2012/02/20

Дөрөвдүгээр сард бэлэн мөнгө, хувьцааны аль нэгийг сонгоно



УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооныхон намрын ээлжит чуулганаар хийсэн ажлаа тайлагналаа. Байнгын хорооны дарга А.Тлейхан, гишүүн С.Эрдэнэ, Д.Оюунхорол нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Байнгын хорооны дарга А.Тлейханы танилцуулснаар намрын чуулганы хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд 72,2 хувийн дундаж ирцтэйгээр 17 удаа хуралдаж, эрхлэх асуудлын хүрээнд хуулийн төсөл 15, тогтоолын төсөл хоёрыг хэлэлцсэнээс хоёр хууль, хоёр тогтоолыг чуулганаар хэлэлцүүлэн батлуулжээ. Гурван хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлэн болгожээ. Чуулганы үйл ажиллагаанаас шалтгаалж зарим хуулийн хэлэлцүүлэг удааширсан байна.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тус тус чуулганаар батлуулсан байна. Мөн Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолыг баталснаар тэтгэврийг нь түр зогсоосон иргэдэд олгож байгаа нөхөн олговрын доод хэмжээг хоёр үе шаттайгаар, эхний шатанд 140300 төгрөг, дараагийн шатанд 162 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоохоор болсон байна. Мөн Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталжээ. Эхэд жирэмсний таван сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам олгох тэтгэмжийг хоёр үе шаттайгаар нэмэгдүүлж, эхний шатанд 32500 төгрөг, дараагийн шатанд 40 мянган төгрөг олгохоор уг тогтоолд тусгасан байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын мэдээллийг сонсч, сургууль, ясли, цэцэрлэгийн өнөөгийн байдал, цэцэрлэгийн хомсдлоос гарах арга замууд, цаашид хэдэн цэцэрлэг шинээр байгуулах, төрөөс ямар дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар асуулт, хариулт өрнүүлсэн байна.

Гишүүн С.Эрдэнийн хэлснээр хэлэлцээд баталж амжаагүй хэд хэдэн хуулийн төсөл байгаа аж. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн хэмжээг өөрчлөх, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Боловсролын тухай зэрэг хуулийн төслийг хаврын чуулганы эхэнд батлах шатанд шилжүүлжээ.

Гишүүн Д.Оюунхоролын мэдээлснээр Нийгмийн халамжийн тухай хуулийг баталснаар орлогогүй байсан иргэдэд халамжийн сангаас тэтгэвэр тогтоох эрх бүрдсэн байна. 1990 оноос хойш хөдөлмөр эрхлээгүй байсан иргэдэд тэтгэвэр авах эрх нээгджээ. Боловсролын тухай хуулийн төсөлд 25-аас дээш жил ажилласан багшид сургуулийн өмчийн хэвшил ялгахгүйгээр тэтгэвэрт гарахад нь нэг удаа 24 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох асуудал гацаанд орсон байна. Ирээдүйн оюунлаг иргэдийг бэлтгэе гэвэл багш нарт өмчийн хэвшил ялгалгүй тэтгэмж олгох ёстой гэж тэрбээр тайлбарлав.
С.Эрдэнэ гишүүн ч мөн ийм байр суурьтай байгаагаа илэрхийлэв. “Боловсролын салбар тэргүүлэх салбар л юм бол суурь боловсролыг үнэгүй олгох ёстой. Багш нарыг хөгжүүлэх асуудлыг өмчийн хэлбэрээр ялгаварлах ёсгүй. Аль ч өмчийн сургуульд Монголын ирээдүй үе сурч байгаа. Монгол Улс боловсролоор алагчлахгүй байх конвенцид нэгдэн орсон. Үндсэн хуульд иргэдийг эрхэлж буй ажил, албан тушаалаар нь ялгахгүй гэж заасан” гэж байлаа. Сургуулийн туслах ажилтанд тэтгэмж олгох, эсэх асуудлыг байнгын хороодоор дахин хэлэлцэх аж. Мөн ерөнхий боловсролын дунд сургуулийн бага, дунд, ахлах ангид суралцах хугацаа 5+5+2 жил байсныг 5+4+3 жил болгох талаар үргэлжлүүлэн ярилцах юм байна.

Байнгын хорооны дарга А.Тлейханы сэтгүүлчийн асуултад өгсөн хариултаас үзвэл намуудын амласан 1,5 сая төгрөгийг иргэдэд олгохдоо нэг хэсгийг бэлэн мөнгөөр, үлдсэн хэсгийг Тавантолгойн хувьцаагаар олгоно гэж 2012 оны улсын нэгдсэн төсвийн тухай хуульд заажээ. Эхний ээлжинд бүх иргэдэд дөрөвдүгээр сарын 1-ний дотор хувьцаа тарааж, нэг сая төгрөгөө бэлнээр авах хүмүүс саналаа гаргах юм байна. Бэлэн мөнгийг эхний ээлжинд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөхөөр болжээ. Уг нь ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хоёрдугаар сарын 1-нээс бэлэн мөнгө олгох байсан ч тодотгох зүйл гарсан тул ийнхүү хойшлуулсан гэв. Дөрөвдүгээр сарын 1-ний дотор бэлэн мөнгө, хувьцааны аль нэгийг сонгох юм байна.

Гишүүн Д.Оюунхорол Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийн талаар товч танилцууллаа. Дөрөв, зургаан хүүхэд төрүүлсэн эхэд Эхийн алдар одон хүртээдэг болсноос хойш 92 мянган эх хоёрдугаар, 39700 эх нэгдүгээр одон авчээ. Хүн амын 2010 оны тооллогоор нэг өрх дунджаар хоёр хүүхэдтэй гэсэн тоо гарчээ. Нийгэм ийм болоод байхад олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн үнэгүй хөдөлмөрийг Монгол төрөөс одонгоор үнэлсэн хэрэг гэж Д.Оюунхорол гишүүн хэллээ. Үүн дээр жилд нэг удаа олон хүүхэдтэй өрхөд нэмэр болгож эх, үрсэд мөнгөн тэтгэлэг өгөх гэсэн С.Бямбацогт нарын гишүүдийн санаачилсан төсөл шийдвэрлэгдэж чадахгүй байна гэв. Мөн хасах дөчөөс дээш градусын хүйтэнд, нийслэлээс 1000-аас дээш км-ийн алсад ажиллаж амьдарч буй иргэдэд бүсийн нэмэгдэл олгох тухай хуулийн төсөл хаврын чуулганаар шийдэгдэх төлөвтэй байгаа аж. Инновацийн тухай хуулийн төслийг мөн хаврын чуулганаар хэлэлцэн батлах аж. Энэ нь эрдмийг бүтээл болгох нэн чухал хууль болохыг А.Тлейхан гишүүн онцлов.

2012/02/18

Я.Батсуурь: Иргэд хоосон үлдэж, хэсэг хүн Тавантолгойг эзэмшинэ


Я.Батсуурь: Иргэд хоосон үлдэж, хэсэг хүн Тавантолгойг эзэмшинэ
УИХ-ын гишүүн Я.Батсуурийг “Тал засаагүй яриа” булангийн зочноор урилаа. Тэрээр Тавантолгойгоос иргэдэд хувьцаа олгох тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг нэр бүхий гишүүдийн хамт өргөн барьсан юм. Ажлын хэсэг тэдгээр тогтоолын төслийг нэгтгэж, байнгын хороодоор хэлэлцүүлсний эцэст УИХ-аар өчигдөр баталлаа.

Гэхдээ нэр бүхий гишүүдийн өргөн барьсан тогтоолын төсөл өөрчлөгдөж, утга агуулга нь бүрхэг болсон гэсэн мэдээлэл хэвлэлээр өмнө нь гарч байсан. Төсөл өргөн барьсан гишүүний хувьд түүнээс бодитой мэдээлэл сонсохыг зорьсон юм. 

