар бидний тэмц­лийг зогсоохыг санаархаж байж болох юм.  Ард түмний  хүсч байгаа зүйлийг бид  төлөөлөл дундаасаа гаргаад, их хуралдайгаар хэлэл­цүүлж, тог­тоол гаргалаа. Үүнийг биелүү­лэхийг эрх баригчдаас шаар­даж байна. Ард түмний  баялгийг хулгайлж тонож дээрэм­дэхийг хэн зөв гэж хэлээд байгаа юм бэ. Олигархууд л хулгайгаа үр­гэлжлүүлэхийг хүсч байгаа байх.  Тэмцэл  хаана  хүртэл үргэлж­лэх  нь эрх баригчдаас л шалтгаална. 

-Тогтоолыг чинь яагаад заавал биелүүлэх ёстой гэж. Дуугүй байх нь тэдний хувьд хамгийн сайн хариулт ч юм бил үү?  


-Тийм байдлаар  тэмцлийг  намжаах, дуугүй болгох аргыг олон жилийн өмнөөс сурсан юм байна. Багануурын  “Азийн чоно”-ын асуудал зохион байгуулалттай гэмт хэрэг юм билээ. Энэ маягаар нэг хэсэг айлгаж, анхаарлыг өөр тийш нь хандуулж, араар нь хулгай хийх  арга одоо илчлэгдсэн. Долдугаар сарын 1-ний асуудлаар  ард түмнийг айдаст автуулж бай­гаад тэр хооронд нь тонон дээ­рэмдэлтээ үргэлжлүүлнэ гэ­сэн бодол байгаа. Бид энэ бүхнийг сайн мэднэ. Ер нь юу ч бодож сэдээд баригдчихсан болохоор одоо бууж өгөх тухай л ярих үлдсэн. Бид өдрөөс өдөрт  хүрээгээ  тэлж, олуулаа болсоор байна. Галт тэрэг хэдийнээ хө­дөлсөн. Хамгийн гол нь зөв­шилцлийн журмаар асуудлаа ший­дэхийг хүсээд байгаа хэрэг. Тодорхой хугацаанд асуудлыг шийдэхгүй бол  хэлэлцээрийн ширээний ард суух хугацаа, бо­ломж багасна гэсэн  үг. Бид  хэ­лэлцэе, зөвшилцье, тайван за­маар асуудлыг  шийдье гээд бай­на. Монгол Улс тархай бутар­хай биш,  нэг хэл, соёл, зан заншилтай. 

-Хэлэлцээрийн ширээний ард сууя гэж байна. Гэтэл ийм шийдвэр гаргах эр­хэм хэд байгаа нь сонин. Сонгууль дөхөж байна, аял­дан дагагчид олон шүү дээ?

-Эрх барьж буй нөхдүүдэд бид туслах гээд байгааг ойлгох хэрэгтэй л дээ. Олон жил гадныхнын гар хөл, боол болж явсаар хэн болохоо мэдэхгүй болчихсон нөхөд 76 дотор олон бий. Ерөнхий сайд С.Батболд, С.Баяр, Н.Алтанхуяг гээд өөрийн толгойгүй хүмүүс байна. Тэднийг  боолын сэтгэлгээнээс нь чөлөөлж, туслах гээд байна шүү дээ. Энэ саналыг  хүлээж авч чадахгүй байгаа бол боолуудтай яаж харилцахаа мэднэ. 

-Бүх ард түмний хуралдайн төлөөлөгчид үнэхээр ард түм­ний дуу хоолой байж чадах уу. Хатуухан хэлэхэд жагсагчдыг ард түмний нэрээр шоу хийгээд сурсан нөхдүүд гэх хүн таарч байсан  л даа? 

-Ард түмний дуу хоолой гэдгийг талбай дээр хэдэн хүн ирснээр шүүдэг хуучинсаг, хоцрогдсон сэтгэлгээгээр хандаж байгаа нь харамсалтай. Масс бидний талд байна. Шударга үнэний талд дандаа хүч байдаг юм. Тиймээс ч энэ тэмцэлд ялна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна. Харин нөхцөл  байдлыг буруу үнэлээд, асуудлыг өөр  тийш нь залах гэж оролдвол байдал өөрөөр эргэнэ гэдгийг ойлгох  хэрэгтэй байхгүй юу. Бидний зүгээс асар тэвчээртэй, соёлтой, хуулийн хүрээнд хандаж байгаа. Мэдлэг боловсролтой, улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй залуус эгнээнд нэгдэж байна. Эрх баригчид өөрсдийгөө тагнуул, цэрэг цагдааг атгасан гэж боддог. Үгүй юм. Даалгавар биелүүлдэг хэдхэн нөхөд  бий. Тагнуул, цагдаад үнэнч шударга, ард түмний хүүхдүүд олон байна. Их хуралдай төлөөлөгчдийн нэрлэсэн 15 олигархийг улсын хилээр гаргахгүй байх талаар Хил хамгаалах газарт, энэ нөхдүүдийг гадаад руу  мөнгөн гүйлгээ хийхгүй байхыг шаардсан бичгийг Монголбанкинд өгсөн. 

