2014/05/15

Тавантолгой бидэнд юу өгөх вэ?

/2011 оны 11 сард ингэж бичиж байжээ/


Тавантолгой хэмээх гайхамшигт орд газрын тухай мэдээлэл Монгол хүн бүрийн чихийг дэлдийлгэж ирээдүйн амьдралыг нь итгэл найдвараар гийгүүлсээр удлаа. Мэдээж ямар ч хүн сайхан амьдралыг хүсэлгүй яахав, тэр тусмаа юу ч хийхгүй байж байгаад баян тансаг амьдарна гэвэл түүнээс илүү юуг мөрөөдөх билээ. Юу ч хийхгүй сууж байхад  өвөрт нь өч төчнөөн сая төгрөг орж ирээд л түүнийгээ хүссэн зоргоороо үрээд л амьдараад  байвал ч.  Хамгийн сайхан байшин, үнэтэй тансаг жип, өвлийн хүйтэнд халуун дулаан орноор аялсан шиг амьдраад ... Сэрэхгүй л байж үзээрэй.
Мөрөөдөөд  байвал барагдах биш гэхдээ ер нь энэ Тавантолгой бидэнд юу өгөх вэ?  Та өөрөөсөө ингэж асууж үзсэн үү.
Мэдээж  ашиг байж л таараа харин тэр нь хэнд хэрхэн нялзахаас л ашигтай юу үгүй юу гэдэг нь тодорхой юм.
Монголын эдийн засгийн хувьд даахгүй нохой булуу хураана гэдэг шиг л юм болох гээд байна. Тавантолгойн орд газраас эдийн засагт орж ирэх орлого нь энэ төрийн эрхэнд байгаа нөхдүүдийн зүүдэнд орж байгаагүй их мөнгө юм. Хар тооцоо хийж үзэхэд хамгийн багаар л гэхэд 6-7 их наяд төгрөг  эдийн засагт хүссэн хүсээгүй орж ирж ихээхэн дарамт үзүүлж магадгүй болоод байна. Энэ их мөнгийг шингээх боломж Монголын эдийн засагт байхгүй, мөнгө орж ирэх сайхан боловч түүнийг зарна, зарцуулна, хадгална гэдэг түүнээсээ том зовлон болох цаг удахгүй ирэхнээ. Эдийн засгийн өсөлт 9.7 хувьтай гарсан гээд хөөрөөд баярлах хэрэггүй энэ өсөлт нь ямар ч баялаг бүтээгээгүй, газраа ухаж доорхи нүүрсийг  нь гадагш гаргаснаас орж ирж байгаа орлогоос л харагдаж байгаа өсөлт юм. Харин бодит буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт өсөлт гарсан нь юу бол мөнгө ихсэхийн хэрээр түүнтэй харьцах бараа таваарийн зах зээл тэлж байж энэ их мөнгийг шингээх ёстой бүгдийг биш юмаа гэхэд тодорхой хэсгийг нь. Гэтэл үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгийн эх үүсвэрийг олгох ёстой банкууд нь харин ч хүүгээ нэмээд тас буруу хараад сууж байх юм. Инфляц гэх мангасаас айж байна гэх үндэслэлээр Монгол банк бодлогын хүүгээ нэмсэнээс эдийн засагт орж ирэх банкуудын мөнгө гацаад эхэллээ. Тэгээд ч өндөр хүүтэй зээл авч үйлдвэрлэл явуулсанаас  зээлтэй зээлгүй болоод байсан үйлдвэрлэлийн салбар хуучин янзаараа амиа аргацаан уначихалгүй шиг гэлдэрч байвал барав гээд л маажигнаж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэх шүлс шиг жоохон мөнгө эдийн засгийг тэлнэ гэвэл тэр ёстой лөөлөө, одоо орж ирэх гээд  хүлээгдэж байгаа мөнгөний нэг хувийн хагаст ч хүрэхгүй мөнгө шүү дээ.  Тэрүүхэн тэндээ ёстой жалга довондоо л жижиг дунд үйлдвэрлэл юм байхдаа.  Зам тавих, хашаа барьж усан оргилуур босгосноор эдийн засгийн өсөлт гарна гэж бодож байгаа усан толгойтой сайд, засаг дарга нарын хувьд тэд мөнгө л далд оруулахаас өөрөөр хийж чадах юм тэдэнд байх биш. Зам тавих дэд бүтэц байгуулах нь зөв л дөө гэхдээ хаа хамаагүй хэзээ ч эдийн засгийн үр өгөөж өгөхгүй 2-3 мянган хүнтэй 300-д сумруугаа мөнгөтэй болсных гээд цахилгаан тавиад ,хар зам татаад байх уу. Бодох л асуудал. Боловсруулах үйлдвэр барья гээд байх юм бас л зөв, гэхдээ наад нөөц чинь тоотой шүү бас л дуусаад ирэх үед яах юм бол. Холоос жишээ авах хэрэггүй Налайхын уурхайн ирээдүй биднийг хүлээж байгаа нь тодорхой, балгас болсон хэдэн барилга л тэнд байгаа, нөөц нь дууссан уурхайн ирээдүйн хувь заяа тэр. Ирээдүй надад хамаагүй гээд суугаад байх уу. Эдийн засгийн өсөлтийн үр шимийг өөр зүйлд хөрөнгө оруулалт хийхэд зарцуулмаар байна. Ядаж л монгол хүний ухаан шингэсэн зүйлд, энэ хоёр хөршийн дунд бид ямар чиглэлээр зүтгэвэл ашигтай байх вэ гэдгийг  одооноос  Монгол төр бэлтгэж түүнийгээ хэрэгжүүлэх талаар бодлого боловсруулах хэрэгтэй байна.  Эдийн засаг нь өдрөөс өдөрт хүчирхэгжиж байгаа 2 том улсын дунд бид юу хийж чадах вэ. Тодорхой хэдэн төрлийн бүтээгдхүүн дээр хүчээ хаяж хүнээ болон техник технологио сайжруулахад хөрөнгө оруулалт хиймээр байна. Олон зүйл нуршихаа азнаад үндсэн сэдэврүүгээ ороё.
Монголын эдийн засагт ямар өөрчлөлт орох бол
Дээр хэлсэн хамгийн багаар бодоход 6-7 их наяд төгрөг эдийн засагт орж ирэх нь ээ. Цаашид жил бүр 3-4 их наяд төгрөг зөвхөн нүүрс борлуулсаны орлогоос Монголын эдийн засагт нэмэгдэнэ. Ямар ч байсан төр барих эрхэмүүдийн хувьд төсөвөө яаж бүрдүүлэх вэ гэж толгой гашилгах хэрэггүй, харин яаж үрэх вэ гэж л гараа үрэх  хэрэгтэй болох нь. Том том төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, бодит үйлдвэрлэлийн салбарт төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэх татварын дарамтыг бууруулах нөхцөл тэдэнд бий болно. Мөн банкнуудын  актив цаашид өсөх болно. Хүссэн хүсээгүй зээлийн хүүгээ бууруулахаас өөр арга банкнуудад олдохгүй биз. Төр мөнгөтэй болохын хэрээр  үрэлгэн төсөв баталж байгаа нь харамсалтай. Мөнгийг дахин сэгсэрч байж ашиг олно гэдэг бодол тэдэнд ер алга. Бидний жишээ авах дуртай Чили гэхэд олсон орлогоо төрөл бүрийн сангуудад хувиарлан тэр мөнгөө ашиг олох боломжтой зүйлд зарцуулан хөрөнгөө өсгөж байна. Мөн булангийн гэх орнуудын сангууд АНУ болон бусад улсуудын асар их активуудыг худалдан авч хөрөнгөө өсгөж байна. Эмират гэхэд л ирээдүйдээ бэлтгэж нефтээс олсон орлогоосоо аялал жуулчлалын диваажин байгуулахаар асар их хөрөнгө оруулалтыг өөрийн улсадаа оруулж байна. Дэлхийн гайхамшиг болсон хамгийн өндөр барилга Бурж Халифа тэрхүү мөнгөөр босож  одоо түүнээс өндөр цамхаг босгох ажилаа эхлүүлээд байна. Тэдний нефтийн нөөц дуусахад тэд тэс өөр зүйлээс мөнгө босгодог болсон байна. Харин бидний хувьд юу болов 2 хон жилийн дотор 1 тэрбум гаран долларыг жорлондоо баас болгосон гавьяатай л сууж байна. Хэрэв энэ мөнгөөр юу босгож болох байсан бэ гэвэл бүх аймгийг холбосон хар зам тавьж, эсвэл Өмнөговиос Дорнодын Эрээн цав хүртэлх төмөр зам тавих боломж байсан.  Эсвэл 5, 6-р цахилгаан станцуудыг босгож Оюутолгойгоос одоо цахилгаан нийлүүлсэн мөнгөө авах боломж байсан. Хэрэв энэ мөнгөөр Дорноговийн аж үйлдвэрлэлийн паркийг болгох боломж байсан гэвэл та яах вэ. Гэтэл юу болов хэдэн мангар амьтадын УИХуралд суух дараагийн замыг засах амлалт гээч юмыг нь хэрэгжүүлэхийн тулд зүгээр л тараагаад өгчихсөн одоо тэр мөнгө хаана байна гэвэл хүнс хоол болоод л таны жорлонд хэвтэж байна. Хайран мөнгө.          
  Таван толгойн ордоос иргэдэд түгээх хувь хишиг болгож  536 ширхэг хувьцааг иргэн бүрт хувиарлаж дансанд нь бүртгэгдэж эхлээд байна. Хэрэв та  брокер дилерийн компаниасаа юм уу хөрөнгийн биржээс дансныхаа хуулгыг авахад таны дансанд 535 кодтой Эрдэнэс Тавантолгой ХК-ын 536 ширхэг хувьцаа эзэмшиж байгааг харуулах  болно.
Бид бүхний мөрөөдөөд байгаа баян тансаг амьдралд хүргэх их хөрөнгө ингээд таны дансанд үнэгүй ороод ирлээ. Арабын булангийн хэсэг орнуудын иргэдийн адил юу ч хийхгүй төрийнхөө өгсөн хувь хишгээр амьдраад байх эхлэл тавигдаж байгаа нь энэ. Хувьцааных нь ханш тэнгэрт хадаж, оногдох ашиг нь хэдэн саяар тооцогдох цаг ойрхон байна. Өнөөдөр тус ордын 1 хувийг эзэмшдэг орон нутгийн Тавантолгой ХК-ны зах зээлийн ханш 790,000 төгрөг, нэгж хувьцаанд оногдож байгаа ноогдол ашиг 50,000 төгрөг байна.  Энэ жишигээр тооцож үзэх юм бол нэг хүнд оногдох хувьцааны ханш нь 423,4 сая төгрөг, нэг жилд оногдох ашиг нь 26,8 сая төгрөг байх юм байна.  Үнэн бол ч сайхан л зүүд байна.