-Тавантолгойгоос иргэдэд хувьцаа олгох тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахаар нэр бүхий гишүүдийн өргөн барьсан төслийг ажлын хэсэг нэгтгэж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж баталлаа. Гишүүдийн анх өргөн барьсан тогтоолын төслийг бүрхэгдүүлэх ойлгомжгүй болгосон, тэр дагуу шийдвэр буруу гарч болзошгүй гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан. УИХ-ын өчигдрийн хуралдаанаар тогтоолын төслийг олонхи гар өргөж баталлаа? 

-УИХ-ын нэр бүхий гишүүд хоёр тогтоолын төсөл өргөн барьсан. УИХ-ын 39 дүгээр тогтоолд Тавантолгойн хувьцаанаас иргэдэд арван хувь өгөхөөр тусгасныг өөрчилж, 20 хувийг нь олгоё гэсэн юм. Өөрөөр хэлбэл, иргэн бүрт 536-аас 1072 хувьцааг олгоё гэсэн үүднээс тогтоолын төсөл өргөн барьсан. Тогтоолын төслүүдийг нэгтгэх талаар Эдийн засгийн байнгын хорооноос С.Бямбацогт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг томилогдож нэлээд хэдэн сар ажиллалаа. Ажлын хэсгээс саяхан оруулж ирсэн төслийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж байна. 

Гэтэл бидний анх өргөн барьсан тогтоолын төсөл танигдахын аргагүй өөрчлөгдөж, утга агуулга нь алдагдаад орж ирсэн. Иргэдэд 20 хувийг олгох асуудлыг шийдсэн ч олгохдоо Хүний хөгжил сангаас олгох ёстой бэлэн бус нэг сая төгрөгтэй барьцалдуулж аль нэгийг нь сонгох сонголтыг иргэдэд тулгаж байна. Хэрэв ингэж шийдэгдвэл, Монгол Улсын баялаг иргэддээ шударгаар хуваарилагдахгүй. Олон зуун мянган хүн Тавантолгойгоос хувьцаа эзэмшиж чадахгүй хоцрох гэж байна. Үүнийг эсэргүүцэж, буруу шийдвэр болсон гэж үзэж байгаа. 

Өнөөдөр оюутан сурагчид гэхэд л нэг сая төгрөгөө аваад сургалтын төлбөртөө хэрэглэчихсэн. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэн мөнгийг нь өгөхөөр шийдвэрлэчихсэн. Ингээд үлдсэн хүмүүст Тавантолгойн 1072 хувьцаагаа ав, эсвэл нэг сая төгрөгөө бэлнээр ав гэсэн сонголтыг тулгаж байна. Амьдралын төвшин хүнд, инфляц, үнийн хөөрөгдөл хэрээс хэтэрсэн, бэлэн мөнгөний хэрэглээ өндөр байгаа учраас иргэдийн олонхи нь нэг сая төгрөгөө бэлнээр авч хэрэглэх байх. 

Энэ тохиолдолд иргэдийн орлого багатай хэсэг нь Тавантолгойгоос буюу эх орныхоо байгалийн баялгаас хувь, хишгийг насан туршдаа хүртэж чадахгүй хоосон хоцрох нь. Ийм шийдвэр гарлаа. Тавантолгойгоос хэн хувьцаа эзэмших вэ гэхээр мөнгө төгрөгний боломжтой болон аж ахуй нэгжтэй хүмүүс байгаа. Энэ бол яах аргагүй баялгийг шударга бус хуваарилж буй явдал. Тиймээс энэ талаар байр, сууриа илэрхийлж ирсэн. Харамсалтай нь дэмжигдсэнгүй. 

-МАН, АН анх Тавантолгойгоос хувьцаа бус 1-1.5 сая төгрөгийг иргэн бүрт бэлнээр олгохоор 2008 оны сонгуулиар амласан болохоос хувьцаа тараана гэж хэлээгүй. Энэ талаар юу хэлэх вэ? 
-МАН 1.5 сая төгрөг бэлнээр өгнө гэж, АН нэг сая төгрөгтэй тэнцэхүйц буюу түүнээс дээш хэмжээтэй эх орны баялгийн хувьцааг эзэмшүүлнэ гэж тус, тус амласан. Гаргаж буй шийдвэрээр явбал, АН-ын амлалт ерөнхийдөө биелэх боломжтой. Нэг сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний хувьцаа эзэмшлүүлж, дээр нь нэмээд явбал шүү дээ. Гэхдээ нэг сая төгрөгийг бэлнээр олгох эх үүсвэр байхгүй учраас Тавантолгойгоор орлуулж байна. 

Тиймээс амлалтаа биелүүлж чадахгүй байгаа бол түүнийгээ учирлаад тогтоолын төсөлдөө өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа. Түүнээс биш Тавантолгойтой барьцалдуулж энэ олон хүнийг, хүн амын орлого багатай хэсгийг хувьцаа эзэмшүүлэх нэрээр хохироож болохгүй. 

-Аж ахуй нэгжид Тавантолгойн хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр өгнө гэж байна. Нэрлэсэн үнэ хэд байх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм биш үү? 
-Аж ахуйн нэгжид 10 хувийг санал болгож байгаа, ажлын хэсгээс оруулж ирсэн саналын дагуу 20 хувийг иргэдэд өгч, үлдсэн 10 хувийг аж ахуй нэгжид нэрлэсэн үнээр зарна. Нэрлэсэн үнээ сая төгрөг гэж тогтоовол нэг аж ахуйн нэгжид ногдох хувьцааны үнэ 30 мянга буюу 20-30 сая төгрөг болно. Энэ бол багцаагаар хэлж байгаа тоо шүү. Тэгэхээр энэ мөнгийг төлөөд Тавантолгойн хувьцаа авах боломжтой аж ахуйн нэгж хэд билээ. Зөвхөн том компаниуд нь аваад санхүүгийн боломж багатай жижиг аж ахуйн нэгжүүд хоосон хоцорч мэднэ. 

-Тэгэхээр аж ахуйн нэгжүүд хувьцаа бөөндөж аваад гадаадын компаниудад зарах, илүү үнээр өгөх асуудал гарахгүй гэх баталгаа байна уу? 
-Аж ахуй нэгжүүд өөрөө мөнгөгүй бол мөнгөтэй хүмүүст аваад өгчих, эсвэл мөнгөтэй компаниудад шилжүүлэх ч юм уу. Эсвэл арай жаахан илүү үнээр өгөх юм уу, ийм байдал гарахыг үгүйсгэхгүй. Ер нь бол 1990-ээд оны ягаан, цэнхэр тасалбарын алдаа давтагдаж байна шүү дээ. Тухайн үед төрийн мэдэлд байсан аж ахуй нэгж, төрийн өмчит газруудыг их, бага хувьчлал гээд ягаан, цэнхэр тасалбараар тараасан. Иргэд ягаан, цэнхэр тасалбараар тухайн газруудын хувьцааг эзэмших ёстой байсан. 

Гэтэл тэрхүү тасалбарынхаа үнэ, цэнийг ойлгоогүй байхад нь мэдээлэлд ойр байсан хэдэн хүн, брокер, диллерүүд давхиж очоод хямд үнээр хамаад авчихсан. Ингэж иргэдийн хувьцаа эзэмших ёстой байсан үйлдвэр, аж ахуйн газрууд учрыг урьтаж ойлгосон хэсэг хүн, мөнгөтэй бизнесмэнүүдийн мэдэлд шилжсэн шүү дээ. Тэр алдааг өнөөдөр Тавантолгойд давтах гэж байна. Энэ бол ард, иргэд нь хоосон үлдэж, хэсэг бүлэг хүн Тавантолгойг эзэмшинэ гэсэн үг. 

-УИХ 39 дүгээр тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах төслийг баталснаар өнөөдөр нөхцөл байдал тодорхой болчихлоо. Эцсийн хэлэлцүүлэгт та хэчнээн хэлж, тайлбарласан ч олонхи шийдвэрээ нэгэнт гаргачихсан. Таны байр, суурийг дэмжсэн хүн ер нь байна уу? 

