2011/06/23

Иргэдэд олгох хувьцааны тоог нэмэхийг дэмжив

Иргэдэд олгох хувьцааны тоог нэмэхийг дэмжив
"Эрдэнэс-Тавантолгой" компанийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлж, 10 хувийг нь аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн ханшаар худалдах шийдвэрийг гаргасан билээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Б.Батбаяр, Я.Батсуурь, Х.Жекей, Д.Хаянхярваа нар "Энэ шийдвэр аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулсан, иргэдэд хэт ялгавартай хандсан, тэгш бус хуваарилалт" хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн байна. 

Тэд "Хувьцааны 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах шийдвэрийг хүчингүй болгож, иргэдэд эзэмшүүлэх хувьцаан дээр нэмж олгох нь зүйтэй" хэмээн УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ. 

Тэдний саналыг хүлээн авбал иргэдийн эзэмших хувьцааны тоо хоёр дахин нэмэгдэнэ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн саналыг хууль санаачлагчдад уламжлахаар боллоо.

2011/06/22

Тавантолгойн хэлэлцээрийн явцыг танилцуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан эхлэх гэж байна. Энэ удаагийн хуралдаанаар олон чухал асуудал хэлэлцэхээр төлөвлөсний нэг нь “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөө батлах тухай, Түлш, эрчим хүчний салбарын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай, Зам, тээвэр, хот байгуулалтын салбарын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудал байна.

Мөн тус хуралдаанаар Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явц болон шинээр баригдах төмөр замын ажлын явц, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын БНХАУ болон ОХУ-д ажилласан томилолтын дүн, Газрын тосны бүтээгдэхүүний талаар ОХУ-ын холбогдох байгууллагын удирдлагатай хийсэн уулзалтын тухай байна.

Монголчууд удахгүй жилд 100 сая тонн нүүрс экспортолно

Монголчууд удахгүй жилд 100 сая тонн нүүрс экспортолно
Монгол нүүрсний талаар зургаан сарын хугацаанд гурав дахь удаагаа олон улсын түвшинд авч хэлэлцлээ. Монголын нүүрс дэлхийн нийтийн анхаарлын төвд орсныг эдгээр уулзалтууд харуулж байна.

Өчигдөр Coaltrans Mongolia уулзалт анх удаа боллоо. Уулзалтад манай улсын уул уурхайн салбарынхнаас гадна олон улсын тээврийн нэр хүндтэй компаниуд, нүүрс тээвэрлэлт, олборлолтын шинэ технологи санаачлагчид хүрэлцэн ирсэн юм. Манай улсын хувьд нүүрс тээвэрлэлтийн хувьд нэлээд асуудал байгааг гадныхан гадарлаж байгаа.

Урд хөрш рүү ачааны машинаар нүүрс тээвэрлэх нь байгаль экологи болон хүний амь насанд сөргөөр нөлөөлж байгаа билээ. Энэ оны байдлаар манай улс 20 сая орчим тонн нүүрс олборлож, экспортолсон бол ирэх жилүүдэд 100 сая тонн нүүрсийг нэг жилд олборлох зорилттой байгааг Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон манай Засгийн газрын төлөөллүүд гадныханд, танилцуулсан юм.

Уулзалтын үеэр Тавантолгойд нүүрс олборлох оператор компанийн тоог нэмэх үү гэх асуултыг гадныхан "Эрдэнэс МГЛ" компанийн захирал Б.Энэбишд олон удаа тавьж байна.

Тавантолгойн асуудлыг танилцуулна

Тавантолгойн асуудлыг танилцуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд эхлэх гэж байна. Өнөөдрийн хуралдаанаар олон чухал ажил хэлэлцэгдэхээр төлөвлөжээ.

Тухайлбал салбар бүрийн сайд нар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулж хэлэлцэх юм байна.

Өнөөдөр Засгийн газраар хэлэлцэх асуудлуудалд:
• “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөө батлах тухай
• Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай*
• Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай


• Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр, Б.Батбаяр нарын санаачлан боловсруулсан
• “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл
• Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь, Б.Батбаяр нарын санаачлан боловсруулсан “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл

• Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүүгийн санаачлан боловсруулсан Үндэсний их  баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх
•  Хорих байгууллагын албан хаагчдад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам батлах тухай
• Дэлхийн шуудан холбооны дүрмийн 8 дугаар нэмэлт протоколын тухай

• Онцгой байдлаас  урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаварыг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Украин Улсын
• Боловсрол болон соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Украин Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээрийн төслүүд
• “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол“ хөтөлбөрийн төсөл  

• “Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулах тухай
• Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт 2011-2014 онд солилцоо хийх тухай Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хоорондын  хөтөлбөр
• Түлш, эрчим хүчний салбарын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай

• Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай
• Зам, тээвэр, хот байгуулалтын салбарын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай
• Зарим хотуудад зэрэглэл тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсө
• Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай

Танилцуулахаар:

• Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцын тухай*
• Яамдын 2010 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээний тухай
• Засгийн газрын үйл ажиллагааны 2011 оны 5 дугаар сарын мэдээлэл
• Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын тухай
• Шинээр баригдах төмөр замын ажлын явцын тухай
• Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын БНХАУ болон ОХУ-д ажилласан томилолтын дүн, Газрын тосны бүтээгдэхүүний талаар ОХУ-ын холбогдох байгууллагын удирдлагатай хийсэн уулзалтын тухай
• Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай асуудлыг хэлэлцэх юм байна.

