2011/07/22

Д.Энхбат: "Эрдэнэс- Тавантолгой"-н лицензийг энэ долоо хоногт багтаан шилжүүлнэ

Д.Энхбат:
"Эрдэнэс Тавантолгой"-н ТУЗ-ийн хурал энэ сарын 19-нд хуралджээ. Хурлаар "Эрдэнэс-Тавантолгой"-н лиценз шилжүүлэх талаар хэлэлцсэн байна. Энэ талаар ТУЗ-ийн гишүүн Д.Энхбаттай ярилцлаа.

-Хурлаар ямар асуудал хэлэлцсэн бэ?
-"Эрдэнэс Тавантолгой"-н ТУЗ-ийн хурлаар лиценз шилжүүлэх, үйлдвэрлэлийг өргөтгөх тоног төхөөрөмж худалдаж авах хөрөнгийг баталсан. "Тавантолгой"-н баруун, зүүн Цанхи ашигт малтмалын хайгуул олборлолт хийх таван лицензтэй. Эдгээр лицензийг шилжүүлэх талаар ярьсан. Лиценз шилжүүлэх ажил энэ долоо хоногт шилжинэ. Үүний дараа экспортлох ажил эхэлнэ.

-"Эрдэнэс MGL''-д байгаа таван лиценз бүгд шилжих үү. Зөвхөн нэг нь л "Эрдэнэс-Тавантолгой"-д шилжих үү?

-Одоогоор нэг лиценз нь "Эрдэнэс-Тавантолгой"-д шилжинэ. Үйлдвэрлэл эхлээд хөрс хуулалт дууссан. Тус компанийн ажиллаж байгаа хэсэгт ТЭЗҮ хийгдэж нөөц тогтоогдсон тул нүүрсээ экспортлох ёстой. Лиценз шилжиж ирэх л хүлээгдэж байна. Таван лицензийг шууд шилжүүлж болохгүй. Бүгдийг шилжүүлэхийн тулд баруун, зүүн Цанхийн хайгуулийн ажлыг бүрэн дуусгаж нөөцөө тогтоож, улмаар олборлох технологио тодорхой болгосны дараа шилжүүлнэ. Гэхдээ УИХ-аас бүх лицензийг шилжүүлэх тогтоол гарсан. Харин Засгийн газар хайгуулын ажлыг дуусгаж, нөөцийг нарийн тогтоож, хөрөнгө оруулалт хийгдэж эхэлсний дараа шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

-"Тавантолгой"-н баруун Цанхид хөрөнгө оруулах гурван консорциумыг эцсийн байдлаар баталж УИХ-д өргөн барихад бэлэн болсон уу?
-Засгийн газрын ажлын хэсэг эцэслэн шийдвэрлэнэ. Бидэнд өгсөн мэдээллээр тун удахгүй эцэслэн шийдвэрлэнэ. Цаашид хөрөнгө оруулагч оператор компаниудыг хурдан ажилд нь оруулж дэд бүтцийн асуудлыг нэн даруй эхлүүлэх талаар ярьсан. Уул уурхайн нүүрс тээвэрлэлтийг яаралтай эхлүүлэх тухай яригдаж "Эрдэнэс-Тавантолгой"-н уул уурхай хариуцсан даргад үүрэг өгсөн. Нэмэлт тоног төхөөрөмж авахыг зөвшөөрсөн. Одоогоор хөрс хуулалт дуусч экспортлоход бэлэн болсон. Нийтдээ нэг сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй. Одоогоор 250 мянган тонн нүүрс нөөцөлсөн байна. Нүүрсээ хурдан экспортлох шаардлагатай байна. Аль болох хурдан гаргаж олон улсын хөрөнгийн биржид IPO хийнэ. Хэд хэдэн хөрөнгийн биржид зэрэг гаргах талаар яригдсан. Ирэх оны эхээр IPO хийх бүрэн боломжтой.

-Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг өргөтгөх үү?
-Уул уурхайн машин тоног төхөөрөмж худалдаж авахад зориулж 25 тэрбум төгрөг баталсан. Нүүрс тээвэрлэх машин гэх мэт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авна.

-"Эрдэнэс-Тавантолгой"-н хөрөнгө оруулагчийг тодруулж батлахад УИХ-ын ээлжилт бус чуулган хуралдуулна гэсэн мэдээлэл байна. ТУЗ-ын хурал үүнтэй холбогдож болсон уу?

-Энэ талаар яригдаагүй.

2011/07/21

МАН АН-ынхныг Тавантолгойгоор адислав



УИХ-ын хаврын чуулган завсарласан ч улс төрийн “симфони” үргэлжилж байна. Ардын нам болон Ардчилсан намынхан Үндсэн хууль хийгээд  Сонгуулийн тухай хуу­лийг  шинэчлэх  эсэ­хэд санал нэгдэцгээсэн ч нам­чирхсан өдөөн хатгалга хийхээс хэтэрсэнгүй. Ард­чилсан на­мынх­ныг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж, сөрөг хүчний сүр хүчийг нь сулруулж чадсан эрх баригч хүчнийхэн ашиг сонирхлоороо далайлган мөнөөх “найзууд”-ынхаа зөрүүд занг хөдөлгөж орхисон. Бүр “Бид хүчтэй сөрөг хүчин шүү. Та нар олонхийн хүчээр далайлгаж, өөрсдөдөө ашигтай хувилбар батлуулах гэж байгаа бол санасны чинь гарз шүү” хэмээн хуралдааныг үе, үе орхин гардаг мартагдсан “уламжлал”-ыг нь ч сэргээлээ. Тийм ээ, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нар Ардын намын даргын тэргүүлдэг багт багтсанаас хойш иймэрхүү дүр зураг ажиглагдалгүй гурван жил өнгөрчээ. Харин одоо 2011 он. УИХ-ын ээлжит сонгууль эхлэхэд нэг жил ч хүрэхгүй хугацаа үлдлээ. Тиймээс Н.Алтанхуягийн багийнхан намынхаа фоныг санагалзаж, “гэр”-тээ цуг­лацгаалгүй яах вэ. Тэд юун түрүүнд “Сонгуулийн тогтолцоог 52:24 болгон өөрчилье” хэмээсэн Ардын намынханд эсэргүүцэл зар­ласан.

Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд ч сууцгаасангүй. Зүгээр л “Завсарлага авсан” гэх нэрийдлээр улс төрийн шантааж хийцгээх нь тэр. Эрх баригч хүчнийхэн тэднийг аргадаж, аашилж ч үзээд нэмэр болсонгүй. Экс Ерөнхийлөгч Н.Энх­баярын хэлсэнчлэн Төрийн ордон хав­рын чуулган завсарлахаас өмнө МАНАН-ын төөрөгдөлд боди­тойгоор орсон юм. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч аргаа баран эрхэм гишүүдийг албадах шахам ирүүлж байж, чуулганыг завсарлууллаа. Гэвч ганц хуулийн төсөл барьж, хэнээрхцгээсэн гишүүд нийгэмд хүлээлт үүсгэсэн олон асуудалд цэг тавьж чадсангүй.

Ардчилсан намынхан “Зөвшилцөл бол ёстой фашизм юм байна” хэмээн уурлацгаасан хэвээр. Учир нь Ардын нам, Ардчилсан намаас сонгуулийн тогтолцооны талаар зөвшилцөх ажлын хэсгийг томилсон юм. Гэвч Ардын намынхан 52:24 гэсэн хувилбараа зүтгүүлж, Ардчилсан намынхны эцсийн хувилбар болох 38:38-ыг хүлээн зөвшөөрсөнгүй. Улстөрчдийн тайлбарласнаар, УИХ-ын 2012 оны сонгууль, бүр түүнээс цаашхи сонгуулиудыг эрх баригч хүчний Удирдах зөвлөлийн тааллаар явуулах нь зайлшгүй хэрэг болж байх шиг байна. Хоёр намаас томилогдсон зөвшилцөх ажлын хэсгийнхний саналыг УИХ дахь Ардын намын бүлгийнхэн Удирдах зөвлөлдөө танилцуулна. Харин Удирдах зөвлөлийнхөн нь тэдэнд “Үгүй” гэсэн хариулт өгнө. Үйл явдлыг өнгөцхөн дүгнэвэл, Ардчилсан намынхан Ардын намынханд бойкот хийж байгаа мэт боловч Сонгуулийн тухай хуулийг хэрхэн шинэчлэхийг УИХ дахь олонхи мэдэх билээ. Тиймээс ирэх намар маргааныг зөвшилцөх ажлын хэсгийнхний саналаар эцэслэх биш, намуудын тохиролцоогоор нэг тийш шийдэх нь гарцаагүй. Ардын нам болон Ардчилсан намын дарга нар, УИХ дахь намын бүлгүүдийн удирдлагын түвшинд тохиролцооны “машин” хэдийнэ ажиллаад эхэлжээ. Ямартай ч дарга нь хамтарсан Засгийн газрын танхимд Тэргүүн шадар сайдын суудалтай намынхан Ардын намынхныг сонгуулийн тогтолцоогоор түргэн авахуулж, багагүй сандаргаж дөнгөлөө.

