2012/04/27

Тавантолгойгоор “Саусгоби Сэндс”-ийг наймаалцаж байна уу


Тавантолгойгоор “Саусгоби Сэндс”-ийг наймаалцаж байна уу

-Үндэсний компанийнхаа талаархи мэдээллийг бид "Ройтерс", "Блүүмберг" гэх мэт гадны агентлагийн мэдээллээс л авдаг боллоо-

"Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай" хууль батлагдах эсэх асуудал олны анхаарлын төвд байгаа энэ үед "Монгол Улс Тавантолгойгоо бие даан ашиглаж магадгүй" тухай мэдээлэл олон улсад цацагдаж эхэллээ.

Монгол Улсын төр, түмнийг төлөөлж байгаа "Эрдэнэс Монгол"-ын үйл ажиллагаа эзэддээ буюу монголчуудад тун ч нууцлаг байдаг билээ. Үндэсний компанийнхаа талаархи мэдээллийг бид "Ройтерс", "Блүүмберг" гэх мэт гадны агентлагийн мэдээллээс л авдаг болоод удаж буй.

Тавантолгойг бие дааж ашиглах тухай мэдээлэл ч "Ройтерс" агентлагийн сайтад гарсан байна. Түүнд өгүүлснээр бол, Монголчууд Цанхийн Баруун хэсэг дээр гадны хөрөнгө оруулагчдыг оруулалгүй үндэсний аж ахуйн нэгжүүдээрээ нийлж ашиглах сонголт хийж магадгүй болоод байгаа юм байна. "Эрдэнэс Тавантолгой"-н орлогч захирал Грэм Хэнкок "Монголын эрх баригчид хөрөнгө оруулагчдыг тайвшруулах чиглэлд нэг ч алхам хийсэнгүй.

Тавантолгойг үндэсний аж ахуйн нэгжүүдийн нэгдэлд өгч дангаараа ашиглаж магадгүй боллоо" гэсэн зүүлттэйгээр дээрх мэдээллийг өгсөн байв. Үндэсний аж ахуйн нэгжүүдийн нэгдэл гэдэг нь "Монгол999" бололтой. Тэрбээр мөн Монголын Засгийн газар төсөлд хөрөнгө оруулахаар өрсөлдөж байгаа компаниудыг нэг консорциум болж орж ирэх шаардлага тавьсныг бараг боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Монгол Улсын эрх ашиг ганцхан уул уурхайд байх ёстой юм уу

“Айвенхоу майнз” “Чалко”-той тохиролцоонд хүрсний дараа Ашигт малтмалын газар Канадын компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж орхисон билээ. Гэтэл "Ройтерс", "Блүүмберг", "Майнинг уикли" болон бусад агентлагийн шинжээчид үүнийг "Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор хийгдсэн алхам" гэж тайлбарласан байх юм. Энэ үгсийн цаана "Сонгууль болоогүй бол зүгээр л дуугүй өнгөрөх байсан" гэсэн санаа илт байна.

"Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай" хуулийн төслийг УИХ-аас хэлэлцэх гэж байна. Гадаадын агентлагууд энэ хуулийн талаар "Монгол Улс БНХАУ-ын эсрэг гаргаж байгаа хууль" мэтээр дэлхий нийтэд мэдээлээд хоёр улс түүхийн явцад бие биедээ итгэлгүй хандсаар ирсэн юм гэх мэтийн зүүлт, тайлбар хийж байна. Бид энэ асуудалд анхаарал хандуулах ёстой.

Том агентлагт мэдээлэл өгөх дуртай дарга нар ч гэсэн яриа өгөх далимдаа "Бид нийлүүлэлтээ өөрсдөө мэддэг байх ёстой. Энэ хууль бол зөвхөн БНХАУ ч биш, ашигт малтмалын ордуудад хяналт тавих ичгүүргүй оролдлого хийсэн бүх улсын төрийн мэдлийн компаниудад хамаатай" гэдгийг хэлчихмээр байгаа юм. Хэлсэн ч энэ талаар бичихгүй байгаа бол бидний хувьд том асуудал үүссэн гэсэн үг.

Эдийн засагч Д.Жаргалсайхан энэ талаар анх хөндөж, хуулийг ирэх сарын 5-ны дотор баталчихвал "Саус гоби сэндс"-ийн эзэмшдэг дөрвөн ордыг авч үлдэх боломж байгаа талаар сануулж байсан билээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны мягмар гарагийн хуралдаанаар хуулийг дахин нягтлах шаардлагатай гээд буцааж орхисон.

Д.Одхүү гишүүн "Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай" хуулийн төсөлд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа, ноос ноолуур бэлтгэх салбарыг оруулах шаардлагагүй гэсэн санал гаргасан учир дахиж хэлэлцэхээр болчихлоо.

Цаг хугацаа явсаар байна. Уг нь хуулиа хурдан баталчихаад дараа нь нэмэлт өөрчлөлт оруулаад явж болмоор. Үл хөдлөх хөрөнгийн салбар ч яах вэ, дотоодын аж ахуйн нэгжүүд нь "бирд" болчихсон учраас гаднаас царайчилж болох юм биз. Харин ноос ноолуурын салбарт гадны хөрөнгө оруулалтыг хянах шаардлага байгаа юм сан. Ноолуур бол экспортын чиг баримжаатай чухал бүтээгдэхүүн.