2011/06/21

Таван зуун саяын зээл, Тавантолгой, шатахуун

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 12-ноос БНХАУ-д айлчлах гэж байна. Мөнхийн хоёр хөршийндөө төр, засгийн тэргүүний өндөр дээд хэмжээний айлчлалыг ойрхон давтамжтай хийдэг болсны нэг нь энэ юм. Айлчлалтай холбогдуулж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ван Шяолун өчигдөр Ерөнхий сайд С.Батболдтой уулзжээ. Айлчлах үеийн нарийн ширийн асуудал хөндсөн учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. 

Ямар боловч энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлалаар өнгөрсөн жил  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябаогийн Монгол Улсад хийсэн айлчлалын үед яригдсан  БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдэх нь тодорхой боллоо. Уг асуудлыг өчигдөр орой УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “бусад асуудал” гэсэн хэсэгт багтаан хэлэлцсэн юм. Гишүүд уг асуудал гэнэт орж ирсэн гэж байснаас харвал айлчлалын төлөвлөгөөний чухал нэг хэсэг энэ бололтой. Уг хөнгөлөлттэй зээлийг өнгөрсөн жилийн зургадугаар сарын 1-нд ноён Вень Зябаогийн айлчлалын үеэр Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар харилцан тохиролцсон юм. 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурал­даанаар хэлэлцсэнэс үзвэл. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн га­зарт олгох 500 сая ам.долларын хөн­гө­лөлттэй зээлийн 200 саяыг хөдөө аж ахуйд, 300 саяыг дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж төслийг санхүүжүүлэхээр болжээ. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд хүчинтэй, жилийн хоёр хувийн хүүтэй, хүүг өдөр бүрээр тооцно гэдгийг Сангийн сайд С.Баярцогт танилцуулж байв. 

Харин өнөөдөр уг асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Хэлэлцүүлгээс харвал дэд бүтцийн салбарт зарцуулах хэсгээс заримыг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг багасгах зорилгоор ашиглах ажээ. Хөрөнгийг төмөр замын гарам дээгүүр тавих гүүрэн гарц барихад зарцуулахаар төлөвлөсөн байна. Гүүрэн гарц барихгүйгээр нийслэлийн авто замын түгжрэлийг багасгаж чадахгүй хэмээн үзжээ. Хөдөө аж ахуйн салбарт зарцуулах 200 сая ам.долларыг Засгийн газрын 2008-2012 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхэд зарцуулахаар болжээ. Ингээд байнгын хороод БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн га­зарт олгох 500 сая ам.долларын хөн­гө­лөлттэй зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, Хятадын Экспорт-Импорт банкны хооронд бай­гуулах ерөнхий хэлэлцээрийн төс­лийг зарчмын хувьд дэмжив. Энэ удаад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын амласан энэ хөнгөлөлттэй зээлийг авч ашиглах нь чухал гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байгаа аж. 

БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн 2003 онд амласан 300 сая ам,долларын хөнгөлөлттэй зээлийг одоо болтол аваагүй байгаа шиг байдлыг давтахгүйг энэ удаа хичээж буй аж. Урт настай 300 сая ам.долларыг баруун бүсийн авто зам, орон сууцны хороолол барих, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэх, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах, мэдээлэл, холбооны нэгдсэн сүлжээ шинэчлэх зэрэгт зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. Өнгөрсөн оны сүүлээр уг асуудлыг УИХ нэгэнтээ сөхөж хэлэлцсэн ч дахиад л чимээгүй болсон. Хэрэгжүүлэх чиглэл ч хэдэнтээ өөрчлөгдсөн. 

Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар мэдээж Тавантолгойн ордын ашиглалтын асуудал сөхөгдөнө. Хоёр хөрш орны байнгын сонирхол үүн дээр огтлолцоод байгаа. Мэдээжээр Ерөнхий сайд хомсдолд ороод буй шатахууны сэдвээ хөндөж таарна. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт саяхан урд хөршид айлчлаад ирсэн. Тэгэхдээ эхний ээлжинд 3000 тонн түлшний гэрээ хийсэн.  Ачигдаж байгаа талаар мэдээлэл өгөөд байгаа.  Дээр нь нэмж 7000 тоннын гэрээ хийхээр компаниудтай ярьсан байна. Цаашдаа сар тутам 10 мянган тонн шатахуун авахаар үндсэндээ тохирсон талаар сайд ярьж байв. Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ асуудал дахин сөхөгдөх нь ойлгомжтой. Ийнхүү таван зуун сая ам.долларын зээл, Тавантолгой, шатахууны асуудлыг хөндсөн айлчлал удахгүй эхлэх гэж байна. Өөр бусад халуун с эдэв ч айлчлалаар хөндөгдөх нь гарцаагүй.