Гэвч Ардын намынханд Н.Алтанхуягийн “хүүхдүүд”-ийг айлгах хэрэгсэл байна. Тэр бол өмнийн говь дахь томоохон орд. Тавантолгой төслийн ажлын хэсгийнхэн уг ордын Цанхийн баруун хэсгийн 40 хувийг Хятадын “Шинхуа”, 24 хувийг АНУ-ын “Пибоди энержи”, үлдсэн хувийг Орос, Монголын хамтарсан консорциумд эзэмшүүлэхээр та­луудтай тохиролцсоноо Засгийн газарт саяхан танилцуулсан. Наадмын өмнөхөн буюу Ардчилсан намынхан УИХ-ын үйл ажиллагааг гацаачихсан байхад шүү дээ. Эл үйл явц сонгуулийн тогтолцоон дээр эрх ашгаараа нэгдэцгээж, С.Батболдын багийнхны эсрэг хөдөлсөн тус намынхныг дахин хагаралдуулахад хүргэлээ. Тавантолгой төслийн ажлын хэсгийнхэнд хэдийнэ “Муу” дүн тавьчихаад байгаа зарим нь “Асуудалд яагаад ийм хариуцлагагүй хандав” хэмээж байгаа ч “хөшиг”-ний цаана намынх нь дарга сууж байгаа учраас эсэргүүцээд ч нэмэргүй байгаа юм. Учир нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг дээрх төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, гадаадын хөрөнгө оруулагчдад Тавантолгойгоос ямар хувь оноохыг шийдэлцсэн. Тиймээс тус нам дахь зарим фракци элдэв акци зохиосон ч “Тавантолгойг хэрхэхийг та бид хамтдаа шийдсэн шүү” гэх Ардын намынхны харцнаас бултаж чадахгүй. Сайн ч, муу ч хамтын хариуцлага хүлээх учраас эрх баригч хүчний эсрэг хөдөлцгөөсөн Ардчилсан намын гишүүд “нуувч”-даа дахин орлоо. “Сонгуулийн тогтолцоог бид өөрсдийнхөөрөө шийдвэрлэж, намаа аварна. Олонхийг өмнөө сөхрүүлэх цаг ингэж ирдэг байжээ” хэмээн бардамнаж байсан тус намынхны амбицийг Ардын нам ийн дарав. Товчхондоо, Тавантолгойгоор айлга­чихлаа. С.Батболдын “цэргүүд”-ийн тактик ёсоор Ардчилсан намынхан өмнийн говь дахь ордоос болж, хэд, хэдэн тийш харцгаана. Нэг хэсэг нь Тавантолгой төслийг гар өргөн дэмжиж байхад нөгөө хэсэг нь эдийн засгийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийг хүснэ. Харин тойргийн гадна үлдэгсэд нь Н.Алтанхуяг даргынхаа гэрийн гадаа жагсахад хүрэх биз. Гэлээ гээд яалтай. Тэднийг намын дарга нь өрөөндөө дуудаж загнана. “Ирэх сонгуульд нэр дэвших эсэхийг чинь би шийднэ шүү” хэмээн тулгана. Ийм л нэгэн барьцаанд Ардчилсан нам яалт ч үгүй орлоо. Ардын намын дарга С.Батболд нэгэнтээ “Тавантолгойн эзэн нь Монголын ард түмэн байна” хэмээн мэдэгдсэн ч намуудад, тэр дундаа Ардчилсан намд өмнийн говь дахь ордыг тойрсон ашиг сонирхлын зөрчилдөөн ширүүсч байна. Гадаа биш, “гэр”-тээ элдвээр талцсаар ирэх сонгуулийг угтах нь ч тодорхой боллоо. Улс төрийн тавцнаа өнгөрсөн гурван жилд алдсан оноогоо нэг жилийн дотор цуглуулж чадахгүй нь ч лавтай. Ардын намынхан Ардчилсан намынхныг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж адис хүртээсэн. Харин намын дарга Н.Алтанхуягийг нь Тавантолгой төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллуулж, дахин адислалаа. Ардчилсан нам ийнхүү эрх баригч хүчний нээнтэгт нэгмөсөн орох нь тэр.

2011/07/20

Нийтлэлч Жаргалсайхан: Тавантолгойн таван асуулт


Наадмын өмнө Засгийн газар ээлжит бус хуралдаан хийж Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг яаралтай хэлэлцлээ. Засгийн газар цахим хуудсандаа дэлхий дээр нэрээ мэдрүүлээд байгаа энэхүү нүүрсний ордын хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын “Шиньхуа” групп 40, АНУ-ын “Пибоди” 24, Орос-Монголын хамтарсан консорциум 36 хувь /18:18/-ийг хамтран гаргахаар болжээ. Гэхдээ яагаад ч юм энэ цахим хуудсанд “эзэмшихээр болжээ” гэж бичсэн нь олон хүний толгойг эргүүлж байна.

Хуулийн гурван этгээд хамтран урагшаа болон зүүн тийшээ явах төмөр зам, 600 Мегаваттын цахилгаан станц, нүүрснээс шингэн түлш гаргах болон коксын үйлдвэрүүдийг барихаар тохиролцсон гэнэ. Хөрөнгө оруулагчидтай байгуулах гэрээний “төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж ирэх лхагва гаригт УИХ-д өргөн барихаар болов” гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлжээ. Засгийн газрын саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл наадмын өмнө яаран хуралдаж дэмжээд наадмын үеэр УИХ-д өргөн барихаар Засгийн газар тооцоолсон юм байна.

Түүхэндээ байхгүй урт наадмын амралтын өмнөхөн Засгийн газрын гаргасан энэхүү гэнэтийн шийдвэр нь Тавантолгойн төсөлд оролцохоор саналаа өгч урьдчилан шалгараад байсан гадаадын зарим компани, холбогдох улс орнуудын төр, Засгийн газруудыг гайхалд оруулаад байна. Монголын нийгэмд ч гэсэн эргэлзээ таамаг олныг төрүүлж, наадмын дараах улс төрийн амьдралын ээлжит маргааныг үүсгээд байна.

Олон улсын томоохон мэдээллийн агентлаг AFP мэдээлснээр Солонгосын Мэдлэгийн эдийн засгийн яамнаас дээрх шийдвэрийг сонсоод цочирдсон бөгөөд олон улсын тендерийг яагаад “ойлгомжгүй, шударга бус” явуулж байгаа тухайгаа тайлбар өгөхийг Монголын Засгийн газраас Японтой хамтран шаардах болно гэжээ. Японы Засгийн газар Монгол Улсын Гадаад харилцааны яаманд энэ шийдвэрийн агуулгын талаар албан ёсны тайлбар хийхийг хүссэн захиа аль хэдийнэ ирүүлжээ.

Ямар ч гэсэн Тавантолгойн төсөл эдүгээ наад захын таван асуулт, асуулт бүртэй холбоотой хэд хэдэн ойлгомжгүй нөхцөлийг нэгэнт бий болгоод байна. Нэгдүгээрт: Засгийн газрын шийдвэрт Тавантолгойн төсөл гэж байгаа ч уг нь бол баруун болон зүүн Цанх гэж хуваачихаад байгаа энэхүү орд газрын зөвхөн баруун хэсгийг нь ярьж байгааг тодруулан хэлээгүй байна. Засгийн газрын мэдээлэл хангалттай, тодорхой ойлгомжтой биш байгаа нь хэнд ашигтай юм бэ? Энэ бол зөвхөн Цанхийн баруун хэсэг бүхий талбайд нүүрс олборлох, түүнчлэн бүтээгдэхүүн борлуулалт болон орд ашиглах, бүтээгдэхүүн тээвэрлэхтэй холбоотой дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөлд хөрөнгө оруулж хамтрах талаар гэрээ байгуулах тухай л ярьж байгаа юм.

Хэрэв баруун хэсгийн тендерт оролцоод шалгарч чадаагүй компаниудыг зүүн хэсэгт нь оруулна гэж тооцож байгаа юм уу? Хэрэв тийм бол олон улсын тендерт энэ тухай эхнээс нь хэлэх хэрэгтэй байсан. Засгийн газрын бүхий л үйл ажиллагаа эхнээсээ л ойлгомжтой байх ёстой. Хоёрдугаарт: Эхнээсээ нэгдсэн компани буюу консорциумуудыг сонгон шалгаруулах тухай ярьж, зарим компанийг хоорондоо заавал нэгдэхийг Монголын Засгийн газар шаардаж байсан атлаа яагаад гэнэт “Шиньхуа”, “Пибоди” зэрэг компанийг сугалж дангаар нь шалгаруулсан юм бэ?

“Шиньхуа” уг нь “Мицуй”-тай хамтарсан нэгдэл болж орж ирсэн байсан. Урьдчилан шалгаруулсан, Засгийн газартай хөрөнгө оруулалтын хэлцэл хийж байсан хуулийн зургаан этгээдээс эцсийн байдлаар сонгон авах ёстой атал яагаад Монгол, Оросын гэсэн шинэ нэгтгэл гараад ирсэн бэ? Гараанаас гараагүй морь барианд ороод ирлээ. Олон улсын тендерийг ингэж явуулж болдог уу?
Гуравдугаарт: Яагаад Хятад улсын компани ганцаараа 40 хувийг буюу төслийн гүйцэтгэх захирлыг томилох болон бусад бүх эрх мэдлийг авсан бэ? Хятад улс хамгийн том хэрэглэгч, энэ компани өөрөө дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч гэдэг нь ойлгомжтой, гэхдээ тус улсын төрийн өмч давамгайлсан нэг компанид 40 хувийг өгсөн атлаа Орост 18 хувь ногдож байгааг хоёр хөршөө адил тэгш тавьж, дээр нь гуравдагч хөршийн бодлого явуулна гэсэн манай улсын гадаад бодлогын гол шугамтай аль зэрэг нийцэж байгаа хэрэг вэ?

