2012/10/18

Тавантолгойн хамгийн том хэрчим “Пибоди”-д ногдоно гэнэ үү


Тавантолгойн хамгийн том хэрчим “Пибоди”-д ногдоно гэнэ үү

-“Эрдэнэс Тавантолгой” энэ долоо хоногт “Пибоди энержи”-тэй хэлэлцээр хийж эхэлнэ-

Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт олборлолт явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендер өнгөрсөн жил болоод БНХАУ-ын Шенхуа 40 хувийг эзэмшихээр болж байсан билээ. Гэвч энэ тендерийн дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүчингүй болгосон. Тэгвэл шинээр явагдах тендерт АНУ-ын “Пибоди энержи” компани “Шенхуа”- гийн байрыг эзлэх бололтой.

“Ройтерс” агентлагийн цахим хуудсанд ийм утгатай мэдээлэл гарчээ. “Эрдэнэс Тавантолгой“ компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок энэ мэдээллийг өгсөн гэнэ. Түүнд дурьдсанаар бол “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахад шаардагдах дэд бүтцийг байгуулахад туслахыг АНУ-ын уул уурхайн “Пибоди энержи” компаниас хүсчээ. Хэрвээ энэ хүсэлтийг нь хүлээн авч, бүтээн байгуулалтад нь оролцохыг зөвшөөрвөл Монголын эрх баригчдын зүгээс давуу тал олж авна гэдгийг ч давхар дуулгасан аж.

Тэрбээр “Бид дэд бүтцийг сайжруулах замаар баруун Цанхийн олборлолтыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Тиймээс бидэнд энэ ажилд тусалчих чадвартай нэг хамтрагч хэрэгтэй” хэмээн өгүүлсэн байна. Тэрбээр өмнө нь Тавантолгойн ордыг гадаадын хөрөнгө оруулагчгүйгээр ашиглах шийдвэр гарч магадгүй, Баруун Цанхийн хөрөнгө оруулагчаар оролцох талуудыг тодруулахад тун хүндрэлтэй байгаа гэсэн мэдэгдэл хийж байсан билээ.

Харин саяхны мэдэгдлээс нь үзвэл хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендер ямар ч байсан явагдах бололтой. Учир нь дэд бүтцийг сайжруулахад тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй билээ. “Пибоди энержи”-тэй хэлэлцээрийг энэ долоо хоногт эхлүүлэх бодолтой байгаа гэж Грэм Хэнкок хэлсэн байна. Мөн одоо эхлэх энэ хэлэлцээр нь яг л Макмахон Зүүн Цанхиас зөвхөн нүүрс олборлож, агуулахад хийж, цааш нь зарах асуудлыг бид өөрсдөө хариуцдаг шиг зөвхөн ажил гүйцэтгэх талаар байх болно. Баруун Цанхийг цааш нь урт хугацаанд хөгжүүлэх ОХУ, БНХАУ, Япон, БНСУ-ын оролцох тендерээс тусдаа гэж мэдэгджээ.

Гэхдээ тэрбээр ингэж мэдэгдэж байгаа ч шинжээч, эдийн засагчид Монголын тал “Пибоди энержи”-д илт “ханд хаялаа” гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, энэ хэлэлцээр Баруун Цанхийг хамтарч ашиглах стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах тендерт шууд нөлөөлнө гэж харж байгаагаа илэрхийлж байгаа юм. Лондонгийн хөрөнгийн биржид үйл ажиллагаа явуулдаг Origo Partners-ын шинжээч Дэйл Чой “Монголчууд гуравдагч хөршийн бодлого баримталдаг. Энэ дүрмээрээ тоглох юм бол Тавантолгойд “Пибоди энержи” хамгийн том хэрчмийг хүртэх болно” гэж өгүүлсэн байна.

Жилийн өмнө шалгаруулалт нь болж, сүүлд хүчингүйд тооцогдсон тендерт ОХУ-ын хамтарсан консорциум, БНХАУ-ын “Шенхуа энержи“, “Эрдос Ченлон коал Инвестмэнт групп”, Японы ”Иточу”, ”Мацуи энд ко”, Австрали, Швейцарийн хамтарсан “Экстрата”, АНУ-ын “Пибоди энержи” БНСУ-ын “Корес”, Энэтхэгийн “Жиндал”, Бразилийн “Вале” гэсэн 11 компани өрсөлдөж байсан бөгөөд эцсийн дүнд “Шенхуа энержи” 40 хувь, Орос-Монголын хамтарсан консорциум 36 хувь, АНУ-ын “Пибоди энержи” 24 хувийг эзэмшихээр болж байсан юм.