2011/06/16

Тавантолгой VS Ухаа худаг


“Хэлэлцээр өрнөж байна, үргэлжилж байна, тендерийн ялагч хараахан шалгараагүй бай­на”. Ажлын хэсгийнхний ан­гайх тоолонд нь амнаас унадаг энэ үгийг сонссоор байгаад зал­­хах маягтай. Тендерийн сон­­­гон шалгаруулалт хэзээ дуусч, хэдийд стратегийн хө­­­рөнгө оруулагчийг тодруулж, хэ­­зээнээс төсөл төлөвлөгөө бодит ажил болж, Монголчууд үр ашгийг нь хүртэж эхлэхийг хэ­­­лээд өгчих хүн лав ажлын хэсгийнхэнд алга.

Тавантолгой төслийн ажлын хэс­­гийн ахлагчаар Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ажиллаж, аж­лын хэсгийн гишүүнээр нь Зам тээвэр, барилга хот бай­гуулалтын сайд Х.Баттулга, Зас­гийн газрын Хэрэг эрхлэх газ­рын дарга Ч.Хүрэлбаатар, Тө­рийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэс МГЛ” ком­панийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш нар томилогдсон.

Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн орд газ­рыг эргэлтэд оруулахаар зар­лас­наас хойш цөөнгүй ху­гацаа өнгөрчээ.  Засгийн га­зар Тавантолгойн тендерийг хэр­хэн явуулахыг олон нийтийн зүгээс анхааралтай ажиглаж буй. “Эрдэнэс MГЛ”-ээс Таван­толгойн орд газрыг эргэлтэд оруулж, мөнгө олохоор хоёр ч тендерийг зарласан. Эхнийх нь Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн за­хиал­гаар олборлолт хийх ком­­па­ни, консорциумыг тодруулах олон улсын нээлттэй тендер. Нөгөө нь  Цанхийн баруун хэ­сэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа өөрөө ха­риуцах эрх бүхий компани, кон­сорциумыг шалгаруулах тендер.

Эхнийх буюу Цанхийн зүүн хэсэгт зарласан тендерт БНЭУ-ын “MESCO steel”, ХБНГУ-ын “BBM Operta”, Авст­ралийн “Macmahon” нар өр­сөлдөж буй. Харин Цанхийн баруун хэсэгт буюу стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах УИХ-аас баталсан 39 тогтоолын дагуу ажлын хэсгийн нөхдүүд Хятадын Шиньхуа энержи”, Японы “Иточу” болон “Мицуй” компаниудын консорциум, БНСУ-ын компаниудын нэгдэл, ОХУ-ын “Оросын төмөр зам”, Америкийн “Пибоди энержи”, Энэт­хэгийн “Жиндал стийл энд пауэр”, Бразилийн “Вале” зэ­рэг компани, консорциумтай хэ­лэлцээр хийгээд дөрвөн сарыг үдлээ.

Ямар удаан өрнөдөг хэлэлцээр, ямар их яриа хөөрөө, яасан их хүлээлт вэ. Коксжих нүүрснийхээ чанараар нэгдүгээрт зогсч буй  6,4 тэрбумын нөөцтэй Тавантолгойн ордыг  монголчууд хэнтэй хамтарч эзэмших вэ гэдэг асуудалд дэлхий хүртэл сонороо дэлдийлгээд байна.  Гэтэл монголчуудын төлөвлөгөө, төсөл нь үхэр тэргээр туулай гүйцэхтэй л адилхан урагшлах дэг.

Тендер зарлаж байна хэмээн бүтэн нэг сар, тендерийн хураангүй жагсаалтыг гаргах нэрийдлээр бас бүтэн сар, хэлэлцээрийн ширээний цаана дөрвөн сарыг өнгөрөөж буйгаас харахад энэ төслийг удаашруулах сонирхол хэн нэгэнд байгаа бололтой. Хэн нэгний ашиг сонирхолтой зөрчилдөөд байгаа болохоор хэлэлцээрийн ширээний ард уях, удаашруулах лобби хийж буйг үгүйсгэмгүй. Үүнийг ч ажлын хэсгийн гишүүн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нотлоод байх шиг. Түүний хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагаас  иймэрхүү хардлага төрөхөд хүрсэн.  Ямар сайндаа л  “Тавантолгойн ордын ашиглалт хоцорч яригдах болсон нь шулуухан хэлэхэд Ухаа худагтай холбоотой л доо. Ухаа худгийг том Тавантолгойн ордоос өрсөж эхлүүлэхийн тулд лобби ч сайн хийж, нөлөө ихтэй байж чадсан. Тэгээд л том Тавантолгойн төсөл хоцорчихсон. Ингэхгүй бол Ухаа худгийн хувьцаа үнэд орохгүй байсан шиг байгаа юм” хэмээн багрин тавин ярьсан байна лээ.

