2012/02/15

“Тавантолгой дахь бүх компани ашгаасаа өгөх ёстой”



УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир Тавантолгойд үйл ажиллагаа явуулж буй “Энержи ресурс” болон бусад компанийн хувьцаанаас иргэд авах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа юм. Тэрбээр энэ тухайгаа сэтгүүлчдэд тайлбарлалаа.

Э.Мөнх-Очир гишүүн “Өнөөдөр ард түмний тархийг наана байгаа тав арван цаасаар угаагаад цаана байгаа гол асуудлыг ярихгүй байна. Өнөөдөр Тавантолгойг хэсэгчилж ярих биш, Тавантолгойн бүх бассейний талаар ярих ёстой. Түүнээс өмнө нь авчихсан байсан хэдэн компани өнөөдөр ард түмний нүүрсийг зараад, мөнгө олоод сууж байна. Ард түмэнд эрх барьж байгаагаараа далимдуулж худлаа ярих хэрэггүй. Өнөөдөр Тавантолгойн нүүрсний бассейнийг бүхэлд нь ярих ёстой. Тэнд хөрөнгө оруулсан, үйл ажиллагаа явуулдаг бүх компани ашгаа юунд зарцуулах гэж байгаагаа үзүүлээд ард түмэнд үүнээсээ өгөх ёстой. Үүнийг ярих хэрэгтэй” гэлээ.

“Сэтгүүлчид ч ард түмэн. МSС компани, Тавантолгой ХХК-ийн олж байгаа ашиг бол та нарын ашиг. Яагаад та нар өнөөдөр түүнийгээ нэхэхгүй байгаа юм. Та нар нэхэх ёстой. Тэрбум тэрбумаар төгрөг олоод гадаад дотоодод онгоцоор нисээд байгаа хүмүүс та нарын мөнгөөр яваад байна шүү дээ. Ард түмний хэсэг нь сэтгүүлчид тул би та нарт хандаж байна. Та нар дуугүй байгаад байвал бид энд хэчнээн хэрүүл хийгээд нэмэр алга” гэж тэрбээр хэлсэн юм.

“Нэг сая төгрөгийг хувьцаатай холбож болохгүй”



УИХ-ын гишүүн Я.Батсуурь хэвлэлийн бага хурал хийж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар гишүүд олонхиороо түрж иргэдэд Хүний хөгжлийн сангаас олгож буй нэг сая төгрөгийг Тавантолгойн хувьцаатай давхардуулан олгохгүй гэсний эсрэг мэдэгдэл хийлээ. Тэрбээр Монголын иргэдэд Тавантолгойн 1072 хувьцааг үнэгүй олгох, Хүний хөгжлийн сангаас 1,5 сая төгрөг бэлнээр олгох хоёрыг барьцалдуулсан төсөл оруулж ирэн УИХ-аар хэлэлцэж буйг эсэргүүцсэн юм. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн хувьцааны 20 хувийг иргэдэд үнэгүй олгож, дээр нь нэмж Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт нэг сая төгрөг бэлнээр олгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Тэрбээр “Тавантолгой бол том орд, түүнийг хэрхэн ашиглах талаар УИХ 39 дүгээр тогтоол гаргасан. Монгол Улсын 2,7 сая иргэнд Тавантолгойн хувьцааны 10 хувийг үнэ төлбөргүй эзэмшүүлж, мөн 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр борлуулахаар тэнд тусгасан. Энэ тогтоолд өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүд ижил агуулгатай хоёр тогтоолын төсөл өргөн барьсан. Иргэдэд хувьцааны 20 хувийг үнэгүй олгож, аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг нэрлэсэн үнээр борлуулахаар тэнд тусгасан.

Гэтэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг гаргаж, хоёр төслийг нэгтгэн нэг болгож, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг, Эдийн засгийн байнгын хороогоор эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Үүн дээр миний байр суурь өөр байна. Ажлын хэсэг бидний өргөн барьсан төслийн агуулга, үзэл санааг өөрчилсөн байна” гэлээ.

Иргэдэд эсвэл нэг сая төгрөг, эсвэл хувьцаа ав гэсэн тулгалт хийж буй нь туйлын буруу гэдгийг Я.Батсуурь гишүүн мэдэгдсэн юм. Хэрэв ингэвэл маш олон хүн Тавантолгойн хувьцаанаас эзэмшиж чадахгүй хоцорно. Монголд ядуурал 30-40 хувьтай, шатахууны үнийн улмаас бараа, үйлчилгээний үнэ өсч инфляц өндөр болсон. Цагаан сар дөхөж байна. Ажилгүйдэл их байна. Тэгэхээр иргэдийн ихэнх нь нэг сая төгрөгөө бэлнээр авна гэнэ. Өнгөрсөн жил иргэдийн 50 хувь хувьцаагаа авна гэж байсан. Одоо байдал өөр болсон. Нэг сая төгрөгөө авсан иргэд сарын дотор л үрчихнэ. Хувьцаагаа авбал олон жил үр шимийг нь хүртэнэ.
Оюутнууд аль хэдийнэ нэг сая төгрөгөө аваад сургултын төлбөртөө өгчихсөн. Тэгэхээр тэд хүссэн ч хувьцаа эзэмшиж чадахгүй болж байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэлэн мөнгө төсөвт байгаа учраас тэд мөнгөө аваад үрэх тул хувьцаагаа авахгүй болж байна. Аж ахуйн нэгжид хувьцааны 10 хувь ногдоно.  Нэг сая төгрөгөөр тооцвол 20-30 сая төгрөг болно. Түүнийг төлөөд хувьцаа авах аж ахуйн нэгж тийм ч олон биш. Том аж ахуйн нэгж ,амьдралын боломжтой иргэд хувьцаа  эзэмшээд бусад нь сая төгрөг аваад хоосон хоцрох тийм сонголт ирээд байна гэж гишүүн хэллээ.  “Ингэснээр 1990-ээд оны ягаан, цэнхэр тасалбарын алдаа дахин давтагдаж байна. Тухайн үед мэдээлэлтэй бизнесмэнүүд иргэдийн тасалбарыг архи, гурил, будаагаар сольж авч, дийлэнх иргэд хоосон хоцорсон. Бидний санаачилсан төслөөр бол Тавантолгойн хувьцаа үнэд орж, IPO хийгээд ирэхээр иргэдэд хувьцаагаа зарах боломж олгоё гэж байсан. Гэтэл төр өнөөдөр иргэдээс нэг сая төгрөгөөр хувьцааг нь аваад аж ахуйн нэгжүүдэд өгөх гэж байна. Монгол Улсын иргэдэд 1072 ширхэг хувьцааг үнэгүй олгож, мөн нэг сая төгрөгийг ч бэлнээр өгөх ёстой. Нэг сая төгрөг олгох боломжгүй болоод ингэж байх шиг байна. Хэрэв нэг сая төгрөгөө өгч чадахгүй бол үнэнээ хэлээд ард түмнээсээ  уучлалт гуйж хувьцаагаа хувьцаа хэвээр нь өгөх ёстой хэмээн Я.Батсуурь гишүүн хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд хориг тавих эрхтэйг ч хэлэв.