Орос улстай удаа дараа хийсэн дээд төвшний уулзалт, хэлэлцээний үр дүнд Орос улс “ядуу хамаатны” суудлыг зөвшөөрөх үү? Хоёр орон руугаа адил гарцтай байна гээд л төмөр замын гол шугамаа өргөн царигаар хийнэ гээд л байсан биш бил үү? Дөрөвдүгээрт: Солонгос болон Япон улсын хамгийн том компаниудыг “жийсэн нь” энэ хоёр улстай өнөөг хүртэл явуулж ирсэн хоёр талын яриа хэлэлцээрийн үр дүнтэй нийцэх үү, үгүй юү?

Хоёр улсаас хамгийн түрүүнд гарч ирсэн мэдээллүүд үүнийг няцааж байна. Ялангуяа Япон улстай “стратегийн түншлэл” тогтоож байна гээд баахан зарлаагүй бил үү? БРИК-ийн хоёр том орон болох Бразилийн “Vale” (дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани), Энэтхэгийн “ArcelorMittal” (дэлхийн хамгийн том ган боловсруулагч) бас юугаараа монголчуудад гологдож байгааг тодорхой болгох шаардлага тавигдана. Бүгдийг нь оруулчихад юу нь болохгүй гэж?

Тавдугаарт: Хөрөнгө оруулагчид манайд “500 сая ам.долларыг буцалтгүйгээр шууд олгож, дахин нэмж 500 сая ам.долларыг урьдчилгаа болгон өгөхөөр” болсон нь хамтарсан Засгийн газар сонгуулийн амлалтаа биелүүлэхийн зорилго болохоос газрын доорх баялгаар урт хугацаанд бүх нийтэд өгөөжтэй болох сургууль, эмнэлгийн дэд бүтэц байгуулахад орохгүй нь тодорхой.

Ер нь ийм том стратегийн орд газрын ашиглалтыг аль нэг улс төрийн намуудын сонгуулийн барьцаа болгож байгаа нь энэ төслийг иймэрхүү ойрын хараагаар шийдэхийн оронд яаралгүй, дараачийн сонгуулийн шинэ Засгийн газарт өгвөл илүү өгөөжтэй биш үү гэсэн асуултыг Монголын иргэд тавьж байна. Ямар ч гэсэн дээрх таван асуулт бүр тодорхой болж байж Тавантолгойн төсөл урагшаа явах болно.

Оюутолгой төслийг хэд хэдэн төр засаг дамжуулан зургаан жил хэлэлцэж байгуулсныг бас санах хэрэгтэй. Ганцхан энэ удаа арай хурдан байх шаардлагатайг дээд тушаалын “нийтийн үйлчлэгч” нартаа сануулж байна.

2011/07/19

Тавантолгойн гэрээний асуудал маргаан мэтгэлцээн дагуулах цаг айсуй

-УИХ ээлжит бус чуулган зарлаж уг асуудлыг хэлэлцэхээр тєлєвлєж байна- Найр наадмын цаг эхэлсэн хэдий ч шийдлээ хvлээсэн цєєнгvй ажил тєр, засгийнхны ширээн дээрх цаасан дунд хэвтэж







сурталчилгаа »   

байгаагийн нэг нь Тавантолгойн хєрєнгє оруулагчийн сонгон шалгаруулалт билээ. Єнгєрсєн сарын сvvлээр Засгийн газрын ажлын хэсэг Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт олборлолт явуулж хєрєнгє оруулах гадаадын компани, консерциумуудтай хэлэлцээ хийж дуусгаад гурван их гvрний компанийг сонгосноо зарласан. Энэ нь нэг талаар урамшмаар мэдээ. Олон жил гацсан Оюутолгойг урагшлуулсан шигээ Тавантолгойг ч бас хєдєлгєх vvрэг хамтарсан Засгийн тазарт ногдож буй. Засгийн газрын ажлыг УИХ хаврын чуулганаараа хэлэлцэн, шийдэхээр тєлєвлєсєн ч сонгуулийн хуульд тээглvvлсээр амжилгvй завсарласан. Энэ сарын сvvлээр юмуу, ирэх сарын эхээр УИХ ээлжит бус чуулган зарлаж, Тавантолгой зэрэг томоохон асуудлыг хэлэлцэхээр тєлєвлєж буй сураг гарч байгаа. Ингэсэн тохиолдолд уг тєслийн ажил цаг хугацаандаа бус ч аажим урагшлах боломжтой болох юм.Засгийн газрын ажлын хэсэг хєрєнгє оруулах санал тавьсан гадныхантай 18 удаа хэлэлцээрийн ширээний ард суужээ. Vvний vр дvнд Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт БНХАУ-ын "Шинхуа" групп, АНУ-ын "Пибоди энержи", Орос-Монголын хамтарсан консерциум гэсэн гурван талыг vлдээснээ зарласан.

Хятадын "Шинхуа" группын тэргvvлсэн консерциумд Японы "Мицуй", "Иточу" компаниуд багтаж байгаа ба эдэнд 40 хувийг, Америкийн "Пибоди энержи"-д 24, Оросын тємєр замын нийгэмлэгийн тэргvvлсэн Солонгос, Японы компаниудын хамтарсан консерциумд монголчууд єєрсдєє багтаад 36 хувийг эзэмших болсон.

Гэтэл сvvлийн 36 хувьд "асуудал" vvсч мэдэхээр байгаа аж. Учир нь Засгийн газрын ажлын хэсгийн мэдээлэлд Япон, Солонгосын нэр байхгvй, Монгол 18, Орос 18 хувь гэсэн байсан нь багагvй хардлага дагуулж эхэлсэн. Єєрєєр хэлбэл, Оросын тємєр зам нийгэмлэг тэргvvтэй консерциум гэсэн атлаа оролцогч хоёр улсынх нь нэрийг бичээгvйд учир байна гэцгээх болов. Ажлын хэсэг Япон, Сслонгосын компаниудын нэрийг бичээгvй нь техникийн алдаа гэхэд хэцvv. Тиймээс тэднийг автоматаар хасав уу гэсэн хардлага дэгдэхэд хvрсэн билээ. Мэдээж хэлэлцээний ширээний ард суусан ажлын хэсгийнхэн УИХ дээр єрнєх хэлэлцvvлгийн vеэр тодорхой тайлбар єгєхєд vнэн мєний учиг тодрох байх. Тvvнээс єєрєєр бол ажлын хэсгийнхэн амаа хамхих нь тодорхой юм. Засгийн газрын ажлын хэсэг vнэхээр эдгээр улсын компаниудыг автоматаар хассан нь vнэн бол Тавантолгойн асуудал УИХ дээр "унаж" мэдэх гэнэ. Яагаад гэвэл УИХ-д хамгийн хvчтэйд тооцогддог Япон, Солонгосын талыг баримтлагч гишvvдийн лобби бvлгvvдтэй нvvр тулах болно.

Мєн хэлэлцээрийн vр дvнг ойлгоогvй зарим хvн "Монголчууд єєрсдийн оногдох 18 хувиа 100 хувь гэж vзээд тvvний 10 хувийг нь хувьцаа хэлбэрээр авах гэнэ. Хаана байна, тэр стратегийн ордын 51 хувийг эзэмшинэ гэсэн хууль чинь" хэмээн хардаж эхлээд байгаа аж. Тэр дундаа уул уурхайн гэрээ хэлэлцээрийг буруу зєв боллоо гэж ярин олон тvмнээс оноо тvvгдэг УИХ-ын зарим гишvvд болон Иргэний хєдєлгєєнийхєн ийм байдлаар мушгихаар зэхэж суугаа гэх. Vнэхээр ч тєр, засаг нэг шийдвэр гаргахад эргvvлээд гvмэн янзаар шvvмжилж. гутаахыг оролцогсдыг ийм хандлага гаргахад гайхаад байх явдалгvй юм.

