2012/04/27

Тавантолгойгоор “Саусгоби Сэндс”-ийг наймаалцаж байна уу


Тавантолгойгоор “Саусгоби Сэндс”-ийг наймаалцаж байна уу

-Үндэсний компанийнхаа талаархи мэдээллийг бид "Ройтерс", "Блүүмберг" гэх мэт гадны агентлагийн мэдээллээс л авдаг боллоо-

"Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай" хууль батлагдах эсэх асуудал олны анхаарлын төвд байгаа энэ үед "Монгол Улс Тавантолгойгоо бие даан ашиглаж магадгүй" тухай мэдээлэл олон улсад цацагдаж эхэллээ.

Монгол Улсын төр, түмнийг төлөөлж байгаа "Эрдэнэс Монгол"-ын үйл ажиллагаа эзэддээ буюу монголчуудад тун ч нууцлаг байдаг билээ. Үндэсний компанийнхаа талаархи мэдээллийг бид "Ройтерс", "Блүүмберг" гэх мэт гадны агентлагийн мэдээллээс л авдаг болоод удаж буй.

Тавантолгойг бие дааж ашиглах тухай мэдээлэл ч "Ройтерс" агентлагийн сайтад гарсан байна. Түүнд өгүүлснээр бол, Монголчууд Цанхийн Баруун хэсэг дээр гадны хөрөнгө оруулагчдыг оруулалгүй үндэсний аж ахуйн нэгжүүдээрээ нийлж ашиглах сонголт хийж магадгүй болоод байгаа юм байна. "Эрдэнэс Тавантолгой"-н орлогч захирал Грэм Хэнкок "Монголын эрх баригчид хөрөнгө оруулагчдыг тайвшруулах чиглэлд нэг ч алхам хийсэнгүй.

Тавантолгойг үндэсний аж ахуйн нэгжүүдийн нэгдэлд өгч дангаараа ашиглаж магадгүй боллоо" гэсэн зүүлттэйгээр дээрх мэдээллийг өгсөн байв. Үндэсний аж ахуйн нэгжүүдийн нэгдэл гэдэг нь "Монгол999" бололтой. Тэрбээр мөн Монголын Засгийн газар төсөлд хөрөнгө оруулахаар өрсөлдөж байгаа компаниудыг нэг консорциум болж орж ирэх шаардлага тавьсныг бараг боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Монгол Улсын эрх ашиг ганцхан уул уурхайд байх ёстой юм уу

“Айвенхоу майнз” “Чалко”-той тохиролцоонд хүрсний дараа Ашигт малтмалын газар Канадын компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж орхисон билээ. Гэтэл "Ройтерс", "Блүүмберг", "Майнинг уикли" болон бусад агентлагийн шинжээчид үүнийг "Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор хийгдсэн алхам" гэж тайлбарласан байх юм. Энэ үгсийн цаана "Сонгууль болоогүй бол зүгээр л дуугүй өнгөрөх байсан" гэсэн санаа илт байна.

"Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай" хуулийн төслийг УИХ-аас хэлэлцэх гэж байна. Гадаадын агентлагууд энэ хуулийн талаар "Монгол Улс БНХАУ-ын эсрэг гаргаж байгаа хууль" мэтээр дэлхий нийтэд мэдээлээд хоёр улс түүхийн явцад бие биедээ итгэлгүй хандсаар ирсэн юм гэх мэтийн зүүлт, тайлбар хийж байна. Бид энэ асуудалд анхаарал хандуулах ёстой.

Том агентлагт мэдээлэл өгөх дуртай дарга нар ч гэсэн яриа өгөх далимдаа "Бид нийлүүлэлтээ өөрсдөө мэддэг байх ёстой. Энэ хууль бол зөвхөн БНХАУ ч биш, ашигт малтмалын ордуудад хяналт тавих ичгүүргүй оролдлого хийсэн бүх улсын төрийн мэдлийн компаниудад хамаатай" гэдгийг хэлчихмээр байгаа юм. Хэлсэн ч энэ талаар бичихгүй байгаа бол бидний хувьд том асуудал үүссэн гэсэн үг.

