2011/09/20

Тавантолгойн асуудлаар Засгийн газартай хамтын маргаан үүсгэлээ


Тавантолгойн асуудлаар Засгийн газартай хамтын маргаан үүсгэлээ
МҮЭ-ийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс Тавантолгойн ордын Цанхийн баруун хэсэгт Хятадын Шинхуа компанийг 40 хувь, Орос-Монголын консорциум 36 хувь, АНУ-ын Пийбоди компани 24 хувийн оролцоотой эзэмшүүлэх тухай мэдээллийг Монгол Улсын Засгийн газраас биш зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээс авч буйгаа дуулгалаа.
 
Энэ нь Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийн 1.3-т хүлээсэн үүргээ биелүүлж, Тавантолгой төслийг хэрэгжүүлэхэд МҮЭ-ийн холбооны оролцоог хангаж ажиллахгүй байгааг анхаарууллаа. Тиймээс МҮЭХ-ноос Хамтын маргаан үүсгэж буйгээ мэдэгдсэн юм. 

Харин энэ тохиолдолд Засгийн газраас Тавантолгойн гэрээг батлах эрхгүй гэдгийг тэд дуулгалаа.

Мөн хөндлөнгийн эрдэмтэн, шинжээчид, ШУТИС, Шинжлэх ухааны академиас гаргасан дүгнэлтийг Засгийн газраас авахгүй байгаагийн шалтгаан нь тодорхойгүй байгааг дурьдаад, МҮЭ-ийн холбооноос ШУТИС, ШУА, Олон улсын уул уурхайн ҮЭ-ийн холбооны оролцоотой хөндлөнгийн эрдэмтэн, шинжээчдийн баг гаргана гэдгээ мэдэгдлээ.

Засгийн газраас ойрын хугацаанд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулж, зохих шийдэлд хүрч чадахгүй бол Монголын ирээдүй хойчийн төлөө байж болох бүхий л тэмцлийн арга хэмжээ авах болно гэдгээ хэллээ.

Академич Т.Намжим: Тавантолгойг хуваавал төр хуулиа зөрчинө

Академич Т.Намжим: Тавантолгойг хуваавал төр хуулиа зөрчинө
Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, Академич Т.Намжимтай Тавантолгойн ордыг ашиглах асуудлаар ярилцлаа.

-Өнөө үед Тавантолгойн ордыг ашиглах асуудал?
-Эрдэмтэн мэргэжилтэн, бизнес эрхлэгчдийн анхаарлын төвд байна. Тэгэхээр уг ордыг ашиглах зарчмын бодлого, шийдэл ямар байвал зохилтой вэ гэсэн сэдвээр Таны санал бодлыг сонсох гэсэн юм.

-Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудал бол эртнээс яригдсан бөгөөд өнөө үед үнэхээр тулгамдсан үйл явдал болоод байна. Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд ахиухан нөлөөтэй томоохон төслийн нэг болох ёстой юм. Тийм учраас уг ордыг ашиглах талаар оновчтой бодлого, шийдэл гаргах асуудалд үндэслэл тооцоотой, бодит ухааралтай, нэн хариуцлагатай хандвал зохилтой байна сан. Тавантолгойн ордыг ашиглах талаар УИХ-аас 2008 оны 12 дугаар сарын эхээр 40 дүгээр тогтоол гаргасан, дараа нь бас 2010 оны 7 дугаар сард 39 дүгээр тогтоол гаргасан байгаа.

Гэвч уг ордыг ашиглах зарчмын асуудлыг шийдэх талаар олигтой ахиц гараагүй удааширч байгаа явдалд дүгнэлт хийж хандах нь зүйтэй байна. Тавантолгойн орд бол Монгол улсын эдийн засагт олон арван жилийн урт хугацаанд өндөр үр өгөөжтэй байх нэн чухал бодит баялгийн талбар юм. Тийм учраас уг ордыг ашиглах талаар тун сайтар цэгнэж боловсруулсан оновчтой шийдлийг гаргахын тулд Төр засгийн дээд байгууллагаас анхнаасаа дэс дараалсан, зөв зохистой ажил хэргийг явуулах шаардлагатай юм.

-Аливаа томоохон ордыг ашиглах талаар юуны өмнө ТЭЗҮ боловсруулах шаардлагатай байдаг. Тавантолгойн ордын хувьд ТЭЗҮ байхгүй бололтой. Та саналаа хэлнэ үү?
-Таны хэлсэнээр, аливаа томоохон төслийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд заавал ТЭЗҮ боловсруулах шаардлагатай байдаг. Тавантолгойн ордын хувьд хайгуул хийгдэж, нөөцийг нь тогтоосны дараа 1980-аад оны дундуур хуучны ЗХУ-ын Уул уурхайн зураг төслийн институтээр ТЭЗҮ хийлгэсэн юм.

Харин одоо бол Тавантолгойн ордыг ашиглах ТЭЗҮ-ийг шинээр боловсруулах зайлшгүй шаардлагатай гэдэг нь ойлгомжтой юм. Гэтэл Тавантолгойн ордыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулахгүйгээр ашиглах талаар бүтэлгүй оролдлого хийж байгаа нь туйлын зохисгүй явдал болж байна.

Тийм учраас Тавантолгойн ордыг өндөр үр өгөөжтэй ашиглах талаар оновчтой бодлого, зохистой шийдэл гаргахын тулд нэгд, Засгийн газраас шаардагдах хөрөнгө гаргаж, гуравдагч хөрш орны мэргэжлийн өндөр түвшингийн байгууллагаар уг төслийн ТЭЗҮ-ийг хийлгэж, Төр засгийн дээд түвшинд эрдэмтэн, мэргэжилтний хэсгийг оролцуулан хэлэлцэж зөвшилцөх үйл хэргийг эхний ээлжинд гүйцэлдүүлэх шаардлагатай байна.

Хоёрт, Тавантолгойн ордын ТЭЗҮ-ийн үндсэн дээр уг ордод зохих хүчин чадал, бүтэц бүрэлдэхүүнтэй үйлдвэрлэлийн болон дэд бүтцийн объект байгууламжийг хэрхэн бүрэлдүүлэх, бүтээн байгуулах асуудлаар Цогц төлөвлөгөө боловсруулах ажлыг толгойлогч компаниар хийлгэж, тэрхүү цогц төлөвлөгөөг мөн төр засгийн түвшинд эрдэмтэд мэргэжилтний оролцоотой цэгнэн зөвшилцөх нь зүйтэй юм.

-Уг ордод уурхай, үйлдвэрлэлийг ямар арга хэлбэрээр бүтээн байгуулах нь зүйтэй вэ?

-Дээр дурьдсанаар, мэргэжлийн өндөр түвшинд сайтар цэгнэж боловсруулсан ТЭЗҮ, Цогц төлөвлөгөөний үндсэн дээр Тавантолгойн ордыг ашиглах чиг баримтлал, арга хэлбэрийг дараах зарчмын дагуу тогтооход одоо ч гэсэн оройтоогүй байна.

Гол зарчмын асуудал бол Тавантолгойн нэг бүхэл бүтэн орд буюу объектыг хэсэглэн хуваахгүйгээр, нэгдмэл байдлаар ашиглах зарчмыг баримтлах явдал юм. Тавантолгойн ордыг хэдэн хэсэгт хувааж, өөр өөр компаниудад эзэмшүүлбэл, нэгд, Монгол Улсын Төрийн дээд байгууллагаас Тавантолгойн ордыг стратегийн нэг л орд гэж хуульчлан тогтоосон зарчимтай зөрчилдөх, хоёрт, тус ордын үндсэн үйлдвэрлэл, дэд бүтцийг нэгдмэл бодлого, аргазүйн үндсэн дээр барьж байгуулах асуудлыг оновчтой шийдвэрлэхэд төвөг учруулах, гуравт, тус ордын үйлдвэрлэлийн цогцолборыг эдийн засгийн өндөр үр өгөөжтэй ашиглахад сөрөг нөлөө үзүүлэх зэрэг таагүй байдал үүдэж болох юм. Тийм зохисгүй байдал бий болохоос сэрэмжлэх хэрэгтэй байна.

Түүнчлэн уг ордын геологи хайгуулын ажил нь улсын хөрөнгөөр хийгдэж, нөөц нь тогтоогдсон тул Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Монголын төрийн оролцоо хувийг тогтоох, мөн тэр хувь хэмжээний хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хийх зарчмын асуудлыг шийдэх явдал тулгарах болно гэдгийг анхаарах нь зүйтэй.

-Манай зарим хүмүүс Тавантолгойн ордыг дотоодын компанийн хүчээр л ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаа бололтой. Энэ талаар Та ямар бодолтой байна вэ?
-Тавантолгой мэтийн томоохон ордыг манай дотоодын компаниуд бие даан ашигладаг байвал мэдээжийн сайн хэрэг л дээ. Гэхдээ уг том ордыг ашиглах асуудлыг зөвхөн газрын хөрсийг хуулж, нүүрсийг экскватораар утгаж, хүнд даацын машинд ачих байдлаар хялбарчлан ойлгож болохгүй, хэрэв тийм байдлын үүднээс Тавантолгойн ордыг дотоодын компанийн хүчээр ашиглах ёстой гэвэл арай дутуу дулим шийдэл болж магадгүй юм.