Тэгэхээр Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах хугацааг сунгах, энэ завсар хожих гэсэн хүмүүсийн нөлөөлөл “Хэлэлцээр хийж байна” гэх гоё үгээр хайцаалагдаад байгаа юм биш биз. Гэвч нөгөө талаас стратегийн хөрөнгө оруулагчийг их няхуур тодруулахгүй бол эдийн засгаас хараат их гүрнүүдийнхээ дургүйг хүргэчих магадлалтай учраас л урт удаан хугацаа авч байж болох. Харин Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгаар олборлолт хийх компани, консорциумыг тодруулах ажил яагаад цаг алдаад байгааг ойлгохгүй нь. Тендерт ердөө л гуравхан компани өрсөлдөж буй. Тэднээс ялагчийг тодруулахад тийм хэцүү байна гэж үү. Уул уурхайн ажил улирлын чанартай. Урин дулаан цагийг ашиглаж, хөрсөө хуулж, олборлолтоо явуулахгүй бол дахиад бүтэн жил хүлээнэ гэсэн үг. 

“Эрдэнэс МГЛ”-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш “Өнгөрсөн  оны зургадугаар сараас эхлэн зүүн Цанхийн хөрс хуулалтын ажил үндсэндээ дуусч олборлолтын ажил эхлэхэд бэлэн болоод байгаа. Уг ордоос жилд арван сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байна. Харин энэ ондоо багтаан нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлж, 2013 онд ашиглалтад оруулах юм” хэмээн гоё мөрөөдөл зурж байсан нь яачихав.  Гэтэл Тавантолгойн ордтой хүй нэгтэй Ухаа худгийн ордод “Энержи ресурс” компани Монголд анхны гэх тодотголтой нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулчихлаа. Энэ нь хувь ба хувьсгалын ажлын хурд ямархуу ялгаатай өрнөдгийн нэг үзүүлэлт юм.

Албаны эх сурвалжийн хэлснээр стратегийн хөрөнгө оруулагчийг энэ зургадугаар сард тодруулахаар товлож буй гэх. Үнэндээ зургаан сар хэлэлцэж  байж арайхийн тодрууллаа гэхэд монголчууд долдугаар сардаа баярлаж, наймдугаар сардаа амарч энэ тэр болсоор ирэх онд энэ янзаараа сууж байвал иргэд минь битгий гайхаарай. Энэ нь төрийн ажлын байдгаараа л чармайж, зүтгэж буй байгаа бүх хурд шүү дээ.

Б.Энэбиш: “Эрдэнэс Тавантолгойн”-н гүйцэтгэх захирлыг энэ сард тодруулна

Б.Энэбиш: “Эрдэнэс Тавантолгойн”-н гүйцэтгэх захирлыг энэ сард тодруулна
Тавантолгой ордын Зүүн цанхийн хэсэгт олборлолтын үйл ажиллагаа явуулах компани, Баруун цанхийн хэсэг дэх стратегийн хөрөнгө оруулагчийг энэ сард шалгаруулж дуусахаар болсон байна.

Олборлолтын үйл ажиллагаа явуулах гадаадын компанитай арав хүртэл жилийн гэрээ байгуулах аж. Энэ хугацаа дуусангуут "Эрдэнэс Тавантолгой" компани өөрөө олборлолт явуулах юм уу дотоодын компанийг оруулах асуудал яригдах боломжтой болох ажээ.

Хөрс хуулалтын ажил хийгдсэн байгаа бөгөөд борлуулалтын гэрээг үзэглэх юм бол нүүрсээ ачуулахад бэлэн болсон гэж байна. Тавантолгойн ордын Цанхийн зүүн хэсэгт тэрбум гаруй тонн нүүрс байгаагийн 78 хувь нь коксжих нүүрс бол баруун хэсэгт 1.2 тэрбум тонн нүүрс байгаагаас 68 хувь нь коксжих нүүрс юм байна.

Төмөр зам, усан хангамж, боловсруулах үйлдвэр байгуулах асуудал ойрын үед тодорхой болно. Усан хангамжийн асуудал дээр ярихад 65 км газраас хоолой татна. Мөн гүний усны нэмэлт хайгуул хийнэ гэж төлөвлөжээ.

“Говьд хэрэгжиж байгаа төслүүдэд шаардлагатай усыг хоолой татаж гадаргын уснаас хангах асуудал байгаа. Ингэхдээ усны урсацыг бууруулахгүйгээр, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар хийх ёстой” гэдгийг Эрдэнэс МГЛ компанийн захирал Б.Энэбиш онцолсон.

Тавантолгойн хувьцааны тодорхой хувийг олон улсын бирж дээр арилжаалахад "Голден сакс", "Дочи" банкууд голлох үүрэгтэй оролцохоор болсон байгаа.

Лондон, Хонгконгийн хөрөнгийн биржийн алинийг нь сонгох вэ, хоёулан дээр нь гаргаж болох уу зэрэг асуудал яриа хэлэлцээрийн түвшинд явж байгаа юм байна. Тавантолгойн хувьцааг олон улсын бирж дээр арилжаалахад олон шалгуур үзүүлэлтийг тавьдаг талаар мэргэжилтнүүд манайд зөвлөж байна.

Хувьцааг ирэх сарын эхээр гаргах төлөвлөгөөтэй бөгөөд "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирлын асуудлыг энэ сард багтаан шийдвэрлэх тухай Б.Энэбиш дарга хэлсэн юм.