Харин энэ удаа тендер явагдах юм бол цэвэр улс төрийн шинжтэй шийдвэр гарна гэж гадны эдийн засагчид үзэж байна. Монгол Улс гуравдагч хөршийн бодлого барих болсон, саяхан БНХАУ-ын төрийн өмчит компанийн бизнесийг хазаарлах зорилгоор хууль баталсан зэрэг баримтыг Хятадын "шаанс" багасах гол үндэслэл болгосон байна. Монгол-Хятадын харилцаа үе, үе мууддаг жамтай. Одоо яг муудсан үе дээрээ байгаа гэж хэлэх нэгэн ч байгаа юм.

“Шенхуа энержи” төрийн өмчит компани гэдэг нь Тавантолгойд их хувь эзэмшихэд хамгийн их саад болно. Өнгөрсөн зургадугаар сард Парламент БНХАУ-ын эрх ашигт шууд нөлөөлөхүйц хууль баталсан. Тиймээс өнгөрсөн жилийн тендерт 40 хувь эзэмших эрх авч байсан амжилтаа давтана гэх итгэл маш бага” гэж Asset Management-ийн Оскар Мендоза хэлсэн байна.

2012/10/12

Засгийн газар “Эрдэнэс Таван Толгой” ХК-иас 418 тэрбум төгрөг авч эргэлтийн мөнгөгүй болгосон гэв


 “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ тус компани болон ажилчдын өмнө тулгамдаж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр хэлэхдээ “Эрдэнэс Таван Толгой" ХК нь төрийн өмчит компани тул өнгөрсөн 2008-2012 онд МАН болон АН хамтран засгийн эрх барьж Монгол иргэн бүрт нэг сая төгрөгийн хувьцааг тараан өгсөн. Тус төрийн өмчит компаниас Засгийн газар 2011 онд 339 тэрбум, 2012 онд 89 тэрбум нийт 418 тэрбум төгрөгийг шахалтаар авч Хүний хөгжил сан руу хийж эргэлтийн хөрөнгөгүй болгосон гэв. Түүнчлэн, БНХАУ-д ашиглахаа больсон хуучин пуужин тээвэрлэгч “ТАС” гэх 40 тоннын даацтай машины зориулалтыг өөрчлөн тус бүр 165 сая төгрөгийн үнэтэй 10 ширхэг нүүрс тээвэрлэгч, тус бүр нь 20 сая төгрөгийн үнэ бүхий шаардлага хангахгүй 98 ширхэг хүнд даацын дугуйг шахсан. Гэтэл нүүрс тээвэрлэгч машинууд нь гурван сар яваад зогслоо. Мөн дугуйнуудын тав нь хагарч буудсанаас болж хоёр залуу инженер хүнд бэртээд зогсоогүй Монголд эмчилгээгүй болж Солонгост эмчлүүлэхээр визээ хүлээж байна. Одоо ч үлдсэн жолооч нар дугуйнууд нь хэзээ буудах бол гэсэн айдастай явж байгаа. Уг 98 ширхэг хүнд даацын дугуйг "Оюутолгой" компанийн ханган нийлүүлэгч "Максан" компаниас авсан байдаг. Мөн орон нутгийн иргэдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулан ажилд авч байгаа юм. Үүгээр зогсохгүй 450 мянган төгрөгийн цалинтай ачигч гар дээрээ бэлэн 200 мянган төгрөгний цалин авдаг. Манай компанид нийгмийн хөгжлийн ямар ч бодлого алга. Ядаж ажилчдын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, залуусын нийгмийн наад захын хэрэгцээг хангах цэцэрлэг ч байхгүй тул үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” гэлээ.
Иймд АТГ, Мэргэжлийн хяналт, шинэ Засгийн газар анхаарал хандуулж арга хэмжээ авахыг хүсч буйгаа илэрхийллээ. Учир нь ажиллах таатай орчин, өндөр техник технологитой болсноор өндөр бүтээмжтэй, ашигтай, Монгол орны хөгжилд бодитой хувь нэмэр болж, жинхэнэ утгаараа иргэдэд хувьцааныхаа ашгийг хуваарилж чадна гэсэн юм.