Эцсийн эцэст, Монгол Улс нүүрсний олборлолтоороо дэлхийд эхний 10-аас хойшоо, ноолуур бэлтгэлтээрээ эхний гуравт жагсдаг. Ноолуурын зах зээлд гадны монополь тогтоход яах вэ гэсэн утгатай ийм үг хэлж огт болохгүй билээ. Гэхдээ хэт олон салбарыг хамарсан явдал батлагдахад нь саад болж мэдэх л юм. Гишүүд 16 салбарыг их байна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Хуулийн төслийг хэлэлцэх үед Г.Завданшатар гишүүн "Хуулийн төслийг хэлэлцэж байгаа нь Саус гоби Сэндс"-тэй ямар ч холбоогүй гэсэн тайлбар хэлж байсан. Холбоогүй гэсээр байгаад дөрвөн том ордоо тавиад туучих вий дээ.

"Тавантолгой"-гоор дахиад нэг том тархи угаалт явагдах нь үү дээ

Монгол Улсын иргэдийг хөл хөсөр, гар газар жаргаана гэж сурталчилж байж төрийн эрхэнд гарсан хүмүүс өнгөрсөн дөрвөн жилд баялгаа ашиглах талаар юу ч хийсэнгүй. Харин бусдад найр тавих тал дээр багагүй хүч хаясан гэдэг нь тодорхой байна.

Гадны ажиглагчид хүртэл "Монголын эрх баригчдын өнөөг хүртэл баримталж ирсэн бодлого нь бизнесийн гэхээсээ илүү хоёр хөршөө яавал гомдоохгүй байх вэ гэсэн улс төрийн шинжтэй бодлого байсан" гэж дүгнэж байгаа юм.

Зүгээр суугаад мөнгө авна гэж гэнэн сэтгэсэн ард түмэн минь өнөөдөр өр ширэнд баригдчихсан, "21 мянга" хэмээх хар тамхинд гүнзгий орсон хөөрхийлөлтэй байдалд байна. Тэгвэл Тавантолгойгоор дөрвөн жил тархиа угаалгасан хөөрхий ард түмэн минь сонгуулийн босгон дээр дахиад нэг хулхидуулж магадгүй нь байна шүү.

Эрх баригчид тун удахгүй "Монголчууд өөрсдөө Тавантолгойгоо бие дааж хөдөлгөхөөр боллоо" гэж баяр ёслолын байдалтай зарлаж, сурталдах нигуур байгааг эхэнд дурьдсан мэдээнээс ойлгосон биз. "Монголчууд бидэнд өөрсдөө Тавантолгойг хөдөлгөх санхүүгийн боломж бүрэн байгаа" гэж ирээд л ярих биз.

1072 хувьцаа нь 5000 болоод өөр юу гэх бол. Яг С.Баяр сая, сая таван зуун мянгын талаар долоо хоногийн зайтай ярьсан үе санагдах байх. Ийм л юм болох гээд байна даа. Тавантолгойг дангаараа ашиглах нь бидний хувьд мэдээж чухал. Гэхдээ "Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай" хууль илүү чухал байна.

Ийм тохироо хийгээгүй л байгаасай

Энэ бол зүгээр л таамаглал шүү. Монгол Улс БНХАУ-д ихэнх нүүрсээ зардаг. Тийм ч учраас Тавантолгойд Шенхуаг оруулж, давуу хувьцаа эзэмшүүлсэн. Энэ нь БНХАУ Монголд шахалт үзүүлэх хангалттай хүчтэй гэдгийг нотолж байлаа. Эцэстээ эрх баригчид энэ дарамтаас нэг удаа салж, Тавантолгойг дангаараа ашиглаад оронд нь Саус гобигийн лицензийг тавьж туух үр дүн гарах вий.

Хүн хайртай зүйлийнхээ тухай бодохоор дандаа муу талаас нь хардаг гэдэг. Алдчих вий, авчих вий гэх мэтээр. Бас хаширсан хүн ч ингэж боддог. Эрх баригчид үнэхээр ордуудаа гадныханд найр тавьж газар дээр гаргаж ирээгүй байгаа түүхий эдээ зарж эвдээд, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд байгаа болохоор ийм муу зантай болчих юм. Ийм тохироо хийгээгүй л байгаасай.

Хэрвээ энэ хардлага үнэхээр бодит байдал болох юм бол БНХАУ үнээр тоглоод Тавантолгойг ч "даший шог" болгож дөнгөнө. Тийм учраас л "Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай" хуулийг батал гэж шаардаж байна.

Асуудал ойлгомжтой байсаар байхад хуулийг батлахгүй оройтуулбал буруутай этгээдийг эх орноосоо урвасанд тооцож ял асуух хэрэгтэй болно. "Саус гоби сэндс"-ийг авахаар оролдож байгаа "Чалко", Тавантолгойд ашиг сонирхлоо илэрхийлж буй Шенхуа компаниуд Монголын талтай хэлэлцээр хийж байгаа талаар мэдээлэл цацагдаад байгаа болохоор энэ талаар хөндлөө.

No comments:

Post a Comment