2011/06/15

Тавантолгойгоос эхтэй таван хомсдол

Тавантолгойгоос эхтэй таван хомсдол
Уржигдархан л 34 хэм хүртэл хална гэсэн сэрэмжлүүлэг тарахад хамаг нимгэн, ганган хувцсаа бэлдсэн маань өчигдөр өглөөний хүйтэн борооноор эсрэгээрээ эргэлээ. Энэ бол амьдралд тохиолддог санамсаргүй бэрхшээлүүдийн л нэг. 

Үүнтэй адил улс оронд маань тооцоолоогүй үүссэн энэ цагийн даваа бол шатахууны хомсдол. Гэв гэнэт “ах” нар үнээ нэмээд, бид эндээс зоосоо тоолоод сууна чинээ хэн ч таамаглаагүй. Төрөөс татварыг нь тэглээд ч өнөөх импортлогчид сурсан зангаа тавьсангүй. Зарим шатахуун түгээх станцад дизелийн нэг литр нь 1640 төгрөгтэй тэнцэж байна гээд бод доо. Аялал, жуулчлалын улирал эхэлж байхад бид хөл дүүжлэх унааныхаа “хоол”-оор дутаж явах гэж. 

Ийм л хүндхэн нөхцөл эдийн засгийн цаг агаарын таамаглагдаагүй оршил болж хувирлаа. Монгол Улс хар алтны хоосролд живж байхад Ерөнхийлөгч хойд хөрш рүү айлчлал хийснийг Кремлийн хэвлэлүүд “Ц.Элбэгдорж шатахууны асуудлаар Москвад хөл тавьжээ” хэмээн нийтэлж байв. Үүнээс гадна “Д.Медведев Тавантолгойн лоббийг хийхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Кремльд дуудсан” гэсэн дуулиант мэдээ хэвлэгдэж байсан билээ” хэмээн “Улс төрийн тойм” сонин тоймлон бичиж байв. 

“Монголын баялгийн шинэ нөөцийг ашиглах хамтарсан төслүүдийн хүрээнд нягт уялдаатай шийдвэрлэхийг зорьж байгаагаа хоёр талаас мэдэгдэв. Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлтийг хангах боломжтой арга замыг судалж үзэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгохоо Оросын тал энэ үеэр илэрхийлсэн юм” гэж www.president.mn цахим хуудаст тэмдэглэсэн нь гадаад, дотоодын хэвлэлүүдийн хэлснийг баталлаа. 

Яг энэ зуур Ерөнхий сайд цагаан хэрэмийн вант улсыг зорьж 500 сая ам.долларын зээлийн хүсэлтээ нэг мөр “араанд” нь хийх зорилготой байсан. Хэдэн жилийн өмнө яригдсан 300 саяын зээл одоо хэр нь луутай аяганы эздээс сураггүй байгааг санахад энэ удаад найдлага тавихад эрт байна. “Монголын нууц товчоо”-нд “Орондоо унтах завгүй орчилдон тэмцэлдэж...” гэсэн байдаг. Энэ нь одоогоор бол албан тушаалын төлөөх өрсөлдөөнтэй их төстэй. 

Тэгж “Орчилдон тэмцэлдсэний” үр дүнд яадаг байсан бэ! Нэг бол бусдад хөнөөлгүүлнэ. Нэг бол эрх мэдлийг булаан авч хан, ханлиг болцгооно. Дараа нь яг түүн шигээ дараагийн ээлжийнхэндээ араасаа хутгалуулах зэргээр зүй бусаар булаасан титмээ алдахдаа дайварт нь амь насаа хамт тушаана” гэж нийтлэлч Гангаа “Baabar.mn”-д бичсэн нийтлэлдээ дурдсан байдаг. XIII зууны өнгөрсөн үе эргэн ирсэн мэт өнөөдөр бид Тавантолгойгоороо дэнчин тавиад элдэв сандал, ширээ, шатахуун, түлш, улаан, ногоон дэвсгэртийн төлөө үхэлдэн тэмцэлдэж байна. Эцсийн дүнд нь Тавантолгойн олборлогчийн тендерийн шалгаруулалт сар сараар хойшилж, тэр гэхийн аргагүй сар бүр сунгагдаж байна. 

Хүүхдийг чихрийн цаасаар хуурдгийн адилаар өмнийн говийн баялгийг хэдэн улаан дэвсгэрт, хэдхэн тонн нефтиэр арилжих вий гэж зарим судлаач үзэж байна. Тэд “Үндэсний аюулгүй байдал” гэж хэчнээн лоозон өргөөд ч төр, засгийн мэдэлтнүүд арьсаа хамгаалсан наад захын танилцуулгаас өөрийг хийгээгүй хэвээр. Доктор С.Авирмэд “Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа алдлаа” гэсэн бол Үндэсний “Соёмбо” хөдөлг өөний тэргүүн Б.Лхагважав “Тавантолгойгоор овоглосон үнэт цаасаар луйвар хийж байна” гэсэн. 

Харин “Монгол 999 Үндэсний нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Б.Аюуш “Монголчуудыг Тавантолгойгоос гээлээ” гэж мэдэгдсэн. Ингэхээр бид: 

1. Үндэсний аюулгүй байдлын хомсдол

2. Үнэт цаасны шударга хуваарилалтын хомсдол 

3. Нутагтаа монголчуудаа ажиллуулах эрхийн хомсдол 

4. Шатахууны хомсдол

5. Мөнгөний хомсдол зэрэг таван зүйлээр Тавантолгойнхоо дэнчинд барьцаалагдчихлаа. Эцсийн зөв нүүдэл хэнийх вэ. Хэрэв хэн ч нүүхгүй бол бид хаана очих вэ? 