“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ бүрэн шинэчлэгджээ


“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ бүрэн шинэчлэгджээ
Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн толгой компани “Эрдэнэс МГЛ”-ын Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ. 

“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг тэр чигт нь сольсон байна. Шинээр байгуулагдсан ТУЗ-д яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар томилогджээ. ТУЗ-ийн даргаар ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн, гишүүдээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, Уул уурхайн яамны төлөөлөл орсон байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ 9 хүний бүрэлдэхүүнтэй байсан. 

Одоогоор төрийн төлөөлөл болсон таван хүнийг томилоод байна. Удахгүй хараат бус 3 гишүүн болон төрийн төлөөлөл болсон нэг хүнийг нэмж томилох бололтой.

“Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар Я.Батсуурь томилогджээ


“Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар Я.Батсуурь томилогджээ
“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа. Компанийн ТУЗ сая хуралдаж, чөлөөлөгдөх өргөдлийг нь хүлээн авчээ. Ингэснээр Б.Энэбиш Гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгч байна. Түүний оронд УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийг томилжээ.

Б.Энэбиш 2008 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон. 2010 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-г байгуулахад Гүйцэтгэх захирлын ажлыг түр хугацаанд хавсарч хийж байгаад 2011 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар албан ёсоор томилогджээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Зүүн Цанхийн уурхайг нээсэн бол энэ сарын нэгэнд Баруун Цанхийн уурхайг нээгээд байсан юм. Мөн АНУ-ын “Пибоди Энержи”-д Баруун Цанхийн талбай дээр гэрээт олборлогчоор хамтран ажиллах талаар хэлэлцээрт орохыг урьсан. Ажлаа өгөх шалтгаанаа өөрийнхөө хүсэлтээр гэж байгаа ч дээрээс нэлээд дарамталсан байж магадгүй гэнэ. Учир нь Засгийн газрын шийдвэрийг хүлээлгүй компанийн эрх мэдлийн хүрээнд Баруун Цанхийн уурхайг нээсэн гээд нэлээд чухал шийдвэрүүдийг бие даан гаргаад байгаа. 

2012/10/01

“Эрдэнэс Тавантолгой” хоёр дахь уурхайгаа нээлээ


“Эрдэнэс Тавантолгой” хоёр дахь уурхайгаа нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компани Тавантолгойн нүүрсний орд дээр хоёр дахь уурхайгаа нээж, Баруун Цанхийн талбайд уурхайн ам нээх, хөрс хуулалтын ажлаа намрын дунд сарын билигт сайн өдөр эхэллээ.

Тус компани 2010 онд Цанхийн Зүүн талбай дээр эхнийхээ уурхайг нээж байсан бол энэ удаа коксжих нүүрсний нэг гол талбай болох Цанхийн Баруун хэсэг дээр хоёр дахь уурхайгаа ийнхүү албан ёсоор нээлээ.

Баруун Цанхийн уурхайг нээснээр Тавантолгойн орд бүхэлдээ эдийн засгийн эргэлтэд  орж байна. Энэ талбайд уул уурхайн үйл ажиллагаа эхэлж байгаа нь олон талын ач холбогдолтой юм. Юуны түрүүнд, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах талаар Улсын Их Хурлаас гаргасан 2008 оны 40, 2010 оны 39 дүгээр тогтоолууд бүрэн хэрэгжих боломжтой боллоо.

Тавантолгой орд дээр хоёр дахь уурхай ажиллаж эхэлснээр эдийн засгийн шинэ боломж бий болж, нүүрсний экспортоос төсөвт орох орлого нэмэгдэж, шинээр ажлын байр бий болоход чухал нөлөө үзүүлнэ.