Зарим ажиглагчдын олж байгаагаар энэ гэрээ хэлцэл уг нь маш сайн нєхцєлтэй болжээ. Хєрєнгє оруулагчид Монгол Улсад 500 сая ам.долларыг буцалтгvйгээр шууд олгож, дахин нэмж 500 сая ам.долларыг урьдчилгаа болгон єгєхєєр болсон тухай ажлын хэсгээс мэдэгдсэн. Тvvнчлэн тэд Монгол Улсад тєлєх бvх татвар, хураамжаас гадна "Эрдэнэс Тавантолгой" компанид тээврийн зардлыг хассан борлуулалтын орлогоос таван хувьтай тэнцэх тєлбєрийг єгєхєєр болсон. Ажлын хэсэг УИХ-ын 39, 40 дvгээр тогтоолыг vндсэн зарчим, удирдамжаа болгон ажиллажээ. Vндэсний хєгжлийн цогц бодлого, Засгийн газрын мєрийн хєтєлбєр, Vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн зєвлємж, Тємєр замд тєрєєс баримтлах бодлогын баримт бичиг, Ємнийн говийн дэд бvтцийн хєгжлийн хєтєлбєр, Сайншандын аж vйлдвэрийн парк, Гадаад бодлогын vзэл баримтлалыг стратеги, бодлоготой уялдуулж ажиллан vр дvнд хvрээд байгаа нь энэ юм хэмээн ажлын хэсгийнхэн тайлбарласан. УИХ-ын 39 дvгээр тогтоолоор дамжин єнгєрєх тээвэр, угтуулан тавих нєхцєл, урьдчилгаа тєлбєр, боомт ашиглалт, хєрєнгє оруулалт, борлуулалтын нєхцєлийн талаар хэлэлцээ хийж, гадаад, дотоодын хє¬рєнгє оруулагчдын оролцоотой нэгдсэн компани /консерциум/-ийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж, хєрєнгє оруулалтын гэрээний тєслийг УИХ-аар хэлэлцvvлэх, бусад баримт бичгийн тєслийг танилцуулахыг vvрэг болгосон билээ.

УИХ-ын 40 дvгээр тогтоолын дагуу одоо хvчин тєгєлдєр мєрдєгдєж байгаа хууль тогтоомжид нийцvvлэх, нєєц ашигласны тєлбєр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авах, шинээр барих эрчим хvч, авто болон тємєр зам, усан хангамж зэрэг дэд бvтцийн барилга, байгууламж, хот тосгон, нийгэм, соёлын асуудлыг шийдэх, эцсийн бvтээгдэхvvн vйлдвэрлэх зарчим баримтлахыг чиглэл болгосон. Мєн vндэсний боловсон хvчин бэлтгэх хєтєлбєр, тєлєвлєгєєг тохиролцох, орчин vеийн шилдэг техник, технологи ашиглах ба байгаль орчны нєхєн сэргээлтийг бvх vе шатанд хэрэгжvvлэх, гадаад, дотоодын нэр хvнд бvхий компаниудын уул уурхайн салбарын туршлага, санхvvгийн чадамж, ирvvлсэн санал зэргийг харгалзан vзэх чиглэлийг удирдамж болгон ажилласан тухайгаа ч мэдэгдсэн.

Хэлэлцээрийн vр дvнд урагшаа болон зvvн тийшээ явах тємєр замын асуудлаар талууд нааштай тохиролцоонд хvрсэн нь манай улсын хувьд ашигтай хувилбар болсон гэдгийг ч хvлээн зєвшєєрєх хэрэгтэй гэнэ. Мєн 300х2-ын буюу 600 мегаваттын цахилгаан станц барихаар болсон байна. Тvvнчлэн манай талаас тууштай тавьж байсан нvvрснээс шингэн тvлш гаргах, кокс vйлдвэрлэх зэрэг нэмvv єртєг бий болгодог vйлдвэрvvдийг барихаар эцэслэн тохиролцсон зэрэг vр дvнтэй ажилласнаа ажлын хэсэг онцолж байгаа билээ. Долоо, наймдугаар сард нэг хэсэгтээ л найр, наадам хэссэг шигээ алга болдог тєр, засгийнхныг єнєє жил Тавантолгойн асуудал амраахгvй шинжтэй байна. Дээр хэлсэнчлэн "ард тvмэн, улс орны эрх ашиг" гэхчилэн улиг болтол давтаж, оноо тvvдэг хэсэг нєхдийн ам хэл загатнаад байж ядан суугааг ч анзаарч болно. Уг нь хэтэрхий улстєржvvлэлгvйгээр хурдхан шийдээд явбал Монгол Улсад уг гэрээ ашиг тусаа єгєх боломжтой санагдана.

2011/07/18

П.Цагаан: Тавантолгой түүхий байна

Ерөнхийлөгчийн Эрдэс баялгийн бодлогын зөвлөх П.Цагаанаас тодруулга авлаа. 

-Таван Толгойн ордын талаарх Засгийн газрын шийдвэрийн талаар янз бүрээр шуугиж байна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь тодорхойгүй байх шиг байна. Тодруулж болох уу?

-Засгийн газар Ерөнхийлөгчид Тавантолгойн тендер, хөрөнгө оруулалттай холбоотой материалыг хоёр хоногийн өмнө ирүүлсэн. Зөөлхөн хэлбэл бүрдэл дутуу, хатуухан хэлбэл хариуцлагагүй материал ирүүлсэн учраас нэмж мэдээ, мэдээлэл шаардаж авч, судалж үзсэний дараа л санал, дүгнэлт хэлэх, байр сууриа илэрхийлэх боломжтой болно байх.

-Сонин, хэвлэлээр Засгийн газрын гаргасан мэдээг магтан сайшаасан ярилцлага, мэдээ мэдээлэл цуварч эхэлж байна. Энэ нь тархи угаалт болж таарч байна уу? 
-Гэрээ, хэлэлцээртэй сайтар танилцаагүй байж, өөрөөр хэлбэл, баримт бичгийн гэдэс дотрыг нь нарийвчлан үзэж харааагүй байж, хэвлэлийн мэдээнд хөтлөгдөөд  сайн, муу гэж үнэлэлт дүгнэлт өгөх нь гоомой хэрэг болох биз ээ.

-ҮАБЗ-өөр хэлэлцэх гэж байгаа гэл үү?

-Тавантолгойн орд бол жирийн нэг орд биш. Монголын нийгэм, эдийн засагт гүнзгий трансформаци, хөгжил дэвшил авчрах стратегийн ач холбогдолтой орд учраас хөрөнгө оруулалтын болон бусад бүх гэрээ, хэлэлцээр, тооцоог Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, дараа нь УИХ-аар хэлэлцэж, дэмжих учиртай.  Төслийн ТЭЗҮ, эдийн засгийн үр өгөөжийн тооцоо, хөрөнө оруулагч улсуудад угтуулан тавьж, тохирсон нөхцөл зэрэг олон асуудлыг цогцоор нь авч үзэж байж,  шийдвэр гаргах шаардлагатай. Ингэхдээ үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, хөгжлийн стратегитэйгээ нийцсэн, бас түншүүдийнхээ итгэлийг даасан, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг барих нь чухал. Тэр нөхцөл хангагдсан нөхцөлд л эцсийн шийдвэр гарах ёстой.

Нэмж хэлэхэд, бидэнд сайн, саар туршлага багагүй хуримтлагдсан. Таван толгойг  Оюу толгойтой харьцуулахад эрдэс байлгийн төрлөөсөө гадна  хууль зүй,  өмчлөлийн хувьд агуулгаараа огт өөр. Тоглоомын дүрмийг монголчууд бид өрсдөө зохиох эрхтэй. Гэхдээ энэ нь гурван бөхтэй тэмээ зурна гэсэн үг биш гэдэг нь бас ойлгомжтой биз ээ.  

2011/07/15

ТАВАНТОЛГОЙ ДЭЭР ХҮСЭЭД БАЙСАН ТЭР ТООГ БИД ОЛЖ ЧАДСАН

Монгол улсын зөвлөх инженер, геологич А.Чимэддоржтой ярилцлаа. Тэрбээр Тавантолгойн ордын нөөцийн тооцооллыг хийж, Улсын нөөцийн комисст оруулсан геологич. Одоо “Саусгоби сэндс” ХХК-ийн Ерөнхий геологичоор ажиллаж байна.






“НОРВЕСТ” МОНГОЛЧУУДЫН ХИЙСЭН ХАЙГУУЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨД ЗӨВХӨН ХУВИРГАЛТ ХИЙСЭН

Тавантолгойн ордын нөөцийн тооцооллыг хийх болсон талаараа яриач? Энэ хариуцлагатай чухал ажилд юуны учир тохоогдсон юм бэ?

Би 1975 онд Техникийн их сургуулийг эрэл, хайгуулын чиглэлээр төгссөн юм. Эрэл хайгуул, зураглал гээд дотроо төрөлжинө. Эрэл, хайгуул нь нөөцийн тооцоо, аргачлал руугаа гүнзгий ордог гэх үү дээ. Сургуулиа төгсөөд 1981 он хүртэл Монгол орны янз бүрийн нүүрсний орд дээр ажиллалаа. Шарын гол, Өвөрхангайн Баянтээг, Дорноговийн Хашаатхудаг, Сэлэнгийн Улаан-Овоо, Баянхонгорын Өвөрчулуут, Говь-Алтайн Олонбулаг зэрэг орд дээр хайгуул хийсэн. Ихэнхийг нь шинээр илрүүлсэн. Баянтээг, Шарын гол хоёр л өмнө нь илэрчихсэн байсан юм. Эдгээр ордын нөөцийг хамгаалж, батлуулчихаад байв.

