2012/02/07

Тавантолгойн асуудлыг хойшлуулав



 
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч чадсангүй.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр энэ асуудлыг авч хэлэлцээд ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг мөн шинэчлэн байгуулсан бөгөөд одоогоор хуралдаагүй байгаа. УИХ-ын гишүүн Батж.Батбаярын тайлбараар бол бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг маргааш үдээс хойшдоо гэхэд хуралдаж, саналаа эцэслэнэ. Түүний дараагаар байнгын хороогоор асуудлыг хэлэлцэх боломжтой болно гэж мэдэгдээд байна.

Уг нь тус бүлэг энэ асуудлыг өмнө нь хэлэлцээд “Аж ахуйн нэгжүүдэд олгох Тавантолгойн хувьцааны 10 хувийг иргэддээ олгох нь зөв юм аа” гэж үзэж шийдлээ гаргасан байсан юм. Гэхдээ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд ажлын хэсэг байгуулагдаж, тус ажлын хэсгээс “Аж ахуйн нэгжид олгох хувьцааны 10 хувийг ард иргэддээ олгохын зэрэгцээ үндэсний аж ахуйн нэгжүүд нь мөн хувьцаа худалдан авах боломжтой байхаар хууль эрх зүйн зохицуулалтыг нь тусгаж уян хатан болгох шаардлага байна” гэж үзсэн билээ. Тиймээс эл асуудал дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг нягталж, бүлгийн саналаа нэгтгэх болж буй юм.

2012/02/03

Олигархиуд дутуу орхисноо гүйцээхээр айсуй


-Тавантолгойн тендер В.Путины дохилтоор хүчингүй болсон уу- Оросын олигархиуд Монголын нүүрсний ордуудыг дахин сонирхож эхэлжээ. Тэдний дундаас монголчуудын танил О.Дерипаскагийн нэр хамгийн тод дуулдаж байна. Хойд хөршийн эрчим хүчний салбарыг "атгадаг" энэ бизнесмэн Монголд эртнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд манай улсын банк санхүүгийн салбарт ихээхэн түрэмгийгээр нэвтэрч, богино хугацаанд ноёрхлоо тогтоож байсан юм. Тэрбээр "Монголын банк санхүүгийн 35 хувь нь миний хяналтад байгаа" гэж мэдэгдэж байсан ч удаатай. Энэ бизнесмэн "Монголын нүүрсний зах зээлд ноёрхлоо тогтоо" хэмээн В.Путины илгээж байсан олигархиудын багт багтсанаар Монголын нүүрстэй анх холбогдсон гэж болно. Зарим мэдээллээр бол Сибирьт ноёрхлоо тогтоож орчин цагийн Ермак болохоор түүнтэй тэмцэлдэж байсан Борис Громов гэгчийн хүү Сергей Монголд ирж хүчээ авсан явдал голлон нөлөөлсөн ч гэлцдэг. Ямартай ч тэрбээр нүүрсний салбарт үзээд алдахаар шийдэж, нүүрсний хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Gobi Coal & Energy" компанид хөрөнгө оруулалт хийн, 31 хувийг нь эзэмших болсон юм.

Гэвч дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үеэр, 2009 оны аравдугаар сард эргүүлэн зарсан байна. Энэ үедээ тэрбээр Тувад орших Каа-Хемский, "Востсибуголь" ордоос бусдыг нь худалдаж байжээ. Харин эдийн засгийн хямрал намжингуут итгэмээргүй хурдан хөл дээрээ боссон байдаг. Түүний эзэмшлийн "Еп+" групп Тавантолгойн дэд бүтцийн ажилд оролцохоор зүтгэж байгаа гэсэн мэдээлэл ноднин хойд хөршийн хэвлэлд гарч байсан билээ. Харин энэ удаа тэд хайгуулын ажилд биш шууд орд худалдаж авах ажилд анхаарлаа хандуулахаар шийдсэн гэж байна. Тавантолгойн тендер хүчингүй болсон явдал тэдэнд өмнө нь орхисон ажлаа барьж авах боломжийг ч олгож байгаа юм.

В.Путиныг Ерөнхийлөгч болж, улс орондоо цэвэрлэгээ хийсний үр дүнд нэр бүхий хэдэн бизнесмэний ажил үйлс итгэмээргүйгээр хөгжин цэцэглэж, эсрэгээр нь хэсэг бүлэг бизнесмэнүүд алга болох нь болж, шоронд орох нь орсон билээ. Хөгжин цэцэглэсэн эдгээр бизнесмэнүүдийн орсон салбар болгондоо "цахилгаан дайн" өрнүүлж, дэгсдүүлж хэлэхэд амар хялбар аргаар гартаа оруулж авдгийн нууцыг нь үргэлж улс төрийн дэмжлэгтэй ажилладгийнх хэмээн тайлбарладаг. Тодруулбал, В.Путины дэмжлэгээр гэсэн үг. Дээр өгүүлсэн О.Дерипаска ч тэдний нэг төлөөлөгч юм. Тэрбээр Б.Ельциний засаглалын үед Тамгын газрынх нь даргаар ажиллаж байсан В.Юмашевын охин Полинатай гэрлэсэн бөгөөд хожим энэ холбоо сүлбээгээ ашиглан Б.Ельциний залгамжлагч В.Путины нөмөр нөөлөгт багтсан гэдэг. Энэ үеэс хойш О.Дерипаскагийн ажиллагаанууд асуудал үүсгэсэн байлаа ч үргэлж уснаас хуурай гарч чаддагийн нууц нь Владимир Владимирович болжээ. Өвлийн олимп зохион байгуулах болсонтой холбогдуулан Сочи хотын хамгийн ашигтай, байрлал сайтай газруудыг дээрэмдэж авсан" явдал тэдний хэрэгжүүлсэн олон "операци"-ийн зөвхөн нэг нь. О.Дерипаскагийн мэдлийн барилгын компани Сочи 2014 өвлийн олимпийн барилга байгууламжийг барих тусгай зөвшөөрлийг авсныхаа хувьд "Хотын өнгө зүс сайжруулах" нэрийн дор хэдэн мянган өрхийг хүчээр газарт оруулж, үнэгүй шахам авсан юм.

Ер нь ОХУ Монголын Тавантолгойн ордыг эзэмшихийн тулд эртнээс санаа тавьж байжээ. Ерөнхийлөгч В.Путин Тавантолгойг байлдан дагуулах зорилгоор олигархиудын багийг бүрдүүлэн Монгол руу ээлж дараалан илгээж байсан мэдээлэл хэвлэлийн шарласан хуудаснаа үлдэж хоцорчээ.

Коммерсант сонинд гарсан нэгэн нийтлэлд энэ талаар тодорхой өгүүлснийг товчлон хүргэе. "Северсталь" корпорацийн эзэн Алексей Мордашовын хэрэгжүүлэх гэж байгаа шинэ төслийг эрх баригчид дэмжиж байна. Үүнээс ч өмнө Ерөнхий сайд М.Фрадков "Mittal Steel"-ийн ноёрхлыг зогсоохын тулд Северсталь, Arcelor нэгдэхийг дэмжинэ" гэж хэлж байсан билээ. Харин А.Мордашов үүнээс гадна бас нэгэн төсөл нэлээд эртнээс хэрэгжүүлж эхэлсэн нь өчигдөр тодорхой болов. Тавантолгойн ордыг худалдаж авах талаар Монголын талтай албан ёсоор хэлэлцээр хийх эрхийг тэрбээр Ерөнхийлөгч В.Путинаас авчээ. Гэхдээ Монголд ч гэсэн түүнд өрсөлдөгч байгаа гэдэг нь нууц биш. Тэрбээр Монголын тал гадаадын хөрөнгө оруулагчаас татгалзахгүй байгаа болон 1,5 тэрбум ам.доллар байхадТавантолгойд ашиг сонирхлоо илэрхийлж болох юм байна гэсэн утгатай захидлыг Ерөнхийлөгчид ирүүлсэн байна" гэжээ.

Үүний өмнө ОХУ-ын Тээврийн сайд Игорь Левитин 2006 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн Монголын Зам тээврийн сайд Ц.Цэнгэлтэй уулзах үед Монголын тал 1500 километр авто зам барих ажилд оролцох саналыг тавихад ОХУ Тавантолгойгоо өг гэсэн асуудлыг сөргүүлэн тавьж байсан байна. /«Коммерсант» №96 (3427) от 31.05.2006/ Алексей Мордашов Тавантолгойн ордыг эзэмшилдээ авахад хамгийн гол нөлөө үзүүлэх хүчин зүйл нь улс төрийн дэмжлэг болохыг дахин дахин сануулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандитай тусгайлан уулзах боломжийг бүрдүүлж өгөхийг хүсч байв.

А.Мордашовоос гадна "Ренова" хөрөнгө оруулалтын компанийн эзэн Виктор Вексельберг мөн Тавантолгойн ордыг эзэмшилдээ авахаар хөөцөлдөж байсан бөгөөд энэ хоёр бизнесмэн хоёулаа В.Путинаас тусламж гуйж байснаас үзэхүл Тавантолгойг авахад тэдэнд үнэхээр л мөнгөний гэхээсээ илүү улс төрийн хүчин зүйл чухал байсан бололтой. А.Мордашовоос ялгаатай нь В.Вексельберг Монголын ураныг мөн сонирхож байв. Тавантолгойн асуудлаархи Монголын төр, Оросын олигархиудын уулзалт мөн оны зургадугаар сард болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хурлын үеэр, хоёр орны Ерөнхийлөгчийн уулзалт зэрэг дээр үргэлжлэн хөндөгдсөөр байжээ.

