2012/11/07

“Эрдэнэс Тавантолгой”-н санхүү үнэхээр хүнд байна”


Монголчуудын найдвар болсон Тавантолгойн орд газрын олборлолт, ашиглалтыг хариуцаж буй төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүү хүндрэлтэй байдалд орсон, зах зээлийн байдлаас шалтгаалаад олон улсын зах зээлд IPO гаргах ажил хойшлогдоод байгаа гээд таагүй мэдээллүүд гараад байгаа. Хамгийн сүүлд л гэхэд нүүрсний зах зээлийн үнэ унаснаар Чалко”-д нэг тонн нүүрсийг 56 ам.доллараар худалдах нь компанийн хувьд алдагдалтай байгаа учраас олборлолт, нийлүүлэлтээ түр зогсоох хүсэлтээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага “Чалко”-д тавьсан талаар мэдээлэл хүргэсэн билээ.Ингээд бид өнгөрсөн аравдугаар сарын 1-нд тус компанийн захирлаар томилогдсон шинэхэн захирал Я.Батсуурьтай нөхцөл байдлын талаар ярилцлаа. 

-Өмнөх захирлын үед “Пийбоди”-д баруун Цанхид гэрээт олборлогчоор ажиллах санал тавьж, хэлэлцээрт урьж байгаа талаар мэдээлэл гарсан. Энэ хэлэлцээр үргэлжилж байна уу, хөрөнгө оруулагчдад ямар нэгэн дохио өгсөн болов уу? 

-Хүчинтэй хэвээр байгаа УИХ-ын 39-р тогтоолоор баруун Цанхид олон улсын хөрөнгө оруулагч оруулж, ашиглах ёстой. Өмнөх Засгийн газар олон улсын консорциумуудтай уулзаж, яриа хийж тохиролцоонд хүрэх гэсэн ч үр дүнгүй болсон. Энэ тал даар ямар ч ахиц гараагүй. Шинэ Засгийн газар тохиолцоогоо үргэлжлүүлэхгүй байна, үргэлжлүүлэхгүй ч юм шиг байна. Засгийн газар, УИХ хоёр консорциум шалгаруулах тухайд байр сууриа тодорхойлох ёстой гэж би бодож байна. Тохиролцоогоо үргэлжлүүлэх эсвэл өөр хувилбараар баруун Цанхийг ашиглах хэрэгтэй байна. Тохиролцоогоо үргэлжлүүлэхгүй бол бидэнд хоёр хувилбар бий. Баруун Цанхиа монголчууд Зүүн Цанхи шиг нь дангаараа олборлолтоо явуулах, эсвэл 49 хувийг нь олон улсын консорциум, 51 хувийг нь “Эрдэнэс Тавантолгой” эзэмшин хамтарч ашиглах. Ямар шийдвэр гарахыг би мэдэхгүй л дээ, мэдний эрх мэдлийн асуудал биш. 

Шинэ Засгийн газрын 39-р тогтоолийг хэрхэн хэрэгжүүлэх байр суурь нь тодорхой болоогүй байхад “Peabody”-той яриа хийхээс би татгалзаж байна. 

-Тавантолгой ордыг дангаараа ашиглах шийдэлд хүрвэл “Пийбоди” гэрээт олборлогчоор ажиллах уу? 


-Өөрсдөө ашигласан ч олон улсын консорциум оруулсан ч гэрээт олборлогч хэрэгтэй учраас тийм урилга явуулсан байх. Миний хувьд УИХ, Засгийн газраас тодорхой шийд гараагүй байхад толгой мэдэж шийдэх эрх байгүй. Гэхдээ бид баруун Цанхийг ашиглах зайлшгүй шаардлагатай. Үүндээ бэлтгэж ажиллаж байна.  

-Урьдчилгаа болгон авсан мөнгийг Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөнд тараагаад дуусчихсан, олон улсад IPO гаргах асуудал хойшлогдож байна. “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагаа явуулах хөрөнгө дутуу байдал хүндрээд байгаа гэж ойлгогдож байгаа. дулимаг байхад танд ямар гарц харагдаж байна? 