-Би энэ талаар олон удаа ярьж, тайлбарлаж, олон нийтэд хандаж мэдэгдэл хийж байсан. Эрхбиш нэгийг бодож эргэцүүлэх байх гэж найдсан. Гэсэн ч ийм юм болчихлоо. Гэхдээ гишүүдийн зарим намайг дэмжиж хэвлэлээр байр, сууриа илэрхийлж байсан юм шүү. 

-Үндэсний эрх ашгийн үүднээс авч үзэх ёстой энэ асуудалд УИХ “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг шиг яаруу шийдвэр гаргачихав уу даа гэж сэтгүүлчийн хувьд үзэж байна. Одоо Ерөнхийл өгч энэ асуудалд хэрхэн хандах нь анхаарал татаж байна. Та юу гэж харж байна? 
-Ерөнхийлөгч юу гэж үзэхийг мэдэхгүй. Миний хувьд МАН 1.5 сая төгрөг тарааж чадахгүйд хүрээд иймэрхүү арга оллоо гэж харж байна. Энэ асуудал нийгэм дэх баян, хоосны ялгааг улам их болгоно. Өнөөдөр ядуурлаас гарахын тулд орлого багатай иргэдээ дэмжих ёстой байтал эсрэгээрээ хэрэгжиж байна. Бэлэн мөнгө бол баяр тэмдэглээд л дуусна. Тавантолгойн хувьцаа эдийн засаг өсөөд ирэхийн цагт үнэд хүрнэ. Нэг байтугай хэдэн сая төгрөгт хүрч магадгүй. 

Үүнээс иргэдийн олонхи хасагдаж байгаад асуудлын гол байгаа юм. Хүний хөгжлийн хуулийн дагуу нэг сая төгрөгийг зөвхөн дөрвөн зүйлд, тухайлбал, орон сууц, оюутны төлбөр, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зарцуулна гэж хуульчилсан. Гэтэл нэг сая төгрөгийг хувьцаагаар сольж байгаа нь хуулиа зөрчиж байгаа биз дээ. 

-Тавантолгойд хувьцаа эзэмшиж байсан, түүнийгээ төрд буцааж өгсөн хүмүүсийн олонхи нь МАН-ын гишүүд. Тэд эзэмшлээ төрд буцааж өгсөн үү, намдаа өгсөн үү гэсэн шүүмжлэл гарч байгаа. УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл “Тавантолгой дахь эзэмшлээ төрд буцааж өгөөгүй хүмүүс хожиж байгаа юм байлгүй” гэж хэлж байсан. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Ер нь Тавантолгойн зөвшөөрлийн асуудал өөрөө маргаантай. УИХ-ын нэр бүхий гишүүд энэ асуудлыг байнга сөхөж тавьдаг шүү дээ. Хэдийгээр энэ асуудал 39 дүгээр тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахтай холбогдолгүй ч гэсэн УИХ анхаарч тусад нь авч хэлэлцэж, шийдэх ёстой.

2012/02/17

Сая төгрөгөө битгий өг, хувьцаагаа ч бас



Ирж буй сонгуультай уялдаад УИХ-д олонхи суудалтай хоёр намын зүгээс “хэн нь түрүүлж амлалтаа биелүүлэх вэ” гэдэг алалцаан болж байна гэж. “Бид сая төгрөгийнхөө хувьцааг өгсөн, амлалтаа биелүүлсэн. Үүнээс цааш явах газар үгүй” хэмээн Засгийн газраас гарсан Ардчилсан намынхны араас “Бид ч гэсэн сая 500-гаа өгмөөр байна. Хувьцааг чинь худалдаад авчихья” хэмээн Ардын намынхан аархаж байна. Засгийн газарт орохдоо “Хоёулангийнхаа амлалтыг хамтраад хэрэгжүүлчихнэ” гэж ам гарсан хоёр нам одоо “би үхэх үү, чи үхэх үү” дээрээ тулаад байгаа нь энэ.

Хамгийн хачирхалтай нь, Ардчилсан намын сая төгрөгийн хувьцаа, Ардын намынхны сая 500 мянгыг гүйцээх ганц түлхүүр нь Тавантолгойн ордын ашиглалт. Гэтэл нөгөө Тавантолгойн орд дээр хөрөнгө оруулагчидтай хийх гэрээний төсөл нь ҮАБЗ дээр очоод уначихсан. Одоогоор олборлолт явуулж бай­гаа “Эрдэнэс Тавантолгой” ком­па­нитай хийсэн худалдан авал­тын гэрээнээсээ Хятадын тал бу­цаж эхлээд байгаа талаар ч эх сурвалжууд ам алдаж эхэлсэн байна. Хэрвээ ингэвэл “Chinalco”-гоос борлуулалтын урьдчилгаа болгож авсан 250 сая ам.долларын өрөнд Монголын Засгийн газар дахиад унана. Юун нөгөө сая төгрөгийн бэлэн тараалт энэ тэр.

Өмнө нь Хонконгийн бирж дээр хувьцаагаа гаргахаар төлөвлөж байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг тус биржид арилжаалахгүй гэсэн нь бас л манайхны хийсэн нөгөө “но”-той, ноцтой амлалтуудаас болсон. Тавантолгойн ордоос иргэн бүрт өгөх 536 ширхэг хувьцааг Засгийн газар сая төгрөгөөр үнэлж худалдаж авна гэсний дараа Хонконгийн бирж “Засгийн газар нь үнэ тогтоож байгаа нөхцөлд манайх арилжаалах боломжгүй” гэсэн гэнэ лээ. Ингээд хувь хишиг хүртэх, хувьцааны ногдол авах монголчуудын горьдлого талаар болж байгаа юм. Одоо нөгөө дэлхийн зах зээл “тоож шиншихгүй” болсон хувьцаагаа манай дарга нар Лондонгийн бирж дээр гаргах тухай “бүлтэрч” байгаа ч тэр болтол лай ч байна, зай ч байна гэдэг байх аа. Ядахдаа энэ хоёр биржид манай төрийн мэргэн түшээдийн гаргасан шийдвэрээс арай өөр хууль үйлчилдэг байлгүй.

Тиймээс сая төгрөгийн хувьцаа, сая 500 мянган төгрөгийн бэлэн мөнгөний амлалтыг арай өөр талаас нь хараад үзье, бүр эхнээс нь гэсэн үг л дээ.

2008 оны сонгуульд орохдоо Ардчилсан нам “Баян Монгол” хэмээх хөтөлбөр боловсруулж, уул уурхайн баялгаас иргэддээ хувьцаа тараахаар амласан юм. Зөвхөн Тавантолгойн орд ч бус, стратегийн олон орд газруудаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргаж, үүнийхээ тодорхой хувийг иргэдэд хувьцаа болгон өмчлүүлэхээр. Гэтэл тухайн үед намын “пиарчин”-аар шилэгдээд байсан нэгэн киночин дундуур нь орж ирээд “Өө, наадахын чинь ард нь тоо тавихгүй бол хүмүүс хүлээж авахгүй, ерэн оны цэнхэр, ягаан тасалбар шиг л юм болно” гэж хэлээд “сая төгрөгийн” ханш тогтоосон гэж байгаа юм. Ингээд жинхнээсээ нөгөө “цэнхэр, ягаан”-ы араас аваачаад “шаачихаж” /уучлаарай/ байгаа юм биш үү.

Энэ хооронд сая төгрөгийн хувьцаанд хандаа хага даруулсан МАХН-ын нөхдүүд яадаг ийдэг билээ хэмээн сандралд орж, шороо самардаж эхлэхэд нөгөө “пиарчин” чинь жингийн туухай дээр тэдний талд очиж суугаад “сая 500 мянган төгрөг”-ийг бэлнээр санал болгосон гэх юм билээ. Уг нь бол С.Баяр мулгуудаа, эх орондоо хайргүйдээ, эдийн засгийн алуурчин болох гээд энэ тоог гаргаад ирчихсэн ч юм биш. “Ямар ч аргаар хамаагүй намаа сонгуульд ялуулахаар” амлаж, намын дарга болсон эр хүн аргаа барж, “аавынхаа толгойг маажихад” хүрсэн хэрэг. Ингээд өнгөрөгч 2008 оны сонгуульд Ардчилсан нам, Ардын нам /одоогийн нэрээр/ хоёр биш, харин “Боролдой” хүү өөрөө өөртэйгөө өрсөлдсөн болж таарч байна. Улс төрийг ингэж л хийж байна шүү дээ, ард түмээн.