Эдийн засагч Д.Жаргалсайхан энэ талаар анх хөндөж, хуулийг ирэх сарын 5-ны дотор баталчихвал "Саус гоби сэндс"-ийн эзэмшдэг дөрвөн ордыг авч үлдэх боломж байгаа талаар сануулж байсан билээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны мягмар гарагийн хуралдаанаар хуулийг дахин нягтлах шаардлагатай гээд буцааж орхисон.

Д.Одхүү гишүүн "Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай" хуулийн төсөлд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа, ноос ноолуур бэлтгэх салбарыг оруулах шаардлагагүй гэсэн санал гаргасан учир дахиж хэлэлцэхээр болчихлоо.

Цаг хугацаа явсаар байна. Уг нь хуулиа хурдан баталчихаад дараа нь нэмэлт өөрчлөлт оруулаад явж болмоор. Үл хөдлөх хөрөнгийн салбар ч яах вэ, дотоодын аж ахуйн нэгжүүд нь "бирд" болчихсон учраас гаднаас царайчилж болох юм биз. Харин ноос ноолуурын салбарт гадны хөрөнгө оруулалтыг хянах шаардлага байгаа юм сан. Ноолуур бол экспортын чиг баримжаатай чухал бүтээгдэхүүн.

Эцсийн эцэст, Монгол Улс нүүрсний олборлолтоороо дэлхийд эхний 10-аас хойшоо, ноолуур бэлтгэлтээрээ эхний гуравт жагсдаг. Ноолуурын зах зээлд гадны монополь тогтоход яах вэ гэсэн утгатай ийм үг хэлж огт болохгүй билээ. Гэхдээ хэт олон салбарыг хамарсан явдал батлагдахад нь саад болж мэдэх л юм. Гишүүд 16 салбарыг их байна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Хуулийн төслийг хэлэлцэх үед Г.Завданшатар гишүүн "Хуулийн төслийг хэлэлцэж байгаа нь Саус гоби Сэндс"-тэй ямар ч холбоогүй гэсэн тайлбар хэлж байсан. Холбоогүй гэсээр байгаад дөрвөн том ордоо тавиад туучих вий дээ.

"Тавантолгой"-гоор дахиад нэг том тархи угаалт явагдах нь үү дээ

Монгол Улсын иргэдийг хөл хөсөр, гар газар жаргаана гэж сурталчилж байж төрийн эрхэнд гарсан хүмүүс өнгөрсөн дөрвөн жилд баялгаа ашиглах талаар юу ч хийсэнгүй. Харин бусдад найр тавих тал дээр багагүй хүч хаясан гэдэг нь тодорхой байна.

Гадны ажиглагчид хүртэл "Монголын эрх баригчдын өнөөг хүртэл баримталж ирсэн бодлого нь бизнесийн гэхээсээ илүү хоёр хөршөө яавал гомдоохгүй байх вэ гэсэн улс төрийн шинжтэй бодлого байсан" гэж дүгнэж байгаа юм.

Зүгээр суугаад мөнгө авна гэж гэнэн сэтгэсэн ард түмэн минь өнөөдөр өр ширэнд баригдчихсан, "21 мянга" хэмээх хар тамхинд гүнзгий орсон хөөрхийлөлтэй байдалд байна. Тэгвэл Тавантолгойгоор дөрвөн жил тархиа угаалгасан хөөрхий ард түмэн минь сонгуулийн босгон дээр дахиад нэг хулхидуулж магадгүй нь байна шүү.

Эрх баригчид тун удахгүй "Монголчууд өөрсдөө Тавантолгойгоо бие дааж хөдөлгөхөөр боллоо" гэж баяр ёслолын байдалтай зарлаж, сурталдах нигуур байгааг эхэнд дурьдсан мэдээнээс ойлгосон биз. "Монголчууд бидэнд өөрсдөө Тавантолгойг хөдөлгөх санхүүгийн боломж бүрэн байгаа" гэж ирээд л ярих биз.

1072 хувьцаа нь 5000 болоод өөр юу гэх бол. Яг С.Баяр сая, сая таван зуун мянгын талаар долоо хоногийн зайтай ярьсан үе санагдах байх. Ийм л юм болох гээд байна даа. Тавантолгойг дангаараа ашиглах нь бидний хувьд мэдээж чухал. Гэхдээ "Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай" хууль илүү чухал байна.

