2011/12/08

Д.Ганхуяг: “Эрдэнэс Тавантолгой” хувьцааны ханш 3-4 сая төгрөгт хүрнэ

Д.Ганхуяг: “Эрдэнэс Тавантолгой” хувьцааны ханш 3-4 сая төгрөгт хүрнэ
УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай иргэдэд олгох нэг сая төгрөг, Тавантолгойн хувьцааны талаар ярилцлаа.

-Ирэх оны төсөвт эх орны хишиг хувьцаа болж хувирлаа. Амлалт, хувьцаа хоёр ялгаатай ойлголт биз дээ?
-Төсвийн тухай хуульд ирэх оны хоёрдугаар сарын 1-ны дотор нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй тэнцэх хувьцааг иргэдэд олгох шийдвэр гарлаа. Иргэд "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны 30 хүртэл хувийг Монголын болон олон улсын хөрөнгийн биржид борлуулж болно. 536 ширхэг хувьцааг хамгийн багадаа нэрлэсэн үнээрээ сая төгрөгөөр зарж болно. Харин түүнийг хадгалвал, 3-4 сая төгрөгийн үнэ хүрнэ гэсэн таамаглал бий.

Нөгөө талаас Хүний хөгжил сангийн тухай хуульд ирэх оны долдугаар сарын 1 хүртэл 21 мянган төгрөгөө өгдгөөрөө өгнө. Дараа нь хуулийн заалтын дагуу “"Эрдэнэс МГЛ" компанид стратегийн ордуудын төрийн мэдлийн хувийг нэгтгэж иргэдэд давуу эрхийн хувьцаа эзэмшүүлнэ" гэснээр иргэд насан туршдаа ногдол ашгаа авах юм. Нэг сая 500 мянга бол бэлэн мөнгө. Хувь хишиг, хувьцаа тараана гэдэг Үндсэн хуульд заас-наар ашигт малтмал бол ард түмний өмч гэдгийг баталгаажуулж байгаа хэрэг. Улсын төсвөөр хайгуул хийсэн 15 ордын төрийн мэдлийн хувийг давуу эрхийн хувьцаагаар эзэмшинэ гэсэн үг.

-Ахмадуудад нэг сая төгрөгийг 3-4 сард насны ангиллаар олгохоор байсан. Тэгэхээр хоёрдугаар сарын 1-ний дотор бүгдийг олгоно гэсэн үг үү?

-Тийм. Монгол Улсын бүх иргэнд хоёрдугаар сарын 1 гэхэд хувьцааг тараана. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөнгөжүүлж авна гэвэл шат дараатайгаар зохицуулна.

-536 ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг хамгийн багадаа нэг сая төгрөг гэж үнэллээ гэсэн. Тэгвэл 1072 ширхэг болж тоо нь өсвөл хэд болно гэж ойлгох вэ?
-Өнөөдөр 39 дүгээр тогтоолын хэрэгжилт хангалтгүй байна. Тиймээс Засгийн газар 1,5 сая төгрөгийг бэлнээр нь тараах асуудлыг УИХ-аар батлуулсан. Хувьцааг хадгалах тусам үнэд орно.

-Оюутнууд 21 мянган төгрөгөөр 500 мянган төгрөгөө авч байна. Нэг сая төгрөгөө хоёр жил дараалан сургалтын төлбөртөө авч байгаа. Хувьцаа авах боломжгүй болж байгаа юм биш үү?

-Оюутнууд нэг сая төгрөгөө сургалтын төлбөрт аваад байна. 500 мянган төгрөгөө ирэх оны долдугаар сарын 1 хүртэл сар бүр 21 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн авна. Үлдсэн мөнгөө хувьцаагаар авч болно.

-Оюутнууд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 70 мянган төгрөг авна. 21 мянган төгрөгөө давхар авах уу?
-Авна. Хуулийн хүрээнд авах эрх нь нээлттэй.

-Хувьцаагаа мөнгөжүүлэх эрх нээлттэй ч он гараад бэлэн мөнгө авна гэсэн иргэд хувьцаа авна гэхээр хүлээлт нь талаар болох вий гэж зарим эдийн засагч шүүмжилдэг. Та үүнд юу хэлэх вэ?
-Нэг сая төгрөгийн хувь хишиг хүртээе гэсэн. Хэрэгжүүлэхдээ хувьцаа болон бэлэн мөнгөөр тараах зэрэг ямар ч хэлбэр байж болно. Ардчилал бол сонголт.

-Хувьцааны үнэ 3-4 сая төгрөгг хүрэх баталгааг та юугаар тайлбарлах вэ?
-Өнөөдөр нэг сая төгрөгийн хувьцааны нэрлэсэн үнийн хамгийн доод баталгааг дөрвөн сая битгий хэл арван сая хүрнэ гэж хэлж чадна. "Эрдэнэ МГЛ"-ийн давуу эрхийн хувьцааны ханш өсөх магадлал өндөр. Үеийн үед ногдол ашиг авна.

2011/12/07

Аль намын амлалтыг сонгохоо шийдээрэй?

Тавантолгойн ордын 20 хувийг  иргэд хүртэх эрхтэй болсон.
Ингэснээр иргэн бүр 1072 ширхэг хувьцааны эзэн болж байгаа юм. Ийнхүү  баялгаас хүртэж, өмчтэй болж байгаагийн учир нь 2008 оны УИХ-ын сонгуулиар улстөрийн намуудын амласан амлалтын биелэл гэж ойлгож болно.
Харин тухайн иргэн МАН-ын амлалтыг сонгох уу, АН-ын амлалтыг сонгох уу гэдэг асуултын өмнө тулж ирлээ.  Сонгуулийн амлалтын ид халалтын үед МАН 1,5 сая төгрөг, АН 1 сая төгрөгийн үнэ  бүхий хувьцаа амласан нь нийлээд 2,5 сая төгрөг гэж ойлгогдож байв.
Амлалт нэхсэн хүмүүс 2,5 сая төгрөгөө авъя гэсэн шаардлагыг хүргүүлж ч байсан билээ. Тэгвэл хамтарсан Засгийн газар амлалтаа нэгтгэсэн төдийгүй эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй байхаар бодож сонголттой болгожээ. Өөрөөр хэлбэл аль намын амлалтыг зөвшөөрч саналаа өгсөн тэрийг сонгох ёстой мэт ойлголт төрж байна.
Ингээд  энэ шийдвэрийг гаргасан УИХ-ын гишүүдийн ярианаас аль сонголтыг хийхээ иргэн та шийдээрэй.
УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир: Хүн амын 60 орчим хувь хувьцаагаа мөнгөжүүлэх байх
-Иргэн бүр Тавантолгойн ордын өөрт оногдож байгаа 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлж нэг сая төгрөгтэй олох боломжтой болсон. Гэхдээ хувьцаагаа зөвхөн Засгийн газарт худалдахаар хуульчилж өгсөн.
Ер нь эдийн засагч хүний нүдээр харахаар оновчтой шийдэл болж байгаа юм. Ард түмний дийлэнх хувь ядуу маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэж байгаа үед мөнгөжүүлэх хувилбарыг санал болгож байгаа.
Хувьцаа олгоод эхлэхээр хүн амын 60 орчим хувь нь мөнгө болгохоор хүлээж байгаа гэж бодож байна. Нэгэнт улстөрийн намууд хувьцаа, бэлэн мөнгө амлаж хүлээлт үүсгэсэн болохоор өгөх ёстой.
УИХ-ын гишүүн А.Тлейхан: Хувьцаа, бэлэн мөнгө гэсэн хувилбараас сонголтоо хийнэ
-УИХ-ын 39 дүгээр тогтоолоор Тавантолгойн ордын 10 хувийг иргэн бүрт 536 ширхэг хувьцаа болгож олгохоор болсон.
Дараа нь  хэсэг гишүүн аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах 10 хувийг иргэн бүрт олгоё  хэмээн тогтоолд өөрчлөлт оруулах төсөл санаачилсан. Ингэснээр иргэн бүр 1072 ширхэг хувьцаатай болж байна. Ирэх жилийн хоёрдугаар сараас иргэн бүр хувьцаагаа авч эхэлнэ.
Харин тухайн хүн би хувьцаа авахгүй мөнгөтэй болмоор байна гэвэл Засгийн газар хувьцааг нь нэг бүрийг нь мянган төгрөгөөр бодож нэг сая төгрөгөөр худалдаж авна.
Тэгэхээр нь иргэн хувьцаа, бэлэн мөнгө гэсэн хувилбараас сонголтоо хийнэ.
УИХ-ын гишүүн Л.Гүндалай: Хувьцаагаа хадгалвал үнэд хүрнэ гэдгийг хэлье
-Иргэн бүрт 536 ширхэг хувьцаа өгөхөөр УИХ анх шийдэж байсан. Өнөөдөр энэ нь 1072 ширхэг болоод байна. Одоогоор ширхэг бүрийг нь мянган төгрөгөөр үнэлэхэд нэг сая 72 мянган төгрөг болно.
Ирэх оны хоёрдугаар сарын 1 гэхэд иргэн бүрт энэ мөнгөн дүнтэй 1072 ширхэг хувьцаа олгогдоод ирэхээр тухайн хүн хувьцаагаа банкинд барьцаалж нэг сая төгрөг авч болно. Энэ мөнгөө эргэлдүүлж байгаад эргүүлээд банкнаас хувьцаагаа авна.
Энэ хооронд хувьцааны үнэ өсөөд хоёр гурав, дөрвөн сая ч болсон байхыг үгүйсгэхгүй. Харин иргэд Засгийн газарт хувьцаагаа худалдвал нэг ч удаа сая төгрөгтэй болно. Буцааж авна гэсэн олголт байхгүй.
Тэгэхээр иргэд хувьцаагаа худалдалгүй аль болохоор хадгалвал цаг хугацаа явах тусам үнэд орно гэдгийг хэлмээр байна. Тавантолгой ордын хувьцааг дэлхийн зах зээлд гарахад таны хувьцаа хэдэн ч сая төгрөг болж болно.
УИХ-ын гишүүн З.Энхболд: Монголын иргэн дэлхийн хамгийн том нүүрсний ордны хувьцаа эзэмших болж байна
-Иргэн бүрт олгогдож байгаа 1072 ширхэг хувьцаанаас хэрэв өөрөө хүсвэл Засгийн газарт эргүүлэн худалдаж болно.
Энэ хувьцааг нь худалдаж авахаар ирэх оны улсын төсөв 442 тэрбум төгрөг суулгаж өгсөн байгаа. Иргэн мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нэг сая төгрөгийн хувьцаа авна. Үүнийгээ хадгалах хэсэг нь хадгалаад, худалдах, мөнгөжүүлэх сонирхолтой нь Засгийн газартаа худалдаж болох юм.
Дэлхийн хамгийн том нүүрсний уурхайн хувьцааг иргэн бүртээ эзэмшүүлж байгаа. Харин та хадгалаад явах уу, Засгийн газарт худалдаж нэг сая төгрөг болгох уу гэдгээ сонгоно.

