2012/03/28

"Хүлээхгүй бол Тавантолгойн хувьцаа үнэгүйднэ"



Тавантолгойн IPO гаргах асуудал Хонгконгийн Хөрөнгийн биржийн тавьж буй шаардлагаас болж удаашрахад хүрээд байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга О.Чулуунбаттай ярилцсан юм.

-Тавантолгойн IPO-г Хонгкогийн Хөрөнгийн бирж дээр гаргах асуудал чухам юунаас болж хойшлоод байгаа юм бэ. Хонгконгийн Хөрөнгийн биржийнхэн манай улсын "Тавантолгойн IPO-г олон улсын хөрөнгийн зах зээл дээр худалдахыг хүсвэл Үнэт цаасны зах зээлийн тухай хуульдаа өөрчлөлт оруул" гэсэн санал тавьсан. Энэ үнэн үү?
-Тавантолгой ордын хувьцааны 20 хувийг ард иргэдэд эх орны хишиг хэлбэрээр хуваарилах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Үүний дагуу эхний ээлжинд иргэдэд очих ёстой хувьцаанууд нь хүрэх ёстой эзэндээ хүрсэн байх ёстой. Гэтэл манай Хөрөнгийн биржээр дамжуулж иргэдэд хувьцаа олгох, тэдний хувьцааг борлуулах эрх зүйн боломж нь тийм ч төгс төгөлдөр биш байсан.

Тиймээс Монголын Засгийн газар Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах гэрээ байгуулж хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль эрх зүйн орчныг сайжруулж, олон улсын жишигт нийцсэн, олон улсын стандартуудыг багтаасан хуулийн төслийг УИХ-д оруулж ирэхээр тохирсон ч одоо болтол ямар нэгэн санал оруулж ирээгүй байна. Миний сонссоноор Монголын болон Лондонгийн Хөрөнгийн биржийн хамтарсан баг хуулийн төсөл боловсруулаад Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд 5-6 cap болж байгаа юм билээ.

Тэгэхээр тэнд л гацчихсан бололтой. Үүнээс л болоод Тавантолгойн IPO-г олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргах ажил гацаанд орчихоод байна гэж бодож байна. Хэрэв дэлхийн стандартад нийцсэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуультай болсон бол бүх зүйл бэлэн гэсэн үг. Энэ л шаардлагыг Хонконгийн Хөрөнгийн биржийнхэн тавьж байгаа гэж ойлгож байна.

-Тухайлбал, хуульд ямар өөрчлөлт оруулах санал тавьж байгаа гэж?
-Хувьцаа борлуулах, худалдаж авахыг ил тод нээлттэй болгох, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг тогтсон дүрэм журмын дагуу хамгаалах, хувьцаа худалдан авч байгаа хөрөнгө оруулагчид заавал брокер дилерийн компаниудаар дамжуулж хувьцаагаа худалдаж авахгүй байх зэрэг олон улсад мөрдөж хэвшсэн дүрэм журмыг нэвтрүүлэх санал тавьсан.

-Тавантолгойн IPO-г гаргах асуудал нэгэнт удааширчихлаа. Одоо яах ёстой вэ?
-Бүх зүйл бэлэн бэлэн болтол хүлэх л ёстой. Яарч хөдөлбөл Тавантолгойн хувьцаа үнэгүйдэх аюултай.

-Нөгөөтэйгүүр УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалахаар тохирсон байсан 30 хувийн хувьцааг 20 хувь болгож бууруулсан нь Хонконгийн Хөрөнгийн биржийн дотоод журмыг зөрчөөд байгаа гэх юм билээ. Үүнээс болоод удааширч байж болох уу?
-Тийм зүйл бий. Үнэхээр л иргэдэд олгох хувьцааг нэмэх гээд байгаа юм бол Засгийн газар заавал 51 хувийн хувьцаа эзэмших гэж зүтгээд байх хэрэггүй шүү дээ. Хэрэв ийм мессежийг олон улсад өгөөд IPO хийх юм бол Тавантолгойн хувьцаа үнэд хүрнэ. Ер нь Засгийн газраас иймэрхүү том бизнест хувьцаа эзэмшигч хэлбэрээр оролцоод байх хэрэггүй байгаа юм. Орлого их олж байвал татвараа нэмэх хэлбэрээр ашиг олж болно шүү дээ.

-Иргэдэд олгох Тавантолгойн хувьцааны нэрлэсэн үнийг нэг сая орчим төгрөг гэж тогтоосон. Нэрлэсэн үнийг ямар аргаар тогтоосон юм бэ. Олон улсын хөрөнгийн зах зээлд гараагүй байхад ингэж тогтоож болдог юм уу?
-Иргэдэд олгох хувьцааны нэрлэсэн үнийг хэрхэн тогтоосон бэ гэхээр гадаадын томоохон хөрөнгө оруулалтын банкууд Тавантолгойн ордод үнэлгээ хийсэнтэй холбоотой. Ингэхдээ Тавантолгойн ордтой ижил төрлийн баялагтай ордуудтай харьцуулж, коксжих нүүрснийх нь чанар, зах зээлийнх нь судалгааг хийсний үндсэн дээр Тавантолгойн ордын үнэлгээг 10-15 тэрбум ам.доллар гэж тогтоосон. Үүнээс иргэдэд олгох хувьцааныхаа үнэлгээг тодорхойлсон.