Ийм байхад хоёр намаас “хувьцаагаа өг, хувь хишгээ тараа” гэж нүдийг нь бүлтэлзүүлж, амыг нь ангалзуулаад нэмэр байна уу. “Боролдой” студийн С.Мягмараас очиж амлалтаа нэхэх нь зөв юм уу ч гэж харагдаад байгаа.

Харин сонгуулийн дараа 44 суудал эзэлсэн МАХН ч, 27 суудалтай үлдсэн Ардчилсан нам ч “Би юу хийчихэв ээ” хэмээн амаа барьж, тархиа шааж эхэлсэн бөгөөд биелэх аргагүй амлалтуудаа биелүүлсэн нэр зүүхийн тулд хамтарсан Засгийн газар гэгч халгаатай зам руу орсон билээ. Яг үнэндээ долдугаар сарын 1-ний хэрэг явдал ч, сонгуулийн шинэчлэл ч шалтгаан нь биш. Харин МАХН-ын амласан сая 500-г Ардчилсан нам нь явуулахгүй, Ардчилсан намын амласан хувь хувьцаа ч ажил болохгүй байсан учраас бие биенээ барьцаалан байж засагт орсон хэрэг. Тэгээд хамтарсан Засгийн газрын биелүүлсэн гэх Ардчилсан нам, Ардын намын амлалтууд одоо юу болоод шувтарч байгааг хэн хүнгүй харж байна.

Сангийн сайд асан С.Баярцогт ажлаа өгөх үедээ “Ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх сая төгрөгийг /зүгээр ч өгөөд байгаа юм биш л дээ, хувьцааг нь худалдаж авахыг хэлж байгаа юм/ төсөвт суулгачихсан, 330 тэрбум төгрөг болж байгаа. Аж ахуйн нэгжүүдэд амлаад байсан 10 хувийн хувьцааг иргэдээс худалдаж авна гэвэл дахиад 1,5 их наяд төгрөг орно оо” гэсэн. Гэхдээ энэ мөнгө одоо төсөвт байхгүй, хэзээ орж ирэх, хаанаас хулгайлахыг ч мэдэхгүй. Тийм учраас өнөөдөр иргэдийн зүгээс тавиад байгаа /яг үнэндээ бол хамгийн сүүлд АНАТХ-ынхон энэ сэдвээр Их хуралдай хийсэн л дээ, хэрэв тэднийг иргэн Г.Уянга, М.Энхсайхан, Н.Энхбаяр гэж харах юм бол/ “Хувьцаагаа ч авна, сая төгрөгөө ч авна” гэдэг шаардлага дэндүү увайгүй зүйл болж харагдаж байна.

Наанадаж сонгуулийнхаа үр дүнг харах хэрэгтэй шүү дээ. Хэн нь олонхи болж, юу амлалаа гэдгийг. Хэрвээ Ардчилсан нам сонгуульд ялсан бол хувьцаагаа авна, Ардын намаас бол сая 500-гаа авна. Энэ бол эрүүл шаардлага. Тиймгүй тохиолдолд 1 сая+1,5сая=1,5 гэдэг гаргалгаа харин ч логикийн хувьд илүү зөв болж байна. Ардын намыг сонгосон нь сая 500-гаа, Ардчилсан намыг сонгосон нь хувьцаагаа авна биз, болоо юм биш үү?

Манай улстөрчид, улс төрийн намууд ч гэсэндээ цаашдаа хэн дуртай нэгнийх нь хэлсэн үгэнд очиж бүдрээд, шидсэн чулуу болгоныг нь хөөж гүйгээд байж болохгүй гэдгийг энэ удаагийн сонгууль харуулсан болог, сургамж нь хаа юм. 

Сая төгрөг хувьцааны барьцаанд ороод даший шог


УИХ-ын эрхэм гишүүд өнөөдөр нэгдсэн хуралдаанаараа бараг санал нэгтэйгээр сонгуулийн амлалтаасаа буцлаа. Нэгэн дуугаар амласнаасаа ганц амьсгаагаар бултаж чаддагийн жишээг тодоор харуулав. УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталснаар улс төрийн намуудын сонгогчдод амласан 1,5 сая төгрөгийн үлдсэн нэг сая төгрөгийг Тавантолгойн 1072 ширхэг хувьцаагаар барьцаалж орхив. Ёстой “Авбал ав, байвал бай” гэсэн шиг гишүүдийн 76,1 хувь нь ярс хийтэл кнопдоод амлалтын мөнгөний гуравны хоёрыг Тавантолгойн хувьцааны 20 хувиар тас барьцаалсан тогтоол баталлаа. Үүнийг эсэргүүцсэн Я.Батсуурь нарын цөөн гишүүн олны өмнө хүчин мөхөсдөхийн гашууныг амсаад үлдлээ.

Нэгэнт тогтоол гарсан тул иргэн та одоо нэг сая төгрөгөө аваад хувьцаагүй хоцорно. Эсвэл хувьцаагаа аваад нэг сая төгрөггүй үлдэнэ. Үгүй бол таван зуун мянган төгрөгөө 536 хувьцаатай авч болно. Иймэрхүү сонголт дунд иргэдийг хавчуулаад даший шог. Уг нь намуудын амлалт ёсоор иргэн бүр 1,5 сая төгрөг бэлнээр авч дээрээс нь Тавантолгойн ордын хувьцааны 20 хувь болох 1072 хувьцааг үнэгүй эзэмших байсан юм. Намууд 500 мянган төгрөгөө увуулж цувуулж өгч байгаа ч үлдсэн сая төгрөгөө бэлнээр авах, сургалтын төлбөртөө өгөх, төлбөртэй эмнэлэгт үзүүлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалдаа ашиглах, орон сууц авбал нэмэрлэх гээд хэд хэдэн сонголт байсан нь хүчингүй боллоо. Тавантолгойн хувьцааны 20 хувь болох 1072 хувьцааг иргэн бүртээ үнэгүй өгнө гээд хайр зарлаад байсан нь худлаа болж хоцров. Тогтоолд 20 хүртэл хувь гэсэн “засвар” шургуулаад баталчихлаа. Энэ “хүртэл” гэсэн үг асар хорлонтой эд. Нэгэнт “хүртэл” гэсэн зальжин үг хавчуулсан болохоор иргэн танд яг таг 20 хувь бус тав, арав, бүр ганц хувийг ч хүртээж болох нь. Нэг сая төгрөгөө бэлнээр аваад, 21 мянган төгрөгийнхөө зургадугаар сарын 30 хүртлэх үлдсэн мөнгийг бас бэлнээр хүртчих юм бол танд Тавантолгойн уурхайн ашиг хишгээс юу ч нялзахгүй.

Сургалтын төлбөртөө нэг сая төгрөг авсан оюутнуудад Тавантолгой одоо хамаагүй. Хоёроос зургадугаар сарын 21 мянгаасаа татгалзвал цөөн хэдэн хувьцаа сарвайх юм шиг байна. Нэг сая төгрөгөө бэлнээр авах гээд аль өнгөрсөн оны сүүлээс бүлтийтэл горьдож суугаа ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр мөнгөө аваад идчихвэл Монгол Улсынхаа байгалийн баялгаас хүртэх амны хишиг дутна. Тал мөнгөө авбал тал хувьцаа өгнө гээд гишүүд товчлуур дарчихлаа. Хүүхэд, хөдөлмөрийн насны эрүүл саруул иргэдэд нэг сая төгрөгийн бараа харна гэдэг үлгэрийн далай болов. Тавантолгойн хувьцаа олдож байвал их юм. Аягүй бол сонгуулийн дараа засаг солигдоход “Өмнөх засгийн амласан хувьцаа маньд падгүй” гэх биз.