Харин энэ бүхэн дээр В.Путин олигархиудынхаа хүсч байсан шиг улс төрийн дэмжлэгийг үзүүлээгүй бололтой. Эсвэл үзүүлсэн ч Монголын талд хүчтэй нөлөө үзүүлэхээргүй байсан байж болно. Ямар ч байсан Тавантолгойд оросуудын нөлөө төмөр замаараа барьцаалж бий болгосон 18 хувиас хэтрээгүй билээ.

Тэгвэл одоо байдал өөр байна. Тендер хүчингүй болсноор Тавантолгойн нөхцөл байдал оросуудын хувьд 2006 оны үед эргэн очсон. Тавантолгойд өрсөлдөхүйц хүч чадалтай баячууд нь идэвхжиж байгаагаас энэ бүхнийг харж болно. Ер нь дэлхий нийтэд эмх замбараагүй байдал ноёлж, геополитикчид муу амлах болсноос хойш ОХУ Монголыг зөнд хаячихсан байсандаа эргээд, харамсч эхэлж байна. Үнэндээ монголчууд бид л ОХУ-ыг хамгийн ойрын холбоотон гэж боддог байснаас биш үнэндээ сүүлийн 20 гаруй жил харь холын харилцаатай явж ирлээ. Монгол, Орос хоёр хоорондоо мөнгөн тэмдэгт шилжүүлэх ч бололцоогүй. Энэ бол гарцаагүй үнэн. Бээжин явсан нэгэндээ бид хүссэн үедээ мөнгө гуйвуулдаг бол Москва руу явуулахын тулд аль нэг гуравдагч улсаар дамжуулах хэрэгтэй болдог. Жишээлбэл, бензиний төлбөрийг зөвхөн бэлнээр хий гэж шахдаг байсан үе бий. "Бултчихаж мэднэ" гэж муу санаалж байгаа нь тэр шүү дээ. Энэ бух шалтгаанаас болж тэд Монголыг алдсан. Үүнтэй хамт ашигт малтмалын оруудыг авах бололцоогоо ч алдсан нь мэдээж. Харин одоо Монгол дахь нөлөөгөө БНХАУ-аас илүү болгох гэж өөрсдийн аргаараа оролдож байна. В.Путин "бензиний цорго"-оо хааж, бизнесмэнүүдийнхээ хүсээд байсан улс төрийн дэмжлэгийг жинхэнэ утгаар нь харуулсан байж болно. Ерөнхийлөгч нь Москвад очиж орос андтайгаа уулзсаны дараа АНУ руу, Ерөнхий сайд нь БНХАУ руу яаравчлан мордсон явдал олны анхаарлаас холуур өнгөрөөгүй.

Шатахууны цоргоо хааж хүчээ мэдрүүлcэн тэдэнд одоо бас нэг том хөзөр үлдсэн нь төмөр зам юм. Хятадад нүүрсээ зарах нь тэдний "ямхын бодлого"-д орсон хэрэг гэдгийг бид ойлгож эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд Монголын уул уурхайн салбарт ОХУ-ын нөлөө өсөх учиртай. Монгол дан ганц нүүрс зөөхгүй шүү дээ. О.ДерипаскаТавантолгойн тендерт өрсөлдөхийн төлөө "Оросын төмөр зам" хувьцаат нийгэмлэгтэй өрсөлдөж байгаа гэсэн мэдээлэл хойд хөршийн хэвлэлд саяхнаас дахин үзэгдэх болжээ.

Ямартай ч дахин явагдах тендерт оросууд өмнөхөөсөө ямар ч байсан илүү амжилт гаргах нөхцөл үүслээ. Харин оролцогч нь "Оросын төмөр зам" хувьцаат нийгэмлэгээс гадна О.Дерипаска байх бололтой. Дан төрийн мэдлийн компанийг ийм "амттай" тендерт оруулах нь В.Путинд санхүүгийн талаасаа ашиггүй ч байсан байж болох юм.

2012/02/02

Т.Цогтбаяр: Иргэд хувьцаагаа дор хаяж таван жил хадгалах хэрэгтэй


Т.Цогтбаяр: Иргэд хувьцаагаа дор хаяж таван жил хадгалах хэрэгтэй

Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмших эрхтэй болсон билээ. Хэдийгээр үнэт цаасны зах зээл манай улсад үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацаа өнгөрсөн ч иргэд энэ тал дээр мэдлэг, мэдээлэл муутай байдаг.

Түүнчлэн үнэт цаасны ач холбогдол, давуу болон сул талыг ойлгохгүй байсаар өдгөө хүрсэн. Тиймээс иргэдэд зөв зүйтэй мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Цогтбаяртай ярилцлаа.

-Үнэт цаасны ач холбогдол нь юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Үнэт цаасны хамгийн чухал зүйл нь эдийн засгийн зөв хуваарилалтыг оновчтой болгодог. Энэ нь зах зээлийн тогтолцоонд хамгийн сонгодог хувилбарыг болсон гэж ойлгож болох юм. Ер нь эдийн засгийг хөгжилд түлхэц үзүүлдэг хүч нь болдог. Харин иргэд, аж ахуйн нэгж, компаниудын хувьд үр өгөөжийг хүртэх, оновчтой хуваарилах, эрсдэлийг бууруулдаг. Түүнчлэн хөрөнгө оруулагчийн хувьд үнэт цаасны үнэ ханшийн зөрүүгээс ашиг олдог. Дараа нь өөрийнх эзэмшиж байгаа үнэт цааснаас ногдол ашиг хүртдэг. Зах зээл дээр байгаа үнэт цаасыг худалдаж авснаар иргэдэд нэмэлт орлого олох боломж бололцоо маш их өндөр байдаг. Мөн манай улсыг эдийн хувьд жижиг орон гэдэг. Манай улсын хүн ам цөөн, нэмэлт орлого олох боломж нь хөрөнгийн зах зээл юм. Тиймээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй.

-Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмших эрхтэй болсон. Харин таны хувьд энэ хэр зөв зүйтэй шийдвэр гэж бодож байна вэ?
-Төрөөс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье гэж анхаарч байгаа нь сайн үзэгдэл шүү дээ. Энэ бол эерэг үр дүн. Гэхдээ бид үүнийг арав гаруй жилийн өмнө энэ бүхэн байхад нэг ч удаа хөгжүүлье хэмээн ярьж байгаагүй. Харин сүүлийн хоёр жилд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье, зөв зам руу оръё, эдийн засгийн өнөөгийн байдалд нийт иргэдээ оруулъя гэдэг улс төрийн шийдэл нь маш сайн. Цөөхөн хүн амтай улсад эдийн засгийн зөв шийдлийг гаргахад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чухал гэж байгаа нь зөв зүйтэй алхам. Гэхдээ шийдэл нь зөв хэрнээ систем бэлэн биш байхад хавтгайруулаад нийт иргэдэд хувьцаа олгож байгаа нь төөрөгдөл үүсгэж магадгүй.

-Манай улсад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд хаанаас, юунаас эхлэх ёстой юм бэ?
-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд систем, эрх зүйн орчныг нь нэлээд сайн боловсронгуй болгох хэрэгтэй. Тэгж байж бид бүтээгдэхүүн үйлчилгээндээ оролцож, үр өгөөжийг нь хүртэх тал дээр анхаарах нь чухал. Гэтэл одоо хэр нь энэ тал дээр ямар нэгэн тодорхой чиглэл гараагүй л байна шүү дээ. Тиймээс бидэнд үнэт цаасны зах зээлийн талаархи хууль хэрэгтэй байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын сангийн хууль, зөвлөхийн эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна. Мөн хүн бүр мэдээлэлтэй, мэдлэгтэй дүн шинэчилгээ, анализ хийдэг байх албагүй. Тэгэхээр мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө үнэ бодит, хариуцлагатай байх хэрэгтэй байна. Дараа нь үнэт цаасыг худалдаж аваад, зараад байх боломжийг Брокер, дилерийн компаниудад бүрдүүлж өгөх хэрэгтэй байгаа.