Гэхдээ ингэхийн тулд зөвхөн Монголын Хөрөнгийн биржээр дамжуулах боломжгүй учир олон улсын Хөрөнгийн биржүүд дээр Тавантолгойн хувьцааг борлуулах шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс олон улсын Хөрөнгийн биржүүд дээр Тавантолгойн ордын хувьцааг үнэд хүргэх ёстой.
Учир нь олон улсын Хөрөнгийн бирж дээр мөнгөтэй хөрөнгө оруулагчдаас гадна сул мөнгө их хэмжээгээр эргэлдэж байдаг. IPO хийнэ гэдэг нь Монгол Улс руу урсах мөнгөний урсгалыг нэмж байна л гэсэн үг шүү дээ. Гэтэл зарим хүн Тавантолгойн ордыг алдчих юм шиг яриад байгаа нь харамсалтай юм.

2012/03/26

Тавантолгойд 400 сая ам.доллар хэрэгтэй гэв


Коксжих нүүрсний хамгийн том орд Тавантолгойн эзэмшигч төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн уул уурхай хариуцсан гүйцэтгэх захирал Грем Ханкок Тавантолгойд 400 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай хэмээн мэдэгджээ.

“Эрдэнэс Тавантолгой” компани  хувьцааны 29 хувийг Лондон, Хонконгийн Хөрөнгийн биржид гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд шинжээчид Тавантолгойн IPO гурван тэрбум ам.долларын ашиг авчирна гэж таамаглаж байгаа юм.  Гэвч парламент Үнэт цаасны тухай хуульд батлахаас нааш Тавантолгойн IPO босгох ажил бүтэхгүй гэж шинжээчид үзэж байна. Тавантолгойн IPO-г босгох, баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгох шалгаруулах процесс төмөр зам тавих яриа хэлэлцээ бүгд уг хуулиас болж хойшлогдож байгаа юм байна. Тавантолгойн IPO босгох ажил хойшлогдсоноос уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулахад дээрх хэмжээний хөрөнгө шаардлагатай болжээ. Тавантолгойн IPO-г төлөвлөгөөний дагуу энэ оны эцсээр гаргалаа ч гэсэн бидэнд бусад зардлаа нөхөхөд 400 сая ам.доллар шаардлагатай. Хэрэв парламент хаврын чуулганаар үнэт цаасны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй энэ оны эцсээс нааш батлахгүй. Тэгвэл бидний ажил ч бас хойшлогдоно. Үнэт цаасны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр “Эрдэнэс Тавантолгой”-г Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгүүлж чадахгүй. Энэ бол Тавантолгойн IPO хойшлогдож буйн нэг шалтгаан” гэж компанийн уул уурхай хариуцсан гүйцэтгэх захирал Грем Ханкок Хонконгод нэгэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Түүний хэлснээр Тавантолгойд эхний ээлжинд 200 сая ам.доллар шаардлагатай бөгөөд олон улсын хөрөнгийн зах зээлд IPO-г хэзээ гаргахаас олон зүйл шалтгаалах гэнэ. Грем Ханкокийн хэлснээр Тавантолгойн IPO-г босгоход тодорхойгүй асуудлууд олон байгаа юм байна. Тавантолгойн нүүрсний олборлолтын хэмжээ 2.5 сая тоннд хүрсэн бөгөөд энэ жил олборлолтыг жилд гурван саяд хүргэхээр зорьж байгаа аж. Харин ирэх жилээс олборлолтыг хоёр дахин нэмэгдүүлж зургаан сая тоннд хүргэх гэнэ.

”Тавантолгойн асуудалд хүндрэл үүсээд байна”



Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар өнгөрөгч баасан гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг орон нутгийн сонгууль явуулахад Засгийн газраас үзүүлэх дэмжлэг туслалцаа,зохион байгуулалттай холбоотой асуудлаар шаардлага хүргүүлсэнд нь хариулт өгөх байдлаар хурал эхэлсэн юм. Ч.Хүрэлбаатарын тайлбарласнаар Засгийн газар сонгууль явуулах үйл ажиллагаанд оролцохгүй гэж буй бөгөөд “хууль эрх зүйн орчин хязгаарлалттай байхад Засгийн газар орон нутгийн сонгууль явуулах үйл ажиллагаанд оролцох нь хууль зөрчсөн явдал хэмээн үзэж байна” гэв. Мөн УИХ болон орон нутгийн сонгуулийг салгаж явуулах нь зүйтэй гэж Засгийн газрын хувьд үзэж байгаа бөгөөд “Орон нутгийн хурлын бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил байдаг. 2008 оны аравдугаар сард орон нутгийн сонгууль болж байсан. 2012 оны зургадугаар сард орон нутгийн сонгууль явуулчихвал Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хэмжээ нь бараг хагас жилээр наашлахаар байна. Ингэснээрээ Үндсэн хууль зөрчигдөж байна гэж Засгийн газар үзэж байна” гэв.