-Та Ерөнхийлөгчийн иргэд­тэй хийсэн уулзалтад очиж харагдсан. Ерөнхийлөгчид  ямар санал хэлэв? 

-УИХ хяналтаа нэгэнт алджээ. Засгийн газраа хянаж дийлэхээ больсон. Нэгэнт ийм байдалд хүрсэн учраас Ерөнхийлөгчид хандаж санал хэлсэн юм. Танд энэ бүхнийг таслан зогсоох боломж байна. Бүрэн эрхийнхээ хүрээнд үүнийг зогсоож чадвал чадна, чадахгүй бол ард түмэн өөрсдөө асуудлаа шийдэхээс аргагүй байдалд хүрнэ гэдгийг  сануулсан. Ерөнхийлөгч үүнийг ажил хэрэгчээр  тусгаж авсангүй. Шударга байхыг эрхэмлэдэг Ерөнхийлөгч маань өглөө бүр шударга байцгаая гэж хэлдэг  гэсэн. Одоо л шударга  баймаар байна шүү дээ. Хэлсэн үгэндээ эзэн болохгүй бол Ерөнхийлөгчийг ард түмэн шахаж шаардахаас  аргагүйд хүрнэ. 

-Та хуучин намдаа үнэнч үлдэж, намынхаа нэрийг бүрт­гүүлэхээр уйгагүй хөөцөлдөж байна. Их хуралдайн тогтоолд хүртэл орууллаа. Ер нь МАХН гэсэн нэрээ авч чадах нь уу? 

-Их хуралдайн   тогтоолд  МАХН-ын нэрийг өгөхийг шаардсан заалт бий. Эх орон тусгаар тогтнол, шудар­га ёс хөдөлгөөнд дөрвөн нам, 18 хөдөлгөөн багтдаг. Одоо дэмжигчид нэмэгдээд 35 эвсэл, хөдөлгөөн болж өргөжөөд тавь жаруулаа болсон.  МАХН-ын нэрийг бүртгүүлэх нь зөвхөн намын асуудал бус хүний эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, сонголт хийх эрхтэй холбоотой. Энэ эр­хийг  хязгаарлаад байна. Тэгсэн мөртлөө ардчилсан орон гэх үгийг Ерөнхийлөгчөөс аваад захын хүн ярих дуртай. МАХН-ын нэрийг өгөх асуудал чинь ардчилал монголд байгаа юу, үгүй юу гэдгийн  шалгуур. Тэд намын нэрийг өгөхгүй  байх бүх арга чаргаа хэрэглэж байгааг мэднэ.  Улсын дээд шүүх, Үндсэн  хуулийн цэц, цагдаа, хууль хяналтын байгууллагууд гадныхнаас хараат, авлигад идэгдсэн нь  эндээс харагдаж байгаа юм. 

-Дээд шүүх, Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж, саад учруулж байна гэж хэлж байсан удаа танд бий. Дээд  шүүх яаж да­рамт үзүүлж байгаа гэж? 

-Улсын дээд шүүх Монгол Улсын Үндсэн хуулийг тайлбарлах ганц эрх бүхий субьект. Гэтэл хуулиа өөрсдөө тайлбарлаж, хэрэглэж чадахгүй бол­чихож. Хуулиа хэрэглэж чадахгүй байгаа нь Үндсэн хуулийн цэцээс хамаарч байгаа юм шиг өөрөөсөө хөндийрүүлж, хүний гараар могой бариулахыг санаархах хэлбэр. Ийм  маягаар цаг хожиж  анхаарлыг өөр тийш нь сарниулахыг оролдож байна. Намын нэр өгөхөд саад болж байгаа энэ үйлдэл нь цаагуураа хул­гай дээрмээ үргэлжлүүлэх  санаа. Энэ санааг нь мэдээгүй л гэж бодож байгаа. Харин бид хэдийн мэдчихсэн. 