2012/11/28

Эрдэнэс Tавантолгойд бондын хөрөнгөөс зарцуулна


“Эрдэнэс Тавантолгой” компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок Засгийн газрын удахгүй гаргахаар “зэхэж” буй бондын зарим хэсгийг тус компанид зарцуулахаар болсныг мэдээлжээ.
Одоогоор бондын санхүүжилтээс “Эрдэнэс Тавантолгой” компанид аль хэр “хишиг” хүртээх нь тодорхойгүй байна. Гэхдээ Засгийн газрын удахгүй гаргах 1.5 тэрбум ам.долларын бондын нэг хэсэг нь энэхүү уул уурхайн үлэмж төсөлд зориулагдах нь бараг тодорхой болоод байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь ч тус компанийн санхүүгийн байдал тун хүнд байгааг хэлж байгаа билээ.
Түүнчлэн Уул уурхайн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Нэмэхбаяр өнгөрсөн даваа гаригт Хонконгт болсон хурлын үеэр “Баруун Цанхийн Стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах ажлыг ирэх оны дунд үе хүртэл хойшлуулсан” гэж Блүмбэргт мэдэгджээ.
Энэ тухайд Хэнкок Стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох явц хойшилсон нь компанийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэж тэмдэглэсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” компани IPO-ийг зах зээлийн нөхцөл байдал муу байгаагийн улмаас ирэх оны есдүгээр сар хүртэл хойшлуулаад байгаа юм. Хэнкок, цаашдаа Хятадын зах зээлд коксжих нүүрсний үнэ өсөх магадлалтай гэж үзэж байна. Учир нь Хятадын дотоодын нүүрсний олборлолт үр ашиг багатай болж буйн зэрэгцээ гангийн үйлдвэрлэл нь ирэх онд өсөх төлөвтэй байгаа ажээ.

2012/11/22

Тавантолгойг дундын хувилбараар ашиглах уу?

Тавантолгойг дундын хувилбараар ашиглах уу?
-"Баруун Цанхи" нэртэй охин компани мэндэлж магадгүй-

“Эрдэнэс Тавантолгой” компанийн шинэхэн гүйцэтгэх захирал Я.Батсуурь ирэх оны дунд үед Лондон, Хонконг, Монголын хөрөнгийн биржид IPO хийхээр төлөвлөж буй тухай мэдэгдсэн. Тэгвэл саяхан Хонконгод болсон “Монголын хөрөнгө оруулалтын чуулган”-ы үеэр тус компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок АНУ-ын “Fox” телевизэд ярилцлага өгөх үеэрээ IPO-г ирэх оны сүүлч буюу гуравдугаар улиралд гаргах тухай ярьжээ.