1981 онд Дундговийн Тэвшийн говийн нүүрсний уурхайд ажиллаж байхад минь Яамнаас гэнэт дуудлаа. Хавар тавдугаар сарын үе. Тэнд их зузаан давхраастай, нүүрсний сайхан орд илрүүлчихээд ид сонирхолтой дээрээ байлаа.
“Тавантолгой СЭВ-ийн буюу тухайн үеийн Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн орнуудын цогцолбор төлөвлөгөөнд орсон. Монголын тал өөрсдөө хайгуул гүйцэтгээд, үр дүнгээ СЭВ-ийн хурлуудад танилцуулах ёстой. Бид ярилцаад энэ чухал ажилд чамайг авахаар боллоо. Чи хайгуулыг Яамны зүгээс шууд удирдаж ажилла” гэсэн үүрэг өгдөг юм байна. Тэр үед хайгуулын объект зөндөө. Нүүрсний анги гэхэд л арваад гарч байсан. Нэгэнт дээд байгууллагын шийдвэр хойно зургадугаар сард Яаманд ажиллахаар ирлээ.
Зөвлөлтөөс ирсэн шинэ мэргэжилтний хамт Тавантолгойд очив. Дөнгөж л ажил эхэлж байна. Их том объект учраас бүх материал нь задгай, нэг л тиймэрхүү байдалтай газар угтав. Эхлээд материалуудаа судаллаа. Нүүрсний их олон давхраастай, тэд нь хоорондоо холбогдохгүй болохоор толгой нь эргээд орд мөн ч юм уу, биш ч юм уу гэсэн байдалтай. Коксжих нүүрс нэг гарч байснаа байхгүй болчихож. Тэгээд ямар ч утгагүй болоод, хүнд байдалд орчихсон байсан. Ерөнхийдөө Орос, Монголгүй энд коксжих нүүрсний орд байхгүй нь гэсэн ойлголттой болчихсон байлаа.

Тухайн үед хайгуул, тэр дундаа нүүрсээр нухлуулсан хүн цөөхөн байсан. Миний хувьд сургууль төгсөөд 6 жил болсон ч Шарын гол гээд овоо том ордуудад оролцчихсон, багагүй туршлагажчихаад байсан үе.

Тэгээд л бүх ажлыг эхнээс нь эхэлсэн. Нүүрсний олон давхраасыг хооронд нь холбож эхлэв. Алийг алинтай холбох вэ гэдэг их хэцүү байсан. Тавантолгой  нүүрсний 16 давхраастай шүү дээ. Тэнд нэг спорт заал байсан юм. 600-гийн цооногийн зургийг тэр зааланд унжуулахад шаланд хүрэхээр тийм том. Тэр үед хэчнээн ч цооног өрөмдсөн юм бэ. Бүгдийнх нь зургийг өргөөд унжуулчихсан. Геофизикийн муруй гээд зүрхний бичлэг шиг зүйл байдаг юм. Түүгээр энэ давхраасуудаа хооронд нь холбох гээд байхгүй юу. Нүсэр ажил болсон.
Дээр нь газар дээгүүр маршрут хийж, бүх талбайгаар явсан. Маш том талбайтай шүү дээ. Зөвхөн Тавантолгойн хэсэг нь л гэхэд 90 км2 гэхээр уртаашаа 15, өргөөшөө 9 км газар. Эхний ээлжинд Тавантолгойн хэсгийг л анхаарсан. Тэгээд Тавантолгойн 90 км2 ордын зургийг гаргасан юм. Ухаахудаг, Зүүн хэсэг, Бортолгой гээд нийт талбайгаар явбал 200 км2 болно. Газар дээгүүр явж, зүсэлтүүд хийх маягаар эхэлж зургаа гаргасан. Жил гаруйн хугацаанд хийсэн ажил.

1981 оны сүүлчээр Монголын тал анхны материалаа өгөх ёстой байсан юм. Бид нөөцийн шуурхай тооцоо хийгээд ордын зургийг, бусад геологийн зүсэлтүүдийн хамт хавсаргаж явуулсан. Иймэрхүү ажил хийлээ, урьдчилсан үр дүн ингэж гарлаа гэсэн тайлан өгснөөр Монголын тал өөрт оногдсон үүргээ биелүүлсэн юм. Тухайн үед эрэл үнэлгээний тайлан гэж гарсан. Би нөөцийн шуурхай тооцоон дээр гол юмыг зангидаж өгөөд Яамны хүн учраас тайланд нэрээ оруулаагүй юм.

Ер нь орд нээгдсэн нь хэзээ юм бэ? Та нараас өмнө ямар туршилт хийж байсан юм бол?   

Яг түүхийг нь яривал 1953-1956 оны хооронд Оросууд анх төв хэсэгт нь өрөмдлөг хийсэн байдаг. Тухайн үед 22 цооног өрөмдөөд нүүрсний олон давхраас байгааг тогтоосон ч холболт нь буруу байсан л даа. Сүүлд 1960-аад оны үед орон нутгийн Тавантолгой уурхайгаас Оросын гидрогеологийн том эрдэмтэн Маринов дээж аваад Орост шинжлүүлсэн чинь эрчим хүчний нүүрс биш коксжих нүүрс байна гэсэн үр дүн гарсан юм билээ. Төв хэсэгтээ жижигхэн уурхайтай нэг том орд байна. Тэндээс дээж авахад коксжих нүүрс байсан нь СЭВ-ийн төлөвлөгөөнд Тавантолгойг оруулах гол үндэс болсон байгаа юм. Талбай ихтэй том орд,   их олон давхраастай, тэр нь коксжих шинж чанартай байсан нь анхаарал татсан хэрэг.

Дараа нь 1974-1975 онд Болгартай гэрээ хийгээд тэд ирж туршилт хийсэн байдаг. Төв хэсгийн судлагдсан хэсгээс 5 технологийн дээж авчээ. Арван хэдэн метрийн гүнтэй босоо аманд малталт хийгээд тав, таван тоннын жинтэй 5 дээж авсан юм билээ. Болгарт шинжлүүлэхэд 5 дээжээс 1 нь л их сайн гарч. Тэр нь металургийн маш сайн коксжих нүүрс гэж гараад бусад нь эрчим хүчний болон хольц байдлаар ашиглах нүүрс гэсэн дүгнэлт гарсан юм билээ.

Нөөцийн шуурхай тооцоо хийж, Монголын тал үүргээ биелүүлсний дараа СЭВ-ийн зорилт яагаад хэрэгжээгүй юм бол? Нөөцийн тооцоо хүссэн үр дүн үзүүлээгүй хэрэг үү?

СЭВ-ийн төлөвлөгөөний гол заалт нь Монголын тал өөрийн хөрөнгөөр ордын урьдчилсан хайгуулыг хийгээд үр дүнг танилцуулах байсан. Тэгэхдээ ордоо судлаад болгарчуудын авсан сайн үр дүн үзүүлсэн нүүрсний давхраасынх шиг шинж чанартай, хөрс хуулалт багатай, 3,5-4 м3/тонн, ил аргаар олборлох харьцангуй тааламжтай нөхцөл бүхий 700 сая тонноос багагүй нөөц олчихвол СЭВ-ийн орнуудын хамтын хүчээр эзэмшинэ гэсэн зорилт тавиад 1978 оноос энэ ажлыг Монголд эхлүүлсэн юм билээ. Зохион байгуулалт энэ тэрээс гадна учраа олохгүй хоёр гурван жил өрөмдөөд ямар ч үр дүн заасангүй. Үндсэндээ бол ямар ч бэлтгэлгүйгээр энэ ажлыг эхэлчихсэн. Боловсон хүчин ч хангалтгүй, ганц нэг орос мэргэжилтэнтэй. Нөгөөдүүл нь иймэрхүү орд дээр ажилласан туршлагагүй болохоор бас гайхаж эргэлзчихсэн. 

Гэхдээ бид хоёр гурван орос мэргэжилтэнтэйгээ үзсээр байгаад даалгаврыг ямар ч байсан биелүүлсэн. Ордын ерөнхий дүр зураг тодорхой болсон. Чанар ч бас гайгүй. Холбоод үзвэл тийм ч зүй тогтолгүй, хачин чанартай биш юм байна гэсэн анхны мэдрэмж гарч байсан л даа. Тэр үед Орлогч сайд намайг дуудаад, урьдчилсан хайгуулын үр дүнгийн нөөцийн тооцоо бүхий геологийн тайланг толгойлж бич гэлээ. Оросуудтай яриад, энэ нөхөр нэг хийчих байх гэсэн ойлголт авсан шиг байгаа юм.

Удалгүй Мавлет сайдын тушаал гарсан. Тавантолгой болон  төвийн экспедици, бусад газарт ажиллаж байгаа хүмүүсээс чадалтайг нь шилж сонгож аваад урьдчилсан хайгуулын тайланг удирдан бичихээр болсон. Тэгээд л хүмүүсээ цуглуулсан. Төвийн экспедициэс нүүрсний чиглэлийн таньж мэдэх хэдэн хүнээ авлаа. Тавантолгойгоос ч хэдэн хүн авсан. Барилгын материал, геологийн зураглал гээд тал бүрийн мэргэжилтэй хориод хүн цуглуулав. Тэдний тал нь зураг зурах зураач, бичээч зэрэг техникийн талын туслах хүмүүс. Тэгээд л ажилдаа орсон.