Улстөрчдийн нохой зан гэж ийм байдаг аж. “Ноён урваач, нохой шарваач” гэдэг  дээр “улстөрч бултаач” гэж нэмэгдлээ. Хорь гучин жилийн дараах амар сайхан амьдралын тухай үлгэр яриад байсан нь ийм учиртай байж. Хүүхэд унтуулж байгаа юм шиг үлгэр шивнэж байгаад иргэдээ сайхан дөнгөчихлөө. Ийм юм болно гэдгийг сонгогчид дөрвөн жилийн өмнө мэдэж байсан. “Энэ амлалт явахгүй дээ, эдийн засаг даахгүй, инфляц хөөрөгдөнө” гэж арай бодитой хардаг хэсэг нь хардахад “Санаа зоволтгүй, Монгол Улс уул уурхайн үүцээ задалж дэлхийн баян орны тоонд орж байна шүү дээ” хэмээн нахилзаад байсан гишүүд өнөөдөр царай буруулав.

“Монголын эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрч, дэлхийд айргийн тавд давхиж явна” гэсэн гоё үлгэр зохиогч гишүүд 40 хувийн ядууралтай иргэдийнхээ тарчигхан амьдралаар сайхан даажигнав.

Хэдэн сарын дараа тэд хөхөө шиг уран донгодоод сонгогч таны өмнө санал гуйгаад мэхийх болно. Бас амандаа багтахгүй сайхан амлалт өгнө. Төрийн ордонд урьж, ордны хоол амтлуулж, унааны мөнгө нэрээр таван төгрөг атгуулна. Хариуд нь санал гуйна. Одоо түүнд нь итгэдэггүй юм шүү, сонгогчид минь. Гишүүд сайхан сайхан “хоолны нэр” хэлж, сонгогчид дөрвөн жил эцтэлээ хоосон “савхадлаа”. Хий савхдаж сууснаас хэрдээ таарсан ажил хийсэн бол дөрвөн жил хүлээлгэсэн ганц саяас илүү мөнгө олох л байсан. Юманд хэмжээ байдгийг одоо сонгогчид гадарлахтайгаа болсон биз.

Тавантолгойн тогтоолыг баталлаа



УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, улмаар гишүүдийн 76.1 хувийн саналаар баталлаа. Тогтоолын төсөл батлагдсанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг иргэд үнэ төлбөргүй эзэмшиж, 10 хувийг аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр арилжаалахаар болж байна. Иргэдийн хувьд 1072 ширхэг хувьцаагаа мөнгөжүүлнэ гэж үзвэл Засгийн газар түүнийг нь 1 сая төгрөгөөр үнэлэн худалдан авах юм. Нэг үгээр хэлбэл, 1 сая төгрөг, 1072 ширхэг хувьцаа хоёрынхоо аль нэгийг авах сонголт нь иргэдийн хувьд нээлттэй үлдэж буй билээ.

Тавантолгойн 39 дүгээр тогтоолыг хэлэлцэж байна



УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Дээрх төслүүдэд зааснаар “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас Монгол Улсын иргэд 20 хувийн хувьцаа эзэмших болж байгаа юм. Мөн үндэсний аж ахуйн нэгжид тус компанийн хувьцаанаас 10 хувийг нь нэрлэсэн үнээр нь арилжаалахаар тусгаад буй. Ингэхдээ Хүний хөгжлийн сангаас нэг сая төгрөгөө сургалтын төлбөр хэлбэрээр авсан оюутнуудад хувьцаа олдохгүй. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувь хишгээ 1 сая төгрөгөөр бэлнээр авсан нөхцөлд дээрх 1072 ширхэг хувьцаа олдохгүй болж буй билээ.

Тиймээс хэлэлцүүлгийн шатанд энэ асуудал нэлээд хөндөгдөж байна. Мөн “Эрдэнэс тавантолгой” компани хэр чадамжтай байна вэ гэдэг асуудлыг ч УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг хөндлөө. Тэрбээр хэлэхдээ “Эрдэнэс тавантолгой компани нь 250 сая ам.долларыг урьдчилж зээлэн түүнийгээ иргэддээ тараагаад өгчихсөн. Ийм нөхцөлд “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахад үнэ цэнийг нь бууруулах юм биш биз” гэж байлаа. Түүнчлэн төрийн өмчит аж ахуйн нэгжийн ажил явдаггүй, харин хувийн хэвшлийнх гялтагнаад байдаг. Үүний тод жишээ бол Том тавантолгой компанийн дэргэд үйл ажиллагаа явуулж буй “Энержи ресурс”, жижиг Тавантолгой, Дайцүкц зэрэг компанийн ажлаас харж болно. Энэ нь Засгийн газрын зүгээс төрийн өмчит компанийн ажлыг хэргээр явуулахгүй байсаар унагах чиглэл рүү явуулж байна гэж хардахад хүргэж буйгаа нуусангүй.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Будын хэлснээр бол “Эрдэнэс тавантолгой” компани таван лиценз эзэмшдэг. Дээр нь иргэдийн 50 хувь нь шахам хувьцааныхаа оронд бэлэн мөнгө авах сонирхолтой байгаа. Тиймээс “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг гадаад зах зээлд гаргахад асуудалгүй. Компанийнх нь өөрийн үнэ цэнэ 6.1 тэрбум ам.долларын үнээр үнэлэгдэж байгаа тухай холбогдох албаныхан өгсөн гэлээ. Одоо энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос дэмжлэг хүлээсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээс санал хураалгаж эхэллээ.

Харин энэхүү Тавантолгойн тогтоолд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлыг хэлэлцэхийн өмнө ярьж байсан Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн юм.

2012/02/16

Хятадууд ”Эрдэнэс ТТ”-той хийсэн наймаагаа буцаах уу


Хятадууд Монголын Засгийн газартай хийсэн наймаагаа буцаахаар шийдсэн  тухайгаа албан бичгээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбишид ирүүлсэн гэх мэдээлэл байна.

 Өнгөрсөн оны долдугаар сарын сүүлчээр Тавантолгойн зүүн Цанхиас олборлох нүүрсийг  худалдаж авах гэрээг Хятадын “Чайналко” компани “Эрдэнэс Тавантолгой”-той хийж, Монголын Засгийн газарт 250 сая ам.долларынхаа урьдчилгааг аль хэдийнэ өгчихсөн билээ. Тус компани өнгөрсөн оны наймдугаар сарын 4-нд албан ёсоор Монголын хэвлэл мэдээллийнхний өмнө Монголоос нүүрс худалдаж авах ёслол үйлдсэнээс хойш  зургаан сарыг үджээ. Энэ хугацаанд Монголын Засгийн газар ч хятадуудаас урьдчилгаа болгон авсан 250 сая ам.доллараа Эх орны хишиг нэрээр иргэдэд хэдийнэ тараачихсан.  Гэрээ ёсоор бол  “Чайналко” компани таван жилийн турш Тавантолгойн ордоос олборлосон нүүрсийг тонн тутмыг нь 70 ам.доллараар худалдан авах ёстой. Гэтэл гэрээ хийснээсээ хойш хоёр, гурав сарын дараанаас хятадууд “Танай нүүрсний чанар муу, тээвэрлэлт нь эрсдэлтэй байна” хэмээн гоншигнох болсныг нүүрсний салбарынхан ч баталж байна лээ.

Хятадууд эхэн үедээ үүнийгээ аман хэлбэрээр илэрхийлж  байсан бол өнгөрсөн сард Монголын Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой” компанитай хийсэн гэрээгээ цуцалмаар байгаагаа албан бичгээр өгүүлжээ. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбишээс тодруулахад, “Би ийм бичиг ирснийг мэдэхгүй” гэсэн хариултыг өгсөн.

Коксжих нүүрсний чанараараа дэлхийд гайхагдаж байгаа, гадаадынхны шунал хүслийн цэг болоод буй Тавантолгойн ордын “оригиналь” нүүрс хятадуудад гологдох болсон шалтгааныг нүүрсний салбарынхан хоёр янзаар тайлбарлаж байна. 