Лондонгийн хөрөнгийн биржээр манайхан системийн шийдэл хийлгэж байна. Онлайнаар арилжаа хийдэг болох боломж нь бүрдэнэ. Хэрвээ энэ тохиолдолд хүн бүхэнд хүртээмжтэй, оролцоотой байх боломжтой болно. Харин энэ бүхнийг бий болгоод өгвөл зөв шийдэл болох юм. Гэтэл энэ бүх зүйлийг бүрдүүлээгүй, эрх зүйн орчин дутуу дулимаг байна. Системийн шинэчлэлт явагдаж байгаа нөхцөлд төрөөс бүтээгдэхүүнээ олгох талаар яриад эхэлчихсэн. Энэ эргээд эрсдлийг дагуулах боломжтой. Түүнийхээ оронд эрх зүйн орчин, системээ шинэчилснийхээ дараагаар бүтээгдэхүүнийхээ талаар ярих байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Гэтэл иргэн бүрт олгох хувьцаанаас ашиг хүртэл жил нь болоогүй байхад өнөөдөр мэтээр тайлбарлаж байна. Магадгүй энэ шийдвэр нь 1990 онд болж байсан зүйлтэй бараг давхцаж байна. Тэр үед иргэд хувьцааныхаа учрыг олоогүй. Зарим нь маш хямдаар зарж эхэлсэн. Олонхи нь үр ашиггүй зүйл олгож хувиргаад, асуудалд орсон. Тэгэхээр энэ бүх зүйл дахин болохгүй гэх баталгаа алга байна. Тиймээс нэг нөхөр гарч ирээд 1072 ширхэг хувьцааг чинь 1.5 сая төгрөгөөр худалдаж авъя гээд нийгэмд бужигнаан үүсгэх нь ойлгомжтой. Тухайн үед хувьцааныхаа учрыг олсон, хадгалж байсан хүмүүс үр ашгаа хүртсэн.

Мөн хувьцааг өв залгамжлуулж, хадгалж, шилжүүлж, ашиг хүртэж болдог юм байна гэсэн мэдээлэлтэй болно. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгойн” компанийн хувьцаа бол үр ашигтай гэсэн ойлголт хүн бүрт байгаа. Үнэхээр нөөц нь тогтоогдоод, ашиглах юм бол үр ашигтай л даа. Хэрвээ ашиглаж чадахгүй газар дороо дараад, дээгүүрээ хэрэлдээд байх юм бол эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй. Ашиглаад, экспортлоод, боловсруулах үйлдвэр бариад, ажлын байр бий болгож, төмөр замаа барих зэрэг алхамыг хурдан хугацаанд хийж чадвал иргэд олгосон хувьцаа үнэд хүрнэ.

-Цаашид иргэд хувьцаагаа хэрхэх вэ?
-Тэгэхээр иргэн бүрт олгож байгаа хувьцааг дор хаяж таван жил хадгалах ёстой. Чадвал 10 жил хадгалсан ч болно. Түүнчлэн мэргэжлийн буюу үнэт цаасны зах зээлд оролцдог хүмүүс идэвхтэй арилжаа хийж болно шүү дээ. Харин мэдээлэл хомс, учрыг нь сайн олохгүй байгаа хүмүүс нь хадгалчих. Тэгээд хэдэн жилийн дараа өгөөжөө хүртье. Жишээлбэл, Шивээ-Овоогийн хувьцааг гэр бүлээрээ эзэмшиж байсан. Гэтэл хүүхэд нь том болоод, сургалтын төлбөрийг хийх шаардлага гарсан. Нөгөө хадгалж байсан хувьцаа нь 10 гаруй сая төгрөг болж байсан. Тэр тухайн үеийнхээр бол 14 төгрөгийн үнэтэй хувьцаа байсан.

Хэрвээ төрөөс хувьцааг иргэдэд эзэмшүүлж байгаа ч Тавантолгойгоо ашиглалтад оруулж чадахгүй бол энэ чинь үнэгүй цаас болж хувирна. Тиймээс аль болох хурдан ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Мөн Тайваньд 24 сая хүн амьдарч байна. Энэ хүмүүсийн 66 хувь үнэт цаасны идэвхтэй арилжаа хийж орлого олж байна. Бид хоёр сая гаруйхан. Мэдээллийн технологи дээр тулгуурлаад, хаана ч байсан арилжаа хийх боломж нь бүрдэх байх. Иргэдэд үнэт цаасны талаарх ойлголт, мэдээ мэдээлэл өгөх нь чухал байна.

-Одоогийн байдлаар манайд үнэт цаасны талаарх мэдээлэл өгдөг эрх зүйн орчин нь бүрдээгүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Нэн тэргүүнд систем, эрх зүйн орчноо бүрдүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн иргэдээ үнэт цааснаас ашиг хүртэх зүйлд нь сургамаар байна. Тиймээс иргэдэд мэдээллийг тэнцвэртэй хүргэх хэрэгтэй. Мөн хувьцааны ногдол ашгаа хүртэх гээд хөдөөний нэг өвгөн ирдэг. Бөөн зардал гарна. Тэгэхээр банк хоорондын үйлчилгээгээр зохицуулдаг байх шаардлагатай.

-Иргэд давуу эрхийн нэг ширхэг хувьцааг эзэмших эрхтэй болсон. Тэгэхээр давуу эрхийн хувьцааны ялгаа нь юу байх вэ?
-Давуу эрх гэдэг ногдол ашиг, өгөөжийг хамгийн түрүүнд авдгаараа онцлогтой. Түүнчлэн яг ийм зүйл өгнө гэснээ өгдөг. Гэтэл энгийн хувьцааны хувьд компани нь ашиггүй ажилласан тохиолдолд ногдол ашиг хүртэх гээд байх албагүй. Давуу эрхийн хувьцаа болохоор тухайн компани ашигтай, ашиггүй ажилласан ч бай хүртэх ёстой ногдол ашгаа заавал хүртдэг. Хэрвээ ямар нэгэн эрсдэлд орох юм бол өөрт оногдох эрсдэлээ заавал хангуулдаг. Гэтэл энгийн хувьцаа нь тухайн компани өр төлбөрт орсон тохиолдолд, дарсны дараагаар ашгаа хүртэнэ. Хэдэн төгрөг ч авч болно. Нөгөө 10 мянган төгрөг чинь юу ч үгүй цаас болж хувирахыг үгүйсгэхгүй.

-“Эрдэнэс-Тавантолгой” компанийг хувийн өмчит шилжүүлье гэсэн яриа байгаа. Хэрвээ энэ тохиолдолд ямар нэгэн эрсдэл гарвал хэн хүлээх вэ?
-Одоохондоо төрийн өмчит компани хэвээрээ байгаа. Хэрвээ хувийн өмчит компани болоод ирвэл Монголын хөрөнгийн биржид бүртгэгдэх ёстой. Хэрээ энэ тохиолдолд төрийн өмчит давамгайлсан компани болно гэсэн үг. Учир нь тус компанийн 10 хувийг Монголын ард түмэнд эзэмшүүлчихсэн. Тэгэхээр энэ компани цаашид нээлттэй хувьцаат компани болно. Энэ компанийн шийдлийг хувьцаа эзэмшигчид гаргана гэсэн үг. Хамгийн гол нь зөв менежмент чухал. Тиймээс энэ нь хувийн хэвшил, тэр нь төрийн өмчит гэж ялгаварлах аргагүй. Гэтэл хоёрхон жилийн дотор сайн ажиллаж байгаа хувийн өмчит “Энержи рерус” компани байна шүү дээ. Зах зээлд хувьцаа нь өсөөд явж л байна.

-Үнэт цаасны үнэ зах зээл дээр их хэлбэлзэлтэй байдаг. Үүнд нөлөөлдөг гол хүчин зүйл юу байна вэ?
-Үнийн хэлбэлзэлд гол нөлөөлдөг гол хүчин зүйл бол мэдээлэл шүү дээ. Жишээ нь, АПУ компани ногдол ашиг хуваарилалаа гэсэн мэдээллийн дагуу өсдөг. Гэтэл дээрхи компани үйлдвэрлэл үйл ажиллагаандаа хөрөнгө оруулалт хайж байна гэвэл хувьцаа нь шууд унадаг. Тэгэхээр аль болох мэдээллийг тэнцвэртэй хүргэх нь чухал байгаа.

-Өмнөх хувьцаа олголтоор ашиг хүртэж чадаагүй, үйлдвэр нь дампуурчихсан гэсэн зүйлийг иргэд ярьдаг. Тэгэхээр төрөөс эзэмшүүлэх 1072 ширхэг хувьцаа арай ийм зүйл болчихгүй байгаа?
-Тухайн үед үйл ажиллагаагаа явуулж байсан зарим газар менежмент муутайгаас ийм зүйл болсон. Гутлын үйлдвэр л гэхэд тухайн үед зургаан ширхэг байсан. 1997 он гэхэд ганцхан үйлдвэр нь ажиллаж байсан. Үйлдвэр нь ажилладаггүй хэрнээ компани бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байсан. Сонгодог зах зээлд дээр биржийн хувьцааны төвлөрөл 70 хувь хүрээд ирэхээр жагсаалтаас хасчихдаг. Үлдсэн хувьцаа эзэмшигчид нь хангалттай өндөр мөнгө төлөөд, гардаг. Гэтэл манай энэ зарчим ажиллахгүй байна.