2011/12/06

Тавантолгойн хувьцаа тарган ууц, тавгын боов болно, мөрийцөх үү



Сонгууль айсуй. Сонгуультай зуузай холбохын тулд улстөрийн хүчнүүд амлалтаа биелүүлэх ёстой.
Тэр ч утгаараа амлалтаа хэрэгжүүлэх их аянд Монголын төр засаг, нам эвслийнхэн морьджээ. Чухам л их сунгаа болж байх шиг байна. Гэхдээ их сунгааны эцсийн дүн гарахаас өмнө энгийн иргэд л ихээ хохирох бололтой дог. Нэгэнтээ өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмнийг хошгируулна гэж хэлснийг намын нөхөд нь гар утасныхаа камерт биччихээд интернэтээр цацсаныг олж үзчихээд гол гонсойж байж билээ.
Итгэдэг, найддаг бас хүндэлдэг улстөрч маань биднийгээ хошгируулахаас өөрийг боддоггүй гэж үү гэж бодоод тэр л дээ. Ямартай ч Ерөнхийлөгчийн ард түмнийг хошгируулах арга технологийг өнөөдөр төр засгийн эрх барьж эрхмүүд ихээ сайн эзэмшсэн юм байна гэж бодох боллоо. Ядаж байхад энгийн иргэд ямар ч их хошгирдог юм бэ, хаширна ч гэж харин ч нэг байхгүй бололтой юм билээ. Гэхдээ энэ удаа иргэдийг битгий хошгироорой гэж захимаар байна. Эсвэл хошгирохыг нь хоригломоор байна. Хошгирсон нэгэнд нь хатуу арга хэмжээ авна гэж айлгадаг ч юм бил үү гэж бодох боллоо.
2008 оны сонгууль будлиантай булхайтай бас буун дуутай болсон ч монголчууд уучилсан, бүх юмны эхлэлийг тавигсдыг… Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, хуйвалдаж, хулхидахын идийг гайхуулж байхыг хараад заримдаа хэтэрхий ядуу учраас нэг, 1.5 сая төгрөгийн амлалтанд нь найдаж сонголт хийсэн ард түмнээ өрөвдөөд уйлмаар ч болсон удаа бий. Амлалт бас Монгол хүний амиар наадсан сонгуулийн хүчинд дулдуйдсан төр засгийн эрх баригчид бас ч гэж бантсандаа ажиллах гэж амлалтаа биелүүлэх гэж хичээж буйг хараад уярсан. Юуг нь нуухав. Гэтэл өнөөдүүл чинь ирж буй сонгуулийн сургаар өмнөх хойтхоо ор тас мартаж орхих шиг байна.
Нэгэнтээ л АН нэг сая, МАН 1.5 сая төгрөг өгнө гээд амалчихсан юм чинь яаж ийгээд ард түмний өмнө амлалтаа биелүүлсэн болж харагдах учиртай хэмээн УИХ-ыг чуулганы танхимд хэрэлдэж байх зуур хамтарсан Засгийн газар хачин гоё төлөвлөгөө боловсруулчихаж. Тодруулбал иргэдэд өгнө хэмээн нэр дээр өгчихсөн хувьцааг төр ирэх оны хоёрдугаар сарын нэгнээс нэрлэсэн үнээр нь буцааж авах юм гэнэ. Мэдээж Засгийн газар Тавантолгой ямар үнэ цэнэтэй байх вэ гэдгийг урьдчилсан байдлаар хөрөнгө оруулалтын банкуудтай холбогдож судалгаа хийлгээд мэдчихсэн. Тавантолгойн орд ямар үнэд хүрэх нь хувьцаа хөрөнгийн бирж дээр арилжаалагдах үед тодорхой болно.
Хэрвээ дэд бүтэц нь бүрдээд, эдийн засгийн орчин нь таатай байгаад, зөв бодлого явуулаадахвал хувьцааны үнэ өндөр болох нь мэдээж. Гэхдээ түүнээс өмнө иргэдэд өгчихсөн 536 ширхэг хувьцааг хэрхэн зальдаж, шуудхан хэлэхэд луйвардаж буцааж авахаа цаадуул чинь төлөвлөчихөж. Иргэн 536 ширхэг хувьцаагаа зарна гэвэл нэрлэсэн үнээр нь Засгийн газар худалдаж авна гэж байна, цаана чинь. Иргэд амьдралд нь хувьцаа биш, бэлэн мөнгө хэрэгтэй гэвэл Засгийн газар түмнийхээ сонголтыг хүндэтгэн сая төгрөг өгөхөд бэлэн хэмээн Сангийн сайд мэдэгдчихлээ шүү дээ. Улстөрчид хичнээн хувиа хичээмтгийг эл мэдэгдэл илчилж өглөө.
Өдрийн хэрэглээндээ хэдэн зуун мянган төгрөг зарцуулдаг тэд ядарсан ард түмэн цагаан сарын өмнө тарган ууц, тавгын боов, бас хүний алга тэнийлгэх хятад барааны төлөө хувьцаагаа нэрлэсэн үнээр зарах гээд шуурчихна гэдгийг мундаг сайн тооцоолсон хэрэг. Тэр тооцоо нь тун ч ил юм билээ. Тэр ч утгаараа түмэн олноо битгий хошгироорой гэж гуйгаад байгаа хэрэг. Хэрэвзээ гэнэ алдаж хошгирох аваас дэлхийн шуналыг хөдөлгөсөн Тавантолгойн ордоос таньд зөвхөн энэ жилийн цагаан сараар ширээгээ чимэх тарган ууц, тавгын боов л ногдох болно. Хайран биш гэж үү.

“Эрдэнэс Тавантолгой”-н дэд захирлуудыг томилжээ


“Эрдэнэс Тавантолгой” компанийн салбар хариуцсан дэд захирлуудын томилгоо өнгөрсөн долоо хоногт болсон байна. Тус компанийн ТУЗ хуралдаж, уг томилгооны асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд уул уурхай хариуцсан дэд захирлаар Грен Хенког, эдийн засаг хариуцсан дэд захирлаар Энглес, дэд бүтэц хариуцсан дэд захирлаар Ч.Батбаяр, захиргаа хариуцсан дэд захирлаар н.Мөнхбал нарыг томилжээ.  Тавантолгой хэмээх асар их баялагтай, Монголын эдийн засгийн тулх цэг болсон ордыг хариуцсан уг компанийн дэд захирлуудын томилгоо улстөржилтөөс холуур өнгөрөөгүй бололтой. Учир нь “Эрдэнэс Тавантолгой”  компанийн дэд бүтцийн асуудлыг нь хариуцаж буй Ч.Батбаяр нь Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн бол захиргаа хариуцсан дэд захирал н.Мөнхбал МАН-ын талынх гэсэн мэдээллийг эх сурвалжууд үгүйсгэхгүй байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой”-г одоохондоо “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал  Л.Энэбиш толгойлж байгаа бөгөөд дэд захирлуудын сарын цалинг 10 мянган ам.доллараар тогтоосон гэх шум ч дэгдээд буй юм.  Мөн Төрийн өмчийн хорооноос дээрх дарга нарыг сайн ажилласан тохиолдолд “Эрдэнэс Тавантолгой”-н олсон ашгаас хувь хүртээх талаар амлалт өгсөн гэх яриа байна.

”Хувьцаа эсвэл мөнгө гэсэн сонголтыг л өгнө” гэв


Засгийн газар амлалтаа зөрчиж эхэллээ. Саяхан “Иргэн бүртээ Таван­толгойн 536 ширхэг хувьцаа олгоно. Сонгуулийн амлалт болох 1.5 сая төгрөгийг өгч дуусгана” гэж байсан. Харин одоо “Дансанд тань орсон 536 ширхэг хувьцаан дээр 536 ширхэгийг нэмж өгнө. Эсвэл хувьцааны оронд нэг сая төгрөгөө бэлнээр нь ав. 536 ширхэг хувьцаа, 1.5 сая төгрөг хоёр тусдаа зүйл биш” гэж тулгах боллоо. Монгол Улсын бүх иргэнд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгахгүйгээр нийт 1072 хувьцаа ол­гоно гэдгийг өнгөрсөн долоо хо­ногт болсон Төсвийн байнгын хо­роо­ны хуралдааны үеэр Сангийн сайд С.Баярцогт хэлж байсан юм. Ин­гэхийн тулд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа билээ. Харин Зас­гийн газрын Хэрэг эрхлэх газраас “Одоо­гийн байдлаар 500 мянган төгрөгийг бэлнээр олгох ажил үргэлжилж байгаа.  Үлдсэн нэг сая төгрөгийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр өгч дуусгана. Сая төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа хэлбэрээр ол­гоно. Ард  иргэддээ Тавантолгойн хувьцаанаас 536 ширхэгийг нь данс нээгээд шилжүүлсэн. Харин одоо 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах замаар нэмж 536 ширхэг хувьцаа өгөөд нэг сая төгрөгийг бэлэн бусаар олгоно. Тухайн иргэн хувьцаагаа авч үлдэх боломжтой. Эсвэл Засгийн  газарт хүсэлт гаргаад нэг сая төгрөгөө бэлнээр авч болно. Энэ боломжийг 2012 оны төсөвт бүрдүүлсэн” гэж мэдээллээ. Иргэдийн нэр дээр бүртгэлтэй, дансанд нь хэдийнэ орсон 536 ширхэг хувьцаан дээр нэмж 536 ширхэгийг олгосноор хувьцааны үнэ нэг сая төгрөг болох аж. Гэхдээ Засгийн газраас хувьцааны ханш 3-5 жилийн да­раа үүнээс хэд дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа юм.