Урьдчилгаа 250 сая ам.доллараа Монголын Засгийн газарт аль хэдийнэ тушаачихсан хэрнээ хятадууд яагаад наймаагаа буцаахаар ийнхүү албан бичгийг “Эрдэнэс Тавантолгой” компанид илгээв ээ. Нүд, шүдээ ухаад өгөх нь холгүйхэн аашилж байсан “Чайналко”-гийнхан Монголоос худалдан авч байгаа нүүрсний чанар эрс муудсан гэдэг гомдлыг албан бичигтээ дурджээ. Хамгийн сайн чанарын, хамгийн үнэтэй нүүрсийг Монголоос дэлхийн зах зээлээс хамгийн хямдхан худалдан авч байгаа хэрнээ чанарын асуудлыг хөндөх болсны  шалтгаан нь юу байв аа. Тэгвэл энэ шалтгааны эзэд, асуудлын гол буруутан нь манай тээвэрлэгч компаниуд бололтой юм. Тэд Тавантолгойн ордоос Цагаан хад хүртэл нүүрс тээвэрлэх замдаа  сайн чанарын коксжих нүүрсийг замын ченжүүдэд өндөр үнээр зарж, оронд нь хүрэн нүүрс хольчихдог гэсэн яриа бий. Энэ хэрвээ үнэн бол “танай нүүрсний чанар муу болсон, тээвэрлэлт нь эрсдэлтэй байна” гэх хятадуудын гомдол үндэслэлтэй.

Гэхдээ нөгөө талаар “Эрдэнэс Тавантолгой”-д ирүүлсэн “Чайналко”-гийн албан бичиг хятадуудын шантаажийн нэг хэлбэр байж ч болох талтай юм билээ. Монголын Засгийн газар өөрсдийнх нь мөнгийг нэгэнтээ идээд, уучихсан болохоор элдэв янзын гомдол, акц гаргаж байгаад Тавантолгойн коксжих чанарын нүүрсийг 70 ам.доллараас доогуур үнээр авах гэсэн хужаа нарын арга заль байж ч магадгүй юм. Тэртээ тэргүй Монголын Засгийн газар өрөнд орсон, хэрвээ хятадуудтай хийсэн гэрээгээ цуцалвал сайн чанарын нүүрстэй гэх Тавантолгой ордын нэр хүнд дэлхийд навс унана. Тэгвэл Тавантолгойн ордоор тэжээлгэх тухай монголчуудын мөрөөдөл талаар болох нь тодорхой учраас хятадууд Монголын эмзэг талуудыг ашиглан, боломжгүй байдлаар нь далимдуулж, Тавантолгойн нүүрснийг хямдхан үнээр авах санаархлын илрэл гэх хүмүүс ч байгаа юм. Хэрвээ их гүрэн холын бодлогоор “Эрдэнэс Тавантолгой”-той хийсэн наймаагаа буцаавал Монголын эдийн засагт эрсдэл учирна. Эспортлогч орон болох хүсэл, иргэдэд тараах хувьцаа, ирээдүйд хэрэгжүүлэх Монголын Засгийн газрын томоохон төлөвлөгөөнүүд бүгд нурах нь ойлгомжтой.

Өгсөн мөнгийг чинь идээд дууссан, хоосон хүний хоёр чихийг огтлоод авах уу гээд ямар гүрийлтэй нь биш. Улс орны нэр хүнд, эдийн засгийн хөгжлөө бодсон ч монголчууд ингэж хэлж чадахгүй.  Далайд гарцгүй Монголд Хятадаас өөр нүүрсээ зарах том зах зээл байхгүй болохоор хятадууд бидний өмнө тор тавьчихаад байгаа ч юм билүү. Монгол Улс хүссэн хүсээгүй нүүрсээ Хятадын том зах зээлд экспортолж таарна. Тэгэхээр хятадуудын Монголын Засгийн газартай хийсэн наймаа буцаагдвал өнгөрсөн жил 17 хувьтай гарсан хэмээн хөөрцөглөөд байгаа эдийн засгийн өсөлт байхгүй болно гэдгийг монголчуудаас түрүүлээд тооцчихон байхыг үгүйсгэмгүй юм.  Өнгөрсөн онд манай улс төсвийн дийлэнхийг нүүрсний экспортоос олсон орлого бүрдүүлсэн бөгөөд Монгол 2011 онд 21 сая тонн нүүрсийг Хятадын зах зээлд нийлүүлсэн гэх тоо баримт бий.

Ер нь сүүлийн өдрүүдэд “Эрдэнэс Та­ван­толгой” компани бага­­гүй асуудалд ороод бай­гаа аж. Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХК-ийн охин компани “Эрдэнэс Таван­толгой” компанитай гэрээ байгуулан Өмнөговь аймгийн Тавантолгойн ордоос олборлосон нүүр­сийг Цагаан хад хүртэл тээвэрлэж буй “Гео транс”, “Хурд”, “Шанд хурай” зэрэг тээврийн компанийн 300-гаад жолооч өнөөдрийг хүртэл нэг, хоёрдугаар сарынхаа цалинг авч чадаагүй байгаа гэнэ.

Тээврийн компаниуд Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”-той байгуулсан гэрээгээр сар бүрийн эхний 10 хоногт багтаан тэдний дансанд “Эрдэнэс Тавантолгой” компани мөнгөө шилжүүлэх ёстой. Гэтэл төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар тээвэрлэлтийн мөнгөө шилжүүлэхгүй байгаагаас жолооч нар цалингаа авч чадахгүйд хүрчээ. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбишээс асуухад “Би тэр асуудлыг мэдэхгүй, мөнгөө шилжүүлсэн” гэсэн. Ноён Б.Энэбишийн хувьд сүүлийн үед “мэдэхгүй гэдэг мянган үгний таглаа” гэдэг үнэн болчихоод байгаа. Тавантолгой төслийн стратегийн хөрөнгө оруулагч хэзээ тодруулах вэ гэсэн асуултад тэрбээр “Соаl Mongolia-2012”-ын үеэр мөн л “Мэдэхгүй” гэж байсан юм. Тэгэхээр төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани, “Мэдэхгүй” хариултаар дүүрч, шийдвэрлэх олон бэрхшээл тэнд үүсчихээд  байна.

Эцэст нь хэлэхэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Чайналко”-той хийсэн наймаа цуцлагдвал олон улсын хөрөнгийн зах зээлд ирэх тавдугаар сард гаргана гэсэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанд ч сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй.

Тавантолгойн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ



Өнөөдөр үдээс өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж дараах асуудлыг хэллэцэнэ.


10.00 цагаас:

1. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;


2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нараас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна.

3. "Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь нараас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Р.БУД танилцуулна.

4.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАТБАЯР танилцуулна.
5. "Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай", "Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЧИРБАТ танилцуулна.
6. "Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.БАДЕЛХАН танилцуулна.
7. Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

  • Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.
8. Монгол Улсын шүүхийн тухай, Шүүхийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

  • Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.ОДБАЯР танилцуулна.
9. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
  • Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.ОДБАЯР танилцуулна.
10. Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /дөрөв дэх хэлэлцүүлэг/;

11. Төсвийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн болон "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай", "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЗАГДЖАВ танилцуулна.
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ЭРДЭНЭ танилцуулна.

12. Инновацийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүд /Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямбаас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.БЯМБАЦОГТ танилцуулна.
  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.

13. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  • Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА танилцуулна.
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.БАТСУУРЬ танилцуулна.

14. Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал.

2012/02/15

Бэлэн мөнгөнөөсөө татгалзаж, Тавантолгойн хувьцаа эзэмшиж болно


Бэлэн мөнгөнөөсөө татгалзаж, Тавантолгойн хувьцаа эзэмшиж болно

Монгол Улсын иргэн бүр Тавантолгойн хувьцаа эзэмшигч болох уу, эсвэл оюутан, тэтгэврийн насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сая төгрөг авсан тул хоосон хоцрох хэрэгтэй юү. Тав биш тавин жил энэхүү хоолыг сая төгрөгөөр арилжих нь зөв үү, буруу юу гэхчлэн олон асуулт ар араасаа хөвөрч байна.

