2012/04/26

Хувьцааны нэг ширхэг үнийг 900 гаруй төгрөгөөр үнэлнэ


Монгол Улсын Засгийн газар стратегийн нөөц бүхий уул уурхайн ордуудаас орж ирсэн орлогоос иргэн бүрт хувь, хишиг хүртээхээр болсон. Удтал хүлээлгэсэн энэ асуудлын эцсийн шийдвэр иргэ­дэд хувьцаа, бэлэн мөн­гө олгох дээр тогтов. Гэх­дээ асуудал зуун хувь, төгс ший­­дэгдсэнгүй ээ. Учир нь өндөр нас­тан, хөгжлийн бэрх­шээлтэй ир­­гэн, оюутнууд сая төгрөгөө бэ­лэн мөнгө, сургалтын төлбөр хэл­бэрээр авч буй. Гэтэл үлдсэн иргэ­дэд мөнгө биш, Тавантолгойн хувьцаанаас хувь хүртэхээр болж, одоо бэлтгэл ажлын шатандаа явж байгаа гэх. Харин тэдгээр ир­гэд авч байгаа хувьцааныхаа нэгж бүрийг “Яг хэдэн төгрөгөөр үнэ­лэх, би хэр хэмжээний хөрөнгө эзэмшигч гэдгээ тогтоох та­лаар ямар ч ойлголт алга байна” хэмээн ихэд гомдоллож байгаа. Иргэдээс энэ талаар лавлахад, “Хувьцааны нэг ширхэг нь хэдэн төгрөгийн үнэтэй, бас түүнийг нотолж, гар дээрээ ил барих ямар ч бичиг баримт алга. Тийм нотолгоогүй юм чинь намууд хий дэмий улс төрийн шоу хийж байгаад сонгуулийн дараа хувьцааг тэглэчихвэл бид яах юм бэ” хэмээх айдас тааралд­сан иргэн бүрт байсан. Энэхүү хувь хишгийг УИХ-ын 39, 57 дугаар тогтоолд ямар журмаар, яаж олгохыг тусгасан аж. Гэвч харамсалтай нь эл хоёр тогтоолын агуулга хоорондоо ихээхэн зөрүүтэй батлагдсанаас болж хувь, хишиг хүртээх асуудал удааширсаныг эх сурвалжууд хэлсэн.

Уг 39 дүгээр тогтоолын хоёр­дугаар хэсэгт “Та­ван­толгойн нүүрс­ний ор­дын ашиг­лалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” ком­панийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүдэд эзэм­шүүлэх” гэж заасан. Гэтэл УИХ-ын 57 дугаар тогтоолын наймдугаар зүйлд зөвхөн “1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэрлэсэн үнэ бүхий хувьцааг иргэн бүрт олгоно” хэ­мээжээ. Тэгвэл одоо иргэдийн нэг хэсэг нь хоромхон зуурт саятан болж хувираад, харин нөгөө хэсэг нь үр хойчдоо өвлүүлэх хувьцаа эзэмшигч болох нь. Эцсийн дүндээ энэ хоёрыг жинлэж үзвэл хувьцаа нь илүү ашигтай нь ойлгомжтой. Яагаад гэвэл Тавантолгойн нүүрсний нөөцийг наанадаж 100 гаруй жил ашиглах боломжтой гэсэн. Харин сая төгрөг ихэдлээ гэхэд “Дарханы нэхий дээлээс нэгийг авч хүрэх биз”. Тиймээс үнэт цаас авах гэж буй иргэддээ 1072 ширхэг хувьцааны нэгж бүрийн үнийг хэдэн төгрөгөөр тогтоосныг, үр хойчдоо ямар үнэ цэнтэй хөрөнгө үлдээх боломжтой зэргийг тодруулахаар холбогдох албаныхантай уулзлаа.

Уг хувьцааны талаарх ажлыг голлон хариуцаж буй байгууллага нь Тө­рийн өмчийн хороо. Тус хорооны Тамгын газрын даргын зөвлөх Д.Баалыхүү:


-Хувьцааны нэрлэсэн үнийг өчигд­рийг /уржигдар/ хүр­тэл тог­тоогоогүй байлаа. Харин хол­богдох албаныхан хуралдаад нэгж бүрийн үнэ нь 900 гаруй төгрөг байхаар санал нэгдсэн. Харин тус хувьцааг олон улсын зах зээлд ямар үнэтэй худалдаалахыг хэлэх боломжгүй байна. Журам ёсоор Тавантолгойн үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд гарахаас өмнө иргэдэд тарааж дуусна. Түүнчлэн иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх, хэнд хандах вэ гээд олон тодорхойгүй асуудал байгаа. Үүнтэй холбоотой тогтоол тун удахгүй гарах болно. Иргэд өмнөх 532 ширхэг хувьцаагаа харъяа гэвэл www.schcd.mn сайтаас регистрийн дугаараа оруулаад өөрийн хувьцааг байгаа эсэхээ шал­гах боломжтой.

Тэрбээр ийн хариулсан. Мөн Үнэт цаас­ны газраас энэ талаар асуух гэ­сэн боловч “Төрийн өмчийн хороо ха­риу­цаж байгаа” гэх хариулт өгсөн юм. 

No comments:

Post a Comment