Яагаад гэвэл нэгд, олон сая тонн коксжих нүүрсийг хамгийн зохистой бөгөөд тогтвортой байж болох зах зээлд олон улсын жишиг үнээр худалдан борлуулах, хоёрт, далайн хоёр дахь гарцын төмөр зам, цахилгаан станц, усны хангамжийн систем зэрэг үйлдвэрлэл техникийн дэд бүтцийн томоохон барилга байгууламжийг болон хот сууринг барьж байгуулах, гуравт, тэр бүхэнд шаардагдах санхүүжилтийн олон тэрбум долларын эх үүсвэрийг бүрэлдүүлэх зэрэг нилээдгүй төвөгтэй үйл хэргийг манай дотоодын компаниуд дангаараа гүйцэлдүүлэх боломжтой гэдэг нь эргэлзээтэй байна.

Тийм болохоор Тавантолгойн ордыг иж бүрнээр, өндөр үр өгөөжтэй ашиглахын тулд гадаадын стратегийн хөрөнгө оруулагч компаниудыг оролцуулах зайлшгүй шаардлага байгаа гэдгийг бодитойгоор ойлгож хандах нь зүйтэй байна.

-Стратегийн хөрөнгө оруулагч компаниудын сонголтын талаар Засгийн газрын мэдээлэл нилээдгүй шүүмжлэл дагуулаад байна, Энэ талаар Та ямар саналтай байгаа вэ?
-Стратегийн хөрөнгө оруулагч компаниудыг оновчтой зөв сонгож шалгаруулахад онцгой анхаарвал зохилтой байна. Одоогоор Тавантолгойн ордын Цанхийн баруун хэсэгт Хятадын Шинхуа компанийг 40 хувийн, Орос-Монголын консорциум гэгчийг 36 хувийн, АНУ-ын Пийбоди компанийг 24 хувийн оролцоотой байхаар эзэмшүүлэх тухай хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр зарлагдсан хувилбар нь оновчтой бус байж болох юм.

Энд хамгийн гол нь Тавантолгойн ордын сонгон шалгаруулалтад оролцохоор хүсэлт гаргасан, албан ёсоор хүлээн авагдсан компаниудын дотор Хятадын Шинхуа дангаараа, Монгол-Оросын консорциум гэж байгаагүй тул тийм хоёр субъектыг сонгон шалгаруулсан тухай зарласан явдал нь холбогдох хууль журамдаа үл нийцсэн үйлдэл болох учраас хүчингүй гэж үзэх үндэстэй байх болов уу. Тийм болохоор стратегийн хөрөнгө оруулагч компанийн сонгон шалгаруулалтыг дараах чиг баримтлал, хүчин зүйлс, нөлөө хамаарлыг бодолцон дахин явуулах нь зүйтэй байна.



Тухайлбал:
1. Олон арван, магадгүй зуун жилээр ч тооцогдохоор урт хугацаанд ашиглагдаж, үр өгөөжөө өгөх Тавантолгойн ордод ажиллах компаниудыг сонгох шалгуур болгож, нэг удаагийн сонгуулийн зохисгүй амлалтын мөнгөний эх үүсвэр болгох гэж урьдчилгаа төлбөр нэхэх явдлыг зогсоох.

2. Тус ордын үндсэн үйлдвэрлэл, дэд бүтцийн барилга байгууламжид шаардлагатай хөрөнгө оруулалтын олон тэрбум долларын эх үүсвэрийг хамгийн зохистой хэлбэрээр бүрэлдүүлэх боломж, шаардлагын үүднээс хандах.

З. Ордын үндсэн үйлдвэрлэл, дэд бүтцийн объектыг барьж байгуулах, тэргүүний техник технологийг нийлүүлэх, мэргэжилтэй ажиллах хүчнийг сургаж бэлтгэх боломжтой улс орны компанийг сонгох.

4. Коксжих нүүрсний хэрэгцээтэй, тээвэрлэн нийлүүлэх боломжтой томоохон зах зээлтэй улс орнуудын компани, консорциумыг сонгох.

5. Монгол улсын үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдалд нийцсэн орон зайны буюу гео бодлогын хувьд эерэг нөлөөтэй байж болохуйц улс орны ашиг сонирхлыг бий болгох.

6. Монгол улсад өөрчлөлт шинэтгэл явагдсан сүүлийн хориод жилд тохиосон хямрал, бэрхшээлийг даван туулахад хамгийн их тусламж үзүүлж ирсэн, түншийн харилцааг бодитойгоор тогтоосон улс орны ач тусыг бодолцож, сонголтыг хийх.

7. Тавантолгойн ордыг ашиглахад оролцох сонирхол, хүсэлтээ илэрхийлсэн гадаад улсын компаниудын дотроос дээр дурьдсан зарчмын чиглэлийг харгалзан зарим улсын компаниуд оролцсон консорциумыг оролцуулах нь зүйтэй байна. Тухайлбал: Япон улсын дөрвөн том (Иточу, Марубени, Сумитомо, Соожицу) корпораци, Оросын болон Солонгосын талтай хамтарсан консорциум болж оролцох саналыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байгаа юм. Тийм хувилбар нь нүүрсний уурхай, баяжуулах үйлдвэр байгуулахад төдийгүй, Тавантолгой-Чойбалсан-далайн боомтын чиглэлийн төмөр зам болон Тавантолгойн цахилгаан станц зэрэг дэд бүтцийн томоохон объектыг барьж байгуулахад гол ач холбогдолтой болно.

8. Хятад улсын Шинхуа хэмээх компанид Тавантолгойн Цанхийн хэсгийн 40 хувийг буюу хамгийн их хувийг эзэмшүүлэхээр зарласан явдал нь дараах нөхцөл байдлын улмаас зохистой бус байж болох юм. Нэгд, өнөөгийн байдлаар Монгол улсын гадаад худалдааны эргэлтийн 60 шахам хувь, экспортын 85 хувь нь Хятад улсад ноогдож байна. Тийм байдал нь Монгол улсын үндэсний эрх ашгийн үүднээс авч үзвэл хэвийн биш үзэгдэл мөн гэдгийг Төр засаг анхаарах шаардлагатай болжээ. Гэтэл дээрээс нь Тавантолгойн нүүрсний ихээхэн хэсгийн экспортыг нэмэх аваас, Монголын экспорт үндсэндээ Хятад улс руу чиглэх болно гэдгийг бодож үзэх нь зүйтэй болов уу. Хоёрт, Хятад улсад нүүрсийг олон улсын гадаад худалдааны жишиг үнээс мэдэгдэхүйц доогуур үнээр худалдах явдал нь Монгол улсын эдийн засаг хохиролтой байх болно.

9. Америкийн Пийбоди компанийг Тавантолгойн ордод хувь эзэмшүүлэх явдал байж болох юм. Гэхдээ тэр компани олборлосон нүүрсээ хаанахын зах зээлд борлуулах нь сонирхол татаж байгаа юм. Хэрэв Япон, БНСУ-ын компаниудыг Тавантолгойн төсөлд оролцуулахгүй болгоод, Америкийн компани олборлосон нүүрсээ Япон, Солонгосын зах зээлд борлуулдаг байгалиа гэвэл утга учир багатай бөгөөд ойлгомжгүй асуудал болно гэдгийг бодож үзэх нь зүйтэй болов уу.

10. Тавантолгойн ордыг ашиглахын тулд юуны өмнө барьж байгуулах шаардлагатай байгаа төмөр зам, цахилгаан станцыг ямар компаниар бариулах асуудлыг одоогоор шийдвэрлээгүй байна. Тийм учраас Тавантолгойн ордыг ашиглах төслийг хэрэгжүүлэхэд оролцуулах компанийг сонгохдоо төмөр зам, цахилгаан станцыг хэрхэн барьж байгуулах асуудлыг бодолцох нь зүйтэй юм.

Ер нь Тавантолгойн төсөлд оролцогчдыг сонгох асуудал нь зүгээр л хэдэн компанийг сонгох бизнесийн үйл хэрэг төдий бус цаад утгаараа Монгол улсын олон улсын харилцааны оновчтой бодлогын асуудал гэдгийг анхаарвал зохилтой байна.

-Японы компаниудын оролцсон консорциумыг Тавантолгойн ордыг ашиглах төсөлд оролцуулах талаар Та ямар бодолтой байгаа вэ ?

-Японы томоохон корпорациуд оролцсон консорциумыг Тавантолгойн ордыг ашиглах төсөлд оролцуулах нь зүйтэй юм. Монголын Засгийн газар тийм шийдэл гаргах явдал нь дараах учир холбогдолтой гэж бодож байна.

Тухайлбал: Нэгд, Япон бол хөрөнгө санхүүгийн чадавхи сайтай, тэргүүн зэргийн техниктехнологи бүхий хамтын ажиллагаа явуулах хамгийн найдвартай улс юм.

Хоёрт, тус улс нь өнгөрсөн хориод жилд манай улсад хамгийн их тусламж дэмжлэг үзүүлсэн. Япон улсаас Монгол улсад 1991-2010 онд олгосон болон олгохоор шийдвэрлэсэн Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хэмжээ 1 тэрбум 600 сая ам.долларын (Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын зээл, Энгельсийн гүүрэн гарамын тусламжийг оролцуулаад) хэмжээнд хүрсэн байна. Энэ нь бусад АНУ, ХБНГУ, БНХАУ, Франц, Англи зэрэг нийт хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн нийлбэр дүнгээс бараг 1.5 дахин их, Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банкны олгосон нийт зээл, тусламжаас 25 хувиар их байгаа ажээ.