Эрхэм гишүүнтэй хамт Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Бидэнд маш олон хүн хандаж байна. Бидэнд шаардлага тавьж байна. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаална гэж хэлчихээд яагаад явахгүй, байр сууриа илэрхийлэхгүй байна гэдгийг асуусан. Хэрэглэгчийн байгууллага Я.Батсуурь гишүүний ярьж байгаатай санал нэг байна. Монголын хэрэглэгчид намуудын амласан нэг сая төгрөгөө авах ёстой. Дээр нь Монголын төр, засаг байгалийн баялгаас хүртээхээр шийдвэрлэсэн. Энэ хувь хишгээ авах ёстой. Гэтэл хольж хутгаад аль нэгийг нь ав гэж тулгаж байна. Бид хэрэглэгчдэдээ хандаж хэлэхэд сонголт байхгүй, хоёуланг нь авах ёстой гэдгийг хэлмээр байна. Хэрвээ одоогийн энэ байдлаар дэмжигдээд явчихвал иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд нэгдэж, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалахаар тэмцэнэ гэдгий албан ёсоор илэрхийлчихье ” гэсэн юм.


Дараа нь гишүүн Я.Батсуурь сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Нэг сая төгрөг аваад сургалтын төлбөрт өгсөн оюутнууд байна. Мөн 500 мянгыг аваад үлдсэн 500 мянгаа аваагүй хэсэг байгаа. Тэд ямар байдлаар хувьцаа авах вэ?

-Зарим их, дээд сургууль 500 мянгаа авч эхлээгүй байна. Гишүүдийн дийлэнхийн дэмжсэн төслөөр бол 500 мянган төгрөгөө аваагүй байгаа оюутнуудад санал тавих юм байна. Эсвэл үлдсэн мөнгөө авч сургалтын төлбөр болго, эсвэл хувьцаагаа ав гэсэн сонголт байгаа юм байна. Мөн бэлнээр авч байгаа 21 мянган төгрөгийнхөө сүүлийн гурав, дөрвөн сарынхыг хувьцаа хэлбэрээр авах боломжтой юм байна. Гэтэл оюутнууд бүгд төлбөрөө төрөөр даалгана гээд санхүүгээ зохицуулчихсан байгаа тул ийм санал тавьж байгаа нь буруу юм. Сая төгрөгийг хувьцаатай холбож ойлгож огт болохгүй. Хүний хөгжлийн мөнгөө дөрвөн аргаар олгоно гээд 39 дүгээр тогтоолд заачихсан. Эрүүл мэнд, нийгмийн даатгал хэлбэрээр, орон сууцны төлбөрт, оюутны сургалтын төлбөрт, эмнэлгийн төлбөрт үйлчилгээнд зориулж болно гэсэн. Гэтэл тэр бүгд хэрэгжих боломжгүй боллоо.

-Тогтоолын төсөл эцсийн хэлэлцүүлгээр удахгүй орно. Ерөнхийлөгч хориг тавихгүй бол яах вэ?


-Дахиад гишүүддээ хандана. Гурван удаа хандлаа, хэллээ. Эцсийнхээ үгийг дахиад хэлнэ. Тэгээд Ерөнхийлөгчид хандана.

-АН-ын бүлэгт энэ асуудлаар хандаж үзсэн үү?

-Хэлсэн. Бүлэг нэг сая төгрөгийг иргэдэд бэлнээр өгвөл улс орны эдийн засаг даахгүй гэсэн хариулт өгсөн. Ажлын хэсэгт мөн тэгж үзэж байна. Тэгвэл яах гэж мөнгөний амлалт өгсөн юм бэ гэдэг асуудал гарч байна. Түүнийг өмнө нь 300 мянга, 300 мянгаар хоёр гурав таслаад өгчих боломж байсан. Гэтэл заавал сонгуулийн өмнө нэг сая төгрөг өгч, хувьцаа тарааж, цалин, тэтгэвэр нэмбэл санал авна гэж тооцож л дээ. Ард түмний саналыг мөнгөөр авна гэж ойлгосон юм байлгүй. Өгч чадахгүй бол уучлалт гуйх хэрэгтэй гэлээ.

Д.Зоригт: Хувьцаа нэг бүр нь 800 төгрөг байх болов уу

Тавантолгойн асуудлыг хэлэл­цэ­хэд Ардчилсан нам завсарлага авсан. Энэ мэт байдлыг нь харахаар хаа хаанаа ойлголцохгүй зүйл их байгаа мэт санагдах юм. Иргэдийн хувьд бол юу болоод байгаа нь бүр ч ойлгомжгүй?

-Зарчмын хувьд тохирчихсон. Иргэдэд олгох хувийг 20 болгон нэмэг­дүүлэх, мөн ААН-үүд нэрлэсэн үнээр хувьцааг худалдан авах боломжийг нь үлдээхээр болсон. Мэдээж бүх ААН-үүд хувьцаа авахгүй нь ойлгомжтой. Ингээд энэ тухай тогтоолын төсөл санаачилаад хэлэлцэж байгаа. Яах вэ, зарим зүйл заалтууд дээр нь дахиж ярих, томёоллыг нь нарийвчлах талаар л ярих хэрэг байгаа болоод завсарлага авсан юм. Ер нь бол өнөө маргаашгүй батлахаар тохирсон. Том санал зөрөлдөөн байхгүй юм чинь батлагдчихна.

-Тавантолгойн арван хувь байсан хувьцааг хорь болгоно гэсэн. 536 ширхэг нь 1072 болсон. Гэтэл өмнө нь сая төгрөгөөр үнэлж байсан тэр хувьцааны үнэлгээ хоёр сая бололгүй хуучин хэвэндээ л байх юм гэнэ. Энэ нэг л биш санагдахгүй байна гэж үү?

 -Урьд нь нэг сая төгрөгний үнэтэй хувьцаа гэж тогтоогоогүй шүү дээ. Нийт Тавантолгойн лицензийг эзэмшиж байгаа Эрдэнэс Тавантолгой компаний хувьцааны арван хувийг ард иргэдэд өгөх гэдэг нь 15 тэрбум хувьцааны арван хувь гэсэн үг. Үүнийг нийт иргэдэд хуваахаар хүн бүрт 536 орчим хувьцаа болно. Одоо харин УИХ-ын зарим гишүүд санаачлаад арвийг хорь болгохоор ярьж байна. Ингэхээр 1072 хувьцаа. Мэргэжлийн байгууллагууд тогтоосны дараа энэ компанийн анхны үнэ гарах байх. Анхны үнэлгээ ингэж гарсны дараа 15 тэрбум хувьцаанд хуваахаар нэгж хувьцааны нэрлэсэн гарааны үнэ гарч ирнэ. Үүнийг одоогоор хэн ч тодорхой хэлж чадахгүй. Гэхдээ баримжаа бол бий. Нэг бүрийн хувьцаа 800 төгрөг байх болов уу. Дэд бүтцээ байгуулж, уурхай бүтээгдэхүүнээ гаргасны дараа хувьцаа хөрөнгийн бирж дээр гарч ирсний дараа л жинхэнэ үнэ цэнэ тогтох болно. Нэг бүр нь 1500, 2000 гээд 3000 ч болж магадгүй. Иргэдийн хувьд хувьцаагаа зарахгүй байх нь эдийн засгийн хувьд илүү үр өгөөжтэй байна байх. Тавантолгойн асуудлыг хэлэл­цэ­хэд Ардчилсан нам завсарлага авсан. Энэ мэт байдлыг нь харахаар хаа хаанаа ойлголцохгүй зүйл их байгаа мэт санагдах юм. Иргэдийн хувьд бол юу болоод байгаа нь бүр ч ойлгомжгүй?

