2012/09/07

”Эрдэнэс Тавантолгой”-н нэгж хувьцааны нэрлэсэн үнэ өөрчлөгдөх үү


“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдан авсан аж ахуй нэгжүүд Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд дээр очиж  мэдээллээ баталгаажуулах шаардлагатай талаар Татварын ерөнхий газраас анхааруулж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг аж ахуй нэгжүүдэд худалдан борлуулах ажил энэ оны зургадугаар сарын 30-наас дуусгавар болсон бөгөөд  нийт 1105 аж ахуй нэгж байгууллага 24.5 сая ширхэг хувьцааг худалдан авсан байна. Ингэснээр Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд 22.9 тэрбум төгрөг төвлөрсөн ажээ. Аж ахуй нэгжүүдийн хувьцааны талаарх мэдээллийг Татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтсийн дарга С.Туулаас тодрууллаа.

-ААН-үүдэд хувьцаа худалдах  ажил аль зургадугаар сараар дуусгавар болсон биздээ. Гэтэл яагаад заавал тулгалт хийх шаардлагатай гээд байгаа юм бэ. Заавал ингэх шаардлагатай юм уу?

-Нийтдээ 1105 аж ахуй нэгж хугацаандаа хүсэлтээ ирүүлсэнээс төлбөрөө яг заасан хугацаанд төлсөн хэд вэ гэдгийг тулгаж, нэгдсэн бүртгэлд хамруулах зайлшгүй шаардлагатай юм. Учир нь хувьцаа худалдан авах төлбөрөө хэзээ төлсөн бэ гэдэг нь орлогын баримтаараа нотлогдохгүй 435 аж  ахуй нэгж байна. Тиймээс манай газраас болон Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээллэж байгаа.

-Иргэд бэлэн мөнгө авахаа болиод хувьцаа авахаар шийдвэрээ  өөрчилж болно гэсэн. Харин ААН-үүд хувьцаа худалдан авах хүсэлтээ өөрчилсөн тохиолдол энэ хугацаанд гарсан уу?

-Гарсан. Бид зургадугаар сарын 30-ныг хүртэл хувьцааны санал болон төлбөрийг хүлээн авахад нийт 1105-аас 13 ААН-ийн санал ёсоор  386400 ширхэг хувьцааны 360.5 сая төгрөгийг буцаан олгосон. Одоо бол хувьцаа худалдан авах, буцаах нь бүр мөсөн дуусгавар болсон.

-Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдан авья гэсэн зарим аж ахуйн нэгжүүдэд яагаад зарахгүй гээд байгаа юм бэ. Ямар шаардлага хангасан аж ахуйн нэгжид “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдаж байгаа юм бол?


-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг дурын нэгэн аж ахуй нэгжид худалдаагүй. Энэ талаарх  журам нь тодорхой байсан юм. Жишээ нь, 2010 оны зургадугаар сарын 30-ны өдөр болон түүнээс өмнө байгуулагдсан аж ахуй нэгжид хувьцаа авах эрх нь бүрэлдэж байгаа юм. Харин 2010 оны зургадугаар сарын 30-наас хойш байгуулагдсан аж ахуйн нэгжүүд энд хамрагдахгүй. Хоёрдугаарт, үндэсний аж ахуй нэгж байх ёстой. Гуравдугаарт, татвараа бүрэн төлсөн аж ахуй нэгжүүдийг хамруулсан юм. Эдгээр нь тухайн компанийн хөл дээрээ бат тогтох чадвар, эх орны томоохон бүтээн байгуулалтаас орж ирж буй орлогыг зохистойгоор эргэлтэнд оруулах том үйлсэд нэгдэж буй хэрэг учраас хариуцлагатай үндэсний ААН-үүдийг хамруулсан гэж хэлж болно.

-Эдгээр ААН-үүд авсан хувьцаагаа одоо бүрэн захиран зарцуулж болно биз?