-Сүүлийн хэдэн жилд Брокер, дилерийн компаниуд ихээр бий болж байна. Харин тэднийг иргэд ямар үзүүлэлтээр сонгож, үйлчлүүлэх вэ?
-Өнгөрөгч оны ихээр манай улсад мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг 49 компани байсан. Түүний 48 нь Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоонд бүртгэлтэй байдаг. Гэтэл хэдэн сарын дотор 40 Брокер, дилерийн компани нэмэгдсэн байна лээ. Харин бид үүнээс нэгийг нь ч гишүүнчлэлээр аваагүй. Учир нь хариуцлагаас айсан. Үүнийг бодлогоор шийдэх ёстой. Энэ эрхийг өгч байгаа Санхүүгийн зохицуулах өөрөө мэдэж байгаа байх. Тэгэхээр хөрөнгө оруулагчид ямар зүйл шаардах юм гэхээр тусгай зөвшөөрөл, хэдэн хүн ажилладаг, үйлчилгээний ажилтаны үнэмлэхийг үзэх бүрэн эрхтэй. Мөн тухайн компани ямар зөрчил дутагдал гаргаж байсныг нь сонирхох хэрэгтэй. Санхүүгийн тайланг нь харах эрх ч бий. Хэр хариуцлагатай, ёс зүйтэйг хүртэл шалгах эрх бий.

-Андеррайтер, Брокер, дилер, Хөрөнгө оруулалтын зөвлөх гэсэн үйлчилгээнүүдийг ихэвчлэн бичсэн байдаг. Түүнийг ямар үзүүлэлтээр олгодог юм бэ?
-Үнэт зах зээлд үйл ажиллагааны 10 тусгай зөвшөөрөл байдаг. Өөрөөр хэлбэл, Брокерийн үйлчилгээ байна. Энэ нь танд зөвлөгөө өгөхгүй. Зөвхөн мэдээлэл өгнө. Харин та шийдвэрээ гаргана. Дилер гэдэг Хөрөнгийн бирж дээр арилжаа хийдэг. Гэхдээ өөрийнхөө мөнгөөр арилжаа хийдэг. Андеррайтер нь үнэт цаас гаргагч нарын талаар мэргэжлийн танилцуулга хийдэг нөхрийг хэлдэг. Хөрөнгө оруулалтын зөвлөх гэдэг нь танд зөвхөн зөвлөгөө л өгнө. Хөрөнгө оруулалтын сан байна. Хүмүүсийн хөрөнгийг төвлөрүүлчихээд, мэргэжлийн хүмүүс нь удирддаг. Энэ талаар танд мэдээлэл өгнө. Дараа нь итгэлцэлийн үйлчилгээ байдаг. Гэхдээ зарим үйлчилгээ нь манайд байдаггүй

2012/01/30

Ө.Энхтүвшин: Иргэдэд 1072 хувьцаа олгоно



УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцээд “Иргэдийн 536 ширхэг хувьцаан дээр нэмж 536 ширхэг хувьцааг олгох нь зөв” гэж өмнөх гаргасан шийдвэрээ баталгаажуулжээ. Гэхдээ бас үндэсний аж ахуйн нэгжүүдээ хоосон хоцроож болохгүй гэж үзсэн бололтой “Эрдэнэс тавантолгой”-н хувьцааны тодорхой хувийг компаниудад худалдах боломжийг олгох ёстой гэжээ. Бүлгийн дарга Ө.Энхтүвшин энэ тухай “Засгийн газар холбогдох журам, дүрмээ гаргана. Энэ нь МАН-ын сонгуулийн амлалт болох 1.5 сая төгрөгтэй шууд холбоотой. Эхний ээлжинд ард иргэдийн гар дээр 500 мянган төгрөгийг олгоод дуусч байгаа.  Үлдэж байгаа нэг сая төгрөгийг олгохдоо олон хувилбар гаргаж ирсэн. Одоо иргэн бүртээ олгох 1072 хувьцаан дээр сонголт хийлгэнэ.  Иргэдээс нэг сая төгрөгөө бэлнээр нь авах уу, 1072 ширхэг хувьцаагаа авах уу гэдэг сонголт хийлгэнэ.  2012 оны улсын төсөвт  55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйчүүд,  мөн хөгжлийн бэрхшээлтэй 108 мянган орчим иргэн тус  бүрт нэг сая төгрөг олгох мөнгө нь туссан. Үлдэж байгаа иргэддээ мөнгийг нь хэрхэн олгох нь тусаагүй. Гэхдээ үндэсний компаниуддаа нэрлэсэн үнээр нь хувьцаагаа худалдахаар мөнгө ороод ирнэ. Тэгэхээр хувьцааны оронд нэг сая төгрөгөө авах сонголт хийсэн иргэддээ мөнгийг нь олгоно. Тиймээс УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж байна” гэсэн юм.
Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл юм байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар энэхүү төслөө Засгийн газарт өргөн барьжээ. Засгийн газар төсөлд саналаа шуурхай өгвөл хэлэлцээд явах боломжтой. Хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиараа ирэх зургадугаар сард УИХ-ын болон Орон нутгийн  сонгууль зэрэг зохион байгуулагдана. Мөн УИХ-ын сонгууль энэ удаад шинэ хуулиар явна.  Тухайлбал, сонгогчдоос санал  авах хугацаа нь 08.00-20.00 цагт хүртэл.  Орон нутгийн санал авах ажиллагаа харин 22.00 цагт хаагдана. УИХ-ын сонгуулийн дүнг бүртгэхдээ автомат системээр, орон нутгийнхыг гараар  тоолохоор байгаа гээд зөрүүтэй ажиллагаанууд нэлээд бий тул энэ бүхнийг цэгцлэх шаардлагатай гэж бүлэг үзсэн юм байна. 

Бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгсөн юм.

-Танай бүлэг УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах боломжтой гэж үзэж байгаа юу. Эсвэл өөр байр суурьтай байна уу?

-УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах асуудлыг өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулинд тусгасан байгаа. Түүнээс бус аль нэг намын байр суурь биш юм. Олон нийтийн зүгээс  хоёр сонгуулийг нэг өдөр явуулах нь бэрхшээлтэй байна, тиймээс салгах нь зүйтэй гэсэн санал гарсан.  Үүнийг УИХ дээр ярилцана.

-Нэг сая төгрөгийг 1072 ширхэг хувьцаатай дүйцүүлэн аль нэг сонголтоо хийхээр болж байна уу?

-Иргэдээр сонголт хийлгэхийн тулд саналыг нь асууна. Зарим хүмүүс нэг сая төгрөгөө авах хүсэлтэй байж болно шүү дээ.

-Нэг сая төгрөг, хувьцаа хоёр чинь тус тусдаа асуудал юм биш үү?


-Нэг зүйлийг  л хоёр талаас нь яриад байгаа юм.

-Оюутнуудын тухайд яах вэ. Тэд сургалтын төлбөр хэлбэрээр мөнгөө авчихсан. Хувьцаа ногдох уу?
-170 мянга гаруй  оюутнуудын тухайд ийм асуудал байгаа. Тэд сургалтын төлбөр хэлбэрээр мөнгөө авчихсан.   Үүнийг Засгийн газар журам, дүрмээрээ шийднэ.

-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цагаан сарын өмнө нэг сая төгрөгийг нь олгох уу?

-Энэ хүмүүсийн мөнгө төсөвт туссан. Төрийн санд мөнгө нь ороод ирвэл өгөх талаас нь ажиллана.

-Хувьцааны нэрлэсэн үнийг тогтоосон уу?

-УИХ дээр хувьцааны нэрлэсэн үнийг тогтоогоогүй байна. Урьдчилсан байдлаар  олон улсын санхүүгийн байгууллагууд “Тавантолгой”-д ямар хэмжээний үнэ өгснөөс нь шалтгалаан, нэг хувьцаа нь 1000  орчим төгрөг байх боловуу гэсэн яриа гарсан байна лээ. Үүнийг одоогоор тогтоогоогүй байгаа. Гэхдээ нэрлэсэн үнэ гарч таарна.

-Дэд сайдын асуудлыг хэзээ хэлэлцэх бол?

-Энэ бол Засгийн газрын мэдлийн асуудал. Дэд сайд нараа оруулаад ирвэл  хэлэлцээд явна

2012/01/25

“Тавантолгой” хатсан толгой болох уу?


Монгол улсын хамгийн олон жип машинтай сумаар Өмнөговь аймгийн Цогтцэций сум тодорсон гэдэг. Энэ суманд 200 гаруй айл Ланд хөлөглөдөг байна. Гэхдээ ямар ч үнэтэй машин, тансаг орон байр байгаад уух усгүй бол амьдрал хэрхэн үргэлжлэх билээ. Байгалийн асар их баялаг говьчуудад заяагдсан ч амьдрал тэтгэгч ус эрдэнэ ховор оногджээ. Угаас ховор хомс заяасан тэр ус уул уурхайд зарцуулагдах болсон нь говийнхны сэтгэлийг ихээр зовоож байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийг Ханбогд, Цогтцэций сумын иргэдтэй уулзах үеэр усны асуудал хамгийн ихээр хөндөгдөж байсан юм.

“Балгасын улаан нуур”- газар доорх Туул

Тавантолгой, Оюутолгойн ордуудыг түшиглэн уулын олборлох, баяжуулах үйлдвэр, цахилгаан, дулааны станц зэрэг усны хэрэглээ өндөртэй үйлдвэрүүд баригдах нь нэгэнт тодорхой болоод байгаа. Эдгээр ордын усны хэрэгцээг газрын гүний усаар хангана гэсэн төлөвлөгөө бий. Оюутолгой ордын хувьд “Гүний хоолой”-гоос ус татахаар болсон бол Эрдэнэс Тавантолгойн ордын усны хэрэгцээг “Балгасын улаан нуур”-ын усны орд газраас хангахаар болоод байгаа. Усны хайгуул судалгааг нарийн хийх шаардлагатайг усны мэргэжилтэн бүр хэлдэг ч өнөөдрийн байдлаар ямар нэгэн тоймтой шинэ судалгаа хийгээгүй л байна.