-Та намынхаа буурийг са­хиж ганцаараа  үлдээд, тэмц­лээ эхэлсэн. Энэ тэмцэл ийм хэмжээнд хүрнэ гэж төсөөлөөгүй байх?  

-Би нэг зүйлд тууштай явж сурсан хүн. Анх сургуулиа төгсөөд цахилгаан станцад инженерийн туслахаас эхлээд ажилласан. Цахилгаан станцын нэг онцлог бол 24 цаг тасралтгүй ажиллана. Үйлдвэрлэл, түгээлт, бор­луу­лалт гурав нэг зэрэг явдаг энэ газарт хариуцлагагүй ажиллана гэсэн ойлголт байхгүй. Энэ чанараараа хүнээс юм нэхдэг зантай. Гэтэл энэ улстөрд тийм ойлголт байдаггүй  юм байна. Харин хэн худлаа ярьж, хэн сайн бялдуучилна тэр хүн дээшээ гардаг гажиг зарчим үйлчилдэг. Улс төр ийм байх ёсгүй. Хариуцлага тооцох чадваргүй, бие биеэсээ айдаг, аялдан дагалддаг улстөрчид улс орныг яаж зөв удирдах юм бэ. 

-Улсын хэмжээнд яриад л бай­даг. Дорнод аймгийнхан та­ныг  хэр дэмжиж  байна? 

-Би Дорнод аймгийн  цахилгаан стан­цад арав гаруй жил, уурхайд таван жил удирдах ажил хийсэн хүн. Намайг хэн бэ гэдгийг  дорнодчууд мэднэ. Дорнод  аймагт яагаад эрчим хүч, нүүрс хямд байдаг вэ. Миний  хийж байсан ажилтай холбоотой. Тийм ч учраас  надад Дорнодын ард түмэн итгэдэг. Тийм ч учраас би өнгөрсөн сонгуульд олонхийн  саналаар энэ аймгаас сонгогдсон хүн. 

-Улс төрд  шударга, хариуц­лагатай байх зарчим байхгүй гэлээ. Тэгвэл 2012 оны шударга сонгууль болох уу? 

-МАХН-ын нэрний асуудал на­мын нэрний асуудлаасаа халиад гарчихлаа. Монгол Улсад ардчилал, хүний эрхиийг дээдлэх асуудал  бай­на уу гэж эргэлзэхэд хүрч байна. МАХН гэх нэрийг өгөхгүй гүрийж болох л байх. Тэгвэл сонгууль явуулж яах юм. Ардчилал байхгүй юм чинь ардчилсан сонгууль гэх ойлголт байж болохгүй  биз дээ. Ямар ч сонголтгүй МАНАН гээд л  тавьчих хэрэгтэй шүү дээ. Нэгэнт ийм байдалд хүрэх юм бол улс төрөөс  гарчих болов  уу. 

-МАХН-ыг бүртгүүлэх нь  сон­­­­­­­­­­гуульд өрсөлдөхөд том давуу тал олгох  байх. Гайгүй хэ­дэн  суудал  авах магадлалтай биз дээ? 

-МАХН бол  колоничлолоос чө­лөөлж, тусгаар тогтнолд хүргэсэн түүхэн нам.

-Бас өөр ч түүх бий?

-500 мянган хүнтэй, 700 гаруй сүм хийдтэй, ядуу, боловсролгүй, эрүүл мэндийн хувьд хүнд улс нийгмийг хүлээж аваад өөрчилж чад­сан  гавьяатай. 120 жилд хийх ажлыг 70 жилд хийсэн гэдэг. Гэтэл сүүлийн 20 жилд бүтээсэн бүхнийг нь үгүй хийж, бүр сүүлдээ нэрийг нь устгахаар санаархаж  байна. Улс төрийн намуудын дундаас брэнд болсон нам бол МАХН. Хоёрхон жилийн өмнө зууны манлай нам гээд хашхирч явсан нөхдүүд МАХН гэх нэрнээс  яагаад айгаад байгаа юм бэ. Бид Монгол Улсын түүхтэй холбоотой намыг устгах ёсгүй гэдэг байр  сууринаас   асуудалд хандаж байгаа юм. Мар­гаашийн сонгуулийн төлөө биш. Бид ганцхан жилийн дараа болох сонгуульд хэдэн суудал авахын төлөө улс төр хийгээгүй. 