Өөрөөр хэлбэл, МАН-ын нэг сая төгрөг+АН-ын нэг сая төгрөг бүхий хувьцаа=2.5 сая уу, эсвэл сонголт уу. Асуултын хариу нэгэнт тодорхой болсон мэт харагдавч хоёр нам санал зөрөлдөж, асуудлыг хойш татсаар байна. Гишүүдийн өргөн барьсан тогтоолын анхны төслөөр иргэн бүрт “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны 20 хувийг олгохоор тусгасан. Харин ажлын хэсгийнхэн дээрх санааг 20 хүртэл хувь гэж өөрчилжээ.

Нийтийн эрх ашиг, амьжиргаанд тулгуурласан энэхүү тогтоолын төсөлд хүн бүр анхаарлаа хандуулаад буй. Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцэх үеэр Я.Батсуурь гишүүнээс өөр асуулт асуух гишүүн ч гараагүй нь хоёр нам хэдийнэ эцсийн хариугаа гаргажээ гэж дүгнэж болохоор байлаа. Тэрбээр “Миний санаачилсан төсөл тэс өөр болчихлоо. Монгол Улс баян хоосны ялгааг арилгана гэдэг атлаа энэ маягаараа хувьцаа олгох юм бол Тавантолгойн хувьцаанаас олон хүн авч чадахгүй. Тэр дундаа оюутнууд хувьцаагүй үлдэнэ. Өндөр настнууд ч хувьцаа авч чадахгүй. Дээр нь амьдралын төвшин доогуур, орлого багатай иргэд хувьцаагаа арилжиж, хувьцаагүй л үлдэнэ. Байгалийн баялгийг ингэж шударга бусаар хуваарилдаггүй юм” гэв.

Түүний асуултад Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Буд “Харин ч таны өргөн барьснаас овоо танигдахаар төсөл болсон. Тодорхой заасан. Иргэдэд 536 хувьцаа олгох байсан нь 1072 болж нэмэгдсэн. Оюутнууд энэ жилийн сургалтын төлбөрт төрөөс олгох 500 мянган төгрөгөөсөө татгалзах замаар хувьцаатай болж болно. Үгүй бол үлдсэн хэдэн сард авах сар бүрийн 21 мянган төгрөгөөсөө татгалзаж, 100 мянган төгрөгийн хувьцаатай болох боломжтой. Гэхдээ орлого улсын төсөвт төвлөрнө. Энэ бүхэн төрийн өмч хувьчлагддаг шиг явна. Өмнө нь гаргасан шийдвэрээр 55- аас дээш насны эмэгтэйчүүд, 60- аас дээш насны эрэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэн тэргүүнд хувьцаа олгохоор болсон. 330 тэрбум төгрөг үүнд зарцуулагдана. Харин бусад хүмүүст олгох мөнгөний хувьд үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах замаар олох юм” гэж хариулав.

Гэсэн ч Я.Батсуурь гишүүн “Бид ялгаварлан гадуурхахгүйгээр хувьцаа олгох ёстой. Сая төгрөгөө бэлнээр нь өгдгөөрөө өг, хувьцаагаа ч өг” хэмээн хэлсээр байсан юм. Ямартай ч иргэд сонголт хийх нь гарцаагүй бололтой. Иргэн бүрийн “Хүний хөгжил сан”-гийн дэвтэрт нэг сая хүртэл төгрөгийн хувьцаа гэсэн бичилт хийхээр болсон юм. Харин сургалтын төлбөр хэлбэрээр хоёр удаа 500 мянган төгрөг авсан оюутнууд, сая төгрөгөө бэлнээр авах өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэвтэрт хасалт хийсэн бичилт хийхээр шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, тэдгээр иргэн мөнгөнөөс татгалзаж, хувьцаа авч болно. Эс бөгөөс Тавантолгойн хувьцаанаас эзэмшихгүй. Харин үлдсэн хоёр сая орчим иргэний хувьд хувьцаагаа юу, бэлэн мөнгө үү гэсэн сонголт хийнэ. Хэрэв бэлэн мөнгө болгоно гэвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалж IPO хийхээс өмнө Засгийн газарт худалдаалж болно. Засгийн газар иргэдээс хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдаж авч, үндэсний аж ахуйн нэгжүүдэд мөн нэрлэсэн үнээр нь санал болгон худалдахаар төсөлд тусгажээ.

Харин хоёр сая орчим иргэн үлдэгдэл сая төгрөгөө бэлнээр авна гэвэл энэхүү мөнгийг Засгийн газар гаргаж өгөх эсэхийг Я.Батсуурь гишүүн тодруулахад урьдчилсан байдлаар 50 хувь нь арилжиж, үлдсэн нь хувьцаагаа эзэмших сонирхолтой байгааг судалгаагаар тогтоосон гэнэ. Ингэснээр тэрхүү хувьцаагаа арилжих иргэдэд бэлэн мөнгөний асуудлыг Засгийн газар шийдвэрлэх боломжтой хэмээн хариуллаа.

Ямартай ч асуудлын талаар хэлэлцүүлэг төдийлөн өрнөлгүй, дараагийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм. Мөн өдрийн хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн хоёр төслийг хэлэлцэж, гишүүд анхны хэлэлцүүлгийг нь хийхийг зөвшөөрч, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Үүний дараа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдсэн.

УИХ 2011 оны төсвийн тухай хуулийг батлахдаа Сонгуулийн ерөнхий хорооны даргын төсвийн багцад 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамжийг худалдан авах зориулалтаар баталсан. Энэхүү хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад худалдан авах тусгай зориулалтын техник хэрэгслийн үнэ валютын ханшийн өөрчлөлтөөс хамааран өсчээ.

Хөрөнгө оруулалтын задаргаанд эдгээр техник хэрэгслийг импортоор худалдан авахад төлөх гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцож тусгаагүй зэргээс шалтгаалан 2012 оны УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахад шаардагдах 2500 ширхэг сонгогчийн бүртгэлийн болон санал тоолох техник хэрэгсэл, программ хангамж, холбогдох үйлчилгээг худалдан авахад төсөвт тусган баталсан хөрөнгө хүрэлцэхгүйд хүрсэн талаар танилцуулгад дурьдагдсан юм.

Сонгуулийн бэлтгэл хангахад зургаан сар орчмын хугацаа үлдсэн, төсвийн тодотгол хийх цаг хугацааны боломж муутай байгааг ч тодотгожээ. Иймээс энэхүү үйл ажиллагааны онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж УИХ-аас дээр дурьдсан техник хэрэгсэл, программ хангамжийг импортоор худалдан авахад Монголын тал хариуцан төлөх гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг нэг удаа чөлөөлөх тусгай хууль батлан гаргах нь хөрөнгийн асуудлыг шуурхай шийдвэрлэх чухал арга хэмжээ болох аж.

Дээр дурьдсан 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын дүнд багтсан импортоор худалдан авч буй техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж, түүнтэй уялдсан үйлчилгээг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2012 оны зургадугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нэг удаа чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан байлаа. Энэ хуулийн төсөлтэй холбоотой асуулт асуух гишүүн байгаагүй тул олонхийн саналаар хэлэлцэх асуудлыг дэмжин байнгын хороонд дараагийн хэлэлцүүлгийг хийлгэхээр шилжүүлсэн юм.

Р.Буд: Иргэдэд хувьцаа, мөнгийг давхар олгохгүй



УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Тавантолгойн талаарх УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлын талаар тус байнгын хорооны дарга Р.Будаас тодрууллаа.

-Тавантолгойн хувьцааны нэрлэсэн үнийг хэзээ тогтоох вэ. Иргэдэд олгох хувьцаа ямар үнэтэй байх вэ?