Балгасын улаан нуурын газрын доорх усны ордын гидрогеологийн урьдчилсан хайгуулыг 1984 онд, нарийвчилсан хайгуулыг 1987 онд дуусгажээ. Судалгааны үр дүнд энэхүү ордын усны нөөцийг 465л/секунд буюу 40176м3/хоног гэж тогтоожээ. Харин 2007-2008 онд “Шандын булаг” компани Балгасын улаан нуурын газрын доорх усны орд дээр бага зэргийн нэмэлт судалгаа хийгээд газрын доорх усны нөөцийг нэлээд хэмжээгээр багасган тооцоолсон. Тодруулбал 465л/секунд нөөцийг 150л/секунд болтол бууруулж тооцоолсон байгаа юм. Магадгүй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр усны нөөц багассан ч байж мэднэ. Ямартаа ч Балгасын улаан нуурыг дахин сайтар судлах шаардагатай болж байгааг энэ жишээнээн харж болохоор байна. “Балгасын улаан нуур”-ын гайхамшигт чанар нь говийн бүсэд ховор тохиолддог эрдэс багатай цэвэр тунгалаг байдал юм. “Балгасын улаан нуурын орд нэлээд залуу буюу дөрөвдөгчийн галавын хурдаст хуримтлагдсан, идэвхтэй солилцоо сайтай цэнгэг уст орд юм. Ийм цэнгэг усыг зөвхөн нүүрс угаахад ашиглачихвал даанч харамсалтай” гэж усны газрын мэргэжилтэн М.Чойсүрэн хэлж байна. Үнэхээр ундны усны зориулалтаар хэрэглэхээр тийм цэнгэг усаар зэс, нүүрс угаагаад барчихсан хойноо бид ус ус гэж мянга гаслаад ч энэ нуур эргэж нөхөгдөхгүй. Зөвхөн хүн, малынхаа ундны усны хэрэгцээнд ашиглавал зөв хэрэглээ болохсон. Өмнөговьчууд “Балгасын улаан нуур”-ыг уул уурхайд ашиглуулахгүй байх шийдвэр гаргахыг хүссэн өргөх бичгийг Засгийн газарт хүргүүлж байсан удаатай. Тухайн үедээ бага зэрэг шуугиад гэрэл цахилгааны асуудалдаа дарагдаж бүдгэрсэн энэ асуудал тэр чигтээ бүү замхраасай гэж хүсье.

Гадаргаас ус дамжуулах боломж бий

Манай орон усны нийт хэрэгцээнийхээ 90 гаруй хувийг газрын гүнээс аваад, ердөө хэдхэн хувийг гадаргаас хангаж байна. Гэтэл дэлхийд гадаргын усаар ихэнх хэрэгцээгээ хангаад, газрын доорх усаа нөөцлөн хадгалдаг. Учир нь газрын гүний ус эргэж нөхөгдөхдөө олон зуун жилийг зарцуулдаг. Манай говийн бүс шиг хур тунадас багатай нутагт бол гүний ус эргэж огт  нөхөгдөхгүй гээд хэлчихэд үнэнээс нэг их хол зөрөхгүй. Ийм үнэтэй баялгийг бид өнөөдрөө бодоод гамгүй ашиглаж байгаа нь үр хүүхдээсээ амьдралыг нь булааж байгаагаас өөрцгүй юм. Тиймээс газрын гүний ус ашигладгаа “хазаарлаж” усны өөр эх үүсвэр хайх цаг нэгэнт иржээ.

Усны нөөц нь жигд бус тархсан манайх шиг орон байгаль эхийн хуваарилалтыг хүний гараар тэнцвэржүүлэх хэрэгтэй болж байна. Манай орны гадаргын усны дийлэнх хэсэг нь хил давж оддог учир энэ усныхаа тодорхой хэсгийг нутагтаа торгоох нь зүй. Монгол орны хойд хэсгийн голуудад урсацын тохируулга хийх замаар усны нөөцийг нэмэгдүүлэх, усны хэрэгцээ өндөр байгаа говийн бүс рүү хүргэх боломж бий. Үүний нэг жишээ нь “Орхон-Говь” төсөл юм. Орхон голын урсацад тохируулга хийхийн ач холбогдлыг дурдвал, усны нөөц хүчийг ашиглан эрчим хүч гарган авахаас гадна урсацын зарим хэсгийг говь, тал хээрийн хуурай бүсэд шилжүүлэн ашиглаж болно. Ингэж говийн бүс рүү ус татахын гол утга учир нь голын сав газрын эко систем, усны орчинд ямар нэг хохирол учруулахгүйгээр авч ашиглаж болох усны хамгийн зохистой хэмжээг тодорхойлох, авч буй усаа хамгийн үр ашигтай, иж бүрэн ашиглахад оршино. Мөн гантай жил тохиож усаар гачигдсан үед голоо тэжээж байнгын тогтмол урсгалтай байлгах нь чухал ач холбогдолтой ажээ. Манайд гадаргын усыг алсын зайд дамжуулах туршлага байдаггүй учир иргэдийн дунд буруу ойлголт байдаг. Голын голдрилыг өөрчлөөд шууд л урсгачих юм шиг санадаг. Үнэндээ Орхон, Хэрлэн голоос усыг татахгүй. Харин үерлэсэн жилд нь усан сан бэлдээд хадгалах юм. Тийнхүү хуримтлуулсан усан сангаас хэрэгцээгээ хангаад, хадгалаад байж болох аж.

Орхон голын ус уул уурхайгаас болж ширгэж үгүй болж байхад усыг нь хуримтлуулна хадгална гэж юу яриад байна гэж та гайхаж магадгүй. Орхон гол ганц цэг биш. Олон зуун километр газар үргэлжилнэ. Харин ч усан сан барьж, үертэй жилд усыг нь хуримтлуулснаар ширгэж хатсан хэсгүүдээ тэжээх боломжтой болох юм.

Дэлхийд гадаргын усыг хуримтлуулж, дамжуулах төсөл олон байдаг. Жишээ нь, Австрали улсын “Калгуурли” гадаргын усыг алсын зайд дамжуулах төсөл байна. Австрали улсын баруун хэсэг нь усаар дутагдалтай ангамал бүс нутаг. Калгуурли бол Австралийн аж үйлдвэрийн зүрх хот юм. Тиймээс Калгуурли руу яндан хоолойгоор ус татах, тухайн үедээ мөрөөдөл гэмээр ажлыг анх инженер Коннор хийхээр зоригложээ. Энэ ажил тухайн үедээ хэний ч санаанд оромгүй байсан боловч хэзээ нэгэн цагт зайлшгүй хийгдэх ёстой байсан нь үнэн. 1903 онд Пертээс Калгуурлийн зүүн хэсэгт ус шахах анхны ажил буюу 600 км урт Коолгардын усан хангамжийн барилга баригдсан үеэс эхэлжээ. Коннорын төсөлд Мундарин Вейрийн элбэг уснаас 22700м3 ус шахах чадалтай 8 насос станцаар 355 метр өндөрт өргөж, 600 километрийн тэртээх хуурай, алтны ордтой нутаг руу ус хүргэх төлөвлөгөө тусгагдсан байв. Энэ төсөл нь 20 дугаар зууны томоохон бүтээн байгуулалтын нэг болж чадсан төдийгүй түүнтэй төстэй олон объектыг үргэлжлүүлэн барих ажлын эхлэл болсон байна. Дэлхийн улс орнуудын гадаргын ус дамжуулах төслөөс санаа авч говийн хэрэгцээгээ хангаж чадвал Эрдэнийн “толгой”-нуудаа  “цангасан толгой” болгож үлдээхгүй байх боломж бидэнд байна.  

Тавантолгой гацаанаас гардаг нь өнгөрөв

Тавантолгой гацаанаас гардаг нь өнгөрөв
Тавантолгойн ордыг Засгийн газар оноос өмнө эдийн засгийн эргэлтэд оруулахаар зүтгэж байсан ч хараахан амжилгүйгээр сонгуулийн жилтэй золголоо. Сонгуулийн жилд намууд улстөржөөд эхлэв.

АН хамтарсан засгаас гарч, улс төрийн нөхцөл байдал эргэлзээтэй болж байна. Энэ дунд мөнөөх Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай асуудал "домог" болж хувирах нь. Ядаж байхад оны өмнө баруун цанхийн тендерийг буцаачихсан, бүх ажил эхнээсээ эхэлсэн шүү дээ, орос ах нарын "буянаар". Уг нь Засгийн газраас Тавантолгойн ордын баруун цанхид БНХАУ-ын "Шинхуа Энержи", АНУ-ын "Пибоди Энержи", "Оросын төмөр зам" ХНН болон Монголын хамтарсан консорциумыг шалгаруулаад байсан.