Гуравт, Япон улсаас тийм их хэмжээний зээл тусламж олгосон явдал нь гагцхүү Монголд ач тустай нэг талын харилцаа байсан юм. Тэгвэл одоо улс хоорондын хамтын ажиллагаа харилцан ашигтай байх нийтлэг зарчмын дагуу Тавантолгой мэтийн томоохон төслийн хүрээнд Монгол, Японы аль аль талдаа харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулдаг болох нь зүйтэй байна. Энэ нь бидний Монголчуудын "аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ" хэмээх цэцэн үг сургаалд ч нийцэх болно.

Дөрөвт, Япон улсыг Тавантолгойн төслийн нэгэн гол хэрэгжүүлэгч болгох нь эдүгээ Монгол, Японы хооронд тогтсон стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааны, мөн Монгол улсын гадаад харилцааны үзэл баримтлалд тусгагдсан гуравдагч хөршийн болон олон тулгуурт харилцааны бодлогын нэгэн бодит биелэл болох юм.

Тавд, Япон бол жилд 130 сая тонн коксжих нүүрсний хэрэгцээтай, манай улсад харьцангуй ойрхон байгаа хамгийн том зах зээл гэдгийг бодолцох учиртай юм.

Зургаад, Японд нүүрсийг олон улсын жишиг үнээр худалдах боломжтой тул эдийн засгийн ахиухан ур ашигтай байх болно.

Долоод, Тавантолгойн нүүрсийг Зүүн хойд Азийн бүс нутагт гаргах энэ далимд, уг үйл хэрэгт Япон улсыг оролцуулсан нөхцөлд л далайн хоёр дахь гарцын төмөр замтай болох стратегийн асар чухал ач холбогдолтой зорилтыг хэрэгжүүлэх боломж бүрэлдэнэ гэдгийг онилон бодолцож ухаарвал зохино.

-Тавантолгойн ордын үйлдвэрлэлийн бүтэц бүрэлдэхүүн ямар байвал зохилтой вэ?

-Та зарчмын чухал асуудал гавилаа. Уг нь Тавантолгойн ордыг ашиглах үйлдвэрлэлийн бүтэц бүрэлдэхүүн, хүчин чадлын асуудал бол тус ордын ТЭЗҮ-ээр тодорхойлогдох ёстой юм. Гэтэл ТЭЗҮ боловсрогдоогүй учраас тус ордын үйлдвэрлэлийн бүтэц бүрэлдэхүүн, хүч чадлын талаар таамаг төдий байдалтай байгаа юм.

Тийм учраас нэгд, коксжих нүүрсийг гол төлөв экспортын чиглэлээр ашиглах,
хоёрт, коксжих нүүрсийг олборлох явцад дагалдан гарах их хэмжээний эрчим хүчний нүүрсийг хархэн ашиглах гэсан хоёр үндсэн чиглэлийн талаар зохистой шийдлийг гаргах нь зүйтэй юм. Миний хувьд дараах тодорхой бодол саналтай байдаг юм.

Тухайлбал:
1. Манайд кокс химийн том үйлдвэр байгуулж, бэлэн кокс экспортлох тухай яриа байдаг. Гэтэл экспортод цэвэр кокс гаргах зориулалтаар кокс химийн үйлдвэр байгуулах боломжгүй, коксжих нүүрсийг угааж цэвэрлээд экспортлохоос өөр арга байхгүй юм. Тийм байдал нь дараах хоёр учир холбогдолтой байна.

Нэгд, хар металлургийн томоохон хэмжээний үйлдвэрлэл явуулдаг улс орнууд өөрсдийн ган үйлдвэрлэлийн технологийн онцлог хэрэгцээнд тохирсон коксыг өөрсдөө үйлдвэрлэх шаардлагатай байдаг аж.

Хоёрт, Кокс химийн үйлдвэрт асар их хэмжээний ус шаардагддаг тул манай говийн нөхцөлд томоохон хүчин чадалтай коксын үйлдвэр байгуулах боломжгүй гэдгийг бодолцвол зохино.

2. Харин дотоодын хар төмөрлөгийн үйлдвэрийн хэрэгцээнд зориулан багахан хэмжээний коксын үйлдвэр байгуулах хувилбар байж болох юм. Тухайлбал, Дархан-Сэлэнгийн бүс нутаг дахь төмрийн хүдрийн ордод түшиглэн ангижруулсан үрлэн төмрийн үйлдвэр байгуулахын зэрэгцээ Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн технологийн шинэчлэлт хийж, хүчин чадлыг өргөтгөх тохиолдолд тус үйлдвэрийн технологийн шаардлага болон хэрэгцээнд тохируулан коксын үйлдвэрийг усны нөөцийн боломжтой газарт байгуулах шаардлага гарах байх.

Тийм чиглэлийг анхнаасаа Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн хоёр дахь үе шат болгож хэрэгжүүлэх талаар миний бие Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн байсан үедээ Японы талтай тэртээ 1990 оны эхэн үед тохиролцсон юм. Гагцхүү сүүлийн хориод жилд тийм чухал төслийг хэрэгжүүлэх сөхөө манай төр засагт байгаагүй өдий хүрсэн бололтой.

З. Тавантолгойн ордод коксжих нүүрсний олборлолтыг дагалдан гарах эрчим хүчний нүүрсийг хэрхэн ашиглах арга хэлбэрийг тооцоо үндэслэлтэй тогтоох явдал чухал байгаа болно. Уг ордын ТЭЗҮ боловсрогдсон нөхцөлд уурхайн олборлолтын хүчин чадлын хэмжээгээр коксжих нүүрсний олборлолт хийх явцад, дагалдан гарах эрчим хүчний нүүрсний хэмжээ ч тодорхой болох нь мэдээжийн хэрэг юм. Ямар ч нөхцөлд Тавантолгойн ордод томоохон хүчин чадалтай Цахилгаан станц байгуулж, дотоодын цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох шаардлага гарч таарна. Улмаар Хятад улсын хойд бүс нутагт цахилгаан экспортлох бодлогын үүднээс хандах оролдлого хийж үзэх нь зүйтэй болов уу.

4. Тавантолгойн ордын эрчим хүчний нүүрсний нэгэн томоохон хэрэглэгч бол Оюутолгойд баригдах цахилгаан станц байх болно. Оюутолгойн үйлдвэрлэлийн цогцолборт 400 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулах, уг станцын хэрэгцээнд жилд 1.3 сая тонн нүүрсийг Тавантолгойн уурхайгаас нийлүүлэх асуудлаар ТЭЗҮ-ийг Японы талаар хийлгэсэн байгаа юм. Оюутолгойн ордын уурхай, баяжуулах үйлдвэрийн барилгын ажил нилээдгүй ахицтай явагдаж байгаа тул төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулах боломжтой гэж үзэж байгаа юм билээ.

Гэтэл уг ордын уурхай, баяжуулах үйлдвэр нь бэлэн болсон байхад цахилгаан станц барих явдал оройтсоноос, үндсэн үйлдвэрлэл нь цахилгаангүй байх зохисгүй байдал бий болж магадгүй бололтой. Тийм учраас манай Засгийн газар Оюутолгойд цахилгаан станц байгуулах асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага тулгарч байгаа юм билээ.

5. Төмөр зам барихгүйгээр Тавантолгойн ордыг ашиглах боломжгүй тул Тавантолгой-Чойбалсан-далайн боомтын чиглэлийн замыг барих ажлыг Орос, Япон, Солонгосын оролцоотой консорциумаар гүйцэтгүүлэхээс өөр арга зам байхгүй болов уу. Монгол улсын хувьд, Зүүн хойд Азийн далайн боомтод хүрэх зам тээврийн гарцтай болох явдал бол коксжих нүүрс төдийгүй, бусад төрлийн эрдэс баялаг, бүтээгдэхүүн болон контейнерийн тээврийн асуудлыг шийдэх стратегийн хамгийн чухал зорилт хэрэгжих болно гэдгийг онцлон анхаарвал зохино.

Эцэст нь миний нэг онцлон хэлэх зүйл бол цаашид ашигг малтмалын томоохон ордыг ашиглахад нийт хүн амд болон нийт компаниудад хувьцаа тараана гэсэн бодит амьдрал дээр үр дүнгүй өнгөрөх, эдийн засгийн утга агуулга багатай, арга зүйд үл нийцэх, амлалтын чанартай зохисгүй байдлыг зогсоох нь зүйтэй байна.

Алдаатай шийдвэрүүдээ засна уу

Алдаатай шийдвэрүүдээ засна уу
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон эрхэм гишүүдэд-

ҮАБЗ-өөс Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний төслийг ямар учраас Засгийн газарт буцаасан талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан, ҮАБЗ-ийн ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Өнөрбаяр нарын ярилцлага, мөн гэрээний ажлыг удирдаж буй шадар сайд Н.Алтанхуягийн ярилцлага зэргээс харахад төрийн өндөрлөгүүдиин хооронд ойлголтын зөрүү байгаа нь харагдаж байна.

Уг маргаан УИХ-ын 39 дүгээр тогтоол нь өөрөө зөрчилтэй буюу хоёрдмол утгатай байгаагаас болж байна. Энэ талаар Монгол дээд сургуулийн эрдэмтэд шүүмжилж ирсэн. Дээр нь ҮАБЗ -ийн зөвлөмж дээрх зөрчлийг улам хурцатгасан байна. Бид энэ асуудлыг ҮАБЗ-ийн хурлын өмнө "Нийгмийн толь" сонинд дэвшүүлж байсан. Энэ бүхнийг засаж залруулах хэрэгтэй байгааг та бүхэнд энэ нийтлэлээрээ бид дахин хандаж байна.