МАН-ын бүлгийн гишүүдийн өргөн барьсан Орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжиж буй дараагийн үндэслэл нь сурталчилгааны хүртээмжтэй холбоотой гэнэ. Ч.Хүрэлбаатар сайд энэ талаар, “УИХ-ын сонгуулиар ойролцоогоор 300-400 хүн, орон нутгийн сонгуульд 23500 орчим хүн өрсөлддөг гэсэн судалгаа бий. Тэд олон нийтэд өөрсдийгөө зөв таниулахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаагаа явуулах ёстой. Харин тэр хугацаа нь бага байгаа. Хэн нэг нь мэдээлийн давуу тал ашиглаж хандаад байвал ард иргэд мэдээллийн хомсдолд орохоос үүдээд буруу сонголт ч хийх магадлалтай. Үүнээс болж Засгийн ажилд ч хүндрэл үүсэхийг үгүйсгэхгүй” гэв.

Тэрээр энэ мэдээллээ өгсний дараа сэтгүүлчдийн асуултанд хариулсан бөгөөд Тавантолгойтой холбоотой зарим асуудал үүссэн талаар мэдэгдсэн юм.

-Тавантолгойн стратегийн ор­дод хөрөнгө оруулах хөрөн­гө оруулагчдын сонгон шалгаруулал­тын явцын талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ асуудлаар нэлээн яригдаж байх шиг байна. Ухаахудагийн ажлыг явуулахын тулд Тавантолгойн ажлыг удаашруулж байна гэх мэтээр ярьж байна. Тавантолгойтой гэрээ хийх ажлын хэсгийг би ахалж байсан. Засгийн газарт хоёр жил хамтран ажилласан Х.Баттулга сайд ажлын хэсгийн орлогч даргаар ажиллаж байсан. Хамтдаа гэрээ хэлэлцээ хийгээд ажиллаж байсан хүн. Юунаас болж Тавантолгойн гэрээ сааталд хүрэв гэдгийг Х.Баттулга сайд бүхнээс сайн мэдэж байгаа. Оросын төмөр зам, Япон Солонгосын хамтарсан консерциумын хувьд хүндрэлтэй асуудлууд бий болсон. Тавантолгойн асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэвлэлийн бага хурал хийж, тодорхой мэдэээллүүд ч өгсөн байна лээ. Оросуудад Тавантолгойн лиценз өгөөд, Тавантолгойгоос Сайншанд руу чиглэсэн төмөр зам барих зорилгоор “Монголын дэд бүтцийн хөгжил” хэмээх компани хамтарч байгуулаад байсан. Засгийн газрын өгсөн хууль дүрэм, удирдамжийн дагуу, Монгол Улсын хуульд нийцүүлж хэлцэл явуулж байсан. Гэтэл Оросын талаас гэрээгээ яагаад өөрчлөөд байгаа юм бэ, манайд өгнө гэж байсан лиценз, төмөр замын 51 хувь нь яахаараа төрд, үлдсэн 49 хувь нь стратегийн хөрөнгө оруулагчдад хөрөнгийн биржээр санал болгож байгаа юм, урьд нь яагаад манайд санал болгосон зүйлээ буцаав гэдэг асуудал гарч ирсэн. Засгийн газрын хуралдаан дээр ч ЗТБХБ-ын дэд сайд Т.Пүрэвдорж Солонгосын концорциумаас гэрээний талаар оросууд асуусан гэдгийг мэдээлж байсан. Энэ асуудлыг хэлэлцэх тэр үед ч би Х.Баттулга сайдаас энэ гэрээний талаар асуухад тийм зүйл байхгүй гэж хариулж байсан. Гэтэл тэрэн дээр гарын үсэг зурсан гэрээг би нүдээрээ харсан. Засгийн газрын гишүүн хүн олон улсын хүчинтэй ийм гэрээнд гарын үсэг зурахын тулд Засгийн газраасаа эхлээд зөвшөөрөл авах ёстой. Засгийн газар нь дэмжсэн чиглэл өгсөн тохиолдолд тэр хүн гарын үсэг зурах ёстой юм. Гэвч төмөр зам, Тавантолгойн лицензтэй холбоотой асуудлын хүрээнд Оросын төмөр замаас удаа дараагийн тодруулга тавигдаж байсан нь энэ гэрээнд гарын үсэг зурагдсан байсан нь сүүлд тодорч гарч ирж байна л даа. Энэ мэтчилэн асуудал үүссэн учраас Тавантолгойн асуудалд хүндрэл үүсээд байна. Оросын төмөр зам хамтарсан консорциумд хариугаа өгөхгүй байгаа нь төмөр замын асуудлыг тодруулах үүднээс хүлээзнээд байж байна.

-Х.Баттулга сайд өчигдөр Засгийн газрын нэр бүхий гишүүдийг АТГ-т өгч байна. Үүнийг та хэрхэн хүлээж авч байна вэ. Нөгөө талаар ЗТБХБ-ын сайд байсан хүн ийм хууль бус гэрээ байгуулсан тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?