1982-1984 онд гол ажлууд хийгдсэн юм. Өдөр бүр шөнийн 12 цаг хүртэл сууна. Төв лабораторийн хажууд Олон улсын экспедици гэж байсан 9 давхар байшинд заал шиг том 4 өрөөнд ажиллана. Жигтэйхэн том дээвэр туурга шиг л зурагнууд гарна шүү дээ. Нөөцийн зураг гэхэд л 2000-ны масштабтай. Ямар компьютер байсан биш. Бүгдийг гараар зурна. “Эрдэнэт”-ийн тайланг бас тэгж бичиж байсан юм билээ. Тушаал гарган групп зохион байгуулж ажиллуулсан тэр туршлагаараа хандсан шиг байгаа юм.

Хээрийн материал их задгай байсан болохоор анхан шатны материал боловсруулах гэж бид их цаг алдсан. 1984 оны сүүлээр тайлангаа гаргасан юм. Оросуудтай хамтарч ажиллана, зөвлөгөө авна. Заримдаа ч зөрөх зүйл гарна. Оросын стандартаар ордын үеүдийг нэгбүрчлэн гараар бичдэг. Ингэхээр хамаг цагаа алдчих гээд байдаг. Хугацаа давчуу болохоор хоёр талд нь бичээд дундах зарим нэгийг алгасахад тэд дургүйцнэ. Тэгээд л хугацаа амжихгүй нь, хөнгөвчилье гэх байдлаар түр тар хийнэ. Энэ нөхөр ингээд байна гээд дарга нартаа ховлож байсан тохиолдол ч бий. Ер нь эхэндээ туслах тал дээр жаахан хойрго байсан л даа. Бид ч нухсаар байгаад нэг юм гаргаад ирсэн. Ерөнхийдөө чадаж байгаа нь харагдаад, овоо аштайхан араам гараад ирэхээр ах нар туслаад эхэлсэн. Дээрээсээ ч үүрэг даалгавар авсан байх.

Тэгээд урьдчилсан хайгуулын тайлан гэж нэлээд зузаан 8 боть гаргасан. Хүсээд байсан тэр тоог бид олсон юм. Коксжих нүүрсний чанар, тоо хэмжээ, 700 саяас дээш тоннын нөөц, 3,5-4,0 м3/ тонн хөрс хуулалтын коэффициенттой ил аргаар олборлох тааламжтай нөхцөлтэй гээд бүгдийг олоод Монгол Улс СЭВ-д хангалттай сайн танилцуулсан.

2011/07/10

Тавантолгойн талаарх ноцтой мэдээлэл

Монголчуудын ямар ч оролцоогүйгээр гадаадын нэр бүхий 22 компани манай улсын ашигт малтмалын баялгийг гадны хөрөнгийн зах зээл дээр арилжаалан 33,5 тэрбум ам.долларын үнэд хүрчихээд байгаа мэдээлэл нийтлэгдэх боллоо. Энэ мэдээллийн бодитой эсэхийг сурвалжилвал Нью-Йорк, Торонто, Лондон, Хонконг болон Австралийн хөрөнгийн биржүүд дээр Монгол улсын нутаг дэвсгэрт байх төрөл бүрийн баялаг дээр дөрөөлөн хувьцаагаа арилжаалж байгаа нийт 31 компани байгаа ба тэдгээрийн зах зээлийн ханш нь 33.5 тэрбум америк долларт хүрсэн нь батлагдлаа. Энэ мөнгөөр Монголд хэрэгжих ёстой бүхий л томоохон төслийг санхүүжүүлэх бүрэн боломжтой. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Их бүтээн байгуулалтын төсөл гээд Монгол улсыг эдийн засгийн хувьд чадавхжуулан дэлхийн хөгжилтэй холбох томоохон төслүүд хөрөнгө санхүүгийн асуудал нь шийдэгдэж чадалгүй гацчихаад байна.  Харин ертөнцийн нөгөө талд бидний хөл дор хөглөрөх их баялагаар гадаадынхан хөрөнгөжиж байгаа нь  Монголчууд бид азгүй хувь тавилантай улс юм гэх гутранги дүгнэлтэнд хүргэж байна. Гэхдээ үүнд гадаадынхан биш Монгол хүн өөрөө буруутай.  Тэдэнд энэ боломжийг “Монголын төр” бүрдүүлж өгчээ. Өлсгөлөн хүүхдүүддээ харуулж байгаад хөршийнхөө хүүхдүүдийг хоолоор дайлаад байгаа эцэгтэй жишиж болох юм.
Саяхан Тавантолгойн ашиглалтын асуудлыг авч хэлэлцсэн хамтарсан Засгийн газар нэгэн шийдвэр дээр санал нийлэн УИХ-аар хэлэлцүүлэхээр болжээ.  Дэлхийн хүн бүрт нэг тонн оногдох асар их бөгөөд сайн чанарын нүүрсний нөөцтэй таван толгойн ордыг ашиглах асуудал дээр гаргасан шийдвэрийг сонсоод та гайхах байх. Уг ордын дөрөвхөн хувийг эзэмшдэг “Энержи ресурс” эзэмшлийнхээ 20-хон хувь дээр IPO хийж, 650 сая ам.доллар босгосон. Тэдэнд дахиад 80 хувиа ашиглан 650 сая ам.долларыг хэд дахин нугалах боломж бий. Харин Монголын ард түмэнд “Энержи ресурс”-ын эзэмшиж байгаагаас даруй 25 дахин их нүүрс оногдож байгаа юм. Гэтэл манай засгийн газар бүтэн жил бодож тунгаасны эцэст орд газрыг хоёр хувааж, гадаадаас 500-хан сая долларыг урьдчилгаа болгон авах шийдвэр гаргажээ. “Энержи ресурс”-ыг дуурайн өөрсдөө хөрөнгө босгох нэг ч оролдлого хийлгүйгээр шүү !!
 
Таны харж байгаа энэ зурган дээр Монголын талын эзэмшил тодорхой харагдаж байна. Тайлбарлавал: 

  • Ордыг хуваахгүйгээр ашиглана гэж байгаа боловч стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгож байгаа талбай нь “Эрдэнэс МГЛ”-ийн эзэмшиж буй лицензтэй талбайн 43%-ийг эзэлж байна.
  • Энэ тохиолдолд гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжих ёстой 30%-ийг арилжих эсэх нь тодорхойгүй болж байгаа бөгөөд хэрэв арилжвал төр хяналтын багцийг ч эзэмших боломжгүй болж байна. 
  • Дээрх хувиарлалттай холбоотойгоор ард иргэд, үндэсний ААН-үүдэд эзэмшүүлэх 10%-иуд 6% болон буурч байна.
  • Эцэст нь хэлэхэд ордыг ийнхүү 2 хуваах нь /хэдийгээр хуваагаагүй хэмээн тайлбарлаж байгаа ч хийж буй үйлдэл, агуулгаараа 2 хувааж байна/ ордын зах зээлийн үнэлгээ болон, бүтээгдхүүний үнийг өсөлтийг бууруулах шалтгаан болж байгаа ажээ.
Хоёр давхар байрны эзэн байх, эсвэл хоёр давхар байрны мухрын нэг өрөөний эзэн байх хоёр хоорондоо зарчимын маш том ялгаатай. Энэ ч утгаараа Тавантолгойн ордыг нэг ч хуваалгүйгээр эзэмших ёстойг сануулан УИХ шийдвэрээ гаргасан билээ. Орд газрыг ашиглах асуудлыг хариуцаж буй нэр бүхий хэдхэн хүмүүс, улс төр бизнесийн бүлэглэлийн эрх ашигт нийцүүлэх хувилбар боловсруулан хугацааг сунжируулж, үнэ цэнийг алдагдуулж, монгол улсын цаашдын эдийн засгийн өсөлтийг эрсдэлд оруулж байна. Үндэсний эрх ашиг хөндөгдөх чухал шийдвэрүүдийг байнга шахуу баяр наадам тааруулан шийдэх оролдлого гаргадаг нь санамсаргүй зүйл биш байх.

Өөрсдийн  хийж буй  бульхайг ард түмэнд өгөх 10 хувийг нэмэгдүүлэх зарчмаар хаацайлна гэвэл дэндүү басамжилсан хэрэг гэдгийг шийдвэр гаргагч, Таван толгойн ордоор “тоглогчид” анзаараагүй бололтой. Монголын ард түмний  үнэгүй зүйлсээс татгалзах чадвар өдрөөс өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг тооцоолсонгүй. 20 хувийг нь үнэгүй тараагад, хоёр хэсэг огтлоод хаячихвал Монголчуудад ямар ч ашиггүй гэдгийг нийтээрээ ухаарч байгааг бас мэдрээгүй байна.

Эцэстээ хууль тогтоох дээд байгууллага нь Засгийн Газраа захирч ажилдаг зарчим нь алдагдаж, гишүүдийн хэлэлцэн баталсан хууль тогтоомжийг дурын нэгэн албан тушаалтан хуйвалдааны зарчмаар шийдэхийг оролддог болжээ. УИХ- ын танхимд энэ асуудал хэрхэн шийдэгдэх нь аль нь Монгол улсын шийдвэр гаргах дээд байгууллага болохыг тодорхойлох болох нь.  

2011/07/08

Тавантолгой маний мэдлээс гарч одов оо

Талын Тавантолгой дашийн шог болов оо гэдэг л болж байх шиг байна.