Гурав гурван сараар хойшилсоор буй IPO-г дэлхийд коксжих нүүрсний нөөцөөр тэргүүлэх ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани чухам хэзээ гаргах нь өнөө хэр тодорхой болоогүй байна. Энд жирийн нэг орд биш, 1.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцийн тухай бид ярьж байна шүү дээ. Тус бүр 600 гаруй сая тонн коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн баруун, зүүн Цанхи хоёул эдийн засгийн эргэлтэд орсон. Харин тархи нь болох Монголын Засгийн газарт саатал үргэлжилсээр байна.

ОХИН КОМПАНИ БА ДУНДЫН ХУВИЛБАР


“Эрдэнэс Тавантолгой” компанийн хуучин захирал Б.Энэбиш Баруун Цанхийн уурхайн нээлтийн үеэр ордыг ашиглах гурван хувилбар дэвшүүлж байсныг бид өмнө нь мэдээлсэн. Компани өөрөө ашиглах, стратегийн хөрөнгө оруулагч сонгох болон дээрх хоёрыг нэгтгэсэн дундын хувилбар бий. Хэдийгээр энэ гурван хувилбарын алийг нь сонгож байгааг албан ёсоор зарлаагүй ч дундын хувилбарын дагуу Баруун Цанхийн уурхайг ашиглахаар болсон байж магадгүй хэмээн шинжээчид үзэж байна.

Учир нь саяхан “Reuters” агентлагийн цахим хуудаст “Тавантолгойн ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани ирэх оны гуравдугаар сард АНУ-ын “Peabody” компанитай хэлэлцээр хийх гэж байна. Өнгөрсөн сард тус компанитай гэрээт олборлогчоор хамтран ажиллах хүсэлтийг тэд тавьсан” хэмээн мэдээлсэн. Энэ нь дундын хувилбарын хамгийн гол үндэслэл. Бүр тодруулбал, энэ хувилбарын дагуу бол “Эрдэнэс Тавантолгой” компани уурхайн амыг нээн, хөрс хуулалтыг эхлүүлж, дэргэдээ “Баруун Цанхи” гэх охин компани шинээр байгуулж, гэрээт олборлогч буюу оператор компанийг томилж хамтран ажиллах юм. Харин охин компанийн 49 хувийг ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, АНУ-ын компаниудад худалдаж, хөрөнгө оруулалт, санхүүжилт босгох төлөвлөгөө бий. Энэ нь аль ч талаас нь авч үзсэн “Эрдэнэс Тавантолгой” компани болон стратегийн хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцсэн онцгой хувилбар гэдгийг эх сурвалж мэдээлэв.

ХОНКОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ ГЭДИЙСЭЭР БАЙНА

Тус компани хоёр жилийн өмнөөс л гурван хөрөнгийн биржид IPO зэрэг гаргана хэмээн мэдэгдэж эхэлсэн. Гэтэл Хонконгийн биржид IPO гаргах асуудал маргаантай байсаар, хэсэг замхарсан. Тэгвэл тус компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок “Хонконгийн хөрөнгийн бирж өнөөг хүртэл манай компанийг бүртгэх, хүсэлтийг хүлээж авахаас татгалзсаар байгаа” хэмээн саяхан ярьжээ.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий орд газруудын IPO-г олон биржид давхар гаргах зохицуулалт байхгүй. Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Fox” телевизийн сэтгүүлчид ярихдаа “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ тухай нарийвчилсан зохицуулалт орсон” гэжээ.

“Энэ хуулийн төслийг дэмжих эсэхээс Хонконгийн бирж манай хүсэлтийг хүлээж авах уу, үгүй юү гэдэг нь шийдэгдэнэ” гэж Грэм Хэнкок ярьсан байна. Ер нь бол Тавантолгойн ордыг тойрсон эргэлзээтэй, шийдэл хүлээж буй асуудал бүр нь УИХ, Засгийн газартай холбоотой болов. Стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох уу, дундын хувилбарыг батлах уу, IPO-г хэзээ хийх вэ, хуулийн төслийг дэмжих үү. Энэ асуулт бүрийн хариу нь Засгийн газарт буй.

ДУНДЫН ХУВИЛБАР


“Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө уурхайн ам нээх, хөрс хуулалтыг эхлүүлэх (эхлүүлсэн)
Дэргэдээ охин компани байгуулах Баруун Цанхийн уурхайн гэрээт олборлогч – оператор компанийг томилох

Охин компанийн 49 хүртэлх хувийг ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, АНУ-ын компаниудад худалдаж, хөрөнгө оруулалт санхүүжилт босгох

Нүүрсний борлуулалтын (off-take) тодорхой хувь, квотыг тохирч болох Баруун Цанхи төслийг
хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг хамтран босгох

Нүүрс баяжуулах (угаах) үйлдвэр, дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулж оролцох боломжийг хэлэлцэх

ӨР ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?

Тавантолгойн ордын Зүүн Цанхийн ордын олборлолт эхэлснээс хойш өнөөг хүртэл дөрөв гаруй сая тонн нүүрс экспортолжээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийн хэлж буйгаар өдгөө тонн нүүрсээ урагш 60 ам.доллараар борлуулж байгаа юм байна. Ингэхэд “Чалко” компаниас зээлсэн 350 сая ам.долларын өр барагдаж дууссан уу. Энэ оны эцэс гэхэд нийт 300 сая ам.доллартай дүйцэх хэмжээний нүүрс БНХАУ руу нийлүүлсэн байх ёстой. Уг нь коксжих нүүрсний үнэ хоёр дахин буураагүй байсан бол энэ ондоо багтаан өр эцэслэх магадлалтай байсан юм.

Түүнчлэн шинэхэн захирлын хэлж буйгаар “Чалко”-гоос өөр цөөнгүй компанид өртэй байгаа аж. Тухайлбал, төслийг анх эхлүүлэхэд дотоодын банкуудаас авсан 130 сая ам.долларын зээл төлөгдөөгүй. Энэхүү зээл л гэхэд жилийн 16 хувийн хүүтэй юм байна. Тиймээс өндөр хүүтэй зээлийг төлөхийн тулд өөр банкнаас бага хүүтэй зээл авахаар хөөцөлдөж байгаа юм билээ.

2012/11/19

1072 хувьцаа “амь орох” уу?


1072 хувьцаа “амь орох” уу?

Өмнөх засгийн үед эзэмшсэн 1072 хувьцаагаа “эргэлээ”. “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн цахим хуудаст регистрийн дугаараа бичээд шалгахад ямар ч байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг та эзэмшжээ” гэсэн утга бүхий бичиг гарч ирж байна.