-Үнэхээр компанийн санхүү хүнд байна. “Чалко”-гаас авсан 350 сая ам.долларын урьдчилгааны төлбөрийн 418 тэрбумыг Хүний хөгжил санд өгсөн. Энэ өрөө төлөхөөр манай уурхай шургуу ажиллаж байна. Одоогоор 120 сая гаруй ам.долларын зээлийг нүүрсээрээ төлсөн. Сүүлд сонгуулийн өмнө авсан 100 саяыг хөнгөлөлттэй зээл аваад бэлнээр төлж болно гэсэн байгаа. Үлдсэн 130 гаруй саяыг ойрын саруудад нүүрсээрээ төлөх боломжтой. “Чалко”-той хийсэн гэрээ манай компанид үнэхээр ашиггүй. Зах зээлийн үнийг дагаад тонн нүүрс 56 ам.доллар боллоо. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс олборлох өртөг үүнээс их учраас алдагдалтай ажиллаж байна. Тиймээс бид “Чалко”-д бодит байдлаа тайлбарласан. Энэ байдлаараа үргэлжлүүлэх юм бол олборлолтоо зогсоохоос өөр аргагүй болох нь. 

-Зах зээлд үнэ унаснаар компани алдагдалтай ажиллах учраас олборлолтоо түр зогсоохоос өөр аргагүй боллоо хэмээн мэдэгдсэн байх аа. 

-Нэгэнт урьдчилгаа авсан л учраас бид үүнийг ямар нэг аргаар төлж барагдуулна. Яг одоогоор Баруун Цанхиа эргэлтэд оруулахад илүү анхаарах хэрэгтэй байна. Иймэрхүү нөхцөл байдлыг бид танилцуулсан. Гэрээгээр бол 350 сая ам.доллараа төлж дуустал зүүн Цанхиас гарах нүүрсийг хэнд ч зарах эрхгүй. Дууслаа ч дараагийн таван жилд нүүрснийхээ 80 хувийг нь “Чалкод” зарах ёстой. Тиймээс бид энэ гэрээг эргэж харья, манай компанид алдагдалтай байна. Хэрвээ эргэж харахгүй бол удаан хугацаанд хамтрах боломжгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн.  

-Зүүн цанхид олборлолтоо нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа сайжруулах өөр ямар гарц байна?
 

-Ахиухан санхүүжилттэй болбол баруун Цанхидаа тоног төхөөрөмж авах, зүүн Цанхийн үйл ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй байна. Зүүн цанхид “Макмохан” гэрээт олборлогчоор ажиллаж байгаагийн хувьд өөрсдөө тоног төхөөрөмжөө оруулж, санхүүжилтээ босгож ажиллаж байгаа. Тийм болохоор хүндрэл харьцангуй бага. 

-“Пийбоди”-д хэлэлцээр хийх санал тавьсан гэхээр зарим хүнд Засгийн газраас илүү толгой мэдэн хөрөнгө оруулагчийг сонгочихлоо гэсэн ойлголт төрж байна л даа. Тэгэхээр “Пийбоди”-д зөвхөн гэрээт оператороор ажиллах л санал тавьсан гэсэн үг? 


-“Пийбоди”-г оператороор ажиллах яриа хийх хэлэлцээрт л урьсан. Одооноор яриа хэлэлцээр эхлээгүй байгаа.  

-Өмнөх засгийн газар урьдчилгаа мөнгийг Хүний хөгжил санд төвлөрүүлсэн нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. Хэрвээ энэ мөнгийг олборлолтдоо зарцуулсан бол... гэсэн шүүмж, харуусал байдаг. Энэ Засгийн газар танай компанид ямар хөрөнгө төвлөрүүлэх даалгавар өгсөн үү. Бас л мөнгийг нь “татаад” авчих вий гэсэн айдас байна уу? 


-Одоогийн Засгийн газар тийм үүрэг хүлээлгэхгүй байх гэж бодож байна. Бид өмнө нь Хүний хөгжил санд шилжүүлсэн 410 гаруй тэрбум төгрөгөө ирээдүйд төлөх татвартаа суутгах ёстой. Бид ойрын жилүүдэд төсөвт татвараар мөнгө төвлөрүүлэхгүй учраас хүндрэл гарахгүй байх гэж бодож байна. 

-Тавантолгойн бүтээн байгуулалтад хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай вэ? Төмөр зам, дэд бүтэц, баяжуулах үйлдвэр гээд чамгүй олон зүйл бүтээн байгуулах шаардлагатай байгаа. 