-Тэгэхээр дээрх бүгд аж ахуй нэгжүүд аливаа нэг брокер, дилерийн пүүсэд дансаа нээлгэсэн байгаа.  Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд мөнгөө шилжүүлсэн аж ахуй нэгжийн хувьцаа нь орсон байгаа. 2012 оны жилийн эцсийн тайлан гарч ирэхэд Эрдэнэс Тавантолгойн ашиг, орлого хэд гарах нь уу, хэдэн ширхэг хувьцаа авсан,түүнийхээ дагуу хувьцаагаараа ногдол ашгаа авах эрх нь нээгдчихсэн байгаа гэж ойлгож болно. Нэгж хувьцааны нэрлэсэн үнэ тодорхой болоогүй учир одоогоор ААН-үүд авсан хувьцаагаа цааш нь зарж, борлуулах боломжгүй. Ер нь энэ нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөг гэдгээр нэг хэсэг ярьсан боловч дахин нягтлах шаардлагатай гэж Хүний хөгжил,нийгмийн хамгааллын яамнаас  үзэж байх шиг байна. Энэ бүгд тодорхой болвол эзэмшилдээ байгаа хувьцаагаа худалдах боломжтой юм.

-Сүүлд иргэн бүрт давуу эрхийн хувьцаа олгохоор болсон шүү дээ. Энэ ямар онцлогтой юм бэ?

-“Эрдэнэс МГЛ” компанийн иргэн бүрт олгох давуу эрхийн хувьцаа нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг тухайн эзэмшиж буй хүн нь захиран зарцуулж, шилжүүлж болох бол давуу эрхийн “Эрдэнэс МГЛ”-ийн хувьцаа тухайн хүнийг амьд ахуй цагтаа л ганц өөрөө хувьцааны ногдол ашгаа хүртэх гэдгээрээ ялгаатай. Мөн давуу эрхийн хувьцааны тогтоол, шийдвэрийн дагуу заавал тэдэн оны тэдэн сарын өмнө төрсөн хүүхэд хувьцаа эзэмшинэ гэхгүй одоо төрж буй хүүхэд ч эзэмших эрхтэй.

-Давуу эрхийн хувьцаанаас ямар бодит ашгийг хүртэх вэ?

-Одоогоор хувьцааны нэгж үнийг тогтоогоогүй учир хэлэх боломжгүй. Ер нь  энгийн хувьцаа болон давуу эрхийн хувьцаа гаргаад байгаа компанийн жилийн эцсийн орлогоос хамаарна. Уул уурхайн компаниудын хувьд бол жил ирэх тусам ашиг нь нэмэгдэж явдаг, удаан жилийн орлоготой байдаг болохоор амьдрах хугацаандаа энэ компанийн ашгаас тасралтгүй хүртэнэ гэсэн үг л дээ.

-Хувьцаагаа авахын тулд хэрхэн бүртгүүлэх юм бол?

 -Энэ талаарх мэдээлэл бүрэн шийдэгдээгүй байна. Гэхдээ миний таамаглаж байгаагаар  иргэдийн бүртгэл эхэлсэн байх гэж бодож байна. Яагаад гэвэл, иргэний бүхий л мэдээллийг цахим  орчинд шилжүүлсэнтэй холбоотойгоор иргэн өөрсдөө давуу эрхийнхээ хувьцааг эзэмших гэж хөөцөлдөж явах бус, мэдээллийн сангаар дамжуулан иргэдийг бүртгэх ажил эхэлсэн байх.

Ийнхүү аж ахуй нэгжүүдээс татан төвлөрүүл­сэн хувьцааны төлбөрийн тухай албаныхнаас тодруулсан бол “Эрдэнэс Тавантолгой-”н хувь­цааг эзэмших, ногдол ашгаа хүртэх бүхий л эргэн тойрон дахь асуудлыг хариуцдаг салбарынх­наас тодруулах гэвэл шинэ Засгийн газар байгуулагдсантай холбоотойгоор албан хаагч, агентлагуудын статус өөрчлөгдөж буй тул одоогоор ямарваа мэдээлэл өгөхгүй гэсэн тайлбарыг өгч байна. Ямартай ч нэгж хувьцааны нэрлэсэн үнийг дахин хэлэлцэх тухай яригдаж байгаа юм байна. Ингэснээр урьд нь олгосон хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудын, сургалтын төлбөр, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрөөс гадуурх иргэнд очих  үлдсэн хувьцааны ногдолд өөрчлөлт орох нь.

No comments:

Post a Comment