Энэ хүрээнд цанхийн баруун хэсэгт БНХАУ 40 хувь, АНУ 28, Орос болон Монголын хамтарсан консорциум тус бүр 18 хувийг эзэмшихээр байсан. Гэвч оросууд өөрийн эзэмших 18 хувиа ихэсгэхийг шаардсанаар овоо урагшилж байсан тендерийн шалгаруулалт гацсан. Түүнчлэн Оросын тал Тавантолгойн ордод шинээр тавигдах төмөр замын эрхийг Монгол Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгт шилжүүлэх хүсэлт гаргасан гэх мэдээлэл ч гарсан билээ.

"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгт Оросын тал 50 хувийг эзэмшдэг. Дээрээс нь Тавантолгойн ордод шинээр тавигдах зам дээр ноёрхлоо тогтоох гэж оролдсон бололтой юм. Үүнийг мэдээж, Засгийн газар хүсэхгүй шүү дээ. Оны өмнөхөн Монголын талын эзэмших 18 хувийг багасгаж, оросуудад өгөх тухай асуудал яригдаж байсан. Гэхдээ шийдвэрлэгдэж амжилгүйгээр шинэ онтой золгож, бүр хамтарсан засаг тарчихлаа. Асуудал тэртэй тэргүй "бантан" болж ядаж байхад засаг тарснаар Тавантолгойтой холбоотой бүх ажил цоо шинээр эхэлж байна.

Энэ тохиолдолд хоёр жилийн турш шийдэж чадаагүй байсан хар алтны их үүцийн асуудлыг сонгуулиас өмнө шийднэ гэдэг тун хэцүү байх нь тодорхой. Ядаж байхад зүүн цанхид оператор компани шалгаруулах ажил хүртэл сураг ч алга. Уг нь баруун цанхийг бодвол арай л асуудал багатай баймаар. Аль эрт л олборлогч компаниудыг урьдчилсан байдлаар шалгаруулсан тухай мэдээлэл гарсан шүү дээ. Зүүн цанхиа ч болов эцэслэчихэн бол одоо баруун цанхи гээд сууж баймаар. Харамсалтай нь Тавантолгойн нүүрсийг олборлох компани, тээвэрлэх, төмөр зам, баруун зүүн цанхид ажиллах компани, стратегийн хөрөнгө оруулагч гээд бүх зүйл тодорхойгүй байна.

Сонгуулийн жил эхэлсэн. Хоёр нам аль аль нь улстөржиж эхэлнэ гэсэн үг. Ялангуяа Монголын ард түмний ирээдүйтэй холбоотой Тавантолгой мэтийн чухал асуудал улстөржилтийг тойрч гарахгүй л болов уу. Дотоодын улс төрийн нөлөөнөөс гадна гадаадын сонирхогч талуудын дарамт, шахалт гээд тоочоод байвал зовлон их байна.

Ядаж л ажлын хэсэг нь шинэчлэгдэн байгуулагдах нь. Ажлын хэсгийг ахалж байсан Тэргүүн шадар сайд тэргүүтэй АН-ын сайд нар ажлаа өгчихсөн. Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуягаас гадна Сангийн сайд асан С.Баярцогт, БОАЖ-ын сайд Л.Гансүх нар Тавантолгойн асуудлыг хариуцаж байсан билээ. Тавантолгойн асуудлыг хариуцах Засгийн газрын ажлын хэсэг таван гишүүнтэй, гурав нь АН-ынхан байв.

Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийн гишүүдийн талаас илүү хувь нь шинээр томилогдох нь. Шинээр томилогдсон сайд нар өмнөх ажилтайгаа танилцана, уулзаж ярилцана, худалдана гээд ажил ихтэй. Шинээр томилогдох МАН-ын сайд нарын тухайд Тэргүүн шадар сайдад У.Хүрэлсүх, Сангийн сайд Д.Хаянхярваа, БОАЖ-ын сайдад Гадаад харилцааны яамны ТНБД асан Д.Цогтбаатар нар яригдаж байгаа. Ямар ч байсан тэднийг томилсны дараа Тавантолгойн асуудал яригдаж эхлэх биз ээ.

Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тэргүүн шадар сайд тэргүүтэй зарим сайд нарыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. Дээрээс нь МАН-ын сайд нарыг үг дуугүй хүлээн зөвшөөрнө гэж байсан АН-ынхан Ерөнхийлөгчийн санааг дэмжихээ илэрхийлсэн. Байдал эвгүйтвэл шинэ Засгийн газар бүрэлдэн тогтох гэж ихээхэн хугацаа алдах нь бололтой.

Шинэ Засгийн газар байгуулагдаад Тавантолгойн асуудлыг эцэслэх гээд УИХ-д оруулаад
ирлээ гэж бодъё. Сонгууль дөхөж байхад МАН-ынханд Тавантолгойг тавиад туучих сонирхол АН-ынханд мэдээж байхгүй шүү дээ. Тэд сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж байгаа нэрээр бүх асуудлыг гацааж таарна. Тэгж байтал сонгууль болно. Сонгуулийн ажил албан ёсоор эхэлчихвэл Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулах ажил "баяртай" болж таарна шүү дээ. Хамгийн гол нь энэ бүхэн зөвхөн Тавантолгой, эсвэл монголчуудын хувийн асуудал биш. Дэлхийн анхаарлын төвд байгаа.  

Монголчууд хоёр дахь томоохон ордоо хэрхэн оновчтойгоор эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгийг дэлхий дахин нүд цавчилгүй харж байгаа. Харин монголчууд гурван жилийн турш хийж чадалгүйгээр сонгуультайгаа золголоо. Сонгуулийн дараа Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлцэл хийх, баруун, зүүн цанхи олон улсын сонирхлыг тэнцвэржүүлэх гээд бүх ажил дахиад л шинээр эхэлнэ. Юутай ч Тавантолгой гацаанд орсон. Гацаанаас гардаг нь өнгөрөв бололтой.

2012/01/23

Тавантолгой ба улсын төсөв

Тавантолгой ба улсын төсөв
Зүүн Цанхи ажиллаад эхэлсэн гэлээ ч Баруун Цанхийн хэлэлцээг алгуурлах аргагүй нөхцөл Тавантолгойд бий боллоо. Үүнд зөвхөн Засгийн газар төдийгүй УИХ ч анхаарал хандуулах учиртай.

Баруун Цанхигүйгээр Тавантолгойд том зураг зурах боломжгүй юм. Тавантолгойн бүсэд төлөвлөсөн дэд бүтэц Баруун Цанхийн хэлэлцээг хүлээн будилж эхлээд байна. Цахилгаан станц, төмөр зам, аж үйлдвэрийн парк, усны хэрэглээ, хот суурингийн бүтээн байгуулалт гээд Тавантолгойн төлөвлөлтөд Баруун Цанхийн хэлэлцээний дүн шууд хамааралтай. Баруун Цанхи яг одоо өмнийн говийн төдийгүй Монгол Улсын хөгжлийн гол зангилаа болон дуншиж байгаа юм.

Мөн 2012 оны төсөвч Баруун Цанхигүйгээр тун ч ойлгомжгүй цаас болон хувирна. Тэнд мөн л гол зангилаа эх үүсвэр, ард нийтээрээ хүлээж байгаа хувьцаа хүртэл булаатай байна. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хэн ч бай "Эрдэнэс Тавантолгой" компанийн 536 ширхэг хувьцааг өөрийн болгох боломжтой. Овоо үнэд хүрэх хувьцааны сургаар манайхан бүгд л саятан болсон мэт хөөрцөглөн ирээдүйд олох ашгаа хэдийнэ төлөвлөсөн.

Хөрөнгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурь олж авах талаар иргэдэд жилийн өмнөөс анхааруулж байсан. Мөн хувьцааны нэг бүрийн нэрлэсэн үнэ сая төгрөгөөс давах тухай ярьж байсан. Гэхдээ урьдчилан хүчээр тооцсон эл хувьцааг уг нь одоо л арилжиж эхлэх тухай албаны хүмүүсийн яриа жилийн өмнө хэвлэл мэдээллээр хөвөрсөөр байсан.

Гэтэл Тавантолгойн баруун Цанхид хөрөнгө оруулагч нь тодроогүй байхад хувьцаа арилжих тухай төлөвлөх нь сөрөг үр дагавартай. 55 наснаас дээш өндөр настан, 0-5 настай хүүхдүүдэд Цагаан сараас өмнө Тавантолгойн хувьцааг мөнгөжүүлж, сая төгрөг тараах нь ээ. Мөн дөрөвдүгээр сарын 1-ний дотор 55 нас хүртэл өндөр настанд, түүнээс доош насныханд сонгуулийн өмнө сая төгрөгөө мөнгөжүүлж авч болох тухай УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хэлж байсан.

Энэ яриа олны дунд ч тарсанч биеллээ олох эсэх нь бүрхэг байна. Жил хүлээсэн хүмүүс Цагаан cap болтол, дараа нь сонгууль хүлээх нь ээ.

-Тавантолгойгоос татах төмөр зам энэ онд эхлэх үү?

-Өнгөрсөн онд төрийн түшээдийг хоёр гурав талцуулан маргаан үүсгэн байж шийдвэрлэсэн нэг асуудал нь Тавантолгойгоос татах шинэ төмөр зам. Төмөр замыг өргөн царигаар тавих болсноор асуудал нэг талдаа багтсан. 2011 оны хоёрдугаар хагаст эхлэх байсан төмөр замаар зөвхөн нүүрс тээвэрлэх бус монголчуудад худалдааны шинэ зам нээгдэх байв.