Ийм тохироо хийгээгүй л байгаасай

Энэ бол зүгээр л таамаглал шүү. Монгол Улс БНХАУ-д ихэнх нүүрсээ зардаг. Тийм ч учраас Тавантолгойд Шенхуаг оруулж, давуу хувьцаа эзэмшүүлсэн. Энэ нь БНХАУ Монголд шахалт үзүүлэх хангалттай хүчтэй гэдгийг нотолж байлаа. Эцэстээ эрх баригчид энэ дарамтаас нэг удаа салж, Тавантолгойг дангаараа ашиглаад оронд нь Саус гобигийн лицензийг тавьж туух үр дүн гарах вий.

Хүн хайртай зүйлийнхээ тухай бодохоор дандаа муу талаас нь хардаг гэдэг. Алдчих вий, авчих вий гэх мэтээр. Бас хаширсан хүн ч ингэж боддог. Эрх баригчид үнэхээр ордуудаа гадныханд найр тавьж газар дээр гаргаж ирээгүй байгаа түүхий эдээ зарж эвдээд, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд байгаа болохоор ийм муу зантай болчих юм. Ийм тохироо хийгээгүй л байгаасай.

Хэрвээ энэ хардлага үнэхээр бодит байдал болох юм бол БНХАУ үнээр тоглоод Тавантолгойг ч "даший шог" болгож дөнгөнө. Тийм учраас л "Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай" хуулийг батал гэж шаардаж байна.

Асуудал ойлгомжтой байсаар байхад хуулийг батлахгүй оройтуулбал буруутай этгээдийг эх орноосоо урвасанд тооцож ял асуух хэрэгтэй болно. "Саус гоби сэндс"-ийг авахаар оролдож байгаа "Чалко", Тавантолгойд ашиг сонирхлоо илэрхийлж буй Шенхуа компаниуд Монголын талтай хэлэлцээр хийж байгаа талаар мэдээлэл цацагдаад байгаа болохоор энэ талаар хөндлөө.

2012/04/26

Хувьцааны нэг ширхэг үнийг 900 гаруй төгрөгөөр үнэлнэ


Монгол Улсын Засгийн газар стратегийн нөөц бүхий уул уурхайн ордуудаас орж ирсэн орлогоос иргэн бүрт хувь, хишиг хүртээхээр болсон. Удтал хүлээлгэсэн энэ асуудлын эцсийн шийдвэр иргэ­дэд хувьцаа, бэлэн мөн­гө олгох дээр тогтов. Гэх­дээ асуудал зуун хувь, төгс ший­­дэгдсэнгүй ээ. Учир нь өндөр нас­тан, хөгжлийн бэрх­шээлтэй ир­­гэн, оюутнууд сая төгрөгөө бэ­лэн мөнгө, сургалтын төлбөр хэл­бэрээр авч буй. Гэтэл үлдсэн иргэ­дэд мөнгө биш, Тавантолгойн хувьцаанаас хувь хүртэхээр болж, одоо бэлтгэл ажлын шатандаа явж байгаа гэх. Харин тэдгээр ир­гэд авч байгаа хувьцааныхаа нэгж бүрийг “Яг хэдэн төгрөгөөр үнэ­лэх, би хэр хэмжээний хөрөнгө эзэмшигч гэдгээ тогтоох та­лаар ямар ч ойлголт алга байна” хэмээн ихэд гомдоллож байгаа. Иргэдээс энэ талаар лавлахад, “Хувьцааны нэг ширхэг нь хэдэн төгрөгийн үнэтэй, бас түүнийг нотолж, гар дээрээ ил барих ямар ч бичиг баримт алга. Тийм нотолгоогүй юм чинь намууд хий дэмий улс төрийн шоу хийж байгаад сонгуулийн дараа хувьцааг тэглэчихвэл бид яах юм бэ” хэмээх айдас тааралд­сан иргэн бүрт байсан. Энэхүү хувь хишгийг УИХ-ын 39, 57 дугаар тогтоолд ямар журмаар, яаж олгохыг тусгасан аж. Гэвч харамсалтай нь эл хоёр тогтоолын агуулга хоорондоо ихээхэн зөрүүтэй батлагдсанаас болж хувь, хишиг хүртээх асуудал удааширсаныг эх сурвалжууд хэлсэн.