НЭГДҮГЭЭР БУЮУ БОЛОМЖИЙН ХУВИЛБАР

УИХ-ын 39 дүгээр тогтоолын нэгдүгээр заалтад ''Тавантолгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, "Эрдэнэс-Тавантолгой" охин компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх" гэсэн үүргийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-д даалгасугай гэжээ.

Тэгэхээр "Эрдэнэс-Тавантолгой" компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нь. Энэ компани оператор компани түр хөлсөлж ажиллана. Хөрөнгийн биржээр хувьцаа авсан хөрөнгө оруулагчидтай ямар нэг нэмэлт яриа хэлцэл байх ёсгүй. Энэ нь байж болох л хувилбар. Олборлолтын зардлыг гэрээт олборлогч гаргана. 30 хүртэл хувиа зарж 2-4 тэрбум ам.доллар босгочих боломжтой. Харин түүнийгээ угаах, бас баяжуулах үйлдвэр ч юм уу ТЭЗҮ-д заасан аль нэг үйлдвэр, эсвэл төмөр зам гэх мэт дэд бүтцэд зориулаад явж болно.

Харамсалтай нь Засгийн газарт энэ олон шатны аж ахуйнуудын ТЭЗҮ алга. Мөн нэмэлт хөрөнгө оруулалтаа зээл аваад эсвэл бонд гарган олж цаашаа явж болно. Монголын төр ч хөрөнгө гаргаж болно. Харин Засгийн газар хөрш орнуудтай дамжин өнгөрөх тээврийн нөхцөлөөр хэлэлцээр хийсэн байх ёстой. Гэтэл энэ гэрээ бараа сураггүй байна.

Нөгөөтэйгүүр, энэ гэрээ хийгдчихвэл уг хувилбар боломжийн юм. Гол нь хөрш орнуудтай наймаалцахгүй учраас тэд тээврийн таатай орчинг өгөхгүй байх. Дутагдал нь стратегийн хөрөнгө оруулагч ирэхгүй. Сайн технологио ч тэд өгөхгүй. "Оператор аж ахуйн нэгж" ашигла гэж УИХ зааж өгөх ёсгүй байв. Босгосон хөрөнгөөрөө хэдэн эксковатор, ажилчин, гэр, байшин худалдан авч болно шүү дээ.

ХОЁРДУГААР БУЮУ ГОЛ ХУВИЛБАР

Гэтэл тогтоолын хоёрын тавд "дамжин өнгөрөх тээвэр угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани /консорциум/ -ийн нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж бусад баримт бичгийн төслийг танилцуулах" гэсэн үүргийг Засгийн газарт өгчээ.

Энэ өгүүлбэрийн эхний хэсэгт "хөрөнгө оруулалтын нөхцөлийн талаар хэлэлцээр хийх" заалт оржээ. Гэхдээ хэнтэй хийх, яаж хийх, хэдэн хувь буюу хэдий хэмжээний тухай гэдэг нь алга. Түүнчлэн өгүүлбэрийн дараагийн хэсэгт гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах заалт байна. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулах буюу хоёрдугаар хувилбар гарч ирж байна. Гэхдээ бас л хувь хэмжээ заасангүй, төрийн юм уу хувийн компани,байх уу гэсэн маш чухал шалгуурыг тавьж өгсөнгүй.

Харин нэгдүгээр заалтын логикоор компанийн 30 хүртэл хувийг гадаадын компани, 10 хувийг дотоодын компанид өгнө. УИХ-ын зарим гишүүд дотоодын компанид анхны нэрлэсэн үнээр өгөх 10 хувийг иргэддээ үнэгүй өгөх хуулийн төсөл өргөн барьсан. Иймд 30 хүртэл хувиа л гадныхантай /дотоодоос орж болно/ хөрөнгө оруулалтын нөхцөлөөр наймаалцах боломж харагдаж байна.

Мөн ард түмэн 10-20 хувиа яваандаа биржээр зарж энэ нь гадныханд очих боломжтой. Тэгэхдээ гол гэж үзэж болох энэ хувилбарыг амилуулахын тулд 30 хүртэл хувиа гадаад дотоодын хөрөнгийн биржээр зарах нэгдүгээр заалтаасаа УИХ татгалзах хэрэгтэй байна.

ГУРАВДУГААР БУЮУ МАНИН ХУВИЛБАР

Засгийн газар гуравдах хувилбараар төслөө боловсруулжээ. Дахин нэг компани байгуулж байна. Гэхдээ ордыг 30 жилээр түрээсэлнэ. Гэтэл тэр түрээслэх компанийн хэдэн хувийг монгол эзлэх ёстой юм гэдгийг УИХ тогтоосонгүй. Үүнийг Засгийн газар эргэж УИХ-аас асуухын оронд 82 хувиа гадныханд шууд өгсөн. Энэ загварын үед Тавантолгойд үндэсний эрх ашиг биш гадны буюу түүхий зөвхөн коксжсон нүүрсийг хямд үнээр авах гадны эрх ашиг 30 жил ноёлох болж байна.

Дээр нь Монголын төр 18 хувьдаа ногдсон хөрөнгө оруулалтаа ч гаргаад явах болж давхар хохирч байна. Уг нь эхний хоёр хувилбараар бол нэг талаас Монголын нөөц буюу лиценцээ үнэлээд, нөгөөтэйгүүр үйлдвэрлэл явуулах хөрөнгө босгох боломжтой учраас Монголын тал хөрөнгө гаргахгүй байх боломжтой. Гэтэл гуравдах хувилбараар 18 хувийн хөрөнгө гаргах болж буй нь буруу байна.

Засгийн газрыг ийм хувилбар сонгох боломжийг УИХ-ын 39 дүгээр тогтоолын зөрчил, мөн ҮАБЗ-ийн зөвлөмж олгож байна. Тухайлбал, ҮАБЗ-ийн 2010 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 24/20 тоот зөвлөмжийн гуравдугаар зүйлд "Нүүрсний нөөц, олборлолтын нөхцөлийг харгалзан Тавантолгойн ордын тодорхой хэсгийг хамтран ашиглах хөрөнгө оруулагчдын урьдчилан сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод хэрэгжүүлж, яриа хэлэлцээ явуулахыг Засгийн газарт үүрэг болгосугай" гэж заажээ.

Зөвлөмжид "тодорхой хэсэг" гэж УИХ-ын тогтоолд байхгүй санаа нэмэгдсэн байна. Засгийн газар энэ
заалтыг үндэслэн тодорхой хэсэг дээр" урьдчилан сонгон шалгаруулалт хийжээ. Зөвлөмжид гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад хэдэн хувь ногдуулах талаар бас тусгасангүй. Энэ нь стратегийн орд учраас төрийн хяналт 51 хувиас доошгүй байх нь ойлгомжтой гэж үзсэн биз. Харин ҮАБЗ сүүлчийн шийдвэрээрээ "тодорхой хэсэг" гэдэг зөвлөмжөөсөө буцаж Тавантолгойг хуваах ёсгүй гэж үзсэн нь зөв юм. Гэвч 30 жилээр түрээслэх нь зөв гэж үзэж байгаа юм болов уу. Гэхдээ 51 хувиа Монголын тал авах ёстой гэж үзсэн гэж найдахаас.

УИХ-ын тогтоолын зөрчлийг ордоо гадныханд 30 жилээр түрээслэх замаар Засгийн газар гарах оролдлого хийсэн байна. Энэ хувилбарыг "манин" буюу "өгөөжгүй" гэж нэрлэе. Тавантолгой хэмээх стратегийн орд дээрээ "Эрдэнэс-Монгол", "Эрдэнэс-Тавантолгой" гэсэн эх болон охин компани байгуулчихаад дахиад охин компани байгуулан түрээсэлж буй энэ жишээ дэлхий дээр байхгүй. Гарах ч үгүй биз. Бас энэ олон давхар удирдлагын зардал хэрэггүй юм.

2011/09/18

Тавантолгойн төслийг ҮАБЗ-д удахгүй дахин танилцуулна

Тавантолгойн төслийг ҮАБЗ-д удахгүй дахин танилцуулна
Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй Тавантолгойн хувьцаанаасаа ашиг хүртэх мөрөөдөл минь хэзээ биелэх бол хэмээн санаашрах боллоо.

Иргэд хувьцааныхаа дансыг нээлгэх гэж брокер, дилерийн компаниудын шалны будгийг халцалж буйг хүн бүр мэднэ. Гэтэл Засгийн газраас боловсруулсан төсөл буцаагдчихлаа. Магадгүй Оюутолгойн гэрээ шиг удаан хугацааны туршид хүлээгдэх ч юм бил үү.

Тавантолгойн ордын хэлэлцээрийн төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хэлэлцээд "Шаардлага хангахгүй" гэсэн үндэслэлээр буцаасныг энэ сарын 13-нд Ерөнхийлөгч мэдэгдсэн. Товчхондоо "Монгол Улсын зарим хууль тогтоомжид нийцэхгүй. Шаардлага хангахгүй төсөл" гээд УИХ-ын 2008 оны 40, 2010 оны 39 дүгээр тогтоолд нийцүүлсэн байдлаар дахин боловсруулах үүргийг Засгийн газарт өгсөн юм. Засгийн газар ч төслийг буцааж авч, дахин боловсруулах хүсэлтээ илэрхийлээд байсан юм билээ.