-Ямар асуудлаар ийнхүү АТГ-т өгсөнийг сайн мэдсэнгүй. Надад өгсөн мэдээллээр Тавантолгойтой холбоотой асуудал бололтой. Харин би энд дахиад хэлэхэд ЗТБХБ-ын сайд байсан Х.Баттулга Засгийн газрын зөвшөөрөлгүй гэрээ хийж Монгол улсын хуулийг зөрчсөн гэдгийг хэлье. Олон улсын эрх ашиг, Монгол улсын эрх ашиг хөндөгдсөн, геополитикийн асуудалд хамаарах Тавантолгой гэх мэт томоохон асуудлыг шийдвэрлэх энэ үед Засгийн газрын гишүүн хүн үнэхээр улсынхаа эрх ашгийг бодож байсан бол ингэж нууцаар гарын үсэг зурах учиргүй. Засгийн газрын хуралдаанд танилцуулж, ном журмын дагуу зөвшөөрөл авсны үндсэн дээр гарын үсэг зурах ёстой. Олон нийтийн анхаарлыг өөр зүйлд хандуулах гээд бас өөр зүйл хийгээд яваад байх шиг байна.

Баялгийн шударга хуваарилалт ба хувьцаа


Хүмүүн заяаг олж төрсний учир хүн болгонд амны хишиг гэж бий. Үндсэн хуульд газрын хэвлийн баялаг төрийн өмч гэж заасан болохоор ард түмэн шударгаар хувь хүртэх учиртай. Өнөөдөр эрх баригчид иргэдэд амласан хувь хишгийн 1,5 сая төгрөгөө өгсөн шиг өгч чадахгүй л байна. Гэтэл алаагүй баавгайн арьс хуваахтай адил Тавантолгойн хувьцаанаас 536 ширхгийг хүн болгонд толгой дараалан эзэмшүүлнэ гэсэн УИХ-ын 39 дугаар тогтоол гарсан. Харин цаг нь тулахаар үнэгүй олгох хувьцаанд үнэ тогтоочихоод тоог нь хоёр дахин нэмж, үлдсэн сая төгрөгтөө шахах гэж байна. Энэ бол баялгийн шударга хуваарилалт бишээ. 

Анх зах зээлд хөл тавихад адил гараанаас тэнцүү эхлүүлнэ хэмээн өмч хувьчлалын ягаан, цэнхэр тасалбарыг хүүхэд, хөгшид гэлгүй тарааж өгсөн. Мал сүрэг, трактор комбайн, үйлдвэр завод юу л бол юуг ч худалдаж авна, хаа дуртай газартаа хувьцаа эзэмш гээд бараг л “Баяжигтун” гэсэн лоозон дэвшүүлсэн. Амины хэдэн мал, хашаа байшингаас өөр юмны бараа хараагүй монголчууд учрыг нь төдийлөн ухаж ойлгоогүй, ойлгуулахыг ч төр хүсээгүй. Цаад учрыг нь гадарласан цөөхөн хүн сэмхэн цуглуулж, гучаад гэр бүл  хөрөнгөжсөн. Энэ гашуун түүх олны ой санамжид одоо хэвээр байна.

Баялгийг хуваарилах хамгийн сайн арга бол Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа авч эзэмших явдал. Өмч хувьчлалыг амжилттай хэрэгжүүлсэн орнуудын туршлага бол ийм аргаар өмчийг эзэнтэй болгосон. Харин 1991 онд Монголын хөрөнгийн бирж (МХБ) байгуулагдаж, 1995 оноос үнэт цаас арилжаалж эхэлсэн ч хөрөнгийн зах зээл олигтой хөгжөөгүй байна. Одоогоор 78 компанийн хувьцаа арилжаалж, шинээр 10 хүрэхгүй компани гишүүнээр элсчээ. Өдрийн арилжаа 100 мянга орчим ам. долларт эргэлдэж байгаа нь барууны багахан брокерийн энд хүрнэ. Иймээс жил гаруйн өмнө Лондонгийн хөрөнгийн бирж (ЛХБ)-тэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, олон улсын стандартад нийцсэн мэдээлэл, арилжааны Millennium IT технологи нэвтрүүлэхээр болсон. Нэг үгээр хэлбэл МХБ-ийн менежментийг ЛХБ-ийн мэдэлд шилжүүлсэн юм. 

Хөрөнгийн бирж стратегийн орд газрын нийт хувьцааны тодорхой хэсгийг үндэсний хөрөнгийн биржээр дамжуулан арилжих хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хувийг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх ажлыг хэдийнэ эхэлсэн байх ёстой. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт парламентын индрээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг Монгол Улсын нийт иргэдэд адил тэнцүү хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас шийдвэр гаргаж, Монгол Улсын иргэн бүрт 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэх ажлыг эхлүүлснээ зарлаж байна” гэж хоёр жилийн өмнө албан ёсоор мэдэгдсэн билээ. Гэтэл ганц ширхэг хувьцаа гар дээрээ тавьсан нэг ч хүн алга. 