Уг 39 дүгээр тогтоолын хоёр­дугаар хэсэгт “Та­ван­толгойн нүүрс­ний ор­дын ашиг­лалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” ком­панийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүдэд эзэм­шүүлэх” гэж заасан. Гэтэл УИХ-ын 57 дугаар тогтоолын наймдугаар зүйлд зөвхөн “1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэрлэсэн үнэ бүхий хувьцааг иргэн бүрт олгоно” хэ­мээжээ. Тэгвэл одоо иргэдийн нэг хэсэг нь хоромхон зуурт саятан болж хувираад, харин нөгөө хэсэг нь үр хойчдоо өвлүүлэх хувьцаа эзэмшигч болох нь. Эцсийн дүндээ энэ хоёрыг жинлэж үзвэл хувьцаа нь илүү ашигтай нь ойлгомжтой. Яагаад гэвэл Тавантолгойн нүүрсний нөөцийг наанадаж 100 гаруй жил ашиглах боломжтой гэсэн. Харин сая төгрөг ихэдлээ гэхэд “Дарханы нэхий дээлээс нэгийг авч хүрэх биз”. Тиймээс үнэт цаас авах гэж буй иргэддээ 1072 ширхэг хувьцааны нэгж бүрийн үнийг хэдэн төгрөгөөр тогтоосныг, үр хойчдоо ямар үнэ цэнтэй хөрөнгө үлдээх боломжтой зэргийг тодруулахаар холбогдох албаныхантай уулзлаа.

Уг хувьцааны талаарх ажлыг голлон хариуцаж буй байгууллага нь Тө­рийн өмчийн хороо. Тус хорооны Тамгын газрын даргын зөвлөх Д.Баалыхүү:


-Хувьцааны нэрлэсэн үнийг өчигд­рийг /уржигдар/ хүр­тэл тог­тоогоогүй байлаа. Харин хол­богдох албаныхан хуралдаад нэгж бүрийн үнэ нь 900 гаруй төгрөг байхаар санал нэгдсэн. Харин тус хувьцааг олон улсын зах зээлд ямар үнэтэй худалдаалахыг хэлэх боломжгүй байна. Журам ёсоор Тавантолгойн үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд гарахаас өмнө иргэдэд тарааж дуусна. Түүнчлэн иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх, хэнд хандах вэ гээд олон тодорхойгүй асуудал байгаа. Үүнтэй холбоотой тогтоол тун удахгүй гарах болно. Иргэд өмнөх 532 ширхэг хувьцаагаа харъяа гэвэл www.schcd.mn сайтаас регистрийн дугаараа оруулаад өөрийн хувьцааг байгаа эсэхээ шал­гах боломжтой.

Тэрбээр ийн хариулсан. Мөн Үнэт цаас­ны газраас энэ талаар асуух гэ­сэн боловч “Төрийн өмчийн хороо ха­риу­цаж байгаа” гэх хариулт өгсөн юм. 

Тавантолгойн хөрөнгө оруулагчаар “Пибоди”-г тодруулахгүй байж магадгүй


Тавантолгойн хөрөнгө оруулагчаар “Пибоди”-г тодруулахгүй байж магадгүй

Тавантолгой ордыг гадаадын хөрөнгө оруулагчгүйгээр ашиглах шийдвэр гарч магадгүй талаар “Эрдэнэс Тавантолгой” компани мэдээлжээ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок Тавантолгойн Баруун Цанхийн хөрөнгө оруулагчаар оролцох талуудыг тодруулахад тун хүндрэлтэй байгааг ярьжээ. Түүний үзэж буйгаар хэрэв талуудтай гэрээ хэлэлцээрт хүрч чадахгүй бол “Эрдэнэс Тавантолгой” дангаараа ордыг олборлох ажээ.

Гэхдээ одоогийн байдлаар гадаадын хөрөнгө оруулагчдыг бус харин заримыг нь тендерт шалгаруулах магадлал өндөр байна. Хэрэв тендерт шалгарах консорциумын тоог цөөлөхөөр болвол Орос, Хятадын тал тунаж үлдэж мэдэх юм.

Харин АНУ-ын “Пибоди”, Өмнөд Солонгосын “Корес” тэргүүтэй бусад компани, мөн Японы “Мицүи”, “Сүмитомо” зэрэг байгууллага хасагдах төлөв ажиглагдаж байна.