“Эрдэнэс Тавантолгой” компани Баруун Цанхийн талбайн нүүрсний нөөц, ашиглалтын ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөөг батлуулж,  олборлолт эхлэхэд бэлэн болгосон. Цанхийн баруун талбай олон улсын /ЖОРК/ ангиллаар тооцоолоход ойролцоогоор 1.2 тэрбум орчим тонн нүүрсний нөөцтэйгээс 65 хувь нь сайн чанарын коксжих нүүрсбайх боломжтой. Хөрс хуулалтын ажлыг ийнхүү эхлүүлснээр ирэх 2013 онд 1-2 сая тонн нүүрс олборлож экспортлох боломж бүрдэх бөгөөд нүүрсний олборлолт жил тутам нэмэгдэж, 2017 онд жилдээ 20 сая тоннолборлох хүчин чадалд хүрнэ. Ингэснээр Тавантолгой ордын Цанхийн зүүн болон баруун талбай дээр олон улсын түвшинд томд тооцогдох хоёр том нүүрсний уурхай ажиллаж, ирээдүйд 40-50 сая тонн нүүрс олборлож экспортлох болно.

Баруун Цанхийн уурхай ажиллаж эхэлсэн нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч болж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг хүлээлтэд нийцэж, эрх ашгийг нь хангах болно. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2013 ондоо багтаж, Монголын Хөрөнгийн бирж болон Хонконг, Лондонгийн Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа нийтэд арилжих(IPO хийх)-аар төлөвлөсөн. Хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалахад ганц Зүүн Цанхийн уурхайгаас гадна Баруун Цанхийн уурхайн үйл ажиллагаа эхэлсэн байх нь компанийн үнэлгээг боломжит өндөр түвшинд хүргэхэд маш чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Тавантолгой ордын талаар ойлгомжтой байдлыг бий болгож, улмаар Монголын иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааны үнэ өсөх боломжийг дээшлүүлэх болно.

Баруун Цанхийн талбайд уул уурхайн үйл ажиллагаа, олборлолтоо эхлүүлэх нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд дэд бүтэц, үйлдвэрлэлийн төслүүдээ эхлүүлэх, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэхэд ач холбогдолтой. Цаашид уурхайнууд зэрэг олборлолт явуулж, бүтээгдэхүүнээ экспортолсоноор компанийн ашиг нэмэгдэж, улмаар улсын төсөвт төвлөрүүлэх орлого ихээхэн өснө. Баруун Цанхийн уурхайг ажиллуулж эхэлснээр уурхайн ашиглалтын төлөвлөгөө, дэд бүтцийн байгууламжуудыг зүүн Цанхийн уурхайтай нэгдсэн байдлаар, цогцоор нь зохион байгуулах боломжтой болох юм.

“Эрдэнэс Тавантолгой” компани 2010 онд Цанхийн зүүн талбайд анхны уурхайгаа нээж, 2011 онд нэг сая тонн нүүрс олборлосон бол 2012 оны эцэс гэхэд 3.5-4 сая тонн нүүрс олборлож, экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнчлэн орд ашиглах явдлыг цогц хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд үйлдвэрлэл, дэд бүтцийн хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлыг энэ жил эхлүүлж байна. Тавантолгой ордыг түшиглэж 300 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц болон нүүрс баяжуулах үйлдвэрийг барих эхлэл, бэлтгэл ажил үргэлжилж байна. Мөн төмөр замын бүтээн байгуулалтад оролцохоор төлөвлөж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани төрийн эзэмшлийн компани учир УИХ, Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Монгол Улсын Хүний хөгжил санд өөрийн толгой компани “Эрдэнэс МГЛ”-ын хамт 2011-2012 онд  нийт 418 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ нь Монгол Улсын нийт иргэд, хувьцаа эзэмшигчид Тавантолгойн нүүрсний ордын үр өгөөжийг ашиглалтын эхний үе шатаас эхлэн хүртэж эхэлж байгааг харуулж байна.
Баруун Цанхийн уурхайг нээж, хөрс хуулалтын ажлыг эхлүүлж байгаа явдал нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн түвшинд гарсан шийдвэр юм.

Тавантолгой ордын Баруун Цанхийн талбай дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай цаашид ямар хэлбэрээр, хэрхэн хамтран ажиллах нь компанийн гол хувь нийлүүлэгч /хувьцаа эзэмшигч/ болох Засгийн газрын түвшинд шийдэх асуудал болно. Баруун Цанхийн уурхайн ашиглалт, хөрөнгө оруулалтын хэд хэдэн хувилбар байдаг бөгөөд стратегийн хөрөнгө оруулагчидтай хийх яриа хэлэлцээ цаашид үргэлжлэх боломжтой гэж “Эрдэнэс Тавантолгой” компани үзэж байна.