Одоогийн байдлаар их, дээд сургуулийн өдрийн ангийн 160 гаруй мянган оюутан Хүний хөгжил сангийн нэг сая төгрөгөө сургалтын төлбөр хэлбэрээр авсан. Үүн дээр нэмээд энэ жил их, дээд сургуулийн орой, эчнээ ангийнханд сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөг олгохоор болсон юм. Мөн нэг сая төгрөгөө нийлүүлээд жижиг, дунд бизнес эрхэлсэн, мөнгөө урьдчилж зээлж авсан иргэн цөөнгүй байгаа аж. Эдгээр иргэндээ Засгийн газар “Нэг сая төгрөг авсан бол нэмж хувьцаа өгөхгүй” гэж хэлэхээр шийджээ. Тодруулбал, УИХ-ын 39 дүгээр тог­тоолын дагуу  1.5 сая төгрөгөө авсан бол хувьцаа эзэмших эрхгүй болох ажээ. Гэхдээ Хүний хөгжил сангийн мөнгөө сургалтын төлбөр болон орон сууцны урьдчилгаа төлбөр хэлбэрээр авсан иргэдэд хувьцаагаа авч үлдэх эрх нь нээлттэй байгаа гэнэ. Ингэхийн тулд энэ хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр авах Хүний хөгжил сангийн мөн­гөнөөсөө татгалзах хэрэгтэй болжээ. Хэрвээ мөнгөө авна гэвэл тухайн хүний дансанд орсон хувьцааг татаж авах бололтой. Орон сууцны зээл авсан иргэдийн хувьд өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа 536 ширхэг хувьцаагаа мөнгө болгоод орон сууцны зээлээ хааж болох ажээ. Гэхдээ энэ талаар УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулсны дараа илүү тодорхой мэдээлэл өгөх юм байна. Ерөнхийдөө хувьцаа хэрэгтэй гэвэл авч үлдэх эрх нь ахмадууд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн аль алинд нь байгаа гэнэ.

2011/12/02

Ч.Хүрэлбаатар: Тавантолгойн хувьцаа, сая төгрөг хоёроос иргэд сонголт хийх боломжтой

Ч.Хүрэлбаатар: Тавантолгойн хувьцаа, сая төгрөг хоёроос иргэд сонголт хийх боломжтой
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

-УИХ ирэх оны төсвийг баталлаа. Сонгуулийн жилийн гэгдэж байгаа энэ төсвийн хамгийн гол  онцлогийг та хэлэхгүй юү?
-2012 оны төсөв нэлээд хэдэн онцлогтой. Хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлж дуусах сүүлчийн жил. Хөтөлбөрт туссан олон ажлыг төгсгөл болгох, үр дүнг нь харах, баталгаажуулах, хөрөнгө санхүүг нь шийдэж өгсөн төсөв боллоо.

Засгийн газрын  хувьд амласан зүйлсээ ажил хэрэг болгохыг баталгаажуулсан төсөв боллоо гэж харж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг УИХ төсөвт суулгаж, баталж өглөө. Энэ төсвийн өөр онцлог юу гэхээр, манай улсын эдийн засаг жил болгон  өссөөр байна. Цаашид ч өндөр хурдацтай өсөх төлөв ажиглагдаж байгаа учраас жил  бүрийн төсөв өмнөхөөсөө том болно.

Гэхдээ урсгал төсөв, хөрөнгө оруулалтын харьцааг анхаарах ёстой юм. Ирэх оны төсвийн онцлог гэвэл хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлсэн. 1.5 их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх боллоо. Үндэсний компаниуд энэ ажлыг хийж гүйцэтгэх учраас эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр нь үүгээр дамжиж гарна. Дэд бүтэц бий болгох, хүний хөгжил, таатай амьдрах боломжийг бүрдүүлэх чиглэлээр сургууль, эмнэлэг, цэцэрлэг барих хөрөнгийг төсөвт суулгасан. Хөрөнгө оруулалтыг ингэж суулгаж өгсөн нь эдийн засгийн 20 хувийн өсөлтийг хангахад дэм болно. Өмнө нь голдуу урсгал зардал дээр л нэлээд өндөр хэмжээтэй мөнгө ярьдаг байсан бол ирэх жилд хөрөнгө оруулалтыг нэмж өгснөөрөө онцлог.

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гол зорилтын нэг бол хоёр намын сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэх. 2012 онд намууд иргэн бүрт амласан 1.5 сая төгрөгөө өгч дуусгах уу?

-УИХ-ын 2008 оны сонгуульд улс төрийн намууд оролцохдоо уул уурхайн баялгаас ард иргэддээ хишиг, хувь хүртээнэ гэж амласан. Тиймээс ч иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэсэн зорилтыг хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулж, УИХ баталж өгсөн. Үүнийг хэрэгжүүлэх шийдлийг ерөнхийдөө гаргалаа. Оюутолгой, Тавантолгойн ажил сайн явж байгаа учраас энэ амлалтыг хэрэгжүүлэх боломж олдсон гэсэн үг.

-1.5 сая төгрөгийг ямар журмаар олгох бол гэсэн асуулт олон нийтэд сонин байх болов уу. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Ерөнхий сайд 2010 оны дөрөвдүгээр сард ард иргэддээ хандаж үг хэлэхдээ 500 мянган төгрөгийг бэлнээр олгоно. Үлдэж байгаа нэг сая төгрөгийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр өгч дуусгана гэж мэдэгдсэн. Сар бүр 21 мянган төгрөг өгч байгаа нь явсаар 500 мянга нь дуусах юм. Үлдсэн нэг сая төгрөгийн шийдэл нь Тавантолгойн төсөлтэй уялдаж байгаа. Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоол гарч, одоо ажил нь эрчимтэй өрнөж байна. Ард  иргэддээ Тавантолгойн хувьцаанаас 536 ширхэгийг нь данс нээгээд шилжүүлсэн. Харин одоо 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах замаар ард иргэддээ сая төгрөгийн хувьцаа олгох юм. Хэрэв тухайн иргэн хувьцаагаа авч үлдэнэ, Тавантолгойн үнэ цэнэ цаашид нэмэгдэнэ гэж үзвэл  хадгалаад үлдэх боломжтой. Эсвэл тулгамдсан асуудлаа шийдэхэд мөнгө чухал гэвэл Засгийн  газар нэг сая төгрөгийг нь олгох боломжийг төсөв бүрдүүлж өгсөн. Иргэдийн хувьд нэг сая төгрөг, эсвэл хувьцаа авах боломж нь нээлттэй. Энэ бол хамтарсан Засгийн газрын үед  гаргасан зөв шийдлийн нэг. Үндэсний аж ахуйн нэгжүүдээ ч орхиогүй.

Улс орны 20 жилийн эдийн засгийн өсөлтийг бий болголоо, ажлын байр олныг гаргалаа, бидний оролцоог Тавантолгойд хангах уу гэсэн асуудал тавьсан. Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй  Засгийн газар уулзаж, ойлголцож, шийдэлд хүрсэн. Өөрөөр хэлбэл, нэрлэсэн үнээр аж ахуйн  нэгжүүдэд хувьцаа санал болгохоор ойлголцсон. Яагаад гэвэл, ард иргэдээс сая төгрөгөө авъя гэсэн хүн нэлээд гарах байх. Тэднээс сая төгрөгөөр хувьцааг нь аваад нэрлэсэн үнээр аж ахуйн нэгжүүдэд худалдах ажлыг Засгийн газар өөрөө зохион байгуулах юм. Тавантолгойн шийдэл  ард иргэдээ харсан ч, цаашдаа том Тавантолгойн ирээдүйг бодсон ч, үндэсний аж ахуйн  нэгжүүдийнхээ эрх ашгийг хангасан байдлаар нь харсан ч зөв шийдэл болсон. Энэ бол төсвийн яах аргагүй онцлог. Ард иргэд ч сая төгрөгөө бэлнээр авах боломж бүрдлээ.

-Нэгж хувьцааны нэрлэсэн үнэ, нэг хүнд нэмж өгөх хувьцааны тоо тодорхой болсон уу. Авсан  хувьцаа нь нэг сая төгрөгөөс давж үнэлэгдэх боломж бий юү?

-Засгийн газар Тавантолгой ямар үнэ цэнэтэй байх вэ гэдгийг урьдчилсан байдлаар хөрөнгө  оруулалтын банкуудтай холбогдож судалгаа хийлгэсэн. Ер нь бол ямар үнэ цэнэтэй байх нь  эцсийн хувилбараар бол хувьцаа нь хөрөнгийн бирж дээр арилжаалагдах үед тогтох юм. Үнэхээр дэд бүтэц нь бүрдээд, эдийн засгийн орчин нь таатай, зөв бодлого явуулбал хувьцааны үнэ өндөр байна. Ийм нөхцөл бүрдүүлж чадахгүй бол хувьцааны ханш унана шүү дээ. Тэгэхээр  бодитоор Тавантолгой ямар өртөгтэй байх вэ гэдэг хувьцаа арилжаалах үед тодорхой болно.  Урьдчилсан байдлаар нэрлэсэн үнийг тогтоохын тулд хийлгэсэн үнэлгээгээр бол 10 тэрбум ам.доллар болж байгаа. Энэ бол олон улсын хөрөнгө оруулалтын банкууд хөрөнгийн биржүүд дээр хүлээн зөвшөөрөгдөхүйц аргачлалаар гаргасан тоо шүү. Энэ тоонд үндэслэж Засгийн газар нэрлэсэн үнийг тогтооно. УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулсны дараа Засгийн  газар нэрлэсэн үнийг зарлах юм.

-Тавантолгойн үнэлгээг 10 тэрбум ам.доллараар тооцсон нь хэтэрхий доогуур байна гэж  шүүмжлэх хүн байна. Илүү үнэ хүрэх ёстой гэх юм?