-Зарчмын хувьд тохирчихсон. Иргэдэд олгох хувийг 20 болгон нэмэг­дүүлэх, мөн ААН-үүд нэрлэсэн үнээр хувьцааг худалдан авах боломжийг нь үлдээхээр болсон. Мэдээж бүх ААН-үүд хувьцаа авахгүй нь ойлгомжтой. Ингээд энэ тухай тогтоолын төсөл санаачилаад хэлэлцэж байгаа. Яах вэ, зарим зүйл заалтууд дээр нь дахиж ярих, томёоллыг нь нарийвчлах талаар л ярих хэрэг байгаа болоод завсарлага авсан юм. Ер нь бол өнөө маргаашгүй батлахаар тохирсон. Том санал зөрөлдөөн байхгүй юм чинь батлагдчихна.

-Тавантолгойн арван хувь байсан хувьцааг хорь болгоно гэсэн. 536 ширхэг нь 1072 болсон. Гэтэл өмнө нь сая төгрөгөөр үнэлж байсан тэр хувьцааны үнэлгээ хоёр сая бололгүй хуучин хэвэндээ л байх юм гэнэ. Энэ нэг л биш санагдахгүй байна гэж үү?

 -Урьд нь нэг сая төгрөгний үнэтэй хувьцаа гэж тогтоогоогүй шүү дээ. Нийт Тавантолгойн лицензийг эзэмшиж байгаа Эрдэнэс Тавантолгой компаний хувьцааны арван хувийг ард иргэдэд өгөх гэдэг нь 15 тэрбум хувьцааны арван хувь гэсэн үг. Үүнийг нийт иргэдэд хуваахаар хүн бүрт 536 орчим хувьцаа болно. Одоо харин УИХ-ын зарим гишүүд санаачлаад арвийг хорь болгохоор ярьж байна. Ингэхээр 1072 хувьцаа. Мэргэжлийн байгууллагууд тогтоосны дараа энэ компанийн анхны үнэ гарах байх. Анхны үнэлгээ ингэж гарсны дараа 15 тэрбум хувьцаанд хуваахаар нэгж хувьцааны нэрлэсэн гарааны үнэ гарч ирнэ. Үүнийг одоогоор хэн ч тодорхой хэлж чадахгүй. Гэхдээ баримжаа бол бий. Нэг бүрийн хувьцаа 800 төгрөг байх болов уу. Дэд бүтцээ байгуулж, уурхай бүтээгдэхүүнээ гаргасны дараа хувьцаа хөрөнгийн бирж дээр гарч ирсний дараа л жинхэнэ үнэ цэнэ тогтох болно. Нэг бүр нь 1500, 2000 гээд 3000 ч болж магадгүй. Иргэдийн хувьд хувьцаагаа зарахгүй байх нь эдийн засгийн хувьд илүү үр өгөөжтэй байна байх.

Тавантолгойн төслийн талаар ЗГ-т тавих гурван асуулт


Өнгөрсөн намар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр дөнгөж ороод буцаагдсан Таван­толгой төслийн сураг алдарчээ. Хоёр жилийн өмнө буюу 2010 оны долдугаар сард Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах 39, 40 дүгээр тогтоолыг УИХ-аас баталсанаас хойш гадаад дотоодынхны анхаарлын төвд хэдийн орчихоод байгаа уг төсөл хэзээ хэрэгжих нь тодорхойгүй байна. Өнгөрсөн долоо хоногт болсон “Coal Mongolia-2012” чуулга уулзал­тад оролцож, илтгэл тавьсан “Эрдэнэс Тавантолгой” компа­нийн гүйцэтгэх захирал Б.Энэбишээс  сэтгүүлчдийн хариулт авахыг хүссэн ганц асуулт нь Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийх, мөн борлуулалтаа өөрөө хариуцах старатегийн хөрөнгө оруулагчдыг хэзээ тодруулах тухай байв. Тавантолгой төс­лийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт багтаж байсан, энэ талаар хамгийн сайн мэдээлэлтэй байх ёстой хүн нь ямар нэгэн тодор­хой тайлбар өгөхөөс зайл­хийж байгаа нь уг төсөл энд онд багтаж хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байгаагийн нэг илрэл биз. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд стратегийн хөрөнгө оруулагчдыг тодруулах чухал бөгөөд нэн хариуцлагатай үүрэг Засгийн газарт оногдсон. Гэтэл өнөөдрийн хувьд Засгийн газрын нэрийн өмнөөс хэн хэлэлцээрийн ширээний ард суух вэ гэдэг хамгийн түрүүнд шийд­вэрлэх ёстой асуудал бол­чихоод байна. Тиймээс ч Тавантолгой төсөлтэй холбоотой Засгийн газраас асуух гурван асуулт байна.

АЖЛЫН ХЭСГИЙГ ШИНЭЭР БАЙГУУЛАХ УУ

Монгол Улсын Засгийн газарт тавих  эхний асуулт энэ. Тавантолгой төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуяг, гишүүдээр нь УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд асан Х.Баттулга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, “Эрдэнэс МГЛ”-ын гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш нар ажиллаж байлаа. Улс  төр, цаг үеийн нөхцөл байдлаас болж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараас бусад нь өөр өөрсдийнхөө зам мөр, амьдрал, ажил албаа хөөгөөд багагүй хугацааг үджээ. Ардчилсан нам хэдийнэ Засгаас гарчихсан тул ажлын хэсгийн ахлагч, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нар Тавантолгой төсөл дээр ажиллах боломжгүй болсон. Тэгвэл Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар эрүүл мэндийн байдлаас болж албаа өгөөд цөөнгүй хонож байгаа. Тэгэхээр тэр ч бас энэхүү ажлын хэсэгт орж ажиллах эрхгүй гэсэн үг. Түүнчлэн Засгийн газраас өнгөрсөн сард “Эрдэнэс МГЛ”-ын гүйцэтгэх захирал Б.Энэбишид “Эрдэнэс Тавантолгой” компанийг хариуцуулж, Я.Долгоржавыг түүний оронд томилсон бий.  Ийнхүү тэр чигтээ шахуу өөрчлөгдсөн Тавантолгой төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг хэзээ бүрдүүлэх талаар Засгийн газраас ямар нэгэн шийдвэр өнөөг хүртэл гаргаагүй байгаа юм. Тэргүүн шадар сайдын албыг нэгэнтээ халчихсан, их энэ ажлаа өгчихсөн гэхээр ямар ч байсан Тавантолгой төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрчлөгдөх нь ойлгомжтой. Учир нь, ажлаасаа гарсан, албаа өгсөн нөхдүүд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, стратегийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхгүй нь тодорхой билээ.

СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ТОДРУУЛАХ ТЕНДЕРИЙГ ДАХИЖ ЗАРЛАХ УУ

Засгийн газраас асуух хоёр дахь асуулт стратегийн хөрөнгө оруулагчдыг тодруулах тендерийг эхнээсээ зарлах  уу, үгүй юу гэдэг.