Эрдэс баялгийн эзэд билээ хэмээн хөөрөлхөгч монголчуудыг удирдан залагсад эх орныхоо баялгийг нэг л “хачин” аргаар үрэн таран хийгээд байх шиг санагдах боллоо.

Тавантолгой бол дэлхийн хэмжээнд яригддаг том орд. Тэр ч утгаараа нийгмийн шилжилтийн давалгаанд үерийн усанд хаягдсан зомгол мэт шидэгдэж, учраа олохгүй явсан Монгол түмэн Тавантолгойн хишигт буянд залбиран тамын тогооноос гарах нь хэмээн найдаж байсан хэрэг.

Гэвч зон олны залбирал найдлага талаар болох нь шиг байна. Аль ч өнцгөөс нь харсан Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэг улстөрийн тохиролцоо хийж байна гэж хардах үндэслэл хангалттай байна. Тавантолгой ордын ашиглалтын эдийн засгийн тооцоог монголчуудад ажлын хэсгийнхэн үзүүлээгүй.

Чухлаас чухал тэрхүү тооцоог зөвхөн гурван их гүрний компаниуд дотоод хэлэлцээрээр шийдлээ. Шийдэл нь Хятадын тал 40 хувь, АНУ 24 хувь Орос-Монголын хамтарсан консерциум 36 хувийг эзэмших шийдэл. Хачирхалтай нь хамтарсан консерциумд байгаа Монголын тал яг хэдэн хувийг эзэмших нь тодорхойгүй.

Ямартай ч Засгийн газрын хуралдаанаар уг тооцоог санал нэгтэйгээр алга ташин бараг л баяр ёслолын байдалтайгаар сайшаан дэмжсэн. Товчхондоо Тавантолгой ордод их гүрнүүд геополитикийн хэдэн хувийн давуу эрх эдлэх тухай улс төрийн хуваарилалтыг Засгийн газар хөхүүлэн дэмжсэн гэсэн үг. Тэгсэн мөртлөө энэхүү асар их баялгийн эдийн засгийн тооцоо буюу газрын доорх нүүрсний хэдэн хувийг хэн авах тухай мэдээллийг Монголын олон нийт огт мэдэхгүй.

Эдийн засгийн тооцоог үзүүлээч хэмээн шаардахаа ч мэдэхгүй сууж байна. Тавантолгой шиг дэлхийн хэмжээний орд дээр эдийн засгийн ирээдүйн тооцоо туйлаас чухал гэдгийг захын тэнэг ч гадарлахаар атал энэ талаар таг байгаа нь үнэхээр “гамшиг” гэхээс өөр хэлэх үггүйдэхэд хүргэлээ. Чухам л бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг хэлэлцээр хийлээ. 100 хувь монголчууд эзэмшинэ гэж хөөрөөд байсан Тавантолгой ийнхүү дашийн шогийн замаар орлоо.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан хэвлэлийн мэдээнд Тавантолгойн ордын нүүрс тээвэрлэлтийн зардлыг хассан борлуулалтын орлогоос таван хувьтай тэнцэх төлбөрийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д өгнө гэсэн байна билээ. Гэхдээ тээвэрлэлтийн зардлыг хассан орлогоос таван хувийг манайх авах юм гэсэн.

Харамсалтай нь тээвэрлэлтийн зардал хэд болох тооцоог хэн ч монголчуудад хэлж өгөөгүй, өгөхийг ч хүсэхгүй байна. Хэдийгээр ОХУ транзит тээврийн тарифаа 52 хувиар буулгаж магадгүй гэсэн яриа гарсан ч одоогоор оросууд ямар ч тоо бидэнд амлаагүй, хөнгөлөлт өгөөгүй. Өгөх ч үгүй биз.

Өнөөдрийн байдлаар Тавантолгойн ордын олон улсын шалгаруулалтын хэлэлцээрт үлдсэн гурван том компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрууд ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа. Монголын Засгийн газартай 40:24:36 гэсэн тохиролцоо хийсэн компаниуд одоо хүчээ нэгтгэн Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг тохирч эхлэх нь мэдээж.

Тавантолгой ордоос эзэмших хувиа улс төрийн хувьд баталгаажуулсныхаа дараа бидэнд эдийн засгийн тооцоо гаргаж өгнө гээд ойлгочиход болно. Харин манай Засгийн газар ард түмнийнхээ ядууг далимдуулан хөрөнгө оруулагчаас урьдчилгаанд нэг тэрбум ам.доллар авах болсон гэж айлдсаар…

Муу амлаж байгаа юм биш нөхдүүд, ирэх сонгуульд хаях зоосоо олохын тулд Тавантолгойн асуудлыг яг энэ чигээр нь шийдэхийн тулд асаалттай танк шиг давшина. Ичих нүүргүй энэ цагийн төрийн түшмэдийг яалтай. Эсвэл аанай л маанайж суусаар Оюутолгой шиг алдах хэрэг үү. Монголчуудаа тунгаагтун.

Тавантолгойг 5 хуваах уу?

Тавантолгойг эргэлтэд оруулахад  5 орны оролцоо зайлшгүй байх ёстой гэдгийг хэлэх хүмүүс цөөнгүй байгаа. Тэдгээр нь Орос, Хятад, Америк, Солонгос, Япон улсууд юм.  Тэрчлэн, Тавантолгойн ордын Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулах стратегийн хөрөнгө оруулагчдын Хураангуй жагсаалтад БНХАУ-ын “Шинхуа Энержи”, Америкийн “Peabody Energy”  болон Японы Мицуи компаниудын консорциум,  “Оросын төмөр зам” нээлттэй нийгэмлэг  Японы “Marubeni”, “Sojitz”,   “Itochu”, “Sumitomo” компаниуд,    Солонгосын “Корес” группээр ахлуулсан компаниудын нэгдэл, Австралийн “Экстрата”   Бразилийн Вале, Люксембургийн “Арсэлор Метал лимитед”  гэх компаниуд үлдээд байсан бол, илүү тохиролцож чадаж байгаа нь дээрх 5 орны компаниуд байна.
Тодруулбал,   Хятадын  “Шинхуа”  Японы “Мицуи” хоёрын хамтарсан нэгдэл,  Америкийн   “Пибоди Энержи”,  “Оросын төмөр зам” нийгэмлэг,  БНСУ-ын компаниудын нэгдэл үлдээд буй юм.
Баруун Цанхи дахь  тэрбум орчим нүүрсний нөөцийг ашиглахын тулд   эдгээр компаниуд  уурхай барьж байгуулах,   тоног төхөөрөмж,   нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станц, усны хангамжийн системд  хэрхэн  оролцох, ажилтнуудыг хэрхэн сургах,  хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ,   төслийг хэрэгжүүлбэл  баталгаатай, ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх вэ,  төслийн тооцоог урьдчилсан байдлаар хэрхэн үнэлж байгаа вэ, борлуулалтаа яаж хийх вэ гэдгээ нягт, нямбай бичээд ирүүлчихсэн байх ёстой.
Энэ нь тэднийг хураангуй жагсаалтад үлдээх нэг шалтгаан. Ерөнхийдөө бол дээр хэлсэнчлэн тэдний оролцоог жигд хангахгүйгээр алагчлалаа гэхэд эргээд учирж болох эрсдэлүүд бий. Энэ нь тэднийг сонгох үндсэн шалтгаан юм. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг даргатай  ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт гэсэн дөрвөн сайд гишүүнтэй  Тавантолгой төслийг хариуцсан Засгийн газрын Ажлын хэсэг хэлэлцээд л байгаа, тэдэнтэй.
Хэлэлцээд хөрөнгө оруулах хүсэлтэй тэдэнтэй урьдчилгаа төлбөр дээр тохиролцох гэж байна. Тэндээс ирэх мөнгийг тосч байгаа асуудал олон. Эх орны хишиг энэ тэрээс гадна Хөгжлийн банкны санхүүжилтийн тодорхой хэсэг тэндээс бүрдэх юм. Улмаар, тохиролцвол тэдэнтэй ордыг ашиглах,  нүүрс олборлох, бүтээгдэхүүн борлуулах, тээвэрлэхтэй холбоотой дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөлд хөрөнгө оруулж хамтран ажилах юм.
Тэгэхээр хоёр хөрштэйгээ, мөн тус дэм их үзүүлдэг Япон, Солонгостой, дээр нь тэргүүлэгч гүрэн Америкийн оролцоотойгоор Тавантолгойн бүтээн байгуулалт өрнөх нь ерөнхийдөө тодорхой байна.
Хятадын эрчим хүч үйлдвэрлэгч, экспортлогч хамгийн том компани  “Шинхуа Энержи”  Тавантолгойгоос хүртэнэ гэдгээ их эрт илэрхийлсэн. Ер нь бол өөрсдийнх нь оролцоо зайлшгүй гэдэгт  100 хувь итгэлтэй тэд Ажлаа эхлүүлэхийг манай дарга нараас шаардсан талаар өгүүлж байсан билээ. Оросын тухайд манайд нөлөөлөх байдал нь хадгалагдаж ирсэн гүрэн.  Ганц гарцаар нүүрсээ гаргана гэвэл, манайхан Хятадуудын далайсан газар нь далд орж явахаас өөр аргагүй болох билээ. Тиймээс ч Оросууд өөртөө асар итгэлтэй.