-Зарим хүн ийм зүйл яриад байгаа. Тавантолгойн хувьцааг хөрөнгийн бирж дээр зарна шүү дээ. Тэгэхэд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар үнэ цэнийг нь тогтоох ёстой юм. Тэр аргачлалын дагуу бодоход 10 тэрбум ам.доллар байна. Би 30 тэрбум гэж хэллээ ч хөрөнгийн биржүүд хүлээн зөвшөөрөхгүй.

-Иргэдэд нэмж өгөх гээд байгаа хувьцаа нь нэг сая төгрөгийн үнэлгээтэй байх юм уу, эсвэл өмнө  нь олгосон 536 ширхэгтэйгээ нийлээд тийм байх уу?

-536 ширхэг хувьцаа ороод явна. Хэрэв тухайн иргэн хувьцаагаа зарна гэвэл нэрлэсэн үнээр нь Засгийн газар худалдаж авахад бэлэн байна. Одоо бол 536 ширхэг хувьцаа нь иргэн бүрийн  дансанд бүртгэгдсэн байгаа. Иргэн хүн амьдралд нь хувьцаа биш, бэлэн мөнгө хэрэгтэй гэвэл  Засгийн газар сонголтоор нь сая төгрөг өгөхөд бэлэн байгаа.

-536 ширхэг хувьцааны үнэ ерөнхийдөө нэг сая руу дөхнө гэсэн үг үү?
-Үгүй ээ, 536 дээрээ нэмж хувьцаа олгоно.

-Засгийн газар Тавантолгойн хувьцааны нэрлэсэн үнийг 800-1000 төгрөгөөр тогтоож, 536 ширхэг хувьцаагаа 1072 болгож өсгөөд “Хүний хөгжил сан”-гаар дамжуулж өгнө гэж ойлгож болох уу.  Иргэд хүсвэл хувьцаа бус сая төгрөг авах нь гэвэл зөв үү?
-Ер нь 39 дүгээр тогтоолд орох өөрчлөлтүүдийн агуулга таны хэлсэн шиг хийгдэж байгаа. 39 дүгээр тогтоолын өөрчлөлтийг батлангуут хэдэн хувьцаа байх уу, ямар үнэлгээтэй байх вэ гээд  бүх юм эцсийн байдлаар тодорхой болно. Энэ ажлыг 14 хоногийн дотор хийх байх.

-Сонгуулиас өмнө хувьцааг мөнгөжүүлэх чадвар Засгийн газарт байгаа юм уу?

-Улсын төсөвт 400-гаад тэрбум төгрөг суусан. Тухайлбал, ахмадуудын, хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн мөнгө бий. Нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэд мөнгө авах уу, хувьцаа авах уу гэсэн  сонголтоо хийх юм. Мөнгө авна гэвэл Засгийн газар олгоод явна. Нөгөөтэйгүүр, Засгийн газар Тавантолгойн хувьцаанд үндэслээд хөрөнгө босгох боломж бүрэн бий. Энэ ажлыг сонгуулийн өмнө дууссан байхаар зохион байгуулах боломжтой.

-Оюутнууд нэг сая төгрөгөө сургалтын төлбөр хэлбэрээр авчихсан. Тэгэхээр Тавантолгойн хувьцаанаас авахгүй гэсэн үг үү?
-Нэг хүнд 1.5 сая төгрөг очихоор бүх ажлыг хийсэн. Түүнээс биш 1.5 сая төгрөгөө аваад, дээр нь  хувьцаа авна гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, нэг хүнд очих нь оюутны сургалтын төлбөр ч бай, хувьцаа ч бай багцлагдаад 1.5 сая дотроо бүх юм багтаж байхаар УИХ тогтоол гаргасан.

-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаад нэг сая төгрөгөөрөө зээлээ төлж, дээр нь 536 ширхэг хувьцаатай байх нь гэж ойлгож байгаа?
-536 ширхэг хувьцаа өөрийнх нь нэр дээр бүртгэгдсэн байгаа. Үүнийгээ мөнгө болгоод орон  сууцны зээлээ хааж болно. Тэр хүн өөрийнхөө асуудлыг 1.5 сая төгрөг дотроо л шийднэ гэсэн үг. Байрны зээлтэй хүн гэхэд хувьцаагаа Засгийн газарт өгч нэг сая төгрөг аваад зээлээ хааж  болно.

-Тэгвэл нэгэнт нэг сая төгрөгөөрөө сургалтын төлбөрөө хийчихсэн оюутнууд Тавантолгойн хувьцааг авмаар байвал яах вэ. Нэг сая төгрөгөө буцааж өгөөд хувьцааг нэрлэсэн үнээр авч болох уу?

-Тэр бол нээлттэй. 1.5 сая дотроо тэр хүн сонголтоо хийнэ. Мөнгө нь хэрэгтэй гэвэл сая төгрөгөө авч болно. Хувьцаа хэрэгтэй гэвэл авч үлдэх эрх нь ахмадууд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй  иргэдэд ч, ер нь бүх хүнд нээлттэй.

-Улсын төсөвт Тавантолгойн хувьцааг мөнгөжүүлэх 400 тэрбум төгрөг суужээ. Гэтэл нэг сая иргэн нэг сая төгрөгөө авъя гэвэл Засгийн газар яах вэ. Аж ахуйн нэгжүүдэд хувьцааг шууд  худалдах уу?

-Төсөв дээр 400 тэрбум бий. Аж ахуйн нэгжүүд авъя гэвэл тодорхой хэмжээнд мөнгөө гаргаад авч болно. Дээр нь Засгийн газар хувьцааг мөнгө болгоё гэхэд бэлэн хөрөнгө байршуулсан байх  юм. Энд янз бүрийн эрсдэл гарахгүй ээ.

-Олон нийтийн дунд хувьцаагаа хадгалах сонирхолтой хэсэг нэлээд байгаа. Гэхдээ цэнхэр, ягаан тасалбар шиг үнэгүйдэх вий гэсэн болгоомжлол дагаад байна. Засгийн газар энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?
-Цэнхэр, ягаан тасалбарыг янз бүрээр ярьдаг л даа. Гэхдээ үр дүнтэй болсон зүйлүүд ч бий. Ягаан, цэнхэр тасалбарын сөрөг талыг Засгийн газар мэдэж байгаа. Тэр алдааг давтахгүйн тулд арилжаа наймаа хийгдвэл бүгдийг нь Засгийн газраар эхний ээлжид дамжуулна.  Хувьцаагаа авч үлдсэн хүмүүст нэлээд сайн ойлголт өгсний дараа арилжаанд орох эрхийг нь  нээж өгвөл зөв гэж үзэж байгаа. Яагаад гэвэл, Тавантолгой бол нүүрсний чанар сайтай,  дэлхийд томд орох орд. Үүнийг үнэ цэнэтэй байлгахын тулд иргэдэд зөв ойлголт өгөх ёстой.  Өөрөөр хэлбэл, Тавантолгой үнэ цэнэтэй байх нэг үндэслэл бол ард иргэд хувьцааны талаар  зөв ойлголттой, зах зээлд зөв оролцогч байх ёстой юм. Сөрөг зүйлийг давтахгүй байх талаар  Засгийн газар анхаарч ажиллана.

-Хувьцааг мөнгөжүүлэх, нөгөө талаас сар бүр 21 мянган төгрөг бэлнээр өгөх нь ханш унах, монгол төгрөг үнэгүйдэх эрсдэл дагуулна гэж эдийн засагчид хэлж байгаа. Үүн дээр Засгийн газар ямар бодлого барьж байна вэ?
-Тийм эрсдэл байдаг. Гэхдээ асуудалд яаж хандах ёстой вэ гэдгийг хэлье. Австрали, АНУ, Европын өндөр хөгжилтэй орнуудын нэг хүнд ногдож байгаа жилийн орлого нь манайхаар 40-50 сая төгрөг. Тэгсэн хэрнээ тэр орнуудад жишээ нь мах манайхаас хямд байна. Австралийн мах манайхаас яагаад хямд байгаа юм бэ. Энэ бол эдийн засагт их хэмжээний мөнгө орж ирэхээр  юмны үнэ өсдөг гэсэн ойлголт буруу болохыг баталж байна. Автсралийн нэг иргэн 40 сая төгрөгийн орлоготой байхад мах, ногоо нь манайтай л ойролцоо үнэтэй байна. Монгол дээрээ  аваад үзвэл нийлүүлэлтийн систем төгс болоогүйтэй холбоотой.

Нийлүүлэлтийн хүчин чадал нь сайжирч, малчны хотонд байгаа малын мах дэлгүүрийн лангуун дээр очиход бага зардлаар хурдан нийлүүлэгддэг бол үнэ өсөхгүй. Үүнийг Засгийн газар тооцож улсын төсөв дээр үнэ өсөхөд нөлөөлж болохуйц зүйлийн нөөцийг давхар хийгээд өгчихсөн. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт сайн хийвэл юмны үнэ заавал өсөх албагүй. Энэ оноор жишээ авъя л даа. Бүгдээрээ л 21 мянган төгрөг тараалаа, инфляц 30 хувь болно гэж ярьсан. Хаа сайгүй ингэж  ярьсан шүү дээ. Гэтэл тийм зүйл болоогүй. Яагаад гэвэл, Засгийн газраас Улаанбаатар хот болон бусад төвлөрсөн газруудад махны нөөц бүрдүүлэх чиглэл өгч, асуудлыг шийдсэн болохоор инфляц өсөөгүй. Ирэх онд ч гол нэр төрлийн бараануудын нөөцийг бүрдүүлнэ. Нийлүүлэлтийн хэмжээ бага байхад л үнэ өсдөг. Иргэдийн орлого нэмэгдэхээр үнэ өсдөг гэсэн ойлголт бол буруу.

-Монголбанкнаас нийлүүлэлтийг анхаарахаас гадна Тавантолгойн хувьцааг 5-6 жил дараалан  мөнгөжүүлбэл эдийн засаг тогтвортой байна гэж мэдэгдсэн шүү дээ?
-Монголбанк инфляц 30 хувьд хүрнэ гэж байсан хэсгийн нэг л дээ. Гэсэн ч тийм юм болоогүй.

