-"Баруун Цанхи" нэртэй охин компани мэндэлж магадгүй-
“Эрдэнэс Тавантолгой” компанийн шинэхэн гүйцэтгэх захирал Я.Батсуурь
ирэх оны дунд үед Лондон, Хонконг, Монголын хөрөнгийн биржид IPO хийхээр
төлөвлөж буй тухай мэдэгдсэн. Тэгвэл саяхан Хонконгод болсон “Монголын
хөрөнгө оруулалтын чуулган”-ы үеэр тус компанийн Уул уурхай хариуцсан
захирал Грэм Хэнкок АНУ-ын “Fox” телевизэд ярилцлага өгөх үеэрээ IPO-г
ирэх оны сүүлч буюу гуравдугаар улиралд гаргах тухай ярьжээ.
Гурав гурван сараар хойшилсоор буй IPO-г дэлхийд коксжих нүүрсний
нөөцөөр тэргүүлэх ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани чухам
хэзээ гаргах нь өнөө хэр тодорхой болоогүй байна. Энд жирийн нэг орд
биш, 1.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцийн тухай бид ярьж байна шүү
дээ. Тус бүр 600 гаруй сая тонн коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн
баруун, зүүн Цанхи хоёул эдийн засгийн эргэлтэд орсон. Харин тархи нь
болох Монголын Засгийн газарт саатал үргэлжилсээр байна.
ОХИН КОМПАНИ БА ДУНДЫН ХУВИЛБАР
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хуучин захирал Б.Энэбиш Баруун Цанхийн
уурхайн нээлтийн үеэр ордыг ашиглах гурван хувилбар дэвшүүлж байсныг бид
өмнө нь мэдээлсэн. Компани өөрөө ашиглах, стратегийн хөрөнгө оруулагч
сонгох болон дээрх хоёрыг нэгтгэсэн дундын хувилбар бий. Хэдийгээр энэ
гурван хувилбарын алийг нь сонгож байгааг албан ёсоор зарлаагүй ч дундын
хувилбарын дагуу Баруун Цанхийн уурхайг ашиглахаар болсон байж магадгүй
хэмээн шинжээчид үзэж байна.
Учир нь саяхан “Reuters” агентлагийн цахим хуудаст “Тавантолгойн ордыг
эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани ирэх оны гуравдугаар сард АНУ-ын
“Peabody” компанитай хэлэлцээр хийх гэж байна. Өнгөрсөн сард тус
компанитай гэрээт олборлогчоор хамтран ажиллах хүсэлтийг тэд тавьсан”
хэмээн мэдээлсэн. Энэ нь дундын хувилбарын хамгийн гол үндэслэл. Бүр
тодруулбал, энэ хувилбарын дагуу бол “Эрдэнэс Тавантолгой” компани
уурхайн амыг нээн, хөрс хуулалтыг эхлүүлж, дэргэдээ “Баруун Цанхи” гэх
охин компани шинээр байгуулж, гэрээт олборлогч буюу оператор компанийг
томилж хамтран ажиллах юм. Харин охин компанийн 49 хувийг ОХУ, БНХАУ,
Япон, БНСУ, АНУ-ын компаниудад худалдаж, хөрөнгө оруулалт, санхүүжилт
босгох төлөвлөгөө бий. Энэ нь аль ч талаас нь авч үзсэн “Эрдэнэс
Тавантолгой” компани болон стратегийн хөрөнгө оруулагчдын сонирхолд
нийцсэн онцгой хувилбар гэдгийг эх сурвалж мэдээлэв.
ХОНКОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ ГЭДИЙСЭЭР БАЙНА
Тус компани хоёр жилийн өмнөөс л гурван хөрөнгийн биржид IPO зэрэг
гаргана хэмээн мэдэгдэж эхэлсэн. Гэтэл Хонконгийн биржид IPO гаргах
асуудал маргаантай байсаар, хэсэг замхарсан. Тэгвэл тус компанийн Уул
уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок “Хонконгийн хөрөнгийн бирж өнөөг
хүртэл манай компанийг бүртгэх, хүсэлтийг хүлээж авахаас татгалзсаар
байгаа” хэмээн саяхан ярьжээ.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий орд
газруудын IPO-г олон биржид давхар гаргах зохицуулалт байхгүй. Монголын
хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Fox” телевизийн сэтгүүлчид
ярихдаа “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ
тухай нарийвчилсан зохицуулалт орсон” гэжээ.
“Энэ хуулийн төслийг дэмжих эсэхээс Хонконгийн бирж манай хүсэлтийг
хүлээж авах уу, үгүй юү гэдэг нь шийдэгдэнэ” гэж Грэм Хэнкок ярьсан
байна. Ер нь бол Тавантолгойн ордыг тойрсон эргэлзээтэй, шийдэл хүлээж
буй асуудал бүр нь УИХ, Засгийн газартай холбоотой болов. Стратегийн
хөрөнгө оруулагчийг сонгох уу, дундын хувилбарыг батлах уу, IPO-г хэзээ
хийх вэ, хуулийн төслийг дэмжих үү. Энэ асуулт бүрийн хариу нь Засгийн
газарт буй.
ДУНДЫН ХУВИЛБАР
“Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө уурхайн ам нээх, хөрс хуулалтыг эхлүүлэх (эхлүүлсэн)
Дэргэдээ охин компани байгуулах Баруун Цанхийн уурхайн гэрээт олборлогч – оператор компанийг томилох
Охин компанийн 49 хүртэлх хувийг ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, АНУ-ын компаниудад худалдаж, хөрөнгө оруулалт санхүүжилт босгох
Нүүрсний борлуулалтын (off-take) тодорхой хувь, квотыг тохирч болох Баруун Цанхи төслийг
хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг хамтран босгох
Нүүрс баяжуулах (угаах) үйлдвэр, дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулж оролцох боломжийг хэлэлцэх
ӨР ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?
Тавантолгойн ордын Зүүн Цанхийн ордын олборлолт эхэлснээс хойш өнөөг
хүртэл дөрөв гаруй сая тонн нүүрс экспортолжээ. “Эрдэнэс Тавантолгой”
компанийн захирал Я.Батсуурийн хэлж буйгаар өдгөө тонн нүүрсээ урагш 60
ам.доллараар борлуулж байгаа юм байна. Ингэхэд “Чалко” компаниас зээлсэн
350 сая ам.долларын өр барагдаж дууссан уу. Энэ оны эцэс гэхэд нийт 300
сая ам.доллартай дүйцэх хэмжээний нүүрс БНХАУ руу нийлүүлсэн байх
ёстой. Уг нь коксжих нүүрсний үнэ хоёр дахин буураагүй байсан бол энэ
ондоо багтаан өр эцэслэх магадлалтай байсан юм.
Түүнчлэн шинэхэн захирлын хэлж буйгаар “Чалко”-гоос өөр цөөнгүй компанид
өртэй байгаа аж. Тухайлбал, төслийг анх эхлүүлэхэд дотоодын банкуудаас
авсан 130 сая ам.долларын зээл төлөгдөөгүй. Энэхүү зээл л гэхэд жилийн
16 хувийн хүүтэй юм байна. Тиймээс өндөр хүүтэй зээлийг төлөхийн тулд
өөр банкнаас бага хүүтэй зээл авахаар хөөцөлдөж байгаа юм билээ.