Бас биднийгээ дарамтлаастай. Нэвтрүүлэх асуудал дээр,  тээвэрлэлтийн тарифын хөнгөлөлт дээр хэрхэн харж, үзэх вэ гэдэг нь  тэдний оролцоо Тавантолгойд ямар хэлбэрээр байхаас хамаарах юм.    Япон, Солонгосын тухайд азийн жижиг улс бидний  түншүүд байж ирсэн. Япон улс байгалийн гамшигт өртөхөд, хэрэв илүү хохирол үзсэн бол  дэлхийн эдийн засаг хэрхэн савлах байсныг бид бэлхнээ харсан. Ийм байхад үгүйсгэж болохгүй юм. Солонгосын тухайд мөн л азийн том эдийн засаг. Тус улсын Засгийн газрын нэрийн өмнөөс тодорхой байгууллага Монгол улсад бүтээн байгуулалтын ажлууд өрнүүлэх гэж байна. Буцалтгүй тусламж хэлбэрээр хийж байгаа, хийх гэж байгаа нь ч цөөнгүй. Ерөнхий сайд өнгөрсөн сард тус улсад айлчилсан. Өмнө нь арванхоёрдугаар сард Москвад ажиллаад ирсэн гэхчлэн ажлууд явагдаж ирлээ.
Америкийн тухайд аливаа тохиолдолд  аюулгүй байдал талаасаа бидэнд хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ том гүрэн Тавантолгойд орж ирэхийн тулд зүгээр л хуруугаа дохиогүй нь лавтай. Дэлхий нийтийн анхаарлыг Монгол улс татаж, уул уурхайн компаниуд Монголд   төвлөрч  буй тул өөрийн компанийн  салбар нэгжээ ч сайжруулж байгаа гэдгээ “Peabody Energy”  хэлж байгаа. Мөн тэд  Аршад Саид,   Лейтон Крофт  гэхчлэн Монголыг харьцангуй мэддэг хүмүүсээр удирдлагын багаа бүрдүүлээд ирсэн юм.
Хөрөнгө оруулах, эрх эдлэх тодотголтой стратегийн хөрөнгө оруулагчидтай яг хэрхэн тохиролцож, ажлыг нь хуваарилж байгаа нь одоогоор тодорхой бус байна. Харин Цанхийн зүүн хэсэгт  олборлолт хийх гэрээт олборлогчоор Германы консорциум тодрох магадлал өндөр байгаа.
ThyssenKrupp, SMS Siemag, FAM, Uhde, Siemens, Alpine, RAG гэсэн  том компаниуд, Засгийн газрын мэдлийн Германы Бүтээн босголтын банк зэрэг олон улсын түвшний байгууллагуудаас бүрдсэн эл консорциум Австралийг гишгээд байгаа нь ойлгомжтой байна.

Тавантолгойн гэрээний төсөлд багтаж 40 хувийг нь эзэмшихээр болсон Хятадууд шатахуун нийлүүлэхээ амлав

Шатахууны хомсдолд нэрвэгдэж, нэг улсаас хараат байхын зовлонг хангалттай мэдэрсэн түшээд шатахууны эрэлд урд хөрш рүүгээ мордсон. Тэд БНХАУ-аас эхний ээлжинд 22 мянган тонн АИ-92, цаашдаа сар бүр 10 мянган тонныг авч байх тухай Засгийн газрын албан ёсны хүсэлт гаргасан юм. Харин энэхүү хүсэлтийг нь Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд М.Энхболд БНХАУ-ын талд хүргүүлсэн билээ.
Үүнтэй холбогдуулан БНХАУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяо Лун өчигдөр Шадар сайд М.Энхболдтой уулзаж Хятадын Засгийн газар нааштай хариу өгсөн тухай баярт мэдээг дуулгав.
Элчин сайд Ван Сяо Лунгийн дуулгасан сайхан мэдээ нь Хятадын Засгийн газар Монгол улсын Засгийн газрын хүсэлтэд чухал ач холбогдол өгч, татгалзалгүй хүлээн авах бэлэн байгаа гэнэ. Хэдийгээр улс дотооддоо газрын тосны бүтээгдэхүүний хангамжаа бүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа ч Монгол Улсад  гар татахгүй аж. Түүгээр ч зогсохгүй удаан хугацаанд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа элчингээрээ дамжуулжээ.
Сайн хөршийн харилцаагаа улам бататгах уг асуудлыг найр тавин хүлээж авсан Хятадууд мэдээж алдаатай наймаа хийхгүй. Ялангуяа дотооддоо газрын тосны бүтээгдэхүүний хангамжаа төгс шийдвэрлэж чадаагүй байж Монгол улсын хүсэлтийг яагаад гар дэлгэн хүлээж авав болов гэдэг асуудал чухал болж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд манай улс ОХУ-ын “Роснефть”-ээс шатахуунаа татаж, айх аюулгүй амар тайван байв. Монгол орны газрын хэвлий дэх баялаг дэлхийн чихэнд хүрэхээс өмнө шүү дээ. Харин Монгол орны дуусашгүй баялаг илэрч Африкийн орнуудын баялагийг цөлмөсөн уул уурхайн компаниудын арааны шүлсийг асгаруулж эхэллээ. Бүгд л хувьцаа эзэмшихийг мөрөөдөж байв. Гэвч Канадууд давуу эрх эдэлж чадсан юм. Харин олон жилийн турш ах дүү болж өвөр түрийдээ орж явсан Орос ах нар тоглоомын тойргийн гадна үлдсэн ”харамсалтай хэрэг” болов. Гэхдээ Оросууд гар хоосон хоцорсондоо шаралхалгүй үлдэх хүмүүс биш. Иванууд заавал даагаа нэхдэг.

Дэлхийн зах зээл дээр нефть 100 доллар ч хүрээгүй байхад шатахууны үнэ нэмэгдэж, аажмаар хомсдож эхэлсэн нь Ивануудын шантаажны түрүүч байв. Тиймдээ ч эхэн үедээ зөвхөн 100 ширхэг түгээх станц бариулаач гэсэн “өчүүхэн” санал тавьж байв. Харин сайн дүү нь болсон Монголчууд хэзээний хэнэггүй зангаа гаргаж “No” гэсэн хариу өгсөн нь Оросын талд болон хэрэглэгч Монголчуудын хувьд гэдэн хөдөлгөмөөр асуудал болж байв. Асуудал тэгсхийгээд намжсан хэдий ч ах нар араандаа зуусан нь илэрч зуны эхэн сар, зугаалга цэнгээний улирлын үед шатахууны хомсдолд оруулж түшээд ээлж дараагаар Орос руу мордсон ч шатахууны хомсдол хэвээр үргэлжилж үнэ нь буусангүй. Явсан нөхдүүд ч гэрээ хэлэлцээр амжилттай болж түлш авахаар боллоо, шатахууны хомсдол удахгүй арилна гэсэн мэдээ өгч байв. Хэрэв хомсдол арилчихсан юм бол яагаад үнэ нь буухгүй байгаа юм бэ гэдэг шинэ асуудал гарч ирж байгаа юм.
Орос, Хятадтай холбогдсон шатахууны асуудалтай зэрэгцэн Тавантолгойд хөрөнгө оруулах гадаадын компаниудыг Монгол Улсын Засгийн Газар тодруулах асуудал гарав. Эцсийн шийдвэр нь өчигдөр гарч Ордын Цанхийн баруун хэсгийн 40 хувийг БНХАУ-ын Шинхуа  групп, 24 хувийг  АНУ-ын Пибоди энержи, үлдэх 36 хувийг  Орос-Монголын хамтарсан консерциум хамтран эзэмшихээр болжээ.
Тэгэхээр шууд утгаар нь авч үзвэл олон жилийн турш шатахуун нийлүүлж, дараа нь шатахууны хомсдол үүсгэн бойкотлосон Орос ах нар шалгаруулалтад үлдэх гавъяа байгуулжээ. Харин одоо өөрсдөө дотоодынхоо шатахууны асуудлыг бүрэн шийдвэрлээгүй ч Монголчууд гар татахгүй гэсэн Хятадууд хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Япон, Солонгосын консорциумыг ардаа орхиж чадлаа. Одоогоор манай хоёр хөрш Тавантолгойн гэрээний төсөлд нэрээ бичүүлж чадсан ч энэ хэвээр нь үлдээх үү, эс үлдээх үү гэсэн эцсийн шийдвэрийг УИХ гаргана.
Нэгэнд шатахууны хомсдолоор Монголчуудын хоолойг “боомилж” байж Тавантолгойн гэрээнд багтсан болохоор хэлсэн амандаа хүрэхээс өөр зам Орос хийгээд Хятадад үлдээгүй. Тиймээс Орос ах нар атгасан гараа суллаж шатахуунаа урьдын адил нийлүүлж, Монголын монофоль компаниуд шатахууныхаа үнийг буулгах л үлдлээ гэж болно. Нөгөө талаас Хятадууд дотоодынхоо хэрэгцээнээс илүүчилж гуйсан шатахууныг нь хэлсэн ёсоороо удаан хугацаанд нийлүүлэх ам тангарагаа биелүүлэх л үлдлээ.