-Ирэх оны төсөв бол амлалт биелүүлэх сүүлчийн төсөв. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 1.5 саяас өөр олон ажил бий. Сонгуулиас өмнө үйл ажиллагааны хөтөлбөрөө биелүүлж амжих уу?
-Яг өнөөдрийн байдлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр 80.3 хувийн биелэлттэй байна. УИХ-ын сонгуульд нэлээд дөхүүлээд орно. Гэхдээ 100 хувь биелүүлнэ гэж амлаж чадахгүй.  Амласан, хэрэгжүүлсэн зүйлээ бүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно. Төсөв, хөрөнгө нь ч  батлагдсан. Амьдрал юм чинь хүндрэл бэрхшээл, зовлон гээд янз бүрийн юм гарч л байгаа.

-Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах хэлэлцээ ямар шатандаа  явна вэ. Энэ талаар мэдээлэл өгч болох уу?
-Хэлэлцээ үргэлжилж байна. Мэдээж том Тавантолгойг үнэ цэнэтэй байлгах, Монгол Улсын  эдийн засагт хувь нэмрийг нь оруулахын тулд яах аргагүй бид дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг, мөн хөрш орнуудтайгаа бодлогоо тохирч явах ёстой. Тавантолгойн нүүрсийг зөвхөн Монголдоо хэрэглэхгүй шүү дээ. Хятадын нутгаар тээвэрлэнэ, Оросын нутгаар зөөнө.  Боомтуудаар нь ачиж, тээвэрлэнэ. Бусад орны зах зээлтэй холбоотойгоор худалдан авалт хийнэ. Ингээд тоочвол олон хүчин зүйл бий. Тавантолгойн цаашид үнэ цэнэтэй байлгах, эдийн засагт чухал хувь нэмэртэй байлгахын тулд яах аргагүй бусад оронтой төмөр зам, тээвэрлэлт, ачиж буулгах, транзит тээвэр гээд гэрээ хэлцэл хийх ёстой. Энэ бүх хэлэлцээг хийгээд явж байна.

-Хөрөнгө оруулагчдын хувь оролцоонд ямар өөрчлөлт орж байгаа вэ?
-Гэрээ хэлэлцээ дуусаагүй байна.

-Засгийн газрын анх зарласан хөрөнгө оруулагчид өөрчлөгдөөгүй биз дээ?

-“Оросын төмөр зам”, Япон, Солонгосын компаниудтай хамтраад консорциум болж байгаа. АНУ-ын “Пибоди” оролцож байна. Хятадын “Шинхуа”, Японы “Мицуй” компанитай хамтарч орж  буй. Энэ бүх оролцоо бүгд хэвэндээ байгаа. Бүх талтай гэрээ хэлэлцээ хийж байна. Чухам Тавантолгойд оролцсоноор ямар үүрэг гүйцэтгэх, хэдий хэмжээний хөрөнгө оруулах, нэмүү өртөг шингэсэн ямар үйлдвэр барих вэ гэдгийг ярьж байна. Ер нь бол Тавантолгойн гэрээг хийсний дараа Монголд нэмүү өртөг шингээсэн томоохон үйлдвэрүүд дагаж орж ирээсэй гэдэг үүднээс гэрээ хэлцэл хийж байгаа. Зөвхөн нүүрсээ зах зээлд гаргах биш, Монголд нэмүү өртөг шингэсэн  үйлдвэрүүд оруулж ирэх чиглэлээр хэлэлцээ давхар үргэлжилж байна.

-Өмнө нь бол үйлдвэр байгуулах чиглэлд Япон, Солонгосын тал ямар ч санал  ирүүлээгүй. Одоо тэднээс ямар үйлдвэр барих санал ирсэн бэ?
-Яриа хэлэлцээ эцэслээгүй болохоор хэлэх боломж алга.

-Хэлэлцээ хэзээ дуусах вэ. Энэ ондоо багтах уу?
-Багтаахаар ажиллаж байна.

Б.Лхагвадорж: Иргэд хөрөнгийн зах зээлд мэдлэгтэй, хариуцлагатай орох шаардлагатай

Б.Лхагвадорж: Иргэд хөрөнгийн зах зээлд мэдлэгтэй, хариуцлагатай орох шаардлагатай
"БиДиСЕК" ХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Лхагвадоржтой ярилцлаа.

-Манай улсад хөрөнгийн зах зээл гэдэг ойлголт 1991 оноос эхлэлтэй. Тэр үеийг одоотой харьцуулаад хөгжлийн төвшин ахисан байх. Харин таны хувьд ямар байна вэ?
-Одоогоос 20 жилийн өмнө хөрөнгийн зах зээл төрийн өмчийг хувьчлах зориулалтаар байгуулагдсан шүү дээ. Харин 2006 оноос хойш зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлэх тал руугаа андеррайтерийн компаниуд бий болсон.

-Аливаа нэгэн өөрчлөлт, дэвшилтэд бэрхшээл тулгардаг. Харин энэ байдал нь хөрөнгийн зах зээлд хэрхэн илэрдэг вэ?
-Нэн тэргүүнд хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн мэдлэг, мэдээлэл чухал. Одоо ч гэсэн энэ байдал дээшилсэн зүйл алга байна. Хөрөнгийн зах зээлд өнөөдөр хөрөнгө оруулалт хийгээд маргааш нь шууд ашиг хүртэнэ гэсэн ойлголттой байдаг. Тавантолгойн хувьцаан дээр хүртэл анхны үнээр нь худалдаж авна гэсэн яриа байгаа. Үнэн хэрэгтээ нөгөө хувьцаа маань ямар үнээр үнэлэгдэж байна гэдгийг мэдэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, үнэтэй юм уу хямд эсэхийг нь мэдэхгүй л явж байгаа. Ер нь хүмүүс хөрөнгийн зах зээлд мэдлэгтэй, хариуцлагатай орох зайлшгүй шаардлагатай. Түүнээс дан ганц хувьцаа худалдах ажил манай улсад 20 жил хийгдсэн шүү дээ. Манай зах зээлд байгаа үнэт цааснууд маань дэндүү цөөхөн байгаа. Хөрвөх чадварын тухайд их доогуур байдаг.

Өөрөөр хэлбэл, олон сая ам.доллар оруулж ирээд, Хөрөнгийн бирж дээрээс хувьцаа авна гэхэд олдоц муутай. Түүнчлэн хувьцааны ханш огцом өсөх магадлалтай. Нөгөөтэйгүүр олдсон цөөн хувьцаагаа заръя гэхээр худалдан авагч олдохгүй байх тохиолдол ч гарна. Зах зээл маань жижигхэн болохоор хөрвөх чадвар тааруухан байдаг.

-Тавантолгойгоос иргэн бүрт 1072 ширхэг хувьцааг олгохоор болсон. Өөрийн эрхгүй иргэн бүр хөрөнгийн зах зээлд татагдан орно. Тэгэхээр иргэдийн мэдлэгийн хэрхэн дээшлүүлэх вэ?
-Манайхаас хөрөнгийн зах зээлийн талаарх анхны ойлголт өгөх сургалтыг бямба гараг бүр зохион байгуулдаг. Ер нь төрөөс иргэдэд олон тэрбум төгрөгийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж байгаа юм чинь тодорхой хэмжээний хөрөнгө төсөвлөөд, хувьцааны талаарх нэгдсэн мэдлэг олгох нь зүйтэй байх.

-Иргэн бүр эзэмших хувьцааныхаа үр өгөөжийг хүртэж чадах уу. Цэнхэр ягаан тасалбар шиг зүйл болчих байх гэсэн болгоомжлол гадуур байна?
-Энэ бүхнийг 1990 онтой харьцуулшгүй. Гэхдээ зах зээлийн талаарх мэдлэг дутмаг байсан. Тухайн үед иргэд 474 компанийг худалдаж авах боломж байсан. Мөн тааруухан компаниудын хувьцааг эзэмших нөхцөл байдал явагдсан. Түүнээс олон компани дампуурсан. Тэр үеийн шалгуур нөхцөл байдлыг даван туулсан компаниуд өнөөдөр томорсон байна. 1990-ээд оны үед газар тариалан, барилгын компани бүгд л дампуурсан. Энэ шуурганд компаниуд өөрсдөө амьдарч чадаагүй. Тиймээс Тавантолгойн хувьцааг тэр үеийнх шиг үнэгүйдүүлэхгүй байх.

-Монголын хөрөнгийн зах зээлд Лондонгийн стандартыг нэвтрүүлнэ гэсэн байгаа. Энэхүү ажлын үр дүн хөрөнгийн зах зээл дээр хэрхэн ажиглагдаж байна вэ?

-Бидний хувьд дэлхийн стандартад нийцсэн шилдэг технологийн нэвтрүүлэх гэж байгаад таатай хандаж байгаа. Лондонгийн стандарттай холбогдох дүрэм журам, хуваарилалт хийх зэрэг ажил Хөрөнгийн бирж дээр хийгдэж байна. Ер нь ажил явж байгаа.

-Лондонгийн стандартыг нэвтрүүлснээр хөрөнгийн зах зээлд ямар өөрчлөлт гарах вэ?

-Лондонгийн стандартын системийг ирэх он гэхэд нэвтрүүлнэ гэсэн. Тэгэхээр стандартыг хэрхэн яаж ашиглахаас бүх зүйл шалтгаална. Түүнийг ашиглаж чадахгүй газар ч байхыг үгүйсгэхгүй шүү дээ.

-Манайд үйл ажиллагаагаа явуулдаг зөвшөөрөлтэй олон брокер, дилерийн компаниуд байдаг. Харин иргэдэд олгох хувьцаанаас үүдэлтэйгээр чанар гүй брокер, дилерийн компаниуд байгуулагдаж байна гэсэн. Харин иргэдийн хувьд хэрхэн ялгах вэ?
-Одоогийн байдлаар 100 гаруй брокер, дилерийн компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн үед брокер, дилерийн компани байгуулахад маш хялбар болсон. Нэгэнт Санхүүгийн зохицуулах хорооноос эрхээ аваад, Хөрөнгийн биржид суудлаа авчихсан брокер, дилерийн компанийг чанартай, чанаргүйгээр нь ялгах боломжтой. Иргэдэд хүргэж байгаа үйлчилгээнээс нь шалтгаалан мэдэж болно. Харин хувьцааны сургаар олон брокер, дилерийн компани байгуулагдсан гэдэгтэй санал нэг байна. Мэдээж энэ дотор сайн, муу компаниуд байгаа байх.

-Хөрөнгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурийг олоход хэцүү байх?
-1991 онд Хөрөнгийн бирж байгуулагдсан. Брокер пүүсүүд биржийн харьяа байгууллага гэж явдаг байсан. 1995 онд манайх тусдаа бие дааж гарч байсан. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлээд ажиллаж байна. 1997-1998 онд иргэдийн гар дээр байсан хувьцааг худалдаж авах үйл явц маш эрчимтэй явагдаж байсан. 1998-2006 оноос хөрөнгийн зах зээл уналтын байдалд орсон. Тухайн үед жилд 500 сая төгрөгийн арилжаа хийдэг байсан. 2006 оноос эхлээд гадаадын хөрөнгө оруулагчид манайхыг сонирхох, арилжаа идэвхтэй болох гээд дэвшил гарч ирсэн.

-2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөөлж байв?
-Хүндхэн байсан. Ер нь хөрөнгийн зах зээл бол маш мэдрэмжтэй салбар. Байнга арилжаа хийгдэж байдаг учраас зах зээл дээр тааруухан мэдээлэл гарахад хувьцааны үнэ унадаг.

-Хөрөнгийн зах зээлд өдөр бүр арилжаа хийгддэг. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдлыг сайтар судлах хэрэгтэй байх. Ойр ойрхон үнийн хэлбэл болдог шүү дээ?
-Энэ бүхэн зах зээлийн зарчмаараа явж байх ёстой. Мэдээж үнийн хэлбэлзэл нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, түрүүхэн үед долоон мянган төгрөгөөр 70 ширхэг хувьцаа авч байсан хүн өнөөдөр 100 гаруй сая төгрөгтэй байх жишээтэй. Мэдээж нүүрсний үнэ өсөх хандлагатай байна уу үгүй юу зэргээр судалдаг.

-Манай улсаас олон компани гадны зэх зээлд IPO хийж байна. Энэ ч бас хөрөнгийн зах зээлийн дэвшил байх?
-Хөрөнгийн зах зээлийн гол хэлбэр иргэдээс хөрөнгө татан төвлөрүүлж, компаниа хөгжүүлэх жишгээр явж байна. Мэдээж нэг хүн үүнийг хийх боломжгүй. Ашигтай ажил явуулаад эхлэхээр хувьцаа эзэмшигч болон хөрөнгө нийлүүлсэн иргэддээ тодорхой хэмжээний хувийг хүртээх гэсэн байдлаар ажиллаж байна. Монголчууд дэлхийн зах зээл дээр хөл тавьж эхэлсэн нь мэдээж хөрөнгийн зах зээлийн нэг дэвшил байлгүй яах вэ.

2011/12/01

МОНГОЛЫН НҮҮРСИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЭХ БОДЛОГО БА УРД ДУНД ХОШУУНЫ ШИЙДВЭР



 Өвөрмонголын Баяннуур аймгийн Урд дунд хошуу ны удирдлага, Нүүрсний нийгэмлэгийнхэн Монголын нүүрснээс тонн тутамд 60-120 юанийн хураамж авах шийдвэрийг хэдхэн хоногийн өмнө гаргажээ. Энэ тухайгаа импортлогч аж ахуйн нэгжүүддээ мэдэгдэж, өөрсдийн ашиг орлогыг тооцон, нүүрсний үнийг Монголын талтай ярилцах үү рэг өгсөн байна. БНХАУ-ын та лаас Мон голд тулгах гэж буй энэ шийдвэрээр түүхий нүүрсийг гадагшаа борлуулсны хөлсөнд тонн тутамд 60 юань, угаасан нүүрсний тонн тутамд хадгалалтын хураамж гэж 120 юань авах юм байна.
Үүнийг нэг талаас Урд дунд хошууны дотоодын импортлогч компаниудад зориулан гаргасан шийд вэр гэж ойлгож болох ч нөгөө талаас Монголын экс портлогч ком паниудаас авах ху раамж хэмээн ойлгож болохоор байгаа юм. Эх сурвалжууд үүнийг үгүйсгэхгүй байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Хятадын импортлогч компаниуд өөрсдийн алдагдлаа Монголоос экспортлох нүүрс ний үнэнд давхар шингээнэ хэ мээн хэлж байна. Хэрэв үүнийг Монголын тал, манай экспортлогч компаниуд хүлээн зөвшөөрвөл жилд дунджаар 400 гаруй сая ам.долларыг Хятадын талд “ху раалгах” тооцоо гарчээ.
ХЯТАДЫН ТҮНШИЛТ АЖИЛ ХЭРЭГ БОЛЖ ЭХЭЛЛЭЭ
Тооцоо бодьё. Өнгөрсөн жил 18.3 сая тонн нүүрс түүхийгээр нийлүүлж, энэ жил хоёр сая тонн орчмыг баяжуулан БНХАУ-д экспортлоно. Хамгийн багаар 18 сая түүхий нүүрсээ тонн тутмыг нь 60 юаниар тооцвол нэг тэрбум 80 сая юань. Үүнийг ам.долларт хөрвүүлбэл 170 сая ам.доллар болно. Энэ бол Монголын түүхий нүүрсийг худалдан авч хятадын бусад бүс нутагт нийлүүлснийхээ тө- лөө Өвөрмонголын Баяннуур аймгийн Урдын дунд хошууны авах хураамж. Харин одоо бая жуулсан нүүрсний тухайд тооцьё. Энэ жил хоёр сая орчим тонн баяжуулсан нүүрсийг БНХАУ-д экспортлоно. Тонн тутмыг нь 120 юаниар тооцвол 240 сая юань буюу 40 сая орчим ам.доллар болно. Энэ бол баяжуулсан нүүрсээ Баяннуур аймгийн нутаг дэвсгэр дээр хадгалуулсны төлөө Монголоос авах Хятадын татвар. Энэ хоёр хураамж нийлээд нийтдээ 200 гаруй сая ам.доллар болж байна. Үүнийг хамгийн багаар буюу өн гөрсөн онд экспортолсон түүхий нүүрс болон энэ жил экспортлох бая жуулсан нүүрсний хэмжээ гээр тооцсон.
Ирэх 2012 оноос нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэж 41.6 сая тоннд хүрэх урьдчилсан прогноз бий. Тэр үед Хятадад төлөх энэ төлбөр, хураамжийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Харин энэ ачааллыг дааж, давж гарах нүүрс экспортлогч компаниуд Монголд үлдэхгүй л болов уу. Уг нь Өвөрмонголын хошуу гэдэг Монгол Улсынхаар бол сумтай адил хэмжээний статустай, засаг захиргааны нэгж юм. Өнөөдөр Монгол Улсын экспорт, эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг бол сон нүүрс ийнхүү Хятадын нэг жижигхээн хошууны удирдлагын шийдвэрээс шууд хараат байдалд орчихсныг энэ үйл явц харууллаа. Монголын нүүрсийг үнэгүйдүүлэх, хямд, хамгийн хямд бас дахин хямд зарчмаар баялгийг нь авч түүхий эдийн бэлтгэл бааз болгох Хятадын төрийн бодлого ийнхүү Өвөрмонголын захын нэг хошууны шийдвэрээр хэрэгжиж эхэллээ. Энэ бол Монголын нүүрсний зах зээлийг хяналтандаа оруулснаа илэрхийлэх гэсэн Хятадын талын анхны оролдлого биш.
Өмнө нь ч хэд хэдэн удаа нүүрсний ү н и й г хямдруулах, хилээ хаах зэргээр биднийг түншиж байсан юм. 2011 он гараад хэдхэн хонож байхад Шивээхүрэн-Цэхэ боомтоор Хятадын тал тав хоног хилээ хааж байсныг хол богдох хүмүүс санаж бай гаа байх. Тэр үед МАК зэ рэг хэд хэдэн компанийн нүүрс хил дээр боогдож, зур гаан сая ам.долларын урс гал нам зогссон гэдэг. Шивээхүрэнтэй хил залгадаг Өвөрмонголын Альшаа аймгийн Эзний хошууны орон нутгийн захиргааныхан нүүрс импортлогч компаниудтайгаа нийлэн “Нүүрсний экспортын нийгэмлэг” гэгчийг байгуулж Монголын нүүрс экспортлогч компаниудад үнийн тулгалт үзүүлэхийн тулд ийнхүү хил хаан тохуурхаж байсан удаатай. Урдын дунд хошууны гадагшаа борлуулсан ба хадгалсан нүүрсний тонн тутмаас төлбөр авах энэ удаагийн шийд вэр ирэх оноос хэрэгжиж магадгүй болов.
Энэ нь Монголын нүүрсний экспорт ирэх жилээс эрс нэмэгдэх, Тавантолгойд БНХАУ-ын нүүрсний мангас “Шинхуа” оролцох эсэх зэрэг нөхцөл байдлуудтай холбоотой угтал арга хэмжээ хэмээн судлаачид үзэж байна. Энэ нь Монголын төрөөс баримталж буй түүхий нүүрсний экспортыг багасгах, боловсруулах, баяжуулах үйлдвэр үүдийг байгуулан нэмүү өртөг шингэсэн нүүрсийг экс портлох манай бодлогыг сөр гүүлэн тавьж буй хятад бодлого гэж ойлгож болохоор бай гаа юм. Хоёрдугаарт, Мон голын нүүрс экспортлогч ком паниудын борлуулалтын суваг болон Монголоос импортлох нүүрсний үнийг монополчлон ба рих, Монголын нүүрсийг түү хийгээр нь авах гэсэн зорилго нуугдаж буй.
МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТТОЙ ХОЛБООТОЙ БҮХ АСУУДАЛ “ШИНХУА”-Н МЭДЭЛД ОЧЖЭЭ
Өнгөрсөн жил БНХАУын нүүрсний салбарын хамгийн хүчирхэг компаниуд болох “Шинхуа”, “Чинхуа”, “Пүүшин” зэрэг компаниуд нийлж “Боомтын компани” гэгчийг байгуулжээ. Шинхуа дийлэнх хувьцааг нь эзэмшигч “Боомтын компани” нь Монголын нүүрсний экс порттой холбоотой бүх асуудлыг зохицуулах эрхийг гар таа авсан хэрэг юм. Мөн “Шинхуа” корпораци Өвөрмонголын Баяннуур аймгийн Улиастай хошууны Ганцмод хилийн боомтод 10 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, жилд 20 сая тонн нүүрс угааж, коксжуулах хү чин ча дал бүхий үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалтын ажлаа эхэлжээ. Тус хошууны Өөрчлөлт шинэч лэлтийн хорооны мэдэгдсэнээр уг төсөл хэрэгжиж эхэлснээр жилд 12 сая тонн нүүрс угааж, 4.8 сая тонн кокс боловсруулахаас гадна 480 мянган тонн метилийн спирт, 48 мянган тонн нүүрсний тос үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд бүтээн байгуулалтын ажил 2012 онд дуусч үйлдвэрлэлээ эхэлнэ хэмээн Синьхуа мэдээлжээ. Тиймээс энэ аварга том үйлдвэрлэлийн түүхий эдийг Монголоос хамгийн хямдаар бэлтгэхийн тулд манай төрийн бодлогод тавьсан Шинхуагийн “хориг” энэ байж болох юм. Цаашид бая жуулсан нүүрс гаргах зорилттой манай компаниудын хувьд тонн тутамд 120 юань төл нө гэдэг хэн нэгэнд мөнгөө дээрэм дүүлснээс ялгаагүй тул ядаж хоёр дахин хямдаар түүхий нүүрсээ экспортлох замыг сонгохоос өөр гарцгүй болж мэднэ.
Харин төмөр замаар экспортолж эхэлсэн тохиолдолд Хятадын талаас ирэх энэ мэт орон нутгийн дарамт багасах боломжтой юм. Тэр дундаа Монголын нүүрсийг эцсийн хэрэглэгчид хүргэх үүргийг хятадууд дангаараа хүлээж буй энэ үед олон чиглэлийн төмөр замд анхаарал хандуулах цаг ирж байна. БНХАУ-ын төрийн өмчит “Шинхуа”, “Чайналко”- гийн охин компани “Chalco” Тавантолгойн нүүрсний гол худалдан авагчаар тодорсон. Ийм үед манай парламент, Засгийн газарт Хятадыг даган дуурайх бус түүнийг давж тоглох, илүү алсыг харсан нүүдлийн талаар бодох, ядаж л “Шинхуа”-д тавих угтвар нөхцлийн талаар олон талын эрх ашгийг тооцох цаг иржээ. Хилээ хаалгаж, үнээ заалгаж, үйлдвэрлэлээ боомилуулж, үндэсний компаниудаа сөхрөхөөс өмнө эдийн засаг болон улс төрийн даацтай, зоригтой алхам хийх хэрэгтэй байна. Бензин, шатахууны үнэ нэмэгдэхээр ОХУ-тай дээд хэмжээнд хүр тэл тохиролцдог, ойл голцдог туршлага бий. Гэтэл Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж буй нүүрсний асуудлаар Монгол-Хятадын төрийн хэмжээнд яриа хэлэлцээр хийж яагаад болохгүй гэж.
Хятадын нэг хошуугаар Монгол Улсын нүүрсний салбар үнийн бодлогоо тодор хойлуулж, дэлхийн зах зээлтэй хөл нийлүүлнэ гэвэл түүн шиг эмгэнэл байхгүй. Энэ нь Монголын нүүрсийг Хятадын нэг мужийн бүрэн хамааралд орохыг хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болно. Түүний оронд олон муж руу нийлүүлэх, үүний тулд олон боомтоор экспортлосноор энэ хүү хараат байдлаас зах зээлээ урьдчилан сэргийлэх боломжтой. Монгол, Хятадын Засгийн газар хооронд нүүрсний салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг шинээр байгуулах, хоёр улсын хооронд нүүрсний суурь үнийг тогтоосон гэрээ байгуулахаас эхлээд нүүрсний худалдаа эрхэлдэг томоохон хот, мужууд болон хилийн боомтуудад Монгол Улсын нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлыг зохицуулах, хянах эрх бүхий албан тушаалтантай болох зэргээс эхлээд төрийн бодлогоор Засгийн газрын төв шинд хийх зайлшгүй шаардлагатай олон асуудал хуримтлагдаж буйг дээрх шийдвэр харууллаа.
Манай улсын нүүрсний үнэ дэлхийн зах зээлийн ханшид хүрэхгүй байна хэмээн улстөрчид шүүмжлэх болсон. Гэтэл үнэндээ БНХАУ-ын Худалдааны яам хийгээд бусад төвийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд Монголоос хамгийн хямд үнээр нүүрс авах бодлогыг төрийн хэмжээнд явуулж байна. Энэхүү бодлогын хүрээнд цөөн компаниар нүүрсний худалдаа хийлгэх, тэднийг тусгай зохион байгуулалтад оруулах зэргээр өөрсдийн монополь байдлаа улам нэмэгдүүлэхийн тулд Хятадын төр компаниудаа бодлогоор дэмжиж, давуу эрх олгож байна. Гэтэл манайд ямар байгаа билээ. Монголын нүүрсийг үнэгүйдүүлэх Хятадын бодлогын эсрэг тавих Монголын төрийн бодлого үгүйлэгдэж байна.

