2012/03/13

IPO гаргахаас өмнө Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах уу


IPO гаргахаас өмнө Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах уу

"Bloomberg" дахиад л Тавантолгойн тухай мэдээлжээ.

Энэ удаад Эдийн засгийн чуулганы үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын хэлсэн үгнээс иш татсан байна. Тэрбээр "Тавантолгойн IPO-г гаргахаас өмнө "Эрдэнэс Тавантолгой" компани хөрвөх бонд гаргаж магадгүй" тухай ярьжээ. Тэр ч байтугай Монголын Засгийн газар Тавантолгойн хувьцааг сонгуулийн өмнө гаргахаар яаравчлахгүй байгааг онцолсон байна.

Тавантолгойн хувьцааг олон улсын Хөрөнгийн бирж дээр гаргахгүй хойшлуулсаар байгаад олон хүчин зүйл нөлөөлсөн. Тэдгээрийн нэг нь дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал юм. Евро бүсийн хямрал намжих эсэх нь тодорхойгүй байгаа. Түүнээс гадна АНУ-ын төсвийн алдагдал, гадаад, дотоод өр нь хэтэрхий их болсон эдийн засагт нь хүнд тусах болж. Хятадын эрх баригчид дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтийг 7.5 хувь болгож бууруулахыг зорьж буй.

Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүчнүүд мөнгөний бодлогоо хумьж байна гэсэн үг. Ийм үед Тавантолгойн хувьцааг гаргаснаар харьцангуй бага хөрөнгө босгож чадна гэдгийг эдийн засагчид нотолж байгаа. Гэтэл IPO гаргах ажлыг намар хүртэл хойшлуулснаар Тавантолгойн олборлолтын явц удааширч, мөн л нэгж хувьцааны үнэлгээг нь бууруулж мэдэх юм. Зээл авахгүйгээр бүтээн байгуулалтын ажлыг эхлэх хөрөнгө монголчуудад байхгүй.

Энэ бүхнээс үүдээд IPO гаргахаас өмнө хөрөнгө босгож, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй болж таарч байна. Тавантолгойн IPO-г ирэх зургаадугаар сараас гаргавал бүтээн байгуулалтын ажил нь эхлээгүй учир мөн л хямдаар үнэлэгдэнэ гэж шинжээчид дүгнэж байсан юм. Энэ бүхнээс үүдээд "Эрдэнэс Тавантолгой" компани IPO гаргахаасаа өмнө бонд гаргаж хөрөнгө босгож магадгүй болжээ. Гэхдээ зүгээр бонд биш, хөрвөх бонд гэж байгаа.

IPO-ийн өмнөх хөрвөх бондыг Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд худалдах эрхтэй байдаг. IPO-ийн өмнөх гэж тодотгож буйн учир нь энэ. Эс тэгвэл Хөрөнгийн биржид бүртгэлгүй компани хөрвөх бонд гаргах боломжгүй юм. Харин яагаад заавал хөрвөх бонд гэж.

Хувьцаа гаргаж хөрөнгө босгоход хугацаа заадаггүй. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигч нь тухайн компанийн эзэн болно гэсэн үг. Харин компани өөрт байгаа хөрөнгийг барьцаалж, оронд нь урт хугацааны зээл авахын тулд бонд гаргадаг. Энд хугацааг онцолдог. Товлосон хугацаа дуусах үед бонд эзэмшигч нь мөнөөх компанитай хамааралгүй болно гэсэн үг. Хөрвөх бондын хувьд арай өөр. Зээлийн хугацаа дуусах үед бонд эзэмшигч нь хөрвөх бондыг тухайн компанийн хувьцаа болгон солих боломжтой байдгаараа онцлог. Тийм учраас бусад төрлийн бондтой харьцуулахад хөрвөх бондыг авах сонирхолтой хөрөнгө оруулагчид олон байдаг гэсэн үг юм.

Ямартай ч "Эрдэнэс Тавантолгой" компани IPO-ийн өмнөх хөрвөх бонд гаргах санал яригдаж байгаа бололтой. Энэ нь олон улсын Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахаасаа өмнө Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгийн эх үүсвэртэй болохыг зорьж байна гэсэн үг юм. Цаашилбал энэ нь Тавантолгойн нэгж хувьцааны үнэлэмжийг дээшлүүлэх ач холбогдолтой.

Дашрамд дурьдахад, хэдийгээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт "Хэзээ, ямар Хөрөнгийн бирж дээр IPO хийхээ тухайн компани өөрөө мэднэ" гэж ярьсан боловч "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал Б.Энэбиш "Засгийн газар аль болох яаравчлуулж байгаа" хэмээн онцолжээ.

Түүнчлэн "Bloomberg''-ийн "World Mining Index''-ээс гаргасан тооцоогоор уул уурхайн компаниудын хувьцааны үнэлэмж өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш 27 хувиар буурсан байна. Энэ нь дэлхийн зах зээл ерөнхийдөө хумигдаж байгаатай холбоотой гэж зарим шинжээч тайлбарлажээ.

No comments:

Post a Comment