-Тэмцлийг манлайлж бай­гаа хүний нэг нь та. Нам, хө­дөл­гөөн, эвслийн  өөр өөрийн зорил­готой  хүмүүсийг нэгтгэж, зангидах амаргүй байна уу? 

-Эх орон тусгаар тогтнолоо хам­гаалах нэг зорилгын  төлөө  энэ хөдөл­­гөөнүүд  нэгдсэн. Тэдний дунд амлалт нэхэх, гол усаа хамгаалах, газар шороогоо хамгаалах гээд зорилгууд бий. Энэ бүхнийг багцлаад тэмцлээ хийж,  нэгдэж чадаж байна. зарим нэг зүйл дээр санал зөрөлдөх асуудал гаралгүй яах вэ. Ард түмний дуу хоолой болж тэмцэж байгаагийн хувьд бид гэмт хэрэг үйлдэхгүй ээ.  Хамгийн соёлтой аргаар тэмцэнэ.

-Хөдөлгөөнийхөн болж бү­тэх­­гүй байгаа зүйлийг ярьж байна. Гэхдээ энэ бүхний цаана Н.Энхбаярын улс төр байгаа.  Таныг ч бас Н.Энхбаярын хүн гэх юм? 
-Энэ бол өнгөрсөн хорин жилд ардчилал жинхэнэ утгаараа хөгжөөгүйн гай юм л даа. Намайг Н.Энхбаярын  хүн  гэж ярьж л байгаа бол монголд ардчилал байгаагүй  гэсэн үг. Үнэхээрийн ардчилал байсан бол тэрний хүн, түүний  хүн гэсэн яриа байх ёсгүй. Н.Энхбаяр гэж хүн бидэнтэй нэг зорилгын төлөө нэгдсэн. Энэ хүнийг эх орноосоо урвасан гэж сонсоогүй. Тийм учраас эх орныхоо төлөө явж чадах сэтгэлтэй хүн гэж ойлгож яваа. Намайг Н.Энхбаярын хүн гэж  байгаа бол С.Баяр Канадын компанийн төлөөлөгч, С.Батболд  ч бас нэг гадаадын хүний төлөөлөгч. Намайг Н.Энхбаярын хүн гэж хэлснээрээ өөрсдийгөө гадныхнын гар хөл гэдгээ барьж өгөөд байгаа байхгүй юу. 

-Таныг эрхэм гишүүдээс дэм­жих хүн байна уу?

-Энэ 76 гишүүн дотор эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэд өөр өөрсдийнхөө аргаар тэмцэж байгаа болов уу. Бидний галт тэрэг нэгэнт хөдөлсөн учраас  дэмжигчдийн тоо  нэмэгдэх болно. Төрийн эрх мэдэл ард түмний талд, хүч дандаа үнэний талд байдаг. Үнэн, шударга ёс нийлээд ялалтад хүргэнэ. Хүн бүрийн тэмцлийн арга хэлбэр өөр. Шударга гишүүдтэй цаашид нэгдэх болно. Цөөн хэдэн хүн л хууль бус ажиллагаа явуулж, эх орноо худалдаж байгаа. 

-Тэгэхээр ганцаардаагүй л юм байна, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Намайг дэмжих гишүүд цөөнгүй бий. 

-Эрхэм гишүүд маань сон­гуу­лийн  хуульдаа анхаар­лаа хан­дуулаад тогтоол хэрэг­жүү­лэх  тухай бодох ч завгүй байх шиг?   

-2012 онд хулгайч, эх орноосоо урвагсад, эх орноо худалдагсад  сон­гууль хийнэ гэдгийг би ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Ийм сонгууль хийх хэрэг байна уу. Энэ бирдүүд яагаад ханаж цадахгүй байгаа юм  бэ. 

-Таны тэмцэл олон хүний дүр­гүйцлийг хүргэж байгаа байх. Эрсдэл хүлээж байж болох юм? 

-Шударга үнэний төлөө явах зайлшгүй цаг үе Монгол Улс орших, эс орших цаг үед ирчихээд байна. Ийм үед хар амиа бодож болохгүй биз дээ. Яах вэ, эрсдлийн тухай хүмүүс анхааруулах нь бий. Гэвч энэ бүхнийг хараад гараа хумхиад сууж болохгүй. 