”Тавантолгой” таг чиг


Тал нутгийн Монголыг дэлхийд таниулах нэрийн хуудас болоод байгаа Тавантолгой төсөл таг чиг. Эздийнх нь өмч хөрөнгө, газар нутгаа гэсэн хийрхэл болоод их гүрнүүдийн хоорондын тэмцэл, аль аль талуудынхаа  асар том амбицыг тэнцвэржүүлэхийн тулд ажиллаж байгаа гэдгээ ажлын хэсгийн ахлагч Н.Алтанхуяг сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсанаас хойш багагүй хугацаа өнгөрчээ.

Цас чийхарч, жавар тачигнасан өдрүүд үргэлжилж, сарын дараа болох шинэ оныг угтах ёслол хэдийнэ эхэлчихсэн, нэг үгээр хэлбэл, оны шилдгүүдийг тодруулах бөөн бөөн шагналын хураар амьсгалах арванхоёрдугаар сард ажлын хэсгийнхэн Тавантолгой төсөлд оролцох талуудын хувь хэмжээг тогтоон, хуваарилалт хийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шалгалтыг даван УИХ-аар хэлэлцүүлэх хугацаа энэ онд тун бага үлдээд байна. Бараг л амжихгүй болов уу, Тавантолгой төслийг 2011 онд багтаан эхлүүлэх цаг хугацаа ерөнхийдөө хумигдсаар л байгаа юм.

2010 оны арванхоёрдугаар сард Тавантолгой ордын баруун, зүүн Цанхид олон улсын нээлттэй тендер зарласнаар нь ажлын хэсгийнхэн ажлаа эхлүүлсэн гэж тооцвол өдгөө бүтэн жилийн хугацаанд уг төслийг гараас гаргаж чадаагүй л байна, Монгол Улсын Засгийн газар.

Өнгөрсөн долдугаар сард Тавантолгойн баруун Цанхид үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчдаар АНУ, Хятад, Оросыг тодруулсан гэх боловч Япон, Өмнөд Солонгосын зүгээс гарсан эсэргүүцэл, оросуудын чамлалт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зэмлэл зэргээс улбаалж, уг төслийг дахин нягтлах, хувь хэмжээнд өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй  болчихоод байгаа юм. Тиймээс талуудтай хийж буй энэ удаагийн хэлэлцээрийг өмнөхөөсөө илүү хүнд, илүү хэл амтай нөхцөлд хийж байгаа гэдгийг ч ажлын хэсгийн ахлагч учирласан.  Оросуудыг Тавантолгой төсөлд багтаасан, хувь хэмжээг нь нэмэгдүүлж байгаагийнхаа шанд Монгол Улс газрын тосны урт удаан хугацааны гэрээг ОХУ-тай байгуулсан бөгөөд тус улсын газрын тосныхоо экспортыг хумих шийдвэр Монголд нөлөөлөхгүй хэмээн албаны хүмүүс итгэлтэй байгаагийн шалтгаан нь энэ хэмээн дүгнэх ч хүмүүс байна. Ямар ч байсан эхний хувилбар болох Орос, Монголын Тавантолгой орд дахь 36 хувьд өөрчлөлт орох нь тодорхой болоод байгаа бөгөөд энэ удаад Оросын хувь нэмэгдэж, Монголынх буурах гэнэ лээ. Оросын хувийг өсгөх шалтгаан нь Орос, Япон, Өмнөд Солонгосын компаниуд хамтран оролцож байгаад оршиж буй юм. Өөрөөр хэлбэл “Оросын төмөр замын нэгдэл”-ээр ахлуулсан Япон, Солонгосын компаниудыг дотроо хэн нь хэдэн хувь эзэмшиж байгаа, хэнд нь ахиу хувь хүртээх вэ гэдгийг ажлын хэсгийнхэн судлаад эхэлчихсэн  байгаа аж.  Энэхүү төсөл хэрэгжээд эхэлбэл, экспортын хэмжээ өсч, оны сүүлээр 20 хувьд хүрэхээр тооцоотой байгаа эдийн засгийн өсөлт нэмэгдэж, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өнөөдрийн байдлаар 3000 ам.доллар байгаа бол маргааш 5000 ам.долларт хүрнэ гэсэн таамаглалыг гадаадын шинжээчид биднээс түрүүлээд хийчихсэн байна.

Тэд Монголыг дэлхийн хөгжлийн өнгөн дээрх хурц одоор харж, шинжиж, Тавантолгой, Оюутолгой бол Монголын их баялгийн зөвхөн орой нь хэмээн тодотгоод эхэлчихлээ. Зургаан тэрбум тоннын коксжжих нүүрстэй Тавантолгой орд нь зүсэн зүйлийн ашигт малтмал ихтэй, ашигт малтмалын нөөцөөрөө баялаг Монголын их хөрөнгийн зөвхөн эхний хэсэг хэмээн гадаадын хөрөнгө оруулагчид дүгнэж суугаа бол харин ОУВС-гаас хөрсөн доорх баялгаа гар дээрээ бариагүй байж, шинэ баян шиг үрэлгэн загнах Монгол Улсын эдийн засаг үсрэнгүй өсөлттэй байгаа ч нэг л буруу алхам хийвэл ёроолгүй ангал руу хөл алдаж болзошгүй байгааг дахин дахин сануулсаар. Учир нь, Тавантолгойн Цанхийн зүүн хэсгийн ордоос олборлох нүүрсээ барьцаалж, Монгол Улс Хятадын “Чалько”-гаас 250 сая ам.долларын зээл аваад “идчихсэн” билээ.

Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэг бэлтгэл ажил бол “Эрдэнэс Тавантолгой” компанийг хувьцааг олон улсын хөрөнгийн биржээр арилжаалах. Уг хувьцааны нэгж үнэ ямар байх, хэзээ олон улсын хөрөнгийн биржээр худалдах вэ гэдэг олны анхаарлыг татаж байгаа сэдэв. УИХ өнгөрсөн 2010 онд гаргасан 39 дүгээр тогтоолдоо өөрчлөлт оруулах нь ойлгомжтой болчихоод байгаа. Үүний шалтгаан нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр зарах нь шударга бус хуваарилалт болно хэмээн үзсэнийх. Батж.Батбаяр, Я.Батсуурь нарын гишүүд анх гаргасан “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг иргэдэд үнэ төлбөргүй тараая гэсэн санал УИХ-ын хоёр намын бүлэг 39 дүгээр тогтоолыг эргэн хэлэлцэхээр болтлоо өндөр авсан. Энэхүү шийдвэрт энгийн иргэд талархалтай хандаж байгаа бол үндэсний үйлдвэрлэгчдийн зүгээс багагүй эсэргүүцэл үзүүлж буй.  Засгийн газрын өнгөрөгч арваннэгдүгээр сарын 9-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Гонконг, Лондонгийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдахаар шийдвэрлэсэн Хөрөнгийн зах зээл дээр гарах нэгж үнийг нь өндөр байлгах үүднээс Их Британид бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой PLC” компанийг байгуулахаар болсон юм. Энэ ажлыг Германы Дойче банк болоод Английн Голдман сакс банк хариуцан ажиллаж байгаа юм. Эдгээр банк уг нь энэ оны эцэс гэхэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржээр арилжаалаад эхэлнэ хэмээн амалж байсан боловч өнөөдөр нэгж хувьцааны нэрлэсэн үнэ ямар байхыг ч тогтоогоогүй байна. Ирэх оны эхээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Гонконг, Лондонгийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдах эсэх нь ч тодорхой бус. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар болоод “Эрдэнэс МGL” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш нарын ярьж буйгаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнэ ямар ч байсан 1000 төгрөгөөс буухгүй  юм билээ. Харин Төрийн өмчийн хорооны мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнийг 1000-3000 төгрөгийн хооронд тогтоохоор ярилцаж байгаа гэсэн. 

Ийнхүү 2010 онд “шав”-ыг нь тавьсан, 2011 онд суурийг нь цутгасан Тавантолгой төсөл 2012 онд “ашиглалтад” орохын ерөөлийг тавья. Удахгүй шинэ жилийн баярын уур амьсгал ороод эхэлнэ. Угтах онд зорьсон ажил нь бүтэмжтэй, зоосны бурхан Монголыг, монголчуудыг ивээх болтугай.

Тавантолгой – Зууны шилдэг “тархи угаалт”

Тавантолгой – Зууны шилдэг “тархи угаалт”
-Сая төгрөгөөр амьжиргаагаа залгуулна, 1000 хувьцаагаар юу хийх юм-

“Ичсэн хүн хүн ална” гэж үг бий. Эрх баригчдын яг одоо хийж байгаа үйлдэл, хэлсэн үг нь энэ үгийг санагдуулах болов.

Тавантолгой гэгч компанийг бодож олоод улсын бүртгэлийн газар ч бүртгүүлээгүй байхдаа хувьцааг нь тарааж байсан бол одоо энэ “ядуу” компанийнхаа хувьцаагаар сонгуулийн амлалтаа “аргалахаар” шийдсэн байна.

Иргэдэд нэмж өгөх нэг сая төгрөгийн хувьцаа ямар үнэтэй гэдгийг бодох гээд үзье. Ингэхийн тулд Тавантолгойн орд, Эрдэнэс Тавантолгой компанийнхаа талаар мэдэх хэрэгтэй юм.

Юуны түрүүнд энэ бол улсын хөрөнгөөр хайгуул хийсэн орд. Хайгуул хийсэн нөөц, таамаг нөөц нь нийлээд 6,4 тэрбум тонн гэж тогтоосон. Манай эрх баригчид одоо энэ таамаг нөөцийн 6.4 тэрбум гэсэн тоогоор гул барьж, тархи угааж байгааг бид мэднэ.

Гэтэл нөөц тогтоогдлоо гэж үзэж байх үед буюу 1989 онд Оросын Ленинградын ГепроШахт гэдэг том институт Тавантолгойгоос 1 тэрбум, найман зуун сая тонн нүүрсийг ил аргаар олборлож болно гэсэн ТЭЗҮ хийсэн байна. ТЭЗҮ-г хийхдээ нөөцийн хэмжээг нарийвчлан тогтоож, олборлолтын зардлыг бага байлгах инженерийн шийдлийг хайж, санхүүгийн эрсдлийг тооцоолсны дараа шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоосноор техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болдог. Үүнд, ордыг ашиглаж эхлэхээс эхлээд нөхөн сэргээлт хийх хүртэлх хугацаанд ордын эдийн засгийн үр ашигтай хэсгийг тогтоож, ашигт малтмалын агуулга, найрлага, инженерийн шийдэл, дэд бүтцийн зардал, санхүү зэргийг тооцсон байдаг. ТЭЗҮ нь нэг ёсондоо тухайн ордыг ашиглахад ямар хэмжээний бүтээгдэхүүн гаргаад хэр үр ашигтай байхыг үндэслэн хөрөнгө оруулалтын хэмжээ, үр ашгийг нь тодорхойлох технологийн боломжит шийдлийг агуулсан баримт бичиг юм. Тэгэхээр 6.4 тэрбумаас 1.8 тэрбум нь газрын гадаргад ойрхон, олборловол ашиг олж болохоор байгаа нь тогтоогдсон гэсэн үг юм. Үүний ихэнх хэсэг нь Цанхид байгаа. Тэдний энэ тооцоог 1997 оны үед ВНР гэдэг дэлхийн том компани техник, эдийн засгийн урьдчилсан тооцоо хийн бататгасан байдаг.

Дараа нь 2000 онд Канадын Норвест компани мөн энэ таамгийг баталсан. Үлдсэн 4.6 тэрбум тонн нь зүгээр л тоо. Магадгүй, Тавантолгойн хөрсөн дор ийм хэмжээний нүүрс байхгүй ч байж мэднэ. ТЭЗҮ гараагүй учраас. Байлаа гэхэд тэр нь хэдэн зуун метрийн гүнд олон үе давхарга үүсгэн тогтсон байх магадлалтай гэж байгаа. Үр ашгийн талаар дахиад ярих хэрэгтэй болно гэсэн үг.

ТЭЗҮ хийгдсэн Цанхиа гадныхантай хувааж эзэмшээд байгаа байхгүй нь мэдэгдэхгүй 4,6 тэрбум тонн гэсэн тоог хувьцаа болгон нэг бүрийг нь 1000 төгрөгөөр тооцон тарааж байгаа нь дэндүү их доромжлол биш гэж үү. Тавантолгойгоор тархи угаахаа болиоч гэмээр байна.

Төр засаг дээр өгүүлсэн баахан дутагдал бүхий “Тавантолгой” гэсэн ганцхан төсөлд иргэдийн анхаарлыг хандуулах сонирхолтой байгаа нь илт мэдэгдээд байх юм. Гэтэл Професий, Ханаду майнинг гэсэн хоёр компани тус бүр тэрбум гаруй тонн коксжих нүүрстэй ордыг ашиглах, өрөмдөх ажлаа эхлүүлж байна /Тавантолгойн ТЭЗҮ батлагдсан нөөцтэй тэнцэж байгаа биз/. Професий нь 600 гигаваттын цахилгаан станц бариад Монгол зарна. Цаашид нүүрс ашиглах зөвшөөрлийг нэмж олговол илүү том цахилгаан станц барьж БНХАУ-ыг эрчим хүчээр хангана ч гэж байх шиг.

Гэтэл иргэд Тавантолгойтой холбоотой мэдээлэлд бялуурсаар, тархиа угаалгасаар л суух юм.

Австралийн хөрөнгө оруулалттай “Хүннү коал” компани Тавантолгойгоос 40 километр зайд Цант-Уул нэртэй нүүрсний орд илрүүлж, нөөцийг нь 740 сая тонн гэж тогтоогоод биржээс хөрөнгө босгож эхэлсэн тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан. Тус ордын нийт нөөцийн 30 хувь нь коксжих нүүрс гэж зарлаж байгаа. Үндсэндээ коксжих, хүрэн нүүрсний харьцаа нь Тавантолгойтой ижил гэсэн үг. Зөвхөн энэ компани гэхэд л манай орны өмнөд хэсэгт 14 тусгай зөвшөөрөл эзэмшиж, хайгуул, олборлолтын ажил явуулж байна.

Олборлолтын лиценз эзэмшдэг энд дурьдагдсан болон өөр бусад гадаад компани өч төчнөөнөөрөө байна. Эдгээр ордуудын батлагдсан нөөцийг аваад үзвэл хэдэн арван Тавантолгойтой дүйнэ. Ард түмнээ залилаад байгаа юм биш үү.

Цөмийн энергийн газар байгуулж ураны лицензийг цэгцэлсэн шиг Нүүрсний лицензүүдийг ч цэгцлэх газар болсон гэдгийг энэ баримт харуулаад байгаа юм биш үү. УИХ сая төгрөг тарааж популизм хийхийг эсэргүүцэж байгаа нь сайн ч амлалтаа биелүүлсэн болж харагдах гэж хоосон хувьцааг үнэлсэн нь шог юм даа