Дээр дурьдсан тогтоолуудад Тавантолгойн ордыг хуваахгүйгээр бүхэлд нь ашиглах, уг ордын 10 хувийг хувьцаа хэлбэрээр Монгол Улсын иргэд, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд олгох, 30 хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалах замаар хөрөнгө босгож, үлдсэн 50 хувийг Монголын төрийн мэдэлд авах тухай заалтууд бий. Хамгийн гол нь ҮАБЗ-ийнхөн "Хуваахгүйгээр бүхэлд нь ашиглах ёстой" гэсэн заалтыг онцгойлон сануулсан ажээ. Учир нь Тавантолгойн ордыг одоо таван хэсэгт хуваачихсан байгаа.

"Энержи Ресурс" компанийн эзэмшилд буй Ухаа худаг, орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-аас гадна "Дайцуки", "Эрдэнэс МГЛ" компаниуд дангаараа олборлолт явуулж байна. Баруун, зүүн цанхийн хэсэг гэж бий. Засгийн газраас зүүн цанхийн ордыг ашиглалтыг эхлүүлэхээр олон улсын нээлттэй тендер зарлаж, ялагчдыг хэдийнэ тодруулчихаад байгаа. Гэтэл энэ нь "Хуваахгүйгээр бүхэлд нь ашиглах" гэсэн заалтыг зөрчиж байгаа ажээ.

Тэгэхээр иргэн Болдод Тавантолгойн 538 ширхэг хувьцааныхаа дансыг нээлгэх гэж нэг их яарах хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Гэрээний төсөлд бүхлээр нь ашиглах тухай заалтыг оруулж, гаргасан шийдвэрүүдээ хэрхэн зохицуулах вэ гэдгийг шийдэхэд хугацаа их орж мэднэ. Гэхдээ Төрийн өмчийн хорооны дарга, "Эрдэнэс Тавантолгой" компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Сугарын хэлж буйгаар төслийг нэг их удахгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд дахин танилцуулах аж.

Д.Сугар даргаас төсөлд чухам ямар өөрчлөлт оруулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хэзээ дахин танилцуулах гэж байгааг тодруулсан юм. Тэрбээр "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу төсөлд ямар, ямар өөрчлөлт оруулахыг хэлэлцэж байгаа. Тиймээс төсөлд оруулах тодорхой өөрчлөлтүүдийг хэлэх боломжгүй байна. Ямартай ч нэг их удахгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд дахин танилцуулна" гэлээ. Тиймээс "Нэг их удахгүй" гэдэг нь хэдий хэрийн хугацаа болохыг хүлээх л үлдлээ.

2011/09/16

Тавантолгойн ажлын хэсгийн хурал өндөрлөлөө


Төрийн ордноо хуралдсан Тавантолгойн төслийн ажлын хэсгийн хуралдаан өндөрлөлөө. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ асуудал дээр зарим асуудлыг тодруулах шаардлагатай гэж үзэн, Засгийн газарт буцаасны дагуу тус Ажлын хэсгийнхэн Засгийн газрын тогтоолыг УИХ-ын 39-р тогтоолд нийцүүлэх үүргийг авсан аж.  Гол асуудал хөрөнгө оруулах консорциумд орж буй компаниудын хувь хэмжээний асуудал болж байгаа  бөгөөд Япон, Өмнөд Солонгос улсыг ямар байдлаар оруулахыг ажлын хэсгийнхэн дахин нягтлан, боломжийг судлахаар болжээ. Ингэснээр өмнө тогтоогоод байсан Хятадын 40 хувь, АНУ-ын 24 хувь, ОХУ, Монголын тус тусын 16 хувь зэрэгт өөрчлөлт оруулахаар болсон байна.

Тавантолгойн төсөл УИХ-ын тогтоолыг зөрчөөгүй



Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Тавантолгойн төс­лийг Засгийн газарт ямар шалтгаанаар буцаасан талаар яриагаа эхэлье?

-Засгийн газраас Тавантолгойн тодорхой хэсэгт гадаадын хөрөнгө оруулагч, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай консорциумыг шалгаруу­лах талаар хэлэлцээд энэ талаараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн. ҮАБЗ энэ асуудал дээр зарим асуудлыг тодруулах шаардлагатай байна гээд буцаасан.

-Ямар асуудал?

-Тухайлбал, консорциумд орж буй компаниудын хувь хэмжээний асуудал, үүнд Япон Солонгос улсыг ямар байдлаар оруулах зэрэг багтсан. Япон, Солонгосын талаас “Бид нарыг хасчихсан юм уу” гэдэг асуудал тавьж байгаа. Угтаа бол Монгол Улсын Засгийн газраас тэд нарыг хассан зүйл байхгүй л дээ. Солонгос, Япон нь ОХУ-тай, Солонгосын нэг компани нь Хятадтай нийлж консорциум болж орсон. Ер нь бол консорциумын гишүүдийн дунд ямар хувьтай байх талаар маргаан гарсан. Иймд энэ асуудлыг дахин тодруулж ярих нь зүйтэй гэж хэлсэн. Энэ дагуу нь ажлын хэсгийнхэн дахиад асуудлыг ярьж эхэлж байна.

-Тавантолгойн талаар УИХ-ын 39-р тогтоолтой Засгийн газ­рын шийдвэр зөрчилдсөн гэдэг үндэс­лэ­лийг ҮАБЗ гаргасан юм биш үү?


-УИХ-ын 39-р тогтоолтой зөрчилдсөн зүйл байхгүй. УИХ-ын тогтоолоор юуг зааж өгсөн юм гэхээр Тавантолгойн орд 100 хувь төрийн өмч байна. Үүнээс 10 хувийг ард иргэдэд өгнө, 30 хүртэлх хувийг нь олон улсын хөрөнгийн биржээр арилжина. Цаана нь үлдсэн 10 хувийг үндэсний аж ахуй нэгжид /ААН/ өгнө” гэж заасан юм. ААН-д 10 хувийг өгөх асуудал өнөөдөр шийдэгдээгүй байгаа. Харин ард иргэдэд хувьцааг өгч байгаа. Нэг иргэнд 365 ширхэг хувьцаа ногдож байгаа. ААН-д өгөх асуудалд зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж “ингэж өгөх нь буруу, ард иргэддээ дахин нэмж өгвөл яасан юм бэ” гэх санааг гаргасан нь шийдэгдээгүй байгаа. 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцааг ашиглах асуудлыг гадаадын зөвлөхүүд зөвлөөд явж байгаа. Яг хэдийд олон улсын бирж дээр гаргаж худалдаалах асуудлыг ярьж байгаа. Ирэх жилийн эхээс энэ ажил эхлэх байх.
Энэ бүхэнтэй зэрэгцүүлээд 39-р тогтоол дээр юуг зааж өгсөн бэ гэхээр “Тавантолгойн тодорхой хэсэгт гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компанийг нээлттэй шалгаруул” гэх үүрэг. Одоо яриад байгаа асуудал нь энэ зүйл дээр л гараад байгаа юм. Бусад зүйлүүд нь бүгд хэрэгжээд явж байгаа.

-Тэгээд үүнд ямар асуудал байна гэж?

-Хүмүүс ярихдаа энэ Зас­гийн газрынхан “хуваахгүй зүйлийг хуваачихлаа” гээд байна. Энэ нь угтаа хоёр зүйлийг андуураад байгаатай холбоотой. УИХ-ын тогтоолоор юу гэж хэлсэн бэ гэхээр “”Эрдэнэс МГЛ” компаниас “Эрдэнэс Тавантолгой” компа­ни руу Тавантолгойнхоо лицен­­зийг шилжүүл. Ийнхүү шилжүүлэхдээ хуваахгүйгээр шилжүүл” гэсэн юм. Үүнийг нь зарим хүмүүс “Тавантолгойн ордыг битгий хуваа гэж байхад нь хуваах гээд байна” гэж ойлгоод байгаа юм. Тавантолгойн орд дээр гадаад дотоодын консорциумыг шалгаруулна гэдэг чинь зайлшгүй аль нэг хэ­сэг дээр нь шалгаруулж таарна шүү дээ. Ийм л ойлголтыг зөрөө байгаад байна. Тавантолгойн лиценз “Эрдэнэс МГЛ” гээд том компани дээр байгаа. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” гээд жижиг нүүрсний компани тусдаа бий шүү дээ. Харин “Эрдэнэс МГЛ” нь Тавантолгой, Оюутолгойн 34  хувь, Эрдэнэт­ийн төрийн өмчийн уул уурхайн компаниудыг нэгтгэсэн төрийн компани шүү дээ.

-Тэгвэл Засгийн газар гадаадын консорциумуу­дад 36, 24, 40 зэргээр хувь тогтоохдоо ямар шаард­ла­гыг баримталсан хэрэг вэ?

-Гадаадын компаниуд хамт­раад нэг хэсэг дээр нь олборлолт явуулах гээд байгаа шүү дээ. Эдгээр консорциумд олгох хувийг хэлэлцээрийн дүнд тогтоосон. Тухайлбал, энэ нүүрсийг хэн, яаж авах юм, төмөр замыг барихад хэн, яаж оролцох, урьдчилгаа төлбөр хэдийг төлөх, аль боомтыг ашиглах зэрэг олон нөхцөлийг эдгээр консорциумтай ярьж тохирч байж тогтоосон хэрэг. Оросын 18 хувь, Монголын 18 хувь, Америкийн компанийн 24 хувь, Хятадын компанийн 40 хувь гэдгийг энэ хэлэлцээрийг явцад гаргасан. Энэ хэмжээгээрээ эдгээр консорциумууд хөрөнгө оруулалтаа хийнэ гэсэн үг. Мөн ямар ойлголт нийгэмд гараад байна гэхээр Тавантолгойн ордыг бүхэлд нь гадаадынхан өгчихсөн юм биш үү гэх. Тавантолгойн том орд бол Монголынх. Тавантолгойн Зүүнцанхид “Эрдэнэс Тавантолгой” аль хэдийн олборлолтоо явуулаад нүүрсээ олборлоод эхэлчихсэн. Хөрсөө хуулаад нүүрсээ гаргаад эхэлчихсэн.