-Тавантолгойн хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргаж хөрөнгө босгох ёстой. Тэнд нэрлэсэн үнэ байх нь зохимж муутай гэдгийг олон улсын зөвлөхүүд хэлж байгаа юм байна. Хувьцааны үнэ яаж тогтдог вэ гэхээр зах зээлийн үнээр, бирж дээр арилжаалагдаж байж л тогтдог. Манай арилжаа хийгдэж эхлээгүй байгаа учраас өнөөдөр нэгж хувьцааны үнийг хатуу тогтоох боломжгүй байна. Нөгөө талаас олон улсын зах зээл дээр хөрөнгө босгоход саад учруулах юм. Сая тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэхдээ Засгийн газар Тавантолгойн хувьцааг ард иргэдээс худалдаж авах, эргүүлж төлбөр хийх, үүнтэй холбоотой журмыг дотооддоо гаргаж хэрэгжүүлье гэж Засгийн газартаа эрх олгохоор ярилцлаа.

Иргэдэд олгох 1072 хувьцаа бол ойролцоогоор нэг сая төгрөгийн үнэтэй гэдгийг ард иргэд ойлгох хэрэгтэй. Биржийн үйл ажиллагаа жигдэрсэн ч гэсэн Тавантолгойн хувьцаа арилжаалагдаж эхлээгүй байна. Үүнд учир нь байгаа юм. Тэрнээс биш Тавантолгойн хувьцаа дотоодын бирж, гадаад зах зээл  дээр арилжаалагдаад ирэхээр үнэ өсөх нь ойлгомжтой. Гэхдээ хувьцааны үнэ нэгдүгээрт, үндсэн ордын эдийн засгийн үр ашгаас, хоёрт, дэд бүтцээс хамаарна. Гэрэл цахилгаан, төмөр зам, тээвэр, усны асуудал иж бүрнээрээ байснаар эцсийн бүтээгдэхүүн гарна. Аль болохоор нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гарч байж хувьцаа үнэ цэнд хүрнэ. Тэгэхээр хувьцаа цаашдаа үнэ цэнэтэй байна. Олон улсын зах зээл, Хонконгийн, Английн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаад ирэхээр үнэ өснө. Тиймээс бид ард иргэддээ хоёр боломж олгож байгаа. Нэгд, хувьцаагаа аваад цаашид эдийн засгийн эргэлтэд оруулаад үнэ өсгөөд явах нэг боломж байна. Хоёрт, “Үгүй ээ, үнэ өсөхийг хүлээх боломж алга. Эдийн засгийн хувьд хүндрэл байна. Хувьцаа үнэ цэнэтэй болох ч юм уу, үгүй юү, надад хүлээх боломж алга” гэсэн бодол ялангуяа настангууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд байж болно. Тиймээс УИХ үүний өмнө 53 дугаар тогтоол гаргаад эхний ээлжинд 2012 оны улсын нэгдсэн төсөвт 330 тэрбум төгрөгийг эдгээр иргэдэд бэлнээр олгохоор тусгасан. Гэхдээ ард иргэдээрээ бас сонголт хийлгэнэ. Бэлэн нэг сая төгрөгөө авбал ав, эсвэл хувьцаа үнэ цэнэтэй болох тул тавин хувийг нь хувьцаагаараа аваад Засгийн газартаа худалдвал худалд гэж байгаа. Энд хүний эрх зөрчигдсөн, тэгш бус байдал үүссэн зүйл ерөөсөө байхгүй.

-Иргэд хувьцаагаа яаж ашиглаж, хэзээ үр ашгийг нь үзэх вэ?

-Хүн болгонд 1072 хувьцаа өгч байна. Түүнийг яаж ашиглах нь ард иргэдийн сонголт.

-Сургалтын төлбөрөө авсан оюутнууд 1072 ширхэг хувьцаа авах боломжгүй болсон уу?


-Монголын төрийн бодлого хоёрдмол утгагүйгээр хэрэгжинэ. Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөв батлагдсантай холбогдуулж УИХ 57 дугаар тогтоол гэж баталсан. Түүний наймдугаар заалтад үүнийг тодорхой зааж өгсөн. Монгол Улсын иргэдэд нэг сая 500 мянган төгрөгтэй тэнцэхүйц хувьцаа, эсвэл бэлэн мөнгө олгоно гэж тэнд заасан. Түүнийгээ өнөөдөр бас хоёрдмол утгагүйгээр төсвийн тодотголд тусгаж байна. Тэр хэмжээнд л хувьцаа, бэлэн мөнгөө багтаана. Оюутнууд хоёр удаа 500, 500 мянган төгрөгөөр сургалтын төлбөрөө авчихаж байгаа. Хүний хөгжлийн 21 мянган төгрөгөөр өнөөдөр 400-гаад мянган төгрөг авчихаад байна. Ингэхээр 1,4 сая төгрөг авчихаж байгаа биз. Оюутнууд одоо үлдээд байгаа 100 орчим мянган төгрөгөндөө тааруулж хувьцаа авах уу, эсвэл мөнгө авах уу гэдгээ шийднэ. Тэрнээс биш хувьцаа, мөнгө давхардаж болохгүй шүү дээ. Тэгэх юм бол Үндсэн хуулиар иргэд тэгш эрхтэй байна гэдэг зарчим алдагдчих гээд байна.

-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөгөө бэлнээр авчихвал бас адилхан уу?


-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд УИХ-ын 53 дугаар тогтоолд гурван заалт бий. Түүний нэгдүгээрт Хүний хөгжлийн 21 мянган төгрөгөө ард иргэддээ зургадугаар сарын 30 хүртэл олгоё гэсэн. Эхний 500 мянган төгрөгийг 21 мянгаар цувуулж бүх иргэнд бэлнээр олгож байгаа. Хоёр, гуравдугаар заалтад юу гэж тусгасан бэ гэхээр 55-аас дээш настай эмэгтэй, 60-аас дээш настай эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг бэлнээр олгохоор тусгасан. Энэ мөнгийг нэгдсэн төсөвт тусгасан. Нийт дүнгээрээ 330 тэрбум төгрөг байгаа.

Одоо Тавантолгойн тогтоолд өөрчлөлт оруулж байгаатай холбоотойгоор эдгээр иргэддээ сонголт олгож байгаа. Нэг сая төгрөгөө бэлнээр нь авбал ав, хэрэв хувьцаагаа үнэ цэнэтэй гэж үзэж байвал хувьцаагаа аваад нэг сая төгрөгөө авахгүй байх боломж нээж өгч байгаа юм.

-Я.Батсуурь гишүүний санаачилсан төслөөс энэ төсөл өөр болсон гэж маргаан үүсээд байгаа. Адилхан л Тавантолгойгоос 1072 хувьцаа иргэдэд өгнө, аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг нэрлэсэн үнээр зарна гэсэн. Яг ямар ялгаа үүсээд байгаа вэ?

-Адилхан л аж ахуйн нэгжид олгох байсан 10 хувийг иргэдийн 10 хувь дээр нэмж 1072 ширхэг хувьцааг иргэдддээ олгоё гэсэн төсөл байгаа. Түүнийг нь бид 20 хүртэл хувь гэж төсөлд оруулахаар болголоо. Яг 20 хувь бүгдээрээ борлогдохгүй нь. Иргэдийн нэг хэсэг нь хувьцаагаа, нөгөө хэсэг нь бэлэн мөнгөө авна. Үүнтэй холбоотойгоор Тавантолгойн хувьцааны яг 20 хувь хүрэхгүй юм байна. Тэгэхээр 20 хүртэл хувь гэж тогтоолын төсөлд оруулж өгөхөөр болсон. Нөгөө талаас харин ч Я.Батсуурь гишүүний төслийг сайжруулчихаж байгаа юм. Монгол Улсын ачааны хүндийг үүрч, зах зээлийн харилцаанд улс орныг шилжихэд үүрэг гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүддээ мөн 10 хувийг санал болгоё гэсэн. Үүнтэй холбоотойгоор дэлхийн зах зээлд IPO хийж гаргах байсан 30 хувийг харин 20 хувь болгож байна. Төслийн агуулга өөрчлөгдөөгүй.