Тэгэхээр хувьцаа эзэмшигч мөн бололтой. Гэвч бидний Тавантолгойн ордоос эзэмшсэн энэхүү хувьцаа хэзээ хөрөнгийн зах зээлд эргэлдэж, хэзээ мөнгө болж, ашгаа өгөх эсэх нь даанч тодорхойгүй хэвээр байна.

Сүүлийн үед энэ талаар дурсаж байгаа ч хүн алга. IPO хийж мөнгө босгох нь байтугай, орд газраа хэрхэн ашиглах, олборлосон нүүрсээ яаж тээвэрлэх гээд наад захын бодлого нь ч алга. Ердөөсөө л “Тавантолгой”-гоо мартчихаж. “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагыг сольчихсон. Баруун Цанхийн олборлолтыг хөрөнгө оруулагчгүйгээр эхлүүллээ гэсэн ч одоогоор зөвхөн хөрс хуулалтын ажил л хийгдэж байна.

Тус хэсэгт олборлолт хийх эрхийг авахын тулд гадныхан өрсөлдөж байсан нь саяхан. Өнөөдөр тэдгээрээс нэг нь ч сураггүй. Цаасан дээр бүртгэлгүй хэрнээ цахим хуудаст бүртгэлтэй 1072 хувьцааны ид шидийг ойрын үед үзнэ гэж мөрөөдөөд ч хэрэггүй бололтой.

Нөгөө талд нь бэлэн мөнгөний сонголт хийсэн нэг сая 532 мянга 853 хүн бий. Энэ хүмүүсийн хувьд хувьцаагаа Засгийн газарт худалдаж, нэг сая төгрөг авах хүсэлтэй байсан. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 660 мянган төгрөг бэлнээр авсныг эс тооцвол үндсэндээ энэ мөрөөдөл салхинд замхарсан. Өмнөх засаг амласандаа хүрсэн нэр зүүхийн тулд сонгуулиас өмнө мөнгө босгох хамаг аргаа хэрэглэсэн ч бараагүй.

Шинэ Засаг нь гарч ирээд хуучныгаа үгүйсгэж, “шинэчлэл” нэрийн дор бүгдийг байсанд нь буцаав. Тэр цагаас хойш иргэд хувьцаагаа, бэлэн мөнгөө сураглаж, хэсэг эргэлдэж байгаад үндсэндээ өнөөдөр энэ асуудлыг мартацгааж байна.

Сонгуулийн дараахан сураглахад хуучнаар Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамныхан учраа олохгүй, хүлээлтийн байдалтай байна гэж байв. Одоо яам нь хоёр салаад, хариуцаж байсан ажилтнууд нь халагдаж, солигдсон. Ердөө л ганцхан сонгуулиар эрх баригчид солигдонгуут төрийн ажил бүхэлдээ өөрчлөгдсөн нь энэ.

Нэг нам нь амласан болж, нөгөө нь түүнийгээ үгүйсгээд өнгөрөв. 1072 ширхэг хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан 1.5 сая хүний мөнгийг бэлнээр нь гаргаж өгөх тухай ирэх оны төсөвт нэг ч өгүүлбэр байхгүй. Зөвхөн эх орны хишиг болох 21 мянган төгрөгөө гүйцэд аваагүй зарим хүний мөнгийг л өгч магадгүй гэсэн. Ингэхдээ илүү мөнгө гарвал гэсэн тодотголтой шүү.
Аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой”- н хувьцааг худалдаж, олсон мөнгийг нь иргэдэд өгнө гэж байв. Гэвч ердөө хоёр тэрбум төгрөг цугласан гэсэн мэдээллийг хамгийн сүүлд өгсөн. Эргэлдэх эсэх нь мэдэгдэхгүй хувьцаа худалдаж авах хүсэлтэй компани ч одоо байхгүй биз. Ингээд хувьцаа, бэлэн мөнгөний үлгэр дуусах тийшээ хандав бололтой. Магадгүй хэзээ нэгэн цагт сонголт хийсэн иргэдийн 1072 ширхэг хувьцаа “амилж” ч мэдэх юм. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ.

2012/11/07

“Эрдэнэс Тавантолгой”-н санхүү үнэхээр хүнд байна”


Монголчуудын найдвар болсон Тавантолгойн орд газрын олборлолт, ашиглалтыг хариуцаж буй төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүү хүндрэлтэй байдалд орсон, зах зээлийн байдлаас шалтгаалаад олон улсын зах зээлд IPO гаргах ажил хойшлогдоод байгаа гээд таагүй мэдээллүүд гараад байгаа. Хамгийн сүүлд л гэхэд нүүрсний зах зээлийн үнэ унаснаар Чалко”-д нэг тонн нүүрсийг 56 ам.доллараар худалдах нь компанийн хувьд алдагдалтай байгаа учраас олборлолт, нийлүүлэлтээ түр зогсоох хүсэлтээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага “Чалко”-д тавьсан талаар мэдээлэл хүргэсэн билээ.Ингээд бид өнгөрсөн аравдугаар сарын 1-нд тус компанийн захирлаар томилогдсон шинэхэн захирал Я.Батсуурьтай нөхцөл байдлын талаар ярилцлаа. 

-Өмнөх захирлын үед “Пийбоди”-д баруун Цанхид гэрээт олборлогчоор ажиллах санал тавьж, хэлэлцээрт урьж байгаа талаар мэдээлэл гарсан. Энэ хэлэлцээр үргэлжилж байна уу, хөрөнгө оруулагчдад ямар нэгэн дохио өгсөн болов уу? 

-Хүчинтэй хэвээр байгаа УИХ-ын 39-р тогтоолоор баруун Цанхид олон улсын хөрөнгө оруулагч оруулж, ашиглах ёстой. Өмнөх Засгийн газар олон улсын консорциумуудтай уулзаж, яриа хийж тохиролцоонд хүрэх гэсэн ч үр дүнгүй болсон. Энэ тал даар ямар ч ахиц гараагүй. Шинэ Засгийн газар тохиолцоогоо үргэлжлүүлэхгүй байна, үргэлжлүүлэхгүй ч юм шиг байна. Засгийн газар, УИХ хоёр консорциум шалгаруулах тухайд байр сууриа тодорхойлох ёстой гэж би бодож байна. Тохиролцоогоо үргэлжлүүлэх эсвэл өөр хувилбараар баруун Цанхийг ашиглах хэрэгтэй байна. Тохиролцоогоо үргэлжлүүлэхгүй бол бидэнд хоёр хувилбар бий. Баруун Цанхиа монголчууд Зүүн Цанхи шиг нь дангаараа олборлолтоо явуулах, эсвэл 49 хувийг нь олон улсын консорциум, 51 хувийг нь “Эрдэнэс Тавантолгой” эзэмшин хамтарч ашиглах. Ямар шийдвэр гарахыг би мэдэхгүй л дээ, мэдний эрх мэдлийн асуудал биш. 