-Япон, Солонгос нь яагаад гэнэт орж ирэхээр болчихов?

-Манайх гээд нэг айл байна гэж бодоход ОХУ, Хятад гэх айл манай хашааг тойроод хашаатай байгаа шүү дээ. Бид гэрээсээ юм гаргаж зарахын тулд айлын хашаагаар дамжиж гарахаас өөр аргагүй болоод байгаа юм. Иймд гадна дотнын компаниудтай, тэр тусмаа хөрш улсын компаниудтай харилцахаас өөр аргагүй. АНУ-ын хувьд технологи нь хэрэгтэй. Харин Япон, Солонгос улсын хувьд манайхаас гаргах бүтээгдэхүүнийг худалдан авагч болох юм.

-Эдгээр улсууд ороод ирэхээр өмнө тогтоосон байсан хувь хэмжээ өөрчлөгдөх нь тодорхой. Танаж байж л тэдэнд хувь олгоно. Ингэхээр алиных нь хувь илүү буурах бол?

-Бид дахиж яриа хэлэлцээрээ эхлүүлэх тул хэд болох талаар мэдэхгүй байна. Ерөнхийдөө аль алиных нь хувь хэмжээ багасч л таарна.

-Тавантолгойн хэлэл­цээ­рийг оруулж ирэх гэж нилээд хугацаа өнгөрсөн. Дахиад хэлэл­цээр эхэлнэ гэхээр нилээд­гүй хугацаа алдах нь ээ?

-Нэгдүгээрт, Тавантолгойн ажил явдгаараа явж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ком­па­ни байгуулагдаж нүүрсээ олбор­лосоор байна. Цахилгаан, зам, төмөр зам барих ажил явдгаараа явж байна. Юу саатаж байна гэвэл нэг хэсэг дээр нь явагдах ажлын гадаад дотоодын хөрөнгө оруулагч консерциумуудын хувь хэм­жээ­ний асуудал. ҮАБЗ үүнд анхаар гэсний дагуу бид залруулах шаард­­лагатай зүйлээ залруулаад л дахин хэлэлцээрээ хийгээд явна.

-ҮАБЗ-д хэлэлцээрээ дахин оруулах хугацаа тогтоож өгсөн үү?


-Тодорхой хугацаа тогтоосон зүйл байхгүй. Дахин гэрээ хэлэлцээрийг хийнэ шүү дээ. Гэхдээ хүнд 30 хувьтай шүү гэж хэлчихээд дараа нь 20 болсон шүү гэж ярихад бас л цаг авах байх.

-Ингэхэд намын даргын хувьд асуух зүйл байна. Үндэсний зөвлөл­дөх хороо хуралдах тов гарсан уу?

-“Монгол хүн 2020” -ийн үр дүнг ярихын тулд Үндэсний зөвлөлдөх хорооныхон хурал­дана. Үлдсэн долоон аймагтаа энэ сард хэлэлцүүлгээ дуусга­чи­хаад энэ хурлаа хийнэ.

-ҮЗХ-ны хурлаар намын удирдлага, бүтэц­тэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэсэн үг үү, сонгууль ойртохтой зэрэг­цэн нам дотор ч бүлэг фракциуд “шаагилдаад” эхэлдэг шүү дээ?


-Одоохондоо шаагилдсан зүйл алга. Шаагилдвал “Монгол хүн 2020” гэж шаагилдаж байгаа байх.

-Сонгуулийн хуулийн талаар зөвшилцөлд найд­лага байна уу. Аль нэг талаас буулт хийхгүй л байна уу?


-Зөрүүд хоёр бух шиг хоёр тийшээ хараад суувал үр дүнд хүрэхгүй. Гэхдээ Ардчилсан нам бол буулт хийж 38:38 гэх хувилбарыг санал болгосон. Харин энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, одоогийн хуулиар УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуультай нэг өдөр хуралдахаар байгаа. Манай намынхан үүнийг өөрчлөх зүйл байхгүй шүү гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хуулийг өөрчлөх далимаар үүнд гар хүрч болохгүй гэсэн байр суурьтай байна. Би гэхдээ сонгуулийн хуулийн зөвшилцлийг ойртох байх л гэж найдаж байна.

-Ингэж явсаар байгаад сонгуу­лийн хуульд гар хүрч болохгүй байх хуга­цаанд хүрвэл яах вэ?


-Сонгуулийн хуулийг батал­на гэдэг тийм ч амар биш. Гэхдээ л бид үүнийг хийнэ гэж л найдаж байна. Энэ хууль яриа хэлэлцээр хийж, ойлголцож байж л гарна. Харин хэн нэгэнд нь ашигтай хууль гарна гэсэн зүйл байхгүй.

-Үндэсний шинэ нам нэрээ сольж, МАХН-тай эвсэж ирэх сонгуульд орохоо зарлалаа. Улс төрийн намуудын хөдөл­гөөн эрчимжиж буйг хэрхэн ажиглаж, дүгнэж байна?

-Миний хувьд ажиглаад байгаа зүйл алга. Өчигдөр энэ талаар сонссон. Намууд нэгдэж нийлж, зүсээ хувилгах нь тэд нарын асуудал.

-Хувь хүний хувьд ч гэсэн Н.Энхбаяр, М.Энхсайхан нар хамтран та бүхэнтэй өрсөлдөх болж бай­гааг анзаарахгүй гэж үү?

-Хэн нь хэнтэйгээ хамтрах нь тэр хүмүүсийн л асуудал. Тэр хүмүүс л хариулт өгөх хэрэгтэй байх. Хаа байсан ирэх оны зургаан сарын сонгуулийн талаар үзмэрч хүн шиг зүйл яриад яах вэ л гэж бодож байна.

-Ирэх сонгуулийн талаар ярих­гүй гэвэл, одоо­гийн хамтар­сан Зас­гийн газрын  талаар ярья. МАН-ын гишүү­дийн зү­гээс ч хамтарсан Зас­гийн газрын асуудлыг хөндөж байгаа шүү дээ?


-МАН-ын намын гишүүд юу бодож байгааг мэдэхгүй. Миний хувьд “өөрийнхөө дусаалыг яах вэ гэж байж хүний дусаалыг юу гэх вэ дээ” л гэж бодож байна. Бидний өмнө байгаа асуудлыг дийлэхгүй байж юуных нь МАН-ын зөрчлийг анзаарах вэ. Хөтөлбөр, шийдвэрлэх зүйлс олон байна. Бид гурван жил МАН-тай хамтраад засгийг барьж явж байна. Хамтарснаараа суурь олон асуудлыг хөдөлгөж чадсан.

-Хамтран ажилласнаас илүү хүчтэй сөрөг хүчин байсан нь дээр байсан гэдэг байх аа?


-Одоо харин хамтарсан засагт орж ажилласан нь дээр байж гэж хэлэх хүн олон байна. Хэн нь хэнийг төлөөлж ярьж байгаа вэ гэдгээс л болно доо. Аймаг, орон нутагт явж иргэдтэйгээ уулзахад олон хүн “анх хамтарсан засагт ороход дэмий юм байна гэж бодож байсан нь биш байж” гэж хэлж байна. Хамтарсан Засгийн газраас гарах цаг нь болсон, дэмий зүйл хийлээ гэх зүйл анх орох өдрөөс л эхэлсэн. Иймд би үүнийг шинэ зүйл гэж үздэггүй. Хамтарсан Засгийн газар байгуулагдсаны маргаашаас эхлэн огцруулах тухай яригдсан. Би Ардчилсан намын дарга хүн. Ардчилсан нам сөрөг хүчин байх гэдгээс нь залхсан хүний нэг. Сөрж гудамжинд байх нь Ардчилсан намын хувь заяа биш. Гэвч нэг үнэн зүйл бий. Тэр нь энэ хоёр нам дараагийн сонгуульд өрсөлдөгч байна гэдэг.

-Гавьяаг нь МАН, гайг нь та­найх үүрнэ гэж айхгүй байна уу?

-Анх хамтарсан засагт орох шийдвэрийг гаргахад олон хүн надад “Чи ч дэмий зүйл хийж байна даа. Наадах чинь ганц хоёр сарын настай юм биш үү” гэж байсан. Тэрнээс би айлгүйгээр хамтраад хийх нь зөв л гэж шийдсэн. Хамтраад хийсэн зүйлээ хамтраад хийсэн гэж ярих хэрэгтэй. Зарим нэг зүйл дээр ярихгүй жижигхэн шоу хийх гээд байна. Ингэхээр нь би “хэрэггүй шүү дээ” ч гэж хэлдэг. Тэд нарын хэлэх үгийг би заахгүй, бидний хэлэх зүйлийг тэд заахгүй. Бидний хийх зүйлийг тэд мэдэхгүй, тэдний хийх зүйлийг бид мэдэхгүй. Ингэхээр хийх зүйлээ ялгаатай ярих байлгүй.

-Хамтарснаар монголын нийгэм, эдийн засагт эерэг өөрчлөлт гаргаж чадсан уу?