Харин төрийн мэдлийн том Тавантолгойн ордоос хүрз нүүрс гаргаж амжаагүй байхад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай “Энержи ресурс” Ухаа худагийн өрмийг дөнгөж хамах төдийд Хонконгийн бирж дээрээс 700 сая ам. долларын хөрөнгө босгожээ. Энэ зам монголчуудын хувьд дардан байгаагүй. Гадны хуулийн шахалтаар Хонконгод бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компани байгуулахын тулд олон улсын топ компаниудыг хөлсөлж, эцэст нь ТУЗ-дөө бас л харийнхныг багтаасан. Монголын баялгаар гадаадын 30-аад компани Лондон, Торонто, Хонгконг, Нью-Йорк, Австралийн бирж дээр 40 гаруй тэрбум ам. долларын хөрөнгө төвөггүй босгосны цаад учир энэ. Манай улсын ДНБ-ий жилийн хэмжээ найман тэрбум гээд тооцвол тэд даруй тав дахин ихийг бидний нүүрээр олжээ. 

Монгол хүн Монголынхоо баялгаар Монголдоо хөрөнгө босгоход Монголын хөрөнгийн биржийн чац дутдаг юмаа гэхэд Монгол төрийн хийгүй бодлого үгүйлэгдэж байна. Өнөөдөр 7,5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордын стратегийн хөрөнгө оруулагчийн шалгаруулалтын талаар хэн ч ам нээж зүрхсэлсэнгүй. Цахилгаан эрчим хүч, зам тээврийн асуудал ч таг чиг. Үүнд мөнгөгүйн гачлан багагүй нөлөөлдөг. Гэхдээ эрх зүйн орчноо боловсронгуй болгож, юуны өмнө стратегийн ордын хувьцааг дотооддоо арилжиж, улмаар гадаадын томоохон биржтэй холбосноор дэлхийн зах зээлд гарна.  Гадаадынхны нүдээ ухаж өгөхөөс сийхгүй их баялаг байхад мөнгө босгох ухаанаа олохгүй, толгой цухуйвал эдийн засгийн алуурчдын торонд орооцолдож болох талтайг үгүйсгэхийн аргагүй. Гэхдээ эзэн хичээвэл заяа хичээдэг.

Аливаа юмны үнэ цэнийг заавал мөнгөөр илэрхийлэх албагүй. Заримдаа “алдагдсан боломжийг” ч авралын гарц болгон ашиглаж болдог.  Магадгүй энэ нь манай эдийн засгийг олигархийн тогтолцооноос салгаж олон нийтийн засаглалтай болгох түүхэн үйл явц ч байж болох юм.

Иймээс энэ бодлогын хүрээнд стратегийн ач холбогдолтой, үндэсний эдийн засагт шууд нөлөө үзүүлдэг бизнесийн зарим салбаруудад манай төр илүү либерал бодлого явуулж, олон нийтийн засаглал, хяналтыг тогтоох нь чухал болж байна. Тухайлбал уул уурхай, нефть шатахуун, тээвэр, дэд бүтэц, зам харилцаа гэх мэт салбаруудад зөвхөн олон нийтийн  засаглалтай нээлттэй компаниудыг дэмжих замаар баялгийн шударга хуваарилалтыг бий болгох бүрэн боломж бий. 

Ганцхан жишээ дурдахад Япон, Солонгос гэх мэт орнуудад электроникийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьцааны 51-ээс доош хувийг л гадныхан эзэмшиж болох тухай хууль үйлчилж байгаа нь үндэсний эдийн засгаа хамгаалсан ухаалаг бодлого гэдгийг анхаарууштай. 

Гадаадын хөрөнгийн бирж дээрээс мөнгө босгож байнаа гэдэг ломбардад юмаа тавьчихлаа гэсэн үг. Олон улсад хөрөнгийн биржүүд хувьцаа, валют /stock, currency forex/, бараа таваарын /commodity/ зэрэг төрлүүдтэй. Манайх бараа таваарын биржийг хөгжүүлэх замаар Хонгконг, Австралийн биржтэй холбогдож, цаашилбал Торонто, Токио, Нью-Йорк, Шанхайн биржтэй гурвалсан харилцаанд орох боломжтой. Ийм маягаар гадны хуулийн дагуу компани байгуулалгүй хөрөнгийн зах зээлд хөл тавьж болох юм. Үндэсний оператор компани байхгүйгээс Ухаа худаг, Хөшөөт, Оюу толгойн үүцийг гадаадын компани ухаж байна. Үндэсний хөрөнгө оруулалтын банк байхгүйгээс “Голдмен сакс”, “Дойче” банкны царай харж байна. Энэ бүхэнд хэдэн зуун сая доллар гадагшаа урсдаг. Хэрвээ Монголд энэ бүхэн хөлд, хэлд орсон бол газрын баялгаа эзэмшдэг, олборлодог, зарж борлуулдаг, хянадаг үүд хаалга нээлттэй байхсан.