Шинэ Засгийн газрын 39-р тогтоолийг хэрхэн хэрэгжүүлэх байр суурь нь тодорхой болоогүй байхад “Peabody”-той яриа хийхээс би татгалзаж байна. 

-Тавантолгой ордыг дангаараа ашиглах шийдэлд хүрвэл “Пийбоди” гэрээт олборлогчоор ажиллах уу? 


-Өөрсдөө ашигласан ч олон улсын консорциум оруулсан ч гэрээт олборлогч хэрэгтэй учраас тийм урилга явуулсан байх. Миний хувьд УИХ, Засгийн газраас тодорхой шийд гараагүй байхад толгой мэдэж шийдэх эрх байгүй. Гэхдээ бид баруун Цанхийг ашиглах зайлшгүй шаардлагатай. Үүндээ бэлтгэж ажиллаж байна.  

-Урьдчилгаа болгон авсан мөнгийг Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөнд тараагаад дуусчихсан, олон улсад IPO гаргах асуудал хойшлогдож байна. “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагаа явуулах хөрөнгө дутуу байдал хүндрээд байгаа гэж ойлгогдож байгаа. дулимаг байхад танд ямар гарц харагдаж байна? 

-Үнэхээр компанийн санхүү хүнд байна. “Чалко”-гаас авсан 350 сая ам.долларын урьдчилгааны төлбөрийн 418 тэрбумыг Хүний хөгжил санд өгсөн. Энэ өрөө төлөхөөр манай уурхай шургуу ажиллаж байна. Одоогоор 120 сая гаруй ам.долларын зээлийг нүүрсээрээ төлсөн. Сүүлд сонгуулийн өмнө авсан 100 саяыг хөнгөлөлттэй зээл аваад бэлнээр төлж болно гэсэн байгаа. Үлдсэн 130 гаруй саяыг ойрын саруудад нүүрсээрээ төлөх боломжтой. “Чалко”-той хийсэн гэрээ манай компанид үнэхээр ашиггүй. Зах зээлийн үнийг дагаад тонн нүүрс 56 ам.доллар боллоо. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс олборлох өртөг үүнээс их учраас алдагдалтай ажиллаж байна. Тиймээс бид “Чалко”-д бодит байдлаа тайлбарласан. Энэ байдлаараа үргэлжлүүлэх юм бол олборлолтоо зогсоохоос өөр аргагүй болох нь. 

-Зах зээлд үнэ унаснаар компани алдагдалтай ажиллах учраас олборлолтоо түр зогсоохоос өөр аргагүй боллоо хэмээн мэдэгдсэн байх аа. 

-Нэгэнт урьдчилгаа авсан л учраас бид үүнийг ямар нэг аргаар төлж барагдуулна. Яг одоогоор Баруун Цанхиа эргэлтэд оруулахад илүү анхаарах хэрэгтэй байна. Иймэрхүү нөхцөл байдлыг бид танилцуулсан. Гэрээгээр бол 350 сая ам.доллараа төлж дуустал зүүн Цанхиас гарах нүүрсийг хэнд ч зарах эрхгүй. Дууслаа ч дараагийн таван жилд нүүрснийхээ 80 хувийг нь “Чалкод” зарах ёстой. Тиймээс бид энэ гэрээг эргэж харья, манай компанид алдагдалтай байна. Хэрвээ эргэж харахгүй бол удаан хугацаанд хамтрах боломжгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн.  

-Зүүн цанхид олборлолтоо нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа сайжруулах өөр ямар гарц байна?
 

-Ахиухан санхүүжилттэй болбол баруун Цанхидаа тоног төхөөрөмж авах, зүүн Цанхийн үйл ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй байна. Зүүн цанхид “Макмохан” гэрээт олборлогчоор ажиллаж байгаагийн хувьд өөрсдөө тоног төхөөрөмжөө оруулж, санхүүжилтээ босгож ажиллаж байгаа. Тийм болохоор хүндрэл харьцангуй бага. 

-“Пийбоди”-д хэлэлцээр хийх санал тавьсан гэхээр зарим хүнд Засгийн газраас илүү толгой мэдэн хөрөнгө оруулагчийг сонгочихлоо гэсэн ойлголт төрж байна л даа. Тэгэхээр “Пийбоди”-д зөвхөн гэрээт оператороор ажиллах л санал тавьсан гэсэн үг? 


-“Пийбоди”-г оператороор ажиллах яриа хийх хэлэлцээрт л урьсан. Одооноор яриа хэлэлцээр эхлээгүй байгаа.  

-Өмнөх засгийн газар урьдчилгаа мөнгийг Хүний хөгжил санд төвлөрүүлсэн нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. Хэрвээ энэ мөнгийг олборлолтдоо зарцуулсан бол... гэсэн шүүмж, харуусал байдаг. Энэ Засгийн газар танай компанид ямар хөрөнгө төвлөрүүлэх даалгавар өгсөн үү. Бас л мөнгийг нь “татаад” авчих вий гэсэн айдас байна уу? 


-Одоогийн Засгийн газар тийм үүрэг хүлээлгэхгүй байх гэж бодож байна. Бид өмнө нь Хүний хөгжил санд шилжүүлсэн 410 гаруй тэрбум төгрөгөө ирээдүйд төлөх татвартаа суутгах ёстой. Бид ойрын жилүүдэд төсөвт татвараар мөнгө төвлөрүүлэхгүй учраас хүндрэл гарахгүй байх гэж бодож байна. 

-Тавантолгойн бүтээн байгуулалтад хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай вэ? Төмөр зам, дэд бүтэц, баяжуулах үйлдвэр гээд чамгүй олон зүйл бүтээн байгуулах шаардлагатай байгаа. 

-Цахилгаан станцад дунджаар 600 сая ам.доллар, Нүүрс угаах үйлдвэрт 500 гаруй сая, усны шугам татахад 80 гаруй сая ам.доллар шаардлагатай. Мөн баруун Цанхиа ашиглалтад оруулахын тулд 500 гаруй сая ам.доллар, нийтдээ 1,6 тэрбум гаруй ам.доллар байхад Тавантолгойг иж бүрнээр ашиглана. Бидэнд өнөөдөр угаах үйлдвэх зайлшгүй шаардлагатай. Манайх нүүрсээ түүхийгээр гаргаж байгаа учраас үнэд хүрэхгүй байна. Гэхдээ угаах үйлдвэрээ ажиллуулахын тулд цахилгаан станц, ус хэрэгтэй. Тийм учраас энэ бүгдийг цогцоор нь эхлүүлэх шаардлагатай байгаа юм. Төслүүдийн ТЭЗҮ-н эхнийх дууссан, сүүлийнх нь ирэх оны нэг сард дуусна. Төмөр замыг бол төрөөс барьж байгуулахаар сая шийдчихлээ шүү дээ.  

