2014/05/15

Тавантолгой бидэнд юу өгөх вэ?

/2011 оны 11 сард ингэж бичиж байжээ/


Тавантолгой хэмээх гайхамшигт орд газрын тухай мэдээлэл Монгол хүн бүрийн чихийг дэлдийлгэж ирээдүйн амьдралыг нь итгэл найдвараар гийгүүлсээр удлаа. Мэдээж ямар ч хүн сайхан амьдралыг хүсэлгүй яахав, тэр тусмаа юу ч хийхгүй байж байгаад баян тансаг амьдарна гэвэл түүнээс илүү юуг мөрөөдөх билээ. Юу ч хийхгүй сууж байхад  өвөрт нь өч төчнөөн сая төгрөг орж ирээд л түүнийгээ хүссэн зоргоороо үрээд л амьдараад  байвал ч.  Хамгийн сайхан байшин, үнэтэй тансаг жип, өвлийн хүйтэнд халуун дулаан орноор аялсан шиг амьдраад ... Сэрэхгүй л байж үзээрэй.
Мөрөөдөөд  байвал барагдах биш гэхдээ ер нь энэ Тавантолгой бидэнд юу өгөх вэ?  Та өөрөөсөө ингэж асууж үзсэн үү.
Мэдээж  ашиг байж л таараа харин тэр нь хэнд хэрхэн нялзахаас л ашигтай юу үгүй юу гэдэг нь тодорхой юм.
Монголын эдийн засгийн хувьд даахгүй нохой булуу хураана гэдэг шиг л юм болох гээд байна. Тавантолгойн орд газраас эдийн засагт орж ирэх орлого нь энэ төрийн эрхэнд байгаа нөхдүүдийн зүүдэнд орж байгаагүй их мөнгө юм. Хар тооцоо хийж үзэхэд хамгийн багаар л гэхэд 6-7 их наяд төгрөг  эдийн засагт хүссэн хүсээгүй орж ирж ихээхэн дарамт үзүүлж магадгүй болоод байна. Энэ их мөнгийг шингээх боломж Монголын эдийн засагт байхгүй, мөнгө орж ирэх сайхан боловч түүнийг зарна, зарцуулна, хадгална гэдэг түүнээсээ том зовлон болох цаг удахгүй ирэхнээ. Эдийн засгийн өсөлт 9.7 хувьтай гарсан гээд хөөрөөд баярлах хэрэггүй энэ өсөлт нь ямар ч баялаг бүтээгээгүй, газраа ухаж доорхи нүүрсийг  нь гадагш гаргаснаас орж ирж байгаа орлогоос л харагдаж байгаа өсөлт юм. Харин бодит буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт өсөлт гарсан нь юу бол мөнгө ихсэхийн хэрээр түүнтэй харьцах бараа таваарийн зах зээл тэлж байж энэ их мөнгийг шингээх ёстой бүгдийг биш юмаа гэхэд тодорхой хэсгийг нь. Гэтэл үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгийн эх үүсвэрийг олгох ёстой банкууд нь харин ч хүүгээ нэмээд тас буруу хараад сууж байх юм. Инфляц гэх мангасаас айж байна гэх үндэслэлээр Монгол банк бодлогын хүүгээ нэмсэнээс эдийн засагт орж ирэх банкуудын мөнгө гацаад эхэллээ. Тэгээд ч өндөр хүүтэй зээл авч үйлдвэрлэл явуулсанаас  зээлтэй зээлгүй болоод байсан үйлдвэрлэлийн салбар хуучин янзаараа амиа аргацаан уначихалгүй шиг гэлдэрч байвал барав гээд л маажигнаж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэх шүлс шиг жоохон мөнгө эдийн засгийг тэлнэ гэвэл тэр ёстой лөөлөө, одоо орж ирэх гээд  хүлээгдэж байгаа мөнгөний нэг хувийн хагаст ч хүрэхгүй мөнгө шүү дээ.  Тэрүүхэн тэндээ ёстой жалга довондоо л жижиг дунд үйлдвэрлэл юм байхдаа.  Зам тавих, хашаа барьж усан оргилуур босгосноор эдийн засгийн өсөлт гарна гэж бодож байгаа усан толгойтой сайд, засаг дарга нарын хувьд тэд мөнгө л далд оруулахаас өөрөөр хийж чадах юм тэдэнд байх биш. Зам тавих дэд бүтэц байгуулах нь зөв л дөө гэхдээ хаа хамаагүй хэзээ ч эдийн засгийн үр өгөөж өгөхгүй 2-3 мянган хүнтэй 300-д сумруугаа мөнгөтэй болсных гээд цахилгаан тавиад ,хар зам татаад байх уу. Бодох л асуудал. Боловсруулах үйлдвэр барья гээд байх юм бас л зөв, гэхдээ наад нөөц чинь тоотой шүү бас л дуусаад ирэх үед яах юм бол. Холоос жишээ авах хэрэггүй Налайхын уурхайн ирээдүй биднийг хүлээж байгаа нь тодорхой, балгас болсон хэдэн барилга л тэнд байгаа, нөөц нь дууссан уурхайн ирээдүйн хувь заяа тэр. Ирээдүй надад хамаагүй гээд суугаад байх уу. Эдийн засгийн өсөлтийн үр шимийг өөр зүйлд хөрөнгө оруулалт хийхэд зарцуулмаар байна. Ядаж л монгол хүний ухаан шингэсэн зүйлд, энэ хоёр хөршийн дунд бид ямар чиглэлээр зүтгэвэл ашигтай байх вэ гэдгийг  одооноос  Монгол төр бэлтгэж түүнийгээ хэрэгжүүлэх талаар бодлого боловсруулах хэрэгтэй байна.  Эдийн засаг нь өдрөөс өдөрт хүчирхэгжиж байгаа 2 том улсын дунд бид юу хийж чадах вэ. Тодорхой хэдэн төрлийн бүтээгдхүүн дээр хүчээ хаяж хүнээ болон техник технологио сайжруулахад хөрөнгө оруулалт хиймээр байна. Олон зүйл нуршихаа азнаад үндсэн сэдэврүүгээ ороё.