“Эрдэнэс МГЛ” анх 2010 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Цанхийн баруун хэсэгт  стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах тендерийг зарласан. Энэхүү тендерийн эхний шалгаруулалтад нийтдээ 15 оролцогч саналаа ирүүлснээс Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуягаар ахлуулсан ажлын хэсэг зургаан оролцогчийг дараагийн шатны хэлэлцээрийн ширээнд урьсан бий. Эдгээр зургаан оролцогчийн нэгдэх нь АНУ-ын “Пибоди Энержи”, хоёр дахь нь БНХАУ-ын “Шинхуа Энержи” болон Японы “Иточү”,“Мицуй” компаниудын консорциум, гурав дахь нь ОХУ-ын “Оросын төмөр зам” болон Япон, БНСУ-ын консорциумын нэгдэл, дөрөв дэх нь Австрали-Швейцарийн “Экстрата Коул”, тав дахь нь Бразилийн “Вале”, зургаа дахь нь Люксембургийн “АрсэлорМитал” байв. Хуучин ажлын хэсгийнхэн эхний тендерт шалгарсан зургаан оролцогчтой зургаан сар хэлэлцээрийн ширээний ард “ноцолдсон”-ы эцэст нэгэн хувилбар гаргаж ирсэн нь зарим оролцогчийн  зүгээс багагүй гомдол, шүүмжлэл дагуулсан билээ. Тавантолгой дахь Хятадын хувь 40, АНУ-ынх 24, Орос, Монголын хамтарсан хувь 36 гэсэн эхний хувилбар нь төслийг дахин нягтлах, эргэн харах, оролцогчидтой хэлэлцээрийн ширээний ард буцаад суухаас өөр аргагүй байдалд ажлын хэсгийхнийг оруулсан бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ч уг асуудалд хянуур хандахыг  Засгийн газарт анхааруулсан удаатай.  Хэрвээ ажлын хэсгийг шинээр байгуулбал хуучин ажлын хэсгийнхний тодруулсан эхний хувилбар дээр ажиллах уу, эсвэл эхнээс нь бүгдийг эхлэх үү гэдэг стратегийн хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн анхаарал татсан асуудал болоод байна.

МОНГОЛЫН ХУВЬ БУУРАХ УУ

Хуучин ажлын хэсгийнхэн Тавантолгой төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс буцаагдсаны дараахан талуудын сонирхлыг тэнцвэржүүлэхээ амалж байсан юм. Тэгвэл энэ амлалтаа Засгийн газар биелүүлж чадах уу гэдэг гурав дахь асуулт тавигдаж байна. Шинээр байгуулах ажлын хэсгийнхэн хуучин ажлын хэсгийнхний яриа хэлэлцээрийг хэрэвзээ үргэлжлүүлнэ гэвэл Хятад, Орос, АНУ, Япон, Солонгосын ашиг сонирхлыг Тавантолгой тэнцвэржүүлэх болно. Энэ тохиолдолд өмнө нь нэгэнтээ зарлагдсан Хятад 40, Орос-Монгол 36, АНУ 24 гэсэн хувилбарт өөрчлөлт орж, АНУ, Хятад, Монголын хувь багасч, Оросын хувь өсч  таарна. Учир нь, өмнөх ажлыг хэсгийнхэн оросуудад хандаж, өмнөх хувилбартаа өөрчлөлт оруулахаа амалчихсан байгаа. Н.Алтанхуяг дарга ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа “Өмнө нь Хятадын талд танай хувь 40 байна гээд хэлчихсэн. Тохирсон, ярьсан зүйл ийм л байсан. Одоо буцаагаад буулгана гэдэг хүнд” хэмээн хэвлэлд нэгэнтээ учирласан байдаг. Тэгэхээр хэрэвзээ өмнөх ажлын хэсгийнхний яриа хэлэлцээрийг үргэлжлүүлнэ гэвэл тэдний гаргасан алдааг засахын тулд шинэ ажлын хэсгийнхэн стратегийн хөрөнгө оруулагчдыг тодруулах, хувь хуваахын тулд гадаадынхна өмнө нүүрээ багагүй ширлүүлэх бололтой.

2012/02/14

Тавантолгойн тогтоолыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ



УИХ-ын нэгдсэн хуралдааны эхэнд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Орон нутгийн Хурлын сонгуулийг хамтад нь явуулах АН-ын бүлгийн гишүүдийн төсөл, тус тусад нь явуулах МАН-ын бүлгийн гишүүдийн төслийг тус тусад нь дахин ярилцаад үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр болов.

Үүний дараа УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцлээ.

Тогтоолын анхны төслөөр иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 20 хувийг олгохоор тусгаад байсныг 20 хүртэл хувь гэж өөрчилжээ. Иргэн бүрийн Хүний хөгжил сангийн дэвтэрт нэг сая хүртэл төгрөгийн хувьцаа гэсэн бичилтийг хийхээр болоод байна.  Харин сургалтын төлбөр хэлбэрээр хоёр удаа тус бүр 500 мянган төгрөгөөр нийт нэг сая төгрөг авсан оюутнууд, сая төгрөгөө бэлнээр авах өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэвтэрт хасалт хийсэн бичилт дахин хийхээр болжээ. Ингэснээр тэдгээр иргэдэд Тавантолгойн хувьцаанаас хүртэх боломж хаагдаж мэдэхээр болоод байгаа аж. Бусад иргэд хувьцаагаа бэлэн мөнгө болгоно гэвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалж IPO хийхээс өмнө Засгийн газарт худалдаж болох юм. Засгийн газар  иргэдээс хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдаж аваад үндэсний аж ахуйн нэгжүүдэд мөн нэрлэсэн үнээр нь санал болгон худалдахаар төсөлд тусгаад байгаа юм.

Үүний дараа Тавантолгойн тогтоолыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр болж үдээс хойш Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо.

Дэлхий Тавантолгойгоор өвчилж байна


Тавантолгойн IPO-г Лондон, Хонконг, Монголын Хөрөнгийн бирж дээр гаргах тухай эртнээс ярь­сан. Гэхдээ хувьцааны арил­жаанд оролцож байсан бахдам сай­хан туршлагагүй Монголын Зас­гийн газар энэхүү хувил­бараасаа татгалзаж, зөвхөн хоёрыг нь сон­гохоор болсон юм. Түүний нэг нь Монголын Хөрөнгийн бирж. Учир нь энэ бол жижиг хөрөнгө оруулагчдад боломж олгох ганц талбар. Өөрөөр хэлбэл, эндээс л Тавантолгойн Баруун цанхийн IPO-г монголчууд худалдаж авах бо­ломжтой болно гэсэн үг. Харин олон улсад үнэлэгддэг Лондон болон Хонконгийн Хөрөнгийн биржийн аль нэг нь мөнөөх IPО-оос олох орлогын гол зах зээл нь болох юм. Гэхдээ яг аль нь вэ.