Гэтэл шинэ сайдууд томилох, бензин шатахууны үнийн өсөлт зэрэг нийгмийг бужигнуулсан дуулиан дор он дамнасан төмөр зам саатав бололтой. Энэ онд төмөр зам тавихад төсвийн ихэнх мөнгийг төсөвлөсөн ч шинэ замын ажилд санаа тавьж буй хэн ч алга. Өнгөрсөн онд замаа эхлүүлье гэж ЗТБХБ-ын сайд X.Баттулга санаачлага гаргасан ч "Чиний зам тавьдаг гэж юу байдаг юм" гэж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэлснийг АН -ын хуралд тэрээр хэлж байсан. Одоо томилогдох сайд хэр хурдан замаа эхлүүлэхийг харах л үлдлээ. Монголыг Европ, Зүүн өмнөд Азитай холбох замын асуудал их хүлээлтийг бий болгосон.

Энэ онд хэрхэх нь тодорхойгүй. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Замаа тавиагүй байж Ази, Европ хилийн чанадад нүүрсээ экспортлох тухай яриад байгааг юу гэж ойлгох вэ. Солонгос улс хөгжлийн гараагаа бүх нутгийнхаа тосгон, жалга, дов хүртэл зам тавьснаас эхэлсэн түүхтэй гэдэг. Гэтэл Монгол Улсын хөгжлийн амин чухал асуудал шийдвэрлэгдэхдээ эхнээсээ биш араасаа яваад байгаа нь эдийн засагчид, иргэний нийгмийнхэн шүүмжлээд байгаа билээ.

2012/01/21

МАСА ИГАТА: ТАВАНТОЛГОЙН IPO-Г ЯАРЧ ХИЙВЭЛ 3-4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛД ХҮРЧ МЭДНЭ


“Frontier Securities” компанийн гүйцэт гэх захирал Маса Игататай ярилцлаа. Тэрбээр Азийн үнэт цаасны зах зээлд 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд өдгөө Монголд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж буй юм.
-Хөрөнгийн зах зээлд өрнөж буй хамгийн халуун үйл явдлаас ярилц лагаа эхэлье. “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г Лон дон, Хонконг, Монголын хөрөнгийн биржид зэрэг гаргана гэж ярьж байсан ч эцсийн дүндээ хоёрыг сонгохоос өөр аргагүйд хүрсэн тухай гаднын хэвлэлүүд бичиж байна. Бас тавдугаар сар хүртэл хугацаагаа хойшлуулна гэх мэдээлэл ч бий. Тавантолгойн IPO-г гаргахаар яарч байгаа нь хэр оновчтой вэ?
-Удахгүй сонгууль болох учраас Засгийн эрх барьж буй намуудад богино хугацаанд их хэм жээний мөнгө олох хэрэгцээ бай гаа нь то дорхой. Гэхдээ энэ нь том төсөл учраас сонгуулиас өмнө IPO хийх нь тооцолж буйгаас бага ашиг авчрах эрсдэлтэй гэж харж байна.
-Бага гэдгээ тодруулахг үй юү?
-Тавантолгойн төсөл одоогоор түүхий байна. Өнгөрсөн жил Цанхийн зүүн хэсгээс анхны сая тонн нүүрсээ гаргалаа. Бүх юм эхлэлийн шатандаа явж байна. Байнгын гэрээт олборлогчтой болоод, жил бүр 3-4 сая тонн нүүрс олборлож, цаашид энэ хэмжээгээ өсгөөд явбал хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлнэ. Мөн дэд бүтцээ хэрхэн шийдэх нь тодорхойгүй байгаа нь эргэлзээ төрүүлж эхэллээ. Одоо болтол нүүрсээ машинаар зөөж буй нь ордын үнэ цэнийг бууруулж байгаа нь нууц биш. Цанхийн баруун хэсэгт юу болох нь тодорхойгүй, ойлгомжгүй. Яахав, нэг л компани удирдаж байгаа учраас Цанхийн зүүн хэсгийг “барьцаалаад” IPO хийж болох байх. Тодорхойг үй асуудлуудаа ойлгомжтой болговол хөрөнгө оруулалт, ордын ерөнхий үнэлгээг бууруулахгүй байж болно.
-Хэрэв Тавантолгойн IPO-г сонгуулиас урьтаж хийвэл бид хэдий хэмжээний мөнгө алдах вэ. Энэ талаар тооцоо хийж үзсэн үү?
-Улс төрийн шалтгаанаар IPO-г яарч хийвэл Цанхийн зүүн хэсгийн нийт үнэлгээ ойролцоогоор 5-6 тэрбум ам.долларт л хүрэх болов уу. Харин нэг жил хүлээвэл ордын үнэлгээ 9-10 тэрбум ам.долларт хүрэх боломж бий. Гэхдээ ийм хэмжээнд хүргэхийн тулд шийдэх ёстой цөөнгүй асуудал бий. Нэгдүгээрт, компанийн засаглалыг сайжруулах хэрэгтэй. Хараат бус ТУЗ-ийн гишүүд нь олон улсын зах зээлийг сайн мэддэг, нэр хүндтэй хүмүүс байх нь чухал. Хоёрдугаарт, нүүрс угаах үйлдвэрийг түргэвчлэх нь зүйтэй гэж харж байгаа. Нүүрсээ түүхийгээр нь гаргаад байвал зардлаа нөхөх хэмжээнд, тун бага ашиг олно. Харин нүүрсээ баяжуулаад, угааж гаргавал их хэмжээний цэвэр ашиг орж ирэх боломжтой.
-Таныхаар бол Тавантолгойн IPO-г ирэх жил гаргасан дээр гэсэн үг үү?
-Тийм. Тавантолгойн ордын нийт үнэлгээ 5-6 тэрбум ам.доллар гэж тооцоход 30 хувийг хөрөнгийн биржид арилжаад 1.5-1.8 тэрбум ам.долларын ашиг олно. Харин ирэх жил гаргаад, ордын үнэлгээ 9-10 тэрбум ам.долларт хүрвэл 30 хувийг хөрөнгийн биржид арилжиж 2.7-3 тэрбум ам.долларын хөрөнгө босгох боломжтой. Засгийн газарт бэлэн мөнгө, хувьцаа тараахад 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй байгаа. Эхний хувилбараар дээрх мөнгийг хялбар олох ч унац багатай. Харин хоёр дахь хувилбараар бол 1.5 тэрбум ам.доллар илүү олох боломж байна.
-Тавантолгойн IPO-г гурван хөрөнгийн биржид зэрэг гаргах тухай ярьж байсан. Одоо бол хоёр биржийг сонгох хувилбар яригдаж эхэллээ. Гурван хөрөнгийн биржид IPO зэрэг гаргахад бид туршлагаг үйтэж магадгүй гэх болгоомжлолыг та юу гэж бодож байна вэ?
-Монгол Улс байршлын хувьд Азийн зах зээлээс хөрөнгө босгох нь илүү ирээдүйтэй гэж харж байна. БНХАУ, БНСУ, Япон, Хонконг, Сингапур зэрэг улс Монголын зах зээлийг илүү сайн мэднэ. Хүлээн авагч, худалдан авагч нь энд л бий. Энэ утгаараа Хонконгийн хөрөнгийн биржид давуу тал их байгаа юм. Гэтэл одоо Хонконгийн биржид гаргах техникийн болоод бичиг баримтын ажлууд хангагдахгүй нь тодорхой болсон учраас Лондонгийн бирж илүү амар болчихлоо. Лондон бол дэлхийн санхүүгийн төв мөн үү гэвэл мөн. Гэвч өдгөө Европ тивийн санхүүгийн зах зээл тогтворгүй, эмзэг байгаа нь Монгол Улсын хувьд эрсдэл учруулж магадгүй.
-Ер нь Азиа түшсэн нь илүү найдвартай гэсэн үг үү?
-Тийм ээ. Монголын Засгийн газар ч үүнийг ойлгож байгаа байх. Гэхдээ тэд шийдвэрээ нэгэнт гаргачихсан гэдэгт итгэлтэй байна. Энэ нь эдийн засгийн үндэслэлтэй гэхээсээ илүү улс төрийн ашиг сонирхлоо дагасан байж болзошгүй гэсэн хар төрж байгаа. Тавантолгой бол дэлхийн хэмжээний орд шүү дээ. Энэ том ордыг улс төрийн шаардлагаас болж үнэгүйдүүлбэл харамсалтай л юм.
-Монголын хөрөнгийн биржийн шинэчлэл өнг өрс өн онд дэлхийд хоёрдугаар байранд үнэлэгдсэн. Удахгүй Тавантолгойн хувьцаагаа өөрийн биржид арилжаална. Монголын хөр өнгийн биржийн ирээдүйг та хэрхэн харж байна вэ?
-Хөрөнгийн биржийн хамгийн гол асуудал компанийн засаглал болж байна. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг анхаарч үзэх нь чухал. Монголын хөрөнгийн биржийн ирээдүйн төсөөлөл өөдрөг харагдаж байна. Арван жилийн өмнө 400 сая ам.долларт эргэлдэж байсан зах зээл өдгөө хоёр тэрбум ам.доллар давчихаж. 10 жилийн дараа энэ тоо 100 тэрбум ам.доллар хүрнэ гэдэгт би эргэлзэхгүй.
-Монголын эдийн засаг хэт халалттай байгаа нь үнэн. ДНБ 15 хувиар, эдийн засаг 17 хувиар өслөө л гэх. Эдгээр өсөлт ямар эрсдэл дагуулах вэ?
-Инфляцыг тогтоож барих хэцүү. Эдийн засаг тэлж байгаа учраас инфляц хурдан өсөж байна. Эцэст нь ард түмэнд хүнд тусна. Төгрөгийн ханш их сулрахаас гадна Дэлхийн банкны анхааруулж буй баялгийн хараал тусах магадлал өндөр. Мөн Ардчилсан нам Засгийн газраас гарч улс төрийн тогтворгүй байдал үүсгэсэн нь хөрөнгө оруулагчид итгэл алдахад хүргэж байна.
-Энэ онд улс төрийн нөхцөлөөс үүдэж, хөрөнгө оруулалт саарах магадлал бий тухай шинжээчид бичиж байгаа. Тэднийг үргээхгүйгээр асуудлыг шийдэх зөв гарц юу вэ?
-Дээр дурдсан эрсдэл байгаа ч тэд Монголд хөрөнгө оруулахаа больё гэж чадахгүй. Учир нь ойрын 10 жилд эдийн засаг нь хурдацтай өсөх энэ оронд хөрөнгө оруулах сонирхол их байна. Тэдний зүгээс тодорхой байдлыг л хүсэж буй байх. Эдийн засаг нь, улс төрийн шийдвэрүүд нь гэнэтийн “шок” үүсгэхгүй л бол ойрын хэдэн жилдээ Монголоос “уйдах” шалтгаан байхгүй.
-Монголын эдийн засгийн талаарх урт хугацааны төсөөлөл харьцангуй өөдрөг байна. Монгол Улс Азийн эдийн засагт нөлөө бүхий орон болох боломж бий юү?
-Монголын ирээдүйг өөдрөгөөр харах цөөнгүй шалтгаан бий. Гэвч үүнийг дагаад эрсдэл ч байна. Жишээ нь, Монголд өнөө хэр БНХАУ, ОХУ гэх хоёр том хөршийн нөлөө буурсангүй. Мөн хүн амын цөөн хэсэг баялгийн ихэнхийг эзэмшиж байгаа нь тэгш хуваарилалтыг эргэн харах хэрэгтэйг сануулж байна.