-Үндэсний телевиз олон нийтийн үүргээ биелүүлээгүй гээд байгаа. Та бүхний ойрын хугацаанд хийх ажлын нэг нь тус телевизийн удирдлагуудад хариуцлага тооцуулах, мөн үү? 

-Бид тогтоолоо хүргүүлсэн. Хэтэр­­хий доромжилсон хариу өгсөн. 

-Хэтэрхий доромжилсон гэдэг нь...?

-Бид нарын явуулж байгаа үйл ажиллагаа зөв. Бүх ард түмний их хуралдайн төлөөлөгчдийн үгийг сон­сох албагүй гэх утга бүхий хариулт өгсөн. Өөрөөр хэлбэл олон нийтийн статусаасаа ухарсан, олигархуудаас хараат гэдгээ илчил­сэн хэрэг. Тиймээс хоёр даргыг нь огцруулахаа мэдэгдсэн. Асуудлыг хэр­хэн ший­дэ­хийг хүлээж байна.  Урьд­­чилж анхаа­руулаад байхад бо­лох­­­гүй бол өөр арга хэрэглэхээс аргагүй. 

-Цагдаагийнхан таныг  “Хүн шиг бай” гэсэн.  Та тэд­нийг зал­хаагаад байгаа юм биш үү? 

-Авлигад идэгдсэн цагдаагийн шаардлагыг биелүүлэх үү, үгүй юу гэдэг асуудлыг бид яриагүй байна. Энэ бол монголын цагдаагийн нийтлэг дүр төрх биш. Цөөн хэдэн хүний гар хөлүүд л явж байгаа. Төрийн хувцас  өмсчихөөд хүний  эрх зөрчиж болохгүй биз дээ. Шөнө дөлөөр хүнийг дуудаж, албан шаардлагаар гарын үсэг зуруулах гэсэн нь хууль ёсны үйлдэл юм уу. Би энэ тэмцэлд  ил гарч оролцсондоо  баяртай байгаа. 

-Гэхдээ цагдаагийнхан тал­байд гэр бариулахгүй байх зорил­гоо биелүүлсэн шүү дээ? 

-Талбай дээр гэр барих нь том асуудал биш. Харин бид олон хүний толгойд гэр барьчихсан байна. Ард олны  толгойд, зүрх сэтгэлд барьсан гэрийг олж харах чадваргүй, олон хүн мориндоо мордоод довтолгож явааг мэдрэхгүй хүмүүстэй юу ярих билээ. Механик үйлдэл хийхдээ гол нь биш. Бид хэдийнээ монгол хүний сэтгэлд монгол гэрээ барьчихсан. 

2011/05/02

Иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлье гэв

УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Батж, Батбаяр нар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачилсан байна. Энэ талаараа тэд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Төсөлд тусгаснаар иргэн бүртээ “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас 1072 ширхэгийг эзэмшүүлэхээр заажээ. Засгийн газраас гаргасан тогтоолоор Монгол Улсын иргэн бүр 536 ширхэг хувьцаа эзэмшихээр болсон. Үүн дээр нэмж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь арилжаалахаар заасан хувьцааг  иргэн бүртээ хуваан үнэ төлбөргүй эзэмшүүлэх нь шударга хуваарилалт болно гэж эрхэм гишүүд үзсэн байна. 

УИХ-аар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолыг хэлэлцэх шатанд улсын хэмжээнд 30 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байсан бол өнөөдөр 53 мянгад хүрчээ. Тэдгээрийн бараг тэн хагас нь ашиггүй ажилласан гэдэг тайлан мэдээг гаргасан байдаг аж. Мөн дотор нь тэдгээр компанийг шүүгээд үзэхээр  2700 эзэн л ард нь байдаг.  Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь арилжаалсан тохиолдолд зөвхөн 2700 эзний гарт 100 мянга гаруй хувьцаа төвлөрөх болж буй аж. Ингэснээр компанийн эзэн 100 мянга гаруй хувьцаа эзэмшдэг, компанийн ажилтан 536 ширхэг хувьцаа эзэмших шударга бус хуваарилалт хийгдэх болоод байгаа. Нөгөө талаас Монгол Улс уул уурхайгаас хэт хамааралтай болж мэдэх эрсдэлтэй гэнэ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас Монгол Улсын хөрсөн доорх баялаг ард түмний өмч. Тиймээс газрын баялгийг нийт иргэддээ шударга хуваарилъя гэдэг агуулгаар нь авч үзвэл иргэн бүртээ дээрх хувьцааг ижил хэмжээгээр хуваарилах нь илүү шударга алхам болно гэж тэд үзжээ. 