Хонконгийн Хөрөнгийн бирж Хятад, Өмнөд Солонгос, Япон, Хонконг, Сингапур зэрэг Азийн төдийгүй дэл­­хийн томоо­хон зах зээ­лүүдтэй хамгийн ойр­хон байр­ладаг. Одоогийн байд­лаар дэлхийн эдийн засгийн үзүү­лэлтүүдийг урагш нь хөдөлгөж бай­гаа нь Ази тив. Үүнд Хонконгийн Хөрөнгийн биржийн нөлөө асар их. Тиймээс тус биржийг сонгож Тава­нтолгойн IPO-г гаргах нь ашигтай хувилбар байх нь. Хонконгийн Хөрөнгийн бирж дээр томоохон IPO хийх компаниудын жагсаалтыг “Эр­дэнэс Тавантолгой” тэр­гүүлж байгаа тухай “Dow Jones Newswires” онцолжээ. Гэвч хувьцаа арилжиж эхлэхээс зургаан сарын өмнө, эсвэл өргөдлөө өгөхөөс дөр­вөн долоо хоногийн өмнө тухайн компанийн хувьцаатай хол­боотой ямар нэгэн өөрчлөлт хийхийг хо­риглосон дү­рэм Хонконгийн Хө­рөнгийн бир­жид бий. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувь­­цааны 10 хувийг аж ахуйн нэгж, 10 хувийг иргэдэд олгож, 30 ху­вийг нь Хөрөнгийн бирж дээр арилжаална гэх заалт бү­хий 39 дүгээр тогтоолыг өөрчлөх тухай гишүүд ид ярилцаж байгаа. Мөн иргэдэд олгох 536 ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг тогтоож, өмнөх сонгуулиар өгөхөөр амласан 1.5 сая төгрөгтэйгөө дүйцүүлсэн. Энэ нь Хонконгийн Хөрөнгийн бирж дээр IPO гаргахад саад болж байгаа бололтой. “Financial Times”-ын шинжээч Вен Сент “Мон­голын Засгийн газар иргэддээ өгөх хувьцааныхаа нэрлэсэн үнийг тог­тоож, нийтэд зарласан. Үүнээс болж Хонконгийн Хөрөнгийн бирж “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хүлээж авахааргүй боллоо” гэж дүгнэжээ.

Одоо тэгэхээр Лондонгийн Хө­рөнгийн бирж үлдэж байна. “Wall Street Journal”-д мэдээлснээр тус биржийнхэн сонгуульд бэлтгэж, IPO хийх гэж байгаа Монголын улстөрчдөд боломж олгохоор шийд­­сэн бололтой. Гэхдээ үнэгүй хувь­цаа авах эрхтэй, 2010 оны гу­рав­дугаар сараас өмнө төрсөн иргэдийнхээ тоог гаргах нь маш их хугацаа шаардах ажил гэдгийг гад­ны хэвлэлүүд онцолсон байх юм. Тэгэхээр ирэх зургадугаар са­раас өмнө Тавантолгойн IPO-г гар­гах боломжгүй гэнэ. Уг нь IPO гар­гана гэдэг чамгүй урт хугацаа шаардагддаг ажил. Зургаан сая тонн коксжсон нүүрсний нөөцөөс гадна улс төрийн тогтвортой байдал, дэд бүтцийн хөгжил гэх мэт олон зүйлийг харгалзсаны үндсэн дээр нэгж хувьцааны үнэлэмж нь өөрчлөгддөг. Тэгэхээр зөвхөн нөөц дээр үндэслэж хувьцаа гаргах нь эрсдэлтэй гэсэн үг. Түүнээс гадна менежментийн асуудлыг шийдэх, аудит хийх, олон улсын Хөрөнгийн биржид бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэхийн тулд дор хаяж зургаан сар шаардагдана гэж байгаа. Яаж ч бодсон сонгуулийн өмнө Тавантолгойн IPO-г гаргавал хөнгөн хуудуу явдал болж таарах нь.

Гэхдээ Тавантолгойн IPO-г нэн даруй гаргах шаардлагатай бай­­гаа­гийн шалтгааныг албаны эх сур­валжууд дэлхийн эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаж байна. Евро бүс задрах нь өнөө, маргаашгүй болох асуудал гэдгийг Грекийн өрийн хямрал харуулж байна. Сонгуулийн шоугаа хийж, ард түмэндээ таалагдах гэсэн Барак Обама төсвөө танахаас татгалзаж, АНУ-ын эдийн засгийг хямраах болж. Хязгааргүй том зах зээлтэй Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүд оргил цэгтээ хүрчихээд одоо уруудах шинжтэй. Үүнд хүнсний бүтээгдэхүүний үнэ 10 хувиар өсөж, эдийн засгийнх нь гол хөдөлгүүр болох хямд ажиллах хүчний зах зээл тогтворгүйжин ажиллах тав тухтай нөхцөлөөр хангагдаагүй олон сая ажилчид Засгийн газрынхаа эсрэг жагсаал зохион байгуулах болж. Тэгэхээр АНУ, Хятад, Европын эдийн засаг тогтворгүй болно гэдэг санхүүгийн томоохон хямрал удахгүй эхлэхийн дохио. Ийм аймшигтай зүйл болохоос өмнө Тавантолгойн нүүрсний ордынхоо IPO-г олон улсын Хөрөнгийн бирж дээр гаргаж, олигтойхон хөрөнгө босгоод авах хэрэгтэй гэж Монголын төр үзэж байгаа бололтой. Энэ тухай “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш  мэ­дээлж байв. Гэхдээ ийнхүү IPO хийхээр яаравчилж байгаа нь удахгүй болох сонгуулийн үеэр иргэд “Алив, нөгөө 1.5 сая төгрөг хаана байна вэ” гэж ам асуухаас айсан улстөрчдийн шоу гэвэл үнэнд илүү ойртох биз. Хонконгийн Хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, нэг тэрбум ам.долларын хөрөнгө босгосон Ухаа худагийг бодоод үзсэн ч гэсэн Тавантолгойн Баруун цанхийг ашиглалтад орсны дараа хувьцааг нь арилжвал илүү ашигтай юм. Энэ тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Сонгууль болохоос өмнө хувьцаа гаргавал Тавантолгойн Баруун цанхийн үнэлгээ 5-6 тэрбум ам.доллар болно. Хэрэв ирэх жил хүртэл хүлээвэл үнэлгээ нь 9-10 тэрбум ам.доллар болж өснө гэж байгаа. “Frontier Securities”-ийн шин­жээч Маса Игата “Нүүрс боловс­руу­лах үйлдвэр байгуулах ажлыг эхний шатанд эцэслэн шийдвэрлэх нь Тавантолгойн үнэлэмж нэмэгдэхэд нөлөөлнө” хэмээн ярьжээ. Гэхдээ гишүүд өөрийг бодож суугаа болов уу.

Ямартай ч гадны хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр Тавантолгойн тухай цаг алдахгүй мэдээлж байна. Тэд нүүрсний асар их нөөцтэй ордыг хараанаасаа салгахгүй байхаар шийджээ. Бид нүүрсээ их хэмжээгээр нь хямд үнээр худалдаж байгаа учраас тэгэх нь аргагүй. Өнгөрсөн онд л гэхэд Монгол Улс 33 сая тонн нүүрс экспортолсон. Түүнээс 23 сая тонн нь Хятад руу гарсан. Энэ жилдээ багтаж Тяньжиний боомтыг ашиглан Япон, Өмнөд Солонгос руу коксжсон нүүрс экспортлохоор хөөцөлдөж байгаа. Энэ нь ганц орны зах зээлээс бүрэн хараат болох аюулаас сэргийлэх бололтой. Түүнээс гадна Монголын нүүрсний экспорт цаашид ихсэнэ үү гэхээс буурахгүй. Улсын төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг байсан зэсийн орлого өнгөрсөн онд нүүрсэнд байраа тавьж өгсөн. Энэ эрчээрээ явбал бид нүүрсээ зарж баяжих бололтой. Гэхдээ англичуудын хэлдэг нэгэн хэлц үгийн тухай онцлох гэсэн юм.