-Хамтарснаас хийж чадаа­гүй олон зүйл бий. Гэвч хийж чадсан хоёр зүйл бий. Нэг­дүгээрт, Эдийн засгийн хямралыг хохирол багатай давж чадсан. Хоёрдугаарт, Эдийн засгийн гол суурь асуудлуудыг хөдөлгөж чадсан.

-Шууд асууя. Инфляци яг одоо хэдэн оронтой тоонд байгаа вэ?

-Нэг оронтой тоонд байгаа.

-Сүүлийн асуултыг цөмийн хаягдлын талаар гарч буй мэдээллүүдтэй холбож тавья. ҮАБЗ-ийн хуралдаан хүртэл явсан гэхээр нэг бол ортой байх нь, эсвэл энэ яриаг үнэхээр хэн нэгэн явуулж чадаж байна шүү дээ?

-Би нэг зүйлийг хариуц­лагатай хэлчихье. Нэгдүгээрт Засгийн газрын түвшинд ийм асуудал огт байхгүй. Хоёр­дугаарт, энэ асуудал нь хуулиар хориотой зүйл. Ийм зүйл ярьж, хэлсэн бол тэр хүн хуулийн хариуцлага хүлээнэ. Үүнийг сонин хэвлэлээр шуугиулж яриад байх ч шаардлага уг нь байхгүй. Засгийн газрын хуралдаан дээр энэ асуудалтай холбоотой газрын дарга нарыг авчирч ирээд яагаад энэ яриаг тайлбарлаж, нотлоод таслахгүй байгааг нь асуусан. Тэд “Бид нотолж тайлбарлаж байгаа ч яриа гаргаад буй хүмүүс нь үүнийг огт хайхрахгүй нь” гэж байна лээ. Ингэхээр ийм зүйлийг гаргаад байгаа нь ямар нэг шалтгаантай л юм байлгүй.

2011/09/15

Тавантолгойн ажлын хэсгийн хуралдаан болж байна

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өнгөрсөн долоо хоногт Тавантолгойн ордын зээлийн төслийг Засгийн газарт  буцаах шийдвэр гаргаж, засаг татаж аваад байгаа билээ.  Тэгвэл одоо Тавантолгой төслийн ажлын хэсгийн хуралдаан болж байна. Ажлын хэсгийн хуралдаанаар төслийг хэрхэх талаар ярилцаж буй аж. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Тавантолгойн ордын зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын 2008 оны 40, 2010 оны 39 дүгээр тогтоолд тус бүр нийцүүлэн дахин боловсруулж оруулж ирэх үүргийг Засгийн газарт өгсөн юм. Ингэснээр ажлын хэсгийнхэн дээрх төслийг Тавантолгойн ордыг бүхэлд нь ашиглах хувилбараар өөрчлөн засах ёстой болж буй. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг болон бусад албаны хүмүүс багтаж байгаа юм. 

Тавантолгойн олборлогчид 17 га-г ойжуулна


Цогтцэций сумын зарим иргэн хашаандаа улиас, хайлаас тарина. Сумын иргэдэд ногоо тарих ус тийм ч амар олдохгүй. Энд гүний ус 80-90 метр ухахаас нааш гарахгүй.  Тэр ч байтугай, Улаанбаатараас Цогтцэций хүртэлх 600 шахам километр үргэлжлэх замын туршид тааралдах ганц нэг жижиг бүрд, худгийг эс тооцвол аяны замд ус үл таарна.
Тавантолгой уурхайгаас ердөө 10 гаруйхан км-ийн зайд орших Цогтцэцийнхэн ийм учраас хэрэглээний жимс ногоогоо аймгийн төвөөс татдаг ажээ.
Тун удахгүй уурхайн ажилчдын кэмп, хэдэн мянган айлын орон сууцны иж бүрэн хороолол босгохоор төлөвлөж буй уг хэсэгт ногоон байгууламжийн асуудлыг оновчтойгоор шийдвэрлэх ажил биднийг хүлээж байна.

Усалгаажуулж чадвал говьд ногоо сайн ургадгийг  орон нутаг хариуцсан Байгаль орчны мэргэжилтэн Т.Цэндмаа хэлж байлаа. Цогтцэций сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс”, “Тавантолгой” ХК энэ жилээс ногоон төсөл эхлүүлээд буй тухай тэрбээр ярилаа.  “Энержи Ресурс” хэрэгжүүлж буй ногоон төслийнхөө хүрээнд 15 га газрыг ойжуулахаар зорьж буй бөгөөд эхний 5 га талбайд өнгөрсөн хавар мод тарьжээ. Түүнчлэн нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулахаар ойжуулах хэсэгт зурвас байдлаар ногоо тарих төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

Түүний хэлснээр, өнгөрсөн жилийн зуднаар сумын олон малчин малаа алджээ. Тиймээс малчид ногоо тарихыг илүү ихээр сонирхох болсон байна.
Харин жижиг “Тавантолгой” компанийн хувьд 2 га талбайг ойжуулахаар зорьж буйг нутгийн Байгаль орчны мэргэжилтэн Т.Цэндмаа хэлэв.
Говийн гүний усны ундарга доошилсоор буй энэ цагт компаниуд ийнхүү ногоон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхлүүлж буй нь хамгийн үр ашигтай ажил болох юм.
Усны хэрэг эрхлэх газар өнгөрсөн тавдугаар сард Цогтцэцийд усны хэмжилт судалгаа хийгээд явжээ. Нүүрс олборлолт явуулж буй компаниуд болон орон нутгийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар  усны ундарга жил ирэх бүр доошилсоор байгаа ажээ. Гэвч орон нутгийн мэргэжилтнүүдэд усны ундаргын талаарх нарийн судалгааны үзүүлэлтүүд, холбогдох мэдээлэл байхгүй байв.
Цогтцэцийд бороо хур ордог боловч, сүүлийн сар гаруйн хугацаанд огт бороо ороогүйг нутгийн иргэд ярьсан юм. 

Удахгүй энд, нүүрс боловсруулах үйлдвэр, цахилгаан станц байгуулагдана. Авто зам тавих, төмөр зам барих болон бусад томоохон дэд бүтцийн төсөл  говь нутагт ар араасаа хэрэгжинэ. Энэ бүхэнд усны арвин их нөөц шаардах нь тодорхой. Дэлхийн банкны тооцоолсноор Өмнөд бүсийн усны хэрэглээ ойрын жилүүдэд 350 мянган куб. метр болохоор байна.
 Үүнийг бид хэрхэн нутгийн экосистемийг алдагдуулахгүйгээр шийдвэрлэх вэ гэсэн асуулт тодорхойгүй хэвээр байсаар. Одоогийн байдлаар бид зөвхөн нөхөн сэргээгдэхгүй баялаг болох гүний усны нөөцийг ашиглан Өмнийн говьд уул уурхайг хөгжүүлж буй нь говийн экосистемийг бүхэлд нь алдагдуулж мэдэх юм. Говийг устай нь үлдээх ногоон төсөл хэрэгжүүлэхийн тулд улс юуны түрүүнд гүний усны нөөцөө нарийвчлан судлах шаардлагатай байна.

Уул уурхайн компаниуд ойжуулах төсөл эхлүүлж буй нь сайн хэрэг боловч, эдгээр компаниудтай төр засаг, орон нутгийн засаг захиргаа нягт хамтрах замаар илүү өргөн хүрээний төсөл хэрэгжүүлбэл тогтвортой хөгжлийн жишээг говьд бодитоор нь цогцлоох болно.
Харин яг одоо бол Монголын өмнөд хэсгийн экосистемийг бүрдүүлж буй говьд усны ирээдүй тодорхойгүй байна. 

“Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, “Буян” Жагаа нарын маргааныг “Эрдэнэс МГЛ”-ийн Б.Энэбиш шийдэж өгөх нь


 |

Тавантолгой ордод тусгай зөвшөөрөл эзэмшигч дөрвөн талын гурвынх нь хооронд тэмцэл хэрхэн өрнөж байгааг дуулгахаасаа урьтаад хүргэх мэдээлэл байна. Цанхи, Ухаа худаг, Бор тээг, Бор толгой, Баруун өмнөд болон Зүүн гэсэн нүүрсний талбайнууд тогтоогдсон тус ордоос хамгийн сайн судлагдсан хэсэг нь Зүүн цанхийн хэсэг. Хамгийн их коксжих нүүрс агуулсан том талбай нь Цанхи. Ерөөс Тавантолгой дэлхийн хамгийн их коксжих нүүрсний ордуудын нэг гэдэг нь дэлхий дахинд тодорхой болсон. Үйл ажиллагаа нь эхлээд явж байгаа дэлхийн коксжих нүүрсний хамгийн том ордуудыг нэрлэвэл Монголын Тавантолгой, Оросын Елга, Индонезийн Марувай, Мозамбикийн Моатиз дөрөв. Манай ордын нүүрсний тухайд гол зах зээл нь өмнөд хөрш. Эрчим хүчний хэрэглээ нь цаашид нэмэгдэж, эрчим хүч импортлогч дэлхийн хамгийн том улс болох нь тодорхой болсоор байгаа Хятад улс дотоодын хүчин чадал, нөөцөөрөө эрчим хүчнийхээ айсуй их хэрэгцээг хангаж дийлэхгүй гэдэг нь судалгааны үндсэн дээр тогтоогдоод байна. Тэгэхээр тэдний хувьд хөрш орнууд гэж байгаа ч, Монголоос эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэхийг голчлон анхаарсан эрчим хүчний бодлогоо зангидаад Тавантолгойн тендерт өрсөлдсөн Хятадын тал 40 хувийг эзэмшихээр болсон гэх тендерийн урьдчилсан дүн гараад байсан ч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүлээж аваагүй  байна.