Бас хэлд, хөлд оруулах хүсэлгүй гадаад, дотоодын томчууд Монголын баялгаар гараа угааж байна. Дэлхийд гайхуулсан Оюутолгойн ордын ашиглалтын лицензийг эзэмшигч “Оюутолгой” ХХК-ийн 34 хувийг Монголын төр эзэмших гэрээтэй болохоос бус, Торонтогийн бирж дээр олон тэрбум доллар босгосон “Айвенхоу майнз лимитед” компанийн хувьцаа Монголын ард түмэнд огтхон ч хүртээлгүй. Тэгэхээр нэгж хувьцааны үнэ 1-27 хүртэл суга өсч, одоогоор 16 ам. доллар байгааг л харж сууна даа. Хувьцааны үнэ хэд ч дахин өсч, буурч болдог. Оюутолгой, Тавантолгойн хувьцааны ханшийг ч санхүүгийн луйварчид навс унагаж мэднэ. Ер нь олон улсын хөрөнгийн бирж дээр тоглож, ашгаа хуваадаг хэдхэн синдикат байдгийг санахад илүүдэхгүй. Бирж дээр босгосон их мөнгө хаашаа урсаж байгааг хянах боломж хомс. Мэдээж нээлттэй хувьцаат компани их хэмжээний ашигтай ажиллавал ногдол ашиг хүртэнэ, дампуурч унах магадлал ч их. Иймээс баялгийг шударгаар хүртээхийн тулд олон улсын стандартад нийцсэн Хөрөнгийн бирж, олон нийтийн засаглалтай нээлттэй компани Монголын хөгжлийн оньсон түлхүүр болох учиртай.

Ж.БАТЗАНДАН

2012/03/13

IPO гаргахаас өмнө Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах уу


IPO гаргахаас өмнө Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах уу

"Bloomberg" дахиад л Тавантолгойн тухай мэдээлжээ.

Энэ удаад Эдийн засгийн чуулганы үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын хэлсэн үгнээс иш татсан байна. Тэрбээр "Тавантолгойн IPO-г гаргахаас өмнө "Эрдэнэс Тавантолгой" компани хөрвөх бонд гаргаж магадгүй" тухай ярьжээ. Тэр ч байтугай Монголын Засгийн газар Тавантолгойн хувьцааг сонгуулийн өмнө гаргахаар яаравчлахгүй байгааг онцолсон байна.

Тавантолгойн хувьцааг олон улсын Хөрөнгийн бирж дээр гаргахгүй хойшлуулсаар байгаад олон хүчин зүйл нөлөөлсөн. Тэдгээрийн нэг нь дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал юм. Евро бүсийн хямрал намжих эсэх нь тодорхойгүй байгаа. Түүнээс гадна АНУ-ын төсвийн алдагдал, гадаад, дотоод өр нь хэтэрхий их болсон эдийн засагт нь хүнд тусах болж. Хятадын эрх баригчид дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтийг 7.5 хувь болгож бууруулахыг зорьж буй.

Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүчнүүд мөнгөний бодлогоо хумьж байна гэсэн үг. Ийм үед Тавантолгойн хувьцааг гаргаснаар харьцангуй бага хөрөнгө босгож чадна гэдгийг эдийн засагчид нотолж байгаа. Гэтэл IPO гаргах ажлыг намар хүртэл хойшлуулснаар Тавантолгойн олборлолтын явц удааширч, мөн л нэгж хувьцааны үнэлгээг нь бууруулж мэдэх юм. Зээл авахгүйгээр бүтээн байгуулалтын ажлыг эхлэх хөрөнгө монголчуудад байхгүй.

Энэ бүхнээс үүдээд IPO гаргахаас өмнө хөрөнгө босгож, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй болж таарч байна. Тавантолгойн IPO-г ирэх зургаадугаар сараас гаргавал бүтээн байгуулалтын ажил нь эхлээгүй учир мөн л хямдаар үнэлэгдэнэ гэж шинжээчид дүгнэж байсан юм. Энэ бүхнээс үүдээд "Эрдэнэс Тавантолгой" компани IPO гаргахаасаа өмнө бонд гаргаж хөрөнгө босгож магадгүй болжээ. Гэхдээ зүгээр бонд биш, хөрвөх бонд гэж байгаа.

IPO-ийн өмнөх хөрвөх бондыг Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд худалдах эрхтэй байдаг. IPO-ийн өмнөх гэж тодотгож буйн учир нь энэ. Эс тэгвэл Хөрөнгийн биржид бүртгэлгүй компани хөрвөх бонд гаргах боломжгүй юм. Харин яагаад заавал хөрвөх бонд гэж.

Хувьцаа гаргаж хөрөнгө босгоход хугацаа заадаггүй. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигч нь тухайн компанийн эзэн болно гэсэн үг. Харин компани өөрт байгаа хөрөнгийг барьцаалж, оронд нь урт хугацааны зээл авахын тулд бонд гаргадаг. Энд хугацааг онцолдог. Товлосон хугацаа дуусах үед бонд эзэмшигч нь мөнөөх компанитай хамааралгүй болно гэсэн үг. Хөрвөх бондын хувьд арай өөр. Зээлийн хугацаа дуусах үед бонд эзэмшигч нь хөрвөх бондыг тухайн компанийн хувьцаа болгон солих боломжтой байдгаараа онцлог. Тийм учраас бусад төрлийн бондтой харьцуулахад хөрвөх бондыг авах сонирхолтой хөрөнгө оруулагчид олон байдаг гэсэн үг юм.