2012/04/25

Тавантолгойг Монголчууд өөрсдөө ашиглаж чадна

Тавантолгойг Монголчууд өөрсдөө ашиглаж чадна
ЛОНДОН. /РОЙТЕР/. Монголын Засгийн газар нүүрсний Тавантолгой орд газрын баруун хэсгийг бие даан ашиглах шийдвэр гаргаж магадгүй гэж Эрдэнэс-Тавантолгой төслийн оператор-компанийн топ менежер хэлэв.

Монгол Улс орд газартаа хөрөнгө оруулагч олохыг нэлээд хэдэн жил оролдож байна, гэхдээ оролцох хүсэлтэй янз бүрийн компани болгоны ашиг сонирхлыг харгалзаж үзнэ гэдэг нь эргэлзээтэй гэж Эрдэнэс-Тавантолгойн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Грэм Хенкок мэдээллээ. "Миний бодлоор, энэ группыг консорциумд нэгтгэхэд маш хэцүү. Консорциум байгуулахгүй байх магадлал өндөр байна" гэж Хенкок хэлжээ.

Өнгөрсөн оны долдугаар сард Монгол Улс Тавантолгойн ордод олборлолт явуулах тендерт Америкийн уул уурхайн "Peabody Energy" компани, Хятадын "Senhua" болон Оросын төмөр зам оролцсон консорциум ялсныг зарласан. Үүний дараа тендерт ялагдсан Япон, Өмнөд Солонгосын компаниуд тендерийн дүнгийн талаар Монголын Засгийн газарт гомдол мэдүүлсэн билээ.

Ялсан компаниуд зургаан тэрбум тоннын нөөцтэй, дэлхийд томоохонд тооцогдох ашиглагдаагүй нүүрсний орд газар болох Цанхи хэсгийг олборлох эрхтэй болсон юм. Тавантолгойн баруун хэсэгт орших Цанхид 1,2 тэрбум тонн нүүрс, түүний 65 хувь нь ган үйлдвэрлэхэд тохирох коксжих нүүрс байдаг.

Хенкокийн үзэж буйгаар, зургадугаар сард болох Монголын парламентын сонгуулиас наана консорциумын бүрэлдэхүүн тодорхой болохгүй л болов уу. Компани нь хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулах эсэхээс үл хамааран тав эсвэл зургадугаар сард Тавантолгойн баруун хэсэгт олборлолт явуулж эхэлнэ гэдгийг Хенкок хэлжээ. Тус орд газраас жилд 2,5 сая тонн нүүрс олборлож байгаа бол 2013 он гэхэд 6 сая тонн, цаашдаа 20 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа аж.

2012/04/19

Иргэд хувьцаатай эсэхээ нотлох тусгай баримт хүсэж байна


Иргэд хувьцаатай эсэхээ нотлох тусгай баримт хүсэж байна

-Нэг ширхэг хувьцааг хэдэн төгрөгөөр үнэлэх нь тодорхойгүй байгаа гэнэ-

Засгийн газраас стратегийн нөөц бүхий уул уурхайн томоохон ордуудаас орж ирсэн орлогоос иргэн бүрт хувь, хишиг хүртээхээр болсон. Гэвч иргэд энэ шийдвэрийн ойлгомжгүй, тодорхойгүй асуудал их байгааг хэлж байна.

Хувь, хишиг олгох талаар УИХ-ын 39, 57 дугаар тогтоол зөрүүтэй байгаагаас болж нэг сая төгрөгийг чухам ямар журмаар яаж олгохыг энэ сарын эхэн хүртэл шийдээгүй байв. Тодруулбал, аль нэгэн тогтоолыг нь хүчингүй болгож байж энэ мөнгийг олгох асуудал яригдаж байсан. Учир нь 39 дүгээр тогтоолын хоёрдугаар хэсэгт "Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлнэ" гэж заасан. Гэтэл УИХ-ын 57 дугаар тогтоолын наймдугаар зүйлд зөвхөн "1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд нэг сая төгрөгтэй тэнцэх нэрлэсэн үнэ бүхий хувьцааг иргэн бүрт олгоно" гэжээ.

Ямартай ч Засгийн газрын эцсийн шийдвэрээр үлдсэн нэг сая төгрөгөө аваагүй иргэдэд "Эрдэнэс МГЛ" компанийн хувьцаанаас 1072 ширхэг хувьцааг өгөх, мөн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэлэн мөнгө, хувьцаа хоёроос сонгож болох хувилбар дээр тогтсон.