-Цахилгаан станцад дунджаар 600 сая ам.доллар, Нүүрс угаах үйлдвэрт 500 гаруй сая, усны шугам татахад 80 гаруй сая ам.доллар шаардлагатай. Мөн баруун Цанхиа ашиглалтад оруулахын тулд 500 гаруй сая ам.доллар, нийтдээ 1,6 тэрбум гаруй ам.доллар байхад Тавантолгойг иж бүрнээр ашиглана. Бидэнд өнөөдөр угаах үйлдвэх зайлшгүй шаардлагатай. Манайх нүүрсээ түүхийгээр гаргаж байгаа учраас үнэд хүрэхгүй байна. Гэхдээ угаах үйлдвэрээ ажиллуулахын тулд цахилгаан станц, ус хэрэгтэй. Тийм учраас энэ бүгдийг цогцоор нь эхлүүлэх шаардлагатай байгаа юм. Төслүүдийн ТЭЗҮ-н эхнийх дууссан, сүүлийнх нь ирэх оны нэг сард дуусна. Төмөр замыг бол төрөөс барьж байгуулахаар сая шийдчихлээ шүү дээ.  

-Энэ санхүүжилтийг хаанаас олох уу? 


Хөгжлийн банкнаас авч болно, гадны банкуудтай яриа хэлэлцээр хийж байна. IPO байж болох ч харамсалтай нь хойшлоод байна.     

-Та “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар томилогдоод нэг сар ч болоогүй байна. Та энэ компанид ажиллахаасаа өмнө “Эрдэнэс Тавантолгой”-н ямраар төсөөлж байсан бол? Дотор нь ажиллаад ирэхээр ямар харагдаж байна? 


-Компанийн нөхцөл байдал ийм хүнд байгаа гэж арай ч төсөөлөөгүй. Үйл ажиллагаагаа явуулах зардалгүй байна. Хэрвээ бид Хүний хөгжил сангийн мөнгийг зээлээгүй бол компаний нөхцөл шал өөр байх байсан. Олборлолтоо нэмэгдүүлчисэн, дэд бүтцийн төслийхээ аль нэгийг эхлүүлсэн байх байлаа. 418 тэрбум төгрөг их мөнгө шүү, гэтэл сонгуульд зарцуулчихсан. Нэн даруй энэ хүндрэлээс гарах хэрэгтэй, Гарцууд ч харагдаж байна. “Чалко”-той хийсэн гэрээг өөрчлөхөөр ажиллана. Мөн нэмэлт зээл авна, нэгэнт өртэй гээд нэмэлт зээл авахгүй байвал  компанийн үйл ажиллагаа урагшлахгүй. Ирээдүйд их ашиг олно гэдэгтээ итгэлтэй байгаа учраас нэмж зээл аваад олборлолт, дэд бүтцийнхээ үйл ажиллааг сайжруулах хэрэгтэй байна.  

Энэ их баялаг Монголийн эдийн засагт асар чухал ач холбогдолтой. Монгол хүн бүр 1072 хувьцаа эзэмшиж байна. Цахилгаан станц, угаах үйлдвэрээ ашиглалтад оруулах юм бол манай эдийн засаг өсч, олон ажлын байр бий болж, бүх Монголчууд эрдэнийн хувь, ноогдол ашгаа хүртэнэ. Би үүний төлөө би ажиллаж байна. 

Эхний ээлжинд санхүүгийн хүндрэлээс гаргах, ашигтай ажиллуулах, олборлолт нэмэгдүүлэх, дэд бүтэц барьж байгуулж, иргэдэд ойрын жилүүдэд хувьцааных нь ноогдол ашигийг өгөхийн тулд би ажиллаж байна.  

Би УИХ-ын гишүүн байхдаа “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 10 хувийг 20 болгож иргэдэд өгөх хууль санаачласан. Иргэдэд нэмж өгөх санал гаргаад дэмжсэн ч компаниудад заавал өгөхөөр батлагдсан. 20 хувь болгох хууль баталсан чинь хувь заяаны эрхээр 20 хувьдаа ард түмэнд юу өгөхөө өөрөө хий гээд энэ албанд томилогдчихлоо. Тэгээд үүнийхээ төлөө ажиллаж байна. 

No comments:

Post a Comment