Ямартай ч "Эрдэнэс Тавантолгой" компани IPO-ийн өмнөх хөрвөх бонд гаргах санал яригдаж байгаа бололтой. Энэ нь олон улсын Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахаасаа өмнө Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгийн эх үүсвэртэй болохыг зорьж байна гэсэн үг юм. Цаашилбал энэ нь Тавантолгойн нэгж хувьцааны үнэлэмжийг дээшлүүлэх ач холбогдолтой.

Дашрамд дурьдахад, хэдийгээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт "Хэзээ, ямар Хөрөнгийн бирж дээр IPO хийхээ тухайн компани өөрөө мэднэ" гэж ярьсан боловч "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал Б.Энэбиш "Засгийн газар аль болох яаравчлуулж байгаа" хэмээн онцолжээ.

Түүнчлэн "Bloomberg''-ийн "World Mining Index''-ээс гаргасан тооцоогоор уул уурхайн компаниудын хувьцааны үнэлэмж өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш 27 хувиар буурсан байна. Энэ нь дэлхийн зах зээл ерөнхийдөө хумигдаж байгаатай холбоотой гэж зарим шинжээч тайлбарлажээ.

2012/03/12

”Эрдэнэс Тавантолгой” IPO-г хэзээ гаргах вэ?


“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани Лондон, Хонконгийн хөрөнгийн биржид гурван тэрбум ам.долларын IPO гаргах хэлэлцээг ирэх есдүгээр сар хүртэл хойшлуулсан талаар Bлумберг мэдээлжээ. Энэ мэдээлэл аль эртнээс л гадаадын хэвлэлүүдэд цацагдаж байгаа боловч Монголын Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой” компаниас ямар нэгэн тайлбар хийгээгүй л байна. Засгийн газраас энэ оны эхээр бүр хойшиллоо гэхэд сонгуулиас өмнө “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г Лондон, Хонконгийн биржээр дамжуулан арилжаална гэсэн шийдвэр гаргасан  боловч олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа талаарх мэдээлэл хомсхон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO хийх эрх аваад бүтэн жилийн нүүрийг үзэж буй Германы Дойче, АНУ-ын “Голдман сакс” банкуудын зүгээс ч мэдээлэл хийхгүй байгаа юм. Магадгүй холбогдох байгууллагууд мэдээлэл хийх шаардлагагүй гэж үзэж байж болох ч ямар учраас “Эрдэнэс Тавантолгой”-н IPO намар болтол  хойшлогдож болзошгүй байгааг олон нийтэд тайлбарлах нь зөв болов уу. Энэ мэдээлэл үнэн эсэх нь иргэдэд хамгийн сонирхолтой байгаа. Учир нь тэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг эзэмшихээр болсон шүү дээ.

“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Энэбиш Тавантолгойн IPO-г Хонконг, Лондонгийн хөрөнгийн биржид нэгэн зэрэг гаргах бодолтой байгаагаа дурдаад  “Эрдэнэс Тавантолгой” компанийг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэх асуудал хууль эрхзүйн саадтай тулгарсан. Тиймээс IPO гаргахад юуны түрүүнд хэдэн хувийг нь арилжаалах боломжтойг бид судлах хэрэгтэй” хэмээн ярьсныг Блумберг онцолжээ.  Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд хувьцаагаа дотоодын зах зээлд гаргахаас гадна олон улсын хөрөнгийн зах зээлд давхар борлуулах Depositary Receipt /DR/ буюу Хадгаламжийн сертификат гаргахаар төлөвлөж байгаа гэсэн. Гэхдээ энэ бүхэн бодит ажил болж чадаагүй л байгаа.

Монголын талаас ямар ч байсан  эхлээд иргэдэд амалсан хувьцаагаа тараах, хэрвээ иргэн хувьцаа биш сая төгрөг авна гэвэл түүнийг нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд зарахад нь төр менежерийн үүрэг гүйцэтгэхээр болсон.  “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг оюутнууд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд авахгүй гэдэг шийдвэрийг ч Монголын төр хэдийн гаргачихсан бий.

“Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийх тендерийг Монголын Засгийн 2010 онд зарлаж,мөн оныхоо  арваннэгдүгээр сард Голдман Сакс банк, Дойче банк, “BNP Парибас “ болон “Маквайер групп” шалгаруулсан. Дээрх банкуудтай холбоотой сөрөг мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр цацагдаж байсан боловч Монголын Засгийн газар үүнд ач холбогдол өгөөгүй. Тиймээс ч олон нийтэд эргэлзээ төрүүлсэн тэр асуудал өнөөдөрч иргэдийн дунд байсаар байгаа. Тэд яг ямар ажил хийгээд байна вэ гэдэгт иргэд хариулт авахыг хүсч буй нь худлаа биш. Тухайлбал, Германы “Дойче” банк Өмнөд Солонгосын хөрөнгийн биржийн индексийн ханшийг зориуд унаган улмаар өөрсдөдөө ихээхэн ашиг олсон  хууль бус ажиллагаа явуулсан гэдгээр олон сая вонныг торгуульд унасан удаатай. Тус банк Өмнөд Солонгосын хөрөнгийн бирж дээр асар их хэмжээний арилжааны зохиомол байршлуудыг бий болгон улмаар ханшийг унагаж 45 орчим тэрбум вонын ашиг олсон гэдгээр буруутгагдсан. Тэгвэл АНУ-ын Голдман сакс санхүүгийн зах зээлийг уналтад оруулсан хамгийн гол буруутнаар тодорч, шүүхэд дуудагдаж байсан билээ.