2011/06/12

Брокерийн пүүсүүдийн тоонд бус чанарт анхаармаар байна

Брокерийн пүүсүүдийн тоонд бус чанарт анхаармаар байна
Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулснаар зах зээлийн багтаамж томрох нь тодорхой боллоо. Гэхдээ энэ нь брокерийн пүүсүүд олшрох ёстой гэсэн үг биш. Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсны эрхээ авч брокер, дилер, андеррайтерийн үйлчилгээ үзүүлж буй компанийн тоо өнөөдөр 70 хүрчээ. Энэ тоо хоёр cap гаруйн өмнө 47 байсан юм. Одоо дахиад хэчнээн компани ийм эрх авахаар дугаарлан зогсож буйг мэдэх аргагүй ч хөрөнгийн зах зээл рүү хошуурах үзэгдэл газар авч буй нь тодорхой.

Үнэндээ брокерийн үйлчилгээ үзүүлэгчид гэнэт ингэж олширсон нь хөрөнгийн захын арилжаанд оролцдог хэдхэн зуун хүнд зориулагдаагүй. "Эрдэнэс-Тавантолгой"-н хувьцааг иргэдэд өмчлүүлэх болсонтой холбоотой. Энэ маягаар 71 мянган га талбайд буй 6.4 тэрбум тонн нүүрсийг ухаж эхлээгүй байхад санхүүгийн зах зээлд хавтгайрах үзэгдэл гарч эхэллээ.

Мэдээж ийм эрх нэмж олгох нь буруу гэж хэлэх аргагүй. Гэхдээ брокер, дилерийн компанийн эрх олгох шалгуурыг өндөрсгөж болно. Ядаж л дүрмийн санг нь нэмж тогтоовол тоог нэмэх бус чанарт анхаарч эхэлнэ. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа брокерийн пүүсүүд иргэдийн хөрөнгийг зарах, захиалах л эрхтэй болохоос хүний мөнгийг шууд авчихаж чадахааргүй байдаг. Энэ нь тухайн брокерийн компани дампуурсан ч иргэдийн хувьцааг үрэн таран хийхгүй гэсэн үг.

Одоо Хөрөнгийн биржийн дэд бүтцийг сайжруулснаар энэ байдал бүр ч баталгаажна. Өмнөх цэнхэр, ягаан тасалбартай холбоотой зарсан, үрсэн асуудал бол өөр зүйл. Хэрвээ өнөөх 70 компани нь түрүүчээсээ дампуурч эхэлвэл яах вэ. Зах зээлийн нэр хүнд унаж, иргэд дахиад л өөр компанид харилцагч болно. Энэ зуур ямар их ажил, чирэгдэл болох билээ. Тийм үед иргэдийн данс нээлгэсэн таван мянган төгрөг юу ч биш. Тиймдээ л энэ салбарт анхаарах, гэнэтхэн ийм олноор нь брокер, дилер, андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх эрхийг олгох асуудлыг шүүмжлээд байгаа юм.

Хэдхэн жилийн өмнө хадгаламж зээлийн хоршоо олноороо байгуулагдаж, шил дараалан дампуурсны дараа ийм асуудлыг дахин гаргахгүйн тулд Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсан. Гэхдээ энэ хорооныхон эдүгээ дараалсан дампуурлын сургамжин дээр бий болсноо мартсан бололтой.

Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын орлогч дарга Х.Тулгаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Брокерийн пүүсийн тоо 70 хүрчээ. Ингэж олшроход сөрөг тал бий юм биш үү?

-.Мэдээж оны өмнөхөн 40 байсан брокерийн пүүс яахаараа 70 болчихов гэж гайхах хүмүүс гарч ирнэ. Гэхдээ энэ бол энгийн л зүйл. Зах зээлд олуулаа оролцох нь муу биш шүү дээ. Харин ч энэ дунд шударга өрсөлдөөн явагдана.

-Танайхаас энэ тал дээр ямар шалгуур тавьдаг вэ?

-Үнэт цаасны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны журмын дагуу эрх олгож байна. "Эрдэнэс-Тавантолгой"-н хувьцааны сургаар өмнө нь иргэдэд тараагаад байсан цэнхэр, ягаан тасалбартай холбоотой хэрэг олноороо сөхөгдөж байна. Үүнээс болж "Эрдэнэс инвест", "Санар" зэрэг компаниудын эрхийг цуцалсан. Дүрмийн сангаас нь давсан их мөнгөний өрөнд орохоор дампуурахаас цаашхи зүйл яригдана. Гэхдээ дампуурснаар юуг ч шийдэхгүй шүү дээ.