2012/01/18

Тавантолгойн IPO хийх ажил ирэх тавдугаар сард эхэлнэ гэв


Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар байгуулагдсан төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани Хонконгийн хөрөнгийн биржид гурван тэрбум ам.долларын IPO босгох хугацааг түр хойшлуулсан талаар “Ройтерс” мэдээлсэн.  “Эрдэнэс Тавантолгой” Улаанбаатар хот дахь Монголын хөрөнгийн бирж болон Лондоны хөрөнгийн биржид хөрөнгө босгохоор төлөвлөж байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой”-г олон улсын банкуудаас гаргасан Global depository receipt” /GDR/ буюу олон улсын хадгаламжийн сертификатад үндэслэн Лондоны хөрөнгийн биржид бүртгэх аж. “Erdenes MGL” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш Тавантолгойн IPO хийх ажил ирэх тавдугаар сард эхэлнэ гэж “Ройтерс”-т мэдээлсэн байна. Өнгөрсөн оны сүүлээр, энэ оны эхээр гаргахаар төлөвлөж байсан IPO хийх ажлыг дэлхийн санхүүгийн болзошгүй хямралаас үүдэн яаравчлахаар болж байгаа гэнэ. Хонконг одоогоор Монголын компаниудыг Азийн хөрөнгийн биржид бүртгэхгүй байгаа боловч “Эрдэнэс Тавантолгой” татварын хөнгөлөлт эрэлхийлж байгаа аж. Өмнөговь аймаг дахь Тавантолгойн орд нь 7.5 тэрбум чулуун нүүрсний нөөцтэйгээс гадна гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд коксжих нүүрсний асар их баялагтай. “Эрдэнэс Тавантолгой”-г Хонконг, Лондоны хөрөнгийн биржид бүртгүүлж, IPO босгох ажлыг BNP Paribas,  Deutsche банк, Goldman Sachs  болон Macquarie зэрэг банкууд хариуцаж байгаа юм.

2012/01/17

Иргэд өөрсдийн хувьцааг авахдаа мэдээлэл сайтай байх нь чухал

Иргэд өөрсдийн хувьцааг авахдаа мэдээлэл сайтай байх нь чухал
Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэн бүрт олгохоор болсон. Тэрхүү хувьцааг хаанаас ямар аргаар олж авах талаар өөрийн гэсэн мэдлэг хомс байдаг.

Энэ талаар Үнэт цаас төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн олон нийтийн ажилтан Ж.Байгалмаагаас тодрууллаа.

-Иргэд хувьцаагаа орсон эсэх талаар хаанаас ямар мэдээлэл авах вэ?

-Манай үнэт цаас төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв маань иргэдийн асуудлыг шийдэх болон өв залгамжлуулах үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас манай олон нийттэй харилцах алба 1991-1994 оны хувьцааны талаар манай www.schcd.mn гэсэн вэб сайтаас мэдээллийг авна. Мөн зөвхөн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 536 хувьцаа орж байгаа.

-Брокерын компаниудад дансаа хэдэн төгрөгөөр нээлгэж байна. Одоогоор хичнээн брокорын компани үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Одоогоор Монголын Хөрөнгийн Бирж болон Санхүүгийн Зохицуулах Хороонд албан ёсны бүртгэлтэй гээр үйл ажиллагаагаа явуулж буй 62 Брокер, Дилерийн компани үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээрээс сонголт хийн өөрийн дансаа 5000 төгрөгөөр нээлгэж үнэт цаасаа хадгалуулах эрхтэй. Мөн шалгаад үзэхээр шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүмүүсийн хувьцаа орсон ч дансгүй байх тохиолдол бий. Ийм үед та өөрийн нөхрийн болон аавийнхаа нэрийг хийгээд хайж үзэх хэрэгтэй. 1991-1994 онд ихэнх өрхийн тэргүүн өөрийн эхнэр болон хүүг хамтын эзэмшигчээр нэг дансанд хувьцаануудаа байршуулдаг байсан. Магадгүй таны нөхөр эсвэл аав өмнө нь олгогдож байсан хувьцааг тань өөрийн дансанд хамтран эзэмших эрхтэйгээр байршуулсан байж болно. Мөн таны хуучин хувьцаа зарагдаагүй, хөдөлгөөнгүй байсан бол дээрх онд үнэгүй данс нээж өгч байсан. Тиймээс манай байгууллагад хандан өөрийн хувьцааг шалгуулж үнэгүй данс нээх эрхтэй болж байгаа юм.

-Иргэд хамгийн сайн брокерын компани аль нь болохыг мэдэхгүй байгаа талаар ярилцаж байна. Энэ тал дээр та ямар хариулт өгч чадах вэ?

-Брокерын компани гэдэг нь үнэт цаас сонирхож байгаа иргэдийн хамгийн анхан шатны гол байгууллага. Энэ талаар манай хаас иргэд их асууж орж ирдэг. Манай байгууллага бүх брокерын байгууллагуудтай хамтарч ажилладаг учир аль нэгийг нь сайн гэсэн хариултыг өгч чадахгүй. Өөрсдийн сонгох сонголт юм. Харин брокерын компани танд хэр зэрэг үйлчилгээ үзүүлж байна, хүссэн мэдээллээр хангаж чадаж байгаа эсэх, зөвөлгөө хэр сайн өгч байгааг харгалзан үзэх хэрэгтэй. Нөгөө талаас брокерын компанийн санхүүгийн тайлантай танилцах хэрэгтэй. Мөн хөрөнгийн биржийн веб сайт дээр брокерын компаниудын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг. Түүнээс харгалзан сонгох нь их зүйтэй сонголт байж болох юм. Хэрэв брокерын компаниа сольсон тохиолдолд таны хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэлд холболтын данс гэсэн цэсэн дээр шинэчлэгдсэн брокерын компани гарч ирнэ.

-Хэрэв үнэт цаасаа зарах, авах сонирхолтой иргэдэд ямар зөвөлгөө өгөх вэ?
-Өөрийн сонгосон брокерын компанид очоод зарах захиалгаа өгнө. Өөрийн хувьцааны үнийг эхлээд судалсан байх хэрэгтэй. Үнэтэй байхад нь зарж байна уу, хямдхан байхад нь зарж байна уу гэдэг талаар брокерын компаниасаа зөвлөгөө авч болно. Хэрэв хувьцаа худалдаж авах сонирхолтой бол өөрийн дансанд тодорхой хэмжээний мөнгийг байршуулсан байх ёстой. Учир нь тухайн худалдаж авах гэж байгаа хувьцааны талаарх үнийг мэдэх ба хэдэн ширхгийг авах талаар ойлголттой байсан нь дээр. Энэ талаар брокерын компаниуд маш сайн зөвлөгөө өгч байх ёстой юм.