-Энэ санхүүжилтийг хаанаас олох уу? 


Хөгжлийн банкнаас авч болно, гадны банкуудтай яриа хэлэлцээр хийж байна. IPO байж болох ч харамсалтай нь хойшлоод байна.     

-Та “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар томилогдоод нэг сар ч болоогүй байна. Та энэ компанид ажиллахаасаа өмнө “Эрдэнэс Тавантолгой”-н ямраар төсөөлж байсан бол? Дотор нь ажиллаад ирэхээр ямар харагдаж байна? 


-Компанийн нөхцөл байдал ийм хүнд байгаа гэж арай ч төсөөлөөгүй. Үйл ажиллагаагаа явуулах зардалгүй байна. Хэрвээ бид Хүний хөгжил сангийн мөнгийг зээлээгүй бол компаний нөхцөл шал өөр байх байсан. Олборлолтоо нэмэгдүүлчисэн, дэд бүтцийн төслийхээ аль нэгийг эхлүүлсэн байх байлаа. 418 тэрбум төгрөг их мөнгө шүү, гэтэл сонгуульд зарцуулчихсан. Нэн даруй энэ хүндрэлээс гарах хэрэгтэй, Гарцууд ч харагдаж байна. “Чалко”-той хийсэн гэрээг өөрчлөхөөр ажиллана. Мөн нэмэлт зээл авна, нэгэнт өртэй гээд нэмэлт зээл авахгүй байвал  компанийн үйл ажиллагаа урагшлахгүй. Ирээдүйд их ашиг олно гэдэгтээ итгэлтэй байгаа учраас нэмж зээл аваад олборлолт, дэд бүтцийнхээ үйл ажиллааг сайжруулах хэрэгтэй байна.  

Энэ их баялаг Монголийн эдийн засагт асар чухал ач холбогдолтой. Монгол хүн бүр 1072 хувьцаа эзэмшиж байна. Цахилгаан станц, угаах үйлдвэрээ ашиглалтад оруулах юм бол манай эдийн засаг өсч, олон ажлын байр бий болж, бүх Монголчууд эрдэнийн хувь, ноогдол ашгаа хүртэнэ. Би үүний төлөө би ажиллаж байна. 

Эхний ээлжинд санхүүгийн хүндрэлээс гаргах, ашигтай ажиллуулах, олборлолт нэмэгдүүлэх, дэд бүтэц барьж байгуулж, иргэдэд ойрын жилүүдэд хувьцааных нь ноогдол ашигийг өгөхийн тулд би ажиллаж байна.  

Би УИХ-ын гишүүн байхдаа “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 10 хувийг 20 болгож иргэдэд өгөх хууль санаачласан. Иргэдэд нэмж өгөх санал гаргаад дэмжсэн ч компаниудад заавал өгөхөөр батлагдсан. 20 хувь болгох хууль баталсан чинь хувь заяаны эрхээр 20 хувьдаа ард түмэнд юу өгөхөө өөрөө хий гээд энэ албанд томилогдчихлоо. Тэгээд үүнийхээ төлөө ажиллаж байна. 

2012/11/03

Тавантолгойнхоо ашгийг хэзээ хүртэх вэ?



“Эрдэнэс Тавантолгой” IPO дахин жилээр хойшлохоор болжээ. Хөрөнгийн зах зээлийн уналт болон Хятадын кокжсих нүүрсний зах зээл дээр эрэлт буурч, үнэ унаж байгаа учраас 2013 оны есөн сар хүртэл “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г олон улсын хөрөнгийн зах зээлд гарахыг хүлээх хэрэгтэй боллоо. IPO гаргасан ч амжилт олохгүй байх магадлал харагдаж байгаа учраас ийн хойшуулуулахаас өөр аргагүй гэж тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Грейм Ханкок хэлсэн байна.
Хөрөнгө босгох нь хойшилбол Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардагдах, компанийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй төслүүд ч мөн арагш ухарч нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүн гаргах өдөр л хойшлогдоно гэсэн үг.

“Эрдэнэс Тавантолгой” Лондон, Хонконг Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа зарж гурван тэрбум ам.доллар босгож чадвал хамгийн эхэнд нүүрс угаах баяжуулах үйлдвэр барина. Нүүрс угаах үйлдвэрээ ажиллуулахад цахилгаан станц хэрэгтэй. Уул уурхай яам Оюутолгойд хэрэгтэй эрчим хүчийг Тавантолгойд барих цахилгаан станцаас нийлүүлэх нь зүйтэй гэдэг байр сууртай байна.

Нүүрс угаах үйлдвэр буюу гангийн үйлдвэрүүд шууд аваад хэрэглэж болох коксын үйлдвэр барьж байж, Тавантолгойгоос гарах бүтээгдхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж зах зээл дэх байр суурь нь хүчирхэгжинэ.  Тиймээс цахилгаан станц болон нүүрс угаах үйлдвэрүүдийг болдог бол зэрэг эхлүүлэх хэрэгтэй гэж уг асуудалтай ойр эх сурвалжууд үзэж байна.

Үйлдвэр, цахилгаан станц, авто болон төмөр зам барихад хэрэгтэй тэр их мөнгийг IPO-гоор босгохоор төлөвлөсөн. Үнэхээр үйлдвэрээ бариад эцсийн бүтээгдхүүн буюу кокс үйлдвэрлэж эхлэн, бүтээгдхүүнийх нь өрсөлдөх чадвар нэмэгдэх цагт эсвэл тэр мөчөөс нэг юм уу хоёр дахь жилд нь бид 1072 ширхэг хувьцааныхаа ноогдол ашгыг хүртэж эхэлнэ гэж шинжээчид үзэж байна. 

Хувьцаагаа аж ахуй нэгжүүдэд зараагүй хүмүүсийн ихэнхи нь Тавантолгойгоос түүхий нүүрс гарахаас гадна кокс /нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдхүүн/ экспортод гаргаж ашиг олохоор нь хувьцааныхаа хэмжээтэй тэнцүү ноогдол ашиг авна гэж итгэж байгаа.

Гэтэл Тавантолгойн IPO дахиад бараг жилээр хойшлохоор боллоо. Хойшлох тусам энэ төслүүдийн санхүүжилт бас л арагш тавигдана. 