Гэтэл иргэдэд дээрх хувьцаатай холбоотой тодорхойгүй зүйл байгаа талаар дээр дурьдсан. Тухайлбал, 1072 ширхэг хувьцааны нэрлэсэн нэгж үнэ нь хэдэн төгрөгтэй тэнцэх, хэзээнээс яаж олгож эхлэх, хувьцаагаа авахын тулд иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх, мөн иргэд ямар байр суурьтай байгаа талаар сурвалжиллаа.

-1072 ширхэг хувьцааны нэгж бүрийн нэрлэсэн үнэ нь хэдэн төгрөг вэ?

Энэ асуултад хариулт авахаар эхлээд Сангийн яамыг зорьлоо. Төсвийн орлого, зарлага гээд улсын мөнгөний сан энэ яаманд бүрэн хамааралтай. Бас Хүний хөгжил сан хариуцсан алба нь энд байдаг. Ингээд тус яамны Төсвийн бодлогын газрын Хүний хөгжил сангийн дарга О.Хуягцогтоос зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр "Зах зээлийн үнээс хамааралгүй хувьцааны нэгж бүрийн нэрлэсэн үнийг Төрийн өмчийн хороо, "Эрдэнэс МГЛ" компани тогтооно.

Хамгийн гол нь Засгийн газрын тогтоол ёсоор Тавантолгойн хувьцааг олон улсын Хөрөнгийн бирж дээр арилжихаас өмнө иргэдэд олгож дуусна гэсэн үг" хэмээн хувьцааны нэгж бүрийн үнийг энэ газар тогтоодоггүйг хэллээ.

"Эрдэнэс МГЛ" компани нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай. Үүний гурван тэрбум ширхэг хувьцааг иргэдэд олгож байгаа. Харин 10 хувийг нь УИХ-ын 39 дүгээр тогтоолын 2.6-д зааснаар 2010 оны зургаадугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаа явуулж буй татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд 1.5 тэрбум ширхэг хувьцаа олгохоор тусгасан.

Сангийн яамнаас дээрхийг тодруулсны дараа Төрийн өмчит компаниудын менежментийг хариуцдаг гэх төрийн өмчийн хорооны мэргэжилтнүүдээс асуухаар очив. Тус газрын Хууль зүйн хэлтсийн дарга Н.Ренчиндорж "Тавантолгойн хувьцааны талаар одоохондоо тогтсон тоо гараагүй байна. Удахгүй шийд гарчих байх" гэлээ.

Мөн 1072 ширхэг хувьцааг олгох ажлын хэсгийн гишүүн Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Даваахүү арай дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.

-Тавантолгойн хувьцааны талаар иргэд зарим зүйлийг тодруулахыг хүсэж байна. Тухайлбал, хувьцааны нэгж бүрийн нэрлэсэн үнэ нь хэдэн төгрөгтэй тэнцэх юм бэ?
-Ямар ч байсан нэрлэсэн үнээр иргэдэд хүртээнэ. Гэхдээ яг төдөн төгрөг гээд шийдсэн зүйл одоохондоо алга. Шийдвэр гарахаар мэдээлнэ.

-Иргэд хувьцаагаа яг хэзээнээс авах, ямар бичиг баримт бүрдүүлэх гээд олон асуудлыг ойлгохгүй байгаа. Энэ талаар тодруулахгүй юү?
-Иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх, хэнд хандах вэ гээд тодорхойгүй асуудал нэлээд байна. Тун удахгүй үүнтэй холбоотой тогтоол гарна.

-Тэгвэл иргэд хувьцаа эзэмшигч эсэхээ яаж мэдэж болно гэсэн үг үү?
-www.schcd.mn вэб сайт руу ороод регистрийн дугаараа хийвэл хувьцаа эзэмшигч болсон эсэхээ шууд мэдэж болно.

Тэрбээр ийн хариулсан. Тэгвэл иргэд ямар байр суурьтай байгаа бол.