Иргэд энэ салбарын талаар ойлголтгүй ч гэртээ ойрхон ч юм уу, байгуулагдсан оныг нь харж байгаад брокерийн пүүсээ сонгохгүй нь тодорхой. Дампуурсан компаниудын олонхи нь их хувьчлалаар байгуулагдсан байсан. Тэгэхээр брокерийн пүүсийн байгуулагдсан он нь чухал гэж ухуулах нь зохисгүй. Долоо хоногийн өмнө байгуулагдсан компани ч сайн үйлчилгээ үзүүлж болно шүү дээ.
Дээр дурьдснаар иргэд энэ зах зээлийн талаар ойлголт муутай байгаа.

Харин өнгөрсөн бүх зүйлээ хаяад зах зээлээ хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байна. Монголын хөрөнгийн биржид хийж буй технологийн шинэчлэлийг ирэх оны эхээр бүрэн хийж дуусна. Дээр нь дэлхийн зах зээл дээрээс хувьцаа авах боломжийг бидэнд олгож, олон улсын брокерийн үйл ажиллагаа явуулдаг компани ч Монголд салбараа нээгээд байна.

Брокер, дилерийн үйлчилгээг хэрхэн өргөжүүлэх боломж байгааг сонирхож хэд хэдэн брокерийн пүүсээр орлоо. Тэдний хэлж буйгаар брокерийн пүүсүүд үйл ажиллагаагаа өргөжүүлж, орон нутагт салбараа нээх, хотын захад амьдардаг иргэдэд хүртээмжтэй ажиллах хэрэгтэй аж. Орон нутагт амьдардаг иргэд энэ зах зээлийн талаар мэдээлэлгүйн улмаас хаа холоос хувьцааныхаа ногдол ашгийг авахаар ирж, замын зардалдаа шатаад буцсан тохиолдол олон бий. Санхүүгийн зохицуулах хорооноос үүнийг шийдэхийн тулд банкуудын хөрөнгийн зах руу татан оролцуулахаар болсон. Учир нь Монгол орны өнцөг булан бүрт хүрч чадсан санхүүгийн үйлчилгээ бол зөвхөн банк хэмээн үзсэнтэй холбоотой.

Эхнээсээ "TDB" нэртэй брокерийн пүүс байгуулагдаад ажиллаж байна. Ямар ч байсан "Эрдэнэс-Тавантолгой"-н хувьцаа, Засгийн газрын энэ их бонд байгаагүй бол брокерийн үйлчилгээ ингэж өргөжихгүй байлаа. Тиймээс брокерийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавих шаардлагыг өндөрсгөж, тоонд бус чанарт анхаарах хэрэгтэй болов уу.

Стандартгүй брокеруудаа яах вэ?

Стандартгүй брокеруудаа яах вэ?
Монголын хөрөнгийн бирж дэлхийн жишигт хүрэх замдаа гараад багагүй хугацааг үдлээ. Хөрөнгийн биржид шинэ технологи нэвтрүүлэх үйл ажиллагаа ид үргэлжилж байна. Гэвч бас хөрөнгийн биржийн хөгжлийг хойш татах хүчин зүйл байсаар л.

Хамгийн түрүүнд хөрөнгийн биржийн арилжааг гардан гүйцэтгэгч болох брокер дилерийн компаниудын үйл ажиллагаанд шинэчлэл хэрэгтэй болжээ. Өнөөгийн нөхцөлд брокер дилерийн компанийн стандарт хангасан компани тун ховор байна. Ялангуяа анх хөрөнгийн бирж байгуулагдах үед бий болсон брокерийн компаниуд өнөөдөр яг л "сэтэртэй морь" шиг болсон гэнэ.

Анхдагчууд нэг ёсондоо хүчээр л байгуулагдчихсан брокер нэртэй ганц xoёp хүн ажилладаг л газар. Бараг нэг хүн л бүхэл бүтэн компанийн үйл ажиллагааг хариуцна. Компанийн үйл ажиллагаа явуулах байр сав гэвэл бүр худлаа. Цүнхэндээ компанитай эдгээр нөхдүүд өнөөдөр Хөрөнгийн биржид анхдагч нэртэйгээр бараг л "хаан" аятай суудаг гэнэ.

Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан стандартын дагуу брокер дилерийн компанийн үйл ажиллагаа явуулах байр талбай, өрөө тасалгаа ямар байх ёстойг тодорхой зааж өгсөн байдаг. Анхдагч нэртэй компаниудад тэр стандартыг мөрдөж ажилладаг нь тун ховор. Үндсэндээ Хөрөнгийн бирж дэх арилжааны суудлаар л компанийнх нь байр хязгаарлагдана.

Гэтэл иргэдэд үйлчлэх, зөвлөгөө өгөх өрөө, хүлээн авах энэ тэр гээд бүх зүйл тодорхой стандарттай. Ядаж л хэн нэгэн нь том хөрөнгө оруулалт хийх гээд ганцаарчлан зөвлөгөө авах гэхээр нийтийн байранд үйлчлэх болдог аж. Энэ мэтээс болж иргэд хохирдог ч анхдагч компаниуд санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн биржийн хүрээнд "томорчихсон" учраас хэн ч яаж ч чаддаггүй юм байна.

Брокер дилер, андеррайтер гээд бүхий л үйл ажиллагаа стандарттай. Харин тэдгээр компаниудад стандарт баримтална гэх ойлголт огт байхгүй.