Их Британийн зүүн хойд хэсэгт Ньюкасл хэмээх аж үйлдвэржсэн хот байдаг. Энэ хот нэгэн цагт  нүүрсний асар их нөөцтэй байв. Нүүрсийг жил бүр их хэмжээгээр экспортолж, улс орныхоо хэрэгцээг бүхэлд нь хангадаг байсан. Гэвч нэг л өдөр нөөц нь дуусаж, Ньюкасл хотынхон хэрэглэх нүүрсээ авахын тулд хаа байсан Оросыг царайчилдаг болжээ. Ингээд 1990-ээд оны дунд үеэс “Ньюкасл руу нүүрс зөөх” гэх шинэ хэлц бий болсон гэдэг. Манайхаар бол алаг эрээн тахиа гаднаас авчирч, эх нутагт нь нутагшуулах гэж хэсэг хөөрцөглөсөнтэй дүйж очихоор юм уу даа. Ямартай ч нэлээд ёжилж хэлсэн үг. Магадгүй нэг л өдөр энэ хэлц өөрчлөгдөж, барууныхан “Монгол руу нүүрс зөөх нь” гээд ярьж суух юм болов уу. Хэн мэдэх вэ.

”ТТ-н хувьцааг үнэгүй олгуулахын тулд завсарлага авсан”


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “УИХ-ын 39 дүгээр тогтоолд УИХ-ын нэгдсэн чуулганыг завсарлахаас өмнө нэмэлт, өөрчлөлт оруулж амжвал өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цагаан сараас өмнө нэг сая төгрөг олгох боломж бий” гэсэн мэдэгдлийг өнгөрсөн баасан гарагт хийсэн билээ. Харин УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Д.Одбаяр нар санаачлан УИХ-д өргөн барьсан. Хоёр намын бүлгээс өргөн барьсан хуулийн төслүүдийн агуулга нь ижилхэн гэж байгаа ч энэ асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулах ёстой гэдэг үндэслэлээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн завсарлага авсан. Энэ асуудлыг өчигдөр хуралдсан бүлгийн хуралдааныхаа үеэр хэлэлцсэн бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарыг өнгөрсөн долоо хоногт хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гэж бүлгийн гишүүд үзжээ.


Энэ талаар хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн Я.Батсууриас зарим асуултад хариулт авсан юм.
  -Танай намын бүлгийн хурлын үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарыг хариуцлагагүй мэдэгдэл  хийсэн гэж дүгнэсэн гэсэн. УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулчихвал цагаан сараас өмнө өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг өгөх боломжтой юм биш үү?

-Үүний тулд 2.8 их наяд төгрөг хэрэгтэй. Гэтэл Монгол Улсын 2012 оны төсөвт энэ мөнгийг суулгаагүй байгаа. Тийм учраас эх үүсвэрийг гаргах, хувьцаа эзэмшсэн иргэддээ түүнийгээ хэрхэн зарцуулах гэх мэт нарийн зүйлүүдийг нэг мөр болгох шаардлага байгаа гэдэг үндэслэлээр тэгэж хэлсэн байх.

-Танай намынхан чуулганы хурал­даа­наас энэ асуудлаар завсарлага авсан. Үүний шалтгаан нь юунд байна. Уг нь асуудлыг хурдхан шиг нэг тийш болгох ёстой байх аа?

-Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тог­тоолыг өөрчлөхөөр бидний санаачилсан хувилбар бол иргэдэд олгох нэг сая төгрөгөөс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувь­цааны 10 хувийг биш 20 хувийг иргэдэд олгоё л гэсэн үг юм шүү дээ. Гэтэл энэхүү тогтоолын төслийг маань УИХ-аас гарсан ажлын хэс­гийнхэн өөрчлөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хувийг иргэдэд олгохгүй шахам утгатай болгочихсон. Хэрэв хувьцааны 20 хувийг иргэдэд олгохоор болбол хувьцаа эсвэл нэг сая төгрөг авах гэсэн тулган шаардалтыг хийж миний санаачилсан төслийг танигдахгүй болтол нь өөрчлөн УИХ-д өргөн барьсан. Тийм учраас би намын бүлэг дээр ярьж, шаардаж байж завсарлага авахуулсан юм. Одоо ажлын хэсгийн хуралдаанаар дахин хэлэлцэх гэж байна. Төсөл санаачилсан хүн нь ажлын хэсэгт орж болдоггүй хуультай. Тиймээс ажлын хэсгийнхнийг ямар шийдвэр гаргахыг ажиглаад л байж байна. Ямартай ч эхний хувилбар бол хүлээж авахад бэрх төсөл байсан юм.

-Ажлын хэсгийн хуралдаанаас ямар ч шийдвэр гаргасан та өөрийн байр суурь дээрээ баттай зогсох уу?

-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг ир­гэдэд үнэ төлбөргүй олгохыг дэмжиж, хам­гаална. Миний санаачилсан тогтоолын төс­лийн гол үзэл санаа нь энэ шүү дээ.

-Таны санаачилсан тогтоолын төслийн гол санаа нь УИХ-ын гишүүн Д.Одбаярын санаачилсан төсөлтэй ижилхэн гэж байсан шүү дээ? 

-Би “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанаас 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд өгч байхаар иргэдэд өгөх гээд байгаа 10 хувь дээрээ нэмээд өгчихье гэсэн агуулга бүхий тогтоолын төсөл санаачилсан. Үүн дээр нэмж 10 хувийг нэрлэсэн үнээр нь аж ахуйн нэгжүүдэд худалдах саналыг Д.Одбаяр нарын санаачилсан тогтоолын төсөл тусгасан байсан. Энэ бол байж болох асуудал учир нэг их татгалзахгүй байгаа. Гагцүү “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэддээ хувь эзэмшүүлэх, Хүний хөгжил сангаас мөнгө олгох гэдэг бол өөр асуудал. Харин “Мөнгө, эсвэл хувьцаа ав” гэдэг тулган шаардалт бол баян хоосны ялгааг илүү тодотгож өгнө гэж бодож байна. Өнөөдөр сая төгрөгөө аваад хэрэглэчихсэн оюутнууд нэг сая төгрөгөө бэлнээр нь авахыг хүссэн иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанаас насан туршдаа хүртэж чадахгүй байх үүд хаалгыг нээх замыг бэлтгэх гээд байгаа учир Ардчилсан намынхан үүнийг эсэргүүцээд байгаа юм. “Иргэд байгалийн баялгаас бий болж буй хуримтлалаас эрх тэгш хүртэх ёстой” гэж ярьж, амладаг атлаа хэрэг дээрээ баян хоосны ялгааг газар авахуулж, мөнгөтэй хүмүүст “Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийн хувьцааг бөөнөөр нь эзэмших боломж олгох гэж байгаа нь шударга бус үйлдэл.