Г.ЭНХ-АМГАЛАН: ВЭБ САЙТ ДЭЭР БАЙСАН ХУВЬЦААГ НЭГ Л ӨДӨР ТЭГЛЭЧИХВЭЛ ЯАХ ЮМ БЭ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Г.Энх-Амгалан "Иргэдэд нэг сая төгрөгийг хувьцаа хэлбэрээр олгож байгаа нь нэг талдаа зөв шийдэл. Гэхдээ асуудалтай зүйлс байна. Яагаад гэхээр 1072 ширхэг хувьцааг нотлоод, гартаа барих ямар ч баримт байхгүй байна шүү дээ. Тусгай вэб сайт руу нь ороод үзэхээр өмнө нь өгөхөөр болж байсан 536 ширхэг хувьцаа нь байж л байгаа юм. Гэтэл сонгуулийн шоу хийж байгаад нэг л өдөр вэб сайт дээр байсан хувьцааг тэглэчихвэл яах юм бэ. Түүний оронд хувьцааг нотлох батламж ч юм уу, тусгай дэвтэр байвал иргэд хувьцаатай гэдэгтээ илүү итгэлтэй болно. Бас хэдэн төгрөгөөр үнэлэх нь тодорхойгүй байна шүү дээ. Хүмүүс хувьцаагаа ямар үнэтэй, Хөрөнгө хадгалж байгаа вэ гэдгээ мэдэж байж ашиг олно. Миний хувьд, хувьцаагаа авах юм бол нэлээд байлгаж байгаад Тавантолгойн хувьцаа үнэд хүрэхээр борлуулах бодолтой байна" гэсэн юм.

Мөн нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн Б.Ганболд "Одоо олгох гээд байгаа 1072 ширхэг хувьцаа 140 килограмм нүүрсний хэмжээтэй тэнцэж байгаа юм. Үүнийг Тавантолгойн асар их нөөцтэй харьцуулбал өчүүхэн цэг төдий зүйл харагдана. Мөн өмнө нь сургалтын төлбөрт хувь, хишгээ өгчихсөн оюутнууд одоо хувьцаа ч үгүй, мөнгө ч үгүй болж хувирах гэж байна. Уг нь иргэн бүрд 1.5 сая төгрөгөөс гадна бүгдэд нь хувьцаа эзэмшүүлчихсэн бол зүгээр байх байсан" хэмээлээ.

Иргэд энэ мэтчилэн олон асуудлыг онцолж байсан. Гэхдээ уулзсан иргэдийн олонх нь хувьцааг батлах ямар нэгэн батламж хэрэгтэйг хэлж байлаа. Ямартай ч хувьцааны нэгж бүрийн үнэ яг хэдэн төгрөг вэ гэдэг асуултын хариулт хэвээр үлдлээ. Зарим эх сурвалжийн хэлснээр өмнө нь Төрийн өмчийн хороо Тавантолгойн хувьцааг эхлээд олон улсын Хөрөнгийн бирж дээр гаргачихаад дараа нь иргэддээ хувьцаа эзэмшүүлэх асуудал ярьж байжээ.

"ЭРДЭНЭС МГЛ" КОМПАНИЙН ТЭЭВЭРЛЭЛТ ЗОГСЧЭЭ

Өнгөрсөн гуравдугаар сарын 24-27-нд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар тэргүүтэй хүмүүс Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын нөхцөл байдалтай танилцсан. Энэ үеэр сайд төрийн оролцоотой компаниудад нэлээд хатуухан үүрэг өгсөн талаар манай сонин өмнө цуврал сурвалжлага хүргэж байсан билээ.

Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгийг Тавантолгойгоос нүүрс өгөх нэрийдлээр Хятадын төрийн өмчит "Чалко" компаниас 250 сая ам.доллар манай улсын Засгийн газар зээлжээ. Гэтэл сүүлийн үед тус ордын үйл ажиллагаа зогссон талаар чих дэлсэх болов. Үүнийг нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалж ""Эрдэнэс МГЛ" өртэй учраас ажилчдынхаа цалинг өгч чадалгүй хэсэг хугацаанд нүүрс тээвэрлэлт нь зогссон байгаа нь тэр" хэмээсэн.

Харин "Эрдэнэс МГЛ" компанийн Өмнөговь аймаг дахь салбарын захирал Б.Батсайхантай холбогдоход "Манайх "Энержи ресурс" компанийн хатуу хучилттай замаар нүүрсээ тээвэрлэх талаар гэрээ байгуулж байгаа. Үүнээс болж нүүрсний тээвэрлэлт түр хугацаанд зогссон. Ирэх даваа гарагт тээвэрлэлтээ эхэлнэ" гэлээ.