Нэр бүхий гишүүд дээрх хуулийн төслөө өнгөрсөн бямба гаригт Засгийн газарт өргөн мэдүүлсэн. Засгийн газар ээлжит хуралдаанаараа төслийг хэлэлцээд, саналаа өгөх гэнэ. Үүний дараа нэр бүхий гишүүд төслөө УИХ-ын даргад өргөн мэдүүлэх юм байна. 

"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг оны сүүлчээр арилжаалж эхэлнэ

"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг энэ оны сүүлчээс эхлэн олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалж эхэлнэ хэмээн "Эрдэнэс МГЛ" компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш хэллээ. Гэхдээ энэ оны сүүлчээр амжихгүй бол ирэх оны эхээр гаргаж ч магадгүй гэсэн юм. 

Одоо тус компанийн удирдлагууд үүний бэлтгэл, оператор компанийг сонгох ажилд анхаарлаа түлхүү хандуулж байгаа ажээ. Энэ талаарх мэдээллийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон "Эрдэнэс Тавантолгой IPO" бага хурлын үеэр холбогдох хүмүүс нь танилцууллаа. 

Уг хуралд "Дойче", "Голдман Сакс", "Би Эн Пи Париба" банкны болон Лондон, Хонконгийн Хөрөнгийн биржийн төлөөлөгч нар оролцож товч танилцуулга хийсэн юм.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны нэрлэсэн үнэ хэд байх нь одоохондоо тодорхойгүй байна. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын хэлсэнчлэн нэгж хувьцааны үнэ 1000-3000 төгрөг байх эсэхийг ч эцэслэн тогтоогоогүй байна. Энэ бол таамаг, урьдчилсан тооцоолол төдий аж. 

Нэрлэсэн үнийг хөрөнгө оруулагч банкуудтай ярилцсаны үндсэн дээр тогтоох юм байна. Хувьцааны нэрлэсэн үнэ олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарах үнэлгээтэй дүйцэхүйц байх ёстой. Ийм байлгахын тулд дэд бүтэц нь сайн, гадаад, дотоод хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц байх хэрэгтэй юм байна. 

"Эрдэнэс Тавантолгой" компанийн үйл ажиллагаа эдийн засаг, хууль эрх зүй, тэр ч бүү хэл улс төрийн хүрээнд тогтвортой байх ёстой хэмээн "Голдман Сакс" банкны Азийн бүсийн эрдэс баялгийн захирал Пол Грейвс бага хурлын үеэр хэлсэн. 

Ерөнхийдөө томоохон хөрөнгө оруулагч компаниуд элдэв асуудалгүй, ашигтай үйл ажиллагаа явуулдаг, төр засгаас тухайн компанитай холбоотой зөв бодлого гаргасан компанийн хувьцааг худалдан авах сонирхолтой байдаг гэдгийг тэрбээр онцоллоо.

"Хувьцааг чухам аль хөрөнгийн бирж дээр гаргах вэ" хэмээх асуултад "Монгол, Хонконг, Лондоны хөрөнгийн бирж дээр арилжаална" хэмээх хариултыг өгсөн. Эдгээрээс өөр Хөрөнгийн биржийн нэрийг дурьдсангүй. 

Хонконгийн Хөрөнгийн бирж байршлын хувьд тааламжтай гэнэ. Харин Лондоны Хөрөнгийн биржид уул уурхайн компанийн хувьцаа авдаг хүмүүс голчлон ханддаг юм байна. Түүнчлэн тус биржүүдээс хувьцааг гаргахад тусгай хөнгөлөлт үзүүлнэ хэмээх амлалтыг ч өгчээ. 

Тодруулбал, Лондоны Хөрөнгийн бирж "Топ-100" компанийн жагсаалтад оруулна хэмээжээ. Ингэснээр дэлхийн аль ч улсад хувьцааг нь идэвхитэй худалдаж авдаг гэнэ. Тэгэхээр эдгээр Хөрөнгийн биржийн чухам алин дээр нь хамгийн түрүүнд хувьцаа гаргах вэ, аль эсвэл бүгдэнд нь зэрэг гаргах уу гэсэн асуултад хариулт өгөх үлджээ. Гурван хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргалаа гэж бодоход хүлээх хариуцлага нь ч өндөр байх аж.