Ямар ч байсан Монголын хамгийн баян, коксжих нүүрснийхээ зэрэглэлээр дэлхийд нэгдүгээр жагсч байгаа Тавантолгой ордыг эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой асуудал гадаадынхны анхаарлыг татсан хэвээр л байна. Харин Монголд Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл таг чиг болчихоод байгаа билээ. Учир нь Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг хүлээж байсан ажлын хэсэг хэдийн задраад алга болсон. Ерөнхийдөө энэ талаар ч гадаадынхан Тавантолгойн хэлэлцээр зогсонги байдалд орлоо хэмээн бичиж байна. Ерөнхий сайдын японд хийх айлчлалын үеэр энэ асуудал яригдах байх гэсэн таамаглал ч бий. Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах хэлэлцээр хэдийнээ унтаа байдалд орчихсон бий. Түүнчлэн Цанхийн зүүн хэсгээс олборлосон нүүрсийг худалдан авч байгаа Хятадын “Чайланко” компани Монголын Засгийн газартай хийсэн гэрээгээ буцаахаар албан бичиг ирүүлсэн гэх мэдээлэл ч байгаа. Тэгэхээр энэ бүгдээс харахад ихээхэн хэмжээний нөөцтэй нүүрсний томоохон орд дээр суугаад тоглолт хийхээр зорьсон “Эрдэнэс Тавантолгой” компанийн асуудал ерөнхийдөө хүнд байгаа бололтой. Эцсийн эцэст нэг зүйлийг нэмээд хэлэхэд нэрлэсэн үнийг нь өнөөг хүртэл тогтоогоогүй байгааг мартуузай. Эцэст нь Б.Энэбиш даргаас асуухад Эрдэнэс Тавантолгой” компанийг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэх асуудал саадтай байгаа, IPO гаргах асуудал намар болтол хойшлогдсон гэдэг үнэн үү гэж асуумаар байна
.

2012/03/11

Тавантолгойн хэлэлцээ зогссон гэв


Дэлхийн нүүрсний асар том нөөц болох Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах Монголын Засгийн газрын төлөвлөгөө сонгуулийн өрсөлдөөнөөс болж шаварт суучихаад байна. Пибоди Энержи, Хятадын Шинхуа групп, ОХУ-ын төмөр зам консерциумтай Баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох хэлэлцээ үндсэндээ зогссон гэж Ерөнхий сайд С.Батболд ярьсан юм. Зургаан тэрбум нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордын зүүн Цанхид олборлолт явуулж эхэлсэн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” IPO гаргахыг ирэх есдүгээр сар хүртэл хойшлуулахаар болсноо өчигдөр мэдэгджээ. Учир нь зарим улс төрчид стратегийн хөрөнгө оруулагчдын дунд тендер зарласан баруун Цанхийг өөрсдөө олборлох уриалга гаргасан гэнэ. Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Рэндольф Коппа “Ирэх зургадугаар сард болох парламентын сонгуулийн сурталчилгаа ид хүчээ авч эхэлсэн” хэмээжээ. Удахгүй Японд айлчлахаар төлөвлөж буй Ерөнхий сайд С.Батболдын айлчлалын гол зорилго нь Японы “Mitsui & Co”, “Itochu Corp”-аас тавьсан Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагч болох саналтай холбоотой. “Mitsui & Co”-ын гүйцэтгэх захирал Фуминобу Кавашима Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагч болох саналаа энэ сарын эхээр дахин тавьсан юм. Баруун Цанхид олборлолт явуулах тендерт урьдчилсан байдлаар Хятадын Шинхуа групп, Америкийн Пибоди Энержи, болон Монгол-Оросын хамтарсан консерциум шалгарсан. Монгол-Оросын консерциум гэдэгт ямар ямар компани багтаж байгааг Монголын Засгийн газар мэдээлээгүй юм. Монголын эдийн засаг улаан шугам руу орж байгаа ийм үед улс төрийн уур амьсгал ч мөн хурцдаж эхэлсэн талаар Америкийн компаниудын судалгааны төв “Gunnison”-ы захирал Пол Холден ярьсан байна. Тэрбээр Монголын эдийн засгийн форум дээр өнгөрсөн жил банкны зээл 70 хувиар өсч, бэлэн мөнгөний нийлүүлэлт 40 хувиар нэмэгдсэнийг дурьдсан юм. 

Дэлхийн банкнаас өнгөрсөн сард гаргасан судалгаа Монголын Засгийн газрын зардал сүүлийн хоёр жилд хоёр дахин өсч, жижиглэнгийн худалдаа  өнгөрсөн онд эдийн засгийн гол хөдөлгөгч болсныг харуулжээ. Харин уул уурхайн үйлдвэрлэл 8,7 хувиар нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтийг 17.3 хувьд хүргэснийг Дэлхийн банкны судалгаа харуулж байгаа юм.