Харин ТӨХ-ны дарга ҮАБЗ-өөр хэлэлцсэн гэх мэдээллийг үгүйсгэж байна.  Ерөнхийдөө ҮАБЗ эсэргүүцэхээс өмнө урьдчилсан дүнг хэвээр үлдээхийн аргагүй дүнг гаргаснаа Монгол Улсын Засгийн Газар, Засгийн газрын гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг, Төрийн өмчийн хороо болоод Эрдэнэс МГЛ компани ойлгосон байх магадлалтай. Үндэсний аюулгүй байдлын бодлогодоо харшилсан хуваарилалтыг хийсэн Засгийн нөхдүүд Баруун Цанхи дахь стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт Орос, Хятад, Америк гурваас гадна Япон, Солонгосын талыг оруулах ёстой байсан гэсэн байр сууриуд болоод тэдний зүгээс гаргасан ээлжит саналуудыг олноор хүлээн авсан. Зэрэгцээд ТӨХ-ны дарга Д.Сугар “...Япон Солонгосын компаниудыг хасах ямар ч үндэслэл байхгүй. Цаашид хамтран ажиллах шаардлагатай...” гэж хэлсэн. Тэгэхээр замын гацааг нь тооцолгүй харахад Тавантолгойн хөрөнгө оруулагчийн тендерийн шалгаруулалт үргэлжлэн явагдаж байгаа дүр зурагтай.

Тендер ийн үргэлжлэхтэй зэрэгцэн төрөөс Тавантолгой ордынхоо эзэмшил талбайн хэмжээг нэмэгдүүлэх ажиллагааг явуулаад эхэлжээ. Ордын Ухаа худаг ордыг Энержи ресурс, Цанхийн хэсгийн 169 га талбайг орон нутгийн өмчит гэх тодотголтой ч, ТУЗ-ийн 9 гишүүнийхээ зааснаар замнадаг Тавантолгой ХК, 101 га талбайн тусгай зөвшөөрлийг “Дайцүки” компани тус тус эзэмшдэг. Харин төрийн өмчит Эрдэнэс МГЛ-ийн зүгээс Цанхи дахь тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Тавантолгой” хувьцаат компани, “Дайцүки” компанийн мэдэл дэхь нийт 270 га газрыг өөртөө нэгтгэхээр ажиллагаа байгаа аж. “Дайцүки” компанийн тухайд үйл ажиллагаагаа тэнд явуулдаггүй. Харин Тавантолгой хк нь ордын зүүн блокт үйл ажиллагаа явуулж эхэлсэн Эрдэнэс Тавантолгой уурхайтай хаяа нийлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Эрдэнэс Тавантолгойн одоотой харьцуулаад үзвэл тус компанийн нүүрсний олборлолт, экспортын хэмжээ их, өдөртөө 300 гаруй машин нүүрс хил рүү явдаг гэдгийг өмнө нь дуулгаж байсан билээ. Гэхдээ 1966 онд үйл ажиллагаа нь эхэлсэн, одоо 51 хувь нь орон нутгийн өмчит тус компанийн хувьд том зовлон байгаа нь нөөцийн хэмжээ нь харьцангуй багасаж байгаа талаар Гүйцэтгэх захирал Х.Түмэнбаяр ярьж байсан юм.

Add caption

Одоо байгаа талбайд нь 70 орчим сая тонн нүүрс байгаа гэсэн төсөөлөлтэй, нарийвчилсан үнэлгээний дараа 50-60 сая тонн болж буурах магадлалтай гэгдэж буй Тавантолгой хк-ийн уурхай эрхэлсэн дэд захирал “Тавантолгой ХК 169 га талбайгаа гүйцэд ашиглахын тулд Эрдэнэс Тавантолгой уурхайтай ойлголцон, хамтарч ажиллахаас өөр аргагүй” гэж хэлж байсан юм. Мөн “Дайцүки” компанид булаалгасан газраа буцааж авахаар шүүх дээр зарга нь явж байгаа, авчихвал нөөц нь өсөөд явчихна гэж Х.Түмэнбаяр захирал өнгөрөгч наймдугаар сард компанийнхаа байранд хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ хэлж байсан. Булаалгасан гэдэг нь “Б.Жаргалсайханыг Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байх үед өмнө нь Замын цагдаагийн дарга байж байгаад Кадастрын албаны даргаар очсон Т.Занашир Б.Жаргалсайханы дүү Б.Цогтсайханы гэх тодотголтой “Дайцүки” компанид Тавантолгойн эзэмшил газраас 101 га-г таслаад аваад өгчихсөн гэх асуудал юм. Талууд 101 га-гийн төлөө өнгөрсөн хугацаанд хоёр шатны шүүх дээр тултлаа маргалдаж, зарга дээд шүүхэд хүрсэн.

Б.Жаргалсайхан эрхмийг ч Үйлдвэр худалдааны сайдын суудлаас огцруулах эсэх асуудал орж ирэхэд “Дайцүки”-гийн лицензийн асуудал нэг үндэслэл нь болоод явж байв. Харин АМГТХЭГ-ын нэгдүгээр орлогч дарга Ганхуяг, “Дайцүки” гэдэг компани нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай бөгөөд Тавантолгойд бусад компанийн ашиглаж байгаа орд газрын дунд координатын зөрөө гарч хэсэг газар эзэнгүйдсэнийг тус компанид олгосон юм байна... гэж 2007 оны хоёрдугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр хэлж байсан.

Харин Үндэсний аудитын газраас Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийсэн тайландаа "Тавантолгойн нүүрсний орд газарт "Энержи ресурс" ХХК-д хууль зөрчин олгосон 11943А дугаартай лицензийн талбайгаас 101 га талбайг "Дайцүки" ХХК-д ГУУКА-ны даргын 2006 оны 9 дүгээр сарын 1-ний 891 дүгээр шийдвэрээр шилжүүлжээ. Ийнхүү хууль зөрчиж олгосон эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг хянан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэх шаардлагатай байна" гэж дүгнэсэн байдаг ч 2009 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрийн албаны мэдээлэлд, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн орд газрын 101 га талбайгаас нүүрс олборлох 11977 тоот ашиглалтын лицензийг 2006 оны 8-р сарын 28-нд авсан гэсэн тэмдэглэл нь хэвээр гэж iltod.mn дээр мэдээлж байсан бол 2011 онд ч хэвээр байгаа аж.

Том, жижиг 160 гаруй хувьцаа эзэмшигчтэй, Ажнай, Ээрмэл компаниуд хувьцаа эзэмшигчдийг нь хувь хэмжээгээрээ тэргүүлдэг Тавантолгой хк-ийн тухайд булаалгасан гэсэн байр суурь дээрээ хатуу зогсож байгаа бөгөөд шүүх үнэн мөнийг нь тогтоогоод өгвөл, нөөц нь өснө гэсэн хүлээлттэй байж байна.

Гэхдээ “Эрдэнэс МГЛ”-ийн Б.Энэбиш захирлын мэдэгдсэнээр дээрх хоёр компанийн удирдлагуудтай хэлэлцээр хийж байгаа аж. Тэгэхээр Тавантолгой хк-ийн тухайд хамгийн том хувьцаа эзэмшигч нь 51 хувийг эзэмшдэг орон нутаг, дараа нь “Ажнай”-н Бат-Эрдэнэ ордог. Уурхайн захиралдаа 5 сая төгрөгөөс илүү мөнгөний зарцуулалтын эрх олгодоггүй тус компанийн гол эрх мэдэл ТУЗ-ийн дарга “Ажнай”-н Бат-Эрдэнийн гарт бий. Харин “Дайцүки”-ийн тухайд 2006 оны намар ил гарч ирсэн бөгөөд үүсгэн байгуулагч нь Базарсад овогтой Цогтсайхан гэж явдаг. Нэр дээрээ ийм ч нидэр дээрээ Б.Жаргалсайханы компани гэгддэг.

Тэгэхээр 6.4 тэрбумын нөөцтэй том ордыг эргэлтэд оруулж, иргэн бүртээ хувьцаа тараах гэж байгаа Засгийн газар Тавантолгой ордоо эхнээс нь бүтэн болгохоор ийн ажиллаж эхэлжээ.

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа 300-500 ам.долларт хүрнэ

Left Banner
“Эрдэнэс Тавантолгой” компани иргэдийн нэр дээрх давуу эрхийн хувьцааг үнэд хүргэхийн тулд ирэх оны эхээр Хонконг болон Лондоны бирж дээр IPO гаргахаар бүртгүүлэх гэж буй билээ.
Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажлууд хийгдэж буй бөгөөд хувьцааны нэгж үнийг урьдчилсан байдлаар тогтоожээ. Энэхүү мэдээллийг албан ёсоор олон нийтэд дэлгээгүй ч эх сурвалжийн мэдээлснээр гадны мэргэжилтнүүд “Эрдэнэс Тавантолгой”-н нэгж хувьцааг 300-500 ам.долларын ханштай байна гэсэн тооцоо хийсэн гэнэ.
Дашрамд дурдахад, “Эрдэнэс Тавантолгой” компани УИХ-аас үнэт цаасны зах зээлийн шинэ хууль батлахаас шалтгаалж IPO хэрхэн хийхээ шийдэх юм байна.