Монголын эдийн засагт ямар өөрчлөлт орох бол
Дээр хэлсэн хамгийн багаар бодоход 6-7 их наяд төгрөг эдийн засагт орж ирэх нь ээ. Цаашид жил бүр 3-4 их наяд төгрөг зөвхөн нүүрс борлуулсаны орлогоос Монголын эдийн засагт нэмэгдэнэ. Ямар ч байсан төр барих эрхэмүүдийн хувьд төсөвөө яаж бүрдүүлэх вэ гэж толгой гашилгах хэрэггүй, харин яаж үрэх вэ гэж л гараа үрэх  хэрэгтэй болох нь. Том том төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, бодит үйлдвэрлэлийн салбарт төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэх татварын дарамтыг бууруулах нөхцөл тэдэнд бий болно. Мөн банкнуудын  актив цаашид өсөх болно. Хүссэн хүсээгүй зээлийн хүүгээ бууруулахаас өөр арга банкнуудад олдохгүй биз. Төр мөнгөтэй болохын хэрээр  үрэлгэн төсөв баталж байгаа нь харамсалтай. Мөнгийг дахин сэгсэрч байж ашиг олно гэдэг бодол тэдэнд ер алга. Бидний жишээ авах дуртай Чили гэхэд олсон орлогоо төрөл бүрийн сангуудад хувиарлан тэр мөнгөө ашиг олох боломжтой зүйлд зарцуулан хөрөнгөө өсгөж байна. Мөн булангийн гэх орнуудын сангууд АНУ болон бусад улсуудын асар их активуудыг худалдан авч хөрөнгөө өсгөж байна. Эмират гэхэд л ирээдүйдээ бэлтгэж нефтээс олсон орлогоосоо аялал жуулчлалын диваажин байгуулахаар асар их хөрөнгө оруулалтыг өөрийн улсадаа оруулж байна. Дэлхийн гайхамшиг болсон хамгийн өндөр барилга Бурж Халифа тэрхүү мөнгөөр босож  одоо түүнээс өндөр цамхаг босгох ажилаа эхлүүлээд байна. Тэдний нефтийн нөөц дуусахад тэд тэс өөр зүйлээс мөнгө босгодог болсон байна. Харин бидний хувьд юу болов 2 хон жилийн дотор 1 тэрбум гаран долларыг жорлондоо баас болгосон гавьяатай л сууж байна. Хэрэв энэ мөнгөөр юу босгож болох байсан бэ гэвэл бүх аймгийг холбосон хар зам тавьж, эсвэл Өмнөговиос Дорнодын Эрээн цав хүртэлх төмөр зам тавих боломж байсан.  Эсвэл 5, 6-р цахилгаан станцуудыг босгож Оюутолгойгоос одоо цахилгаан нийлүүлсэн мөнгөө авах боломж байсан. Хэрэв энэ мөнгөөр Дорноговийн аж үйлдвэрлэлийн паркийг болгох боломж байсан гэвэл та яах вэ. Гэтэл юу болов хэдэн мангар амьтадын УИХуралд суух дараагийн замыг засах амлалт гээч юмыг нь хэрэгжүүлэхийн тулд зүгээр л тараагаад өгчихсөн одоо тэр мөнгө хаана байна гэвэл хүнс хоол болоод л таны жорлонд хэвтэж байна. Хайран мөнгө.          
  Таван толгойн ордоос иргэдэд түгээх хувь хишиг болгож  536 ширхэг хувьцааг иргэн бүрт хувиарлаж дансанд нь бүртгэгдэж эхлээд байна. Хэрэв та  брокер дилерийн компаниасаа юм уу хөрөнгийн биржээс дансныхаа хуулгыг авахад таны дансанд 535 кодтой Эрдэнэс Тавантолгой ХК-ын 536 ширхэг хувьцаа эзэмшиж байгааг харуулах  болно.
Бид бүхний мөрөөдөөд байгаа баян тансаг амьдралд хүргэх их хөрөнгө ингээд таны дансанд үнэгүй ороод ирлээ. Арабын булангийн хэсэг орнуудын иргэдийн адил юу ч хийхгүй төрийнхөө өгсөн хувь хишгээр амьдраад байх эхлэл тавигдаж байгаа нь энэ. Хувьцааных нь ханш тэнгэрт хадаж, оногдох ашиг нь хэдэн саяар тооцогдох цаг ойрхон байна. Өнөөдөр тус ордын 1 хувийг эзэмшдэг орон нутгийн Тавантолгой ХК-ны зах зээлийн ханш 790,000 төгрөг, нэгж хувьцаанд оногдож байгаа ноогдол ашиг 50,000 төгрөг байна.  Энэ жишигээр тооцож үзэх юм бол нэг хүнд оногдох хувьцааны ханш нь 423,4 сая төгрөг, нэг жилд оногдох ашиг нь 26,8 сая төгрөг байх юм байна.  Үнэн бол ч сайхан л зүүд байна.