Монголын хөрөнгийн бирж анх байгуулагдахдаа 13 брокер дилерийн компанитайгаар байгуулагдсан. Харин одоо энэ тоо өсч, 49 болжээ. Шинээр 10 гаруй компани брокер дилерийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө авчихсан байгаа гэнэ. Стандартгүйгээр үйл ажиллагаа явуулдаг энэ жишиг харин шинээр байгуулагдаж буй компаниудын хувьд тийм ч айхтар асуудал болчихоогүй байгаа юм байна. Харин эсрэгээрээ аль болох шинэ технологи нэвтрүүлж, хэрэглэгчиддээ шуурхай үйлчлэхийг зорих аж.

Гэтэл нөгөө талд нь хуучцуул гэж хаашаа ч хөдөлдөггүй хэсэг бүлэг хүмүүс байна аа. Тэд шинэчлэгдэж, өөрчлөгдөх талаар бодохыг ч хүсдэггүй гэж ойрын эх сурвалж хэлсэн. Тэгэхээр хөрөнгийн биржийнхээ үйл ажиллагааг дэлхийн төвшинд хүргэе гэж байгаа юм бол түүний гол "хөдөлгүүр" болсон брокерийн компаниудаа яах вэ.

Адилхан л шинэчлээд, өөрчлөөд, дэлхийн төвшинд хүргээд явах ёстой. Харин тэр ажил хийгдэж байгаа эсэхийг сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан брокерууд олон улсын сургалтад суулаа гэх мэдээ, мэдээлэл хааяа чих дэлсэх болсон билээ.

Энэ янзаар байдал үргэлжилбэл ямар хор уршигтай вэ. Яг өнөөгийн нөхцөлд манай хөрөнгийн биржийн техник, технологи 1990-ээд оны үеийнхээрээ байгаа. Өөрөөр хэлбэл, арилжаанд оролцохын тулд заавал Хөрөнгийн бирж дээр очиж, захиалгын гэрээг өөрийн биеэр үзэглэж байж хувьцаа худалдаж авна. Харин өдөр бүрийн арилжаа хийгдэх хугацаа ердөө гурван цаг. Энэ хугацаанд ажил төрлөө зохицуулаад, хөрөнгийн биржийг зориод ирлээ гэж бодъё. Гэтэл мөнөөх ганц хүнтэй компанийн хүн нь байхгүй бол яаж ч чадахгүй. Зөвлөгөө авах хэрэгтэй үйлчлүүлэгч арилжаагаа дуусгахыг нь хүлээхээс өөр аргагүй болдог аж. Тэгээд утсаар яриад хэлэхээр шуудхан л амжихгүй гэж хариулдаг гэж байгаа. Ингээд л ганц хүнтэй брокероор үйлчлүүлснээрээ тухайн иргэн хохироод л үлдэнэ.

Дараагийн удаад дахиад л цаг, заваа гаргаад ирнэ. Дахиад л ганц хүнтэй брокер ажилдаа ирээгүй байвал яах вэ. Яаж ч чадахгүй. Бүр арилжааны цаг дуусаагүй байхад шуудхан л "ажилтай болчихлоо" гээд явчихдаг тохиолдол ч байдаг гэнэ. Үүнийг нь Санхүүгийн зохицуулах хороо ч юм уу бусад хариуцсан байгууллагад хэлдэг ч ямар ч арга хэмжээ авагдахгүй.

Өнөөдөр хөрөнгийн биржээ дэлхийн төвшинд хүргэнэ гэж байгаа ч брокер дилер, андеррайтерийн
компаниуд нь харин нэг иймэрхүү л байна даа.

Уг нь брокер дилерийн үйлчилгээнд стандарт байхгүй биш байгаа шүү дээ. Бэлэн байгаа стандартыг мөрдүүлээд явж болмоор санагдах юм. Бүр боломгүй бол эрхийг нь цуцалчих хэрэгтэй шүү дээ. Тийм зориг, хууль дүрмээ дээдлэх ухаан Санхүүгийн зохицуулах хороонд байхгүй гэж үү.

Нөгөөтэйгүүр ганцхан хуучцуул компаниудыг ч хэлэх гэсэнгүй. Шинээр байгуулагдаж буй брокер, дилерийн компаниудад ч бас асуудалтай нь олон л байгаа. Тэд энд хатуухан шиг шаардлага тавиад, шаардлагыг хэрэгжүүлж чадахгуйг нь "зайлуулах" ёстой. Тэгж байж, дэлхийн төвшний хөрөнгийн биржийн үйлчилгээнд шилжинэ.

Ер нь тэгээд тооноос илүү чанарыг эрхэмлэх хэрэгтэй биз дээ. Хэрэгтэй хэрэггүй олон брокер байснаас чанартай, мундаг үйлчилгээтэй цөөн байсан нь дээр. Иргэддээ ч амар, хаана очих вэ, яах вэ гэж толгойгоо гашилгахгүй. Тэгэхээр эцсийн дүндээ стандартгүй энэ олон брокерийн компаниудыг "зайлуулаад" стандарт хангасан, бүр дэлхийн хэмжээнд ажиллачих чадвартай цөөн хэдэн брокертойгоо үлдье.