Ийн хойшлох бүр хувьцааныхаа ашгийг хүртэж эхлэх монголчуудын мөрөөдөл ч алсарсаар. Гэхдээ бид Тавантолгойн ашгийг огт хүртээгүй ч байгаа юм биш л дээ. Олборлолтоо эхлээгүй байхад нь л “Эрдэнэс Тавантолгой”-н урьдчилгаа болгон “Chalco” компаниас  авсан 250 сая ам.доллараар  Эх орны хишиг -иргэн бүрийн 21 мянгыг хэдэн сарын турш залгуулсныг бид сайн мэднэ.  

“Эрдэнэс Тавантолгой” 600 сая ам.долларын зээл авах эсвэл бонд гаргахаар төлөвлөж байснаа зогсоосон гэж Грейм Ханкок мөн хэлсэн байна. Энэхүү мөнгө нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэг болохоос гадна энэ бүтээн байгуулалтын төслийн техник эдийн засгийн үндэслэл, судалгааг хийлгэхэд дор хаяж 600 мянган ам.доллар хэрэгтэй байгаа юм. 

Компани одоо үйл ажиллагаа явуулж байгаа ч ашиг олдоггүй, олборлосон бүх нүүрсээ 250 сая долларын зээлээ төлөхөд зарцуулж байна. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” хэвийн үйл ажиллагаа явуулахад дор хаяж 400 мянган ам.доллар хэрэгтэй гэж компанийн хуучин захирал Б.Энэбиш news.mn-д хэлж байсан. 

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагаа улсад худалдах ажлыг бүрэн цэгцлэж байж бас дэлхийн зах зээлийн уур амьсгалыг харгалзаж байна гэдэг нэрийн доор IPO-г 2011 оны дундаас хойш улирал тутамд хойшлуулсаар одоо бүр 2013 оны есдүгээр сараас наашгүй болох шиг боллоо. 

Мөн Монголын парламент үнэт цаасны шинэ зах зээлийн хуулийг батлаж байж Тавантолгой гурван хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалах боломжтой болох юм.

“Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид болон компанийн хувьцаа эзэмшигчид болох нийт монголчуудын мөрөөдөл болсон IPO-г хийхийн өмнө амжуулах зүйл бас өөрчлөхгүй байх зүйл их байна.

Дор хаяж шинэ парламент иргэдийн ч юм уу, төрийн эзэмшиж байгаа хувьцааны хэмжээг өөрчлөхгүй тогтвортой байдал бий болгох. Мөн төсөв дутлаа ч “Эрдэнэс Тавантолгой”-г зах зээлийнх нь жамаар ажиллуулж, өмнөх шигээ мөнгө олж ир гэж үүрэг өгч, олсныг халамжийн хавтгай системээр цацаад дуусгачихсан өмнөх Засгийн газрын алдааг давтахгүй байх гэж найдья."

2012/10/18

Тавантолгойн хамгийн том хэрчим “Пибоди”-д ногдоно гэнэ үү


Тавантолгойн хамгийн том хэрчим “Пибоди”-д ногдоно гэнэ үү

-“Эрдэнэс Тавантолгой” энэ долоо хоногт “Пибоди энержи”-тэй хэлэлцээр хийж эхэлнэ-

Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт олборлолт явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендер өнгөрсөн жил болоод БНХАУ-ын Шенхуа 40 хувийг эзэмшихээр болж байсан билээ. Гэвч энэ тендерийн дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүчингүй болгосон. Тэгвэл шинээр явагдах тендерт АНУ-ын “Пибоди энержи” компани “Шенхуа”- гийн байрыг эзлэх бололтой.

“Ройтерс” агентлагийн цахим хуудсанд ийм утгатай мэдээлэл гарчээ. “Эрдэнэс Тавантолгой“ компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок энэ мэдээллийг өгсөн гэнэ. Түүнд дурьдсанаар бол “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахад шаардагдах дэд бүтцийг байгуулахад туслахыг АНУ-ын уул уурхайн “Пибоди энержи” компаниас хүсчээ. Хэрвээ энэ хүсэлтийг нь хүлээн авч, бүтээн байгуулалтад нь оролцохыг зөвшөөрвөл Монголын эрх баригчдын зүгээс давуу тал олж авна гэдгийг ч давхар дуулгасан аж.

Тэрбээр “Бид дэд бүтцийг сайжруулах замаар баруун Цанхийн олборлолтыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Тиймээс бидэнд энэ ажилд тусалчих чадвартай нэг хамтрагч хэрэгтэй” хэмээн өгүүлсэн байна. Тэрбээр өмнө нь Тавантолгойн ордыг гадаадын хөрөнгө оруулагчгүйгээр ашиглах шийдвэр гарч магадгүй, Баруун Цанхийн хөрөнгө оруулагчаар оролцох талуудыг тодруулахад тун хүндрэлтэй байгаа гэсэн мэдэгдэл хийж байсан билээ.

Харин саяхны мэдэгдлээс нь үзвэл хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендер ямар ч байсан явагдах бололтой. Учир нь дэд бүтцийг сайжруулахад тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй билээ. “Пибоди энержи”-тэй хэлэлцээрийг энэ долоо хоногт эхлүүлэх бодолтой байгаа гэж Грэм Хэнкок хэлсэн байна. Мөн одоо эхлэх энэ хэлэлцээр нь яг л Макмахон Зүүн Цанхиас зөвхөн нүүрс олборлож, агуулахад хийж, цааш нь зарах асуудлыг бид өөрсдөө хариуцдаг шиг зөвхөн ажил гүйцэтгэх талаар байх болно. Баруун Цанхийг цааш нь урт хугацаанд хөгжүүлэх ОХУ, БНХАУ, Япон, БНСУ-ын оролцох тендерээс тусдаа гэж мэдэгджээ.

Гэхдээ тэрбээр ингэж мэдэгдэж байгаа ч шинжээч, эдийн засагчид Монголын тал “Пибоди энержи”-д илт “ханд хаялаа” гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, энэ хэлэлцээр Баруун Цанхийг хамтарч ашиглах стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах тендерт шууд нөлөөлнө гэж харж байгаагаа илэрхийлж байгаа юм. Лондонгийн хөрөнгийн биржид үйл ажиллагаа явуулдаг Origo Partners-ын шинжээч Дэйл Чой “Монголчууд гуравдагч хөршийн бодлого баримталдаг. Энэ дүрмээрээ тоглох юм бол Тавантолгойд “Пибоди энержи” хамгийн том хэрчмийг хүртэх болно” гэж өгүүлсэн байна.

Жилийн өмнө шалгаруулалт нь болж, сүүлд хүчингүйд тооцогдсон тендерт ОХУ-ын хамтарсан консорциум, БНХАУ-ын “Шенхуа энержи“, “Эрдос Ченлон коал Инвестмэнт групп”, Японы ”Иточу”, ”Мацуи энд ко”, Австрали, Швейцарийн хамтарсан “Экстрата”, АНУ-ын “Пибоди энержи” БНСУ-ын “Корес”, Энэтхэгийн “Жиндал”, Бразилийн “Вале” гэсэн 11 компани өрсөлдөж байсан бөгөөд эцсийн дүнд “Шенхуа энержи” 40 хувь, Орос-Монголын хамтарсан консорциум 36 хувь, АНУ-ын “Пибоди энержи” 24 хувийг эзэмшихээр болж байсан юм.

Харин энэ удаа тендер явагдах юм бол цэвэр улс төрийн шинжтэй шийдвэр гарна гэж гадны эдийн засагчид үзэж байна. Монгол Улс гуравдагч хөршийн бодлого барих болсон, саяхан БНХАУ-ын төрийн өмчит компанийн бизнесийг хазаарлах зорилгоор хууль баталсан зэрэг баримтыг Хятадын "шаанс" багасах гол үндэслэл болгосон байна. Монгол-Хятадын харилцаа үе, үе мууддаг жамтай. Одоо яг муудсан үе дээрээ байгаа гэж хэлэх нэгэн ч байгаа юм.

“Шенхуа энержи” төрийн өмчит компани гэдэг нь Тавантолгойд их хувь эзэмшихэд хамгийн их саад болно. Өнгөрсөн зургадугаар сард Парламент БНХАУ-ын эрх ашигт шууд нөлөөлөхүйц хууль баталсан. Тиймээс өнгөрсөн жилийн тендерт 40 хувь эзэмших эрх авч байсан амжилтаа давтана гэх итгэл маш бага” гэж Asset Management-ийн Оскар Мендоза хэлсэн байна.

2012/10/12

Засгийн газар “Эрдэнэс Таван Толгой” ХК-иас 418 тэрбум төгрөг авч эргэлтийн мөнгөгүй болгосон гэв


 “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ тус компани болон ажилчдын өмнө тулгамдаж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр хэлэхдээ “Эрдэнэс Таван Толгой" ХК нь төрийн өмчит компани тул өнгөрсөн 2008-2012 онд МАН болон АН хамтран засгийн эрх барьж Монгол иргэн бүрт нэг сая төгрөгийн хувьцааг тараан өгсөн. Тус төрийн өмчит компаниас Засгийн газар 2011 онд 339 тэрбум, 2012 онд 89 тэрбум нийт 418 тэрбум төгрөгийг шахалтаар авч Хүний хөгжил сан руу хийж эргэлтийн хөрөнгөгүй болгосон гэв. Түүнчлэн, БНХАУ-д ашиглахаа больсон хуучин пуужин тээвэрлэгч “ТАС” гэх 40 тоннын даацтай машины зориулалтыг өөрчлөн тус бүр 165 сая төгрөгийн үнэтэй 10 ширхэг нүүрс тээвэрлэгч, тус бүр нь 20 сая төгрөгийн үнэ бүхий шаардлага хангахгүй 98 ширхэг хүнд даацын дугуйг шахсан. Гэтэл нүүрс тээвэрлэгч машинууд нь гурван сар яваад зогслоо. Мөн дугуйнуудын тав нь хагарч буудсанаас болж хоёр залуу инженер хүнд бэртээд зогсоогүй Монголд эмчилгээгүй болж Солонгост эмчлүүлэхээр визээ хүлээж байна. Одоо ч үлдсэн жолооч нар дугуйнууд нь хэзээ буудах бол гэсэн айдастай явж байгаа. Уг 98 ширхэг хүнд даацын дугуйг "Оюутолгой" компанийн ханган нийлүүлэгч "Максан" компаниас авсан байдаг. Мөн орон нутгийн иргэдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулан ажилд авч байгаа юм. Үүгээр зогсохгүй 450 мянган төгрөгийн цалинтай ачигч гар дээрээ бэлэн 200 мянган төгрөгний цалин авдаг. Манай компанид нийгмийн хөгжлийн ямар ч бодлого алга. Ядаж ажилчдын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, залуусын нийгмийн наад захын хэрэгцээг хангах цэцэрлэг ч байхгүй тул үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” гэлээ.
Иймд АТГ, Мэргэжлийн хяналт, шинэ Засгийн газар анхаарал хандуулж арга хэмжээ авахыг хүсч буйгаа илэрхийллээ. Учир нь ажиллах таатай орчин, өндөр техник технологитой болсноор өндөр бүтээмжтэй, ашигтай, Монгол орны хөгжилд бодитой хувь нэмэр болж, жинхэнэ утгаараа иргэдэд хувьцааныхаа ашгийг хуваарилж чадна гэсэн юм.

“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ бүрэн шинэчлэгджээ


“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ бүрэн шинэчлэгджээ
Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн толгой компани “Эрдэнэс МГЛ”-ын Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ. 

“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг тэр чигт нь сольсон байна. Шинээр байгуулагдсан ТУЗ-д яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар томилогджээ. ТУЗ-ийн даргаар ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн, гишүүдээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, Уул уурхайн яамны төлөөлөл орсон байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ 9 хүний бүрэлдэхүүнтэй байсан. 

Одоогоор төрийн төлөөлөл болсон таван хүнийг томилоод байна. Удахгүй хараат бус 3 гишүүн болон төрийн төлөөлөл болсон нэг хүнийг нэмж томилох бололтой.

“Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар Я.Батсуурь томилогджээ


“Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар Я.Батсуурь томилогджээ
“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа. Компанийн ТУЗ сая хуралдаж, чөлөөлөгдөх өргөдлийг нь хүлээн авчээ. Ингэснээр Б.Энэбиш Гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгч байна. Түүний оронд УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийг томилжээ.

Б.Энэбиш 2008 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон. 2010 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-г байгуулахад Гүйцэтгэх захирлын ажлыг түр хугацаанд хавсарч хийж байгаад 2011 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар албан ёсоор томилогджээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Зүүн Цанхийн уурхайг нээсэн бол энэ сарын нэгэнд Баруун Цанхийн уурхайг нээгээд байсан юм. Мөн АНУ-ын “Пибоди Энержи”-д Баруун Цанхийн талбай дээр гэрээт олборлогчоор хамтран ажиллах талаар хэлэлцээрт орохыг урьсан. Ажлаа өгөх шалтгаанаа өөрийнхөө хүсэлтээр гэж байгаа ч дээрээс нэлээд дарамталсан байж магадгүй гэнэ. Учир нь Засгийн газрын шийдвэрийг хүлээлгүй компанийн эрх мэдлийн хүрээнд Баруун Цанхийн уурхайг нээсэн гээд нэлээд чухал шийдвэрүүдийг бие даан гаргаад байгаа.