“Иргэдэд мөнгө эсвэл хувьцаа авах сонголт өгнө”


“Иргэдэд мөнгө эсвэл хувьцаа авах сонголт өгнө”

УИХ дахь хоёр намын бүлгийн байр суурь зөрүүтэй байсан Тавантолгойн хувьцааны талаар ажлын хэсэг хэлэлцээд нэгдсэн шийдвэрт хүрчээ. Я.Батсуурь болон Д.Одбаяр нарын санаачилсан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслүүдийг нэгтгэв.

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тавантолгойн хувьцаанаас иргэдэд 20 хүртэл хувийг эзэмшүүлэх, аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг нэрлэсэн үнээр худалдахаар болсон байна.

Ингэхдээ иргэд нэг сая төгрөгөө бэлнээр авч болно, эсвэл түүнтэй дүйцэхүйц хувьцааг авч болох хоёр сонголтыг тогтоолд тусгахаар болжээ. Хувьцаатай холбогдуулан гишүүд асуулт тавьж, ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт хариулав.

Д.Зоригт:
-Иргэдэд хувьцаа эзэмшүүлэх ажил хэзээ эхэлж хэдий хугацаанд үргэлжлэх вэ. Иргэдэд 10 хувийн хувьцаа үнэ төлбөргүй эзэмшүүлэх байсныг тогтоолд өөрчлөлт оруулж 20 хувь болгосон. Гэтэл яагаад 20 хүртэл хувь гэж оруулсан бэ?

С.Баярцогт:

-Иргэдэд 20 хувийн хувьцаа эзэмшүүлнэ гэвэл 1072 ширхэг хувьцаа болно. Засгийн газар нэг ширхэг хувьцааг 1000 төгрөгөөр үнэлэхээр бол нэг сая төгрөг хүрнэ. Цаана нь 72 ширхэг хувьцаа үлдэх учир 20 хүртэл хувь гэж тавьсан. Заавал 20 хувь гэж хатуу тогтоох шаардлагагүй. 10 хүртэл хувийн хувьцааг аж ахуйн нэгжүүдэд тэнцүү хэмжээгээр санал болгоно. Тэд худалдаж авах эсэхээ өөрсдөө шийднэ.

Я.Батсуурь:
-Миний санаачилсан тогтоолын төсөл огт өөр болчихжээ. Уг нь бид иргэдэд 20 хувийн хувьцаа эзэмшүүлнэ гэж өөрчилсөн. Гэтэл нэг сая төгрөг авах, хувьцаа авах эсэхээ өөрсдөө шийдэхээр өөрчилсөн байна. Энэ нь хоёр намын амлалт болж хувирчээ. Оюутнууд 500 мянган төгрөгийг сургалтын төлбөрт авсан. Тэд Тавантолгойн хувьцаа эзэмших эрхгүй, баялгийн үр шимээс хүртэж чадахгүй нь. Аж ахуйн нэгжүүдэд 10 хүртэл хувийг худалдана гэжээ. Хувьцаа худалдаад орж ирэх мөнгө нь хаана төвлөрөх вэ. Иргэдийн хувьцааг худалдаж авах мөнгө хаана байна вэ?

С.Баярцогт:
-Таны санаачилсан төслөөс нэг заалтыг авсан. Нэгийг нь дэмжих боломжгүй гэж ажлын хэсэг үзсэн. Иргэд хувьцаагаа зөвхөн Засгийн газарт худалдана. Өмнө нь аж ахуйн нэгжид худалдаж болохоор заалт байсан. Засгийн газарт хувьцаагаа худалдвал тэр нь төсвийг санхүүжүүлэх эх үүсвэр болно. Иргэдэд 20 хүртэл хувийн хувьцаа өгчихөөд түүнийг буцааж худалдаж авахад дунджаар 1.4 их наяд төгрөг болно. Аж ахуйн нэгжид хувьцаа худалдсан мөнгө төсөвт орлого болж орно. Тиймээс Засгийн газар болоод төсөвт дарамт учрахгүй. Хэрэв иргэд хувьцаагаа худалдахгүй, аж ахуйн нэгж хувьцаа худалдаж авахгүй  бол  асуудал гарахгүй. Оюутнуудын хувьд сургалтын төлбөрт 500 мянган төгрөг авсан. Одоо дансанд нь 536 ширхэг хувьцаа байршсан. Түүнээс гадна cap бүр 21 мянган төгрөг авч байгаа. Энэ бүгд нийлээд нэг сая 400 мянга болж байна.

Батж.Батбаяр:
-Иргэдэд 20, аж ахуйн нэгжид 10 хувийг өгөхөөр олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалах хувьцааны хувь 20 болох нь. 20 хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалаад шаардлагатай хөрөнгө босгож уурхай ажиллаж чадах уу?

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш:
-"Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьцааг Хонконг болон Лондонгийн хөрөнгийн бирж дээр арилжаална. Тэдний шаардлага ёсоор тухайн компанийн 25-аас доошгүй хувийг нээлттэй арилжаалах ёстой. Тодорхой нөхцлийг хангасны дараа 20 хувийг арилжаалж болно. Дээрх хоёр хөрөнгийн бирж дээр зэрэг арилжаалахад хувьцаа хоорондоо шилжих боломж байдаг.

2012/02/13

Тавантолгойн хувьцааг Лондонгийн биржид гаргана



УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /УИХ-ын гишүүн Я.Батсуурь, УИХ-ын гишүүн Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн/ төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолд зааснаар иргэдэд олгох “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг 20 хувьд хүргээд байна. Гэхдээ сонголттой. Хэрвээ иргэд хувьцаа авахгүй бэлэн мөнгө хэлбэрээр авна гэвэл Засгийн газар хувьцааг нь худалдан авна. Мөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд дээрх хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр арилжаалахаар заажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд “Төр бол хамгийн муу менежер, ийм үед хамаг хувьцааг өөр дээрээ төвлөрүүлчихээд, тэгээд “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргана гэхэд итгэхгүй байна. Тэр дундаа олон улсын хөрөнгийн зах зээлд IPO хийх тохиолдолд хувь хэмжээ заадаг. Харин “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааны 20 хувь иргэдэд тарж, 10 хувь нь аж ахуйн нэгжид очихоор байгаа нөхцөлд олон улсын хөрөнгийн биржид гаргах хувьцааны үнэ цэнэ буурахаас эхлээд хувь эзэмшилд нөлөөлж болох талтайг анхааруулж байлаа.

“Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбишийн хариултаас үзвэл “Эрдэнэс тавантолгой”-н хувьцааг Лондон болон Хонконгийн хөрөнгийн биржид гаргахаар төлөвлөсөн. Дээрх биржид хувьцааг гаргасан нөхцөлд хооронд нь шилжүүлэх бололцоо нээлттэй. Лондонгийн хөрөнгийн биржийн хувьд тухайн компанийн нийт хувьцааны 25-аас доошгүй хувийг арилжаалах ёстой байдаг. Хонконгийн хөрөнгийн бирж дээр “Энержи ресурс” компани хувьцаа гаргасан. Нийт хувьцааныхаа 20 хувийг арилжаалсан гэдэг мэдээллийг өглөө. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Баярцогтын тайлбараар бол олон улсын хөрөнгийн биржид гаргах хувьцааны хэмжээ нэмэгдэх бололцоотой. Энэ нь иргэд “Эрдэнэс тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаагаа мөнгө болгож авна гэвэл тэр хэмжээгээр Засгийн газрын хувь эзэмшил нэмэгдэнэ. Жишээлбэл, хоёр талдаа 50:50 хувь гэж үзэхэд IPO хийх хэмжээ 30 хувьд хүрэх боломжтой. Мөн үндэсний аж ахуйн нэгжүүдээс зарим нь “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг худалдаж авахгүй гэвэл тэр хэмжээгээр Засгийн газрын хувьцааны эзэмшил нэмэгдэх бололцоотой гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Батж.Батбаяр “Олон улсын хөрөнгийн биржид хувьцаа гаргах тохиолдолд бүх юм нээлттэй байх ёстой. Гэхдээ ард түмэндээ хувьцаа эзэмшүүлж байна, тэд хувьцааны оронд мөнгөө авна гээд солилцоо хийсэн нөхцөлд олон улсад гаргасан хувьцааны хувь эзэмшил нэмэгдэх бололцоотой гэх мэт тайлбар хийх үү. Энэ бол утгагүй гэж байлаа.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Баярцогт “IPO хийх тохиолдолд бүх зүйл нээлттэй болдог. Ард түмэндээ амлалт өгсний дагуу хувьцаа олгож байгаа гэдгээ мэдэгдэнэ. Нууц юм гэж байхгүй гэж байлаа.

Түүнчлэн “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаа тойрсон асуудал үүгээр дууссангүй, сургалтын төлбөр хэлбэрээр сая төгрөгөө авчихсан оюутнууд хувьцаагүй үлдэж байна. Үүнийг яах вэ гэдэг асуудал ч хөндөгдсөн. Оюутнуудын хувьд Хүний хөгжил сангаас сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөгөө хоёр удаа авсан байна. Тиймээс энэ тохиолдолд тэдэнд хувьцаа олдохгүй, харин сар тутамд олгож байгаа 21 мянган төгрөгөө л авна. Хэрвээ сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөгийг нэг удаа авсан оюутан байгаа бол 536 ширхэг хувьцаагаа сонгон авах боломжтой. Энэхүү бололцоо нээлттэй юм байна.

Ийнхүү Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг тус байнгын хороогоор хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж тогтсон юм.

2012/02/12

Ц.БАЯРСАЙХАН: ТӨР ТАЛ ЕЭВЭНГИЙН ҮЛГЭРЭЭР АРД ТҮМНИЙГ ЛУЙВАРДАХ НЬ



Тавантолгойн ордоос Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмших нь тодорхой болсон. Гэхдээ уг ордын 15 тэрбум хувьцааны 10, эсвэл 20 хувийг иргэдэд үнэгүй эзэмшүүлэх үү гэдэг нь тодорхойгүй байна. Уг нь 10 хувийг нь иргэдэд, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр эзэмшүүлэхээр УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасан. Гэвч “үндэсний” хэмээх том нэрэн дор хэдхэн компанид өнөөх 10 хувь ногдох нь шударга бус хэмээн үзсэн УИХ-ын хэсэг гишүүн дээрх тогтоолд өөрчлөлт оруулж, иргэдэд уг хувийг нэмж олгох замаар 1072 хувьцаа эзэмшүүлэх төсөл боловсруулсан билээ. Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэг нэг сумаар хоёр туулай буудахаар шийдэж, “1072 хувьцаа авах уу, нэг сая төгрөг авах уу” гэсэн сонголт нэмж бий болгосон.
Хэрэв иргэд сая төгрөг авна гэвэл хувьцааг нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд санал болгоно, улмаар тэдэнд худалдаж байж иргэдийн мөнгийг олгох зарчимтай. Ажлын хэсгийн гишүүн С.Бямбацогт төслийг өчигдөр Эдийн засгийн байнгын хороонд танилцуулав.
Б.Батбаяр: -Би уг нь төсөл санаачилсан ч одоо танигдахааргүй болчихож. Уг төслийн зорилго нь ердөө л иргэдэд 1.5 сая төгрөг олгох намуудын амлалтыг биелүүлэхэд чиглэсэн байна. Тавантолгойн гурван тэрбум хувьцааг иргэдэд олгох юм байна. Хувьцаа авах уу, нэг сая төгрөг авах уу гэхээр түүний нэрлэсэн үнийг 900 орчим төгрөгөөр тогтоожээ гэсэн үг. Уг нь хөрөнгийн биржид хувьцааны нэрлэсэн үнийг тогтоох ёстой. Гэтэл УИХ хувьцааны нэрлэсэн үнийг бүр хуульчлан тогтоох гэж буй нь хууль бус. Нэг хувьцаа 900 орчим төгрөг гэдэг чинь бодит үнэ мөн үү. Уг нь зүүн Цанхийн хувьцаанаас иргэдэд өгнө гээд байгаа атал ингээд үнийг нь тогтоочихоор нийт Тавантолгойн ханш болчихоод байна.
С.Бямбацогт: -Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх, баялгаасаа иргэддээ 1.5 сая төгрөг олгох чинь хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан зүйл. Энэ зорилгоос Ажлын хэсэг хазайгаагүй. Тавантолгойн ордыг ангилж, хувьцааг нь үнэлээд байгаа юмгүй. 39 дүгээр тогтоолд “Нэг сая төгрөгтэй тэнцэх хувьцаа олгоно” гэсэн өгүүлбэр байхгүй. Хувьцааны 20 хувийг иргэдэд олгоё л гэж байгаа. Засгийн газар зохион байгуулалтыг нь хийнэ.
Ц.Баярсайхан: -39 дүгээр тогтоолоор иргэн бүрт хувьцаа эзэмшүүлнэ гэсэн. Дээрээс нь иргэн бүртээ баялгаас 1.5 сая төгрөг олгоно гэсэн. Гэтэл үүнийгээ нэг юм болгосон уг төсөл чинь тал еэвэнгийн үлгэр шиг байна. Хувьцаа өгсөн болоод, дараа нь түүнийг нь зарж сая төгрөг болгох замаар ард түмнийг луйвардах нь. Энэ бол төрийн том луйвар. Уг нь энэ асуудлаар төрийн бодлогоо гаргасан шүү дээ. Гэтэл одоо иргэдэд хувьцаа нэртэй цаас харуулсан болоод түүнийгээ аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр өгнө, эсвэл төр авна гэх юм. Нэг юмыг гурван хүнд зэрэг худалдах нь. АН-ын бүлэг завсарлага авч, энэ асуудлаар сайн ярилцах хэрэгтэй. Энэ чинь анхны хувилбараасаа 180 хэм өөрчлөгдсөн байна.
С.Бямбацогт: -Хуурсан юм байхгүй, хоёр намын өгсөн амлалтын хүрээнд хийж байгаа ажил. Ард түмэнд хувьцаа эзэмших үү, сая төгрөгөө авах уу гэсэн сонголт олгож байгаа юм. Энэ мэтээр мэтгэв. Тэгж байтал АНын дарга Н.Алтанхуяг Байнгын хорооны дарга Д.Зоригтод мессэж илгээж, уг асуудлаар АН-ын бүлэг завсарлага авах хүсэлтэйг уламжилсан аж. Нэгэнт намын дарга нь мессэж нисгэсэн учир Байнгын хорооны дарга АН-ынхан завсарлага авч буйг уламжилснаар асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав.